A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ДҮГНЭЛТ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ/ дүгнэлт/

2004.06.07 Улаанбаатар хот

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

17 цаг 00 минут

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Д.Чилхаажав /илтгэгч/, Л.Рэнчин, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, В.Удвал, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хорооны оршин суугч иргэн Д.Намсрайжав, Баянгол дүүргийн III хорооны оршин суугч иргэн Ц.Гарамжав, мөн хорооны оршин суугч иргэн О.Баясгалан, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн тэнхимийн тэргүүн Р.Жамъянчойжил нар оролцлоо.

Нэг.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хорооны оршин суугч иргэн Д.Намсрайжав, Баянгол дүүргийн III хорооны оршин суугч иргэн Ц.Гарамжав, мөн хорооны оршин суугч иргэн О.Баясгалан нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Монполимет ХХК нь 2001 онд Эрэл ХХК-тай худалдааны гэрээ байгуулсан юм. Гэтэл Эрэл ХХК энэ гэрээгээр манайд шилжүүлсэн техникээ хүчээр татан авч хууль бус үйлдэл гаргасан тул 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монполимет ХХК Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг маргааныг Хан-Уул дүүргийн шүүх 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 64а дугаартай шийдвэр, мөн энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх 2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр авч хэлэлцээд 13 тоот магадлал гаргасан. Дээрх шийдвэр, магадлалыг хяналтын журмаар Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 182 тоот тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолоор Монполимет ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг авч хэлэлцсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 64а дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан билээ. Гэтэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат нь …анхан шатны шүүхийн 64а дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 13 дугаартай магадлал нь хууль зөрчөөгүй байна, …Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 182 тоот тогтоол үндэслэлгүй гэсэн илт хууль болон бодит байдалд үндэслэлгүй дүгнэлт бичиж, улмаар 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хуралдаанд оруулан хэлэлцүүлж 19 дугаартай тогтоол гаргуулсан.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Комацу компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын 126 дугаар бичигт дурдсан үнэ нь түрээсийн жишиг үнэ биш, харин лизингийн үнэ болох нь мэдэгдсэн, мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед маргагч талууд мэдээгүйн улмаас шүүхэд гаргаж өгөөгүй, тухайн хэрэгт нотлох баримтын ач холбогдолтой, бусад уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хооронд гарсан маргаанд баримталж байсан Дэд бүтцийн сайдын 1996 оны 359 тоот тушаалаар баталсан жишиг үнэ байдаг зэрэг нь мэдэгдсэн тул бид дээрх лизингийн үнэ болон энэ тушаалд заагдсан тарифыг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж тооцон Улсын Дээд шүүхэд хэргийг хянуулах тухай хүсэлт гаргасан билээ. Гэтэл бидний хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат дангаараа шийдвэрлэж 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1/2909 тоот албан бичгээр хариу ирүүлсэн билээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат ганцаараа хянаж хариу өгснөөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа тул Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

Мөн нийслэлийн Баянгол дүүргийн VIII хорооны оршин суугч иргэн С.Раднаасэд, Баянзүрх дүүргийн VII хорооны оршин суугч иргэн С.Батжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат дангаараа хянан шийдвэрлэсэн болон бусад үйлдлээрээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тухай өргөдөл гаргасан боловч 2004 оны 6 дугаар сарын 04-ний өдөр энэхүү өргөдлөөсөө татгалзсан болно.

Хоёр.Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1/996 тоот албан бичгээр маргаан хянан шийвэрлэх ажиллагаа үүсгэсэн Цэцийн гишүүний тогтоолын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин хянаж өгөхийг хүссэн тухай гомдол гаргасан байна.

Уг албан бичигт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтэд /гомдолд/ Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав нар “иргэний” хувиар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасныг үндэслэн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ маргаан нь иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад ердийн хуулийг хэрэглэхтэй холбоотой асуудал учир Үндсэн хуулийн цэцэд харъяалагдах маргаан биш билээ.

Түүнчлэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасан 3 төрлийн үндэслэл байвал хийгдэж болох ажиллагаа юм.

Энэ нь уг хуулийн мөн зүйл, заалтын “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гэсэн заалтаас тодорхой ойлгогдоно.

Энэхүү “болно” гэж зөвшөөрсөн заалтыг “шүүх, түүний ерөнхий шүүгчид уг хэргийг заавал хуралдаанаар хянах”-ыг үүрэг болгосон заалт гэж ойлгоход хэцүү.

Хэрэв ингэж ойлговол маргалдагч талууд “шинээр илэрсэн нөхцөл байдал”-ын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт ээлжлэн гаргасаар, шүүх түүнийг нь дараалан авч хэлэлцсээр байх жишиг тогтоож, хэрэг, маргаан эцэслэж шийдвэрлэгдэхгүйд хүргэх болно.

Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлгийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах”-тай холбогдсон маргаантай асуудал нь Үндсэн хуулийн маргаан биш учраас Цэцэд харъяалагдан шийдвэрлэгдэх бус харин уг ердийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу эрх бүхий байгууллагаас албан ёсны тайлбар гаргах замаар шийдвэрлэгдэх учиртай.

Хэрэв Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг авч хэлэлцвэл өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д заасан: “1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг шүүх гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”; 2-т заасан “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”;

Дөчин есдүгээр зүйлийн 2-т заасан: “…Төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”;

Тавьдугаар зүйлийн 2-т заасан: “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчихөд хүрнэ гэдгийг анхааралдаа авахыг хүсье гэжээ.

Мөн иргэн Д.Намсрайжав, О.Баясгалан нар 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянуулах тухай хэргийн оролцогчдын хүсэлтийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат дангаар хянан шийдвэрлэх явдал сүүлийн үед гарч эхэлж байгаа бөгөөд үүнийгээ Ерөнхий шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсгийн “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гэсэн заалтыг барин тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл байвал “шинэ нөхцөл байдал”-аар хэргийг хянаж ч болно, хянахгүй байж ч болно гэж үздэг. Харин мөн хуульд “Хүсэлтийг шийдвэрлэх” гэсэн 181 дүгээр зүйл байгааг Ерөнхий шүүгч “олж хардаггүй” юм.

Энэ зүйлийн 181.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дээр мөн зүйлийн 181.5 дахь хэсэгт “Шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана” гэсэн байгаа.

Хэрэв Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хууль зөрчсөн өнөөгийн практикаар “шинэ нөхцөл байдал”-аар хянуулах хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн аваад, “шинэ нөхцөл байдал” мөн эсэхийг дангаараа шийдвэрлээд эхлэх юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “181 дүгээр зүйл” энэ хуульд байх шаардлага байна уу? гэдэг асуулт аяндаа гарч ирнэ.

Тэгээд ч Ерөнхий шүүгч “шинэ нөхцөл байдал” биш гээд л нэгэнт шийдвэрлэчихсэн бол хэргийг Улсын Дээд шүүх дахин хянан үзэх хуулийн механизм байхгүй байгаад хамаг “аюул” нь оршиж байгаа юм.

Бид Үндсэн хуулийн цэцэд хандахдаа Монполимет, Эрэл компанийн хооронд үүссэн маргааныг ямар нэгэн байдлаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй, харин Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч бидний хүсэлтийг хянахдаа дээр дурдсанаар Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хянуулах хүсэлт гаргасан.

Иймд энэ ажиллагаа нь Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Үндсэн хуулийн цэц хөндлөнгөөс оролцсон хэрэг болохгүй гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.

Гурав.Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбатын Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдөр болж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн Цэцийн гишүүний тогтоол, мөн энэхүү тогтоолыг дахин хянуулах тухай Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбатын гомдлыг хянан хэлэлцсэн бөгөөд энэ хуралдаанд өргөдөл гаргагч Ц.Гарамжав, Д.Намсрайжав, О.Баясгалан мөн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат нар биеэр оролцож, маргааны талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудал нь Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх харъяаллын маргаан байх тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн тухай Цэцийн гишүүний 2004 оны 5/90 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбатын гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай Үндсэн хуулийн цэцийн 3/05 дугаар магадлал гаргажээ.

Дөрөв.Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат 2004 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1/1381 тоот албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Чилхаажав нь иргэн Д.Намсрайжав, Ц.Гарамжав, О.Баясгалан, С.Батжаргал, С.Раднаасэд нарын өргөдлийн дагуу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснийг үндэслэлгүй, энэ нь Үндсэн хуулийн цэцэд харъяалагдах маргаан бус харин иргэний тодорхой хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад нотлох баримтыг хэрхэн үнэлэх, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг ердийн хуулийг хэрхэн ойлгож хэрэглэхтэй холбогдсон, ердийн шүүхүүд шат шатандаа хэнээс ч хараат бус, бие даан шийдвэрлэж байхаар хуулиар тогтоосон харъяалалтай хэрэг, маргаан гэж үзэж байгаа тухай тайлбараа Дээд шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1/996 дугаар албан бичгээр өмнө нь танайд хүргүүлсэнд Цэцийн эрхэм гишүүд анхаарлаа дахин хандуулна уу гэж хүсэж байна.

“Монполимет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрэл” ХХК-д холбогдох иргэний хэргийг манай улсын бүх шатны шүүхүүд зохих журмын дагуу хянан хэлэлцэж, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид оролцсон хяналтын шатны хуралдааны 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалтын дагуу Дээд шүүхээс иргэний тодорхой хэргийн талаар гаргасан 2003 оны 19 дүгээр тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд заавал биелэгдэх учиртай.

Гэтэл иргэний уг хэргийн нэхэмжлэгч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав нарын зэрэг хүмүүс “иргэний” хувиар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт бичсэн, хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтэд албан бичгээр хариу өгснийг Үндсэн хуулийн цэцээр хянуулж дүгнэлт гаргуулах замаар шүүх, шүүгчид эргэж нөлөөлөх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийхийг оролджээ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасан 3 төрлийн үндэслэл байвал хийгдэж болох хуулиар зөвшөөрөгдсөн ажиллагаа болохоос бус иргэний хэрэг болгонд, эсхүл хүсэлт гаргах болгонд заавал хийгдэж байх хуулиар үүрэг болгосон ажиллагаа биш юм.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гэсэн заалтаас тодорхой ойлгогдоно.

Энэхүү “болно” гэж зөвшөөрсөн заалтыг “шүүх, түүний ерөнхий шүүгч нарт уг хэргийг заавал хуралдаанаар хянах”-ыг үүрэг болгосон заалт гэж ойлгох боломжгүй. Учир нь энэ асуудлаар хууль тогтоох байгууллага болон Улсын Дээд шүүхээс албан ёсны тайлбар гараагүй, тиймээс шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлтийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт нэрлэсэн 3 төрлийн үндэслэл байхгүй нь илт тохиолдолд хүсэлтэд албан бичгээр хариу өгдөг практик шүүхэд мөрдөгдөж байгаа билээ.

Нэхэмжлэгч “Монполимет” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтэд дурдсан “Комацу” компанийн харьяа группын менежер Тэцуо Такатори нь 2001 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаар албан бичгээр /хэргийн 2 дахь хавтасны 58, 59 дэх тал/ : “Комацу” фирмийн уул уурхайн техникийн түрээсийн төлбөрийн жишиг үнэлгээг гаргаж ирүүлсэн, Үйлдвэр, худалдааны улсын хяналтын албаны дарга Д.Чилхаажавын 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 325 дугаар албан бичгээр шүүхэд хүргүүлсэн шинжээч О.Цэндсүрэн, Үйлдвэр, худалдааны улсын хяналтын албаны ахлах байцаагч Б.Чулуунбаатар нарын 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд /5 дахь дугаар хавтасны 281 дэх тал/: “Эрэл” ХХК-иас “Монполимет” ХХК-д шилжин ирсэн нийт 37 техник бүгд Япон улсад үйлдвэрлэсэн Комацу маркийн техникууд тул машин механизм, тоног төхөөрөмжийн мото/цагийн үнэлгээг “Комацу” төрлийн техникийн жишиг үнэлгээг баримтлан тооцох нь зохимжтой гэж үзэж байна” гэсэн нотлох баримтуудад шүүх үнэлэлт өгч маргааныг шийдвэрлэжээ.

Гэтэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа ноён Тэцуо Такатори өөрийн хамтран ажиллагч “Монполимет” компанид бичиг хийж өгөхдөө: “Нэгэн үйлчлүүлэгч Комацү загварын тодорхой тоног төхөөрөмжийн түрээсийн үндсэн үнийн талаар мэдээлэл авахыг хүссэн тул өөрийнх нь хэрэгцээнд зориулан 126 тоот бичиг өгснөө “хүлээн зөвшөөрчээ /5 дахь хавтасны 530 дахь тал/.Ингэхдээ “АНУ-д хэрэглэгддэг тоног төхөөрөмжийн лизингийн тарифны загварыг өгсөн… Монголын шүүх хэрэг шийдвэрлэхдээ энэ мэдээллийг ашигласан нь гайхал төрүүлж байна” гэсэн өөрийн байр суурийг сүүлд бичгээр илэрхийлснийг шинэ нөхцөл илэрлээ гэх үндэслэлгүй юм. Учир нь ноён Тэцуо Такаторигийн 2001 оны 8 дугаар сарын 15-ны 126 дугаар албан бичигт дундсан жишиг үнэлгээ, шинжээч О.Цэндсүрэн нар 2002 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтдээ “комацу төрлийн техникийн жишиг үнэлгээг баримтлан тооцох нь зохимжтой” гэж үзсэн энэ бүх нотлох баримт бүх шатны шүүхээр хэлэлцэгдсэн, шүүх нэгэнт зохих үнэлэлт дүгнэлт өгсөн баримтууд юм.

Шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон эдгээр нотлох баримт “хуурамч” гэх буюу шинжээчийн үйлдэл эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэх үзэхүйц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2-д заасан үндэслэл илрээгүй болно.

Шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах гэсэн Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 359 дүгээр тушаалаар баталсан “Барилга, замын машин механизмын хөлс, тариф жишиг үнэлгээний машин цагийн үнийн жагсаалт, үнэ” нь /5 дахь хавтасны 545-550 дахь тал/:

Нэгдүгээрт, энэ хэрэгт хамааралгүй /барилга, замын машин механизмд холбоотой; Хоёрдугаарт, уг маргаж байгаа техникүүдэд хамааралгүй, Оросын зам барилгын техникүүдийн талаар гарсан; Гуравдугаарт, маргаж байгаа маркийн машин техникүүдийн үнэлгээ энд ороогүй; Дөрөвдүгээрт, энэ баримт нь угаасаа хэрэг шийдвэрлэхээс өмнө олж авч үзэх боломжгүй байсан баримт биш тул шинэ нөхцөл байдалд огт хамааралгүй юм.

Мөн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах гэсэн Дэд бүтцийн сайдын “Машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын цагийн жишиг тарифийг батлах тухай” 2002 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Машин механизм, тоног төхөөрөмжийн машин цагийн үнийн тооцоо” /5 дахь хавтасны 543-544 дүгээр тал/ нь маргаж байгаа харилцаа бий болсон 2001 оны 2 дугаар сарын 15-наас 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанаас хойш гарсан тул буцаан хэрэглэж энэхүү өмнөх харилцааг зохицуулах боломжгүй, шинэ нөхцөл байдалд хамааралгүй акт юм.

Түүнчлэн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар ирүүлсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дүгээр шийдвэртэй, иргэний хэрэгт гаргасан шинжээч Д.Натар нарын 2003 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 70/01 дугаар дүгнэлт /5 дахь хавтасны 533-540 дэх тал/ нь энэ хэрэгт хамааралгүй, “Тээвэр (ЭТЭИ) ХК-нийн нэхэмжлэлтэй, “Шижир-Эрдэнэ” ББХК-д холбогдох огт өөр хэрэгт гаргасан, маргаж байгаа техникүүдээс өөр төрөл, маркийн техниктэй холбогдож гарчээ.

Ийнхүү “Монполимет” ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлт, “нэмэлт баримтад” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 179.1.2, 179.1.3-д заасан 3 төрлийн үндэслэл байгаагүй учир Дээд шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 182909 дугаар албан бичигт Ерөнхий шүүгч гарын үсэг зурж зохих хариуг хүсэлт гаргагчид өгсөн бөгөөд ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсгийн “…дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гэсэн заалтад захирагдаж, эдгээр 3 үндэслэл байхгүй учир хянан үзэх боломжгүйг тайлбарласан хариуг өгсөн болно.

Энэ хэргийн талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүн Д.Дэмбэрэлцэрэн 2003 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/4664 дүгээр бичигтээ /хуулбарыг хавсаргав/: “Ц.Гарамжав өмгөөлүүлэх хүнээ сонгшох, би өмгөөлөгчөөр оролцох эрхтэй” гэж шүүхэд мэдэгдсэн нь “Монгол Улсын Их Хурлын гишүүн тодорхой хэргийн асуудлаар биечлэн оролцож, өмгөөлөгчийн эрх, үүргийг гүйцэтгэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн;

мөн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…Улсын Их Хурлын …гишүүн …шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтуудад нийцэхгүй байгааг 2003 оны 1/2909 дүгээр албан бичигтээ дурьдаж хариу өгснийг “Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Улсын Дээд шүүхийн тогтоолд ганцаараа гарын үсэг зурсан”, хууль зөрчсөн, бүр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх нь хэр зэрэг үндэслэлтэй бас үнэмшилтэй болохыг Цэцийн эрхэм гишүүд тунгаан үзнэ үү.

Түүнчлэн Цэцэд өргөдөл гаргасан иргэдээс Цэцийн гишүүн Д.Чилхаажавт “Хүсэлт гаргах тухай” бичигт дурдсан Дээд шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 1/282 дугаар албан бичиг нь /хуулбарыг хавсаргав/ миний гарын үсэг зурсан бичиг биш болохыг анхаарна биз ээ.

“Хүсэлт гаргах бичиг”-т дурдсан сэлбэг материал /1.7 тэрбум төгрөгийн/ нь “Монполимет” ХХК-ийн хүмүүс 2001 оны 9 дүгээр сарын 28-нд хулгайлж авлаа” гэсэн “Эрэл” ХХК-ийн гомдлын дагуу Төв аймгийн цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгч Очбадрах шалгаж 2001 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Тосонгийн уурхайд битүүмжилсэн /1 дүгээр хавтасны 122 дахь тал/ зүйл байв.

Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх дээрх сэлбэг материалыг жагсаалтын дагуу “Эрэл” ХХК-д хүлээлгэж өгөх нь зүйтэйг дурдсан бөгөөд үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хүлээлцүүлэх боломжтойг Дээд шүүхийн дээрх албан бичгээр нэхэмжлэгчид хариу мэдэгдсэн байв.Энэ бүхэн нь шинээр илэрсэн нөхцөл байдалтай огт холбогдолгүй байлаа.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль мөрдөгдөх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх одоогийн болон өмнөх хуулийн шүүхүүд шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй нь илт тохиолдолд хүсэлтэд бичгээр хариу өгдөг практикийг мөрдөж ирсэн бөгөөд Улсын Дээд шүүх сүүлийн 4 жилд энэ журмаар 16 хэрэгт бичгээр хариу өгсний зарим хариуг баримт болгон хавсаргав

Шинэ нөхцөл байдал нь хэдийд ч илэрч болох учир тодорхой нэг хүсэлт нь хэргийг дахин хянах үндэслэл биш байхад дараагийн удаад гаргасан хүсэлтэд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д дурдсан үндэслэл байвал дахин хянагдаж болох юм. Үүгээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлэгт заасан хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгагдана. Гэтэл өргөдөл гаргагч тал шинэ нөхцөл байдал биш гээд нэгэнт шийдвэрлэчихсэн бол шинэ нөхцөл байдал дахин илэрч болохгүй мэт ойлгосон байдал тайлбараас нь харагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлгийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах”-тай холбогдсон заалтуудыг хэрхэн тайлбарлан, хэрэглэхтэй холбогдсон маргаантай асуудал нь Үндсэн хуулийн маргаан биш учраас Цэцэд харьяалагдан шийдвэрлэгдэх бус харин Улсын Их Хурал уг ердийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж зохицуулалтыг нь тодорхой болгох, эсхүл Улсын Дээд шүүх албан ёсны тайлбар гаргах замаар шийдвэрлэгдэх учиртай.

“Монполимет” ХХК ба “Эрэл” ХХК-ийн маргаантай иргэний энэхүү хэргийг бүх шатны шүүх, түүний дотор Дээд шүүх хуульд заасан зохих бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, Дээд шүүхийн нийт шүүгчид оролцсон хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн билээ.

Иймд Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 179.1.2, 179.1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэл байхгүй байсан учир мөн зүйлийн 179.1 дэх хэсэгт “…болно” гэж заасны дагуу шийдвэрлэсэн учир хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй билээ.

Иймд “Монполимет” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний тодорхой хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах, түүнийг гүйцэлдүүлэх журмыг тодорхойлох нь Үндсэн хуулийн цэцийн харъяалан шийдвэрлэх асуудал биш тул шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд шууд нөлөөлж болох энэ асуудлыг хэлэлцэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн “1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, 2.Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”; Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…Төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”; Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус баримтлан, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харъяалан шийдвэрлэхгүй” гэсэн заалтын дагуу зохих шийдвэр гаргана уу” гэжээ.

Өргөдөл гаргагч иргэн Д.Намсрайжав, Ц.Гарамжав, О.Баясгалан нар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “…179 дүгээр зүйл нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэлийг томъёолон заасан болохоос бус түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай заагаагүй нь уг зүйлийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” гэсэн нэрнээс тодорхой харагдана.

Ерөнхий шүүгч Улсын Дээд шүүхийн хэмжээнд шинээр илэрсэн нөхцөл байдлыг ийнхүү шийдвэрлэдэг практик олон жилийн өмнөөс мөрдөгдсөнийг нотлон 1994 оноос хойш Улсын Дээд шүүхийн шүүгчдээс шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхийн шийдвэрийг хянуулахаар ирүүлсэн иргэдийн хүсэлтүүдэд өгч байсан хариунуудаа хавсаргажээ. Гэвч шүүхийн практик нь хууль биш бөгөөд хууль зөрчсөн энэхүү практикийг Дээд шүүх халж өөрчлөхгүйгээр, хуулийг дээдлэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлж чадахгүй нь тодорхой.

Хууль тогтоогч хүсэлтийг шийдвэрлэх арга замыг ИХШХШ тухай хуулийн 181 дүгээр зүйлд маш тодорхой зохицуулсан учир энэ асуудлаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, тайлбар гаргах ч шаардлага байхгүй юм. Бидний хүсэлтийг Ерөнхий шүүгч дангаараа хянан үзэж, шийдвэрлээд 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/2909 дугаартай албан бичгээр хариу өгсөн нь тэрбээр хуулийн энэ заалтуудад захирагдаж ажиллаагүй, дээр дурдсанаар шүүгчийнхээ хувьд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөний нотолгоо болж байгаа юм.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өгсөн тайлбартаа: “ИХШХШ тухай хуулийн 179.1-д заасан үндэслэл байсан тохиолдолд 181 дүгээр зүйлийн 1 дэх заалтын дагуу хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл ИХШХШ тухай хуулийн 179.1-д заасан үндэслэл байхгүй байсан учир би хүсэлтэд нь 1/2909 тоот албан бичгээр хариу өгсөн. Хэрвээ 179.1-д заасан үндэслэлүүдтэй шинээр илэрсэн нөхцөл байдал илэрвэл шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянан үзэх асуудал одоо ч нээлттэй байгаа.

Би ИХШХШ тухай хуулийн 179 дүгээр зүйлийн дагуу хариу өгсөн учраас Үндсэн хуулийг зөрчөөгүй. Ер нь энэ асуудал Үндсэн хуулийн цэцийн харъяалан шийдэх асуудал биш” гэжээ.

ДҮГНЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛ:

1.Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцсэн дүнгээс үзэхэд нэхэмжлэгч тал шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдох асуудлаа бүрэн үндэслэлтэй нотолж тавиагүй байхад Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179, 181 дүгээр зүйлийн заалтыг хэрэглэж байгаа шүүхийн буруу практикт дүгнэлт хийж тэдгээрийг зөв хэрэглэх талаар Улсын Дээд шүүхээс зохих тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

3.Өргөдөл гаргагч шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж байгаа үндэслэл, нотлох баримтаа тодруулан бүрдүүлж Улсын Дээд шүүхэд дахин хандах эрх нь нээлттэй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 12, 14 дэх хэсгүүдийн заалтыг зөрчөөгүй байна.

2.Энэ дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хуралд хүргүүлсүгэй.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Л.РЭНЧИН Ж.БОЛДБААТАР Д.ЧИЛХААЖАВ Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ В.УДВАЛ Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ДҮГНЭЛТ
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ/ дүгнэлт/