Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ВЕНИЙН КОНВЕНЦ

1961 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баталж, 1964 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон 



Энэхүү конвенцид оролцогч улсууд,
дипломат төлөөлөгчийн эрх зүйн байдлыг бүх орны ард түмэн эрт дээр үеэс зөвшөөрч ирснийг тэмдэглэн,
улсуудын бүрэн тэгш эрх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэстнүүдийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг анхааран үзэж,
дипломат харилцаа, эрх ямба, дархан эрхийн тухай олон улсын конвенц байгуулах нь улсуудын төрийн болон нийгмийн байгууллын ялгааг үл харгалзан тэдгээрийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэн,
тэдгээр эрх ямба, дархан эрхийг аль нэг хувь хүний ашиг тусын тулд биш, улс гүрнийг төлөөлж байгаа байгууллага болох дипломат төлөөлөгчдийн газрууд үүргээ үр нөлөөтэй биелүүлэх явдлыг хангахад зориулан олгож байгааг ухамсарлан,
энэхүү конвенцоор шууд зохицуулаагүй асуудлыг олон улсын заншлын эрх зүйн хэм хэмжээгээр урьдын адил зохицуулсаар байхыг нотлон,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 дүгээр зүйл
Дор дурдсан нэр томьёо нь энэхүү конвенцид дараахь утга илэрхийлнэ:
(a) “төлөөлөгчийн газрын тэргүүн” гэж томилогч улсаас энэ албан тушаалд ажиллах үүрэг хүлээлгэсэн хүнийг хэлнэ;
(b) ”төлөөлөгчийн газрын гишүүд” гэж төлөөлөгчийн газрын тэргүүн болон мөн газрын бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
(c) ”төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүн, захиргаа-техникийн бүрэлдэхүүний болон үйлчлэх бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
(d) ”дипломат бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газрын дипломат зэрэг дэв бүхий гишүүдийг хэлнэ;
(e) ”дипломат төлөөлөгч” гэж төлөөлөгчийн газрын тэргүүн буюу төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүнийг хэлнэ;
(f) ”захиргаа-техникийн бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газрын захиргааны болон техникийн үйлчилгээг гүйцэтгэгч төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
(g) “үйлчлэх бүрэлдэхүүний гишүүд” гэж төлөөлөгчийн газарт үйлчлэх үүрэг гүйцэтгэж байгаа төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүдийг хэлнэ;
(h) “гэрийн хувь ажилтан” гэж төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүний гэрийн ажлыг хийдэг, томилогч улсын албан хаагч биш хүнийг хэлнэ;
(i) “төлөөлөгчийн газрын байр” гэж хэн өмчилж буйг үл харгалзан төлөөлөгчийн газрын тэргүүний өргөөг оролцуулан төлөөлөгчийн газрын зорилгод ашиглаж буй барилга буюу барилгын хэсэг, мөн тухайн барилга буюу барилгын хэсгийн эзэлж буй газрыг хэлнэ.
2 дугаар зүйл
Улсуудын хооронд дипломат харилцаа тогтоох болон байнгын дипломат төлөөлөгчийн газар байгуулах явдлыг харилцан тохиролцоно.
3 дугаар зүйл
1. Дипломат төлөөлөгчийн газрын чиг үүрэг inter alia дор дурдсанд оршино:
(a) томилогч улсыг хүлээн авагч улсад төлөөлөх;
(b) томилогч улсын болон түүний иргэдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсад олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах;
(c) хүлээн авагч улсын засгийн газартай хэлэлцээ хийх;
(d) хүлээн авагч улсад болж байгаа үйл явдал, нөхцөл байдлыг хууль ёсны бүхий л арга замаар судалж тодруулах, тэдгээрийн тухай томилогч улсын засгийн газарт мэдээлэх;
(e) томилогч улс болон хүлээн авагч улсын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх, мөн тэдгээрийн хооронд эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарт харилцаа хөгжүүлэх.
2. Энэхүү конвецийн нэг ч заалт дипломат төлөөлөгчийн газраас консулын чиг үүрэг гүйцэтгэхэд саад учруулахгүй.
4 дүгээр зүйл
1. Томилогч улс хүлээн авагч улсад төлөөлөгчийнхөө газрын тэргүүнээр томилох гэж байгаа хүнд хүлээн авагч улс агреман өгснийг лавтай магадлах ёстой.
2. Хүлээн авагч улс агреман өгөхөөс татгалзсан бол шалтгаанаа томилогч улсад мэдэгдэх үүрэггүй.
5 дугаар зүйл
1. Томилогч улс холбогдох хүлээн авагч улсуудад зохих ёсоор мэдэгдэхэд тэдгээрийн аль нь ч татгалзсанаа тодорхой илэрхийлээгүй бол тухайн байдлаас хамааран нэгээс дээш улсад төлөөлөгчийн газрын тэргүүнээ томилон суулгах буюу дипломат бүрэлдэхүүний аль нэгэн гишүүнийг томилж болно.
2. Томилогч улс төлөөлөгчийн газрын тэргүүнээ нэг буюу хэд хэдэн улсад томилж байгаа бол төлөөлөгчийн газрын тэргүүний байнга суудаггүй улс тус бүрд түр хамаарагчаар тэргүүлүүлсэн дипломат төлөөлөгчийн газар байгуулж болно.
3. Төлөөлөгчийн газрын тэргүүн буюу төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний аль ч гишүүн олон улсын ямар ч байгууллагын дэргэд томилогч улсын төлөөлөгчөөр ажиллаж болно.
6 дугаар зүйл
Хүлээн авагч улс эс татгалзвал хоёр буюу хэд хэдэн улс нэг хүнийг тэрхүү улсад төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилж болно.
7 дугаар зүйл
5, 8, 9, 11 дүгээр зүйлийг хэрэглэхийн хамт, томилогч улс төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүдийг чөлөөтэй томилж болно. Цэргийн, далайн буюу агаарын цэргийн атташе нарын тухайд тэдний нэрийг урьдаас мэдэгдэж зөвшөөрөл авахыг хүлээн авагч улс шаардаж болно.
8 дугаар зүйл
1. Төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүд зарчмын хувьд томилогч улсын иргэн байвал зохино.
2. Хүлээн авагч улсын зөвшөөрөлгүйгээр тэр улсын иргэдээс төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүнээр томилж болохгүй бөгөөд тийм зөвшөөрлийг хэдийд ч эгүүлэн авч болно.
3. Томилогч улсын иргэн биш, гуравдахь улсын иргэдийн хувьд хүлээн авагч улс дээрхийн адил эрх эдэлж болно.
9 дүгээр зүйл
1. Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын тэргүүн буюу төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний аль нэгэн гишүүнийг persona non grata, эсхүл төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний өөр ямар ч гишүүнийг тааламжгүй этгээд гэж үзэж байгаагаа томилогч улсад шийдвэрийнхээ учир шалтгааныг тайлбарлахгүйгээр хэдийд ч мэдэгдэж болно. Энэ тохиолдолд томилогч улс уг этгээдийг эгүүлэн татах буюу төлөөлөгчийн газарт ажиллуулахыг зогсоох ёстой. Аль нэгэн этгээдийг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирэхээс нь өмнө non grata буюу тааламжгүй этгээд гэж мэдэгдэж болно.
2. Хэрэв томилогч улс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхээс татгалзах буюу боломжийн хугацаанд биелүүлэхгүй бол хүлээн авагч улс уг этгээдийг төлөөлөгчийн газрын гишүүнд тооцохоос татгалзаж болно.
10 дугаар зүйл
1. Хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохиролцсон өөр нэг яаманд дараахь зүйлийг мэдэгдэж байна:
(a) төлөөлөгчийн газрын гишүүдийг томилсон, тэдний хүрэлцэн ирсэн, бүрмөсөн буцсан тухай буюу төлөөлөгчийн газарт ажиллах үүргээ зогсоосон тухай;
(b) төлөөлөгчийн газрын гишүүдийн гэр бүлд багтах хүмүүсийн ирсэн, бүрмөсөн буцсан тухай, мөн зохих тохиолдолд, төлөөлөгчийн газрын гишүүний гэр бүлийн гишүүн болсон буюу гэр бүлийн гишүүн байхаа больсон тухай;
(c) энэ хэсгийн (а) дэд хэсэгт заасан хүмүүсийн хөлсөлсөн гэрийн хувь ажилтнууд ирсэн, бүрмөсөн буцсан тухай, мөн зохих тохиолдолд тэднийг ажлаас чөлөөлсөн тухай;
(d) хүлээн авагч улсад оршин суугч хүмүүсийг эрх ямба, дархан эрх эдлэх эрхтэй төлөөлөгчийн газрын гишүүнээр буюу гэрийн хувь ажилтнаар хөлслөн ажиллуулсан, ажлаас чөлөөлсөн тухай.
2. Хүрэлцэн ирэх, бүрмөсөн буцах тухай аль болохоор урьдчилан мэдэгдэж байна.
11 дүгээр зүйл
1. Төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний тоог тодорхой тохиролцоогүй бол хүлээн авагч улс өөрийн орны нөхцөл байдал болон тухайн төлөөлөгчийн газрын хэрэгцээг харгалзан төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний тоог зохистой, хэвийн гэж үзсэн хэмжээнд байлгахыг мэдэгдэж болно.
2. Түүнчлэн хүлээн авагч улс дээр дурдсан үндэслэлээр, алагчилан үзэхгүйгээр тодорхой зэрэглэлийн албан тушаалтныг хүлээн авахаас татгалзаж болно.
12 дугаар зүйл
Томилогч улс хүлээн авагч улсын тодорхой илэрхийлсэн зөвшөөрлийг урьдчилан авахгүйгээр төлөөлөгчийн газар байгуулснаас өөр суурин газруудад төлөөлөгчийн газрынхаа хэсэг болох албан байр байгуулж үл болно.
13 дугаар зүйл
1. Төлөөлөгчийн газрын тэргүүн хүлээн авагч улсад тогтсон нийтээр нэгэн адил мөрддөг дадлын дагуу итгэмжлэх жуух бичгээ барьснаар эсхүл хүрэлцэн ирснээ мэдэгдэж хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохирсон өөр нэг яаманд итгэмжлэх жуух бичгийнхээ батламжилсан хувийг гардуулснаар үүрэгт ажилдаа орсонд тооцогдоно.
2. Итгэмжлэх жуух бичиг буюу түүний батламжилсан хувийг гардуулах дэс дарааг төлөөлөгчийн газрын тэргүүний ирсэн он, сар, өдөр, цагаар эрэмблэн тогтооно.
14 дүгээр зүйл
1. Төлөөлөгчийн газрын тэргүүнийг гурван зиндаанд хуваана:
(a) төрийн тэргүүний дэргэд томилогдсон элчин сайд болон нунцүүд, мөн адилтгах зэрэгтэй бусад төлөөлөгчийн газрын тэргүүний зиндаа;
(b) төрийн тэргүүний дэргэд томилогдсон элчин болон интернунцийн зиндаа;
(c) гадаад хэргийн сайдын дэргэд томилогдсон хэргийг хамаарагчдын зиндаа.
2. Ахлалын дараалал, ёслолын горимоос бусад зүйлд төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг тэдний зиндаанаас хамааран ялгаварлаж үл болно.
15 дугаар зүйл
Төлөөлөгчийн газрын тэргүүний хамаарагдах зиндааг улсууд хоорондоо тохиролцсоноор тодорхойлно.
16 дугаар зүйл
1. Төлөөлөгчийн газрын тэргүүний зохих зиндааны ахлалыг 13 дугаар зүйлийн дагуу чиг үүргээ гүйцэтгэж эхэлсэн он, сар, өдөр, цагаар баримтлана.
2. Төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх жуух бичигт орсон өөрчлөлт түүний зиндааг өөрчлөөгүй бол ахлалын эрэмбэд нөлөөлөхгүй.
3. Энэ зүйл Гэгээн Ширээт Улсын төлөөлөгчийн ахлалын талаар хүлээн авагч улсад баримталж байгаа дадлыг хөндөхгүй.
17 дугаар зүйл
Төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүдийн ахлалын эрэмбийг төлөөлөгчийн газрын тэргүүн хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохиролцсон өөр нэг яаманд мэдэгдэнэ.
18 дугаар зүйл
Төлөөлөгчийн газрын тэргүүнийг тухайн улсад хүлээн авах журам нь зиндаа тус бүрт адилхан байна.
19 дүгээр зүйл
1. Төлөөлөгчийн газрын тэргүүний орон тоо сул, эсхүл төлөөлөгчийн газрын тэргүүн үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй байвал төлөөлөгчийн газрын тэргүүний үүргийг хэргийг түр хамаарагч түр гүйцэтгэнэ. Түр хамаарагчийн овог нэрийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яам буюу харилцан тохирсон өөр нэг яаманд төлөөлөгчийн газрын тэргүүн өөрөө, хэрэв тэргүүн бололцоогүй бол томилогч улсын гадаад хэргийн яам мэдэгдэнэ.
2. Хүлээн авагч улсад төлөөлөгчийн газрын дипломат бүрэлдэхүүний гишүүн нэг ч хүн байхгүй бол томилогч улс хүлээн авагч улсын зөвшөөрснөөр төлөөлөгчийн газрын захиргаа-техникийн бүрэлдэхүүний аль нэг гишүүнийг төлөөлөгчийн газрын захиргааны өдөр тутмын ажил хэргийг хариуцагчаар томилж болно.
20 дугаар зүйл
Төлөөлөгчийн газар болон түүний тэргүүн томилогч улсынхаа төрийн сүлд, далбааг төлөөлөгчийн газрын тэргүүний өргөөг оролцуулан төлөөлөгчийн газрын байранд, мөн уналгадаа хэрэглэх эрхтэй.
21 дүгээр зүйл
1. Томилогч улс төлөөлөгчийнхөө газарт шаардлагатай байрыг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт түүний хуулийн дагуу олж авахад хүлээн авагч улс туслалцаа үзүүлэх буюу өөр арга замаар байр олж авахад нь туслана.
2. Мөн хүлээн авагч улс шаардлагатай бол төлөөлөгчийн газруудаас гишүүддээ орон байр олж авахад нь туслана.
22 дугаар зүйл
1. Төлөөлөгчийн газрын байр халдашгүй байна. Хүлээн авагч улсын эрх мэдэлтэн төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүйгээр тэрхүү байранд орж үл болно.
2. Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын байранд элдвээр халдах буюу хохирол учруулахаас хамгаалах, төлөөлөгчийн газрын амгалан тайван байдлыг элдвээр алдагдуулах буюу түүний нэр төрийг доромжлохоос урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах онцгой үүрэг хүлээнэ.
3. Төлөөлөгчийн газрын байр, тавилга, бусад эд хөрөнгө, түүнчлэн төлөөлөгчийн газрын тээврийн хэрэгслийг нэгжих, албадан дайчлах, битүүмжлэх, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлнө.
23 дугаар зүйл
1. Томилогч улс болон төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгчийн газрын өмчилсөн буюу түрээслэсэн байрны тодорхой төрлийн үйлчилгээний төлбөрөөс бусад улс, муж, орон нутгийн аливаа татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
2. Энэ зүйлд заасан татвар хураамжаас чөлөөлөх нь томилогч улс буюу төлөөлөгчийн газрын тэргүүнтэй гэрээ байгуулагч этгээдэд хүлээн авагч улсын хуулийн дагуу ногдуулах татвар, хураамжид үл хамаарна.
24 дүгээр зүйл
Төлөөлөгчийн газрын архив, баримт бичиг хэзээ ч, хаана ч халдашгүй байна.
25 дугаар зүйл
Хүлээн авагч улс төлөөлөгчийн газарт чиг үүргээ биелүүлэхэд нь бүх боломжийг олгоно.
26 дугаар зүйл
Улсын аюулгүй байдлын үүднээс нэвтрэн орохыг хориглосон буюу тусгай журмаар зохицуулдаг бүсийн тухай хууль, журамд нь харшлахгүй бол төлөөлөгчийн газрын бүх гишүүнийг нутаг дэвсгэрээр нь чөлөөтэй зорчих эрхийг хүлээн авагч улс хангана.
27 дугаар зүйл
1. Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын албаны харилцаа холбоог чөлөөтэй зөвшөөрч, хамгаална. Төлөөлөгчийн газар томилогч улсын засгийн газар, хаана ч байгаа бусад төлөөлөгчийн болон консулын газартай харилцахдаа дипломат элч, түүнчлэн нууц түлхүүртэй буюу шифрлэсэн мэдээ зэрэг зохистой бүх арга хэрэгслийг ашиглаж болно. Гэхдээ төлөөлөгчийн газар радио дамжуулагчийг гагцхүү хүлээн авагч улсын зөвшөөрлөөр суурилуулан ашиглаж болно.
2. Төлөөлөгчийн газрын албан захидал харилцаа халдашгүй байна. Албан захидал харилцаа гэж төлөөлөгчийн газар, түүний чиг үүрэгт хамаарах бүх захидал харилцааг хэлнэ.
3. Дипломат шууданг задалж буюу саатуулж үл болно.
4. Дипломат шууданг бүрдүүлж байгаа бүх богц боодол гадна талдаа түүний шинжийг тодорхойлсон үзэгдэхүйц тэмдэгтэй байх бөгөөд түүнд зөвхөн дипломат бичиг баримт болон албан хэрэгцээнд зориулсан эд юмс байж болно.
5. Дипломат элч өөрийн эрх зүйн байдал, авч яваа дипломат шуудангийн богц боодлын тоог заасан албан баримт бичигтэй байх бөгөөд албан үүргээ гүйцэтгэх үедээ хүлээн авагч улсын хамгаалалтад байна. Тэрбээр хувийн халдашгүй байх бөгөөд түүнийг аливаа хэлбэрээр баривчилж буюу албадан саатуулж үл болно.
6. Томилогч улс буюу төлөөлөгчийн газар дипломат ad hoc элчийг томилж болно. Тийм тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасныг мөн баримтлах боловч тэрхүү элч хариуцаж яваа дипломат шуудангаа зохих газарт нь хүргэмэгц дээрх дархан эрх нь дуусгавар болно.
7. Дипломат шууданг нэвтрэн орохыг зөвшөөрсөн буудалд буух иргэний тээврийн нисэх онгоцны даргад хариуцуулан өгч болно. Түүнд хариуцуулсан дипломат шуудангийн богц боодлын тоог заасан албан бичиг олгох боловч түүнийг дипломат элч гэж үзэхгүй. Төлөөлөгчийн газар онгоцны даргаас дипломат шуудангаа шууд саадгүй хүлээн авахаар аль нэг гишүүнээ явуулж болно.
28 дугаар зүйл
Албан үүргээ гүйцэтгэх явцдаа төлөөлөгчийн газрын ногдуулах төлбөр хураамж бүхий л татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.
29 дүгээр зүйл
Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа ямарваа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээ авна.
30 дугаар зүйл
1. Дипломат төлөөлөгчийн хувийн өргөө төлөөлөгчийн газрын байрны нэгэн адил халдашгүй байна.
2. Дипломат төлөөлөгчийн бүх бичиг баримт, захидал харилцаа, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад өмч хөрөнгө нь нэгэн адил халдашгүй байна.
31 дүгээр зүйл
1. Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын эрүүгийн хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлнэ. Мөн дор дурдсанаас бусад тохиолдолд иргэний болон захиргааны хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхийг эдэлнэ:
(a) томилогч улсын өмнөөс төлөөлөгчийн газрын хэрэгцээнд зориулан эзэмшиж байгаагаас бусад хүлээн авагч улсын нутаг дэвсгэр дээр байгаа хувийн үл хөдлөх хөрөнгөд хамаарах эд хөрөнгийн нэхэмжлэл;
(b) дипломат төлөөлөгч гэрээсийг биелүүлэгч, өвлөх эд хөрөнгийг харгалзагч, өвлөгч буюу өв залгамжлагчийн үүргийг томилогч улсын өмнөөс биш, хувь хүний тухайд гүйцэтгэж байгаа өвийн холбогдол бүхий нэхэмжлэл;
(c) дипломат төлөөлөгчөөс албан үүргийнхээ хүрээнээс гадна хүлээн авагч улсад хэрэгжүүлж байгаа мэргэжлийн буюу арилжааны аливаа үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл.
2. Дипломат төлөөлөгч нь гэрчийн хувьд мэдүүлэг өгөх үүрэггүй.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а), (b), (c) дэд хэсэгт хамаарахаас бусад тохиолдолд дипломат төлөөлөгч хүнд ямарваа гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ авч үл болох бөгөөд арга хэмжээ авч болох тохиолдолд түүний бие буюу өргөөний халдашгүй байдлыг зөрчихгүй байна.
4. Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх нь түүнийг томилогч улсын шүүхийн харьяаллаас үл чөлөөлнө.
32 дугаар зүйл
1. Томилогч улс 37 дугаар зүйлийн дагуу дархан эрх эдэлж байгаа өөрийн дипломат төлөөлөгч болон бусад хүний шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээс татгалзаж болно.
2. Татгалзаж байгааг ямагт тодорхой илэрхийлсэн байвал зохино.
3. 37 дугаар зүйлийн дагуу шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлж байгаа дипломат төлөөлөгч буюу бусад хүн нэхэмжлэл гаргах тохиолдолд тухайн үндсэн нэхэмжлэлтэй нь шууд холбоотой ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гарвал тэрбээр шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээ алдана.
4. Иргэний болон захиргааны хэргийн талаар шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрхээс татгалзах нь шийдвэр гүйцэтгэлийн талаар эдлэх дархан эрхээс татгалзаж байгаа хэрэг биш бөгөөд энэ тухайд жич татгалзах шаардлагатай.
33 дугаар зүйл
1. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлах тохиолдолд, дипломат төлөөлөгч нь томилогч улсад гүйцэтгэж буй ажлынхаа тухайд хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгэм хангамжийн хууль, журмын үйлчлэлээс чөлөөлөгдөнө.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөлөгдөх нь дипломат төлөөлөгчийн зөвхөн хувийн үйлчилгээнд ажиллаж байгаа гэрийн хувь ажилтанд дор дурдсан нөхцөлд мөн хамаарна:
(a) хэрэв тэд хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин суудаггүй бол; мөн
(b) хэрэв тэд томилогч улс буюу гуравдахь улсад дагаж мөрдөж байгаа нийгэм хангамжийн хууль, журамд хамрагдаж байгаа бол.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөхөд үл хамрагдах хүнийг хөлсөлж байгаа дипломат төлөөлөгч хүлээн авагч улсад хүчин төгөлдөр байгаа нийгэм хангамжийн хууль, журмаар ажил олгогчдод хүлээлгэсэн үүргийг мөрдөн биелүүлнэ.
4. Хэрэв хүлээн авагч улс зөвшөөрвөл энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөх нь тэр улсын нийгэм хангамжийн тогтолцоонд сайн дураар оролцоход саад болохгүй.
5. Энэ зүйлийн заалтууд нийгэм хангамжийн талаар урьд байгуулсан хоёр буюу олон талт хэлэлцээрт үл нөлөөлөх бөгөөд хойшид тийм хэлэлцээр байгуулахад саад болохгүй.
34 дүгээр зүйл
Дипломат төлөөлөгч дор дурдсанаас бусад тохиолдолд хувь хүнд болон эд хөрөнгөнд ногдуулах улс, муж, орон нутгийн бүх татвар, хураамжаас чөлөөлөгдөнө:
(a) барааны үнэ буюу үйлчилгээний хөлсөнд шингээдэг шууд биш татвар;
(b) хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт байгаа дипломат төлөөлөгчийн хувийн үл хөдлөх хөрөнгийг томилогч улсын өмнөөс төлөөлөгчийн газрын хэрэгцээнд ашиглаж байгаа биш бол түүнд ногдуулах татвар, хураамж;
(c) 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөхөөс бусад өвлөх буюу өв залгамжлах хөрөнгөнд хүлээн авагч улсаас ногдуулдаг татвар, хураамж;
(d) хүлээн авагч улсад эх сурвалж нь байгаа хувийн орлогоос авах татвар хураамж, мөн хүлээн авагч улсын арилжааны байгууллагад оруулсан хөрөнгөнд ногдуулах татвар, хураамж;
(e) тодорхой төрлийн үйлчилгээнээс авах хураамж;
(f) 23 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлөгдөхөөс бусад үл хөдлөх хөрөнгөнд ногдох бүртгэл, шүүх, цэс дансны болон барьцааны татвар, тэмдэгтийн хураамж.
35 дугаар зүйл
Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчдийг иргэний болон улсын албан журмын дайчилгаанаас тэдгээрийн шинж чанарыг үл харгалзан, түүнчлэн хөрөнгө дайчлах, дайны татвар ногдуулах, орон байранд нь цэрэг байрлуулах зэрэг цэргийн албан журмын үүргээс чөлөөлнө.
36 дугаар зүйл
1. Хүлээн авагч улс хадгалах, тээвэрлэх болон адилтгах үйлчилгээний хураамжаас бусад гаалийн бүх татвар, холбогдох төлбөрөөс дор дурдсан эд юмсыг чөлөөлж оруулахыг өөрөө тогтоох хууль, журмын дагуу зөвшөөрнө:
(a) төлөөлөгчийн газрын албаны хэрэгцээнд зориулсан эд юмс;
(b) дипломат төлөөлөгч, түүний хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүдийн гэр ахуйд зориулсан эд юмсыг оролцуулан тэдний амины хэрэглээний эд юмс.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөхөд үл хамаарагдах эд юмс эсхүл хүлээн авагч улсын хуулиар оруулах, гаргахыг нь хориглосон, буюу хорио цээрийн дүрмээр зохицуулагдах ёстой эд юмс дипломат төлөөлөгчийн хувийн ачаа тээшинд байгаа гэж сэрдэх баттай үндэслэл байхгүй бол уг ачаа тээш үзлэгээс чөлөөлөгдөнө. Тийм үзлэг хийх бол гагцхүү дипломат төлөөлөгч буюу түүний бүрэн эрхт төлөөлөгчийг байлцуулан гүйцэтгэнэ.
37 дугаар зүйл
1. Дипломат төлөөлөгчийн хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд хүлээн авагч улсын иргэн биш бол 29-36 дугаар зүйлд заасан эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.
2. Төлөөлөгчийн газрын захиргаа-техникийн бүрэлдэхүүний гишүүд болон тэдэнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүд хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин суудаггүй бол 29-35 дугаар зүйлд заасан эрх ямба, дархан эрхийг эдэлнэ. Гэхдээ 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэний болон захиргааны хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх тэдгээр хүмүүсийн албан үүргээ гүйцэтгэхээс гадуур явуулсан үйлдэлд үл хамаарна. Мөн тэдгээр хүмүүс анх төвхнөн суухад холбогдсон эд юмсын тухайд 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх ямбыг эдэлнэ.
3. Төлөөлөгчийн газрын үйлчлэх бүрэлдэхүүний гишүүд хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин суудаггүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад хийсэн үйлдлийнхээ хувьд дархан эрх эдлэж, албан ажлынхаа хөлсөнд авсан цалин нь татвар, хураамжаас чөлөөлөгдөхөөс гадна 33 дугаар зүйлд дурдсан чөлөөлөгдөх эрх эдэлнэ.
4. Төлөөлөгчийн газрын гишүүдийн гэрийн хувь ажилтнууд хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин суудаггүй бол тэдний ажлын хөлсөнд авч байгаа цалин татвар, хураамжаас чөлөөлөгдөнө. Бусад зүйлийн талаар тэдгээр ажилтан зөвхөн хүлээн авагч улсаас тогтоосон хэр хэмжээнд эрх ямба, дархан эрх эдэлнэ. Гэхдээ хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэхэд зүй бусаар үл оролцох замаар дээрх хүмүүсийг хуульдаа захируулна.
38 дугаар зүйл
1. Дипломат төлөөлөгч нь хүлээн авагч улсын иргэн буюу тэнд байнга оршин суудаг хүн байвал хүлээн авагч улсаас олгож болох нэмэгдэл эрх ямба, дархан эрхээс гадна гагцхүү чиг үүргийнхээ дагуу хийсэн албан үйлдлийн тухайд зөвхөн шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлж, халдашгүй байна.
2. Төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний бусад гишүүн болон гэрийн хувь ажилтнууд хүлээн авагч улсын иргэн буюу тэнд байнга оршин суудаг хүмүүс байвал зөвхөн хүлээн авагч улсаас тогтоосон хэр хэмжээгээр эрх ямба, дархан эрх эдэлнэ. Гэхдээ хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэхэд зүй бусаар үл оролцох замаар дээрх хүмүүсийг хуульдаа захируулна.
39 дүгээр зүйл
1. Эрх ямба, дархан эрх эдлэх эрх бүхий хүн бүр албан тушаалаа хүлээн авахаар очихдоо хүлээн авагч улсын нутагт дэвсгэрт орсон мөчөөс, эсхүл нэгэнт тэр улсын нутаг дэвсгэрт байгаа бол түүний томилогдсон тухай гадаад хэргийн яам буюу хэлэлцэн тохирсон өөр нэг яаманд мэдэгдсэн мөчөөс эхлэн уг эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.
2. Эрх ямба, дархан эрх эдлэгч хүний албан үүрэг дуусгавар болоход тэрхүү эрх ямба, дархан эрх уг хүнийг тухайн улсаас гарсан буюу гарч болох боломжийн хугацаа дууссан мөчөөс эхлэн ердийн байдлаар дуусгавар болох бөгөөд харин тэр хүртэл зэвсэгт мөргөлдөөн гарсан ч хүчинтэй хэвээр байна. Гэхдээ уг хүн төлөөлөгчийн газрын гишүүний хувьд үүргээ гүйцэтгэх үед хийсэн үйлдлийн тухайд дархан эрх хэвээр хадгалагдана.
3. Төлөөлөгчийн газрын гишүүн нас барсан тохиолдолд эрх ямба, дархан эрх бүхий түүний гэр бүлийн гишүүд хүлээн авагч улсаас гарч явахад шаардагдах боломжийн хугацаа дуустал уг эрх ямба, дархан эрхээ эдэлнэ.
4. Хүлээн авагч улсын иргэн биш буюу тэнд байнга оршин сууж байгаагүй төлөөлөгчийн газрын гишүүн, эсхүл түүний хамт амьдран сууж байсан гэр бүлийн гишүүн нас барвал тухайн улсад худалдан авсан бөгөөд уг хүнийг нас барах үед гадаадад гаргахыг хориглосон аливаа эд хөрөнгөөс бусад хөдлөх эд хөрөнгийг гаргахыг хүлээн авагч улс зөвшөөрнө. Нас барагчийн гагцхүү төлөөлөгчийн газрын гишүүний хувьд буюу түүний гэр бүлийн гишүүний хувьд хүлээн авагч улсад сууж байсантай шууд холбогдон тэнд байгаа хөдлөх хөрөнгөнд өвийн татвар, өв залгамжлалын хураамж ногдуулахгүй.
40 дүгээр зүйл
1. Дипломат төлөөлөгч албан тушаалдаа орох буюу уг албандаа эргэн очих, эсхүл эх орондоо буцах замдаа шаардлагатай бол виз олгосон гуравдахь улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх буюу уг нутаг дэвсгэрт байхад тэрхүү гуравдахь улс түүнд халдашгүй байх эрхийг эдлүүлэхийн хамт түүний дамжин өнгөрөх буюу буцахад нь шаардагдах бусад дархан эрхийг эдлүүлнэ. Энэ заалт дипломат төлөөлөгчийг дагалдан яваа, эсхүл түүнтэй нийлэхээр буюу эх орондоо буцахаар тусдаа яваа дипломат эрх ямба, дархан эрх бүхий түүний гэр бүлийн аль ч гишүүнд нэгэн адил хамаарна.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасантай адил нөхцөл байдалд төлөөлөгчийн газрын захиргаа-техникийн буюу үйлчлэх бүрэлдэхүүний гишүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрөхөд гуравдахь улс саад хийж үл болно.
3. Гурав дахь улс нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрч байгаа нууц түлхүүртэй буюу шифрлэсэн илгээлтийг оролцуулан албан захидал, бусад албан мэдээг хүлээн авагч улсын нэгэн адил хамгаалж, чөлөөтэй нэвтрүүлнэ. Тэдгээр улс хэрэв шаардлагатай бол виз олгосон дипломат элчид, мөн дамжин өнгөрч байгаа дипломат шууданд хүлээн авагч улсын нэгэн адил халдашгүй байх эрх олгож, хамгаална.
4. Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасны дагуу гуравдахь улсуудын хүлээх үүрэг нь тэдгээрт дурдсан хүмүүс, албан харилцааны мэдээ, дипломат шуудан гуравдахь улсын нутаг дэвсгэрт давагдашгүй хүчин зүйлийн шалтгаанаар нэвтрэн орсон тохиолдолд нэгэн адил хамаарна.
41 дүгээр зүйл
1. Эрх ямба, дархан эрх эдлэгч бүх хүн хүлээн авагч улсын хууль, дүрмийг өөрсдийн эрх ямба, дархан эрхэд хохиролгүйгээр хүндэтгэх үүрэгтэй. Тэд мөн тэр улсын дотоод хэрэгт оролцохгүй байх үүрэгтэй.
2. Томилогч улсаас хүлээн авагч улстай харилцах талаар төлөөлөгчийн газарт даалгасан бүх албан хэргийг хүлээн авагч улсын гадаад хэргийн яамтай буюу түүгээр дамжуулан, эсхүл харилцан тохирсон өөр нэг яамтай буюу түүгээр дамжуулан явуулна.
3. Төлөөлөгчийн газрын байрыг энэхүү конвенц буюу олон улсын нийтлэг эрх зүйн бусад хэм хэмжээ, эсхүл томилогч улс, хүлээн авагч улсын хооронд байгуулсан ямар нэгэн тусгай хэлэлцээрээр тогтоосон төлөөлөгчийн газрын чиг үүрэгт үл нийцэх зорилгод ашиглах ёсгүй.
42 дугаар зүйл
Дипломат төлөөлөгч хувьдаа ашиг олох үүднээс хүлээн авагч улсад мэргэжлийн буюу арилжааны ямар нэг үйл ажиллагаа явуулж үл болно.
43 дугаар зүйл
Дипломат төлөөлөгчийн чиг үүрэг inter alia дор дурдсан тохиолдолд дуусгавар болно:
(a) дипломат төлөөлөгчийн чиг үүрэг дуусгавар болсон тухай томилогч улсаас хүлээн авагч улсад мэдэгдсэнээр;
(b) хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дагуу төлөөлөгчийн газрын гишүүн гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаагаа томилогч улсад мэдэгдсэнээр.
44 дүгээр зүйл
Хүлээн авагч улс өөрийн иргэн биш бөгөөд эрх ямба, дархан эрх эдлэгч хүмүүс, мөн аль улсын иргэн гэдгийг үл харгалзан тэдний гэр бүлийн гишүүдийг аль болох түргэн хугацаанд буцаж явахад нь зэвсэгт мөргөлдөөний үед ч шаардагдах дэмжлэг үзүүлэх ёстой. Тухайлбал, шаардлагатай бол зорчих болон ачаа тээшээ тээвэрлэхэд зориулан тэдний мэдэлд тээврийн хэрэгсэл гаргаж өгөх ёстой.
45 дугаар зүйл
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тасрах эсхүл төлөөлөгчийн газрыг бүрмөсөн буюу түр татан буулгахад хүрвэл:
(a) хүлээн авагч улс зэвсэгт мөргөлдөөний үед ч төлөөлөгчийн газрын орон байрыг эд хөрөнгө, архивынх нь хамт хүндэтгэж, хамгаалах ёстой;
(b) томилогч улс төлөөлөгчийн газрынхаа байрыг эд хөрөнгө, архивынх нь хамтаар хүлээн авагч улсад тохиромжтой гуравдахь улсын хамгаалалтад итгэн даалгаж болно;
(c) томилогч улс өөрийнхөө болон иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалахыг хүлээн авагч улсад тохиромжтой гуравдахь улсад итгэн даалгаж болно.
46 дугаар зүйл
Томилогч улс хүлээн авагч улстай урьдчилан тохирсны үндсэн дээр хүлээн авагч улсад төлөөлөл байхгүй гуравдахь улсын хүсэлт болгосноор тэрхүү улсын болон түүний иргэдийн ашиг сонирхлыг түр хамгаалах үүрэг хүлээж болно.
47 дугаар зүйл
1. Хүлээн авагч улс энэхүү конвенцийн заалтыг хэрэглэхдээ улсуудыг хооронд нь алагчилан үзэж үл болно.
2. Гэвч доорхи тохиолдолд алагчилан үзсэн гэж тооцохгүй:
(a) томилогч улсын нутаг дэвсгэрт байгаа хүлээн авагч улсын төлөөлөгчийн газрын тухайд энэхүү конвенцийн аль нэг заалтыг хязгаартай хэрэглэсний хариуд хүлээн авагч улс уг заалтыг хязгаартай хэрэглэсэн бол;
(b) хоёр улс бие биедээ энэхүү конвенцид зааснаас илүү таатай дэглэм олгохоор тохиролцсон буюу тэгж заншсан бол.
48 дугаар зүйл
Энэхүү конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллагын буюу түүний аль нэг төрөлжсөн байгууллагын гишүүн бүх улс, Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч улсууд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү конвенцийн оролцогч болохыг урьсан аливаа бусад улс 1961 оны аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Австри Улсын Холбооны гадаад хэргийн яаманд, энэ өдрөөс хойш 1962 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.
49 дүгээр зүйл
Энэхүү конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
50 дугаар зүйл
48 дугаар зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах аливаа улс энэхүү конвенцид нэгдэн орж болно. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
51 дүгээр зүйл
1. Энэхүү конвенц хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүлээлгэн өгсөн өдрөөс хойш гуч дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.
2. Хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш энэхүү конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улс бүрийн тухайд уг улс батламж жуух бичгээ буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш гуч дахь өдрөөс Конвенц хүчин төгөлдөр болно.
52 дугаар зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаас 48 дугаар зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах бүх улсад дор дурдсаныг мэдээлнэ:
(a) 48, 49, 50 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенцид гарын үсэг зурсан тухай, түүнчлэн батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тухай;
(b) 51 дүгээр зүйлийн дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болох он, сар, өдрийн тухай.
53 дугаар зүйл
Энэхүү конвенцийн англи, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн адил хүчинтэй жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга түүний баталгаатай хуулбарыг 48 дугаар зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах бүх улсад илгээнэ.
Хэмээснийг нотлон тус тусын засгийн газраас зохих ёсоор олгосон бүрэн эрх бүхий дор гарын үсэг зурсан төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.
Нэг мянга есөн зуун жаран нэгэн оны дөрөвдүгээр сарын арван наймны өдөр Вена хотноо үйлдэв.