A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 172

Улаанбаатар хот

ДЭЛХИЙН СОНГОДОГ УТГА ЗОХИОЛЫН 50 БОТЬ ХЭВЛҮҮЛЭХ ТУХАЙ

Хүн төрөлхтөн өөрсдийн амьдрал, орчин тойрон, хүсэл мөрөөдлийн тухай анх хад чулуун дээр сийлэн зурж, улмаар бичиг үсэг бий болгож, уран яруу, утга гүнзгий үгээр илэрхийлсэн суут бүтээлүүдийг туурвиж, оюун билгийнхээ сан хөмрөгийг бүрдүүлэн баяжуулсан билээ. Олон зууны туршид бүтээгдсэн туульс, роман, тууж, эмгэнэлт болон инээдэмт зохиол, уран зөгнөл, яруу найраг зэргийн бүтээлүүдийн дээж сор нь он цагийн шалгуурыг давж, дэлхий дахинаа сонгодог утга зохиол хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ.

Ард иргэдийнхээ оюуны санд ном эрдмийн өглөг өргөгч эрдэмтэд, зохиолч, орчуулагчид хүн төрөлхтөний бий болгосон сонгодог утга зохиолын их далайгаас сувд эрдэнэ мэтийг сорчлон дээжилж, 50 бүтээлийг хэвлүүлэх тухай санал гаргасныг дэмжиж, манай оронд уран бүтээлийн эвлэл холбоод үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан ЗАРЛИГ БУУЛГАХ нь:

1.Дэлхийн сонгодог утга зохиолын 50 ботийг 2008-2009 онд багтаан хэвлэж, нийтийн хүртээл болгосугай.

2.Дэлхийн сонгодог утга зохиолын 50 ботийг хэвлүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, Ерөнхий боловсролын сургууль, аймаг, хотын номын сан, төрийн өмчийн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвүүдэд үнэгүй түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР