A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

2008.01.24-ний өдрийн 11.00 цаг

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ц.Сарантуяа, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Т.Очирхүү нар оролцов.

Нэг: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:

“Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 5 дугаар сарын 2 3 -ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын Их Хурал хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байна. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болох тухай асуудлыг Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн заалтуудаар хуульчлан тогтоосон байна. Ингэхдээ Улсын Их Хурлын өөрийнх нь санаачилгаар бус дуусгавар болох асуудлыг 10 дугаар зүйлийн 2-ын заалтуудаар тодорхойлж, харин Улсын Их Хурал өөрийн санаачлагаар 10 дугаар зүйлийн 2-ын заалтуудад зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг 10 дугаар зүйлийн 3 заалтаар зохицуулахаар хуульчилсан гэж үзэж байна. 10 дугаар зүйлийн 2-ын 2, 3, 4, 5 -д заасан үндэслэлээр Улсын Их Хурлын даргын бүрэн эрх дуусгавар болсон тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхдээ 10 дугаар зүйлийн 4 -т “Энэ хуулийн 10.2.2, 10.2. 3 -т заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2. 5 -д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална.” гэж тов тодорхой хуульчлан тогтоосон байна. Улсын Их Хурлын дарга тодорхой хуулиудад засвар хийсэн нь огцруулах үндэслэл бүхий Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох тухай иргэдийн өргөдлийн дагуу Үндсэн хуулийн цэц 2007 оны 5 дугаар сарын 2 3 -ны өдрийн их суудлын хуралдаанаараа уг асуудлыг хянан хэлэлцээд “хууль засварласан нь Үндсэн хууль зөрчиж, энэ нь огцруулах үндэслэл мөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай бус, харин Үндсэн хуулийн цэцийн “Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл мөн” гэсэн дүгнэлт Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл болох эсэх тухай” хэлэлцэн огцруулах үндэслэлгүй гэсэн шийдвэрийг нууц санал хураалтаар гарган Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан байна. Улсын Их Хурал 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 заалтыг баримтлан Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийг “дэмжих, дэмжихгүй” гэсэн асуултаар нууц санал хураалт явуулан олонхийн саналаар Улсын Их Хурлын даргыг огцруулахгүй байх шийдвэрт хүрсэн байна. Энэ нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй, Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4-т заасан үндэслэлээр 10.2-т “...бүрэн эрх нь дуусгавар болно” гэж зааснаар нэгэнт дуусгавар болсон бүрэн эрхийг “сэргээсэн” шийдвэр болж Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд халдан, Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 3 дахь заалт, 67 дугаар зүйл, 70 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэжээ.

Хоёр. Иргэн Н.Хайдав 2007 оны 12 дугаар сарын 24, 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус тус Үндсэн хуулийн цэцэд хандаж өргөдлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн байна. Үүнд:

“1. ...Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-ын “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн заалтын “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн нь Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 заалттай агуулга зарчмын хувьд адил байгаа тул миний нэхэмжлэлдээ дурдсан Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг мөн адил зөрчсөн гэж үзэж байгаа тул Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 заалтын “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгөхийг уламжилж байна.

2. ...Үндсэн хуулийн цэцээс огцруулах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах асуудал нь зөвхөн Улсын Их Хурлын дарга, гишүүдээр хязгаарлагддаггүй болно. Энэ асуудлаар урьд нь Үндсэн хуулийн цэц тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3 заалтууд, 45 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгийн заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоон дүгнэлт гаргасан байна. Гэтэл Улсын Их Хурлаас батлан гаргасан Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцээс зарим албан тушаалтнуудыг Үндсэн хууль зөрчсөн болон огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заалтууд Үндсэн хууль зөрчсөн байх тул өргөдлийнхөө нэхэмжлэлтэй хамтад нь хянан хэлэлцүүлж нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна.

а/ Дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9-д “Цэц тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргасан бол түүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг энэ хуульд заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд харин Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхи дэмжсэн бол энэ тухай хууль батална” гэсэн заалтын “...тухайн албан тушаалтныг ...түүнийг огцруулах, эгүүлэн татах асуудлыг энэ хуульд заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэх...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь заалт, 67 дугаар зүйлийг;

б/ Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн Цэц Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол эдгээр шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалт, мөн 35 дугаар зүйлийн 2-д “Нэгдсэн хуралдаан шүүхийн тогтоол, Цэцийн дүгнэлт, Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнхи олонхи дэмжсэн бол Ерөнхийлөгчийг огцруулах тухай хууль батална” гэсэн заалтын “...шүүхийн тогтоол... Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 50 дугаар зүйлийн 2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 3 дахь заалт, 67 дугаар зүйл заалтуудыг;

в/ Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батална” гэсэн заалтын “...хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь заалтыг, 67 дугаар зүйл, заалтыг тус тус зөрчсөн байна” гэжээ.

Гурав. Улсын Их Хурлын даргын 2008 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 16, 17 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Т.Очирхүү нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

“1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-ийг зөрчөөгүй талаар:

1/ Иргэн Н.Хайдав 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гарсан өргөдөлдөө Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалтын “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн нь тус тус Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-ийг тус тус зөрчсөн байна гэжээ. Ийнхүү зөрчсөн гэсэн үндэслэлээ “Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т зааснаар гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авах, эсэх тухай эрх Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдоогүй бөгөөд зөвхөн хэрэгжүүлэх үүрэгтэй”, Улсын Их Хурлын дарга, гишүүнийг огцруулах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргавал Улсын Их Хурлын дарга, гишүүний бүрэн эрх шууд дуусгавар болно /2007.06.11-ний өдрийн өргөдөл, 2007.12.24-ний өдрийн нэмэлт тайлбар/ гэж үзэж тайлбарлажээ.

Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлыг хэлэлцдэггүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, түүнийг хэлэлцэх журмыг тогтоосон заалтуудаас энэ нь тодорхой харагдаж байна. Тухайлбал, уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.4-т “нэгдсэн хуралдаан холбогдох албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа уг албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэх эсэх, тухай зөрчлийг арилгуулах талаар Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэнэ; ” мөн зүйлийн 32.2.9. “Цэц тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байна гэж дүгнэлт гаргасан бол түүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг энэ дэгд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх...” гэснээс харахад Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцээс албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх болон огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар гаргасан дүгнэлтийн зөв, бурууг дүгнэж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар шийдвэр гаргахгүй, Цэц дүгнэлт гаргасныг үндэслэн Улсын Их Хурал албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байна.

Харин иргэн Н.Хайдавын өргөдөлд Улсын Их Хурлын дарга, гишүүнийг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй талаар гаргасан “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрх, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалд халдах, цаашилбал, хууль тогтоох эрх мэдлийн байгууллагын бие даасан байдлыг хөндөж байна. Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж төрийн 3 институцэд хуваарилсан нь энэхүү 3 институцыг “хооронд нь харилцан хамаарал, хяналт, тэнцэлтэй болгох гэсэн зорилготой” юм. Нөгөө талаар энэ 3 эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага хуульд заасан чиг үүргээ, хуулиар олгосон эрхийн хүрээнд, хуульд заасан журмаар бие даан хэрэгжүүлдэг байх ёстой.

Улсын Их Хурал бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг, төлөөллийн байгууллага бөгөөд түүний гишүүнийг Үндсэн хуульд зааснаар “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд, нийтээрээ, чөлөөтэй, шууд...” сонгодог ба өөрийн легитем шинжээ ардчилсан замаар “олж авдаг” төрийн эрх барих дээд байгууллага билээ. Харин хууль тогтоох эрх мэдлийн байгууллага нь өөрийн бүрэн эрхийг хяналтгүйгээр, дур зоргоор эдлэх боломжийг хязгаарлахын тулд шүүх болон Үндсэн хуулийн цэц нь түүнд болон түүний гишүүн Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт тавьж байдаг. Нөгөө талаар хууль тогтоох байгууллага өөрийн бүрэн эрхээ бие даан хэрэгжүүлж, бодлогын шийдвэр гаргахад түүний гишүүний халдашгүй байдал нэг баталгаа нь болж байдаг.

Иймээс Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэцийн харилцан хамаарлыг нэг тал нь нөгөөгөө бүрэн хянах давуу байдал олгохгүйгээр, Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдалд нөлөөлөх боломжгүйгээр, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн бол зөрчлийг арилгаж байхаар хуульчилж өгсөн байдаг. Ингэхдээ Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан асуудлыг хэлэлцэж дүгнэлт, хэрэв Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол эцсийн шийдвэр гаргадаг бөгөөд харин 3, 4-т заасан асуудлаар тухайлбал, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх, тэднийг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулдаг байхаар харин дүгнэлт гарсныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах, Улсын Их Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхэд хадгалан шийдвэрлэдэг байхаар Үндсэн хуульд тусгажээ.

Түүнчлэн энэ нь нөгөө талаар Үндсэн хуулийн цэц улс төрийн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах замаар улс төрийн үйл ажиллагаа, нөлөөлөлд орохоос сэргийлсэн бас аливаа албан тушаалтныг эгүүлэн татах буюу огцруулах асуудлаар түүнийг анх томилсон буюу бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн субьект эцсийн шийдвэр гаргана гэсэн агуулга давхар явж байгаа гэж үзэж байна. Харин иргэн Н.Хайдавын бичсэнээр бол, Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүнийг огцруулах, эгүүлэн татах эрхтэй болж байна. Ингэснээр бидний дээр хэлсэн төрийн эрх мэдлийн байгууллагуудын харилцан хяналт, тэнцвэртэй байдал алдагдаж, өөрийгөө төлөөлүүлэхээр сонголт хийсэн иргэний эрх зөрчигдөж, хууль тогтоох байгууллагын төлөөллийн чанар үгүй болж, Үндсэн хуулийн суурь зарчим эвдэгдэнэ.

2/ Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц нь 1/хууль, зарлиг...Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх 2/ард нийтийн санал асуулга ...Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргадаг. Харин мөн зүйлийн 3, 4-т “3/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн ...Үндсэн хууль зөрчсөн эсэх...”, “4/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга...-ыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” асуудлаар тус тус дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна” гэжээ.

Үндсэн хуулийн энэ заалтын дагуу дээрх 3, 4-т заасан асуудлаар Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын дарга, гишүүнийг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй эсэх асуудлаар зөвхөн дүгнэлт гаргахаар байна. Эндээс Цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар эцсийн шийдвэр гаргахгүй юм байна, нөгөө талаар эцсийн шийдвэрийг өөр субьект бүрэн эрхийнхээ дагуу гаргана гэсэн логик дүгнэлт гарч байна. Харин тэрхүү эцсийн шийдвэр гаргах эрхийг Үндсэн хуульд Улсын Их Хурал болон эрх бүхий бусад албан тушаалтанд тусгайлан олгосон байна. Улсын Их Хурал энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ тэднийг эгүүлэн татах, огцруулах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасныг үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын дарга, гишүүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэдэг.

“Улсын Их Хуралд оруулсан” албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын тухай хуулийн Үндсэн хуулийн зөрчилтэй гэж өргөдөл гаргагчийн үзэж буй 6.6.5, 10.2.4 дэх заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.2.9, 35.1, 38.2 дахь хэсгийн дагуу хэлэлцдэг юм. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалтаар гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1 дэх хэсгээр зохицуулсан ба ингэхдээ “хүлээн зөвшөөрсөн” гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Харин Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтаар гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.5, 10.2.4-т “хүлээн авсан” гэсэн нэр томъёогоор буюу агуулга өөр тул өөр өөр нэр томъёог хэрэглэн хуульд тусгасан байна.

Үндсэн хуулийн Цэцээс Улсын Их Хурлын даргыг албан тушаалаас нь огцруулах үндэслэлтэй гэсэн 2007 оны 06 дугаар дүгнэлтээ гаргахад Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.5, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.2 дахь хэсгийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Улсын Их Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаснаас эдгээр хуулийн заалтууд нь албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар болон түүнийг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг зохицуулаагүй гэдэг нь тодорхой байна.

Харин энд дурдахад иргэн Н.Хайдав өргөдөлдөө Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 06 дугаар дүгнэлт нь Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл болох эсэх тухай хэлэлцэн огцруулах үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан, түүнийг Улсын Их Хурал дэмжинэ, дэмжихгүй гэсэн санал хураан шийдвэрлэсэн гэсэн нь үнэнд нийцэхгүй бөгөөд Байнгын хорооны хуралдаан дээр “Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийг албан тушаалаар нь огцруулна: дэмжинэ, дэмжихгүй” гэсэн саналын хуудсаар нууц санал хураалт явуулсан юм. Иймээс Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалтын “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийг зөрчөөгүй талаар:

Дээрх хуулийн заалтууд Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийн “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.” гэснийг зөрчсөн байна гэж иргэн Н.Хайдав үзэж түүнийгээ албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй гэж гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гармагцаа хүчин төгөлдөр болж шууд хэрэгждэг, дүгнэлтийг үндэслэн тухайн албан тушаалтан огцорч байх ёстой гэж тайлбарлажээ. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4-т “Хууль зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль зарлиг, батламж хүчингүй болно” гэжээ. Эндээс үзэхэд Цэц шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох Үндсэн хуулийн зөрчилтэй эрх зүйн акт хүчингүй болох бөгөөд харин Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2-т заасанчлан Цэц дүгнэлт гаргаж байгаа тохиолдолд Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц үзсэн хууль, бусад шийдвэр хүчингүй болдоггүй билээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц дүгнэлтээрээ аливаа хууль тогтоомжийг хүчингүй болгодоггүй. Иймд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4-т заасан Улсын Их Хурлын даргыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах, бусад албан тушаалтныг огцруулах үндэслэлтэй талаар Цэцийн гаргасан дүгнэлт нь эцсийн шийдвэр биш байна. Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалтын “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзэж байна.

3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2 дэх хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчөөгүй талаар:

Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 нь хууль, зарлиг, Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр тус тус Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээр оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах тухай заалт юм. Харин өргөдөл гаргагчийн бичсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг нь бүгд албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурал хэрхэн шийдвэр гаргах процессыг журамласан зүйл, заалтууд байгаа тул дээрх Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгтэй хамааралгүй, түүнийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1 дэх, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийг зөрчөөгүй талаар:

Дээр дурдсанчлан Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1 дэх, 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн дагуу “Үндсэн хуульд хууль, зарлиг... бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэнтэй нийцэж, түүнийг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.1992 онд батлагдсан Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйл, заалтад Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3/, 4/-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх, тэдгээрийг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар гаргасан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал авч хэлэлцэхээр заасныг Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр дүгнэлт, мөн оны 2 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн зөрчил мөн гэж үзэж Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон байна.

“Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-д “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан”; 10 дугаар зүйлийн 10.2.4-т “Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэж тус тус заасны “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн нь холбогдох албан тушаалтны талаар гаргасан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал агуулгын хувьд хянан хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэх тухай зохицуулалт болсон байна” гэж өргөдөл гаргагч үзсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг Улсын Их Хурал ийнхүү агуулгаар нь дахин сэргээсэн байж болох тул энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэж хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэх үндэслэл бүрдсэн байна.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9; 35 дугаар зүйлийн 35.1, 2; 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргаантай ижил агуулга бүхий маргааныг өмнө нь Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байсан тул уг маргааныг дээрх асуудалтай нэгтгэн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Цэцийн гишүүн 2008 оны 4 дүгээр тогтоол гаргасан байна.

Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4-ийн “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн хэсэг нь Улсын Их Хурал уг асуудлаар гаргасан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж санал хураах тухай ойлголтыг төрүүлэхүйц болсон байна.

Гэвч энэхүү маргааныг Цэцийн их суудлын хуралдаанд бэлтгэх болон хуралдааны явцад Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Гончигдорж, Т.Очирхүү нарын гаргасан тайлбар, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалт, өнөөгийн Улсын Их Хурлын практикаас харахад Цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9-т “Цэц тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргасан бол түүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг энэ хуульд заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэх...”, 35 дугаар зүйлийн 35.1-ийн “Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн Цэц Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол эдгээр шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана”; 35 дугаар зүйлийн 35.2-ын “Нэгдсэн хуралдаан шүүхийн тогтоол, Цэцийн дүгнэлт, Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхи дэмжсэн бол Ерөнхийлөгчийг огцруулах тухай хууль батална”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батална” гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр дүгнэлт, 2 дугаар тогтоолд хамааралгүй байна.

Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4, Yндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон,

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН

ӨМНӨӨС ТОГТООЛ ГАРГАХ НЬ:

1.Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-ын “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;”, 10 дугаар зүйлийн 10.2.4-ийн “Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;” гэж тус тус заасны “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр дүгнэлт, 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээн батлаагүй байна гэж үзсүгэй.

2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 35 дугаар зүйлийн 35.1, 2, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр дүгнэлт, 2 дугаар тогтоолтой хамааралгүй гэж үзсүгэй.

3.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.АМАРСАНАА

Ц.САРАНТУЯА

Д.НАРАНЧИМЭГ

Д.МӨНХГЭРЭЛ

Б.ПҮРЭВНЯМ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот