Хэвлэх DOC Татаж авах
ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 353

ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг хавсралт ёсоор баталсугай. 

2. Үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгасугай.

3. Үндэсний стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Үндэсний стратегийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ

Эрүүл мэнд, спортын сайд                                                    Г.ШИЙЛЭГДАМБА