Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
81. ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1999 оны 12 дугаар сарын 9-ний өдөр баталж, 2002 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон
Энэ конвенцид оролцогч улсууд,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд заасан олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, улс хооронд сайн хөршийн болон найрсаг харилцаа, мөн хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчим, зорилгыг анхааралдаа авч,
дэлхий даяар террорист үйлдэл бүхий л хэлбэр, илрэлээр цар хүрээгээ эрс тэлж байгаад сэтгэл гүнээ зовниж,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1995 оны 10 дугаар сарын 24-нд 50/6 тоот тогтоолоор батласан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тавин жилийн ойн тунхаглалыг эргэн санаж,
“Терроризмын бүх үйлдэл, арга, дадал, түүний дотор улс, ард түмэн хоорондын найрсаг харилцаанд занал учруулж, улсуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд заналхийлэх үйлдэл, арга, дадлыг хаана, хэн үйлдсэнээс нь үл хамааран гэмт бөгөөд зөвтгөх боломжгүй гэж шууд буруутгаж буйгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд inter alia ёслол төгөлдөр дахин нотлосон” Ерөнхий Ассамблейн 1994 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 49/60 тоот тогтоолд хавсаргасан Олон улсын mерроризмыг устгах арга хэмжээний тухай тунхаглалыг мөн эргэн санаж,
Олон улсын терроризмыг устгах арга хэмжээний тухай тунхаглалд терроризм, түүний бүх хэлбэр, илрэлээс урьдчилан сэргийлэх, шийтгэх, таслан зогсоох талаар үйлчилж буй олон улсын эрх зүйн хэм хэмжээг нэн даруй авч үзэх, эдгээр асуудлын бүх талыг хамарсан иж бүрэн эрх зүйн тогтолцоог боловсруулахад улсуудад дэмжлэг үзүүлсэн байдгийг тэмдэглэж,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1996 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51/210 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн (f) хэсэгт террорист этгээдүүд болон террорист байгууллагуудыг санхүүжүүлэх явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дотоодын зохих арга хэмжээ авах, чингэхдээ ийм санхүүжилт нь шууд хийгдсэн, эсхүл буяны, нийгмийн болон соёлын зорилготой буюу тийм зорилготой гэгдэх буюу хууль бус зэвсгийн наймаа, хар тамхины худалдаа, дарамтлах, түүний дотор террорист ажиллагаа санхүүжүүлэх зорилгоор хүмүүсийг мөлжих зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагаар дамжин шууд бусаар хийгдэж буйг үл хамааран, мөнгөн хуримтлалыг хууль ёсоор шилжүүлэх эрх чөлөөнд ямар нэг байдлаар саад хийхгүйгээр, террорист зориулалттай гэж сэжиглэхүйц мөнгөн хуримтлал шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсэргүүцэн тэмцэх талаар зохицуулалтын арга хэмжээг шаардлагатай үед батлан гаргах асуудлыг судалж үзэх, олон улсын хэмжээнд шилжүүлж буй тийм санхүүжүүлэлт, мэдээллийн солилцоог эрчимжүүлэхийг Ерөнхий Ассамблей дэлхийн бүх улсад хандаж уриалсныг эргэн санаж,
түүнчлэн Ерөнхий Ассамблейн 1996 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51/210 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн (а) - (f) хэсэгт дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг авч үзэхийг гишүүн улсуудад уриалсан 1997 оны 12 дугаар сарын 15-ны 52/165 тоот тогтоолыг эргэн санаж,
үйлчилж буй олон улсын холбогдох баримт бичгүүдэд нэмж терроризмыг санхүүжүүлэхийг хориглох тухай олон улсын конвенцийн төслийг боловсруулах үүргийг Ерөнхий Ассамблейн 1996 оны 12 дугаар сарын 17-ны 51/210 тоот тогтоолоор байгуулсан Түр хороонд өгөхөөр шийдвэрлэсэн Ерөнхий Ассамблейн 1998 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 53/108 тоот тогтоолыг цаашид эргэн санаж,
терроризмыг санхүүжүүлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийг бүхэлд нь хамарсан сэтгэл гүнээ зовоож буй асуудал хэмээн үзэж,
олон улсын террорист ажиллагааны тоо хэмжээ, тийм үйлдлийн ноцтой байдал нь террорист этгээдүүдийн олж болох санхүүжилтээс хамааралтай болохыг тэмдэглэн,
үйлчилж буй олон талт эрх зүйн баримт бичгүүдэд уг санхүүжилтийн асуудлыг шууд зохицуулаагүй болохыг мөн тэмдэглэж,
олон улсын терроризмыг санхүүжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн түүнийг үйлдэгчдийг байцаах, шийтгэх замаар уг явдлыг хориглох үр дүнтэй арга хэмжээг боловсруулж батлан гаргах үйлсэд улсуудын хамтын ажиллагааг нэн даруй бэхжүүлэх туйлын шаардлагатай хэмээн итгэж,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:
1 дүгээр зүйл
Энэхүү конвенцийн зорилгод:
1.”Мөнгөн хуримтлал” гэж хэрхэн олж авснаас үл шалтгаалан биет болон биет бус, хөдлөх болон үл хөдлөх аливаа эд хөрөнгө, мөн банкны зээл, замын чек, банкны чек, мөнгөний шилжүүлэг, хувьцаа, үнэт цаас, бонд, вексель, аккредитив болон бусад баримт бичгийг оролцуулан эдгээрээр үл хязгаарлагдах хөрөнгийг өмчлөх буюу түүнийг олж авах эрхийг цахим буюу тоон хэлбэрээр илэрхийлсэн эрх зүйн буюу өөр бусад хэлбэрээр үйлдсэн баримт бичгийг хэлнэ.
2. ”Төрийн буюу засгийн газрын объект” гэж өөрсдийн албан үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан төрийг төлөөлсөн албан тушаалтнууд, засгийн газрын гишүүд, хууль тогтоох болон шүүхийн байгууллагын төлөөлөгчид, төрийн бусад байгууллагуудын албан хаагчид, мөн засгийн газар хоорондын байгууллагуудын албан хаагчид, албан тушаалтнуудаас байнгын болон түр үндсэн дээр ашиглаж буй аливаа объект буюу тээврийн хэрэгслийг хэлнэ.
3. ”Орлого” гэдэгт 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх замаар шууд болон шууд бусаар олсон аливаа мөнгөн хуримтлалыг хэлнэ.
2 дугаар зүйл
1. Аливаа этгээд дараахь хэргийг үйлдэхэд бүрэн буюу хэсэгчлэн ашиглуулах зорилготойгоор, эсхүл тийнхүү ашиглагдахыг мэдсээр байж, мөнгөн хуримтлалыг аливаа байдлаар, шууд буюу шууд бус, хууль бусаар болон санаатайгаар олгосон буюу хуримтлуулсныг энэхүү конвенцийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ:
(а) Хавсралтад дурдсан гэрээний аль нэгний үйлчлэлд хамаарах бөгөөд түүний дагуу гэмт хэрэг хэмээн тодорхойлогдсон үйлдлийг хийсэн бол;
(b) Өөрийн шинж чанар, агуулгын хувьд аль нэг засгийн газар, олон улсын байгууллагаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахыг тулган шаардах болон олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн, эсхүл зэвсэгт мөргөлдөөний үед байлдааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй энгийн иргэд болон аливаа бусад хүний амь насыг нь хөнөөх буюу бие махбодид нь ноцтой гэмтэл учруулах зорилготой аливаа бусад үйлдэл.
2. (а) Энэхүү конвенцийн хавсралтад дурдсан аль нэг гэрээнд оролцогч биш улс нь энэхүү конвенцийг соёрхон батласан батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл нэгдэн орсон баримт бичгийг хадгалуулахаар өгсний дараа оролцогч тухайн улсын хувьд энэхүү конвенцийг хэрэглэхэд уг гэрээ 1 дэх хэсгийн (a) дэд хэсэгт дурдсан хавсралтад ороогүй хэмээн мэдэгдэж болно. Энэхүү мэдэгдэл нь оролцогч тухайн улс уг гэрээнд нэгдэн орсноор хүчингүй болох бөгөөд тухайн улс конвенцийн эх хадгалагчид энэ тухай мэдэгдэнэ;
(b) Оролцогч улс хавсралтад дурдсан аль нэг гэрээнээс гарах тохиолдолд тэрээр тухайн гэрээний хувьд энэ зүйлд заасны дагуу мэдэгдэл хийж болно.
3. Аливаа үйлдлийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэмээн тодорхойлоход 1 дэх хэсгийн (а), (b) дэд хэсэгт дурдсан гэмт хэргийг үйлдэхэд мөнгөн хуримтлалыг бодитойгоор ашигласан байхыг шаардахгүй.
4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан аливаа этгээдийг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
5. Хэрэв аливаа этгээд дараахь үйлдэл хийсэн бол гэмт хэрэг мөн үйлдсэн гэж үзнэ:
(а) энэ зүйлийн 1, эсхүл 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон бол;
(b) энэ зүйлийн 1, эсхүл 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр зохион байгуулсан буюу удирдсан;
(c) нэгдмэл зорилготой бүлэг хүмүүс энэ зүйлийн 1 буюу 4 дэх хэсэгт заасан нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн. Уг дэмжлэгийг санаатайгаар үзүүлсэн байх болон түүнийг:
i) энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх зорилго агуулсан буюу үйл ажиллагааг явуулах бүлгийн гэмт зорилго болон үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд үйлдсэн;
ii) энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх бүлгийн зорилгыг мэдсээр байж үйлдсэн.
3 дугаар зүйл
Гэмт хэрэг тодорхой нэг улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж, сэжигтэн этгээд тухайн улсын иргэн болон тухайн улсын нутаг дэвсгэрт байгаа бол энэхүү конвенцийг хэрэглэхгүй бөгөөд ийм нөхцөлд өөр аливаа улс шаардлагатай гэж үзвэл 12-18 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн дагуу хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх үндэсгүй.
4 дүгээр зүйл
Оролцогч улс бүр шаардлагатай байж болох дараахь арга хэмжээг авна:
(а) 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг дотоодын хууль тогтоомжийн дагуу гэмт хэрэг гэж тооцох;
(b) тухайн гэмт хэргийн ноцтой шинжийг харгалзсан зохих ялаар шийтгэхээр тогтоох.
5 дугаар зүйл
1. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр байрладаг буюу түүний хууль тогтоомжийн дагуу байгуулсан хуулийн этгээдийг удирдаж байгаа буюу хяналтдаа байлгадаг этгээд албан ажиллагааныхаа хүрээнд нь 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн бол тухайн хуулийн этгээдэд хуулийн хариуцлага ногдуулах талаар шаардлагатай арга хэмжээг оролцогч улс бүр авна. Тэр нь эрүүгийн, иргэний, эсхүл захиргааны хариуцлага байж болно.
2. Уг хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хувь этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс ангид байна.
3. Оролцогч улс бүр ялангуяа 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл хүлээлгэсэн хуулийн зохих этгээдэд үр нөлөөтэй, гэм бурууд нь тохирсон, цээрлүүлэх зорилгоо хангахуйц, иргэний болон захиргааны хариуцлагыг тогтооно. Ийм хариуцлага нь мөнгөн хэлбэртэй байж болно.
6 дугаар зүйл
Оролцогч улс бүр нь энэхүү конвенцийн хүрээнд хамаарах гэмт үйлдлийг ямар ч нөхцөлд улс төр, философ, үзэл суртал, арьсны өнгө, үндэс угсаа, шашин болон бусад адил шинж чанартай шалтгаанаар зөвтгөхгүй байх арга хэмжээг шаардлагатай бол авах бөгөөд зохистой гэж үзвэл дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулна.
7 дугаар зүйл
1. Оролцогч улс бүр 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд дараахь тохиолдолд өөрийн хэргийн харьяаллыг тогтоох талаар шаардлагатай арга хэмжээ авна:
(а) гэмт хэргийг тухайн улсын нутаг дэвсгэрт үйлдсэн бол;
(b) гэмт хэргийг үйлдэх үед тухайн улсын төрийн далбааг мандуулсан хөлөг онгоцонд, эсхүл тухайн улсын хуулийн дагуу бүртгэгдсэн агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн бол;
(c) гэмт хэргийг тухайн улсын иргэн үйлдсэн бол.
2. Оролцогч улс мөн дараахь тохиолдолд тэдгээр гэмт хэргийн тухайд хэргийн харьяаллаа тогтоож болно:
(а) уг гэмт хэрэг нь 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (а) буюу (b) дэд хэсэгт дурдсан гэмт хэргийг тухайн улсын нутаг дэвсгэрт буюу түүний харьяат иргэдийн эсрэг үйлдэхэд чиглэсэн буюу эдгээр гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн бол;
(b) уг гэмт хэрэг нь 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a) буюу (b) дэд хэсэгт дурдсан гэмт хэргийг тухайн улсын хилийн чанад дахь төрийн буюу засгийн газрын объект, түүний дотор тухайн улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын байрны эсрэг үйлдэхэд чиглэсэн буюу эдгээр гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн бол;
(c) уг гэмт хэрэг нь тухайн улсаас ямарваа нэгэн арга хэмжээ авахуулах, эсхүл авахаас татгалзахыг тулган шаардахыг оролдсон 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a) буюу (b) дэд хэсэгт дурдсан гэмт хэргийг үйлдэхэд чиглэсэн буюу эдгээр гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн бол;
(d) уг гэмт хэргийг тухайн улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг харъяалалгүй этгээд үйлдсэн бол;
(e) гэмт хэргийг тухайн улсын засгийн газрын эзэмшдэг агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн бол.
3. Оролцогч улс бүр энэхүү конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орохдоо энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хэргийн харьяаллаа тогтоосон тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. Ямар нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд оролцогч холбогдох улс нь энэ тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад нэн даруй мэдэгдэнэ.
4. Хэрэв 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэх сэжигтэн этгээд нь тухайн улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд түүнийг энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн харьяаллаа тогтоосон оролцогч бусад улсад шилжүүлээгүй бол оролцогч тухайн улс уг гэмт хэргийн хувьд өөрийн хэргийн харьяаллыг тогтоох шаардлагатай байж болох арга хэмжээ авна.
5. Нэгээс илүү оролцогч улс 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн хувьд өөрийн хэргийн харьяаллыг тогтоосон бол тийм улсууд нь гэмт хэргийг яллах нөхцөл байдал, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх талаар зохих хэлбэрээр үйл ажиллагаагаа зохицуулахыг эрмэлзэнэ.
6. Энэхүү конвенц нь олон улсын түгээмэл эрх зүйн хэм хэмжээг хөндөхгүйгээр оролцогч улсын дотоодын хууль тогтоомжийн дагуу тогтоосон аливаа эрүүгийн хэргийн харьяаллаа хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй.
8 дугаар зүйл
1. Оролцогч улс бүр 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд ашиглаж буй буюу ашиглахад зориулсан мөнгөн хуримтлал, мөн уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг хурааж болзошгүй нөхцлийг хангах зорилгоор өөрийн дотоодын хууль тогтоомжийн зарчмын дагуу олж тогтоох, илрүүлэх, битүүмжлэх, эсхүл хураан авах талаар шаардлагатай арга хэмжээ авна.
2. Оролцогч улс бүр өөрийн дотоодын хууль тогтоомжийн зарчмын дагуу 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийг үйлдэхэд ашиглаж буй буюу ашиглахад зориулсан мөнгөн хуримтлал, мөн тийм гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг хураах талаар шаардлагатай арга хэмжээ авна.
3. Оролцогч холбогдох улс бүр нь энэ зүйлийн дагуу хураасан мөнгөн хуримтлалыг оролцогч бусад улстай байнгын үндсэн дээр буюу тухайн тохиолдол бүрийг шийдвэрлэх үндсэн дээр хуваах тухай хэлэлцээр байгуулах асуудлыг авч үзэж болно.
4. Оролцогч улс бүр энэ зүйлийн дагуу хураагдсан мөнгөн хуримтлалаас 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a), (b) дэд хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид буюу тэдний гэр бүлийнхэнд нөхөн олговор олгоход зарцуулах механизмыг тогтоох асуудлыг авч үзнэ.
5. Энэ зүйлийн заалтуудыг шударга гуравдагч этгээдийн эрхэд хохирол учруулахгүйгээр хэрэгжүүлнэ.
9 дүгээр зүйл
1. 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн буюу үйлдсэн гэж сэжиглэгдсэн этгээд нь тухайн улсын нутаг дэвсгэрт байж болох тухай мэдээллийг хүлээн авмагц оролцогч холбогдох улс тэрхүү мэдээлэлд дурдсан баримтыг мөрдөн байцаах талаар өөрийн дотоодын хуулийн дагуу зохих арга хэмжээ авна.
2. Хэрэв оролцогч улс нөхцөл байдал тийнхүү шаардаж байна гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдсэн гэж сэжиглэгдсэн этгээд нь түүний нутаг дэвсгэрт байгаа бол оролцогч тухайн улс уг этгээдийг шилжүүлэх, эсхүл яллагаанд байлцуулах явдлыг хангах зорилгоор өөрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авна.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авахуулж буй аливаа этгээд дараахь эрхийг эдэлнэ:
(а) тухайн этгээдийг харъяалах, эсхүл түүний эрхийг ямар нэг хэлбэрээр хамгаалах эрх бүхий улсын хамгийн ойр байх холбогдох төлөөлөгчтэй, хэрэв тухайн этгээд харьяалалгүй бол нутаг дэвсгэрт нь байнга оршин суугаа газар нь байрлах улсын төлөөлөгчтэй саадгүйгээр холбоо барих;
(b) тухайн улсын төлөөлөгчтэй уулзах;
(c) (a) болон (b) дэд хэсэгт заасан өөрийн эрхийн талаар мэдээлэл авах.
4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг гэмт хэрэгтэн буюу сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа улсын хууль тогтоомжийн дагуу эдлүүлэх бөгөөд уг хууль тогтоомж нь энэ зүйлийн 3 дахь хэсгийн дагуу эрх олгож буй зорилгыг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн байвал зохино.
5. Энэ зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтууд нь 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (b) дэд хэсгийн дагуу хэргийн харьяаллаа тогтоохыг хүссэн оролцогч аливаа улс Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийг сэжигтэн этгээдтэй холбоо барих, уулзалт хийхийг урих эрхийг хөндөхгүй.
6. Энэ зүйлийн дагуу аливаа этгээдийг цагдан хорьсон оролцогч улс нь 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн харьяаллаа тогтоосон оролцогч улс, түүнчлэн, хэрэв шаардлагатай гэж үзвэл тухайн этгээдийг цагдан хорьсон тухай болон түүнийг тийнхүү хорих болсон үндэслэл болон нөхцөл байдлын тухай сонирхсон бусад оролцогч улсад шууд буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан нэн даруй мэдэгдэнэ. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалтыг явуулж буй улс нь дээрх улсуудад мөрдөн байцаалтын үр дүнгийн талаар даруй мэдээлж, хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх эсэх тухайгаа мэдэгдэнэ.
10 дугаар зүйл
1. Нутаг дэвсгэрт нь сэжигтэн этгээд байгаа оролцогч улс 7 дугаар зүйлийн заалтуудыг хэрэглэх тохиолдолд хэрэв тухайн этгээдийг шилжүүлэн өгөхгүй бол гэмт хэрэг нутаг дэвсгэрт нь үйлдэгдсэн эсэхээс үл хамаарч хэргийг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу байцаан шийтгэх ажиллагаа явуулж өөрийн эрх бүхий байгууллагад яллуулахаар шилжүүлэх үүргийг аливаа нөхцөлгүйгээр хүлээнэ. Эдгээр байгууллага шийдвэрээ тухайн улсын хууль тогтоомжийн дагуу ноцтой шинж бүхий ердийн гэмт хэргийг шийдвэрлэдгийн адилаар гаргана.
2. Хэрэв оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид шилжүүлж өгөх буюу хүлээлгэн өгөх өөрийн иргэнийг зөвхөн шүүх хурал буюу шүүх ажиллагааны дүнд ногдуулсан ялыг гагцхүү тухайн улсад эргүүлэн авчирч эдлүүлэх болзолтойгоор шилжүүлж өгөх буюу хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн бөгөөд тухайн улс болон уг этгээдийг шилжүүлж авахыг хүссэн улсын аль аль нь энэ хувилбар болон шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөлийн талаар тохиролцоонд хүрсэн бол ийнхүү нөхцөл болзолтойгоор шилжүүлэн өгөх буюу хүлээлгэн өгөх нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлэхэд хангалттай байх болно.
11 дүгээр зүйл
1. Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлд дурдсан гэмт хэрэг нь энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болохоос өмнө оролцогч улсуудын хооронд байгуулсан гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай аливаа гэрээний хувьд шилжүүлэн өгвөл зохих гэмт хэрэг гэж тусгагдсанд тооцно. Оролцогч улсууд ийм гэмт хэргийг гэмт хэрэгтнийг шилжүүлэх тухай өөр хоорондоо байгуулах гэрээ бүртээ шилжүүлбэл зохих гэмт хэрэгт багтаан тусгах үүрэг хүлээнэ.
2. Хэрэв гэмт хэрэгтнийг гэрээний үндсэн дээр шилжүүлэх нөхцөл тавьдаг оролцогч улс түүнтэй гэрээ байгуулаагүй оролцогч нөгөө улсаас гэмт хэрэгтэн шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авбал 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд энэхүү конвенцийг гэмт хэрэгтнийг шилжүүлэх эрх зүйн үндэслэл гэж өөрийн үзэмжээр тооцож болно. Шилжүүлэх ажиллагааг хүсэлт хүлээн авагч улсын хуульд заасан бусад нөхцөлийн дагуу гүйцэтгэнэ.
3. Гэмт хэрэгтнийг гэрээний үндсэн дээр шилжүүлэх нөхцөл тавьдаггүй оролцогч улсууд 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүсэлт хүлээн авагч улсын хуульд заасан нөхцлийн дагуу өөр хоорондоо шилжүүлбэл зохих гэмт хэрэг хэмээн хүлээн зөвшөөрнө.
4. Шаардлагатай бол 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газар төдийгүй 7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн дагуу хэргийн харьяаллаа тогтоох ёстой улсын нутаг дэвсгэрт үйлдсэн гэж оролцогч улсуудын хооронд гэмт хэрэгтнийг шилжүүлэх зорилгын үүднээс үзнэ.
5. 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай оролцогч улсуудын хоорондын бүхий л гэрээ, тохиролцооны энэхүү конвенцтой харшилсан заалтуудыг конвенцийн заалтуудтай нийцэх байдлаар өөрчлөгдсөн гэж оролцогч улсуудын хооронд үзнэ.
12 дугаар зүйл
1. Оролцогч улсууд 2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн мөрдөн байцаах, эрүүгийн байцаан шийтгэх болон шилжүүлэх ажиллагаатай холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаанд шаардлагатай өөрсдийн мэдэлд байгаа бүх нотлох баримтыг гаргаж өгөх зэргээр бие биедээ бүрэн хэмжээгээр туслалцаа үзүүлнэ.
2. Оролцогч улсууд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг банкны нууцлалын шалтгаанаар хүлээж авахаас татгалзаж болохгүй.
3. Хүсэлт гаргасан улс нь хүсэлт хүлээн авсан улсаас авсан мэдээлэл, нотлох баримтыг хүсэлтэд дурдсан мөрдөн байцаах, яллагаа болон байцаан шийтгэх ажиллагаанаас бусад өөр ажиллагаанд хүсэлт хүлээн авсан улсаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ашиглаж үл болно.
4. Оролцогч улс бүр нь 5 дугаар зүйлд дурдсан эрүүгийн, иргэний болон захиргааны хариуцлагыг тогтооход шаардлагатай мэдээлэл, нотлох баримтыг солилцох, механизм бий болгох асуудлыг авч үзэж болно.
5. Оролцогч улсууд нь 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ өөр хоорондоо байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх болон мэдээлэл солилцох тухай гэрээ, бусад тохиролцооны дагуу биелүүлнэ. Тийм гэрээ буюу тохиролцоо байхгүй бол оролцогч улсууд нь дотоодынхоо хууль тогтоомжийн дагуу өөр хоорондоо туслалцаа үзүүлнэ.
13 дугаар зүйл
Гэмт этгээдийг шилжүүлэх, эсхүл эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зорилгын хүрээнд энэхүү конвенцийн 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн алийг ч татвартай холбогдсон гэмт хэрэг хэмээн авч үзэхгүй. Үүнтэй холбогдуулан, оролцогч улсууд нь гэмт этгээдийг шилжүүлэх, эсхүл эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлтийг татвартай холбогдсон гэмт хэргийн талаар хүсэлт байна гэсэн ганц үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж болохгүй.
14 дүгээр зүйл
Гэмт этгээдийг шилжүүлэх, эсхүл эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зорилгын хүрээнд энэхүү конвенцийн 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн алийг ч улс төрийн гэмт хэрэг, эсхүл улс төрийн гэмт хэрэгтэй холбогдол бүхий гэмт хэрэг, эсхүл улс төрийн сэдэлтээр үйлдсэн гэмт хэрэг гэж авч үзэж үл болно. Үүнтэй холбогдуулан, оролцогч улсууд нь гэмт этгээдийг шилжүүлэх, эсхүл эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлтийг улс төрийн гэмт хэрэг, эсхүл улс төрийн гэмт хэрэгтэй холбогдол бүхий гэмт хэрэг, эсхүл улс төрийн сэдэлтээр үйлдсэн гэмт хэрэгтэй холбогдсон хүсэлт байна гэсэн ганц үндэслэл зааж хүлээн авахаас татгалзаж болохгүй.
15 дугаар зүйл
Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгтэй холбогдуулан гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай хүсэлт нь тухайн этгээдийн арьсны өнгө, шашин шүтлэг, иргэний харьяалал, үндэс угсаа, улс төрийн үзэл бодлын улмаас яллах, шийтгэх зорилгыг агуулсан гэж үзэх, эсхүл тийм хүсэлтийг биелүүлэхэд дээрх учир шалтгааны аль нэг нь тухайн этгээдийн байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэх бодитой үндэслэл байгаа үед хүсэлт хүлээн авсан улс нь тухайн этгээдийг шилжүүлэн өгөх, эсхүл эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэсэн утгаар энэхүү конвенцийн аль ч хэсгийг тайлбарлаж болохгүй.
16 дугаар зүйл
1. Энэхүү конвенцийн 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг мөрдөн байцаах, яллахтай холбогдуулан хэн болохыг тогтоох, мэдүүлэг авах буюу эд мөрийн баримт олж авахад бусад туслалцаа үзүүлэхийн тулд оролцогч нэг улсын нутаг дэвсгэрт цагдан хоригдож байгаа, эсхүл хорих ял эдэлж буй этгээдийг оролцогч нөгөө улсад авчрах шаардлагатай байгаа бол дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд түүнийг хүлээлгэн өгч болно:
(а) тухайн этгээд бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр өөрөө сайн дураараа зөвшөөрч байгаа бол;
(b) хоёр улсын эрх бүхий байгууллага эдгээр улсын хувьд харилцан хүлээж авахуйц нөхцөлийн талаар тохиролцсон бол.
2. Энэ зүйлийн зорилгод:
(а) тухайн этгээдийг хүлээн авсан улс нь хүлээлгэн өгсөн улсын зүгээс өөрөөр хүсэлт гаргасан буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн этгээдийг цагдан хорьж байх эрх болон үүрэгтэй.
(b) тухайн этгээдийг хүлээн авсан улс нь урьдчилан тохиролцсон ёсоор буюу өөр ямарваа нэгэн аргаар хоёр улсын эрх бүхий байгууллагуудын хооронд тохиролцсоны дагуу тухайн этгээдийг хүлээлгэн өгсөн улсад хойшлуулалгүйгээр буцааж өгөх үүргээ биелүүлэх ёстой.
(c) тухайн этгээдийг хүлээн авсан улс нь хүлээлгэн өгсөн улсаас түүнийг буцааж авахын тулд шилжүүлэн өгөх ажиллагаа эхлүүлэхийг шаардаж болохгүй.
(d) хүлээлгэн өгсөн улсад цагдан хоригдсон хугацааг хүлээн авсан улсад хорих ялаа биеэр эдэлж буй этгээдийн эдэлсэн ялын нийт хугацаанд оролцуулан тооцно.
3. Энэ зүйлд заасны дагуу тухайн этгээдийг хүлээлгэн өгөх болсон улс энэ тухай зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн этгээдийн харъяаллаас үл хамааран, хүлээлгэн өгөх улсын нутаг дэвсгэрээс гарахаас өмнө түүний үйлдсэн хэрэг, түүнд оноосон ял шийтгэлтэй холбогдуулан хүлээн авах улсын нутаг дэвсгэрт түүнийг яллах, цагдан хорих, эсхүл бусад ямар нэг хэлбэрээр түүний хувийн эрх чөлөөг хязгаарлаж болохгүй.
17 дугаар зүйл
Энэхүү конвенцийн дагуу цагдан хоригдсон буюу бусад аливаа арга хэмжээ, байцаан шийтгэх ажиллагааг өөрт нь холбогдуулж авсан этгээдтэй шударга харьцах баталгаагаар хангах бөгөөд чингэхдээ тэрбээр оршин байгаа улсынхаа хууль тогтоомж, олон улсын эрх зүйн холбогдох заалтууд, түүний дотор олон улсын хүний эрхийн тухай хуулийн хүрээнд олгох бүхий л эрх, баталгааг эдэлнэ.
18 дугаар зүйл
1. Оролцогч улсууд нь 2 дугаар зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээг авах замаар хамтран ажиллах бөгөөд түүний дотор өөрийн нутаг дэвсгэрт болон нутаг дэвсгэрээс гадна тухайн гэмт хэргийг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, түүний эсрэг тэмцэхийн тулд шаардлагатай бол дотоодынхоо хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бөгөөд:
(а) 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг санаатайгаар дэмжиж, өдөөн хатгаж, зохион байгуулж, үйлдэхэд нь оролцож буй хувь этгээд буюу байгууллагын хууль бус үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ хориглох;
(b) санхүүгийн байгууллагууд, санхүүгийн үйл ажиллагаанд оролцогч бусад байгууллагыг өөрсдийн тухайн болон тохиолдлын үйлчлүүлэгчид, нэр дээрээ данс нээлгэсэн буюу бусдын нэр дээр данс нээлгэж буй харилцагчдын нэр хаягийг тодорхойлоход хамгийн үр ашигтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, онцлог буюу сэжигтэй аливаа гүйлгээнд онцгой анхаарал тавьж, гэмт үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гүйлгээний тухай мэдэгдэж байхыг шаардсан арга хэмжээ авах. Энэ зорилгоор оролцогч улсууд нь дараахь арга хэмжээг авах боломжийг судална:
i) эзэн буюу ашиг хүртэгч нь тодорхойгүй буюу тогтоох боломжгүй данс нээхийг хориглосон журмыг батлан гаргах, түүнчлэн эдгээр байгууллага нь тухайн гүйлгээний жинхэнэ эздийг тогтоох талаар арга хэмжээ авах;
ii) хуулийн этгээдийн нэр хаягийг тодруулахын хувьд санхүүгийн байгууллагуудаас шаардлагатай бол харилцагчдынхаа эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалтыг тогтоох үүднээс тухайн харилцагчийг хуулийн этгээдийн хувьд тодорхойлох нотолгоо, түүний дотор харилцагчийн нэр, эрх зүйн байдал, хаяг, удирдлага болон тухайн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үүрэг хүлээх эрх мэдлийг зохицуулсан дүрмийн талаархи нотолгоог хуулийн этгээдийн бүртгэлийг хөтөлдөг улсын байгууллага болон харилцагчаас өөрөөс нь, эсхүл хоёулангаас гаргуулж авахыг шаардах;
iii) санхүүгийн байгууллагад хандаж сэжиг бүхий үндэслэлээ сайн дураар илэрхийлсэн үедээ эдийн засгийн тодорхой болон хууль ёсны мэдэгдэхүйц шалтгаангүй бүхий л нарийн төвөгтэй, хэвийн бус их хэмжээний гүйлгээ, гүйлгээний хэвийн бус хэлбэр загварын тухай мэдээллийг эрх бүхий байгууллагуудад мэдээллийн нууцлалыг хадгалах тухай аливаа хязгаарлалтыг зөрчихөд хүлээлгэх эрүүгийн болон иргэний хариуцлагаас үл эмээж даруй мэдэгдэж байхыг үүрэг болгосон дүрэм батлах;
iv) санхүүгийн байгууллагыг дотоод болон гадаад гүйлгээнийхээ талаар шаардлагатай хуулга баримтаа наад зах нь таваас доошгүй жилийн хугацаанд хадгалах шаардлага тавих зэрэг болно.
2. Оролцогч улсууд нь 2 дугаар зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах зорилгоор дараахь арга хэмжээг авна:
(а) мөнгөний шилжүүлэг, гуйвуулга хийдэг бүхий л байгууллагад лиценз олгох зэрэг хяналтын арга хэмжээ авах;
(b) мэдээллийн нууцлалыг чанд хадгалах шаардлагыг хангаж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний эрх чөлөөнд ямар нэг хэлбэрээр саад бэрхшээл учруулалгүйгээр бэлэн мөнгө болон нэхэмжлэгчид бэлнээр олгох төлбөрийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхийг илрүүлэх, хяналт тавих хэрэгжүүлж болохуйц арга хэмжээ авна.
3. Оролцогч улсууд нь 2 дугаар зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу үнэн зөв, шалгагдсан мэдээллийг солилцох болон эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс шаардлагатай үед авах захиргааны болон бусад арга хэмжээгээ зохицуулж, дараахь байдлаар хамтран ажиллана:
(а) 2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүх шинжийн талаархи мэдээллийг найдвартай бөгөөд шуурхай солилцох явдлыг хөнгөвчлөх зорилгоор өөр өөрсдийн эрх бүхий алба, байгууллагуудын хооронд мэдээллийн сувгийг бий болгох, тогтмолжуулах;
(b) 2 дугаар зүйлд заасан дор дурдсантай холбоотой гэмт хэргийг мөрдөн байцаах зорилгоор өөр хоорондоо хамтран ажиллах:
i) тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамаатай гэж үндэслэлтэйгээр сэжиглэгдэж байгаа этгээдийн нэр, хаяг, байгаа газар, эрхэлдэг үйл ажиллагааг тогтоох;
ii) тухайн гэмт хэрэг үйлдэхтэй холбоотой мөнгөн хуримтлалын гүйлгээний талаар мэдээлэл солилцох.
4. Оролцогч улсууд нь Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-аар дамжуулан мэдээлэл солилцож болно.
19 дүгээр зүйл
Сэжигтэн этгээдийг яллаж буй оролцогч улс нь дотоодын хууль тогтоомж болон холбогдох журмын дагуу хэргийг байцаан шийдвэрлэсэн үр дүнгийн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээлж, тэрбээр энэхүү мэдээллийг оролцогч бусад улсад хүргүүлнэ.
20 дугаар зүйл
Оролцогч улс нь улсуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал болон бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимд нийцүүлэн энэхүү конвенцийн дагуу хүлээх үүргээ биелүүлнэ.
21 дүгээр зүйл
Энэхүү конвенцийн аль ч заалт улс болон хувь хүмүүсийн олон улсын эрх зүйн дагуу хүлээх хариуцлага, үүрэг, эдлэх эрх, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, холбогдох бусад конвенцийн зорилгыг хөндөхгүй.
22 дугаар зүйл
Улсын дотоодын хууль тогтоомжийн дагуу зөвхөн тухайн улсын эрх бүхий байгууллагад оногдуулсан хэргийн харьяалал, чиг үүргийг тухайн улсын газар нутагт хэрэгжүүлэх эрхийг нөгөө улсад олгосон утга энэхүү конвенцийн аль ч заалтад байхгүй.
23 дугаар зүйл
1. Дараахь гэрээнд өөрчлөлт оруулах замаар Хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж болно:
(а) бүх улс оролцоход нээлттэй;
(b) хүчин төгөлдөр болсон;
(c) энэхүү конвенцид оролцогч хорин хоёроос доошгүй улс соёрхон батласан, батласан, хүлээн зөвшөөрсөн буюу нэгдэн орсон.
2. Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсны дараа оролцогч аль ч улс ийм нэмэлт өөрчлөлтийг санал болгож болно. Нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг уг конвенцийн эх хадгалагчид бичгээр мэдэгдэнэ. Эх хадгалагч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж буй саналын тухай оролцогч бүх улсад мэдэгдэж нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг батлах асуудлаар тэдний байр суурийг тодруулна.
3. Санал болгосон нэмэлт өөрчлөлтийг тарааснаас хойш 180 хоногийн дараа оролцогч улсуудын гуравны нэгээс доошгүй хувь нь дэмжихгүй байгаа тухайгаа бичгээр мэдэгдээгүй бол нэмэлт өөрчлөлтийг батласанд тооцно.
4. Хавсралтад оруулах батлагдсан нэмэлт өөрчлөлтийг энэхүү конвенцид оролцогч хорин хоёр дахь улс батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, эсхүл батласан тухай баримт бичгийг хадгалуулахаар хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа уг нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр болсонд тооцно. Хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, эсхүл батласан тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш нэмэлт өөрчлөлтийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан улсын хувьд батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн, эсхүл батласан тухай баримт бичгийг хадгалуулахаар хүргүүлснаас хойш гуч хоногийн дараа тухайн нэмэлт өөрчлөлт нь хүчин төгөлдөр болно.
24 дүгээр зүйл
1. Энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хоёр буюу түүнээс дээш оролцогч улсын хооронд гарсан бөгөөд хэлэлцээний замаар зохицуулж чадаагүй аливаа маргааныг тэдгээрийн аль нэгний хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Хэрэв арбитрт хүсэлт гаргасан өдрөөс хойш зургаан сарын дотор талууд арбитрыг зохион байгуулах талаар тохиролцож чадаагүй бол аль нэг талын хүсэлтээр маргааныг Олон улсын шүүхэд уг шүүхийн дүрмийн дагуу шилжүүлж болно.
2. Улс бүр энэхүү конвенцид гарын үсэг зурах, буюу түүнийг соёрхон батлах, эсхүл батлах буюу хүлээн зөвшөөрөхдөө энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа талаар мэдэгдэж болно. Ийм тайлбар хийсэн оролцогч улсын хувьд оролцогч бусад улс нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тайлбар хийсэн аливаа оролцогч улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх замаар тайлбараа хэдийд ч эгүүлэн авч болно.
25 дугаар зүйл
1. Энэхүү конвенц нь 2000 оны 1 дүгээр сарын 10-наас 2001 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Нью Йорк дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд гарын үсэг зурахад бүх улсад нээлттэй байна.
2. Энэхүү конвенцийг соёрхон батлах, батлах буюу хүлээн зөвшөөрнө. Батламж жуух бичиг буюу батласан, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
3. Энэхүү конвенц бүх улсад нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
26 дугаар зүйл
1. Энэхүү конвенц нь түүнийг соёрхон батласан, батласан, хүлээн зөвшөөрсөн эсхүл нэгдэн орсон тухай хорин хоёр батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаас хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
2.Энэхүү конвенцийг соёрхон батласан, батласан, хүлээн зөвшөөрсөн эсхүл нэгдэн орсон хорин хоёр дахь батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш түүнийг соёрхон батласан, батласан, хүлээн зөвшөөрсөн эсхүл нэгдэн орсон улсын хувьд батламж жуух бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гуч дахь өдөр энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болно.
27 дугаар зүйл
1. Аль ч улс энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэн цуцалж болно.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн өдрөөс хойш нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.
28 дугаар зүйл
Араб, хятад, англи, франц, орос, испани хэл дээрх эх бичвэрүүд нь адил хүчинтэй энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэрбээр баталгаат хуулбарыг бүх улсад илгээнэ.
Дээр дурдсаныг нотолж зохих ёсоор засгийн газраасаасаа бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад 2000 оны 1 дүгээр сарын 10-нд Нью-Йорк хотноо гарын үсэг зурахад нээлттэй болсон энэхүү конвенцид гарын үсэг зурав.
Хавсралт
1. Гаага хотноо 1970 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батласан Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц
2. Монреаль хотноо 1971 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр батласан Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенц
3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1973 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батласан Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүс, түүний дотор дипломат төлөөлөгчдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шийтгэх тухай конвенц,
4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1979 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батласан Хүн барьцаанд авахын эсрэг олон улсын конвенц
5. Вена хотноо 1980 оны 3 дугаар сарын 3-ны өдөр батласан Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц
6. Монреаль хотноо 1988 оны 2 дугаар сарын 24-ний өдөр батласан Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай Монреаль хотноо 1971 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн конвенцийн Олон улсын иргэний нисэхэд үйлчилдэг нисэх буудал дахь хүч хэрэглэсэн хууль бус үйлдлийг хориглох тухай нэмэлт протокол
7. Ром хотноо 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдөр батласан Далайн навигацын аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенц
8. Ром хотноо 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдөр батласан Эх газрын хормойд байрлуулсан суурилуулах төхөөрөмжийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай протокол
9. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батласан Терроризмын зорилгоор бөмбөг хэрэглэхийг хориглох тухай олон улсын конвенц