Хэвлэх DOC Татаж авах
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ний өдөр
Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг. “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД