Хэвлэх DOC Татаж авах
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 66

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 70.0 (далан) тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох зээлийн хүүг 9 хувиар тогтоож, зээл олгох ажлыг холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасугай.

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөвт тусгахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                       Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд                                                     Д.ЭРДЭНЭБАТ