Хэвлэх DOC Татаж авах
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж

2.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг;

3.1.2.“давхар бичилт” гэж ажил, гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийхийг;

3.1.3.“анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог;

3.1.4.“журнал” гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг;

3.1.5.“ерөнхий дэвтэр” гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг;

3.1.6.“мэргэжлийн нягтлан бодогч” гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг;

3.1.7.“мэргэшсэн нягтлан бодогч” гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг;

3.1.8.“ерөнхий нягтлан бодогч” гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг;

3.1.9.“нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” гэж бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлалыг багтаасан баримт бичгийг;

3.1.10.“харилцагч санхүүгийн байгууллага” гэж санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон аймаг, нийслэлийн Засаг даргын харьяаны санхүүгийн байгууллагыг;

3.1.11.“нэгтгэсэн санхүүгийн тайлан” гэж Компанийн тухай хуулийн 6.4-т заасан санхүүгийн тайланг;

3.1.12.“гүйцэтгэх удирдлага” гэж дараах этгээдийг ойлгоно:

3.1.12.а.Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан этгээдийг;

3.1.12.б.компаниас бусад хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн дүрэмд гүйцэтгэх удирдлага гэж заасан этгээдийг.

3.1.13.“Институт” гэж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу энэ хуулийн 24, 25, 26 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах, Олон улсын нягтлан бодогчдын холбоонд Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий байгууллагыг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СТАНДАРТ, ЗАРЧИМ

4 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн стандарт

4.1.Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө:

4.1.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт;

4.1.2.Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт;

4.1.3.Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт.

4.2.Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг хуульд нийцүүлэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож, нийтэд мэдээлнэ. Энэ ангилалд доор дурдсан аж ахуйн нэгж, байгууллагыг заавал хамруулна:

4.2.1.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани;

4.2.2.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани;

4.2.3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2, 15.3, 15.4, 15.10.5, 15.10.6 болон 15.10.13-т заасан чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага;

4.2.4.төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж;

4.2.5.эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага;

4.2.6.улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага;

4.2.7.арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага.

4.3.Энэ хуулийн 4.1.2-т заасан стандартыг Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангах аж ахуйн нэгж, байгууллага мөрдөнө.

4.4.Энэ хуулийн 4.1.3-т заасан стандартыг Төсвийн тухай хуулийн 4.1.34-т заасан байгууллага мөрдөнө.

Хэвлэх

5 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн зарчим

5.1.Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална:

5.1.1.бие даасан байх;

5.1.2.тасралтгүй байх;

5.1.3.жинхэнэ хэрэгжилтийн;

5.1.4.үнэн зөв байх;

5.1.5.хэмжигдэхүйц байх;

5.1.6.зохицох.

Хэвлэх

6 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн суурь

6.1.Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.

Хэвлэх

7 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн хэл ба бүртгэлийн валют

7.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нь нягтлан бодох бүртгэлээ монгол хэлээр хөтөлнө.

7.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага ажил, гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж, тайлагнана.

7.3.Аж ахуйн нэгж, байгууллага болон төлөөний газар нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн тохиолдолд ажил, гүйлгээгээ гадаад валютаар бүртгэж болно. Энэ тохиолдолд санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр илэрхийлж, тайлагнана.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТ

8 дугаар зүйл.Санхүүгийн тайлан

8.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

8.1.1.санхүүгийн байдлын тайлан;

8.1.2.орлогын дэлгэрэнгүй тайлан;

8.1.3.өмчийн өөрчлөлтийн тайлан;

8.1.4.мөнгөн гүйлгээний тайлан;

8.1.5.санхүүгийн тайлангийн тодруулга.

8.2.Энэ хуулийн 4.4-т заасан байгууллага нь Төсвийн тухай хуулийн 26.3-т нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.

8.3.Нэг буюу түүнээс дээш охин компанитай аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 3.1.11-д заасан нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана. Охин компани нь охин компанитай, тэдгээр нь охин компанитай гэх мэтээр үргэлжилсэн холбоо хамааралтай байгаа тохиолдолд хамгийн дээд шатны толгой компани нь нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана. Дээд шатны толгой компани нь гадаад улсад бүртгэлтэй бол Монгол Улсад бүртгэлтэй охин компаниудын дотроос дээд шатны толгой компани нь завсрын нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана.

8.4.Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Санхүүгийн тайланг тайлагнах

9.1.Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй.

9.2.Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр хүлээн авсан харилцагч санхүүгийн байгууллага нь дараах үүрэг хүлээнэ:

9.2.1.санхүүгийн тайланг энэ хуулиар тогтоосон хугацаанд тайлагнаж байгаа эсэхийг хянах;

9.2.2.мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч гаргасан эсэхийг хянах;

9.2.3.санхүүгийн тайлангийн мэдээллийг статистик судалгааны зорилгоор боловсруулах.

9.3.Дараах тохиолдолд санхүүгийн тайлангийн мэдээллийг сонирхогч этгээдийн хүртээл болгоно:

9.3.1.энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн мэдээллийг хүссэн этгээдэд;

9.3.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага зөвшөөрсөн тохиолдолд хүссэн этгээдэд.

9.4.Төсвийн байгууллага нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайланг тайлагнаж, тушаана.

9.5.Харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж байгаа санхүүгийн тайланг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, эсхүл ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурж баталгаажуулна.

9.6.Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана.

9.7.Аж ахуйн нэгж, байгууллага нь зөвхөн аудит хийлгэсэн жилийн санхүүгийн тайлан болон түүний хураангуйг аудиторын дүгнэлтийн хамт өөрийн цахим хуудсанд байршуулж ил тод болгож болно.

Хэвлэх

10 дугаар зүйл.Санхүүгийн тайлангийн жил, санхүүгийн тайлан гаргах хугацаа

10.1.Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

10.2.Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн эхний тайлангийн жил нь улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

10.3.Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.

10.4.Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага нь жилийн санхүүгийн тайланг дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор толгой компанийн харилцдаг харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.

10.5.Энэ хуулийн 10.3-т зааснаас бусад болон энэ хуулийн 10.4-т заасан нэгтгэсэн санхүүгийн тайлангийн нэгтгэлд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага жилийн санхүүгийн тайлангаа дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.

10.6.Аймаг, нийслэлийн Засаг даргын харьяаны санхүүгийн байгууллага харилцагч аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүргүүлнэ.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг хадгалах

11.1.Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгална.

Хэвлэх

12 дугаар зүйл.Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого

12.1.Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.

12.2.Хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараах тохиолдолд заавал хийнэ:

12.2.1.жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө;

12.2.2.эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед;

12.2.3.эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед;

12.2.4.гамшиг, аюулт үзэгдэл, осолд өртсөний дараа;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.2.5.аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай шийдвэр гарсан, дампуурлын хэрэг үүсгэсэн үед;

12.2.6.хуульд заасан бусад тохиолдолд.

12.3.Төрийн өмчийн хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хуульд заасан хугацаанд болон зайлшгүй шаардлагатай үед хийнэ.

12.4.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага үрэгдүүлж, дутаасан хөрөнгийн тооцоог түүний өртөг болон зах зээлийн үнийн аль өндрөөр хийнэ.

Хэвлэх

13 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт

13.1.Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.

13.2.Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

13.3.Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 14.2-т зааснаас бусад өөрийн онцлогт тохирсон дотооддоо мөрдөх анхан шатны баримт, маягтыг дүрэмдээ заасан эрх бүхий удирдах байгууллагаар батлуулан мөрдөж болно.

13.4.Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна.

13.5.Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.

13.6.Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.

13.7.Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэл хөтлөх

14.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.

14.2.Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ давхар бичилтийн аргаар хөтөлнө.

14.3.Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ:

14.3.1.анхан шатны баримт бүрдүүлэх;

14.3.2.журналд бичих;

14.3.3.дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх;

14.3.4.ажил, гүйлгээний мэдээ гаргах;

14.3.5.санхүүгийн тайлан гаргах.

14.4.Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:

14.4.1.аж ахуйн бүх ажил, гүйлгээ;

14.4.2.бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага;

14.4.3.бүх өр төлбөр;

14.4.4.аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр;

14.4.5.бүх орлого;

14.4.6.бүх зардал;

14.4.7.нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс.

14.5.Аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг энэ хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгална.

Хэвлэх

15 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн алдааг залруулах

15.1.Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах бөгөөд зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

15.2.Нягтлан бодох бүртгэлийн алдааг алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулна.

Хэвлэх

16 дугаар зүйл.Санхүүгийн нэмэлт мэдээлэл, тодруулга шаардах эрх

16.1.Доор дурдсан болон хуулиар эрх олгосон бусад этгээд санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн талаар нэмэлт тайлбар, тодруулга шаардах эрхтэй:

16.1.1.харилцагч санхүүгийн байгууллага;

16.1.2.банк, санхүүгийн зах зээлийг хянах, зохицуулах эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага.

16.2.Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь энэ хуулийн 16.1-д заасан этгээдийн шаардсан тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргаж өгнө.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

17 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн удирдлагын тогтолцоо

17.1.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1.улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэл, аудит, татварын мэргэшсэн зөвлөх, хөрөнгийн үнэлгээний нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар хангах;

17.1.2.холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах;

17.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн үндэсний болон холбогдох стандарт, журам баталж, мөрдүүлэх;

17.1.4.эдийн засгийн салбарын хэмжээнд дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам, заавар, аргачлал, маягтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж, мөрдүүлэх;

17.1.5.санхүүгийн тайланг харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх, нэгтгэлийн мэдээллийг ашиглахтай холбогдсон журам тогтоох, улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн нэгтгэл хийх, судалгаа дүгнэлт гаргах;

17.1.6.нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт хяналт тавих чиглэлээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах;

17.1.7.энэ хуульд заасан Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага энэхүү стандартыг хэрхэн мөрдөж байгаад харилцагч санхүүгийн байгууллагатай хамтран хяналт тавих;

17.1.8.нягтлан бодох бүртгэлийн зарим чиг үүргийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гэрээгээр шилжүүлэн авсан төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;

17.1.9.мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох болон эрх сунгах шалгалтын журам, шалгалт авах комиссын бүрэлдэхүүнийг батлах;

17.1.10.олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагаас Монгол Улсад болон гадаад улсад зохион байгуулсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцсэн иргэнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох журмыг батлах;

17.1.11.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад нягтлан бодох бүртгэл хөтлөх зөвшөөрөгдсөн програм хангамжийг нийтэд мэдээлэх.

17.2.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд нягтлан бодох бүртгэл, аудит, татварын мэргэшсэн зөвлөх, үнэлгээний бодлого, арга зүйн асуудал эрхлэх газар байна.

Хэвлэх

18 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалт

18.1.Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ.

18.2.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллана.

18.3.Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна.

18.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээт нягтлан бодогч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч ажиллуулж болно.

18.5.Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ.  18.6.Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх этгээдийг өөрсдөө томилно.

18.7.Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байвал энэ хуулийн 18.3 дахь заалт хамаарахгүй.

18.8.Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд энэ хуулийн 18.6-д заасны дагуу томилогдсон ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд гарч болзошгүй маргаантай холбоотой асуудлыг тусгана.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналт

19.1.Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага, зохион байгуулалтыг аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий этгээд тодорхойлно.

19.2.Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь дотоод аудитын нэгжтэй байж болно.

Хэвлэх

20 дугаар зүйл.Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг

20.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна:

20.1.1.нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах;

20.1.2.нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах;

20.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах;

20.1.4.хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх;

20.1.5.энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага үндэслэлгүй хариуцлага хүлээлгэсэн, эсхүл ажлаас нь чөлөөлсөн гэж үзвэл холбогдох байгууллагад эрхээ хамгаалуулахаар хүсэлт гаргах.

20.2.Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ:

20.2.1.энэ хуулийн 17.1-д заасан эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх;

20.2.2.аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

20.2.3.холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах;

20.2.4.нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах;

20.2.5.дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах;

20.2.6.эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах;

20.2.7.аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээний зөвлөгөө туслалцаа авах;

20.2.8.аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

20.2.9.аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

20.2.10.аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг мэргэжлийн түвшинд хянан, удирдлагад танилцуулах, зөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх;

20.2.11.өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах арга хэмжээ авах;

20.2.12.аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх;

20.2.13.эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороо

21.1.Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороо нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр томилогдсон нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлээр мэргэшсэн есөөс доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

21.2.Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооны үйл ажиллагаа, санхүүжилтийн журмыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.3.Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороо нь дараах чиг үүрэгтэй:

21.3.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, аудитын олон улсын стандартын албан орчуулгыг хянан, хэрэглээний тайлбар, зөвлөмжийг батлах;

21.3.2.Нягтлан бодох бүртгэлийн үндэсний болон холбогдох стандарт, журам, хянан батлуулахаар санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх;

21.3.3.Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооны үйл ажиллагааны журмаар тогтоосон бусад үйл ажиллагаа.

Хэвлэх

22 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч

22.1.Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч байна. Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч гэсэн ангилалтай байна.

22.2.Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.

22.3.Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.

22.4.Нягтлан бодох бүртгэлийн ахлах болон улсын байцаагч нь мэргэшсэн нягтлан бодогч байна.

22.5.Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд шийтгэврийн хуудасны загварыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

22.6.Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална.

Хэвлэх

23 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудын нэмэгдэл, урамшуулал

23.1.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын шийдвэрээр нягтлан бодох бүртгэлийн ажилтанд мэргэшсэн эрхийн нэмэгдэл олгож болно.

23.2.Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ.
МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ

24 дүгээр зүйл.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох этгээдэд тавих шаардлага

24.1.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох этгээд дараах шаардлагыг хангасан байна:

24.1.1.их, дээд сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх;

24.1.2.их, дээд сургууль, коллежийн нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх хичээлийн програмыг ханган, санхүүч, эдийн засагч, менежментийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй төгссөн, нягтлан бодогчоор дөрвөөс доошгүй жил ажилласан байх.

Хэвлэх

25 дугаар зүйл.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх, түүнийг хүчингүй болгох

25.1.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг нэг дэх шатны шалгалтад тэнцсэн бол дөрвөн жилийн хугацаатай, хоёр дахь шатны шалгалтад тэнцсэн бол хугацаагүй олгоно.

25.2.Дараах тохиолдолд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг Институтын удирдах зөвлөлийн шийдвэрээр хүчингүй болгоно:

25.2.1.нас барсан;

25.2.2.өөрөө татгалзсан;

25.2.3.дараагийн шатны шалгалтад тэнцээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр уг шалгалтад ороогүй хоёр жил өнгөрсөн;

25.2.4.мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүй, хууль тогтоомж, холбогдох стандарт, дүрэм журам зөрчсөн нь нотлогдсон бол.

25.3.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх нь хүчингүй болсон этгээд нэг жилийн дотор мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орохыг хориглоно.

Хэвлэх

26 дугаар зүйл.Институтын чиг үүрэг

26.1.Энэ хуулийн 17.1.8-д заасан шийдвэр болон гэрээний хүрээнд Институт нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

26.1.1.мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, мэргэшлийг нь тасралтгүй дээшлүүлэх сургалт зохион байгуулах;

26.1.2.мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

26.1.3.нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт, түүний нэмэлт, өөрчлөлтийг орчуулах, үндэсний стандарт боловсруулах, хэрэглээний тайлбар, зөвлөмж боловсруулан гаргах;

26.1.4.аудитын хуулийн этгээдийг арга зүйн удирдлага, зөвлөгөө мэдээллээр хангах;

26.1.5.аж ахуйн нэгж, байгууллагын стратеги, засаглал, гүйцэтгэл, хэтийн хандлагын уялдааг харуулсан тайлагналын аргачлалыг боловсруулах;

26.1.6.аудитын үйл ажиллагааны стандарт, мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн аудиторын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох.

Хэвлэх


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БУСАД

27 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

27.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

27.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

28 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

28.1.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД