A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

Дугаар 11

2015 оны 12 дугаар сарын Улаанбаатар хот 9-ний өдөр

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн

171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн

барьцааны тухай хуулийн зарим заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг

зөрчсөн эсэх маргааныг эцэслэн

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн А.Базар, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар оролцож, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2; 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.4; 33 дугаар зүйлийн 33.1; 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй." гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв. Мөн Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай" 88 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд оршин суугч, иргэн А.Базар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

" ...Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад иргэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх үндсэн эрхтэй болохыг баталгаажуулжээ. Өмчлөх эрх нь туйлын, ноёрхлын шинжтэй байдаг. Энэ үүднээс өмчлөгч нь өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, бусад этгээдийн хөндлөнгийн нөлөөллийг үгүйсгэх эрхтэй билээ. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт "иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын ... бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, ... , хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх ... зарчмуудад үндэслэнэ", 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй ашиглах, эзэмших, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтаар баталгаажуулсан өмчлөх эрхийн агуулгыг хууль зүйн үүднээс нарийвчлан тодорхойлж бататгасан хэрэг билээ.

1. Ипотекийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч үүрэг гүйцэтгүүлэгчийн Ипотекийн зүйлээс өөрийн шаардлагыг нэн тэргүүнд хангуулах эрх нь дуусгавар болдоггүй, шинэ өмчлөгчид хандаж уг шаардлагыг гаргах боломжтой байдаг билээ. (Иргэний хуулийн 169.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28.1) Иймд ипотекийн зүйлийн өмчлөл гуравдагч этгээдэд шилжих нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хөнддөггүй тул өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах шаардлага байдаггүй. Харин ипотекийн зүйлийн өмчлөл шилжүүлэхийг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгосноор өмчлөгчийн өмчлөх эрх, хөрөнгийг худалдан борлуулж зах зээлээс санхүүжилт олж авах боломжийг хязгаарлах юм. Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээдэд давхар барьцаалсан нөхцөлд өмчлөгч нь хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхийн тулд барьцаалагч бүрээс зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа нь өмчлөлийг шилжүүлэхэд төвөгтэй байдал үүсгэнэ. Мөн хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авч байгаа шинэ өмчлөгч нь өмчлөлийг цаашид шилжүүлэхийн тул мөн адил барьцаалагч нарын зөвшөөрөл шаардлагатай тул барьцааны зүйлийн өмчлөлийг шилжүүлж авахад болгоомжлох болно. Үүнээс шалтгаалан барьцааны зүйлийн зах зээлийн үнэлгээ буурах нь тодорхой. Практикт үл хөдлөх эд хөрөнгийг ихэвчлэн том хэмжээний үнийн дүнтэй, урт хугацааны зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалдаг. Үүнтэй холбоотой өмчлөгчийн өмчлөх эрх урт хугацаанд барьцаалагчаас хамааралтай болох үр дүн үүсч байна. Эдгээр нөхцөл байдлууд нь өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж буй нөхцөлүүд болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг бусдад шилжүүлэхийг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай байдлаар зохицуулсан Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр" гэх хэсэг, 27.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй" гэж заасныг зөрчиж байна.

2. Эд хөрөнгийн өмчлөгч болохынхоо хувьд өөрийн өмчлөлийн хөрөнгийг хэд хэдэн этгээдэд давхар барьцаалах эрхтэй. Хөрөнгийг хэд хэдэн этгээдэд барьцаалсан нөхцөлд барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нар нь барьцаа үүссэн дарааллын дагуу өөрсдийн шаардлагаа хангуулах эрхтэй (Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33.2, Иргэний хуулийн 158.5 дахь хэсэг) болохын хувьд барьцаалсан хөрөнгийг давхар барьцаалах нь өмнөх барьцаалагчийн эрхийг хөнддөггүй. Өөрөөр хэлбэл, барьцаалагч этгээд өөрөөс нь хожуу барьцааны эрх олж авсан этгээдээс түрүүлж шаардлагаа хангуулах эрхтэй тул барьцаалсан хөрөнгийг гуравдагч этгээдэд давхар барьцаалах нь түүний эрхийг хөнддөггүй. Харин давхар барьцаалахыг хориглох, хязгаарлах тохиолдолд хөрөнгийн өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөх болно. Ялангуяа зээлийн үнэлгээний харьцаа /зээл, түүний үлдэгдлийн дүнг барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээнд харьцуулсан хувь/ бага байх тохиолдолд уг эд хөрөнгийг давхар барьцаалах эрэлт зах зээлд байсаар байдаг тул давхар барьцаалахыг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгосноор өмчлөгч нь өмчлөлийн хөрөнгөө давхар барьцаалан зах зээлээс санхүүжилт олж авах тэрхүү боломжийг хязгаарлах болно...

3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр түрээслэх, хөлслөх, үнэ төлбөртэйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй", 30.3 дахь хэсэгт "Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна", 30.4 дэх хэсэгт "Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна", Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт "Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна" гэж өмчлөгчийн Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд байгуулах аливаа хэлцэл, ипотекийн зүйлийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгожээ. Ингэснээр барьцаалагч уг зөвшөөрлийг олгоход өмчлөгчөөс төлбөр шаардах, барьцаалагч зөвшөөрөл өгөөгүйгээс өмчлөгч өөрийн хөрөнгийн ашигтай байдлыг гаргаж чадахгүй байх буюу хөлслөх, түрээслэх зэргээр ашиг орлого олж чадахгүй байх үр дагаварт хүргэж байна. Учир нь, барьцаалагчийн үндсэн эрх нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд ипотекийн зүйлийг худалдан борлуулах замаар өөрийн шаардлагаа хангуулах явдал байдаг бөгөөд ипотекийн зүйлийг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах нь барьцаалагчийн энэхүү эрхийг хөндөхгүй юм. Иргэний хуулиар ипотекийн зүйлийн чанар, арчлан хамгаалалтын нөхцөлийг шалгах (Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24.1), ипотекийн зүйлд аюул учрах бодит нөхцөл байдал бий болсон бол өмчлөгчид уг аюулыг зайлуулахыг үүрэг болгох, өмчлөгч аюулыг зайлуулах арга хэмжээ аваагүй бол ипотекийн зүйлээс өөрийн шаардлагыг нэн даруй хангуулах (Иргэний хуулийн 170.2), өмчлөгч ипотекийн зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байх тохиолдолд эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах (Иргэний хуулийн 170.5), үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлаа шаардах (Иргэний хуулийн 157.1.5), ипотекийн зүйлийг даатгуулахыг гэрээ байгуулах үед өмчлөгчид үүрэг болгох, устах тохиолдолд даатгалын нөхөн төлбөр ипотекийн зүйлийг сэргээн засварлалтад ашиглагдах эсэхэд хяналт тавих (Иргэний хуулийн 170.3), даатгалын нөхөн төлбөрөөс өөрийн шаардлагаа хангуулах (Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 22.2), барьцаагаар баталгаажсан шаардлагыг хангахад зайлшгүй шаардлагатай үйлдэл хийхийг өмчлөгчөөс шаардах, өмчлөгч уг үйлдлийг хийгээгүй тохиолдолд өмчлөгчийн нэрийн өмнөөс уг үйлдлийг хийх зэрэг эрхтэй (Иргэний хуулийн 158.4) байна.

Иймд барьцаалагчийн эрхийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бус, өмчлөгч өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд ашиглуулах, эзэмшүүлэх эрхийг хязгаарласан Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй гэж заасныг зөрчиж байна.

4. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт өмчлөгч нь барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр газар дээр барилга байгууламж барих талаар зохицуулсан нь мөн өмчлөгчийн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 171 дүгээр зүйл (өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарлах)-ийн 171.1 дэх хэсэгт "Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна" гэж заасан байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг нь Иргэний хуулийн дээрх заалттай зөрчилдөөнтэй заалт байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтыг батлах үндэслэл болсон байна. Иймд Иргэний хуулийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Иргэний хууль ипотекийн талаарх "өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг хязгаарлахгүй байх" үзэл баримтлал, зохицуулалттай зөрчилдсөн төдийгүй Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн байна.

Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн "Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай" 135 дугаар тогтоол, 5 дугаар сарын 30-ны өдрийн "Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай" 200 дугаар тогтоол батлагдаж иргэдийг урьдчилгаа төлбөр болон зээлийн хүү бага, урт хугацаатайгаар орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан билээ. Тэр хэмжээгээр ч иргэд банкны орон сууц барьцаалсан зээлд өргөн хамрагдаж байгаа. Иймд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтаас болж тэр олон зээлдэгч иргэний өмчлөх эрх хөндөгдөж байгаа. Энэ харилцаанд гэрээний нэг талд сул тал болох сонголт, боломж, санхүүжилт хязгаарлагдмал, зээл хүсч буй иргэн, нөгөө талд нь тухайн зах зээлийн мэргэжлийн этгээд болох банк байх бөгөөд гэрээ нь банкны урьдаас бэлдсэн стандарт нөхцөлийн дагуу байгуулагдаж байна.

Иймд Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1 дэх хэсгийн "Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан ... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр" гэх заалт, 27.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн "барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр" гэх заалт, 30.3, 30.4 дэх хэсэг, 33.1 дэх хэсгийн "хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол" гэх заалт, 56.1 дэх хэсгийн "газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр" гэх заалт тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх эрхтэй" гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгөхийг хүсье." гэжээ.

Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

"...Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт "Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх үндсэн эрх, түүний хувийн эрх зүйн харилцаанд хэрэгжих үндэслэлиийг тодорхойлсон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгтэй зөрчилдөхгүй юм.

Ипотекийн зүйлийн өмчлөлийн асуудалд байдаг тодорхой ашиг сонирхлыг хамгаалахад Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн "Өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарлах" гэсэн гарчиг болон мөн зүйлийн доторх 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт "Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна." гэснээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 171 дүгээр 171.2 дахь хэсгийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүний дотор, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлахад чиглээгүй юм.

Харин Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг үүрэг гүйцэтгүүлэгч өгөх эсэх асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн бус, иргэний эрх зүйн тодорхой, хэрэг маргааны зүйл болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй.", 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт "Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.", 30.4 дэх хэсэгт "Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна." гэх заалт дахь "барьцаалагчийн зөвшөөрөл", 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт "Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно." гэсэн заалт нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдал, үүргийн гүйцэтгэлийг хангах шинж чанарыг дордуулахгүй байх барьцаалагчийн ашиг сонирхолтой холбоотой хэрэглэгдэх зохицуулалт болохоос өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах утгаар хэрэглэгдэхгүй болно.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт "Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй." гэсэн заалт нь барьцааны зүйлийг давхар барьцаалахыг хориглохоор өмчлөгч нь өөрийн хүсэл зоригт үндэслэн гэрээ байгуулсан тохиолдлыг хамарсан байх тул хүний эрхийг хуулиар хориглон хязгаарласан агуулгагүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт "Барьцаалуулагч нь газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барих эрхтэй бөгөөд барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаа нь тухайн барилга байгууламжид үл хамаарна." гэж заасан нь барьцаалсан газар дээр барилга байшин баригдсанаар уг газрын чанар байдалд өөрчлөлт орж, шаардлагаа барьцаагаар хангах боломжгүй болох эрсдэлтэй холбоотой барьцаалагчийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд "барьцаалагчийн зөвшөөрөл" шаардсан агуулгатай болохоос уг газар дээр барилга байгууламж барих өмчлөгчийн эрхийг хязгаарлан хориглох агуулгагүй юм.

Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.4, 33 дугаар зүйлийн 33.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр танд уламжилж байна" гэжээ.

Гурав. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 13 дугаар дүгнэлт гаргасан байна.

Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

"1. Өмчлөх эрх нь өмчлөгчийн язгуур эрх бөгөөд өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ба аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

Өмчлөгчийн эрхийг гагцхүү нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх, бусдын эрхийг зөрчиж бусдад гэм хор учруулахыг хориглох, эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх боломж олгох зорилгын үүднээс нийтийн болон иргэний эрх зүйн хэм хэмжээгээр хязгаарладаг нийтлэг жишиг байдаг.

2. Ипотекийн зүйлийн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэх, түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалуулсан газар дээрээ барилга байгууламж барих зэргээр туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд ингэснээрээ барьцаалагчийн эрхийг зөрчихгүй, барьцаалагчид гэм хор учруулахгүй юм. Учир нь ипотекийн зүйлийн өмчлөл, эзэмшил хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь барьцаалагчид хэвээр хадгалагддаг. Мөн ипотекийн зүйлийг давхар барьцаалах нь ипотекаар хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах өмнөх барьцаалагчийн эрхийг хөнддөггүй.

3. Монгол Улсын Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт "Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна" гэж заасан нь өмчлөгчийн туйлын эрхийг баталгаажуулсан үндсэн зохицуулалт юм.

Мөн зүйлийн 171.2 дахь хэсэгт Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарахаар зохицуулсан нь дээр дурьдсан үндсэн зохицуулалттай зөрчилдөж байгаа бөгөөд өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байна." гээд

Дүгнэлт гаргах хэсэгт:

1. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан "Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна."; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...", 27.2 дахь хэсгийн "Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.", 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн "... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...", 30.3 дахь хэсгийн "Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.", 30.4 дэх хэсгийн "Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.", 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ...", 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн "... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй." гэснийг зөрчсөн байна.

2. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан "Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна."; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...", 27.2 дахь хэсгийн "Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.", 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн "... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...", 30.3 дахь хэсгийн "Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.", 30.4 дэх хэсгийн "Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.", 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ...", 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн "... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ..." гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй." гэсэн болно.

Дөрөв. Монгол Улсын Их Хурлын "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай" 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар тогтоолд:

"1."Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт "Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.", Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "… гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр …", 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн "Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.", 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн "... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр …", 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийн "Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.", 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийн "Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.", 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ...", 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн "... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "… үл хөдлөх хөрөнгө … өмчлөх … эрхтэй." гэснийг зөрчсөн байна" гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй." гэжээ.

Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн цэцэд тайлбар ирүүлсэн боловч энэхүү тайлбар нь Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 7–ны өдөр ирүүлсэн тайлбартай үг өгүүлбэр, утга санаагаар бүрэн давхцсан байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Ипотекийн зүйлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалсан газар дээр барилга, байгууламж барих нь тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөхгүй бөгөөд барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар тогтоожээ.

2. Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж үзэхээр байна.

3. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай" 88 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэрийн үндэслэлийг заагаагүй байна.

4. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 13 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл; Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг; 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан "Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна."; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...", 27.2 дахь хэсгийн "Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно."; 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн "... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...", 30.3 дахь хэсгийн "Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.", 30.4 дэх хэсгийн "Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ

хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна."; 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ..."; 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн "... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй." гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай" 88 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Н.ЖАНЦАН

Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

2015 оны 12 дугаар сарын                                                                                                   Дугаар 11                                                                                                Улаанбаатар хот
           9-ний өдөр 

 

          Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн

     171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн

    барьцааны тухай хуулийн зарим заалт

    Үндсэн хуулийн холбогдох заалтыг

    зөрчсөн эсэх маргааныг эцэслэн

 шийдвэрлэсэн тухай

 

 

                        Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                               танхим 14.30 цаг.

 

          Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

           Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн А.Базар, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар оролцож, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан оролцоогүй болно.

 

        Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2; 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.4; 33 дугаар зүйлийн 33.1; 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв. Мөн Монгол Улсын Их Хурлын  2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай” 88 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд оршин суугч, иргэн А.Базар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

            “ ...Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад иргэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх үндсэн эрхтэй болохыг баталгаажуулжээ. Өмчлөх эрх нь туйлын, ноёрхлын шинжтэй байдаг. Энэ үүднээс өмчлөгч нь өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, бусад этгээдийн хөндлөнгийн нөлөөллийг үгүйсгэх эрхтэй билээ.  Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын ... бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, ... , хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх ... зарчмуудад үндэслэнэ”, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй ашиглах, эзэмших, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтаар баталгаажуулсан өмчлөх эрхийн агуулгыг хууль зүйн үүднээс нарийвчлан тодорхойлж бататгасан хэрэг билээ.

 

1.  Ипотекийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч үүрэг гүйцэтгүүлэгчийн Ипотекийн зүйлээс өөрийн шаардлагыг нэн тэргүүнд хангуулах эрх нь дуусгавар болдоггүй, шинэ өмчлөгчид хандаж уг шаардлагыг гаргах боломжтой байдаг билээ. (Иргэний хуулийн 169.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28.1) Иймд ипотекийн зүйлийн өмчлөл гуравдагч этгээдэд шилжих нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хөнддөггүй тул өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах шаардлага байдаггүй. Харин ипотекийн зүйлийн өмчлөл шилжүүлэхийг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгосноор өмчлөгчийн өмчлөх эрх, хөрөнгийг худалдан борлуулж зах зээлээс санхүүжилт олж авах боломжийг хязгаарлах юм. Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээдэд давхар барьцаалсан нөхцөлд өмчлөгч нь хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхийн тулд барьцаалагч бүрээс зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа нь өмчлөлийг шилжүүлэхэд төвөгтэй байдал үүсгэнэ. Мөн хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авч байгаа шинэ өмчлөгч нь өмчлөлийг цаашид шилжүүлэхийн тул мөн адил барьцаалагч нарын зөвшөөрөл шаардлагатай тул барьцааны зүйлийн өмчлөлийг шилжүүлж авахад болгоомжлох болно. Үүнээс шалтгаалан барьцааны зүйлийн зах зээлийн үнэлгээ буурах нь тодорхой. Практикт үл хөдлөх эд хөрөнгийг ихэвчлэн том хэмжээний үнийн дүнтэй, урт хугацааны зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалдаг. Үүнтэй холбоотой өмчлөгчийн өмчлөх эрх урт хугацаанд барьцаалагчаас хамааралтай болох үр дүн үүсч байна. Эдгээр нөхцөл байдлууд нь өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж буй нөхцөлүүд болно.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг бусдад шилжүүлэхийг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай байдлаар зохицуулсан Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх хэсэг, 27.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй” гэж заасныг зөрчиж байна. 

 

2.  Эд хөрөнгийн өмчлөгч болохынхоо хувьд өөрийн өмчлөлийн хөрөнгийг хэд хэдэн этгээдэд давхар барьцаалах эрхтэй. Хөрөнгийг хэд хэдэн этгээдэд барьцаалсан нөхцөлд барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нар нь барьцаа үүссэн дарааллын дагуу өөрсдийн шаардлагаа хангуулах эрхтэй (Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33.2, Иргэний хуулийн 158.5 дахь хэсэг) болохын хувьд барьцаалсан хөрөнгийг давхар барьцаалах нь өмнөх барьцаалагчийн эрхийг хөнддөггүй. Өөрөөр хэлбэл, барьцаалагч этгээд өөрөөс нь хожуу барьцааны эрх олж авсан этгээдээс түрүүлж шаардлагаа хангуулах эрхтэй тул барьцаалсан хөрөнгийг гуравдагч этгээдэд давхар барьцаалах нь түүний эрхийг хөнддөггүй. Харин давхар барьцаалахыг хориглох, хязгаарлах тохиолдолд хөрөнгийн өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөх болно. Ялангуяа зээлийн үнэлгээний харьцаа /зээл, түүний үлдэгдлийн дүнг барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээнд харьцуулсан хувь/ бага байх тохиолдолд уг эд хөрөнгийг давхар барьцаалах эрэлт зах зээлд байсаар байдаг тул давхар барьцаалахыг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгосноор өмчлөгч нь өмчлөлийн хөрөнгөө давхар барьцаалан зах зээлээс санхүүжилт олж авах тэрхүү боломжийг хязгаарлах болно...

 

3.  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр түрээслэх, хөлслөх, үнэ төлбөртэйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй”, 30.3 дахь хэсэгт “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна”, 30.4 дэх хэсэгт “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт  “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна” гэж өмчлөгчийн Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд байгуулах аливаа хэлцэл, ипотекийн зүйлийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг барьцаалагчийн зөвшөөрлөөс хамааралтай болгожээ. Ингэснээр барьцаалагч уг зөвшөөрлийг олгоход өмчлөгчөөс төлбөр шаардах, барьцаалагч зөвшөөрөл өгөөгүйгээс өмчлөгч өөрийн хөрөнгийн ашигтай байдлыг гаргаж чадахгүй байх буюу хөлслөх, түрээслэх зэргээр ашиг орлого олж чадахгүй байх үр дагаварт хүргэж байна. Учир нь, барьцаалагчийн үндсэн эрх нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд ипотекийн зүйлийг худалдан борлуулах замаар өөрийн шаардлагаа хангуулах явдал байдаг бөгөөд ипотекийн зүйлийг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах нь барьцаалагчийн энэхүү эрхийг хөндөхгүй юм. Иргэний хуулиар ипотекийн зүйлийн чанар, арчлан хамгаалалтын нөхцөлийг шалгах (Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24.1), ипотекийн зүйлд аюул учрах бодит нөхцөл байдал бий болсон бол өмчлөгчид уг аюулыг зайлуулахыг үүрэг болгох, өмчлөгч аюулыг зайлуулах арга хэмжээ аваагүй бол ипотекийн зүйлээс өөрийн шаардлагыг нэн даруй хангуулах (Иргэний хуулийн 170.2), өмчлөгч ипотекийн зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байх тохиолдолд эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах (Иргэний хуулийн 170.5), үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлаа шаардах (Иргэний хуулийн  157.1.5), ипотекийн зүйлийг даатгуулахыг гэрээ байгуулах үед өмчлөгчид үүрэг болгох, устах тохиолдолд даатгалын нөхөн төлбөр ипотекийн зүйлийг сэргээн засварлалтад ашиглагдах эсэхэд хяналт тавих (Иргэний хуулийн 170.3), даатгалын нөхөн төлбөрөөс өөрийн шаардлагаа хангуулах (Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 22.2), барьцаагаар баталгаажсан шаардлагыг хангахад зайлшгүй шаардлагатай үйлдэл хийхийг өмчлөгчөөс шаардах, өмчлөгч уг үйлдлийг хийгээгүй тохиолдолд өмчлөгчийн нэрийн өмнөөс уг үйлдлийг хийх зэрэг эрхтэй (Иргэний хуулийн 158.4) байна.

 

Иймд барьцаалагчийн эрхийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бус, өмчлөгч өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд ашиглуулах, эзэмшүүлэх эрхийг хязгаарласан Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй гэж заасныг зөрчиж байна.

 

4.  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт өмчлөгч нь барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр газар дээр барилга байгууламж барих талаар зохицуулсан нь мөн өмчлөгчийн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 171 дүгээр зүйл (өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарлах)-ийн 171.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг нь Иргэний хуулийн дээрх заалттай зөрчилдөөнтэй заалт байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтыг батлах үндэслэл болсон байна. Иймд Иргэний хуулийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Иргэний хууль ипотекийн талаарх “өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг хязгаарлахгүй байх” үзэл баримтлал, зохицуулалттай зөрчилдсөн төдийгүй Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн байна.

 

Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 135 дугаар тогтоол, 5 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай” 200 дугаар тогтоол батлагдаж иргэдийг урьдчилгаа төлбөр болон зээлийн хүү бага, урт хугацаатайгаар орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан билээ. Тэр хэмжээгээр ч иргэд банкны орон сууц барьцаалсан зээлд өргөн хамрагдаж байгаа. Иймд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтаас болж тэр олон зээлдэгч иргэний өмчлөх эрх хөндөгдөж байгаа. Энэ харилцаанд гэрээний нэг талд сул тал болох сонголт, боломж, санхүүжилт хязгаарлагдмал, зээл хүсч буй иргэн, нөгөө талд нь тухайн зах зээлийн мэргэжлийн этгээд болох банк байх бөгөөд гэрээ нь банкны урьдаас бэлдсэн стандарт нөхцөлийн дагуу байгуулагдаж байна.

 

Иймд Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1 дэх хэсгийн “Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан ... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх заалт, 27.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх заалт, 30.3, 30.4 дэх хэсэг, 33.1 дэх хэсгийн “хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол” гэх заалт, 56.1 дэх хэсгийн “газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр” гэх заалт тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх эрхтэй” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.  

 

Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

 

            “...Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх үндсэн эрх, түүний хувийн эрх зүйн харилцаанд хэрэгжих үндэслэлиийг тодорхойлсон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгтэй зөрчилдөхгүй юм.

 

            Ипотекийн зүйлийн өмчлөлийн асуудалд байдаг тодорхой ашиг сонирхлыг хамгаалахад Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн “Өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарлах” гэсэн гарчиг болон мөн зүйлийн доторх 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэснээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 171 дүгээр 171.2 дахь хэсгийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүний дотор, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлахад чиглээгүй юм. 

 

            Харин Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг үүрэг гүйцэтгүүлэгч өгөх эсэх асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн бус, иргэний эрх зүйн тодорхой, хэрэг маргааны зүйл болно.

 

            Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй.”, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.”, 30.4 дэх хэсэгт “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэх заалт дахь “барьцаалагчийн зөвшөөрөл”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.” гэсэн заалт нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдал, үүргийн гүйцэтгэлийг хангах шинж чанарыг дордуулахгүй байх барьцаалагчийн ашиг сонирхолтой холбоотой хэрэглэгдэх зохицуулалт болохоос өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах утгаар хэрэглэгдэхгүй болно.

 

            Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй.” гэсэн заалт нь барьцааны зүйлийг давхар барьцаалахыг хориглохоор өмчлөгч нь өөрийн хүсэл зоригт үндэслэн гэрээ байгуулсан тохиолдлыг  хамарсан байх тул хүний эрхийг хуулиар хориглон хязгаарласан агуулгагүй байна.

 

            Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барих эрхтэй бөгөөд барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаа нь тухайн барилга байгууламжид үл хамаарна.” гэж заасан нь барьцаалсан газар дээр барилга байшин баригдсанаар уг газрын чанар байдалд өөрчлөлт орж, шаардлагаа барьцаагаар хангах боломжгүй болох эрсдэлтэй холбоотой барьцаалагчийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд “барьцаалагчийн зөвшөөрөл” шаардсан агуулгатай болохоос уг газар дээр барилга байгууламж барих өмчлөгчийн эрхийг хязгаарлан хориглох агуулгагүй юм.

 

            Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.4, 33 дугаар зүйлийн 33.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр танд уламжилж байна” гэжээ.

 

 

Гурав. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 13 дугаар дүгнэлт гаргасан байна.

 

            Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

 

                 “1. Өмчлөх эрх нь өмчлөгчийн язгуур эрх бөгөөд өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ба аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

 

            Өмчлөгчийн эрхийг гагцхүү нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх, бусдын эрхийг зөрчиж бусдад гэм хор учруулахыг хориглох, эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх боломж олгох зорилгын үүднээс нийтийн болон иргэний эрх зүйн хэм хэмжээгээр хязгаарладаг нийтлэг жишиг байдаг.

 

            2. Ипотекийн зүйлийн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэх, түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалуулсан газар дээрээ барилга байгууламж барих зэргээр туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд ингэснээрээ барьцаалагчийн эрхийг зөрчихгүй, барьцаалагчид гэм хор учруулахгүй юм. Учир нь ипотекийн зүйлийн өмчлөл, эзэмшил хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь барьцаалагчид хэвээр хадгалагддаг. Мөн ипотекийн зүйлийг давхар барьцаалах нь ипотекаар хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах өмнөх барьцаалагчийн эрхийг хөнддөггүй.

 

            3. Монгол Улсын Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан нь өмчлөгчийн туйлын эрхийг баталгаажуулсан үндсэн зохицуулалт юм.

 

            Мөн зүйлийн 171.2 дахь хэсэгт   Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарахаар зохицуулсан нь дээр дурьдсан үндсэн зохицуулалттай зөрчилдөж байгаа бөгөөд өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байна.” гээд

 

                                                                                                                         Дүгнэлт гаргах хэсэгт:

 

1. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс  хамаарна.”; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...”, 27.2 дахь хэсгийн “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...”, 30.3 дахь хэсгийн “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.”, 30.4 дэх хэсгийн “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ...”, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй.” гэснийг  зөрчсөн байна.

 

2. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс  хамаарна.”; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...”, 27.2 дахь хэсгийн “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...”, 30.3 дахь хэсгийн “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.”, 30.4 дэх хэсгийн “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ...”, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.” гэсэн болно.

 

Дөрөв. Монгол Улсын Их Хурлын “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай” 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар тогтоолд:

 

“1.“Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “… гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр …”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр …”, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийн “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.”, 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийн  “Барьцаалагчийн  зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ...”, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “… үл хөдлөх хөрөнгө … өмчлөх … эрхтэй.” гэснийг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ.

 

            Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн цэцэд тайлбар ирүүлсэн боловч энэхүү тайлбар нь Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 7–ны өдөр ирүүлсэн тайлбартай үг өгүүлбэр, утга санаагаар  бүрэн давхцсан байна.

 

                                                                                                                          ҮНДЭСЛЭЛ:

 

1.  Ипотекийн зүйлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалсан газар дээр барилга, байгууламж барих нь тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөхгүй бөгөөд барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар тогтоожээ.

 

2.  Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж үзэхээр байна.

 

3.  Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай” 88 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэрийн үндэслэлийг заагаагүй байна.

 

4.  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 13 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл; Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг; 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон

 

                                                                                       МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс  хамаарна.”; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...”, 27.2 дахь хэсгийн “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.”; 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...”, 30.3 дахь хэсгийн “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг  авна.”,  30.4  дэх  хэсгийн  “Барьцаалагчийн  зөвшөөрөлгүйгээр    энэ

хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”; 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ...”; 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй.” гэснийг  зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 

2. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай” 88 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ                                                                          Ж.АМАРСАНАА

            ГИШҮҮД                                                                                П.ОЧИРБАТ

                                                                                                            Н.ЖАНЦАН

                                                                                                            Т.ЛХАГВАА

                                                                                                            Ш.ЦОГТОО

                                                                                                            Д.СУГАР

                                                                                                            Д.НАРАНЧИМЭГ

                                                                                                            Д.СОЛОНГО

                                                                                                            Д.ГАНЗОРИГ