Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ КОНВЕНЦ
 
 
1971 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр баталж,
1973 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болсон

 

Энэхүү конвенцид оролцогч улс,

иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн хууль бус явдал хүний амь нас болон эд хөрөнгийн аюулгүй байдалд заналхийлж, агаарын харилцааг ноцтой зөрчиж, иргэний нисэхийн аюулгүй байдалд дэлхийн улс түмний итгэх итгэлийг эвдэнэ гэж үзэж,
ийм явдал гарсаар байгаад сэтгэл ихэд түгшиж байгаагаа илэрхийлж,
ийм явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт этгээдийг шийтгэхийн тулд зохих арга хэмжээ нэн даруй авах зайлшгүй шаардлагатай болсон гэж үзэж,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:
1 дүгээр зүйл
1. Хэрэв аливаа этгээд дараахь үйлдлийг хууль бусаар болон санаатайгаар үйлдсэн бол түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ:
(а) нислэг үйлдэж буй агаарын хөлгийн бүхээгт яваа хүний эсрэг хүч хэрэглэсэн бөгөөд энэ нь агаарын тухайн хөлгийн аюулгүй байдалд аюул учруулахаар байвал;
(b) нислэг хийх боломжгүй болгох буюу нислэгийн үед аюул учруулахуйц байдлаар ашиглалтанд байгаа агаарын хөлгийг бүрмөсөн эвдсэн, эсхүл түүнд гэмтэл учруулсан;
(с) ашиглалтанд байгаа агаарын хөлгийг эвдэх, эсхүл түүнийг бүрмөсөн эвдэх буюу нислэг үйлдэх боломжгүй болохуйц хохирол учруулахаар гэмтээх чадалтай төхөөрөмж, бодисыг ямар нэг аргаар байрлуулах буюу байрлуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан;
(d) агаарын навигацын тоног төхөөрөмжийг эвдсэн, гэмтээсэн, эсхүл түүний ашиглалтад саад учруулсан бөгөөд аливаа иймэрхүү үйл ажиллагаа нь агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдалд аюул учруулсан;
(е) худал гэдгийг нь мэдсээр байж агаарын хөлгийн нислэгт аюул учруулж болохуйц мэдээлэл өгснийг тус тус гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
2. Хэрэв аливаа этгээд дараахь үйлдлийг мөн хийсэн гүйцэтгэсэн бол түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ:
(а) энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан;
(b) ийм гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхийг завдаж байгаа этгээдийн үйлдэлд хамтран оролцсон.
2 дугаар зүйл
Энэхүү конвенцийн зорилгод:
(a) ачаалсны дараа бүх гадна хаалгыг хаасан үеэс эхлэн ачаа буулгахаар уг хаалгуудын аль нэгийг нээх хүртэл агаарын хөлгийг нислэг үйлдэж байгаад тооцно. Албадан буулт хийлгэсэн тохиолдолд зохих эрх бүхий этгээд агаарын хөлөг, түүний бүхээгт байгаа хүмүүс, эд хөрөнгийн төлөө хүлээх хариуцлагыг өөртөө шилжүүлж авах хүртэл нислэгийг үргэлжилж байгаад тооцно;¥¥
(b) газрын бие бүрэлдэхүүн буюу багаас тодорхой нислэг хийхээр агаарын хөлгийг нислэгийн өмнө бэлтгэж эхэлсэн үеэс уг агаарын хөлөг бууснаас хойш хорин дөрвөн цаг өнгөрөх хүртэл хугацаанд агаарын хөлгийг ашиглалтанд байгаад тооцно. Энэ зүйлийн (a) хэсэгт заасан агаарын хөлөг нислэгээ аль ч тохиолдолд үргэлжлүүлж байгаа бүх хугацааг онгоц ашиглалтанд байгаа хугацаанд тооцно.
3 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч улс бүр энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлд дурдсан гэмт хэрэгт хүнд ял оногдуулах үүрэг хүлээнэ.
4 дүгээр зүйл
1. Энэхүү конвенц нь цэрэг, гааль, цагдаагийн албанд ашигладаг агаарын хөлгийн хувьд хэрэглэхгүй.
2. Энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (a), (b), (c), (d) дэд хэсэгт дурдсан тохиолдолд агаарын хөлөг олон улсын буюу дотоодын агаарын шугамд нислэг хийж байсан эсэхийг үл хамааран дараахь тохиолдолд энэхүү конвенцийг хэрэглэнэ:
(а) агаарын хөлгийн жинхэнэ хөөрсөн буюу буусан, хөөрөхөөр буюу буухаар төлөвлөсөн газар нь агаарын тухайн хөлгийг бүртгэсэн улсын нутаг дэвсгэрийн гадна байгаа;
(b) агаарын тухайн хөлгийн бүртгэлтэй улсаас өөр улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдэгдсэн бол.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үл харгалзан 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (a), (b), (c), (d) дэд хэсэгт заасан тохиолдолд хэрэв гэмт хэрэгтэн буюу сэжигтэн этгээдийг агаарын хөлгийн бүртгэлтэй улсаас өөр улсын нутаг дэвсгэрт олж тогтоосон бол энэхүү конвенцийг мөн адил хэрэглэнэ.
4. 9 дүгээр зүйлд заасан улсууд болон 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (a), (b), (c), (d) дэд хэсэгт заасан тохиолдлын хувьд хэрэв энэ зүйлийн 2 дахь хэсгийн (a) дэд хэсэгт заасан газар 9 дүгээр зүйлд дурдсан улсын аль нэгнийх нь нутаг дэвсгэрт байрлаж байгаа бол тухайн улсаас өөр улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдсэн, эсхүл гэмт этгээдийг олж тогтоохоос бусад үед энэхүү конвенцийг хэрэглэхгүй.
5. Хэрэв агаарын навигацын тоног төхөөрөмжийг олон улсын агаарын навигацад ашиглаж байгаа бол энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (d) дэд хэсэгт заасан тохиолдолд энэхүү конвенцийг хэрэглэнэ.
6. Энэ зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсгийн заалтыг энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд мөн хэрэглэнэ.
5 дугаар зүйл
1. Хэлэлцэн тохирогч улс бүр дор дурдсан тохиолдолд гэмт хэргийн харъяаллаа тогтоох шаардлагатай байж болох арга хэмжээ авна:
(a) гэмт хэрэг тухайн улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн;
(b) гэмт хэрэг тухайн улсад бүртгэгдсэн агаарын хөлгийн эсрэг, эсхүл бүхээгт нь үйлдэгдсэн;
(c) бүхээгт нь гэмт хэрэг үйлдэгдсэн агаарын хөлөг сэжигтэн этгээд бүхээгт нь байхад тус улсын нутаг дэвсгэр дээр буусан;
(d) үйл ажиллагаа явуулдаг үндсэн газар нь, эсхүл тийм газар байхгүй бол байнга оршин суудаг газар нь тухайн улсад байдаг түрээслэгчид агаарын хөлгийг багийн гишүүдгүйгээр түрээсэлсэн байхад түүний бүхээгт гэмт хэрэг үйлдэгдсэн бол.
2. Хэлэлцэн тохирогч улс бүр өөрийн улсын нутаг дэвсгэр дээр байгаа сэжигтэн этгээдийг энэ зүйлийн 1-дэх хэсэгт дурдсан улсын аль нэгэнд 8 дугаар зүйлийн дагуу шилжүүлэн өгөөгүй бол 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (a), (b), (c) дэд хэсэгт дурдсан гэмт хэрэг, мөн эдгээр гэмт хэрэгтэй холбогдох 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт харъяаллаа тогтоохын тулд шаардлагатай байж болох арга хэмжээ мөн авна.
3. Энэхүү конвенц нь үндэсний хууль тогтоомжийн дагуу аливаа эрүүгийн хэргийн харьяаллыг хэрэгжүүлэхэд саад болохгүй.
6 дугаар зүйл
1. Нөхцөл байдал тийнхүү шаардаж байгаа гэж үзвэл гэмт этгээд буюу сэжигтэн этгээд нутаг дэвсгэр дээр нь байгаа хэлэлцэн тохирогч аль нэгэн улс түүнийг цагдан хорих буюу бэлэн байлгах нөхцөлийг хангах арга хэмжээ авна. Цагдан хорих болон бусад арга хэмжээг тухайн улсын хуульд зааснаар авах боловч гагцхүү эрүүгийн байцаан шийтгэх буюу шилжүүлэн өгөх ажиллагаанд шаардагдах хугацаагаар үргэлжлүүлж болно.
2. Тухайн улс нь хэргийн талаархи урьдчилсан мөрдөн байцаалтыг нэн даруй явуулна.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон аливаа этгээдэд өөрийн харьяаллын улсын хамгийн ойр байгаа зохих төлөөлөгчтэй нэн даруй холбоо тогтооход тусална.
4. Энэ зүйлд зааснаар аливаа этгээдийг цагдан хорьсон улс тухайн этгээдийг цагдан хорьсон, цагдан хорих болсон нөхцөл байдлын тухай 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан улс болон уг этгээдийг харьяалах улсад нэн даруй мэдэгдэх, түүнчлэн шаардлагатай гэж үзвэл сонирхогч бусад улсад мэдэгдэнэ. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан урьдчилсан мөрдөн байцаалт явуулж байгаа улс олж тогтоосон зүйлийг дээр дурдсан улсад шуурхай мэдээлж, хэргийг харьяалан шийдвэрлэх эсэхээ мэдэгдэнэ.
7 дугаар зүйл
Нутаг дэвсгэр дээр нь сэжигтэн этгээд илэрч тогтоогдсон хэлэлцэн тохирогч улс түүнийг шилжүүлэн өгөхгүй байвал гэмт хэрэг түүний нутаг дэвсгэр дээр гарсан эсэхээс үл хамааран яллуулахаар өөрийн эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. Тэрхүү эрх бүхий байгууллага нь тухайн улсын хуульд заасны дагуу ноцтой шинж агуулсан ердийн хэрэгтэй адил журмаар шийдвэрлэнэ.
8 дугаар зүйл
1. Хэлэлцэн тохирогч улсын хооронд байгуулсан шилжүүлэн өгөх тухай аль нэгэн гэрээнд тухайн гэмт хэргийг шилжүүлэн өгвөл зохих гэмт хэрэгт оруулан заана. Хэлэлцэн тохирогч улсууд хоорондоо байгуулах шилжүүлэн өгөх тухай гэрээ бүртээ уг гэмт хэргийг оруулах үүрэг хүлээнэ.
2. Шилжүүлэн өгөхийг гэрээ байгуулсан эсэхээс хамааруулан авч үздэг хэлэлцэн тохирогч улс тийм гэрээ байхгүй хэлэлцэн тохирогч өөр улсаас шилжүүлэн өгөх хүсэлт хүлээж авсан бол өөрийн үзэмжээрээ энэ конвенцийг тухайн гэмт хэргийг шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэл болгож болно. Шилжүүлэн өгөхийг хүсэлт хүлээж авсан улсын хуулийн дагуу гүйцэтгэнэ.
3. Шилжүүлэн өгөхийг гэрээ байгуулсан эсэхээс хамааруулан авч үздэггүй хэлэлцэн тохирогч улс тухайн гэмт хэргийг хоорондоо шилжүүлэн өгвөл зохих гэмт хэрэг гэж хүсэлт хүлээж авсан улсын хуулийн дагуу хүлээн зөвшөөрнө.
4. Хэлэлцэн тохирогч улсуудын хооронд шилжүүлэн өгөх зорилгоор тухайн гэмт хэргийг зөвхөн үйлдэгдсэн газар нь бус, мөн 5 дугаар зүйлийн 1(b),(c), (d) хэсэгт заасны дагуу харьяаллаа тогтоохыг шаардсан улс болгоны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж үзнэ.
9 дүгээр зүйл
Хамтарсан буюу олон улсын бүртгэлд бүртгүүлбэл зохих агаарын хөлөг ашигладаг хамтарсан агаарын тээврийн ашиглалтын байгууллага буюу олон улсын ашиглалтын агентлаг байгуулж байгаа хэлэлцэн тохирогч улсууд агаарын хөлөг бүрийн хувьд өөрсдийн дотроос аль улс нь энэхүү конвенцийн зорилгод хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх, бүртгэгч улс болохыг тогтоож, энэ тухайгаа Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэх бөгөөд тухайн байгууллага уг мэдээллийг энэхүү конвенцид оролцогч бүх улсад дамжуулна.
10 дугаар зүйл
1. Хэлэлцэн тохирогч улсууд 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээг олон улсын эрх зүйн болон дотоодын хууль тогтоомжийн дагуу авахыг эрмэлзэнэ.
2. Энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлд заасан аль нэг гэмт хэрэг үйлдсэнээс агаарын хөлгийн нислэгийг хойшлуулсан буюу зогсоосон үед агаарын хөлөг, зорчигчид буюу баг нутаг дэвсгэрт нь байгаа хэлэлцэн тохирогч аливаа улс зорчигчид болон багийн бүрэлдэхүүнээс нислэгээ аль болохоор хурдан үргэлжлүүлэхэд тус дөхөм үзүүлэх бөгөөд агаарын хөлөг болон ачааг хууль ёсны эзэмшиж буй этгээдэд саадгүйгээр буцааж өгнө.
11 дүгээр зүйл
1. Хэлэлцэн тохирогч улс гэмт хэргийн талаар авсан эрүүгийн байцаан шийтгэх арга хэмжээтэй холбогдуулан бие биедээ аль болох бүрэн хэмжээгээр туслалцаа үзүүлнэ. Хүсэлт хүлээж авсан улсын хууль бүх тохиолдолд үйлчилнэ.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэг нь эрүүгийн гэмт хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх явдлыг бүрэн буюу хэсэгчлэн зохицуулж байгаа болон зохицуулах хоёр талт болон олон талт аливаа өөр гэрээгээр хүлээсэн үүрэгт нөлөөлөхгүй.
12 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч аливаа улс нь 1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн аль нэг нь гарч магадгүй гэж үзэх шалтгаан байвал үндэснийхээ хууль тогтоомжийн дагуу өөртөө байгаа аливаа холбогдох мэдээллийг энэхүү конвенцийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улс мөн гэж үзсэн улсад өгнө.
13 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч улс бүр дотоодынхоо хуулийн дагуу өөрт байгаа дараахь мэдээ баримтыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөлд өөрийн үндэсний хууль тогтоомжийнхоо дагуу яаралтай хүргүүлнэ:
(а) гэмт хэргийн нөхцөл байдал;
(b) энэ конвенцийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу гүйцэтгэсэн ажиллагаа;
(с) гэмт хэрэгтэн буюу сэжигтэн этгээдийн талаар авсан арга хэмжээ, ялангуяа шилжүүлэн өгөх ажиллагаа буюу эрх зүйн бусад ажиллагааны үр дүн буюу бусад хууль зүйн арга хэмжээ.
14 дүгээр зүйл
1. Энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хэлэлцэн тохирогч хоёр, түүнээс дээш улсын хооронд хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх боломжгүй аливаа маргааныг тэдгээрийн аль нэгийн хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Арбитрын тухай хүсэлт гаргаснаас хойш зургаан сарын хугацаанд талууд арбитрыг зохион байгуулах талаар тохиролцож чадаагүй бол талуудын аль нь ч хэргийг Олон улсын шүүхэд түүний дүрэмд заасны дагуу хүсэлт гарган шилжүүлж болно.
2. Энэхүү конвенцид гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах буюу нэгдэн орох үед өмнөх хэсэгт заасан үүргийг хүлээхгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж болно. Хэлэлцэн тохирогч бусад улс ийм тайлбар хийсэн хэлэлцэн тохирогч аливаа улсын өмнө өмнөх хэсэгт заасан үүргийг хүлээхгүй.
3. Энэ зүйлийн өмнөх хэсэгт зааснаар тайлбар хийсэн хэлэлцэн тохирогч аливаа улс эх хадгалагч засгийн газруудад мэдэгдэх замаар түүнийгээ хэдийд ч хүчингүй болгож болно.
15 дугаар зүйл
1. Энэхүү конвенц нь Монреаль хотноо 1971 оны 9 дүгээр сарын 8-23-нд хуралдсан Агаарын эрх зүйн олон улсын бага хуралд (цаашид “Монреалийн бага хурал” гэх) оролцогч улсын хувьд энэхүү конвенц 1971 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Монреаль хотноо гарын үсэг зурахад нээлттэй байна. 1971 оны 10 дугаар сарын 10-наас хойш конвенц нь бүх улсын хувьд Москва, Лондон, Вашингтон хотноо гарын үсэг зурахад нээлттэй байна. Энэ зүйлийн 3 дахь хэсгийн дагуу энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болохоос өмнө конвенцид гарын үсэг зураагүй аль ч улс хэзээ ч энэ конвенцид нэгдэн орж болно.
2. Энэхүү конвенцид гарын үсэг зурсан улс түүнийг соёрхон батална. Батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт хадгалуулах бөгөөд эдгээр улсыг эх хадгалагч засгийн газраар энэхүү конвенцоор томилсон болно.
3. Энэхүү конвенц нь Монреалийн бага хуралд оролцож конвенцид гарын үсэг зурсан арван улс батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
4. Бусад улсын хувьд энэхүү конвенц нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон өдөр, эсхүл тэдгээрээс батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийн аль сүүлд өгч хадгалуулсан өдрөөс хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
5. Эх хадгалагч засгийн газрууд гарын үсэг зурсан болон нэгдэн орсон бүх улсад гарын үсэг зурсан өдөр, батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан өдөр, энэхүү конвенцийн хүчин төгөлдөр болох өдөр болон бусад зүйлийн талаар даруй мэдэгдэнэ.
6. Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болмогц Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц (Чикаго, 1944 он)-ийн 83 дугаар зүйлд заасны дагуу эх хадгалагч засгийн газруудад бүртгүүлнэ.
16 дугаар зүйл
1. Хэлэлцэн тохирогч аливаа улс эх хадгалагч засгийн газруудад бичгээр мэдэгдэх замаар энэхүү конвенцоос гарч болно.
2. Конвенцоос гарах нь эх хадгалагч засгийн газрууд мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.
Дээр дурдсаныг нотолж зохих ёсоор засгийн газраасаа бүрэн эрх олгогдсон төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурав.
Нэг мянга есөн зуун далан нэгэн оны есдүгээр сарын хорин гуравны өдөр Монреаль хотноо орос, англи, испани, франц хэлээр гурван эх хувь үйлдсэн бөгөөд бүх эх хувь нь адил хүчинтэй байна.