Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНИЙ ҮЕД СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

1954 оны 5 дугаар сарын 14-ний өдөр баталж, 1956 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон



Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд,
зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлс ноцтойгоор гэмтэж, дайны арга техник хөгжиж байгаагийн улмаас улам бүр устгах аюул нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрч,
дэлхийн соёлд ард түмэн бүр өөрийн хувь нэмрээ оруулснаас үүдэн аливаа ард түмний соёлын үнэт зүйлст хохирол учруулах нь хүн төрөлхтөний соёлын үнэт зүйлст хохирол учруулна гэдэгт итгэл төгс байж,
соёлын өвийг хамгаалах нь дэлхийн бүх ард түмний хувьд чухал ач холбогдолтой бөгөөд эдгээр өвийг олон улсын хамгаалалтад авах нь чухал гэж үзэж,
Гаагийн 1899 болон 1907 оны конвенцууд, Вашингтоны 1935 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тунхаглалд заасанчлан зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах зарчмуудыг удирдлага болгож,
тайван цагт соёлын үнэт зүйлсийг хамгаалах үндэсний болон олон улсын арга хэмжээ авахгүйгээр тийм хамгаалалт ямар ч үр дүнгүй болохыг анхааралдаа авч,
соёлын үнэт зүйлсийг хамгаалах бүхий л боломжтой арга хэмжээ авахаар шийдвэрлэж,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:
I бүлэг
Хамгаалалттай холбогдсон ерөнхий заалтууд
1 дүгээр зүйл
Соёлын үнэт зүйлсийн тухай тодорхойлолт
Энэхүү конвенцийн зорилгод “соёлын үнэт зүйлс” гэж түүний гарал үүсэл буюу өмчлөгчөөс нь үл хамааран дараахь зүйлийг хэлнэ:
(a) ард түмэн бүрийн соёлын өвд чухал ач холбогдол бүхий хөдлөх буюу үл хөдлөх үнэт зүйлс, түүний дотор шашны буюу давтагдашгүй уран барилга, урлагийн буюу түүхийн хөшөө дурсгал, археологийн барилга, түүх буюу урлагийн бүхий л барилга байгууламжийн хэсэг, урлагийн бүтээл, гар бичмэл, түүхийн буюу археологийн ном буюу бусад зүйл, түүнчлэн шинжлэх ухааны бүтээлүүдийн цуглуулга болон дээр дурдсан үнэт зүйлсийг сэргээн засварласан архив буюу номын чухал цуглуулга;
(b) “a” дэд хэсэгт дурдсан соёлын хөдлөх үнэт зүйлсийг хадгалах буюу үзэсгэлэнгийн үндсэн гол зориулалт бүхий музей, том номын сан, архивын байр, түүнчлэн зэвсэгт мөргөлдөөний үед “a” дэд хэсэгт заасан соёлын хөдлөх үнэт зүйлсийг хадгалж хамгаалах зориулалт бүхий хоргодох байр зэрэг байгууламж;
(c) “a” болон “b” дэд хэсэгт заасан соёлын үнэт зүйлсийг нэлээд олон тоотойгоор агуулсан “соёлын үнэт зүйлсийн цогцолбор төв” гэж нэрлэгдэх төвүүд.
2 дугаар зүйл
Соёлын үнэт зүйлсийн хамгаалалт
Энэхүү конвенцийн зорилгод соёлын үнэт зүйлсийн хамгаалалтад тухайн үнэт зүйлсийн хадгалж хамгаалах, хүндэтгэх асуудал хамаарна.
3 дугаар зүйл
Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд зэвсэгт мөргөлдөөний үед гарч болох үр нөлөөний эсрэг өөрсдийн нутаг дэвсгэрт байрлаж буй соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах бэлтгэлийг тайван цагт хангахад өөрсдийн зүгээс шаардлагатай гэж үзэж буй тийм арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.
4 дүгээр зүйл
Соёлын үнэт зүйлсийг хүндэтгэх
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд зэвсэгт мөргөлдөөний үед өөрсдийн болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын нутаг дэвсгэрт байгаа соёлын үнэт зүйлсийг эвдэрч сүйдэх буюу гэмтээх аюул учруулахаас хамгаалах зорилгоор эдгээр үнэт зүйлс буюу түүний эргэн тойронд байгаа аливаа байгууламжийг ашиглахыг хориглох, эдгээр үнэт зүйлсийн эсрэг чиглэсэн дайсагнах аливаа үйлдлээс татгалзаж соёлын үнэт зүйлсийг хүндэтгэх үүрэг хүлээнэ.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг зөвхөн цэргийн зайлшгүй шаардлагын улмаас зөрчихийг шаардаж байгаа тохиолдолд л зөрчиж болно.
3. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд соёлын үнэт зүйлсийн эсрэг шууд чиглэсэн аливаа үйлдэл, хулгай, дээрэм буюу хууль бусаар эзэмших бусад хэлбэрийг хэрэв шаардлагатай бол зогсоох, урьдчилан сэргийлэх, хориглох үүрэг хүлээнэ. Тэд хэлэлцэн тохирогч эрхэм дээд нөгөө талын нутаг дэвсгэрт байрлаж буй соёлын хөдлөх үнэт зүйлсийг албадан шаардахаас татгалзах үүрэг хүлээнэ.
4. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд соёлын үнэт зүйлсийг дайны төлбөр болгоход чиглэсэн аливаа үйлдлээс татгалзах үүрэг хүлээнэ.
5. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд аль ч тал 3 дугаар зүйлд заасан хадгалж хамгаалах арга хэмжээг хэлэлцэн тохирогч эрхэм дээд нөгөө тал аваагүй байна гэсэн үндэслэлээр энэ зүйлд заасан үүргээс татгалзаж болохгүй.
5 дугаар зүйл
Эзлэлт
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд нөгөө талын нутаг дэвсгэрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн эзэлсэн хэлэлцэн тохирогч аливаа эрхэм дээд тал соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах болон хадгалах зорилгоор эзлэгдсэн улсын үндэсний эрх бүхий байгууллагыг боломжийн хэрээр дэмжинэ.
2. Хэрэв цэргийн ажиллагааны дүнд эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа соёлын үнэт зүйлс гэмтэж, эрх бүхий үндэсний байгууллага хадгалахад шаардлагатай арга хэмжээ авч чадахгүйн улмаас соёлын үнэт зүйлсыг хадгалах талаар яаралтай арга хэмжээ авах шаардлага гарвал эзлэгч гүрэн эдгээр үнэт зүйлсийг хадгалж хамгаалах талаар дурдсан байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатай арга хэмжээг боломжтой бол нэн даруй авна.
3. Эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүдээс бүрдсэн засгийн газрыг хууль ёсны гэж үзэж буй хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа тал хэрэв боломжтой бол, соёлын үнэт зүйлстэй холбоотой конвенцийн заалтуудыг биелүүлэх үүрэгт тэдгээрийн анхаарлыг хандуулна.
6 дугаар зүйл
Соёлын үнэт зүйлсийг онцолж тэмдэглэх
Соёлын үнэт зүйлсийг танихад хялбар болгох үүднээс 16 дугаар зүйлд заасан ялгах тэмдгээр илэрхийлнэ.
7 дугаар зүйл
Цэргийн арга хэмжээ
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийг дагаж мөрдөх заалтууд бүхий цэргийн журам буюу зааварчилгааг тайван цагт таниулах, өөрийн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд ард түмнүүдийн соёл болон соёлын үнэт зүйлсийг хүндэтгэн үзэх үзэл санааг төлөвшүүлэх үүрэг хүлээнэ.
2. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд өөрсдийн зэвсэгт хүчний хүрээнд соёлын үнэт зүйлсийг хүндэтгэх явдлыг хангах зорилготой алба, эсхүл мэргэшсэн албан хаагчдыг тайван цагт томилж, соёлын үнэт зүйлсийг хамгаалах үүрэг бүхий энгийн байгууллагатай хамтран ажиллах үүрэг хүлээнэ.
II бүлэг
Тусгай хамгаалалт
8 дугаар зүйл
Тусгай хамгаалалт олгох
1. Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын хөдлөх үнэт зүйлсийг хамгаалах зориулалт бүхий хязгаарлагдмал тооны байр, соёлын бусад ихээхэн чухал ач холбогдолтой үл хөдлөх үнэт зүйлсийг төвлөрүүлэх төвийг дараахь тохиолдолд тусгай хамгаалалтад авна:
(a) том үйлдвэрийн аливаа төв, эсхүл өртөмтгий төвүүдийг агуулсан цэргийн аливаа гол объект, тухайлбал, нисэх онгоцны буудал, холбоо дамжуулах станц, үндэсний батлан хамгаалахад ажиллаж буй байшин барилга, далайн чухал боомт, эсхүл төмөр замын буудал, харилцаа холбооны гол шугамаас зохих зайд байрлах;
(b) цэргийн зорилгоор ашиглагдаггүй бол.
2. Соёлын хөдлөх үнэт зүйлсийн хоргодох байрыг хаана байгаагаас үл хамааран тийнхүү баригдсан бол бөмбөгдөлтөд өртүүлж сүйрүүлэхгүй байхаар тусгай хамгаалалтад авна.
3. Соёлын үнэт зүйлсийн цогцолбор төвийг цэргийн бие бүрэлдэхүүн, эсхүл цэргийн материал шилжүүлэх, түүнчлэн дамжуулахад ашигласан бол түүнийг цэргийн зорилгоор ашигласан гэж үзнэ. Уг төвийг цэргийн ажиллагаанд шууд хамаарах үйл ажилалгаа, цэргийн бие бүрэлдэхүүнийг байршуулах, эсхүл уг төвд цэргийн материал үйлдвэрлэвэл түүнийг мөн цэргийн зорилгоор ашигласан гэж үзнэ.
4. Дээрх 1 дэх хэсэгт дурдсан соёлын үнэт зүйлсийг тийнхүү хамгаалахаар томилогдсон цэргийн харуулаар, эсхүл соёлын тухайн үнэт зүйлсийн ойролцоо байгаа нийтийн хэв журам сахиулах ердийн үүрэгтэй цагдаагийн хүчнээр хамгаалуулж байвал соёлын үнэт зүйлсийг цэргийн зорилгоор ашиглаж байна гэж үзэхгүй.
5. Хэрэв энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан соёлын үнэт аливаа зүйлс нь дээрх хэсэгт тодорхойлсон цэргийн чухал объектын ойролцоо байрлаж байгаа бөгөөд хэрэв хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал зэвсэгт мөргөлдөөний үед уг объектыг аль ч тохиолдолд ашиглахгүй байх, ялангуяа уг обеъкт нь далайн боомт, төмөр зам, эсхүл нисэх онгоцны буудал бол тэнд үүсэх хөдөлгөөнийг саатуулах үүрэг хүлээж хамгаалалтад авахыг хүсвэл уг үнэт зүйлсийг тусгай хамгаалалтад авна. Ийм нөхцөлд хөдөлгөөн саатуулах талаар авах арга хэмжээг тайван цагт бэлтгэсэн байна.
6. Тусгай хамгаалалтад байх соёлын үнэт зүйлсийн олон улсын бүртгэлд орсон соёлын үнэт зүйлст л тусгай хамгаалалтыг олгоно. Энэхүү конвенцийн заалт болон конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан нөхцлийн дагуу бүртгэлийг хийнэ.
9 дүгээр зүйл
Тусгай хамгаалалтын дагуух соёлын үнэт зүйлсийн
дархан эрх
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцлөөс бусад тохиолдолд Олон улсын бүртгэлд орсон цагаас эхлэн тусгай хамгаалалтад байх үнэт зүйлсийн эсрэг чиглэсэн дайсагнах аливаа үйлдэл болон түүний ойролцоох зүйлийг цэргийн зорилгоор ашиглахаас татгалзаж, соёлын үнэт зүйлсийг дархан эрхээр хангах үүрэг хүлээнэ.
10 дугаар зүйл
Тодорхойлох, хяналт тавих
Зэвсэгт мөргөлдөөний үед тусгай хамгаалалтад байгаа соёлын үнэт зүйлсийг 16 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдгээр ялгаж, энэхүү конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан олон улсын хяналт явуулахад нээлттэй байлгана.
11 дүгээр зүйл
Дархан эрхийг түдгэлзүүлэх
1. Хэрэв хэлэлцэн тохирогч эрхэм дээд аль нэг тал тусгай хамгаалалтад байгаа соёлын үнэт зүйлсийн хувьд 9 дүгээр зүйлд заасан үүргийг зөрчсөн тохиолдолд эсрэг тал нь уг зөрчлийг арилтал тухайн үнэт зүйлсийн халдашгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөнө. Гэхдээ боломжтой үед сүүлчийн тал зохих хугацаанд дурдсан зөрчлийг арилгуулахыг эхэлж шаардана.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд цэргийн зайлшгүй шаардлага байгаа болон үргэлжлэх нөхцөлд л тусгай хамгаалалтад байгаа соёлын үнэт зүйлсийн дархан эрхийг түдгэлзүүлж болно. Тийм шаардлагыг зэвсэгт хүчний дивиз, эсхүл түүнтэй тоогоор буюу хэмжээгээр адил, эсхүл илүү байх хэсгийг удирдаж буй офицер тодорхойлно. Аль ч тохиолдолд нөхцөл байдал шаардаж байвал эсрэг тал нь дархан эрхийг түдгэлзүүлэх тухайгаа боломжтой хугацаанд урьдчилан мэдэгдэнэ.
3. Дархан эрхийг түдгэлзүүлж буй тал конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан соёлын үнэт зүйлсийн асуудал эрхэлсэн Ерөнхий комиссарт энэ тухайгаа аль болох богино хугацаанд шалтгааныг зааж, бичгээр мэдэгдэнэ.
III бүлэг
Соёлын үнэт зүйлсийг тээвэрлэх
12 дугаар зүйл
Тусгай хамгаалалтын дор тээвэрлэх
1. Хэлэлцэн тохирогч холбогдох эрхэм дээд талын хүсэлтээр зөвхөн соёлын үнэт зүйлсийг тухайн нутаг дэвсгэр дотор, эсхүл өөр талын нутаг дэвсгэрт гүйцэтгэх тээвэрлэлтийг конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан нөхцлийн дагуу тусгай хамгаалалтын дор хийнэ.
2. Конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан нөхцлийн дагуу тусгай хамгаалалт бүхий олон улсын хяналтын дор гүйцэтгэх тээвэрлэлтийг 16 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдгээр илэрхийлнэ.
3. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тусгай хамгаалалттай тээвэрлэлтийн эсрэг чиглэсэн дайсагнах аливаа үйлдлээс татгалзана.
13 дугаар зүйл
Яаралтай тохиолдолд тээвэрлэх
1. Хэрэв хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал соёлын зарим үнэт зүйлсийн аюулгүй байдлыг хангах үүднээс түүнийг тээвэрлэх, ийнхүү хийх тээвэрлэлтийг яаралтай гүйцэтгэх, 12 дугаар зүйлд заасан журмыг ялангуяа зэвсэгт мөргөлдөөний эхэн үед мөрдөх боломжгүй гэж үзвэл тухайн тээвэрлэлтийг 16 дугаар зүйлд тодорхойлсон бэлгэ тэмдгээр илэрхийлж болох бөгөөд 12 дугаар зүйлд заасан дархан эрхийг олгох тухай хүсэлт өмнө нь гаргаагүй буюу татгалзсан гэж үзнэ. Хэрэв боломжтой бол тээвэрлэлтий тухай эсрэг талдаа мэдэгдэнэ. Дархан эрх тусгайлан олгогдоогүй бол соёлын үнэт зүйлсийг өөр улсын нутаг дэвсгэрт тээвэрлэх аль ч тохиолдолд бэлгэ тэмдэг ашиглахгүй.
2. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бэлгэ тэмдэг бүхий тээвэрлэлтийн эсрэг чиглэсэн дайсагнах үйлдлийг таслан зогсооход шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авна.
14 дүгээр зүйл
Албадан хураах, шагналын журмаар хураах, олзлохын
эсрэг дархан эрх
1. Дор дурдсан зүйлд албадан хураах, шагналын журмаар хураах, олзлохын эсрэг дархан эрхийг олгоно:
(a) 12 буюу 13 дугаар зүйлд заасан хамгаалалтад байх соёлын үнэт зүйлс;
(b) эдгээр үнэт зүйлсийг тээвэрлэхэд зөвхөн хамаарах тээврийн хэрэгслүүд.
2. Энэ зүйлийн аль ч заалт үзлэг болон хяналт хийх эрхийг хязгаарлахгүй.
IV бүлэг
Ажилтан
15 дугаар зүйл
Ажилтан
Аюулгүй байдлын шаардлага боломж олговол соёлын үнэт зүйлсийг хамгаалах ажилтанд тухайн үнэт зүйлсийн хадгалалт хамгаалалтын ашиг сонирхлын үүднээс хүндэтгэлтэй хандах бөгөөд хэрэв тухайн ажилтан эсрэг талд олзлогдвол тухайн талд мөн олзлогдсон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийг түүнд мөн олгоно.
V бүлэг
Бэлгэ тэмдэг
16 дугаар зүйл
Конвенцийн бэлгэ тэмдэг
1. Конвенцийн бэлгэ тэмдэг нь цэнхэр, цагаан өнгөөр дөрөв хуваасан доошоо шовх бамбай хэлбэртэй (бамбай нь дараахь зүйлээс бүрдэнэ: нэг өнцөг нь бамбайн шовх хэсэг рүү харсан цэнхэр өнгийн кавадрат, уг кавдратын дээр цэнхэр өнгийн гурвалжин байх бөгөөд уг квадрат, гурвалжин нь хоёр хажуугаараа цагаан өнгийн гурвалжингаар хүрээлэгдсэн байна) байна.
2. Бэлгэ тэмдгийг дангаар нь, эсхүл 17 дугаар зүйлд заасан нөхцлийн дагуу гурвалжин хэлбэртэйгээр гурваар нь хэрэглэнэ.
17 дугаар зүйл
Бэлгэ тэмдгийг хэрэглэх
1. Гурван удаа давтсан бэлгэ тэмдгийг зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэнэ:
(a) тусгай хамгаалалтад байгаа соёлын хөдлөх үнэт зүйлс;
(b) 12 болон 13 дугаар зүйлд заасан нөхцлийн дагуу соёлын үнэт зүйлсийг тээвэрлэх;
(c) конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан нөхцлийн дагуух түр хугацаагаар хоргодох байшин барилга.
2. Дангаар нь хэрэглэх бэлгэ тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
(a) тусгайлан хамгаалаагүй соёлын үнэт зүйлс;
(b) конвенцийн хэрэгжүүлэх журмын дагуу хяналтын үүрэг гүйцэтгэх хүмүүс;
(c) соёлын үнэт зүйлсийг хамгаалах үүрэгтэй ажилтан;
(d) конвенцийг хэрэгжүүлэх журамд заасан биеийн байцаалт.
3. Зэвсэгт мөргөлдөөний үед энэ зүйлийн өмнөх хэсэгт зааснаас бусад бүх тохиолдолд бэлгэ тэмдгийг хэрэглэх, эсхүл конвенцийн бэлгэ тэмдэгтэй аливаа байдлаар төстэй тэмдгийг ямар ч зорилгоор ашиглахыг хориглоно.
4. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын эрх бүхий байгууллагаас гарын үсэг зурж, өдөрлөсөн холбогдох зөвшөөрөлгүйгээр соёлын хөдлөх аливаа үнэт зүйлст бэлгэ тэмдгийг байрлуулахгүй.
VI бүлэг
Конвенцийг хэрэглэх хүрээ
18 дугаар зүйл
Конвенцийг хэрэглэх
1. Тайван цагт хүчин төгөлдөр байх заалтуудаас бусад тохиолдолд энэхүү конвенцийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд хоёр буюу түүнээс дээш талуудын хооронд зарласан дайн, эсхүл тэдгээрийн хооронд үүсэж болох зэвсэгт мөргөлдөөнд, уг дайн нэг буюу хэд хэдэн улсын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан ч хэрэглэнэ.
2. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын нутаг дэвсгэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд эзэлсэн бүх тохиолдолд, түүнчлэн дурдсан эзлэлт нь цэргийн ямар ч эсэргүүцэлтэй тулгараагүй байсан ч энэхүү конвенцийг мөн адил хэрэглэнэ.
3. Хэрэв мөргөлдөөнд оролцож буй улсуудын нэг нь энэхүү конвенцийн оролцогч тал биш байсан ч энэхүү конвенцийн оролцогч тал болох улсуудын хувьд өөр хоорондын харилцаандаа түүний заалтуудыг хэвээр мөрдөнө. Үүнээс гадна дурдсан улс энэхүү конвенцийг батлах талаар мэдэгдэл хийж, түүний заалтуудыг биелүүлж байвал бусад улс тухайн улстай цаашид харилцах харилцаандаа энэхүү конвенцийг хэрэглэнэ.
19 дүгээр зүйл
Олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөн
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын аль нэгний нутаг дэвсгэрт гарч буй олон улсын шинж чанартай бус зэвсэгт мөргөлдөөний үед мөргөлдөөнд оролцогч тал бүр соёлын үнэт зүйлсийг хүндэтгэхэд хамаарах энэхүү конвенцийн хамгийн наад захын хэм хэмжээг хэрэглэх үүрэг хүлээнэ.
2. Мөргөлдөөнд оролцогч талууд энэхүү конвенцийн заалтуудыг бүхэлд буюу хэсэгчлэн хэрэгжүүлэх талаар тусгай хэлэлцээр байгуулахад бүхий л хүчин чармайлтаа дайчлана.
3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага мөргөлдөөнд оролцогч талуудад өөрийн үйлчилгээг санал болгож болно.
4. Дээр дурдсан заалтуудыг хэрэглэх нь мөргөлдөөнд оролцогч талуудын хууль эрх зүйн байдлыг хөндөхгүй.
VII бүлэг
Конвенцийг хэрэгжүүлэх
20 дугаар зүйл
Конвенцийг хэрэгжүүлэх журам
Энэхүү конвенцийг түүний бүрэлдэхүүн хэсэг болох конвенцийг хэрэгжүүлэх журамд заасны дагуу хэрэгжүүлнэ.
21 дүгээр зүйл
Хамгаалагч гүрэн
Энэхүү конвенц болон түүнийг хэрэгжүүлэх журмыг мөргөлдөөнд оролцогч талуудын ашиг сонирхолыг хамгаалах үүрэг бүхий хамгаалагч гүрнүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
22 дугаар зүйл
Эвлэрүүлэх журам
1. Соёлын үнэт зүйлст хамгаалах ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж болох бүхий тохиолдол тухайлбал, энэхүү конвенц буюу түүнийг хэрэгжүүлэх журмын заалтуудыг хэрэглэх буюу тайлбарлахад мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд саналын зөрүү гарсан тохиолдолд хамгаалагч гүрэн сайн санааны үүднээс үйлчилгээ үзүүлнэ.
2. Эл зорилгоор хамгаалагч гүрэн бүр аль нэг тал, эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын урилгаар, эсхүл өөрийн санаачлагаар хэрэв шаардлагатай гэж үзвэл төвийг сахисан улсын нутаг дэвсгэрийг сонгон соёлын үнэт зүйлсийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд, тэдгээрийн төлөөлөгчид оролцох зөвлөлдөөн хийхийг мөргөлдөөнд оролцогч талуудад санал болгож болно. Мөргөлдөөнд оролцогч талууд зөвлөлдөөн хийх саналыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хамгаалагч гүрэн уг зөвлөлдөөнд даргалагчийн хувьд оролцох этгээдийг төвийг сахисан улсын харьяат нь байх, эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирлаас санал болгосон хүнээр батлуулах саналыг мөргөлдөөнд оролцогч талуудад тавина.
23 дугаар зүйл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын
байгууллагын туслалцаа
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд соёлын үнэт зүйлсийг хамгаалах ажлын зохион байгуулах, энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журмыг хэрэглэхэд үүсэх аливаа бусад асуудлыг шийдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлэхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас хүсч болно. Уг байгууллага нь өөрийн хөтөлбөр болон боломжийн хүрээнд эл туслалцааг үзүүлнэ.
2. Уг байгууллага нь өөрийн санаачлагаар хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудад энэ асуудлаар санал гаргах эрхтэй.
24 дүгээр зүйл
Тусгай хэлэлцээр
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тусад нь заалт гаргах шаардлагатай гэж үзэх бүхий л асуудлаар тусгай хэлэлцээр байгуулж болно.
2. Соёлын үнэт зүйлс болон түүнийг хамгаалах үүрэг бүхий ажилтанд энэхүү конвенцийн дагуу олгосон хамгаалалтыг бууруулах ямар ч тусгай хэлэлцээрийг байгуулж болохгүй.
25 дугаар зүйл
Конвенцийг түгээн дэлгэрүүлэх
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тайван цагт болон зэвсэгт мөргөлдөөний үед энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журмын эх бичвэрийг өөрсдийн холбогдох улсад аль болох өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээнэ. Тухайлбал тэд өөрсдийн цэргийн хөтөлбөр, хэрэв боломжтой бол иргэний сургалтын хөтөлбөрт үүнийг оруулж, нийт хүн ам ялангуяа, соёлын үнэт зүйлсийг хамгаалах үүрэг бүхий зэвсэгт хүчин болон ажилтанд энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журмын зарчмуудыг таниулах үүрэг хүлээнэ.
26 дугаар зүйл
Орчуулга, илтгэл
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журмын албан ёсны орчуулгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирлаар дамжуулан өөр хоорондоо хүргүүлнэ.
2. Тиймээс хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журмыг биелүүлэхэд өөрсдийн холбогдох байгууллагаас авсан, бэлтгэсэн буюу төлөвлөсөн аливаа арга хэмжээтэй холбоотой өөрсдийн шаардлагатай гэж үзсэн мэдээллийн талаарх илтгэлийг дөрвөн жилд нэг удаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд хүргүүлнэ.
27 дугаар зүйл
Зөвлөлдөөн
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Гүйцэтгэх зөвлөлөөс зөвлөсний дагуу хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын төлөөлөгчдийн зөвлөлдөөнийг зарлан хуралдуулна. Тэрбээр уг зөвлөлдөөнийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын тавны нэг хүсэлт гаргасан тохиолдолд зарлан хуралдуулах ёстой.
2. Энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журамд заасан аливаа үүргийг хөндөхгүйгээр, зөвлөлдөөний зорилго нь конвенц, түүнийг хэрэгжүүлэх журмыг хэрэглэх болон түүнд холбогдох зөвлөмжийг бэлтгэх асуудлыг судлахад оршино.
3. Хэрэв хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын олонхи нь зөвлөдөөнд хүрэлцэн ирсэн бол зөвлөдөөний явцад 39 дүгээр зүйлийн дагуу конвенц, түүнийг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулж болно.
28 дугаар зүйл
Шийтгэл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийг зөрчсөн болон зөрчихийг тушаасан аливаа этгээдийг харьяалалаас нь үл хамаарч эрүүгийн, эсхүл захиргааны шийтгэлийг ногдуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг өөрсдийн эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд авна.
Төгсгөлийн заалтууд
29 дүгээр зүйл
Хэл
1. Энэхүү конвенцийг англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн бөгөөд дөрвөн эх бичвэрүүд адил хүчинтэй байна.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага нь түүний Ерөнхий бага хурлын албан ёсны бусад хэлнээ конвенцийг орчуулах ажлыг зохион байгуулна.
30 дугаар зүйл
Гарын үсэг зурах
Энэхүү конвенцийг 1954 оны 5 дугаар сарын 14-өөр өдөрлөж, Гаага хотноо 1954 оны 4 дүгээр сарын 21-ээс 5 дугаар сарын 14-ны өдөр хүртэл хуралдсан Бага хуралд уригдсан бүх улсуудын хувьд 1954 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.
31 дүгээр зүйл
Соёрхон батлах
1. Энэхүү конвенцийг гарын үсэг зурсан улсууд өөрсдийн үндэсний хууль тогтоомжийн дагуу соёрхон батална.
2. Соёрхон батласан батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд хадгалуулна.
32 дугаар зүйл
Нэгдэн орох
Энэхүү конвенц нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 дугаар зүйлд заасны дагуу гарын үсэг зураагүй бүх улсын хувьд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлөөс нэгдэн орохыг урьсан аливаа улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулснаар тухайн улсыг нэгдэн орсонд тооцно.
33 дугаар зүйл
Хүчин төгөлдөр болох
1. Энэхүү конвенц нь түүнийг соёрхон батласан тухай таван батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.
2. Түүнээс хойш хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүрийн хувьд соёрхон батласан батламж жуух бичиг, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулснаас хойш гурван сарын дараа энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.
3. 18 болон 19 дүгээр зүйлд заасан нөхцлийн хувьд мөргөлдөөнд оролцогч талууд дайтах ажиллагаа буюу эзлэгдэхээсээ өмнө, эсхүл хойно соёрхон батласан батламж жуух, эсхүл нэгдэн орсон баримт бичгээ хадгалуулсан бол энэхүү конвенц нэн даруй хүчин төгөлдөр болно. Тийм тохиолдолд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал аль болох богино хугацаанд 38 дугаар зүйлд заасан мэдээллийг хийнэ.
34 дүгээр зүйл
Үйлчилгээг эхлүүлэх
1. Энэхүү конвенцийн оролцогч тал болсон улс бүр түүнийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор Конвенцийн үйлчилгээг эхлүүлэхэд шаардагдах бүхий л арга хэмжээг авна.
2. Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш соёрхон батласан батламж жуух, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсан бүх улсын хувьд тухайн хугацаа нь соёрхон батласан батламж жуух, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулснаас хойших мөн зургаан сар байна.
35 дугаар зүйл
Конвенцийн үйлчлэх нутаг дэвсгэрийн хүрээ
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд аль ч тал олон улсын харилцаанд үүрэг хүлээх нутаг дэвсгэрийн бүхэлд нь, эсхүл аливаа хэсэгт энэхүү конвенц үйлчилнэ гэсэн мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд хандан соёрхон батлах буюу нэгдэн орохдоо, эсхүл хэдийд ч хийж болно. Дурдсан мэдэгдэл нь түүнийг хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.
36 дугаар зүйл
Өмнөх конвенцуудтай холбогдох нь
1. Хуурай газраар дайтах хууль, зан заншил (IV), 1899 7 дугаар сарын 29 буюу 1907 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Дайны үед тэнгисийн цэргийн бөмбөгдөлтэй (IX) холбоотой Гаагийн конвенцуудын дагуу үүрэг хүлээсэн болон энэхүү конвенцийн оролцогч болсон гүрнүүдийн хоорондын харилцаанд энэхүү конвенц нь дээр дурдсан (IX) конвенц болон (IV) конвенцийн хавсралт болох журамд нэмэлт болох бөгөөд энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журамд бэлгэ тэмдгийг хэрэглэхээр заасан тохиолдол бүрт (IX) конвенцийн 5 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдгийг энэхүү конвенцийн 16 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдэг орлоно.
2. Шинжлэх ухааны болон урлагийн байгууллага, түүхийн дурсгалт хөшөөг хамгаалах тухай 1951 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Вашингтоны пакт (Рерихийн пакт)-ын дагуу үүрэг хүлээсэн болон энэхүү конвенцийн оролцогч болсон гүрнүүдийн хоорондын харилцаанд энэхүү конвенц нь Рерихийн пактын нэмэлт болох бөгөөд энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журамд бэлгэ тэмдгийг хэрэглэхээр заасан тохиолдол бүрт Пактын 3 дугаар зүйлд заасан ялгах далбааг энэхүү конвенцийн 16 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдэг орлоно.
37 дугаар зүйл
Цуцлах
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр өөрийн нэрийн өмнөөс, эсхүл олон улсын харилцаанд үүрэг хүлээх аливаа нутаг дэвсгэрийн нэрийн өмнөөс энэхүү конвенцийг цуцалж болно.
2. Цуцлах тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд бичгээр мэдэгдэнэ.
3. Цуцлах тухай баримт бичгийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа энэхүү цуцлалт нь хүчин төгөлдөр болно. Хэрэв энэ хугацаа дуусахад цуцалсан улс зэвсэгт мөргөлдөөний оролцогч тал байвал, уг цуцлалт нь дайтах ажиллагаа дуусах хүртэл, эсхүл соёлын үнэт зүйлсийг эх оронд буцаах ажиллагаа дуусах хүртэл үйлчлэхгүй.
38 дугаар зүйл
Мэдэгдэл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал 30 болон 32 дугаар зүйлд заасан улсуудад болон Нэгдсэн Үндэстний Байгууллагад 31, 32 болон 39 дүгээр зүйлд заасан соёрхон батласан, нэгдэн орсон, эсхүл хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгийг хадгалуулсан тухай, 35, 37 болон 39 дүгээр зүйлтэй холбогдуулан мэдэгдэл хийсэн, цуцалсан тухай мэдэгдэнэ.
39 дүгээр зүйл
Конвенц, түүний хэрэгжүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг тавьж болно. Нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгосон аливаа эх бичвэрийн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд мэдэгдэх бөгөөд тэрбээр хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүрт түүнийг хүргүүлж, тухайн талаас дараахь асуудалд дөрвөн сарын дотор хариу ирүүлэх хүсэлт гаргана:
(a) санал болгосон нэмэлт өөрчлөлтийн хэлэлцэх Бага хурлыг зарлан хуралдуулахыг тухайн тал хүсч буй эсэх;
(b) Бага хурал хийхгүйгээр санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа эсэх;
(c) Бага хурал хийхгүйгээр санал болгосон нэмэлт өөрчлөлтийг татгалзахыг зөвшөөрч буй эсэх.
2. Ерөнхий захирал энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүлээн авсан хариуг хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талд хүргүүлнэ.
3. Хэрэв хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх тал дурдсан хугацаанд энэ зүйлийн 1 дэх хэсгийн “b”-д заасны дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд Бага хурал хийхгүйгээр санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа мэдэгдвэл Ерөнхий захирал тэдгээрийн шийдвэрийн талаархи мэдэгдлийг 38 дугаар зүйлийн дагуу хийнэ. Нэмэлт өөрчлөлт нь тухайн мэдэгдлийг хийсэн өдрөөс ерэн (90) хоногийн дараа хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талын хувьд хүчин төгөлдөр болно.
4. Нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх Бага хурлыг зарлан хуралдуулахыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын гуравны нэгээс доошгүй улс санал болговол хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын Бага хурлыг Ерөнхий захирал зарлан хуралдуулна.
5. Өмнөх заалтанд дурдсан журмын дагуу энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журамд оруулах нэмэлт өөрчлөлт нь Бага хуралд оролцсон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудаас түүнийг нэгэн зэрэг баталж, хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно.
6. Энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журамд оруулах 4 болон 5 дахь хэсэгт заасан Бага хурлаас батласан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд хүлээн зөвшөөрөх тухай баримт бичиг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд хадгалуулснаар хүчин төгөлдөр болно.
7. Энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журамд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа нэмэлт өөрчлөлт орсон энэхүү конвенц, түүнийг хэрэгжүүлэх журмын эх бичвэр нь соёрхон батлах, эсхүл нэгдэн ороход нээлттэй байна.
40 дүгээр зүйл
Бүртгэх
Энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирлын хүсэлтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу бүртгэнэ.
Дээр дурдсаныг нотолж, дор гарын үсэг зурагсад энэхүү конвенцид гарын үсэг зурав.
Энэхүү конвенцийг 1954 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Гаага хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад хадгалагдах нэг жинхэнэ эх хувь үйлдсэн бөгөөд түүний баталгаат хуулбарыг 30 болон 32 дугаар зүйлийн дагуу бүх улс, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагад хүргүүлнэ.
ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНИЙ ҮЕД СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
I бүлэг
Хяналт
1 дүгээр зүйл
Хүмүүсийн олон улсын жагсаалт
Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсноор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудаас соёлын өвийн ерөнхий комиссарын үүрэг гүйцэтгэхэд нэр дэвшүүлсэн хүмүүсийн олон улсын жагсаалтыг гаргана. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирлын санаачилгаар энэхүү жагсаалтыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын шаардлагын үндсэн дээр тогтмол хянаж үзнэ.
2 дугаар зүйл
Хяналт зохион байгуулах
Зэвсэгт мөргөлдөөнд татагдаж оролцсон хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа тал энэхүү конвенцийн 18 дугаар зүйлийг дараахь хэлбэрээр хэрэглэнэ:
(a) Өөрийн нутаг дэвсгэрт байрлаж буй соёлын үнэт зүйлсийг хамгаалах төлөөлөгчийг томилно, хэрэв энэ нь өөр нутаг дэвсгэрт байрлаж байвал тухайн нутаг дэвсгэрт байрлаж буй соёлын үнэт зүйлсийг хамгаалах тусгай төлөөлөгчийг томилно;
(b) Хэлэлцэн тохирогч эрхэм дээд ийм талтай мөргөлдөөнд оролцогч тал бүрийн нэрийн өмнөөс үйл ажиллагааг явуулж буй хамгаалагч гүрэн хэлэлцэн тохирогч эрхэм дээд тухайн талд дор дурдсан 3 дугаар зүйлийн дагуу төлөөлөгчдийг томилно;
(c) Соёлын үнэт зүйлсийг хамгаалах ерөнхий комиссарыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд тухайн талын хувьд 4 дүгээр зүйлийн дагуу томилно.
3 дугаар зүйл
Хамгаалагч гүрнүүдийн төлөөлөгчдийг томилох
Хамгаалагч гүрэн төлөөлөгчдөө өөрийн дипломат буюу консулын ажилтнуудаас, эсхүл тэдгээрийн томилогдох талын зөвшөөрөлтэйгээр өөр хүмүүсээс томилно.
4 дүгээр зүйл
Ерөнхий комиссарыг томилох
1. Соёлын үнэт зүйлсийг хамгаалах ерөнхий комиссарыг түүний томилох тал, эсрэг талуудын нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж буй хамгаалагч талын хамтарсан тохиролцоогоор хүмүүсийн олон улсын жагсаалтаас сонгоно.
2. Энэ асуудлаар хэлэлцээ эхлүүлснээс хойш гурван долоо хоногийн дотор талууд тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд тэд Олон улсын шүүхийн даргаас ерөнхий комиссарыг томилохыг хүснэ. Энэ комиссар нь түүний томилогдох тал томилгоог зөвшөөрөх хүртэл үүрэгт ажилдаа орохгүй.
5 дугаар зүйл
Төлөөлөгчдийн чиг үүрэг
Хамгаалагч гүрнүүдийн төлөөлөгчид нь конвенцийн зөрчлийг тэмдэглэж, томилогдсон талын зөвшөөрөлтэйгээр болон нөхцөл байдалд тааруулж мөрдөн байцаалтыг явуулж, мөргөлдөөнийг зогсоох явдлыг хангах зорилгоор орон нутагт төлөөлөл бий болгох, шаардлагатай тохиолдолд зөрчлийн тухай Ерөнхий комиссарт мэдэгдэнэ. Тэд өөрийн үйл ажиллагааны талаар Ерөнхий комиссарыг тогтмол мэдээлнэ.
6 дугаар зүйл
Ерөнхий комиссарын чиг үүрэг
1. Соёлын үнэт зүйлсийг хамгаалах ерөнхий комиссар конвенцийн хэрэгжилттэй холбогдолтой түүнд оногдсон бүх асуудлыг томилогдсон талын төлөөлөгч болон холбогдох төлөөлөгчидтэй хамтран эрхэлнэ.
2. Энэхүү журамд тусгагдсан асуудлаар шийдвэр гаргах, томилох эрх мэдэлтэй байна.
3. Томилогдсон талын зөвшөөрөлтэйгээр мөрдөн байцаалт эхлүүлэх, эсхүл өөрөө мөрдөн байцаал явуулах эрхтэй байна.
4. Конвенцийн хэрэгжилтэнд хэрэгтэй гэж үзсэн аливаа төлөөллийг мөргөлдөөнд оролцогч тал буюу тэдний хамгаалагч гүрэнд бий болгоно.
5. Конвенцийн хэрэгжилтэд шаардлагатай байж болох илтгэлийг бэлтгэж холбогдох талуудад илгээнэ. Илтгэлийн хувийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд илгээж, тэрбээр илтгэлийн зөвхөн техникийн агуулгыг ашиглаж болно.
6. Хамгаалагч гүрэн байхгүй тохиолдолд Ерөнхий комиссар Конвенцийн 21, 22 дугаар зүйлд заасны дагуу хамгаалагч гүрний үүрэг гүйцэтгэнэ.
7 дугаар зүйл
Байцаагч, шинжээч нар
1. Соёлын үнэт зүйлсийг хамгаалах ерөнхий комиссар шаардлагатай гэж үзэх, эсхүл холбогдох төлөөлөгчдийн хүсэлтээр буюу тэдэнтэй зөвлөлдсөний дараа томилогдсон талд тусгай үүрэгтэй соёлын үнэт зүйлсийг хамгаалах байцаагчийг батлуулахаар санал болгоно.
2. Ерөнхий комиссар, төлөөлөгчид болон байцаагчид дээрх хэсэгт дурдсаны адил санал болгож болох шинжээч томилж болно.
8 дугаар зүйл
Хяналтын үүргээс чөлөөлөх
Соёлын үнэт зүйлсийг хамгаалах ерөнхий комиссар, хамгаалагч гүрнүүдийн төлөөлөгчид, байцаагчид болон шинжээчид ямар ч тохиолдолд эрх мэдлээ хэтрүүлж болохгүй. Тухайлбал, тэд томилогдсон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын аюулгүй байдлын шаардлагыг анхааралдаа авах бөгөөд бүх тохиолдолд хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын тавьсан дайны байдлын шаардлагад нийцүүлж үйл ажиллагаагаа явуулна.
9 дүгээр зүйл
Хамгаалагч гүрэнг орлуулах
Хэрэв мөргөлдөөнд оролцогч тал хамгаалагч гүрний үйл ажиллагаанаас ашиг хүртэхгүй байх, эсхүл ашиг олохоо болих тохиолдолд төвийг сахигч улсыг хамгаалагч гүрний үүргийг хүлээн авахыг хүсэж болно. Чингэхдээ Соёлын үнэт зүйлсийг хамгаалах комиссарыг дээрх Ґ4 дүгээр зүйлд заасан журмын дагуу томилно. Ийнхүү томилогдсон Ерөнхий комиссар шаарлагатай тохиолдолд энэ журамд заасны дагуу хамгаалагч гүрнүүдийн төлөөлөгчдийн үүргийг байцаагчдад хүлээлгэнэ.
10 дугаар зүйл
Зардал
Соёлын үнэт зүйлсийг хамгаалах ерөнхий комиссар, байцаагчид болон шинжээчдийн урамшуулал, зардлыг томилогдсон тал хариуцна. Хамгаалагч гүрнүүдийн төлөөгчдийн урамшуулал, зардлыг тухайн гүрнүүд болон эрхийг нь хамгаалж буй улсууд хоорондын тохиролцоогоор зохицуулна.
II бүлэг
Тусгай хамгаалт
11 дүгээр зүйл
Түр хугацаагаар хорогдох байр
1. Зэвсэгт мөргөлдөөний үеэр хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа тал урдьчилан харах боломжгүй нөхцөл байдлын улмаас түр хугацаагаар хорогдох байр байгуулах шаардлагатай болсон бөгөөд түүнийг тусгай хамгаалалтад байрлуулах хүсэлтэй байх тохиолдолд энэ талаар тухайн талд томилогдсон Ерөнхий комиссарт мэдэгдэнэ.
2. Хэрэв Ерөнхий комиссар ийм арга хэмжээг тухайн нөхцөл байдалд болон тухайн түр хугацаагаар хорогдох байрт байрлаж буй соёлын үнэт зүйлсийг ач холбогдлын хувьд шаардлагатай гэж үзвэл ийм түр хугацаагаар хорогдох байранд Конвенцийн 16 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдгийг байрлуулахыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудад зөвшөөрч болно. Тэрбээр шийдвэрээ холбогдох хамгаалагч гүрнүүдийн төлөөлөгчдөд цаг алдалгүй илгээж, төлөөлөгч бүр 30 хоногийн хугацаанд багтааж бэлгэ тэмдгийг буцаахыг тушаана.
3. Ийм төлөөлөгчид зөвшөөрлөө илэрхийлсэн, эсхүл 30 хоногийн хугацаанд холбогдох төлөөлөгчид татгалзлаа илэрхийлээгүй тохиолдолд, эсхүл Ерөнхий комиссар хорогдох байранд Конвенцийн 8 дугаар зүйлд заасан шаардлага хангасан гэж үзвэл Ерөнхий комиссар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирлыг түр орогнох байрыг тусгай хамгаалалтад авсан соёлын үнэт зүйлсийн жагсаалтад оруулахыг хүснэ.
12 дугаар зүйл
Тусгай хамгаалалтад авсан соёлын үнэт зүйлсийн олон улсын бүртгэл
1. Тусгай хамгаалалтад авсан соёлын үнэт зүйлсийн олон улсын жагсаалтыг бэлтгэнэ.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал энэ бүртгэлийг хөтлөнө. Тэрбээр бүртгэлийн хуулбарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий захирал болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудад хүргүүлнэ.
3. Бүртгэлийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын нэрээр ангилна. Хэсэг бүрийг дараахь гарчигтай гурван дэд хэсэгт хуваана: Түр хугацаагаар орогнох байр, хөшөө бүхий төвүүд, соёлын бусад үл хөдлөх үнэт зүйлс. Ерөнхий захирал хэсэг бүрт тусгах зүйлийг нарийвчлан тодорхойлно.
13 дугаар зүйл
Бүртгүүлэхийг хүсэх
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа тал өөрийн нутаг дэвсгэрт байрлаж буй тодорхой түр хугацаагаар орогнох байр, хөшөө бүхий төвүүд, хөдлөшгүй бусад соёлын бусад үл хөдлөх үнэт зүйлсийг бүртгэлд оруулах өргөдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд өгч болно. Ийм өргөдөлд уг үнэт зүйлсийн байрлалын тодорхойлолт болон тухайн үнэт зүйлс нь Конвенцийн 8 дугаар зүйлийн заалттай нийцэж байгааг нотлоно.
2. Эзлэгдсэн тохиолдолд эзлэгч гүрэн нь ийм өргөдөл гаргах эрхтэй байна.
3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал бүртгүүлэх өргөдлийн хуулбарыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүрт цаг алдалгүй илгээнэ.
14 дүгээр зүйл
Татгалзах
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа тал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд захидал илгээж соёлын үнэт зүйлсийг бүртгэхээс татгалзаж болно. Энэ захидлыг Ерөнхий захирал бүртгүүлэх өргөдөл илгээснээс хойш Ґ4 сарын дотор хүлээн авсан байх ёстой.
2. Ийм татгалзалд татгалзах болсон шалтгааныг дурдах бөгөөд үүнд гагцхүү дараахь үндэслэлийг хүчинтэйд тооцно:
(a) үнэт зүйлс нь соёлын үнэт зүйлс бус байх;
(b) үнэт зүйлс нь Конвенцийн 8 дугаар зүйлийн шаардлагад нийцэхгүй байх.
3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал татгалзсан тухай захидлын хуулбарыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудад цаг алдалгүй илгээнэ. Шаардлагатай тохиолдолд тэрбээр Хөшөө, урлагийн болон түүхийн барилга, археологийн малтмалын олон улсын хорооны болон зохистой гэж үзвэл бусад эрх бүхий аливаа байгууллага буюу хүний зөвлөгөөг авна.
4. Бүртгүүлэхийг хүссэн Ерөнхий захирал, эсхүл хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал татгалзлыг буцаалгуулах зорилгоор шаардлагатай гэж үзсэн аливаа төлөөллийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд татгалзсан талд бий болгож болно.
5. Хэрэв бүртгүүлэх өргөдлийг тайван цагт гаргасан хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүртгэлээс өмнө зэвсэгт мөргөлдөөнд оролцвол нотлох, буцаах, эсхүл хийж болох буюу хийсэн татгалзлыг хүчингүй болгох хүртэл Ерөнхий захирал тухайн үнэт зүйлсийг бүртгэлд түр хугацаагаар оруулна.
6. Хэрэв татгалзсан тухай захидал хүлээн авснаас хойш 6 сарын хугацаанд хэлэлцэн тохирогч эрхэм дээд талаас татгалзлыг буцаасан тухай мэдэгдэл хүлээн авахгүй бол бүртгүүлэх өргөдөл гаргасан хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал дараахь хэсэгт заасан журмын дагуу арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж болно.
7. Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг Ерөнхий захирал татгалзсан тухай захидал хүлээн авснаас хойш нэг жилийн хугацаанаас хойшгүй гаргана. Маргаанд оролцогч тал бүр нэг арбитрч томилно. Хэрэв нэгээс илүү татгалзал байх тохиолдолд татгалзсан хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд нийтийн тохиролцоогоор нэг арбитрч томилно. Эдгээр хоёр арбитрч нь энэхүү журмын 1 дүгээр зүйлд дурдсан олон улсын жагсаалтаас арбитрын даргыг сонгоно. Хэрэв эдгээр арбитрч тохиролцоонд хүрэхгүй бол тэд Олон улсын шүүхийн даргаас арбитрын даргыг томилохыг шаардах бөгөөд энэ тохиолдолд түүнийг олон улсын жагсаалтаас сонгох шаардлагагүй. Ийнхүү байгуулагдсан арбитрын шүүх үйл ажиллагааны журмаа өөрөө тодорхойлно. Арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй.
8. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр түүнийг хамарсан маргаан гарах үед өмнөх хэсэгт заасан арбитрын журмыг хэрэглэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж болно. Ийм тохиолдолд бүртгүүлэх өргөдлийн татгалзлыг Ерөнхий захирал хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудад дамжуулна. Татгалзлыг зөвхөн санал асуулгад оролцсон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын гуравны хоёрын олонхийн саналаар батална. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Конвенцийн 27 дугаар зүйлээр түүнд олгосон эрхийн дагуу уулзалт зарлан хуралдуулахгүй бол санал асуулгыг захидал харилцаагаар явуулна. Хэрэв Ерөнхий захирал санал асуулгыг захидал харилцаагаар явуулахыг шийдвэл тэрбээр хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудыг санал өгөхөөр уригдсанаас хойш 6 сарын хугацаанд саналаа лацадсан захидлаар ирүүлэхийг хүсэлт болгоно.
15 дугаар зүйл
Бүртгэл
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд татгалзал хүлээн аваагүй бол бүртгүүлэх өргөдөл өгсөн үнэт зүйл бүрийг серийн дугаартайгаар бүртгэлд оруулна.
2. Татгалзал илэрхийлсэн бөгөөд 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг хөндөхгүйгээр Ерөнхий захирал татгалзлыг буцаасан, эсхүл 14 дүгээр зүйлийн 7, эсхүл 8 дахь хэсэгт заасан журмын дагуу батлагдаагүй тохиолдолд л үнэт зүйлсийг бүртгэлд оруулна.
3. 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэх үед Соёлын үнэт зүйлсийг хамгаалах ерөнхий комиссар хүсэлт гаргах тохиолдолд Ерөнхий захирал соёлын үнэт зүйлсийг бүртгэлд оруулна.
4. Ерөнхий захирал өвийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон бүртгүүлэх өргөдөл гаргасан талын хүсэлтээр Конвенцийн 30 болон 32 дугаар зүйлд заасан бусад бүх улсад бүртгэлд оруулсан үнэт зүйлсийн баталгаат хуулбарыг цаг алдалгүй илгээнэ.
16 дугаар зүйл
Хүчингүй болгох
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал бүртгүүлсэн аливаа үнэт зүйлсийн бүртгэлийг дараахь тохиолдолд хүчингүй болгоно:
(a) соёлын үнэт зүйлс нутаг дэвсгэрт нь байрлаж буй хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын хүсэлтээр;
(b) бүртгүүлэхийг хүссэн хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал Конвенцийг цуцалсан болон уг цуцлалт хүчин төгөлдөр болсон;
(c) 14 дүгээр зүйлийн 7, эсхүл 8 дахь хэсэгт заасан журмаар татгалзал батлагдах талаар 5 дахь хэсэгт дурдсан онцгой тохиолдолд.
2. Ерөнхий захирал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бүртгэлд оруулсаны хуулбарыг хүлээн авсан бүх улсад татгалзлын хуулбарыг цаг алдалгүй илгээнэ. Ийм хуулбарыг илгээсний дараа 30 хоногийн дараа татгалзал хүчин төгөлдөр болно.
III бүлэг
Соёлын үнэт зүйлсийг тээвэрлэх
17 дугаар зүйл
Дархан эрх олгох журам
1. Конвенцийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хүсэлтийг Соёлын үнэт зүйлсийг хамгаалах ерөнхиий комиссарт илгээнэ. Тэрбээр хүсэлтийн үндэслэл, шилжүүлэх зүйлийн ойролцоо тоо болон ач холбогдол, тэдгээрийн одоо байрлаж буй байрлал, зөөвөрлөх зам, шилжүүлэх өдрийн санал болон бусад аливаа мэдээллийг дурдана.
2. Ерөнхий комиссар шаардлагатай гэж үзсэн саналыг сонссоны дараа ийм шилжүүлгийг зохистой гэж үзвэл тэрбээр гүйцэтгэхээр санал болгосон арга хэмжээний асуудлаар хамгаалагч холбогдох гүрнүүдийн төлөөлөгчидтэй зөвлөлдөнө.
3. Ерөнхий комиссар зөвхөн хүсэлтэд дурдсан үнэт зүйлсийг шилжүүлэх гэж буй бөгөөд тээвэрлэлийг зөвшөөрсөн аргаар явуулах бөгөөд бэлгэ тэмдэгтэй байгааг баталгаажуулах нэг, эсхүл түүнээс илүү байцаагч томилно. Байцаагч буюу байцаагчид хүрэх газарт нь очтол үнэт зүйлсийг дагалдаж явна.
18 дугаар зүйл
Хилийн чанадад тээвэрлэх
Тусгай хамгаалалтад авсан шилжүүлгийг өөр орны нутаг дэвсгэр рүү чиглэгдсэн үед түүнийг зөвхөн Конвенцийн 12 дугаар зүйлээр болон энэхүү журмын 17 дугаар зүйлээр бус зөвхөн дараахь заалтаар зохицуулна:
(a) соёлын үнэт зүйлс өөр улсын нутаг дэвсгэрт үлдэх тохиолдолд тухайн улс түүний хадгалагч нь байх бөгөөд уг үнэт зүйлстэй ижил хэмжээний ач холбогдол бүхий өөрийн соёлын үнэт зүйлсэд үзүүлдэгийн адил хамгаалалт үзүүлнэ;
(b) хадгалагч улс үнэт зүйлсийг зөвхөн мөргөлдөөн дууссаны дараа буцаана; энэ тохиолдолд буцаахыг хүссэн өдрөөс хойш зургаан сарын хугацаанд буцаана;
(c) шилжүүлгийн төрөл бүрийн үйл ажиллагааны үеэр болон энэ нь өөр улсын нутаг дэвсгэрт үлдэх хугацаанд соёлын үнэт зүйлсийг хураахгүй бөгөөд хадгалуулагч, эсхүл хадгалагч үрэгдүүлж болохгүй. Гэхдээ үнэт зүйлсийн аюулгүй байдлын шаардлагаар хадгалагч нь хадгалуулагчийн зөвшөөрөлтэйгөөр үнэт зүйлсийг өөр улсын нутаг дэвсгэр рүү энэ зүйлийн нөхцөлөөр тээвэрлэж болно;
(d) тусгай хамгаалалтад авах хүсэлтэд үнэт зүйлсийг нутаг дэвсгэрт нь шилжүүлж буй улс энэ зүйлийн заалтыг хүлээн зөвшөөрч буйг заах ёстой.
19 дүгээр зүйл
Эзлэгдсэн нутаг дэвсгэр
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд өөр талын нутаг дэвсгэрийг эзлэсэн хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал соёлын үнэт зүйлсийн тухай журмын 17 дугаар зүйлд заасан журмыг дагаж мөрдөх боломжгүйгээр тэнд байрладаг түр хугацаагаар орогнох байр уруу шилжүүлэх тохиолдолд Соёлын үнэт зүйлсийг хамгаалах ерөнхий комиссар жирийн хамгаалагч нартай зөвлөлдсөний дараа тухайн шилжүүлэг нь нөхцөл байдлын шаардлагын дагуу үйлдсэнийг бичгээр гэрчлэх тохиолдолд ийм шилжүүлгийг Конвенцийн 4 дүгээр зүйлийн утгаар хууль бусаар эзэмшсэнд тооцохгүй.
IV бүлэг
20 дугаар зүйл
Бэлгэ тэмдгийг хавсаргах
1. Бэлгэ тэмдгийг байрлуулах буюу түүний харагдах хэмжээг хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүрийн эрх бүхий байгууллагууд тодорхойлно. Үүнийг далбаа, гарын туузанд байрлуулж болно. Түүнийг байгууламж дээр будах, эсхүл бусад аливаа аргаар илэрхийлж болно.
2. Гэхдээ илүү тод тэмдэглэлээг хөндөхгүйгээр бэлгэ тэмдгийг зэвсэгт мөргөлдөөний үед болон Конвенцийн 12 болон 13 дугаар зүйлд заасан тохиолдолд өдрийн гэрэлд агаараас болон газраас тод харагдахаар тээврийн хэрэгслийн дугуйн дээр байрлуулна. Бэлгэ тэмдэг нь газраас дараахь тохиолдолд харагдах ёстой:
(a) хамгаалалтад авсан хөшөө бүхий төвийн периметр нь ердийн зайнаас тод харахад хангалттай;
(b) тусгай хамгаалалтад авсан үл хөдлөх соёлын бусадүнэт зүйлсэд нэвтрэхэд.
21 дүгээр зүйл
Хүмүүсийг таньж тогтоох
1. Конвенцийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (b) болон (c) дэд хэсэгт дурдсан этгээдүүд эрх бүхий байгууллагаас тамгалж олгосон бэлгэ тэмдэг бүхий гарын тууз зүүж болно.
2. Ийм этгээдүүд таних бэлгэ тэмдэг бүхий тусгай биеийн байцаалт авч явна. Ийм биеийн байцаалтад наад зах нь эзэмшигчийн овог, нэр, төрсөн он, сар, өдөр, зэрэг, цол болон чиг үүргийг тусгана. Биеийн байцаалтад эзэмшигчийн зураг, эсхүл гарын үсэг, эсхүл аль аль нь байна. Биеийн байцаалт эрх бүхий байгууллагын товгор тамгатай байна.
3. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр хавсралт загвар, аргачлалын дагуу өөрийн биеийн байцаалтын хэлбэрийг боловсруулна. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд ашиглаж буй загвараа бие биедээ өгнө. Биеийн байцаалтыг боломжийн хэрээр наад захь нь хоёр хувь үйлдэж нэгийг нь олгогч гүрэн хадгална.
4. Уг этгээдүүдээс хууль ёсны шалтгаангүйгээр биеийн байцаалтыг авч явах, эсхүл гарын тууз зүүж явах эрхээс нь түдгэлзүүлж болохгүй.