A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН

ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 07

2014 оны 12 дүгээр сарын Улаанбаатар хот 10-ны өдөр

Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.45 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ш.Цогтоо, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно..." хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"...Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно..." гэж зохицуулсныг эрх зүйн онолын үүднээс тайлбарлавал, 2002 оны Шүүхийн тухай хууль, 2012 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуульд сум, дүүрэг нь хоёулаа анхан шатны шүүхийн нэгж байхаар зохицуулсан байна. Тиймээс сум буюу сум дундын шүүх гэж байдаг тул дүүрэг буюу дүүрэг дундын шүүх гэж байх нь Үндсэн хуулийн зөрчил биш гэж ойлгогдож байгаа боловч Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэнэ гэсэн эрх зүйн онолын ойлголт, түүнийг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн хандлага хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэн судлаач, багш нарын судалгааны бүтээлүүдэд байхгүй байна.

Харин Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах онол, арга зүйн талаар судлаачид харилцан адилгүй саналтай байдаг бөгөөд зарим судлаачид "Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах үйл ажиллагаа бол зөвхөн эрх зүйн агуулгыг нь ухаж ойлгох үйл ажиллагаа буюу түүний бичвэрт орсон утгыг шууд болон шууд бус байдлаар Үндсэн хуулийн өөрийн мөн чанар, түүний үзэл баримтлалд нь нийцүүлэн тайлбарлах үйл ажиллагаа" гэж үздэг бол бусад судлаачид "Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах үйл ажиллагаа бол түүний эрх зүйн хэм хэмжээг тайлбарлаж, таниулах үйл ажиллагаа буюу түүний бичвэрт орсон утгыг ямар нэгэн хоёрдмол утга санаагүйгээр, өөрөөр хэлбэл хуульч биш энгийн иргэнд ойлгогдож байхаар түүнийг тайлбарлах үйл ажиллагаа" хэмээн тодорхойлдог, харин гурав дахь хэсэг судлаачид "Үндсэн хууль тайлбарлах үйл ажиллагаа нь дээрх хоёр үйл ажиллагааны нэгдлээс бүрдэнэ." гэж үзэж байна. Тэгвэл Англи-Саксоны эрх зүйн бүлийн улс орнууд хууль зүйн тайлбарын хамрах хүрээ, шинжийн талаарх судалгаанд анхаарахаасаа илүү тухайн тайлбарыг хийх арга зүйн ямар чиглэлийг баримтлах талаар анхаарч байна. Энэ утгаар нь зарим эрдэмтэд хуулийн тайлбарыг хуулийн алтан дүрмийн, зорилтын тайлбар ба үг зүйн тайлбараар тухайн хуулийн текстийн утга санааг тодорхойлж болно гэж үзэж байгаа билээ. Тиймээс зарим судлаачид хууль тайлбарлах "Үг зүйн арга" нь хууль тайлбарлах бүх аргын үндэс суурь бөгөөд тухайн хуулийн текстийн ердийн утгыг олж тогтоосны үндсэн дээр дагаж мөрддөг ба үг зүйн тайлбарыг баримтлагчид хууль тогтоогчоос тухайн хуулийн зүйл, заалт ямар утга агуулгатай байсныг асууж болох авч энэ нь улс төрийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлүүдээс шалтгаалж нэлээд эрсдэлтэйд тооцогддог учраас хууль тогтоогч хууль батлахдаа зөв, хоёрдмол утгагүй үг сонгож байх хэрэгтэй гэж үздэг. Мөн тухайн үед хууль тогтоогчийн батлахдаа хэрэглэсэн тэр үгийн утгаар нь л хуулийг тайлбарлах нь зүйтэй гэсэн хандлага Үндсэн хууль судлаачдын дунд тогтжээ. Түүнчлэн зорилтот тайлбарыг баримтлагчид Үндсэн хуулийн зүйл, заалтад хэрэглэсэн үгийн буюу бичвэрийн шууд утгыг үг зүйн хувьд тайлбарлахад бэрхшээл гарвал тухайн хуулийн зорилт, холбогдох зүйл, заалттай уялдуулан хууль тогтоогч уг заалтаар ямар утга илэрхийлэхийг зорьсныг мэдэж болох ба "Зорилгоор тайлбарлах арга" нь хууль тогтоогчоос /Ардын Их Хурлаас/ хууль батлахдаа тавьсан зорилгыг тодорхойлж, түүнд нийцүүлэн тухайн хуулийг тайлбарлах нь зүйтэй бөгөөд хуулийн бичвэр эргэлзээтэй тохиолдолд л зорилгыг чухалчилж нягтлан үздэг. Мөн эрх зүйн хэм хэмжээний утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд үгийн болон өгүүлбэрийн бүтцийн холбоосонд дүн шинжилгээ хийж, түүнд үндэслэн тайлбарладаг хэл зүйн буюу дүрмийн аргаар Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт тайлбар хийж үзвэл:

Нэгдүгээрт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх";

Хоёрдугаарт "Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох" гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо "бөгөөд" гэдэг утга санааг холбох хэрэглүүр болох дотоод холбоосыг хэрэглэсэн байна. Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд "буюу" гэдэг холбоосын утгыг "эсвэл, юм уу, юм үү" гэж тайлбарласан ба "эсвэл" гэдгийг тус тольд "нэг бол, үгүй бол" гэсэн сонгох хувилбартай байхаар бичсэн нь Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор зохицуулсан гэж хэл зүйн тайлбарын хувьд үзэж болохоор байна.

Тиймээс уг мэдээлэлд дурдсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг болох "дүүргийн шүүх" гэдэг бичвэрийн утгыг хэрхэн томьёолон, түүнийг Үндсэн хуульд хэрхэн тодорхойлсон агуулгыг өөрийн зүгээс, судлаачийн байр сууринаас үг зүйн болон зорилтот тайлбар хийж үзвэл: Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн үндсэн тогтолцоо ... дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин дүүргийн шүүхээс бүрдэхээр маш тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /дүгнэлт/-ээр нотлогдон Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор тодорхойлсон бол, харин дүүрэг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр дүүрэг болгон бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. Харин хэл зүйн тайлбарт дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол тухайн дүүргийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдон, түүнд тусгагдсан байна.

Гэтэл Шүүх байгуулах тухай хуулиар нийслэлд хэд хэдэн дүүрэг байхад дүүргийн шүүхийг байгуулахдаа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 4, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4, захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 болгон өөрчлөн байгуулсан байна. Энэ өөрчлөн байгуулалтын үр дүнд "дүүрэг дундын шүүх"- ийн тамга, тэмдэг, хаяг, албан бичгийн маягт нь хүртэл дүүрэг дундын шүүхийн буюу ... дугаар дүүргийн шүүхийн хэлбэрээр хийгдэн ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэр, тогтоол, захирамжууд нь "дүүрэг дундын шүүх" буюу ...дугаар дүүргийн шүүхийн маягттайгаар бичигдэж байгаа болно. Үнэхээр л "дүүрэг дундын шүүх" буюу ... дугаар дүүргийн шүүхийг байгуулах шаардлага байгаа бол Үндсэн хуулийн холбогдох заалтыг "дүүрэг буюу дүүрэг дундын" болгон өөрчлөх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийн үндэслэх, тогтоох хэсгийн агуулгад:

Нэгдүгээрт, "...Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргүүдийн дунд, Баянзүрх, Гачуурт, дүүргүүдийн дунд, Хан-Уул, Туул дүүргүүдийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргүүдийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд "дүүргийн" гэж томъёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ. Энэ талаар ... гомдлыг хүлээж авах үндэстэй байна...",

Хоёрдугаарт, "Шүүх байгуулах тухай" 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн "Багануур, Багахангай дүүргийн шүүх, Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх, Хан-Уул, Туул дүүргийн шүүх, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх" гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна..." гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж байжээ. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг болох "дүүргийн шүүх" гэдэг үгийн буюу бичвэрийн утгыг Үндсэн хуулийн үзэл санаа, агуулгыг эрх зүйн онолын буюу Үндсэн хуулийн эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөхүйц, албан ёсны тайлбар маягаар шийдвэрлэсэн байна.

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно..." гэсэн заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.

Хоёр. Иргэн С. Номынбаясгалан 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

Монгол Улсын Үндсэн хуулиар Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн шүүх буюу Цэцийн эрх зүйн байдлыг бүрдүүлж, түүнд Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай шийдвэр /дүгнэлт, тогтоол/ гаргах, тэрхүү шийдвэрээрээ Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах бүрэн эрхийг олгосны дагуу Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "дүүргийн шүүх" гэсэн бичвэрийн утгыг дараах байдлаар тайлбарласан байна. Тухайлбал,

...1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн "Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай харшилж байгаа эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай" Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолын хянавал болон тогтоох хэсгийн агуулгад: Нэгдүгээрт "...Шүүх байгуулах тухай 1993 оны 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна...", хоёрдугаарт "...Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан Монгол Улсын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хууль Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай зөрчсөн эсэх асуудлаар Цэцийн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёрын санал аваагүй болно.",...гуравдугаарт, "...Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай..." гэж Үндсэн хуулийн цэцээс тогтоол гаргаж байсан. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг болох "дүүргийн шүүх" гэдэг үгийн буюу бичвэрийн утгыг Үндсэн хуулийн үзэл санаа, түүний зүйл, заалтын агуулгад нийцүүлэн шийдвэрлэсэн байна.

Нэгтгэвэл, Цэцийн дээрх тогтоолоор "Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй" гэсэн Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгосноос биш Цэцийн дүгнэлтийг хүчингүй болгоогүй бөгөөд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсьн Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана." гэсний дагуу Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох "дүүргийн шүүх"-ийг байгуулахдаа дүүрэг тус бүрт бие даасан шүүх байгуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байна... гэжээ.

Гурав. Иргэн С. Номынбаясгалан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

"...Эрх зүйн хэм хэмжээний утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд үгийн болон өгүүлбэрийн бүтцийн холбоосонд дүн шинжилгээ хийж, түүнд үндэслэн тайлбарладаг хэл зүйн буюу дүрмийн аргаар Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлавал, нэгдүгээрт "Шүүхийн үндсэн тогтолцоо "аймаг"-ийн шүүх, "нийслэл"-ийн шүүх, "сум"-ын шүүх буюу "сум дундын" шүүх, "дүүрэг"-ийн шүүхээс бүрдэх"; хоёрдугаарт "Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох" гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо "бөгөөд" гэдэг утга санааг холбох хэрэглүүр болох дотоод холбоосыг хэрэглэсэн байна.

Учир нь хэл зүйн талаас, өгүүлбэрүүд болон өгүүлбэрийн гишүүдийг холбох үүрэгтэй "ба, бөгөөд, буюу, харин, хэрэв, өөрөөр хэлбэл, болон эсвэл, нэг бол, гэтэл, гэвч, иймээс, бас, улмаас..." гэх мэт үгсийг холбох үгс гэх бөгөөд холбох үгсийг үүрэг харьцаагаар нь зэрэгцүүлэн холбох, захируулан холбох гэж ангилдаг. Зэрэгцүүлэн холбох үгс нь өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүд болон энгийн нийлмэл өгүүлбэр, салангид өгүүлбэрүүд, догол мөр зэргийг холбох үүрэгтэй "ба, буюу, бөгөөд, болон, боловч, болоод, мөн түүнчлэн, түүгээр ч барахгүй, байтугай, төдийгүй, үл барам, иймээс, иймийн тул, ийм учраас, ингэхлээр, ингээд, харин, хэрэв, атал, агаад, аль эсвэл, хийгээд ..." зэрэг үгсийг зэрэгцүүлэн холбох үгс гэнэ. Зэрэгцүүлэн холбох үгсийг үүргээр нь гишүүдийг холбох, өгүүлбэрүүдийг холбох гэж хоёр ангилж болно. Гишүүдээр зэрэгцүүлэн холбох үгс гэдэг нь өгүүлбэрийн доторх нэг төрлийн зэрэгцсэн гишүүдийг холбох үгс юм. Өгүүлбэрүүдийг зэрэгцүүлэн холбох үгс гэдэг нь энгийн нийлмэл өгүүлбэр болон утгын холбоотой салангид өгүүлбэрүүд, догол мөрүүдийг холбох үгс юм.

...Монгол улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг болох "аймгийн шүүх", "нийслэлийн шүүх", "дүүргийн шүүх" гэсэн бичвэрийн утгыг хэрхэн томьёолон,түүнийг Үндсэн хуульд хэрхэн тодорхойлсон агуулгыг үг зүйн болон зорилтот аргаар тайлбарлавал: Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн үндсэн тогтолцоо аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах шүүхээс, нийслэл буюу давж заалдах шатны шүүхээс, дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин аймгийн шүүхээс, нийслэлийн шүүхээс, дүүргийн шүүхээс бүрдэхээр тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр нотлогдон Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор тодорхойлсон бол, харин дүүрэг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр дүүрэг тус бүрт бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. Тиймээс аймаг тус бүр бие даасан шүүхтэй байх ёстой гэдэг нь давхар нотлогдож байна. Мөн Үндсэн хуульд нийслэлийн шүүх гэх томьёоллоор бичигдсэн нь Шүүх байгуулах тухай хууль дахь "Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх", "Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх", "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх" гэх тодотголтой байгаа нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна.

Түүнчлэн хэл зүйн тайлбарт дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол нэгт, тухайн дүүргийнхээ хэмжээнд; хоёрт, тухайн аймгийнхаа хэмжээнд; гуравт, нийслэлийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг "дүүрэг", "аймаг", "нийслэл" тус бүрт дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдон, түүнд тусгагдсан байна.

Үндсэн хуулиар шүүхийн тогтолцоог нэгдүгээрт, үндсэн, хоёрдугаарт, дагнасан хэлбэрээр байгуулах талаар зохицуулсан бөгөөд шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох аймаг, нийслэл, дүүргийн шүүхүүдийг байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг даган байгуулахаар зохицуулсан бол сумын шүүхүүдийг байгуулахдаа тойргийн журмаар байгуулж болохоор тусгасан. Үүний илрэл нь 1993 оны Шүүх байгуулах тухай хуулиас харагдаж байна.

Энэ нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг иргэнд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг хангах, гэмт хэргийн гаралт зэргийг багасгах гэсэн давхар зорилготой байсан." гэжээ.

Дөрөв. Иргэн С.Номынбаясгалангийн 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"...Улсын Их Хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн холбогдох заалт болон 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн заалтыг тус тус иш үндэс болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно." гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно." гэж тус тус заасан билээ.

Дэлхийн бусад улсад ч гэсэн байдаг "ерөнхий шүүх", "тусгай шүүх" гэсэн нэршил бүхий нийтлэг жишгийг харгалзан улмаар Үндсэн хуулийн дээрх заалтыг удирдлага болгон Монгол Улсын шүүхийн тогтолцоог "үндсэн", "дагнасан" гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар тодорхойлсон. Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасанчлан "Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэх" бөгөөд нийслэлд эрүү, иргэний хэргийн анхан шатны дагнасан шүүхийг байгуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа билээ.

Хоёрдугаарт, 2012 онд баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд мэдээлэл гаргагчаас тэмдэглэн бичээд байгаа шиг "анхан шатны шүүхийн нэгж", "дүүрэг дундын шүүх" гэсэн хуулийн нэр томьёо ороогүй. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас "дүүрэг дундын шүүх"- ийг байгуулаагүй, харин дүүргийн шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон юм. Жишээлбэл, "Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх" нь Улаанбаатар хотын зүүн бүсэд байршиж, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалах юм.

Шүүхийн харьяалал заавал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцэж байх шаардлага үгүй болно. Дэлхийн бусад улсын жишигт ч шүүхүүдийг засаг захиргааны нэгжээр бус, бүсчлэн байгуулдаг. Тухайлбал, Испани улс нь засаг захиргааны хувьд 17 автономит нийгэмлэг, 150 муж, автономит эрхтэй 2 хот, тойрог, анхан шатны засаг захиргааны нэгж зэргээс бүрддэг боловч улсынхаа нийт нутаг дэвсгэрийг шүүхийн арван таван тойрогт хувааж, эдгээр шүүх нь томоохон хотуудад байршдаг байна.

Гуравдугаарт, мэдээлэл гаргагч мэдээлэлдээ "...тухайн дүүргийн хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдсон..." гэж бичсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болохоор зохицуулагдсан тул Монгол Улсад 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн захиргааны хэргийн шүүхийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг нийтийн захиргааны хүрээнд зөрчигдөхөөс хамгаалах чиг үүрэгтэй дагнасан шүүхийн тогтолцоог 21 аймагт тус бүр гурван шүүгчтэй анхан шатны шүүх ажиллах, мөн нийслэлд ерөнхий шүүгч, 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй анхан шатны шүүх байхаар хуульчилсан билээ. Улмаар Улсын дээд шүүхийн бүтцэд 5 шүүгч, тэргүүн шүүгч бүхий Захиргааны хэргийн танхим байгуулж давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үүргийг гүйцэтгэж байсан. Байгуулагдсан цагаас хойш давж заалдах болон хяналтын шатны журмаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өсөж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын ачаалал жил бүр өсөн нэмэгдэж ирсэн юм. Энэ байдлыг харгалзан үзэж, улмаар шүүхийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн заалттай уялдуулах зорилгоор Улсын Их Хурлаас 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар Улаанбаатар хотод байршилтай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсан бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байсан юм.

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан уг тогтолцоонд нийцүүлэн тухайн орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, иргэдэд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхүүдийг шинэчлэх шаардлагын үндсэн дээр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас баталсан билээ.

Анхан шатны шүүхийг байгуулахдаа шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг ард иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцсон юм. Түүнчлэн, Улсын Их Хурлын хүн амын тоог оновчтой тогтоох, шүүхийн үйлчилгээг хэрэглэгчид ойр дөт байхаар байршлыг нь тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагын нэг ажилтанд ногдох ажлын ачааллын жишиг шалгуурыг оновчтой зохицуулах зорилтуудыг дэвшүүлсэн юм.

Монгол Улсын шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулснаар шүүгч илүү мэргэшиж, энэ нь шийдвэрийн чанарт нөлөөлөн улмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болно.

Иймд сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.

Тав. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

... 1993, 2002 оны Шүүхийн тухай хууль, 2012 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуульд аймаг, нийслэлийн шүүх нь давж заалдах шатны шүүх байхаар зохицуулсан байна. Тиймээс аймгийн шүүх гэж байдаг тул "аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах" шүүх гэж байх нь Үндсэн хуулийн зөрчил биш гэж ойлгогдож байгаа боловч Үндсэн хуулийн болон Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг төсөөтэй хэрэглэнэ гэсэн эрх зүйн онолын ойлголт байхгүй. Энэ нь хууль ёсны болон Үндсэн хуулийн өөрийнх бүтцийн зарчимтай холбоотой бөгөөд Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд хууль зүйн техникээр болон хэл зүйн /герменевтик/-ээр авч үзэхэд,

1-рт "Шүүхийн үндсэн тогтолцоо "аймаг"-ийн шүүх, "нийслэл"-ийн шүүх, "сум"-ын шүүх буюу "сум дундын" шүүх, "дүүрэг"-ийн шүүхээс бүрдэх";

2-рт "Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох" гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо "бөгөөд" гэдэг утга санааг холбох дотоод холбоосыг хэрэглэсэн байна.

Эхний утга санааны хувьд, шүүхийн үндсэн тогтолцоо нь аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах шүүхээс, нийслэл буюу давж заалдах шатны шүүхээс, дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин аймгийн шүүхээс, нийслэлийн шүүхээс бүрдэхээр тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, мөн оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоол/-ийн агуулгаар нотлогдон, Монгол Улсын шүүхийн тогтолцоонд аймаг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр аймаг тус бүрд бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. Түүнчлэн Үндсэн хуульд нийслэлийн шүүх гэх томьёоллоор бичигдсэн боловч 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар "Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх", "Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх", "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх" гэх тодотголтой байгаа нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна. Мөн өмнө дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол нэгд, тухайн аймгийнхаа хэмжээнд, хоёрт, нийслэлийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг "аймаг", "нийслэл" тус бүрд дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдон, түүнд тусгагдсан байна.

... Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэрээс шүүхийн тогтолцоог нэгдүгээрт, үндсэн хэлбэрээр, хоёрдугаарт, дагнасан хэлбэрээр байгуулах талаар зохицуулсан бөгөөд шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох "аймаг", "нийслэл", "дүүрэг"-ийн шүүхүүдийг байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг даган байгуулахаар зохицуулсан бол сумын шүүхүүдийг байгуулахдаа тойргийн журмаар /сум дундын/ байгуулж болохоор тусгасан байна. Үүний илрэл нь 1993 оны Шүүх байгуулах тухай хууль, түүний үзэл баримтлалаас тодорхой харагдаж байна. Энэ нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа бөгөөд Монгол Улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байхынхаа хувьд, Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдан /аймаг, нийслэл/, түүнийг даган суурьшсан иргэдэд шүүхийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг хангах, гэмт хэргийн гаралт зэргийг багасгах зэрэг давхар зорилготой байсан.

... Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөс хамааран

-аймаг, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;

-аймаг, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн төрлөөр дагнан байгуулахаар; анхан шатны шүүхийн тогтолцооны хувьд:

-дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх;

-дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

-Захиргааны хэргийн анхан шатны шүүх;

-сум буюу сум дундын шүүх гэсэн бүтэцтэй байхаар хуульчилсан бөгөөд хуульд заасан энэхүү хуваарилалтыг хийхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан өөрөөр хэлбэл хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн дунд тус бүр нэг эрүү, иргэний дагнасан давж заалдах шатны шүүх байхаар тооцоолон эрүүгийн давж заалдах шатны 10, иргэний давж заалдах шатны 10 гээд нийт 20 шүүхийг "тойргийн" журмаар эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулсан байна. Гэхдээ энд Үндсэн хуулиар зохицуулсан үндсэн шүүх байгуулах тухай ойлголтыг дагнасан шүүх байгуулах тухай ойлголттой хамтатган авч үзсэн нь учир дутагдалтай байна. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн зүйл, заалтыг хууль тогтоогч өөрийн дур зоргын хүрээнд өөрийн үзэмжээр тайлбарлаж /хууль батлан/ Үндсэн хуулийн үнэт зүйл /хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх.../- ийг алдагдуулсан байна.

... 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхүүдийг тойргийн журмаар /тойргийн шүүх/ байгуулсантай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагууд ч тойргийн системд шилжин орж байна. Тухайлбал, Улсын Ерөнхий прокурорын 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/09 тоот "Аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын бүтцийг шинэчлэн батлах тухай'' тушаалын дагуу Нийслэлийн прокурор 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр А/04 тоот тушаал гаргаж Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хариуцах газруудыг шинэчлэн тогтоожээ... Түүнчлэн дээрх тушаалд заасны дагуу эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрууд эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяаллыг харгалзан хяналт тавихаар болсон байна. Жишээлбэл, Дүүргийн I прокурорын газар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн, II прокурорын газар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн нутагт гарсан хэрэгт хяналт тавьж ажиллах юм. Энэ нь прокурорын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажиллагааг сулруулах талтай. Үүний үр дүнд хууль хяналтын байгууллагын хяналтаас гадуур гэмт хэрэг, бусад зөрчлүүдийг гаргах сөрөг нөлөөтэй.

Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг эрх зүйн онолын талаас тайлбарлавал, эхний утга санаа болох "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэл, дүүргийн шүүхээс бүрдэх... " гэх бичвэр нь өөрөө императив шинжтэй хэм хэмжээ бол хоёр дахь утга санаа болох "Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно." гэх бичвэр нь диспозитив шинжтэй хэм хэмжээ болох нь эндээс тодорхой харагдаж байна. /шүүхийг дагнан байгуулж ч болно, байгуулахгүй ч байж болохоор/. Энэ нь шүүхийн өөрийнх нь үндсэн буюу тулгуур тогтолцоог байгуулахдаа хэн нэгнээс хамаарахгүй, хэн бэ гуай ч өөрчилж үл болохоор тусгаж, харин дагнасан шүүх байгуулах асуудлыг хууль тогтоогчийн өөрийн эрх хэмжээний хүрээнд үлдээн Үндсэн хуульд тусгасан байна.

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн ... Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн ... шүүхээс бүрдэх..." гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.

Зургаа. Иргэн С.Номынбаясгалангийн 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"...Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ "аймаг дундын шүүх" гэсэн ойлголт байхгүй, харин аймаг тус бүр мөн нийслэл бие даасан шүүхтэй байхаар хоёрдмол санаа агуулалгүйгээр хуульчилсан нь Үндсэн хуулийн өөрийн бичвэрээс нотлогдон харагдаж, улмаар "Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх", "Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх", "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх" гэж тодорхойлон тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна хэмээн бичсэнтэй санал нийлэхгүй байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн юм. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг иш үндэс болгож Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг баталжээ.

Энэ хуулиар шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байж, шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх, шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, энэхүү тогтолцоо нь хяналтын шатны болох Улсын дээд шүүх, давж заалдах шатны болох аймаг, нийслэлийн шүүх, анхан шатны болох сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс тус тус бүрдэхээр хуульчиллаа. Улмаар хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар тусгасан.

Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийг зөвхөн Үндсэн хүуль, бусад хуулийн дагуу байгуулах", Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "шүүхийн зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны буюу аймаг, нийслэлийн шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөс хамааруулж дагнан байгуулахаар баталгаажуулав. Мөн ийнхүү давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулахаар заахдаа Улсын Их Хурлаас 2001 онд баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн үндсэн үзэл санааг харгалзан үзсэн юм.

Улмаар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Шүүх байгуулах тухай хууль баталж, энэхүү хуулиар нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, шүүхийн ачааллыг харгалзан тус бүр 2-3 аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг харьяалсан иргэний хэргийн давж заалдах шатны 10, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10, захиргааны хэргийн давж заалдах шатны 1 буюу нийт 21 шүүх байгуулав.

Ийнхүү тойргийн журмаар давж заалдах шатны шүүхийг байгуулсан нь:

а/аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр дөт сум, дүүрэгт харьяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх,

б/шүүгч нарыг хэргийн төрлөөр дагнан мэргэшиж, чадварлаг болох,

в/ иргэдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх, сэргээлгэх боломжийг хангах,

г/гэмт хэргийн гаралтын статистик тоо, хүн амын нягтаршил зэргийг харгалзан шийдвэрлэх ач холбогдолтой билээ.

Мэдээлэл гаргагч Үндсэн хуулийн зүйл, заалтыг хууль тогтоогч өөрийн дур зоргын хүрээнд өөрийн үзэмжээр хууль батлан гаргах замаар тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох үнэт зүйлийг алдагдуулж байгаа талаар бичсэн байна. 1992 онд баталсан Үндсэн хуулийн зарим зүйл, заалтын агуулга хэт ерөнхий байгааг органик хуулиар нарийвчлан тодруулдаг билээ. Үүний тодорхой илрэл бол шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд батлагдан мөрдөгдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай болон Шүүх байгуулах тухай хуулиуд болно.

Мөн иргэн С.Номынбаясгалан гаргасан мэдээлэлдээ нэгдмэл төрийн байгууламжийн зарим нэг шинжүүдийг дурдаж, улмаар нэгдмэл улсын тухайд мужийн буюу тойргийн систем үйлчилдэггүй гэсэнтэй санал нийлэхгүй байгаа болно. Учир нь унитаризмын зарчим ёсоор нутаг дэвсгэр нь зөвхөн төв засгаас тогтоосон статустай засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь улс төрийн бие даасан байдал үгүй бөгөөд ямар нэг эрх мэдэл эдэлдэггүй билээ. Өөрөөр хэлбэл, нэгдмэл улсын нутаг дэвсгэрийн зохион байгуулалт нь дүүрэг, хот, тосгон, хязгаар, муж зэрэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс бүрдэж болох боловч эдгээр нэгжүүд өөрийн нутаг дэвсгэр үгүй, өөрийн Үндсэн хууль, бусад хууль батлан мөрдүүлдэггүй, өөрийн иргэншил үгүй, өөрийн шүүхийн байгууллагагүй юм. Нэгдмэл төвлөрсөн улс болох Бүгд Найрамдах Франц Улсад тухайлбал, эх газартаа, давж заалдах шатны шүүх нь хэд хэдэн мужийн нутаг дэвсгэрийг харьяалсан 30 шүүхээс бүрдэж байгааг дэлхийн бусад орны жишиг харуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйл нь төрийн байгууламжийг бүхэлд нь буюу улсын нийгэм, эдийн засгийн, улс төрийн үндэс, иргэний эрх зүйн байдлын үндэс, төрийн байгууллагын системийг хамарсан өргөн хүрээтэй ойлголтыг агуулна. Иймд Шүүхийн тухай хуулийн 1 дүгээр зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно.

Жич: Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 05 дугаар дүгнэлт ба Цэцийн 1994 оны 02 дугаар тогтоол нь тус тус 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалттай холбогдуулан гарч байсан бөгөөд энэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон билээ." гэжээ.

Долоо. Иргэн С.Номынбаясгалангийн мэдээлэлтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

" ... Шүүх байгуулах тухай 2013 оны хуулиар Нийслэл дэх анхан шатны шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, хэргийн ачааллыг харгалзан шүүн таслах ажлын төрлөөр нь төрөлжүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийг тус тус байгуулсан. Ийнхүү дагнасан шүүх байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно..." гэсэн заалт, Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалтай нийцэж байна." гэсэн болно.

Найм. Иргэн С.Номынбаясгалангийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Иргэн С.Номынбаясгалангийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл болон мэдээллийн үндэслэгээнээс үзэхэд "Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн" гэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх байгуулах тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан зарим прокурорын газруудын нутаг дэвсгэрийн харьяалалд өөрчлөлт оруулж, аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газрын бүтцийг шинэчлэн баталсан.

Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, нутаг дэвсгэрийн харьяалал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор прокурорын хяналтаас "гадуур гэмт хэрэг, зөрчил" гараагүй бөгөөд Прокурорын байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд заасан "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно." гэсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын шүүхийн нэгдсэн тогтолцоог "үндсэн" ба "дагнасан" гэсэн хоёр дэд хэсэгтэй байхаар тодорхойлж, шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс, түүнчлэн дагнасан шүүхийн тогтолцоо нь эрх зүйн маргаан, шүүн таслах ажлын төрлөөр мэргэшүүлэн байгуулсан шүүхээс бүрдэхээр байна.

Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аливаа шүүхийг Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах бөгөөд бусад хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог тойргийн зарчмаар бус, харин нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулахаар Үндсэн хуульд бэхжүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр "...Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргүүдийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргүүдийн дунд, Хан-Уул, Туул дүүргүүдийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргүүдийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд "дүүргийн" гэж томьёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ." гэж үзээд 05 дугаар дүгнэлт гаргасан байна.

Дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолд "...1.Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дугаар заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна..." гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцоогоор аймаг, нийслэл, дүүрэг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрүүдээрээ баталгаажуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасны дагуу Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад заасан иргэний үндсэн эрхийг, тухайлбал, хууль зүйн туслалцаа авах, шүүхэд гомдол гаргах, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх үүргийг төр хүлээсэн байна.

Гэтэл Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан "Шүүх байгуулах тухай" хуулийн /шинэчилсэн найруулга/ 1 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харьяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар; Нийслэлийн шүүхийн оронд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж нэрлэн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв, Хэнтий аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг харьяалуулсан; мөн хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх гэж нэрлэн хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд; мөн нийслэлийн зарим дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн зарим сумыг нэг шүүхэд харьяалуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4, эрүүгийн хэргийн анхан шатны 4 шүүх байгуулж Улаанбаатар хотод зүүн, баруун бүс, Багануур, Налайх дүүрэгт байршуулсан; 3ахиргааны хэргийн анхан шатны 6, 11 дүгээр шүүхийг байгуулахдаа тус бүр 2 аймгийн нутаг дэвсгэрийг нэг шүүхэд харьяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон:

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ..." гэснийг зөрчсөн байна.

2. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг, Хоёрыг бүхэлд нь; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг, Хоёр, түүнчлэн Гурвын 6, 11 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Ш.ЦОГТОО

Д.НАРАНЧИМЭГ

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН

ХУУЛИЙН ЦЭЦИЙН 

ДҮГНЭЛТ

 

2014 оны 12 дүгээр сарын                                                                                                 Дугаар 07                                                                                                Улаанбаатар хот
10-ны өдөр 

 

 

Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар
 
зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох
 
заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан
 
шийдвэрлэсэн тухай

 

 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                                                              танхим 14.45 цаг

 

              Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ш.Цогтоо, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

              Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

              Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: 

              “...Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” гэж зохицуулсныг эрх зүйн онолын үүднээс тайлбарлавал, 2002 оны Шүүхийн тухай хууль, 2012 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуульд сум, дүүрэг нь хоёулаа анхан шатны шүүхийн нэгж байхаар зохицуулсан байна. Тиймээс сум буюу сум дундын шүүх гэж байдаг тул дүүрэг буюу дүүрэг дундын шүүх гэж байх нь Үндсэн хуулийн зөрчил биш гэж ойлгогдож байгаа боловч Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэнэ гэсэн эрх зүйн онолын ойлголт, түүнийг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн хандлага хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэн судлаач, багш нарын судалгааны бүтээлүүдэд байхгүй байна.

              Харин Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах онол, арга зүйн талаар судлаачид харилцан адилгүй саналтай байдаг бөгөөд зарим судлаачид “Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах үйл ажиллагаа бол зөвхөн эрх зүйн агуулгыг нь ухаж ойлгох үйл ажиллагаа буюу түүний бичвэрт орсон утгыг шууд болон шууд бус байдлаар Үндсэн хуулийн өөрийн мөн чанар, түүний үзэл баримтлалд нь нийцүүлэн тайлбарлах үйл ажиллагаа” гэж үздэг бол бусад судлаачид “Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах үйл ажиллагаа бол түүний эрх зүйн хэм хэмжээг тайлбарлаж, таниулах үйл ажиллагаа буюу түүний бичвэрт орсон утгыг ямар нэгэн хоёрдмол утга санаагүйгээр, өөрөөр хэлбэл хуульч биш энгийн иргэнд ойлгогдож байхаар түүнийг тайлбарлах үйл ажиллагаа” хэмээн тодорхойлдог, харин гурав дахь хэсэг судлаачид “Үндсэн хууль тайлбарлах үйл ажиллагаа нь дээрх хоёр үйл ажиллагааны нэгдлээс бүрдэнэ.” гэж үзэж байна. Тэгвэл Англи-Саксоны эрх зүйн бүлийн улс орнууд хууль зүйн тайлбарын хамрах хүрээ, шинжийн талаарх судалгаанд анхаарахаасаа илүү тухайн тайлбарыг хийх арга зүйн ямар чиглэлийг баримтлах талаар анхаарч байна. Энэ утгаар нь зарим эрдэмтэд хуулийн тайлбарыг хуулийн алтан дүрмийн, зорилтын тайлбар ба үг зүйн тайлбараар тухайн хуулийн текстийн утга санааг тодорхойлж болно гэж үзэж байгаа билээ. Тиймээс зарим судлаачид хууль тайлбарлах “Үг зүйн арга” нь хууль тайлбарлах бүх аргын үндэс суурь бөгөөд тухайн хуулийн текстийн ердийн утгыг олж тогтоосны үндсэн дээр дагаж мөрддөг ба үг зүйн тайлбарыг баримтлагчид хууль тогтоогчоос тухайн хуулийн зүйл, заалт ямар утга агуулгатай байсныг асууж болох авч энэ нь улс төрийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлүүдээс шалтгаалж нэлээд эрсдэлтэйд тооцогддог учраас хууль тогтоогч хууль батлахдаа зөв, хоёрдмол утгагүй үг сонгож байх хэрэгтэй гэж үздэг. Мөн тухайн үед хууль тогтоогчийн батлахдаа хэрэглэсэн тэр үгийн утгаар нь л хуулийг тайлбарлах нь зүйтэй гэсэн хандлага Үндсэн хууль судлаачдын дунд тогтжээ. Түүнчлэн зорилтот тайлбарыг баримтлагчид Үндсэн хуулийн зүйл, заалтад хэрэглэсэн үгийн буюу бичвэрийн шууд утгыг үг зүйн хувьд тайлбарлахад бэрхшээл гарвал тухайн хуулийн зорилт, холбогдох зүйл, заалттай уялдуулан хууль тогтоогч уг заалтаар ямар утга илэрхийлэхийг зорьсныг мэдэж болох ба “Зорилгоор тайлбарлах арга” нь хууль тогтоогчоос /Ардын Их Хурлаас/ хууль батлахдаа тавьсан зорилгыг тодорхойлж, түүнд нийцүүлэн тухайн хуулийг тайлбарлах нь зүйтэй бөгөөд хуулийн бичвэр эргэлзээтэй тохиолдолд л зорилгыг чухалчилж нягтлан үздэг. Мөн эрх зүйн хэм хэмжээний утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд үгийн болон өгүүлбэрийн бүтцийн холбоосонд дүн шинжилгээ хийж, түүнд үндэслэн тайлбарладаг хэл зүйн буюу дүрмийн аргаар Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт тайлбар хийж үзвэл: 

              Нэгдүгээрт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх”;

              Хоёрдугаарт “Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох” гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо “бөгөөд” гэдэг утга санааг холбох хэрэглүүр болох дотоод холбоосыг хэрэглэсэн байна.  Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд “буюу” гэдэг холбоосын утгыг “эсвэл, юм уу, юм үү” гэж тайлбарласан ба “эсвэл” гэдгийг тус тольд “нэг бол, үгүй бол” гэсэн сонгох хувилбартай байхаар бичсэн нь Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор зохицуулсан гэж хэл зүйн тайлбарын хувьд үзэж болохоор байна.

              Тиймээс уг мэдээлэлд дурдсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг болох “дүүргийн шүүх” гэдэг бичвэрийн утгыг хэрхэн томьёолон, түүнийг Үндсэн хуульд хэрхэн тодорхойлсон агуулгыг өөрийн зүгээс, судлаачийн байр сууринаас үг зүйн болон зорилтот тайлбар хийж үзвэл: Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн үндсэн тогтолцоо ... дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин дүүргийн шүүхээс бүрдэхээр маш тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /дүгнэлт/-ээр нотлогдон Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор тодорхойлсон бол, харин дүүрэг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр дүүрэг болгон бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. Харин хэл зүйн тайлбарт дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол тухайн дүүргийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдон, түүнд тусгагдсан байна.

              Гэтэл Шүүх байгуулах тухай хуулиар нийслэлд хэд хэдэн дүүрэг байхад дүүргийн шүүхийг байгуулахдаа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 4, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4, захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 болгон өөрчлөн байгуулсан байна. Энэ өөрчлөн байгуулалтын үр дүнд “дүүрэг дундын шүүх”- ийн тамга, тэмдэг, хаяг, албан бичгийн маягт нь хүртэл дүүрэг дундын шүүхийн буюу ... дугаар дүүргийн шүүхийн хэлбэрээр хийгдэн ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэр, тогтоол, захирамжууд нь “дүүрэг дундын шүүх” буюу ...дугаар дүүргийн шүүхийн маягттайгаар бичигдэж байгаа болно. Үнэхээр л “дүүрэг дундын шүүх” буюу ... дугаар дүүргийн шүүхийг байгуулах шаардлага байгаа бол Үндсэн хуулийн холбогдох заалтыг “дүүрэг буюу дүүрэг дундын” болгон өөрчлөх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

              1994 оны 4 дүгээр сарын 15-ны  өдөр Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийн үндэслэх, тогтоох хэсгийн агуулгад:

              Нэгдүгээрт, “...Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргүүдийн дунд, Баянзүрх, Гачуурт, дүүргүүдийн дунд, Хан-Уул, Туул дүүргүүдийн дунд,  Сонгинохайрхан, Жаргалант дүүргүүдийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томъёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ. Энэ талаар ... гомдлыг хүлээж авах үндэстэй байна...”,

              Хоёрдугаарт, “Шүүх байгуулах тухай” 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн “Багануур, Багахангай дүүргийн шүүх, Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх, Хан-Уул, Туул дүүргийн шүүх, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх” гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна...” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж байжээ. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг болох “дүүргийн шүүх” гэдэг үгийн буюу бичвэрийн утгыг Үндсэн хуулийн үзэл санаа, агуулгыг эрх зүйн онолын буюу Үндсэн хуулийн эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөхүйц, албан ёсны тайлбар маягаар шийдвэрлэсэн байна.

              Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

              Хоёр. Иргэн С. Номынбаясгалан 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: 

              Монгол Улсын Үндсэн хуулиар Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн шүүх буюу Цэцийн эрх зүйн байдлыг бүрдүүлж, түүнд Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай шийдвэр /дүгнэлт, тогтоол/ гаргах, тэрхүү шийдвэрээрээ Үндсэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах бүрэн эрхийг олгосны дагуу Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “дүүргийн шүүх” гэсэн бичвэрийн утгыг дараах байдлаар тайлбарласан байна. Тухайлбал,

...1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн “Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай харшилж байгаа эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолын хянавал болон тогтоох хэсгийн агуулгад: Нэгдүгээрт “...Шүүх байгуулах тухай 1993 оны 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна...”, хоёрдугаарт ”...Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан Монгол Улсын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хууль Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай зөрчсөн эсэх асуудлаар Цэцийн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёрын санал аваагүй болно.”,...гуравдугаарт, “...Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай...” гэж Үндсэн хуулийн цэцээс тогтоол гаргаж байсан. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг болох “дүүргийн шүүх” гэдэг үгийн буюу бичвэрийн утгыг Үндсэн хуулийн үзэл санаа, түүний зүйл, заалтын агуулгад нийцүүлэн шийдвэрлэсэн байна.

              Нэгтгэвэл, Цэцийн дээрх тогтоолоор “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгосноос биш Цэцийн дүгнэлтийг хүчингүй болгоогүй бөгөөд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсьн Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.” гэсний дагуу Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох “дүүргийн шүүх”-ийг байгуулахдаа дүүрэг тус бүрт бие даасан шүүх байгуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байна... гэжээ.

Гурав. Иргэн С. Номынбаясгалан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр  гаргасан нэмэлт тайлбартаа:

“...Эрх зүйн хэм хэмжээний утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд үгийн болон өгүүлбэрийн бүтцийн холбоосонд дүн шинжилгээ хийж, түүнд үндэслэн тайлбарладаг хэл зүйн буюу дүрмийн аргаар Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлавал, нэгдүгээрт “Шүүхийн үндсэн тогтолцоо “аймаг”-ийн шүүх, “нийслэл”-ийн шүүх, “сум”-ын шүүх буюу “сум дундын” шүүх, “дүүрэг”-ийн шүүхээс бүрдэх”; хоёрдугаарт “Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох” гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо “бөгөөд” гэдэг утга санааг холбох хэрэглүүр болох дотоод холбоосыг хэрэглэсэн байна. 

              Учир нь хэл зүйн талаас, өгүүлбэрүүд болон өгүүлбэрийн гишүүдийг холбох үүрэгтэй “ба, бөгөөд, буюу, харин, хэрэв, өөрөөр хэлбэл, болон эсвэл, нэг бол, гэтэл, гэвч, иймээс, бас, улмаас...” гэх мэт үгсийг холбох үгс гэх бөгөөд холбох үгсийг үүрэг харьцаагаар нь зэрэгцүүлэн холбох, захируулан холбох гэж ангилдаг. Зэрэгцүүлэн холбох үгс нь өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүд болон энгийн нийлмэл өгүүлбэр, салангид өгүүлбэрүүд, догол мөр зэргийг холбох үүрэгтэй “ба, буюу, бөгөөд, болон, боловч, болоод, мөн түүнчлэн, түүгээр ч барахгүй, байтугай, төдийгүй, үл барам, иймээс, иймийн тул, ийм учраас, ингэхлээр, ингээд, харин, хэрэв, атал, агаад, аль эсвэл, хийгээд ...” зэрэг үгсийг зэрэгцүүлэн холбох үгс гэнэ. Зэрэгцүүлэн холбох үгсийг үүргээр нь гишүүдийг холбох, өгүүлбэрүүдийг холбох гэж хоёр ангилж болно. Гишүүдээр зэрэгцүүлэн холбох үгс гэдэг нь өгүүлбэрийн доторх нэг төрлийн зэрэгцсэн гишүүдийг холбох үгс юм. Өгүүлбэрүүдийг зэрэгцүүлэн холбох үгс гэдэг нь энгийн нийлмэл өгүүлбэр болон утгын холбоотой салангид өгүүлбэрүүд, догол мөрүүдийг холбох үгс юм.

...Монгол улсын шүүхийн үндсэн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг болох “аймгийн шүүх”, “нийслэлийн шүүх”, “дүүргийн шүүх” гэсэн бичвэрийн утгыг хэрхэн томьёолон,түүнийг Үндсэн хуульд хэрхэн тодорхойлсон агуулгыг үг зүйн болон зорилтот аргаар тайлбарлавал: Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн үндсэн тогтолцоо аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах шүүхээс, нийслэл буюу давж заалдах шатны шүүхээс, дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин аймгийн шүүхээс, нийслэлийн шүүхээс, дүүргийн шүүхээс бүрдэхээр тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр нотлогдон Монгол Улсын шүүхийн тогтолцоонд сум болгон бие даасан шүүхтэй, эсхүл сум дундын шүүхтэй байж болохоор тодорхойлсон бол, харин дүүрэг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр дүүрэг тус бүрт бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. Тиймээс аймаг тус бүр бие даасан шүүхтэй байх ёстой гэдэг нь давхар нотлогдож байна. Мөн Үндсэн хуульд нийслэлийн шүүх гэх томьёоллоор бичигдсэн нь Шүүх байгуулах тухай хууль дахь “Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” гэх тодотголтой байгаа нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна.

              Түүнчлэн хэл зүйн тайлбарт дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол нэгт, тухайн дүүргийнхээ хэмжээнд; хоёрт, тухайн аймгийнхаа хэмжээнд; гуравт, нийслэлийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг “дүүрэг”, “аймаг”, “нийслэл” тус бүрт дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдон, түүнд тусгагдсан байна.

              Үндсэн хуулиар шүүхийн тогтолцоог нэгдүгээрт, үндсэн, хоёрдугаарт, дагнасан хэлбэрээр байгуулах талаар зохицуулсан бөгөөд шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох аймаг, нийслэл, дүүргийн шүүхүүдийг байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг даган байгуулахаар зохицуулсан бол сумын шүүхүүдийг байгуулахдаа тойргийн журмаар байгуулж болохоор тусгасан. Үүний илрэл нь 1993 оны Шүүх байгуулах тухай хуулиас харагдаж байна.

              Энэ нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг иргэнд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг хангах, гэмт хэргийн гаралт зэргийг багасгах гэсэн давхар зорилготой байсан.” гэжээ.

Дөрөв. Иргэн С.Номынбаясгалангийн 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“...Улсын Их Хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн холбогдох заалт болон 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн заалтыг тус тус иш үндэс болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж тус тус заасан билээ.

              Дэлхийн бусад улсад ч гэсэн байдаг “ерөнхий шүүх”, “тусгай шүүх” гэсэн нэршил бүхий нийтлэг жишгийг харгалзан улмаар Үндсэн хуулийн дээрх заалтыг удирдлага болгон Монгол Улсын шүүхийн тогтолцоог “үндсэн”, “дагнасан” гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар тодорхойлсон. Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасанчлан “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэх” бөгөөд нийслэлд эрүү, иргэний хэргийн анхан шатны дагнасан шүүхийг байгуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа билээ.

              Хоёрдугаарт, 2012 онд баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд мэдээлэл гаргагчаас тэмдэглэн бичээд байгаа шиг “анхан шатны шүүхийн нэгж”, “дүүрэг дундын шүүх” гэсэн хуулийн нэр томьёо ороогүй. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас “дүүрэг дундын шүүх”- ийг байгуулаагүй, харин дүүргийн шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон юм. Жишээлбэл, “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх” нь Улаанбаатар хотын зүүн бүсэд байршиж, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалах юм.

              Шүүхийн харьяалал заавал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцэж байх шаардлага үгүй болно. Дэлхийн бусад улсын жишигт ч шүүхүүдийг засаг захиргааны нэгжээр бус, бүсчлэн байгуулдаг. Тухайлбал, Испани улс нь засаг захиргааны хувьд 17 автономит нийгэмлэг, 150 муж, автономит эрхтэй 2 хот, тойрог, анхан шатны засаг захиргааны нэгж зэргээс бүрддэг боловч улсынхаа нийт нутаг дэвсгэрийг шүүхийн арван таван тойрогт хувааж, эдгээр шүүх нь томоохон хотуудад байршдаг байна.  

              Гуравдугаарт, мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “...тухайн дүүргийн хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдсон...” гэж бичсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болохоор зохицуулагдсан тул Монгол Улсад 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн захиргааны хэргийн шүүхийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг нийтийн захиргааны хүрээнд зөрчигдөхөөс хамгаалах чиг үүрэгтэй дагнасан шүүхийн тогтолцоог 21 аймагт тус бүр гурван шүүгчтэй анхан шатны шүүх ажиллах, мөн нийслэлд ерөнхий шүүгч, 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй анхан шатны шүүх байхаар хуульчилсан билээ. Улмаар Улсын дээд шүүхийн бүтцэд 5 шүүгч, тэргүүн шүүгч бүхий Захиргааны хэргийн танхим байгуулж давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үүргийг гүйцэтгэж байсан. Байгуулагдсан цагаас хойш давж заалдах болон хяналтын шатны журмаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өсөж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын ачаалал жил бүр өсөн нэмэгдэж ирсэн юм. Энэ байдлыг харгалзан үзэж, улмаар шүүхийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн заалттай уялдуулах зорилгоор Улсын Их Хурлаас 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар Улаанбаатар хотод байршилтай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсан бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байсан юм.

              Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан уг тогтолцоонд нийцүүлэн тухайн орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, иргэдэд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхүүдийг шинэчлэх шаардлагын үндсэн дээр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас баталсан билээ.

              Анхан шатны шүүхийг байгуулахдаа шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг ард иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцсон юм. Түүнчлэн, Улсын Их Хурлын хүн амын тоог оновчтой тогтоох, шүүхийн үйлчилгээг хэрэглэгчид ойр дөт байхаар байршлыг нь тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагын нэг ажилтанд ногдох ажлын ачааллын жишиг шалгуурыг оновчтой зохицуулах зорилтуудыг дэвшүүлсэн юм.

              Монгол Улсын шүүхийг эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр дагнан байгуулснаар шүүгч илүү мэргэшиж, энэ нь шийдвэрийн чанарт нөлөөлөн улмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болно.

              Иймд сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.

Тав. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:         

... 1993, 2002 оны Шүүхийн тухай хууль, 2012 оны Монгол Улсын Шүүхийн тухай хуульд аймаг, нийслэлийн шүүх нь давж заалдах шатны шүүх байхаар зохицуулсан байна. Тиймээс аймгийн шүүх гэж байдаг тул “аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах" шүүх гэж байх нь Үндсэн хуулийн зөрчил биш гэж ойлгогдож байгаа боловч Үндсэн хуулийн болон Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг төсөөтэй хэрэглэнэ гэсэн эрх зүйн онолын ойлголт байхгүй. Энэ нь хууль ёсны болон Үндсэн хуулийн өөрийнх бүтцийн зарчимтай холбоотой бөгөөд Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн утга санаа, агуулгыг тодорхой болгохын тулд хууль зүйн техникээр болон хэл зүйн /герменевтик/-ээр авч үзэхэд,

1-рт “Шүүхийн үндсэн тогтолцоо “аймаг”-ийн шүүх, “нийслэл”-ийн шүүх, “сум”-ын шүүх буюу “сум дундын” шүүх, “дүүрэг”-ийн шүүхээс бүрдэх”;

2-рт “Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох” гэсэн хоёр утга санааг илэрхийлж эдгээр хоёр утга санааг холбохдоо “бөгөөд” гэдэг утга санааг холбох дотоод холбоосыг хэрэглэсэн байна.

              Эхний утга санааны хувьд, шүүхийн үндсэн тогтолцоо нь аймаг буюу аймаг дундын эсхүл давж заалдах шүүхээс, нийслэл буюу давж заалдах шатны шүүхээс, дүүрэг буюу дүүрэг дундын шүүхээс бүрдэх биш, харин аймгийн шүүхээс, нийслэлийн шүүхээс бүрдэхээр тодорхой зааж өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэр, Үндсэн хуулийн шүүх болох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, мөн оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоол/-ийн агуулгаар нотлогдон, Монгол Улсын шүүхийн тогтолцоонд аймаг дундын шүүх гэсэн ойлголт агуулаагүйгээр, хоёрдмол утгагүйгээр аймаг тус бүрд бие даасан шүүхтэй байхаар тодорхойлсон байна. Түүнчлэн Үндсэн хуульд нийслэлийн шүүх гэх томьёоллоор бичигдсэн боловч 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар “Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” гэх тодотголтой байгаа нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна. Мөн өмнө дурдсан хоёр дахь утга санааны хувьд бол нэгд, тухайн аймгийнхаа хэмжээнд, хоёрт, нийслэлийнхээ хэмжээнд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр хэд хэдэн бие даасан шүүхүүдийг “аймаг”, “нийслэл” тус бүрд дагнан байгуулахаар Үндсэн хуульд томьёологдон, түүнд тусгагдсан байна.

... Үндсэн хуулийн өөрийнх нь бичвэрээс шүүхийн тогтолцоог нэгдүгээрт, үндсэн хэлбэрээр, хоёрдугаарт, дагнасан хэлбэрээр байгуулах талаар зохицуулсан бөгөөд шүүхийн үндсэн тогтолцооны нэгж болох “аймаг”, “нийслэл”, “дүүрэг”-ийн шүүхүүдийг байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг даган байгуулахаар зохицуулсан бол сумын шүүхүүдийг байгуулахдаа тойргийн журмаар /сум дундын/ байгуулж болохоор тусгасан байна. Үүний илрэл нь 1993 оны Шүүх байгуулах тухай хууль, түүний үзэл баримтлалаас тодорхой харагдаж байна. Энэ нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа бөгөөд Монгол Улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байхынхаа хувьд, Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдан /аймаг, нийслэл/, түүнийг даган суурьшсан иргэдэд шүүхийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг хангах, гэмт хэргийн гаралт зэргийг багасгах зэрэг давхар зорилготой байсан.

... Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөс хамааран

-аймаг, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;

-аймаг, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн төрлөөр дагнан байгуулахаар;  анхан шатны шүүхийн тогтолцооны хувьд:

-дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх;

-дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

-Захиргааны хэргийн анхан шатны шүүх;

-сум буюу сум дундын шүүх гэсэн бүтэцтэй байхаар хуульчилсан бөгөөд хуульд заасан энэхүү хуваарилалтыг хийхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан өөрөөр хэлбэл хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн дунд тус бүр нэг эрүү, иргэний дагнасан давж заалдах шатны шүүх байхаар тооцоолон эрүүгийн давж заалдах шатны 10, иргэний давж заалдах шатны 10 гээд нийт 20 шүүхийг “тойргийн” журмаар эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулсан байна. Гэхдээ энд Үндсэн хуулиар зохицуулсан үндсэн шүүх байгуулах тухай ойлголтыг дагнасан шүүх байгуулах тухай ойлголттой хамтатган авч үзсэн нь учир дутагдалтай байна. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн зүйл, заалтыг хууль тогтоогч өөрийн дур зоргын хүрээнд өөрийн үзэмжээр тайлбарлаж /хууль батлан/ Үндсэн хуулийн үнэт зүйл /хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх.../- ийг  алдагдуулсан байна.

              ... 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар шүүхүүдийг тойргийн журмаар /тойргийн шүүх/ байгуулсантай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагууд ч тойргийн системд шилжин орж байна. Тухайлбал, Улсын Ерөнхий прокурорын 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/09 тоот “Аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын бүтцийг шинэчлэн батлах тухай’’ тушаалын дагуу Нийслэлийн прокурор 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр А/04 тоот тушаал гаргаж Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хариуцах газруудыг шинэчлэн тогтоожээ... Түүнчлэн дээрх тушаалд заасны дагуу эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрууд эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяаллыг харгалзан хяналт тавихаар болсон байна. Жишээлбэл, Дүүргийн I прокурорын газар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн, II прокурорын газар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн нутагт гарсан хэрэгт хяналт тавьж ажиллах юм. Энэ нь прокурорын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажиллагааг сулруулах талтай. Үүний үр дүнд хууль хяналтын байгууллагын хяналтаас гадуур гэмт хэрэг, бусад зөрчлүүдийг гаргах сөрөг нөлөөтэй.

              Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг эрх зүйн онолын талаас тайлбарлавал, эхний утга санаа болох “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэл, дүүргийн шүүхээс бүрдэх... ” гэх бичвэр нь өөрөө императив шинжтэй хэм хэмжээ бол хоёр дахь утга санаа болох “Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно." гэх бичвэр нь диспозитив шинжтэй хэм хэмжээ болох нь эндээс тодорхой харагдаж байна. /шүүхийг дагнан байгуулж ч болно, байгуулахгүй ч байж болохоор/. Энэ нь шүүхийн өөрийнх нь үндсэн буюу тулгуур тогтолцоог байгуулахдаа хэн нэгнээс хамаарахгүй, хэн бэ гуай ч өөрчилж үл болохоор тусгаж, харин дагнасан шүүх байгуулах асуудлыг хууль тогтоогчийн өөрийн эрх хэмжээний хүрээнд үлдээн Үндсэн хуульд тусгасан байна.

              Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн ... Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн ... шүүхээс бүрдэх...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

              Зургаа. Иргэн С.Номынбаясгалангийн 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин  Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

              “...Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “аймаг дундын шүүх” гэсэн ойлголт байхгүй, харин аймаг тус бүр мөн нийслэл бие даасан шүүхтэй байхаар хоёрдмол санаа агуулалгүйгээр хуульчилсан нь Үндсэн хуулийн өөрийн бичвэрээс нотлогдон харагдаж,  улмаар “Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх”, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” гэж тодорхойлон тогтоосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна хэмээн бичсэнтэй санал нийлэхгүй байна.

              Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн юм. Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг иш үндэс болгож Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг баталжээ.

              Энэ хуулиар шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байж, шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх, шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, энэхүү тогтолцоо нь хяналтын шатны болох Улсын дээд шүүх, давж заалдах шатны болох аймаг, нийслэлийн шүүх, анхан шатны болох сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс тус тус бүрдэхээр хуульчиллаа. Улмаар хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар тусгасан.

              Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийг зөвхөн Үндсэн хүуль, бусад хуулийн дагуу байгуулах”, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүхийн зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны буюу аймаг, нийслэлийн шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөс хамааруулж дагнан байгуулахаар баталгаажуулав. Мөн ийнхүү давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулахаар заахдаа Улсын Их Хурлаас 2001 онд баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн үндсэн үзэл санааг харгалзан үзсэн юм.

              Улмаар Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Шүүх байгуулах тухай хууль баталж, энэхүү хуулиар нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, шүүхийн ачааллыг харгалзан тус бүр 2-3 аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг харьяалсан иргэний хэргийн давж заалдах шатны 10, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10, захиргааны хэргийн давж заалдах шатны 1 буюу нийт 21 шүүх байгуулав.

              Ийнхүү тойргийн журмаар давж заалдах шатны шүүхийг байгуулсан нь:

а/аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр дөт сум, дүүрэгт харьяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх,

б/шүүгч нарыг хэргийн төрлөөр дагнан мэргэшиж, чадварлаг болох,

в/ иргэдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх, сэргээлгэх боломжийг хангах,

г/гэмт хэргийн гаралтын статистик тоо, хүн амын нягтаршил зэргийг харгалзан шийдвэрлэх ач холбогдолтой билээ.

              Мэдээлэл гаргагч Үндсэн хуулийн зүйл, заалтыг хууль тогтоогч өөрийн дур зоргын хүрээнд өөрийн үзэмжээр хууль батлан гаргах замаар тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох үнэт зүйлийг алдагдуулж байгаа талаар бичсэн байна. 1992 онд баталсан Үндсэн хуулийн зарим зүйл, заалтын агуулга хэт ерөнхий байгааг органик хуулиар нарийвчлан тодруулдаг билээ. Үүний тодорхой илрэл бол шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд батлагдан мөрдөгдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай болон Шүүх байгуулах тухай хуулиуд болно.

              Мөн иргэн С.Номынбаясгалан гаргасан мэдээлэлдээ нэгдмэл төрийн байгууламжийн зарим нэг шинжүүдийг дурдаж, улмаар нэгдмэл улсын тухайд мужийн буюу тойргийн систем үйлчилдэггүй гэсэнтэй санал нийлэхгүй байгаа болно. Учир нь унитаризмын зарчим ёсоор нутаг дэвсгэр нь зөвхөн төв засгаас тогтоосон статустай засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь улс төрийн бие даасан байдал үгүй бөгөөд ямар нэг эрх мэдэл эдэлдэггүй билээ. Өөрөөр хэлбэл, нэгдмэл улсын нутаг дэвсгэрийн зохион байгуулалт нь дүүрэг, хот, тосгон, хязгаар, муж зэрэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс бүрдэж болох боловч эдгээр нэгжүүд өөрийн нутаг дэвсгэр үгүй, өөрийн Үндсэн хууль, бусад хууль батлан мөрдүүлдэггүй, өөрийн иргэншил үгүй, өөрийн шүүхийн байгууллагагүй юм. Нэгдмэл төвлөрсөн улс болох Бүгд Найрамдах Франц Улсад тухайлбал, эх газартаа, давж заалдах шатны шүүх нь хэд хэдэн мужийн нутаг дэвсгэрийг харьяалсан 30 шүүхээс бүрдэж байгааг дэлхийн бусад орны жишиг харуулж байна.

              Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйл нь төрийн байгууламжийг бүхэлд нь буюу улсын нийгэм, эдийн засгийн, улс төрийн үндэс, иргэний эрх зүйн байдлын үндэс, төрийн байгууллагын системийг хамарсан өргөн хүрээтэй ойлголтыг агуулна. Иймд Шүүхийн тухай хуулийн 1 дүгээр зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно.

              Жич: Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 05 дугаар дүгнэлт ба Цэцийн 1994 оны 02 дугаар тогтоол нь тус тус 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалттай холбогдуулан гарч байсан бөгөөд энэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон билээ.” гэжээ.

              Долоо. Иргэн С.Номынбаясгалангийн мэдээлэлтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

              “ ... Шүүх байгуулах тухай 2013 оны хуулиар Нийслэл дэх анхан шатны шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, хэргийн ачааллыг харгалзан шүүн таслах ажлын төрлөөр нь төрөлжүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийг тус тус байгуулсан. Ийнхүү дагнасан шүүх байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” гэсэн заалт, Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалтай нийцэж байна.” гэсэн болно.

              Найм. Иргэн С.Номынбаясгалангийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

              “... Иргэн С.Номынбаясгалангийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл болон мэдээллийн үндэслэгээнээс үзэхэд “Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн” гэсэн нь үндэслэлтэй байна.

              Шүүх байгуулах тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан зарим прокурорын газруудын нутаг дэвсгэрийн харьяалалд өөрчлөлт оруулж, аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газрын бүтцийг шинэчлэн баталсан.

              Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, нутаг дэвсгэрийн харьяалал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор прокурорын хяналтаас “гадуур гэмт хэрэг, зөрчил” гараагүй бөгөөд Прокурорын байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд заасан “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.” гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын шүүхийн нэгдсэн тогтолцоог “үндсэн” ба “дагнасан” гэсэн хоёр дэд хэсэгтэй байхаар тодорхойлж, шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс, түүнчлэн дагнасан шүүхийн тогтолцоо нь эрх зүйн маргаан, шүүн таслах ажлын төрлөөр мэргэшүүлэн байгуулсан шүүхээс бүрдэхээр байна.

              Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аливаа шүүхийг Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулах бөгөөд бусад хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог тойргийн зарчмаар бус, харин нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулахаар Үндсэн хуульд бэхжүүлжээ.

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “...Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргүүдийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргүүдийн дунд, Хан-Уул, Туул дүүргүүдийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргүүдийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томьёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ.” гэж үзээд 05 дугаар дүгнэлт гаргасан байна.  

              Дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолд “...1.Шүүх байгуулах тухай Монгол Улсын 1993 оны хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дугаар заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох шаардлагатай байна...” гэжээ.

              Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцоогоор аймаг, нийслэл, дүүрэг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрүүдээрээ баталгаажуулсан байна.

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасны дагуу Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад заасан иргэний үндсэн эрхийг, тухайлбал, хууль зүйн туслалцаа авах, шүүхэд гомдол гаргах, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх үүргийг төр хүлээсэн байна.

              Гэтэл Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулийн /шинэчилсэн найруулга/ 1 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харьяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар; Нийслэлийн шүүхийн оронд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж нэрлэн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв, Хэнтий аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг харьяалуулсан; мөн хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх гэж нэрлэн хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд; мөн нийслэлийн зарим дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн зарим сумыг нэг шүүхэд харьяалуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4, эрүүгийн хэргийн анхан шатны 4 шүүх байгуулж Улаанбаатар хотод зүүн, баруун бүс, Багануур, Налайх дүүрэгт байршуулсан; 3ахиргааны хэргийн анхан шатны 6, 11 дүгээр шүүхийг байгуулахдаа тус бүр 2 аймгийн нутаг дэвсгэрийг нэг шүүхэд харьяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.    

              Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон:

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

              1. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн байна.

              2. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг, Хоёрыг бүхэлд нь; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг, Хоёр, түүнчлэн Гурвын 6, 11 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

              3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                      Ж.АМАРСАНАА

                ГИШҮҮД                                      Н.ЖАНЦАН  

                                                                                   Ш.ЦОГТОО

                                                                                   Д.НАРАНЧИМЭГ

                                                                                   Д.ГАНЗОРИГ