Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 108

МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:

1/Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасагдсан, хавсралтад заасан төсөл, арга хэмжээнээс нэг маягийн зураг төслөөр барьж болох, 320 хүртэлх суудалтай сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилгыг 2016 оны 1 дүгээр улиралд багтаан концессоор хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр төсөвт тусган ажиллах;

2/Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, урьдчилсан гүйцэтгэл нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-н хувиас дээш гүйцэтгэлтэйгээр хэрэгжиж байгаа боловч санхүүжилтийг нь бүрэн олгож чадаагүй төсөл, арга хэмжээний болон 2015 онд "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр ажил нь бүрэн дууссан төслийн санхүүжилтийг тус тус 2016 онд векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, төлбөрийг Монгол Улсын 2017 оны төсвийн төсөлд тусгах;

3/эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бусад салбарын бүх шатны төрийн байгууллагын ажил үүргийг оновчтой хуваарилах, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, үүнтэй холбогдуулан ажлын цагийг уян хатан тогтоож үр дүнг цагаар тооцох, сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар цалингийн зардлын 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний урсгал зардлын хэмнэлт бий болгох;

4/төсвийн зардлыг бүх шатанд хэмнэж, бууруулахтай холбогдуулан 2016 оны төсвийн жилд өр авлага үүсгэхгүй байх, төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах зорилгоор батлагдсан урсгал зардлыг төсвийн ангилал хооронд хуульд зааснаар зохицуулалт хийж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрөх;

5/нийслэл болон орон нутагт төрийн албан хаагчдын тоо, төрийн байгууллагуудын конторын барилга нэмэгдсэнээс урсгал зардал өсч байгаад дүгнэлт хийж, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын байршлыг оновчтой тогтоох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, орон тоо болон конторын барилгын тоог бууруулж, байр ашиглалтын зардлыг хэмнэх;

6/үйлчилгээний орлогоороо өөрийгөө санхүүжүүлэх боломжтой боловч төсвөөс санхүүждэг байгууллагуудыг аж ахуйн тооцоонд үе шаттайгаар шилжүүлэх, зөвхөн төр үйлчилгээг нь худалдан авсан тохиолдолд төсвөөс санхүүждэг байхаар зохион байгуулах;

7/Хууль зүйн сайдын багц дахь Мөрдөн байцаах албаны конторын барилгын концессын асуудлыг шийдвэрлэж, уг барилгыг Улсын нэгдүгээр эмнэлгийн амбулаторын зориулалттай барилга болгож, дуусгах хөрөнгийг шийдвэрлэх талаар санал боловсруулах;

8/“Нэг эмнэлэг-хоёр жигүүр” концессын төслийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэх;

9/Зам тээврийн сайдын багцын авто замын төсөвт өртгийг өөрчлөх, нэмэгдүүлэх шаардлагын талаар тусгайлан судалж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10/цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбогдсон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын нэмэлт хэлэлцээрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2016 оны төсвийн тодотголын төсөлд тусгах боломжийг судалж, санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах;

11/малчдын амьжиргааны түвшинг сайжруулах, махны зах зээл, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд “Мах” хөтөлбөрийг боловсруулан, Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

12/2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тариалалтад зориулсан зээлийн эх үүсвэрийг холбогдох хуулийн хүрээнд Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

13/эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахын тулд бүрэн хэрэгжих үндэслэл бүхий тусгай дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, шаардлагатай тохиолдолд Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлаар холбогдох шийдвэрийг гаргуулах;

14/батлагдсан төсвөө хэтрүүлсэн, бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмэгдүүлсэн бүх шатны төсвийн захирагчид Төсвийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ч.Улаан/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД