Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ТӨРЛӨӨР УСТГАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТИЙМ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГЧДИЙГ ШИЙТГЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

 

 

Конвенцийг 1948 оны 12 дугаар сарын 9-ний өдөр баталж,

1951 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон*

 

            Хэлэлцэн тохирогч улс,

 

            Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1946 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 96/1/ тоот тогтоолдоо төрлөөр устгахыг олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын үзэл санаа, зорилгод харш гэмт хэрэг бөгөөд соёлт ертөнц түүнийг зэмлэн буруушааж байгааг тунхагласныг анхааралдаа авч,

 

            төрлөөр устгах явдал нь түүхийн туршид хүн төрөлхтөнд асар их хохирол учруулсныг хүлээн зөвшөөрч,

 

            хүн төрөлхтөнийг энэхүү жигшүүрт гамшгаас ангижруулахад олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайд гүнээ итгэж,

 

            дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

 

1 дүгээр зүйл

 

            Хэлэлцэн тохирогч улс төрлөөр устгах нь тайван буюу дайны цагт үйлдэгдсэнээс үл хамаарч олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн гэмт хэрэг болохыг баталж, тийм хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчийг шийтгэх үүрэг хүлээнэ.

 

2 дугаар зүйл

 

            Энэхүү Конвенцид төрлөөр устгах гэдэгт үндэс, угсаа, арьс үндэс буюу шашин шүтлэг нэгтэй бүлэг хүнийг бүхэлд нь буюу хэсгийг нь устгах зорилгоор үйлдсэн дараахь үйлдлийг ойлгоно:

 

            (a) бүлгийн гишүүдийн амь насыг хороох;

 

            (b) бүлгийн гишүүдийн бие махбод, сэтгэцэд ноцтой гэмтэл учруулах;

 

            (c) бүлгийг бүхэлд нь буюу түүний хэсгийг бүрэлгэн устгахад чиглэсэн амьдрал, ахуйн нөхцлийг санаатайгаар бий болгох;

 

            (d) бүлгийн дотор төрөлт зогсооход чиглэсэн арга хэмжээ авах;

 

            (e) хүүхдүүдийг нэг бүлгээс нөгөөд хүчээр шилжүүлэх.

 

3 дугаар зүйл

 

            Дараахь  үйлдлийг шийтгэнэ:

           

            (a) төрлөөр устгах;

 

            (b) төрлөөр устгах зорилгоор хуйвалдах;

 

            (c) төрлөөр устгахыг шууд болон нийтэд ил тод турхирах;

 

            (d) төрлөөр устгахыг завдах;

 

            (e) төрлөөр устгахад хамтран оролцох.

 

4 дүгээр зүйл

 

            Төрлөөр устгах буюу энэхүү Конвенцийн 3 дугаар зүйлд дурдсан бусад аливаа үйлдлийг үйлдсэн этгээд нь Үндсэн хуулийн дагуу хариуцлага хүлээх эрх баригч, төрийн албан хаагч, эсхүл хувь хүн байхаас үл хамааран шийтгэл хүлээнэ.

 

5 дугаар зүйл

 

            Хэлэлцэн тохирогч талууд энэхүү Конвенцийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор үндсэн хуулийн журмын дагуу шаардлагатай хууль тогтоомж гаргах, ялангуяа төрлөөр устгах буюу 3 дугаар зүйлд заасан бусад үйлдэлд гэм буруутай этгээдийг шийтгэх үр дүнтэй арга хэмжээ авах үүрэгтэй.

 

6 дугаар зүйл

 

            Төрлөөр устгах үйлдэл буюу 3 дугаар зүйлд заасан бусад үйлдэлд яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг уг үйлдэл нутаг дэвсгэрт нь үйлдэгдсэн улсын шүүх эрх мэдэл бүхий, эсхүл Хэлэлцэн тохирогч улсад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх эрх бүхий, тухайн улс энэхүү эрхийг нь хүлээн зөвшөөрсөн Олон улсын эрүүгийн шүүхэд шүүн шийдвэрлүүлнэ.

 

7 дугаар зүйл

 

            Төрлөөр устгах буюу энэхүү Конвенцийн 3 дугаар зүйлд дурдсан бусад үйлдлийг улс төрийн гэмт хэрэг гэж үзэхгүй учраас хэрэгтнийг шилжүүлж болно.

 

            Ийм тохиолдолд хэлэлцэн тохирогч улс хууль тогтоомж болон хүчин төгөлдөр гэрээний дагуу хэрэгтнийг шилжүүлэх үүрэгтэй.

 

8 дугаар зүйл

 

            Төрлөөр устгах буюу 3 дугаар зүйлд дурдсан бусад үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэхүү Конвенцид оролцогч аливаа улс шаардлагатай гэж үзсэн бүхий л арга хэмжээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу авахыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх бүхий байгууллагаас хүсч болно.

 

9 дүгээр зүйл

 

            Энэхүү Конвенцийг тайлбарлах, хэрэглэх буюу хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцэн тохирогч улсын хооронд гарсан маргаан, түүний дотор төрлөөр устгах явдал буюу 3 дугаар зүйлд заасан бусад үйлдлийн төлөө хүлээх хариуцлагын талаархи маргааныг түүнд оролцогч аль нэг талын хүсэлтээр Олон улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ.

 

10 дугаар зүйл

 

            Англи, испани, орос, хятад, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй энэхүү Конвенцийг 1948 оны 12 дугаар сарын 9-нөөр өдөрлөнө.

 

11 дүгээр зүйл

 

            Энэхүү Конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын аливаа гишүүн болон Ерөнхий Ассамблейгаас энэхүү Конвенцид гарын үсэг зурахыг урьсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн бус аливаа улс 1949 оны 12 дугаар сарын 31 хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.

 

            Энэхүү Конвенцийг соёрхон баталбал зохих бөгөөд батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

 

            1950 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн энэхүү Конвенцид Нэгдсэн Үндэстний Байгууллагын аливаа гишүүн болон дээр дурдсан урилга хүлээн авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус аливаа улс нэгдэн орж болно.

 

            Нэгдэн орсон батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

 

12 дугаар зүйл

 

            Хэлэлцэн тохирогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хэдийд ч мэдэгдэж, гадаад харилцааг нь хариуцдаг нутаг дэвсгэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт энэхүү Конвенцийг хэрэглэж болно.

 

13 дугаар зүйл

 

            Энэхүү Конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон тухай хорь дахь батламж жуух бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга энэ тухай протокол үйлдэж түүний хуулбарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улс болон энэхүү Конвенцийн 11 дүгээр зүйлд дурдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус бүх улсад илгээнэ.

 

            Энэхүү Конвенц хорь дахь батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш 90 дэх өдөр хүчин төгөлдөр болно.

 

            Энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсны дараа соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаас хойш 90 дэх өдөр хүчин төгөлдөр болно.

 

14 дүгээр зүйл

 

            Энэхүү Конвенц нь хүчин төгөлдөр болсон өдрөөсөө хойш 10 жилийн хугацаанд хүчинтэй байна.

 

            Конвенцийн хүчинтэй хугацаа дуусахаас наад зах нь 6 сарын өмнө түүнийг цуцлах тухай мэдэгдэл хийгээгүй хэлэлцэн тохирогч улсуудын хувьд энэхүү Конвенц дараагийн таван жилийн туршид хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

 

            Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэх замаар энэхүү Конвенцийг цуцална.

 

15 дугаар зүйл

           

            Конвенцийг цуцалснаар түүнд оролцогч улсуудын тоо 16-аас доош болбол энэхүү Конвенц сүүлчийн цуцлалт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болно.

 

16 дугаар зүйл

 

            Энэхүү Конвенцийг хянаж үзэх хүсэлтийг хэлэлцэн тохирогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хэдийд ч бичгээр мэдэгдэж болно.

 

            Ерөнхий Ассамблей ийм хүсэлттэй холбогдуулж авах арга хэмжээний талаархи шийдвэрийг гаргана.

 

17 дугаар зүйл

 

            Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улс болон энэхүү Конвенцийн 11 дүгээр зүйлд дурдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улсад дор дурдсан зүйлийн талаар мэдээлнэ:

 

            (а) 11 дүгээр зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон батласан, нэгдэн орсон тухай;

           

            (b) 12 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан мэдэгдлүүдийн тухай;

 

            (c) 13 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон он, сар, өдрийн тухай;

 

            (d) 14 дүгээр зүйлийн дагуу цуцалсан тухай;

 

            (e) 16 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан мэдэгдлүүдийн тухай.

 

18 дугаар зүйл

 

            Энэхүү Конвенцийн жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгална.

 

            Энэхүү Конвенцийн баталгаат хуулбарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улс болон энэхүү Конвенцийн 11 дүгээр зүйлд заасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улсад хүргүүлнэ.

 

19 дүгээр зүйл

 

            Энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсон өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бүртгэнэ.

 

 



* Монгол Улс 1966.11.24-нд нэгдэн орсон