Хэвлэх DOC Татаж авах
БАНКНЫ ТУХАЙ  (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ

(Шинэчилсэн найруулга)



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Банкны тухай хууль тогтоомж

2.1.Банкны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд банкны тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

21 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

21.1.Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.

/Энэ зүйлийг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг;

3.1.2.“холбогдох этгээд” гэж дор дурдсан иргэн, хуулийн этгээдийг:

3.1.2.а.тухайн хуулийн этгээдийн хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг шууд буюу шууд бус хэлбэрээр эзэмшигч болон ирээдүйд эзэмших аливаа хэлцэлд оролцогч иргэн, хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд;

3.1.2.б.хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг шууд буюу шууд бус хэлбэрээр гаргагч болон ирээдүйд гаргах тухай аливаа хэлцэлд оролцогч хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд;

3.1.2.в.тухайн хуулийн этгээдийн удирдлага, бодлого, уг хуулийн этгээд болон иргэний эрхлэх үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэрт хэлцлийн үндсэн дээр шууд буюу шууд бус байдлаар, дангаараа буюу бусадтай хамтрах хэлбэрээр хяналт тогтоож нөлөөлдөг, эсхүл нөлөөлөх боломж бүхий иргэн, хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд;

3.1.2.г.удирдлага, бодлого, эрхлэх үйл ажиллагаандаа бусад этгээдээр шууд буюу шууд бус байдлаар, дангаараа буюу бусадтай хамтрах хэлбэрээр хяналт тогтоолгох, нөлөөлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл тийм боломж бүхий иргэн, хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд;

3.1.2.д.тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн болон хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтан;

3.1.2.е.энэ хуулийн 3.1.2.а-3.1.2.д-д заасан иргэний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, тэдгээр нь шууд буюу шууд бус хэлбэрээр хяналтаа хэрэгжүүлдэг хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд;

3.1.2.ё.энэ хуулийн 3.1.2.а-3.1.2.д-д заасан этгээд нь шууд буюу шууд бус хэлбэрээр хяналтаа хэрэгжүүлдэг хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд, эсхүл эдийн засгийн ашиг сонирхлоо нэгтгэх зорилгоор зохион байгуулсан бусад хэлбэрийн бүлэг этгээд, хуулийн этгээдийн нэгдмэл сонирхолтой этгээд;

3.1.2.ж.Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.

3.1.3."банкинд бүтцийн өөрчлөлт хийх" гэж банкны бүтэц, зохион байгуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах, түүнийг нэмэгдүүлэх буюу хорогдуулах зэргээр санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн болон холбогдох бусад цогцолбор арга хэмжээ авахыг;

3.1.4.“банкийг өөрчлөн байгуулах” гэж хууль тогтоомжид заасан журмын дагуу банкийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөхийг;

3.1.5."банкны актив, пассив, өөрийн хөрөнгө" гэж олон улсын стандартад нийцүүлэн Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсон зүйлийг;

3.1.6.“банкны нэгдэл” гэж нэг хуулийн этгээд нь нөгөө хуулийн этгээдтэй холбогдох этгээд бөгөөд тэдгээрийн аль нэг нь банк байх тус тусдаа хуулийн этгээдийг;

3.1.7.“банкны нэгдлийн оролцогч” гэж энэ хуулийн 3.1.6-д заасан нөхцөлийг хангах хуулийн этгээдийг;

3.1.8.“нэгдсэн хяналт шалгалт” гэж банкны нэгдлийн оролцогчийн санхүүгийн үйл ажиллагаанд дангаар болон нэгдсэн байдлаар хяналт шалгалт хийхийг;

3.1.9.“өөрийн хөрөнгийн хүрэлцээ” гэж банк нь санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэлцэхүйц хэмжээний өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлсон үнэлгээг;

3.1.10.“өөрийн хөрөнгийн шаардлага” гэж Монголбанкнаас тогтоосон, энэ хуулийн 3.1.9-д заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээг;

3.1.11.“санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллага” гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээртэй адил чиг үүрэг бүхий гадаадын байгууллагыг;

3.1.12.“нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээдийг;

3.1.13.“банкны нэгж” гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Банкны төрөл

4.1.Банк нь хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлөөр төрийн, хувийн болон холимог; үүсгэн байгуулагдсан хэлбэрээр хязгаарлагдмал хариуцлагатай, хувьцаат; үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нийтлэг ба төрөлжсөн байж болно.

Хэвлэх

5 дугаар зүйл.Банкны үйл ажиллагаанд үл нөлөөлөх

5.1.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй.

5.2.Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

6 дугаар зүйл.Банкны эрхлэх үйл ажиллагаа

6.1.Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

6.1.1.мөнгөн хадгаламж;

6.1.2.зээл;

6.1.3.төлбөр тооцооны үйлчилгээ;

6.1.4.өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах;

6.1.5.гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

6.1.6.үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

6.1.7.үнэт зүйл хадгалах;

6.1.8.гадаад төлбөр тооцоо хийх;

6.1.9.үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;

6.1.10.санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа;

6.1.11.зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах;

6.1.12.хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ.

6.2.Банк, түүний хараат болон охин компани Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

6.2.1.санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;

6.2.2.итгэлцлийн үйлчилгээ;

6.2.3.даатгалын зуучлагч;

6.2.4.андеррайтерын үйлчилгээ;

6.2.5.кастодиан;

6.2.6.факторингийн үйлчилгээ;

6.2.7.харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ.

6.3.Банк, түүний хараат болон охин компани энэ хуулийн 6.1, 6.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа дараахь баримтыг бүрдүүлэн Монголбанкинд ирүүлнэ:

6.3.1.энэ хуулийн 6.1, 6.2-т заасан үйл ажиллагааны тодорхой төрлийг эрхлэх тухай хүсэлт;

6.3.2.тухайн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт;

6.3.3.ажлын байр, техник, тоног төхөөрөмжийн хангалт;

6.3.4.үйл ажиллагааг эрхлэхэд хэрэглэгдэх программ хангамж; 

6.3.5.ажлын байр, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан талаархи баримт бичиг;

6.3.6.бизнес төлөвлөгөө.

6.4.Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 6.2-т заасан үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг банк, түүний хараат болон охин компанид тухайн үйл ажиллагааг эрхлэхэд Монголбанк татгалзахгүй тухай бичгээр мэдэгдсэн тохиолдолд олгож болно.

7 дугаар зүйл.Банк, түүний хараат болон охин компанид хориглох үйл ажиллагаа

7.1.Банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй.

7.2.Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

7.2.2.Монголбанк, түүний хянан шалгагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;

7.2.3.шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар, түүнчлэн тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар тэдгээрийн удирдлагын хүсэлтийг прокурор зөвшөөрсөн;

/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.2.4.Монгол Улсын хуулийг зөрчсөн нь нотлогдсон бол олон улсын хуулийн байгууллага, Монгол Улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гадаад улсын Засгийн газар хүсэлт гаргасан;

7.2.5.Санхүүгийн зохицуулах хороо өөрийн олгосон тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор шаардсан болон тус хорооны байгуулсан гэрээ, харилцан ойлголцлын санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу гадаад улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан.

7.2.6.хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгсөн.

/Энэ заалтыг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

 7.2.7.эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авахаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх албаны дарга зөвшөөрсөн.

/Энэ заалтыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

 7.2.8.Гааль, татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан.

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.3.Банкнаас олгосон зээлийн талаархи банк хоорондын мэдээлэл, зээлийн мэдээллийн санд холбогдох хууль, гэрээнд заасны дагуу өгөх мэдээлэл, энэ хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан тайлан, мэдээлэл болон банк, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагчийн хооронд солилцсон мэдээлэл энэ хуулийн 7.2-т заасан нууцад хамаарахгүй.

7.4.Энэ хуулийн 7.1-д зааснаас гадна банк, түүний хараат болон охин компани дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

7.4.1.дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцох;

7.4.2.банк, банкны нэгдлийн оролцогчийн өмнө зээл болон бусад хэлбэрээр хүлээсэн санхүүгийн үүрэг нь анх тохиролцсон гэрээнээс хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн санхүүгийн үүрэг хүлээгч, түүнтэй холбогдох этгээдэд андеррайтерын үйлчилгээ үзүүлэх;

7.4.3.андеррайтерын үйлчилгээ үзүүлэхдээ үнэт цаас гаргагч болон түүнтэй холбогдох этгээдэд зээл, түүнтэй адилтгах санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, баталгаа, батлан даалт гаргах;

7.4.4.банкны нэгдлийн оролцогчийн андеррайтер хийж байгаа үнэт цаасыг худалдан авах;

7.4.5.андеррайтер хийж байгаа үнэт цаасаа банкны нэгдлийн оролцогчид шууд буюу шууд бус хэлбэрээр худалдах, түүнтэй холбогдсон аливаа үйл ажиллагаа явуулах;

7.4.6.банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлтэй хуулийн этгээдэд андеррайтерын үйлчилгээ үзүүлэх;

7.4.7.энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэн тухайн банкинд хүлээсэн санхүүгийн өр төлбөрөө барагдуулахаас өөрөөр аливаа гүйлгээг Монголбанк зөвшөөрснөөс бусад тохиолдолд хийх;

7.4.8.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;

7.4.9.улс төрийн аливаа нам, эвсэлд хандив өгөх.

Хэвлэх

8 дугаар зүйл.Банкны зар сурталчилгаа

8.1.Банкнаас хийх зар сурталчилгаа нь түүний тухайн үеийн үйл ажиллагааг үнэн зөв тусгасан, хууль тогтоомжид нийцсэн байна.

8.2.Монголбанк нь банкны зар сурталчилгааг дараахь агуулгатай гэж үзвэл хориглоно:

8.2.1.тухайн банкнаас нийтэд мэдээлсэн санхүүгийн тайлан нь түүний санхүүгийн бодит байдалтай зөрчилдөж байвал;

8.2.2.хууль тогтоомжид нийцээгүй.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Мөнгөн хадгаламж

9.1.Банк Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “иргэн” гэх/, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хадгалж, түүнд хүү төлж болно.

9.2.Банкинд мөнгөн хөрөнгө хадгалах болон хадгаламжийн даатгалд даатгуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хэвлэх

10 дугаар зүйл.Зээл

10.1.Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно.

10.2.Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд энэ нь энэ хуулийн 17.4-т заасанд хамаарахгүй.

10.З.Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Төлбөр тооцооны үйлчилгээ

11.1.Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ.

11.2.Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно.

11.3.Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно.

11.4.Банк нь банк хоорондын гүйлгээгээ Монголбанк дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ.

11.5.Банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

11.6.Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлогыг олгох үйлчилгээнд төлбөр тооцооны үйлчилгээний хөлс тооцохгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

12 дугаар зүйл.Баталгаа, батлан даалт гаргах

12.1.Банк энэ хуулийн 17.1-17.3-т заасан хязгаарлалтын хүрээнд гуравдагч этгээдэд гэрээний дагуу баталгаа, батлан даалт гаргаж болно.

Хэвлэх

13 дугаар зүйл.Үнэт зүйлийн хадгалалт

13.1.Банк иргэн, хуулийн этгээдийн үнэт зүйлийг /хадгалуулагчийн хувьд үнэт зүйл/ хадгалах үйлчилгээг эрхлэхдээ хадгалалтын гэрээний нөхцөлийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтооно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Гадаад валютын төлбөр тооцоо

14.1.Гадаад валют, түүгээр илэрхийлэгдсэн санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авахтай холбогдсон банкны үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

Хэвлэх

15 дугаар зүйл.Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах

15.1.Энэ хуулийн 17.4-т заасан хязгаарлалтын хүрээнд хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдах үнэт цаас гаргах, барьцаалах, худалдах, худалдан авахтай холбогдсон банкны үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

15.2.Банк мөнгөний зах зээл дээр арилжаалагдах нэг жил хүртэлх хугацаатай үнэт цаасыг Монголбанкны зөвшөөрлөөр гаргах буюу худалдаж, худалдан авч, барьцаалж болох бөгөөд энэ нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хамаарахгүй.

Хэвлэх

16 дугаар зүйл.Банкинд тавих шаардлага

16.1.Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана:

16.1.1.заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх;

16.1.2.өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх;

16.1.3.харилцагч хэд хэдэн банкаар үйлчлүүлэхэд хязгаарлалт тавихгүй байх;

16.1.4.харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх ба энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй татвар төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй;

16.1.5.тухайн банкнаас үзүүлэх үйлчилгээний урьдчилсан нөхцөл болгож өөрийн хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газар болон бусад үйлчилгээгээр үйлчлүүлэхийг харилцагчаас шаардахгүй байх.

16.2.Банк өөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг Монголбанкнаас тогтоосон бүртгэлийн зарчим, жишгийн дагуу харилцагч этгээдэд үнэн зөвөөр гаргаж өгнө.

16.3.Банк Монголбанкны зөвшөөрлөөр зөвхөн санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хараат болон охин компани байгуулж болно.

17 дугаар зүйл.Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт

17.1.Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй.

17.2.Банкнаас гаргах баталгаа, батлан даалтын нийт дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна.

17.3.Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дээд хэмжээ нь банкны өөрийн хөрөнгийн таван хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй бөгөөд ийнхүү олгохдоо дараахь шаардлагыг баримтална:

17.3.1.зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтад тавих шаардлага, хүү, нөхцөл нь тухайн банкны зээл олгох ердийн шаардлага, хүү, нөхцөлөөс хөнгөлөлттэй байж болохгүй;

17.3.2.тухайн банкны хувьцааг барьцаалан зээл олгохгүй, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө үүсгэхгүй, баталгаа, батлан даалт гаргахгүй байх;

17.3.3.олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгийн төлөгдөх хугацаа болон, гаргасан баталгаа, батлан даалтын дуусах хугацаа нь зургаагаас дээш сараар хэтэрсэн, эсхүл тухайн этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын нийт дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн таван хувиас хэтэрсэн бол уг этгээд банкны удирдах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцохгүй байх.

17.4.Энэ хуулийн 17.5-д зааснаас бусад тохиолдолд банк худалдан авах үнэт цаасны эзэмшлийн нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь нэг компанийн гаргасан хувьцааны нийт дүнгийн 10 хувиас дээшгүй байна. Үүнд Засгийн газар, Төв банкны үнэт цаас, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд, хараат болон охин компанийн хувьцаа хамаарахгүй.

 17.5.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах нийт дүн банкны өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БАНК БАЙГУУЛАХ, БАНКИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ

18 дугаар зүйл.Банк үүсгэн байгуулах

18.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд /төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд/, төрийн бус байгууллага, тэдгээртэй холбогдох этгээдээс бусад хуулийн этгээд, иргэн банк үүсгэн байгуулж болох бөгөөд энэ нь Засгийн газар банк үүсгэн байгуулахад хамаарахгүй.

18.2.Банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулахад Монголбанкны зөвшөөрөл авна. 

Хэвлэх

19 дүгээр зүйл.Банк үүсгэн байгуулагчид тавих шаардлага

19.1.Банк үүсгэн байгуулагч дараахь шаардлагыг хангасан байна:

19.1.1.банк үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайлан, мэдээгээ жил бүр, эсхүл түүнээс богино хугацаанд тайлагнадаг байх;

19.1.2.төрийн эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийдэг байх;

19.1.3.санхүүгийн тайлан, мэдээгээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагаар, эсхүл Монголбанкны хүлээн зөвшөөрсөн, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;

19.1.4.банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх;

19.1.5.банк үүсгэн байгуулагч нь иргэн бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй.

20 дугаар зүйл.Банк үүсгэн байгуулахад бүрдүүлэх баримт бичиг

20.1.Банк үүсгэн байгуулагч болон банкны хувьцаа эзэмшигч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.1.1.банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;

20.1.2.банк үүсгэн байгуулах гэрээ /нэг үүсгэн байгуулагчтай бол хамаарахгүй/;

20.1.3.үүсгэн байгуулах банкны дүрэм;

20.1.4.банк байгуулах эдийн засгийн үндэслэл;

20.1.5.үүсгэн байгуулагч болон тухайн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, тэдгээрийн холбогдох этгээдийн үйл ажиллагааны сүүлийн гурван жилийн, энэ хуульд заасан шаардлагыг хангасан аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

20.1.6.Монголбанкнаас баталсан маягтын дагуу бүрдүүлж өгсөн банкны эрх бүхий албан тушаалтан, боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаархи тодорхойлолт;

20.1.7.банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк эдгээр баримт бичгийн хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй бөгөөд банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.Банк үүсгэн байгуулагч, банкны хувьцаа эзэмшигч, тэдгээртэй холбогдох этгээд нь энэ хуульд заасан шаардлагыг хангах нотлох баримт бичгийг тухайн этгээд бүртгэгдсэн улсын эрх бүхий төрийн байгууллага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар нотлуулсан байх бөгөөд эдгээр баримт бичиг нь банк үүсгэн байгуулах баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.4.Банк үүсгэн байгуулах, банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах, банкны хувьцааг эзэмшихэд зөвшөөрөл олгох харилцааг энэ хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн Монголбанкны журмаар зохицуулна.

21 дүгээр зүйл.Банкны дүрэм

21.1.Банкны үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

21.1.1.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

21.1.2.банкны удирдлага, зохион байгуулалтын бүтэц;

21.1.3.хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам.

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.2.Банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ тухай шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор Монголбанкинд бүртгүүлнэ.

22 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих шаардлага

22.1.Гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах хуулийн этгээд энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахын зэрэгцээ мөн хуулийн 20 дугаар зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлж Монголбанкинд өгнө:

22.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай гадаадын банк, санхүүгийн байгууллагын гаргасан шийдвэр;

22.1.2.харьяалах улсын эрх бүхий төрийн байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр;

22.1.3.холбогдох бусад хууль тогтоомжид заасан баримт бичиг.

 22.2.Хуульд заасны дагуу байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай банк, банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд тавих нэмэлт шаардлагыг Монголбанкны журмаар тогтооно.

23 дугаар зүйл.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох

23.1.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, бусад баримт бичгийг Монголбанк хянахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг тогтооно:

23.1.1.банкны үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгөөр бүрдүүлсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй эсэх;

23.1.2.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, банкны гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтны мэдлэг, боловсрол болон туршлага нь банкны үйл ажиллагааг үр ашигтай, шударгаар явуулахад хангалттай эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 32.1, 33.3, 34.2-т заасан шалгуурыг тус тус хангасан эсэх;

23.1.3.тухайн банк үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэх;

23.1.4.банкинд хувь нийлүүлэх мөнгөн хөрөнгө нь өөрийн хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлогоос бүрдсэн эсэхийг нотлох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн эсэх.

23.2.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Монголбанк энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хянасны эцэст хүлээн авах бөгөөд хэрэв нэмэлт материал шаардлагатай бол уг нэмэлт материалыг бүрдүүлж өгсөн өдрийг өргөдөл хүлээн авсан өдөрт тооцно.

23.3.Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг энэ хуулийн 20.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор гаргаж, энэ тухай банк үүсгэн байгуулагчид гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

23.4.Банк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл авснаас хойш тухайн зөвшөөрлөөр авсан үйл ажиллагаагаа хэвийн явуулсан тохиолдолд Монголбанк энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу өгч болно.

24 дүгээр зүйл.Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах

24.1.Монголбанк дараахь нөхцөлд банк байгуулах тусгай зөвшөөрөл, банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгохгүй:

24.1.1.энэ хуулийн 18-22, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

24.1.2.банкны дүрэм хууль тогтоомжтой зөрчилдсөн;

24.1.3.байгуулах банк нь шаардлага хангахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх боломжгүй нь тогтоогдсон, хувь нийлүүлэх хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичгийг шаардлагын дагуу бүрэн гүйцэд ирүүлээгүй болон бүрдүүлсэн баримт бичиг нь хуурамч, хувьцааны төлбөрийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн, тухайн банкны эрх бүхий албан тушаалтнаар ажиллах этгээд энэ хуульд заасан шалгуурыг хангаагүй;

24.1.4.холбогдох бусад хууль тогтоомж, санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй.

25 дугаар зүйл.Банкийг бүртгэх

25.1.Энэ хуулийн 18-22 дугаар зүйлд заасан журмын дагуу Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан банк улсын бүртгэлд бүртгүүлнэ.

25.2.Банкны салбар байгуулахад Монголбанкнаас зөвшөөрөл авах бөгөөд түүнийг тусгайлан бүртгэхгүйгээр толгойлох банкных нь зөвшөөрөлд тэмдэглэнэ.

25.З.Банкийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай нийтэд мэдээлнэ.

26 дугаар зүйл.Банкны нэр

26.1.Банкны нэр нь түүний оноосон нэр болон “банк” гэсэн үгнээс бүрдэнэ.

26.2.Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага “банк” гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.

26.3.Банкны нэр, байршлыг Монголбанкны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.

26.4.Банкны нэгж нь толгойлох банкны оноосон нэрийг хэрэглэнэ.

27 дугаар зүйл.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

27.1.Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгож нийтэд зарлана:

27.1.1.банкийг дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсныг зарласан, эсхүл татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

27.1.2.банк байгуулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь банкийг бүртгүүлснээс хойш илэрсэн;

27.1.3.банкийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш нэг жилээс дээш хугацаанд банкны үйл ажиллагаа эрхэлж эхлээгүй;

27.1.4.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн.

27.2.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрөл хүчингүй болно.

27.3.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин зөвшөөрөл хүсэх тухай баримт бичгийг нэг жилийн дотор Монголбанк хүлээж авахгүй.

27.4.Энэ хуулийн 27.1, 48.2-т зааснаас бусад үндэслэлээр Монголбанк банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд энэ талаархи Монголбанкны шийдвэрийг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл 30 хоногийн дотор банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах бөгөөд тухайн хурлаас банкийг татан буулгах тухай шийдвэр гаргана. 

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28 дугаар зүйл.Банкийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах үндсэн нөхцөл

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.1.Монголбанк зөвшөөрөл олгосон тохиолдолд банкийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.2.Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай шийдвэрт өөрчлөн байгуулах, татан буулгах комисс, банкны бүртгэлд байгаа эд хөрөнгө, үнэт зүйлсийг нягтлан шалгах эрх бүхий хянан шалгах комисс, тэдгээрийн бүрэлдэхүүнийг томилох болон аудитыг сонгох тухай тусгасан байна.

28.3.Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл авахад хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш гурав хоногийн дотор дор дурдсан баримт бичгийг Монголбанкинд хүргүүлнэ:

28.3.1.банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;

28.3.2.банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нөхцөл, хугацааг заасан баримт бичиг, тухайн банкнаас үйл ажиллагаагаа дуусгавар болгохтой холбогдуулан авах арга хэмжээ, тэдгээрийн хугацаа, үе шат, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;

28.3.3.банкийг өөрчлөн байгуулсны үр дүнд байгуулагдах хуулийн этгээдийн зохион байгуулалт эрх зүйн хэлбэр, байршил, банкны эрхлэх үйл ажиллагааны төрөл, бизнес төлөвлөгөө, өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тайлан тэнцлийн төсөөллийн тухай шаардлагатай бусад мэдээлэл;

28.3.4.банкийг өөрчлөн байгуулснаас гарах санхүүгийн үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулсны дараа байгуулагдах банкны эхлэлтийн тайлан тэнцэл.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.4.Монголбанк нь банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэж, нийтэд мэдээлнэ.

28.5.Монголбанк энэ хуулийн 28.3-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрийг тооцохдоо энэ хуулийн 23.2-т заасныг баримтална.

28.6.Монголбанкнаас банкийг өөрчлөн байгуулах зөвшөөрөл олгосны дараа банкийг өөрчлөн байгуулах ажиллагаа эхэлнэ.

28.7.Банк түүнийг өөрчлөн байгуулах талаар гарсан шийдвэрийг хадгаламж эзэмшигч, харилцагч, зээлдэгч нарт Монголбанкнаас зөвшөөрөл авснаас хойш гурав хоногийн дотор мэдэгдэнэ.

28.8.Банкийг нийлүүлэх, нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулахад Монголбанк зуучлагчийн үүрэгтэй оролцож болно.

28.9.Дараахь нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд Монголбанк нь банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгохоос татгалзана:

28.9.1.энэ хуулийн 28.3-т заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн;

28.9.2.энэ хуулийн 28.3-т заасан баримт бичиг нь хууль тогтоомж зөрчсөн;

28.9.3.энэ хуулийн 19, 20, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

28.9.4.харилцагчийн эрх ашиг, банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк үзсэн.

28.10.Монголбанк банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл олгохоос татгалзсан бол хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болсонд тооцно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.11.Монголбанкны зөвшөөрлийг үндэслэн хууль тогтоомжид заасан журмын дагуу банк татан буугдана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БАНКНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 29 дүгээр зүйл.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.1.Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй банкны хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө, төрийн өмчит банкны хувьд Засгийн газар, түүнээс эрх олгосон этгээд тус тус хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.2.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.2.1.банкны дүрэм батлах, уг дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах;

29.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;

29.2.3 хараат болон охин компани байгуулах;

29.2.4.банкийг өөрчлөн байгуулах;

29.2.5.банкийг татан буулгах;

29.2.6.банкны жилийн үйл ажиллагааны талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэж батлах;

29.2.7.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаархи төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

29.2.8.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, чөлөөлөх /төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдэд хамаарахгүй/;

29.2.9.төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийг тогтоох, хариуцлага, цалин, урамшууллын хэмжээ, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг тогтоох;

29.2.10.банкны хянан шалгагч /хянан шалгах зөвлөл/-ийн асуудлыг Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн дагуу зохицуулах.

29.3.Энэ хуулийн 19, 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээд, иргэний банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт өгсөн саналыг хүчингүйд тооцох бөгөөд энэ тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчдийн саналын олонхиор хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болсонд тооцно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, мэдээлэл хүргэх, шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулна.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

30 дугаар зүйл.Монголбанкны санаачилгаар банкны хувь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай

/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.1.Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд шаардлагатай гэж үзвэл банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Монголбанк, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч зарлан хуралдуулж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.2.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг хурал хуралдахаас 30 хоногийн өмнө зарлах ба онцгой дэглэм тогтоосон тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хугацаанаас өмнө зарлан хуралдуулж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.3.Онцгой дэглэм тогтоосон тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.

30.4.Монголбанк эрх хүлээн авагч томилсон тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

31 дүгээр зүйл.Банкны төлөөлөн удирдах зөвлөл

31.1.Банк төлөөлөн удирдах зөвлөлтэй байна.

31.2.Хувьцаат компанийн хэлбэрээр байгуулагдсан банкны төлөөлөн удирдах зөвлөл ес ба түүнээс дээш, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан банкны төлөөлөн удирдах зөвлөл тав ба түүнээс дээш гишүүнтэй байна.

31.3.Банкны төлөөлөн удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.3.1.банкны стратегийг тодорхойлох, хянан үзэж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;

31.3.2.Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн банкны гүйцэтгэх удирдлагыг томилох;

31.3.3.гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, хариуцлагыг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, түүний цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

31.3.4.хувьцаа эзэмшигчдийн ээлжит, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 31.3.5.энэ хуулийн 29.2.6, 29.2.7-д заасан асуудлаар дүгнэлт гарган хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.6.банкны дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний төсөв, орон тоог батлах, удирдлага, ажилтныг томилох, үйл ажиллагааны журмыг тогтоох, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

31.3.7.банкны зохистой засаглалын бодлого, журмыг тогтоож хэрэгжилтэд хяналт тавих;

31.3.8.банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын тогтолцоо, хөндлөнгийн болон дотоод аудит, эрсдэлийн удирдлага, санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хамарсан зохистой хяналтын тогтолцоог бүрдүүлэх;

31.3.9.энэ хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх явцад хяналт тавих.

31.4.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг банкны дүрмээр зохицуулах бөгөөд уг журамд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний дараахь үүргийг заавал тусгана:

31.4.1.хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил, үүргээ хариуцлагатай биелүүлэх;

31.4.2.банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавих;

31.4.3.нууцаар ашиг хүртэхгүй байх;

31.4.4.сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүссэн үед төлөөлөн удирдах зөвлөлд мэдээлдэг байх;

31.4.5.банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх.

31.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулах, шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг бусад асуудлыг Компанийн тухай хуулийн 76-79 дүгээр зүйлээр зохицуулна.

31.6.Банк хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдын саналын эрхийн тооллогын баримт бичгийн баталгаажуулсан хувийг хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаас хойш 45 хоногийн дотор Монголбанкинд хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.7.Банкны дотоод аудитын нэгж нь банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнах зарчмаар ажиллана.

Хэвлэх

32 дугаар зүйл.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

32.1.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:

32.1.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

32.1.2.төрийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;

32.1.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;

32.1.4.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

32.1.5.зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

32.1.6.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар “захиргааны хариуцлага” гэснийг “Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага” гэж өөрчлөлт оруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

32.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь тухайн банкны хувьцаа эзэмшигч байж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

33 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

33.1.Банкны төлөөлөн удирдах зөвлөлд нэг буюу түүнээс дээш хараат бус гишүүн байна.

33.2.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмыг Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 312 дугаар зүйлд заасан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл тогтооно.

33.3.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 32.1-д зааснаас гадна дараахь шалгуурыг хангасан байна:

33.3.1.банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, мэргэжлээрээ наймаас доошгүй жил ажилласан, үүнээс дөрвөөс доошгүй жил нь банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан байх;

33.3.2.төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;

33.3.3.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;

33.3.4.банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;

33.3.5.банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч бус байх, эсхүл уг этгээдтэй холбогдох этгээдийн хамааралгүй байх;

33.3.6.сүүлийн таван жилийн дотор тухайн банкинд ажиллаж байгаагүй байх;

33.3.7.банкны үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч урамшуулал авдаггүй байх;

33.3.8.тухайн банкинд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр наймаас дээш жилээр ажиллаагүй байх;

33.3.9.энэ хуулийн 3.1.12-т заасан банкны хувьцаа эзэмшигч, томоохон харилцагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан бус байх.

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

33.4.Банкны томоохон харилцагчийг тодорхойлох журмыг Монголбанк тогтооно.

33.5.Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь аудитийн болон эрсдэлийн удирдлагын хороонд ажиллаж, эдгээр хорооны асуудал болон Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлахад заавал оролцож, санал өгнө.

33.6.Аудитын болон эрсдэлийн удирдлагын хорооны ажиллах журмыг төлөөлөн удирдах зөвлөл тогтооно.

Хэвлэх

34 дүгээр зүйл.Банкны гүйцэтгэх удирдлага

34.1.Банкны гүйцэтгэх удирдлага гэрээний үндсэн дээр ажиллах бөгөөд дараахь шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөнө:

34.1.1.банк, банкны харилцагчийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих;

34.1.2.үүрэг гүйцэтгэх явцад олж авсан банк, банкны харилцагчийн талаархи мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;

34.1.3.өөрт нь болон өөртэй нь холбогдох этгээдэд тухайн банктай бизнесийн харилцаанд орсон этгээдийн санхүүгийн үр дүнг сонирхох шалтгаан байгаа бол сонирхлын зөрчил байна гэж үзэж, энэ тухайгаа төлөөлөн удирдах зөвлөлд бичгээр мэдэгдэх;

34.1.4.хувийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй байх;

34.1.5.хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

34.1.6.банкны ажилтан албан үүргээ сонирхлын зөрчилгүйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх;

34.1.7.банкны хэвийн ажиллагааг хангахуйц дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгч байх.

34.2.Банкны гүйцэтгэх удирдлага дараахь шалгуурыг хангасан байна:

34.2.1.банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, санхүүгийн салбарт гурваас доошгүй жил эрх бүхий албан тушаалтнаар ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай;

34.2.2.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

34.2.3.төрийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;

34.2.4.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;

34.2.5.Монголбанкнаас тогтоосон банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон удирдлагын чадварыг хангаж ажиллах.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
БАНКНЫ ХӨРӨНГӨ, НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

Банкны хөрөнгө, санхүүгийн тайлан 35 дугаар зүйл.Банкны өөрийн хөрөнгө

35.1.Банк өөрийн хөрөнгөтэй байх бөгөөд банкны өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанкны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно.

/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35.2.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно.

35.3.Банк нь ногдол ашиг хуваарилсны дараа Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилж болно.

35.4.Банк өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, эсхүл хорогдуулж тодорхойлно.

35.5.Зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

35.6.Энэ хуулийн 35.5-д зааснаас бусад актив, үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн санг байгуулах, зарцуулах журмыг Монголбанк тогтооно.

35.7.Энэ хуулийн 35.5, 35.6-д зааснаас бусад санг байгуулах журмыг банк өөрөө тогтооно.

35.8.Банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр банкны алдагдал болон бусад хариуцлагыг хүлээнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

36 дугаар зүйл.Банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох

36.1.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол банк энэ талаар тухай бүр нь Монголбанкинд бичгээр мэдэгдэнэ.

36.2.Аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орохоор бол хувьцааны өмчлөх эрх шилжихээс өмнө, банк хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах бол тухайн банк энэ талаар Монголбанкинд бичгээр мэдэгдэж урьдчилан зөвшөөрөл авна.

36.3.Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуулийн 19 дүгээр зүйл, 20.1.5, 20.1.7, 20.3-т заасан шаардлагыг хангасан, баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ.

36.4.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт Монголбанкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь хяналт шалгалтаар тогтоогдсон, эсхүл энэ хуулийн 36.12-т заасныг зөрчсөн бол уг этгээдийн тухайн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлж, хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд албадан худалдахыг Монголбанк шаардах бөгөөд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гарган худалдсан бол зөвшөөрөл аваагүй хувьцааны тоонд ногдох хэмжээг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцно.

36.5.Энэ хуулийн 36.1-36.12-т тогтоосон шаардлага, мөн хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан банк байгуулах, банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас эзэмших иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн холбогдох этгээдэд нэгэн адил хамаарна.

36.6.Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь хувьцаат компанийн хэлбэрээр байгуулагдсан банкны хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу ирүүлнэ.

36.7.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, худалдах, шилжүүлэх журмыг Монголбанк тогтооно.

36.8.Хувьцаат компани болох банкны хувьд хувьцаагаа нийтэд санал болгох болон энэ хуулийн 36.7-д заасан журмыг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран тогтооно.

36.9.Банкны хувьцаа эзэмшигч нь Монголбанкны зөвшөөрөлгүйгээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг банкинд буцаан худалдахыг хориглоно.

36.10.Иргэн, хуулийн этгээд бусдын нэрийг ашиглан банкны хувьцааг шууд бус хэлбэрээр эзэмшихийг хориглоно.

36.11.Энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан банкны хувьцааг Монголбанк зөвшөөрснөөс бусад этгээдэд худалдахыг хориглоно.

36.12.Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.

Хэвлэх

37 дугаар зүйл.Санхүүгийн тайлан

 37.1.Банкны санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

37.2.Банк, банкны толгой компани, тэдгээрийн хараат болон охин компанийн санхүүгийн тайлан болон банкны нэгдлийн нэгдсэн тайлан нь дараахь шаардлагыг хангасан байна:

37.2.1.санхүүгийн тайлангийн үзүүлэлт нь олон улсын жишгийг үндэслэн Монголбанкнаас тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байх;

37.2.2.санхүүгийн тайланг энэ хуулийн 37.2.1-д заасны дагуу үнэн зөв гаргасан гэдгээ албан ёсоор нотолсон баримт бичиг үйлдэн он, сар, өдрийг тэмдэглэж, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлага, холбогдох бусад эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тамга, тэмдэг дарсан байх;

37.3.Банк, түүний хараат болон охин компани нь санхүүгийн нэгдсэн буюу тусдаа тайлангаа сар бүрийн байдлаар дараа сарын 10-ны өдрийн дотор, банк, банкны толгой компани, тэдгээрийн хараат болон охин компани нэгдсэн буюу тусдаа тайланг улирал бүрийн байдлаар дараа улирлын эхний сарын дотор Монголбанкинд гаргаж өгнө.

37.4.Банк, банкны нэгдлийн оролцогч толгой компани, тэдгээрийн хараат болон охин компанийн санхүүгийн тайлантай холбогдсон нэмэлт нотлох баримтыг Монголбанк тухайн этгээдээс шаардах эрхтэй

37.5.Банкны нэгдлийн нэгдсэн тайлан гаргах журмыг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

37.6.Банк нь банк, санхүүгийн үйл ажиллагааны талаархи мэдээллийн санг давагдашгүй хүчин зүйл, бусад аюулаас сэргийлэх зорилгоор архивын биет болон цахим хэлбэрээр стандартын дагуу хадгалах нөөц төвтэй байна.

Хэвлэх

38 дугаар зүйл.Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх

38.1.Банк нь энэ хуулийн 37.2-т заасан шаардлагыг хангасан улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын дотор, аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд хэвлэлээр мэдээлж байна.

38.2.Энэ хуулийн 38.1-д заасан тайлангаас гадна дараахь мэдээллийг нийтлэх, өөрийн цахим хуудсанд байрлуулах зэргээр шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор банк нийтэд мэдээлнэ:

38.2.1.банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлагын гарын үсгээр баталгаажуулсан ажлын тайлан;

38.2.2.хуулийн этгээдийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэр, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.2.3.санхүү, бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт;

38.2.4.нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч, банкны нэгжийн удирдлага, хяналтын зөвлөлийн гишүүдийн нэр;

38.2.5.банкийг өөрчлөн байгуулах хэлбэр, хугацаа, хэрэгжүүлэх арга, шинээр үүсэх хуулийн этгээдийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэр, байршил, банкны эрхлэх үйл ажиллагааны төрөл, санхүүгийн үйл ажиллагааны үндсэн баримтын тухай;

38.2.6.банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккредитив, бусад үүрэг, ажил, үйлчилгээ;

38.2.7.банкны эрсдэлийг тодорхойлоход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн бусад мэдээлэл.

38.3.Монголбанк нь банкнаас нийтэд мэдээлсэн, цахим хуудсанд байрлуулсан санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн зөв эсэхэд хяналт тавьж, зохих журмыг баримтлаагүй, буруу, алдаатай нийтэлсэн бол залруулахыг шаардаж биелэлтэд хяналт тавьж ажиллана.

38.4.Энэ хуулийн 38.2.5-д заасан мэдээллийг Монголбанкнаас өөрчлөн байгуулах зөвшөөрөл авсны дараа нийтэд мэдээлнэ.

Хэвлэх

39 дүгээр зүйл.Банкны санхүүгийн тайлан, бусад шаардлагатай мэдээг тайлагнах

39.1.Банк, банкны нэгдлийн оролцогч, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь санхүүгийн тайлан, санхүүгийн анхан шатны баримт, тэдгээрийг нотлох баримт, хууль тогтоомжийн дагуу банкны удирдлагын үйл ажиллагааны талаар бүрдүүлбэл зохих баримт, мэдээ, мэдээлэл болон санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, түүний программ, дэд программ хангамж, тэдгээрийн байршлын талаархи дэлгэрэнгүй жагсаалт, тэдгээрт нэвтрэх нууц түлхүүрийг Монголбанк, Монголбанкны хянан шалгагчид саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гарган өгч, хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах нөхцөлөөр хангана.

39.2.Банкны удирдлага, банктай холбогдох этгээд болон эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь Монголбанкны хянан шалгагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоогоор хангана.

39.3.Монголбанк, түүний хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан баримт, мэдээ, мэдээлэл байхгүй бол банктай холбогдох этгээд, банкны эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

40 дүгээр зүйл.Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулах

40.1.Банк, банкны толгой компани, тэдгээрийн хараат болон охин компани нь санхүүгийн тайлан, бусад шаардлагатай баримт бичгээ аудитын байгууллага /аудитор/-аар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна.

40.2.Аудитын байгууллага /аудитор/ нь баталгаажуулсан санхүүгийн тайлан, баримт бичгийн талаархи дүгнэлтийг тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөлд танилцуулна.

41 дүгээр зүйл.Аудитын дүгнэлтийг санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагад мэдээлэх

41.1.Аудитын байгууллага /аудитор/ нь өөрийн баталгаажуулсан дэлгэрэнгүй тайлан, түүний талаархи эцсийн дүгнэлтийн эх хувийг тухайн банк болон Монголбанкинд эхний хагас жилийн дотор хүргүүлнэ.

41.2.Аудитын байгууллага /аудитор/ нь тухайн банкны баримт бичигт үндэслэн дараахь дүгнэлтийг гаргавал энэ талаархи дүгнэлтээ Монголбанкинд тав хоногийн дотор мэдээлнэ:

41.2.1.төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй болсноос ойрын үед санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй байгаа;

41.2.2.тухайн банкны ажилтан өөрийн банкны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн шударга бус, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон гэж үзсэн.

 41.3.Аудитын байгууллага /аудитор/ нь ажил, үүргээ гүйцэтгэх явцад хувьцаат компани болох банкны хувьд энэ хуулийн 41.2-т заасан буюу Компанийн тухай хуульд заасан их хэмжээний, эсхүл сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх журмыг зөрчсөн байдал илэрвэл Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд тав хоногийн дотор бичгээр мэдээлнэ.

42 дугаар зүйл.Татвар төлөх

42.1.Банк холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар төлнө.

Хэвлэх
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
Нэгдсэн хяналт шалгалт

43 дугаар зүйл.Нэгдсэн хяналт шалгалт хийх

43.1.Монголбанк нь банкны нэгдлийн оролцогчийн үйл ажиллагаанд тусгайлан хяналт шалгалт хийхдээ шаардлагатай гэж үзвэл санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нэгдсэн хяналт шалгалт хийх бөгөөд түүнд хамрагдах хуулийн этгээдийн санхүүгийн тайланг нэгдсэн байдлаар гаргаж үнэлэлт, дүгнэлт өгнө.

43.2.Нэгдсэн хяналт шалгалтад банкны нэгдлийн оролцогчийг хамруулах, тэдгээрийн санхүүгийн тайлан, холбогдох бусад мэдээллийг гаргаж тайлагнах, хяналт шалгалт хийх харилцааг Монголбанкны Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталсан журмаар зохицуулна.

43.3.Банкны нэгдлийн оролцогч нь өөр улсад бүртгэгдсэн буюу байршдаг бол Монголбанк тухайн улсын санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагатай гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан мэдээлэл солилцох, хамтарсан шалгалт хийх хэлбэрээр хамтран ажиллаж болно.

43.4.Энэ хуулийн 43.1-д заасан нэгдсэн хяналт шалгалтыг банкны нэгдлийн оролцогчдын санхүү, төлбөрийн чадвар, тэдгээрийн хоорондох хөрөнгийн урсгал, нэг оролцогчоос нөгөөд оруулсан хөрөнгө, өглөг, авлага, зээл, нэгдлийн оролцогчдын хоорондын санхүүгийн бусад үүрэг, ажил, гүйлгээний хамаарлыг тэдгээрийн болон тэдгээртэй холбогдох этгээдийн санхүүгийн үйл ажиллагааны мэдээ, мэдээлэлд үндэслэн тодорхойлж, банк, банкны нэгдлийн оролцогчийн санхүү, төлбөрийн чадварын байдалд санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий байгууллагаас тавьж байгаа шаардлагыг хангаж байгаа эсэхийг дангаар нь болон нэгдсэн байдлаар тодорхойлон үнэлэлт, дүгнэлт өгөх байдлаар хийнэ.

43.5.Банкны нэгдлийн оролцогч нь Монголбанкнаас шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд тухайн нэгдлийн оролцогч банкаар дамжуулан гаргаж өгнө.

44 дүгээр зүйл.Холбогдох этгээд, банкны нэгдлийн бүртгэл

44.1.Банк холбогдох этгээд, түүнд холбогдох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын талаархи мэдээллийн сантай байна.

44.2.Банк энэ хуулийн 44.1-д заасан сангийн мэдээллийг банк үүсгэн байгуулагдсанаас хойш тав хоногийн дотор Монголбанкинд хүргүүлэх бөгөөд энэ сангийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг гурав хоногийн дотор Монголбанкны тогтоосон журмын дагуу ирүүлнэ.

44.3.Банкны нэгдлийн оролцогч, холбогдох этгээдийн талаархи мэдээлэл болон түүнд оруулсан өөрчлөлт бүрийг өөрчлөлт оруулснаас хойш долоо хоногийн дотор тухайн банкаараа дамжуулан Монголбанкинд тогтоосон журмын дагуу хүргүүлнэ.

44.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуульд нийцүүлэн холбогдох этгээдийн нэгдлийн оролцогчийг тодорхойлох зорилгоор Монголбанк, банкны гаргасан хүсэлтийн дагуу мэдээлэл өгнө.

 45 дугаар зүйл.Нэгдсэн хяналт шалгалтад хамрагдахгүй байх нөхцөл

45.1.Монголбанк нэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагаанд банкны нэгдлийн оролцогчийг дараахь тохиолдолд оролцуулахгүй байж болно:

45.1.1.үйл ажиллагааны төрөл, хэмжээ нь банкны санхүү, төлбөрийн чадварын байдалд нөлөө үзүүлдэггүй;

45.1.2.тухайн хуулийн этгээдийг нэгдсэн хяналт шалгалтад хамруулахгүй байх нь нэгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагаа зохих ёсоор хэрэгжүүлэхэд саад болохооргүй.

45.2.Нэгдсэн хяналт шалгалтад хамруулахгүй бол энэ тухай Монголбанк тухайн банк болон банкны толгой компани, тухайн оролцогчид мэдэгдэнэ.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
БАНКИНД ХҮЛЭЭЛГЭХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ

46 дугаар зүйл.Банкинд хүлээлгэх зарим албадлагын арга хэмжээ

46.1.Банк хууль тогтоомж болон Монголбанкны бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан шийдвэрийг энэ хуулийн 48 дугаар зүйлд зааснаас бусад байдлаар зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан Монголбанк албадлагын дараахь арга хэмжээ авна:

46.1.1.албан бичгээр сануулга өгөх;

46.1.2.зөрчлийг арилгах талаар хугацаа тогтоосон даалгавар өгөх;

46.1.3.энэ хуулийн 68 дугаар зүйлд заасан захиргааны шийтгэл ногдуулах;

46.1.3.энэ хуулийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол үйл ажиллагаанаас олсон орлогыг хураан авч хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

46.1.4.банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, эсхүл чөлөөлөх талаар төлөөлөн удирдах зөвлөлд хугацаатай үүрэг өгөх, заасан хугацаанд үүргийг биелүүлээгүй бол гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь чөлөөлөх;

46.1.5.ногдол ашиг хуваарилахыг зогсоох;

46.1.6.төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтанд цалин, урамшуулал, нөхөх олговор олгохыг зогсоох;

46.1.7.банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх;

46.1.8.банкны үйл ажиллагааг хянаж, Монголбанкинд илтгэж байх үүрэг бүхий хянагч томилох;

46.1.9.банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгох.

46.2.Монголбанк банкны зөрчилд энэ хуулийн 46.1.1-46.1.3-т заасан арга хэмжээг авсан боловч Монголбанкны шийдвэрт заасан хугацаанд уг зөрчлийг арилгаагүй бол энэ хуулийн 46.1.4- 46.1.9-д заасан арга хэмжээг авна.

46.3.Банк хууль тогтоомжид заасны дагуу Монголбанкны шаардсан холбогдох мэдээллийг ирүүлэхгүй байх, санхүүгийн тайлан болон бусад мэдээллийг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу бүрэн гүйцэд, үнэн зөв, хугацаанд нь мэдээлээгүйгээс тухайн банкны үйл ажиллагааны бодит байдлыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд өөрийн хөрөнгийн шаардлага хангасан эсэхийг үл харгалзан энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

46.4.Ногдол ашиг хуваарилах, төлөөлөн удирдах зөвлөл, банкны гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтанд цалин, урамшуулал, нөхөх олговор олгосны дараа өөрийн хөрөнгийн аливаа шаардлагыг хангахааргүй бол банкинд энэ хуулийн 46.1.5, 46.1.6-д заасан арга хэмжээг авна.

46.5.Энэ хуулийн 46.1-д заасан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Монголбанк тогтооно.

 47 дугаар зүйл.Албадлагын арга хэмжээ авах ерөнхий зарчим

47.1.Монголбанк энэ хуулийн 46, 48 дугаар зүйлд заасны дагуу албадлагын арга хэмжээ авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтална.

47.2.Албадлагын арга хэмжээ авах тухай Монголбанкны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд гомдол гаргаж болно.

47.3.Албадлагын арга хэмжээ ногдуулсан нь бусад хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх хариуцлагаас банкийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

48 дугаар зүйл.Өөрийн хөрөнгийн шаардлагыг хангаагүй банкинд авах албадлагын арга хэмжээ

48.1.Өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80 хүртэл хувиар хангаагүй банкинд тухайн банкны онцлог, зөрчлийн шинж байдлыг харгалзан Монголбанкнаас дараахь арга хэмжээг авна:

48.1.1.ногдол ашиг хуваарилахыг зогсоох;

48.1.2.банкнаас энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг ханган ажиллах төлөвлөгөө /цаашид төлөвлөгөө гэх/-г ирүүлэхийг шаардах;

48.1.3.төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шинээр банкны нэгж байгуулах, бусад аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авах, шинэ төрлийн ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглох;

48.1.4.төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд банкинд алдагдал хүлээлгэж байгаа үйл ажиллагааны зөвшөөрлийг хэсэгчлэн болон бүхэлд нь хүчингүй болгох;

48.1.5.банкны гүйцэтгэх удирдлагын цалин, урамшуулал, нөхөх олговрыг зогсоох;

48.1.6.харилцах, мөнгөн хадгаламж татах, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр хадгаламжийн сертификат болон өөрийн хөрөнгийн дансанд үл хамаарах өрийн бичиг гаргах, эх үүсвэр татан төвлөрүүлэх хэлцэл хийхийг хориглох;

48.1.7.өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр энгийн болон давуу эрхтэй хувьцаа гаргаж энэ хуулийн 19, 36 дугаар зүйлд заасан шаардлага хангасан хөрөнгө оруулагчид санал болгохыг шаардах;

48.1.8.банкны үйл ажиллагааг хянаж, Монголбанкинд илтгэж байх үүрэг бүхий хянагч томилох;

48.1.9.зээл олгох, батлан даалт гаргах, эх үүсвэргүй аккредитив нээх, вексель хямдруулан худалдан авах, Засгийн газар болон Монголбанкны үнэт цааснаас бусад төрлийн үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийхийг хориглох;

48.1.10.банкинд их хэмжээний алдагдал учруулж байгаа үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;

48.1.11.банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх;

48.1.12.дотоодын банк болон банк бус санхүүгийн байгууллагаас эх үүсвэр татахыг хориглох;

48.1.13.Монголбанкинд урьдчилан мэдэгдэлгүйгээр хуримтлагдсан ашгаас аливаа хуваарилалт хийхийг хориглох;

48.1.14.банкинд их хэмжээний алдагдал учруулж байгаа банкны нэгжийг татан буулгах, хувь нийлүүлсэн санхүүгийн болон санхүүгийн бус аж ахуйн нэгж, байгууллагаас тусгаарлах талаар хугацаатай даалгавар өгөх;

48.1.15.онцгой дэглэм тогтоох;

48.1.16.Монголбанкнаас тухайн банкны талаар авах шаардлагатай гэж үзсэн, хууль тогтоомжид нийцсэн бусад арга хэмжээ.

48.2.Өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80-аас дээш хувиар хангаагүй банкинд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилно.

48.3.Банкинд онцгой дэглэм тогтоосон, эрх хүлээн авагч томилсон үед хэрэгжүүлэх ажиллагаа хөрөнгөөр баталгаажсан барьцаат үнэт цаасыг баталгаажуулсан хөрөнгөд хамаарахгүй.

48.4.Үнэт цаас эзэмшигчийн өмнө хүлээсэн банкны үүргийг хүчингүй болгосон буюу цуцалсан нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны онцгой нөхцөл байдалд хамаарна.

49 дүгээр зүйл.Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг ханган ажиллах төлөвлөгөө, түүнд тавих шаардлага

49.1.Төлөвлөгөө нь дараахь бүтэцтэй байна:

49.1.1.банкнаас өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүргэх талаар авах арга хэмжээний дэлгэрэнгүй жагсаалт, хэрэгжүүлэх хугацаа, төсөв, зардал, танилцуулга;

49.1.2.төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, дуусах үеийн байдлаар гаргасан санхүүгийн болон зохистой харьцааны тайлан; 

49.1.3.төлөвлөгөөнд хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулах арга хэмжээний талаар тусгагдсан бол хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийг хавсаргасан байх;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

49.1.4.Монголбанкнаас шаардсан бусад мэдээ, материал.

49.2.Төлөвлөгөө нь дараахь шаардлагыг хангасан байна:

49.2.1.банкны тухай хууль тогтоомжтой нийцсэн байх;

49.2.2.энэ хуулийн 49.1-д заасан бүтэцтэй байх;

49.2.3.төлөвлөгөөнд заасан арга хэмжээ нь банкны эрсдэлийн ерөнхий түвшинг нэмэгдүүлэхгүй байх;

49.2.4.төлөвлөгөөг энэ хуулийн 49.3-т заасан хугацааны дотор Монголбанкинд ирүүлсэн байх;

49.2.5.банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлага гарын үсэг зурж баталгаажуулсан байх. 

49.3.Банк төлөвлөгөөг өөрийн хөрөнгийн шаардлага хангаагүй нөхцөл үүссэнээс хойш 14 хоногийн дотор Монголбанкинд ирүүлнэ.

49.4.Монголбанк төлөвлөгөөг 10 хоногийн дотор хянаж энэ хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл хэрэгжүүлэхийг зөвшөөрнө.

49.5.Төлөвлөгөөг хянах явцад банкнаас нэмэлт мэдээ, материал, баримтыг гаргуулан авах шаардлагатай бол Монголбанкны тогтоосон хугацаанд бүрэн гүйцэд бүрдүүлж өгсөн өдрийг төлөвлөгөө ирүүлсэн өдөрт тооцно.

49.6.Төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй буюу төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гэж үзвэл Монголбанк нь энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан зохих албадлагын арга хэмжээг авна.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
БАНКИНД ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООХ

50 дугаар зүйл.Онцгой дэглэм тогтоох

50.1.Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шаардлагыг гурван сарын хугацаанд хангаагүйгээс төлбөрийн чадваргүй болж болзошгүй нь Монголбанкны хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөлд Монголбанкны шийдвэрээр тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн болон холбогдох бусад арга хэмжээг цогцолбороор нь авч хэрэгжүүлэхийг банкинд онцгой дэглэм тогтоох гэнэ.

50.2.Онцгой дэглэм тогтоосон банкинд Монголбанк тухайн банкийг удирдах бүрэн эрхт төлөөлөгч буюу бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөл /цаашид “бүрэн эрхт төлөөлөгч” гэх/-ийг нэг жил хүртэл хугацаагаар томилох бөгөөд бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно.

50.З.Онцгой дэглэм тогтоож хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг тухайн банк хариуцна.

50.4.Онцгой дэглэм тогтоох тухай Монголбанкны шийдвэрийн талаар банкны хувьцаа эзэмшигч 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргасан нь онцгой дэглэм тогтоох шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

51 дүгээр зүйл.Онцгой дэглэм тогтоох шийдвэр

51.1.Монголбанк онцгой дэглэм тогтоох тухай шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

51.1.1.банкны нэр, оршин байгаа газар, хаяг;

51.1.2.онцгой дэглэм тогтоох болсон үндэслэл;

51.1.3.онцгой дэглэм хэрэгжүүлж эхлэх болон түүний үргэлжлэх хугацаа;

51.1.4.банкны үйл ажиллагаанд тавих хязгаарлалтын жагсаалт;

51.1.5.бүрэн эрхт төлөөлөгчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр.

51.2.Монголбанк онцгой дэглэм тогтоосон тухай шийдвэрээ нийтэд мэдээлнэ.

52 дугаар зүйл.Бүрэн эрхт төлөөлөгч томилох

52.1.Онцгой дэглэм тогтоосон банкийг удирдах бүрэн эрхт төлөөлөгчөөр Монголбанк өөрийн ажилтныг, эсхүл бусад этгээдийг томилж болно.

52.2.Бүрэн эрхт төлөөлөгчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, тухайн банкнаас гаргуулна.

52.3.Бүрэн эрхт төлөөлөгч үйл ажиллагаандаа хууль тогтоомж болон энэ хуультай нийцүүлэн гаргасан Монголбанкны журам, удирдамжийг баримтална.

52.4.Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчийг өөрчлөх эрхтэй.

52.5.Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцах бөгөөд банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.

53 дугаар зүйл.Онцгой дэглэмийн үед авах арга хэмжээ, бүрэн эрхт төлөөлөгчийн эрх, үүрэг

53.1.Монголбанк онцгой дэглэм тогтоохдоо дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

53.1.1.банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлэх;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

53.1.2.тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, банкны нэгжийн удирдлагын бүрэн эрхийг түдгэлзүүлэх;

53.1.3.тухайн банкны удирдлагын эрх мэдлийг бүрэн эрхт төлөөлөгчид түр шилжүүлэх;

53.1.4.банкны үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг хянаж тохируулах арга хэмжээ авах.

53.2.Бүрэн эрхт төлөөлөгч дараахь эрх, үүрэгтэй:

53.2.1.тухайн банкны бүх үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бие даан шийдвэр гаргах;

53.2.2.шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэм тогтоосон хугацаанд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбогдох үүргийг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн биелүүлэхийг түдгэлзүүлэх;

53.2.3.тухайн банкнаас урьд нь харилцагчтай хийсэн зээл, хадгаламжийн болон бусад гэрээний нөхцөл нь банкны тухайн үеийн ерөнхий нөхцөлөөс өөрөөр тогтоогдож, банкны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл уг гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах;

53.2.4.банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;

53.2.5.банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах;

53.2.6.банкнаас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулах, шаардлагатай ажилтныг түр хугацаагаар авч ажиллуулах;

53.2.7.банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх;

53.2.8.банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөө боловсруулах.

53.3.Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг дагаж мөрдсөнөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ.

53.4.Онцгой дэглэм тогтоосон банкны гүйцэтгэх удирдлага ажлын тайлан, орлогын мэдүүлгээ зохих журмын дагуу бүрэн эрхт төлөөлөгчид гаргаж өгнө.

53.5.Бүрэн эрхт төлөөлөгчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн банкны нэрийн өмнөөс болон тухайн банкны зардлаар хийсэн ажил, гүйлгээг хүчингүйд тооцно.

53.6.Банкны хэвийн үйл ажиллагаа хангагдсан нөхцөлд Монголбанк онцгой дэглэмийг цуцалж, тухайн банкинд тогтоосон хязгаарлалтыг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.

53.7.Онцгой дэглэм тогтоосон үед тухайн банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчинтэй хэвээр үлдэнэ.

53.8.Банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлсний үр дүнд байгуулагдсан банкны хувьцаа эзэмшигчид банкны удирдлагын бүрэн эрхийг шилжүүлж өгнө.

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

54 дүгээр зүйл.Онцгой дэглэмийн үед банкийг өөрчлөн байгуулах  төлөвлөгөөг хэрэгжүүлэх

54.1.Банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг бүрэн эрхт төлөөлөгч 30 хоногийн дотор Монголбанкинд хүргүүлэх ба уг төлөвлөгөөг хүргүүлснээс хойш Монголбанк тав хоногийн дотор батална.

54.2.Банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төсвийн санхүүжилт шаардлагатай гэж үзвэл Монголбанк уг төлөвлөгөөг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тав хоногийн дотор батална.

54.3.Банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төсвийн санхүүжилт хийх журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монголбанктай зөвшилцөн батална.

54.4.Бүрэн эрхт төлөөлөгч нь банкийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөг дараахь байдлаар хэрэгжүүлж болно:

54.4.1.активыг дангаар болон өр төлбөр, бусад пассивын хамт багцлах буюу бусад хэлбэрээр худалдах;

54.4.2.банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх;

54.4.3.банк, түүний нэгжийг худалдах;

54.4.4.банкийг өөрчлөн байгуулах болон бусад шаардлагатай үйл ажиллагаа явуулах.

Хэвлэх
ГУРАВДУГААР ДЭД БҮЛЭГ
БАНКНЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАХ

55 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авах

55.1.Монголбанк нь банк, түүний удирдлагын бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн банкинд бүтцийн өөрчлөлт хийх буюу банкийг албадан татан буулгах үйл ажиллагааг банкны эрх хүлээн авах гэнэ.

56 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авах, төлбөрийн чадваргүй болсонд тооцох үндэслэл

56.1.Монголбанк дор дурдсан үндэслэлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд банкинд эрх хүлээн авах арга хэмжээ авч болно:

56.1.1.онцгой дэглэм тогтоосноор банкны хэвийн үйл ажиллагаа хангагдаагүй гэж Монголбанк үзвэл;

56.1.2.банк төлбөрийн чадваргүй болсон. 

56.2.Монголбанк дор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд банкийг төлбөрийн чадваргүй болсонд тооцно:

56.2.1.банк хадгаламж эзэмшигч, харилцагч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон;

56.2.2.энэ хуулийн 48.2-т заасан нөхцөл үүссэн.

57 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэх

57.1.Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дор дурдсанаар хэрэгжүүлнэ:

57.1.1.банкинд бүтцийн өөрчлөлт хийх, төсвийн санхүүжилт шаардлагатай бол энэ хуулийн 54.2-т заасны дагуу арга хэмжээ авах;

57.1.2.банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж энэ хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу банкны актив хөрөнгийг захиран зарцуулах.

57.2.Банкинд бүтцийн өөрчлөлт хийх нь албадан татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл Монголбанк тухайн банкинд бүтцийн өөрчлөлт хийх тухай шийдвэр гаргаж, бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө батална.

57.3.Банканд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө батлах боломжгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 57.2-т заасны дагуу Монголбанкны шийдвэр гарснаас хойш зургаан сарын дотор банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө амжилтгүй хэрэгжсэн тохиолдолд Монголбанк нь банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргана.

58 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авагч

58.1.Монголбанк дараахь шаардлагыг хангасан өөрийн ажилтан буюу бусад этгээдийг банкны эрх хүлээн авагчаар томилно:

58.1.1.банкны үйл ажиллагааны зохих мэдлэг, туршлага, мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвартай;

58.1.2.ял шийтгэлгүй;

58.1.3.тухайн банкнаас урьд нь авсан зээлийн өргүй;

58.1.4.тухайн банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, бусад ажилтантай холбогдох этгээдийн харилцаагүй;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

58.1.5.банкны эрх хүлээн авагч нь хуулийн этгээд бол өөрийн үйл ажиллагааг хариуцах хангалттай хэмжээний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй.

58.2.Банкны эрх хүлээн авагчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, банкны эрх хүлээн авахтай холбоотой зардлыг тухайн банкнаас гаргуулна.

58.3.Банкны эрх хүлээн авагч Монголбанкны шийдвэрийг дагаж мөрдөнө.

59 дүгээр зүйл.Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрх хэрэгжих нөхцөл

59.1.Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжинэ.

59.2.Банкинд эрх хүлээн авагч томилогдох үед тухайн банк бусад этгээдээс эдийн болон эдийн бус хөрөнгө, төлбөр хүлээн авах эрхийн хугацаа дуусаж байгаа буюу зургаан сарын дотор дуусгавар болохоор байвал банкны эрх хүлээн авагчийг томилогдсоноос хойш уг эрхийг зургаан сараар шууд сунгагдсанд тооцно.

59.3.Банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа хэрэгжих хугацаанд урьд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу тухайн банкны зээлийн барьцаалсан эд хөрөнгө болон актив хөрөнгийг борлуулснаас орох орлогоос үл маргах журмаар төлбөр гүйцэтгэхийг хориглоно.

59.4.Банкнаас хийгдсэн төлбөр, шилжүүлэг нь зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүтэйд үзсэн шинжтэй бол банкны эрхийг хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх гурван сарын дотор хийгдсэн төлбөрийг, хэрэв төлбөр хүлээн авагч нь банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтан, тэдгээрт холбогдох этгээд байвал банкны эрхийг хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүх төлбөрийг дор дурдсанаас бусад тохиолдолд хүчингүйд тооцно:

/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

59.4.1.холбогдох хадгаламж эзэмшигчид төлсөн төлбөр нь тухайн үед нэг хадгаламж эзэмшигчид төлөхөөр Монголбанкнаас тогтоосон хязгаараас хэтрээгүй;

59.4.2.бусдад шилжүүлсэн эд хөрөнгө нь уг эд хөрөнгийн зах зээлийн үнээр төлөгдсөн;

59.4.3.банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтанд олгосон цалин хөлс нь тэдгээрт урьд олгож байсан цалин хөлсний ердийн хэмжээнээс хэтрээгүй /шагнал, бусад тусгай нэмэгдэл үүнд хамаарахгүй/ ;

59.4.4.уг үйлдэл нь залилан мэхэлсэн шинжтэйгээс бусад тохиолдолд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор тусгай зориулалтын компанид хөрөнгө шилжүүлэх.

60 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авагчийг томилсонтой холбогдуулан  шүүхэд хандах

60.1.Шүүхэд гомдол гаргасан нь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох үндэслэл болохгүй.

60.2.Шүүх гомдлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

61 дүгээр зүйл.Банкны эрх хүлээн авах ажиллагаа эхэлснийг зарлан мэдэгдэх

61.1.Банкны эрх хүлээн авагч томилогдсоноосоо хойш 24 цагийн дотор удирдлага, хяналт нь түүнд шилжсэн тухай зарлалыг тухайн банк, түүний салбарын байранд нийтэд харагдахуйц газар байрлуулж, харилцагчид мэдэгдэнэ.

61.2.Банкны эрх хүлээн авагч энэ хуулийн 61.1-д заасан мэдээллийг нийтэд хүргэж, мэдээллийн хувийг Монголбанкинд хүргүүлнэ.

62 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрх

62.1.Банкны эрх хүлээн авагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

62.1.1.банкны тодорхой үйл ажиллагааг үргэлжлүүлэх, зогсоох;

62.1.2.банкны төлөх төлбөрийг зогсоох, төлбөрийн хэмжээг хязгаарлах;

62.1.3.хадгаламжийн хүүгийн хувь хэмжээг тухайн үеийн хадгаламжийн хүүгийн доод хувь хэмжээнээс багагүй байхаар өөрчлөн тогтоох;

62.1.4.банкны хөрөнгө оруулалт хийхээр байгуулсан гэрээг цуцлах, зээлийн хүү, үйлчилгээний хөлсний хувь хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулах;

62.1.5.банкны байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах, шаардлагатай ажилтан авч ажиллуулах;

62.1.6.шаардлагатай гэж үзсэн мэдээллийг нийтэд мэдээлэх;

62.1.7.банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;

62.1.8.банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох;

62.1.9.бусдад олгосон зээл болон зээлийн барьцаалсан эд хөрөнгийг үнэлж худалдах;

62.1.10.банкны нэрийн өмнөөс Монголбанкнаас тогтоосон хэмжээг баримтлан төлбөр хийх.

63 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авагчийн нэн даруй авах арга хэмжээ

63.1.Банкны эрх хүлээн авагч нь удирдлагын бүрэн эрх болон хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсны дараа дараахь арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ:

63.1.1.энэ хуулийн 35.8-д заасны дагуу банкны хувьцаа эзэмшигчдэд алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь нийлүүлсэн хөрөнгө, бусад сангаас хасалт хийж санхүүгийн тайланд тусгах;

/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

63.1.2.банкны нийт актив хөрөнгийн жагсаалт, бүртгэлийг гаргах, активыг хяналтандаа авах;

63.1.3.бусдын эзэмшилд байгаа банкны актив хөрөнгийг буцааж авах;

63.1.4.хадгалалтын гэрээгээр авсан бусдын үнэт зүйлийг буцааж өгөх;

63.1.5.банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө буюу албадан татан буулгах санал, дүгнэлтийг гурван сарын дотор боловсруулж, Монголбанкинд танилцуулах.

63.2.Банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гарсан тохиолдолд банкны эрх хүлээн авагч нь дараахь арга хэмжээ авна:

63.2.1.худалдаж борлуулах актив хөрөнгийн жагсаалт, түүнийг борлуулах үнэлгээг тогтоож, холбогдох этгээдэд мэдээлэх;

63.2.2.банкнаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг тогтоож, нийтэд мэдээлэх;

63.2.3.нэхэмжлэлийг хангах хэлбэр, хэмжээ, төлбөрийн хуваарь, дарааллыг тогтоож, нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш хоёр сарын дотор холбогдох нэхэмжлэгчид мэдэгдэх.

 63.3.Банкны эрх хүлээн авагчаас энэ хуулийн 63.1.5-д заасан төлөвлөгөөг Монголбанк 10 хоногийн дотор хянаж батална.

64 дүгээр зүйл.Төлбөр барагдуулах дараалал

64.1.Банкны эрх хүлээн авагч банкны активыг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэгчийн шаардлагыг хангахдаа дор дурдсан дарааллыг баримтална:

64.1.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр;

64.1.2.банкны эрх хүлээн авах үйл ажиллагааны зардал;

64.1.3.банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш бусдаас олгосон зээлийн төлбөр;

64.1.4.хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөр;

/Энэ заалтыг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

64.1.5.иргэний харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөр;

/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

64.1.6.хуулийн этгээдийн харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөр;

/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

64.1.7.бусдаас олгосон зээлийн төлбөр;

/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

64.1.8.бусад өглөг.

/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

64.2.Актив хөрөнгийг худалдаж борлуулснаас орох орлого нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол дарааллын эхний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн дарааллын төлбөрийн шаардлагыг хангана.

64.3.Нэг дараалалд орсон хэд хэдэн төлбөрийг нэгэн зэрэг барагдуулж хүрэлцэхгүй бол тус бүрийн төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангана.

64.4.Энэ хуулийн 64.1-д заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх эд хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд хувьцааны давуу ба ердийн эрх гэсэн дарааллаар хувь тэнцүүлэн хуваарилна. 

65 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авагч банкны актив хөрөнгийг захиран зарцуулах

65.1.Банкны эрх хүлээн авагч нь банкны актив хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдсон дараахь үйл ажиллагааг томилогдсон өдрөөсөө хойш зохион байгуулна:

65.1.1.гэрээний дагуу тухайн банкны өрийг түүнд ногдох актив хөрөнгийн хамт бүхэлд нь буюу хэсэгчлэн нэг жилд багтаан бусдад шилжүүлэх;

65.1.2.банкны актив хөрөнгийг хоёр жилд багтаан худалдан борлуулах.

65.2.Энэ хуулийн 65.1.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд банкны эрх хүлээн авагч нь дор дурдсан ажиллагааг гүйцэтгэнэ:

65.2.1.банкийг татан буулгасны дараа төлөх боломжтой хэмжээнээс багагүйгээр тооцож банкны өр, хадгаламжийн төлбөрийг бууруулах;

65.2.2.банкны хадгаламж эзэмшигч, харилцагчид өгөх төлбөрөөс тухайн хадгаламж эзэмшигч, харилцагчдаас авах зээлийн төлбөрийг суутгах.

65.3.Банкны эрх хүлээн авагч нь банкны актив хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагааг явуулахдаа хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг бусдаас илүүд үзнэ.

66 дугаар зүйл.Банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгох

66.1.Банкны эрх хүлээн авагч нь банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн болон нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг гаргаж Монголбанкинд өгнө.

66.2.Энэ хуулийн 66.1-д заасан тайланг Монголбанк баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцно.

67 дугаар зүйл.Банкны дампуурлыг зарлах

67.1.Банкны дампуурлыг шүүх зарлана.

67.2.Шүүх банкны дампуурлыг зарлаж татан буулгах асуудлыг энэ хуулиар тогтоосон зарчмыг үндэслэн дампуурлын тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.



ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

68 дугаар зүйл.Банкны тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

68.1.Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд Монголбанкны хянан шалгагч дараахь хариуцлага ногдуулна:

68.1.1.банк, банкны салбарыг зөвшөөрөлгүй байгуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

68.1.2.банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй байгууллага банкны үйл ажиллагаа эрхэлсэн бол олсон орлогыг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

68.1.3.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглох үйл ажиллагаа эрхэлсэн бол тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж, банк, банкны нэгдлийн оролцогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

68.1.4.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан болон Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр заасан хязгаарлалтыг зөрчсөн бол зөрчсөн хэмжээнд хамаарах үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж, банкийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

68.1.5.банкны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, банк, түүний хараат болон охин компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

68.1.6.хяналт шалгалтад саад учруулсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

68.1.7.төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан буюу гүйлгээг саатуулсан ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, банкийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

68.1.8.тайлан, тэнцэл, мэдээ баримтыг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй буюу энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол банк, банкны нэгдлийн оролцогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

68.1.9.энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол банк, түүний хараат болон охин компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

68.1.10.нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол тухайн банк буюу уг тайлан, мэдээллийг баталгаажуулсан төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтныг тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

68.1.11.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасныг зөрчин хуурамч, худал ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг тараасан бол тухайн банк, түүний хараат болон охин компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, уг зар сурталчилгааг тараах үед ажиллаж байсан гүйцэтгэх удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

68.1.12.энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн банк, банкны нэгдлийн оролцогчийн олсон орлогыг хурааж, банк, банкны нэгдлийн оролцогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, зөвшөөрснөөс бусад тохиолдолд банкны нууцыг задруулсан этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.

68.1.13.энэ хуулийн 68.1.1-68.1.12-т зааснаас бусад байдлаар банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, Монголбанк, түүний хянан шалгагчийн шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

68.2.Энэ хуулийн 68.1-д заасан торгуулийн орлогыг улсын төсөвт оруулна.

/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

68.3.Банкны тухай хууль тогтоомж зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн дагуу нөхөн төлүүлнэ.

68.4.Энэ хуулийн 68.1-д заасан торгуулийг үндэслэлгүй ногдуулсан гэж үзвэл захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргаж болно.

69 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

69.1.Энэ хуулийн 29, 31, 32, 33 дугаар зүйлийг 2010 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ