A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 17.1, 17.3, 17.4 ДЭХ ХЭСЭГ, 18 ДУГААР ЗҮЙЛИЙН 18.1 ДЭХ ХЭСГИЙН 18.1.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР

2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 17 ДУГААР ЗҮЙЛИЙН 17.1, 17.3, 17.4 ДЭХ ХЭСЭГ, 18 ДУГААР ЗҮЙЛИЙН 18.1 ДЭХ ХЭСГИЙН 18.1.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд, Улсын дээд шүүхийн төлөөлөгч Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

Хуралдаанаар Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "Хуульч нь хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, 3 жил тутам сургалтын тодорхой багц цаг хангаж байх үүрэг хүлээнэ." гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг, 17.3 дахь хэсгийн "Шүүх, прокурорын байгууллагад ажиллагсдын сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ." гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг, 17.4 дэх хэсгийн "Хуульчийн сургалтад хамрагдах журмыг Зөвлөл тогтооно." гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг, 18 дугаар зүйлийн 18.1.2-т "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;" гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 4, 7 дахь заалт болон Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;" гэж заан, хуульчийн гэрчилгээ хүчингүй болох үндэслэлийг заажээ. Хуульд ийнхүү заасны улмаас уг сургалтад хамрагдаагүй шүүгч, өмгөөлөгч, нотариатч, прокурорын ажил хийж байгаа хүмүүс уг ажлаа гүйцэтгэх боломжгүй болохын зэрэгцээ тухайн ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл болжээ. Мөн уг хуулийн заалтыг үзэхэд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж хуульчийн гэрчилгээ авсан боловч шүүгч, өмгөөлөгч, нотариатч, прокурорын ажил, албыг хараахан эрхлээгүй, ирээдүйд эрхлэх сонирхолтой бусад хуульчид нь уг сургалтад хамрагдахгүй бол мэргэшлийн шалгалтад хамрагдах боломжгүй болсон байна.

Нэгэнт өөрийн мэдлэг чадвараа эрх бүхий этгээдээр хянуулан хуульчийн гэрчилгээ авсан хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй хүнийг түр сургалтад хамрагдаагүйн төлөө түүний "хуульчийн хүчин төгөлдөр гэрчилгээ"-г хүчингүй болгох тухай хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхийг зөрчсөн байна. Үүнд: Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ "...хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрхтэй...", 4/ "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...эрхтэй...", 7/ "сурч боловсрох эрхтэй..." гэсэн заалтуудыг зөрчиж байна.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн маргаан бүхий уг заалт нь хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй хүнийг албадан сургах шинжийг агуулж байгаагаараа тухайн хүний сурч боловсрох эрхэд халдсан байна. Мөн тухайн сургалт нь төлбөртэй байх бөгөөд, төлбөртэй сургалтад заавал хамрагдах шинжийг агуулсан маргаан бүхий энэ хуулийн зохицуулалт нь тухайн хүний хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх иргэний эрхийг мөн зөрчжээ. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт "аливаа этгээд нь ... эдийн бус баялаг болох...эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно." гэсний дагуу нотариатч, өмгөөллийн мэргэшлийн шалгалтанд тэнцэн, нотариатч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон тусгай зөвшөөрөл нь тухайн хүний хувьд хөрөнгө юм. Иймд Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заагдсан түр сургалтад хамрагдаагүйн төлөө өмгөөлөгч, нотариатч нь өмгөөлөх, нотариатын ажил эрхлэх эрхээ алдахад хүрч байгаа нь тухайн хүний Үндсэн хуулиар баталгаажсан хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй нийцэхгүй байна.

2. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт төрийн алба хашиж байгаа хуульч хүний сургалтын зардлыг төр дааж байхаар заажээ. Шүүх, прокурорын байгууллагад ажиллаж байгаа хүний зардлыг нь төр /төсөв/, өмгөөлөгч, нотариатчийн ажил хийж байгаа хүн болон хуульчийн гэрчилгээ авсан боловч хараахан шүүгч, прокурор болоогүй байгаа иргэд нь хуульд заагдсан түр сургалтын зардлаа өөрөө даана гэсэн агуулга бүхий зохицуулалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа хүн бүр хууль,...ийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал,...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно..." гэсэн заалттай нийцэхгүй байна." гэжээ.

Хоёр. Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар захирамжаар томилогдсон Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгчдийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/3230 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтэд:

"Хүсэлт гаргах үндэслэл: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1; 3 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн "Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэх тухай" 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар тогтоол;

Хүсэлтийн агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлах нь:

Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль анх 2003 оны 5 дугаар сарын 22-нд батлагдснаар Монгол Улсад шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчаар ажиллах эрх зүйчид дэлхий нийтийн жишгийн дагуу хуульчийн сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн байх шаардлагатай болсон. Эрх зүйн аль ч тогтолцоотой улс хуульчдаа сонгон шалгаруулах өөрийн журамтай байдаг боловч зөвхөн сонгон шалгаруулалтад тэнцсэн, улмаар хуульч цолтой болсон этгээд л цаашид шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллах эрхтэй байдаг нь энэхүү шалгалтын гол агуулга болдог.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт "Хуульч нь хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, 3 жил тутам сургалтын тодорхой багц цаг хангаж байх үүрэг хүлээнэ.", 18 дугаар зүйлийн 18.1.2-т "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;" бол хуульчийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.1., 16 дугаар зүйлийн 16.3., Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3., 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай зөрчилдөж байгаагаас гадна Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан зарчмуудтай нийцэхгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно." гэж заажээ. Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар шүүгчид нэр дэвшихэд Үндсэн хуулийн дээрх болзлыг хангасан байхаас гадна ял шийтгүүлж байгаагүй, хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан байх шаардлагыг тавьжээ. Хуульч сонгон шалгаруулах тухай хууль батлагдснаар Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан тодорхойлолттой нийцэхгүй хэдий ч Үндсэн хуульд заасан "хууль зүйн дээд боловсролтой" гэдэгт эрх зүйч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэх хоёр болзлыг нэгтгэн ойлгож, Шүүхийн тухай хуулиар тогтоосон шаардлагыг Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэж хүлээн зөвшөөрдөг юм гэхэд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тухайн гэрчилгээ хүчинтэй болохыг 3 жил тутам, шүүгчээр ажиллах дээд талын 35 жилд 15 удаа баталсан байх шаардлагыг Үндсэн хуульд нийцсэн гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Нөгөө талаар шүүгчээр ажиллах хүнд Үндсэн хуулиар тавигддаг шаардлагыг агуулгынх нь хэмжээнд өргөжүүлж, нэмэлт болзол тавьсан нь хуулиар тогтоосон журам ба түүнийг даган мөрдөх нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчимд харшлаагүй гэж үзэж болно. Гэтэл Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд заагдаагүй нэмэлт болзол буюу хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэрчилгээг Хуульч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөл 3 жил тутам баталгаажуулсан байх бодит нөхцлийг бүрдүүлж буй Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн дээрх хоёр заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Шүүгчид нэр дэвшигчид тавигддаг шаардлага шүүгчээр ажиллаж буй этгээдэд хамааралтай гэдэг нь ойлгомжтой ба шүүгчид нэр дэвшиж, томилогдох үед ял шийтгэлгүй байсан, эсхүл дээд боловсрол эзэмшсэн диплом хуурамч нь илэрвэл шүүгчийн ажлаас огцруулах нь тодорхой билээ. Тэгвэл хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд тухайн шүүгч нь шүүгчид нэр дэвшигчийн байр сууринд ч хүрэхээргүй болох тул мөн л шүүгчийн албан тушаалд үлдэх боломжгүй болно. Гэтэл шүүгчийг чөлөөлөх, огцруулах үндэслэлийг тодорхойлсон Шүүхийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд уг үндэслэл тусгагдаагүй учир Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасан зохицуулалт агуулгын хувьд Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Үндсэн хуулийн уг заалтыг зөрчихгүйгээр шүүгчийг албан тушаалд хэвээр үлдээвэл Шүүхийн тухай хууль болон Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн шаардлагыг зөрчиж, хуульч биш этгээдээр шүүн таслах ажиллагааг эрхлүүлэх үндэслэл бүрдэж, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчихөд хүргэнэ. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх шаардлага ч зөрчигдөх болно.

Эцэст нь шүүгчийн хараат бус байдлын үндсэн баталгааны нэгд түүний халдашгүй, хугацаагүй томилгоо ордог ба шүүгчээр томилогдоход тавигддаг болзол, шүүгчээс чөлөөлөх, огцруулах үндэслэлүүд зөвхөн хуульд заасан, туйлын тодорхой байх шаардлагатайг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдийн 40/32, 40/146 тоот тогтоолоор зөвшөөрөгдсөн "Шүүхийн байгууллагын хараат бус байдлын талаарх үндсэн зарчим"-уудад онцгойлон тусгасан байдаг. Тийм учраас эдгээр асуудлаар тодорхой бус байдал үүсэх үндэслэлийг бүрдүүлсэн хуулийн дээрх заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчснөөр Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тунхагласан шүүгчийн хараат бус байдлын баталгааг хөндөнө гэж үзэж байна.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1., 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.

Гурав. Монгол Улсын Их Хурлын даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 158 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно." гэж заасан нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, хэний ч нөлөөнд автахгүй байх чухал ач холбогдлыг нь харгалзан Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн байна. Мөн Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг хуульчдаас сонгох, нэр дэвшүүлэх, бүртгэх, шалгалт авах, хэлэлцэх, томилох асуудлыг зохион байгуулах талаар тодорхой заасан ба Шүүхийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд шүүгчийг огцруулах үндэслэлийг заасан байна.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, 3 жил тутам сургалтын тодорхой багц цаг хангаагүй бол гэрчилгээ хүчингүй болохоор заасан нь шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчийн эрх олгох шалгалтад орох, шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бүх хуульчдын мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд тавигдаж байгаа шаардлага болохоос бус тэр хүнийг тухайн ажил мэргэжлээс нь огцруулах үндэслэл болно гэсэн агуулгаар оруулаагүй болно. Тухайлбал: Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д шүүгчид нэр дэвшүүлэхэд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан байхыг шаардсан болохоос бус Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй тохиолдолд гэрчилгээ нь хүчингүй болж байгаа нь шүүгчийг огцруулах үндэслэл болно гэж заагаагүй болохыг анхаарна уу.

2. Улсын дээд шүүхийн хүсэлтэд: "Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.1., 16 дугаар зүйлийн 16.3., Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3., 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан заалтуудтай зөрчилдөж байна" гэжээ.

Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь үргэлжлэн явагддаг байнгын ажиллагаатай болно. Цаашид хуулийг боловсронгуй болгох зорилгоор хууль санаачлагчаас Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, түүнд холбогдох хуулиудын төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан тохиолдолд хуулийг боловсронгуй болгох ажил хийгдэх бүрэн боломжтой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байна.

3. Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана" гэж заасан байна. Мөн түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлиййн 19.1 дэх хэсэгт "Шүүхийг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.", Прокурорын байгууллагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.", мөн зүйлийн 34.2 дахь хэсэгт "Прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна." гэж заасан байна. Шүүхийн болон прокурорын төсвийг жил бүр Улсын Их Хурал баталж, улсын төвлөрсөн төсөвт тусгайлан тусгаж, Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн нь хүний эрхийг хамгаалах хараат бус, хариуцлагатай, шударга байх үндэс болно.

Иргэн Н.Ариунболд мэдээлэлдээ: "Шүүгч, прокурор нь бага орлоготой тул түр сургалтын төлбөрийг нь төр, өмгөөлөгч, нотариатч нь их орлоготой тул сургалтын зардлаа өөрөө даана гэсэн агуулгыг илэрхийлж болзошгүй уг зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна", "энэ нь ...шүүгч, прокурорын хувийн ур чадвараа дээшлүүлэх түр сургалтад хамаарахгүй..." гэжээ. Үүнтэй санал нийлэхгүй байна.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчид төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг бүх шатны шүүхийн шүүгч, прокурорыг хамруулсан ба төрийн албаны мөн чанарыг ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино гэж тодорхойлоод төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах зарчмуудаар баталгаажуулсан байна. Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн нийтлэг чиг үүргийг тусгасан 13 дугаар зүйлд төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх, төрийн хөрөнгөөр давтан сургахаар заасан байгаа нь шүүгч, прокурорын тухайн ажилдаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх хуульчийн давтан сургалтыг хувийн ур чадвараа дээшүүлэх түр сургалт гэж үзэх үндэслэлгүй юм.

Нотариатч, өмгөөлөгч нарын үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй хэдий ч төрийн нэрийн өмнөөс бус ашгийн төлөө ажил үйлчилгээ эрхлэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа хүн бүр хууль,...ийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал,...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно..." гэснийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

4. Улсын дээд шүүхийн хүсэлтэд: "Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна" гэжээ.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн агуулга нь хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн /шүүгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтад орох, нотариатын болон өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах мэргэшлийн шалгалтад оролцох, прокуророор ажиллах эрх авах шалгалтад орох, мөн дээрх мэргэжлүүдээр ажиллаж байгаа бүх хүн хамаарна/-ний мэргэжил мэдлэгийг тасралтгүй сургалтаар дээшлүүлэх, цаашлаад хууль хэрэглэх төвшинд ажиллах боломжтой боловсон хүчин бэлтгэх үндсэн зорилгыг агуулсан ба хуульчийн сургалтад хамрагдах журмыг Хуульч сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл тогтоож байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудтай зөрчилдсөн гэх үндэслэлгүй байна. Энэ нь шүүгчээр ажиллах хүнд Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар тавигддаг шаардлагыг агуулгынх нь хэмжээнд өргөжүүлж байгаа ач холбогдол бүхий заалт юм." гэсэн байна.

Дөрөв: Иргэн Н.Ариунболд 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт гаргасан хариу тайлбартаа:

"1. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан хуульчийн гэрчилгээ гэдэг нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатын ажил эрхэлж байгаа хүний хувьд хүчинтэй байх эсэх нь тийм ч ач холбогдолтой биш, харин эдгээр ажил албаны "гадна" байгаа эрх зүйч мэргэжилтэй хүний хувьд чухал ач холбогдолтой гэж ойлгогдлоо. Шүүхийн тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Нотариатын тухай хуульд тухайн албан тушаалыг эрхлэх эрхээ алдах тохиолдлуудыг тоочихдоо "хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон" гэсэн нөхцөл заагаагүй тул эдгээр алба ажлыг эрхэлж байгаа хүний хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон ч тухайн ажил, албандаа ажиллаад байх боломжтой тул шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаагүйн улмаас хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болсон ч тухайн албанаасаа чөлөөлөгдөхгүй юм байна.

Энэ нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчийн ажил эрхэлж байгаа хүнд давуу байдал, харин уг ажил албан тушаалын гадна байгаа хуульч хүнд гэрчилгээгээ хүчинтэй байлгахын тулд хууль зүйн үргэлжилсэн гэх төлбөртэй сургалтад заавал хамрагдах гарцаагүй байдал үүсгэж байна.

2. Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхтэй. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болохоор тухайн мэргэшлийн сонгон шалгаруулалтад орж байгаа хүнийг заавал хуульч байхыг хуулиар шаардаж байгаа нь эдгээр албан тушаалтнууд заавал хуульч буюу хуульчийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх шаардлагыг цаанаа агуулж байна. Хуульч сонгон шалгаруулах тухай хууль болон Шүүхийн тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Нотариатын тухай хууль хооронд байгаа зөрчилдөөнийг хууль тогтоогч "залруулж", хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болсон бол шүүгч огцрох, прокурор халагдах, өмгөөлөгч, нотариатчийн тусгай зөвшөөрөл хүчингүй болох үндэслэл гэж "ирээдүй"-д зааж өгөх аваас эдгээр ажил алба эрхэлж байгаа хүмүүсийн Үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг шууд хөндөгдөнө.

3. Хууль зүйн үргэлжилсэн сургалт нь шүүх болон прокурорын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахад чиглэгдэж байна уу? Эсвэл хувь хүний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна уу гэдгийг анхаарах шаардлагатай.

Хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдахгүй байх нь мэдлэг, ур чадварын хувьд хоцорно гэсэн хууль тогтоогчийн "шийдэл"-тэй мэдээлэл гаргагч санал нийлэхгүй байгаа тул Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн хүрээнд хянан шийдвэрлэж өгөхийг хүсье." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар шүүгчид хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхдээ зохих багц цагийг хангаагүйн төлөө орон тооны бус зөвлөлөөс хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор зохицуулсан нь шүүгчид тавих Үндсэн хуулийн шаардлагыг хэт явцууруулж, Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна. Хуульч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөл гэрчилгээг хүчингүй болгосноор шүүгч ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болохоор байгаа нь шүүгчийг огцруулах, чөлөөлөх талаарх Үндсэн хуулийн заалтад нийцээгүй байна.

Үргэлжилсэн сургалтын багц цагийг хангах үүргээ биелүүлээгүй нь хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш боловч шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч энэ үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд энэ нь мэргэжлийн ёс зүйг баримтлах, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингээ байнга дээшлүүлэх хуулийн шаардлагад нийцэж байна.

Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж байгаа хуульч үүргээ биелүүлэх хууль зүйн хариуцлагыг Улсын Их Хурлаас оновчтой тогтоох шаардлагатай байна.

2. Шүүх, прокурорын байгууллагад ажиллагсад нь төрийн албан тушаал эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж буй төрийн албан хаагч тул Үндсэн хуульд заасны дагуу улсын төсвөөр үргэлжилсэн сургалтад хамрагдах эрхтэй байна.

3. Төрөөс хуульч, түүний дотор шүүгчийн мэдлэг, мэргэшлийг байнга дээшлүүлэх, хууль хэрэглэх ур чадварыг нь дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар зохицуулсныг, мөн сургалтад хамрагдах журмыг тогтоох субъект нь хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөл байхаар хуульчилсныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "Хуульч нь хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, 3 жил тутам сургалтын тодорхой багц цаг хангаж байх үүрэг хүлээнэ." гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно." гэснийг зөрчөөгүй байна.

2. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн "Шүүх, прокурорын байгууллагад ажиллагсдын сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ." гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ...өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ...аар нь ялгаварлан гадуурхаж үл болно..." гэснийг зөрчөөгүй байна.

3. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн "Хуульчийн сургалтад хамрагдах журмыг Зөвлөл тогтооно." гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.", мөн зүйлийн 4 дэх хэсгийн "Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно." гэснийг зөрчөөгүй байна.

4. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;" гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "...хууль дээдлэх..." гэснийг, Арван зургадугаар зүйлийн 3/ "...хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрхтэй...", 4/ "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...эрхтэй...", 7/ "сурч боловсрох эрхтэй..." гэснийг зөрчөөгүй байна.

5. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;" гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.", мөн зүйлийн 4 дэх хэсгийн "Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно." гэснийг зөрчсөн байна.

6. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;" гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

7. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Ц.САРАНТУЯА

Д.МӨНХГЭРЭЛ

Б.ПҮРЭВНЯМ