Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
80. ТЕРРОРИЗМЫН ЗОРИЛГООР БӨМБӨГ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1998 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталж, 2001 оны 5 дугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болсон
Энэхүү конвенцийн оролцогч улсууд,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах болон улс хоорондын сайн хөршийн харилцаа, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилго, зарчмыг санаж,
терроризмын үйлдэл бүх хэлбэр, илрэлээрээ дэлхий дахинд өргөжиж байгаад сэтгэл гүнээ зовниж,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Тавин жилийн ойн тунхаглалыг эргэн санаж,
“Терроризмын бүх үйлдэл, арга, дадал, түүний дотор улс, ард түмэн хоорондын найрсаг харилцаанд занал учруулж, улсуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд заналхийлэх үйлдэл, арга, дадлыг хаана, хэн үйлдсэнээс нь үл хамааран гэмт хэрэг бөгөөд зөвтгөх боломжгүй гэж шууд буруутгаж буйгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд inter alia ёслол төгөлдөр дахин нотлосон” Ерөнхий Ассамблейн 1994 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 49/60 тоот тогтоолд хавсаргасан Олон улсын терроризмыг устгах арга хэмжээний тухай тунхаглалыг мөн эргэн санаж,
Олон улсын терроризмыг устгах арга хэмжээний тухай тунхаглалд терроризм, түүний бүх хэлбэр, илрэлээс урьдчилан сэргийлэх, шийтгэх, таслан зогсоох талаар үйлчилж буй олон улсын эрх зүйн хэм хэмжээг нэн даруй авч үзэх, эдгээр асуудлын бүх талыг хамарсан иж бүрэн эрх зүйн тогтолцоог боловсруулахад улсуудад дэмжлэг үзүүлсэн байдгийг тэмдэглэж,
Ерөнхий Ассамблейн 1996 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51/210 тоот тогтоол болон түүнд хавсаргасан Олон улсын терроризмыг устгах арга хэмжээний тухай тунхаглалын нэмэлт тунхаглалыг цаашид эргэн санаж,
тэсэрч дэлбэрэх бодис болон амь насанд аюултай бусад төхөөрөмж хэрэглэн террорист халдлага хийх нь улам өргөн тархаж байгааг мөн тэмдэглэж,
эдгээр халдлагыг үйлчилж буй олон улсын эрх зүйн заалт зохих түвшинд хамарч чадахгүй байгааг цаашид тэмдэглэж,
терроризмын ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх, түүнийг үйлдсэн этгээдийг мөрдөх, шийтгэх талаар үр дүнтэй, бодитой арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх талаар улс хоорондын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх нэн шаардлагатай гэдэгт итгэл төгс байж,
ийм үйлдэл гарах нь олон улсын хамтын нийгэмлэгийн ноцтой сэтгэл зовних асуудал болохыг харгалзан үзэж,
улсуудын цэргийн хүчний үйл ажиллагаа энэхүү конвенцийн хүрээнээс гадуур олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буйг, түүнчлэн тодорхой арга хэмжээг энэхүү конвенцийн хамрах хүрээнээс гаргаснаар хууль бус үйлдлийг ноцтой бус, эсхүл өөр байдлаар хууль ёсны болгохгүй бөгөөд бусад хуулийн дагуу мөрдөхөд саад болохгүйг тэмдэглэж,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:
1 дүгээр зүйл
Энэхүү конвенцийн зорилгод:
1. “Төрийн буюу засгийн газрын объект” гэж өөрсдийн албан үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан төрийг төлөөлсөн албан тушаалтнууд, засгийн газрын гишүүд, хууль тогтоох болон шүүхийн байгууллагын төлөөлөгчид, төрийн бусад байгууллагуудын албан хаагчид, мөн засгийн газар хоорондын байгууллагуудын албан хаагчид, албан тушаалтнуудаас байнгын болон түр үндсэн дээр ашиглаж буй аливаа объект буюу тээврийн хэрэгслийг хэлнэ.
2. “Дэд бүтцийн объект” гэж цэвэр ус, бохир ус, эрчим хүч, түлш, харилцаа холбоо зэрэг үйлчилгээг нийтийн хэрэгцээнд хангах буюу түгээх улсын буюу хувийн өмчийн объектыг хэлнэ.
3. “Тэсрэх бодис болон амь насанд аюултай бусад төхөөрөмж” гэж:
(а) хүний амь нас хөнөөх, бие махбодид хүнд гэмтэл, эсхүл эд материалын үлэмж хохирол учруулах зориулалт бүхий, тийм чадвартай тэсрэх бодис болон галт зэвсэг буюу төхөөрөмж; эсхүл
(b) химийн хорт бодис, биологийн идэвхт бодис буюу токсин, эсхүл тэдгээртэй төсөөтэй бодис, радиац, цацраг идэвхт материал ялгаруулах, түгээх, нөлөөлөх замаар хүний амь нас хөнөөх, бие махбодид хүнд гэмтэл, эсхүл эд материалын үлэмж хохирол учруулах зориулалт бүхий, тийм чадвартай зэвсэг буюу төхөөрөмжийг хэлнэ.
4. “Төрийн цэргийн хүчин” гэж аль нэг улсын үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах нэн тэргүүний зорилгоор дотоодын хуулийнх нь дагуу зохион байгуулагдаж, бэлтгэгдэж, тоноглогдсон зэвсэгт хүчин, түүнчлэн тэдгээрийн удирдлага, хяналт, хариуцлагын дор тэдгээр зэвсэгт хүчнийг дэмжих үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийг хэлнэ.
5. “Нийтийн хэрэглээний газар” гэж аливаа барилга, хэсэг газар, гудамж, усан зам буюу бусад газрын байнга, үе үе эсхүл зарим тохиолдолд олон нийтэд хүртээлтэй, эсхүл нээлттэй байдаг хэсгийг хэлэх бөгөөд үүнд худалдаа, бизнес, соёл, түүх, боловсрол, шашин, төрийн үйлчилгээ, цэнгээн, амралтын, эсхүл тэдгээртэй төсөөтэй олон нийтэд хүртээлтэй, эсхүл нээлттэй байдаг газрыг хамруулна.
6. “Нийтийн тээврийн тогтолцоо” гэж зорчигч болон ачаа тээвэрлэх нийтэд хүртээлтэй үйлчилгээнд хэрэглэдэг улсын буюу хувийн өмчийн бүх төрлийн объект, тээврийн хэрэгсэл, туслах хэрэгслийг хэлнэ.
2 дугаар зүйл
1. Хэрэв аливаа этгээд:
(а) хүний амь нас хөнөөх буюу бие махбодид хүнд гэмтэл учруулахыг зорин; эсхүл
(b) эдийн засгийн томоохон алдагдалд оруулах, эсхүл оруулж болзошгүй их хэмжээний сүйрлийг тухайн газар, объект, тогтолцоонд учруулахыг зорин
тэсрэх бодис буюу амь насанд аюултай бусад төхөөрөмжийг нийтийн хэрэглээний газар, төрийн буюу засгийн газрын объект, нийтийн тээврийн тогтолцоо, эсхүл дэд бүтцийн объект, тэдгээрийн эсрэг хууль бусаар, эсхүл санаатайгаар хүргүүлсэн, байрлуулсан, тэсэлсэн, дэлбэлсэн бол уг этгээдийг энэхүү конвенцийн үзэл санааны хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
2. Хэрэв аливаа этгээд 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхийг завдсан бол тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж мөн үзнэ.
3. Хэрэв аливаа этгээд дараахь үйлдлийг хийсэн бол түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцно:
(а) 1 буюу 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон;
(b) 1 буюу 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор бусдыг зохион байгуулсан буюу удирдсан;
(c) 1 буюу 2 дахь хэсэгт заасан нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг бүлэг этгээд ч нэг зорилготойгоор үйлдэхэд бусад аливаа өөр хэлбэрээр хувь нэмэр оруулсан, чингэхдээ уг хувь нэмрийг санаатайгаар бөгөөд ерөнхий гэмт үйл ажиллагаа буюу уг бүлгийн зорилгыг цааш нь дэмжих зорилгоор эсхүл тухайн бүлгийн уг гэмт хэрэг буюу гэмт хэргүүдийг үйлдэх чиг санааг мэдсэн атлаа оруулсан байх.
3 дугаар зүйл
Гэмт хэргийг зөвхөн нэг улсад үйлдсэн, сэжигтэн этгээд болон хохирогч нь тухайн улсын харьяат, сэжигтэн этгээдийг тухайн улсын нутаг дэвсгэрт олсон, түүнчлэн тухайн тохиолдолд энэхүү конвенцийн 10-аас 15 дугаар зүйлийн заалт зохих үед хэрэглэхээс бусад тохиолдолд энэхүү конвенцийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, эсхүл 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх өөр улс байхгүй бол энэхүү конвенцийг хэрэглэхгүй.
4 дүгээр зүйл
Оролцогч улс бүр дараахь чиглэлээр шаардлагатай байж болох арга хэмжээг авна:
(а) энэхүү конвенцийн 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг дотоодын хуульдаа эрүүгийн гэмт хэрэг гэж тогтоох;
(b) тэдгээр гэмт хэргийн ноцтой шинжийг харгалзан тохирох ял шийтгэлийг тогтоох.
5 дугаар зүйл
Энэхүү конвенцийн хамрах хүрээнд үйлдсэн гэмт үйлдэл нь, ялангуяа тэдгээр үйлдэл нь олон нийт, бүлэг этгээд, эсхүл тодорхой этгээдүүдийн дунд террорист байдал бий болгохыг зорьсон, эсхүл тийнхүү тооцоологдсон бол тэдгээр үйлдлийг улс төр, гүн ухаан, үзэл суртал, арьс үндэс, үндэс угсаа, шашин шүтлэг, эсхүл төсөөтэй бусад шалтгаанаар ямар ч нөхцөлд зөвтгөхгүй бөгөөд ноцтой шинжид нь тохирох ял шийтгэл ногдуулах явдлыг хангах талаар шаардлагатай байж болох арга хэмжээг оролцогч улс бүр авах бөгөөд түүний дотор зохих үед дотоодын хууль тогтоомжийг оролцуулан авна.
6 дугаар зүйл
1. Оролцогч улс бүр 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг дараахь байдлаар үйлдсэн бол хэргийн харьяаллаа тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээг авна:
(а) тухайн улсын нутаг дэвсгэрт үйлдсэн;
(b) гэмт хэргийг үйлдэх үед тухайн улсын төрийн далбааг мандуулсан хөлөг онгоцны тавцан дээр буюу тухайн улсын хуулийн дагуу бүртгэгдсэн агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн;
(c) тухайн улсын харьяат үйлдсэн.
2. Оролцогч улс аливаа ийм гэмт хэргийг дараахь байдлаар үйлдсэн бол хэргийн харьяаллаа мөн тогтоож болно:
(а) тухайн улсын харьяатын эсрэг үйлдсэн;
(b) тухайн улсын төрийн буюу засгийн газрын хилийн чанад дахь объект, түүний дотор тухайн улсын элчин сайдын яам эсхүл дипломат буюу консулын төлөөлөгчийн газрын байрны эсрэг үйлдсэн; эсхүл
(c) тухайн улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг харьяалалгүй этгээд үйлдсэн;
(d) уг гэмт хэрэг нь тухайн улсаас ямарваа нэгэн арга хэмжээ авахуулах, эсхүл авахаас татгалзахыг тулган шаардах оролдлогын дагуу үйлдсэн; эсхүл
(е) гэмт хэргийг тухайн улсын засгийн газрын эзэмшлийн агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн.
3. Оролцогч улс бүр энэхүү конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орохдоо энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хэргийн харьяаллаа тогтоосон тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. Ямар нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд оролцогч холбогдох улс нь энэ тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад нэн даруй мэдэгдэнэ.
4. Хэрэв 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэх сэжигтэн этгээд нь тухайн улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд түүнийг энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн харьяаллаа тогтоосон оролцогч бусад улсад шилжүүлээгүй бол оролцогч тухайн улс уг гэмт хэргийн хувьд өөрийн хэргийн харьяаллыг тогтоох шаардлагатай байж болох арга хэмжээ авна.
5. Энэхүү конвенц нь оролцогч улсын дотоодын хуульдаа нийцүүлэн тогтоосон эрүүгийн хэргийн аливаа харьяаллыг хэрэгжүүлэх явдлыг үгүйсгэхгүй.
7 дугаар зүйл
1. 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн буюу үйлдсэн гэж сэжиглэгдсэн этгээд нь тухайн улсын нутаг дэвсгэрт байж болох тухай мэдээллийг хүлээн авмагц оролцогч холбогдох улс тэрхүү мэдээлэлд дурдсан баримтыг мөрдөн байцаах талаар өөрийн дотоодын хуулийн дагуу зохих арга хэмжээ авна.
2. Хэрэв оролцогч улс нөхцөл байдал тийнхүү шаардаж байна гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдсэн гэж сэжиглэгдсэн этгээд нь түүний нутаг дэвсгэрт байгаа бол оролцогч тухайн улс уг этгээдийг шилжүүлэх, эсхүл яллагаанд байлцуулах явдлыг хангах зорилгоор өөрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авна.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авахуулж буй аливаа этгээд дараахь эрхийг эдэлнэ:
(а) тухайн этгээдийг харъяалах, эсхүл түүний эрхийг ямар нэг хэлбэрээр хамгаалах эрх бүхий улсын хамгийн ойр байх холбогдох төлөөлөгчтэй, хэрэв тухайн этгээд харьяалалгүй бол нутаг дэвсгэрт нь байнга оршин суугаа газар нь байрлах улсын төлөөлөгчтэй саадгүйгээр холбоо барих;
(b) тухайн улсын төлөөлөгчтэй уулзах;
(c) (а) болон (b) дэд хэсгийн дагуу эдлэх тухайн этгээдийн эрхийн талаар мэдээлэл авах.
4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг гэмт хэрэгтэн буюу сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа улсын хууль тогтоомжийн дагуу эдлүүлэх бөгөөд уг хууль тогтоомж нь энэ зүйлийн 3 дахь хэсгийн дагуу эрх олгож буй зорилгыг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн байвал зохино.
5. Энэ зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтууд нь 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (с) дэд хэсэг, эсхүл 2 дахь хэсгийн (c) дэд хэсгийн дагуу хэргийн харьяаллаа тогтоохыг хүссэн оролцогч аливаа улс Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийг сэжигтэн этгээдтэй холбоо барих, уулзалт хийхийг урих эрхийг хөндөхгүй.
6. Энэ зүйлийн дагуу аливаа этгээдийг цагдан хорьсон оролцогч улс нь 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн харьяаллаа тогтоосон оролцогч улс, түүнчлэн, хэрэв шаардлагатай гэж үзвэл тухайн этгээдийг цагдан хорьсон тухай болон түүнийг тийнхүү хорих болсон үндэслэл болон нөхцөл байдлын тухай сонирхсон бусад оролцогч улсад шууд буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан даруй мэдэгдэнэ. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалтыг явуулж буй улс нь дээрх улсуудад мөрдөн байцаалтын үр дүнгийн талаар даруй мэдээлж, хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх эсэх тухайгаа мэдэгдэнэ.
8 дугаар зүйл
1. Нутаг дэвсгэрт нь сэжигтэн этгээд байгаа оролцогч улс 6 дугаар зүйлийн заалтуудыг хэрэглэх тохиолдолд хэрэв тухайн этгээдийг шилжүүлэн өгөхгүй бол гэмт хэрэг нутаг дэвсгэрт нь үйлдэгдсэн эсэхээс үл хамаарч хэргийг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу байцаан шийтгэх ажиллагаа явуулж өөрийн эрх бүхий байгууллагад яллуулахаар шилжүүлэх үүргийг аливаа нөхцөлгүйгээр хүлээнэ. Эдгээр байгууллага шийдвэрээ тухайн улсын хууль тогтоомжийн дагуу ноцтой шинж бүхий ердийн гэмт хэргийг шийдвэрлэдгийн адилаар гаргана.
2. Хэрэв оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид шилжүүлж өгөх буюу хүлээлгэн өгөх өөрийн иргэнийг зөвхөн шүүх хурал буюу шүүх ажиллагааны дүнд оногдуулсан ялыг гагцхүү тухайн улсад эргүүлэн авчирч эдлүүлэх болзолтойгоор шилжүүлж өгөх буюу хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн бөгөөд тухайн улс болон уг этгээдийг шилжүүлж авахыг хүссэн улсын аль аль нь энэ хувилбар болон шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөлийн талаар тохиролцоонд хүрсэн бол ийнхүү нөхцөл болзолтойгоор шилжүүлэн өгөх буюу хүлээлгэн өгөх нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлэхэд хангалттай байх болно.
9 дүгээр зүйл
1. Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэрэг нь энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болохоос өмнө оролцогч улсуудын хооронд байгуулсан гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай аливаа гэрээний хувьд шилжүүлэн өгвөл зохих гэмт хэрэг гэж тусгагдсанд тооцно. Оролцогч улсууд ийм гэмт хэргийг гэмт хэрэгтнийг шилжүүлэх тухай өөр хоорондоо байгуулах гэрээ бүртээ шилжүүлбэл зохих гэмт хэрэгт багтаан тусгах үүрэг хүлээнэ.
2. Хэрэв гэмт хэрэгтнийг гэрээний үндсэн дээр шилжүүлэх нөхцөл тавьдаг оролцогч улс түүнтэй гэрээ байгуулаагүй оролцогч нөгөө улсаас гэмт хэрэгтэн шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авбал 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд энэхүү конвенцийг гэмт хэрэгтнийг шилжүүлэх эрх зүйн үндэслэл гэж өөрийн үзэмжээр тооцож болно. Шилжүүлэх ажиллагааг хүсэлт хүлээн авагч улсын хуульд заасан бусад нөхцөлийн дагуу гүйцэтгэнэ.
3. Гэмт хэрэгтнийг гэрээний үндсэн дээр шилжүүлэх нөхцөл тавьдаггүй оролцогч улсууд 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүсэлт хүлээн авагч улсын хуульд заасан нөхцлийн дагуу өөр хоорондоо шилжүүлбэл зохих гэмт хэрэг хэмээн хүлээн зөвшөөрнө.
4. Шаардлагатай бол 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газар төдийгүй 6 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн дагуу хэргийн харьяаллаа тогтоох ёстой улсын нутаг дэвсгэрт үйлдсэн гэж оролцогч улсуудын хооронд гэмт хэрэгтнийг шилжүүлэх зорилгын үүднээс үзнэ.
5. 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай оролцогч улсуудын хоорондын бүхий л гэрээ, тохиролцооны энэхүү конвенцтой харшилсан заалтуудыг конвенцийн заалтуудтай нийцэх байдлаар өөрчлөгдсөн гэж оролцогч улсуудын хооронд үзнэ.
10 дугаар зүйл
1. Оролцогч улсууд 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд мөрдөн байцаалт эсхүл эрүүгийн байцаан шийтгэх буюу шилжүүлэн өгөх ажиллагаатай холбогдсон туслалцааг бие биедээ дээд зэргээр үзүүлнэ, түүний дотор тэдгээр ажиллагаанд шаардлагатай өөрийн мэдэлд байгаа нотлох баримтыг олж авахад нь туслана.
2. Оролцогч улсууд 2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн мөрдөн байцаах, эрүүгийн байцаан шийтгэх болон шилжүүлэх ажиллагаатай холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаанд шаардлагатай өөрсдийн мэдэлд байгаа бүх нотлох баримтыг гаргаж өгөх зэргээр бие биедээ бүрэн хэмжээгээр туслалцаа үзүүлнэ.
11 дүгээр зүйл
Гэмт этгээдийг шилжүүлэх, эсхүл эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зорилгын хүрээнд 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн алийг ч улс төрийн гэмт хэрэг, эсхүл улс төрийн гэмт хэрэгтэй холбогдол бүхий гэмт хэрэг, эсхүл улс төрийн сэдэлтээр үйлдсэн гэмт хэрэг гэж авч үзэж үл болно. Үүнтэй холбогдуулан, оролцогч улсууд нь гэмт этгээдийг шилжүүлэх, эсхүл эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлтийг улс төрийн гэмт хэрэг, эсхүл улс төрийн гэмт хэрэгтэй холбогдол бүхий гэмт хэрэг, эсхүл улс төрийн сэдэлтээр үйлдсэн гэмт хэрэгтэй холбогдсон хүсэлт байна гэсэн ганц үндэслэл зааж хүлээн авахаас татгалзаж болохгүй.
12 дугаар зүйл
2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгтэй холбогдуулан гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай хүсэлт нь тухайн этгээдийн арьсны өнгө, шашин шүтлэг, иргэний харьяалал, үндэс угсаа, улс төрийн үзэл бодлын улмаас яллах, шийтгэх зорилгыг агуулсан гэж үзэх, эсхүл тийм хүсэлтийг биелүүлэхэд дээрх учир шалтгааны аль нэг нь тухайн этгээдийн байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэх бодитой үндэслэл байгаа үед хүсэлт хүлээн авсан улс нь тухайн этгээдийг шилжүүлэн өгөх, эсхүл эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэсэн утгаар энэхүү конвенцийн аль ч хэсгийг тайлбарлаж болохгүй.
13 дугаар зүйл
1. Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг мөрдөн байцаах, яллахтай холбогдуулан хэн болохыг нь тогтоох, мэдүүлэг авах буюу эд мөрийн баримт олж авахад бусад туслалцаа үзүүлэхийн тулд оролцогч нэг улсын нутаг дэвсгэрт цагдан хоригдож байгаа, эсхүл хорих ял эдэлж буй этгээдийг оролцогч нөгөө улсад авчрах шаардлагатай байгаа бол дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд түүнийг хүлээлгэн өгч болно:
(а) тухайн этгээд бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр өөрөө сайн дураараа зөвшөөрч байгаа бол;
(b) хоёр улсын эрх бүхий байгууллагууд зохистой гэж үзсэн тийм нөхцлүүдийн дагуу зөвшөөрсөн.
2. Энэ зүйлийн зорилгод:
(а) тухайн этгээдийг хүлээн авсан улс нь хүлээлгэн өгсөн улсын зүгээс өөрөөр хүсэлт гаргасан буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн этгээдийг цагдан хорьж байх эрх болон үүрэгтэй;
(b) тухайн этгээдийг хүлээн авсан улс нь урьдчилан тохиролцсон ёсоор буюу өөр ямарваа нэгэн аргаар хоёр улсын эрх бүхий байгууллагуудын хооронд тохиролцсоны дагуу тухайн этгээдийг хүлээлгэн өгсөн улсад хойшлуулалгүйгээр буцааж өгөх үүргээ биелүүлэх ёстой;
(с) тухайн этгээдийг хүлээн авсан улс нь хүлээлгэн өгсөн улсаас түүнийг буцааж авахын тулд шилжүүлэн өгөх ажиллагаа эхлүүлэхийг шаардаж болохгүй;
(d) хүлээлгэн өгсөн улсад цагдан хоригдсон хугацааг хүлээн авсан улсад хорих ялаа биеэр эдэлж буй этгээдийн эдэлсэн ялын нийт хугацаанд оролцуулан тооцно.
3. Энэ зүйлд заасны дагуу тухайн этгээдийг хүлээлгэн өгөх болсон улс энэ тухай зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн этгээдийн харъяаллаас үл хамааран, хүлээлгэн өгөх улсын нутаг дэвсгэрээс гарахаас өмнө түүний үйлдсэн хэрэг, түүнд оноосон ял шийтгэлтэй холбогдуулан хүлээн авах улсын нутаг дэвсгэрт түүнийг яллах, цагдан хорих, эсхүл бусад ямар нэг хэлбэрээр түүний хувийн эрх чөлөөг хязгаарлаж болохгүй.
14 дүгээр зүйл
Энэхүү конвенцийн дагуу цагдан хоригдсон буюу бусад аливаа арга хэмжээ, байцаан шийтгэх ажиллагааг өөрт нь холбогдуулж авсан этгээдтэй шударга харьцах баталгаагаар хангах бөгөөд чингэхдээ тэрбээр оршин байгаа улсынхаа хууль тогтоомж, олон улсын эрх зүйн холбогдох заалтууд, түүний дотор олон улсын хүний эрхийн тухай хуулийн хүрээнд олгох бүхий л эрх, баталгааг эдэлнэ.
15 дугаар зүйл
Оролцогч улсууд 2 дугаар зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллана. Тухайлбал:
(а) 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхийг өөгшүүлэн дэмжих, өдөөн хатгах, зохион байгуулах, мэдсэн атлаа санхүүжүүлэх буюу оролцож буй этгээд, бүлэг этгээд, байгууллагуудын хууль бус үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ хориглох арга хэмжээ авах зэргээр тэдгээр гэмт хэргийг нутаг дэвсгэр дотор нь буюу гадна үйлдэхэд бэлтгэхээс тус тусын нутаг дэвсгэрт урьдчилан сэргийлэх, сөрөг арга хэмжээ авах талаар бодитой арга хэмжээ, түүний дотор шаардлагатай бол дотоодын хууль тогтоомжоо нийцүүлэх арга хэмжээ авах замаар;
(b) үндэсний хуулийнхаа дагуу үнэн зөв, баталгаат мэдээлэл солилцох болон 2 дугаар зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зохимжтой захиргааны болон бусад арга хэмжээг уялдуулан зохицуулах;
(с) зохих тохиолдолд, хүний амь нас хөнөөх буюу бие махбодид гэмтэл учруулж болох тэсрэх бодис болон бусад аюултай бодисыг илрүүлэх аргыг судлаж, хөгжүүлэх, дэлбэрэлтийн дараахь мөрдөн байцаалтын явцад гарал үүслийг нь таньж тогтоохын тулд тэсрэх бодист тэмдэг тавих жишгийг боловсруулах талаар зөвлөлдөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцох, түүнчлэн технологи, тоног төхөөрөмж болон холбогдох материалын талаар хамтран ажиллах болон тэдгээрийг шилжүүлэх замаар.
16 дугаар зүйл
Сэжигтэн этгээдийг яллаж буй оролцогч улс нь дотоодын хууль тогтоомж болон холбогдох журмын дагуу хэргийг байцаан шийдвэрлэсэн үр дүнгийн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээлж, тэрбээр энэхүү мэдээллийг оролцогч бусад улсад хүргүүлнэ.
17 дугаар зүйл
Оролцогч улс нь улсуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал болон бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимд нийцүүлэн энэхүү конвенцийн дагуу хүлээх үүргээ биелүүлнэ.
18 дугаар зүйл
Улсын дотоодын хууль тогтоомжийн дагуу зөвхөн тухайн улсын эрх бүхий байгууллагад оногдуулсан хэргийн харьяалал, чиг үүргийг тухайн улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх эрхийг нөгөө улсад олгосон ямар ч заалт энэ конвенцид байхгүй.
19 дүгээр зүйл
1. Энэхүү конвенцийн аль ч заалт улс болон хувь хүмүүсийн олон улсын эрх зүйн дагуу хүлээх хариуцлага, үүрэг, эдлэх эрх, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, холбогдох бусад конвенцийн зорилгыг хөндөхгүй.
2. Зэвсэгт мөргөлдөөний үед зэвсэгт хүчний үйл ажиллагааг тэдгээрийг зохицуулдаг олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн дагуу тэдгээр нэр томъёог ойлгодог тэр байдлаар нь энэхүү конвенцоор зохицуулахгүй бөгөөд аль нэг улсын цэргийн хүчний албан үүргээ гүйцэтгэхдээ явуулж буй үйл ажиллагааг олон улсын эрх зүйн өөр хэм хэмжээгээр зохицуулдаг тул энэхүү конвенцоор зохицуулахгүй.
20 дугаар зүйл
1. Энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хоёр буюу түүнээс дээш оролцогч улсын хооронд гарсан бөгөөд хэлэлцээний замаар боломжит хугацаанд зохицуулж чадаагүй аливаа маргааныг тэдгээрийн аль нэгний хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Хэрэв арбитрт хүсэлт гаргасан өдрөөс хойш зургаан сарын дотор талууд арбитрыг зохион байгуулах талаар тохиролцож чадаагүй бол аль нэг талын хүсэлтээр маргааныг Олон улсын шүүхэд уг шүүхийн дүрмийн дагуу шилжүүлж болно.
2. Улс бүр энэхүү конвенцид гарын үсэг зурах буюу түүнийг соёрхон батлах, эсхүл түүнд нэгдэн орохдоо 1 дэх хэсгийн заалтыг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж болно. Ийм тайлбар хийсэн оролцогч улсын хувьд бусад оролцогч улс нь 1 дэх хэсгийн заалтыг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй.
3. 2 дахь хэсгийн дагуу тайлбар хийсэн аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар тайлбараа хэдийд ч эгүүлэн авч болно.
21 дүгээр зүйл
1. Энэхүү конвенц нь 1998 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд бүх улсын хувьд гарын үсэг зурахад нээлттэй байна.
2. Энэхүү конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх эсхүл батална. Батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн эсхүл батласан тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
3. Энэхүү конвенц аль ч улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
22 дугаар зүйл
1. Энэхүү конвенц нь хорин хоёр дахь батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
2. Хорин хоёр дахь батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсны дараа Конвенцийг соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, баталж, түүнд нэгдэн орж буй улс бүрийн хувьд Конвенц тухайн улс батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гуч дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.
23 дугаар зүйл
1. Аливаа оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэх замаар энэхүү конвенцийг цуцалж болно.
2. Цуцлах тухай мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.
24 дүгээр зүйл
Англи, араб, испани, орос, франц, хятад хэлээрх эх бичвэр нь адил хүчинтэй энэхүү конвенцийн жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга нь түүний баталгаатай хуулбарыг бүх улсад илгээнэ.
Дээр дурдсаныг нотолж засгийн газраасаа зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад 1998 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурахад нээлттэй болсон энэхүү конвенцид гарын үсэг зурав.