A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ОЛОН УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АГЕНТЛАГ (ОУСЭХА)-ИЙН ДҮРЭМ

2009 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Бонн хот

Энэхүү Дүрмийн оролцогч Талууд

Тогтвортой хөгжлийг хангах үүднээс сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг өргөжүүлэх, нэмэгдүүлэх явдлыг хөхиүлэн дэмжихийг эрмэлзэн,

Эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний үнийн тогтворгүй байдлын асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд сэргээгдэх эрчим хүч өргөн боломж олгоно гэсэн хатуу итгэлдээ урамшиж,

Сэргээгдэх эрчим хүч нь агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг багасгаж, улмаар уур амьсгалын тогтолцоог тогтворжуулахад хувь нэмэр оруулан, нүүрстөрөгчийн хий бага гаргадаг эдийн засагт тогтвортой, баталгаатай, аажмаар шилжих боломж бий болгоход голлох үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэн,

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, ажил эрхлэлт бий болгоход сэргээгдэх эрчим хүчний технологийн үзүүлэх эерэг нөлөөг нэмэгдүүлэхийг хүсч,

Сэргээгдэх эрчим хүч нь улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудад бусдаас тусгаарлагдсан, алслагдмал бүс нутаг, арлуудад төвлөрсөн бус эрчим хүчээр хангах асар их нөөц бололцоо агуулж байдагт урам орон,

Хатуу түлшний хэрэглээ, уламжлалт био түлшний үр ашиггүй хэрэглээ нь эрүүл мэндэд сөрөг үр дагавартай байдагт сэтгэл зовниж,

Сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний үр ашгийг сайжруулахтай хослуулан ашиглах нь ирж буй хэдэн арван жилд огцом өсөх хандлагатай дэлхий дахины эрчим хүчний эрэлт хэрэгцээг тухай бүр хангаж чадна гэдэгт үл эргэлзэн,

Өөрийн гишүүдийн хоорондын хамтын ажиллагааг хөнгөвчлөх, мөн сэргээгдэх эрчим хүчний ашиглах явдлыг дэмждэг бусад байгууллагатай нягт хамтран ажиллах Олон улсын сэргээгдэх эрчим хүчний байгууллагыг байгуулах хүсэл эрмэлзлээ нотлон,

Дорхи зүйлийн талаар хэлэлцэн тохиров. Үүнд:

1 дүгээр зүйл

Агентлаг байгуулах тухай

А. Энэхүү Дүрмийн оролцогч Талууд Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (цаашид «Агентлаг» гэнэ)-ийг дор дурдсан журам, нөхцлийн дагуу байгуулж байна.

Б. Агентлаг нь өөрийн үйл ажиллагаандаа бүх гишүүний эрх тэгш байх зарчмыг баримтлах бөгөөд гишүүдийнхээ бүрэн эрхт байдал, эрх мэдлийг зүй ёсоор хүндэтгэнэ.

2 дугаар зүйл

Зорилго

Агентлаг нь сэргээгдэх эрчим хүчний бүхий л төрлийг өргөн хүрээтэй түлхүү нэвтрүүлэх, ашиглах явдлыг хөхиүлэн дэмжинэ. Чингэхдээ:

а) сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээнүүдтэй хослуулснаас үүдэх үндэсний болон дотоодын эн тэргүүний зорилт, ашиг тусыг;

б) байгалийн нөөцөд учруулж буй дарамтыг багасгах, ой мод устах, ялангуяа халуун орны бүсийн ой мод устах, цөлжилт, биологийн төрөл зүйл хорогдох явдлыг бууруулах замаар хүрээлэн буй орчныг хамгаалах; уур амьсгалыг хамгаалах; эдийн засгийн өсөлт болон нийгмийн эв зохицол, түүнчлэн ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах; эрчим хүчний хангамж болон, аюулгүй байдал; бүсийн хөгжил, үе үеийхний хариуцлагад сэргээгдэх эрчим хүчний оруулах хувь нэмрийг,

тус тус анхаарч ажиллана.

3 дугаар зүйл

Тодорхойлолт

Энэхүү Дүрэмд «сэргээгдэх эрчим хүч» гэдэг нэр томъёог сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс тогтвортой байдлаар гаргаж буй эрчим хүчний бүхий л хэлбэр гэж ойлгох бөгөөд үүнд:

1. Био эрчим хүч;

2. Газрын гүний дулааны эрчим хүч;

3. Усны эрчим хүч;

4. Далайн эрчим хүч, түүний дотор татлага, түрлэг, давалгаа, далайн халуун усны эрчим хүч;

5. Нарны эрчим хүч болон

6. Салхины эрчим хүч тус тус багтана.

4 дүгээр зүйл

Үйл ажиллагаа

А. Сэргээгдэх эрчим хүчний технологийн тэргүүний төв байж, практик хэрэглээний туршлага болон бодлогоор хангах, сэргээгдэх эрчим хүчний холбогдолтой бүхий л асуудлаар дэмжлэг үзүүлэх, мэдлэг, технологийг үр өгөөжтэй хөгжүүлэх, дамжуулах үйл ажиллагаанаас ашиг тус хүртэхэд нь улс орнуудад туслах зорилго бүхий зохион байгуулагч, дэмжин тэтгэгч болохын хувьд тус Агентлаг нь дараахь үйл ажиллагаа явуулна. Үүнд:

1. Гишүүдийн ашиг тусын тулд тус Агентлаг нь:

а) сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн практик, түүний дотор бодлогын арга хэрэгсэл, урамшуулал, хөрөнгө оруулалтын механизм, шилдэг практик, технологи, цогц систем, тоног төхөөрөмж, амжилт, алдаа зэргийн хүчин зүйлийг задлан шинжлэх, мониторинг хийх, Гишүүдийн бодлогод нөлөөлөхгүйгээр системчлэх;

б) энэхүү болон бусад холбогдох салбарт ажиллаж буй засгийн газрын болон төрийн бус байгууллага, сүлжээнүүдтэй яриа хэлцээ өрнүүлэх, харилцан ажиллах;

в) Гишүүн улсын хүсэлтээр тухайн улсын хэрэгцээг харгалзан бодлогын зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх, мөн сэргээгдэх эрчим хүчний бодлого болон хэрэгжүүлэх цар хүрээний нөхцлийн талаарх олон улсын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжих;

г) Холбогдох мэдлэг болон технологийг шилжүүлэх явдлыг сайжруулах, мөн Гишүүн улсуудын орон нутгийн чадавхи, чадварыг, түүнчлэн хоорондын уялдаа холбоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

д) Гишүүн улсуудад мэдлэг олгох сургалт зохион байгуулж чадавхийг нь бэхжүүлэх санал тавих;

е) Гишүүн улсуудад тэдний хүсэлтээр сэргээгдэх эрчим хүчний санхүүжүүлэлтийн талаар зөвлөгөө өгөх, холбогдох механизмыг ашиглахад туслалцаа үзүүлэх;

ж) Нийгэм, эдийн засгийн асуудлыг хамарсан судалгааны ажил явуулахыг хөхиүлэн дэмжих, судалгааны сүлжээ, хамтарсан судалгаа, технологийг хөгжүүлэх, зохистой ашиглахыг дэмжих; мөн

з) Холбогдох хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож нөхцөл байдлыг ул суурьтай ойлгосны үндсэн дээр сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой үндэсний болон олон улсын техникийн стандартыг ашиглах болон хөгжүүлэх талаар мэдээллээр хангах.

2. Мөн, Агентлаг нь сэргээгдэх эрчим хүчний үр ашиг, боломж бололцооны талаарх мэдээллийг дэлгэрүүлж, олон нийтийн ухамсрыг дээшлүүлнэ.

Б. Агентлаг нь үйл ажиллагаагаа явуулахдаа:

1. НҮБ-ын энх тайвныг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчим, зорилгын дагуу болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн бодлоготой уялдаатай ажиллана;

2. өөрийн бүхий л зорилгодоо хүрэх үүднээс өөрийн нөөцөө үр ашигтай зарцуулах, мөн xөгжиж буй орнууд, алслагдсан болон тусгаарлагдсан бүс нутаг, арлуудын онцгой хэрэгцээ шаардлагыг харгалзаж, Гишүүн улсууд болон дэлхийн бусад бүх хэсэгт хамгийн их ашиг тус өгөхийг эрмэлзэн үйл ажиллагаагаа явуулна;

3. шаардлагагүй ажил давхардалтаас сэргийлэх үүднээс одоогийн байгаа институц болон байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхийн төлөө чармайх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийг зорилго болгосон засгийн газар, бусад байгууллага болон агентлагуудын явуулж буй үйл ажиллагаа, хөрөнгө нөөцөнд түшиглэх, түүнийг үр ашигтай, үр дүнтэй зарцуулна.

С. Агентлаг нь:

1. Гишүүн улсуудад үйл ажиллагааны жилийн тайланг танилцуулна;

2. Гишүүн улсуудад өгсөн бодлогын зөвлөгөөний талаар дараа нь мэдээлнэ;

3. Энэ салбарт ажиллаж буй олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа, тэдэнтэй хамтран ажилласан болон зөвлөлдсөн талаар Гишүүн улсуудад мэдээлнэ.

5 дугаар зүйл

Ажлын хөтөлбөр болон төсөл

А. Агентлаг нь Нарийн бичгийн дарга нарын газраас боловсруулсан, Зөвлөлөөр хэлэлцүүлэн улмаар Ассамблейгаар батлагдсан жил бүрийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Б. Агентлаг нь үйл ажиллагааны хөтөлбөрөөс гадна Гишүүн улсуудтай зөвлөлдсөний үндсэн дээр, тэдний санал зөрөлдсөн тохиолдолд Ассамблейгаар хэлэлцүүлэн баталсан нөхцөлд өөрийн санхүүгийн бус нөөцийг ашиглан Гишүүн улсуудын санаачлан санхүүжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж болно.

6 дугаар зүйл

Гишүүнчлэл

А. Гишүүнчлэл нь НҮБ-ын Гишүүн улсуудад болон тус Дүрэмд заасан зорилго, үйл ажиллагааны дагуу ажиллах чадвар болон хүсэл эрмэлзэл бүхий бүс нутгийн засгийн газар хоорондын эдийн засгийн интеграцийн байгууллагуудад нээлттэй. Бүс нутгийн засгийн газар хоорондын эдийн засгийн интеграцийн байгууллага нь Агентлагт гишүүнээр элсэхийн тулд дор хаяж нэг улс нь тус агентлагийн гишүүн бүхий тусгаар улсуудаас бүрдсэн байх бөгөөд тухайн гишүүн улсад байгууллагын бусад гишүүд нь агентлагийн хариуцах асуудлын хүрээнд дор хаяж нэг асуудлаар бүрэн хариуцах эрх мэдлийг нь шилжүүлэн өгсөн байна.

Б. Тийм Улсууд болон бүс нутгийн засгийн газар хоорондын эдийн засгийн интеграцийн байгууллагууд нь:

1. Энэхүү Дүрэмд гарын үсэг зурж, соёрхон баталсан тухай жуух бичгээ хадгалуулснаар Агентлагийн үндэслэгч гишүүн болно.

2. Гишүүн болох хүсэлтийг нь баталсны дараа нэгдэн орсон тухай жуух бичгээ хадгалуулснаар Агентлагийн гишүүн болно. Гишүүн болох хүсэлтийг Гишүүдэд тарааснаас хойш гурван сарын дотор аливаа эсэргүүцэл гараагүй тохиолдолд Гишүүн болсонд тооцно. Эсэргүүцэл гарсан тохиолдолд хүсэлтийг 9 дүгээр зүйлийн "З" хэсгийн дугаар 1-ийн дагуу Ассамблейгаар шийдвэрлэнэ.

В. Аливаа бүс нутгийн засгийн газар хоорондын эдийн засгийн интеграцийн байгууллагын хувьд тухайн байгууллага болон Гишүүн Улсууд нь энэхүү Дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой тус тусын хариуцлагаа тодорхойлно. Тухайн байгууллага болон Гишүүн Улсууд энэ Дүрмийн дагуу санал өгөх болон бусад эрхээ нэгэн зэрэг эдлэхийг хориглоно. Дээр дурдсан байгууллагууд өөрсдийн соёрхон баталсан болон нэгдэн орсон тухай жуух бичигтээ энэхүү Дүрмээр зохицуулж буй асуудлуудтай холбогдсон өөрсдийн эрх мэдлийн хүрээг тодорхой мэдэгдэнэ. Эдгээр байгууллагууд нь мөн өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гарсан аливаа холбогдох өөрчлөлтийн талаар Хадгалагч улсын Засгийн газарт мэдээлнэ. Бүс нутгийн засгийн газар хоорондын эдийн засгийн интеграцийн байгууллага нь өөрийн эрх мэдлийн хүрээний асуудлаар санал хураалтад оролцох тохиолдолд энэхүү Агентлагийн гишүүн болох өөрийн Гишүүн Улсуудын тоогоор санал өгнө.

7 дугаар зүйл

Ажиглагчид

A. Ассамблейгаас ажиглагчийн статусыг

1. сэргээгдэх эрчим хүчний салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудад;

2. Дүрмийг хараахан соёрхон батлаагүй боловч Гарын үсэг зурсан этгээд, болон

3. гишүүн болох хүсэлтийг нь энэхүү Дүрмийн 6 дугаар зүйлийн Б хэсгийн дугаар 2-ын дагуу баталсан гишүүн болох хүсэлт гаргагч

- тус тус олгоно.

Б. Ажиглагчид нь Ассамблей болон түүний салбар байгууллагуудын нээлттэй чуулганд санал өгөх эрхгүйгээр оролцож болно.

8 дугаар зүйл

Байгууллагууд

A. Агентлагийн гол байгууллагуудыг үүгээр байгуулав. Үүнд:

1. Ассамблей

2. Зөвлөл, болон

3. Нарийн бичгийн дарга нарын газар

B. Ассамблей болон Зөвлөл нь өөрсдийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзвэл холбогдох салбар байгууллагыг энэхүү Дүрэмд нийцүүлэн Ассамблейн зөвшөөрөлтэйгээр байгуулж болно.

9 дүгээр зүйл

Ассамблей

A.1. Ассамблей нь Агентлагийн эрх барих дээд байгууллага мөн.

2. Ассамблей нь энэхүү Дүрмийн хүрээний болон энэ Дүрэмд заасан аливаа байгууллагын эрх мэдэл, чиг үүрэгтэй холбоотой аливаа асуудлыг хэлэлцэж болно.

3. Аливаа тийм асуудлаар Ассамблей нь

a.) аливаа тийм байгууллагад зөвлөмж өгч, шийдвэр гаргана;

б.) Агентлагийн Гишүүдэд тэдний хүсэлтийн дагуу зөвлөмж өгнө;

4. Түүнчлэн, Ассамблей нь Зөвлөлөөр хэлэлцэх асуудлаар санал гаргах, Агентлагийн үйл ажиллагаатай холбогдсон аливаа асуудлаар Зөвлөл болон Нарийн бичгийн дарга нарын газраас илтгэл гаргахыг нэхэмжлэх бүрэн эрхтэй.

Б. Ассамблей нь Агентлагийн бүх гишүүдээс бүрдэнэ. Ассамблей өөрөөр шийдээгүй бол ээлжит чуулганаа жилд нэг удаа зохион байгуулна.

В. Ассамблейд Гишүүн улс бүр нэг төлөөлөгчийг оролцуулна. Төлөөлөгчийг орлон төлөөлөгч болон зөвлөхүүд дагалдаж болно. Тухайн орны төлөөлөгчдийн оролцох зардлыг гишүүн улс хариуцна.

Г. Ассамблей өөрөөр шийдээгүй бол Ассамблейн чуулган Агентлаг байрлаж байгаа газар зохиогдоно.

Д. Ассамблейн ээлжит чуулганы эхэнд Ерөнхийлөгчийг сонгож харин шаардлагатай гэж үзсэн бусад албан тушаалтныг бүс нутгийн төлөөллийг харгалзан сонгоно. Тэд дараагийн ээлжит чуулганаар шинэ Ерөнхийлөгч болон бусад албан тушаалтныг сонготол ажил үүргээ гүйцэтгэнэ. Ассамблей нь Дүрэмд заасны дагуу дэгийнхээ горимыг батална.

Е. 6 дугаар зүйлийн В заалтад заасны дагуу Агентлагийн гишүүн бүр нэг саналтай байна. Ассамблей нь дэгийн асуудлаар санал хураалтад оролцсон гишүүдийн энгийн олонхоор шийдвэрээ гаргана. Харин агуулгын чанартай асуудлыг чуулганд оролцсон гишүүдийн нийтийн тохиролцоогоор шийднэ. Хэрэв нийтийн тохиролцоонд хүрч чадаагүй бол, хоёроос илүүгүй гишүүн татгалзсан тохиолдолд Дүрэмд өөрөөр заагаагүй бол тохиролцоонд хүрсэн гэж үзнэ. Хэлэлцэж байгаа асуудал агуулгын чанарынх мөн эсэхийг тогтоох шаардлага гарвал чуулганд оролцсон гишүүдийн тохиролцоогоор Ассамблей өөр шийдвэр гаргаагүй бол тухайн асуудлыг агуулгын чанартай асуудалд тооцно. Энэхүү асуудлаар нийтийн тохиролцоонд хүрч чадаагүй бол хоёроос илүүгүй гишүүн татгалзсан тохиолдолд тохиролцоонд хүрсэн гэж үзнэ. Агентлагийн гишүүдийн олонх ирсэн бол Ассамблейн ирц бүрдсэнд тооцно.

Ж. Оролцож байгаа гишүүдийн тохиролцоогоор Ассамблей нь:

1. Зөвлөлийн гишүүдийг сонгоно;

2. Зөвлөлөөс оруулж буй Агентлагийн төсөв, үйл ажиллагааны хөтөлбөрийг ээлжит чуулганаар батална. Төсөв, үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулах бүрэн эрх эдэлнэ;

3. Агентлагийн санхүүгийн бодлого, санхүүгийн дүрэм болон санхүүгийн бусад асуудлын талаар шийдвэр гаргана, хяналт тавина, аудиторыг сонгоно;

4. Дүрэмд өөрчлөлт оруулна;

5. Салбар байгууллага байгуулна, тэдгээр байгууллагын үйл ажиллагааны хүрээг тогтооно;

6. 17 дугаар зүйлийн А заалтын дагуу сонгуульд оролцох эрхийг сэргээнэ.

З. Ассамблей байлцсан гишүүдийн нийтийн тохиролцоогоор, хэрэв тийм тохиролцоонд хүрээгүй хоёроос илүүгүй гишүүн татгалзсан тохиолдолд тохиролцоонд хүрсэн гэж үзэн:

1. Шаардлагатай гэж үзвэл бол гишүүнчлэлийн өргөдлийн талаар шийдвэр гаргана;

2. Ассамблейн болон Зөвлөлөөс оруулж буй дэгийн горимыг батална;

3. Жилийн болон бусад тайланг батална;

4. Энэхүү дүрмийн хүрээн дэх аливаа асуудал, хэрэг, зүйлийн талаар байгуулсан хэлэлцээрийг батална;

5. 5 дугаар зүйлийн Б заалтад заасан нэмэлт төсөлтэй холбогдуулан гишүүдийн хооронд гарсан зөрөлдөөнийг шийдвэрлэнэ.

И. Ассамблей нь чуулганд оролцож байгаа гишүүдийн нийтийн тохиролцоогоор Агентлагийн байрлах газрыг тогтоож Нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий Захирлыг томилно. / Цаашид "Ерөнхий захирал" гэнэ / Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд санал хураах бөгөөд санал хураалтад байлцаж оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ.

К. Ассамблей нь анхны чуулганаар 9 дүгээр зүйлийн Е-1 заалтад заасан санал хураалтын дэгийн дагуу Бэлтгэл комиссоос боловсруулсан аливаа шийдвэр, хэлэлцээрийн төсөл, дүрэм, журмыг хэлэлцэж батална.

10 дугаар зүйл

Зөвлөл

А. Зөвлөл нь Агентлагийн гишүүн орны 11-ээс цөөнгүй, гэхдээ 21-ээс илүүгүй төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд Зөвлөлийн гишүүнийг Ассамблейгаас сонгоно. Зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүний 11-21 хоорондох тодорхой тоог Зөвлөлийн тухайн сонгууль болох үед байсан Агентлагийн нийт гишүүн орны гуравны нэгтэй тэнцэхээр дүйцүүлнэ. Хөгжингүй болон хөгжиж буй орны идэвхтэй оролцоо, бүс нутгийн тэгш хуваарилалт, болон Зөвлөлийн үр дүнтэй үйл ажиллагааг хангах зарчмыг баримталж, Ассемблейн дэгд заасны дагуу Зөвлөлийн гишүүнийг ээлжлэх зарчмаар сонгоно. Зөвлөлийн гишүүнийг 2 жилийн хугацаатай сонгоно.

Б. Зөвлөл өөрөөр шийдээгүй бол Зөвлөлийн хурлыг хагас жилд 1 удаа Агентлагийн байранд хийнэ.

В. Зөвлөлийн хурлын эхэнд Зөвлөлийн гишүүдээс Зөвлөлийн дарга болон шаардлагатай бусад албан тушаалтныг Зөвлөлийн дараагийн хурал хүртэлх хугацаанд сонгоно. Зөвлөл өөрийн хуралдааны дэгийг боловсруулах эрхтэй. Тийм дэгийг Ассамблейгаар батлуулахаар өргөн барина.

Г. Зөвлөлийн гишүүн бүр нэг саналтай байна. Зөвлөл дэгийн асуудлаар шийдвэр гаргахдаа гишүүдийн ердийн олонхиор шийдвэрлэнэ. Агуулгын чанартай асуудлыг Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын саналаар шийднэ. Асуудал агуулгын шинжтэй эсэхийг тогтоох шаардлага гарвал хэрэв Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрөөр шийдээгүй бол түүнийг агуулгын шинжтэй гэж үзнэ.

Д. Зөвлөл нь Ассамблейн өмнө хариуцлага хүлээж, тайлагнана. Зөвлөл энэхүү Дүрмээр олгосон эрх, үүрэг болон Ассамблейгаас Зөвлөлд шилжүүлсэн бүрэн эрхийн дагуу үйл ажиллагаа явуулна. Чингэхдээ Ассамблейгаас гаргасан шийдвэрийн дагуу ажиллаж, түүний зөвлөмжийг зохих ёсоор анхаарч, хэрэгжилтийн зохистой тасралтгүй байдлыг хангана.

Е. Зөвлөл нь

1. Гишүүн орнуудын хоорондын зөвлөлдөөн, хамтын ажиллагаанд дэм үзүүлнэ;

2. Агентлагийн үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн төслийг хэлэлцэж Ассамблейд өргөн мэдүүлнэ;

3. Ассамблейн чуулганаар хэлэлцэх асуудлын төсөл болон Ассамблейн чуулганы бэлтгэлтэй холбогдсон асуудлыг батална;

4. Дүрмийн 11 дүгээр зүйлийн Д заалтын 3-т заасны дагуу Нарийн бичгийн дарга нарын газраас бэлтгэсэн Агентлагийн үйл ажиллагааны жилийн тайлангийн төсөл болон бусад илтгэлийг хэлэлцэж Ассамблейд өргөн мэдүүлнэ;

5. Ассамблейгаас хүсэлт болгосон бусад илтгэлийг бэлтгэнэ;

6. Ассамблейгаас дэмжлэгийг нь урьдчилан авсан тохиолдолд Агентлагийн нэрийн өмнөөс улс орон, олон улсын байгууллага болон олон улсын агентлагтай гэрээ, хэлцэлцээр, эсвэл тохиролцоо байгуулна;

7. Ассамблейгаас баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийг Нарийн бичгийн дарга нарын газар баталсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг баталгаажуулна;

8. Ассамблейд асуудал өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх эрх эдэлнэ;

9. Шаардлагатай тохиолдолд Дүрмийн 8 дугаар зүйлийн Б заалтын дагуу салбар байгууллага байгуулж, түүний үйл ажиллагааны чиглэл болон ажиллах хугацааг тодорхойлно.

11 дүгээр зүйл

Нарийн бичгийн дарга нарын газар

А. Нарийн бичгийн дарга нарын газар нь Ассамблей, Зөвлөл болон тэдгээрийн салбар байгууллагуудад чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэхүү Дүрэмд заасан болон Ассамблей, Зөвлөлөөс хүлээлгэсэн бусад үүргийг хэрэгжүүлнэ.

Б. Нарийн бичгийн дарга нарын газар нь Тэргүүн буюу захиргааны асуудал эрхэлсэн удирдах ажилтан болох Ерөнхий захирал болон шаардагдах тооны ажилтантай байна. Ерөнхий захирлыг Зөвлөлөөс санал болгосны дагуу Ассамблейгаас 4 жилийн хугацаатай томилно. Ерөнхий захирал нэгээс илүүгүй удаа улиран томилогдож болно.

В. Ерөнхий захирал нь Нарийн бичгийн дарга нарын газрын зохион байгуулалт, үйл ажиллагаа, ажилтнуудын томилгооны асуудлаар Ассамблей болон Зөвлөлийн өмнө хариуцлага хүлээнэ. Нарийн бичгийн дарга нарын газарт ажилтнуудыг томилох, тэдэнд тавих ажлын шаардлага, нөхцлийг тодорхойлохдоо дээд зэргийн ажлын бүтээмж, ур чадвар, шударга байхыг үндэслэл болгоно. Нарийн бичгийн дарга нарын газарт ажилтан томилохдоо бүс нутгийн төлөөллийн зарчмыг түлхүү баримтлан, хөгжиж буй орны төлөөлөл, хүйсийн тэгш байдлыг ханган эн тэргүүнд Гишүүн орны иргэдийг шилж авахад чухалчилж анхаарна.

Ажилд авахтай холбогдсон төсвийн зардлыг бэлтгэхдээ боловсон хүчний тоог Нарийн бичгийн дарга нарыг газар хүлээсэн үүргээ зохистой түвшинд хэрэгжүүлэхэд шаардагдах доод түвшинд байлгах зарчим баримтална.

Г. Ерөнхий захирал, эсвэл түүний тохоон томилсон эрх бүхий төлөөлөгч нь Ассамблей болон Зөвлөлийн бүхий л хуралдаануудад санал өгөх эрхгүйгээр оролцоно.

Д. Нарийн бичгийн дарга нарын газар нь

1. Агентлагийн үйл ажиллагааны болон төсвийн төслийг боловсруулж Зөвлөлд өргөн барина;

2. Агентлагийн үйл ажиллагааны хөтөлбөр болон шийдвэрүүдийг хэрэгжүүлнэ;

3. Агентлагийн үйл ажиллагааны жилийн тайлангийн төсөл болон Ассамблей, Зөвлөлөөс хүссэн бусад илтгэлийг бэлтгэж Зөвлөлд өргөн барина;

4. Ассамблей, Зөвлөл болон тэдгээрийн салбар байгууллагад захиргааны болон техникийн туслалцаа үзүүлнэ;

5. Агентлаг, гишүүн орнуудын хооронд харилцаа холбоо барихад дэм туслалцаа үзүүлнэ;

6. Энэхүү дүрмийн 4 дүгээр зүйлийн В заалтын 2-т заасны дагуу Агентлагийн гишүүн орнуудад өгөх бодлогын зөвлөмжийг тарааж Ассамблейн болон Зөвлөлийн чуулган бүрт бодлогын зөвлөмжийн талаарх илтгэлийг бэлтгэн өргөн барина. Зөвлөлд өгсөн илтгэлд жилийн ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон төлөвлөж буй бодлогын зөвлөмжийг мөн тусгана.

Е. Ерөнхий захирал болон Агентлагийн ажилтнууд нь Ажил үүргээ гүйцэтгэхдээ аливаа нэгэн Засгийн газар болон Агентлагт хамааралгүй аливаа өөр бусад этгээдээс ямарваа нэгэн заавар, чиглэл авах ёсгүй. Агентлагийн ажилтнууд нь зөвхөн Ассамблей, Зөвлөлийн өмнө хариуцлага хүлээдэг олон улсын байгууллагын албан хаагчийн байр суурьт харшлах аливаа үйлдлээс зайлсхийнэ. Гишүүн улс бүр Ерөнхий захирал болон Агентлагийн ажилтнуудын үүрэг хариуцлагын олон улсын онцгой шинж чанарыг хүндэтгэн үзэж, тэдэнд аливаа нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй байна.

12 дугаар зүйл

Төсөв

А. Агентлагийн төсөв нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

1. НҮБ-аас тогтоосон хувь хэмжээний үндсэн дээр Ассамблейгаас тогтоосон гишүүн улс бүрийн заавал төлөх татвар;

2. сайн дурын хандив болон

3. Энэхүү дүрмийн 9 дүгээр зүйлийн Ж заалт болон Ассамблейгээс нийтийн тохиролцоогоор батлах санхүүгийн дүрэмд заасан байж болох бусад эх үүсвэр. Санхүүгийн дүрэм болон төсөв нь Агентлагийн санхүүгийн бат суурь болж үйл ажлын хөтөлбөрт заасан ажлыг үр ашигтай, шуурхай хэрэгжүүлэхэд дөхөм болно. Заавал төлөх татварын хөрөнгөөр үндсэн ажиллагаа болон зохион байгууллалтын зардлыг санхүүжүүлнэ.

Б. Агентлагийн төсвийн төслийг НБДГ боловсруулж, Зөвлөлөөр хянуулахаар өргөн барина. Зөвлөл төсвийн төслийг өөрийн зөвлөмжийн хамт Ассамблейд батлуулахаар хүргүүлэх эсвэл НБДГ-т эргэн хянаж дахин өргөн мэдүүлэхээр буцаана.

В. Ассамблей хөндлөнгийн аудитыг дөрвөн жилийн хугацаатайгаар дахин нэг удаа сонгогдох эрхтэйгээр томилно. Эхний аудитор 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулна. Аудитор санхүүгийн дотоод хяналт болон удирдлагын үр ашигтай үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Агентлагийн дансыг шалгаж, шаардлагатай зөвлөмж , үнэлгээг гаргана.

13 дугаар зүйл

Хуулийн статус, эрх ямба, халдашгүй байдал

А. Агентлаг нь олон улсын хуулийн этгээд байна. Гишүүн орны нутаг дэвсгэр дээр үүний үндэсний хууль тогтоомжийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зорилгоо биелүүлэхэд дотоодын эрх зүйн чадамжтай байна.

Б. Гишүүн улс нь эрх ямба болон халдашгүй байдлын асуудлаар тусад нь гэрээ, хэлэлцээр байгуулна.

14 дүгээр зүйл

Олон улсын бусад байгууллагатай харилцах

Зөвлөл нь Ассамблейгаас зөвшөөрөл олгосон нөхцөлд НҮБ болон Агентлагтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг олон улсын бусад байгууллагатай зохих харилцаа тогтоох хэлэлцээрийг Агентлагийн нэрийн өмнөөс байгуулах эрхтэй. Энэхүү Дүрмийн заалтууд нь гишүүн орнуудын нэгдэн орсон олон улсын аливаа гэрээгээр хүлээсэн эрх үүрэгт нөлөөлөхгүй.

15 дугаар зүйл

Нэмэлт өөрчлөлт, гишүүнчлэлээс гарах, хянан үзэх

А. Энэхүү Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг ямар ч гишүүн гаргаж болно. Санал болгосон нэмэлт өөрчлөлтийн бичвэрийн баталгаатай хуулбарыг Ерөнхий захирал бэлтгэж Ассамблейгаар хэлэлцүүлэхээс дор хаяж 90 хоногийн өмнө бүх гишүүнд хүргүүлнэ.

Б. Нэмэлт өөрчлөлт нь бүх гишүүний хувьд дараах тохиолдолд хүчин төгөлдөр болно. Үүнд:

1. Санал болгосон нэмэлт өөрчлөлт бүрийн талаар Зөвлөлөөс оруулсан дүгнэлтийг Ассамблей хэлэлцээд баталсан;

2. Бүх гишүүн тус тусын дотоодын хууль тогтоомжийн дагуу нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхийг зөвшөөрөх. Гишүүд 20 дугаар зүйлийн А заалтын дагуу эх хадгалагчид батламж бичгээ хадгалуулснаар нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн.

В. 19 дүгээр зүйлийн Д заалтын дагуу энэхүү Дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дараа хэдийд ч гэсэн гишүүн 20 дугаар зүйлийн А заалтад тусгасан эх хадгалагчид бичгээр мэдэгдсэнээр Агентлагаас гарч болох бөгөөд хадгалагч энэ тухай Зөвлөл болон бүх гишүүнд даруй мэдээлнэ.

Г. Гишүүнчлэлээс гарах тухай мэдэгдсэн тухайн оны төгсгөлд гишүүнчлэлээс гарах ажиллагаа хүчин төгөлдөр болно. Аль нэгэн гишүүн Агентлагаас гарах нь 5 дугаар зүйлийн Б заалтын дагуу түүний хүлээсэн гэрээт үүрэг, эсвэл гишүүнчлэлээс гарч буй тухайн жилийн хувьд хүлээсэн санхүүгийн үүрэгт нь нөлөөлөхгүй.

16 дугаар зүйл

Маргааныг шийдвэрлэх

А. Гишүүд энэхүү Дүрмийг тайлбарлах, хэрэглэх талаар тэдний хооронд гарсан маргааныг НҮБ-ын Дүрмийн 2 дугаар зүйлийн 3 дугаар заалтын дагуу энхийн замаар шийдвэрлэх бөгөөд энэ үүднээс НҮБ-ын Дүрмийн 33 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад дурдсан арга замаар шийдвэрлэхийг зорино.

Б. Зөвлөл маргааныг шийдэхэд өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэх, маргалдагч гишүүдийн сонгосон аргаар маргааныг шийдвэрлэх үйл явцыг эхлүүлэхийг тэдэнд уриалах, тохирсон аливаа дэгэнд цаг хугацааны хязгаарыг санал болгох зэргээр аль зохистой гэж үзсэн аргаар дөхөм үзүүлж болно.

17 дугаар зүйл

Эрхийг түр түдгэлзүүлэх

А. Агентлагт төлөх татварын өр нь өмнөх хоёр жилд төлсөн татварын хэмжээнд хүрсэн буюу түүнээс хэтэрсэн бол Агентлагийн ямар ч гишүүн санал хураалтад оролцох эрхгүй болно. Гэхдээ төлбөр хийгээгүй нь гишүүний хяналтаас давсан нөхцөл байдлаас болсон гэдэгт итгэлтэй байвал Ассамблей уг гишүүнд санал хураалтад оролцохыг зөвшөөрч болно.

Б. Энэхүү Дүрмийн заалтууд, эсвэл энэхүү Дүрмийн дагуу нэгдэн орсон аливаа хэлэлцээрийн заалтуудыг нэг бус удаа зөрчсөн гишүүний эрх ямбыг Зөвлөлийн санал болгосноор Ассамблейн чуулганд оролцож байгаа гишүүдийн гуравны хоёрын саналыг үндэслэн түр зогсоож болно.

18 дугаар зүйл

Агентлагийн байршил

Агентлагийн байршлыг Ассамблейн анхны чуулганаар тогтооно.

19 дүгээр зүйл

Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүчин төгөлдөр болох, нэгдэн орох

А. Агентлагийг үүсгэн байгуулах бага хурлын үеэр энэхүү Дүрэм нь НҮБ-ын бүх гишүүн улсуудад болон 6 дугаар зүйлийн А-д заасан бүс нутгийн засгийн газар хоорондын эдийн засгийн интеграцийн байгууллагуудад гарын үсэг зурахад нээгдэнэ. Гарын үсэг зурах нь Дүрэм хүчин төгөлдөр болох өдөр хүртэл нээлттэй байна.

Б. Дүрэмд гарын үсэг зураагүй улсууд болон 6 дугаар зүйлийн А-д заасан бүс нутгийн засгийн газар хоорондын эдийн засгийн интеграцийн байгууллагуудын хувьд энэхүү Дүрэм нь 6 дугаар зүйлийн В заалтын 2-т дурдсаны дагуу Ассамблейгаас гишүүнчлэлийг нь баталсны дараа нэгдэн ороход нээлттэй болно.

В. Энэхүү Дүрмийг дагаж мөрдөхийг зөвшөөрснөө түүнийг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ эх хадгалагчид гардуулснаар илэрхийлнэ. Улс орнууд Дүрмийг соёрхон батлах, эсвэл түүнд нэгдэн орох ажлыг өөрсдийн хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.

Г. Энэхүү Дүрэм соёрхон баталсан тухай хорин тав дахь батламж жуух бичгийг хадгалуулахаар хүргүүлсэн өдрөөс хойш гуч дахь өдөр хүчин төгөлдөр болно.

Д. Энэхүү Дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш түүнийг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг, эсвэл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан улс, эсвэл бүс нутгийн засгийн газар хоорондын эдийн засгийн интеграцийн байгууллагуудын хувьд энэхүү Дүрэм нь холбогдох батламж жуух бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гуч дахь өдөр хүчин төгөлдөр болно.

Е. Энэхүү Дүрмийн аль ч заалтад тайлбар хийж үл болно.

20 дугаар зүйл

Эх хадгалагч, бүртгэл, эх бичвэр

А. Энэхүү Дүрэм, түүнийг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг, нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалагчаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрыг томилов.

Б. Эх хадгалж байгаа Засгийн газар НҮБ-ын Дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу энэхүү Дүрмийг бүртгүүлнэ.

В. Англи хэлээр үйлдсэн энэхүү Дүрмийг эх хадгалж байгаа Засгийн газрын архивт хадгалуулна.

Г. Энэхүү Дүрмийн эх бичвэрийн баталгаатай хуулбарыг эх хадгалж байгаа Засгийн газар 6 дугаар зүйлийн В заалтын 2-т заасны дагуу Дүрэмд гарын үсэг зурсан улсуудын засгийн газарт болон гишүүнчлэлийг нь баталсан бүс нутгийн засгийн газар хоорондын эдийн засгийн интеграцийн байгууллагуудын гүйцэтгэх албанд хүргүүлнэ.

Д. Энэхүү Дүрмийг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг хадгалуулсан тухай бүрт энэ тухай, мөн Дүрэм хүчин төгөлдөр болсон өдрийн тухай эх хадгалж байгаа Засгийн газар түүнд гарын үсэг зурсан бүх талд шуурхай мэдээлнэ.

Е. Эх хадгалж байгаа Засгийн газар Агентлагт гишүүнээр хожим элссэн улсууд, эсвэл бүс нутгийн засгийн газар хоорондын эдийн засгийн интеграцийн байгууллагуудын гишүүн болсон өдрийн талаар Дүрэмд гарын үсэг зурсан талууд болон бусад гишүүнд шуурхай мэдээлнэ.

Ж. Эх хадгалж байгаа Засгийн газар нь агентлагт гишүүнээр элсэх өргөдлийг 6 дугаар зүйлийн Б заалтын 2-т заасны дагуу Агентлагийн бүх гишүүнээр хянуулахаар шуурхай хүргүүлнэ.

Дээрхийг нотлон зохих бүрэн эрх олгогдсон дараахь эрх бүхий албан тушаалтнууд энэхүү Дүрэмд гарын үсэг зурав.

2009 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Бонн хотноо англи хэлээр нэг эх үйлдэв.