A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ

ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Монгол Улсын их Хурал

Хэвлэх

1.Монгол Улсын Их Хурал /цаашид "Улсын Их Хурал" гэх/ төрийн эрх барих дээд байгууллага мөн.

2.Монгол Улсад хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.

2 дугаар зүйл.Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж

Хэвлэх

Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид "Үндсэн хууль" гэх/, энэ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрээс бүрдэнэ.

3 дугаар зүйл.Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим

Хэвлэх

Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг эрхэмлэх, ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, үндэснийхээ эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчимд үндэслэнэ.

4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэлдэхүүн

Хэвлэх

Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар нэг танхимтай, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд, нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгосон далан зургаан гишүүнээс бүрдэнэ.

5 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

1.Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрх, хуулиар тогтоосон бусад бүрэн эрх эдэлнэ.

2.Энэ хуульд заасан "Улсын Их Хурлын нийт гишүүн" гэдгийг Үндсэн хуульд заасан ёсоор 76 гэж ойлгох бөгөөд тэдний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүйн бүрэн эрх хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах бүрэлдэхүүнтэйд тооцно.

3.Улсын Их Хурлын нийт гишүүний ердийн олонхи буюу 39-өөс доошгүйн бүрэн эрх хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нам, эсхүл эвслийг Улсын Их Хурал дахь олонхийн суудал авсан нам буюу эвсэлд тооцно.

4.Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан ёсоор ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлыг гагцхүү хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтны саналаар үүсгэн хэлэлцэж шийдвэрлэнэ.

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа

Хэвлэх

1.Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

2.Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гишүүд Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

3.Улсын Их Хурлын гишүүн Төрийн сүлдэндээ "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаалж, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая" гэж тангараг өргөнө.

4.Үндсэн хуулийн хорин хоёрдугаар зүйлд заасан онцгой нөхцлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

5.Улсын Их Хурал Үндсэн хуулийн хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор хэлэлцэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Улсын Их Хурал ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл бүрэн эрхээ хэвээр эдэлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурлын чуулган

7 дугаар зүйл.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр

Хэвлэх

1.Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, Байнгын болон түр, дэд хороо, намын бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.

2.Чуулган бол Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр мөн.

3.Чуулганы хуралдаан, Байнгын хороодын дагнасан буюу хамтарсан хуралдааныг чуулганы ажиллагаанд тооцно.

4.Улсын Их Хурал хууль, бусад шийдвэрийг гагцхүү чуулганы хуралдаанаар батлан гаргана.

8 дугаар зүйл.Улсын Их Хурлын анхдугаар чуулган

Хэвлэх

1.Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг Улсын Их Хурлын сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч товлон зарлаж, энэ тухай зарлиг гаргана.

2.Улсын Их Хурлын анхдугаар чуулган дээр Улсын Их Хурлын шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөсний дараа Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох, Байнгын хороодыг байгуулах, тэдгээрийн гишүүд, дарга нарыг сонгох, Ерөнхий сайд, Засгийн газрын бусад гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын насаар хамгийн ахмад гишүүн даргална.

9 дүгээр зүйл.Ээлжит чуулган

Хэвлэх

1.Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна. Ээлжит чуулганыг жил бүрийн билгийн тооллын хаврын дунд сарын шинийг З, намрын дунд сарын 17-ны өдөр тус тус нээнэ. Улсын Их Хурлын ээлжит чуулган нээх өдөр нь амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн өдөрт шилжүүлнэ.

2.Улсын Их Хурлын ээлжит чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлаж, энэ тухай захирамж гаргана.

10 дугаар зүйл.Ээлжит бус чуулган

Хэвлэх

1.Ээлжит чуулганы чөлөө цагт зайлшгүй шалтгаанаар ээлжит бус чуулган чуулж болно.

2.Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, түүний эзгүйд дэд даргын санаачилгаар хийнэ.

3.Улсын Их Хурлын дарга, түүний эзгүйд дэд дарга нь ээлжит бус чуулган чуулах тухай захирамж гаргана.

4.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон үед Улсын Их Хурлын дарга, дэд дарга ээлжит бус чуулган чуулах тухай захирамж гаргах боломжгүй байвал Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь санал нэгдэж ээлжит бус чуулганы хуралдааныг зохион байгуулж болно.

11 дүгээр зүйл.Онцгой чуулганаар

Хэвлэх

1.Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш далан хоёр цагийн дотор Улсын Их Хурал онцгой чуулганаа товлохгүйгээр, тухайлбал Улсын Их Хурлын гишүүд зар мэдээ хүлээлгүйгээр өөрсдөө ирж чуулна.

2.Улсын Их Хурлын онцгой чуулганаар онц болон дайны байдал зарласан тухай Ерөнхийлөгчийн зарлигийг уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор батлах эсхүл хүчингүй болгох, түүнчлэн тухайн нөхцөл байдлаас үүссэн хойшлуулшгүй бусад асуудлыг шийдвэрлэнэ.

3.Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган чуулж байх үед онц болон дайны байдал зарлах онцгой нөхцөл бий болбол тухайн чуулганаар хэлэлцэх аливаа асуудлыг хойшлуулж онц болон дайны байдал зарлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

12 дугаар зүйл.Улсын Их Хурлын чуулганы хуралдаан

Хэвлэх

1.Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нийт гишүүний дийлэнх олонх буюу гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.

2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг бэлтгэн явуулахдаа энэ хуулийн зургадугаар бүлэгт заасан журмыг баримтална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц

13 дугаар зүйл.Улсын Их Хурлын Байнгын хороо, түүний бүтэц, бүрэлдэхүүн

Хэвлэх

1.Улсын Их Хурлын Байнгын хороо /цаашид "Байнгын хороо" гэх/ нь чуулганаар хэлэлцэх асуудал боловсруулах, урьдчилан хэлэлцэж санал дүгнэлт гаргах, түүнчлэн эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2.Улсын Их Хурал Байнгын хороог үйл ажиллагааныхаа салбар, чиглэлээр байгуулах бөгөөд дараах Байнгын хороотой байна:

1/Байгаль орчныг хамгаалах;

2/Боловсрол, шинжлэх ухаан, соёлын;

3/Гадаад бодлого, аюулгүй байдлын;

4/Дотоод асуудлын;

5/Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын;

6/Хурал, захиргааны;

7/Хууль зүйн;

8/Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн;

9/Хүнс, хөдөө аж ахуйн;

10/Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын.

3.Байнгын хороо нь 12-оос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Улсын Их Хурлын нэг гишүүн нэгэн зэрэг З хүртэл Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж болно.

4.Байнгын хороог Улсын Их Хурлаас 1 жилийн хугацаатай сонгогдсон дарга толгойлно. Байнгын хорооны даргыг улируулан сонгож болно.

5.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл Байнгын хорооны дотор дэд хороо байгуулж болно. Дэд хороо нь харьяалах Байнгын хорооныхоо үйл ажиллагааны тодорхой чиглэлийг эрхлэн хариуцаж, туслах үүрэгтэй.

Дэд хороо нь эрх хэмжээнийхээ хүрээнд хамаарах асуудлыг зөвхөн Байнгын хороондоо хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй бөгөөд Улсын Их Хуралд тухайн асуудлыг уул Байнгын хороогоор уламжлан оруулна.

14 дүгээр зүйл. Байнгын хорооны үндсэн бүрэн эрх

Хэвлэх

1.Байнгын хороо тус тусын эрхлэх асуудлаар дараах үндсэн бүрэн эрхтэй:

1/Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн болон бусад шийдвэрийн төсөл, эрх бүхий байгууллагаас чуулганд хэлэлцүүлэхээр оруулж буй аливаа асуудлаар санал, дүгнэлт гаргах;

2/Улсын Их Хуралд санал дүгнэлт оруулах, илтгэл, хавсралт илтгэл тавих;

3/хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг шаардлага хангаагүй гэж үзвэл чуулганы хуралдаанд оруулахгүйгээр зохих үндэслэлээ зааж, гүйцээн боловсруулахаар буцаах;

4/Улсын Их Хурлын даалгаснаар, эсхүл өөрийн санаачилгаар Засгийн газарт санал оруулах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр биелүүлэх талаар шаардлага тавих;

5/Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааг хянан шалгах;

6/Засгийн газар, түүний гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагын эрх баригчдын мэдээлэл сонсож хэлэлцэх, тэдэнд асуулт, асуулга тавьж, хариулт авах;

7/Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудлаар болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, дүгнэлт зэрэг баримт сэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох;

8/хуулийн төслийн талаар мэргэжлийн олон нийтийн санал авах, шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах.

2.Байнгын хорооны чиг үүрэг, тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.

15 дугаар зүйл.Байнгын хорооны ажлын зохион байгуулалт

Хэвлэх

1.Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.

2.Байнгын хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдааныг Байнгын хорооны бүх гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөрт тооцно.

3.Байнгын хорооны дарга хорооныхоо өдөр тутмын ажлыг удирдаж, хуралдаан даргална. Түүний эзгүйд Байнгын хорооны даргын саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон нэг гишүүн үүргийг нь орлон гүйцэтгэнэ.

4.Байнгын хороо шийдвэрлэсэн асуудлаараа дүгнэлт, тогтоол гаргана. Хуралдааныхаа явцыг протоколд нэг бүрчлэн тэмдэглэнэ.

16 дугаар зүйл.Улсын Их Хурлын бусад хороо, ажлын хэсэг

Хэвлэх

1.Улсын Их Хурал хууль тогтоох, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай асуудлаар түр хороо байгуулан ажиллуулж болно. Түр хороо зөвхөн Улсын Их Хурлын гишүүнээс бүрэлдэх бөгөөд түүний тоог тухайн үед тогтооно. Түр хороо эрхлэх асуудлаараа байнгын хороотой адил бүрэн эрх эдэлнэ.

Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл холимог болон дагнасан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

2.Түр хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.

17 дугаар зүйл.Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг

Хэвлэх

1.Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал бүхий нам бүлэг /цаашид "намын бүлэг" гэх/ байгуулж болно. Улсын Их Хурлын гишүүн зөвхөн өөрийнх нь нэр дэвшүүлсэн намын бүлэгт харьяалагдана.

Улсын Их Хурлын сонгуульд эвсэл байгуулан оролцсон намууд ажлаа намынхаа төв байгууллагын удирдлагад шууд хариуцахгүй.

18 дугаар зүйл.Намын бүлгийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Улсын Их Хурал дахь намын бүлэг дараах эрх, үүрэгтэй:

1/Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн үндэслэл, бодлогын талаар тус тусын санал, дүгнэлт гаргах;

2/чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах;

3/Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үед завсарлага авах;

4/Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг чанд сахих;

5/чуулган, Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг татан оролцуулах;

6/бүлгийн төсвийн гүйцэтгэлийг үнэн зөв мэдээлэх.

2.Улсын Их Хурал дахь намын бүлгийн бусад эрх, үүргийг Улсын Их Хурал тогтоож болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Улсын Их Хурлын гишүүн, түүний

бүрэн эрх

19 дүгээр зүйл.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа

Хэвлэх

1.Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болно.

2.Улсын Их Хурлын гишүүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг хориглоно.

3.Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болно.

4.Дараахь тохиолдолд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх буюу эгүүлэн татна:

1/Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон;

2/биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос чөлөөлж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан.

5.Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд Улсын Их Хурал түүнийг гишүүнээс эгүүлэн татах шийдвэр гаргана.

20 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүний үндсэн эрх, үүрэг

Хэвлэх

1.Улсын их Хурлын гишүүн үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцна.

2.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах үндсэн эрх, үүрэгтэй:

1/хууль санаачлах, тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах;

2/асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;

3/Байнгын хороо болон бусад хороо, Улсын Их Хурлын бусад байгууллагыг сонгох, тэдгээрт сонгогдох;

4/чуулганы хэлэлцэж байгаа асуудлын талаар илтгэгчээс асуух, хариулт авах, санал, шүүмжлэл гаргах, дүгнэлт хийх;

5/Улсын Их Хурлаас байгуулсан байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, мөн сонгох, томилох албан тушаалтны талаар санал гаргах, дүгнэлт хийх;

6/Улсын Их Хурлаас сонгосон, томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцэх тухай болон тэдэнд үл итгэхээ илэрхийлж эгүүлэн татах, огцруулах тухай санал оруулах;

7/Байнгын хороонд заавал харьяалагдах;

8/Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, харьяалагдах Байнгын болон бусад хороодын дагнасан, хамтарсан хуралдаанд тогтмол оролцож, олонхиор шийдвэрлэсэн асуудлыг хүндэтгэн сахих;

9/сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах;

10/төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн нууц хадгалах, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах.

3.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ асуудлаар аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүйгээр уулзах, тухайн албан тушаалтанд асуулт, асуулга тавих, хариуг нь 30 хоногийн дотор амаар буюу бичгээр авах эрхтэй. Шаардлагатай гэж үзвэл өөрийн тавьсан асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, Байнгын хорооны дагнасан болон хамтарсан хуралдаанд сонордуулж болно. Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ.

4.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй.

5.Улсын Их Хурлын гишүүн хуулийн этгээдийн эрх бүхий аж ахуйн нэгж, тэдгээрийн нэгтгэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бол уг ажлаа өөрийнхөө итгэмжлэгдсэн хүнээр хөтлүүлэх бөгөөд эрхэлдэг аж ахуй болон өмч эзэмшилтэй нь холбоотойгоор орж ирсэн орлогыг жил бүр, дотоод, гадаадын хөндлөнгийн этгээдээс албан үйл ажиллагаатай нь холбогдуулан өөрт нь өгсөн 5000 төгрөгөөс дээш үнэтэй бэлгийн талаар тухай бүр Дотоод асуудлын байнгын хороонд тус тус мэдэгдэх үүрэгтэй.

21 дүгээр зүйл.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн баталгаа

Хэвлэх

1.Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

2.Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр Улсын Их Хурлын гишүүнийг цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийхийг хориглоно.

3.Бусдыг доромжилсон, гүтгэснээс бусад тохиолдолд Улсын Их Хурлын гишүүн чуулган дээр хэлсэн үг, дэвшүүлсэн саналынхаа төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй.

4.Улсын Их Хурлын гишүүн гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ.

5.Улсын Их Хурлын гишүүн Тамгын газарт харьяалагдах өөрийн орон тооны ажилтантай байна. Ажилтны цалингийн сан, бичиг хэргийн зардлыг Улсын Их Хурал батална.

6.Улсын Их Хурлын гишүүн төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин авна. Улсын ИХ Хурлын гишүүний цалин, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг Улсын Их Хурал тогтооно.

7.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, албаны хэвлэмэл хуудас, нэрийн хуудас хэрэглэнэ. Тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурлын дарга захирамжаараа батална.

8.Улсын Их Хурлын гишүүний харилцуур утас болон бусад холбооны хэрэгсэл улсын хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

9.Улсын Их Хурлын гишүүний албан тушаалд ажилласан хугацааг мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан тооцно.

10.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон буюу энэ хуулийн 6 дугаар зүйлийн 4, 20 дугаар зүйлийн 2-т заасан тохиолдолд түүнийг төрийн сонгуульт ажилд сонгогдохоос өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол мөн үед авч байсан цалин хөлс нь буурахгүйгээр ажил олгоно.

22 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдох

Хэвлэх

1.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын Байнгын болон бусад хорооны даргаар сонгогдож болохгүй бөгөөд Засгийн газарт итгэл хүлээлгэх, түүнийг огцруулах, өөрийг нь Засгийн газрын гишүүнээр томилох зэрэг өөртэй нь шууд холбогдсон асуудлаар санал хураахад таслах эрх эдлэхгүй.

3.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол энэ хоёр албан тушаалын цалин, хангамжийн аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүний ажлын цагийг зохицуулах журмыг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдтай зөвшилцөн захирамжаараа тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурлын дарга, дэд дарга,

тэдний чиг үүрэг

23 дугаар зүйл.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох

Хэвлэх

1.Улсын Их Хурлын дарга, дэд даргын сонгуулийг тус тусад нь, тэгэхдээ даргын сонгуулийг эхэлж явуулна.

2.Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан нам буюу эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй.

3.Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын дарга, дэд даргад өөрийн болон бусад гишүүний нэрийг дэвшүүлж болно.

4.Улсын Их Хурлын даргын сонгуульд зөвхөн нэг хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар түүнийг Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд тооцно. Улсын Их Хурлын даргад хоёр, түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан хүнийг Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд тооцно. Хоёр нэр дэвшигчийн талаар санал тэнцсэн буюу тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн хоёр гишүүний буюу хамгийн олон санал авсан 2 гишүүний талаар дахин нууц санал хураалт явуулна. Гурав дахь удаа санал хураахад хүрвэл энэ зүйлд заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ. Улсын Их Хурлын гишүүн санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгнө. Улсын Их Хурлын даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн санал хураалтад оролцохгүй.

5.Улсын Их Хурлын дэд даргын сонгуулийг явуулахад энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмыг баримтална.

24 дүгээр зүйл.Улсын Их Хурлын даргын чиг үүрэг

Хэвлэх

1.Улсын Их Хурлын дарга нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлыг бүхэлд нь уялдуулан зохицуулж, дараах ажлыг биечлэн эрхэлнэ:

1/Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган зарлаж, бэлтгэлийг хангах;

2/чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох;

3/чуулганы хуралдаан даргалж хуулийн төсөл, бусад асуудал хэлэлцүүлэх;

4/бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурлын гишүүдэд туслах;

5/Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагааг хянан шалгах ажлыг зохион байгуулах;

6/Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах;

7/Улсын Их Хурлын гадаад харилцаа.

2.Улсын Их Хурлын дарга дотоод, гадаад харилцаанд Улсын Их Хурлыг бүрэн эрхтэйгээр төлөөлнө.

3.Улсын Их Хурлын дарга улсын хамгаалалтад байна. Улсын Их Хурлын даргын орон сууц, унааны зардлыг улс хариуцах бөгөөд түүний бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.

4.Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэгтэй.

25 дугаар зүйл.Улсын Их Хурлын дэд даргын чиг үүрэг

Хэвлэх

Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүрэгтэй:

1/Улсын Их Хурлын даргын эзгүйд түүний үүргийг гүйцэтгэх;

2/Улсын Их Хурлын хороод, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

3/аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Улсын Их Хурлаас байгуулдаг байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх;

4/Улсын Их Хурал, түүний даргаас даалгасан бусад ажил эрхлэх.

26 дугаар зүйл.Улсын Их Хурлын даргын шийдвэр

Хэвлэх

Улсын Их Хурлын дарга эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

27 дугаар зүйл.Улсын Их Хурлын дарга, дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, огцруулах

Хэвлэх

1.Улсын Их Хурлын дарга, дэд дарга биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Улсын Их Хуралд өргөдөл гаргавал Улсын Их Хурал чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.Улсын Их Хурлын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон, түүнчлэн үүрэгт ажилдаа харшлах ноцтой бусад зөрчил гаргасан тохиолдолд бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө тухайн албан тушаалаас огцруулах тухай Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурлын чуулганы хуралдаан

28 дугаар зүйл.Чуулганы хуралдааны нийтлэг журам

Хэвлэх

1.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны /цаашид "хуралдаан" гэх/ ажиллагаа хууль дээдлэх, дэгээ чанд сахих, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн санаа бодлыг хүндэтгэн олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ.

2.Хэлэлцэх асуудлын шинж байдлыг харгалзан хуралдааныг нээлттэй буюу хаалттай явуулна. Хуралдааныг хаалттай явуулах тухай асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд хаалттай хуралдааны эцсийн дүнгийн талаар нийтэд мэдээлнэ.

3.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Үндсэн хуулийн цэцийн дарга чуулганд зөвлөх эрхтэй оролцож болно.

4.Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагын эрх баригчид, хэлэлцэж байгаа асуудал эрхэлсэн ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан нээлттэй хуралдаанд байлцах эрхтэй.

5.Улсын Их Хурлын даргын урилгаар хуралдаанд бусад хүмүүсийг байлцуулж болно.

6.Энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт дурдсан хүмүүс зөвхөн чуулганы хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр үг хэлж болно.

7.Улсын Их Хурлын нээлттэй хуралдаанд иргэд, дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан зохих журмын дагуу байлцаж болно. Энэ журмыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга тогтооно.

8.Улсын Их Хурлын хуралдааны явц, шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

29 дүгээр зүйл.Хуралдаанаар хэлэлцэх асуудал

Хэвлэх

1.Улсын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Зохих Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй асуудлыг Улсын Их Хурлын хуралдаанд оруулж болохгүй.

2.Байнгын хороо, намын бүлэг, Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд шинээр асуудал хэлэлцүүлэх тухай саналаа Улсын Их Хурлын даргад бичгээр буюу амаар гаргаж болно.

30 дугаар зүйл.Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Хуралдаан даргалагч дараах эрх, үүрэгтэй:

1/энэ хууль болон хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, гишүүдээс түүнийг биелүүлэхийг шаардах;

2/илтгэл сонсох, асуулт хариулт явуулах, санал дүгнэлт гаргах, санал хураах цагийг тогтоох;

3/саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан гишүүдэд үг хэлэх зөвшөөрөл олгох;

4/хэлэлцсэн асуудлаар санал хураалт явуулж, дүнг мэдээлж, эцсийн шийдвэрийг сонсгон батлуулах;

5/чуулганы баримт бичгийг цаг тухайд нь гаргах ажлыг зохион байгуулах;

6/хуралдааны дэг, дотоод журам зөрчигчдөд энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан арга хэмжээ авах.

2.Хуралдаан даргалагч гишүүдэд танхимаас гарах зөвшөөрөл олгоно.

3.Улсын Их Хурал хуралдаан даргалагчид нэмэлт эрх олгож болно.

31 дүгээр зүйл.Улсын Их Хурлын хуралдааны дэг

Хэвлэх

1.Улсын Их Хурлын өглөөний хуралдааныг 9.00 цагаас 13.00 цаг хүртэл, оройн хуралдааныг 15.00 цагаас 17.00 цаг хүртэл 2 цаг тутам 20 минутын завсарлагатай явуулна. Улсын Их Хурлын гишүүд хуралдаан даргалагч танхимд орж ирэхээс өмнө суудлаа эзэлсэн байна.

Тодорхой асуудал хэлэлцэх явцад шаардлагатай бол гишүүдийн олонхийн саналаар хуралдааныг түр завсарлах буюу хугацааг нь сунгаж болно.

Улсын Их Хурлын гишүүн Байнгын болон бусад хороо, ажлын хэсэг, намын бүлэгт ажиллах, хэлэлцэх асуудлын төсөл, холбогдох ажил хэргийн материалтай танилцах, сонгогчидтойгоо уулзах боломж олгох зорилгоор 7 хоногийн Лхагва, Бямба гаригт чуулганы хуралдаан хийхгүй.

2.Улсын Их Хурал сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Пүрэв гаригийн 15.00 цагаас 15.30 цаг хүртэл Засгийн газарт асуулт тавьж хариу сонсоно.

3.Улсын Их Хурлын гишүүн чуулганы хуралдаанд оролцохдоо энэ хууль, хуралдааны дэгийг чанд сахих үүрэгтэй бөгөөд үг хэлэхдээ дараах журам баримтална:

1/хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна;

2/санал, дүгнэлт гаргах хугацаа 10 минутаас илүүгүй байх бөгөөд зарчмын өөр саналтай гишүүн эхний удаа 7, дахин нэг удаа З минутаас илүүгүй хугацаагаар үг хэлж болно;

3/үг хэлэх хугацааг бусдад шилжүүлэхгүй.

4.Улсын Их Хурлын аль нэг гишүүнээр үг хэлүүлэхийг гурав, түүнээс дээш гишүүн хүсвэл хуралдаан даргалагч тухайн гишүүнд үг хэлэх зөвшөөрөл олгоно. Энэ тохиолдолд гишүүн уг асуудлаар санал хураалгах эрхтэй.

5.Чуулганы хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлыг эрс эсэргүүцсэн шалтгаанаар улсын Их Хурлын гишүүн, намын бүлэг тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй гэдгээ уг асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө хуралдаан даргалагчид албан ёсоор мэдэгдэж болно. Ийнхүү чуулганы хуралдаанд оролцоогүй нь хуралдааны хүчин төгөлдөр байхад нөлөөлөхөөр байвал хэрхэхийг Улсын Их Хурлын дарга шийдвэрлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл захирамж гаргаж болно.

32 дугаар зүйл.Чуулганы дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

Улсын Их Хурлын гишүүн чуулганы хуралдааны дэг зөрчсөн хараалын үг хэлсэн, бусдыг доромжилсон, гүтгэсэн бол хуралдаан даргалагч дараах хариуцлага хүлээлгэнэ:

1/урьдчилан сануулах;

2/тухайн өдрийн хуралдаан дээр урьдчилан сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний үг хэлэх эрхийг хасах;

3/урьд үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн тухайн өдрийн хуралдаанаар дахин зөрчил гаргавал урьдчилан сануулахгүйгээр чуулганы хуралдаанаас гаргана.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Тодорхой асуудал хэлэлцэж шийдвэрлэх

33 дугаар зүйл.Улсын Их Хурлын Байнгын хороо, бусад байгууллага байгуулах

Хэвлэх

1.Улсын Их Хурлын дарга Байнгын хорооны бүрэлдэхүүний талаар намуудын бүлгийн ахлагч нартай зөвшилцсөнөөр Улсын Их Хурал өөрийн гишүүдээс сонгон Байнгын хороог байгуулна.

Тухайн Байнгын хороо гишүүдийнхээ дотроос Байнгын хорооны даргад нэр дэвшүүлнэ.

Улсын Их Хурлын гишүүн Байнгын хорооны даргад өөр гишүүний буюу өөрийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Хэрэв нэг албан тушаалд З буюу түүнээс дээш тооны хүний нэр дэвшвэл хүн тус бүр дээр саналыг нууцаар хурааж олонхийн санал авсан хүнийг Байнгын хорооны даргаар сонгогдсонд тооцно. Хэрэв нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг үлдээж, дахин санал хураалт явуулна. Санал тэнцсэн тохиолдолд Улсын Их Хурлын даргын саналаар шийдвэрлэнэ. Хэн нь ч олонхийн санал аваагүй бол сонгуулийг эхнээс нь явуулна.

2.Санал нууцаар хураах тохиолдолд уг ажлыг зохион байгуулж, дүнг илтгэх үүрэг бүхий санал хураах комиссыг дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 5 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож байгуулна. Улсын Их Хурлаас тухайн санал хураалтаар зохих албан тушаалд сонгогдох буюу томилогдохоор нэр дэвшигчийг санал хураах комиссын бүрэлдэхүүнд оруулахгүй.

3.Улсын Их Хурлын бусад байгууллагыг байгуулахад дээрх журмыг баримтална.

34 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх

Хэвлэх

1.Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс түүний дарга Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж санал хураасан өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг Улсын Их Хуралд тавина.

2.Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу явагдсан эсэхийг дүгнэж, санал хураалтын дүнгийн талаар Улсын Их Хуралд илтгэнэ. Уг илтгэлийг сонссоны дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсоно.

3.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг Улсын Их Хурлын гишүүд олонхийн саналаар батална.

35 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн чөлөөлөх, огцруулах

Хэвлэх

1.Ерөнхийлөгч биеийн эрүүл мэнд, бусад хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөлийн улмаас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж чадахгүйгээ илэрхийлж Улсын Их Хуралд хүсэлт гаргасан бол Улсын Их Хурал түүнийг чөлөөлөх эсэхийг хянан хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэхдээ эхлээд түүний тайлбарыг сонсоно. Хэрэв энэ талаар Байнгын хороо, намын бүлгийн дүгнэлт байгаа бол тэдгээрийг Улсын Их Хуралд уншиж сонсгоно. Дараа нь Улсын Их Хурлын гишүүд асуулт, хариулт явуулж, санал, дүгнэлтээ хэлнэ.

2.Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу хэлэлцэж дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурал Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ дараахь шалтгаан нөхцөлийг заавал тогтоосон байна:

1/Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн З,4-т заасан үндэслэлээр Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт үнэн зөв эсэх;

2/Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн үндэслэл, шалтгааныг зөв тогтоосон эсэх;

3/Ерөнхийлөгч бүрэн эрхээ зөрчсөн хүрээ, нөхцөл, байдлыг зөв тогтоосон эсэх.

36 дугаар зүйл. Ерөнхий сайдыг томилох

Хэвлэх

1.Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан журмаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах тухай саналаа Улсын Их Хурлын даргыг сонгосноос хойш 14 хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн барина.

2.Ерөнхий сайдын албан тушаалд нэр хүний нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчийг Ерөнхийлөгч танилцуулна. Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчдэд асуулт тавьж, хариулт авсны дараа саналыг нууцаар хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдыг томилсон тухай тогтоол гаргана.

3.Ерөнхий сайдад нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол 14 хоногийн дотор дахин өөр хүний нэр дэвшүүлэхийг Ерөнхийлөгчид Улсын Их Хурал зөвлөнө. Дахин нэр дэвшүүлж томилох асуудлыг энэ зүйлд заасан журмаар гүйцэтгэнэ.

4.Ерөнхий сайдыг томилсон тухай Улсын Их Хурлын тогтоол хүчин төгөлдөр болсноор Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.

37 дугаар зүйл. Засгийн газрын гишүүдийг томилох

Хэвлэх

1.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газрын гишүүдийг томилж Засгийн газрыг эмхлэн байгуулна. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлсэн хүн бүрийг Улсын Их Хурлын зохих Байнгын хороогоор урьдчилан хэлэлцүүлэх бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлт гарсны дараа Улсын Их Хурал чуулганаараа хэлэлцэнэ.

2.Улсын Их Хурал Засгийн газрын гишүүнд Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн хүн бүрийг тусад нь хэлэлцэнэ. Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авсны дараа санал, дүгнэлтээ гаргана. Нэр дэвшигчийг Засгийн газрын гишүүнээр томилох талаар нууц санал хураалтыг хүн бүрээр явуулна. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан хүнийг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд тооцно.

З.Нэр дэвшигч нь чуулганд оролцсон гишүүдийн олонхийн санал авч чадаагүй тохиолдолд Ерөнхий сайд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу 14 хоногийн дотор тухайн тушаалд өөр хүний нэр дэвшүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

38 дугаар зүйл. Засгийн газрыг огцруулах тухай Улсын Их Хурлын санаачилга

Хэвлэх

1.Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулахыг хүсэж гарын үсэг зурсан саналаа Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш хорин дөрвөөс доошгүй цагийн дараа, гэхдээ 15 хоногийн дотор Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Ийнхүү хэлэлцэхдээ Засгийн газрыг огцруулах болсон үндэслэл бүхий санал, Байнгын хороодын дүгнэлт, намын бүлгийн саналыг сонсоно. Уг асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын санал, хэрэв Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3,4-т заасан үндэслэл байна гэж үзвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг заавал сонсоно. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Засгийн газрыг огцруулахыг санаачлагч гишүүдэд асуулт тавьж, хариулт авна. Улсын Их Хурлын даргын саналаар асуулт, хариултыг тасалсны дараа санал, шүүмжлэл явуулна. Санал, шүүмжлэл тасалсны дараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд үг хэлж болно.

2.Засгийн газрыг огцруулах асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын гишүүд саналаа нууцаар гаргана.

З.Улсын Их Хурлаас Засгийн газрыг огцруулахгүй гэж шийдвэрлэсэн бол ийнхүү шийдвэрлэснээс хойш 6 сарын дотор энэ асуудлыг Улсын Их Хурал дахин авч хэлэлцэхгүй.

4.Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэр гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилох үүрэгтэй.

39 дүгээр зүйл. Засгийн газрын огцруулах тухай Ерөнхийлөгчийн санал

Хэвлэх

Засгийн газрыг огцруулах тухай Ерөнхийлөгчийн саналыг энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

40 дүгээр зүйл. Засгийн газар огцрох тухайгаа өргөн мэдүүлэх

Хэвлэх

Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцрох тухайгаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурал уг асуудлыг энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Гэхдээ Ерөнхий сайдын санал, дүгнэлтийг эхний ээлжинд сонсоно.

41 дүгээр зүйл.Улсын Их Хурал, Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэхээ илэрхийлэх

Хэвлэх

1.Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхээ илэрхийлж өгөхийг хүсэж Засгийн газар холбогдох тогтоолын төсөл Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол уг асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргана.

2.Улсын Их Хурал Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байгаа тухай шийдвэр гаргавал Засгийн газар огцорно. Гэхдээ Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, мөн энэ хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаар шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тухайн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

42 дугаар зүйл. Улсын Их Хуралд Улсын дээд шүүхийн шүүгчдийг танилцуулах

Хэвлэх

1.Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгохын өмнө нэр дэвшигч бүрийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулна.

2.Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдохоор нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурал ямар нэг шийдвэр гаргахгүй.

43 дугаар зүйл. Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхийлөгч томилохдоо Улсын Их Хуралтай зөвшилцөх

Хэвлэх

1.Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхийлөгч томилохдоо Улсын Их Хуралтай зөвшилцөнө.

2.Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулна.

3.Улсын Их хурал Ерөнхийлөгчийн санал, Хууль зүйн байнгын хорооны дүгнэлттэй танилцаад Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилогдохоор нэр дэвшигчдийн талаар санал хураалт явуулж дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

44 дүгээр зүйл. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, эгүүлэн татах

Хэвлэх

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын дарга Дотоод асуудлын байнгын хороон санал, дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд З хүний нэр дэвшүүлнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэр дэвшигч болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс санал болгосон нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулна.

З.Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн саналыг сонсож нэр дэвшигч тус бүрээр нууц санал хураалт явуулж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсонд тооцно.

4.Үндсэн хуулийн жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэхдээ энэ талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх нэр дэвшүүлсэн байгууллагын саналыг сонссоны дараа нууц санал хураалт явуулж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

45 дугаар зүйл.Гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Ерөнхийлөгч томилох, эгүүлэн татахдаа Улсын Их Хуралтай зөвшилцөх

Хэвлэх

1.Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Ерөнхийлөгч томилох, эгүүлэн татахдаа Улсын Их Хуралтай зөвшилцөнө.

2.Гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурлын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулна.

3.Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн санал, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаад бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлаар нууц санал хураалт явуулж дүнг Ерөнхийлөгчид өргөн барина.

4.Гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилохтой холбогдож гарсан тухайн төлөөлөгчийн газрын байршилтай холбогдсон асуудлыг энэ зүйлийн 2,З дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн

төсөл хянан хэлэлцэх, батлах

46 дугаар зүйл. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх

Хэвлэх

1.Хууль санаачлагч хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг /цаашид "төсөл" гэх/ Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

2.Өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлын дарга зохих Байнгын хороонд шилжүүлнэ.

47 дугаар зүйл.Төсөл хянан хэлэлцэх, батлах үе шат

Хэвлэх

1.Улсын Их Хурал төсөл хянан хэлэлцэх, батлах үйл ажиллагаагаа дараах үе шаттай хийнэ:

1/Байнгын хорооны дагнасан болон хамтарсан хуралдаанаар төсөл хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах;

2/Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах;

3/анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг тусгаж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх;

4/төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулж батлах;

5/эцсийн хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг тусгаж төслийн эцсийн найруулгыг хянах;

6/Улсын Их Хурал эцсийн найруулгатай танилцах;

7/шийдвэрийг ёсчлох;

8/Ерөнхийлөгч Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавьсан бол тухайн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.

2.Төсөл хянан хэлэлцэх явцад Улсын Их Хурал, эсхүл түүний Байнгын хороо ажлын хэсэг байгуулж болно.

48 дугаар зүйл. Байнгын хороогоор төсөл урьдчилан хэлэлцэх

Хэвлэх

1.Байнгын хороо төсөл хэлэлцэхдээ бусад Байнгын хороонд хуралдаан болох өдөр, цаг, газрыг гурваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ. Бусад Байнгын хорооны гишүүн тухайн хуулийн төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа бол Байнгын хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцож төслийн талаар санал, дүгнэлт гаргаж болно. Төсөл хэлэлцэхэд биечлэн оролцох боломжгүй гишүүн санал, дүгнэлтээ бичгээр урьдчилан гаргаж болох бөгөөд түүнийг Байнгын хорооны хуралдаанд заавал танилцуулж хэлэлцүүлнэ.

2.Төслийг хоёр буюу хэд хэдэн Байнгын хороо хамтарсан хуралдаанаар хэлэлцэж болох бөгөөд уг хуралдаанд тухайн хороодын бүх гишүүн таслах эрхтэй оролцоно.

3.Байнгын хорооны хуралдаанаар дараахь асуудлыг санал хураалт явуулж шийдвэрлэнэ:

1/төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулах эсхүл дахин боловсруулахаар буцаах;

2/төслийн талаархи Байнгын хорооны дүгнэлтийг чуулганы хуралдаанд илтгэх гишүүнийг томилох.

Бусад Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл эрхлэх асуудалдаа холбогдох төслийн зүйл, заалтын талаар санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганд танилцуулж болно.

4.Хэрэв нэг асуудлаар хоёр, түүнээс дээш тооны төсөл байгаа бол тэдгээрийг нэгтгэн зохицуулж нэг төсөл болгож болно. Ийнхүү хэд хэдэн төслийг нэгтгэхийг хууль санаачлагч зөвшөөрөхгүй бол Байнгын хороо тэдгээр төслийн аль нэгийг сонгон авч хэлэлцэх бөгөөд зөвхөн уг төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана.

49 дүгээр зүйл. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар төсөл хэлэлцэх

Хэвлэх

1.Улсын Их Хурал Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль санаачлагчаас өргөн мэдүүлж, зохих Байнгын хороо урьдчилан хэлэлцэж дүгнэлт гаргасан, улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж баталсан төслийг хэлэлцэнэ.

Хэрэв хууль санаачлагч чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй төсөл Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр тухайн чуулганы явцад өргөн мэдүүлбэл Дотоод асуудлын байнгын хороо болон зохих Байнгын хорооны санал, дүгнэлтийг харгалзан түүнийг тухайн чуулганаар хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2.Чуулганаар хэлэлцэхээр тогтсон төслийг илтгэл, дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийн хамт Улсын Их Хурлын гишүүдэд уг төсөл хэлэлцэж эхлэхээс долоо хоногийн өмнө зохих Байнгын хороо эрхлэн тараана. Төсөл олшруулах, тараах ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар эрхэлнэ.

З.Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа дараахь журмыг баримтална:

1/төслийн тухай хууль санаачлагчийн илтгэл тавих хугацаа 30 минутаас илүүгүй байна. Илтгэлд тухайн төсөл боловсруулах болсон шалтгаан, үндэслэл, зорилго, боловсруулсан явц, тухайн хууль, Улсын Их Хурлын шийдвэр үйлчилж эхэлснээс үүсэж гарах нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагаврыг хураангуйлан тодорхойлж, санхүү, эдийн засгийн тооцоог хавсаргана;

2/Байнгын хорооны дүгнэлтийг танилцуулах хугацаа 20 минутаас илүүгүй байна. Дүгнэлт нь уг төсөл төрийн бодлогод нийцэж байгаа эсэх, хуулийн зорилт, хууль тогтоомжийн техникийн болон хэл зүйн шаардлагыг хэрхэн хангасан, тухайн чуулганаар түүнийг батлах боломжтой эсэхийг тодорхойлохоос гадна төслийн зохих үндэслэл, заалтын талаар зарчмын өөр саналтай бол бүрэн томъёоллоор илэрхийлсэн үндэслэл, шалтгааныг заана.Байнгын хороо хуулийн төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай зарчмын саналаа томъёолж Улсын Их Хурлын гишүүдэд тараасан байна;

3/төслийн тухай илтгэл, дүгнэлтийг сонссоны дараа асуулт, хариулт явуулах бөгөөд тэдгээр нь шууд, товч, тодорхой байх шаардлагатай.Асуулт, хариулт үргэлжлэх хугацааг хуралдаан даргалагч тогтооно.Хэрэв уг төслийг баталснаар улсын төсвийн зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын санал, дүгнэлтийг заавал сонсоно;

4/асуулт, хариулт дууссаны дараа төслийг бүхэлд нь хэрхэн үзэх тухай, мөн зарчмын зөрүүтэй асуудлаар бусад Байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хороо тус бүрийг төлөөлөхөөр хорооныхоо хуралдаанаас томилогдсон гишүүн танилцуулна. Хэрэв Улсын Их Хуралд суудал бүхий намын бүлэг санал, дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзвэл түүнийг бүлгийн ахлагч, эсхүл тухайн бүлгээс томилогдсон гишүүн танилцуулна. Бусад Байнгын хороо болон намын бүлгийг төлөөлж санал дүгнэлт гаргаж байгаа гишүүн энэ хуулийн З1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн З-т заасан хугацааг баримтална. Байнгын хорооны санал, дүгнэлтийн зэрэгцээ зарчмын зөрүүтэй саналтай гишүүний саналыг Байнгын хороо, намын бүлгийг төлөөлж байгаа гишүүн томъёоллоор нь мэдээлнэ. Зарчмын зөрүүтэй саналынхаа талаар тухайн гишүүн 7 минутаас илүүгүй хугацаагаар тайлбар хэлж болно.

Зарчмын зөрүүтэй санал гэдэгт хууль санаачлагч, зохих Байнгын хороо хоёрын тохиролцоогүй бөгөөд Байнгын хорооны дүгнэлтэд шинээр томъёолсон саналууд, уг төслийн талаар Байнгын хорооноос дүгнэлт гаргахад аль нэг гишүүний тусгай санал болгож үлдээсэн, анхны хэлэлцүүлгийн үед шинээр үүсч гарсан бөгөөд тухайлан санал хурааж шийдвэрлэхээр хуралдаан даргалагчаас шийдсэн асуудлыг тус тус ойлгоно;

5/Улсын Их Хурлын гишүүд төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналаа бичгээр бүрэн томъёолж хуралдаан даргалагчид өгнө. Харин найруулгын чанартай засварыг ажлын хэсэгт өгнө;

6/гишүүд санал гаргаж дууссаны дараа зарчмын зөрүүтэй асуудал бүрээр санал хураана. Тэгэхдээ зарчмын зөрүүтэй асуудлыг ямар хувилбараар шийдвэрлэх саналтай байгаа, эсхүл уг асуудлаархи төслийн заалтыг дахин гүйцээн боловсруулж саналыг сонсохын аль нэгээр хэлэлцүүлж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ;

7/зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураасны дараа төслийг бүхэлд нь хэрхэх талаар санал хурааж,дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

а/төслийг бүхэлд нь сайшааж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх;

б/төслийг тухайн чуулганаар цаашид хянан хэлэлцэхээс татгалзаж тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргах шаардлагагүй гэж үзэх;

в/төслийг дахин боловсруулахаар хууль санаачлагчид буцаах;

8/Улсын Их Хурал төслийг бүхэлд нь сайшаасан нөхцөлд зохих саналын дагуу түүнийг зарчмын хувьд өөрчлөх, найруулан засах үүрэг бүхий Улсын Их Хурлын болон хууль санаачлагчийн хамтарсан ажлын хэсэг байгуулж болно;

9/анхны хэлэлцүүлгийн явцад төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд түүнийг бүхэлд нь сайшаасан бол эцсийн хэлэлцүүлэгт оруулахгүйгээр шууд хэлэлцэн баталж болно;

10/төслийг цаашид хэлэлцэхээс татгалзсан, хууль санаачлагчид буцаасан тухай шийдвэрийн талаар хууль санаачлагч саналаа илэрхийлж болох бөгөөд уул саналыг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ;

11/төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, хэлэлцүүлэхээр оруулах хугацааг төслийн боловсруулалтын төвшин, ажлын хэмжээ, шаардлагыг харгалзан хуралдаан даргалагч тогтооно.

4.Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж оруулах, хянан хэлэлцэхэд дараахь журам баримтална:

1/анхны хэлэлцүүлгээр сайшаасан төслийг хууль санаачлагч хариуцаж ажлын хэсэгт эцэслэн гүйцээж боловсруулна. Төслийн анхны хэлэлцүүлэгт дүгнэлт гаргасан зохих Байнгын хороо анхны хэлэлцүүлгээр тогтсон зарчмын тохиролцоог үндэслэн Улсын Их Хурлын гишүүдийн болон хууль санаачлагчийн томъёолж өгсөн саналыг нэгбүрчлэн хянан үзэж төсөлд зохих нэмэлт, өөрчлөлт хийж, хууль тогтоомжийн техник, хэл найруулгын талаас нь нягтлан үзэж шалгаад зохих тайлан, санал бэлтгэнэ;

2/ажлын хэсгийн эцэслэн боловсруулсан төслийг тус хэсгийн санал, тайлбарыг үндэслэн зохих Байнгын хороо буюу Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хянан хэлэлцэж дүгнэлт гаргана;

3/ажлын хэсэгт болон Байнгын хороонд төслийг эцэслэн боловсруулахдаа саналынхаа зөрүүг арилгах арга хэмжээ авна. Үүний тулд ажлын хэсэг, Байнгын хороо саналын зөрүүтэй асуудлаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах, Засгийн газрын холбогдох гишүүний болон бусад албан тушаалтны санал сонсох, хууль санаачлагчаар дахин хэлэлцүүлэх зэргээр ажиллаж болно. Хэрэв зарчмын тодорхой асуудлаар харилцан тохиролцоогүй бол Байнгын хороо, хууль санаачлагчийн тус тусын саналыг томъёолж эцсийн хэлэлцүүлэгт оруулна;

4/ажлын хэсгийн тавьсан саналыг хэлэлцээд зохих Байнгын хорооны гаргасан дүгнэлтийг үндэслэн эцсийн хэлэлцүүлэг явуулна. Тодорхой асуудлаар зарчмын зөрүүтэй саналтай хэвээр үлдсэн бол энэ тухай эхлээд Байнгын хорооны, дараа нь хууль санаачлагчийн тайлбарыг сонсож, асуулт,хариулт явуулна;

5/эцсийн хэлэлцүүлэгт төслийг зүйл, бүлэг тус бүрээр буюу хэрэв санал зөрүүгүй бол бүхэлд нь хэлэлцэж батална. Ийнхүү хэлэлцэхдээ энэ хуулийн З1 дүгээр зүйлийн З дахь хэсгийн 2, энэ зүйлийн З дахь хэсгийн 1,2,4-т заасан хугацааг баримтална;

6/шаардлагатай гэж үзвэл эцсийн хэлэлцүүлгээр баталсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай тогтоолыг хэлэлцэн батална;

7/эцсийн хэлэлцүүлгээр баталсан төслийг найруулгын хяналтад шилжүүлж,эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулах хугацааг хуралдаан даргалагч тогтооно;

8/төсөл батлагдаагүй бол түүнийг хууль санаачлагчид буцаасан тухай Улсын Их Хурал тогтоол гаргана. Ийнхүү тогтоол гаргахын өмнө хууль санаачлагч саналаа Улсын Их Хуралд сонсгох эрхтэй бөгөөд түүнийг авч хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонхийн саналаар шийднэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Улсын Их Хурал шийдвэр гаргах, түүнийг

нийтлэх журам

50 дугаар зүйл.Улсын Их Хурлын шийдвэр

Хэвлэх

Улсын Их Хурал хууль, тогтоол, бусад шийдвэр гаргана. Улсын Их Хурлын шийдвэрт Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга /цаашид "Ерөнхий нарийн бичгийн дарга" гэх/ гарын үсэг зурж ёсчлоно.

51 дүгээр зүйл.Санал хураалт, түүнийг явуулах журам

Хэвлэх

1.Үндсэн хууль, энэ хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал тухайн асуудлаар санал хураалт явуулж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал хураалт нууц, ил, нэрээр гэсэн З хэлбэртэй байна.

2.Улсын Их Хурлын гишүүн чуулганы тухайн өдрийн тухайн асуудлаархи хуралдаанд ирцээ бүртгүүлсэн бол уг асуудлаар санал хураахад заавал оролцоно. Санал хураалт явуулах цагийг хуралдаан даргалагч урьдчилан зарлана. Санал хураагаагүй үед Улсын Их Хурлын гишүүн хуралдааны даргаас түр чөлөө авч болох боловч санал хураахад заавал биеэр оролцоно. Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан журмаар санал хурааж нэгэнт баталсан хууль, бусад шийдвэрийг санал хураах үед байгаагүй гэсэн шалтгаанаар дахин хэлэлцүүлэх эрхгүй.

3.Улсын Их Хурлын гишүүн зөвхөн "зөвшөөрсөн","татгалзсан" гэсэн 2 саналын аль нэгийг өгнө.

52 дугаар зүйл. Улсын Их Хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох

Хэвлэх

1.Улсын Их Хурлын шийдвэрийг ёсчлосноос хойш 24 цагийн дотор Ерөнхийлөгчид илгээнэ. Хэрэв Улсын Их Хурал өөр хугацаа тогтоогоогүй бол ийнхүү илгээснээс хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор тухайн хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавьсан бол уг асуудлыг хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжинд хэлэлцэж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хоригийг хүлээн зөвшөөрөөгүй бол Улсын Их Хурлын тухайн шийдвэр хэвээр үлдэнэ.

2.Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээсээ хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

53 дугаар зүйл. Хууль, бусад шийдвэр нийтлэх, мэдээлэх

Хэвлэх

1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг батлагдсанаас хойш Ерөнхий нарийн бичгийн даргын зөвшөөрснөөр төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлэхээс гадна хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

2.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг төв, орон нутгийн бусад сонин, хэвлэлд нийтлэх, радио, телевизээр дамжуулахдаа төрийн төв хэвлэлд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд ийнхүү дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.

3.Улсын Их Хурлын чуулганы явцын тухай олон нийтэд сонордуулах албан ёсны мэдээллийг зөвхөн Улсын Их Хурлын Тамгын газар хариуцан нийтлүүлнэ.

54 дүгээр зүйл. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл хөтлөх, түүнийг ашиглах, хадгалах

Хэвлэх

1.Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, Улсын Их Хурлын гишүүдийн ажлын зөвлөлгөөн,Байнгын хорооны хуралдааны явцыг албан ёсоор дэс дараалан тэмдэглэн авах, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг Ерөнхий нарийн бичгийн даргын тогтоосон журмын дагуу Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ.

2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны явцын тэмдэглэлийг гараар болон соронзон хальсанд нэгэн зэрэг бичнэ. Шаардлагатай гэж үзвэл хуралдааны явцын талаар дуутай дүрс бичлэг хийж хадгална.

3.Хуралдааны явцын тэмдэглэлд дараахь баримт бичгийг заавал

хавсаргана :

1/тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, урилгаар оролцсон болон байлцсан хүмүүсийн нэр, албан тушаал;

2/хуралдаанаар хэлэлцсэн хууль, бусад шийдвэрийн төсөл /хувилбарууд/ тэдгээрийн танилцуулга, дүгнэлт, санал;

3/хэлэлцэж байгаа асуудлаар Улсын Их Хурлын гишүүнээс бусад гишүүнд тараасан санал;

4/хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүдэд сонордуулсан өргөх бичиг, мэдэгдэл, цахилгаан утас;

5/хуралдааны явцад хэлэлцсэн, сонордуулсан, тараасан бусад баримт бичиг;

6/гишүүн тусгайлан тэмдэглүүлэхээр өөрөө бичсэн зүйл.

4.Хуралдааны явцын тэмдэглэлийг гараар бичихдээ дараахь зүйлийг заавал тусгана:

1/хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан болон асуудлыг хэлэлцэж эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг минут;

2/ямар асуудал, хаанаас, хэн төлөөлж оруулсан тухай товч томъёолол;

3/хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариулт, гаргасан санал, шүүмжлэл, хэлсэн үг;

4/санал хураалтын дүн /тоо,хувиар/, хэрэв нэрээр санал хураавал Улсын Их Хурлын гишүүн нэг бүрийн нэр, өгсөн санал;

5/ирцийн байдал /тоо, хувиар/, байхгүй гишүүний нэр, шалтгаан;

6/хуралдаанд хоцорч ирсэн, чөлөө авсан, өвчтэй байсан, тасалсан, хуралдааны даргын зөвшөөрөлгүй гарч явсан гишүүний нэр, цаг минут;

7/гишүүний тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үг.

5.Гишүүний хуралдаан дээр хэлсэн үгийг тодорхой бичих бөгөөд тусгайлан тэмдэглүүлсэн зүйлийг тухайн гишүүнд хянуулан гарын үсэг зуруулна.

6.Улсын Их Хурлын гишүүн хүсвэл өөрийн болон бусдын хэлсэн үгийн бичлэгтэй танилцаж болно.

7.Гаргасан шийдвэрийг /төслийн хувилбарын хамт/ гар тэмдэглэлд хэлэлцсэн дарааллаар нь дугаарлан заавал хавсаргана.

8.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны явцын тэмдэглэлд Ерөнхий нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

55 дугаар зүйл. Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэг ашиглах, хадгалах

Хэвлэх

1.Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон бичлэгийг Улсын Их Хурлын чуулганы материал бэлтгэж хэвлүүлэх, хэвлэл, мэдээллийн байгууллагад лавлагаа өгөх,маргаантай асуудал шийдвэрлэхэд ашиглуулна.

2.Хуралдааны явцын гар тэмдэглэл,соронзон болон дуутай дүрс бичлэгийг Улсын Их Хурлын гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын хэлтсийн дарга шууд, Улсын Их Хурлын Тамгын газрын бусад ажилтанд эрхэлсэн хэлтсийн даргын, бусад байгууллагын албан тушаалтанд Ерөнхий нарийн бичгийн даргын зөвшөөрсний үндсэн дээр үзүүлж, сонсгоно.

3.Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг зөвхөн уг ажлыг эрхлэх ажилтан эсхүл архивчийн дэргэд үзэж, сонсох бөгөөд тэдгээрийг олшруулах,хувилахыг хориглоно.

4.Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хадгална. Энэ тухай журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга тогтооно.

АРАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

56 дугаар зүйл. Улсын Их Хурлын төсвийг батлах, тайлагнах

Хэвлэх

1.Улсын Их Хурал аж ахуй, санхүүгийн хувьд бие даасан байна.

2.Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газар, түүний харьяа байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах зардлын төсвийн төслийг Тамгын газраас бэлтгэж Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, Улсын нэгдсэн төсөвт тусгана.

3.Улсын Их Хурлын төсвийн зарцуулалтад Тамгын газар хяналт тавих бөгөөд гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлнэ.

57 дугаар зүйл. Улсын Их Хурлын Тамгын газар

Хэвлэх

1.Улсын Их Хурал нь өөрийн гишүүд, Байнгын болон бусад хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Тамгын газартай байна. Тамгын газрыг Ерөнхий нарийн бичгийн дарга толгойлно.

2.Улсын Их хурлын даргад үйлчлэн туслах ажлын хэсэг Тамгын газарт багтах бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын шууд харьяанд байж Улсын Их Хурлын даргад үйлчилнэ.

3.Тамгын газар нь хуулийн этгээд мөн бөгөөд өөрийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

58 дугаар зүйл. Ерөнхий нарийн бичгийн дарга

Хэвлэх

1.Улсын Их Хурлын чуулган бэлтгэн явуулах, түүний өдөр тутмын ажлыг зохицуулахад Улсын Их Хурлын даргад туслах,Улсын Их Хурлын Тамгын газрыг удирдах үндсэн үүрэг бүхий Ерөнхий нарийн бичгийн даргыг Улсын Их Хурлаас томилно.

2.Ерөнхий нарийн бичгийн дарга нам бус байна.

3.Ерөнхий нарийн бичгийн дарга эрхлэх асуудлаараа захирамж гаргана.

59 дүгээр зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын эрхлэх ажил

Хэвлэх

1.Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурлын чуулганы хуралдааны бэлтгэл ажлыг зохион байгуулах;

2/Улсын Их Хурлын чуулганы хуралдаан даргалагчид зөвлөх, хэлэлцэж буй асуудлын талаар хууль зүйн туслалцаа үзүүлэх;

3/Улсын Их Хурал, түүний даргын нэр дээр ирсэн иргэдийн санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

4/Улсын Их Хурлын дарга, гишүүд иргэдийг хүлээн авах ажлыг зохион байгуулах;

5/Улсын Их Хурлын Тамгын газар, түүний харьяа байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах;

6/Улсын Их Хурлын Тамгын газрыг удирдаж, түүнд ажиллах боловсон хүчинг томилох, чөлөөлөх.

2.Ерөнхий нарийн бичгийн даргын эрхлэх бусад ажлын чиг үүргийг Улсын Их Хурал тогтооно.

60 дугаар зүйл.Тамгын газрын эрхлэх ажил

Хэвлэх

1.Тамгын газар нь дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/Улсын Их Хурал, түүний гишүүд, Байнгын болон бусад хороодын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

2/Улсын Их Хурлын төсөв, санхүүг зохих журмын дагуу зарцуулах;

3/Улсын Их Хурлын чуулганы бэлтгэл, хуралдааны хэвийн ажиллагааг хангах;

4/чуулганы болон хороо, ажлын хэсгийн хуралдааны танхим, шаардлагатай техник,хэрэгслийг бэлэн байлгах,танхимд журам сахиулах;

5/хууль,Улсын Их Хурлын бусад шийдвэр, баримт бичгийг нийтлэх, тараах ажил зохион байгуулах;

6/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг сурталчлах, биелэлтийг зохион байгуулах;

7/Улсын Их Хуралд иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлүүлэх арга хэмжээ авах;

8/Улсын Их Хурлын гишүүдийг шаардлагатай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

9/Улсын Их Хурлын бичиг хэргийг хөтлөн явуулах, түүний баримт бичгийг архивлан хадгалах;

10/Улсын Их Хурал, Тамгын газар, түүний харьяа байгууллагын гадаад харилцааны асуудлыг хариуцан шаардлагатай баримт бичиг бэлтгэх, Улсын Их Хурлын шугамаар гадаад оронд айлчлах болон гадаадаас ирэх төлөөлөгчдийг хүлээн авах, бэлтгэл хангах, гадаадын зочин, төлөөлөгчид үйлчлэх;

11/Улсын Их Хурлын аж ахуй, санхүүг хөтлөн явуулах.

2.Улсын Их Хурлын Тамгын газрын бүтэц, орон тоо, ажилтны цалинг Улсын Их Хурлаас баталсан санд багтаан Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн тогтооно.

3.Улсын Их Хурлын Тамгын газрын эрхлэх бусад ажлын чиг үүргийг Ерөнхий нарийн бичгийн дарга тогтооно.

61 дүгээр зүйл.Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх бусад байгууллага

Хэвлэх

Улсын Их Хурлын Тамгын газар дэргэдээ төрийн тогтолцоо, бодлого, хөгжлийн чиг хандлага, түүхэн уламжлал, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах чиг үүрэг, улсын төсвийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн үр ашиг, тэдгээрийг боловсронгуй болгох арга зам зэрэг асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж Улсын Их Хурлыг мэдээллээр хангах үндсэн үүрэг бүхий байгууллагатай байж болно.

62 дугаар зүйл. Улсын Их Хурлын тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас

Хэвлэх

Улсын Их Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн тамга,тэмдэг,хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

63 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хууль 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

УЛСЫН БАГА

ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

УЛСЫН БАГА ХУРЛЫН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД