A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-9-14-ний өдрийн 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 13

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН

МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-9-14-ний өдрийн 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2015-5-11-ний өдрийн 187-р тогтоолоор өөрчлөлт, ЗГ-ын 2015-6-2-ны өдрийн 218-р тогтоолоор нэмэлт, ЗГ-ын 2016-1-25-ны өдрийн 57-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Тухайн оронтой хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд монголын талаас оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга нар тухай бүр томилж байхаар тогтоосугай.

3. Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн нарийн бичгийн даргын үүргийг Гадаад хэргийн яамны тухайн улсыг хариуцсан ажилтан гүйцэтгэж байхаар тогтоосугай.

4. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг холбогдох комиссын Монголын хэсгийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бусад гишүүн удирдаж байхыг зөвшөөрсүгэй.

5. Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг Гадаад хэргийн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 194 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 203 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 205 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 302 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 349 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 283 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.