Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
91. ДАЙНЫ ҮЕД ЭНГИЙН ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ЖЕНЕВИЙН (IV) КОНВЕНЦ
1949 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталж,
1950 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон
Удиртгал
Дайны үед энгийн хүн амыг хамгаалах тухай конвенцийг байгуулах зорилгоор 1949 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Женев хотноо болсон Дипломат бага хуралд засгийн газраа төлөөлж дор гарын үсэг зурсан бүрэн эрхт төлөөлөгчид дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:
I АНГИ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийг бүх нөхцөл байдалд хүндэтгэн сахих буюу хүндэтгэн сахих явдлыг хангах үүрэг хүлээнэ.
2 дугаар зүйл
Тайван цагт хэрэгжүүлэх заалтын сацуу хоёр буюу хэд хэдэн хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын хооронд үүсч болох зарласан дайн буюу аливаа бусад зэвсэгт мөргөлдөөний бүх тохиолдолд тэдгээр талын аль нэг нь дайны байдлыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч энэхүү конвенцийг хэрэглэнэ.
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын нутаг дэвсгэрийг хэсэгчлэн буюу бүхэлд нь эзэлсэн бүх тохиолдолд тухайн эзлэлт нь зэвсэгт эсэргүүцэлтэй тулгараагүй байсан ч энэхүү конвенцийг мөн хэрэглэнэ.
Хэдийгээр зэвсэгт мөргөлдөөнд оролцогч гүрнийн аль нэг нь энэхүү конвенцид оролцогч тал биш байсан ч түүнд оролцогч тал болох гүрэн өөр хоорондын харилцаандаа энэхүү конвенцийг заавал биелүүлэх үүрэгтэй хэвээр байна. Үүнээс гадна хэрэв дээр дурдсан гүрэн энэхүү конвенцийн заалтыг хүлээн авч хэрэглэвэл түүний хувьд тэд энэхүү конвенцийг заавал биелүүлэх үүрэгтэй байна.
3 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын аль нэгний нь нутаг дэвсгэрт үүсэх олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөний тохиолдолд тухайн мөргөлдөөнд оролцогч тал бүр наад зах нь дараахь заалтыг хэрэглэх үүрэг хүлээнэ:
3) Дайтах ажиллагаанд шууд оролцоогүй этгээд, түүний дотор байлдахаа зогсоосон болон өвчлөх, шархдах, саатуулагдах буюу аливаа бусад шалтгааны улмаас байлдаанд оролцоогүй зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний этгээдтэй арьс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс, гарал үүсэл, эд хөрөнгийн байдал буюу бусад төсөөтэй шалгуурт үндэслэн ялгаварлан гадуурхалгүйгээр бүх нөхцөл байдалд хүнлэг харьцана.
Энэ үүднээс дараахь үйлдлийг дээр дурдсан этгээдийн хувьд хийхийг хэзээ ч, хаана ч хориглоно:
(a) амь нас, бие махбодид халдах, тухайлбал, бүхий л хэлбэрээр амийг нь хөнөөх, хүнд гэмтэл учруулах, харгис хэрцгийгээр харьцах, эрүүдэн шүүх;
(b) барьцаанд авах;
(c) хүний нэр төр, алдар хүндэд халдах, тухайлбал, доромжлон гутаах;
(d) соёл иргэншилт ард түмний зайлшгүй гэж хүлээн зөвшөөрсөн шүүхийн бүх баталгаагаар хангаж байнгын ажиллагаатай шүүхээс урьдчилан гаргасан шийдвэргүйгээр ял шийтгэх болон ял эдлүүлэх.
4) Шархтан болон өвчтөнийг олж тусламж үзүүлнэ. Олон улсын улаан загалмайн хороо зэрэг хараат бус хүмүүнлэгийн байгууллага мөргөлдөөнд оролцогч талд өөрийн үйлчилгээг санал болгож болно.
Мөргөлдөөнд оролцогч талууд тусгай хэлэлцээрийн замаар энэхүү конвенцийн бусад заалтыг бүгдийг буюу хэсэгчлэн хүчин төгөлдөр болгохыг цаашид чармайна.
Өмнөх заалтуудыг хэрэглэх нь мөргөлдөөнд оролцогч талуудын эрх зүйн байдлыг хөндөхгүй.
4 дүгээр зүйл
Мөргөлдөөнд оролцогч талуудын мөргөлдөөн буюу эзлэх үед тэдний эрхшээлд орсон, түүнчлэн эзлэгч гүрний эрхшээлд орсон бөгөөд эзлэгч гүрний харьяат бус иргэдийг энэхүү конвенцоор ямар ч үед, ямар ч нөхцөл байдалд хамгаална.
Конвенцид холбогдолгүй аливаа улсын иргэнийг энэхүү конвенцоор хамгаалахгүй. Мөргөлдөөнд оролцогч улсын нутаг дэвсгэрт төвийг сахисан улсын иргэд болон дайнд оролцогч аль нэг улсын иргэдийг харьяалах улс нь нөгөө улсад дипломат төлөөлөгчийн газраа хэвээр байлгаж байгаа цагт хамгаалагдсан хүмүүсийн тоонд хамааруулахгүй.
Гэвч II хэсгийн заалтыг 13 дугаар зүйлд зааснаас өргөн утгаар хэрэглэнэ.
Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенц, Тэнгисийн зэвсэгт хүчний шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенц мөн Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцоор хамгаалагдсан хүмүүсийг энэхүү конвенцоор хамгаалагдсан хүн гэж үзэхгүй.
5 дугаар зүйл
Энэхүү конвенцоор хамгаалагдсан хүмүүс мөргөлдөөнд оролцогч талын нутаг дэвсгэр дээр тухайн улсын аюулгүй байдалд дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гэж сэжиглэх хууль ёсны үндэслэл байгаа, эсхүл үйлдэсэн нь тогтоогдсон бол тухайн улсын аюулгүй байдалд хохирол учруулсан гэж үзэн уг хүнд энэхүү конвенцоор олгогдсон эрх болон эрх ямбыг эдлүүлэхгүй.
Хамгаалагдсан хүмүүс эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр тагнуулын буюу хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, эсхүл эзлэгч гүрний аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн хууль ёсны үндэслэл байгаа гэж сэжиглэгдэж байгаа буюу цэргийн аюулгүй байдал гарцаагүй шаардсан гэж уг хүнийг үзэж байгаа бол энэхүү конвенцоор олгогдсон холбоо барих эрхийг эдлэх эрхгүй.
Өмнөх хэсэгт дурдсан хүмүүст хүмүүнлэгээр хандаж, шүүн таслах ажиллагаа явуулах тохиолдолд энэхүү конвенцид заасан шударга, хэвийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нь хязгаарлаж болохгүй. Эдгээр хүнд улсын аюулгүй байдал буюу эзлэгч гүрний зохих нөхцөл байдалд нийцүүлэн аль болох богино хугацаанд энэхүү конвенцийн дагуу хамгаалагдсан хүмүүст олгох эрх, эрх ямбыг бүрэн хэмжээгээр эдлүүлнэ.
6 дугаар зүйл
Энэхүү конвенцийг 2 дугаар зүйлд заасан аливаа мөргөлдөөн буюу эзлэн авах үед хэрэглэнэ.
Мөргөлдөөнд оролцогч талуудын нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа бүрэн зогсоосны дараа энэхүү конвенцийг дагаж мөрдөхгүй.
Энэхүү конвенцийг эзлэгдсэн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа бүрэн зогссон цагаас хойш нэг жилийн дараа дагаж мөрдөхгүй хэдий ч энэ нутаг дэвсгэр дээр засгийн газрын үүргийг гүйцэтгэж байгаа эзлэгч гүрний ажиллагаа нь энэхүү конвенцийн 1-12, 27, 29-34, 47, 49, 51, 52, 53, 59, 61-77 дугаар зүйл болон 143 дугаар зүйлтэй эзлэгдсэн хугацаатай холбоотой байна.
Хамгаалагдсан хүмүүсийг чөлөөлөх, эх оронд нь буцаах буюу нөхөн сэргээх хүртэл энэхүү конвенцийн хамгаалалтад байлгана.
7 дугаар зүйл
Энэхүү конвенцийн 11, 14, 15, 17, 36, 108, 109, 132, 133 болон 149 дугаар зүйлд шууд заасан хэлэлцээрийн сацуу хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тусгай заалтаар зохицуулах нь тохиромжтой гэж үзэж болох бүх асуудлаар өөр тусгай хэлэлцээр байгуулж болно. Тусгай хэлэлцээр нь энэхүү конвенцид тодорхойлсон хамгаалагдсан хүмүүсийг байдалд сөргөөр нөлөөлөхгүй буюу тэдэнд олгосон эрхийг хязгаарлахгүй.
Дээр дурдсан хэлэлцээр, эсхүл дараа дараагийн хэлэлцээрт эсрэгээр шууд зааснаас бусад тохиолдолд, эсхүл мөргөлдөөнд оролцогч талуудын хамгаалагдсан хүмүүсийн хувьд илүү тааламжтай арга хэмжээ авснаас бусад тохиолдолд тэдгээр хэлэлцээрээр олгогдсон давуу байдлыг энэхүү конвенцийг тэдний хувьд хэрэглэх хугацаанд үргэлжлүүлэн эдэлнэ.
8 дугаар зүйл
Хамгаалагдсан хүмүүс нь энэхүү конвенц болон хэрэв өмнөх зүйлд дурдсан тусгай хэлэлцээр байгаа бол түүгээр хангагдсан эрхээсээ ямар ч нөхцөл байдалд хэсэгчлэн буюу бүрэн татгалзаж болохгүй.
9 дүгээр зүйл
Мөргөлдөөнд оролцогч талуудын ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий хамгаалагч гүрний дэмжлэг, хяналтын дор энэхүү конвенцийг хэрэглэнэ. Эл зорилгоор хамгаалагч гүрэн өөрийн дипломат болон консулын ажилтнаас тусдаа өөрийн орны, эсхүл төвийг сахисан бусад гүрний харьяатаас бүрдсэн төлөөлөгчдийг томилж болно. Дурдсан төлөөлөгчдийг томилохдоо тэдний очиж ажиллах гүрний зөвшөөрлийг авна.
Мөргөлдөөнд оролцогч талууд хамгаалагч гүрний төлөөлөгчдийн ажлыг боломжтой дээд хэмжээнд хөнгөвчлөн дэмжинэ.
Хамгаалагч гүрний төлөөлөгчид ажлаа явуулахдаа ямар ч тохиолдолд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн зорилгот үүргээсээ хэтэрч болохгүй. Ялангуяа тэд нутаг дэвсгэрт нь үүргээ биелүүлж байгаа улсын аюулгүй байдлын зайлшгүй шаардлагыг харгалзан үзнэ.
10 дугаар зүйл
Энэхүү конвенцийн заалт нь Олон улсын улаан загалмайн хороо буюу аливаа хүмүүнлэгийн хараат бус бусад байгууллагаас энгийн хүн амыг хамгаалж, тэдэнд тусламж үзүүлэх талаар тухайн мөргөлдөөнд оролцогч талуудын зөвшөөрөлтэйгөөр явуулах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад болохгүй.
11 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийн дагуу хамгаалагч гүрэнд хүлээлгэсэн үүргийг хараат бус бөгөөд үр ашигтай байх бүх баталгааг гаргаж буй байгууллагад олгохоор хэдийд ч тохиролцож болно.
Энэхүү конвенцоор хамгаалагдсан хүмүүс аль нэг хамгаалагч гүрэн буюу дээрх эхний хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагаанаас ямар нэгэн шалтгааны улмаас ашиг тус хүртэхгүй, эсхүл хүртэхээ болих тохиолдолд олзлогч гүрэн мөргөлдөөнд оролцогч талуудын томилсон хамгаалагч улсын энэхүү конвенцийн дагуу биелүүлж буй чиг үүргийг хүлээхийг төвийг сахисан улс, эсхүл тийм байгууллагаас хүснэ.
Хэрэв хамгаалалтыг ийнхүү хэрэгжүүлж чадахгүй бол олзлогч гүрэн нь хамгаалагч гүрний энэхүү конвенцийн дагуу биелүүлж буй хүмүүнлэгийн чиг үүргийг өөртөө хүлээх талаар Олон улсын улаан загалмайн хороо зэрэг хүмүүнлэгийн байгууллагаас санал болгохыг хүсэх буюу ийм саналыг энэ зүйлийн заалтыг мөрдөхийн хамт хүлээн авна.
Төвийг сахисан аливаа гүрэн, эсхүл холбогдох гүрний урьсан буюу эл зорилгоор өөрийгөө санал болгож буй байгууллага энэхүү конвенцоор хамгаалагдсан хүмүүсийг харьяалж буй мөргөлдөөнд оролцогч талтай хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд, түүнчлэн зохих чиг үүрэг хүлээж, уг чиг үүргээ хараат бусаар биелүүлэх чадвартай гэсэн хангалттай баталгаа гаргах шаардлагатай.
Аль нэг гүрэн дайны үйл ажиллагаанаас шалтгаалан, ялангуяа түүний нутаг дэвсгэр бүхэлдээ, эсхүл түүний үлэмж хэсэг нь эзлэгдсэн тохиолдолд нөгөө гүрэн буюу түүний холбоотонтой хэлэлцээ хийх эрх чөлөө нь түр хугацаагаар ч гэсэн хязгаарлагдсан бол тэдгээрийн хооронд байгуулсан тусгай хэлэлцээрээр өмнөх заалтуудыг зөрчихгүй.
Энэхүү конвенцид хамгаалагч гүрэн гэж дурдах бүрд энэ нэр томъёог энэ зүйлийн дагуу түүнийг орлох байгууллагад ч мөн хэрэглэнэ.
Энэ зүйлийн заалт нь эзлэгдсэн буюу мөргөлдөж буй улсын нутаг дэвсгэр дээр байгаа дипломат хэвийн харилцаагүй төвийг сахигч улсын иргэдэд нэгэн адил хамаарна.
12 дугаар зүйл
Хамгаалагч гүрэн хамгаалагдсан хүмүүсийн ашиг сонирхолд хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд, ялангуяа энэхүү конвенцийн заалтыг хэрэглэх буюу тайлбарлах талаар мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд санал зөрөлдсөн тохиолдолд саналын зөрөлдөөнийг зохицуулах үүднээс асуудалд оролцоно.
Эл зорилгоор хамгаалагч гүрэн бүр аль нэг талын урилгаар буюу өөрийн санаачилгаар өөрсдийн төлөөлөгчдийн, ялангуяа хамгаалагдсан хүмүүсийн хариуцаж буй эрх бүхий байгууллагын уулзалтыг зохион явуулах саналыг мөргөлдөөнд оролцогч талуудад тавьж болох бөгөөд чингэхдээ тохиромжтой гэж сонгож авсан төвийг сахигч нутагт дэвсгэрт боломжтой бол зохион байгуулна. Мөргөлдөөнд оролцогч талууд эл зорилгоор тэдэнд тавьсан саналыг хүчин төгөлдөр хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Шаардлагатай бол хамгаалагч гүрэн ийм уулзалтад оролцохыг урих төвийг сахисан гүрэнд харьяалагдах, эсхүл Олон улсын улаан загалмайн хорооноос томилсон этгээдийг мөргөлдөөнд оролцогч талуудаар дэмжүүлэн батлуулахаар санал болгож болно.
II АНГИ
ХҮН АМЫГ ДАЙНЫ ЗАРИМ УРШГААС
ХАМГААЛАХ НИЙТЛЭГ ЗААЛТУУД
13 дугаар зүйл
Энэхүү ангийн заалтууд нь мөргөлдөөнд оролцогч талуудаас нийт хүн амыг арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг буюу улс төрийн итгэл үнэмшлийн шалтгаанаар алагчилахгүйгээр дайны уршгаар үүссэн зовлонг хөнгөлөхөд тус дөхөм үзүүлэхэд чиглэнэ.
14 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тайван цагт буюу дайтах ажиллагаа эхэлсний дараа түүнд оролцогч талууд өөрийнхөө нутаг дэвсгэрт, түүнчлэн зайлшгүй шаардлагатай тохиолдолд эзлэгдсэн нутаг дэвсгэрт шархдагсад, өвчтөн, тахир дутуу бологсод, өндөр настай буюу арван тав хүртэлх настай хүүхэд, жирэмсэн эмэгтэй болон долоо хүртэлх настай хүүхэдтэй эхчүүдийг дайны ажиллагаанаас хамгаалахын тулд эмнэлгийн болон аюулгүйн бүс болон газрыг байгуулж болно.
Дайтах ажиллагаа эхлэх буюу түүний явцад холбогдох талууд байгуулсан бүс, газрыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулж болно. Эл зорилгын үүднээс талууд шаардлагатай гэж үзвэл энэхүү конвенцид хавсаргасан хэлэлцээрийн төслийг хэрэглэж зохих өөрчлөлт оруулж болно.
Эмнэлгийн болон аюулгүйн ажиллагааны эдгээр бүс, газрыг хүлээн зөвшөөрч байгуулахад нь сайн санааны үүднээс туслалцаа үзүүлэхийг хамгаалагч гүрэн болон Олон улсын улаан загалмайн хорооноос уриалж байна.
15 дугаар зүйл
Мөргөлдөөнд оролцогч нэг талаас шууд буюу төвийг сахигч гүрнээр, эсхүл хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан дайн болж байгаа бүсэд байлдааны аюулаас дор дурдсан хүмүүсийг гадуурхахгүйгээр хамгаалахын тулд төвийг сахисан бүс байгуулах саналыг мөргөлдөөнд оролцогч нөгөө талд тавьж болно:
(a) шархтан болон өвчтэй байлдагч болон байлдагч бус;
(b) байлдаанд оролцоогүй буюу эдгээр бүсэд байх үед цэргийн шинжтэй ажил эрхлээгүй энгийн иргэд.
Төвийг сахисан бүс байгуулах газар, удирдлага, хангамж болон тавих хяналтын талаар дайтагч талууд тохиролцмогц бичгээр хэлэлцээр байгуулж, дайтагч талуудын төлөөлөгчид гарын үсэг зурна. Хэлэлцээр төвийг сахисан бүсийг хэдийгээс эхлэн ямар хугацаагаар байгуулахыг тогтооно.
16 дугаар зүйл
Шархтан, өвчтөн, мөн түүнчлэн тахир дутуу хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд онцгой хамгаалалт болон хүндэтгэлд байна.
Мөргөлдөөнд оролцогч талууд цэргийн шаардлагад нийцүүлэн алагдсан, шархадсан хүмүүсийг эрэн сурвалжлахыг хөнгөвчлөх, хөлөг онгоцны сүйрэлд өртсөн болон бусад ноцтой аюулд нэрвэгдсэн хүмүүст туслах, тэднийг дээрэм болон зүй бусаар харьцахаас хамгаална.
17 дугаар зүйл
Мөргөлдөөнд оролцогч тал нь хориглогдсон буюу бүслэгдсэн бүсээс шархтан, өвчтөн, тахир дутуу бологсод, өндөр настан, хүүхэд, төрөх дөхсөн эхчүүдийг нүүлгэх болон уг бүсэд бүх төрлийн шашны төлөөлөгч, эмнэлгийн ажилтан, эмнэлгийн багаж хэрэгсэл нэвтрүүлэх талаар орон нутгийн хэлэлцээр байгуулахыг чармайна.
18 дугаар зүйл
Өвчтөн, шархдагсад, тахир дутуу хүмүүс, төрөх дөхсөн эхчүүдэд тусламж үзүүлэхээр байгуулсан иргэний эмнэлгийг ямар ч үед довтлож болохгүй бөгөөд мөргөлдөөнд оролцогч талууд тэдгээрийг цаг ямагт хүндэтгэн хамгаална.
Мөргөлдөөнд оролцож буй улс иргэний эмнэлэг бүрт иргэний эмнэлэг гэсэн гэрчилгээ олгох бөгөөд эзлэн авсан барилга нь 19 дүгээр зүйлд заасны дагуу эдгээр эмнэлгийг хамгаалалтаас салгах аливаа зорилгоор ашиглахгүй.
Иргэний эмнэлэгт улсын зөвшөөрөлтэйгээр Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн 38 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдэг олгоно.
Мөргөлдөөнд оролцогч тал гэнэтийн довтолгооноос сэргийлэх зорилгоор цэргийн шаардлагад нийцүүлэн иргэний эмнэлгийг дайсны дайсагнасан аливаа үйлдлээс зайлах үүднээс тэднийг хуурай зам, агаарын болон тэнгисийн цэргийн хүчинд тод харагдах ялгах тэмдгээр хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна.
Цэрэг дайны газарт ойролцоо байгаа эмнэлэг аюулд орж болохыг харгалзан тийм эмнэлгийг цэргийн дайны газраас аль болох хол байгуулахыг зөвлөмж болгоно.
19 дүгээр зүйл
Иргэний эмнэлэгт үзүүлэх хамгаалалт хүмүүнлэгийн зорилгоос гадуур дайсагнагч талын эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд ашиглах хүртэл хүчинтэй байна. Гэвч тогтоосон боломжит хугацаанд үр дүн өгөөгүй бол хамгаалалтыг холбогдох бүх тохиолдолд урьдчилан сануулсны дараагаар хүчингүй болгоно.
Шархтай болон өвчтэй цэргийн хүмүүсийг дээрх эмнэлэгт эмчлэх буюу тэднээс хурааж аваад зохих байгууллагад шилжүүлээгүй байгаа зэвсэг хэрэгслийг дайсны эсрэг чиглэсэн гэж үзэхгүй.
20 дугаар зүйл
Шархтай, өвчтэй энгийн хүмүүс, тахир дутуу бологсод болон төрөх дөхсөн эхчүүдийг эрэн сурвалжлах, ялгах, тээвэрлэх, эмчлэх ажилд оролцож байгаа иргэний эмнэлгийн асран сувилах байнгын буюу захиргааны ажилтай хүмүүсийг хүндэтгэн хамгаалалтад авна.
Дээр дурдсан хүмүүс эзлэгдсэн нутаг дэвсгэр, байлдааны ажиллагааны бүсэд байхдаа хариуцаж буй байгууллагын тод тамга, гэрэл зураг бүхий албан үүргийг тодорхойлсон үнэмлэхээр танигдах бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ ус нэвтэрдэггүй туузан тэмдгийг зүүн гартаа уяж явна. Энэ тэмдгийг улсаас олгох бөгөөд Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн 38 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдэгтэй байна.
Иргэний эмнэлгийн захиргаа болон үйл ажиллагаанд оролцож байгаа бусад хүмүүс хүндэтгүүлэх, хамгаалалтад байх бөгөөд энэхүү зүйлийн дагуу туузан тэмдгийг ийм үүрэг гүйцэтгэж байхдаа зүүнэ. Тэдгээр хүмүүсийн үнэмлэх дээр гүйцэтгэж буй үүргийн заасан байна.
Иргэний эмнэлэг бүрийн захиргаа нь эдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хөтлөж байнга шинэчлэн үндэсний буюу эзлэгч гүрэнд өгнө.
21 дүгээр зүйл
Шархтай, өвчтэй, энгийн хүмүүс, тахир дутуу хүмүүс, төрөх дөхсөн эхчүүдийг хуурай замд хөсгөөр тээх, эмнэлгийн галт тэргээр зөөх буюу далайгаар тээвэрлэх нь 18 дугаар зүйлд заасан эмнэлгийн нэгэн адил хүндэтгэл хамгаалалтад байх бөгөөд тээврийн хэрэгслийг тухайн улсын зөвшөөрлөөр Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн 38 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдгээр тэмдэглэсэн байна.
22 дугаар зүйл
Шархтай, өвчтэй энгийн хүмүүс, тахир дутуу хүмүүс, төрөх дөхсөн эхчүүд буюу эмнэлгийн ажилтан болон тоног төхөөрөмжийг зөөхөд зориулагдсан агаарын хөлгийг довтлож болохгүй бөгөөд мөргөлдөөнд оролцож буй сонирхогч талуудын хооронд байгуулсан хэлэлцээрт тусгайлан заасан чиглэл, тогтсон өндөрт, цагаар нисч байвал түүнийг хүндэтгэн үзнэ.
Эдгээр агаарын хөлөг нь Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн конвенцийн 38 дугаар зүйлд заасан бэлгэ тэмдгээр тэмдэглэгдсэн байж болно.
Өөрөөр хэлэлцэн тохиролцоогүй тохиолдолд дайсны талын буюу дайсны эзэлсэн нутаг дэвсгэр дээр нисэхийг хориглоно.
Эдгээр агаарын хөлөг газардах аливаа шаардлагад захирагдана. Шаардлагын дагуу газардсан агаарын хөлөгт зохих үзлэг хийсний дараа зорчигчдын хамт нислэгээ үргэлжлүүлнэ.
23 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх тал өөрийн дайсан ч байсан хэлэлцэн тохирогч эрхэм дээд нөгөө талын зөвхөн энгийн хүмүүст зориулагдсан эмчилгээ болон эмнэлгийн бүх эд зүйл, шашны ёс үйлтэй холбоотой зүйлийг чөлөөтэй нэвтрүүлнэ. Түүнчлэн арван тав хүртэлх настай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон төрөх дөхсөх эхчүүдэд зориулсан хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн, хувцас болон хүч оруулагч зүйл бүхий илгээмжийг чөлөөтэй нэвтрүүлнэ.
Дээрх хэсэгт заасан бүх илгээмжийг чөлөөтэй нэвтрүүлэхээр хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын авсан үүрэг нь тухайн тал болгоомжлох ноцтой шалтгаан байхгүй гэж гэрчилсэн нөхцөлөөс шалтгаална:
(a) илгээмж өөрийн хүрэх газраа хүрч чадахгүй;
(b) хяналт үр нөлөөгүй байж болох;
(c) эдгээр нь дайсан этгээдийн үйлдвэрлэсэн буюу бэлтгэн нийлүүлсэн эд зүйл буюу эдгээр эд зүйлийг үйлдвэрлэхэд хэрэгцээтэй түүхий эд, эд зүйл, ажиллах хүчийг гаргах замаар дайсны цэргийн буюу эдийн засгийн хүч чадалд ямар нэг талаар нөлөөлнө гэж үзэх үндэстэй бол хамаарна.
Энэ зүйлийн эхний хэсэгт зааснаар илгээмжийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн гүрэн нь илгээмжийг хамгаалагч гүрний орон нутгийн хяналтын дор зохих хүмүүст тарааж өгөх болзол тавьж болно.
Эдгээр илгээмжийг аль болох түргэн хугацаанд хүргэх бөгөөд түүнийг чөлөөтэй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн гүрэн зөвшөөрөл олгох техникийн нөхцөлийг тогтоох эрхтэй.
24 дүгээр зүйл
Мөргөлдөөнд оролцогч талууд нь дайны уршгаар өнчирсөн буюу гэр бүлээсээ тусгаарлагдсан арван таван нас хүртэлх хүүхдийг гаргуунд нь хаяхгүй байх, ямар ч нөхцөлд тэднийг дэмжиж, шашны болон боловсролын үүргийг гүйцэтгүүлэх арга хэмжээг авна. Боломжтой бол тэдний боловсролыг адил соёлын уламжлалтай хүнд даатгана.
Мөргөлдөөнд оролцогч талууд дайн болж байх хугацаанд тэдгээр хүүхдийг хамгаалагч гүрний зөвшөөрөлтэйгээр 1 дэх догол мөрөнд дурдсан хамгаалах зарчмыг сахих баталгаагаар төвийг сахисан улс хүлээн авахад дэмжлэг үзүүлнэ.
Түүнчлэн арван хоёр нас хүртэлх хүүхдүүдэд таних тэмдэг зүүлгэх буюу өөр ямар нэг аргаар таниулах арга хэмжээ авахыг эрмэлзэнэ.
25 дугаар зүйл
Мөргөлдөөнд оролцогч талын нутаг дэвсгэрт буюу түүнд эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа хүн бүр хаана ч байсан гэр бүлийн гишүүндээ мэдээлэл өгөх, түүнчлэн тэднээс зөвхөн гэр бүлийн чанартай мэдээлэл авч болно. Эдгээр захидлыг түргэн буюу саадгүйгээр явуулна.
Хэрэв тухайн нөхцөл байдлаас болж гэр бүлийн захидал харилцаа энгийн шуудангаар явах нь саатах буюу боломжгүйд хүрвэл мөргөлдөөнд оролцож байгаа холбогдох талууд 140 дүгээр зүйлд зааснаар төвийг сахисан зуучлагч Төв агентлагт хандаж, өөрийн үүргийг ямар нөхцөлд илүү биелүүлэх арга замыг олж Үндэсний улаан загалмайн (Улаан хавирган сар, Улаан арслан болон нар) нийгэмлэгийн туслалцаатайгаар захидал харилцааг түргэтгэх арга эрэлхийлнэ.
Хэрэв мөргөлдөөнд оролцогч талууд гэр бүлийн захидал харилцааг хязгаарлах нь зүйтэй гэж үзвэл хорин таван сонгосон үг багтах хэмжээтэй цаасыг ашиглуулж, захидал бичүүлэн сард нэг удаа явуулж байна.
26 дугаар зүйл
Мөргөлдөөнд оролцогч тал бүр дайны уршгаар сарнисан гэр бүлтэйгээ холбоо тогтоолгох зорилгоор хайхад хөнгөвчлөх, хэрэв боломжтой бол тэднийг нийлүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Энэхүү үйл хэрэгт ажил үйлсээ зориулж байгаа болон тэр гүрний хувьд хүлээн зөвшөөрсөн, түүний аюулгүй байдалд нийцсэн байгууллагын үйл ажиллагааг дэмжинэ.
III АНГИ
ХАМГААЛАГДСАН ХҮМҮҮСИЙН ЭРХ ЗҮЙН
БАЙДАЛ, ТЭДЭНТЭЙ ХАРЬЦАХ
I ХЭСЭГ
МӨРГӨЛДӨӨНД ОРОЛЦОГЧ ТАЛУУД БОЛОН ЭЗЛЭГДСЭН НУТАГ
ДЭВСГЭРТ ХАМААРАГДАХ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
27 дугаар зүйл
Хамгаалагдсан хүмүүс өөрсдийн амь нас, эрүүл мэнд, нэр төр, гэр бүлийн эрх, шашин шүтлэгийн итгэл үнэмшил болон дадал, өөрсдийн уламжлалт ёс, зан заншлыг ямар ч нөхцөл байдалд хүндэтгүүлэх эрхтэй. Хамгаалагдсан хүмүүстэй үргэлж хүнлэг ёсоор харьцаж, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, доромжлох, олны тохуу болгох бүх хэлбэрээс тэднийг хамгаална.
Эмэгтэйчүүдийн нэр төрд халдах, ялангуяа хүчиндэх, хүчээр биеийг нь үнэлүүлэх буюу бусад хэлбэрийн зүй бус халдлагаас тэднийг онцгойлон хамгаална.
Хамгаалагдсан хүмүүсийн эрүүл мэндийн байдал, нас, хүйсийн байдалд гэм хор учруулалгүйгээр тэднийг эрхэндээ байлгагч мөргөлдөөнд оролцогч тал тэдэнтэй арьсны өнгө, шашин шүтлэг буюу улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхалгүйгээр нэгэн адил харьцана.
Гэхдээ мөргөлдөөнд оролцогч талууд дайны нөхцөл байдлын дагуу хамгаалагдсан хүмүүсийг шаардлагатай бол хяналтад авах буюу аюулгүй байдлыг нь хангах арга хэмжээ авч болно.
28 дугаар зүйл
Хамгаалагдсан хүмүүсийн байрлаж байгаа тодорхой газар буюу нутгийг цэрэг, дайны ажиллагаанаас хамгаалах газар болгон ашиглаж үл болно.
29 дүгээр зүйл
Хамгаалагдсан хүмүүсийг эрх мэдэлдээ байлгаж буй мөргөлдөөнд оролцогч тал өөрийн төлөөлөгчдийн зүгээс хамгаалагдсан хүмүүстэй харьцсанаас үүсэх хариуцлагыг хүлээх бөгөөд харин энэ нь тухайн төлөөлөгчийг хувийн хариуцлага хүлээх явдлаас үл чөлөөлнө.
30 дугаар зүйл
Хамгаалагдсан хүмүүст хамгаалагч гүрэн, Олон улсын улаан загалмайн хороо, тэдгээр хүмүүсийн оршин суугаа орны Үндэсний улаан загалмайн (Улаан хавирган сар, улаан арслан болон нар) нийгэмлэг, түүнчлэн тэдэнд тусламж үзүүлж болох аливаа байгууллагад харилцах бүхий л бололцоог олгоно.
Эрх бүхий этгээдээс эдгээр байгууллагад эл зорилгыг биелүүлэхэд нь цэрэг дайны буюу аюулгүй байдлын үүднээс тогтоосон зарим хязгаарлалтын хүрээнд бүхий л бололцоог олгож байна.
Энэхүү конвенцийн 143 дугаар зүйлд заасны дагуу хамгаалагч гүрнүүд болон Олон улсын улаан загалмайн хорооны төлөөлөгчдийг очуулахаас гадна олзлогч, эсхүл эзлэгч гүрнүүд дээрхи хүмүүст сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх зорилго бүхий бусад байгууллагын төлөөлөгчдийг хамгаалагдсан хүмүүстэй очиж уулзах бололцоог аль болох бүрдүүлнэ.
31 дүгээр зүйл
Хамгаалагдсан хүмүүс тэднийг эрхэндээ байлгагч талаас, эсхүл гуравдагч этгээдээс мэдээлэл олж авахад тэдэнд бие махбодийн буюу ёс суртахууны албадлагын аргыг хэрэглэж болохгүй.
32 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд эрх мэдэлдээ байгаа хамгаалагдсан хүмүүсийн бие махбодид хохирол учруулах буюу тэдний амийг хөнөөхөд хүргэх аливаа арга хэмжээ авахыг хориглох талаар тусгайлан хэлэлцэн тохирно. Эдгээр хориглолтод амийг хөнөөх, эрүү шүүлт тулгах, бие махбодийг зовоон тарчлаах, тахир дутуу болгох болон хамгаалагдсан хүмүүст шаардлагагүй эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилт хийх зэрэг хамаарагдахаас гадна бас энгийн иргэд, эсхүл зэвсэгт хүчний зүгээс хийж болох бүх төрлийн хүчирхийлэл хамаарагдана.
33 дугаар зүйл
Аливаа үйлдээгүй гэмт хэргийнхээ төлөө хамгаалагдсан хүмүүс нь ял шийтгэл хүлээхгүй. Хэсэг бүлгээр хамааруулан ял шийтгэх, айлган сүрдүүлэх буюу терроризмын бүх хэлбэрийг хориглоно.
Хамгаалагдсан хүмүүсийг дээрэмдэн тонохыг хориглоно.
Хамгаалагдсан хүмүүс, тэдний эд хөрөнгийн эсрэг хариу арга хэмжээ авахыг хориглоно.
34 дүгээр зүйл
Хамгаалагдсан хүмүүсийг барьцаанд авахыг хориглоно.
II ХЭСЭГ
МӨРГӨЛДӨӨНД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН НУТАГ ДЭВСГЭРТ
БАЙГАА ГАДААДЫН ИРГЭН
35 дугаар зүйл
Хамгаалагдсан бүх хүн дайн эхлэхээс өмнө, эсхүл дайны явцад тухайн дайтагч нутаг дэвсгэрээс явах хүсэлтэй бөгөөд ийнхүү явах нь тухайн улсын үндэсний ашиг сонирхолд харшлахгүй тохиолдолд уг улсаас явах эрхтэй. Тухайн улсаас явахыг хүссэн хамгаалагдсан хүмүүсийн хүсэлтийг тухайн улсад тогтсон журмын дагуу хянан үзэж аль болох богино хугацаанд шийдвэрлэнэ. Гарах зөвшөөрөл авсан хүмүүс нь өөрсдийн аялалд зайлшгүй шаардлагатай замын зардлын мөнгө, хувийн хэрэгцээний эд зүйлсийг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн авч явна.
Хэрэв тухайн хүнийг нутаг дэвсгэрээс нь гарч явах зөвшөөрөл олгоогүй бол тухайн хүнийг олзлогч гүрний шүүхэд болон гомдол барагдуулах зорилгоор байгуулагдсан засаг захиргааны холбогдох байгууллагад хандаж, аль болох богино хугацаанд хүсэлтээ дахин хянуулах эрхтэй.
Гаргасан хүсэлтийн дагуу хамгаалагч гүрний төлөөлөгчид нь урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын шалтгаанаар, эсхүл сонирхогч этгээд зөвшөөрсөн тохиолдолд аливаа хүсэлтэд татгалзсан хариу өгсөн шалтгаан, түүнчлэн гарах зөвшөөрөл олгогдоогүй бүх хүмүүсийн нэрсийн талаарх мэдээллийг аль болох шуурхай авна.
36 дугаар зүйл
Дээрх зүйлд заасан зөвшөөрлийн дагуу гарахдаа аюулгүй байдал, эрүүл ахуй, эрүүл мэнд, хоол хүнсний зохих шаадлагын нөхцлийг хангасан байна. Олзлогч гүрний нутаг дэвсгэрийн хилийн цэгээс гаран цааш явахтай холбогдсон бүх зардлыг тухайн хүнийг хүлээн авах улс хариуцах бөгөөд хэрэв төвийг сахисан оронд очвол энэ боломжийг ашиглаж байгаа иргэнийг харьяалагч гүрэн хариуцна. Шаардлагатай тохиолдолд ийнхүү зорчин явах нөхцөлийг сонирхогч гүрнүүдийн хооронд байгуулсан тусгай хэлэлцээрээр зохицуулж болно.
Дээрх зүйл нь мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд эсрэг талын гарт орсон өөрсдийн иргэдийг харилцан солилцох, буцаахтай холбоотой асуудлаар байгуулж болох тусгай хэлэлцээрүүдэд үл харшлана.
37 дугаар зүйл
Урьдчилан хоригдож байгаа буюу хорих ял шийтгүүлсэн аливаа хамгаалагдсан хүмүүстэй хоригдож байх хугацаанд нь хүнлэг ёсоор харьцана.
Тухайн хамгаалагдсан хүмүүс нь суллагдсаныхаа дараа өмнөх зүйлүүдэд заасны дагуу тухайн улсын нутаг дэвсгэрээс гарах зөвшөөрөл хүсч болно.
38 дугаар зүйл
Энэхүү конвенц, ялангуяа түүний 27, 41 дүгээр зүйлд заасан тусгай арга хэмжээнээс гадна хамгаалагдсан хүмүүсийн байдлыг зарчмын хувьд тайван цагт гадаадын иргэдийн асуудалтай холбоотой журмаар үргэлжлүүлэн зохицуулна. Аль ч тохиолдолд хамгаалагдсан хүмүүст дараахь эрхийг олгоно:
1. Тусгайлсан, эсхүл хамтын журмаар илгээсэн тусламжийг тэд авч болно;
2. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж эмнэлгийн асаргаа сувилгаа авах болон эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ тухайн улсын иргэдийн нэг адил нөхцөлөөр хангагдах;
3. Шашин шүтэх, шашны санваартан нараас сэтгэл санааны дэмжлэг авах;
4. Хэрэв тэд дайн байлдааны аюул бүхий газар оршин сууж байвал тухайн улсын иргэдийн нэгэн адил нөхцөлөөр тэрхүү газар нутгаас гарах;
5. Арван тав хүртэлх настай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, долоо хүртэлх настай хүүхэдтэй эхчүүд нь тухайн улсын ижил нөхцөлд буй иргэдийн нэгэн адил хөнгөлөлөлтэй нөхцөлөөр хангагдана.
39 дүгээр зүйл
Дайн мөргөлдөөний улмаас ажилгүй болсон хамгаалагдсан хүмүүс нь хөлстэй хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдана. Аюулгүй байдлын нөхцөл байдал болон энэхүү конвенцийн 40 дүгээр зүйлд дурдсаны дагуу тухайн улсын нутаг дэвсгэрт буй иргэдтэй нэгэн адил боломжоор хангагдана.
Хамгаалагдсан хүмүүс өөрийгөө тэжээн тэтгэж чадахгүйд хүрвэл мөргөлдөөнд оролцогч тал тухайн хүмүүсийг хяналтандаа байлгах арга хэмжээ авах, ялангуяа тухайн хүмүүс нь аюулгүй байдлын үүднээс хөлстэй хөдөлмөр эрхлэх боломжгүйд хүрвэл мөргөлдөөнд оролцогч тал тухайн хүмүүс болон тэдний асрамжид байгаа хүмүүсийг амьдрах эх сурвалжаар хангана.
Хамгаалагдсан хүмүүс зохих тусламжийг эх орноосоо буюу хамгаалагч улс, түүнчлэн 30 дугаар зүйлд дурдсан тусламж үзүүлэх зорилго бүхий хүмүүнлэгийн байгууллагаас ямар ч тохиолдолд авч болно.
40 дүгээр зүйл
Нутаг дэвсгэрт нь оршин байгаа хамгаалагдсан хүмүүсийг мөргөлдөөнд оролцогч талын иргэний нэгэн адил хэмжээгээр албадан хөдөлмөрлүүлж болно.
Хэрэв хамгаалагдсан хүмүүс мөргөлдөөнд оролцогч улсын дайсагнагч талын иргэн бол тэднээр зөвхөн хүний хоол хүнс, орон байр, хувцас, тээвэр болон эрүүл мэндийг хэвийн хангах болон цэрэг дайны үйл ажиллагаа явуулахад шууд хамааралгүй ажлыг гүйцэтгүүлж болно.
Өмнөх хоёр догол мөрөнд заасны дагуу албадан хөдөлмөрлөж байгаа хүмүүс нь тухайн орны хөдөлмөр эрхлэгчийн нэгэн адил цалин хөлс, ажлын цагийн үргэлжлэл, хувцас, багаж хэрэгсэл, урьдчилсан сургалт, үйлдвэрлэлийн осол болон өвчний үед эдлэх нөхөн олговорын ижил нөхцөл, хамгаалалтаар хангагдана.
Хэрэв дээр дурдсан заалт зөрчигдсөн тохиолдолд хамгаалагдсан хүмүүс энэхүү конвенцийн 30 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрх эдлэхийг зөвшөөрнө.
41 дүгээр зүйл
Хамгаалагдсан хүмүүсийг ивээлдээ авсан гүрэн хэрэв энэхүү хэлэлцээрт заасан хяналтын арга хэмжээг шаардлага хангахгүй гэж үзвэл хамгаалагдсан хүмүүсийг энэхүү конвенцийн 42 болон 43 дугаар зүйлд заасны дагуу албадан суурьшуулах, эсхүл тусгаарлан хорих газрынхаас илүү хатуу хяналтын арга хэмжээ авч болохгүй.
Тодорхой газар албадан суурьшуулах тухай шийдвэрийн дагуу оршин сууж буй газраа орхих шаардлагатай болсон хамгаалагдсан хүмүүст энэхүү конвенцийн 39 дүгээр зүйлийн 2 дахь догол мөрийн заалтыг хэрэглэхдээ олзлогч гүрэн энэхүү конвенцийн IV хэсгийн III бүлэгт заасан нийгмийн халамж, хамгааллын хэм хэмжээг аль болох баримтална.
42 дугаар зүйл
Хамгаалагдсан хүмүүсийг тусгаарлан хорих буюу тусгай газар албадан суурьшуулах тухай шийдвэрийг зөвхөн олзлогч гүрний аюулгүй байдлын зайлшгүй шаардлагад үндэслэн гаргаж болно.
Хэрэв аливаа хүмүүс өөрийн хувийн нөхцөл байдал нь тусгаарлан хорих газар аваачих нь зайлшгүй чухал гэж үзэн хамгаалагч гүрний төлөөлөгчөөр дамжуулан сайн дураараа хүсэлт гаргавал тухайн хүмүүсийг ивээлдээ байлгаж буй гүрэн уг хүмүүсийг тусгаарлан хорьж болно.
43 дугаар зүйл
Тусгаарлан хоригдсон, эсхүл тусгай газар албадан суурьших болсон аливаа хамгаалагдсан хүмүүс нь олзлогч гүрний зохих шатны шүүх буюу энэ зорилгоор байгуулагдсан захиргааны холбогдох байгууллагаар хүсэлтээ аль болох богино хугацааны дотор дахин хянуулах эрх олгогдоно. Хэрэв тусгаарлан хорих буюу тусгай газар албадан суурьшуулах шийдвэр хүчин төгөлдөр үлдвэл уг шүүх буюу захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл анхан шатны шийдвэрийг хөнгөрүүлөн өөрчлөх зорилгоор жилд хоёроос доошгүй удаа тухайн хүмүүсийн хэргийг тогтмол хянан үзэж байна.
Хэрэв хамгаалагдсан хүмүүс үл татгалзвал олзлогч гүрэн хамгаалагч гүрэнд тусгаарлан хоригдсон, эсхүл тусгай газар албан суурьшсан хүмүүс, эсхүл тусгаарлан хоригдсон буюу тусгай газар албадан суурьших явдлаас чөлөөлөгдсөн аливаа хүмүүсийн нэрийг аль болох хурдан мэдээлнэ. Энэ зүйлийн I хэсэгт заасан шүүхийн буюу байгууллагын шийдвэрийг аль болох богино хугацааны дотор дурдсан нөхцлийн дагуу хамгаалагч гүрэнд мөн мэдээлнэ.
44 дүгээр зүйл
Энэхүү конвенцид заасан хяналтын арга хэмжээг хэрэглэхдээ олзлогч гүрэн дайсагнагч улсын иргэдтэй харьцдагтай нэгэн адилаар аль ч засгийн газрын хамгаалалд үл хамаарагдах дүрвэгсэдтэй дайсагнагч улсын харьяат хэмээн харьцаж үл болно.
45 дугаар зүйл
Хамгаалагдсан хүмүүсийг энэхүү конвенцид нэгдэн ороогүй гүрэнд шилжүүлж үл болно.
Энэ заалтыг хамгаалагдсан хүмүүсийг нутагт нь буцаах, эсхүл дайн дууссаны дараа тэднийг оршин сууж байсан оронд нь эргүүлэн авчрахад саад болгон ашиглаж үл болно.
Хамгаалагдсан хүмүүсийг олзлогч гүрэн гагцхүү энэхүү конвенцийн оролцогч гүрэнд шилжүүлж болох бөгөөд шилжүүлэн авч буй гүрэн нь энэхүү конвенцийг хэрэгжүүлэх хүсэлтэй буюу боломжтой байгааг олзлогч гүрэн нотолсон байна. Хэрэв хамгаалагдсан хүмүүсийг энэ нөхцлийн дагуу шилжүүлсэн бол тэднийг хүлээн авагч гүрэн тухайн хүмүүсийг тусгаарлан хоригдох байранд байх үеэс нь энэхүү конвенцийг хэрэглэх хариуцлага хүлээнэ. Хэрэв тухайн гүрэн нь энэхүү конвенцийн гол заалтыг биелүүлээгүй бол хамгаалагдсан хүмүүсийг шилжүүлж өгсөн гүрэн хамгаалагч гүрний мэдэгдсэнээр нөхцөл байдлыг засах талаар үр нөлөөтэй арга хэмжээ авах буюу шилжүүлсэн хүмүүсээ эргүүлэн авах шаардлагыг тавих ёстой. Энэ хүсэлтийг заавал ханган биелүүлбэл зохино.
Хамгаалагдсан хүмүүсийг улс төрийн буюу шашны итгэл үнэмшлээр нь мөрдөн мөшгиж болохуйц оронд ямар ч тохиолдолд шилжүүлэн өгч үл болно.
Энэ зүйлийн заалт нь гэмт этгээдийг шилжүүлэх талаар дайн эхлэхээс өмнө байгуулсан гэрээний дагуу эрүүгийн ердийн гэмт хэрэгт яллагдаж буй хамгаалагдсан хүмүүсийг шилжүүлж өгөхөд саад учруулахгүй.
46 дугаар зүйл
Хамгаалагдсан хүмүүст хязгаарлалтын арга хэмжээ авч түүнийг хүчингүй болгоогүй нөхцөлд дайн дууссаны дараа аль болох богино хугацаанд тэрхүү хязгаарлалтын арга хэмжээг хүчингүй болгоно.
Хамгаалагдсан хүмүүсийн эд хөрөнгийн талаар тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг дайн дууссаны дараа олзлогч гүрний хууль тогтоомжийн дагуу аль болох богино хугацааны дотор хүчингүй болно.
III ХЭСЭГ
ЭЗЛЭГДСЭН НУТАГ ДЭВСГЭР
47 дугаар зүйл
Эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа хамгаалагдсан хүмүүст энэхүү конвенцоор олгосон давуу эрхийг тухайн нутаг дэвсгэрт тогтоосон журам буюу эзлэгдсэнээс болж эл нутаг дэвсгэрийн засгийн газар, төрийн байгууллагад өөрчлөлт гарсан, эзлэгдсэн нутаг дэвсгэрийн болон эзлэгч гүрний засаг захиргааны хооронд байгуулсан хэлэлцээр өөрчлөгдсөн, эсхүл эзлэгч гүрний эзлэн авсан нутаг дэвсгэрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчээр нэгтгэсэн зэрэг шалтгаанаар ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй.
48 дугаар зүйл
Нутаг дэвсгэр нь эзлэгдсэн гүрний харъяат иргэн бус хамгаалагдсан хүмүүс нь энэхүү конвенцийн 35 дугаар зүйлд заасны дагуу тухайн нутаг дэвсгэрээс гарч явах эрх эдлэх бөгөөд үүнтэй холбоотой шийдвэрийг эзлэгч гүрнээс дурдсан зүйлтэй нийцүүлэн тогтоох журмын дагуу гаргана.
49 дүгээр зүйл
Хамгаалагдсан хүмүүсийг эзлэгдсэн нутаг дэвсгэрээс эзлэгч гүрний нутаг дэвсгэрт буюу эзлэгдсэн, эсхүл эзлэгдээгүй эсэхийг үл харгалзан аль нэгэн улсын нутаг дэвсгэр рүү ямар нэг шалтгаанаар тэдний хүсэл зоригийг үл харгалзан дангаар нь болон бөөнөөр нь нүүлгэн шилжүүлэх, цөлөхийг хориглоно.
Гэвч эзлэгч гүрэн хүн амын аюулгүй байдал, цэрэг дайны онц байдлаас болж ямар нэг тодорхой эзлэгдсэн газар нутгаас хүмүүсийг бүгдийг нь буюу зарим хэсгийг нь нүүлгэн шилжүүлж болно. Ингэж нүүлгэн шилжүүлэх үед эд материалын шаардлагаас болон нүүлгэн шилжүүлэх нь зайлшгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд хамгаалагдсан хүмүүсийг эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хил хязгаараас гадна нүүлгэн шилжүүлж үл болно. Ийм журмаар нүүлгэн шилжүүлсэн хүн амыг уг нутаг дэвсгэрт дайны ажиллагаа дуусмагц богино хугацааны дотор орон гэрт нь буцаана.
Ийнхүү хамгаалагдсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж буй эзлэгч гүрэн тэдгээр хүмүүсийг зохих орон байраар боломжийнхоо хэрээр хангах бөгөөд энэхүү нүүлгэн шилжүүлэлт нь тэдний аюулгүй байдал, эрүүл ахуй, эрүүл мэнд, хоол хүнсний хэвийн нөхцөлийг хангах үүрэгтэй бөгөөд нэг гэр бүлийн хүмүүсийг салгаж болохгүй.
Энэхүү нүүлгэн шилжүүлэх ажил дуусмагц тэр тухай хамгаалагч гүрэнд мэдэгдэнэ.
Эзлэгч тал нь хүн амын аюулгүй байдал буюу цэрэг дайны онц байдал шаардаагүй бол хамгаалагдсан хүмүүсийг цэрэг дайны аюул учирч болзошгүй газарт албадан саатуулж болохгүй.
Эзлэгч гүрэн хүн амынхаа зарим хэсгийг эзэлсэн нутаг дэвсгэр рүү нүүлгэн шилжүүлэх, эсхүл цөлөхийг хориглоно.
50 дугаар зүйл
Эзлэгч гүрэн үндэсний болон орон нутгийн засаг захиргааны тусламжтайгаар хүүхдүүдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх үүрэгтэй байгууллагын хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлнэ.
Эзлэгч гүрэн хүүхдүүдийн нэр овгийг тогтоон, садан төрлийн холбоог тодотгоход зайлшгүй шаардлагатай бүхий л арга хэмжээ авна. Эзлэгч гүрэн тэдгээр хүүхдүүдийн иргэний эрх зүйн байдлыг ямар ч тохиолдолд өөрчилж болохгүй бөгөөд өөрт хамаарах байгууллагын бүртгэлт оруулах ёсгүй.
Хэрэв орон нутгийн байгууллага эдгээр үүргийг биелүүлж чадахгүйд хүрвэл өнчин хүүхдүүд буюу дайны уршгаар эх эцгээсээ салсан бөгөөд ойрын садан, найз нөхдөөсөө тусламж, халамж авч чадахгүй хүүхдүүдийг боломжтой бол тэдгээртэй ижил үндэс угсаа, хэл, шашин шүтлэгтэй хүмүүсээр тэжээн тэтгүүлэх, асруулах, сургах арга хэмжээг эзлэгч гүрэн авах ёстой.
Энэхүү конвенцийн 136 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан товчооны тусгай хэлтэс нэр овог нь тодорхой бус хүүхдүүдийг тодорхой болгох талаарх шаардлагатай бүх арга хэмжээ авна. Ялангуяа, хүүхдүүдийн эцэг эх буюу ойрын садан төрлийн хүмүүсийн тухай мэдээллийг ямагт бүртгэх үүрэгтэй.
Арван тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, долоо хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд эзлэгдэх хүртэл хангаж байсан хоол хүнс, үзүүлэх эмнэлгийн туслалцаа, дайны аюулаас хамгаалах гэх мэт хөнгөлөлтийн арга хэмжээ авахад эзлэгч гүрэн саад учруулах ёсгүй.
51 дүгээр зүйл
Эзлэгч гүрэн хамгаалагдсан хүмүүсийг өөрийн зэвсэгт хүчин буюу түүнд туслах хүчинд алба хаалгахаар албадаж болохгүй. Тэднийг өөрийн зэвсэгт хүчинд сайн дураараа оруулахын тулд элдэв дарамт шахалт үзүүлэх буюу суртал нэвтрүүлэг хийж болохгүй.
Эзлэгч гүрэн зөвхөн арван наймаас дээш насны хамгаалагдсан хүмүүсийг зөвхөн зайлшгүй шаардлагатай буюу эзлэгч талын армийн хэрэгцээт ажил, эсхүл эзлэгдсэн газар нутгийн нийтийн аж ахуй, үйлчилгээ, хоол хүнс, орон сууц, хувцас, тээвэр, хүн амын эрүүл мэндтэй холбоотой ажил хөдөлмөрийг албадан хийлгэхээр явуулж болно. Хамгаалагдсан хүмүүсийг цэрэг дайны ажиллагаанд оролцуулахад чиглэсэн аливаа ажлыг гүйцэтгүүлж болохгүй. Тэдгээрийн албадлагын хөдөлмөр эрхэлж байгаа газрынх нь аюулгүй байдлыг хамгаалагдсан хүмүүсээр хангуулах замаар хүчээр ажиллуулж үл болно.
Тухайн хүмүүсийг зөвхөн оршин суугаа эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хүрээнд ажиллуулна. Хүн бүрийг өмнө нь ажиллаж байсан газарт нь бололцооны хэрээр ажиллуулна. Ажилтны бие махбодь, оюун санааны чадавхид нийцсэн шударга хөлсийг түүнд олгоно. Эзлэгдсэн улсын мөрдөж буй хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөлийн талаарх хууль тогтоомж, тухайлбал цалин хөлс, ажлын цаг, багаж хэрэгсэл, урьдчилсан сургалт, үйлдвэрлэлийн осол, хүнд өвчинд нэрвэгдэхэд олгох нөхөн олговор зэрэгт холбогдох хууль тогтоомжийг энэ зүйлд заасан хөдөлмөр эрхэлж буй хамгаалагдсан хүмүүст нэгэн адил хэрэглэнэ.
Тэднийг албадан хөдөлмөрт татан оролцуулах аливаа тохиолдлыг цэргийн буюу цэргийн хагас зохион байгуулалттай байгууллагын ажлын дайчилгаа болгож үл болно.
52 дугаар зүйл
Ажиллагсад хаана ч сайн дурын, эсхүл сайн дураараа бус хөдөлмөр эрхэлж буй эсэхээс үл хамааран хамгаалагч гүрний төлөөлөгчдөд хандан ивээл хамгаалал хүсэх эрхийг нь ямар ч гэрээ, хэлэлцээр буюу зохицуулалтаар хязгаарлаж болохгүй.
Эзлэгдсэн нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхэлж буй хамгаалагдсан хүмүүсийн ажиллах бололцоог хязгаарлах буюу ажилгүйдэлд хүргэх, түүнчлэн эзлэгч гүрний эрх ашгийн тулд хөдөлмөр эрхлүүлэх зорилгод чиглэсэн аливаа арга хэмжээг авахыг хориглоно.
53 дугаар зүйл
Эзлэгч гүрэн цэрэг дайны зайлшгүй ажиллагааны улмаас үйлдэхээс бусад тохиолдолд хувь хүн, төр, эсхүл төрийн байгууллагын, эсхүл нийгмийн буюу хоршооллын байгууллагын хувийн болон дундын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг устгах аливаа хэлбэрийг хориглоно.
54 дүгээр зүйл
Эзлэгч гүрэн эзлэгдсэн нутаг дэвсгэрийн албан тушаалтан буюу шүүгчдийн эрх зүйн байдлыг өөрчлөх буюу тэдэнд шийтгэл ногдуулах, тулган хавчих арга хэмжээ авах буюу шударгаар үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, тэднийг алагчилахад чиглэсэн аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхийг хориглоно.
Энэхүү конвенцийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлэхэд уг хориглолт нь саад учруулахгүй. Энэ нь эзлэгч гүрнээс албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрхийг хөндөхгүй.
55 дугаар зүйл
Эзлэгч гүрэн хүн амыг хоол хүнс, эмнэлгийн материалаар хангахад бүх бололцоогоо дайчлах үүрэгтэй. Эзлэгч гүрэн нь эзлэгдэгч нутгийн нөөц хүрэлцэхгүй үед хоол хүнсний зүйлс, эмнэлгийн материал зэрэг бусад шаардлагатай зүйлсийг тээвэрлэн авчирна.
Эзлэгч гүрэн зөвхөн өөрийн цэрэг, захиргааны албаны хүмүүст зориулан, энгийн хүн амын эрэлт хэрэгцээг харгалзан хоол хүнсний болон бусад шаардлагатай материал, түүнчлэн эзлэгдсэн нутаг дэвсгэрт буй эмнэлгийн материалыг дайчлан авч болно. Эзлэгч гүрэн олон улсын бусад конвенцийн нөхцлийн дагуу дайчлан авсан эд зүйлсийг шударгаар нөхөн төлөх явдлыг хангах арга хэмжээ авна.
Хамгаалагч гүрэн цаг ямагт цэрэг дайны зайлшгүй шаардлагаас болон түр хязгаарлалт тогтоосон эзлэгдсэн нутаг дэвсгэрт хоол хүнсний болон эмнэлгийн материалын хангамжийн байдлыг саадгүй шалгах эрхтэй.
56 дугаар зүйл
Эзлэгч гүрэн өөртөө байгаа бололцоог дээд хэмжээгээр ашиглан үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллага, эмнэлгийн байгууллага, албадын дэмжлэгтэйгээр эзлэгдсэн нутаг дэвсгэрт олон нийтийн эрүүл мэнд, ариун цэврийг ханган сахиулах үүрэгтэй бөгөөд чингэхдээ халдварт өвчин, тахал тархахтай тэмцэхэд шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болон хэрэглэхэд онцгой анхаарна. Бүх зэрэглэлийн эмнэлгийн ажилтанд үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрнө.
Хэрэв эзлэгдсэн нутаг дэвсгэрт шинэ эмнэлэг байгуулагдаж, эзлэгдсэн улсын эрх бүхий байгууллага тэнд үйл ажиллагаа явуулахгүй байгаа бол тэдгээр эмнэлгийг эзлэгч гүрний эрх бүхий байгууллага 18 дугаар зүйлд зааснаар хэрэв шаардлагатай бол хүлээн зөвшөөрнө. Үүнтэй төсөөтэй нөхцөл байдалд эзлэгч гүрний эрх бүхий байгууллага 20, 21 дүгээр зүйлийн дагуу эмнэлгийн ажилтан болон тээврийн хэрэгслийг мөн хүлээн зөвшөөрнө.
Эрүүл мэнд, эрүүл ахуйн арга хэмжээ авч хэрэгжүүлэхдээ эзлэгч гүрэн эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хүн амын зан суртахуун, ёс зүйн шаардлагыг харгалзан үзнэ.
57 дугаар зүйл
Эзлэгч гүрэн зөвхөн цэргийн шархтан, өвчтөнг асрах шаардлага яаралтай гарсан тохиолдол, түүнчлэн эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдийг асран эмчлэх болон энгийн иргэдийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэгцээг хангах талаар тохирох арга хэмжээг зохих цаг хугацаанд авах нөхцөлд энгийн эмнэлгийг түр хугацаагаар дайчилж болно.
Энгийн эмнэлгийн материал, агуулахыг энгийн иргэдийн хэрэгцээнд шаардлагатай байгаа цагт дайчилж болохгүй.
58 дугаар зүйл
Сүсэг нэгтэндээ оюун санааны тусламж үзүүлэхийг шашны санваартанд эзлэгч гүрэн зөвшөөрнө.
Эзлэгч гүрэн нь шашны хэрэгцээг хангахад шаардлагатай ном, хэрэгсэлтэй ачааг хүлээн авч, эзлэгдсэн нутаг дэвсгэрт түгээхийг хөнгөвчлөн дэмжинэ.
59 дүгээр зүйл
Хэрэв эзлэгдсэн нутаг дэвсгэрийн нийт хүн ам буюу тэдний зарим хэсэгт хангамж дутуу байвал эзлэгч гүрэн нь тухайн хүн амд тусламж үзүүлэх арга хэмжээг зөвшөөрөх бөгөөд тэдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхийг мэдэлдээ байгаа бүхий л аргаар хөнгөвчлөн дэмжинэ.
Улс, эсхүл Олон улсын улаан загалмайн хороо зэрэг хүмүүнлэгийн хараат бус байгууллагаас хэрэгжүүлж болох тэдгээр арга хэмжээнд, тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн хангамж, хувцсаар хангах явдал багтана.
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд эдгээр ачааг чөлөөтэй өнгөрүүлэхийг зөвшөөрч, тэдгээрийг хамгаалах баталгаагаар хангана.
Гэвч ачааг мөргөлдөөнд оролцогч дайсагнагч талын эзэлсэн нутаг дэвсгэр рүү чөлөөтэй өнгөрүүлэх баталгаагаар хангаж буй гүрэн нь тэдгээр ачаанд үзлэг хийх, тэдгээрийг заасан хугацаанд заасан чиглэлээр өнгөрүүлэхийг зохицуулах, түүнчлэн тэдгээр ачааг эзлэгч гүрний ашиг тусад бус, харин тусламж хэрэгтэй байгаа хүн амд тусламж үзүүлэхэд хэрэглэж байгаа гэж хамгаалагч гүрнээр дамжуулан үндэслэлтэйгээр нягтлах эрхтэй.
60 дугаар зүйл
Тусламжийн ачаа нь эзлэгч гүрнийг 55, 56, 59 дүгээр зүйлийн дагуу хүлээсэн аливаа хариуцлагаас хэрхэвч чөлөөлөхгүй. Эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хүн амын ашиг сонирхлын үүднээс болон хамгаалагч гүрний зөвшөөрөлтэйгөөр яаралтай шаардлагатайгаас бусад тохиолдолд эзлэгч гүрэн тусламжийн ачааг өөр ямарваа зорилгоор хэрхэвч ашиглаж болохгүй.
61 дүгээр зүйл
Өмнөх зүйлд дурдсан тусламжийн ачааг хамгаалагч гүрний дэмжлэг, хяналтын дор түгээнэ. Энэ үүргийг мөн эзлэгч гүрэн болон хамгаалагч гүрний хооронд байгуулсан хэлэлцээрээр төвийг сахисан гүрэн, Олон улсын улаан загалмайн хороо, эсхүл хараат бус хүмүүнлэгийн өөр байгууллагад шилжүүлж болно.
Тухайн нутаг дэвсгэрийн эдийн засгийн ашиг сонирхолд шаардлагатайгаас бусад тохиолдолд тэдгээр ачааг эзлэгдсэн нутаг дэвсгэрт бүх хураамж, татвар буюу гаалийн татвараас чөлөөлнө. Эзлэгч гүрэн эдгээр ачааг шуурхай хуваарилахад дэмжлэг үзүүлнэ.
Хэлэлцэн тохирогч бүх тал эзлэгдсэн нутаг дэвсгэр рүү явуулж байгаа тусламжийн тэдгээр ачааг үнэ төлбөргүйгээр дамжин өнгөрүүлж, тээвэрлүүлэхийг чармайна.
62 дугаар зүйл
Аюулгүй байдлын зайлшгүй шаардлагад харшлахгүй бол эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа хамгаалагдсан хүмүүст тэдэнд тус бүрт нь илгээсэн ачааг хүлээн авахыг зөвшөөрнө.
63 дугаар зүйл
Эзлэгч гүрний аюулгүй байдлын яаралтай шаардлагаар түр бөгөөд онцгой арга хэмжээг мөрдөхийн хамт:
a) хүлээн зөвшөөрөгдсөн Үндэсний улаан загалмайн (Улаан хавирган сар, Улаан арслан болон нарны) нийгэмлэг нь Олон улсын улаан загалмайн бага хурлаас гаргасан зарчимд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулна. Тусламжийн бусад нийгэмлэгт адил нөхцөлийн дагуу хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;
b) эзлэгч гүрэн хэрэв дээр дурдсан үйл ажиллагаанд хор уршиг учруулахуйц байвал эдгээр нийгэмлэгийн ажилтан буюу бүтцэд ямарваа өөрчлөлт оруулахыг шаардаж болохгүй.
Нийтэд зайлшгүй үйлчилгээний албадыг ажиллуулах, тусламж түгээх, аврах ажил зохион байгуулах замаар энгийн иргэдийн амьдралын нөхцөлийг хангах зорилгоор байгуулагдсан буюу байгуулагдаж болох цэргийн бус шинжтэй тусгай байгууллагын үйл ажиллагаа, ажилтанд мөн адил зарчмыг хэрэглэнэ.
64 дүгээр зүйл
Эзлэгдсэн нутаг дэвсгэрийн эрүүгийн хууль тогтоомж нь эзлэгч гүрний аюулгүй байдалд заналхийлж буюу энэхүү конвенцийг хэрэглэхэд саад болж буй тохиолдолд эзлэгч гүрэн түүнийг хүчингүй болгох буюу үйлчлэлийг нь түр зогсоож болохоос бусад тохиолдолд энэ хууль тогтоомж нь хүчин төгөлдөр хэвээр байна.
Дээр дурдсаныг болон шударга шүүхийн үр нөлөөтэй ажиллагааг хангах шаардлагыг харгалзан эзлэгдсэн нутаг дэвсгэрийн шүүхийн байгууллага дээр дурдсан хууль тогтоомжид хамрагдсан эрх зүйн бүх зөрчлийн хувьд чиг үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Гэвч эзлэгч гүрэн нь энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой болох, тухайн нутаг дэвсгэрийг хэвийн удирдлагаар хадгалах, эзлэгч гүрэн, эзлэгч хүчин буюу захиргааны бие бүрэлдэхүүн буюу эд хөрөнгө, түүнчлэн тэдний ашиглаж буй объект, харилцаа холбооны шугамын аюулгүй байдлыг хангахад зайлшгүй заалтын үйлчлэлд эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хүн амыг хамруулж болно.
65 дугаар зүйл
Эзлэгч гүрний гаргасан эрүүгийн хариуцлагыг хүлээх заалтыг хэвлэн нийтэлж, оршин суугчдад тэдний хэлээр сонордуулахаас өмнө тухайн заалт хүчин төгөлдөр болохгүй. Эрүүгийн хариуцлагын тухай эдгээр заалтын үйлчлэлийг буцаан хэрэглэхгүй.
66 дугаар зүйл
64 дүгээр зүйлийн хоёр дахь догол мөрийг үндэслэн эзлэгч гүрний батлан гаргасан эрүүгийн хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд эзлэгч гүрэн яллагдагчийг зохих ёсоор байгуулагдсан улс төрийн бус цэргийн шүүхэд тухайн шүүх нь эзлэгдсэн нутаг дэвсгэрт хуралдах нөхцөлд шилжүүлнэ. Давж заалдах шатны шүүх нь аль болох эзлэгдсэн нутаг дэвсгэрт хуралдана.
67 дугаар зүйл
Шүүх тухайн эрх зүйн зөрчил гарахаас өмнө хэрэглэж байсан бөгөөд эрх зүйн нийтлэг зарчим, ялангуяа ял гэмт хэрэгтээ тохирсон байх зарчимд нийцсэн хуулийн заалтыг зөвхөн хэрэглэнэ. Яллагдагч нь эзлэгч гүрний харьяат биш байгааг шүүх харгалзан үзнэ.
68 дугаар зүйл
Хэрэв хамгаалагдсан хүмүүсийн үйлдсэн эрх зүйн зөрчил нь гагцхүү эзлэгч гүрэнд гэм хор учруулах зорилготой бөгөөд эзлэгч хүчин буюу захиргааны бие бүрэлдэхүүний амь нас, бие махбодид халдаагүй, хамт олонд ноцтой аюул учруулаагүй, эзлэгч хүчин буюу захиргааны эд хөрөнгөд хийгээд тэдний ашиглаж буй байгууламжид ноцтой хохирол учруулаагүй бол тухайн хүмүүсийг тусгаарлан хорих буюу ердийн журмаар шоронд хорино, чингэхдээ тийнхүү тусгаарлан хорих буюу шоронд хорих хугацаа нь үйлдсэн эрх зүйн зөрчилтэй тохирвол зохино. Үүнээс гадна эрх зүйн ийм зөрчил үйлдсэний төлөө тусгаарлан хорих буюу шоронд хорих нь хамгаалагдсан хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлахаар авах цорын ганц арга хэмжээ байна. Энэхүү конвенцийн 66 дугаар зүйлд заасан шүүх нь шоронд хорих ялыг мөн адил хугацаагаар тусгаарлан хорих ялаар өөрийн үзэмжээр сольж болно.
64, 65 дугаар зүйлд нийцүүлэн эзлэгч гүрний батлан гаргасан эрүүгийн хуулийн заалт нь хамгаалагдсан хүн тагнуул хийх, эзлэгч гүрний цэргийн байгууламжийн эсрэг хорлон сүйтгэх ноцтой үйлдэл хийх, нэг буюу хэд хэдэн хүнийг үхэлд хүргэх эрх зүйн зөрчлийг санаатай үйлдсэн тохиолдолд л тухайн хүмүүст цаазаар авах ял оногдуулж болох бөгөөд чингэхдээ ийм зөрчилд цаазаар авах ял оногдуулахаар эзлэгдсэн нутаг дэвсгэрт эзлэхээс өмнө үйлчилж байсан хуульд заасан байвал зохино.
Яллагдагч нь эзлэгч гүрний иргэн биш учраас эзлэгч гүрэнд үнэнч байх үүрэг хүлээгээгүй гэдэгт шүүх онцгой анхаарал тавиагүй бол цаазаар авах ялыг хамгаалагдсан хүнд оногдуулж болохгүй.
Эрх зүйн зөрчил үйлдэх үедээ арван наймаас доош настай байсан хамгаалагдсан хүнд ямар ч тохиолдолд цаазаар авах ял оногдуулж болохгүй.
69 дүгээр зүйл
Хамгаалагдсан хүн эрх зүйн зөрчил үйлдсэн гэж шүүх буюу шийтгэлийн өмнө цагдан хоригдсон хугацааг ямар ч тохиолдолд шийтгэгдэх хорих ялын хугацаанд оруулан тооцно.
70 дугаар зүйл
Дайны хууль, заншлыг зөрчсөнөөс бусад тохиолдолд хамгаалагдсан хүмүүсийг эзлэхээс өмнө буюу эзлэлт түр зогсох үед үйлдсэн эрх зүйн зөрчил буюу илэрхийлж байсан үзэл бодлынх нь төлөө эзлэгч гүрэн баривчилж, мөрдөж, эсхүл шийтгэж болохгүй.
Дайтах ажиллагаа эхэлсний дараа үйлдсэн эрх зүйн зөрчил эсхүл, эзлэгдсэн улсын хуулиар тайван цагт шилжүүлэн өгөх үндэс болох байсан дайтах ажиллагааны өмнө үйлдсэн эрх зүйн зөрчлөөс бусад тохиолдолд дайтах ажиллагаа эхлэхээс өмнө эзлэгдсэн улсын нутаг дэвсгэрт орогнол хүссэн эзлэгч гүрний харьяатыг баривчилж, мөрдөж, шийтгэж, эсхүл эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хөөн гаргаж болохгүй.
71 дүгээр зүйл
Тогтоосон журмаар шүүх ажиллагаа явуулаагүй бол эзлэгч гүрний эрх бүхий шүүх нэг ч ял оногдуулж болохгүй.
Эзлэгч гүрний мөрдөж байгаа аливаа яллагдагч хүмүүст түүний эсрэг яллагааг тодорхой тайлбарлан ойлгох хэлээр нь бичгээр яаралтай мэдээлж, аль болох шуурхай шүүнэ. Хамгаалагдсан хүмүүсийн эсрэг цаазаар авах ял, эсхүл хоёр буюу түүнээс дээш жилээр хорих ял оногдуулахаар эзлэгч гүрний үүсгэсэн бүх ажиллагааны тухай хамгаалагч гүрэнд мэдэгдэх бөгөөд хамгаалагч гүрэн эдгээр ажиллагааны явцын байдлын талаар хэдийд ч мэдээлэл авах боломжтой байна. Түүгээр зогсохгүй, хамгаалагч гүрэн нь хамгаалагдсан хүмүүсийн эсрэг эзлэгч гүрний үүсгэсэн эдгээр болон аливаа бусад бүх ажиллагааны тухай тодорхой мэдээллийг өөрийн хүсэлтээр авч байх эрх эдлэнэ.
Дээрх хоёр дахь догол мөрд зааснаар хамгаалагч гүрэнд өгөх мэдэгдлийг нэн даруй илгээх бөгөөд ямар ч тохиолдолд хэргийг анх хэлэлцэх өдрөөс гурван долоо хоногийн өмнө хамгаалагч гүрэнд хүргүүлнэ. Энэ зүйлийн заалтыг бүрэн биелүүлсэн тухай нотолгоог шүүх ажиллагаа эхлэх үед өгөөгүй бол шүүх хурлыг эхлэхгүй. Мэдэгдэлд дараахь мэдээлэл баримт багтана:
a) яллагдагчийн тухай мэдээлэл баримт;
b) оршин сууж байгаа буюу хоригдож байгаа газар;
c) яллагааны тухай тодорхой мэдээлэл (ийнхүү яллах болсон эрүүгийн хуулийн заалтыг дурдана);
d) хэргийг хэлэлцэх шүүхийн нэр, хаяг;
e) хэргийг анх хэлэлцэх газар, он, сар, өдөр.
72 дугаар зүйл
Яллагдаж буй хүмүүс өөрийгөө өмгөөлөхөд шаардлагатай нотлох баримт гаргана, тухайлбал гэрчийг дуудаж болно. Тэд өөрөө сонгосон мэргэжлийн өмгөөлөгч буюу зөвлөхийн туслалцаа авах эрхтэй бөгөөд тэдгээр өмгөөлөгч буюу зөвлөх нь тэдэнтэй чөлөөтэй уулзах болон өмгөөлөхөд бэлтгэхэд шаардлагатай боломж нөхцөлөөр хангагдсан байна.
Хэрэв яллагдагч өмгөөлөгчөө сонгон авч чадахгүйд хүрвэл хамгаалагч гүрэн түүнд өмгөөлөгч буюу зөвлөх олж өгнө. Хэрэв яллагдагч онц хүнд гэмт хэрэгт яллагдаж байгаа бөгөөд хамгаалагч гүрэн байхгүй байвал эзлэгч гүрэн яллагдагчийн зөвшөөрснөөр түүнд өмгөөлөгч буюу зөвлөх олж өгнө.
Урьдчилсан мөрдөн байцаалтын болон шүүх хурлын үед яллагдаж буй хүмүүс өөрөө сайн дураараа татгалзаагүй бол түүнд орчуулагчийн туслалцаа үзүүлэх ёстой. Тэд хэдийд ч орчуулагчаас татгалзах, түүнийг солих хүсэлт гаргах эрхтэй.
73 дугаар зүйл
Ял шийтгүүлсэн хүмүүс тухайн шүүхийн хэрэглэсэн хуульд зааснаар давж заалдах эрхтэй. Түүнд давж заалдах буюу гомдол гаргах эрх болон тийнхүү давж заалдах буюу гомдол гаргах хугацааны талаар бүрэн мэдээлнэ.
Давж заалдах тохиолдолд энэ ангид заасан эрүүгийн байцаан шийтгэх журмыг боломжийн хэрээр хэрэглэнэ. Хэрэв шүүхийн хэрэглэсэн хуульд давж заалдах тухай заалт байхгүй бол ял шийтгүүлсэн хүмүүс эзлэгч гүрний эрх бүхий байгууллагад шүүхийн шийдвэр болон ялын талаар гомдол гаргах эрхтэй.
74 дүгээр зүйл
Эзлэгч гүрний аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс онцгой арга хэмжээ болгон шүүх хурлыг хаалттай явуулаагүй бол хамгаалагч гүрний төлөөлөгчид нь хамгаалтад байдаг аливаа хүмүүсийн шүүх хуралд байлцах эрхтэй. Шүүх хурлыг хаалттай явуулах тохиолдолд эзлэгч гүрэн нь хамгаалагч гүрэнд дараа нь мэдэгдэнэ. Шүүх хурал болох он, сар, өдөр, газрын тухай мэдэгдлийг хамгаалагч гүрэнд илгээнэ.
Цаазаар авах ял, эсхүл хоёр буюу түүнээс дээш жилээр хорих ял оногдуулах шийдвэрийн талаар хамгаалагч гүрэнд шийдвэр гарах болсон үндэслэлийн хамт аль болох шуурхай мэдэгдэнэ. Мэдэгдэлд 71 дүгээр зүйлийн дагуу хийсэн мэдэгдлийн талаар дурдаж, хорих ял оногдуулсан тохиолдолд уг ялыг эдлэх газрын нэрийг заана. Дээр дурдсанаас бусад шийдвэрийн бүртгэлийг шүүх хадгалах бөгөөд хамгаалагч гүрний төлөөлөгчид шалгахад нээлттэй байна. Цаазаар авах ял, эсхүл хоёр буюу түүнээс дээш жилээр хорих ял оногдуулах тохиолдолд давж заалдаж болох хугацаа нь уг шийдвэрийн тухай мэдэгдлийг хамгаалагч гүрэн хүлээн авах хүртэл тоологдож эхлэхгүй.
75 дугаар зүйл
Цаазаар авах ял шийтгүүлсэн хүмүүсийг өршөөл буюу уучлал үзүүлэх хүсэлт гаргах эрхээс нь ямар ч тохиолдолд салгахгүй.
Цаазаар авах ялыг батласан эцсийн шийдвэрийн талаархи мэдэгдлийг, эсхүл өршөөл буюу уучлал үзүүлэхээс татгалзсан зарлигийг хамгаалагч гүрэн хүлээн авснаас хойш наад зах нь зургаан сарын хугацаа өнгөрөхөөс өмнө нэг ч тийм ялыг гүйцэтгэж болохгүй.
Эзлэгч гүрэн буюу түүний хүчний аюулгүй байдлын эсрэг зохион байгуулалттай аюул учрахуйц онц ноцтой нөхцөл байдалд тодорхой тохиолдолд энд заасан цаазаар авах ялыг түдгэлзүүлэх зургаан сарын хугацааг богиносгож болох бөгөөд чингэхдээ хамгаалагч гүрэнд хугацааг тийнхүү богиносгосон талаар мэдэгдэж, цаазаар авах ялын талаар эзлэгч эрх бүхий байгууллагад хандах боломжит хугацаа, боломж олговол зохино.
76 дугаар зүйл
Гэмт хэрэгт яллагдаж буй хамгаалагдсан хүмүүсийг эзлэгдсэн нутаг дэвсгэрт саатуулах бөгөөд тэд ял шийтгүүлсэн тохиолдолд тэндээ ялаа эдлэнэ. Боломжтой бол тэднийг бусад хоригдлоос тусгаарлаж, тэдний эрүүл байлгахад хангалттай бөгөөд наад зах нь эзлэгч гүрний шоронд өгдөгтэй адил тэгш байх, хоол хүнс, эрүүл ахуйн нөхцөлөөр хангана.
Тэд эрүүл мэндийн шаардлагын дагуу эмнэлгийн тусламж авна.
Тэд мөн шаардагдаж болох сэтгэл санааны тусламж авах эрхтэй.
Эмэгтэйчүүдийг тусгай хуаранд хорьж, эмэгтэй хүний харгалзаанд шууд байлгана.
Насанд хүрээгүй хүмүүст зориулсан тусгай дэглэмд зохих анхаарал тавина.
Саатуулагдаж буй хамгаалагдсан хүмүүс 143 дугаар зүйлийн дагуу хамгаалагч гүрэн болон Олон улсын улаан загалмайн хорооны төлөөлөгчидтэй уулзах эрхтэй.
Эдгээр хүн сард наад зах нь тусламжийн нэгээс доошгүй илгээмж авах эрхтэй.
77 дугаар зүйл
Эзлэгдсэн нутаг дэвсгэрт гэмт хэрэгт яллагдсан буюу шүүхээс ял шийтгүүлсэн хамгаалагдсан хүмүүсийг эзлэлт дууссаны дараа холбогдох хэргийн хамт чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
78 дугаар зүйл
Хэрэв аюулгүй байдлын зайлшгүй шаардлагаас болж эзлэгч гүрэн хамгаалагдсан хүмүүсийн талаар аюулгүйн арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл цаад зах нь тэднийг тусгай газар зааж суурьшуулах буюу тусгаарлан хорьж болно.
Тийнхүү тусгай газар зааж суурьшуулах буюу тусгаарлан хорих талаархи шийдвэрийг энэхүү конвенцид нийцүүлэн эзлэгч гүрнээс тогтоосон ердийн журмаар гаргана. Уг журамд сонирхогч хүмүүс давж заалдах эрхийг багтаана. Давж заалдсан хүсэлтийг аль болох богино хугацаанд гаргана. Шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд түүнийг тухайн гүрнээс байгуулсан эрх бүхий байгууллага тогтмол, боломжтой бол зургаан сар тутамд хянан үзэж байна.
Тусгай газар заалгаж суурьшсан бөгөөд тиймээс гэрээ орхих шаардлагатай болсон хамгаалагдсан хүмүүс энэхүү конвенцийн 39 дүгээр зүйлийн ашиг тусыг бүрэн эдлэнэ.
IV ХЭСЭГ
ТУСГААРЛАН ХОРИГДОГСОДТОЙ ХАРЬЦАХ ЖУРАМ
I бүлэг
Нийтлэг заалт
79 дүгээр зүйл
41, 42, 43, 68 болон 78 дугаар зүйлийн заалтын дагуу тусгаарлан хорихоос бусад тохиолдолд мөргөлдөөнд оролцогч талууд хамгаалагдсан хүмүүсийг тусгаарлан хорихгүй.
80 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсод иргэний эрх зүйн бүрэн чадамжаа хадгалах бөгөөд уг байдалтай нь нийцэж болох холбогдох эрхийг хэрэгжүүлнэ.
81 дүгээр зүйл
Хамгаалагдсан хүмүүсийг тусгаарлан хорьж буй мөргөлдөөнд оролцогч талууд тэднийг үнэ төлбөргүй байлгаж, тэдний эрүүл мэндийн байдлын шаардлагын дагуу эмнэлгийн тусламж үзүүлнэ.
Тусгаарлан хоригдогсдод олгох тэтгэмж, хөлс буюу зээлээс эдгээр зардлыг нөхөн төлөх зорилгоор суутгаж болохгүй.
Хэрэв тусгаарлан хоригдогсдын тэжээн тэтгүүлэгч нь амьдрах хангалттай арга хэрэгсэлгүй буюу амьжиргаагаа залгуулж чадахгүй бол олзлогч гүрэн тэдгээр тэжээн тэтгүүлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.
82 дугаар зүйл
Олзлогч гүрэн тусгаарлан хоригдогсдыг боломжийн хэрээр иргэний харьяалал, хэл, ёс заншлаар нь тусгаарлан хорино. Нэг орны харьяат болох тусгаарлан хоригдогсдыг хэлний ялгаагаар нь салган тусгаарлаж болохгүй.
Тусгаарлан хоригдох хугацааны туршид нэг гэр бүлийн гишүүд, ялангуяа эцэг эх болон хүүхдүүдийг ажил буюу эрүүл мэндийн шалтгаанаар, эсхүл энэ хэсгийн IX бүлгийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор түр шинжтэйгээр салгах шаардлага гарснаас бусад тохиолдолд тусгаарлан хорих нэг газарт хамтад нь байрлуулна. Тусгаарлан хоригдогсод эцэг эхийн асрамжгүйгээр эрх чөлөөтэй үлдсэн хүүхдүүдийг тэдэнтэй хамтад нь тусгаарлан хорихыг хүсч болно.
Нэг гэр бүлийн тусгаарлан хоригдсон гишүүдийг боломжтой бол нэг байранд байрлуулж, гэр бүлийн амьдралаа эрхлэх нөхцөл боломж олгон бусад тусгаарлан хоригдогсдоос тусад нь байрлуулна.
II бүлэг
Тусгаарлан хорих газар
83 дугаар зүйл
Олзлогч гүрэн дайны аюулд онцгой өртөгдөх газар нутагт тусгаарлан хорих газрыг байгуулж болохгүй.
Олзлогч гүрэн хамгаалагч гүрнээр зуучлуулан дайсагнагч гүрэнд тусгаарлан хорих газрын газар зүйн байрлалын талаар хэрэгтэй бүх мэдээллийг дайсагнагч гүрэнд өгнө.
Тухайн байдалд боломжтой бол цэргийн тусгаарлан хорих лагерийг өдрийн цагт агаараас тод харагдахаар “IC” үсгээр тэмдэглэнэ. Гэвч сонирхогч гүрнүүд тэмдэглэгээ хийх аливаа өөр хэлбэрийн талаар тохиролцож болно. Тусгаарлан хорих лагераас өөр ямар ч газрыг тийнхүү тэмдэглэхгүй.
84 дүгээр зүйл
Тусгаарлан хоригдогсдыг дайнд олзлогдогчид болон аливаа бусад шалтгаанаар эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсээс тусад нь байрлуулж, тусгай захиргаатай байлгана.
85 дугаар зүйл
Олзлогч гүрэн хамгаалагдсан хүмүүсийг тусгаарлан хорьж эхлэхдээ эрүүл ахуй болон эрүүл мэндийн хувьд боломжтой бүх хамгаалалт, түүнчлэн цаг уурын хатуу нөхцөл, дайны аюулын эсрэг үр ашигтай хамгаалалтаар хангах барилга буюу хуаранд байрлуулах явдлыг хангах талаар шаардлагатай бөгөөд боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй. Ямар ч тохиолдолд тусгаарлан хорих байнгын газрыг эрүүл мэндэд аюултай газар нутаг буюу цаг уурын нөхцөл нь тусгаарлан хоригдогсдод хортой газарт байрлуулж болохгүй. Хамгаалалтад байгаа хүнийг тусгаарлан түр хорьж байгаа газар нь эрүүл мэндэд аюултай газар нутаг бөгөөд цаг уурын нөхцөл нь тухайн хүмүүсийн эрүүл мэндэд хортой бүх тохиолдолд нөхцөл байдал боломжтой болмогц түүнийг тусгаарлан хорих илүү тохиромжтой газарт шуурхай шилжүүлнэ.
Байрыг чийгнээс бүрэн хамгаалж, хангалттай халаалт, гэрэлтүүлэгтэй байлгах бөгөөд ялангуяа харанхуй болох болон гэрэл унтраахын хооронд гэрэлтүүлэгтэй байлгана. Унтах хуаран хангалттай цэлгэр, сайн агааржуулалттай байх бөгөөд цаг уурын нөхцөл болон тусгаарлан хоригдогсдын нас, хүйс, эрүүл мэндийн байдлыг харгалзан тэднийг тохирох ор, хангалттай хөнжлөөр хангана.
Тусгаарлан хоригдогсод өдөр болон шөнө эрүүл ахуйн журамд нийцсэн бөгөөд байнга цэвэр байх ариун цэврийн хэрэглэлтэй байна. Тэднийг өдөр тутам нүүр гараа угаах болон өөрийн хувцсаа угаах хангалттай ус, савангаар хангах бөгөөд энэ зорилгоор шаардлагатай хэрэглэл, нөхцөл боломжоор хангана. Мөн шүршүүр, халуун усны газар байгуулна. Тэдэнд угааж цэвэрлэхэд шаардлагатай цаг гаргаж өгнө.
Онцгой буюу түр арга хэмжээ болгон нэг гэр бүлийн гишүүн бус тусгаарлан хоригдсон эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй хамт нэг газарт байрлуулах шаардлагтай бол унтах хуарангаар тусад нь хангаж, тусгаарлан хоригдсон тэдгээр эмэгтэйчүүдийг ариун цэврийн хэрэглэлээр тусад нь хангах үүрэгтэй.
86 дугаар зүйл
Олзлогч гүрэн шашны урсгалаас нь үл хамааран шашны ёслол үйлдэхэд тохирох байрыг тусгаарлан хоригдсон хүмүүсийн мэдэлд гаргаж өгнө.
87 дугаар зүйл
Зохих тохиромжтой нөхцөл боломж байгаагаас бусад тохиолдолд тусгаарлан хорих газар бүрт мухлаг байрлуулна. Эдгээр мухлаг нь тусгаарлан хоригдогсдын хувийн аж байдал, тохь тухыг сайжруулахуйц өдөр тутмын хэрэглээний хоол хүнс, барааны зүйл, түүний дотор саван, тамхийг орон нутгийн зах зээлийн үнээс илүүгүй үнээр худалдаж авах боломжийг тэдэнд олгоно.
Мухлагийн олсон ашгийг тусгаарлан хорих газар бүрт байгуулах халамжийн санд шилжүүлж, тусгаарлан хорих ийм газарт байгаа тусгаарлан хоригдогсдын эрх ашигт зориулан зарцуулна. 102 дугаар зүйлд заасан Тусгаарлан хоригдогсдын хороо нь мухлагийн үйл ажиллагаа болон дээрх сангийн зарцуулалтыг шалгах эрхтэй.
Тусгаарлан хорих газрыг хаавал тусламжийн сангийн үлдэгдлийг өөр газарт байрлах тухайн нэг үндэстний тусгаарлан хоригдогсдын тусгаарлан хорих газрын халамжийн санд шилжүүлэх, эсхүл хэрэв тийм газар байхгүй бол олзлогч гүрний хамгаалалтад байгаа бүх тусгаарлан хоригдогсдын ашиг тусын тулд зарцуулагдах халамжийн төв санд шилжүүлнэ. Нийтээр суллах тохиолдолд сонирхогч гүрний хооронд энэ талаар аливаа эсрэг хэлэлцээр байхгүй бол дээрх ашгийг олзлогч гүрэнд үлдээнэ.
88 дугаар зүйл
Агаарын довтолгоо, дайны бусад аюулд өртөгдөхүйц тусгаарлан хорих бүх газарт шаардлагатай хамгаалалтаар хангахуйц тооны болон бүтцийн хоргодох байр байгуулна. Түгшүүрийн дохио өгсөн үед дээр дурдсан аюулаас хуарангаа хамгаалахаар үлдэх хүмүүсээс бусад бүх тусгаарлан хоригдогсод хоргодох байранд аль болох түргэн орох боломжтой байна. Хүн амын тусын тулд авах аливаа арга хэмжээг тэдэнд мөн хэрэглэнэ.
Тусгаарлан хорих газарт гал түймрийн аюулаас сэргийлэх зохих бүх арга хэмжээг авах ёстой.
III бүлэг
Хоол хүнс, хувцас
89 дүгээр зүйл
Тусгаарлан хоригдогсдын өдөр тутмын хоол нь тэдний эрүүл мэндийн хэвийн байдлыг хангах, тэжээлийн дутагдал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд тоо хэмжээ, чанар, төрөл зүйлийн хувьд хангалттай байна. Тусгаарлан хоригдогсдын заншсан хоолны дэглэмийг харгалзана.
Тусгаарлан хоригдогсод мөн өөрт байгаа хүнсний аливаа нэмэлт бүтээгдэхүүнээр өөрсөддөө хоол хийх хэрэгслээр хангагдана.
Тусгаарлан хоригдогсдыг хангалттай ундны усаар хангана. Тамхи татахыг зөвшөөрнө.
Ажил хийж буй тусгаарлан хоригдогсод хийж байгаа ажлынхаа төрөлд нийцсэн хэмжээний нэмэлт хоол авна.
Жирэмсэн, төрсөн эмэгтэйчүүд, арван таваас доош насны хүүхдүүдэд тэдний бие махбодийн хэрэгцээнд нийцүүлэн нэмэлт хоол өгнө.
90 дүгээр зүйл
Хамгаалалатад авахад тусгаарлан хоригдогсдод шаардлагатай хувцас, гутал, солих дотуур хувцастай байх, түүнчлэн цаашид шаардлагатай бол бусад зүйлийг авах бүх нөхцөл боломжийг олгоно. Олзлогч гүрэн хэрэв тусгаарлан хоригдогсдод цаг уурын нөхцөлд тохирсон хувцас хүрэлцэхгүй, түүнчлэнд аливаа тийм хувцас авч чадахгүй байвал тэднийг хувцсаар үнэ төлбөргүй хангана.
Олзлогч гүрнээс тусгаарлан хоригдогсдод олгох хувцас болон тэдний өөрсдийнх нь хувцасны гадна тавих тэмдэг нь гутаан доромжлох, доог тохуу хийхээр байж болохгүй.
Ажил хийж байгаа хүмүүс ажлын шинж чанараас хамааран шаардлага гарах бүрийд ажлын тохирох хувцас, түүний дотор хамгаалах хувцас авна.
IV бүлэг
Эрүүл ахуй, эмнэлгийн тусламж
91 дүгээр зүйл
Тусгаарлан хорих газар бүр тусгаарлан хоригдогсод шаардлагатай тусламж болон зохих хоол авч болох мэргэжлийн эмчийн удирдлаган дор ажиллах зохих тусгай өрөөтэй байна. Халдварт, эсхүл сэтгэл мэдрэлийн өвчний тохиолдолд тусгаарлах өрөө байгуулна.
Төрөх дөхсөн эмэгтэйчүүд, түүнчлэн хүндээр өвчилсөн буюу эрүүл мэндийн байдал нь тусгай эмчилгээ, мэс засал, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай тусгаарлан хоригдогсдыг зохих эмчилгээ хийж чадах аливаа байгууллага хүлээн авах ёстой бөгөөд тэд нийт хүн амд үзүүлдгээс дутуугүй тусламж авна.
Тусгаарлан хоригдогсод аль болох өөрийн улсын харьяат эмнэлгийн ажилтнаас тусламж авбал зохино.
Тусгаарлан хоригдогсод эмнэлгийн байгууллагад үзүүлэхээр очиход нь саад хийж болохгүй. Олзлогч гүрний эмнэлгийн байгууллага эмчилгээ хийлгэсэн тусгаарлан хоригдогч бүрт хүсэлтээр нь тэдний өвчин буюу гэмтлийн шинж, эмчилгээний хугацаа, шинж чанарыг харуулсан албан ёсны гэрчилгээ олгоно. Гэрчилгээний нэг хувийг 140 дүгээр зүйлд заасан Төв агентлагт хүргүүлнэ.
Тусгаарлан хоригдогсдод эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ, түүний дотор тусгаарлан хоригдогсдын хэвийн эрүүл мэндийг хангахад шаардагдах аливаа хэрэгсэл, тухайлбал хиймэл шүд, бусад хиймэл эрхтэн, нүдний шилийг үнэ төлбөргүй олгоно.
92 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсдыг наад зах нь сард нэг удаа эрүүл мэндийн үзлэгт оруулна. Үзлэгийн зорилго нь тухайлбал тусгаарлан хоригдогсдын эрүүл мэндийн ерөнхий байдал, хооллолт, ариун цэврийг хянах бөгөөд халдварт өвчин, ялангуяа сүрьеэ, хумхаа, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэхэд оршино. Энэ үзлэгт ялангуяа тусгаарлан хоригдогч бүрийн биеийн жинг хэмжиж, наад зах нь жилд нэгээс доошгүй удаа рентгент харах нь энэ үзлэг багтана.
V бүлэг
Шашны, оюуны болон биеийн тамирын үйл ажиллагаа
93 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсод олзлогч эрх бүхий байгууллагаас тогтоосон сахилгын журмыг дагаж мөрдсөн нөхцөлд өөрийн шашны зан үйлийг гүйцэтгэх, түүний дотор өөрийн шүтлэгийн мөргөлд оролцох эрх чөлөөг бүрэн эдлэнэ.
Тусгаарлан хоригдсон шашны санваартанд сүсэг нэгтнийхээ дунд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахыг зөвшөөрнө. Эл зорилгоор олзлогч гүрэн нь эх хэл нэгтэй, нэг шашин шүтлэгт хамаардгийг нь харгалзан тусгаарлан хоригдогсдыг тусгаарлан хорих янз бүрийн газарт тэднийг шударга хуваарилах явдлыг хангана. Хэрэв ийм санваартан хэт цөөн байвал олзлогч гүрэн тэдэнд нэг газраас нөгөө газарт очиход шаардлагатай нөхцөл боломж олгох, түүний дотор тээврийн хэрэгслээр хангах бөгөөд эмнэлэгт байгаа тусгаарлан хоригдогсдыг эргэх зөвшөөрөл олгоно. Шашны санваартан тусгаарлан хоригдогсод байгаа орны шашны байгууллага болон боломжтой бол олон улсын адил шашны байгууллагатай өөрийн үйл ажиллагааны талаар захидал бичгээр чөлөөтэй харилцана. Ийм захидал харилцааг 107 дугаар зүйлд дурдсан тоо хэмжээнд багтана гэж үзэхгүй. Гэвч энэ нь 112 дугаар зүйлийн заалтад захирагдана.
Тусгаарлан хоригдогсод өөрийн шашны санваартны тусламж авах боломжгүй, эсхүл ийм санваартан хэт цөөн байгаа нөхцөлд орон нутгийн адил шашны байгууллага нь олзлогч гүрэнтэй тохиролцон тусгаарлан хоригдогсдын шашны санваартан, эсхүл хэрэв шашны урсгалын байр сууринаас авч үзэхэд боломжтой бол төсөөтэй шашны санваартан буюу шашны мэдлэг бүхий сүсэгтэнг томилж болно. Төсөөтэй шашны санваартан буюу шашны мэдлэг бүхий сүсэгтэн хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь олгосон нөхцөл боломжийг эдлэнэ. Тийнхүү томилогдсон хүмүүс сахилга, аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс олзлогч гүрний тогтоосон бүх журмыг дагаж мөрдөнө.
94 дүгээр зүйл
Олзлогч гүрэн тусгаарлан хоригдогсдын дунд оюуны, боловсролын, амралт цэнгээний сонирхол, спорт, тоглоомыг хөхиүлэн дэмжих, чингэхдээ эдгээр арга хэмжээнд оролцох эсэх сонголтыг тэдэнд олгоно. Тухайн гүрэн нь эдгээрийг хэрэгжүүлэх талаар боломжтой бүх арга хэмжээ, тухайлбал тохиромжтой байраар хангах арга хэмжээ авна.
Тусгаарлан хоригдогсдод үргэлжлүүлэн суралцах буюу шинэ хичээл заах талаар зохих бүх нөхцөл боломжийг олгоно. Хүүхэд болон өсвөрийн үеийнхний суралцах явдлыг хангах бөгөөд тэдэнд тусгаарлан хорих газарт буюу түүнээс гадна сургуульд явахыг зөвшөөрнө.
Тусгаарлан хоригдогсдод биеийн тамирын дасгал хийх, спортоор хичээллэх, гадаа тоглох боломж олгоно. Эл зорилгоор тусгаарлан хорих бүх газарт хангалттай хэмжээний задгай талбай гаргаж өгнө. Хүүхэд болон өсвөрийн үеийнхэнд зориулан тоглоомын тусгай талбай гаргаж өгнө.
95 дугаар зүйл
Олзлогч гүрэн тусгаарлан хоригдогсдоор хэрэв тэд өөрсдөө хүсээгүй бол ажил хийлгэж болохгүй. Тусгаарлан хоригдоогүй хамгаалалтад байгаа хүн албадан хөдөлмөр хийвэл энэхүү конвенцийн 40 буюу 51 дүгээр зүйлийг зөрчих бөгөөд доромжлох буюу гутаах шинжтэй ажил хийлгэхийг ямар ч тохиолдолд хориглоно.
Зургаан долоо хоног ажилласны дараа тусгаарлан хоригдогсод найм хоногийн өмнө урьдчилан мэдэгдэл өгөх нөхцөлөөр ажлаа хэдийд ч орхих эрхтэй.
Эдгээр заалт нь тусгаарлан хоригдсон эмч, шүдний эмч, эмнэлгийн бусад ажилтныг хамт тусгаарлан хоригдогсдынх нь өмнөөс мэргэжлийн дагуу ажиллуулах, эсхүл тусгаарлан хоригдогсдыг тусгаарлан хорих газарт захиргааны болон дэг журам сахиулах ажилд авч, эдгээр хүнд гал зуух буюу аж ахуйн бусад ажил даалгах, эсхүл тусгаарлан хоригдогсдод агаарын довтолгоо буюу дайны бусад аюулаас хамгаалахтай холбоотой үүрэг хүлээлгэх талаар тэднээс шаардах олзлогч гүрний эрхэд саад болохгүй. Гэвч эмнэлгийн албан тушаалтны дүгнэлтээр бие бялдрын хувьд хийх боломжгүй ажил гүйцэтгэхийг тусгаарлан хоригдогчоос шаардаж болохгүй.
Олзлогч гүрэн хөдөлмөрийн бүх нөхцөл, эмнэлгийн тусламж, цалин хөлс, түүнчлэн ажил хийж буй бүх тусгаарлан хоригдогч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлын нөхөн төлбөр авах явдлыг хангах талаар бүрэн хариуцлага хүлээнэ. Дээр дурдсан хөдөлмөрийн нөхцөл, нөхөн төлбөрт хэрэглэх жишиг нь үндэсний хууль тогтоомж, түүнчлэн тогтсон дадалтай нийцсэн байх бөгөөд эдгээр жишиг нь адил газар нутагт адилхан ажил хийсний төлөө авдгаас ямар ч тохиолдолд доргүй байна. Хийсэн ажлын хөлсийг тусгаарлан хоригдогсод, олзлогч гүрэн болон тухайн тохиолдолд олзлогч гүрнээс өөр ажил олгогчдын хооронд тусгаарлан хоригдогсдыг үнэ төлбөргүй тэжээн тэтгэж, эрүүл мэндийн байдалд нь шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байхаар байгуулсан тусгай хэлэлцээрээр шударга үндсэн дээр тодорхойлно. Энэ зүйлийн гурав дахь догол мөрд дурдсан ангиллын ажлыг байнга хийхээр томилогдсон тусгаарлан хоригдогсдод олзлогч гүрэн шударга хөлс олгоно. Ийнхүү томилогдсон тусгаарлан хоригдогсдын хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ нь адил газар нутагт адилхан ажилд олгодгоос доргүй байна.
96 дугаар зүйл
Ажлын бүх хэсэг, баг нь тусгаарлан хорих газрын бүрэлдүүн байж, түүнээс хамаарна. Олзлогч гүрний холбогдох эрх бүхий байгуулага болон тусгаарлан хорих газрын захирагч нь энэхүү конвенцийн заалтыг ажлын хэсэг, багаар мөрдүүлэх явдлыг хариуцна. Захирагч нь өөрт захирагдах ажлын хэсэг, багийнхны жагсаалтыг цаг тухайд нь хөтөлж, түүнийхээ талаар хамгаалагч гүрэн, Олон улсын улаан загалмайн хороо, хүмүүнлэгийн бусад байгууллагын тусгаарлан хорих газарт ирж болох төлөөлөгчдөд мэдээлж байна.
VI бүлэг
Хувийн эд хөрөнгө, санхүүгийн нөөц
97 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсдод хувийн хэрэглээнд ашиглах зүйлсийг өөртөө байлгахыг зөвшөөрнө. Тэдэнд байгаа мөнгө, чек, бонд зэрэг зүйлс, түүнчлэн үнэт зүйлсийг гагцхүү тогтоосон журамд нийцүүлэн гаргуулан авч болно. Эдгээр зүйлийг гаргуулан авсан талаар тодорхой баримт өгнө.
98 дугаар зүйлд заасны дагуу тусгаарлан хоригдогч бүрийн нэрийн дансанд мөнгө шилжүүлнэ. Энэ мөнгийг өмчлөгч болох тусгаарлан хоригдогч оршин байгаа нутаг дэвсгэрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар шаардаагүй, эсхүл тусгаарлан хоригдогч зөвшөөрөөгүй бол өөр валютад хөрвүүлж болохгүй.
Хувийн болон сэтгэл санааны хувьд хамгийн үнэт зүйлсийг гаргуулан авч болохгүй.
Тусгаарлан хоригдсон эмэгтэй хүнийг гагцхүү эмэгтэй хүн нэгжинэ.
Тусгаарлан хоригдогсдыг суллах буюу эх оронд нь буцаахад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу олзлогч гүрний авч үлдэх аливаа зүйл буюу мөнгөнөөс бусад тусгаарлан хоригдох хугацаанд тэднээс гаргуулан авсан бүх зүйл, мөнгө буюу бусад үнэт зүйлийг өгөх бөгөөд тэд 98 дугаар зүйлийн дагуу нэрийн дансанд байгаа аливаа мөнгөний үлдэгдлийг бэлнээр авна. Хэрэв тусгаарлан хоригдогчийн эд хөрөнгийг ийнхүү авч үлдэх бол түүнийг өмчлөгч энэ талаар тодорхой баримт авна.
Тусгаарлан хоригдогсдод байгаа гэр бүлийн буюу хувийн баримт бичгийг баримт өгөхгүйгээр гаргуулан авч болохгүй. Тусгаарлан хоригдогсдыг хэдийд ч хувийн баримт бичиггүй орхиж болохгүй. Хэрэв тэдэнд ийм баримт бичиг байхгүй бол тусгаарлан хорих хугацаа дуусах хүртэл хувийн баримт бичиг нь болох тусгай баримт бичгийг олзлогч эрх бүхий байгууллагаас олгоно.
Тусгаарлан хоригдогсод эд зүйл худалдан авах зорилгоор өөртөө тодорхой хэмжээний бэлэн мөнгө буюу бараа худалдан авах тасалбартай байж болно.
98 дугаар зүйл
Тусгаарлан хоригдсон бүх хүн тамхи, ариун цэврийн хэрэглэл зэрэг бараа, бусад зүйл худалдан авахад хангалттай тэтгэмж байнга авна. Ийм тэтгэмж нь зээллэг буюу худалдан авах тасалбарын хэлбэртэй байж болно.
Түүгээр зогсохгүй тусгаарлан хоригдогсод өөрийг нь харьяалах гүрэн, хамгаалагч гүрнүүд, тэдэнд тусламж үзүүлж болох байгууллага буюу өөрсдийн гэр бүлээс тэтгэмж, мөн олзлогч гүрний хуульд нийцүүлэн өөрсдийн эд хөрөнгийн орлогыг авч болно. Өөрийг нь харьяалах гүрнээс олгож буй тэтгэмжийн хэмжээ нь тусгаарлан хоригдогсдын ангилал (тэнхэлгүй, өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд гэх мэт) бүрт адил байх боловч тухайн гүрэн буюу олзлогч гүрэн энэхүү конвенцийн 27 дугаар зүйлээр хориглосон тусгаарлан хоригдогсдыг алагчилах үндсэн дээр хуваарилж болохгүй.
Олзлогч гүрэн тусгаарлан хоригдогч бүрийн нэр дээр байнгын данс нээх бөгөөд энэ дансанд энэ зүйлд заасан тэтгэмж, ажлын хөлс, авсан мөнгөний гуйвуулгыг тухайн хүмүүсээс гаргуулан авсан бөгөөд тусгаарлан хоригдсон нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу хэрэглэж болох мөнгөн дүнгийн хамт шилжүүлнэ. Тусгаарлан хоригдогсод гэр бүл, бусад тэжээн тэтгүүлэгчдээ мөнгө шилжүүлэх талаар уг нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцэх нөхцөл боломжийг олгоно. Тэд олзлогч гүрний тогтоосон хязгаарын дотор хувийн зардалд шаардлагатай мөнгийг данснаасаа авч болно. Тэдэнд өөрсдийн данстай танилцах болон дансны хуулбар хийж авах боломжит нөхцөл боломжийг ямагт олгоно. Дансны байдлыг хамгаалагч гүрэнд хүсэлтээр нь мэдээлэх бөгөөд тусгаарлах хоригдогч шилжих тохиолдолд дансыг нь хамт шилжүүлнэ.
VII бүлэг
Захиргаа, сахилгын тухай
99 дүгээр зүйл
Тусгаарлан хорих газар бүр олзлогч гүрний байнгын зэвсэгт хүчин, эсхүл иргэний байнгын захиргаанаас сонгосон хариуцлагатай албан тушаалтны удирдлаган дор байна. Тусгаарлах хорих газрыг хариуцах албан тушаалтан нь энэхүү конвенцийн өөрийн орны албан ёсны хэл буюу албан ёсны хэлний аль нэгээр хэвлэгдсэн хувьтай байх ёстой бөгөөд түүнийг хэрэглэхийг хариуцна. Тусгаарлан хоригдогсдыг хянах ажилтанд энэхүү конвенцийн заалт, түүнчлэн түүнийг хэрэглэх талаар авах захиргааны арга хэмжээний талаар заана.
Энэхүү конвенцийн эх бичвэр болон дээрх конвенцийн дагуу байгуулсан тусгай хэлэлцээрийн эх бичвэрийг тусгаарлан хоригдогсдын ойлгох хэлээр бичиж тусгаарлан хорих газар дотор өлгөх, эсхүл Тусгаарлан хоригдогсдын хорооны мэдэлд байлгана.
Аливаа төрлийн журам, тушаал, зарлал, хэвлэлийг тусгаарлан хоригдогсдод мэдээлж тусгаарлан хорих газар дотор тэдний ойлгох хэлээр бичиж өлгөнө.
Тусгаарлан хоригдогсдод зориулж гаргасан бүх тушаал, захирамжийг мөн адил тэдний ойлгох хэлээр өгнө.
100 дугаар зүйл
Тусгаарлан хорих газар дахь сахилгын дүрэм нь хүмүүнлэгийн зарчимд нийцэж байх бөгөөд түүнд тэдний эрүүл мэндэд аюултай буюу бие махбодийн буюу сэтгэл санааны талаар дарамт учруулах журам ямар ч тохиолдолд багтах ёсгүй. Хүний биед тэмдэг шивэх, тамгалах зэргээр таних тэмдэг хийхийг хориглоно.
Ялангуяа, удаан хугацаагаар зогсоох болон нэр дуудан бүртгэх, залхаах зорилгоор дасгал хийлгэх, цэргийн дасгал, сургууль хийлгэх, хоолыг нь хасахыг хориглоно.
101 дүгээр зүйл
Тусгаарлан хоригдогсод мэдэлд нь байгаа эрх бүхий байгууллагадаа тэдний хувьд тогтоосон тусгаарлан хорих нөхцөлийн талаар гомдол гаргах эрхтэй.
Тэд мөн тусгаарлан хоригдож буй нөхцөлийн талаар гомдолтой байж болох аливаа асуудлаар ямар нэг хязгаарлалтгүйгээр Тусгаарлан хоригдогсдын хороогоор дамжуулан, эсхүл хэрэв шаардлагатай гэж үзвэл хамгаалагч гүрний төлөөлөгчдөд шууд хандах эрхтэй.
Эдгээр өргөдөл, гомдлыг нэн даруй ямарваа өөрчлөлтгүйгээр дамжуулах бөгөөд өргөдөл, гомдол нь үндэслэлгүй байсан ч ямарваа шийтгэл хүлээлгэх үндэс болохгүй.
Тусгаарлан хоригдогсдын хорооноос тусгаарлан хорих газрын нөхцөл байдал болон тусгаарлан хоригдогсдын хэрэгцээний талаар тогтмол илтгэлийг хамгаалагч гүрний төлөөлөгчдөд илгээж болно.
102 дугаар зүйл
Тусгаарлан хорих газар бүрт тусгаарлан хоригдогсод олзлогч болон хамгаалагч гүрнүүд, Олон улсын улаан загалмайн хороо болон тэдэнд тусламж үзүүлж болох аливаа өөр байгууллагын өмнө тэднийг төлөөлөх эрх бүхий хорооны гишүүдийг нууц санал хураалтаар зургаан сар тутамд чөлөөтэй сонгоно. Хорооны гишүүдийг дахин сонгож болно.
Ийнхүү сонгогдсон тусгаарлан хоригдогсод тэднийг сонгосон олзлогч эрх бүхий байгууллага батласны дараа үүрэгт ажилдаа орно. Хорооны гишүүдийг батлахаас татгалзсан буюу чөлөөлсөн шалтгааныг сонирхогч хамгаалагч гүрнүүдэд мэдэгдэнэ.
103 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсдын хороо нь тусгаарлан хоригдогсдын бие махбодь, оюун санаа, оюун ухааны сайн сайхны төлөө дэмжлэг үзүүлнэ.
Тусгаарлан хоригдогсод, тухайлбал, хоорондоо харилцан туслалцаа үзүүлэх байгууллага байгуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ байгууллага нь хороодын эрх хэмжээнд энэхүү конвенцийн бусад заалтын дагуу тэдэнд хүлээлгэсэн тусгай үүргээс гадна байх болно.
104 дүгээр зүйл
Тусгаарлан хоригдогсдын хорооны гишүүдийн хүлээсэн үүргийг гүйцэтгэхэд илүү хүндрэл учруулахаар байвал аливаа өөр ажил хийхийг тэднээс шаардаж болохгүй.
Тусгаарлан хоригдогсдын хорооны гишүүд тусгаарлан хоригдогсод дотроос шаардлагатай байж болох туслахыг томилж болно. Тэдэнд шаардлагатай бүх материаллаг боломж нөхцөл, ялангуяа үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай чөлөөтэй хөдлөх (ажлын хэсэг, багт очих, ачаа хүлээн авах гэх мэт) тодорхой эрх чөлөө олгоно.
Олзлогч эрх бүхий байгууллага, хамгаалагч гүрэн, Олон улсын улаан загалмайн хороо, тэдний төлөөлөгчид болон тусгаарлан хоригдогсдод тусламж үзүүлдэг байгууллагтай шуудангаар болон цахилгаан холбоогоор харилцах бүх боломж нөхцөлийг Тусгаарлан хоригдогсдын хорооны гишүүдэд мөн адил олгоно. Ажлын баг дахь Хорооны гишүүд тусгаарлан хорих үндсэн газартай адил харилцаа холбооны нөхцөл боломж эдэлнэ. Ийм харилцаа холбоог хязгаарлахгүй бөгөөд 107 дугаар зүйлд дурдсан тоонд багтана гэж үзэхгүй.
Тусгаарлан хоригдогсдын хорооны шилжсэн гишүүдэд дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгөх боломжит хугацаа өгнө.
VIII бүлэг
Гадаад ертөнцтэй харилцах
105 дугаар зүйл
Хамгаалагдсан хүмүүсийг тусгаарлан хорьсон даруй олзлогч гүрэн нь энэ бүлгийн заалтыг биелүүлэх талаар авсан арга хэмжээний тухай эдгээр хүмүүс, тэдний харьяалагдаж байгаа гүрэн болон тэдний хамгаалагч гүрэнд мэдээлнэ. Олзлогч гүрэн эдгээр арга хэмжээнд цаашид оруулсан аливаа өөрчлөлтийн талаар сонирхогч талуудад мөн адил мэдээлнэ.
106 дугаар зүйл
Тусгаарлан хоригдсон даруй, эсхүл тусгаарлан хорих газарт ирснээс хойш цаад зах нь нэгээс илүүгүй долоо хоногийн дараа, түүнчлэн өвчлөх, тусгаарлан хорих өөр газар буюу эмнэлэгт шилжсэн тохиолдолд мөн адил нэг талаар гэр бүлдээ шууд, нөгөө талаар 140 дүгээр зүйлд заасан Төв агентлагт, боломжтой бол энэхүү конвенцид хавсаргасан загвартай адил тусгаарлан хорих баримтыг илгээж саатуулагдсан тухайгаа, түүнчлэн хаяг болон эрүүл мэндийн байдлынхаа талаар мэдээлэх боломжийг тусгаарлан хоригдогч бүрт олгоно. Энэ баримтыг аль болох шуурхай илгээх бөгөөд түүнийг ямар нэгэн байдлаар саатуулж болохгүй.
107 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсдод захидал, ил захидал илгээх, хүлээн авахыг зөвшөөрнө. Хэрэв олзлогч гүрэн тусгаарлан хоригдогч бүрийн илгээх захидал, ил захидлын тоог хязгаарлах шаардлагатай гэж үзвэл энэ тоо нь сард хоёроос доошгүй захидал, дөрвөөс доошгүй ил захидал байх бөгөөд эдгээрийг энэхүү конвенцид хавсаргасан загвартай аль болох нийцэхээр үйлдсэн байна. Хэрэв тусгаарлан хоригдогсдод ирж байгаа захидал харилцааг хязгаарлах ёстой бол ийм хязгаарлалтыг зөвхөн тухайн тусгаарлан хоригдогсдыг харьяалж байгаа гүрэн, боломжтой бол олзлогч гүрний хүсэлтээр гаргасан тушаалаар тавьж болно. Ийм захидал, ил захидлыг боломжит хугацаанд түргэн явуулах бөгөөд тэдгээрийг сахилгын хариуцлагын шалтгаанаар хойшлуулж буюу саатуулж болохгүй.
Удаан хугацаагаар ямарваа мэдээлэлгүй байгаа, эсхүл төрөл садангаасаа мэдээлэл сураг авах буюу ердийн шуудангаар тэдэнд мэдээлэл сураг өгөх бололцоогүй тусгаарлан хоригдогсод, түүнчлэн гэр орноосоо үлэмж хол байгаа тусгаарлан хоригдогсдод өөрийн мэдэлд байгаа мөнгөөр төлбөр хийн цахилгаан мэдээ илгээхийг зөвшөөрнө. Яаралтай гэж үзсэн тохиолдолд тэд мөн адил энэ заалтын хөнгөлөлтийг эдэлж болно.
Тусгаарлан хоригдогсдын захидал харилцаа ер нь тэдний хэлээр явагдана. Мөргөлдөөнд оролцогч талууд захидал харилцааг өөр хэлээр явуулахыг зөвшөөрч болно.
108 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсдод тухайлбал хүнсний бүтээгдэхүүн, хувцас, эмнэлгийн зүйл, түүнчлэн тэдний хэрэгцээг хангах сүсэг бишрэл, боловсрол буюу амралт цэнгээний шинжтэй ном, эд зүйлс бүхий хувийн илгээмж буюу хамтын ачааг шуудангаар буюу аливаа бусад аргаар авахыг зөвшөөрнө. Ийм ачаа нь олзлогч гүрнийг энэхүү конвенцийн дагуу ногдож байгаа үүргээс хэрхэвч чөлөөлөхгүй.
Цэргийн шаардлагаас болж ийм ачааны тоог хязгаарлах болбол энэ тухай хамгаалагч гүрэн болон Олон улсын улаан загалмайн хороонд, эсхүл тусгаарлан хоригдогсдод тусламж үзүүлдэг бөгөөд ийм ачаа илгээх үүрэгтэй аливаа өөр байгууллагад зохих мэдэгдэл өгнө.
Хувийн илгээмж болон хамтын ачаа илгээх нөхцөлийг шаардлагатай бол сонирхогч гүрнүүдийн хоорондын тусгай хэлэлцээрээр тогтоох бөгөөд эдгээр гүрэн нь тусгаарлан хоригдогсод тусламжийн илгээмж авахыг ямар ч тохиолдолд саатуулж болохгүй. Хувцас, хүнсний бүтээгдэхүүн бүхий илгээмжид ном хийж болохгүй. Эмнэлгийн тусламжийн илгээмжийг хамтын илгээмжээр илгээнэ.
109 дүгээр зүйл
Мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд тусламжийн хамтын ачааг хүлээн авах, түгээх нөхцөлийн талаар тусгай хэлэлцээр байхгүй бол энэхүү конвенцид хавсаргасан хамтын тусламжийн тухай журмыг хэрэглэнэ.
Дээр заасан тусгай хэлэлцээр нь тусгаарлан хоригдогсдод зориулсан тусламжийн хамтын ачааг авах, түгээх болон хүлээн авагчдын ашиг сонирхолд нийцүүлэн захиран зарцуулах талаархи Тусгаарлан хоригдогсдын хорооны эрхийг ямар ч тохиолдолд хязгаарлахгүй. Эдгээр хэлэлцээр нь хамгаалагч гүрэн, Олон улсын улаан загалмайн хороо, эсхүл тусгаарлан хоригдогсдод тусламж үзүүлж, хамтын ачааг илгээх үүрэг бүхий аливаа өөр байгууллагын төлөөлөгчдийн ачааг хүлээн авагчдад түгээхийг хянах эрхийг хязгаарлахгүй.
110 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсдод зориулсан тусламжийн бүх ачааг импортын, гаалийн болон бусад татвараас чөлөөлнө.
Бусад орноос тусгаарлан хоригдогсдод хаягласан, эсхүл тусгаарлан хоригдогсдын шуудангийн салбараар явуулсан шуудангаар шууд, эсхүл 136 дугаар зүйлд заасан Лавлах товчоо болон 140 дүгээр зүйлд заасан Лавлах төв агентлагаар дамжуулан илгээсэн бүх зүйл, түүний дотор илгээмжээр илгээсэн тусламжийн илгээмж болон мөнгөн гуйвуулгыг илгээгч болон хүлээн авагч орны аль алинд, түүнчлэн дамжин өнгөрүүлэх оронд шуудангийн бүх хураамжаас чөлөөлнө. Энэ үүднээс 1947 оны Дэлхийн шуудангийн конвенц болон лагерь буюу энгийн шоронд байгаа дайсны талын иргэдийн төлөө байгуулсан Дэлхийн шуудангийн холбооны хэлэлцээрээр шуудангийн хураамжаас чөлөөлсөн нь энэхүү конвенцоор хамгаалдаг бусад хүмүүст хамаарна. Дээр дурдсан хэлэлцээрт гарын үсэг зураагүй улс адил нөхцөл байдалд хураамжаас чөлөөлөх үүрэгтэй.
Тусгаарлан хоригдогсдод зориулсан бөгөөд жин буюу аливаа бусад шалтгаанаар шуудангийн салбараар илгээх боломжгүй тусламжийн ачааг тээвэрлэх зардлыг олзлогч гүрэн өөрийн хяналтад байгаа бүх нутаг дэвсгэрт хариуцна. Энэхүү конвенцийн тал болох бусад гүрэн тээвэрлэлтийн зардлыг тус тусын нутаг дэвсгэрт хариуцна.
Дээрх догол мөрд хамрагдаагүй ачааг тээвэрлэхтэй холбогдох зардлыг илгээгч төлнө.
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд нь тусгаарлан хоригдогсдын илгээсэн буюу тэдэнд хаягласан цахилгаан мэдээний төлбөрийг боломжийн хэрээр багасгахыг чармайна.
111 дүгээр зүйл
Хэрэв цэргийн ажиллагаа нь холбогдох гүрний 106, 107, 108 болон 113 дугаар зүйлд заасан шуудан, тусламжийн ачааг тээвэрлэх явдлыг хангах үүргээ биелүүлэхэд саад болбол холбогдох хамгаалагч гүрэн, Олон улсын улаан загалмайн хороо буюу мөргөлдөөнд оролцогч талуудын зохих ёсоор зөвшөөрсөн аливаа өөр байгууллага нь уг ачааг тээврийн тохирох хэрэгслээр (төмөр зам, хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, усан онгоц буюу агаарын хөлөг гэх мэт) тээвэрлэх үүрэг хүлээж болно. Эл зорилгоор хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тэднийг ийм тээврийн хэрэгслээр хангах болон хөдөлгөөнийг нь, ялангуяа шаардлагатай нэвтрэх үнэмлэх олгох замаар зөвшөөрөхийг чармайна.
Тээврийн ийм хэрэгслийг мөн дараахь зүйлийг тээвэрлэхэд хэрэглэж болно:
a) 140 дүгээр зүйлд дурдсан Лавлах төв агентлаг болон 136 дугаар зүйлд дурдсан Үндэсний товчооны хооронд солилцох захидал харилцаа, жагсаалт, илтгэл;
b) хамгаалагч гүрэн, Олон улсын улаан загалмайн хороо буюу тусгаарлан хоригдогсдод тусламж үзүүлдэг аливаа өөр байгууллага өөрийн төлөөлөгчид эсхүл мөргөлдөөнд оролцогч талуудтай солилцох тусгаарлан хоригдогсдын талаархи захидал харилцаа, илтгэл.
Эдгээр заалт нь мөргөлдөөнд оролцогч аливаа тал илүүтэй гэж үзвэл тээврийн өөр хэрэгсэл хэрэглэх эрхийг ямар ч байдлаар хязгаарлахгүй бөгөөд харилцан тохиролцсон нөхцөлөөр тээврийн ийм хэрэгсэлд нэвтрэх үнэмлэх олгохыг саатуулахгүй.
Тээврийн ийм хэрэгслийг хэрэглэхтэй холбогдон гарсан зардлыг харьяат нь уг тээвэрлэлтээс ашиг тус хүртэж буй мөргөлдөөнд оролцогч талууд ачааны хувь тэнцүүлэн хариуцна.
112 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсдод ирүүлсэн буюу тэдний илгээх захидал, харилцааг шалгах үзлэгийг аль болох богино хугацаанд хийнэ.
Тусгаарлан хоригдогсдод очих илгээмжийн шалгалтыг түүний дотор байгаа барааны чанарыг муудуулахад хүргэх нөхцөл байдалд гүйцэтгэхгүй. Үүнийг хүлээн авагч буюу түүний төлөөний хүнийг байлцуулан гүйцэтгэнэ. Тусгаарлан хоригдогсдод очих хувийн буюу хамтын илгээмжийг шалгах үзлэг бэрхшээлтэй байна гэсэн шалтгаар саатуулахгүй.
Мөргөлдөөнд оролцогч талуудаас цэргийн буюу улс төрийн шалтгаанаар бүх захидал, харилцааг хориглох нь зөвхөн түр зуурын шинжтэй бөгөөд энэ нь аль болох богино хугацаагаар үргэлжилнэ.
113 дугаар зүйл
Олзлогч гүрнүүд тусгаарлан хоригдогсдод ирсэн, эсхүл тэдний илгээх гэрээслэл, итгэмжлэл, бүрэн эрхийн итгэмжлэл буюу бусад аливаа бичиг баримтуудыг хамгаалагч гүрэн буюу 140 дүгээр зүйлд заасан Төв агентлагаар дамжуулан илгээх бүх боломжит нөхцөлийг олгоно.
Бүх тохиолдолд олзлогч гүрнүүд тусгаарлан хоригдогсдын нэрийн өмнөөс ийм бичиг баримтыг эрх зүйн зохих ёсоор үйлдэх, гэрчлэх нөхцөл боломжийг олгож, тухайлбал, хуульчдаас зөвлөлгөө авахыг зөвшөөрнө.
114 дүгээр зүйл
Тусгаарлан хорих нөхцөл болон хэрэглэж болох хуульд нийцэж байгаа тохиолдолд олзлогч гүрэн тусгаарлан хоригдогсдод эд хөрөнгөө захиран зарцуулах бололцоо олгох бүх нөхцөл боломжийг олгоно. Эл зорилгоор зайлшгүй шаардлага гарсан болон нөхцөл байдал зөвшөөрч байвал тэдэнд тусгаарлан хоригдож байгаа газраа орхин явахыг дурдсан гүрэн зөвшөөрч болно.
115 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсод аливаа шүүхийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч болж байгаа бүх тохиолдолд түүний хүссэнээр түүнийг саатуулсан тухай шүүхэд мэдэгдэх бөгөөд хэрэгт бэлтгэх, шүүн таслах буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд түүнийг тусгаарлан хоригдсон шалтгаанаар ямар нэгэн байдлаар хохироохоос урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хууль ёсны хүрээнд олзлогч гүрэн авна.
116 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогч бүрт зочин, ялангуяа ойрын төрөл саданг тогтмол бөгөөд аль болох ойр хугацаанд хүлээж авахыг зөвшөөрнө.
Зайлшгүй шаардлага гарсан, тухайлбал, төрөл садан нас барах буюу ноцтой өвдсөн тохиолдолд тусгаарлан хоригдогсдод гэртээ очихыг боломжийн хирээр зөвшөөрнө.
IX бүлэг
Эрүүгийн болон сахилгын шийтгэл
117 дугаар зүйл
Энэ бүлгийн заалтыг мөрдөхийн хамт, тэдний тусгаарлан хоригдож буй нутаг дэвсгэрт дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг тусгаарлан хоригдох хугацаанд эрх зүйн зөрчил гаргасан тусгаарлан хоригдогсдод үргэлжлүүлэн хэрэглэнэ.
Нийтлэг хууль, журам буюу тушаалаар тусгаарлан хоригдогсдын хийсэн үйлдэлд шийтгэл оногдуулах, харин ижил үйлдлийг тусгаарлан хоригдогч бус хүмүүс үйлдэх тохиолдолд түүнд шийтгэл оногдуулахгүй байх тохиолдолд ийм үйлдэлд зөвхөн сахилгын шийтгэл оногдуулна.
Тусгаарлан хоригдогсдын хийсэн нэг хэрэгт нэг удаа яллаж, нэгээс илүү шийтгэхгүй.
118 дугаар зүйл
Шүүх буюу эрх бүхий байгууллагууд шийтгэл оногдуулахдаа яллагдагч олзлогч гүрний харьяат биш гэдгийг боломжийн хэрээр анхаарч үзнэ. Тэд тусгаарлан хоригдогсдын хариуцах эрх зүйн зөрчилд оногдуулах ялыг чөлөөтэй хөнгөрүүлэх бөгөөд эл зорилгоор тухайн ялын доод хэмжээг заавал баримтлах үүрэг хүлээхгүй.
Өдрийн гэрэлгүй байранд хорих болон ерөнхийдөө аливаа харгис хэрцгий хэлбэрийг чанд хориглоно.
Сахилгын буюу шүүхийн шийтгэл хүлээсэн тусгаарлан хоригдогсодтой бусад тусгаарлан хоригдогсодтой харьцдагаас өөрөөр харьцахгүй.
Тусгаарлан хоригдогсдыг урьдчилан саатуулсан хугацааг түүнд оногдуулсан цагдан хорих шийтгэлийг оролцуулан аливаа сахилгын буюу шүүхийн шийтгэлээр оногдуулсан хугацаанаас хасна.
Тусгаарлан хоригдогсдын эсрэг үүсгэсэн бүх шүүх ажиллагааны талаарх мэдээллийг тэдгээрийг төлөөлж буй Тусгаарлан хоригдогсдын хороонд мэдэгдэнэ.
119 дүгээр зүйл
Тусгаарлан хоригдогсдод дараахь сахилгын шийтгэлийг хэрэглэнэ:
1. 95 дугаар зүйлийн дагуу тусгаарлан хоригдогсдын гучаас дээшгүй хоногийн хугацаанд авах цалингийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний торгууль;
2. Энэхүү конвенцоор олгосон эрх ямба, тэдэнтэй харьцах давуу байдлыг зогсоох;
3. Суух байраа цэвэрлэхтэй холбогдсон ажлыг өдөр бүр хоёр цагаас дээшгүй хугацаанд хийлгүүлэх;
4. Цагдан хорих шийтгэл.
Сахилгын шийтгэл нь ямар ч нөхцөлд хүнлэг бус, хэрцгий буюу тусгаарлан хоригдогсдын эрүүл мэндэд аюултай байж болохгүй. Тусгаарлан хоригдогсдын нас, хүйс, эрүүл мэндийн байдлыг анхааран үзнэ.
Тусгаарлан хоригдогсдод сахилгын хэд хэдэн зөрчилд хариуцлага хүлээлгэсэн ч, эдгээр зөрчил нь хоорондоо холбоотой эсэхээс үл хамааран аливаа нэг удаагийн шийтгэлийн хугацаа үргэлжилсэн гуч хоногоос ямар ч тохиолдолд хэтрэхгүй.
120 дугаар зүйл
Оргосны дараа буюу оргохоор завдаж байгаад баригдсан тусгаарлан хоригдогсод энэ эрх зүйн зөрчлийг давтан гаргасан байсан ч тэдэнд энэ үйлдэлд зөвхөн сахилгын шийтгэл оногдуулна.
118 дугаар зүйлийн гурав дахь догол мөрийг баримтлахгүйгээр, оргосон буюу оргохыг завдсанд шийтгүүлсэн тусгаарлан хоригдогсдыг тусгай хяналтад авч болох бөгөөд ийм хяналт нь тусгайлан хорих газарт эдэлдэг байсны адил тэдний эрүүл мэндийн байдалд нөлөөлөхгүй бөгөөд энэхүү конвенцоор олгосон аливаа баталгааг хязгаарлахгүй нөхцөлтэй байна.
Оргох буюу оргохыг завдахад тусалсан буюу турхирсан тусгаарлан хоригдогсдод зөвхөн сахилгын шийтгэл оногдуулна.
121 дүгээр зүйл
Тусгаарлан хоригдогсдын оргосон хугацаанд гаргасан эрх зүйн зөрчлийг мөрдөх тохиолдолд оргосон буюу оргохыг завдсан нь давтан эрх зүйн зөрчил байсан ч үүнийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэхгүй.
Эрх зүйн зөрчилд сахилгын буюу шүүхийн шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэхдээ, ялангуяа оргосон буюу оргохыг завдахтай холбогдсон үйлдлийн хувьд эрх бүхий байгууллагууд нигүүлсэнгүй хандах явдлыг мөргөлдөөнд оролцогч талууд хангана.
122 дугаар зүйл
Сахилга зөрчсөн үйлдлийг нэн даруй мөрдөж байцаана. Энэ дүрмийг оргосон буюу оргохыг завдсан тохиолдолд мөн хэрэглэнэ. Баригдсан оргосон тусгаарлан хоригдогсдыг аль болох богино хугацаанд эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
Сахилгын зөрчлийн тохиолдолд шүүхийн өмнө цагдан хоригдох хугацааг бүх тусгаарлан хоригдогсдод хамгийн доод хэмжээгээр тогтоох бөгөөд энэ нь арван дөрвөн хоногоос хэтрэхгүй. Энэ хугацааг ямар ч тохиолдолд цагдан хорих шийтгэлийн хугацаанаас хасна.
Сахилгын зөрчилд шүүхийн өмнө цагдан хоригдож буй тусгаарлан хоригдогсдод 124 болон 125 дугаар зүйлийг хэрэглэнэ.
123 дугаар зүйл
Шүүх болон дээд байгууллагуудын эрх хэмжээнд хохирол учруулахгүйгээр сахилгын шийтгэлийг зөвхөн тусгаарлан хоригдогсдын байрласан газрын захирагч буюу хариуцлагатай офицер, эсхүл түүнийг орлож буй албан тушаалтан оногдуулна.
Сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө буруутгаж буй тусгаарлан хоригдогсдод түүнийг буруутгаж буй эрх зүйн зөрчлийн талаар тодорхой мэдээлэл өгөх бөгөөд түүнд үйлдлээ тайлбарлах болон өөрийгөө өмгөөлөх боломж олгоно. Тухайлбал, түүнд гэрч дуудах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн орчуулагчийн туслалцаа авахыг зөвшөөрнө. Шийдвэрийг буруутгаж буй хүмүүс болон Тусгаарлан хоригдогсдын хорооны гишүүнийг байлцуулан сонсгоно.
Сахилгын шийтгэл оногдуулах болон түүнийг биелүүлэх хоорондын хугацаа нэг сараас хэтэрч болохгүй.
Тусгаарлан хоригдогсдод сахилгын шийтгэл дахин оногдуулах үед хоёр шийтгэлийн аль нэгийн хугацаа нь арав буюу түүнээс дээш хоног байвал түүнийг биелүүлсэн хугацаанаас хойш наад зах нь гурван хоног өнгөрөх ёстой.
Тусгаарлан хоригдогсод байрласан газрын захирагч оногдуулсан сахилгын шийтгэлийн бүртгэл хөтлөх бөгөөд энэ нь хамгаалагч гүрний төлөөлөгчдийн шалгалтад нээлттэй байна.
124 дүгээр зүйл
Тусгаарлан хоригдогсдыг ямар ч тохиолдолд засан хүмүүжүүлэх газарт (шорон, засан хүмүүжүүлэх газар, ганцаарчлан хорих шорон гэх мэт) шилжүүлж сахилгын шийтгэлийг тэнд эдлүүлэхгүй.
Сахилгын шийтгэл эдлүүлэх байр нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна, тухайлбал тохиромжтой ор дэвсгэртэй байна. Шийтгэл эдэлж байгаа тусгаарлан хоригдогсдыг өөрсдийгөө цэвэр авч явах бололцоогоор хангана.
Сахилгын шийтгэл эдэлж байгаа эмэгтэй тусгаарлан хоригдогсдыг эрэгтэй тусгаарлан хоригдогсдоос тусдаа хуаранд байрлуулж, эмэгтэй хүний шууд хяналтад байлгана.
125 дугаар зүйл
Сахилгын шийтгэл эдэлж байгаа тусгаарлан хоригдогсод дасгал хийх бөгөөд өдөр бүр наад зах нь хоёроос доошгүй цаг цэвэр агаарт гарахыг тэдэнд зөвшөөрнө.
Тэд хүсвэл өдөр бүр эмчийн үзлэгт орохыг тэдэнд зөвшөөрнө. Тэдэнд эрүүл мэндийн нь байдлын шаардлагын дагуу анхаарал тавьж, шаардлагатай тохиолдолд тусгаарлан хорих газрын тусгай өрөөнд, эсхүл эмнэлэгт шилжүүлнэ.
Унших, бичих, түүнчлэн захидал илгээх, хүлээн авахыг тэдэнд зөвшөөрнө. Гэхдээ шийтгэлийн хугацаа дуусах хүртэл тэдэнд илгээмж явуулах болон мөнгө гуйвуулахыг зөвшөөрөхөөс татгалзаж болно. Ийм илгээлтийг Тусгаарлан хоригдогсдын хороонд шилжүүлэх бөгөөд тус хороо нь илгээмжид буй түргэн мууддаг барааг тусгай өрөөнд оруулна.
Сахилгын шийтгэл авсан нэг ч тусгаарлан хоригдогчийг энэхүү конвенцийн 107 болон 143 дугаар зүйлд дурдсан эрхийг үгүйсгэж болохгүй.
126 дугаар зүйл
71-ээс 76 дугаар зүйлийг олзлогч гүрний үндэсний нутаг дэвсгэрт байгаа тусгаарлан хоригдогсдын эсрэг шүүх ажиллагаанд мөн адилаар хэрэглэнэ.
Х бүлэг
Тусгаарлан хоригдогсдыг шилжүүлэх
127 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсдыг ямагт хүнлэг ёсоор шилжүүлнэ. Үүнийг галт тэргээр буюу тээврийн бусад хэрэгслээр наад зах нь олзлогч гүрний цэрэг шилжүүлэн нүүлгэхтэй адил нөхцөлтэйгөөр гүйцэтгэнэ. Зайлшгүй арга хэмжээ болгон ийм шилжүүлгийг явганаар гүйцэтгэхэд хүрвэл үүнийг тусгаарлан хоригдогсдын эрүүл мэндийн тохиромжтой байдалтай байхаас наана хийхгүй бөгөөд тэднийг ямар ч тохиолдолд туйлдуулж болохгүй.
Олзлогч гүрэн тусгаарлан хоригдогсдыг шилжүүлэх үед эрүүл мэндийн хэвийн байдалд байлгах хэмжээ, чанар, төрөл зүйлийн хувьд хангалттай ундны ус болон хоол хүнсээр хангах бөгөөд түүнчлэн шаардлагатай хувцас, тохиромжтой байр болон шаардлагатай эмнэлгийн тусламжаар хангана. Олзлогч гүрэн тэднийг шилжүүлэх үед тэдний аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүх тохиромжтой арга хэмжээ авч, тэднийг явахаас өмнө шилжүүлсэн бүх тусгаарлан хоригдогсдын жагсаалтыг гаргана.
Өвчтэй, шархтан буюу тэнхэл муутай тусгаарлан хоригдогсод болон төрөх дөхсөн эмэгтэйчүүдэд аялал нь хүндрэлтэй байх тохиолдолд тэдний аюулгүйн байдлын үүднээс зайлшгүй шаардлагатай биш бол тэднийг шилжүүлэхгүй.
Тусгаарлан хоригдогсдын байранд фронтын шугам ойртон ирвэл тэдний үлдэх нь илүү эрсдэлд өртөхөд хүргэхээр биш буюу шилжүүлгийг тэдний аюулгүйн байдлын тохиромжтой нөхцөлд гүйцэтгэхээс бусад нөхцөлд дурдсан газарт байгаа тусгаарлан хоригдогсдыг шилжүүлэхгүй.
Тусгаарлан хоригдогсдыг шилжүүлэх талаар шийдвэр гаргах үед олзлогч гүрэн тэдний ашиг сонирхлыг анхааран үзэх бөгөөд ялангуяа тэднийг эх оронд нь буюу гэрт нь буцаахад учрах хүндрэлийг нэмэгдүүлэх зүйл хийхгүй байх талаар анхаарна.
128 дугаар зүйл
Шилжүүлэх тохиолдолд тусгаарлан хоригдогсдод шилжүүлэх талаар болон шуудангийн шинэ хаягийн талаар албан ёсоор мэдэгдэнэ. Тухайн мэдэгдлийг тэдгээр хүмүүс ачаагаа бэлдэх болон ойрын төрөл садандаа мэдэгдэх бололцоо олгохын тулд урьдаар хийнэ.
Хувийн эд хогшил болон тэдэнд ирсэн захидал, харилцаа болон илгээмж авч явахыг тэдэнд зөвшөөрнө. Шилжүүлгийн нөхцөл байдал тийнхүү шаардаж байвал ийм ачааны жинг хязгаарлах боловч үүнд тусгаарлан хоригдогч бүрийн ачаа хорин таван килограмаас илүүгүй байна.
Өмнө нь тэдний тусгаарлан хоригдож байсан газрын хаягаар ирсэн захидал болон илгээмжийг тэдэнд цаг алдалгүй дамжуулна.
Тусгаарлан хорих газрын захирагч Тусгаарлан хоригдогсдын хороотой тохиролцон тусгаарлан хоригдогсдын хамтын эд хөрөнгө болон хоёр дахь догол мөрд заасны дагуу тогтоосон хязгаарлалтын улмаас тусгаарлан хоригдогсдод биедээ авч явж чадахаа байсан хязгаарласан ачааны тээвэрлэлтийг хангах шаардлагатай арга хэмжээ авна.
XI бүлэг
Нас баралт
129 дүгээр зүйл
Тусгаарлан хоригдогсдын гэрээслэлийг холбогдох эрх бүхий этгээд аюулгүй байдалд хадгалахаар хүлээн авах бөгөөд тусгаарлан хоригдогч нас барах тохиолдолд гэрээслэлийг түүний нэр заасан хүнд нь цаг алдалгүй өгнө.
Тусгаарлан хоригдогсдын нас баралтыг бүх тохиолдолд эмч гэрчилж, нас баралтын шалтгаан болон нас барсан нөхцөл байдлыг тусгасан нас барсны гэрчилгээ үйлдэнэ.
Нас барсан тухай албан ёсны тэмдэглэлийг тусгаарлан хорих газар байрлаж буй нутаг дэвсгэрт нь хүчин төгөлдөр үйлчилж буй журамд нийцүүлэн үйлдэх бөгөөд ийм тэмдэглэлийн зохих ёсоор баталгаажуулсан хуулбарыг хамгаалагч гүрэн болон 140 дүгээр зүйлд дурдсан Төв агентлагт нэн даруй хүргүүлнэ.
130 дугаар зүйл
Тусгаарлан хоригдогсод тусгаарлан хоригдох хугацаанд нас барах тохиолдолд олзлогч байгууллагууд тэднийг ёс төртэй, боломжтой бол шашны нь зан үйлийн дагуу оршуулах, булшийг хүндэтгэх, зохих ёсоор хадгалах болон тэдгээрийг хэзээд олж болохуйцаар тэмдэглэх явдлыг хангана.
Нас барсан тусгаарлан хоригдогсдыг тус тусад нь оршуулах бөгөөд зайлшгүй нөхцөл байдлын улмаас нийтийн булшинд оршуулна. Эрүүл ахуйн зайлшгүй шалтгаан, нас барагсдын шашин шүтлэгийн шаардлага буюу нас барагч өөрөө хүссэн бол цогцсыг чандарлаж болно. Чандарлах тохиолдолд чандарлах нөхцөл байдал болон шалтгааныг нас барсны гэрчилгээнд нарийвчлан заана. Чандрыг аюулгүй байдлын улмаас олзлогч байгууллага хадгалж ойрын төрөл саданд тэдний хүсэлтээр цаг алдалгүй шилжүүлнэ.
Тухайн нөхцөл байдалд боломжтой болмогц, мөн дайтах ажиллагаа дуусмагц олзлогч гүрэн нас барсан тусгаарлан хоригдогсдын булшны жагсаалтыг тэднийг харьяалж байсан гүрнүүдэд 136 дугаар зүйлд заасан Мэдээллийн товчоогоор дамжуулан өгнө. Ийм жагсаалтад нас барсан тусгаарлан хоригдогсдыг хэн болохыг тогтооход шаардлагатай мэдээлэл болон тэдний булшны байрлалыг тодорхой тусгана.
131 дүгээр зүйл
Харгалзагч буюу тусгаарлан хоригдсон хэн нэгэн этгээд, эсхүл өөр этгээдэд алуулсан өуюу хүндээр шархдсан гэх сэжиг төрөх, түүнчлэн учир шалтгаан нь мэдэгдэхгүй байгаа нас баралт бүрийн талаар олзлогч гүрэн мөрдөн байцаалтыг даруй эхлүүлнэ.
Энэ талаархи мэдэгдлийг хамгаалагч гүрэнд цаг алдалгүй илгээнэ. Гэрч бүрээс мэдүүлэг авах бөгөөд ийм мэдүүлгүүдийг нэгтгэсэн илтгэл бэлтгэж дурдсан хамгаалагч гүрэнд хүргүүлнэ.
Мөрдөн байцаалтаар нэг буюу түүнээс илүү хүмүүсийг гэм буруутай болохыг тогтоовол холбогдох хүмүүсийг шүүхэд шилжүүлэх бүхий л арга хэмжээг олзлогч гүрэн авна.
XII бүлэг
Суллах, эх оронд нь буцаах болон төвийг сахигч
оронд байрлуулах
132 дугаар зүйл
Тусгаарлан хоригдож буй хүмүүсийг тусгаарлан хорих шаардлагатай болсон шалтгаан байхгүй болонгуут түүнийг олзлогч гүрэн суллана.
Мөргөлдөөнд оролцогч талууд дайтах ажиллагаа үргэлжлэх хугацаанд зарим тусгаарлан хоригдогч, ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон нялх болон бага насны хүүхэдтэй эхчүүд, өвчтөн, шархтан болон удаан хугацаагаар саатуулагдсан тусгаарлан хоригдогсдыг суллах, эх оронд нь буцаах, байнга оршин суудаг болон төвийг сахисан оронд хүргэх тухай хэлэлцээр байгуулахыг чармайна.
133 дугаар зүйл
Дайтах ажиллагаа дууссаны дараа аль болох богино хугацаанд тусгаарлан хорихыг дуусгавар болгоно.
Хууль зөрчсөний улмаас шүүхэд шилжиж, сахилгын шийтгэл хүлээх төдийгүй, мөргөлдөөнд оролцогч талын нутаг дэвсгэрт байгаа тусгаарлан хоригдогсдыг шүүн таслах ажиллагаа буюу ялаа эдэлж дуусгах хүртэл нөхцөл байдал тийнхүү шаардвал албадан саатуулна. Энэ нь урьд хорих ял шийтгүүлсэн тусгаарлан хоригдогсдод мөн хамаарна.
Дайтах ажиллагаа дуусах буюу нутаг дэвсгэрийн эзлэлт дууссаны дараа олзлогч гүрэн болон холбогдох гүрний хоорондын тохиролцсоноор янз бүрийн газар байгаа тусгаарлан хоригдогсдыг эрж хайх хороонуудыг байгуулж болно.
134 дүгээр зүйл
Дайтах ажиллагаа буюу эзлэлт дууссаны дараа хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд бүх тусгаарлан хоригдогчийг хамгийн сүүлд оршин сууж байсан газарт нь буцаах буюу эх оронд нь буцах нөхцөл боломжийг олгох явдлыг хангах талаар хүчин чармайлт гаргана.
135 дугаар зүйл
Олзлогч гүрэн суллагдсан тусгаарлан хоригдогсдыг тусгаарлан хоригдохдоо оршин сууж байсан газарт нь буцаах зардал, эсхүл тэднийг шилжүүлэх үед буюу их далайд явж байх үед саатуулсан тохиолдолд аяллыг дуусгах хүртэлх, эсхүл буцах газартаа очих хүртэлх зардлыг хариуцна.
Хэрэв олзлогч гүрэн нутаг дэвсгэрт нь өмнө байнга оршин суухыг зөвшөөрч байсан тусгаарлан хоригдогсдыг сулласны дараа нутаг дэвсгэртээ оршин суухыг зөвшөөрөхөөс татгалзвал олзлогч гүрэн дурдсан тусгаарлан хоригдогсдыг нутагт нь буцаах зардлыг олгоно. Хэрэв тусгаарлан хоригдогч нутаг буцахдаа зардлаа өөрөө хариуцах, эсхүл өөрийг нь харьяалах гүрний засгийн газрын өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байх үүднээс зардлаа өөрөө хариуцах тохиолдолд олзлогч гүрэн өөрийн нутаг дэвсгэрээс цааш явах тэдний зардлыг хариуцах үүрэггүй. Өөрийн хүсэлтээр тусгаарлан хоригдсон хүмүүсийн нутагтаа буцах зардлыг олзлогч гүрэн хариуцахгүй.
Тусгаарлан хоригдогсдыг 45 дугаар зүйлийн дагуу шилжүүлэх тохиолдолд шилжүүлэгч гүрэн болон хүлээн авагч гүрэн дээрх зардлыг хариуцах тус бүрийн зардлын хувь хэмжээг тохиролцоно.
Дээрх заалтууд мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд байгуулж болох дайсны гарт буй тэдний харьяатыг солилцох болон эх оронд нь буцаах талаархи тусгай хэлэлцээрийг хөндөхгүй.
V ХЭСЭГ
Мэдээллийн товчоо болон төв агентлаг
136 дугаар зүйл
Мөргөлдөөн үүсэх болон эзлэх бүх тохиолдолд мөргөлдөөнд оролцогч тал бүр өөрийн мэдэлд байгаа хамгаалагдсан хүмүүстэй холбогдолтой мэдээллийг хүлээн авах болон дамжуулах үүрэг бүхий албан ёсны Мэдээллийн товчоог байгуулна.
Мөргөлдөөнд оролцогч тал бүр хоёр долоо хоногоос илүү хугацаагаар саатуулагдаж байгаа, тодорхой газарт албадан суурьшуулсан буюу тусгаарлан хоригдсон хамгаалагдсан хүмүүсийн талаар авсан арга хэмжээний тухай мэдээллийг аль болох богино хугацаанд уг товчоонд өгнө. Цаашилбал, тухайн тал шилжүүлсэн, сулласан, эх оронд нь буцаасан, тэдний оргосон, эмнэлэгт хэвтүүлсэн, төрөлт болон нас баралт зэрэг эдгээр хамгаалагдсан хүнтэй холбогдолтой бүх өөрчлөлтийн талаархи мэдээллийг дээр дурдсан товчоонд түргэн мэдэгдэж байхыг ийм асуудал эрхэлдэг өөрийн салбаруудаас шаардана.
137 дугаар зүйл
Үндэсний мэдээллийн товчоо бүр хамгаалагдсан хүмүүстэй холбогдолтой мэдээллийг хамгаалагч гүрэн болон 140 дүгээр зүйлд заасан Төв агентлагаар дамжуулан нутаг дэвсгэрт нь оршин сууж байсан гүрэнд хамгийн шуурхай аргаар дамжуулна. Товчоо нь түүнчлэн хамгаалагдсан хүмүүсийн талаар ирүүлсэн бүх лавлагаанд хариу өгнө.
Мэдээллийн товчоо хамгаалагдсан хүмүүстэй холбогдолтой мэдээлэл нь холбогдох хүмүүс буюу тэдний төрөл саданд хор учруулахааргүй бол дамжуулна. Ийм тохиолдолд ч гэсэн Төв агентлагт өгөх нөхцөл байдлын талаархи зохих мэдээллийг саатуулж болохгүй бөгөөд 140 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авна.
Товчооноос бичгээр үйлдсэн бүх мэдэгдлийг гарын үсэг буюу тамгаар баталгаажуулна.
138 дугаар зүйл
Үндэсний мэдээллийн товчооны хүлээн авсан болон түүний дамжуулсан мэдээлэл нь хамгаалагдсан хүнийг хэн болохыг тодорхойлох бөгөөд түүний ойрын төрөл саданд түргэн мэдэгдэх шинж чанартай байна. Хүн бүрт холбогдох мэдээлэл нь наад зах нь түүний овог, нэр, төрсөн газар болон төрсөн он, сар, өдөр, иргэний харьяалал, сүүлд оршин сууж байсан газар болон онцлог шинж тэмдгүүд болон эцэг, эхийн багын нэр, тухайн хүний талаар арга хэмжээ авсан газар болон он, сар, өдөр, авсан арга хэмжээний шинж чанар, түүнд захидал, харилцаа илгээж болох хаяг болон мэдэгдэх хүний нэр, хаягийг заана.
Түүнчлэн, хүнд өвчтэй буюу шархадсан тусгаарлан хоригдогсдын эрүүл мэндийн байдлын талаархи мэдээллийг тогтмол буюу боломжтой бол долоо хоног бүр өгч байна.
139 дүгээр зүйл
Үндэсний мэдээллийн товчоо бүр 136 дугаар зүйлд дурдсан хамгаалагдсан, тухайлбал эх оронд нь буцаасан буюу сулласан, эсхүл оргосон буюу нас барсан хүмүүсийн үлдээсэн үнэт зүйлийг олж авах явдлыг хариуцах бөгөөд уг товчоо нь дурдсан үнэт зүйлийг холбогдох этгээдэд шууд буюу шаардлагатай бол Төв агентлагаар дамжуулан өгнө. Товчоо эдгээр зүйлийг лацадсан боодолд хийж тэдгээрийн эзнийг нь тогтооход шаардлагатай бүх мэдээлэл, түүнчлэн боодолд байгаа зүйлийн бүрэн жагсаалтыг дагалдуулан илгээнэ. Ийм үнэт зүйлсийг хүлээн авсан болон илгээсэн тухай дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
140 дүгээр зүйл
Хамгаалагдсан хүмүүсийн асуудал эрхэлсэн Төв агентлаг, ялангуяа Тусгаарлан хоригдсон хүмүүсийн мэдээллийн төв агентлагийг төвийг сахисан оронд байгуулна. Олон улсын улаан загалмайн хороо шаардлагатай гэж үзвэл холбогдох гүрнүүдэд ийм агентлаг байгуулахыг санал болгох бөгөөд энэ нь Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн 123 дугаар зүйлд заасан агентлагтай адил байж болно.
Энэ агентлаг нь албан ёсны буюу хувийн шугамаар олж авч болох 136 дугаар зүйлд заасан төрлийн бүх мэдээллийг олж цуглуулах үүрэгтэй байна. Ийм мэдээллийг дамжуулах нь холбогдох хүмүүс буюу тэдний төрөл саданд хор учруулахаас бусад тохиолдолд мэдээллийг холбогдох хүмүүсийн гарлын буюу оршин суудаг оронд аль болох шуурхай дамжуулна. Мөргөлдөөнд оролцогч талууд мэдээллийг дамжуулах явдлыг хангах боломжит бүх нөхцөл олгоно.
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудаас, ялангуяа Төв агентлагийн тусламжийг авдаг иргэдийг харьяалах талуудаас шаардлагатай үед дурдсан агентлагт санхүүгийн туслалцаа үзүүлэхийг хүснэ.
Дээрх заалтыг Олон улсын улаан загалмайн хороо болон 142 дугаар зүйлд заасан тусламжийн байгууллагуудын хүмүүнлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаагаар хэрхэвч тайлбарлахгүй.
141 дүгээр зүйл
Үндэсний мэдээллийн товчоонууд болон Мэдээллийн төв агентлаг нь шуудангийн бүх илгээмжийн зардлаас чөлөөлөгдөх, түүнчлэн 110 дугаар зүйлд заасан бүх хөнгөлөлтийг эдэлж цахилгаан мэдээ илгээлтийн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд аргагүйд хүрвэл ихээхэн хямдруулсан үнээр илгээнэ.
IV АНГИ
КОНВЕНЦИЙГ БИЕЛYYЛЭХ
I ХЭСЭГ
НИЙТЛЭГ ЗААЛТ
142 дугаар зүйл
Олзлогч гүрнүүд өөрийн аюулгүй байдал буюу аливаа бусад боломжит шаардлагыг хангахуйц арга хэмжээ авахын хамт эдгээр гүрэн шашны байгууллагын төлөөлөгчид, тусламжийн нийгэмлэгүүд буюу хамгаалагдсан хүмүүст тусламж үзүүлдэг бусад байгууллагад өөрсөд нь, эсхүл зохих ёсоор эрх олгогдсон төлөөлөгчдөд эдгээр хамгаалагдсан хүмүүсийг эргэх, боловсролын, амралт цэнгээний буюу шашны зориулалтын, эсхүл тэдэнд тусгаарлан хорих газрын хүрээнд чөлөөт цагаа зохион байгуулахад туслахад зориулагдсан тусламжийн бараа, материал тараах нөхцөл бололцоог олгоно. Ийм нийгэмлэг буюу байгууллагыг олзлогч гүрний нутаг дэвсгэрт буюу аливаа бусад оронд байгуулж болох бөгөөд тэд олон улсын шинж чанартай байж болно.
Олзлогч гүрэн нутаг дэвсгэрт нь, эсхүл хяналтынх нь дор үйл ажиллагаагаа явуулах төлөөлөгчид бүхий зөвшөөрөлтэй нийгэмлэг буюу байгууллагуудын тоог хязгаарлаж болох боловч ийм хязгаарлалт нь хамгаалагдсан бүх хүнд зориулсан үр дүнтэй болон тохиромжтой тусламжийг үзүүлэхэд саад учруулахгүй.
Энэ салбар дахь Олон улсын улаан загалмайн хорооны онцгой байр суурийг бүх үед хүлээн зөвшөөрч, хүндэтгэнэ.
143 дугаар зүйл
Хамгаалагч гүрний төлөөлөгчид элч төлөөлөгчид буюу хамгаалагдсан хүмүүсийн байгаа бүх газарт очих, ялангуяа тусгаарлан хорих, саатуулах газар болон ажлын байранд очихыг зөвшөөрнө.
Тэд хамгаалагдсан хүмүүсийн ашиглаж буй бүх байранд орж болох бөгөөд тэдэнтэй өөрөө шууд буюу орчуулагчаар дамжуулан гэрчгүйгээр ярилцаж болно.
Ийм эргэлтийг цэргийн зайлшгүй шаардлагын улмаас шаардлагатай болсон үед зөвхөн онцгой болон түр зуурын арга хэмжээ болгон хориглохоос бусад тохиолдолд хориглож болохгүй. Эргэлтийн хугацааг хязгаарлаж болохгүй.
Ийм төлөөлөгчид буюу элч төлөөлөгчид очих газраа чөлөөтэй сонгох эрхтэй байна. Тусгаарлан хоригдогсдыг нутаг нэгт хүмүүстэй уулзуулахыг зөвшөөрөх талаар олзлогч гүрэн, эзлэгч гүрэн буюу хамгаалагч гүрэн, шаардлагатай тохиолдолд уулзах хүмүүсийн гарлын гүрэн тохиролцож болно.
Олон улсын улаан загалмайн хорооны төлөөлөгч дээрх онцгой эрхийг мөн эдэлнэ. Эдгээр төлөөлөгчийг томилохдоо тэдний очиж ажиллах нутаг дэвсгэрийг удирдаж буй гүрний зөвшөөрлийг авна.
144 дүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд тайван цагт болон дайны үед энэхүү конвенцийн зарчмыг нийт хүн амд таниулах үүднээс энэхүү конвенцийн эх бичвэрийг өөрийн оронд аль болох өргөнөөр түгээн сурталчлах, тухайлбал түүний талаар цэргийн, боломжтой бол иргэний сургалтын хөтөлбөрт оруулах үүрэг хүлээнэ.
Дайны цагт хамгаалагдсан хүмүүсийг хариуцах үүрэг хүлээх аливаа энгийн, цэргийн, цагдаагийн буюу бусад эрх бүхий этгээдэд энэхүү конвенцийн эх бичвэр байх бөгөөд тэдгээрийн утга агуулгатай тэд тусгайлан танилцсан байх ёстой.
145 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү конвенцийн албан ёсны орчуулга болон түүнийг хэрэглэх явдлыг хангах зорилгоор гаргасан хууль тогтоомжийг тайван цагт Швейцарийн холбооны зөвлөлөөр, дайтах ажиллагааны үед хамгаалагч гүрнээр дамжуулан харилцан өөр хоорондоо хүргүүлнэ.
146 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд дараагийн зүйлд тодорхойлсон энэхүү конвенцийн ноцтой зөрчлийг үйлдэж байгаа буюу үйлдэхийг тушаасан этгээдэд үр дүнтэй эрүүгийн ял хүлээлгэхэд шаардлагатай аливаа хууль тогтоомжийг батлан гаргах үүрэг хүлээнэ.
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр ийм ноцтой зөрчлийг үйлдсэн буюу үйлдэхийг тушаасан гэж буруутгагдаж байгаа хүмүүсийг эрж олох, түүний харьяаллыг үл харгалзан өөрийн шүүхэд шилжүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн тал хүсвэл өөрийн хууль тогтоомжийн заалтад нийцүүлэн тийм хүмүүсийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд өөр холбогдох талын шүүхэд шилжүүлж болох бөгөөд чингэхдээ хэлэлцэн тохирогч эрхэм дээд тухайн тал нь prima facia хэрэг үүсгэсэн байвал зохино.
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр дараагийн зүйлд тодорхойлсон ноцтой зөрчлөөс бусад энэхүү конвенцийн заалтад харш бүх үйлдлийг таслан зогсооход шаардлагатай арга хэмжээг авна.
Яллагдаж байгаа этгээд ямар ч нөхцөл байдалд Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн 105 дугаар зүйл болон түүний дараагийн зүйлүүдэд зааснаас дордуулахааргүй шүүх болон өмгөөллийн зохих ажиллагааны баталгаа эдэлнэ.
147 дугаар зүйл
Өмнөх зүйлд дурдсан ноцтой зөрчил нь энэхүү конвенцоор хамгаалагдаж байгаа хүмүүс буюу эд хөрөнгийн эсрэг үйлдсэн дараахь аливаа үйлдлийг оролцуулсан зөрчил байх бөгөөд тэдгээрт санаатайгаар амийг нь хөнөөх, эрүүдэн шүүх буюу хүнлэг бусаар харьцах, түүний дотор биологийн туршилт хийх, бие махбодь буюу эрүүл мэндэд үлэмж шаналал буюу хүнд гэмтэл санаатайгаар учруулах, хамгаалагдсан хүмүүсийг хууль бусаар хөөн гаргах буюу шилжүүлэх, эсхүл саатуулах, дайсагнагч гүрний хүчинд алба хашихыг албадах буюу энэхүү конвенцид заасан шударга болон хэвийн шүүн таслуулах эрхийг нь санаатайгаар хасах, хүн барьцаанд авах бөгөөд дайны шаардлагаар зөвтгөх боломжгүйгээр бөгөөд хууль бусаар болон дур зоргоор эд хөрөнгө их хэмжээгээр эвдэж сүйтгэх буюу ашиглан завших хэрэг хамаарагдана.
148 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын аль нь ч өмнөх зүйлд дурдсан зөрчил үйлдсэний улмаас хүлээх хариуцлагаас өөрийгөө буюу хэлэлцэн тохирогч эрхэм дээд өөр аль нэг талыг чөлөөлөхийг зөвшөөрөхгүй.
149 дүгээр зүйл
Энэхүү конвенцийн аливаа зөрчилтэй холбогдуулан мөрдөн байцаалтыг мөргөлдөөнд оролцогч аль нэг талын хүсэлтээр сонирхогч талуудын хооронд тохиролцсон журмаар эхлүүлнэ.
Хэрэв мөрдөн байцаалтын журмын талаар тохиролцоонд хүрч чадаагүй бол талууд дагаж мөрдөх журмыг шийдвэрлэх зуучлагчийг тохиролцон сонгоно.
Нэгэнт зөрчил гарсныг тогтоосон тохиолдолд мөргөлдөөнд оролцогч талууд түүнийг дуусгавар болгож, аль болох богино хугацаанд түүнд ял оногдуулах арга хэмжээ авна.
II ХЭСЭГ
ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ
150 дугаар зүйл
Энэхүү конвенцийг англи, франц хэлээр үйлдэв. Хоёр эх бичвэр нь адил хүчинтэй байна.
Швейцарийн холбооны зөвлөл Конвенцийн орос, испани хэлний албан ёсны орчуулгыг зохион байгуулна.
151 дүгээр зүйл
Энэ өдрийн он, сар, өдрөөр тэмдэглэгдэх энэхүү конвенц 1949 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Женев хотноо нээгдсэн бага хуралд оролцсон гүрнүүдийн нэрийн өмнөөс 1950 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.
152 дугаар зүйл
Энэхүү конвенцийг аль болох түргэн соёрхон батлах бөгөөд батламж жуух бичгийг Берн хотноо хадгалуулна.
Швейцарийн холбооны зөвлөл хадгалуулахаар өгсөн батламж жуух бичиг бүрийн бүртгэл хөтөлж, энэ бүртгэлийн баталгаатай хуулбарыг нэрийн нь өмнөөс конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсноо мэдэгдсэн бүх гүрэнд дамжуулна.
153 дугаар зүйл
Энэхүү конвенц нь хоёроос доошгүй батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.
Түүнээс хойш энэ нь хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүрийн хувьд соёрхон батласан батламж жуух бичгээ хадгалуулснаас хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.
154 дүгээр зүйл
1899 оны 7 дугаар сарын 29-ний эсхүл 1907 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хуурай газрын дайны тухай хууль, заншлын тухай Гаагийн конвенцуудыг дагаж мөрддөг гүрнүүд болон энэхүү конвенцид оролцогч тал гүрнүүд хоорондын харилцаанд дээр дурдсан Гаагийн конвенцуудад хавсаргасан журмын II болон III хэсэг энэ конвенцийг орлоно.
155 дугаар зүйл
Энэхүү конвенц нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш түүнд нэрийх нь өмнөөс гарын үсэг зураагүй аливаа гүрний хувьд нэгдэн ороход нээлттэй байна.
156 дугаар зүйл
Нэгдэж орсноо Швейцарийн холбооны зөвлөлд бичгээр мэдэгдэх бөгөөд ийнхүү нэгдэж орсон нь тухайн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.
Швейцарийн холбооны зөвлөл нэгдэн орсон талаар нэрийх нь өмнөөс Конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсноо мэдэгдсэн бүх гүрэнд мэдэгдэнэ.
157 дугаар зүйл
Дайтах ажиллагаа буюу эзлэлт эхлэхээс өмнө буюу эхэлсний дараа мөргөлдөөнд оролцогч талуудын хадгалуулсан батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай мэдэгдэл 2, 3 дугаар зүйлд заасан тохиолдолд нэн даруй хүчин төгөлдөр болно. Швейцарийн холбооны зөвлөл мөргөлдөөнд оролцогч талуудаас хүлээн авсан соёрхон батласан буюу нэгдэн орсон тухай аливаа мэдэгдлийг хамгийн түргэн аргаар хүргүүлнэ.
158 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр энэхүү конвенцийг цуцлах эрхтэй.
Цуцлах тухайгаа Швейцарийн холбооны зөвлөлд бичгээр мэдэгдэх бөгөөд түүнийг Швейцарийн холбооны зөвлөл хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талын засгийн газарт дамжуулна.
Цуцлалт нь цуцлах тухай Швейцарийн холбооны зөвлөлд мэдэгдсэнээс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. Гэвч цуцалж буй гүрэн мөргөлдөөнд оролцож байх үедээ цуцлах тухай мэдэгдсэн тохиолдолд хоёр тал найрамдал зарлах болон энэхүү конвенцоор хамгаалагдсан хүмүүсийг суллаж эх оронд нь буцаах ажиллагаа дуусах хүртэл цуцлалт нь хүчин төгөлдөр болохгүй.
Цуцлалт нь зөвхөн цуцалж буй гүрний хувьд хүчинтэй байна. Энэ нь дэлхийн соёл иргэншилт ард түмнүүдийн хооронд тогтсон заншил, хүнлэг ёсны хууль болон олон нийтийн ухамсарт ёс суртахуунаас үндэстэй олон улсын эрх зүйн зарчмын дагуу мөргөлдөөнд оролцогч талуудын заавал биелүүлэх ёстой хэвээр байх үүрэгт хэрхэвч нөлөөлөхгүй.
159 дүгээр зүйл
Швейцарийн холбооны зөвлөл энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ. Мөн Швейцарийн холбооны зөвлөл нь энэхүү конвенцийг соёрхон батласан, түүнд нэгдэж орсон болон түүнийг цуцалсан тухай мэдэгдлийг хүлээн авсан талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ.
Дээр дурдсаныг нотлон дор гарын үсэг зурагчид бүрэн эрхээ хадгалуулж энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.
Женев хотноо 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдөр англи, франц хэлээр үйлдэв. Жинхэнэ эх бичвэрийг Швейцарийн Холбооны Улсын архивт хадгална. Швейцарийн холбооны зөвлөл түүний баталгаат хуулбарыг гарын үсэг зурсан болон нэгдэж орсон улс бүрт хүргүүлнэ.
I ХАВСРАЛТ
ЭМНЭЛГИЙН БҮС БОЛОН ОРОН НУТГИЙН БҮСЭД
ХАМААРАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ
1 дүгээр зүйл
Эмнэлгийн бүсийг зөвхөн Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан болон өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн 23 дугаар зүйлд заасан этгээдүүд болон Дайны үед энгийн иргэдийг хамгаалах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийн 14 дүгээр зүйлд заасан этгээдүүд, мөн эдгээр бүс газрыг зохион байгуулан удирдаж, тэнд цугларсан этгээдүүдийг асрах үүрэг бүхий ажилтнуудад зориулна.
Гэсэн хэдий ч ийм бүсийн дотор байнга оршин суугчид тэндээ үлдэх эрхтэй байна.
2 дугаар зүйл
Эмнэлгийн бүсэд аливаа эрхтэйгээр оршин суугаа ямар ч этгээд уг бүсийн дотор буюу гадна цэргийн үйл ажиллагаатай буюу дайны материал үйлдвэрлэхтэй шууд холбоотой ажил гүйцэтгэхгүй.
3 дугаар зүйл
Эмнэлгийн бүс байгуулж байгаа гүрэн тухайн бүсэд оршин суух буюу түүнд нэвтрэх эрхгүй бүх этгээдийг оруулахыг хориглох талаар шаардлагатай бүх арга хэмжээ авна.
4 дүгээр зүйл
Эмнэлгийн болон аюулгүйн бүс нь дараахь нөхцлийг хангасан байна:
(a) Тухайн бүсийг байгуулсан гүрний захирч буй нутаг дэвсгэрийн зөвхөн бага хэсгийг бүрдүүлж байх;
(b) Байрны боломжтой харьцуулахад сийрэг суурьшуулах;
(c) Эдгээр бүс цэргийн бүх объект, эсхүл аж үйлдвэр буюу захиргааны томоохон байгууллагаас алслагдсан газар орших;
(d) Аливаа магадлалаас хамааран дайны ажиллагаа явуулахад өртөж болох газарт байрлаагүй байх.
5 дугаар зүйл
Эмнэлгийн болон аюулгүйн бүс нь дараахь үүргийг хүлээнэ:
(a) Эдгээр бүсийн эзэмшиж буй зам харилцаа болон тээврийн хэрэгслийг цэрэг буюу цэргийн материал тээвэрлэх, дамжин өнгөрүүлэхэд ашиглаж болохгүй;
(b) Тэдгээрийг ямар ч тохиолдолд цэргийн хүч хэрэгслээр хамгаалахгүй.
6 дугаар зүйл
Эмнэлгийн болон аюулгүйн бүсийг бүсийн хязгаар болон барилга дээр байрлуулсан цагаан дэвсгэр дээрх ташуу улаан туузаар тэмдэглэнэ.
Гагцхүү шархтан, өвчтөнд зориулсан бүсийг цагаан дэвсгэр дээрх улаан загалмайн (улаан хавирган сар, улаан арслан болон нар) бэлгэ тэмдгээр тэмдэглэж болно.
Тэдгээрийг шөнийн цагт зохих гэрэлтүүлгийн аргаар мөн адил тэмдэглэж болно.
7 дугаар зүйл
Гүрнүүд тайван цагт буюу дайны ажиллагаа эхлэхэд захирч буй нутаг дэвсгэрт нь байгаа эмнэлгийн болон аюулгүйн бүсийн жагсаалтыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талд хүргүүлнэ. Түүнчлэн тэд дайтах ажиллагааны үед байгуулсан аливаа шинэ бүсийн тухай мэдэгдэнэ.
Дайсагнагч тал дээр дурдсан мэдэгдлийг хүлээн авмагц бүсийг хууль ёсоор оршин тогтнож байгаад тооцно.
Гэвч хэрэв дайсагнагч тал энэхүү хэлэлцээрийн нөхцөл хангагдаагүй гэж үзвэл тухайн бүсийг хариуцаж буй талд нэн даруй мэдэгдэх замаар бүсийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эсхүл тухайн бүсийг хүлээн зөвшөөрөх асуудлыг 8 дугаар зүйлд заасан хяналт тогтоох тухай асуудалтай холбоотой санал тавьж болно.
8 дугаар зүйл
Дайсагнагч талын байгуулсан эмнэлгийн нэг буюу хэд хэдэн бүсийг хүлээн зөвшөөрсөн аливаа гүрэн эдгээр бүс нь энэхүү хэлэлцээрт заасан нөхцөл, үүргийг хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор нэг буюу хэд хэдэн тусгай комиссараар хяналт тавихыг шаардах эрх эдэлнэ.
Эл зорилгоор тусгай комиссын гишүүд нь янз бүрийн бүсэд хэдийд ч чөлөөтэй нэвтрэх бөгөөд тэнд байнга оршин сууж ч болно. Тэдэнд шалгалт хийх үүргээ биелүүлэх бүх нөхцөл боломжийг олгоно.
9 дүгээр зүйл
Тусгай комиссын гишүүд энэхүү хэлэлцээрийн нөхцөлд харшилж байна гэж үзэж буй аливаа баримтыг тогтоовол тухайн бүсийг захирч буй гүрний анхаарлыг уг баримтад даруй хандуулах бөгөөд байдлыг засаж залруулахад тав хоногийн хугацаа олгоно. Тэд бүсийг хүлээн зөвшөөрсөн гүрэнд энэ тухай зохих ёсоор мэдэгдэнэ.
Хэрэв хугацаа дуусахад бүсийг захирч буй гүрэн шаардлагыг биелүүлээгүй бол дайсагнагч тал тухайн бүсийн хувьд энэхүү хэлэлцээртэй ямар ч холбоогүй болсноо мэдэгдэж болно.
10 дугаар зүйл
Эмнэлгийн болон аюулгүйн нэг буюу хэд хэдэн бүс байгуулсан аливаа гүрэн, түүнчлэн эдгээр бүс байгаа тухай мэдэгдсэн дайсагнагч талууд 8, 9 дүгээр зүйлд дурдсан тусгай комиссын гишүүн болох этгээдийн нэр дэвшүүлэх, эсхүл хамгаалагч гүрнүүд, эсхүл төвийг сахигч бусад гүрнээр нэр дэвшүүлүүлнэ.
11 дүгээр зүйл
Эмнэлгийн болон аюулгүйн бүс рүү ямар ч нөхцөл байдалд халдаж болохгүй. Мөргөлдөөнд оролцогч талууд эдгээр бүсийг ямагт хамгаалж, хүндэтгэнэ.
12 дугаар зүйл
Эмнэлгийн болон аюулгүйн бүсүүд байгаа нутаг дэвсгэрийг эзэлсэн тохиолдолд эдгээр бүсийг урьдын адил хамгаалж, зориулалтаар нь ашиглана.
Гэвч эзлэгч гүрэн тухайн бүсэд байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авсан нөхцөлд бүсийн зориулалтыг өөрчилж болно.
13 дугаар зүйл
Энэхүү хэлэлцээрийг гүрнүүдээс эмнэлгийн болон аюулгүйн бүсийн нэгэн адил зориулалтаар ашиглаж байгаа орон нутгийн бүсэд мөн хэрэглэж болно.
II ХАВСРАЛТ
ХАМТЫН ТУСЛАМЖИЙН ТУХАЙ ЖУРМЫН ТӨСӨЛ
1 дүгээр зүйл
Тусгаарлан хоригдогсдын хороо нь хүлээн авсан хамтын тусламжийн ачааг захиргааны хувьд түүнээс хамааралтай хоригдогсод болон өөрийн харьяалалд орших эмнэлэг, эсхүл шорон буюу бусад засан хүмүүжүүлэх газарт буй тусгаарлан хоригдогсдод хуваарилахыг зөвшөөрнө.
2 дугаар зүйл
Хамтын тусламжийн ачааг хандивлагчийн зааварчилгаа болон Тусгаарлан хоригдогсдын хорооноос боловсруулсан төлөвлөгөөний дагуу хуваарилна. Гэхдээ эмнэлгийн агуулахад байх зүйлийг эмнэлгийн ахлах ажилтантай тохиролцсоноор хуваарилж болох бөгөөд тэрбээр өвчтөний байдал тийнхүү шаардаж байвал эмнэлэг болон тусгай газрын дээр дурдсан зааварчилгааг мөрдөхөөс татгалзаж болно. Ийнхүү тогтоосон хязгаарлалтын хүрээнд тусламжийн барааг үргэлж эрх тэгш зарчмаар хуваарилна.
3 дугаар зүйл
Хүлээн авсан ачааны хэмжээ болон чанарыг шалгаж үзэх, энэ асуудлаар хандивлагч нарт зориулан дэлгэрэнгүй илтгэл бэлтгэх боломж олгох үүднээс Тусгаарлан хоригдогсдын хорооны гишүүдэд тусгаарлан хорих газрын ойр байгаа галт тэрэгний буудал буюу тусламж хүрэлцэн ирэх бусад цэгт илгээмж хүлээн авахыг зөвшөөрнө.
4 дүгээр зүйл
Хамтын тусламжийн ачааг тусгаарлан хорих газруудын бүх салбар, хэсгүүдэд зааварчилгааны дагуу хүргэгдсэн эсэхийг хянах нөхцөл бололцоог Тусгаарлан хоригдогсдын хороонд олгоно.
5 дугаар зүйл
Хандивлагчдад зориулсан хамтын тусламжийн (хуваарилалт, хэрэгцээ, тоо хэмжээ гэх мэт) ачаатай холбогдолтой хуудас буюу мэдүүлгийг бөглөх, түүнчлэн эдгээр хуудсыг Тусгаарлан хоригдогсдын хорооны гишүүдийн ажлын баг буюу тусгай газар, эмнэлгийн ахлах ажилтнаар бөглүүлэхийг Тусгаарлан хоригдогсдын хороонд зөвшөөрнө. Зохих ёсоор бөглөсөн эдгээр хуудас болон анкетыг хандивлагчдад цаг алдалгүй дамжуулна.
6 дугаар зүйл
Тусгаарлан хоригдож буй газарт хамтын тусламжийн ачааг тусгаарлан хоригдогсдод тогтмол хуваарилах явдлыг баталгаажуулах болон шинээр тусгаарлан хоригдогсод ирэхтэй холбогдон гарч болох аливаа хэрэгцээг хангах үүднээс хамтын тусламжийн хангалттай нөөц бий болгон хадгалахыг Тусгаарлан хоригдогсдын хороонд зөвшөөрнө. Эл зорилгоор тэд хэрэглэхэд тохиромжтой агуулахтай байна. Агуулах бүр хоёр цоожтой байх бөгөөд нэг цоожны түлхүүрийг Тусгаарлан хоригдогсдын хороонд, нөгөө цоожны түлхүүрийг тусгаарлан хорих газрын захирагчид тус тус хадгалуулна.
7 дугаар зүйл
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон, ялангуяа олзлогч гүрнүүд, боломжийн хэрээр хүн амын хүнс тэжээлийн хүрэлцээг зохицуулах журмыг мөрдөхийн хамт тэдний нутаг дэвсгэрт байгаа тусгаарлан хоригдогсдод хамтын тусламжийг хуваарилах зорилгоор бараа худалдан авах зөвшөөрөл олгоно. Түүнчлэн мөнгө шилжүүлэх болон ийм бараа худалдан авах зорилгоор техникийн буюу захиргааны шинж чанартай бусад санхүүгийн арга хэмжээ авахад тэд дэмжлэг үзүүлнэ.
8 дугаар зүйл
Хамгаалагч гүрнүүд, Олон улсын улаан загалмайн хороо буюу тусгаарлан хоригдогсдод хамтын тусламжийн ачааг дамжуулан өгөх үүрэг бүхий аливаа бусад хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчдөөс ачааг аль болох тохиромжтой аргаар хуваарилах бололцоогүй үед тусгаарлан хоригдогсод байрлах газартаа хүрэлцэн ирэхийн өмнө буюу ирж явах замдаа хамтын тусламжийн ачааг хүлээн авахад өмнөх зүйлүүд саад учруулахгүй.
III ХАВСРАЛТ
I. ТУСГААРЛАН ХОРИХ БАРИМТ
Нүүрэн тал
Ар тал
(Тусгаарлан хорих баримтын хэмжээ: 10 х 15 см)
III ХАВСРАЛТ
II. ЗАХИДАЛ
Захидал
Энгийн тусгаарлан хоригдогчийн
шуудан
...............................................................................................
Төлбөргүй
Хэнд........................................................................................
Гудамж, байшингийн дугаар................................................
Очих газар (дармал, том үсгээр)..........................................
Муж буюу дүүрэг..................................................................
Улсын нэр (дармал, том үсгээр)..........................................
Явуулагч:
Овог, нэр...............................................................................
Төрсөн он, сар, өдөр ба газар..............................................
Тусгаарлан хорих газрын хаяг..............................................
(Захидлын цаасны хэмжээ 29 х 15 см)
III ХАВСРАЛТ
III. ХАРИЛЦАХ ЗАХИДАЛ
Нүүрэн тал
Ар тал
(Захидлын цаасны хэмжээ 10 х 15 см)