Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ

1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо баталж, 1987 оны оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болсон*



Энэхүү Конвенцид оролцогч улсууд,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан зарчмын дагуу хүн төрөлхтөн хэмээх гэр бүлийн гишүүдийн тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс болохыг анхаарч,
эдгээр эрх нь хүнд заяасан нэр төрөөс урган гардгийг хүлээн зөвшөөрч,
Дүрмийн 55 дугаар зүйлийн дагуу хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих үйлсэд хувь нэмрээ оруулах улс үүргээ анхаарч,
хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхгүй хэмээн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлд заасныг харгалзан,
Ерөнхий Ассамблейгаас 1975 оны 12 дугаар сарын 9-ний өдөр батласан Хүнийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхээс хамгаалах тухай тунхаглалыг харгалзан,
эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг тэмцлийн үр нөлөөг дэлхий нийтээр дээшлүүлэхийг эрмэлзэн,
дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:
I ХЭСЭГ
1 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийн зорилгын дагуу “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ. Энэхүү тодорхойлолт нь хуулийн дагуу авах шийтгэл, арга хэмжээ, түүнээс үүдэн буюу холбогдон үүсэх зовлон, шаналалд хамаарахгүй.
2. Хэрэв олон улсын болон бусад дотоодын хуулинд уг ойлголтыг илүү өргөн утгаар хэрэглэдэг бол энэ зүйл нь тэдгээрт хохирол учруулахгүй.
2 дугаар зүйл
1. Оролцогч улсууд харьяа нутаг дэвсгэртээ эрүүдэн шүүх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй хууль тогтоох, захиргааны, шүүхийн болон бусад арга хэмжээг авна.
2. Дайны байдал, дайны аюул занал, дотоодын улс төрийн тогтворгүй байдал, нийтийг хамарсан онц байдал тогтоох зэрэг нь эрүүдэн шүүхийг зөвтгөх үндэслэл болохгүй.
3. Дээд шатны албан тушаалтны буюу төрийн эрх бүхий байгууллагаас авсан тушаал нь эрүүдэн шүүхийг зөвтгөх үндэслэл болохгүй.
3 дугаар зүйл
1. Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй.
2. Тийм үндэслэл байгаа эсэхийг тогтоох эрх бүхий байгууллага уг асуудалд холбогдох бүх нөхцөл байдлыг, тэр дундаа тус улсад балмадаар, үй олныг хамруулан хүний эрхийг байнга зөрчдөг эсэхийг харгалзан үзнэ.
4 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд эрүүдэн шүүх бүх үйлдлийг эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэг хэмээн үзнэ. Энэ нь эрүүдэн шүүхийг завдах, түүнд оролцох, хамтран оролцоход хамаарна.
2. Оролцогч улс бүр ийм гэмт хэрэг үйлдэгчид хэргийн нөхцөл байдлыг нь харгалзан зохих шийтгэл ноогдуулна.
5 дугаар зүйл
1. Оролцогч улсууд дараахь тохиолдолд 4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шүүн таслах шаардлагатай арга хэмжээ авна:
(а) гэмт хэргийг тус улсын нутаг дэвсгэрт, эсхүл тус улсад бүртгэлтэй хөлөг онгоц буюу агаарын хөлөгт үйлдвэл;
(b) гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээд тус улсын иргэн бол;
(c) хохирогч нь тус улсын иргэн бөгөөд тус улс шүүн таслах нь зохистой гэж үзвэл.
2. Хэрэгт сэрдэгдэж буй этгээд харьяа нутаг дэвсгэрт нь байгаа бөгөөд энэ зүйлийн 1-д заасан улсад 8 дугаар зүйлийн дагуу шилжүүлэн өгөөгүй бол уг гэмт хэргийг шүүн таслах шаардлагатай арга хэмжээг оролцогч улс авна.
3. Энэхүү Конвенц нь дотоодын хуулийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үгүйсгэхгүй.
6 дугаар зүйл
1. 4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээд нутаг дэвсгэрт нь байгаа оролцогч улс өөрт байгаа мэдээллийг шалган судалж, нөхцөл байдал шаардвал уг этгээдийг цагдан хорих буюу байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах хууль ёсны бусад арга хэмжээг авна. Цагдан хорих болон бусад арга хэмжээг тухайн улсын хуулийн дагуу авах бөгөөд энэ нь эрүүгийн байцаан шийтгэх буюу шилжүүлэн өгөх ажиллагаа эхлэх хүртэл үргэлжилнэ.
2. Тухайн улс хэргийн талаархи урьдчилсан байцаалтыг нэн даруй явуулна.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтын дагуу цагдан хоригдсон этгээд харьяа улсынхаа буюу иргэний харьяалалгүй бол нутаг дэвсгэрт нь байнга оршин суудаг улсынхаа хамгийн ойр байгаа төлөөлөгчтэй нэн даруй холбоо тогтооход туслалцаа үзүүлнэ.
4. Энэ зүйлийн дагуу аливаа этгээдийг цагдан хоривол цагдан хорьсон аливаа улс цагдан хорьсон тухай болон чингэхэд хүргэсэн нөхцөл байдлыг 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсад нэн даруй мэдэгдэнэ. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу урьдчилсан байцаалт хийж буй улс тогтоосон баримт сэлтээ дээр дурьдсан улсад даруй тайлагнаж, тухайн хэргийг шүүн таслах эсэхээ мэдэгдэнэ.
7 дугаар зүйл
1. Оролцогч улсын нутаг дэвсгэрт 4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээд байгаа бөгөөд түүнийг өөр улсад шилжүүлэн өгөхгүй бол 5 дугаар зүйлд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагаараа уг хэргийг шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ.
2. Эдгээр байгууллага нь тухайн улсын хуулийн дагуу ердийн хүнд хэргийг шийдвэрлэх журмаар уг хэргийг шийдвэрлэнэ. 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдлуудад яллах болон шүүн таслахад шааардлагатай нотолгооны түвшин 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлоос доогуур байх ёсгүй.
3. 4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн аливаа этгээдэд байцаан шийтгэх ажиллагааны бүх шатанд шударга хандах баталгаагаар хангана.
8 дугаар зүйл
1. 4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь оролцогч улсуудын хооронд байгуулсан хэрэгтэн шилжүүлэх тухай гэрээний дагуу шилжүүлэх гэмт хэрэгт тооцогдоно. оролцогч улсууд хэрэгтэн шилжүүлэх асуудлаар цаашид байгуулах гэрээндээ ийм гэмт хэргийг шилжүүлэх талаар тусгах үүрэг хүлээнэ.
2. Оролцогч улс хэрэгтэн шилжүүлэх гэрээний нөхцлийн дагуу гэрээ байгуулаагүй өөр нэг оролцогч улсаас хэрэгтэн шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авбал энэхүү Конвенцийг ийнхүү шилжүүлэх эрх зүйн үндэс гэж үзэж болно. Шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авсан улсын хуулинд заасан бусад нөхцлийн дагуу хэрэгтэнийг шилжүүлнэ.
3. Хэрэгтэн шилжүүлэх нөхцлийг гэрээнд тусгаагүй оролцогч улсууд хүсэлт гаргасан улсын хуульд заасан нөхцөл, журмын дагуу хэргийг шилжүүлэн шийдвэрлүүлнэ.
4. Оролцогч улсууд хэрэгтэн шилжүүлэх зорилгоор тийм гэмт хэрэг гарсан газарт төдийгүй 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хянан шийдвэрлэх улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж үзнэ.
9 дүгээр зүйл
1. Оролцогч улсууд 4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад өөрт байгаа шаардлагатай баримт сэлтийг гаргаж өгөх зэргээр зохих туслалцааг аль болох бүрэн үзүүлнэ.
2. Оролцогч улсууд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг шүүн таслах ажиллагаанд харилцан туслалцах талаар өөр хоорондоо байгуулсан гэрээндээ нийцүүлэн биелүүлнэ.
10 дугаар зүйл
1. Оролцогч улсууд аливаа хэлбэрээр баривчлагдсан, саатуулагдсан, хоригдсон этгээдийг харгалзах, байцаах, харьцах, хууль сахиулах, энгийн, цэргийн болон эмнэлгийн бүрэлдэхүүн, төрийн албан тушаалтан, бусад хүмүүсийн сургалтад эрүүдэн шүүхийг хориглох тухай сургалтын материал, мэдээллийг бүрэн тусгана.
2. Оролцогч улсууд ийнхүү хориглосон заалтыг аливаа этгээдийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны журам, зааварт тусгана.
11 дүгээр зүйл
Оролцогч улсууд эрүүдэн шүүх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор түүний харьяа нутаг дэвсгэрт аливаа хэлбэрээр баривчлагдсан, саатуулагдсан, хоригдсон хүмүүсийг байцаахтай холбогдсон журам, заавар, арга хэрэгсэл, түүнчлэн тэднийг хянан харгалзах, тэдэнтэй харьцах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд шат дараалсан хяналт тавина.
12 дугаар зүйл
Оролцогч улсууд өөрсдийн харьяа нутаг дэвсгэрт эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэл байвал мөрдөн шалгах ажиллагааг эрх бүхий байгууллагаараа шударга болон шуурхай явуулна.
13 дугаар зүйл
Оролцогч улс түүний нутаг дэвсгэрт эрүүдэн шүүгдсэн хэмээн мэдүүлж буй этгээд эрх бүхий байгууллагад гомдол гаргах, хэргээ шуурхай, шударгаар хянан шалгуулах явдлыг хангана. Гомдол гаргасан этгээд болон гэрчүүдийг гомдол гаргасан болон нотлох баримт гаргаж өгсөнтэй холбогдуулан зүй бусаар харьцах, айлган сүрдүүлэхээс хамгаалах арга хэмжээ авна.
14 дүгээр зүйл
1. Оролцогч улс өөрийн эрх зүйн тогтолцоогоороо эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо арилгуулах, шударга, хангалттай нөхөн төлбөр авах эрх, түүний дотор эрүүл мэндээ бүрэн сэргээхэд шаардлагатай төлбөр гаргуулах эрхийг хүлээн зөвшөөрнө. Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирогч нас барвал асран халамжлагч нөхөн төлбөр авах эрхтэй.
2. Энэхүү зүйл нь хохирогч буюу бусад этгээд дотоодын хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр авах эрхийг хөндөхгүй.
15 дугаар зүйл
Оролцогч улсууд эрүү шүүлтийн улмаас хийсэн гэж тогтоогдсон мэдэгдлийг шүүн таслах аливаа ажиллагаанд нотлох баримт болгохгүй, харин эрүү шүүлт тулгасан хэмээн буруутгагдсан хүний эсрэг мэдэгдэл хийгдсэн тухай нотлох баримт болгон ашиглаж болно.
16 дугаар зүйл
1. Оролцогч улсууд харьяа нутаг дэвсгэртээ 1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүү шүүлтэд тооцогдохгүй төрийн албан тушаалтан буюу албаны үүрэг гүйцэтгэж буй бусад этгээд, тэдгээрийн өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр үйлдэгдэх хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэх бусад үйлдлээс сэргийлэх үүрэг хүлээнэ. Түүнчлэн 10, 11, 12, 13 дугаар зүйлд заасан үүргүүдийг бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх тохиолдолд орлуулан хэрэглэнэ.
2. Энэхүү Конвенцийн заалт нь хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийг хориглох, гэмт хэрэгтэнг шилжүүлэх, албадан гаргах тухай олон улсын бусад гэрээ, дотоодын хуульд харшлахгүй.
II ХЭСЭГ
17 дугаар зүйл
1. Цаашид үүргийг гүйцэтгэх Эрүү шүүлтийн эсрэг хороог /цаашид “Хороо” гэх/ байгуулна. Хороо нь өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн салбарт өргөн мэдлэг, туршлага хуримтлуулсан өөрийн нэрийн өмнөөс ажиллах арван мэргэжилтнээс бүрдэнэ. Оролцогч улсууд мэргэжилтнийг сонгохдоо газарзүйн тэгш хуваарилалт, эрх зүйн туршлага бүхий хүмүүсийг оролцуулах хэрэгцээг анхаарна. Мэргэжилтнүүдийг оролцогч улсуудаас дэвшүүлэн сонгоно.
2. Хорооны гишүүдийг оролцогч улсуудаас дэвшүүлсэн нэрсийн жагсаалтаар нууцаар санал хурааж сонгоно. Оролцогч улс бүр өөрийн иргэн нэг хүний нэрийг дэвшүүлж болно. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний дагуу байгуулсан Хүний эрхийн хорооны гишүүн бөгөөд Эрүү шүүлтийн эсрэг хороонд ажиллах сонирхлоо илэрхийлсэн хүний нэрийг дэвшүүлэх нь зүйтэй болохыг оролцогч улс харгалзана.
3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаас хоёр жил тутамд зарлан хуралдуулах оролцогч улсуудын хуралдаанаар Хорооны гишүүдийг сонгоно. Оролцогч улсуудын гуравны хоёрын оролцоотой санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд байлцаж санал өгсөн оролцогч улсын төлөөлөгчдийн хамгийн олон бөгөөд дийлэнхи олонхийн санал авсан хүмүүсийг Хорооны гишүүнээр сонгоно.
4. Анхны сонгуулийг энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор явуулна. Ээлжит сонгууль явуулахаас наад зах нь 4 сарын өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч улсуудад захидал илгээж 3 сарын дотор нэр дэвшүүлэхийг санал болгоно. Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг үсгийн дарааллаар нэр дэвшүүлсэн оролцогч улсуудын хамт гаргаж оролцогч улсуудад хүргүүлнэ.
5. Хорооны гишүүдийг 4 жилээр сонгоно. Нэрийг нь дахин дэвшүүлбэл улиран сонгогдох эрхтэй. Гэхдээ анхны сонгуулиар сонгогдсон таван гишүүний бүрэн эрхийн хугацаа 2 жил бөгөөд анхны сонгуулийг явуулж дуусмагц эдгээр таван гишүүний нэрийг энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуралдааны дарга шодож тогтооно.
6. Хорооны гишүүн нас барах, огцрох буюу бусад шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүний нэрийг дэвшүүлсэн оролцогч улс бусад Оролцогч улсын олонхийн батласнаар өөрийн иргэдийн дотроос нэг мэргэжилтэнг үлдсэн хугацаанд томилон ажиллуулна. Томилох саналыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэнээс хойш зургаан долоо хоногийн дотор оролцогч улсуудын тэн хагас хувь буюу түүнээс дээш хувь эсэргүүцээгүй бол түүнийг батлагдсан гэж үзнэ.
7. Хорооны гишүүдийн үүрэгт ажлаа гүйцэтгэх үеийн зардлыг оролцогч улсууд хариуцна.
18 дугаар зүйл
1. Хороо өөрийн ажилчдынг хоёр жилээр сонгоно. Тэд дахин сонгогдож болно.
2. Хороо өөрийн үйл ажиллагааны журмыг тогтоох бөгөөд дараахь зүйлийг заана:
(а) хуралдааны бүрэлдэхүүнийг зургаан гишүүнээр тогтооно;
(b) Хорооны шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана.
3. Энэхүү Конвенцийн дагуу Хорооны ажил үүргийг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай ажилтан болон бусад бололцоогоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хангана.
4. Хорооны хуралдааныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга зарлаж хуралдуулна. Энэхүү хуралдааны дараа Хороо үйл ажиллагааныхаа журамд заасан хугацаанд хуралдана.
5. Оролцогч улсууд хуралдаан явуулахад гарсан зардал, мөн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажилтан, бүрдүүлсэн ажлын нөхцөл болон Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гарсан аливаа зардлыг оролцогч улсууд хариуцан төлнө.
19 дүгээр зүйл
1. Оролцогч улс энэхүү Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор авсан арга хэмжээний тухай тайлангаа энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан Хороонд хүргүүлнэ. Түүнээс хойш оролцогч улс шинээр авсан арга хэмжээний талаархи нэмэлт тайлангаа 4 жилд 1 удаа ирүүлэх бөгөөд бусад тайланг Хорооны хүсэлтээр гаргаж хүргүүлнэ.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга тэдгээр тайланг оролцогч бүх улсад илгээнэ.
3. Хороо тайлан бүрийг хэлэлцээд зохистой гэж үзвэл ерөнхий санал гаргаж холбогдох оролцогч улсад илгээнэ. Оролцогч улс өөрийн сонголтоор Хороонд хариу тайлбар илгээж болно.
4. Хороо нь 24 дүгээр зүйлийн дагуу гаргах жилийн тайландээ энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн гаргасан ерөнхий саналыг оролцогч холбогдох улсын тайлбарын хамт оруулж болно. Оролцогч улс хүсэлт гаргасан бол Хороо энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу ирүүлсэн тайлангийн хувийг оруулж болно.
20 дугаар зүйл
1. Хороо оролцогч аль нэг улсын нутаг дэвсгэрт эрүүдэн шүүх ажиллагаа цэгцтэй явагдаж байгаа тухай үндэслэл бүхий мэдээлэл хүлээн авбал тухайн мэдээллийн дагуу шалгалт хийхэд хамтран ажиллах, энэ зорилгоор мэдээлэлтэй холбогдуулан хийсэн ажиглалт дүгнэлтээ илгээхийг оролцогч улсад санал болгоно.
2. Хороо нь оролцогч улсын ажиглалт, дүгнэлт, өөрт байгаа бусад холбогдох мэдээллийг харгалзан шаардлагатай тохиолдолд нууц шалгалт судалгаа хийж нэг буюу түүнээс дээш гишүүнийг Хороонд нэн даруй тайлагнуулхаар томилж болно.
3. Хороо энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шалгалт судалгаа хийвэл оролцогч холбогдох улстай хамтран ажиллавал зохино. Оролцогч улстай тохиролцсоноор судалгаа хийх зорилгоор нутаг дэвсгэрт нь очиж болно.
4. Хороо энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн гишүүдийн олж тогтоосон баримт сэлтийг шалгаж тухайн нөхцөл байдалд зохистой гэж үзвэл тэдгээрийг тайлбар, саналын хамт холбогдох оролцогч улсад илгээнэ.
5. Энэ зүйлийн 1-ээс 4 дэх хэсгүүдэд дурдсан Хорооны ажил нууц байх бөгөөд түүний бүх үе шатанд оролцогч улстай хамтран ажиллавал зохино. 2 дахь хэсэгт заасан шалгалт, судалгааны үйл явц дууссаны дараа оролцогч холбогдох улстай зөвшилцөн Хороо 24 дүгээр зүйлийн дагуу гаргах жилийн тайландаа тэдгээр үйл ажиллагааны үр дүнгийн талаар товч мэдээлэл оруулах эсэх талаар шийдвэр гаргаж болно.
21 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ оролцогч аливаа улс биелүүлэхгүй байгаа тухай оролцогч бусад улсаас мэдээлвэл Хорооны эрх хэмжээг энэхүү Конвенцид оролцогч улс хүлээн зөвшөөрч байгаагаа хэдийд ч мэдэгдэж болно. Мэдэгдэл гаргасан оролцогч улс Хорооны энэхүү эрх хэмжээг өөрийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа бол мэдээллийг нь энэ зүйлд заасан журмын дагуу хүлээн авч хэлэлцэнэ. Хороо энэ зүйлийн дагуу тийм мэдэгдэл хийгээгүй оролцогч улстай холбогдсон мэдээллийг хэлэлцэхгүй. Хүлээн авсан мэдээллийг дараахь журмаар хэлэлцэнэ:
(а) Оролцогч аливаа улс оролцогч нөгөө улсыг энэхүү Конвенцийн заалтыг биелүүлэхгүй байна гэж үзвэл асуудлыг оролцогч нөгөө улсад анхааруулахаар бичгээр хүргэж болно. Ийм мэдээллийг хүлээн авсан улс түүнийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор асуудлыг тодруулсан мэдэгдлийг бичгээр гаргах буюу тайлбар хийх бөгөөд түүнд уг асуудлаархи дотоодын журам болон авсан, эсхүл авах буюу авч болох арга хэмжээний талаар боломжтой хэмжээгээр тусган мэдээлэл гаргасан улсад бичгээр хүргүүлнэ;
(b) Анхны мэдээллийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор асуудлыг оролцогч хоёр улсын тааламжид нийцүүлэн зохицуулж чадаагүй бол эдгээр улсын аль нь ч Хороо болон нөгөө улсад мэдэгдэн асуудлыг Хороонд шилжүүлэх эрхтэй;
(c) Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд нийцүүлэн дотоодын бүх арга хэрэгслийг хэрэглэж дууссан тохиолдолд энэ зүйлийн дагуу өөрт шилжүүлсэн асуудлыг Хороо авч хэлэлцэнэ. Дотоодын арга хэрэгслийг хэрэглэх явдал шалтгаангүйгээр удааширсан буюу энэхүү Конвенцийг зөрчсөний улмаас хохирсон этгээдэд үр дүнтэй туслалцаа үзүүлэхээргүй бол энэ журмыг мөрдөхгүй;
(d) Хороо энэ зүйлийн дагуу хүлээн авсан мэдээллийг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ;
(e) (c) дэд хэсгийн заалтыг баримтлан Хороо энэхүү Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ хүндэтгэх үндсэн дээр асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд оролцогч холбогдох улсуудад зуучилна. Хороо энэ зорилгоор, шаардлагатай тохиолдолд Эвлэрүүлэх түр комисс байгуулж болно;
(f) Энэ зүйлийн дагуу Хороонд шилжүүлсэн асуудалд холбогдох мэдээллийг хангах хүсэлтийг (b) дэд хэсэгт заасан оролцогч улсуудад гаргаж болно;
(g) (b) дэд хэсэгт заасан холбогдох оролцогч улсууд асуудлыг Хороогоор хэлэлцэхэд төлөөлөгчөө оролцуулах болон амаар буюу бичгээр тайлбар хийх эрхтэй;
(h) Хороо (b) дэд хэсэгт заасны дагуу мэдэгдэл хүлээн авснаас хойш арван хоёр сарын дотор дараахь мэдээллийг хийнэ:
(i) (e) дэд хэсэгт заасан нөхцлөөр шийдэлд хүрсэн хэргийн баримт болон хүрсэн шийдлийг товч мэдээлнэ;
(ii) (e) дэд хэсэгт заасан нөхцлөөр шийдэлд хүрээгүй бол хэргийн баримтыг товч мэдээлж оролцогч холбогдох улсуудын бичгээр болон амаар хийсэн тайлбарыг бичиж хавсаргана. Аливаа асуудлаарх мэдээллийг оролцогч холбогдох улсад илгээнэ.
2. Энэхүү Конвенцид оролцогч таван улс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийснээр энэхүү заалтууд хүчин төгөлдөр болно. Оролцогч улс мэдэгдлээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээх бөгөөд тэрбээр уг мэдэгдлийн хуулбарыг оролцогч бусад улсад хүргүүлнэ. Ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн мэдэгдлээ нотлох бичгээр хэдийд ч цуцалж болно. Мэдэгдлийг ийнхүү цуцлах нь энэ зүйлийн дагуу ирүүлсэн мэдээлэлд холбогдох асуудлыг хэлэлцэхэд саад болохгүй; оролцогч улсаас цуцлах тухай мэдэгдлийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авснаас хойш оролцогч тус улс шинээр мэдэгдэл гаргаагүй бол энэ зүйлийн дагуу аливаа мэдээллийг хүлээн авахгүй.
22 дугаар зүйл
1. Оролцогч улс энэхүү Конвенцийн заалтыг зөрчсөнөөс хохирсон хэмээн Хороонд мэдүүлж буй тус улсын хэрэг шүүн шийдвэрлэх харьяалалд хамаарах этгээд өөрөө буюу түүний нэрийн өмнөөс гаргасан мэдээллийг хүлээн авч хэлэлцэх эрх хэмжээг энэхүү Конвенцид оролцогч улс хүлээн зөвшөөрч байгаагаа энэ зүйлийн дагуу хэдийд ч мэдэгдэж болно. Хороо ийм мэдэгдэл хийгээгүй оролцогч улстай холбоотой мэдээллийг хүлээж авахгүй.
2. Энэ зүйлийн дагуу ирүүлсэн нэргүй, эсхүл Хороо ийм мэдээлэл гаргах эрхээ буруугаар ашигласан гэж үзсэн буюу энэхүү Конвенцийн заалтад нийцээгүй мэдээллийг Хороо хүлээн авах боломжгүй гэж үзнэ.
3. 2 дахь хэсгийн заалтыг баримтлан Хороо энэ зүйлийн дагуу ирүүлсэн мэдээллийг 1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийсэн бөгөөд энэхүү Конвенцийн заалтыг зөрчсөн гэгдэж буй оролцогч улсын сонорт хүргэнэ. Мэдээлэл хүлээн авсан улс тухайн асуудал болон авах арга хэмжээг тодруулсан тайлбар, мэдэгдлээ Хороонд зургаан сарын дотор бичгээр ирүүлнэ.
4. Хороо нь энэ зүйлийн дагуу ирүүлсэн мэдээллийг хэлэлцэхдээ хувь этгээд буюу түүний нэрийн өмнөөс болон холбогдох оролцогч улсаас ирүүлсэн бүх мэдээллийг харгалзан үзнэ.
5. Хороо хувь этгээдээс ирүүлсэн мэдээллийг дараахь нөхцөл хангагдаагүй бол авч хэлэлцэхгүй:
(а) уг асуудлыг олон улсын хэрэг мөрдөн шалгах буюу шийдвэрлэх өөр журмын дагуу хянан шалгаагүй болон хянан шалгахгүй байгаа,
(b) уг хүн дотоодын эрх зүйн хамгаалалтын бүх арга хэрэгслийг барагдуулаагүй бөгөөд тэдгээр арга хэрэгслийг ашиглах нь шалтгаангүйгээр удаашрах буюу энэхүү Конвенцийг зөрчсөний улмаас хохирсон этгээдэд туслалцаа үзүүлэхээргүй бол энэ журмыг мөрдөхгүй.
6. Хороо энэ зүйлд заасан мэдээллийг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.
7. Хороо саналаа оролцогч холбогдох улс болон хувь хүнд мэдэгдэнэ.
8. Энэхүү Конвенцид оролцогч таван улс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийснээр энэ зүйлийн заалтууд хүчин төгөлдөр болно. Оролцогч улс мэдэгдлээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэрээр уг мэдэгдлийн хуулбарыг оролцогч бусад улсад хүргүүлнэ. Ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн мэдэгдлээ нотлох бичгээр хэдийд ч цуцалж болно. Мэдэгдлээ ийнхүү цуцлах нь энэ зүйлийн дагуу ирүүлсэн мэдээллээр асуудлыг хэлэлцэхэд саад болохгүй. Оролцогч улс мэдэгдлээ цуцалсан тухай мэдээллийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авснаас хойш энэ зүйлийн дагуу оролцогч улсаас гаргах аливаа мэдээллийг оролцогч тус улсшинээр мэдэгдэл хийгээгүй бол хүлээн авахгүй.
23 дугаар зүйл
21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (e) дэд хэсэгт заасны дагуу томилогдсон Хорооны Эвлэрүүлэх түр комиссын гишүүд Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай Конвенцийн холбогдох заалтуудад тусгагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагад үүрэг гүйцэтгэж буй мэргэжилтний хөнгөлөлт, эрх ямба, дархан эрхийг эдлэх эрхтэй.
24 дүгээр зүйл
Хороо энэхүү Конвенцийн дагуу хийсэн ажлын жил бүрийн тайлангаа оролцогч улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд өргөн мэдүүлнэ.
III ХЭСЭГ
25 дугаар зүйл
1. Энэхүү Конвенц гарын үсэг зурахад бүх улсад нээлттэй байна.
2. Энэхүү Конвенцийг соёрхон батлана. батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
26 дугаар зүйл
Энэхүү Конвенц бүх улс нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орох батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар хүчинтэй болно.
27 дугаар зүйл
1. Энэхүү Конвенц нь хорь дахь соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаас хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болно.
2. Хорь дахь соёрхон батласан буюу нэгдэн орсон батламж жуух бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш энэхүү Конвенцийг соёрхон батласан буюу нэгдэн орсон улсын хувьд батламж жуух бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш 30 дахь өдрөөс энэхүү Конвенц хүчин төгөлдөр болно.
28 дугаар зүйл
1. Аливаа улс энэхүү Конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах буюу нэгдэн орохдоо 20 дугаар зүйлд заасан Хорооны эрх хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж болно.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийсэн оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэн уг мэдэгдлээ цуцалж болно.
29 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенцид оролцогч аливаа улс түүнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болох бөгөөд энэ тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болно. Ерөнхий нарийн бичгийн дарга уг саналыг оролцогч улсуудын сонорт хүргэж, тэдгээрийг хэлэлцэж санал хураах оролцогч улсуудын бага хурал хуралдуулах саналтай эсэхээ мэдэгдэхийг хүснэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш дөрвөн сарын дотор оролцогч улсуудын гуравны нэгээс доошгүй нь бага хурал хуралдуулах хүсэлт гаргавал хурлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ивээл дор зарлан хуралдуулна. Ерөнхий нарийн бичгийн дарга бага хуралд оролцож санал өгсөн оролцогч улсуудын олонхийн саналаар батлагдсан нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэхээр оролцогч бүх улсад илгээнэ.
2. Энэхүү Конвенцид оролцогч улсуудын гуравны хоёр энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу батлагдсан нэмэлт өөрчлөлтийг үндэсний хууль тогтоомжийн дагуу баталж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэнээр уг өөрчлөлт хүчин төгөлдөр болно.
3. Хүчин төгөлдөр болсон нэмэлт өөрчлөлтийг түүнийг хүлээн авсан оролцогч улс заавал дагаж мөрдөнө. Харин бусад оролцогч улс энэхүү Конвенцийн заалт болон өмнө нь хүлээн авсан өөрчлөлтийг хэвээр дагаж мөрдөнө.
30 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хоёр буюу түүнээс дээш оролцогч улсын хооронд гарсан маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэж чадахгүй бол тэдгээрийн аль нэгний хүсэлтээр маргааныг арбитрт шилжүүлнэ. Арбитрт шилжүүлэх тухай хүсэлтийг гаргаснаас хойш 6 сарын дотор талууд арбитрыг зохион байгуулах талаар тохиролцож чадаагүй бол аль нэг талын хүсэлтээр маргааныг Олон улсын шүүхэд уг шүүхийн дүрэмд нийцүүлэн шилжүүлж болно.
2. Аливаа улс энэхүү Конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах буюу нэгдэн орохдоо энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг дагаж мөрдөхгүй тухай тайлбар хийж болно. Ийм тайлбар хийсэн оролцогч улсын хувьд бусад оролцогч улс энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэхгүй.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тайлбар хийсэн оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж, тайлбараа хэдийд ч буцаан авч болно.
31 дүгээр зүйл
1. Оролцогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэн энэхүү Конвенцийг цуцалж болно. Цуцлалт нь Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.
2. Ийнхүү цуцлах нь цуцлалт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө болсон үйлдэл буюу эс үйлдэхүйн хувьд энэхүү Конвенцийн дагуу хүлээх үүргээс тухайн Оролцогч улсыг чөлөөлөхгүй. Түүнчлэн цуцлалт хүчин төгөлдөр болохоос өмнө Хороонд хэлэлцэж байсан асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхэд цуцлалт саад болохгүй.
3. Оролцогч улсын хувьд цуцлалт хүчин төгөлдөр болсны дараа Хороо тухайн улстай холбогдох шинэ асуудлыг авч хэлэлцэхгүй.
32 дугаар зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон бүх улсад дараахь зүйлийг мэдэгдэнэ:
(а) 25, 26 дугаар зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон батласан, нэгдэн орсон тухай;
(b) 27 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенц хүчин төгөлдөр болох болон 29 дүгээр зүйлийн дагуу оруулсан өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдөр;
(c) 31 дүгээр зүйлийн дагуу цуцалсан тухай.
33 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийн англи, араб, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байх бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн баталгаат хуулбарыг бүх улсад хүргүүлнэ.