Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалт/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 336

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтад заасан барааг нийлүүлэх шаардлагыг тендерийн баримт бичигт тусгаж, жил бүрийн худалдан авахаар батлуулсан бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний биелэлтийг дараа оны 1 дүгээр сард багтаан үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болгосугай.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авсан нийт бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын мэдээг улсын хэмжээнд нэгтгэн жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгосугай.

4. Бараа, бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх арга хэмжээ авч өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр идэвхи, санаачлагатай ажиллахыг нийт үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад, үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдэд тус тус уриалсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд                                                              Д.ЭРДЭНЭБАТ