A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АНХНЫ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

АНХНЫ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хууль үйлчлэх цаг хугацаа

Хэвлэх

3.1.Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХЭЛБЭР, ХҮРЭЭ, ХЭМЖЭЭ

4 дүгээр зүйл. Ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх

Хэвлэх

4.1.Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ.

/Энэ хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хориг тавьсан бөгөөд хоригийг хүлээн авч 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.2.Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлнэ.

4.3.Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.

5 дугаар зүйл. Ялаас өршөөн хасах

Хэвлэх

5.1.Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах /Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэг/, Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг булаах /Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/, Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2, 181.3 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.

/Энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6 дугаар зүйл. Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох

Хэвлэх

6.1.Доор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно:

6.1.1.Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг;

6.1.2.хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;

6.1.3.хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;

6.1.4.жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг.

7 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох

Хэвлэх

7.1.Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.

/Энэ зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хориг тавьсан бөгөөд хоригийг хүлээн авч энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ

8 дугаар зүйл. Хохирол нөхөн төлөх

Хэвлэх

8.1.Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

9 дүгээр зүйл. Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал

Хэвлэх

9.1.Дараах хүнийг өршөөлд хамааруулахгүй:

9.1.1.цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял нь уучлагдан хорих ялаар солигдсон;

9.1.2.онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;

9.1.3.Эх орноосоо урвах /Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл/, Тагнуул хийх /Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйл/, Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах /Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйл/, Зэвсэгт үймээн дэгдээх /Эрүүгийн хуулийн 83 дугаар зүйл/, Хорлон сүйтгэх /Эрүүгийн хуулийн 84 дүгээр зүйл/, Хорлон саатуулах /Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйл/, Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/, Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах /Эрүүгийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэг/, Хүнийг барьцаалах /Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэг/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.3 дахь хэсэг/, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг/, Хүчиндэх /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.3 дахь хэсэг/, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг/, Зандалчлах /Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэг/, Терроризм /Эрүүгийн хуулийн 1781дүгээр зүйл/, Терроризмыг санхүүжүүлэх /Эрүүгийн хуулийн 1782дугаар зүйл/, Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах /Эрүүгийн хуулийн 184 дүгээр зүйл/, Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.4 дэх хэсэг/, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэг/, Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 196 дугаар зүйл/, Агаарын хөлөг авч зугтаах /Эрүүгийн хуулийн 225 дугаар зүйл/, Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх /Эрүүгийн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэг/, Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох /Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг/, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах /Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл/, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл/, Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хууль бусаар хөрөнгөжих /Эрүүгийн хуулийн 2701дүгээр зүйл/, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах /Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдсэн.

/Энэ заалтад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХУУЛЬ ХЭРЭГЛЭХ

10 дугаар зүйл. Хууль хэрэглэх журам

Хэвлэх

10.1.Энэ хуулийн 3.1-д заасан "гэмт хэрэг үйлдсэн хүн" гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна.

10.2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.

10.3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна.

10.4.Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.

10.5.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ.

10.6.Энэ хуулийн 7.1-д заасан гэмт хэргийн тухайд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд тухайн шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно.

10.7.Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

10.8.Энэ хуулийн 10.7-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй.

10.9.Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ.

10.10.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

11 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа

Хэвлэх

11.1.Энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД