Хэвлэх DOC Татаж авах
ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомж

2.1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ.

2.2.Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна.

2.3.Зохицуулалттай зах зээл дэх үнэт цаасыг барьцаалахтай холбогдсон харилцааг энэ хуульд үндэслэн үнэт цаасыг зохицуулах, хянах эрх бүхий байгууллагын тогтоосон журмаар зохицуулна.

2.4.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь иргэн, хуулийн этгээдийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгөтэй холбоотой гэрээ, хуульд зааснаар үүсэх барьцааны харилцаанд үйлчилнэ.

3.2.Энэ хууль нь санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгчийн эрх, авлага худалдан авагчийн эрх, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн худалдан авагчаас гэрээний зүйлээ буцаан шаардах болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээний зүйлийг буцаан худалдан авах худалдагчийн эрх, эд хөрөнгийг давуу эрхээр худалдан авах эрх бүхий этгээдийн эрхэд барьцааны эрхийн нэгэн адил үйлчлэх бөгөөд тэдгээрийн хувьд зөвхөн эрх хэрэгжүүлэх дараалал болон бүртгэлийн харилцааг зохицуулна.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“баталгаажилт” гэж барьцааны эрх гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр байх, барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах барьцаалагчийн эрхийн дарааллыг баталгаажуулсныг;

4.1.2.“барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого” гэж барьцаа хөрөнгийг худалдан борлуулах болон бусад байдлаар гүйлгээнд оруулснаас олсон эд хөрөнгө, мөнгө, мөнгөтэй адилтгах хөрөнгө, барьцаа хөрөнгө гэмтсэн, устсантай холбоотой гэм хор учруулсны төлбөр, дайчлан гаргуулсны нөхөх олговор болон даатгалын нөхөн төлбөрийг;

4.1.3.“барьцаалан барих эрх” гэж эд хөрөнгийн доголдол, гэмтлийг арилгах, тээвэрлэх, хадгалах үйлчилгээ үзүүлсэн, засварласан, сайжруулсан этгээдэд ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөөх хөлс, төлбөрийг шилжүүлэх хүртэл хугацаанд тухайн эд хөрөнгийг хуульд заасан эрх бүхий этгээд эзэмшилдээ байлгахыг;

4.1.4.“худалдагчийн барьцааны эрх” гэж эд хөрөнгийг зээлээр худалдсан худалдагч, эсхүл худалдан авагчид эд хөрөнгийг худалдан авах зээл олгосон зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож тухайн худалдсан эд зүйлийг барьцаанд авахыг;

4.1.5.“хуульд зааснаар үүсэх барьцааны эрх” гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар болон дампуурлын харилцааг зохицуулсан хуульд заасны дагуу үүсэх барьцааны эрхийг.

Хэвлэх

5 дугаар зүйл.Барьцааны талууд

5.1.Барьцаалагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн шаардлагыг хангуулах үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна.

5.2.Барьцаалуулагч нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалуулсан иргэн, хуулийн этгээд байна.

5.3.Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно.

Хэвлэх

6 дугаар зүйл.Барьцаагаар хангах үүрэг

6.1.Барьцаагаар хангах үүрэг нь мөнгөн хэлбэрээр илэрхийлж болох нэг буюу хэд хэдэн үндсэн үүрэг, хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол тэдгээртэй холбоотой бусад дагалдах үүрэг байна. 

6.2.Үндсэн үүргийг биелүүлээгүйн улмаас барьцааны шаардлагыг хангуулахтай холбогдон барьцаалагчид учирсан хохирол, нэмэгдүүлсэн хүү, анз, тэмдэгтийн хураамж болон нөхөн төлүүлэх шүүхийн зардал нь дагалдах үүрэгт хамаарна.

6.3.Гэрээнд заасан бол барьцаагаар хангах үүргийн хэмжээ өөрчлөгдөж болно.

6.4.Гэрээнд заасан бол ирээдүйд бий болох, эсхүл болзол тавьсан үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно.

Хэвлэх

7 дугаар зүйл.Барьцааны зүйл

7.1.Иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болно.

7.2.Хуульд заасны дагуу төлбөр гаргуулж болохгүй хөдлөх эд хөрөнгө болон бусдын өмчлөлд шилжүүлж үл болох эрх барьцааны зүйл байж болохгүй.

7.3.Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого барьцааны зүйл байна.

7.4.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийн үр шим барьцааны зүйл байна.

7.5.Барьцааны гэрээнд заасан бол барьцааны зүйл, түүний тоо хэмжээ өөрчлөгдөж болно.

Хэвлэх

8 дугаар зүйл.Барьцааны эрх үүсэх үндэслэл

8.1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа нь хуульд зааснаар, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ.

8.2.Хуульд зааснаар үүсэх барьцааны харилцаанд энэ хуульд заасан барьцааны эрхийн баталгаажилт, барьцааны эрхийг хэрэгжүүлэх дараалалтай холбоотой зохицуулалтаас бусад зүйл, заалт хамаарахгүй. 

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БОЛОН БАРЬЦААНЫ БАТАЛГААЖИЛТ

9 дүгээр зүйл.Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх

9.1.Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүснэ.

9.2.Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны үед барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлж болно.

Хэвлэх

10 дугаар зүйл.Барьцааны гэрээний агуулга

10.1.Барьцааны гэрээг Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:

10.1.1.барьцаалагч болон барьцаалуулагч нь иргэн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа газрын хаяг;

10.1.2.барьцаагаар хангах үүрэг, гэрээ байгуулах үед мэдэгдэж байгаа бол барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ;

10.1.3.барьцаалагч, барьцаалуулагч талууд гэрээндээ барьцаагаар хангах үүргийг ирээдүйд үүсэх, эсхүл өөрчлөгдөж болохоор тохиролцсон бол түүнийг тодорхойлох журам, бусад нөхцөл;

10.1.4.барьцааны зүйлийн тодорхойлолт, түүний нэг бүрийн, эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох байдал;

10.1.5.барьцааны гэрээний үргэлжлэх хугацаанд барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах тал;

10.1.6.барьцааны гэрээ байгуулсан он, сар, өдөр.

10.2.Дараах этгээдийн талаар энэ хуулийн 10.1.1-д заасан мэдээллийг барьцааны гэрээнд тусгана:

10.2.1.үүрэг гүйцэтгэгч нь барьцаалуулагч биш бол үүрэг гүйцэтгэгчийн;

10.2.2.барьцааны зүйл нь дундын хөрөнгө бол дундаа өмчлөгчдийн;

10.2.3.үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагч нь хэд хэдэн этгээд бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн.

10.3.Барьцааны гэрээнд барьцаалагч, барьцаалуулагч, эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

10.4.Бичгээр байгуулаагүй барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Барьцааны баталгаажилт

11.1.Барьцааны гэрээнд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан бол барьцааны зүйлийг барьцаалагчийн буюу түүний итгэмжилсэн төлөөлөгчийн эзэмшилд шилжүүлснээр барьцаа баталгаажна.

11.2.Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна.

11.3.Хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна.

11.4.Баталгаажсан барьцааны эрхийг бусдад шилжүүлсэн нь барьцааны баталгаажилтыг дуусгавар болгох, эсхүл тухайн барьцааны эрхийн дарааллыг өөрчлөх үндэслэл болохгүй.

11.5.Барьцааны эрх нь өөр хэлбэрээр тасалдалгүй баталгаажсан бол анх баталгаажсан үеэс баталгаажсанд тооцно.

Хэвлэх

12 дугаар зүйл.Барьцаа баталгаажих онцлог зохицуулалт

12.1.Мөнгөн хадгаламж барьцаалсан бол тухайн хадгаламжийн дансыг барьцаалагч хяналтдаа авснаар түүний барьцаа баталгаажна.

12.2.Тухайн барьцааны зүйлийн хувьд барьцаалагчийн эрх баталгаажсан бол барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлогын барьцааг мөн баталгаажсанд тооцно.

12.3.Барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого болох нь танигдах боломжгүй, цахим мэдээллийн сангийн бүртгэлд энэ талаар тодорхой тусгаагүй бол барьцаалуулагч барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлогыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дараа барьцааны баталгаажилт дуусгавар болно.

12.4.Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажсанд тооцно.

12.5.Энэ хуулийн 40.3-т заасны дагуу бүртгүүлсэн бол барьцааны эрх үүсмэгц ийнхүү бүртгүүлсэн үеэс барьцааны эрхийг баталгаажсанд тооцно.

12.6.Эд хөрөнгийг зээлээр худалдсан худалдагч, эсхүл худалдан авагчид эд хөрөнгийг худалдан авах зээл олгосон зээлдүүлэгч худалдсан эд зүйлийг худалдан авагчид шилжүүлснээс хойш 10 хоногийн дотор цахим мэдээллийн санд бүртгүүлснээр худалдагчийн барьцааны эрх эд зүйлийг шилжүүлсэн үеэс баталгаажсанд тооцно.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДАРААЛЛЫН ЗАРЧИМ, БАРЬЦААЛАГЧИЙН ДАВУУ ЭРХ

13 дугаар зүйл.Барьцааны эрхийг хэрэгжүүлэх дараалал

13.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ тэргүүн ээлжид хангуулах хэд хэдэн барьцаалагчийн эрхийн дарааллыг барьцаа баталгаажсан цаг хугацааны дарааллаар тодорхойлно.

13.2.Баталгаажсан барьцаа нь баталгаажаагүй барьцаанаас барьцааны эрх нь хэзээ үүссэнээс үл хамааран давуу эрхтэй байна.

13.3.Баталгаажаагүй хэд хэдэн барьцааны хувьд барьцаалагчдын эрхийн дарааллыг тогтоохдоо барьцааны эрх үүссэн дарааллыг баримтлана. 

Хэвлэх

14 дүгээр зүйл.Барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлогын барьцааны дараалал

14.1.Барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлогын хувьд тухайн барьцааны зүйлийн талаар барьцаалагчдын эдэлж байсан эрхийн дараалал хэвээр хадгалагдана.

Хэвлэх

15 дугаар зүйл.Худалдагчийн барьцааны давуу эрх

15.1.Худалдан авагчид тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгслийг худалдан авах зээл олгосон зээлдүүлэгч, эсхүл тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгслийг зээлээр худалдсан худалдагч эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээс хойш 10 хоногийн дотор цахим мэдээллийн санд бүртгүүлэн барьцааны эрхээ баталгаажуулсан бол цаг хугацааны дарааллаас үл хамааран бусад баталгаажсан барьцаалагчаас өмнө шаардлагаа хангуулах давуу эрхтэй.

Хэвлэх

16 дугаар зүйл.Мал, тэжээвэр амьтан барьцаалагчийн давуу эрх

16.1.Мал, тэжээвэр амьтны хүнс тэжээл авах болон тэдгээрийн эмчилгээний зорилгоор хөрөнгө шилжүүлсэн этгээд нь барьцааны эрхээ баталгаажуулсан бол тухайн мал, тэжээвэр амьтан болон тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогын хувьд цаг хугацааны дарааллаас үл хамааран бусад баталгаажсан барьцаалагчаас өмнө шаардлагаа хангуулах давуу эрхтэй.

Хэвлэх

17 дугаар зүйл.Үр тариа барьцаалагчийн давуу эрх

17.1.Хуульд зааснаар эзэмшиж байгаа газартаа тарьж ургуулж байгаа үр тарианы баталгаажсан барьцааны эрх нь тухайн газрын өмчлөгчийн шаардах эрх болон газар барьцаалагчийн шаардлагаас давуу эрхтэй байна.

17.2.Үр тариаг тарихаас өмнө зургаан сарын дотор, эсхүл үр тариа ургаж байх үед ургуулах, хураах боломжийг олгох зорилгоор үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа баталгаажсан барьцаа нь тухайн үр тарианы хувьд цаг хугацааны дарааллаас үл хамааран бусад баталгаажсан барьцаанаас давуу эрхтэй байна.

Хэвлэх

18 дугаар зүйл.Барьцаалан барих эрх бүхий этгээдийн давуу эрх

18.1.Иргэний хуулийн 354, 392, 422.3.8, 429.17-д заасны дагуу эд хөрөнгийг барьцаалан барьсан этгээд нь тухайн хөдлөх эд хөрөнгийн хувьд баталгаажсан барьцааны эрхтэй бусад барьцаалагчаас тэргүүн ээлжид үүргээ хангуулах давуу эрхтэй.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсэг болсон хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх

19.1.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагдсан хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсэг болсон бол тухайн хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хэвээр үргэлжилнэ.

19.2.Үл хөдлөх эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсэг болсон барьцааны эрх баталгаажихаас өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн эрхийг холбогдох хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээс бусад тохиолдолд энгийн бүрдэл хэсгийн барьцаа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа эрхийн хувьд давуу эрхтэй байна.

19.3.Барьцаалагдсан хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн үндсэн бүрдэл хэсэг болсон бол тухайн хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болно.

Хэвлэх

20 дугаар зүйл.Бусад эд юмстай нэгдсэн эд хөрөнгийн барьцааны эрх

20.1.Гол эд юмстай нэгдсэн хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх ийнхүү нэгдсэний дараа хэвээр үргэлжилнэ.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан барьцааны эрх энэ хуульд заасны дагуу гол эд юмстай нэгдэх үед баталгаажсан байсан бол ийнхүү нэгдсэний дараа эд хөрөнгийн барьцааны эрхийг баталгаажсанд тооцно.

20.3.Гол эд юмстай нэгдсэн эд хөрөнгийн баталгаажсан барьцааны эрх нь гол эд юмс дахь барьцааны эрхээс давуу эрхтэй.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Орлуулагдах эд хөрөнгө нийлэх, холилдох үеийн барьцааны эрх

21.1.Барьцааны зүйл болох орлуулагдах хөдлөх эд хөрөнгө нь бусдын эд хөрөнгөтэй нийлсэн, холилдсон бол ийнхүү нийлж, холилдсоны үр дүнд бий болсон эд хөрөнгө барьцааны зүйл байна.

21.2.Барьцааны зүйл нийлэх, холилдохоос өмнө барьцаа баталгаажсан бол нийлж, холилдсоны үр дүнд бий болсон эд хөрөнгө дэх барьцааг баталгаажсанд тооцно.

21.3.Энэ хуулийн 21.4-т зааснаас бусад тохиолдолд нийлсэн, холилдсоны үр дүнд бий болсон эд хөрөнгийн барьцааны эрхийн дарааллыг хөдлөх эд хөрөнгийн барьцаа баталгаажсан цаг хугацааны дарааллаар тогтооно.

21.4.Нийлж, холилдсоны үр дүнд бий болсон эд хөрөнгөд хэд хэдэн барьцааны эрх үүсэж байвал барьцааны эрхийг хэрэгжүүлэх дарааллыг дараах байдлаар тогтооно:

21.4.1.хөдлөх эд хөрөнгө нийлэх, холилдох үед баталгаажсан барьцаа баталгаажаагүй барьцааны эрхээс тэргүүн ээлжид хангагдах;

21.4.2.хэд хэдэн баталгаажаагүй барьцааны хувьд түрүүлж үүссэн барьцааны эрхийг тэргүүн ээлжид хангах;

21.4.3.хэд хэдэн баталгаажсан барьцааны хувьд тэдгээрийн барьцааны эрхийн шаардлагыг нийлж, холилдсоноос бий болсон эд хөрөнгийн үнээс эд хөрөнгө нийлэх, холилдох үеийн үнэ цэнэд хувь тэнцүүлэн хангах.

Хэвлэх

22 дугаар зүйл.Барьцаалагч давуу эрхийн дарааллаа өөрчлөх

22.1.Барьцаалагч нь аль нэг барьцаалагчтай барьцааны шаардлагаа хангуулах дарааллыг бичгээр гэрээ байгуулснаар хэдийд ч бууруулан өөрчилж болно.

Хэвлэх

23 дугаар зүйл.Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх

23.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч барьцааны зүйлийг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр захиран зарцуулах бол барьцаалагчид мэдэгдэнэ.

23.2.Барьцаалуулагчийн аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд барьцааны зүйлийг худалдахад энэ хуулийн 23.1-д заасны дагуу мэдэгдэх шаардлагагүй.

23.3.Энэ хуулийн 23.2-т заасан аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд барьцааны зүйлийг худалдах үйл ажиллагаанд тодорхой төрлийн эд хөрөнгийг ашгийн төлөө, тогтмол худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд барьцаалуулсан хөрөнгөө худалдан борлуулах ажиллагаа хамаарна.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах

24.1.Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг худалдах, арилжих болон бусад хэлбэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд уг хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хэвээр хадгалагдана.

24.2.Барьцаалуулагчийн аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд худалдсан хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсаныг мэдэж байсан эсэх, уг барьцааны эрх баталгаажсан эсэхээс үл хамааран худалдан авагч тухайн хөдлөх эд хөрөнгийг барьцааны эрхгүйгээр шилжүүлэн авна.

24.3.Барьцаалагч зөвшөөрсөн бол тухайн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцааны эрхгүйгээр бусдад шилжинэ.

24.4.Барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд тухайн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцаалагдсаныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд энэ хуульд заасны дагуу баталгаажихаас өмнө зохих төлбөртэйгөөр шилжүүлэн авсан бол тухайн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө нь уг этгээдийн өмчлөлд барьцааны эрхгүйгээр шилжинэ.

24.5.Автотээврийн хэрэгсэл худалдан авагч нь уг хөрөнгийг шилжүүлэн авах үед бусдад барьцаалагдсаныг мэдээгүй бөгөөд энэ хуулийн 12.4-т заасны дагуу баталгаажаагүй бол барьцааны эрхгүйгээр шилжүүлэн авна.

24.6.Энэ хуулийн 24.2, 24.3, 24.4, 24.5-д заасан журмын дагуу барьцааны зүйлийг захиран зарцуулсан бол ийнхүү захиран зарцуулснаас олсон орлогод энэ хуулийн 12.3-т заасны дагуу барьцааны эрх үүснэ.

Хэвлэх

25 дугаар зүйл.Авлага барьцаалах онцлог

25.1.Авлагын барьцаа нь энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг бүртгүүлснээр баталгаажна.

25.2.Авлага барьцаалсан бол барьцаалагч барьцаа үүссэн үндэслэл болон түүний баталгаажилтын талаар авлагын үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

25.3.Барьцаалагч нь авлагын үүрэг гүйцэтгэгчид барьцаалуулагч үүргээ зөрчсөн тухай болон барьцааны эрхийн талаар мэдэгдээгүй бол үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргээ барьцаалуулагчийн өмнө гүйцэтгэх бөгөөд уг төлбөрийг барьцаагаар хангагдсан үндсэн үүргийг гүйцэтгэхэд зарцуулна.

25.4.Барьцаалагч нь авлагын үүрэг гүйцэтгэгчид барьцааны эрх болон барьцаалуулагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй талаар мэдэгдсэн бөгөөд авлагын үүрэг гүйцэтгэгчийг үүргээ барьцаалагчид гүйцэтгэхийг шаардсан бол уг үүргийн хангалтыг барьцаагаар хангагдсан үндсэн үүргийг гүйцэтгэхэд зарцуулна. Барьцаалагчаас мэдэгдэл хүлээн авснаас хойш авлагын үүрэг гүйцэтгэгч барьцаалуулагчийн өмнө үүргийг гүйцэтгэсэн бол авлагын үүргийг гүйцэтгэсэнд тооцохгүй.

25.5.Энэ хуулийн 25.4-т заасан мэдэгдлийг бичгээр үйлдэх бөгөөд түүнд дараах мэдээллийг тусгасан байна:

25.5.1.барьцаалагчийн нэр;

25.5.2.авлагын хэмжээ, үнийн дүн, хугацаа, хүлээн авах нөхцөл, журам; 

25.5.3.авлагыг хэнд гүйцэтгэх талаарх зааварчилгаа;

25.5.4.авлага барьцаалсан талаарх нотлох баримт.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БАРЬЦААНЫ ЗҮЙЛИЙН ТАЛААРХ ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

26 дугаар зүйл.Барьцааны зүйлийг ашиглах

26.1.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн эзэмшилд шилжээгүй барьцаа /цаашид “эзэмшлийн бус барьцаа” гэх/-ны барьцаалуулагч нь барьцааны зүйлийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй.

26.2.Эзэмшлийн бус барьцааны үед барьцаалуулагч нь барьцааны зүйлээс олох орлого, үр шимийг хүртэх эрхтэй бөгөөд барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч уг орлого, үр шимийн талаар аливаа эрх эдлэхгүй.

Хэвлэх

27 дугаар зүйл.Барьцааны зүйлийг арчлах, засварлах

27.1.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол эзэмшлийн бус барьцааны барьцаалуулагч нь барьцааны үүрэг дуусгавар болох хүртэл барьцааны зүйлийг арчлан хамгаалж, хууль, гэрээгээр тогтоосон хугацаа, журмын дагуу, хэрэв хугацаа заагаагүй бол зохистой хугацаанд урсгал засвар хийж, гарсан зардлыг хариуцна.

27.2.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн эзэмшилд шилжсэн барьцаа /цаашид “эзэмшлийн барьцаа” гэх/-ны барьцаалагч нь барьцааны зүйлийг арчлан хамгаалж, шаардлагатай засвар үйлчилгээг хариуцна.

Хэвлэх

28 дугаар зүйл.Барьцааны зүйлийн даатгал

28.1.Талууд гэрээгээр харилцан тохиролцон барьцааны зүйлийг даатгуулж болно.

28.2.Даатгуулсан барьцааны зүйлийн даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд барьцаалагч даатгалын нөхөн төлбөрийн хөрөнгөөс барьцааны шаардлагаа хангуулах эрхтэй.

Хэвлэх

29 дүгээр зүйл.Барьцааны зүйлийг дайчлан гаргуулснаас үүсэх үр дагавар

29.1.Хэрэв барьцааны зүйлийг хуульд заасны дагуу дайчлан гаргуулсан бөгөөд ийнхүү дайчлан гаргуулсны төлөө нөхөх олговор, үнийг төлсөн бол барьцаалагч нь уг нөхөх олговор, үнээс барьцааны шаардлагаа хангуулах эрхтэй. 

Хэвлэх

30 дугаар зүйл.Барьцааны зүйлийг устах, гэмтэхээс сэргийлэх

30.1.Барьцааны зүйлийг эзэмшиж байгаа этгээд барьцааны зүйлийн бүрэн бүтэн, эрхийн доголдолгүй байдлыг хангах, түүний дотор бусад этгээдийн хууль бус халдлага, гэнэтийн аюулаас хамгаалахын тулд хууль болон гэрээгээр тогтоосон арга хэмжээг авах, хэрэв энэ талаар хууль болон гэрээнд заагаагүй бол шаардлагатай ердийн арга хэмжээг авах үүрэгтэй.

30.2.Барьцааны зүйл устах, гэмтэх бодит аюул тулгарсан тохиолдолд барьцааны зүйлийг эзэмшиж байгаа этгээд гэрээний нөгөө талд энэ тухай нэн даруй мэдэгдэнэ.

Хэвлэх

31 дүгээр зүйл.Барьцааны зүйлийг шалгах

31.1.Барьцааны зүйлийг эзэмшээгүй гэрээний тал барьцааны зүйлийн бодит байдал, арчлалт, хамгаалалтыг нөгөө талд мэдэгдэл өгсний үндсэн дээр шалгах эрхтэй.

31.2.Энэ хуулийн 31.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд барьцааны зүйлийг эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил, ашиглалтад саад учруулж болохгүй.

Хэвлэх

32 дугаар зүйл.Барьцаагаар хангах үүргийг шилжүүлэх

32.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаагаар хангах үүрэг шилжсэнээр барьцааны эрх хамт шилжсэнд тооцогдоно.

Хэвлэх

33 дугаар зүйл.Барьцаалуулагч дампуурах, төлбөрийн чадваргүй болох

33.1.Баталгаажсан барьцааны дараалал нь дампуурлын хэргийн нэхэмжлэлийн шаардлага хангах дараалалд нэгэн адил үйлчилнэ.

33.2.Барьцаалуулагчийн эсрэг дампуурлын хэрэг үүссэн тохиолдолд барьцааны эрх хүчин төгөлдөр бөгөөд хэрэг гүйцэтгэгч барьцааны зүйлийг худалдан борлуулсан орлогоос эхний ээлжид барьцаалагчийн шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг нь хариуцагчийн хуваарилагдах хөрөнгөд хамаарна.

33.3.Барьцаалуулагч дампуурсан, эсхүл төлбөрийн чадваргүйд тооцогдсон тохиолдолд барьцааны зүйлийг борлуулсан орлого нь барьцаалагчийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол ийнхүү хүрээгүй хэсгийг энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлнэ.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
БАРЬЦААНЫ МЭДЭГДЛИЙН БҮРТГЭЛ

34 дүгээр зүйл.Бүртгэлийн байгууллага

34.1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “бүртгэлийн байгууллага” гэх/ энэ хуульд заасан журмын дагуу цахим мэдээллийн санд бүртгэж бүртгэлийн дугаар олгоно.

34.2.Энэ хуульд заасан барьцааны мэдэгдлийн бүртгэл нь зөвхөн тодорхой өмчлөгчийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн хувьд барьцааны эрх үүссэнийг нийтэд мэдэгдэх, барьцааны эрхийн дараалал тогтоох зорилготой бөгөөд сонирхогч этгээд барьцааны гэрээний агуулгын талаар барьцаалагч, эсхүл барьцаалуулагчаас тодруулга хүсч болно.

Хэвлэх

35 дугаар зүйл.Цахим мэдээллийн сан

35.1.Бүртгэлийн байгууллага нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан /цаашид “цахим мэдээллийн сан” гэх/-тай байна.

35.2.Цахим мэдээллийн санг улсын хэмжээнд үүсгэх, түүний тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, найдвартай байдлыг бүртгэлийн байгууллага хариуцна.

35.3.Бүртгэлийн байгууллага нь цахим мэдээллийн санд бүртгэсэн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн талаарх статистик мэдээг сар, улирал, жилээр улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

35.4.Энэ хуулийн 35.1-д заасан цахим мэдээллийн сан нь улсын хэмжээнд нэгдсэн, нийтэд нээлттэй байна.

Хэвлэх

36 дугаар зүйл.Цахим мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах журам

36.1.Цахим мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, мэдээлэл өгөх, солилцох, барьцааны эрхийн мэдэгдлийг бүртгэж дугаар олгох, нийтэд нээлттэй байх болон статистикийн зориулалттай мэдээллийн төрлийг тогтоох журмыг бүртгэлийн байгууллагын даргын санал болгосноор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

37 дугаар зүйл.Цахим мэдээллийн санд хайлт хийх

37.1.Цахим мэдээллийн сан нь барьцааны талаар мэдээлэл авах, хайлт хийхэд олон нийтэд нээлттэй байна.

37.2.Бүртгэлийн байгууллагаас барьцааны мэдэгдлийн бүртгэлийн лавлагааг авч болно.

Хэвлэх

38 дугаар зүйл.Үйлчилгээний хураамж

38.1.Цахим мэдээллийн санд хайлт хийх, хуульд зааснаар үүсэх барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх болон барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлахад үйлчилгээний хураамж төлөхгүй.

38.2.Барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд4 заасан үйлчилгээний хураамж төлнө.

Хэвлэх

39 дүгээр зүйл.Барьцааны мэдэгдэл

39.1.Барьцааны мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:

39.1.1.барьцаалуулагч нь иргэн бол түүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар /гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт буюу түүнтэй адилтгах баримт бичгийн дугаар/, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, бүртгэлийн дугаар, оршин байгаа газрын хаяг;

39.1.2.барьцаалагч нь иргэн бол түүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, бүртгэлийн дугаар, оршин байгаа газрын хаяг;

39.1.3.барьцааны зүйл, түүний тоо хэмжээ, ерөнхий дүрслэл;

39.1.4.барьцаагаар хангах үүргийн хугацаа.

39.2.Хэд хэдэн барьцаалагч болон барьцаалуулагчтай бол энэ хуулийн 39.1.1, 39.1.2-т заасан мэдээллийг холбогдох этгээд тус бүрээр тусгана.

Хэвлэх

40 дүгээр зүйл.Барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх

40.1.Барьцааны мэдэгдлийг барьцаалагч, эсхүл түүний төлөөлөгч цахим хэлбэрээр бүртгүүлнэ.

40.2.Барьцаалагч барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх зөвшөөрлийг барьцаалуулагчаас бичгээр авах бөгөөд уг зөвшөөрлийг барьцааны гэрээнд тусгаж болно.

40.3.Барьцаалагч болон барьцаалуулагч бичгээр харилцан тохиролцсон бол барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулахаас өмнө, эсхүл барьцааны гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлж болно.

40.4.Дампуурлын тухай хууль тогтоомжид заасны дагуу үүсэх барьцааг шүүхээс томилсон хэрэг гүйцэтгэгч, шүүхийн шийдвэрээр үүсэх барьцааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, татварын хууль тогтоомжид заасны дагуу үүсэх барьцааг татварын байгууллага барьцаалуулагчийн зөвшөөрөлгүйгээр цахим мэдээллийн санд оруулна.

40.5.Барьцааны гэрээнд энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан мэдээлэлтэй холбоотойгоор бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ талаар барьцаалагч цахим мэдээллийн санд бүртгүүлнэ.

40.6.Барьцааны гэрээний хугацааг сунгасан тохиолдолд барьцаалагч барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлнэ.

Хэвлэх

41 дүгээр зүйл.Барьцааны мэдэгдэл хүчин төгөлдөр болох

41.1.Цахим мэдээллийн санд бүртгэгдсэн барьцааны мэдэгдэл нийтэд нээлттэй болсон үеэс хүчин төгөлдөр болно.

41.2.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдлийг гаргаагүй бол цахим мэдээллийн санд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд барьцааны мэдэгдлийн бүртгэл хүчинтэй байна.

41.3.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацаа дуусахад тухайн барьцааг сунгах мэдэгдэл бүртгүүлэхээс бусад аргаар баталгаажуулаагүй бол баталгаажаагүй барьцаанд тооцно.

Хэвлэх

42 дугаар зүйл.Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

42.1.Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:

42.1.1.барьцааны мэдэгдлийг бүртгэсэн анхны дугаар;

42.1.2.барьцааны мэдэгдлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн барьцаалагчийн энэ хуулийн 39.1.2-т заасан мэдээлэл;

42.1.3.барьцааны мэдэгдэлд шаардагдах бусад мэдээлэл.

42.2.Барьцааны мэдэгдлийн бүртгэлд барьцааны зүйл нэмэх, эсхүл шинэ барьцаалуулагч, барьцаалагчийн мэдээллийг нэмж оруулах мэдэгдлийг бүртгүүлэхэд шинээр байгуулсан барьцааны гэрээ болон шинэ барьцаалуулагч, барьцаалагчийн зөвшөөрлийг бичгээр авсан байна.

42.3.Барьцааны мэдэгдлийн нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн тухайн өөрчлөлтийг зөвшөөрсөн барьцаалагчийн хувьд хүчин төгөлдөр байна.

Хэвлэх

43 дугаар зүйл.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах

43.1.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:

43.1.1.барьцааны мэдэгдлийг бүртгэсэн анхны дугаар;

43.1.2.барьцааны мэдэгдлийн бүртгэлийг сунгах зөвшөөрөл өгсөн барьцаалагчийн энэ хуулийн 39.1.2-т заасан мэдээлэл.

43.2.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдлийг анхны бүртгэлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө зургаан сарын дотор бүртгүүлнэ.

43.3.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдлийг бүртгэснээр анхны бүртгэлийн хүчин төгөлдөр хугацаа сунгалтыг зөвшөөрсөн барьцаалагчийн хувьд дахин гурван жилээр сунгагдсанд тооцно.

Хэвлэх

44 дүгээр зүйл.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлах

44.1.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлах мэдэгдэл /цаашид “цуцлах мэдэгдэл” гэх/-д дараах зүйлийг тусгана:

44.1.1.барьцааны мэдэгдлийг бүртгэсэн анхны дугаар;

44.1.2.барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлах зөвшөөрөл өгсөн барьцаалагчийн энэ хуулийн 39.1.2-т заасан мэдээлэл;

44.1.3.цуцлах зөвшөөрөл өгсөн барьцаалагч тус бүрийн хувьд барьцааны мэдэгдлийн бүртгэл хүчин төгөлдөр бус болсон тухай тэмдэглэл.

44.2.Дараах тохиолдолд барьцаалагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагчаас бичгээр мэдэгдэл хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор цуцлах мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлнэ:

44.2.1.барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон;

44.2.2.үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагч анхны бүртгэл хийлгэх зөвшөөрлийг өгөөгүй.

44.3.Барьцаалагч энэ хуулийн 44.2-т заасан хугацаанд цуцлах мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлээгүй бол тийнхүү бүртгүүлээгүйгээс барьцаалуулагчид учирсан хохирол болон гэрээнд заасан тохиолдолд анзыг нөхөн төлнө.

44.4.Хуульд зааснаар үүсэх барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүн бүрэн хангагдсан тохиолдолд барьцаалагч барьцаалуулагчаас бичгээр ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор цуцлах мэдэгдлийг бүртгүүлнэ.

44.5.Цуцлах мэдэгдэл нь зөвхөн цуцлах зөвшөөрөл өгсөн барьцаалагчийн хувьд хүчинтэй байна.

Хэвлэх

45 дугаар зүйл.Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт тайлбар оруулах

45.1.Цахим мэдээллийн санд оруулсан аливаа мэдээллийг залруулах, тодруулах зорилгоор үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагч нь нэмэлт тайлбар оруулж болно.

45.2.Энэ хуулийн 45.1-д заасан нэмэлт тайлбарыг оруулсан нь барьцааны мэдэгдлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

45.3.Цахим мэдээллийн санд үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг мэдээлэл оруулсан буруутай этгээд нөхөн төлнө.

Хэвлэх

46 дугаар зүйл.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийг татгалзах

46.1.Анх удаа бүртгүүлж байгаа барьцааны мэдэгдэл нь дараах мэдээллийг агуулаагүй байвал цахим мэдээллийн санд бүртгэхээс татгалзана:

46.1.1.барьцаалуулагчийн регистрийн дугаар;

46.1.2.барьцаалагчийн нэр, оршин суугаа газрын хаяг;

46.1.3.барьцааны зүйлийн талаарх тодорхойлолт.

46.2.Барьцааны мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийн бүртгэлийн дугаар хүчингүй, хугацаа дууссан, цуцлагдсанаас гадна дараах мэдээлэл агуулаагүй байвал бүртгэхээс татгалзана:

46.2.1.нэмэлт, өөрчлөлт орж байгаа үндсэн мэдэгдлийн бүртгэлийн дугаар;

46.2.2.барьцаалуулагчийн регистрийн дугаар;

46.2.3.барьцаалагчийн нэр, оршин суугаа газрын хаяг.

46.3.Бүртгэлийн хугацааг сунгуулах тухай мэдэгдлийн бүртгэлийн дугаар хүчингүй, хугацаа дууссан, цуцлагдсанаас гадна дараах мэдээлэл агуулаагүй бол бүртгэхээс татгалзана:

46.3.1.хугацааг нь сунгуулах үндсэн мэдэгдлийн дугаар;

46.3.2.мэдэгдлийн сунгагдах хугацаа.

46.4.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлах тухай мэдэгдлийн хувьд цуцалж байгаа мэдэгдлийн бүртгэлийн дугаар хүчингүй, хугацаа дууссан, цуцлагдсанаас гадна цуцлах гэж байгаа үндсэн мэдэгдлийн дугаарыг агуулаагүй бол бүртгэхээс татгалзана.

46.5.Энэ хуульд заасан барьцааны мэдэгдлийг бүртгүүлэхдээ үйлчилгээний хураамжийг төлөөгүй нь барьцааны мэдэгдлийг бүртгэхээс татгалзах үндэслэл болно.

Хэвлэх


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БАРЬЦААНЫ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ

47 дугаар зүйл.Барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл

47.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагчид барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүснэ.

Хэвлэх

48 дугаар зүйл.Барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдэл

48.1.Барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэл өгөх бөгөөд мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:

48.1.1.барьцааны гэрээний талаарх мэдээлэл;

48.1.2.барьцааны эрх хэрэгжих нөхцөл бүрдсэн болон барьцааны эрхээ хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдэл;

48.1.3.барьцаалуулагчаас барьцааны шаардлагыг хангах талаар авч болох арга хэмжээ;

48.1.4.уг арга хэмжээг авах эцсийн боломжит хугацаа.

Хэвлэх

49 дүгээр зүйл.Барьцааны шаардлагыг хангах хугацаа

49.1.Барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагчийн барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс хойш 14 хоног байна.

Хэвлэх

50 дугаар зүйл.Барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг бүртгэлд тэмдэглүүлэх болон бусад барьцаалагчид мэдэгдэх

50.1.Барьцааны шаардлагыг хангуулахаар тогтоосон хугацаа дууссан бол барьцаалагч барьцааны эрхээ хэрэгжүүлнэ.

50.2.Барьцаа нь бүртгэлээр баталгаажсан барьцаа бол барьцаалагч барьцааны шаардлагаа хангах ажиллагаа эхлүүлсэн тухай цахим мэдээллийн санд тэмдэглүүлнэ.

50.3.Барьцааны шаардлагаа хангах ажиллагааг эхлүүлсэн барьцаалагч энэ талаарх мэдэгдлийг тухайн зүйлийг барьцаалан бүртгэлээр баталгаажсан бусад барьцаалагчид барьцааны зүйлийг худалдан борлуулахаас 10-аас доошгүй хоногийн өмнө бүртгэлд заасан хаягаар хүргүүлж мэдэгдэнэ. Энэ хуулийн 50.3-т заасан мэдэгдэлд барьцаалагч, барьцаалуулагч, барьцааны зүйл, барьцааны зүйлийг худалдан борлуулахаар төлөвлөж байгаа арга, хугацаа, байршлын тухай мэдээллийг тусгасан байна.

Хэвлэх

51 дүгээр зүйл.Барьцааны эрх хангуулах нэхэмжлэл гаргах

51.1.Цахим мэдээллийн санд барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг бүртгүүлснээр барьцаалагч барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авах эрхтэй.

51.2.Барьцаалагч барьцааны зүйлийг эзэмшилдээ авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол барьцааны эрхээ хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

51.3.Барьцаалагч энэ хуулийн 51.2-т заасан нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 69.1.5-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүрээнд барьцааны зүйлийг эзэмшилдээ авах хүсэлт гаргаж болно.

51.4.Шүүгч энэ хуулийн 51.3-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор барьцааны гэрээнд заасан нөхцөл биелсэн гэж үзэж барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэх тухай захирамж гаргана.

51.5.Барьцааны зүйл нь дахин давтагдашгүй, ховор, орлуулах боломжгүй эд зүйл биш бол барьцаалагчийн хүсэлтээр шүүх барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхийн хамт түүнийг худалдан борлуулах зөвшөөрлийг олгож болно.

51.6.Барьцаалагч нь энэ хуулийн 51.4, 51.5-д заасан барьцааны зүйлийг худалдан борлуулсны орлого, энэ хуулийн 51.2-т заасан нэхэмжлэлийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хадгалах үүрэгтэй.

Хэвлэх

52 дугаар зүйл.Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох

52.1.Барьцаалагчаас барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр энэ хуульд заасны дагуу авч хэрэгжүүлсэн хууль ёсны үйлдэлд барьцаалуулагчийн зүгээс хууль бусаар саад учруулахыг хориглоно.

Хэвлэх

53 дугаар зүйл.Барьцааны шаардлагыг хангах арга

53.1.Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдан борлуулахдаа тухайн барьцааны зүйлийн шинж чанарыг харгалзан үзэж, тухайн нөхцөл байдалд тохирсон аргыг сонгох, барьцааны зүйлийг худалдан борлуулах гуравдагч этгээдийг томилох зэргээр аль болох зардал багатай, шударгаар борлуулах оновчтой арга хэрэгслийг сонгох үүрэгтэй.

53.2.Барьцааны зүйлийг дараах аргаар худалдан борлуулж, барьцааны шаардлагыг хангана:

53.2.1.барьцаалагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан шууд, эсхүл дуудлага худалдаагаар худалдах;

53.2.2.барьцааны зүйлийг хөндлөнгийн этгээдийн дуудлага худалдаагаар худалдах;

53.2.3.тухайн төрлийн эд хөрөнгийг худалдах, худалдан авах тогтсон зах зээл, бирж дээр худалдах.

Хэвлэх

54 дүгээр зүйл.Барьцааны зүйлийг борлуулснаас олсон орлогыг хуваарилах

54.1.Барьцааны зүйлийг энэ хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулахтай холбогдон гарсан зардлыг төлсний дараа барьцаалагч нь барьцааны зүйлийг борлуулснаас олсон орлогыг өөрийн болон бусад барьцаалагчийн барьцааны шаардлагыг энэ хуульд заасан дарааллын дагуу хангаж, үлдэгдлийг нь барьцаалуулагчид олгоно.

54.2.Энэ хуулийн 54.1-д зүйлд заасны дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулснаас олсон орлогыг хуваарилахаас 10-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 50.3-т заасан этгээдэд орлого хуваарилах он, сар, өдөр, газар, орлого хуваарилахад гаргах шаардлага, нотлох баримтыг хүргүүлж болох хаягийн талаарх мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд уг мэдэгдлийг энэ хуулийн 50.3-т заасан мэдэгдэлтэй хамт, эсхүл тусад нь хүргүүлж болно.

54.3.Барьцаалагч энэ хуулийн 54.1-д заасны дагуу барьцааны зүйлийг борлуулснаас олсон орлогыг хуваарилахдаа дараах дарааллыг баримтална:

54.3.1.барьцааны зүйлийг эзэмшилдээ авах, хадгалах, худалдан борлуулахтай холбогдон гарсан бодит зардал;

54.3.2.энэ хуульд заасан өөрөөс өмнөх дарааллын шаардлага;

54.3.3.барьцааны эрхийг хэрэгжүүлж байгаа барьцаалагчийн өөрийн шаардлага;

54.3.4.барьцааны зүйлийг борлуулснаас олсон орлогыг хуваарилахаас өмнө энэ хуулийн 54.2-т заасан мэдэгдэл, нотлох баримт ирүүлсэн дарааллын хувьд дараах бусад барьцаалагчийн шаардлага.

Хэвлэх

55 дугаар зүйл.Барьцаалуулагчийн барьцааны зүйлээ эгүүлэн авах эрх

55.1.Барьцааны зүйлийг борлуулахаас өмнөх аль ч үе шатанд барьцаалуулагч нь барьцааны шаардлагыг бүрэн хангаж, барьцааны шаардлагыг хангуулах ажиллагааг зогсоох эрхтэй.

55.2.Энэ хуулийн 55.1-д заасан тохиолдолд барьцаалуулагч нь барьцааны шаардлагаа хангуулахтай холбоотой барьцаалагчаас гаргасан зардал, хохирлыг нөхөн төлнө.

Хэвлэх

56 дугаар зүйл.Барьцааны зүйлийн өмчлөх эрх худалдан авагч болон бусад барьцаалагчид шилжих

56.1.Энэ хуульд заасны дагуу худалдан борлуулсан барьцааны зүйлийг худалдан авсан этгээд тухайн зүйлийг аливаа барьцааны эрхээс чөлөөтэйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авна.

56.2.Барьцаалагч нь барьцаалуулагч, үүрэг гүйцэтгэгч, тухайн барьцааны зүйлийн хувьд барьцааны эрхээ энэ хуульд заасны дагуу бүртгүүлсэн бусад барьцаалагч бичгээр зөвшөөрсөн тохиолдолд барьцаагаар хангах үүргийг бүхлээр нь буюу хэсэгчлэн хангаснаар тооцож, барьцааны зүйлийг бүхлээр нь буюу хэсэгчлэн өөрийн өмчлөлд шилжүүлэн авч болно.

Хэвлэх

57 дугаар зүйл.Авлагаас шаардлагаа хангуулах

57.1.Барьцааны зүйл нь авлага бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тохиолдолд барьцаалагч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчээс барьцааны шаардлагаа шууд хангуулах эрхтэй.

57.2.Барьцаалсан авлагын үнийн дүнг төлсөн бөгөөд үүргийн гүйцэтгэл нь барьцаагаар хангах үүргээс илүү гарсан тохиолдолд барьцаалагч барьцааны шаардлагаа хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлаа суутган тооцож, илүү гарсан төлбөрийг барьцаалуулагчид эгүүлэн шилжүүлнэ.

57.3.Барьцаалсан авлагын төлбөрийн хугацаа болоогүй ч барьцааны эрх хэрэгжих үед төлөгдсөн бол барьцаалагч нь барьцаагаар хангагдсан үүргийн гүйцэтгэл хангагдсан тухай үүрэг гүйцэтгэгчид зохих ёсоор мэдэгдэж, тухайн төлбөрийг төлбөр хийх хугацаа хүртэл өөртөө үлдээж болно.

57.4.Барьцааны зүйл нь барьцаалагчийн эзэмшилдээ авсан мэдүүлгийн үнэт цаас бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тохиолдолд барьцаалагч барьцаагаар хангуулах шаардлагаа барьцааны зүйлээр илэрхийлсэн эрхийг хэрэгжүүлэх замаар шууд хангуулах эрхтэй.

57.5.Барьцааны зүйл нь банкны дансанд байгаа мөнгөн хөрөнгө бол барьцаалагч банк үл маргах журмаар барьцаагаар хангагдах шаардлагаа уг мөнгөн хөрөнгөөс хангах эрхтэй. Барьцаалагч банкнаас бусад этгээд бол дансны удирдах эрхийг хяналтдаа авсан этгээд барьцааны зүйл болох мөнгөн хөрөнгөөс барьцаагаар хангагдах шаардлагыг шууд хангуулах эрхтэй.

Хэвлэх


ДОЛООДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

58 дугаар зүйл.Барьцааны эрх дуусгавар болох үндэслэл

58.1.Хуульд өөрөөр заагаагүй бол барьцааны эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:

58.1.1.барьцааны гэрээний талууд харилцан тохиролцсон;

58.1.2.барьцаагаар хангах үүрэг хангагдсан, эсхүл үүрэг дуусгавар болсон;

58.1.3.барьцааны зүйл үгүй болсон;

58.1.4.барьцааны зүйл барьцаалагчийн өмчлөлд шилжсэн;

58.1.5.барьцаагаар хангах үүргийг барьцааны зүйлээс тусад нь шилжүүлсэн;

58.1.6.барьцааны зүйлийг энэ хуульд заасны дагуу худалдах буюу бусдад шилжүүлсэн.

Хэвлэх

59 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

59.1.Энэ хуулийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД