Хэвлэх DOC Татаж авах
ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний экспортын чиг баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомж

2.1.Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцаанд хамаарна.

3.2.Энэ хуульд заасан дэмжлэгт ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах үйл ажиллагаа хамаарахгүй.

3.3.Энэ хуульд заасан дэмжлэгт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээд хамрагдахгүй.

3.4.Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“боловсруулалт” гэж тоног төхөөрөмж, технологийн шугамыг ашиглан түүхий эдийг бүтээгдэхүүн, эсхүл дараагийн шатны үйлдвэрлэлийн материалд хувиргах үйл явцыг;

4.1.2.“үйлдвэр” гэж боловсруулалт хийх зориулалтын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө, техник, технологи, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөц, дэд бүтцийн цогцолбор бүхий аж ахуйн нэгжийг;

4.1.3.“үнэ цэнэ” гэж боловсруулалтын үр дүнд тухайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг, өрсөлдөх чадвар бий болсныг;

4.1.4.“үнэ цэнийн сүлжээ” гэж зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор харилцан хамаарал бүхий үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн цогц үйл ажиллагааг;

4.1.5.“технологи” гэж Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн[3] 3.1.1-д заасныг;

4.1.6.“технологийн шинэчлэл” гэж тухайн үеийн түвшнээс давуутай нь нотлогдсон бүтээгдэхүүний болон үйл ажиллагааны технологийн дэвшилтэт арга хэрэгсэл, хэлбэрийг;

4.1.7.“өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи” гэж түүхий эд, материалыг иж бүрэн боловсруулах, бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах, шинж чанарыг сайжруулахад чиглэсэн технологийн шинэчлэлийг;

4.1.8.“судалгаа, хөгжлийн зардал” гэж аж үйлдвэрийн салбарт үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттайгаар хийгдсэн шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд зарцуулсан урсгал болон хөрөнгийн зардлыг;

4.1.9.“технологийн нэгдсэн бүртгэлийн сан” гэж технологийн төрөл болон чиглэлээр ангилсан, судлаач, байгууллага болон бусад этгээдэд үйлчилгээ үзүүлэх аж үйлдвэрийн салбарын технологийн бүртгэл болон бусад статистик мэдээллийн бүртгэлийг;

4.1.10.“факторинг үйлчилгээ” гэж Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.2-т заасныг;

4.1.11.“хүүгийн зөрүү” гэж арилжааны банкуудын зээлийн хүүгийн дундаж хувь болон үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас тогтоосон нэрлэсэн хүүгийн хувь, хэмжээний зөрүүг.

Хэвлэх

5 дугаар зүйл.Үйлдвэрлэлийг дэмжихэд баримтлах зарчим

5.1.Үйлдвэрлэлийг дэмжихэд дараах зарчмыг баримтална:

5.1.1.үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа нь төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод нийцсэн байх;

5.1.2.ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн байх;

5.1.3.эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байх;

5.1.4.улс, бүс нутаг, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай байх;

5.1.5.дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

Хэвлэх

6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

6.1.Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;

6.1.2.үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

6.1.3.дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавихтай холбоотой журмыг батлах;

6.1.4.энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

6.1.5.дэмжлэгийн хэрэгжилтийн болон дотоодын үйлдвэрийн бараа, ажил, үйлчилгээг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авсан тухай тайланг дараа оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд тайлагнах;

6.1.6.үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх;

6.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

7 дугаар зүйл.Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

7.1.Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

7.1.2.энэ хуулийн 6.1.3-т заасан журмыг үндэслэн дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавих;

7.1.3.технологийн нэгдсэн бүртгэлийн санг үүсгэх, баяжуулах ажлыг зохион байгуулах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлал, боловсруулалт болон мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулах;

7.1.4.шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох, холбогдох дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэх;

7.1.5.энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

7.1.6.үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тухайн жилийн төсвийн хуваарийг батлах;

7.1.7.үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн орлого, зарлагын тайланг улирал, жилээр гаргаж төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

7.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРӨӨС ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ

Хэвлэх

8 дугаар зүйл.Төрөөс экспортын үйлдвэрлэлийг дэмжих

8.1.Төрөөс үйлдвэрлэлийг дараах хэлбэрээр дэмжинэ:

8.1.1.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд зориулан арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг олгох;

8.1.2.өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгон, нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгох;

8.1.3.экспортын үйлдвэрлэлийг экспортын санхүүжилтийн төрөл бүрийн арга хэрэгсэл, түүний дотор факторингийн үйлчилгээг хөгжүүлэх замаар дэмжих.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийг үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгоно.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжид тавих шаардлага

9.1.Энэ хуульд заасан дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгж дараах шаардлагыг хангасан байна:

9.1.1.дотоодын түүхий эд болон импортын түүхий эдийн нөөцөд тулгуурлан үнэ цэнийн сүлжээг бий болгосон байх.

9.2.Энэ хуулийн 9.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан бол давуу эрх олгоно:

9.2.1.нээлттэй хувьцаат компани байх;

9.2.2.үйлдвэрлэлийн үндсэн болон туслах материал, бусад хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний 60-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэгчээс хангасан байх;

9.2.3.технологийн бүртгэлийн нэгдсэн санд бүртгэлтэй байх.

9.3.Энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийг авах үйлдвэр дараах үнэлгээ хийлгэсэн байна:

9.3.1.олон улсын аудитын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангийн үнэлгээ;

9.3.2.эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ.

Хэвлэх

10 дугаар зүйл.Дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжийн эрх, үүрэг

10.1.Үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж нь өөрийн нэвтрүүлсэн, нутагшуулсан технологи, эзэмшиж байгаа патент, лиценз, судалгаа, хөгжлийн ажлын үр дүн зэрэг технологийн шинэчлэлийн талаарх мэдээллийг тухай бүр технологийн нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлнэ.

10.2.Дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан ерөнхий шаардлага болон энэ хуулийн 6.1.3-т заасан журмын нөхцөл, шаардлагыг хангасан байна.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

11 дүгээр зүйл.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан

11.1.Энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийг санхүүжүүлэх зорилго бүхий Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байна.

11.2.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

12 дугаар зүйл.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн орлогын эх үүсвэр

12.1.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

12.1.1.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

12.1.2.сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;

12.1.3.олон улсын байгууллага, гадаад улсаас үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгосон зээл;

12.1.4.олон улсын байгууллага, гадаад улсаас өгсөн хандив, тусламж;

12.1.5.бусад эх үүсвэр.

Хэвлэх

13 дугаар зүйл.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зарцуулалт

13.1.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийг олгох үйл ажиллагаанаас өөр зүйлд зарцуулахыг хориглоно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн орлого, зарлагын төсөв

14.1.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилна.

14.2.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд тухайн жилд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгт олгох шаардлагатай хөрөнгө оруулалт, хөрөнгийн хэмжээг харгалзан Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал батална.

14.3.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тухайн жилийн төсвийн хуваарийг аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД

15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

15.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

15.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

16 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

16.1.Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД