A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 76

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2015 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан аж ахуйн нэгжид зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

2. "Чайна Рэйлвэй Фирст групп" компанийн 100, "Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг" ХХК-ийн 120, "Чайна Жиансу Жианда констракшн" компанийн 400 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэ тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2015 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд хүргүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

4. Мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнийг дагалдуулан мэргэшүүлэх арга хэмжээ авч, уг үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ