A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 2 ДУГААР ЗҮЙЛИЙН 2.5 ДАХЬ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН Ш
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 2 ДУГААР ЗҮЙЛИЙН 2.5 ДАХЬ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2007 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 05

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

13.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Бүд, өмгөөлөгч Н.Мандах, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Д.Одсүрэн нар оролцов.

Нэг. Иргэн Б.Бүд 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө:

“Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоошмжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө”. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/ гэсэн заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тухайд:

-Энэхүү Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг дараахь үндэслэлээр зөрчсөн гэж үзэж байна.

Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдэнд үйл ажиллагаа явуулах нөхцлийг олгох нь зүй ёсны хэрэг боловч тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд Улсын Их Хурлаас баталсан татварын хууль тогтоомжийн “аливаа нэмэлт, өөрчлөлтүүд” тогтвортой байдлын гэрээ байгуулсан талд үйлчлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн “тэгш байдал”, “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж байгаа гэхээс аргагүй юм.

-Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх заалтыг зөрчсөн тухайд:

Ардчилсан хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан манай орны тухайд Үндсэн хуулийн дээрх заалт чухал ач холбогдолтой төдийгүй энэ ч утгаараа төрийн үүрэг үүнд чиглэгдэх учиртай. Бизнесийн тодорхой салбарт нэгэн ижил гарааны нөхцөлтэй /цаг хугацааны хувьд л өөр/ тийм боломжийг төрөөс бүрдүүлсэн хирнээ Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэх шалтгаанаар хуулийн үйлчлэл хэрэгжихгүй, бусдаас давуу ашигтай боломжийг гэрээний нэг талд шууд олгож үүнийг нь ч хууль тогтоогчийн зүгээс баталгаажуулж байгаа нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Тогтвортой байдлын гэрээ байгуулж чадаагүй ижил салбарт төдий хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан дотоод гадаадын хуулийн этгээдүүд гэрээ байгуулсан талуудад атаархахаас өөр боломжгүй байдлыг бий болгож байгааг бодолцох учиртай.

Иймд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа дээрх заалтыг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын даргын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 70 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа :

1.Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” гэж заасан байна.

Татварын ерөнхий хуулийн дээрх хэсгийн “стратегийн хөрөнгө оруулагч” гэснийг “гадаадын хөрөнгө оруулагч” гэж ойлгох нь буруу бөгөөд мөн хуульд стратегийн хөрөнгө оруулагч гэдэг нь гадаадын хөрөнгө оруулагч гэж тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл, өргөдөлд дурдсан шиг зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч дээрх хөнгөлөлтийг эдлээд дотоодын хөрөнгө оруулагч эдлэхгүй нь гэж ойлгож болохгүй.

Ер нь энэ заалт бол улс орны эдийн засгийн хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг болох хөрөнгө оруулалтын талаарх заалт бөгөөд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжихийн тулд тэдний үйл ажиллагаа явуулах орчин болон юуны өмнө татварын орчинг тогтвортой байлгахаар заадаг билээ.

Хөгжиж байгаа улс орнууд гадаадын шилдэг тэргүүний техник, технологийг нэвтрүүлэх, удирдлага менежментийн арга туршлагаас суралцах асуудал нь хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын чухал хэсэг гэдэгтэй хэн ч маргахгүй нь тодорхой.

Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх зорилгоор дээрх хуулийн заалт батлагдсан юм. Өөрөөр хэлбэл, төрөөс улсын эдийн засгийг хөгжүүлж үр ашгийг нь нэмэгдүүлэх, улмаар ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд бүрэн чиглэгдсэн хууль гэж үзэж байна.

Хөрөнгө оруулалтыг дэмжих нь зүй ёсны хэрэг гэж өргөдөл гаргагч бичсэн байх ба энэ дэмжлэг юуны өмнө татварын орчинг тогтвортой байлгах үйлдлээр илэрхийлэгддэг олон улсын жишиг байдаг.

Тухайлбал, ОХУ-ын Гадаад хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулснаас хойш татварын хууль тогтоомжид өөрчлөлт орж татварын хувь хэмжээ нэмэгдвэл уг гэрээний хүчинтэй байх хугацаанд нь шинэ хуулийн заалт үйлчлэхгүй” гэж заасан байна.

2.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн Тогтвортой байдлын гэрээ гэсэн 19 дүгээр зүйлд:

“1.Монгол Улсад 2.0 сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч хүсэлт гаргавал түүний үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах эрх зүйн баталгаа болгож Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж татварын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хөрөнгө оруулагчтай тогтвортой байдлын гэрээг байгуулж болно.

4.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбарыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дампууруулаагүй, эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоогоогүй, талууд харилцан тохиролцож хэлэлцээрийг цуцлаагүй байхад гадаадын хөрөнгө оруулагч өөрөө санаачлан тогтвортой байдлын гэрээнд заасан хугацаанаас өмнө үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд уг хөрөнгө оруулагчид татварын болон бусад чөлөөлөлт, хөнгөлөлтөөр олгосон хөрөнгийг нөхөн төлүүлнэ” гэж заасэн байна.

Эндээс харахад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаа 2 талын эрх, үүргийг адил хэмжээнд тусгаж өгсөн байна. Хөрөнгө оруулагч эхний ээлжинд хүсэлтээ гаргах ёстой, 2 сая ам.доллароос дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой, гэрээнд заасан хугацаанаас өмнө үйл ажиллагаагаа зогсоовол татварын болон бусад чөлөөлөлт, хөнгөлөлтөөр олгосон хөрөнгийг нөхөн төлнө гэж хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхой заасан байна.

3.Ашигт малтмалын тухай хуулийн Хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн нэртэй 29 дүгээр зүйлд:

“29.1. Үйл ажиллагааныхаа эхний 5 жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт 50 саяас дээш америк доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болох бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

29.1.1.татварын орчинг тогтвортой байлгах;” гэж заасныг ч мөн анхаарах нь зүйтэй.

4.Улсын Их Хурлаас 2006 онд татварын багц хуулиуд болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд олон тооны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг байсныг хүчингүй болгосон/, Хувь хүний орлогын албан татварын, Онцгой албан татварын, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай гэсэн 4 хуулийг баталсан бөгөөд тэдгээртэй уялдуулан батлахаар хэлэлцэж эхлээд байгаа Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн 3.2-т:

“Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай байгуулах тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” гэж тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч гэдгийг гадаадын дотоодын алин ч байхаар заасан бөгөөд тогтвортой байдлын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг адил хэмжээнд авч үзсэн болохыг ч анхаарах хэрэгтэй.

Дээрх байдлуудаас дүгнэхэд Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1.7-д заасан төрийн албан татварын бодлогыг тодорхойлох, татварыг ялгамжтай тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх чиглэлээр Татварын ерөнхий хуулийн дээрх заалтыг баталсан байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.

Гурав. Үндэсний татварын ерөнхий газар 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/712 тоот албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 4-т “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж тогтвортой байдлын гэрээг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуулийн хүрээнд байгуулна”, мөн зүйлийн 5-д “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” гэж заасан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд: Үйл ажиллагааныхаа эхний 5 жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт 50 саяас дээш америк доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргавал үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болох бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: татварын орчинг тогтвортой байлгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, учирсан хохирлыг нөхөн төлөх, эхний таван жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10 жил, 100 саяас дээш америк доллартой тэнцэх бол 15 жил, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар гэрээ байгуулах тухай заасан байна.

Тус газар Тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээг хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, харилцан зөвшилцлийн үндсэн дээр байгуулдаг эрх зүйн баримт бичиг гэж үзэж байна... гээд тайлбар гаргагч манай улсад уул уурхай, ашигт малтмал, газрын тос болон зарим нэгэн зам, барилгын салбарт гадаадын томоохон хөрөнгө оруулагчидтай байгуулсан тогтвортой байдлын гэрээнүүдийг дурьдсан байна. Тэрээр цааш нь...

Монгол Улсын хэмжээнд тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа 9 аж ахуйн нэгж, нийт 235.0 сая ам.долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээсэн байна.

Тогтвортой байдлын гэрээ байгуулах нэг үндсэн нөхцөл нь гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хуульд заасан татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийг гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд тогтвортой хадгалах тухай заалт байдаг бөгөөд уг заалтыг гэрээ байгуулсан талууд харилцан ойлголцож, хүлээн зөвшөөрч байгуулдаг байна. Тухайлбал, 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө байгуулсан Тогтвортой байдлын гэрээнд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулсан бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 3-10 чөлөөлөгдөж, импортын гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хөнгөлөлтийг эдлүүлэхээр тусгаж өгсөн байна.

Хэдийгээр мөрдөж байгаа татварын хуульд дээрх хөнгөлөлт, чөлөөлөлтүүд байхгүй боловч гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хуулийн заалтыг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөхөөр тохиролцсонтой холбоотой байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан Тогтвортой байдлын гэрээ болон уг гэрээнд татварын орчинг гэрээний хугацаанд хэвээр хадгалахаар туссан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байгааг дор дурьдсан хуулийн үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Хорин тавдугаар зүйлийн 1-ийн 7-д “…төрийн санхүү, зээл, албан татвар, …улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох…” асуудлыг Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэхээр заасан нь эдийн засгийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн татварын бодлогоор хэрэгжиж байна.

2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4-т “…эдийн засгийн харилцааг аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийн сонирхолд нийцүүлэн зохицуулж…” байхыг Засгийн газрын бүрэн эрхэд хамруулсан болно” гэжээ.

Дөрөв. Монгол Улсын Сангийн сайд Н.Баяртсайхан 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3-5а/1938 тоот албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж, мөн хуулийн Тавдугаар зүйлийн 7 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн заалтууд нь төрийн эдийн засгийн үүргийг тусгаж өгчээ.

Өөрөөр хэлбэл, төрийн эдийн засгийн үүрэг нь улс орны эдийн засгийг үр ашигтай хөгжүүлэх, улмаар ард түмний материаллаг аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Энэхүү үүргээ хэрэгжүүлэх үүднээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оруулж буй хөрөнгө оруулалтыг бодит үр дүнтэй болгохын тулд эрх зүйн онцлог бүхий зохицуулалтыг тусгах зайлшгүй шаардлагатай байдаг.

Тэрхүү эрх зүйн онцлог бүхий зохицуулалтын нэг нь “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” хэмээх заалт юм.

Иймд Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм” гэжээ.

Тав. Иргэн Б.Бүд 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Татварын ерөнхий газар, Сангийн яамнаас ирүүлсэн тайлбарт хариу тайлбар ирүүлсэн байна.

“Миний бие Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, зохих шатны төрийн байгууллагуудаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар, албан бичигт дараахь тайлбарыг гаргаж байна.

1.Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан тайлбарын талаар:

-Дээрхи тайлбарыг албан ёсны гэхэд эргэлзээтэй ба албан хэвлэмэл хуудсан дээр бус, Т.Очирхүү гишүүний гарын үсэг зурагдаагүй зэргээс харахад ийм ойлголт төрүүлж байна. Үүгээрээ төрийн албан хэрэг хөтлөлтийн зарчмыг зөрчихийн сацуу Үндсэн хуулийн цэц гэх төрийн байгууллагыг хүндлэхгүй, асуудалд хайхрамжгүй хандаж байгаагийн илрэл гэж үзэж байна.

-Өргөдөл гаргагчийн зүгээс хөрөнгө оруулагч гэдэг ойлголтыг гадаад дотоод гэж ялгаагүй бөгөөд Засгийн газраас нэр бүхий компаниудтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний ихэнхи нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хамааралтай байгаагаас өргөдөлд дурьдсан гэж андуурч ойлгосон бололтой.

-Тайлбарт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн заалтыг тодорхойлоод үүнийг хэрэгжүүлэх зорилгоор дээрхи хуулийн заалт батлагдсан ба төрөөс улсын эдийн засгийг хөгжүүлж үр ашгийг нь нэмэгдүүлэх, улмаар ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд бүрэн чиглэгдсэн хууль гэж үзэж байна гэж нэмэлт өөрчлөлт оруулсан дээрх заалтаа зөв байсан зэргээр нотлохыг хичээжээ. Татварын ерөнхий хуульд 2001 оны 11 дүгээр сарын 16-нд дээрх заалт орсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч тайлбарт дурьдсан шиг эдийн засгийн үр ашиг нэмэгдсэн, ард түмний амьдрал дээшилсэн эсэх нь бодит байдал дээр ямархуу байгаагаар тайлбарлагдах бизээ. Өөрөөр хэлбэл, тогтвортой байдлын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид гэрээ байгуулснаас хойшхи татварын хууль тогтоомжууд үйлчлэхгүй байгаагаараа хождог, хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа гэдгээрээ Монгол Улс хохирдог тийм л эрх зүйн зохицуулалт бий болчихоод байгаа юм. Үүнийг ч тухайн үед Н.Энхболд гишүүн Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг танилцуулж байхдаа “тогтвортой байдлын гэрээ байгуулж байгаа хүмүүс нь хариуцлагатай хандаад байвал дахиж заавал Улсын Их Хурлаар хэлэлцэхдээ тэрний нөхцлийг нь дахиж эргэж хянаж үзээд байх шаардлагагүй, тэгвэл гэрээний утга алдагдах юм. Ажлын хэсэг дээр танилцуулж ирсэн байдлаас үзэхэд хуучин Б.Батбаяр, Я.Очирсүх нарыг Сангийн сайд байх үед байгуулагдсан тийм тогтвортой байдлын гэрээнүүд байдаг юм байна. Манай Сангийн яамны улсуудын үзэж байгаагаар Монгол Улсад үнэхээр ашиггүй, яаж байгаад ч байгуулагдсан нь мэдэгдэхгүй ийм гэрээ байдаг юм байна. Энэ гэрээг цааш үргэлжлүүлээд явуулна гэхээр бас их төвөгтэй зүйлүүд бий гэдгийг харж үзэж байгаад Засгийн газраас 2 дахь заалтыг оруулсан, энэ дээр манай гишүүд харгалзана биз дээ” гэж тодорхой хэлсэн нь тэмдэглэлд үлджээ. Үүнээс харахад Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулчихсан тэр хэвээр нь мөрдөх гэхээр явж өгдөггүй, иймээс Татварын ерөнхий хуульд урдын хийсэн алдаагаа халхлах байдлаар дээрх заалтыг зориуд нэмж оруулсан гэж үзэхэд хүргэж байна.

-Үүгээр ч зогсохгүй Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.2-т дээрхи заалт утга агуулгын хувьд бараг хэвээр орно гэдгээ ч тодорхой хэлжээ. Өргөдөл гаргаснаараа Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын албан татварын бодлогыг тодорхойлох бүрэн эрхийн асуудлыг хөндөөгүйн сацуу гагцхүү Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтын шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудыг зөрчсөнөөрөө Үндсэн хуультай зөрчилдөж байгааг дурьдсан болохыг анхаарна уу.

2.Сангийн сайдын гаргасан тайлбарын тухайд:

Сангийн сайдын тайлбарт дурьдсанаар асуудлыг хэт ерөнхийлсөн төрийн эдийн засгийн үүрэг нэрээр халхалсан оновчгүй зохицуулалт гэдэг нь өнөөдөр тодорхой харагдаж байгаа ба Сангийн сайд Н.Баяртсайхан Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлитйн 2.5 дахь заалтыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байх үед сайд байгаа үеийн байр сууринаасаа өөр үзэл бодолтой байсан нь тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд Сангийн яамны байр сууриас харахад төрийн татварын бодлогыг хэрэгжүүлэхдээ өөр өнцгөөс тухайлбал, улс орны эрх ашгаас илүүтэйгээр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг урьтал болгодог тийм зохицуулалтыг дэмждэг гэсэн ойлголтыг төрүүлж байна. Тогтвортой байдлын гэрээнүүдийн хэрэгжилтийн байдлыг дээрхи хуулийн заалттай хамтад нь аваад үзэхэд дан ганц аливаа хөнгөлөлт, чөлөөлөлт, хөрөнгө оруулагчид ашигтай байх нөхцөл нь шууд хэрэгждэг гэрээнд заасан улсад ашигтай зарим зүйл заалт хэрэгждэггүй нь харагдаж байна. Тухайлбал, Засгийн газар Чин Хуа Мак Нарийн сухайт ХХК-ийн хооронд байгуулсан 2005 оны гэрээнд …олборлосон буюу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулна… гэж тодорхой заасан атал 2006 оны 10 дугаар сарын 09-нд Сангийн сайд нүүрсний үнийг 2006 оны 10 дугаар сарын 01-нээс 21.50 ам.доллар байхаар тогтоосон нь олон улсын зах зээлийн үнээс доогуур /шинжээчид 29.27 ам.доллар гэж үзсэн/ тогтоосон нь байгуулсан гэрээг зөрчсөн төдийгүй тогтвортой мөрдөгддөг гэхэд эргэлзээтэй байгаа юм.

3.Үндэсний татварын ерөнхий газрын гаргасан тайлбарын талаар:

Тус газар нь …тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээг хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, харилцан зөвшилцлийн үндсэн дээр байгуулагддаг эрх зүйн баримт бичиг… гэж үзжээ. Энэ нь нөгөө талаас төрөөс тодорхой чиглэлээр хөрөнгө оруулагчтай байгуулж буй иргэний эрх зүйн гэрээ гэдгийг ч давхар нотолж байна. Мөн …гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хуулийн заалтыг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөхөөр тохиролцсон… гэсэн нь Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтын …гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө… гэсэн агуулгаас огт өөр ойлголт ба гэрээ байгуулагдаж байх үеийн эрх зүйн зохицуулалт бус гэрээ байгуулагдснаас хойш яригдах нөхцөл байдал юм.

Үндэсний татварын ерөнхий газар нь мэргэжлийн байгууллагынхаа хувьд тооцоо судалгаатайгаар хөрөнгө оруулалтыг дэмжсэнээрээ татварын орлогын бааз суурь нэмэгдсэн эсэх, татварын хууль тогтоомж болон гэрээний хэрэгжилтийн байдлын талаар тодорхой тайлбар гаргаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-ын “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” (2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн) гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухайд:

1.Төрөөс улсын эдийн засгийг хөгжүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэх, ингэснээрээ хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн эдийн засаг, эрх зүйн бодлогыг хууль тогтоомжоороо зохицуулан тогтоож ялангуяа дотоод, гадаадын стратегийн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжихийн тулд хөрөнгө оруулагчдад эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бий болгож, тодорхой хугацаанд оруулсан их хэмжээний хөрөнгийг эрсдлээс хамгаалах боломжийг олгодог байна.

Өргөдөл гаргагч иргэн Б.Бүд ч өргөдөлдөө: “...Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, түүнд үйл ажиллагаа явуулах нөхцлийг олгох нь зүй ёсны хэрэг…” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

2.Монгол Улсад хөрөнгө оруулж буй стратегийн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээг харьцангуй урт хугацаагаар байгуулдаг учраас хөрөнгө оруулагчдыг төрийн зүгээс учруулж болох эрсдлээс хамгаалах үүднээс гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хууль тогтоомжид заасан татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөхөөр тогтоох нь тогтвортой байдлын гэрээний гол үндсэн нөхцөл юм. Энэ нь хөгжиж буй орнуудад ч нийтлэг байдаг жишиг болно.

3.Монгол Улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэсэн нь гэрээний талуудын эрх, ашиг сонирхлыг харилцан тэгш хамгаалсан, хууль буцаан хэрэглэхгүй байх нийтлэг зарчим бөгөөд ялангуяа тогтвортой байдлын гэрээнд удирдлага болгох зарчим гэж үзэж болно.

Монгол Улсын хууль тогтоомжид заасан хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхцөл, журмыг хангасан стратегийн хөрөнгө оруулагч тогтвортой байдлын гэрээ байгуулах хүсэлт гаргах, улмаар уг гэрээг байгуулах эрх нь хуулиар нээлттэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсний дагуу хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь :

1.Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д “Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө” /2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/ гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш чуулганы хуралдаанаар 15 хоногийн дотор хэлэлцэн хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

Д.МӨНХГЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 2 ДУГААР ЗҮЙЛИЙН 2.5 ДАХЬ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2007 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хот