Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ АРГА ХЭРЭГСЛИЙГ ЦЭРГИЙН БУЮУ ДАЙСАГНАХ БУСАД АЛИВАА ЗОРИЛГООР АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ КОНВЕНЦ

1976 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, 1976 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүчин төгөлдөр болсон



Энэхүү конвенцид оролцогч улсууд,
энх тайвныг бататгах, олон улсын үр дүнтэй хатуу хяналтын дор зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоох, зэвсгийг бүх нийтээр бүрэн хураах болон дайныг өдөөх шинэ арга хэрэгслийг ашиглах аюулаас хүн төрөлхтнийг хамгаалах ашиг сонирхолыг удирдлага болгож,
зэвсэг хураах салбарт цаашид авах арга хэмжээний хүрээнд үр дүнтэй дэвшилд хүрэх зорилгоор явуулж буй хэлэлцээг үргэлжлүүлэх шийдвэр төгс байж,
шинжлэх ухаан, техникийн дэвшил нь байгаль орчны салбарт нөлөөлөх шинэ боломжийг нээж болохыг хүлээн зөвшөөрч,
Хүний хүрээлэн орчны асуудлаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бага хурлаас Стокгольм хотноо 1972 оны 6 дугаар сарын 16-ны өдөр батласан тунхаглалыг анхааралдаа авч,
байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгслийг энх тайвны зорилгоор ашиглах нь хүн болон байгалийн шүтэлцээг сайжруулж, өнөөгийн болон хойч үеийнхний ашиг тусын төлөө байгаль орчныг хадгалан сайжруулахад дэмжлэг үзүүлж болохыг ухамсарлаж,
гэхдээ ийм арга хэрэгслийг цэргийн буюу дайсагнах бусад аливаа зорилгоор ашиглах нь хүмүүсийн сайн сайхан байдалд ноцтой хохирол учруулж болохыг хүлээн зөвшөөрч,
ийнхүү ашигласнаас хүн төрөлхтөнд учирч болох аюулыг таслан зогсоохын тулд байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгслийг цэргийн буюу дайсагнах бусад аливаа зорилгоор ашиглах явдлыг үр дүнтэйгээр хориглохыг хүсч, эдгээр зорилтод хүрэх өөрсдийн эрмэлзлийг нотолж,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчимд нийцүүлэн улс үндэстэн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, олон улсын нөхцөл байдлыг цаашид сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэж,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:
1 дүгээр зүйл
1. Энэхүү конвенцийн оролцогч улс бүр оролцогч бусад аливаа улсын эсрэг эвдэн сүйтгэх, хор хохирол учруулахын тулд байгаль орчинд удаан хугацаанд буюу өргөн хүрээгээр ноцтой нөлөө үзүүлэх арга хэрэгслийг цэргийн буюу дайсагнах бусад аливаа зорилгоор ашиглахгүй байх үүрэг хүлээнэ.
2. Энэхүү конвенцид оролцогч улс бүр энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтад харшилсан үйл ажиллагаанд оролцох аливаа улс, эсхүл бүлэг улс, олон улсын байгууллагад туслалцаа үзүүлэхгүй, дэмжихгүй буюу өдөөн хатгахгүй байх үүрэг хүлээнэ.
2 дугаар зүйл
1 дүгээр зүйлд дурдсан “байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгсэл” гэдэгт байгалийн үйл явц, хөдөлгөөнийг санаатайгаар өөрчлөх замаар дэлхийн бүтэц буюу бүрэлдэхүүн, түүний дотор шим мандал, чулуун мандал, усан мандал болон агаар мандал, эсхүл сансрын огторгуйг өөрчлөх аливаа арга хэрэгсэл хамаарна.
3 дугаар зүйл
1. Энэхүү конвенцийн заалтууд нь байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгслийг энх тайвны зорилгоор ашиглахад саад болохгүй бөгөөд ийнхүү ашиглахтай холбогдсон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд болон дагаж мөрдөх хэм хэмжээг хөндөхгүй.
2. Энэхүү конвенцийн оролцогч улсууд байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгслийг энх тайвны зорилгоор ашиглах тухай шинжлэх ухаан, технологийн мэдээллийг аль болох бүрэн солилцох үүрэг хүлээх бөгөөд ийнхүү солилцоход оролцох эрхтэй байна. Дангаараа буюу оролцогч бусад улс, эсхүл олон улсын байгууллагатай хамтран ажиллах оролцогч улсууд дэлхийн хөгжиж буй бүсүүдийн хэрэгцээг зохих ёсоор харгалзан байгаль орчныг хамгаалах, сайжруулах, түүнийг энх тайвны зорилгоор ашиглах олон улсын эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулна.
4 дүгээр зүйл
Энэхүү конвенцид оролцогч улс бүр өөрийн хууль тогтоомжийн дагуу шаардлагатай гэж үзвэл конвенцийн заалтуудыг зөрчсөн аливаа үйл ажиллагааг хаана үйлдсэнээс үл хамааран тухайн улсын хэргийн харьяалал буюу хяналтын хүрээнд хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүрэг хүлээнэ.
5 дугаар зүйл
1. Энэхүү конвенцид оролцогч улсууд энэхүү конвенцийн зорилго, түүний заалтуудыг хэрэглэхтэй холбогдон үүсч болох аливаа асуудлыг шийдвэрлэх талаар харилцан зөвлөлдөх, хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Түүнчлэн энэ зүйлийн дагуу хийх зөвлөлдөөн болон хамтын ажиллагааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээнд болон түүний дүрмийн дагуу олон улсын зохих үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар явуулж болно. Олон улсын тухайн үйл ажиллагаанд олон улсын холбогдох байгууллагууд, түүнчлэн энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан Шинжээчдийн зөвлөлдөх хорооны үйлчилгээг хамааруулж болно.
2. Конвенцийн эх хадгалагч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгоор конвенцийн оролцогч аль нэг улсын хүсэлтийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор Шинжээчдийн зөвлөлдөх хороог хуралдуулна. Оролцогч аливаа улс чиг үүрэг, дүрэм журмыг нь энэхүү конвенцийн салшгүй хэсэг болох хавсралтад заасан хороонд өөрийн мэргэжилтнээ томилж болно. Энэхүү хороо нь түүний хуралдааны явцад гарсан бүх санал, мэдээллийг нэгтгэж тухайн нөхцөл байдлыг дүгнэсэн товч илтгэлийг конвенцийн эх хадгалагчид хүргүүлнэ. Конвенцийн эх хадгалагч нь уг товч илтгэлийг оролцогч бүх улсад тараана.
3. Энэхүү конвенцид оролцогч аливаа улс нь конвенцийн заалтуудын дагуу хүлээсэн үүргээ конвенцид оролцогч нөгөө улс зөрчиж байна гэж үзвэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлд нэхэмжлэл гаргаж болно. Уг нэхэмжлэлд тухайн хэрэгт хамаарах мэдээлэл, түүнийг үндэслэлийг батлах боломжтой бүх нотлох баримтыг оруулсан байна.
4. Энэхүү конвенцид оролцогч улс бүр Аюулгүйн Зөвлөлөөс хүлээн авсан нэхэмжлэлд үндэслэн түүнээс санаачилж болох аливаа мөрдөн байцаалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн заалтуудын дагуу явуулахад хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Аюулгүйн Зөвлөл нь мөрдөн байцаалтын үр дүнгийн талаар конвенцид оролцогч улсад мэдээлнэ.
5. Хэрэв Аюулгүйн Зөвлөл энэхүү конвенцийг зөрчсөний улмаас нэхэмжлэл гаргасан улсад хохирол учирсан буюу учирч болзошгүй гэж шийдвэр гаргавал энэхүү конвенцид оролцогч улс бүр Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн заалтуудын дагуу ийнхүү хүсэлт гаргасан оролцогч аль ч улсад дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг хүлээнэ.
6 дугаар зүйл
1. Энэхүү конвенцид оролцогч аливаа улс түүнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Ийнхүү санал болгосон нэмэлт өөрчлөлтийн талаарх бичвэрийг конвенцийн эх хадгалагчид хүргүүлэх бөгөөд конвенцийн эх хадгалагч бичвэрийг конвенцид оролцогч бүх улсад нэн даруй хүргүүлнэ.
2. Тухайн нэмэлт өөрчлөлт нь түүнийг хүлээн зөвшөөрсөн конвенцид оролцогч улс бүрийн хувьд тэдний олонхи нь хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ конвенцийн эх хадгалагчид хадгалуулснаар хүчин төгөлдөр болно. Үүнээс хойш нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн улсын хувьд түүнийг батласан тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдөр хүчин төгөлдөр болно.
7 дугаар зүйл
Энэхүү конвенцийг хугацаагүй байгуулав.
8 дугаар зүйл
1. Конвенцийн эх хадгалагч энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дараа Швейцарь Улсын Женев хотноо Конвенцид оролцогч улсуудын бага хурлыг зарлан хуралдуулна. Уг бага хурал нь конвенцийн зорилго, заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор түүний үйл ажиллагааг дүгнэх, тухайлбал, байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгслийг цэргийн буюу дайсагнах бусад аливаа зорилгоор ашиглах аюулыг арилгахад чиглэгдсэн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтын үр дүнг авч хэлэлцэнэ.
2. Үүнээс хойш таваас доошгүй жилийн хугацаанд дээрх зорилгоор Конвенцид оролцогч улсуудын олонхи нь конвенцийн эх хадгалагчид бага хурлыг хуралдуулах тухай санал тавьж түүнийг зарлан хуралдуулж болно.
3. Хэрэв бага хурлыг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуралдуулаагүй бол өмнөх бага хурлыг дүгнэснээс хойш арван жилийн дотор конвенцийн эх хадгалагч нь тийм бага хурал хуралдуулах тухай саналыг энэхүү конвенцид оролцогч бүх улсаас авна. Хэрэв конвенцид оролцогч улсуудын гуравны нэг, эсхүл арван улс зөвшөөрсөн саналаа өгвөл конвенцийн эх хадгалагч нь бага хурлыг хуралдуулах арга хэмжээг нэн даруй авна.
9 дүгээр зүйл
1. Энэхүү конвенц нь бүх улсад гарын үсэг зурахад нээлттэй байна. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Конвенцийг хүчин төгөлдөр болохоос өмнө түүнд гарын үсэг зураагүй аливаа улс хэдийд ч энэхүү конвенцид нэгдэн орж болно.
2. Энэхүү конвенцийг түүнд гарын үсэг зурсан улсууд соёрхон батална. Соёрхон батласан батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.
3. Энэхүү конвенц нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хорин улсын засгийн газар соёрхон батласан тухай батламж жуух бичгээ хадгалуулснаар хүчин төгөлдөр болно.
4. Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсноос хойш соёрхон батласан батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахааар өгсөн улсуудын хувьд соёрхон батласан батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.
5. Конвенцийн эх хадгалагч нь энэхүү конвенцид гарын үсэг зурсан, соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг хадгалуулсан, энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон, түүнд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлтийн болон бусад мэдэгдлийг хүлээн авсан он, сар, өдрийн тухай гарын үсэг зурсан болон нэгдэн орсон бүх улсад нэн даруй мэдээлнэ.
6. Эх хадгалагч нь энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу бүртгүүлнэ.
10 дугаар зүйл
Англи, араб, хятад, франц, орос болон испани хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байх энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хадгалах бөгөөд тэрбээр түүний баталгаат хуулбарыг Конвенцид гарын үсэг зурсан болон түүнд нэгдэн орсон улсын засгийн газруудад хүргүүлнэ.
Дээр дурдсаныг нотолж, өөрсдийн засгийн газраас зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад энэхүү конвенцид гарын үсэг зурав. Энэхүү конвенц нь нэг мянга есөн зуун далан долоон оны тав дугаар сарын арван наймны өдрөөс Женев хотноо гарын үсэг зурахад нээлттэй байна.
Женев хотноо 1977 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдэв.
Конвенцийн хавсралт
ШИНЖЭЭЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО
1. Шинжээчдийн зөвлөлдөх хороо нь тухайн нөхцөл байдлыг зохих ёсоор дүгнэх болон хороог хуралдуулах хүсэлт гаргасан оролцогч улсаас энэхүү конвенцийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан аливаа асуудалтай холбогдуулан шинжээчийн зохих дүгнэлт гаргана.
2. Шинжээчдийн зөвлөлдөх хорооны ажлыг энэхүү хавсралтын 1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боломж олгох замаар зохион байгуулна. Уг хороо нь өөрийн ажлын зохион байгуулалттай холбогдолтой дэгийн асуудлыг хэрэв боломжтой бол зөвшилцлөөр, хэрэв боломжгүй бол санал хураахад оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ. Үндсэн асуудлаар санал хураахгүй.
3. Конвенцийн эх хадгалагч, эсхүл түүний төлөөлөгч энэхүү хорооны дарга байна.
4. Хуралдаанд оролцож буй шинжээч бүрд нэг буюу хэд хэдэн зөвлөх туслалцаа үзүүлж болно.
5. Шинжээч бүр хорооны ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай гэж үзэх тийм мэдээлэл, туслалцааг хорооны даргаар дамжуулан оролцогч улсууд болон олон улсын байгууллагуудаас хүсэх эрхтэй.