Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
92. ОЛОН УЛСЫН ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨНД ХЭЛМЭГДЭГСДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ 1949 ОНЫ 8 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ЖЕНЕВИЙН КОНВЕНЦУУДЫН НЭМЭЛТ I ПРОТОКОЛ

1977 оны 6 дугаар сарын 8-ны өдөр баталж, 1978 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон



Удиртгал
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд,
ард түмэн энх амгалан нөхцөлд аж төрөх чин эрмэлзлэлээ илэрхийлж,
улс бүр Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу олон улсын харилцаандаа аливаа улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилготой үл нийцэх аливаа үйлдлээс зайлсхийх үүрэгтэйг сануулж,
зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай заалтуудыг бататган хөгжүүлэх, тэдгээрийг улам үр нөлөөтэй хэрэгжүүлэх явдлыг хангахад чиглэсэн нэмэлт арга хэмжээ шаардлагатай байна гэж үзэж,
энэхүү протокол болон 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцүүдийн аль ч заалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмтэй үл нийцэх аливаа түрэмгийлэл, эсхүл хүч хэрэглэх аливаа явдлыг хуульчлан зөвшөөрсөн гэж тайлбарлаж болохгүй гэсэн итгэл үнэмшлээ илэрхийлэн,
1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн Конвенцууд болон энэхүү протоколын заалтуудыг эдгээр баримт бичгээр хамгаалагдаж байгаа бүх хүмүүсийн хувьд зэвсэгт мөргөлдөөний мөн чанар, гарал үүсэл болон түүнд оролцогч талуудаас гаргаж буй, эсхүл тэдгээрт хамаарах шалтгаануудад үндэслэсэн аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалгүйгээр бүх нөхцөлд бүрэн хэрэглэх ёстойг дахин нотолж,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:
I АНГИ
НИЙТЛЭГ ЗААЛТ
1 дүгээр зүйл
Нийтлэг зарчим, хэрэглэх хүрээ
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү протоколыг бүх нөхцөл байдалд хүндэтгэн сахих буюу хүндэтгэн сахих явдлыг хангах үүрэг хүлээнэ.
2. Энэхүү протокол, эсхүл олон улсын бусад хэлэлцээрт хамрагдаагүй тохиолдолд ч энгийн иргэд болон цэргийн хүмүүс нь тогтсон заншил, хүмүүнлэг ёсны зарчмууд болон нийгмийн ухамсрын шаардлагаас үүдэн гарсан олон улсын эрх зүйн зарчмуудын хамгаалалт, ивээлийн дор байсаар байна.
3. 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн Конвенцуудад нэмэлт болгож буй дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай энэхүү протоколыг Женевийн Конвенцуудын нийтлэг 2 дугаар зүйлд дурдсан нөхцөлд хэрэглэнэ.
4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм болон уг дүрмийн дагуу гаргасан Улс түмний хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаархи олон улсын эрх зүйн зарчмуудын тухай тунхаглалд бататган тусгасан өөртөө засан тохинох эрхийг хэрэгжүүлэх зорилгоор ард түмэн колонийн дарлал, гадаадын түрэмгийлэл, арьсны үзэлт дэглэмийн эсрэг тэмцэж байгаа зэвсэгт мөргөлдөөнийг өмнөх хэсэгт дурдсан нөхцөл байдалд мөн хамааруулна.
2 дугаар зүйл
Тодорхойлолт
Энэхүү протоколын зорилгод:
(a) "Нэгдүгээр конвенц", "Хоёрдугаар конвенц", “Гуравдугаар конвенц" болон "Дөрөвдүгээр конвенц" гэж Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенц, Тэнгисийн зэвсэгт хүчний шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенц, Дайнд олзлогдогчидтой харьцах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенц, Дайны үед энгийн хүмүүсийг хамгаалах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн конвенцийг тус тус хэлнэ. "Конвенцууд" гэж Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Женевийн дөрвөн конвенцийг хэлнэ.
(b) "Зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн хэм хэмжээ" гэж зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх мөргөлдөөнд оролцогч талуудын нэгдэн орсон олон улсын хэлэлцээрүүдэд тусгагдсан хэм хэмжээ, түүнчлэн зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэж болох олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг тус тус хэлнэ.
(c) "Хамгаалагч гүрэн" гэж Конвенцууд болон энэхүү протоколын дагуу хамгаалагч гүрэнд ногдуулсан үүргийг гүйцэтгүүлэхээр мөргөлдөөнд оролцогч аль нэг талаас томилсон бөгөөд эсрэг тал нь хүлээн зөвшөөрсөн, тийм үүрэг биелүүлэхийг өөрөө зөвшөөрсөн, төвийг сахисан буюу мөргөлдөөнд оролцогч бус аль нэг улсыг хэлнэ.
(d) "Орлогч" гэж 5 дугаар зүйлийн дагуу хамгаалагч гүрний үүргийг орлон гүйцэтгэх байгууллагыг хэлнэ.
3 дугаар зүйл
Хэрэглэж эхлэх, дуусгавар болгох
Дараахь зүйлийн хувьд хэрэглэх заалтуудыг аль ч үед хөндөхгүйгээр:
(a) Энэхүү протоколын 1 дүгээр зүйлд дурдсан аливаа нөхцөл байдал бий болох үеэс эхэлж Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэнэ.
(b) Мөргөлдөөнд оролцогч талуудын нутаг дэвсгэр дээр цэргийн үйл ажиллагаа ерөнхийдөө зогссон үед, харин эзлэгдсэн нутаг дэвсгэрийн хувьд эзлэн түрэмгийлэл зогссон тохиолдолд Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэхийг дуусгавар болгоно. Харин дараа нь бүрмөсөн чөлөөлөх, эх оронд нь буцаах, эсхүл төвхнөн суурьшуулах этгээдийн хувьд дээрх тохиолдол хамаарахгүй. Эдгээр хүмүүст бүрмөсөн чөлөөлөгдөх, эх орондоо буцах, эсхүл төвхнөн суурьших хүртлээ Конвенцууд болон энэхүү протоколын холбогдох заалтын дагуу ивээл хамгаалалд байсаар байна.
4 дүгээр зүйл
Мөргөлдөөнд оролцогч талуудын эрх зүйн байдал
Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэх, түүнчлэн эдгээр баримт бичигт тусгасан хэлэлцээрүүдийг байгуулах нь мөргөлдөөнд оролцогч талуудын эрх зүйн байдлыг хөндөхгүй. Аливаа нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх буюу Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэх явдлын аль нь ч тухайн нутаг дэвсгэрийн эрх зүйн байдлыг мөн хөндөхгүй.
5 дугаар зүйл
Хамгаалагч гүрнүүд болон тэдгээрийн үүргийг орлон
гүйцэтгэх байгууллагыг томилох
1. Мөргөлдөөнд оролцогч талуудын үүрэг нь дараахь заалтуудын дагуу хамгаа¬лагч гүрнүүдийг томилох, хүлээн зөвшөөрөх, түүнчлэн хамгаалагч гүрний тогтолцоог буй болгох замаар мөргөлдөөн эхлэх үеэс Конвенцууд болон энэхүү протоколыг дагаж мөрдөх, хэрэглэхэд оршино. Хамгаалагч гүрнүүд мөргөлдөөнд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.
2. Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэх зорилгоор мөргөлдөөнд оролцогч тал тус бүр 1 дүгээр зүйлд дурдсан нөхцөл байдал үүсэх үеэс хамгаалагч гүрнийг даруй томилж, түүнчлэн эл зорилгоор эсрэг талаас томилсон хамгаалагч гүрнийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаагаа даруй явуулж эхлэхийг зөвшөөрнө.
3. Хэрэв хамгаалагч гүрнийг 1 дүгээр зүйлд дурдсан нөхцөл байдал үүсэх үеэс томилоогүй буюу хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд мөргөлдөөнд оролцогч талуудын зөвшөөрснөөр хамгаалагч гүрнийг даруй томилох зорилгоор Олон улсын улаан загалмайн хороо, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүмүүнлэгийн бусад байгууллагын эрхийг хохироохгүйгээр мөргөлдөөнд оролцогч талуудад өөрийн сайн санааны туслалцааг санал болгоно. Тухайлбал эл зорилгоор эсрэг талын хувьд өөрийн нь нэрийн өмнөөс хамгаалагч гүрнээр ажиллаж болно гэж үзсэн наад зах нь 5 улсын нэрсийн жагсаалт, мөн эсрэг тал нь нөгөө талынхаа хувьд түүний нэрийн өмнөөс хамгаалагч гүрнээр ажиллаж болохыг нь зөвшөөрнө гэж үзсэн мөн наад зах нь 5 улсын нэрсийн жагсаалтыг гаргаж өгөхийг Хороо тал тус бүрээс хүсч болно. Талууд ийм хүсэлтийг хүлээн авсаас хойш 2 долоо хоногийн дотор уг нэрсийн жагсаалтыг гаргаж Хороонд мэдээлэх ёстой бөгөөд Хороо эдгээр нэрсийн жагсаалтыг харьцуулан үзэж, хоёр талын нэрсийн жагсаалтад орсон аль нэг улсаас зөвшөөрлийг нь хүснэ.
4. Хэрэв дээр дурдсанаар хамгаалагч гүрний талаар тохиролцож чадаагүй тохиолдолд мөргөлдөөнд оролцогч талууд Олон улсын улаан загалмайн хороо , эсхүл чин шударгаар үр нөлөөтэй ажиллах бүх талын баталгаа өгч байгаа аливаа бусад байгууллагаас мөргөлдөөнд оролцогч талуудтай зөвлөлдсөний дараа уг зөвлөлдөөний үр дүнг харгалзан хамгаалагч гүрнийг орлох талаар гаргасан саналыг даруй хүлээн авна. Тухайн орлогч мөргөлдөөнд оролцогч талуудын зөвшөөрснөөр үйл ажиллагаагаа явуулна. Тухайн орлогч Конвенцууд болон энэхүү протоколын дагуу үйл ажиллагаагаа явуулах, зорилгоо хэрэгжүүлэхэд нь мөргөлдөөнд оролцогч талууд бүх талын тус дэмжлэг үзүүлнэ.
5. Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэх зорилгоор 4 дүгээр зүйлийн дагуу хамгаалагч гүрнийг томилж, хүлээн зөвшөөрөх нь мөргөлдөөнд оролцогч талуудын буюу эзлэгдсэн нутаг дэвсгэрийг оролцуулан аливаа нутаг дэвсгэрийн эрх зүйн байдлыг хөндөхгүй.
6. Мөргөлдөөнд оролцогч талууд хоорондоо дипломат харилцаатай байх, эсхүл дипломат харилцааны талаархи олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу аль нэг талын болон түүний иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг гурав дахь улсад даалгах нь Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэгжүүлэх зорилгоор хамгаалагч гүрнийг томилоход саад болохгүй.
7. Энэхүү протоколд хамгаалагч гүрний талаар дурдсан зүйл нь түүний орлогчид нэгэн адил хамаарна.
6 дугаар зүйл
Тусгайлан бэлтгэсэн ажилтан
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд Улаан загалмай (Улаан хавирган сар, Улаан арслан болон нар)-н үндэсний нийгэмлэгүүдийн тусламжтайгаар тайван цагт ч Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэх, тухайлбал хамгаалагч гүрний үйл ажиллагаанд тус дөхөм үзүүлэх зорилгоор тусгайлан ажилтан бэлтгэх талаар хүч чармайлт гаргана.
2. Ийм ажилтныг дотоодын хууль тогтоомжийн хүрээнд шилж сонгож, бэлтгэнэ.
3. Олон улсын улаан загалмайн хороо нь хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын ийнхүү бэлтгэсэн бөгөөд эл зорилгоор уг хороонд илгээж болох ажилтны нэрсийн жагсаалтыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудад өгөхөөр хадгална.
4. Эдгээр ажилтныг гадаад улсад ажиллуулах нөхцлийг холбогдох талуудын хооронд байгуулсан тусгай хэлэлцээрээр тухай бүр зохицуулж байна.
7 дугаар зүйл
Уулзалт
Энэхүү протоколыг хадгалагч хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал нэг буюу хэд хэдэн талын хүсэлт болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын олонхийн зөвшөөрснөөр Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэг асуудлыг хэлэлцэхээр Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын уулзалтыг зарлан хуралдуулна.
II АНГИ
ШАРХТАН, ӨВЧТӨН БОЛОН
ХӨЛӨГ ОНГОЦНЫ СҮЙРЭЛД ӨРТӨГДӨГСӨД
I ХЭСЭГ
Нийтлэг хамгаалалт
8 дугаар зүйл
Нэр томъёо
Энэхүү протоколын зорилгод:
(a) "Шархтан" болон "өвчтөн" гэж гэмтэл, өвчин, бие махбодь, эсхүл сэтгэхүйг нь сарниулсан, эсхүл тахир дутуу болсны улмаас эмнэл¬гийн тусламж авах, эсхүл асруулах шаардлагатай байгаа дайтах аливаа ажиллагаанаас татгалзсан цэргийн албан хаагч, эсхүл энгийн хүнийг хэлнэ. Эдгээр нэр томъёонд амаржсан эх, нярай хүүхэд болон тухайн үед эмнэлгийн тусламж авах, эсхүл асруулах шаардлагатай бусад хүн, тухайлбал аливаа дайтах ажиллагаанаас татгалзаж байгаа жирэмсэн эхчүүд буюу биеэ асран хамгаалах чадваргүй хүмүүс мөн хамаарна.
(b) "Хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд" гэж тээвэрлэж яваа усан онгоц буюу агаарын хөлөг нь, эсхүл өөрсдөө золгүй тохиолдлын улмаас далай буюу бусад усанд аюулд орсон дайтах аливаа ажиллагаанаас татгалзсан цэргийн албан хаагч, эсхүл энгийн хүнийг хэлнэ. Эдгээр хүмүүсийг аливаа дайтах ажиллагаанаас үргэлжлүүлэн татгалзах тохиолдолд, тэднийг аврах үеийн туршид, түүнчлэн Конвенцууд болон энэхүү протоко¬лын дагуу эрх зүйн өөр байдалтай болох хүртэл нь хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдөд үргэлжлүүлэн хамааруулна.
(c) "Эмнэлгийн ажилтнууд" гэж “e” заалтад дурдсан зөвхөн эмнэлгийн зорилгоор, эсхүл эмнэлгийн албаны захиргаа, эсхүл эмнэлгийн тээврийн хэрэгслийн удирдлага, үйл ажиллагаанд ажиллуулахаар мөргөлдөөнд оролцогч талаас томилсон хүмүүсийг хэлнэ. Тэднийг байнга, эсхүл түр ажиллуулахаар томилж болно. Энэ нэр томъёонд дараахь хүмүүсийг хамааруулна:
(i) Нэгдүгээр болон Хоёрдугаар конвенцид дурдсан хүмүүс, түүнчлэн иргэний хамгаалалтын байгууллагад томилогдсон ажилтнуудыг оролцуулан мөргөлдөөнд оролцогч талын эмнэлгийн ажилтан нь цэргийн, эсхүл энгийн байж болно;
(ii) мөргөлдөөнд оролцогч тал зохих ёсоор хүлээн зөвшөөрч эрх олгосон Улаан загалмай (Улаан хавирган сар, Улаан арслан болон нар)-н үндэсний нийгэмлэгүүд, тусламжийн сайн дурын үндэсний бусад нийгэмлэгийн эмнэлгийн ажилтан;
(iii) 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эмнэлгийн алба, эмнэлгийн тээврийн хэрэгсэл , эсхүл эмнэлгийн ажилтан.
(d) "Шашны ажилтан" гэж дор дурдсан газарт болон байгууллагад харъялагдан, зөвхөн сүсэг бишрэлийн үйл ажиллагааг дагнан гүйцэтгэдэг цэргийн, эсхүл энгийн хүнийг хэлнэ:
(i) мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчинд;
(ii) мөргөлдөөнд оролцогч талын эмнэлгийн алба, эсхүл эмнэлгийн тээврийн хэрэгсэлд;
(iii) 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эмнэлгийн алба, эсхүл эмнэлгийн тээврийн хэрэгсэлд;
(iv) мөргөлдөөнд оролцогч талын иргэний хамгаалалтын байгууллагад.
Шашны ажилтныг байнга, эсхүл түр хугацаагаар ажиллуулахаар томилж болох бөгөөд энэ зүйлийн “k” -д дурдсан холбогдох заалтыг тэдэнд хэрэглэнэ.
(e) "Эмнэлгийн алба" гэж шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг эрж хайх, цуглуулах, тээвэрлэх, онош тогтоох, эсхүл эмчлэх, тэдэнд анхны тусламж үзүүлэх, түүнчлэн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг эмнэлгийн зорилгоор байгуулагдсан цэргийн буюу иргэний байгууллагууд, бусад албыг хэлнэ. Энэ нэр томъёонд, тухайлбал эмнэлгүүд, түүнтэй төстэй эмнэлгийн бусад нэгж, цусны болон эмийн төвүүд, хүрээлэн, эдгээрийн эмнэлгийн эд хөрөнгө, эмийн агуулахыг хамааруулна. Эмнэлгийн алба нь суурин, эсхүл нүүдлийн, байнга, эсхүл түр ажиллагаатай байж болно.
(f) "Эмнэлгийн тээвэрлэлт" гэж Конвенцууд болон энэхүү протоколын хамгаалалд байгаа шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд, түүнчлэн эмнэлгийн болон шашны ажилтан, эмнэлгийн тоног төхөөрөмж, эсхүл эмнэлгийн хангамжийн зүйлсийг хуурай газар, ус, эсхүл агаараар зөөвөрлөхийг хэлнэ.
(g) "Эмнэлгийн тээврийн хэрэгсэл" гэж зөвхөн эмнэлгийн тээвэрлэлтэд зориулагдсан бөгөөд мөргөлдөөнд оролцогч талын эрх бүхий байгууллагын хяналтанд байгаа цэргийн, эсхүл иргэний, байнгын, эсхүл түр хугацаагаар ажиллах тээврийн аливаа хэрэгслийг хэлнэ.
(h) "Эмнэлгийн тээврийн газраар явагч хэрэгсэл" гэж хуурай газраар тээвэрлэлт хийхэд хэрэглэх эмнэлгийн тээврийн аливаа хэрэгслийг хэлнэ.
(i) "Эмнэлгийн хөлөг онгоц болон хөвөгч хэрэгсэл" гэж усаар тээвэрлэлт хийхэд хэрэглэх эмнэлгийн тээврийн аливаа хэрэгслийг хэлнэ.
(j) "Эмнэлгийн агаарын хөлөг" гэж агаараар тээвэрлэлт хийхэд хэрэглэх эмнэлгийн тээврийн аливаа хэрэгслийг хэлнэ.
(k) "Эмнэлгийн байнгын ажилтан", "эмнэлгийн байнгын алба", "эмнэлгийн байнгын тээврийн хэрэгсэл" гэж тодорхой бус хугацаагаар, зөвхөн эмнэлгийн зорилгоор ажиллаж буюу ашиглаж байгааг хэлнэ. "Эмнэлгийн түр ажилтан", "эмнэлгийн түр алба" "эмнэлгийн тээврийн түр хэрэгсэл" гэж нэгэн тодорхой үеийн турш хязгаарлагдмал хугацаанд зөвхөн эмнэлгийн зорилгоор ажиллаж буюу ашиглаж байгааг хэлнэ. Өөрөөр заагаагүй тохиолдолд "эмнэлгийн ажилтан", "эмнэлгийн албад", "эмнэлгийн тээврийн хэрэгсэл" гэсэн нэр томьёонд байнгын болон түр хугацаагаар ажиллахын аль алийг хамааруулна.
(l) "Ялгах тэмдэг" гэж эмнэлгийн алба, эмнэлгийн тээврийн хэрэгсэл, эмнэлгийн болон шашны ажилтан, тоног төхөөрөмж, эсхүл хангамжийн зүйлсийг хамгаалахад ашиглаж буй Улаан загалмай, Улаан хавирган сар, эсхүл Улаан арслан, улаан нарыг цагаан дэвсгэр дээр буулгасан ялгах тэмдгийг хэлнэ.
(m) "Ялгах дохио" гэж энэхүү протоколын I хавсралтын III бүлгийн дагуу зөвхөн эмнэлэг, эсхүл эмнэлгийн тээврийн хэрэгслийг таних зорилгоор тогтоосон аливаа дохио, эсхүл мэдээллийг хэлнэ.
9 дүгээр зүйл
Хэрэглэх хүрээ
1. Шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн энэ ангийн заалтуудыг 1 дүгээр зүйлд дурдсан нөхцөлд өртсөн бүх хүнд арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний, эсхүл нийгмийн гарал үүсэл, эд хөрөнгө, төрсөн болон бусад байдал , эсхүл эдгээртэй төсөөтэй аливаа бусад шалгуурт үндэслэн ялгаварлан гадуурхалгүйгээр хэрэглэнэ.
2. Нэгдүгээр конвенцийн 27, 32 дугаар зүйлийн холбогдох заалтыг мөргөлдөөнд оролцогч талд хүмүүнлэгийн зорилгоор дор дурдсан этгээдээс гаргах эмнэлгийн байнгын алба, эмнэлгийн тээврийн хэрэгсэл (Хоёрдугаар конвенцийн 25 дугаар зүйлийг эмнэлгийн хөлөг онгоцонд хэрэглэнэ) болон тэдгээрийн ажилтнуудын хувьд хэрэглэнэ:
(a) төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус улсаас;
(b) тийм улсын хүлээн зөвшөөрч бүрэн эрх олгосон тусламжийн нийгэмлэгээс;
(c) олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас.
10 дугаар зүйл
Хамгаалах болон асрах
1. Бүх шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдөд аль талд харьяалагдаж байгааг үл харгалзан хүндэтгэл үзүүлж хамгаалалтанд байлгана.
2. Бүх нөхцөл байдалд тэдэнтэй хүнлэг ёсоор харьцаж, тэдний эрүүл мэндийн байдал шаардаж байгаа тохиолдолд эмнэлгийн тусламж, асрамжийг аль болох түргэн хугацаанд бүрэн хэмжээгээр үзүүлнэ. Эмнэлгийн бус өөр ямар нэг шалтгаанаар тэдэнд ялгавартай хандаж болохгүй.
11 дүгээр зүйл
Зарим хүмүүсийг хамгаалах
1. 1 дүгээр зүйлд дурдсан нөхцөл байдал бий болсны улмаас эсрэг талынхаа эрх мэдэлд орсон, эсхүл эрх чөлөө нь хязгаарлагдсан, албадан саатуулагдсан, эсхүл ямар нэг байдлаар эрх чөлөө нь хасагдсан хүмүүсийн бие махбодь, сэтгэхүйн эрүүл мэнд болон тэдний халдашгүй байдалд аливаа хууль бус үйлдэл хийх, эсхүл алдаа гарган хохирол учруулж болохгүй. Энэ зүйлд заасан хүмүүсийг тэдний эрүүл мэндийн байдал шаардаагүй байхад нь эмнэлгийн үйл ажиллагааг гүйцэтгэж буй талын иргэдэд болон эрх чөлөө нь хязгаарлагдаагүй аливаа хүмүүсийн адил нөхцөл байдалд хэрэглэх нийтээр хүлээн зөвшөөрсөн эмчилгээний хэм хэмжээнд нийцэхээргүй аливаа эмчилгээнд оруулахыг хориглоно.
2. Эдгээр хүмүүс өөрсдөө зөвшөөрсөн ч, тухайлбал:
(a) бие махбодид нь хүнд гэмтэл учруулах;
(b) эмнэлгийн болон шинжлэх ухааны туршилт хийх;
(c) эд эсийг авах, эсхүл эрхтэн шилжүүлэн суулгахыг тус тус хориглоно. Гэхдээ энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан нөхцлийн дагуу зөвтгөж болох үйлдлийг үүнд үл хамааруулна.
3. Сайн дураараа аливаа албадлага, ятгалагагүйгээр, зөвхөн эмчилгээний зорилгоор, нийтээр хүлээн зөвшөөрсөн эмчилгээний хяналт, хэм хэмжээний дагуу, донор болон цус сэлбүүлэгчийн аль алины нь эрүүл мэндэд ашигтай байх нөхцөлд арьс, цус өгөх явдлыг энэ зүйлийн 2-ын “с” хэсэгт заасан хориглосон зүйлд үл хамааруулна.
4. Аль нэг талын эрх мэдэлд байгаа өөр талын харьяат аливаа хүмүүсийн бие махбодь болон сэтгэхүйн эрүүл мэнд, эсхүл тэдний халдашгүй байдалд ноцтой заналхийлсэн, эсхүл энэ зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт дурдсан аль нэг хоригийг зөрчсөн, эсхүл мөн зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагыг биелүүлээгүй санаатай аливаа үйлдэл, эсхүл зориуд гаргасан алдааг энэхүү протоколыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
5. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хүмүүс аливаа мэс засал хийлгэхээс татгалзах эрхтэй. Ийнхүү татгалзсан тохиолдолд эмнэлгийн ажилтан тухайн өвчтнөөс татгалзсан тухай гарын үсэг зурсан, эсхүл нотолсон өргөдлийг бичгээр гаргуулж авахыг эрмэлзэнэ.
6. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хүмүүс мөргөлдөөнд оролцогч аль нэг талын хя¬налтын дор арьс, цус өгсөн тохиолдол бүрт тухайн тал энэ тухай
эмнэлгийн магадлагаа гаргаж хадгална. Үүнээс гадна мөргөлдөөнд оролцогч тал тус бүр 1 дүгээр зүйлд дурдсан нөхцөл байдлын улмаас эрх чөлөө нь хязгаарлагдсан, албадан саатуулагдсан, эсхүл ямар нэг байдлаар эрх чөлөө нь хасагдсан хүмүүст хийсэн бүх эмчилгээний талаар магадлагаа гаргаж байхыг эрмэлзэнэ. Эдгээр магадлагааг хамгаалагч гүрэнд шалгуулахад ямагт боломжтой байлгана.
12 дугаар зүйл
Эмнэлгийн албадын хамгаалалт
1. Эмнэлгийн албадад ямар ч цагт хүндэтгэл үзүүлж хамгаалах бөгөөд эдгээр албад уруу дайрч довтолж болохгүй.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг дараахь нөхцөлд иргэний эмнэлгийн албаны хувьд хэрэглэнэ:
(a) мөргөлдөөнд оролцогч аль нэг талд харьяалагдаж байгаа бол;
(b) мөргөлдөөнд оролцогч аль нэг талын эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрсөн буюу эрх олгосон бол;
(c) энэхүү протоколын 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Нэгдүгээр конвенцийн 27 дугаар зүйлийн дагуу эрх олгосон бол.
3. Мөргөлдөөнд оролцогч талуудад өөрсдийн суурин эмнэлгийн албадын байрлалыг бие биедээ мэдэгдэнэ. Харилцан мэдэгдээгүй тохиолдол нь талуудыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөхгүй.
4. Цэргийн объектуудыг дайралт довтолгооноос хамгаалах зорилгоор эмнэлгийн албадыг ямар ч нөхцөл байдалд ашиглаж болохгүй. Мөргөлдөөнд оролцогч талууд эмнэлгийн албадыг цэргийн объектууд уруу довтлох үед аюулд өртөхгүй байх газарт байрлуулах явдлдыг боломжийн хэрээр хангана.
13 дугаар зүйл
Иргэний эмнэлгийн албадын хамгаалалтыг
дуусгавар болгох
1. Иргэний эмнэлгийн албад нь өөрийн хүмүүнлэг үйл ажиллагаанаас гадуур, эсрэг талд хохирол учруулах зорилгоор ашиглагдаж байгаагаас бусад тохиолдолд тэдэнд олгогдсон хамгаалалтыг зогсоохгүй. Гэхдээ тодорхой хугацаа бүхий урьдчилсан сануулга өгч, харин түүнийг анхаарч үзээгүй тохиолдолд хамгаалалтыг дуусгавар болгож болно.
2. Дор дурдсаныг эсрэг талд хохирол учруулах үйл ажиллагаа гэж үзэхгүй:
(a) эмнэлгийн албаны ажилтан өөрийгөө буюу асрамжиндаа байгаа шархтан болон өвчтнийг хамгаалах зорилгоор биедээ хөнгөн зэвсэгтэй байхыг;
(b) харуул, манаа, эсхүл харгалзагч нар эмнэлгийн албадыг хамгаалж байхыг;
(c) шархтан болон өвчтнөөс гаргуулж авсан бөгөөд холбогдох байгууллагуудад нь хараахан шилжүүлээгүй байгаа зэвсэг, байлдааны хэрэгслийг эмнэлгийн албадад байлгахыг;
(d) зэвсэгт хүчний цэрэг, эсхүл байлдаж байгаа хүмүүс эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн нэгжид байрлаж байхыг.
14 дүгээр зүйл
Иргэний эмнэлгийн албадыг дайчлан авахыг хязгаарлах
1. Эзлэгч гүрэн эзэлсэн нутаг дэвсгэртээ байгаа энгийн хүн амын эмнэлгийн үйлчилгээг үргэлжлүүлэн явуулах нөхцлөөр хангах үүрэгтэй.
2. Иймд эзлэгч гүрэн энгийн хүн амыг зохих ёсны эмнэлгийн үйлчилгээгээр хангах, эмчлүүлж байгаа шархтан болон өвчтнийг үргэлжлүүлэн асрахад шаардлагатай байгаа нөөц боломжийг, тухайлбал, иргэний эмнэлгийн албад, тэдгээрийн тоног төхөөрөмж, эд материал, эсхүл албадын ажилтнуудыг дайчлан авч болохгүй.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан нийтлэг журмыг дагаж мөрдөж байгаа тохиолдолд эзлэгч гүрэн дараахь тодорхой нөхцөлд дээр дурдсан нөөц боломжийг дайчлан гаргуулж болно:
(a) эзлэгч гүрний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний шархтан болон өвчтөн, эсхүл дайнд олзлогдогчдод зохих ёсны эмнэлгийн хойшлуулшгүй тусламж үзүүлэхэд шаардлагатай байгаа бол;
(b) зөвхөн дээрх шаардлага байсаар байгаа тохиолдолд л эд зүйлийг үргэлжлүүлэн дайчлан гаргуулах;
(c) нөөц боломжийг дайчлан гаргуулсан нь энгийн хүн ам, түүнчлэн эмчлүүлж байгаа шархтан болон өвчтөнд хохирол учруулах тохиолдолд эмнэлгийн хэрэгцээг үргэлжлүүлэн хангах яаралтай арга хэмжээ авсан байвал.
15 дугаар зүйл
Иргэний эмнэлгийн болон шашны ажилтны хамгаалалт
1. Иргэний эмнэлгийн ажилтанд хүндэтгэл үзүүлж хамгаалалтанд байлгана.
2. Байлдааны ажиллагааны улмаас иргэний эмнэлгийн үйлчилгээ тасарсан бүсэд шаардлагатай үед иргэний эмнэлгийн ажилтанд боломжтой бүх туслалцааг үзүүлнэ.
3. Эзлэгч гүрэн эзэлсэн нутаг дэвсгэртээ байгаа иргэний эм¬нэлгийн ажилтанд хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа амжилттай явуулах боломжийг олгох зорилгоор бүхий л туслалцааг үзүүлнэ. Эзлэгч гүрэн эмнэлгийн бус шалтгаанаар аливаа нэг хүнд илүү анхаарал тавихыг үүргээ гүйцэтгэж байгаа иргэний эмнэлгийн ажилтнаас шаардаж болохгүй. Иргэний эмнэлгийн ажилтнаас тэдгээрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд үл нийцэх аливаа үйлдэл хийхийг албадаж болохгүй.
4. Иргэний эмнэлгийн ажилтан нь мөргөлдөөнд оролцогч тухайн талын шаардлагатай гэж үзсэн хяналтын болон аюулгүй байдлын арга хэмжээг биелүүлэх нөхцөлтэйгээр тэдний үйлчилгээ нь шаардлагатай байгаа бүх газарт нэвтрэх эрхтэй.
5. Шашны энгийн ажилтанд хүндэтгэл үзүүлж хамгаалалд байлгана. Конвенцууд болон энэхүү протоколын эмнэлгийн ажилтныг хамгаалах, ялган танихтай холбогдсон заалтуудыг шашны ажилтны хувьд нэгэн адил хэрэглэнэ.
16 дугаар зүйл
Эмчлэх үүргээ биелүүлж байгаа
хүмүүсийн нийтлэг хамгаалалт
1. Чухам хэний тусын тулд ажиллаж байгаагаас үл хамааран эмнэлгийн ёс зүйд нийцсэн үүргээ гүйцэтгэж байгаагийнх нь төлөө аливаа хүнд ямарч нөхцөлд ял шийтгэл хүлээлгэхгүй.
2. Шархтан болон өвчтөнд үйлчлэхтэй холбогдсон эмнэлгийн ёс зүй, эсхүл эмнэлгийн бусад хэм хэмжээ, эсхүл Конвенцууд болон энэхүү протоколын заалтыг зөрчиж буй аливаа үйлдлийг хийх, эсхүл эдгээр хэм хэмжээ, заалтын дагуу хийгдэх ёстой үйлдэл, эсхүл ажлыг биелүүлэхгүй байхыг эмнэлгийн үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүст албадан тулгаж болохгүй.
3. Хууль тогтоомжид нь зааснаас бусад тохиолдолд асрамжинд нь байгаа, эсхүл байсан шархтан болон өвчтөн, тэдний гэр бүлийн хүмүүст гэм хор учруулна гэж үзэж байгаа тохиодолд дурдсан шархтан болон өвчтний тухай ямар нэг мэдээллийг эсрэг талын, эсхүл өөрийн талын аливаа хүнд өгөхийг эмнэлгийн үүргээ гүйцэтгэж байгаа хэнд ч албадан тулгаж болохгүй. Чингэхдээ халдварт өвчний талаархи мэдээллийг заавал өгөх журмыг мөрдлөгө болгоно.
17 дугаар зүйл
Энгийн хүн ам болон тусламжийн байгууллагуудын үүрэг
1. Энгийн хүн ам нь эсрэг талд харьяалагдаж байсан ч шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөдтэй хүндэтгэлтэй харьцах бөгөөд тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэж болохгүй. Эзлэн түрэмгийлсэн, эсхүл булаан эзлэгдсэн нутаг дэвсгэрт ч, өөрсдийн санаачилгаар шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг цуглуулж, асран хамгааалахыг энгийн хүн ам болон Улаан загалмай (Улаан хавирган сар, Улаан арслан болон нар)-н үндэсний нийгэмлэг зэрэг тусламжийн байгууллагад зөвшөөрнө. Ийм хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулсан аливаа хүнийг хяхан хавчих, мөрдөн мөшгөх, шийтгэх, эсхүл ял эдлүүлж болохгүй.
2. Мөргөлдөөнд оролцогч талууд шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг цуглуулж, асрах, амь эрсэдсэн хүмүүсийг эрж хайх, байгаа газрыг нь мэдээлж байхыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан энгийн хүн ам болон тусламжийн нийгэмлэгүүдэд хандан уриалж болно. Мөргөлдөөнд оролцогч талууд энэ уриалгыг хүлээж авсан энгийн хүн ам болон тусламжийн нийгэмлэгүүдийг хамгаалж, шаардлагатай туслалцааг үзүүлнэ. Хэрэв эсрэг тал нутаг дэвсгэрийг буцаан эзэлж, дахин хяналтандаа авсан тохиолдолд тухайн тал шаардлагын хэрээр дээрх хамгаалалт, дэмжлэгийг нэг адил үзүүлнэ.
18 дугаар зүйл
Таньж тогтоох
1. Мөргөлдөөнд оролцогч тал тус бүр эмнэлгийн болон шашны ажилтан, түүнчлэн эмнэлгийн албад, тээврийн хэрэгслийг танигдахуйц байлгах явдлыг хангахыг эрмэлзэнэ.
2. Мөргөлдөөнд оролцогч тал тус бүр ялгах тэмдэг, ялгах дохио хэрэглэж буй эмнэлгийн албад болон тээврийн хэрэгслийг таних бололцоо олгох аргачлал, журмыг баталж хэрэгжүүлэхийг мөн эрмэлзэнэ.
3. Мөргөлдөөн болж байгаа, эсхүл болж болзошгүй талбар, түүнчлэн эзлэгдсэн нутаг дэвсгэрт иргэний эмнэлгийн болон шашны ажилтан нь ялгах тэмдгээр болон түүний эрх зүйн байдлыг нь нотолсон хувийн үнэмлэхээр ялгагдана.
4. Эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр эмнэлгийн албад, тээврийн хэрэгсэлд ялгах тэмдэг тавина. Энэхүү протоколын 22 дугаар зүйлд дурдсан усан онгоц болон хөвөгч хэрэгслийг Хоёрдугаар конвенцийн дагуу ялгах тэмдэгтэй болгоно.
5. Мөргөлдөөнд оролцогч тал ялгах тэмдгээс гадна энэхүү протоколын 1 дүгээр хавсралтын III бүлэгт заасны дагуу ялгах дохиог хэрэглэхийг эмнэлгийн албад болон тээврийн хэрэгсэлд зөвшөөрнө. Тэрхүү бүлэгт заасан онцгой тохиолдолд эмнэлгийн тээврийн хэрэгсэл нь ялгах тэмдэг хэрэглэхгүйгээр ялгах дохиог ашиглаж болно.
6. Энэ зүйлийн 1 – 5 дахь хэсэгт дурдсан заалтуудыг энэхүү протоколын 1 дүгээр хавсралтын I-III бүлэгт заасны дагуу хэрэглэнэ. Энэхүү хавсралтын III бүлэгт зөвхөн эмнэлгийн албад, тээврийн хэрэгсэлд ашиглахад зориулан тодорхойлсон дохиог уг бүлэгт өөрөөр зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн алба болон хэрэгслийг ялган танихаас өөр зорилгод ашиглаж болохгүй.
7. Энэ зүйлийн заалтууд ялгах тэмдгийг тайван цагт Нэгдүгээр конвенцийн 44 дүгээр зүйлд заасан хэмжээ хязгаараас хэтрүүлэн хэрэглэхийг зөвшөөрөхгүй.
8. Ялгах тэмдгийг хэрэглэхэд хяналт тавих, түүнийг урвуулан ашиглах явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбогдсон Конвенцууд болон энэхүү протоколын заалтуудыг ялгах дохионы хувьд мөн хэрэглэнэ.
19 дүгээр зүйл
Төвийг сахисан болон мөргөлдөөнд оролцогч бус бусад улс
Төвийг сахисан болон мөргөлдөөнд оролцогч бус улсууд энэ ангийн дагуу хамгаалалтанд байгаа хүмүүсийг нутаг дэвсгэртээ хүлээн авах, эсхүл эрх чөлөөг нь хязгаарлах тохиолдолд, түүнчлэн дээрх нутаг дэвсгэрт илрүүлсэн, уг мөргөлдөөнд оролцогч талуудад харьяалагдаж байгаад амь эрсэдсэн хүмүүсийн хувьд Конвенцийн болон энэхүү протоколын холбогдох заалтуудыг хэрэглэнэ.
20 дугаар зүйл
Хариу арга хэмжээ авахыг хориглох
Энэ ангийн дагуу хамгаалалтанд байгаа хүмүүс болон обьектын эсрэг хариу арга хэмжээ авахыг хориглоно.
II ХЭСЭГ
Эмнэлгийн тээвэрлэлт
21 дүгээр зүйл
Эмнэлгийн тээврийн газраар явагч хэрэгсэл
Эмнэлгийн тээврийн газраар явагч хэрэгсэлд Конвенцууд болон энэхүү протоколын дагуу эмнэлгийн нүүдлийн албадын нэгэн адил хүндэтгэл үзүүлж хамгаалалтанд байлгана.
22 дугаар зүйл
Эмнэлгийн хөлөг онгоц болон эргийн аврах завь
1. Конвенцуудийн, тухайлбал:
(a) Хоёрдугаар конвенцийн 22, 24, 25 болон 27 дугаар зүйлд тодорхойлсон хөлөг онгоцтой холбогдох;
(b) аврах завь, жижиг хөлөг онгоцтой холбогдох;
(c) тэдгээрийн ажилтнууд, бие бүрэлдэхүүнтэй холдбогдох;
(d) хөлөг онгоцны тавцан дахь шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөдтэй холбогдох заалтуудыг Хоёрдугаар конвенцийн 13 дугаар зүйлд дурдсан ангилалын аль нэгтэй холбогдолгүй энгийн шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг хөлөг онгоцоор тээвэрлэх тохиолдолд мөн хэрэглэнэ. Чингэхдээ эдгээр энгийн хүмүүсийг өөрийн нь харъяаны бус ямар нэг талын мэдэлд шилжүүлэх, эсхүл далайд олзолж болохгүй. Хэрэв тэд мөргөлдөөнд оролцогч бөгөөд өөрийн нь харъяаны бус талын мэдэлд орсон тохиолдолд тэднийг Дөрөвдүгээр конвенц болон энэхүү протоколд хамааруулна.
2. Энэ зүйлд тодорхойлсон шаардлагуудыг биелүүлж байгаа нөхцөлд дараахь улс болон байгууллагаас хүмүүнлэгийн зорилгоор мөргөлдөөнд оролцогч талд олгосон эмнэлгийн зориулалт бүхий хөлөг онгоцыг Конвенцуудийн заалтын дагуу Хоёрдугаар конвенцийн 25 дугаар зүйлд заасан хөлөг онгоцны нэгэн адил хамгаална:
(a) Төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус улсууд, эсхүл;
(b) олон улсын хүмүүнлэгийн байгууллага.
3. Хоёрдугаар конвенцийн 27 дугаар зүйлд тодорхойлсон жижиг усан онгоцыг мөн зүйлд заасан мэдээллийг өгөөгүй байсан ч хамгаална. Гэхдээ тийм усан онгоцыг таньж, тодорхойлох явдлыг хөнгөвчлөх бүхий л мэдээллийг өгөхийг мөргөлдөөнд оролцогч талууд өөр хоорондоо хүсэлт болгоно.
23 дугаар зүйл
Эмнэлгийн бусад хөлөг онгоц, хөвөгч хэрэгсэл
1. Далайд, эсхүл бусад усанд байгаа Хоёрдугаар конвенцийн 38 дугаар зүйл болон энэхүү протоколын 22 дугаар зүйлд дурдсанаас бусад эмнэлгийн хөлөг онгоц, хөвөгч хэрэгсэлд Конвенцууд болон энэхүү протоколын дагуу эмнэлгийн нүүдлийн албадын нэгэн адил хүндэтгэл үзүүлж хамгаалалтанд байлгана. Хөлөг онгоц, хөвөгч хэрэгсэл нь эмнэлгийн усан онгоц буюу хөвөгч хэрэгсэл гэж танигдахаар байгаа тохиолдолд л үр дүнтэй хамгаалалтанд орох учраас тийм хөлөг онгоцууд нь Хоёрдугаар конвенцийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг боломжийн хэрээр дагаж мөрдөхийн хамт ялгах тэмдэгтэй байх ёстой.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хөлөг онгоц болон хөвөгч хэрэгсэлд дайны үеийн хууль үргэлжлэн мөрдөгдөнө. Өөрийн өгсөн тушаалыг хөлөг онгоц болон хөвөгч хэрэгслийн хувьд албадан гүйцэтгүүлж чадахуйц цэргийн хөлөг онгоц тэдэнд зогсох, тухайн бүсээс гарах, эсхүл тодорхой чиглэлээр явахыг тушааж болох бөгөөд тэд өгсөн тушаалд захирагдах ёстой. Хөлөг онгоц дахь шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдөд шаардлагатай байгаа үед эдгээр хөлөг онгоц болон хөвөгч хэрэгслийг эмнэлгийн үүрэгт ажлаа гүйцэтгэх явдлаас нь хөндийрүүлж болохгүй.
3. Хоёрдугаар конвенцийн 34 болон 35 дугаар зүйлд тодорхойлсон зөвхөн тийм нөхцөлд л энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгаалалтыг дуусгавар болгоно. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өгсөн тушаалд захирагдахаас илэрхий татгалзахыг Хоёрдугаар конвенцийн 34 дүгээр зүйлийн дагуу эсрэг талд хохирол учруулсан үйлдэл гэж үзнэ.
4. Мөргөлдөөнд оролцогч тал эмнэлгийн хөлөг онгоц болон хөвөгч хэрэгсэл, ялангуяа бохир даац нь 2 000 тонноос дээш усан эзэлхүүнтэй хөлөг онгоцны нэр, техникийн үзүүлэлт, хөдлөхөөр товлосон цаг, чиглэл, тооцоолсон хурдны талаар хөлөг онгоц хөдлөхөөс аль болох өмнө аливаа эсрэг талд мэдэгдэж болох бөгөөд мөн хөлөг онгоцыг таньж, тодорхойлох явдлыг хөнгөвчлөх аливаа мэдээллийг өгч болно. Эсрэг тал ийм мэдээллийг хүлээн авснаа нотлоно.
5. Хоёрдугаар конвенцийн 37 дугаар зүйлийн заалтуудыг эдгээр хөлөг онгоц, хөвөгч хэрэгсэл дээр байгаа эмнэлгийн болон шашны ажилтны хувьд хэрэглэнэ.
6. Хоёрдугаар конвенцийн заалтуудыг эмнэлгийн хөлөг онгоц, хөвөгч хэрэгслүүд дээр байж болох Хоёрдугаар конвенцийн 13 дугаар зүйл болон энэхүү протоколын 44 дүгээр зүйлд тодорхойлсон ангилалд хамаарах шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдөд хэрэглэнэ. Хоёрдугаар конвенцийн 13 дугаар зүйлд дурдсан ангилалын алинд ч үл хамаарах шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртсөн энгийн иргэдийг далайд байгаа үед нь өөрийн нь харъяа бус аливаа талд шилжүүлэх, эсхүл эдгээр хөлөг онгоц буюу хөвөгч хэрэгслээс буулгаж болохгүй. Хэрэв тэд мөргөлдөөнд оролцогч бөгөөд өөрийн нь харъяаны бус талын мэдэлд орсон тохиолдолд тэднийг Дөрөвдүгээр конвенц болон энэхүү протоколд хамааруулна.
24 дүгээр зүйл
Эмнэлгийн агаарын хөлөгний хамгаалалт
Эмнэлгийн агаарын хөлгөнд энэ ангид заасны дагуу хүндэтгэл үзүүлж хамгаалалтанд байлгана.
25 дугаар зүйл
Эсрэг талын хяналтын бус нутагт байгаа
эмнэлгийн агаарын хөлөг
Аль нэг талын нөхөрсөг хүчний бодитой хяналтанд байгаа хуурай газрын бүс, түүний дээрх агаар мандал, эсхүл эсрэг талаас бодитой хяналт тогтоогоогүй байгаа далайн бүс, түүний дээрх агаар мандалд мөргөлдөөнд оролцогч аль нэг талын эмнэлгийн агаарын хөлгийг хүндэтгэж хамгаалах явдал эсрэг талтай байгуулсан ямар нэг хэлэлцээрээс үл хамаарна. Гэхдээ мөргөлдөөнд оролцогч тал эдгээр бүс нутагт эмнэлгийн агаарын хөлөг ашиглахдаа аюулгүй байдлыг илүү хангах үүднээс 29 дүгээр зүйлд заасны дагуу эсрэг талдаа, тухайлбал, эсрэг талын "газар-агаар" ангилалын зэвсгийн тусах зайд нислэг хийх эмнэлгийн агаарын хөлөгний тухай мэдэгдэж болно.
26 дугаар зүйл
Уулзвар бүс, түүнтэй төсөөтэй бүсэд байгаа
эмнэлгийн агаарын хөлөг
1. Аль нэг талын нөхөрсөг хүчнээс бодитой хяналт тавьж байгаа бүсийн уулзвар газар, ямар нэг хүчнээс бодитой хяналт тогтоогоогүй байгаа бүс, тэдгээрийн дээрх агаар мандалд эмнэлгийн агаарын хөлгийг 29 дүгээр зүйлд зааснаар мөргөлдөөнд оролцогч талуудын цэргийн эрх бүхий байгууллагуудын урьдчилан тохиролцсоны үндсэн дээр бүрэн хамгаална. Ийм хэлэлцээр байхгүй үед эмнэлгийн агаарын хөлөг аюулгүй байдлаа өөрөө хариуцан үйл ажиллагаагаа явуулж болох бөгөөд чингэхдээ эмнэлгийн агаарын хөлөг болох нь танигдсан үед тэдэнд зохих хүндэтгэлийг үзүүлнэ.
2. "Уулзвар бүс" гэж сөргөлдөгч хүчнүүдийн тэргүүн ангиуд зэрэгцэн оршиж байгаа бүс бөгөөд бие бие рүүгээ газраас шууд гал нээхэд тусгал нь хүрэх зайд байрласан хуурай газрыг хэлнэ.
27 дугаар зүйл
Эсрэг талын хяналтанд байгаа нутаг дахь
эмнэлгийн агаарын хөлөг
1. Мөргөлдөөнд оролцогч аль нэг талын эмнэлгийн агаарын хөлөг эсрэг талын эрх бүхий байгууллагаас нислэгийн зөвшөөрөл урьдчилан авсан тохиолдолд эсрэг тухайн талын бодитой хяналтанд байгаа хуурай газар, эсхүл далайн бүсийн дээгүүр нисэж байх үедээ хамгаалалтыг үргэлжлэн авна.
2. Эсрэг талын бодитой хяналтанд байгаа бүсийн дээгүүр нислэг үйлдэж буй эмнэлгийн агаарын хөлөг энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан зөвшөөрлийг аваагүй, эсхүл зөвшөөрөл авсан боловч навигацийн алдаа, эсхүл нислэгийн аюулгүй байдалд аюул учруулсан онцгой байдлын улмаас уг зөвшөөрлийн нөхцлөөс гажсан тохиолдолд энэхүү нөхцөл байдлын тухай эсрэг талдаа мэдэгдэх, өөрийгөө таниулах талаар бүхий л хүчин чармайлтыг гаргана. Эсрэг тал ийм эмнэлгийн агаарын хөлгийг танимагц 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу газар, эсхүл усан дээр буух тушаал өгөх, эсхүл өөрийн эрх ашгийг хамгаалах бусад арга хэмжээг авах талаар бүхий л үндэслэлтэй алхмыг хийх бөгөөд ямар ч тохиолдолд тухайн хөлөг рүү довтлохоосоо өмнө түүнд тушаалыг дагаж биелүүлэх цаг хугацаа олгоно.
28 дугаар зүйл
Эмнэлгийн агаарын хөлгийг ашиглахад тогтоох хязгаарлалт
1. Мөргөлдөөнд оролцогч талууд эсрэг талынхаа хувьд ямар нэг давуу байдал олж авах зорилгоор эмнэлгийн агаарын хөлгийг ашиглахыг хориглоно. Цэргийн объектуудыг довтолгоонд өртүүлэхгүй байх зорилгоор эмнэлгийн агаарын хөлгийг ашиглаж болохгүй.
2. Эмнэлгийн агаарын хөлгийг тагнуулын мэдээ сэлт цуглуулах, эсхүл дамжуулах зорилгоор ашиглаж болохгүй бөгөөд тийм зорилгоор аливаа тоног төхөөрөмж бүхээгтээ авч явж болохгүй. Эмнэлгийн агаарын хөлгөөр 8 дугаар зүйлийн “f” тодорхойлолтод хамрагдаагүй хүмүүс, эсхүл ачаа тээвэрлэхийг хориглоно. Харин эмнэлгийн агаарын хөлгийн бүхээгт байгаа хүмүүсийн хувийн эд зүйлс, эсхүл навигацийн болон холбооны ажиллагаанд хэрэглэх, эсхүл агаарын хөлгийг танихад зориулагдсан тоног төхөөрөмжийг авч явахыг хориглосон ачаанд тооцохгүй.
3. Эмнэлгийн агаарын хөлгөнд байгаа шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдөөс хурааж авсан бөгөөд зохих газарт нь хараахан шилжүүлээгуй байгаа зэр зэвсэг, эмнэлгийн ажилтанд өөрийгөө болон түүний асрамжинд байгаа шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг хамгаалах шаардагдаж болох хөнгөн зэвсгээс бусад өөр ямар нэг зэвсгийг эдгээр хэрэгслээр тээвэрлэж болохгүй.
4. 26 болон 27 дугаар зүйлд дурдсан нислэгийг гүйцэтгэж байгаа үед эмнэлгийн агаарын хөлгийг эсрэг талтай урьдчилан тохиролцсоноос бусад тохиолдолд шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг эрж хайхад ашиглаж болохгүй.
29 дүгээр зүйл
Эмнэлгийн агаарын хөлөгтэй холбогдох мэдэгдэл, хэлэлцээр
1. 25 дугаар зүйлийн дагуу хийх мэдэгдэл, эсхүл 26, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, эсхүл 31 дүгээр зүйлийн дагуу гаргах урьдчилсан тохиролцооны тухай хүсэлтэд эмнэлгийн агаарын хөлгийн тоо, тэдгээрийн нислэгийн төлөвлөгөө, таних тэмдгийн тухай заах бөгөөд нислэг бүрийг 28 дугаар зүй¬лийн дагуу хийнэ гэж ойлголцсон гэж үзнэ.
2. 25 дугаар зүйлийн дагуу өгсөн мэдээллийг хүлээн авсан тухайгаа хүлээн авагч тал тэр даруй нотолно.
3. 26, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, эсхүл 31 дүгээр зүйлийн дагуу гаргасан урьдчилан тохиролцооны тухай хүсэлтийг хүлээн авагч тал хүсэлт гаргаж байгаа талд дор дурдсан зүйлийг аль болох шуурхай мэдэгдэнэ:
(a) хүсэлтийг хангах тухай;
(b) хүсэлтэд хариу өгөхөөс татгалзаж буй тухай; эсхүл
(c) хүсэлтэд хариу болох үндэслэл бүхий эсрэг саналын тухай.
Уг тал тухайн бүсэд хийх бусад нислэгийг тодорхой хугацаагаар хориглох, эсхүл хязгаарлах талаар санал болгож болно. Хэрэв хүсэлт гаргасан тал нөгөө талын эсрэг саналыг хүлээн авсан тохиолдолд энэ тухайгаа нөгөө талд мэдэгдэнэ.
4. Талууд мэдээлэл хийх, тохиролцох явдлыг шуурхай гүйцэтгэх зорилгоор шаардлагатай арга хэмжээг авна.
5. Талууд эдгээр мэдээлэл болон тохиролцооны агуулгыг холбогдох цэргийн ангийн сонорт түргэн хүргэх шаардлагатай арга хэмжээг авах бөгөөд тухайн эмнэлгийн агаарын хөлгийг таних арга хэлбэрийн талаар уг цэргийн ангид зааварчилга өгнө.
30 дугаар зүйл
Эмнэлгийн агаарын хөлгийг газардуулах, шалгах
1. Эсрэг талын бодитой хяналтад байгаа, эсхүл хэний хяналтанд байгаа нь тодорхойгүй бүсийн дээгүүр нислэг үйлдэж буй эмнэлгийн агаарын хөлгийг дараахь заалтын дагуу шалгах зорилгоор шаардлагатай үед хуурай газар, эсхүл усан дээр буух тушаалыг өгч болно. Эмнэлгийн агаарын хөлөг ийм тушаалыг биелүүлэх ёстой.
2. Тушаалаар, эсхүл өөр шалтгаанаар хуурай газар, эсхүл усан дээр буусан агаарын хөлгийг энэ зүйлийн 3 болон 4 дэх хэсэгт дурдсан нөхцлийг биелүүлж байгаа эсэхийг л тогтоохоор шалгаж болно. Шалгалтыг даруй эхэлж, богино хугацаанд явуулна. Шалгалт хийж байгаа тал шалгалтын үед шархтан, өвчтнийг агаарын хөлгөөс зайлшгүй гаргах шаардлагатайгаас бусад тохиолдолд тийнхүү шаардлага тавьж болохгүй. Шалгаж байгаа тал шархтан, өвчтний биеийн байдлыг шалгалтын, эсхүл тэднийг агаарын хөлгөөс гаргасны улмаас дордуулахгүй байх явдлыг хангана.
3. Хэрэв ийм шалгалтаар уг агаарын хөлөг нь:
(a) 8 дугаар зүйлийн “j” хэсэгт заасан эмнэлгийн агаарын хөлөг мөн болох;
(b) 28 дугаар зүйлд тодорхойлсон нөхцлийг зөрчөөгүй болох;
(c) урьдчилсан тохиролцоо шаардлагатай үед тийм тохиролцоогүйгээр, эсхүл тийм тохиролцоог зөрчсөн нислэг үйлдээгүй болохыг тус тус тогтоовол эсрэг талд, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус улсад, эсхүл төвийг сахисан улсад харьялагдаж байгаа тухайн агаарын хөлөг болон түүний бүхээгт нь буй хүмүүст сааталгүйгээр нислэгээ үргэлжлүүлэхийг зөвшөөрнө.
4. Хэрэв ийм шалгалтаар уг агаарын хөлөг нь:
(a) 8 дугаар зүйлийн “j” хэсэгт заасан эмнэлгийн агаарын хөлөг биш болох;
(b) 28 дугаар зүйлд тодорхойлсон нөхцлийг зөрсөн болох;
(c) урьдчилсан тохиролцоо шаардлагатай үед тийм тохиролцоогүйгээр, эсхүл тийм тохиролцоог зөрчсөн нислэг үйлдсэн болохыг тус тус тогтоовол тухайн араарын хөлгийг албадан саатуулж болно.
Агаарын хөлөгт байгаа хүмүүстэй Конвенцууд болон энэхүү протоколын холбогдох заалтын дагуу харьцана. Эмнэлгийн байнгын агаарын хөлгөөр ажиллуулахаар томилсон бөгөөд албадан саатуулагдсан агаарын хөлгийг хожим нь зөвхөн эмнэлгийн зориулалтаар л ашиглаж болно.
31 дүгээр зүйл
Төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус бусад улс
1. Урьдчилан тохиролцсоноос бусад тохиолдолд эмнэлгийн агаарын хөлөг төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус бусад улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэх, тэнд буухыг хориглоно. Харин тийнхүү урьдчилан тохиролцсон тохиолдолд эдгээр агаарын хөлгийг нислэгийн бүх үед, түүнчлэн дурдсан нутаг дэвсгэр дээр түр буух үед ч хүндэтгэл үзүүлнэ. Гэхдээ тэдгээр нь нөхцөл байдлаас шалтгаалан газардах, эсхүл усан дээр буух тушаалыг биелүүлэх үүрэгтэй.
2. Төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус бусад улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй эмнэлгийн агаарын хөлөг зөвшөөрөл аваагүй, эсхүл зөвшөөрөл авсан боловч навигацийн алдаа, эсхүл нислэгийн аюулгүй байдалд аюул учруулсан онцгой байдлын улмаас уг зөвшөөрлийн нөхцөлөөс гажсан тохиолдолд энэхүү нөхцөл байдлын тухай мэдэгдэх, өөрийгөө таниулах талаар бүхий л хүчин чармайлтыг гаргана. Ийм эмнэлгийн агаарын хөлгийг танимагц тухайн улс 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу газарт, эсхүл усан дээр буух тушаал өгөх, эсхүл өөрийн эрх ашгийг хамгаалах бусад арга хэмжээг авах талаар бүхий л үндэслэлтэй алхмыг хийх бөгөөд ямар ч тохиолдолд тухайн хөлөг рүү довтлохоосоо өмнө түүнд тушаалыг дагаж биелүүлэх цаг хугацаа олгоно.
3. Тохиролцооны дагуу, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан
нөхцөл байдал буй болсны улмаас, түүнчлэн тушаалаар, эсхүл өөр шалтгаанаар төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус бусад улсын нутаг дэвсгэрт хуурай газар, эсхүл усан дээр буусан агаарын хөлгийг эмнэлгийн агаарын хөлөг мөн эсэхийг шалгана. Шалгалтыг даруй эхэлж, богино хугацаанд явуулна. Шалгалт хийж байгаа тал шалгалтын үед шархтан, өвчтнийг агаарын хөлгөөс зайлшгүй гаргах шаардлагатайгаас бусад тохиолдолд тийнхүү шаардлага тавьж болохгүй. Шалгаж байгаа тал шархтан, өвчтний биеийн байдлыг шалгалт хийсний, эсхүл тэднийг агаарын хөлгөөс гаргасны улмаас дордуулахгүй байх явдлыг хангана. Эмнэлгийн агаарын хөлөг болох нь шалгалтаар тогтоогдсон тохиолдолд зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу албадан саатуулагдах ёстойгоос бусад хүмүүст нислэгээ үргэлжлүүлэхийг зөвшөөрөх бөгөөд нислэгээ ийнхүү үргэлжлүүлэхэд нь шаардлагатай арга хэмжээ авна. Агаарын хөлөг нь эмнэлгийн бус болох нь шалгалтаар тогтоогдсон тохиолдолд агаарын хөлгийг хүмүүсийнх нь хамт албадан саатуулах бөгөөд тэдэнтэй энэ зүйлийн 4 дэх хэсгийн заасны дагуу харьцана.
4. Мөргөлдөөнд оролцогч талууд болон тухайн улсын хооронд өөрөөр тохиролцоогүй тохиолдолд төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус улсын нутаг дэвсгэрт орон нутгийн захиргааны зөвшөөрлөөр эмнэлгийн агаарын хөлгөөс буулгасан шархтан, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийг байлдааны ажиллагаанд дахин оролцуулахгүй байх зорилгоор шаардлагатай тохиолдолд мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу тухайн улс албадан саатуулна. Эдгээр хүмүүсийг эмчлэх, эрх чөлөөг нь хязгаарлахтай холбогдох зардлыг харьяалах улс нь хариуцна. Эдгээр хүмүүст агаарын хөлгөөс түр буулгасан хүмүүсийг оролцуулахгүй.
5. Төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус улсууд өөрийн нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй, эсхүл тэнд буусан эмнэлгийн агаарын хөлөгний тухайд аливаа нөхцөл болон хягзаарлалтыг мөргөлдөөнд оролцогч бүх талд адил хэрэглэнэ.
III ХЭСЭГ
Сураггүй бологсод болон амь үрэгдэгсэд
32 дугаар зүйл
Нийтлэг зарчим
Конвенцууд болон энэхүү протоколд дурдсан хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд, мөргөлдөөнд оролцогч талууд болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд энэ хэсгийн заалтуудыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө өөрсдийн төрөл төрөгсдийнхөө хувь заяаг мэдэх гэр бүлийн эрхийг үйл ажиллагаандаа иш үндэс болгоно.
33 дугаар зүйл
Сураггүй бологсод
1. Шаардлагатай нөхцөл байдал бий болмогц, цаад зах нь дайтах идэвхтэй ажиллагаа зогссоны дараа мөргөлдөөнд оролцогч тал сураггүй бологсод гэж эсрэг талын мэдээлсэн хүмүүсийг эрэн сурвалжилна. Ийнхүү тэднийг эрэн сурвалжлахад нь тус дөхөм үзүүлэх зорилгоор эсрэг тал эдгээр хүмүүстэй холбогдох бүхий л мэдээллийг өгнө.
2. Конвенцууд болон энэхүү протоколын дагуу илүү тааламжтай эрх эдлэхгүй хүмүүсийн хувьд өмнөх заалтын дагуу мэдээлэл цуглуулахад тус дөхөм үзүүлэх зорилгоор мөргөлдөөнд оролцогч тал тус бүр:
(a) дайтах ажиллагаа, эсхүл түрэмгийлэн эзэлсний улмаас албадан саатуулагдсан, тусгаарлан хоригдсон, эсхүл хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ямар нэг хэлбэрээр эрх чөлөөгөө хасуулсан, эсхүл ийнхүү албадан саатуулагдах хугацаандаа нас нөгчсөн хүмүүсийн хувьд Дөрөвдүгээр конвенцийн 138 дугаар зүйлд тодорхойлсон мэдээллийг бүртгэн хөтлөнө.
(b) дайтах ажиллагаа, эсхүл түрэмгийлэн эзэлсний улмаас бусад нөхцөл байдалд нас нөгчсөн хүмүүсийн талаархи мэдээллийг эрэн сурвалжлах, бүртгэн хөтлөхөд хамгийн өргөн утгаар нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, шаардлагатай тохиолдолд өөрсдөө мэдээллийг эрэн сурвалжлах, бүртгэн хөтлөх ажлыг гүйцэтгэнэ.
3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу сураггүй болсон гэж мэдээлсэн хүмүүсийн тухай мэдээлэл болон уг мэдээллийг авах хүсэлтийг шууд, эсхүл хамгаалагч гүрэн, Олон улсын улаан загалмайн хорооны төв лавлах агентлаг, эсхүл Улаан загалмай (Улаан хавирган сар, улаан арслан болон нар)-н үндэсний нийгэмлэгүүдээр дамжуулна. Эдгээр мэдээллийг Олон улсын улаан загалмайн хороо болон түүний төв лавлах агентлагаар дамжуулаагүй тохиолдолд ч мөргөлдөөнд оролцогч тал бүр уг мэдээллийг төв лавлах агентлагт мөн хүргүүлэх явдлыг хангана.
4. Мөргөлдөөнд оролцогч талууд амь үрэгдэгсдийг эрэн сурвалжлах, таньж тогтоох болон тэднийг дайтах ажиллагаа явагдаж буй бүсээс гаргах зорилго бүхий баг байгуулах, ялангуяа тийм баг нь эсрэг талын хяналтанд байгаа бүсэд дээрх үүргийг гүйцэтгэхэд эсрэг талын хүмүүсээр шаардлагатай үед дагалдуулах асуудлаар тохиролцохыг эрмэлзэнэ. Багийн ажилтанг үүргээ биелүүлж байхад нь хүндэтгэл үзүүлж хамгаалалтад байлгана.
34 дүгээр зүйл
Амь үрэгдэгсдийн цогцос
1. Түрэмгийлэн эзлэх үед, эсхүл дайтах ажиллагаа болон түрэмгийлэн эзэлсний улмаас хорих газарт нас нөгчсөн, түүнчлэн өөрийн харьяат бус оронд дайтах ажиллагааны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг хүндэтгэнэ. Тийнхүү амь үрэгдэгсдийн цогцос болон тэднийг оршуулсан газрын хувьд Конвенцууд болон энэхүү протоколоор илүү таатай эрх олгохгүй тохиолдолд Дөрөвдүгээр конвенцийн 130 дугаар зүйлд дурдсан ёсоор тэдгээрийг хүндэтгэн хамгаалж, таних тэмдэг тавина.
2. Шаардлагатай нөхцөл байдал болон эсрэг талуудын хоорондын харилцаа ийм боломж олгомогц нутаг дэвсгэр дээр нь булш байгаа, түүнчлэн дайтах ажиллагаа, эсхүл түрэмгийлэн эзэлсний улмаас нутаг дэвсгэрт нь байгаа хорих газарт нас барсан хүмүүсийн цогцсыг оршуулсан бусад газар байж болох хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд дараахь зорилгоор хэлэлцээр байгуулна:
(a) амь үрэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөд болон шарил бүртгэх албаны төлөөлөгчдийг оршуулгын газарт нэвтрүүлэх, ийнхүү нэвтрүүлэхтэй холбогдох бусад арга хэмжээ авах;
(b) оршуулгын газрыг байнга хамгаалж, арчлах;
(c) амь үрэгдсэн хүмүүсийн цогцос болон тэдний хувийн эд хогшлыг эх оронд нь тухайн орны хүсэлтээр буцаах, эсхүл эх орон нь эс татгалзсан тохиолдолд төрөл төрөгсдийн нь хүсэлтээр буцаахад туслах.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн “b” болон “c” хэсэгт дурдсан хэлэлцээрийг байгуулаагүй тохиолдолд, түүнчлэн амь үрэгдсэн хүмүүсийн эх орон нь эдгээр оршуулгын газрыг өөрийн зардлаар хамгаалахыг үл зөвшөөрөх тохиолдолд нутагт нь уг оршуулгын газар байгаа хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал амь үрэгдэгсдийн цогцсыг эх оронд нь буцаахад дөхөм үзүүлэх санал гаргаж болно. Энэхүү саналыг нь хүлээн аваагүй тохиолдолд хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал санал гаргасан өдрөөс хойш 5 жилийн дараа амь үрэгдэгсдийн эх оронд зохих ёсоор мэдэгдэж оршуулгын газар болон булшны тухай өөрийн хууль тогтоомжид заасан арга хэмжээг авч болно.
4. Энэ зүйлд дурдсан оршуулгын газрууд нутаг дэвсгэрт нь байгаа хэлэлцэн тохирогч эрхэм дээд талд зөвхөн дараахь тохиолдолд оршуулгын газарт буй шарилыг хөндөхийг зөвшөөрнө:
(a) энэ зүйлийн 2 дахь хэсгийн “c” болон 3 дахь хэсгийн заалтын дагуу;
(b) эмнэлгийн шинжилгээ буюу мөрдөн байцаалт явуулах зэрэг нийгмийн зайлшгүй шаардлагын үүднээс оршуулгын газарт буй шарилыг хөндөж болох бөгөөд энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал амь үрэгдэгсдийн цогцост үргэлж хүндэтгэлтэй хандана. Ийнхүү шарилыг хөндөх гэж байгаагаа болон дахин оршуулахаар төлөвлөж буй газрын тухай эх оронд нь тодорхой мэдээлнэ.
III АНГИ
ДАЙНЫ АРГА ХЭРЭГСЭЛ, БАЙЛДАЖ БАЙГАА ХҮМҮҮС
БОЛОН ДАЙНД ОЛЗЛОГДОГЧДЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
I ХЭСЭГ
Дайны арга хэрэгсэл
35 дугаар зүйл
Үндсэн журам
1. Аливаа зэвсэгт мөргөлдөөний үед ашиглах дайны арга хэрэгслийг сонгож авах мөргөлдөөнд оролцогч талуудын эрх хязгаартай.
2. Үлэмж хэмжээний гэмтэл, зовиур учруулах дайны арга хэрэгсэл, зэр зэвсэг, сум, бодис хэрэглэхийг хориглоно.
3. Байгаль орчинд удаан хугацааны, их газар нутгийг хамарсан ноцтой хохирол учруулах, эсхүл учруулж болох дайны арга хэрэгсэлийг хэрэглэхийг хориглоно.
36 дугаар зүйл
Зэвсгийн шинэ төрлүүд
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал дайны шинэ төрлийн арга хэрэгсэл, зэвсгийн шинэ төрлүүдийг судлах, хөгжүүлэх, олж авах, эсхүл зэвсэгт хүчиндээ нийлүүлэхдээ эдгээрийг зарим тохиолдолд, эсхүл бүх нөхцөл байдалд хэрэглэх нь энэхүү протокол болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын хувьд хүчинтэй олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээний дагуу хориглогдох эсэхийг тогтоох үүрэгтэй.
37 дугаар зүйл
Итгэл эвдэхийг хориглох
1. Эсрэг талынхаа хүмүүсийг итгэл эвдэж хороох, шархдуулах, эсхүл олзлохыг хориглоно. Зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу хамгаалуулах эрхтэй буюу түүнийг хамгаалах ёстой гэж эсрэг талаа хүчээр итгүүлэх, эсхүл түүнд ийм итгэл бий болгоход чиглэсэн хуурамч явуулгыг итгэл эвдсэнд тооцно. Дараахь үйлдэл нь итгэл эвдсэн үйлдэл мөн:
(a) эвлэрлийн хэлэлцээ хийх гэж байгаа, эсхүл бууж өгөх дүр үзүүлэх;
(b) шархадсан, эсхүл өвчний улмаас жагсаалаас гарсан дүр үзүүлэх;
(c) энгийн буюу байлдаанд оролцоогүй хүмүүсийн эрх зүйн байдалтай мэт дүр үзүүлэх;
(d) Нэгдсэн Үндэстний Байгууллага, төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус улсын тэмдэг, бэлгэ тэмдэг дүрэмт хувцсыг ашиглах замаар хамгаалагдах эрх зүйн байдалтай мэт дүр үзүүлэх.
2. Дайны ов мэх хэрэглэхийг үл хориглоно. Эсрэг талаа төөрөгдүүлэх, эсхүл буруу үйл ажиллагаа явуулахад чиглэсэн үйлдлийг дайны ов мэх гэж үзнэ. Гэхдээ эдгээр үйлдэл нь зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчих ёсгүй бөгөөд энэхүү эрх зүйгээр олгогдож буй хамгаалалтын талаархи эсрэг талын итгэлийг хөсөрдүүлэхгүй байгаа учраас итгэл эвдсэнд үл тооцогдоно. Өнгөлөн далдлах, отолтод оруулах, байлдааны хуурамч ажиллагаа явуулах, худал мэдээлэл зориуд өгөх зэрэг нь дайны ов мэхийн жишээ болно.
38 дугаар зүйл
Хүлээн зөвшөөрсөн бэлгэ тэмдэг
1. Улаан загалмай, улаан хавирган сар, эсхүл улаан арслан буюу улаан нарын ялгах тэмдэг, эсхүл Конвенцууд болон энэхүү протоколд дурдсан бусад тэмдэг, дохиог зориулалтаас нь өөрөөр ашиглахыг хориглоно. Түүнчлэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хамгаалах тэмдэг, дохио, түүний дотор эвлэрэх далбаа, соёлын үнэт зүйлсийг хамгаалах тэмдгийг зэвсэгт мөргөлдөөний үед зориуд урвуулан ашиглахыг хориглоно.
2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын ялгах тэмдгийг түүний зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно.
39 дүгээр зүйл
Үндэсний бэлгэ тэмдэг
1. Төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус улсын далбаа, эсхүл цэргийн бэлгэ тэмдэг, цэргийн ялгах тэмдэг, эсхүл дүрэмт хувцсыг зэвсэгт мөргөлдөөний үед ашиглахыг хориглоно.
2. Эсрэг талын далбаа, эсхүл цэргийн бэлгэ тэмдэг, цэргийн ялгах тэмдэг, эсхүл дүрэмт хувцсыг довтолгооны үед, эсхүл цэргийн үйл ажиллагааг далдлах, түүнд тус дөхөм үзүүлэх, хамгаалах, эсхүл хүндрүүлэх зорилгоор ашиглахыг хориглоно.
3. Энэ зүйлийн, эсхүл 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “d” хэсгийн заалт нь тагнуул хийх, эсхүл далайд болж буй зэвсэгт мөргөлдөөний үед далбааг ашиглахад хэрэглэх олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг хөндөхгүй.
40 дүгээр зүйл
Хүлцэх
Хэнийг ч амьд үлдээхгүй байх, үүгээр эсрэг талаа сүрдүүлэх, эсхүл ийм үндсэн дээр байлдааны ажиллагаа явуулах тушаал өгөхийг хориглоно.
41 дүгээр зүйл
Жагсаалаас гарсан эсрэг талын этгээдийг хамгаалах баталгаа
1. Жагсаалаас гарсанд тооцогдсон, эсхүл тухайн нөхцөл байдалд жагсаалаас гарсанд тооцогдох хүмүүс рүү довтлохыг хориглоно.
2. Аливаа дайтах үйлдлээс татгалзаж, оргон зайлахыг оролдоогүй
хүмүүсийг дараахь тохиолдолд жагсаалаас гарсанд тооцно:
(a) эсрэг талын эрх мэдэлд байгаа хүн;
(b) олзлогдох санаагаа илт илэрхийлж байгаа хүн;
(c) ухаангүй байгаа, шарх, эсхүл өвчний улмаас ямар нэг байдлаар жагсаалаас гарсан бөгөөд өөрийгөө хамгаалах чадваргүй болсон хүн.
3. Дайнд олзлогдогчдын хувьд хамгаалуулах эрхтэй хүмүүс Гуравдугаар конвенцийн III ангийн I хэсэгт дурдсан нүүлгэн шилжүүлэлтийг хийх боломжгүй болсон нөхцөлд эсрэг талын эрхшээлд орсон тохиолдолд тэднийг суллах бөгөөд тэдний аюулгүй байдлыг хангах бололцоотой бүх арга хэмжээг авна.
42 дугаар зүйл
Агаарын хөлгийн бүхээгт байгаа этгээд
1. Сүйрэлд орсон агаарын хөлгөөс шүхрээр бууж байгаа нэг ч хүн рүү газардах хүртэл нь довтолж болохгүй.
2. Сүйрэлд орсон агаарын хөлгөөс эсрэг талын хяналтанд байгаа нутаг дэвсгэрт шүхрээр буусан хүн рүү, дайтах үйлдэл явуулж буй нь илэрхий байгаагаас бусад тохиолдолд довтлохын өмнө бууж өгөх боломжийг түүнд олгоно.
3. Агаарын десантын цэргүүд энэ зүйлээр хамгаалагдахгүй.
II ХЭСЭГ
Байлдаж байгаа хүмүүс болон дайнд олзлогдогчдын эрх зүйн байдал
43 дугаар зүйл
Зэвсэгт хүчин
1. Мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчин нь захирагдаж байгаа хүмүүсийнхээ үйл ажиллагааны талаар тухайн талын өмнө хариуцлага хүлээсэн хүний удирдлагын дор байгаа зохион байгуулалттай зэвсэгт хүчин, бүлэг болон нэгжүүдээс бүрэлдэнэ. Тухайн талыг эсрэг тал нь хүлээн зөвшөөрөөгүй засгийн газар, эсхүл засаг захиргаа төлөөлж болно. Тийм зэвсэгт хүчин зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх бөгөөд дотоодын сахилгын тогтолцоонд захирагдана.
2. Мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний гишүүдийг (Гуравдугаар конвенцийн 33 дугаар зүйлд дурдсан эмнэлгийн болон шашны ажилтнаас гадна) байлдаж байгаа хүмүүст тооцох бөгөөд өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс дайтах ажиллагаанд шууд оролцох эрхтэй болно.
3. Мөргөлдөөнд оролцогч тал зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнд цэргийн хагас зохион байгуулалттай байгууллага, эсхүл дэг журам сахиулах зэвсэглэсэн байгууллагыг оруулах бүртээ энэ тухай мөргөлдөөнд оролцогч бусад талд мэдэгдэнэ.
44 дүгээр зүйл
Байлдаж байгаа хүмүүс болон дайнд олзлогдогчид
1. 43 дугаар зүйлд байлдаж байгаа хүн гэж тодорхойлсон бөгөөд эсрэг талын эрх мэдэлд орсон хүнийг дайнд олзлогдогч гэнэ.
2. Хэдийгээр байлдаж байгаа бүх хүмүүс зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй боловч эдгээр хэм хэмжээг зөрчсөн нь энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд байлдаж байгаа хүмүүсийн эрхийг, хэрэв эдгээр хүмүүс эсрэг талынхаа эрх мэдэлд орвол дайнд олзлогдогчдын эрх эдлэхийг хөндөхгүй.
3. Энгийн хүн амыг дайтах ажиллагааны үр дагавараас хамгаалахад тус дөхөм үзүүлэх зорилгоор байлдаж байгаа хүмүүс довтолгоонд, эсхүл түүнд бэлтгэж байгаа цэргийн ажиллагаанд оролцох үедээ өөрсдийгөө энгийн хүн амаас ялгах үүрэгтэй. Гэхдээ дайтах ажиллагааны шинж чанараас болж байлдаж байгаа хүмүүс зэвсэгт мөргөлдөөний үед өөрсдийгөө энгийн хүн амаас ялгаж чадахгүйд хүрвэл дараахь тохиолдолд буу зэвсгээ ил авч явах бөгөөд зөвхөн энэ нөхцөлд эрх зүйн байдлаа хадгална:
(a) цэргийн тулгаралт бүрийн үед;
(b) өөрийн оролцох ёстой довтолгооны өмнө байлдааны журамд орох явцад эсрэг талд ил байрлаж байгаа үед.
Энэ хэсэгт дурдсан шаардлагад нийцэж байгаа үйлдэл нь 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “c” хэсгийн заалтын дагуу итгэл эвдсэнд үл тооцогдоно.
4. 3 дахь хэсгийн “b” хэсгийн заалтад тодорхойлсон шаардлагыг биелүүлээгүйн улмаас эсрэг талын эрх мэдэлд орсон байлдаж байгаа хүн дайнд олзлогдогчийн эрхийг эдлэхгүй. Гэхдээ Гуравдугаар конвенц болон энэхүү протоколын дагуу дайнд олзлогдогчдод олгодогтой бүх талаараа адил хамгаалалтыг түүнд олгоно. Хууль зөрчсөний учир шүүхэд шилжсэн буюу шийтгэл хүлээж байгаа дайнд олзлогдогчид Гуравдугаар конвенцийн дагуу олгодогтой адил хамгаалалт энэхүү хамгаалалтад багтана.
5. Довтолгоонд, эсхүл түүнд бэлтгэж байгаа цэргийн ажиллагаанд оролцоогүй байхдаа эсрэг талын эрх мэдэлд орсон байлдаж байгаа хүн урьд үйлдсэн үйлдлээс үл хамааран байлдаж байгаа хүний болон дайнд олзлогдогчийн эрхийг эдэлнэ.
6. Энэ зүйл нь Гуравдугаар конвенцийн 4 дүгээр зүйлийн дагуу дайнд олзлогдогч гэж тооцогдох аливаа хүний эрхийг хөндөхгүй.
7. Энэ зүйл мөргөлдөөнд оролцогч талын байнгын цэргийн зэвсэгт хэсгүүдийн дүрэмт хувцас өмсдөг бүрэлдэхүүнд багтан байлдаж байгаа хүмүүс дүрэмт хувцас өмсөх тухайд улс орнуудад тогтсон дадлыг өөрчлөх зорилгыг үл агуулна.
8. Нэг болон Хоёрдугаар конвенцийн 13 дугаар зүйлд дурдсан хүмүүсээс гадна мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний шархадсан, өвчилсөн бүх гишүүн энэхүү протоколын 43 дугаар зүйлийн дагуу, харин далайд буюу өөр усанд хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсөд Хоёрдугаар конвенцийн дагуу хамгаалуулах эрхтэй.
45 дугаар зүйл
Дайтах ажиллагаанд оролцогчдын хамгаалалт
1. Дайтах ажиллагаанд оролцож байгаад эсрэг талын эрх мэдэлд орсон хүн дайнд олзлогдогчийн эрх эдлэхийг өөрөө хүсэх, эсхүл тийм эрх олгогдох эрхтэй, эсхүл түүнийг харъяалах тал нь түүнд тийм эрх олгохыг шаардаж байгаагаа олзлогч гүрэн, эсхүл хамгаалагч гүрэнд мэдэгдэх тохиолдолд тэрбээр дайнд олзлогдогчийн эрх эдлэх бөгөөд ингэснээрээ Гуравдугаар конвенцийн дагуу хамгаалагдана. Аливаа хүн дайнд олзлогдогчийн эрх эдлэх эрхтэй гэдэгт эргэлзээ төрөх тохиолдолд ч тийм эрхээ үргэлжлэн хадгалах бөгөөд эрх бүхий шүүхийн байгууллагаас түүний эрхийг тодорхойлох хүртэл Гуравдугаар конвенц болон энэхүү протоколоор хамгаалагдана.
2. Эсрэг талынхаа эрх мэдэлд орсон этгээдийг дайнд олзлогдогч гэж саатуулаагүй бөгөөд харин тухайн этгээдийг дайтах ажиллагаанаас үүдсэн гэмт хэрэгт буруутган шүүхэд татаж байгаа тохиолдолд ч тэрбээр шүүхийн байгууллагын өмнө болон уг асуудлаар шийдвэр гаргах үед дайнд олзлогдогчийн эрх зүйн байдалтай байх эрхээ хамгаалах эрхтэй. Ийм шийдвэрийг бололцоотой үед түүнийг хууль зөрчсөний улмаас хийх шүүх хурлын өмнө, дагаж мөрдөж буй журмын дагуу гаргана. Энэ асуудлаар шийдвэр гаргах шүүх хурал улсын аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс хаалттай явагдаагүй тохиолдолд хамгаалагч гүрний төлөөлөгчид түүнд байлцах эрх эдэлнэ. Хаалттай явагдсан тохиолдолд олзлогч гүрэн хамгаалагч гүрэнд зохих ёсоор мэдэгдэнэ.
3. Дайтах ажиллагаанд оролцсон бөгөөд дайнд олзлогдогчийн эрх эдэлдэггүй, Дөрөвдүгээр конвенцийн дагуу илүү тааламжтай эрх олгогдоогүй хүн ямар ч үед энэхүү протоколын 75 дугаар зүйлд заасан хамгаалалтыг эдлэх эрхтэй. Эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр тагнуул гэж албадан саатуулагдаагүй аливаа хүн
Дөрөвдүгээр конвенцийн 5 дугаар зүйлээс үл хамааран энэхүү конвенцоор олгосон холбоо барих эрхийг мөн эдэлнэ.
46 дугаар зүйл
Тагнуул
1. Мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчний аливаа гишүүн тагнуул хийж байгаад эсрэг талын эрх мэдэлд орсон тохиолдолд Конвенцууд болон энэхүү протоколын бусад заалтыг үл хамааран дайнд олзлогдогчийн эрх эдлэхгүй бөгөөд түүнтэй тагнуул гэж харьцана.
2. Мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд орж, түүний нэрийн өмнөөс эсрэг талын хяналтанд байгаа нутаг дэвсгэр
дээр өөрийн зэвсэгт хүчний дүрэмт хувцсыг өмсөн мэдээлэл цуглуулж байгаа, эсхүл цуглуулахыг оролдсон хүнийг тагнуул хийсэнд үл тооцогдоно.
3. Эсрэг талд эзлэгдсэн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа бөгөөд харъяалагдах талынхаа нэрийн өмнөөс уг нутаг дэвсгэр дээр цэргийн ач холбогдол бүхий мэдээ цуглуулж байгаа, эсхүл цуглуулахыг оролдсон мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний гишүүнийг, санаатайгаар далд арга хэрэглээгүй, эсхүл мэхлэх замаар энэ үйл ажиллагаагаа явуулаагүй бол тагнуул хийсэнд үл тооцно. Түүнчлэн уг этгээд тагнуул хийж яваад баригдаагүй бол дайнд олзлогдогчийн эрхээ алдахгүй бөгөөд түүнтэй тагнуулын нэгэн адил харьцаж болохгүй.
4. Эсрэг талд эзлэгдсэн нутаг дэвсгэрт оршин суудаггүй бөгөөд уг нутаг дэвсгэр дээр тагнуул хийж яваа мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний гишүүн өөрийн харьялагдах зэвсэгт хүчинд эргэж нэгдэхээсээ өмнө баригдсанаас бусад тохиолдолд дайнд олзлогдогчийн эрхээ үл алдах бөгөөд түүнтэй тагнуулын нэгэн адил харьцаж болохгүй.
47 дугаар зүйл
Хөлсний этгээд
1. Хөлсний этгээд нь байлдаж байгаа хүмүүс болон дайнд олзлогдог¬чийн эрхийг эдлэхгүй.
2. Дараахь хүмүүсийг хөлсний этгээд гэнэ:
(a) зэвсэгт мөргөлдөөнд оролцож байлдах зорилгоор дотоодод буюу хилийн чанадад тусгайлан бэлтгэсэн хүн;
(b) дайтах ажиллагаанд хэрэг дээрээ шууд оролцож байгаа хүн;
(c) мөргөлдөөнд оролцогч тал, эсхүл түүний нэрийн өмнөөс уг талын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд багтах адил зэрэг дэв, чиг үүрэгтэй байлдаж байгаа хүмүүст амласан, эсхүл төлж буй шангаас ихээхэн давсан шан амласан, хувийн ашиг хонжоо олох, авах хүсэлдээ хөтлөгдөн дайтах ажиллагаанд оролцож байгаа хүн;
(d) мөргөлдөөнд оролцогч аль нэг талын иргэн биш бөгөөд мөргөлдөөнд оролцогч талын хяналтанд байгаа нутаг дэвсгэрт байнга оршин суугч биш хүн;
(e) мөргөлдөөнд оролцогч талын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний гишүүн биш;
(f) мөргөлдөөнд оролцогч бус улсаас түүний зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд ордог хүмүүсийн албан үүргийг гүйцэтгэх зорилгоор явуулаагүй.
IV АНГИ
ЭНГИЙН ХҮН АМ
I ХЭСЭГ
Дайтах ажиллагааны үр дагавраас хамгаалах
I бүлэг
Үндсэн хэм хэмжээ, хэрэглэх хүрээ
48 дугаар зүйл.
Үндсэн хэм хэмжээ
Мөргөлдөөнд оролцогч талууд энгийн хүн ам болон иргэний объектуудыг хүндэтгэн хамгаалах явдлыг хангах зорилгоор энгийн хүн амыг байлдаж байгаа хүмүүсээс, түүнчлэн иргэний объектуудыг цэргийн объектуудаас цаг ямагт зааглан ялгаж байх ёстой бөгөөд зөвхөн цэргийн объектуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулна.
49 дүгээр зүйл
Довтолгооны тодорхойлолт, хэрэглэх хүрээ
1. "Довтолгоо" гэж давшилтын, эсхүл хамгаалалтын алинаас нь үл хамааран эсрэг талынхаа хувьд явуулж буй хүч хэрэглэсэн үйлдлийг хэлнэ.
2. Довтолгооны талаархи энэхүү протоколын заалтуудыг эсрэг талын хяналтанд байгаа бөгөөд мөргөлдөөнд оролцогч эхний талд харъяалагдаж буй үндэсний нутаг дэвсгэрийг оролцуулан, ямар нутаг дэвсгэр дээр довтолгоо явагдаж байгаагаас үл хамааран бүх довтолгоонд хамааруулан хэрэглэнэ.
3. Энэ хэсгийн заалтуудыг хуурай газар дээр байгаа энгийн хүн ам, иргэд, эсхүл иргэний объектуудад хохирол учруулж болох хуурай газар, агаар, эсхүл далайд явагдаж буй дайны аливаа ажиллагаанд хамааруулан хэрэглэнэ. Эдгээр заалтыг газар дээр байгаа объектуудад далайгаас, эсхүл агаараас хийж байгаа бүх довтолгоонд нэг адил хамааруулан хэрэглэх бөгөөд харин эдгээр нь далай, эсхүл агаарт болж буй зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн хэм хэмжээг аливаа байдлаар хөндөхгүй.
4. Энэ хэсгийн заалтууд нь Дөрөвдүгээр конвенцийн II ангид дурдсан хүмүүнлэгийн хамгаалалтын хэм хэмжээ болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын заавал даган мөрдөх ёстой олон улсын бусад хэлэлцээр, түүнчлэн газар дээр, далайд, эсхүл агаарт байгаа энгийн хүмүүс болон иргэний объектуудыг дайтах ажиллагаанаас хамгаалахтай холбогдсон олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээнд нэмэлт болно.
II бүлэг
Энгийн иргэд, энгийн хүн ам
50 дугаар зүйл
Энгийн иргэд болон энгийн хүн амын тодорхойлолт
1. Гуравдугаар конвенцийн 4 дүгээр зүйлийн А хэсгийн (1), (2), (3) болон (6) дахь хэсэг болон энэхүү протоколын 43 дугаар зүйлд дурдсан ангиллалын алинд ч үл хамаарах этгээдийг энгийн иргэн гэнэ. Ямар нэг хүнийг энгийн иргэн байх эсэх тухайд эргэлзэх тохиолдолд түүнийг энгийн иргэнд тооцно.
2. Энгийн хүн ам нь энгийн бүх иргэнээс бүрдэнэ.
3. Энгийн хүн амын дотор энгийн иргэний тодорхойлолтод хамаарахгүй хүмүүс байх нь уг хүн амын энгийн шинж чанарыг хөндөхгүй.
51 дүгээр зүйл
Энгийн хүн амын хамгаалалт
1. Цэргийн ажиллагаанаас үүдэх аюулаас энгийн хүн ам болон энгийн иргэдийг нийтээр нь хамгаална. Ийм хамгаалалтыг хэрэгжүүлэхдээ олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээнээс гадна бүх нөхцөлд дараахь нэмэлт хэм хэмжээг дагаж мөрдөнө.
2. Энгийн хүн ам бүхэлдээ, түүнчлэн тодорхой иргэд довтолгооны объект болох ёсгүй. Энгийн хүн амыг терроризмын үндсэн зорилготой хүч хэрэглэсэн үйлдэл хийх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэхийг хориглоно.
3. Дайтах ажиллагаанд шууд оролцож байгаагаас бусад хугацаанд болон тохиолдолд энгийн иргэд энэхүү хэсэгт заасны дагуу хамгаалалтад байна.
4. Нэлд нь устгах довтолгоон хийхийг хориглоно. Нэлд нь устгах довтолгоонд дараахь довтолгоог хамааруулна:
(a) цэргийн тодорхой объект руу чиглээгүй довтолгоо;
(b) цэргийн тодорхой объект уруу чиглээгүй дайны арга хэрэгсэл хэрэглэж буй довтолгоо;
(c) энэхүү протоколын шаардлагын дагуу үр дагаврыг нь хязгаарлах боломжгүй дайны арга хэрэгслийг хэрэглэж буй довтолгоо.
Эдгээр бүх тохиолдолд цэргийн объектууд болон энгийн иргэд, эсхүл иргэний объектуудыг ялгалгүй нэрвэгдүүлэх довтолгоо хамрагдана.
5. Дараахь хэлбэрийн довтолгоог нэлд нь устгах довтолгоонд мөн хамааруулна:
(a) энгийн иргэд, эсхүл иргэний объектууд төвлөрсөн хот, тосгон буюу бусад бүсэд байгаа бие биеэсээ илэрхий тусгаарлагдмал бөгөөд ялгаж болох цэргийн хэсэг объектуудыг цэргийн ганц объект болгон аливаа арга хэрэгслээр бөмбөгдөх довтолгоо;
(b) олж авахаар төлөвлөж байгаа цэргийн тодорхой давуу байдалтай харьцуулахад энгийн хүн амын амь насыг хөнөөх, энгийн иргэдийг шархдуулах, иргэний объектуудад хохирол учруулах, эсхүл эдгээрийн аль нэгийг нь хамарсан асар их хохирол учруулах довтолгоо.
6. Хариу авах арга хэмжээ болгож энгийн хүн ам, эсхүл энгийн иргэд рүү довтлохыг хориглоно.
7. Энгийн хүн ам, эсхүл энгийн иргэдийн байрлал, хөдөлгөөнийг тодорхой байрлал буюу бүсийг цэргийн ажиллагаанаас хамгаалах, тухайлбал цэргийн объектуудыг довтолгооноос хамгаалах, эсхүл цэргийн ажиллагааг далдлах, түүнд тус дөхөм үзүүлэх, эсхүл саад хийх зорилгод ашиглаж болохгүй. Мөргөлдөөнд оролцогч талууд цэргийн объектуудыг довтолгооноос хамгаалах, эсхүл цэргийн ажиллагааг далдлах зорилгоор энгийн хүн ам, эсхүл энгийн иргэдийн хөдөлгөөнийг шууд удирдан чиглүүлж болохгүй.
8. Эдгээр хориглолтыг зөрчих нь энгийн хүн ам болон энгийн иргэдийн талаархи эрх зүйн үүргээс болон 57 дугаар зүйлд дурдсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргээс мөргөлдөөнд оролцогч талыг чөлөөлөхгүй.
III бүлэг
Иргэний объект
52 дугаар зүйл
Иргэний объектын нийтлэг хамгаалалт
1. Иргэний объектыг довтолгооны, эсхүл хариу арга хэмжээ авах объект болгох ёсгүй. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсон цэргийн объектуудаас бусад бүх объектыг иргэний объект гэнэ.
2. Довтолгоо нь зөвхөн цэргийн объектуудаар хатуу хязгаарлагдана. Шинж чанар, байрлал, зориулалт, эсхүл ашиглалтаараа цэргийн ажиллагаанд үр нөлөөтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд эдгээрийг бүрэн буюу хагас эвдэж сүйтгэх, эзлэн авах, эсхүл ажиллагаагүй болгох нь тухайн үеийн нөхцөл байдалд цэргийн илэрхий давуу байдал олгох объектуудыг цэргийн объектуудад хамааруулна.
3. Иргэний зориулалттай объектууд, тухайлбал мөргөлийн газар буюу ийм төрлийн бусад орон сууц, эсхүл сургуулийг цэргийн ажиллагаанд үр нөлөөтэй дэмжлэг үзүүлэхэд ашиглаж байгаа тухайд эргэлзэх тохиолдолд уг объектыг иргэний зорилгод ашиглаж байгаад тооцно.
53 дугаар зүйл
Соёлын үнэт зүйлс болон мөргөлийн газрын хамгаалалт
Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай 1954 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Гаагийн конвенц болон олон улсын холбогдох бусад баримт бичгийн заалтуудыг үл хөндөн дараахь үйлдлийг хориглоно:
(a) улс түмний соёлын болон оюуны өв болсон түүхийн хөшөө дүрсгалууд, урлагийн бүтээлүүд, мөргөлийн газруудын эсрэг дайтах ажиллагаа явуулах;
(b) эдгээр объектыг цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгод ашиглах;
(c) эдгээр объектыг хариу арга хэмжээ авах объект болгох.
54 дүгээр зүйл
Энгийн хүн амыг аж төрөхөд шаардагдах
объектын хамгаалалт
1. Энгийн хүн амын дунд өлсгөлөн бий болгож, түүнийг дайны арга хэрэгсэл болгохыг хориглоно.
2. Энгийн хүн амыг аж төрөхөд шаардагдах хүнсний бүтээгдэхүүний нөөц, түүнийг үйлдвэрлэх хөдөө аж ахуйн бүс, тариалангийн талбай, мал сүрэг, ундны усаар хангах байгууламж, түүний нөөц, түүнчлэн услалтын байгууламж зэрэг объектыг амьдралыг тэтгэх хэрэгслийн нь хувьд энгийн хүн ам болон эсрэг талдаа үл ашиглуулах зорилгоор, мөн иргэдийн дунд өлсгөлөн бий болгох, тэднийг гадагш гарч явах нөхцлийг бүрдүүлэх, эсхүл бусад ямар нэг шалтгаанаар довтлох, устгах, нүүлгэх, эсхүл хэрэгцээгүй болгохыг хориглоно.
3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоригийг мөн зүйлд хамаарах эсрэг талын дараахь зорилгоор ашиглаж буй объектын тухайд үл хэрэглэнэ:
(a) зөвхөн түүний зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оршин тогтнох явдлыг дэмжих;
(b) оршин тогтнох явдлыг дэмжих зорилгоор биш ч цэргийн ажиллагааг шууд дэмжих. Гэхдээ ямар ч тохиолдолд эдгээр объектын эсрэг явуулах ажиллагаа нь энгийн хүн амыг хүрэлцэхүйц бус хүнсний бүтээгдэхүүн, эсхүл усгүй болгосны улмаас өлсгөлөн бий болох, эсхүл тэднийг гадагш гарч явахад хүргэх ёсгүй.
4. Эдгээр объектыг хариу арга хэмжээ авах объект болгож болохгүй.
5. Мөргөлдөөнд оролцогч аль ч тал довтолгооноос нутаг дэвсгэрээ хамгаалах нэн чухал хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрөх үүднээс цэргийн зайлшгүй хэрэгцээ шаардаж байгаа үед мөргөлдөөнд оролцогч тал өөрийн хяналтанд байгаа нутаг дэвсгэр дээр энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан хориглолтоос ухарч болно.
55 дугаар зүйл
Байгаль орчны хамгаалалт
1. Дайтах ажиллагаа явуулахдаа удаан хугацааны, өргөн цар хүрээтэй, ноцтой хохиролоос байгаль орчинг хамгаалах асуудлыг анхаарна. Энэхүү хамгаалалтанд байгаль орчинд тийм хохирол учруулах зорилготой, эсхүл учруулж болох, ингэснээр хүн амын эрүүл мэнд, эсхүл аж төрөх асуудлыг хөндөж, хохирол учруулах дайны арга хэрэгсэлийг ашиглахыг хориглох явдал хамаарна.
2. Хариу арга хэмжээ авах зорилгоор байгаль орчинд хохирол учруулахыг хориглоно.
56 дугаар зүйл
Аюултай хүч агуулсан төхөөрөмж болон
байгууламжуудын хамгаалалт
1. Аюултай хүч агуулсан төхөөрөмж, эсхүл байгууламж, тухайлбал усны далан хаалт, атомын цахилгаан станц уруу довтолсноор аюултай хүч алдагдаж энгийн хүн амд хүнд хохирол учруулахаар бол уг байгууламжууд нь цэргийн объект байсан ч тэдгээрийг довтолгооны объект болгож болохгүй. Эдгээр төхөөрөмж болон байгууламж дотор, эсхүл тэдгээрийн ойролцоо байгаа цэргийн бусад объектыг довтолсноор эдгээр төхөөрөмж, байгууламжаас аюултай хүч алдагдаж энгийн хүн амд хүнд хохирол учруулахаар бол тэдгээрийг довтолгооны объект болгож болохгүй.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан тусгай хамгаалалтыг дараахь нөхцөлд зогсооно:
(a) хэвийн ажиллагаанаас өөр байдлаар ашиглагдан, цэргийн ажиллагаанд байнга болон шууд нөлөө бүхий дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд тэдгээрийг довтлох нь энэхүү дэмжлэгийг зогсоох цорын ганц боломжтой арга зам болж байгаа усны далан хаалтын хувьд;
(b) цэргийн ажиллагаанд байнга болон шууд нөлөө бүхий дэмжлэг үзүүлэх зорилгоор эрчим хүчээр ханган, ашиглагдаж байгаа бөгөөд тэдгээрийг довтлох нь энэхүү дэмжлэгийг зогсоох цорын ганц боломжтой арга зам болж байгаа атомын цахилгаан станцын хувьд;
(c) дээр дурдсан төхөөрөмж болон байгууламжууд дотор, эсхүл тэдгээрийн ойролцоо байгаа бөгөөд цэргийн ажиллагаанд байнга болон шууд нөлөө бүхий дэмжлэг үзүүлэх ашиглагдаж байгаа бөгөөд тэдгээрийг довтлох нь уг дэмжлэгийг зогсоох цорын ганц боломжтой арга зам болж байгаа цэргийн бусад объектын хувьд.
3. Энгийн хүн ам болон энгийн иргэд 57 дугаар зүйлд дурдсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хамгаалалтыг оролцуулан олон улсын эрх зүйн дагуу олгох бүх хамгаалалтад хамрагдана. Хэрэв энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан төхөөрөмж, байгууламжууд, эсхүл цэргийн объектуудын хамгаалалтыг зогсоож, тэдгээр рүү довтолсон бол аюултай хүч үйлчлэхээс сэргийлэх бололцоотой бүх арга хэмжээг авна.
4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан аливаа төхөөрөмж, байгууламж, эсхүл цэргийн объектуудыг хариу арга хэмжээ авах объект болгохыг хориглоно.
5. Мөргөлдөөнд оролцогч талууд цэргийн аливаа объектыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан төхөөрөмж, эсхүл байгууламжийн ойролцоо байрлуулахгүй байхыг эрмэлзэнэ. Гэхдээ зөвхөн хамгаалалтад байгаа төхөөрөмж, эсхүл байгууламжийг хамгаалах зорилгоор, тэдгээр рүү хийсэн довтолгоог эсэргүүцэх хамгаалалтын ажиллагаанаас өөр дайтах ажиллагаанд ашиглагдахгүй бөгөөд зэвсэг нь зөвхөн тухайн төхөөрөмж болон байгууламжууд руу хийсэн довтолгоог няцаах төдий чадвартай байхаар хязгаарлах бол зохих байгууламжийг байрлуулахыг зөвшөөрөх бөгөөд эдгээр байгууламжийг довтолгооны объект болгож болохгүй.
6. Аюултай хүч агуулсан объектыг сайтар хамгаалах зорилгоор өөр хоорондоо хэлэлцээр байгуулахыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон мөргөлдөөнд оролцогч талуудад уриалж байна.
7. Энэ зүйлийн дагуу хамгаалагдах объектыг таньж мэдэх явдлыг хөнгөвчлөх үүднээс мөргөлдөөнд оролцогч талууд тэдгээрт энэхүү протоколын 1 дүгээр хавсралтын 16 дугаар зүйлд тодорхойлсон нэг тэнхлэг дээр байрласан хурц улбар шар өнгийн дугуйнуудаас бүрдсэн тусгай тэмдгийг тавьж болно. Ийм тэмдэг байхгүй байгаа нь мөргөлдөөнд оролцогч аль ч талыг энэ зүйлийн дагуу хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй.
IV бүлэг
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
57 дугаар зүйл
Довтолгооны үед авах урьдчилан сэргийлэх арга хэмжээ
1. Цэргийн ажиллагаа явуулахдаа энгийн хүн ам, энгийн иргэд болон иргэний объектыг хамгаалах талаар байнга анхаарна.
2. Довтолгооны үеэр дараахь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна:
(a) довтлох төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэх тухай шийдвэр гаргаж буй хүн:
(i) довтлох объект нь энгийн иргэд биш, иргэний объект биш, онцгой хамгаалалтад хамаарахгүй, харин тэдгээр нь 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын дагуу цэргийн объект мөн бөгөөд энэхүү протоколын дагуу түүн рүү довтлохыг хориглоогүй гэдгийг гэрчлэх талаар бололцоотой бүхнийг хийнэ.
(ii) энгийн иргэдийн амь насыг тохиолдлын чанартай хохироох, тэднийг шархдуулах, иргэний объектуудад то¬хиолдлын чанартай хохирол учруулахаас зайлсхийх, аль болох бага хохирол учруулах үүднээс довтлох арга хэрэгслийг сонгохдоо урьдчилан сэргийлэх бололцоотой бүх арга хэмжээг авна.
(iii) энгийн иргэдийн амь насыг тохиолдлын чанартай хохироох, тэднийг шархдуулах, иргэний объектад тохиолдлын чанартай хохирол учруулах, эсхүл эдгээр нь хамтдаа олж авахаар төлөвлөж буй цэргийн тодорхой, шууд давуу байдалтай харьцуулахад асар их хохирол учруулахаар байвал тийм довтолгоо хийх тухай шийдвэр гаргахаас татгалзана.
(b) довтлох гэж байгаа объект нь цэргийн биш, эсхүл онцгой хамгаалалтад хамаардаг, эсхүл уг довтолгоо энгийн иргэдийн амь насыг тохиолдлын чанартай хохироох, тэднийг шархдуулах, иргэний объектад тохиолдлын чанартай хохирол учруулах, эсхүл эдгээр нь хамтдаа олж авахаар төлөвлөж буй цэргийн тодорхой, шууд давуу байдалтай харьцуулахад асар их хохирол учруулах нь илэрхий болбол уг довтолгоог хүчингүй болгох, эсхүл зогсооно;
(c) энгийн хүн амыг хамарч болзошгуй довтолгооны талаар боломжтой бүх нөхцөлд урьдчилан мэдэгдэнэ.
3. Цэргийн хэд хэдэн объектыг довтлоход адил хэмжээний цэргийн давуу байдал олж авах боломжтой байгаа тохиолдолд энгийн иргэдийн амь нас болон иргэний объектуудад хамгийн бага аюул учруулах объектыг сонгож авна.
4. Мөргөлдөөнд оролцогч талууд далай, эсхүл агаарт цэргийн ажиллагаа явуулахдаа зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээсэн өөрийн эрх, үүргийн дагуу энгийн иргэдийн амь насыг хохироох болон иргэний объектад хохирол учруулахгүй байх зорилгоор урьдчилан сэргийлэх боломжит бүх арга хэжээг авна.
5. Энэ зүйлийн аль ч заалтыг энгийн хүн ам, энгийн иргэд, эсхүл иргэний объект уруу довтлохыг зөвшөөрч байгаа мэтээр тайлбарлаж болохгүй.
58 дугаар зүйл
Довтолгооны үр дагавараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Мөргөлдөөнд оролцогч талууд хамгийн боломжтой хэмжээнд:
(a) Дөрөвдүгээр конвенцийн 49 дүгээр зүйлийг зөрчихгүйгээр цэргийн объектын ойролцоо байрласан өөрсдийн хяналтанд байгаа энгийн хүн ам, энгийн иргэд болон иргэний объектыг тэндээс нүүлгэн холдуулахыг эрмэлзэнэ;
(b) хүн ам шигүү суурьшсан нутагт, эсхүл тэдгээрийн ойролцоо цэргийн объект байрлуулахаас зайлсхийнэ;
(c) өөрсдийн хяналтанд байгаа энгийн хүн ам, энгийн иргэд болон иргэний объектыг цэргийн ажиллагаанаас үүдэн гарах аюулаас хамгаалах шаардлагатай бусад арга хэмжээг авна.
V бүлэг
Онцгой хамгаалалтанд байгаа газар, бүс
59 дүгээр зүйл
Хамгаалалтгүй газар
1. Мөргөлдөөнд оролцогч талууд ямар ч хэрэгслээр хамгаалалтгүй газар уруу довтлохыг хориглоно.
2. Мөргөлдөөнд оролцогч талын холбогдох засаг захиргаа нь зэвсэгт хүчин байрлаж байгаа бүсэд, эсхүл түүний ойролцоо байгаа бөгөөд эсрэг тал эзлэхэд нээлттэй аливаа суурин газрыг хамгаалалтгүй газар гэж мэдэгдэж болно. Эдгээр газар нь дараахь нөхцөлийг хангасан байна:
(a) байлдаж байгаа хүмүүс, түүнчлэн байлдааны зөөврийн хэрэгсэл болон байлдааны зөөврийн тоног төхөөрөмжийг нүүлгэн зайлуулсан байх ёстой;
(b) цэргийн суурин төхөөрөмж, эсхүл байгууламжийг дайтах зорилгоор ашиглахгүй байх;
(c) засаг захиргаа болон хүн ам дайтах ажиллагаа явуулахгүй байх;
d) цэргийн ажиллагааг хөхиүлэн дэмжсэн аливаа үйлдэл хийхгүй байх.
3. Конвенцууд болон энэхүү протоколын дагуу онцгой хамгаалалтанд хамрагдах хүмүүс, зөвхөн хууль, дэг журам сахиулах зорилгоор үлдсэн цагдаагийн хүчин энэ газарт байх нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлд үл харшилна.
4. Хамгаалалтгүй газрын байрлал, хил хязгаарыг аль болох нарийвчлан тодорхойлсон мэдэгдлийг энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу эсрэг талд хандаж гаргана. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцлийг бодит байдалд хангахгүй байгаагаас бусад тохиолдолд уг мэдэгдлийг хүлээн авагч мөргөлдөөнд оролцогч тал мэдэгдлийг хүлээн авснаа нотлох бөгөөд уг мэдэгдэлд дурдсан газрын хувьд түүнийг хамгаалалтгүй газартай адилтган үзнэ. Харин 2 дахь хэсэгт заасан нөхцлийг хангахгүй тохиолдолд энэ тухай уг тал мэдэгдэл хийсэн талд яаралтай мэдэгдэнэ. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцлийг хангахгүй байсан ч уг газар нь энэхүү протоколын бусад заалт болон зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээгээр олгогдох хамгаалалтанд байна.
5. Эдгээр газар энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцлийг хангахгүй байсан ч гэсэн мөргөлдөөнд оролцогч талууд түүнийг хамгаалалтгүй газар гэж зарлахаар хэлэлцэн тохирч болно. Уг хэлэлцээрт хамгаалалтгүй газрын байрлал, хил хязгаарыг аль болох нарийн тодорхойлох бөгөөд шаардлагатай үед хяналт тавих аргын талаар хэлэлцээрт тусгаж болно.
6. Уг хэлэлцээрээр зохицуулах газрыг хяналтандаа байлгаж буй тал нөгөө талтай тохиролцсоны дагуу тэмдгээр тэмдэглэх бөгөөд тэдгээрийг тод харагдах газарт, ялангуяа уг газрын хил хязгаар, эргэн тойронд болон гол замууд дээр байрлуулна.
7. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл, эсхүл 5 дахь хэсэгт дурдсан хэлэлцээрийн нөхцлийг хангахаа больсон газар нь хамгаалалтгүй газар байх эрх зүйн байдлаа алдана. Энэ тохиолдолд уг газар нь энэхүү протоколын бусад заалт болон зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээгээр олгогдох хамгаалалтанд байсаар байна.
60 дугаар зүйл
Цэрэггүй бүс
1. Хэрэв цэрэггүй бүсийн эрх зүйн байдал олгох тухай хэлэлцээрийн заалтад харшилж байгаа бол, тийм эрх зүйн байдал олгосон бүсэд цэргийн ажиллагаагаа өргөжүүлэн явуулахыг мөргөлдөөнд оролцогч талуудад хориглоно.
2. Тийм хэлэлцээрийг шууд, эсхүл хамгаалагч гүрэн, эсхүл аль нэг хүмүүнлэгийн байгууллагын зуучлалтайгаар амаар, эсхүл бичгээр тохиролцон байгуулах бөгөөд харилцан тохиролцсон мэдэгдэл хэлбэртэй байж болно. Хэлэлцээрийг тайван цагт, эсхүл дайтах ажиллагаа эхэлснээс хойш байгуулж болох бөгөөд түүнд цэрэггүй бүсийн байрлал, хил хязгаарыг аль болох нарийн тодорхойлж, шаардлагатай үед хяналт тавих аргын талаар хэлэлцээрт тусгаж болно.
3. Дараахь нөхцлийг хангаж буй аливаа бүсийн хувьд энэ хэлэлцээрийг
байгуулна:
(a) байлдаж байгаа хүмүүс, түүнчлэн байлдааны зөөврийн хэрэгсэл болон байлдааны зөөврийн тоног төхөөрөмжийг заавал нүүлгэн зайлуулсан байх;
(b) цэргийн суурин төхөөрөмж, эсхүл байгууламжийг дайтах зорилгоор ашиглахгүй байх;
(c) засаг захиргаа болон хүн ам дайтах ажиллагаа явуулахгүй байх;
(d) цэргийн ажиллагааг хөхиүлэн дэмжсэн аливаа үйл ажиллагааг заавал зогсоосон байх.
Мөргөлдөөнд оролцогч талууд энэ зүйлийн 3 дахь хэсгийн “d” хэсгийн заалтад тусгасан нөхцлийг тайлбарлах болон цэрэггүй бүсэд нэвтрэх эрхтэй энэ зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан хүмүүсээс бусад хүмүүсийн талаар хэлэлцэн тохирно.
4. Конвенцууд болон энэхүү протоколын дагуу онцгой хамгаалалтанд хамрагдах хүмүүс, зөвхөн хууль, дэг журам сахиулах зорилгоор үлдсэн цагдаагийн хүчин энэ бүсэд байх нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөлд үл харшилна.
5. Уг хэлэлцээрээр зохицуулах бүсийг хяналтандаа байлгаж буй тал нөгөө талтай тохиролцсоны дагуу тэмдгээр тэмдэглэх бөгөөд тэдгээрийг тод харагдах газарт, ялангуяа уг бүсийн хил хязгаар, эргэн тойронд болон гол замууд дээр байрлуулна.
6. Дайтах ажиллагаа цэрэггүй бүсэд ойртож ирсэн тохиолдолд хэрэв мөргөлдөөнд оролцогч талууд хэлэлцэн тохирвол аль ч тал энэ бүсийг цэргийн ажиллагаа явуулахтай холбогдсон зорилгод ашиглах, эсхүл түүний эрх зүйн байдлыг дангаараа өөрчилж болохгүй.
7. Хэрэв мөргөлдөөнд оролцогч аль нэг тал энэ зүйлийн 3, эсхүл 6 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчвөл нөгөө тал уг бүсэд цэрэггүй бүсийн эрх зүйн байдал олгох тухай хэлэлцээрээр хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөнө. Энэ тохиолдолд уг бүс эрх зүйн байдлаа алдах боловч энэхүү протоколын бусад заалт болон зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэх олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээгээр олгогдох хамгаалалтанд байсаар байна.
VI бүлэг
Иргэний хамгаалалт
61 дүгээр зүйл
Тодорхойлолт, хэрэглэх хүрээ
Энэхүү протоколын зорилгод:
1) "иргэний хамгаалалт" гэж энгийн хүн амыг аюулаас хамгаалах, дайтах ажиллагааны, эсхүл гамшгийн шууд учруулсан хор уршгийг арилгахад тэдэнд туслах, түүнчлэн энгийн хүн амыг аж төрөхөд шаардагдах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн дор дурдсан хүмүүнлэг зорилтыг хэсэгчлэн, эсхүл бүрэн хэрэгжүүлэхийг хэлнэ:
(a) анхааруулах;
(b) нүүлгэн шилжүүлэх;
(c) хоргодох байр, оромжоор хангах, зохион байгуулах;
(d) гэрэл далдлах арга хэмжээ авах;
(e) аврах ажлууд;
(f) анхны тусламж, эмнэлгийн үйлчилгээ, түүнчлэн шашны тусламж;
(g) гал түймэртэй тэмцэх;
(h) аюултай бүсийг илрүүлэх, онцлон тэмдэглэх;
(i) халдваргүй болгох болон эмнэлгийн хамгаалалтын бусад төстэй арга хэмжээ;
(j)байр сууц болон хангалтыг яаралтай олгох;
(k) гамшиг тохиолдсон бүсэд сэргээн босгох болон дэг журам сахиулахад яаралтай тусламж үзүүлэх;
(l) нийтийн ахуйн шаардлагатай үйлчилгээг яаралтай сэргээх;
(m) цогцсуудыг яаралтай оршуулах;
(n) аж төрөхөд зайлшгүй шаардлагатай объектуудыг хамгаалан үлдээхэд тусламж үзүүлэх;
(o) төлөвлөлт, зохион байгуулалтаар хязгаарлахгүйгээр дээр дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт үйл ажиллагаа.
2) "Иргэний хамгаалалтын байгууллага" гэж энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан аливаа зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор мөргөлдөөнд оролцогч талын эрх бүхий байгууллагаас бүрэн эрх олгосон, эсхүл зохион байгуулагдсан, зөвхөн эдгээр зорилтыг биелүүлэх зорилготой байгууллагууд болон бусад нэгжийг хэлнэ.
3) иргэний хамгаалалтын байгууллагын "ажилтан" гэж зөвхөн эдгээр байгууллагыг удирдах зорилгоор мөргөлдөөнд оролцогч талын эрх бүхий байгууллагаас томилсон хүмүүсийг, түүнчлэн мөргөлдөөнд оролцогч талын томилсон, энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүмүүсийг тус тус хэлнэ.
4) иргэний хамгаалалтын байгууллагуудын "эд материал" гэж эдгээр байгууллагаас энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байгаа тоног төхөөрөмж, материал болон тээврийн хэрэгслийг хэлнэ.
62 дугаар зүйл
Нийтлэг хамгаалалт
1. Иргэний хамгаалалтын иргэний байгууллагууд болон тэдгээрийн ажилтнуудад энэхүү протокол, тухайлбал энэхүү хэсгийн заалтуудын дагуу хүндэтгэл үзүүлж хамгаалалтанд байлгана. Цэргийн онцгой шаардлага гарахаас бусад тохиолдолд тэд иргэний хамгаалалтын зорилтуудыг хэрэгжүүлж эрх эдэлнэ.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг иргэний хамгаалалтын иргэний байгууллагын гишүүн бус бөгөөд эрх бүхий байгууллагын уриалгаар, тэдний хяналтын дор иргэний хамгаалалтын зорилтуудыг хэрэгжүүлж байгаа иргэдэд нэгэн адил хэрэглэнэ.
3. Энэхүү протоколын 52 дугаар зүйлд иргэний хамгаалалтын зорилгоор ашиглаж буй байшин болон эд материал, түүнчлэн энгийн хүн амд олгосон хоргодох газрууд хамаарна. Иргэний хамгаалалтын зорилгоор ашиглаж буй объектыг устгаж, эсхүл тэдгээрийг өмчилж байгаа талаас бусад тал өөр зориулалтаар ашиглаж болохгүй.
63 дугаар зүйл
Эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх иргэний хамгаалалт
1. Эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх иргэний хамгаалалтын иргэний байгууллагууд өөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах тус дэмжлэгийг эрх бүхий байгууллагаас авна. Өөрийн зорилтоо зохих ёсоор хэрэгжүүлэхэд нь хүндрэл учруулах үйл ажиллагаа явуулахыг эдгээр байгууллагын ажилтанаас ямар ч нөхцөл байдалд албадаж болохгүй. Эдгээр байгууллагын зорилтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд саад учруулахаар байвал эзлэгч гүрэн тэдгээр байгууллагын бүтэц, эсхүл ажилтнуудыг өөрчилж хэрхэвч болохгүй. Эзлэгч гүрний эрх ашиг, эсхүл түүний иргэдэд давуу байдал олгохыг эдгээр байгууллагаас шаардаж болохгүй.
2. Өөрийн зорилтуудыг энгийн хүн амын эрх ашигт хортой нөлөө үзүүлэхүйцээр хэрэгжүүлэхийг эзлэгч гүрэн иргэний хамгаалалтын иргэний байгууллагуудаас шаардах, албадах, эсхүл тэднийг өдөөн турхирч болохгүй.
3. Эзлэгч гүрэн аюулгүй байдлыг хангах үүднээс иргэний хамгаа¬лалтын ажилтны зэвсгийг хурааж болно.
4. Иргэний хамгаалалтын байгууллагуудад харьяалагдаж байгаа, эсхүл тэдний ашиглаж буй барилга байшин, эд материалын үндсэн зориулалтыг өөрчлөх, дайчлан авах нь энгийн хүн амд хохирол учруулах бол эзлэгч гүрэн ийм үйлдлийг хийж болохгүй.
5. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтлэг хэм хэмжээг үргэлжлүүлэн мөрдөж байгаа тохиолдолд эзлэгч гүрэн дараахь тодорхой нөхцөлд эдгээр нөөцийг дайчлан авах, эсхүл тэдгээрийн зориулалтыг өөрчилж болно:
(a) эдгээр барилга, байшин, эд материал нь энгийн хүн амын бусад хэрэгцээнд зайлшгүй шаардагдаж байгаа бол;
(b) ийнхүү дайчлан авах, эсхүл зориулалтыг өөрчлөх нь зөвхөн тийм шаардлага байгаа хугацаанд л явагдана.
6. Энгийн хүн амын хэрэгцээнд зориулан олгосон, эсхүл тэдэнд шаардлагатай байгаа хоргодох байрын зориулалтыг эзлэгч гүрэн өөрчлөх, дайчлан авч болохгүй.
64 дүгээр зүйл
Төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус бусад улсын
иргэний хамгаалалтын иргэний байгууллага болон олон улсын
зохицуулагч байгууллага
1. Мөргөлдөөнд оролцогч тухайн талын зөвшөөрснөөр, түүний хяналтын дор, нутаг дэвсгэрт нь 61 дүгээр зүйлд дурдсан иргэний хамгаалалтын зорилтуудыг хэрэгжүүлж байгаа төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус бусад улсын иргэний хамгаалалтын иргэний байгууллагын ажилтан болон эд материалын хувьд 62, 63, 65, 66 дугаар зүйлийн заалтуудыг мөн хэрэглэнэ. Эсрэг талд уг тусламжийн тухай аль болох эрт мэдээлнэ. Ямар ч нөхцөл байдалд энэ үйл ажиллагааг мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцсон мэтээр үзэж болохгүй. Гэхдээ энэ үйл ажиллагааг мөргөлдөөнд оролцогч холбогдох талуудын аюулгүй байдлын эрх ашгийг зохих ёсоор харгалзан үзсэний үндсэн дээр явуулна.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан тусламжийг авч буй мөргөлдөөнд оролцогч талууд болон уг тусламжийг олгож буй Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд шаардлагатай үед иргэний хамгаалалтын салбар дахь энэ үйл ажиллагааг олон улсын хэмжээнд зохицуулахад тус дөхөм үзүүлнэ. Ийм тохиолдолд энэхүү бүлгийн заалтуудыг холбогдох олон улсын байгууллагуудад хэрэглэнэ.
3. Эзлэгч гүрэн өөрийн, эсхүл эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа
нөөц бололцоогоор иргэний хамгаалалтын зорилтыг зохих ёсоор хэрэгжүүлж
чадах тохиолдолд л төвийг сахисан, эсхүл мөргөлдөөнд оролцогч бус бусад улсын иргэний хамгаалалтын иргэний байгууллагууд болон олон улсын зохицуулагч
байгууллагуудын үйл ажиллагааг эзлэгдсэн нутаг дэвсгэрт хориглож, эсхүл хязгаарлаж болно.
65 дугаар зүйл
Хамгаалалтыг дуусгавар болгох
1. Хамгаалуулах эрх бүхий иргэний хамгаалалтын иргэний байгууллагууд, тэдгээрийн ажилтан, барилга, хоргодох байр болон эд материалын хамгаалалтыг үндсэн зорилтоос нь өөрөөр, эсрэг талд хохирол учруулах үйлдэл хийсэн, эсхүл ийм үйлдэл хийхэд ашиглаж байгаагаас бусад тохиолдолд дуусгавар болгохгүй. Гэхдээ уг хамгаалалтыг зөвхөн шаардлагатай үед, хүрэлцэхүйц хугацаа бүхий сануулга өгсний дараа, сануулгыг хүлээж аваагүй тохиолдолд л дуусгавар болно.
2. Дараахь үйлдлийг эсрэг талдаа хохирол учруулсан үйлдэлд тооцохгүй:
(a) цэргийн эрх баригчдын удирдлага, хяналтын дор иргэний хамгаалалтын зорилтыг хэрэгжүүлэх;
(b) иргэний хамгаалалтын зорилтыг хэрэгжүүлэхэд иргэний хамгаалалтын ажилтан цэргийн бие бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаж байгаа, эсхүл цэргийн зарим албан хаагчдыг иргэний хамгаалалтын иргэний байгууллагуудад томилсон бол;
(c) иргэний хамгаалалтын зорилтыг хэрэгжүүлэх нь дайнд хэлмэгдэгсдэд, ялангуяа жагсаалаас гарсан хүмүүст ашигтай байх бол.
3. Дэг журам сахиулах, эсхүл өөрийгөө хамгаалах зорилгоор иргэний хамгаалалтын ажилтан хөнгөн зэвсэг биедээ авч явахыг эсрэг талд хохирол учруулах үйлдэлд мөн тооцохгүй. Гэхдээ мөргөлдөөнд оролцогч талууд хуурай газрын байлдаан болж байгаа, эсхүл байлдаан гарч болох бүсэд иргэний хамгаалалтын ажилтныг байлдаж байгаа хүмүүсээс ялгах явдлыг хөнгөвчлөхийн тулд тэдгээр хүмүүсийн зэвсгийг гар буу зэрэг гар зэвсгээр хязгаарлах шаардлагатай арга хэмжээ авна. Эдгээр бүсэд иргэний хамгаалалтын ажилтан биедээ бусад төрлийн хөнгөн зэвсэг авч явсан ч иргэний хамгаалалтын ажилтан гэж танигдмагц түүнд хүндэтгэл үзүүлж хамгаалалтад байлгана.
4. Иргэний хамгаалалтын иргэний байгууллагуудыг цэргийн маягаар байгуулах, тэдгээрт заавал алба хаах нь энэ бүлгээр олгогдох хамгаалалтыг мөн хөндөхгүй.
66 дугаар зүйл
Таньж тогтоох
1. Мөргөлдөөнд оролцогч тал бүр зөвхөн иргэний хамгаалалтын зорилтуудыг хэрэгжүүлж байгаа өөрийн иргэний хамгаалалтын байгууллагууд, тэдгээрийн ажилтан, барилга болон эд материалыг танигдахүйц байлгах явдлыг хангахыг эрмэлзэнэ. Түүнчлэн энгийн хүн амд зориулан олгосон хоргодох байр мөн танигдахуйц байна.
2. Мөргөлдөөнд оролцогч тал бүр иргэний хамгаалалтын олон улсын ялгах тэмдэг байрлуулсан иргэдийн хоргодох байр, иргэний хамгаалалтын ажилтан, барилга болон эд материалыг таних бололцоотой болгох талаархи арга, журмыг баталж хэрэгжүүлэхийг мөн эрмэлзэнэ.
3. Эзлэгдсэн нутаг дэвсгэрт болон байлдаан болж байгаа, эсхүл байлдаан үүсэж болох бүсэд байгаа иргэний хамгаалалтын ажилтныг иргэний хамгаалалтын олон улсын ялгах тэмдэг болон тэдний эрх зүйн байдлыг нотолсон хувийн үнэмлэхээр танина.
4. Иргэний хамгаалалтын олон улсын таних тэмдэг гэж иргэний хамгаалалтын байгууллагууд, тэдгээрийн ажилтан, барилга болон эд материал, түүнчлэн иргэдийн хоргодох байрыг хамгаалах зорилгоор ашиглаж байгаа улбар шар дэвсгэр дээр дүрсэлсэн тэнцүү талтай цэнхэр гурвалжинг хэлнэ.
5. Мөргөлдөөнд оролцогч талууд иргэний хамгаалалтын таних тэмдгийн зэрэгцээ ялгах дохиог ашиглах талаар тохиролцож болно.
6. Энэ зүйлийн 1 – 4 дэх хэсгийн заалтуудыг энэхүү протоколын 1 дүгээр хавсралтын 5 дугаар бүлэгт дурдсаны дагуу хэрэглэнэ.
7. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт тодорхойлсон таних тэмдгийг тайван цагт дотоодын эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийн дагуу иргэний хамгаалалтыг ялгаж таних зорилгоор ашиглаж болно.
8. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон мөргөлдөөнд оролцогч талууд иргэний хамгаалалтын олон улсын таних тэмдгийн ашиглалтыг хянах, түүнийг хортой урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх, ийнхүү ашиглахыг таслан зогсоох зорилгоор шаардлагатай арга хэмжээ авна.
9. Иргэний хамгаалалтын эмнэлгийн ажилтнууд болон шашны хүмүүс, эмнэлгийн албад, эмнэлгийн тээврийн хэрэгслийг ялгаж таниулах явдлыг 18 дугаар зүйлээр мөн зохицуулна.
67 дугаар зүйл
Иргэний хамгаалалтын байгууллагуудад томилогдсон зэвсэгт хүчний
бие бүрэлдэхүүн болон цэргийн анги, нэгтгэл
1. Иргэний хамгаалалтын байгууллагуудад томилогдсон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон цэргийн анги, нэгтгэлийг дараахь нөхцөлд хүндэтгэл үзүүлж хамгаалалтанд байлгана :
(a) ийм бие бүрэлдэхүүн болон цэргийн анги, нэгтгэл байнга томилогдсон бөгөөд зөвхөн 61 дүгээр зүйлд дурдсан аль нэг зорилтыг хэрэгжүүлж байгаа бол;
(b) ийнхүү томилогдсон бие бүрэлдэхүүн мөргөлдөөний үед цэргийн бусад ямар нэг үүрэг гүйцэтгээгүй бол;
(c) ил харагдах газарт аль болох том хэмжээтэй хийж зүүсэн иргэний хамгаалалтын олон улсын таних тэмдгээр уг бие бүрэлдэхүүн нь зэвсэгт хүчний бүрэлдэхүүний бусад гишүүнээс ялгагдах бөгөөд уг бие бүрэлдэхүүн нь энэхүү протоколын 1 дүгээр хавсралтын 5 дугаар бүлэгт дурдсан түүний эрх зүйн байдлыг нотолсон хувийн үнэмлэхтэй байна;
(d) уг бие бүрэлдэхүүн болон цэргийн анги, нэгтгэл нь дэг журам сахиулах, эсхүл өөрийгөө хамгаалах зорилгоор зөвхөн хөнгөн зэвсгээр зэвсэглэсэн байна. 65 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудыг энэ тохиолдолд мөн хэрэглэнэ;
(e) уг бие бүрэлдэхүүн дайтах ажиллагаанд шууд оролцохгүй бөгөөд иргэний хамгаалалтын зорилгоос өөр эсрэг талд хохирол учруулах үйлдэл хийгээгүй, эсхүл ийм үйлдэл хийхэд ашиглагдаагүй байх;
(f) уг бие бүрэлдэхүүн болон цэргийн анги, нэгтгэл иргэний хамгаалалтын зорилтыг зөвхөн өөрийн талын нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бол.
Энэ зүйлийн “a” болон “b” хэсэгт дурдсан нөхцлийн дагуу үүрэг хүлээсэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүний аливаа гишүүн энэ зүйлийн “e” хэсэгт заасан нөхцлийг зөрчихийг хориглоно.
2. Иргэний хамгаалалтын байгууллагад алба хааж байгаа цэргийн албан хаагчид, хэрэв эсрэг талын мэдэлд орвол тэд дайнд олзлогдогчид болно. Тэднийг шаардлагатай үед эзлэгдсэн нутаг дэвсгэрт, тухайн нутгийн энгийн хүн амын эрх ашгийн тусын тулд иргэний хамгаалалтын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж болно. Гэхдээ энэ нь аюултай ажил байвал сайн дураараа зөвшөөрсөн үед л тэднийг ашиглана.
3. Иргэний хамгаалалтын байгууллагуудад томилогдсон цэргийн анги, нэгтгэлийн байшин барилга, томоохон хэмжээний тоног төхөөрөмж болон тээврийн хэрэгслийг иргэний хамгаалалтын олон улсын таних тэмдгээр тодорхой тэмдэглэнэ. Уг таних тэмдэг нь аль болох том байна.
4. Иргэний хамгаалалтын байгууллагуудад байнгын хугацаагаар томилогдсон бөгөөд зөвхөн иргэний хамгаалалтын зорилтыг хэрэгжүүлэх зорилготой цэргийн анги, нэгтгэлийн эд материал, байшин барилга эсрэг талын мэдэлд орвол дайны хуулиар зохицуулагдана. Энгийн хүн амын эрэлт хэрэгцээг хангах холбогдох арга хэмжээний талаар урьдчилан тохиролцоогүй, эсхүл цэргийн зайлшгүй шаардлагатай тохиолдлоос бусад үед иргэний хамгаалалтын зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах эд материал, байшин барилгыг иргэний хамгаалалтаас бусад зорилгод ашиглаж болохгүй.
II ХЭСЭГ
Энгийн хүн амд үзүүлэх тусламж
68 дугаар зүйл
Хэрэглэх хүрээ
Энэхүү хэсгийн заалтуудыг энгийн хүн амын хувьд энэхүү протоколд тодорхойлсон байдлаар хэрэглэх бөгөөд эдгээр заалт нь Дөрөвдүгээр конвенцийн 23, 55, 59, 60, 61 болон 62 дугаар зүйл болон холбогдох заалтын нэмэлт болно.
69 дүгээр зүйл
Эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх үндсэн эрэлт хэрэгцээ
1. Хүнсний болон эмийн хангамжийн талаархи Дөрөвдүгээр конвенцийн 55 дугаар зүйлд дурдсан үүргээс гадна эзлэгч гүрэн өөртөө байгаа нөөц боломжийг бүрэн ашиглаж, эзлэгдсэн нутаг дэвсгэрийн энгийн хүн амын аж төрөхөд нэн шаардлагатай хувцас, ор дэр, байр оромж болон хүнсний зүйл, шашны зан үйлээ явуулахад шаардагдах зүйлээр ямар нэг ялгаваргүйгээр хангана.
2. Эзлэгдсэн нутаг дэвсгэрийн энгийн хүн амд тусламж үзүүлэх явдлыг Дөрөвдүгээр конвенцийн 59, 60, 61, 62, 108, 109, 110 болон 111 дүгээр зүйл, түүнчлэн энэхүү протоколын 71 дүгээр зүйлээр зохицуулж, даруй хэрэгжүүлнэ.
70 дугаар зүйл
Тусламж үзүүлэх ажиллагаа
1. Мөргөлдөөнд оролцогч талын хяналтанд байгаа, эзлэгдсэн нутаг дэвсгэрээс бусад аливаа нутаг дэвсгэр дэх энгийн хүн ам 69 дүгээр зүйлд дурдсан зүйлээр дутмаг хангагдаж байгаа тохиолдолд хүмүүнлэгийн тусламжийг талуудын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ямар нэг ялгаваргүйгээр хэрэгжүүлнэ. Дээр дурдсан тусламжийг үзүүлэх тухай санал дэвшүүлснийг зэвсэгт мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцсон, эсхүл найрсаг биш үйлдэл гэж үзэхгүй. Тусламжийг хуваарилахдаа Дөрөвдүгээр конвенц болон энэхүү протоколын дагуу онцгой хамгаалалтад байх, эсхүл хөнгөлөлт үзүүлбэл зохих хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, амаржсан эхчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдэд давуу эрх олгоно.
2. Мөргөлдөөнд оролцогч талууд болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүр энэ хэсгийн дагуу нийлүүлж байгаа бүх тусламжийн бараа, тоног төхөөрөмж болон ажилтныг чөлөөтэй, түргэн нэвтрүүлэх бөгөөд ийм тусламж нь эсрэг талын энгийн хүн амд зориулагдаж байсан ч тус дөхөм үзүүлнэ.
3. Тусламжийн журмаар нийлүүлж буй бараа, тоног төхөөрөмж болон ажилтныг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэвтрүүлэхийг зөвшөөрч байгаа мөргөлдөөнд оролцогч талууд болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал:
(a) ингэж нэвтрүүлэх зөвшөөрөл олгохдоо үзлэг шалгалт хийх зэрэг шаардлагатай арга хэмжээг авах эрх эдэлнэ;
(b) дээрх зөвшөөрлийг олгохдоо уг тусламжийг газар дээр нь хамгаалагч гүрний хяналтын дор хуваарилах нөхцөл тавьж болно;
(c) энгийн хүн амын эрх ашгийн тусын тулд яаралтай шаардлага гараагүй тохиолдолд тусламжийн үндсэн зориулалтыг өөрчлөх, тээвэрлэлтийг саатуулж болохгүй.
4. Мөргөлдөөнд оролцогч талууд үзүүлж буй тусламжийг хамгаалж, тэдгээрийг шуурхай хуваарилахад тус дөхөм үзүүлнэ.
5. Мөргөлдөөнд оролцогч талууд болон хэлэлцэн тохирогч эрхэм дээд холбогдох тал бүр энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан тусламж үзүүлэх ажиллагааг олон улсын хэмжээнд үр ашигтай зохицуулах явдлыг хөхиүлэн дэмжиж, түүнд тус дөхөм үзүүлнэ.
71 дүгээр зүйл
Тусламж үзүүлэх ажиллагаанд оролцогч ажилтан
1. Тусламж үзүүлэх ажиллагааг явуулах, ялангуяа тусламжийг тээвэрлэж, хуваарилахад тус дөхөм үзүүлэх зорилгоор шаардлагатай үед ажилтан томилох нь эл ажиллагааны хэсэг бөгөөд тусламж үзүүлэхэд эдгээр ажилтныг оролцуулахдаа нутаг дэвсгэрт нь үүргээ гүйцэтгэх талаас зөвшөөрөл авна.
2. Эдгээр ажилтанд хүндэтгэл үзүүлж хамгаалалтад байлгана.
3. Тусламж хүлээн авч буй тал бүр энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан ажилтанд тусламж үзүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд нь бүх талаар, бололцооны хэрээр тусална. Зөвхөн цэргийн зайлшгүй шаардлага гарах тохиолдолд л эдгээр ажилтны үйл ажиллагааг хязгаарлаж, тэдний зорчих хөдөлгөөнийг түр хориглож болно.
4. Тусламж үзүүлэх ажиллагааг явуулах ажилтан ямар ч нөхцөл байдалд энэхүү протоколоор хүлээсэн өөрийн үүргийн хүрээнээс хэтэрсэн аливаа ажиллагаа явуулж болохгүй. Тухайлбал, нутаг дэвсгэрт нь үүргээ хэрэгжүүлж буй тухайн талын аюулгүй байдлын шаардлагыг анхаарч байх ёстой. Эдгээр нөхцлийг дагаж мөрдөөгүй тохиолдолд аливаа ажилтны үйл ажиллагааг зогсоож болно.
III ХЭСЭГ
Мөргөлдөөнд оролцогч талын мэдэлд байгаа хүмүүстэй харьцах
I бүлэг
Хэрэглэх хүрээ болон хүмүүс, объектын хамгаалалт
72 дугаар зүйл
Хэрэглэх хүрээ
Энэхүү хэсгийн заалтууд нь мөргөлдөөнд оролцогч талын мэдэлд байгаа энгийн иргэд болон иргэний объектыг хүмүүнлэгийн ёсоор хамгаалахтай холбогдсон Дөрөвдүгээр конвенц, тухайлбал түүний I болон III ангид заасан хэм хэмжээ, түүнчлэн олон улсын зэвсэгт мөргөлдөөний үед хүний үндсэн эрхийг хамгаалахтай холбогдсон олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээнд нэмэлт болно.
73 дугаар зүйл
Дүрвэгсэд, харьяалалгүй этгээд
Холбогдох талуудын хүлээн зөвшөөрсөн олон улсын холбогдох баримт бичгүүд, орогнол олгосон улсын, эсхүл амьдарч буй улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу дайтах ажиллагаа эхлэхээс өмнө харьяалалгүй этгээд, эсхүл дүрвэгч гэж тооцогдож байсан хүмүүсийг бүх нөхцөл байдалд аливаа ялгаваргүйгээр Дөрөвдүгээр конвенцийн I болон III ангид зааснаар хамгаалалтад байгаа хүмүүс гэж үзнэ.
74 дүгээр зүйл
Сарнисан гэр бүлийг нэгтгэх
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон мөргөлдөөнд оролцогч талууд зэвсэгт мөргөлдөөний уршгаар сарнисан гэр бүлийг нэгтгэхэд бололцоотой бүх арга хэлбэрээр дэмжлэг үзүүлэх бөгөөд, тухайлбал, энэ зорилтыг хэрэгжүүлж байгаа хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагааг Конвенцууд болон энэхүү протоколын заалтууд, өөрсдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон журмын дагуу хөхиүлэн дэмжинэ.
75 дугаар зүйл
Үндсэн баталгаа
1. Энэхүү протоколын 1 дүгээр зүйлд дурдсан нөхцөл байдалд тодорхой хэмжээгээр өртөгдөж, мөргөлдөөнд оролцогч талын мэдэлд байгаа бөгөөд Конвенцууд болон энэхүү протоколын дагуу илүү таатай эрх эдэлдэггүй хүмүүстэй бүх нөхцөл байдалд хүнлэгээр харьцаж, арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн байдал болон эдгээртэй адилтгах бусад байдлаар тэднийг ялгаварлахгүйгээр энэ зүйлд заасан хамгаалалтыг тэдэнд эдлүүлнэ. Тал бүр эдгээр хүмүүсийг хувь хүний нь хувьд болон тэдний нэр төр, үзэл бодол, шашны зан үйлийг хүндэтгэнэ.
2. Иргэний, эсхүл цэргийн байгууллагын төлөөлөгчийн хэн ч дараахь үйлдлийг хийхийг хэзээ ч, хаана ч хориглоно:
(a) хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, бие махбодь болон сэтгэл санаанд хүч хэрэглэх, тухайлбал:
(i) амийг нь хөнөөх;
(ii) бие махбодь болон сэтгэл санаанд аливаа төрлийн эрүү шүүлт тулгах;
(iii) бие махбодийг зовоон тарчлаах ял ногдуулах;
(iv) хүнд гэмтэл учруулах.
(b) хувь хүний нэр хүндийг доромжлон гутаах, тухайлбал дайрч доромжлох, биеэ үнэлэхийг албадах буюу аливаа хэлбэрээр эвгүй, зүй зохисгүй халдах;
(c) барьцаанд авах;
(d) хамтын шийтгэл ногдуулах;
(e) дээр дурдсан аливаа үйлдлийг хийхээр заналхийлэх.
3. Зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдох үйлдлийн төлөө баривчлагдсан, албадан саатуулагдсан, тусгаарлагдан хоригдсон аливаа хүнд ийм арга хэмжээ авах болсон шалтгааны талаар ойлгогдох хэлээр нь даруй мэдэгдэнэ. Гэмт хэрэг үйлдсэний улмаас баривчлагдсан, эсхүл албадан саатуулагдаж байгаагаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах, тусгаарлагдан хорих үндэслэл болсон нөхцөл байдал нь арилмагц эдгээр хүмүүсийг ямар ч нөхцөлд богино хугацаанд суллана.
4. Зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа хүнд таслан шийдвэрлэх тогтоол гаргаж болохгүй бөгөөд түүнийг зохих ёсоор байгуулагдсан, дор дурдсан шүүн таслах ажиллагааны нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудыг мөрдөж байгаа шударга шүүхийн ажиллагаанаас гадуур ямар ч ял ногдуулахгүй:
(a) яллагдагчид тулгаж байгаа гэм буруу, хэргийн нарийн зүйлийн тухай өөрт нь нэн даруй мэдэгдэх, шүүх хурлаас өмнө болон хурлын үед шаардлагатай бүх эрх, өмгөөлүүлэх арга хэрэглүүрийг яллагдагчид олгож байхаар журамд тусгах ёстой;
(b) аливаа хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүйгээр шийтгэж болохгүй;
(c) аливаа хүн ямар нэг үйлдэл хийх, эсхүл эс хийх үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан үндэсний болон олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр дээрх үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддоггүй бол түүнийг гэмт хэрэгт буруутгаж, яллахыг хориглоно. Түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед ногдуулж байсан ялаас илүү хатуу ял ногдуулж болохгүй бөгөөд хэрэв тухайн хэргийг үйлдсэнээс хойш илүү хөнгөн ял ногдуулахаар хуульд заасан бол тухайн хөнгөн ялыг ногдуулна;
(d) гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдаж байгаа хүний гэм бурууг хуулийн дагуу нотлох хүртэл түүнийг гэм буруугүйд тооцно;
(e) гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдаж байгаа хүн бүр шүүх хуралд биечлэн оролцох эрхтэй;
(f) өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг албадах, эсхүл гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрөхийг аливаа хүнээс тулган шаардахыг хориглоно;
(g) гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдаж байгаа хүн бүр түүний эсрэг мэдүүлэг өгч буй гэрчийг байцаах, тэдгээрийг байцаалгахыг шаардах, түүнчлэн өөрийн талын гэрчийг дуудуулж, эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчтэй нэгэн адил нөхцөлд байцаалгах эрх эдэлнэ;
(h) гэмт хэрэг үйлдсэний улмаас урьд нь тухайн талын хууль болон шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл цагаатгагдсан хүнийг дахин мөрдөн байцаах, эсхүл шийтгэх ёсгүй;
(i) гэмт хэрэг үйлдсэний улмаас мөрдөн байцаагдаж байгаа хүн бүр шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй зарлуулах эрхтэй;
(j) шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гаргахдаа шүүгдэгчдэд шүүхийн буюу өөр журмаар даваж заалдах эрхтэй болох, түүнчлэн түүний хугацааны талаар мэдэгдэнэ.
5. Зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдох шалтгаанаар эрх чөлөөг нь хязгаарласан эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс тусгай байранд байлгана. Тэднийг эмэгтэй харгалзагчийн шууд хараа хяналтанд байлгана. Гэхдээ албадан саатуулагдсан, тусгаарлагдан хоригдсон гэр бүлийг бололцоотой бол нэг газар, тус тусад нь гэр бүлийн байдлаар байршуулна.
6. Зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдох шалтгаанаар баривчлагдсан, албадан саатуулагдсан, эсхүл тусгаарлагдан хоригдсон хүмүүсийг зэвсэгт мөргөлдөөний дараа ч гэсэн бүрмөсөн чөлөөллөгдөх, нутагтаа буцах, төвхнөн суурьших хүртэл нь энэ зүйлийн дагуу хамгаална.
7. Хүн төрөлхтний эсрэг, эсхүл дайны гэмт хэрэгт шүүгдсэн этгээдийг мөрдөн байцаах, эсхүл шүүх тухайд аливаа эргэлзээ төрүүлэхгүй байх зорилгоор шүүх нь дараахь зарчмуудыг хэрэглэнэ:
(a) ийм гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэж байгаа хүн, эсхүл ийм гэмт хэргийг олон улсын эрх зүйн холбогдох хэм хэмжээний дагуу мөрдөн байцаалгах, шүүлгэхээр шилжүүлнэ;
(b) Конвенцууд болон энэхүү протоколын дагуу илүү таатай эрх эдэлдэггүй эдгээр хүмүүстэй, үйлдсэн гэмт хэрэг нь Конвенцууд болон энэхүү протоколыг ноцтой зөрчиж байгаа эсэхээс үл хамааран энэ зүйлд заасны дагуу харьцана.
8. Олон улсын эрх зүйн холбогдох аливаа хэм хэмжээний дагуу энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хүмүүст олгосон хамгаалалтын илүү таатай эрхийг хязгаарласан, эсхүл хөндсөн байдлаар энэ зүйлийн аль ч заалтыг тайлбарлаж болохгүй.
II бүлэг
Эмэгтэйчүүд, хүүхдийг хамгаалах арга хэмжээ
76 дугаар зүйл
Эмэгтэйчүүдийн хамгаалалт
1. Эмэгтэйчүүдэд онцгой хүндэтгэл үзүүлэх бөгөөд тухайлбал хүчиндэх, биеэ үнэлэхийг албадах буюу ямар нэг зүй зохисгүй хэлбэрээр тэдэнд халдахаас хамгаална.
2. Зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдох шалтгаанаар баривчлагдсан, албадан саатуулагдсан, тусгаарлагдан хоригдсон жирэмсэн эмэгтэйчүүд болон өөрсдийн нь шууд халамжинд байгаа бага насны хүүхэдтэй эхчүүдийн хэргийг эн тэргүүнд хянан шийдвэрлэнэ.
3. Мөргөлдөөнд оролцогч талууд зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдох гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэйчүүд болон өөрсдийн нь шууд халамжинд байгаа бага насны хүүхэдтэй эхчүүдэд цаазаар авах ял ногдуулахаас аль болох зайлсхийнэ. Ийм хэрэг үйлдсэний улмаас цаазаар авах ял ногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг эдгээр эмэгтэйчүүдийн хувьд гүйцэтгэхгүй.
77 дугаар зүйл
Хүүхдийг хамгаалалт
1. Хүүхдэд онцгой хүндэтгэл үзүүлэх бөгөөд ямар нэг зүй зохис¬гүй халдлагаас тэднийг хамгаална. Мөргөлдөөнд оролцогч талууд тэдний нас болон бусад ямар нэг байдлыг үндэслэн тэдэнд шаардлагатай байгаа халамж, тусламжийг үзүүлнэ.
2. Мөргөлдөөнд оролцогч талууд 15 нас хүрээгүй хүүхдийг дайтах ажиллагаанд шууд оролцуулахгүй байх, тухайлбал цэрэгт татахгүй байх үүднээс бүхий л арга хэмжээ авна. Мөргөлдөөнд оролцогч талууд 15 нас хүрсэн боловч 18 нас хүрээгүй хүмүүсийг цэрэгт татахдаа аль болох ах настайг нь авахыг эрмэлзэнэ.
3. Хэрэв онцгой тохиолдолд 15 нас хүрээгүй хүүхдүүд энэ зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчин дайтах ажиллагаанд шууд оролцож, эсрэг талын мэдэлд орсон бол тэднийг дайнд олзлогдогчид мөн эсэхийг үл харгалзан энэхүү зүйлд дурдсан онцгой хамгаалалтанд үргэлжлүүлэн байлгана.
4. 75 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэр бүлийг тусад нь байлгахаас бусад тохиолдолд зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдох шалтгаанаар баривчлагдсан, албадан саатуулагдсан, тусгаарлагдан хоригдсон хүүхдийг насанд хүрэгчдийн байрнаас тусгаарласан байранд байрлуулна.
5. Зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдох гэмт хэрэг үйлдсэний улмаас цаазаар авах ял ногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг уг хэргийг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан хүмүүсийн хувьд гүйцэтгэхгүй.
78 дугаар зүйл
Хүүхдийг нүүлгэн шилжүүлэх
1. Эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлын шаардлага, түүнчлэн тэдний эрүүл мэндийн болон эмчлэх зорилгоор түр хугацаагаар нүүлгэх шаардлага байгаагаас бусад тохиолдолд мөргөлдөөнд оролцогч аль ч тал харъяат бус орны хүүхдүүдийг гадаад улс уруу нүүлгэн шилжүүлэхийг хориглоно. Хүүхдийн эх эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч нь олдвол хүүхдийг нүүлгэн шилжүүлэх талаар тэднээс бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай. Хэрэв ийм хүмүүс олдохгүй бол хууль буюу зан заншлын дагуу хүүхдийг асран хамгаалах гол хариуцлагыг хүлээж байгаа хүнээс нүүлгэн шилжүүлэх тухай бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай. Нүүлгэн шилжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа тал, хүүхдүүдийг хүлээн авч байгаа тал, нүүлгэн шилжүүлж буй иргэдийг харьяалах тал зэрэг холбогдох бусад талтай тохиролцсоны үндсэн дээр хамгаалагч гүрний хяналтын дор нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Мөргөлдөөнд оролцогч бүх тал нүүлгэн шилжүүлэх явдалд аюул учирахаас зайлсхийх бүхий л боломжтой арга хэмжээг авна.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу нүүлгэн шилжүүлэх явцад түүнд хамрагдаж байгаа хүүхэд бүрт эх эцгийн нь хүсэлтийн дагуу шашны болон ёс суртахууны хүмүүжил олгох, сурч боловсрох бололцоогоор аль болох тасралтгүй хангана.
3. Энэ зүйлийн дагуу нүүлгэн шилжүүлэх хүүхдийг гэр оронд нь болон эх оронд нь буцаахад тус дөхөм үзүүлэхийн тулд нүүлгэн шилжүүлж байгаа талын болон хүлээн авч байгаа орны эрх бүхий байгууллагууд Олон улсын улаан загалмайн хорооны лавлах төв агентлагт явуулах маягтыг хүүхэд тус бүр дээр зохих ёсоор хөтөлж, гэрэл зургийг нь хавсаргана. Маягт тус бүрт хүүхдэд хүндрэл учруулахгүй байхуйц дараахь мэдээллийг бололцооны хэрээр тусгана:
(a) хүүхдийн овог;
(b) хүүхдийн нэр;
(c) хүүхдийн хүйс;
(d) төрсөн газар, он, сар, өдөр (төрсөн он тодорхойгүй бол ойролцоо насыг нь бичих);
(e) эцгийн бүтэн овог нэр;
(f) эхийн бүтэн нэр болон нөхөрт гараагүй үеийн овог;
(g) хүүхдийн ойрын төрөл садан;
(h) хүүхдийн үндэс угсаа;
(i) хүүхдийн төрөлх хэл, бусад ярьж чаддаг хэл;
(j ) хүүхдийн гэрийн хаяг;
(k) хүүхдийн хувийн ямар нэг дугаар;
(l) хүүхдийн эрүүл мэндийн байдал;
(m) хүүхдийн цусны бүлэг;
(n) хүүхдийн онцлох шинж тэмдэг;
(o) хүүхэд олдсон газар, он, сар, өдөр;
(p) хүүхдийн амьдарч байсан газрын нэр, эх орноосоо явсан он, сар, өдөр;
(q) хэрэв шүтлэгтэй бол ямар шашин шүтдэг;
(r) хүлээж авсан улс оронд байх хүүхдийн одоогийн хаяг;
(s) хүүхэд буцахаасаа өмнө нас барсан бол ямар нөхцөл байдалд, хаана нас нөгчсөн он, сар, өдөр, оршуулсан газар.
III бүлэг
Сэтгүүлчид
79 дүгээр зүйл
Сэтгүүлчдийг хамгаалах арга хэмжээ
1. Зэвсэгт мөргөлдөөний бүсэд мэргэжлийнхээ дагуу аюултай томилолтоор ажиллаж байгаа сэтгүүлчдийг 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энгийн иргэдтэй адилтган үзнэ.
2. Сэтгүүлчдийг энгийн иргэдийн эрх зүйн байдалд үл нийцэх ямар нэг үйлдэл хийгээгүй бол, Гуравдугаар конвенцийн 4 дүгээр зүйлийн А хэсгийн 4 дэх заалтад заасан зэвсэгт хүчний дэргэд томилогдсон цэргийн сурвалжлагчдын эрхийг хөндөхгүйгээр Конвенцууд болон энэхүү протоколын дагуу энгийн иргэдийн нэгэн адил хамгаалалтад байлгана.
3. Сэтгүүлчид энэхүү протоколын II хавсралтад заасан загварын дагуу хувийн үнэмлэх авч болно. Сэтгүүлчийг харьялах улс, эсхүл нутаг дэвсгэрт нь байнга оршин амьдардаг, эсхүл түүний ажилладаг мэдээллийн байгууллага нь байрладаг улсын засгийн газраас олгох энэхүү үнэмлэх нь түүнийг эзэмшигч сэтгүүлчийн эрх зүйн байдлыг нотолно.
V АНГИ
КОНВЕНЦУУД БОЛОН ЭНЭХҮҮ ПРОТОКОЛЫГ БИЕЛҮҮЛЭХ
I ХЭСЭГ
Нийтлэг заалт
80 дугаар зүйл
Биелүүлэх арга хэмжээ
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон мөргөлдөөнд оролцогч талууд Конвенцууд болон энэхүү протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг хойшлуулалгүй авна.
2. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон мөргөлдөөнд оролцогч талууд Конвенцууд болон энэхүү протоколыг дагаж мөрдөхийг хангах зорилгоор тушаал, заавар өгч тэдгээрийн биелэлтэд хяналт тавина.
81 дүгээр зүйл
Улаан загалмай болон хүмүүнлэгийн бусад
байгууллагын үйл ажиллагаа
1. Мөргөлдөөнд оролцогч талууд дайн, мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах, тэдэнд тусламж үзүүлэх явдлыг хангах зорилгоор Конвенцууд болон энэхүү протоколоор Олон улсын улаан загалмайн хороонд хүлээлгэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулахад боломжтой бүхий л талаар тусламж үзүүлнэ; Олон улсын улаан загалмайн хороо мөргөлдөөнд оролцогч холбогдох талуудтай тохиролцсоноор хэлмэгдэгсдийн тусын тулд бусад аливаа хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулж болно.
2. Мөргөлдөөнд оролцогч талууд Олон улсын улаан загалмайн бага хурлаас тодорхойлсон Улаан загалмайн хөдөлгөөний үндсэн зарчим, Конвенцууд болон энэхүү протоколын заалтын дагуу мөргөлдөөнд хэлмэгдэгсдийн тусын тулд өөрсдийн Улаан загалмайн (Улаан хавирган сар, улаан арслан болон нар) холбогдох байгууллагад хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа явуулахад нь шаардлагатай тусламжийг үзүүлнэ.
3. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон мөргөлдөөнд оролцогч талууд Олон улсын улаан загалмайн бага хурлаас тодорхойлсон Улаан загалмайн хөдөлгөөний үндсэн зарчим, Конвенцууд болон энэхүү протоколын заалтын дагуу Улаан загалмайн (Улаан хавирган сар, улаан арслан болон нар) байгууллага, Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос хэлмэгдэгсдэд тусламж үзүүлэхэд боломжтой бүх дэмжлэгийг үзүүлнэ.
4. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон мөргөлдөөнд оролцогч талууд Конвенцууд болон энэхүү протоколын заалтын дагуу энэ зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт дурдсантай адил хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Конвенцууд болон энэхүү протоколын хүрээнд мөргөлдөөнд оролцогч холбогдох талуудаас зохих ёсоор бүрэн эрх олгосон бусад байгууллагад тусламжийг боломжийн хэрээр үзүүлнэ.
82 дугаар зүйл
Зэвсэгт хүчний хуулийн зөвлөх
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд бүхий л үед, мөргөлдөөнд оролцогч талууд зэвсэгт мөргөлдөөний үед Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэглэх талаар цэргийн дарга нарт зохих түвшинд зөвлөх, мөн энэ асуудлаар шаардлагатай үед зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд зохих заавар өгч байх хуулийн зөвлөхөөр хангана.
83 дугаар зүйл
Түгээн дэлгэрүүлэх
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энхийн цагт болон зэвсэгт мөргөлдөөний үед Конвенцууд болон энэхүү протокол, ялангуяа эдгээр баримт бичгийг зэвсэгт хүчин, энгийн хүн амд таниулан ойлгуулах зорилгоор цэргийн сургалтын хөтөлбөрт оруулах, энгийн хүн амаар судлуулах замаар өөрийн улсад аль болох өргөн түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээнэ.
2. Конвенцууд болон энэхүү протоколыг зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэхээр өөртөө үүрэг хүлээсэн цэргийн буюу иргэний эрх бүхий аливаа байгууллага эдгээр баримт бичигтэй бүрэн танилцсан байна.
84 дүгээр зүйл
Хэрэглэх журам
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд протоколыг дагаж мөрдөх зорилгоор гаргасан хууль тогтоомж болон энэхүү протоколын албан ёсны орчуулгыг эх хадгалагч, эсхүл шаардлагатай үед хамгаалагч гүрнээр дамжуулан богино хугацаанд өөр хоорондоо илгээнэ.
II ХЭСЭГ
Конвенцууд болон энэхүү протоколыг зөрчихийг таслан зогсоох
85 дугаар зүйл
Энэхүү протоколыг зөрчихийг таслан зогсоох
1. Конвенцуудыг зөрчих, ноцтой зөрчих явдлыг таслан зогсоохтой холбогдсон тэдгээрийн заалт нь энэ хэсгийн заалтаар нэмэгдсэн бөгөөд энэхүү протокол зөрчих, ноцтой зөрчихийг таслан зогсооход мөн хэрэглэнэ.
2. Ноцтой зөрчил гэж Конвенцуудад тодорхойлсон эсрэг талын мэдэлд орсон бөгөөд энэхүү протоколын 44, 45, 73 дугаар зүйлээр хамгаалагдаж байгаа хүмүүс, энэхүү протоколоор хамгаалагдаж байгаа эсрэг талд харьяалагдах шархдагсад, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд нэрвэгдэгсэд болон энэхүү протоколоор мөн хамгаалагдаж буй эсрэг талын хяналтад байгаа эмнэлгийн нэгж, тээврийн хэрэгсэл буюу эмнэлгийн болон шашны ажилтны эсрэг үйлдсэн бол түүнийг энэхүү протоколыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
3. 11 дүгээр зүйлд тодорхойлсон ноцтой зөрчлөөс гадна энэхүү протоколын холбогдох заалтыг зөрчихөөр санаатай үйлдсэн бөгөөд хүний амь насыг хөнөөх, бие махбодид нь ноцтой гэмтэл болон эрүүл мэндэд нь хохирол учруулах дараахь үйлдлийг энэхүү протоколыг ноцтой зөрчсөн гэж үзнэ:
(a) энгийн хүн ам буюу иргэнийг довтолгооны объект болгох;
(b) ийм довтолгоо нь 57 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “а” дэд хэсгийн (iii)-т тодорхойлсноор энгийн хүн амыг олноор хөнөөх, шархдуулах шалтгаан болох буюу иргэний объектод ихээхэн хохирол учруулах нь тодорхой байхад энгийн хүн ам, иргэний объектыг алагчилахгүйгээр довтлох;
(c) 57 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “а” дэд хэсгийн (iii)-т тодорхойлсноор ийм довтолгоо нь энгийн хүн амыг олноор хөнөөх, шархдуулах шалтгаан болох буюу иргэний объектод ихээхэн хохирол учруулах нь тодорхой байхад, аюултай хүч агуулсан төхөөрөмж буюу байгууламж уруу довтлох;
(d) хамгаалалтгүй газар нутаг, цэрэггүй бүс рүү довтлох;
(e) байлдааны ажиллагаанд оролцохоо больж жагсаалаас гарсан хүн рүү довтлох;
(f) Конвенцууд болон энэхүү протоколоор зөвшөөрсөн Улаан загалмай, улаан хавирган сар буюу Улаан арслан болон нарын таних тэмдэг болон бусад хамгаалах тэмдгийг 37 дугаар зүйлийг зөрчин итгэл эвдэж ашиглах.
4. Өмнөх зүйл болон Конвенцуудад заасан ноцтой зөрчлөөс гадна Конвенцууд болон энэхүү протоколыг санаатайгаар зөрчин үйлдсэн дараахь үйлдлийг энэхүү протоколыг ноцтой зөрчсөн гэж үзнэ:
(а) эзлэгч улс хүн амынхаа зарим хэсгийг эзэлж авсан нутаг дэвсгэртээ шилжүүлэн суулгах, эсхүл эзэлсэн нутаг дэвсгэрийн хүн амыг бүхэлд нь буюу аль нэг хэсгийг Дөрөвдүгээр конвенцийн 49 дүгээр зүйлийг зөрчин энэ нутаг дэвсгэрийн дотор, эсхүл түүний гадна хүчээр авч явах буюу шилжүүлэн суулгах;
(b) нутаг буцаж байгаа цэргийн олзлогдогч болон энгийн хүн амыг хууль бусаар саатуулах;
(c) арьсны өнгөөр алагчилах үндсэн дээр апартейд болон бусад хувь хүний нэр төрийг гутаан доромжлох зэрэг хүнлэг бус үйлдлийг хэрэглэх;
(d) мөргөлдөөнд оролцогч эсрэг тал 53 дугаар зүйлийн “b” дэд хэсгийг зөрчсөн тухай нотолгоо байхгүй буюу түүхийн дурсгалт зүйл, урлагийн бүтээл болон шашны газар нь цэргийн объекттой нэг дор байрлаагүй байхад ард түмний болон оюун санааны соёлын өв бөгөөд нэр хүнд бүхий олон улсын байгууллагын хүрээнд байгуулсан тусгай хэлэлцээрийн дагуу онцгой хамгаалалтад багтах, тодорхой танигдаж байгаа түүхийн хөшөө, урлагийн бүтээл буюу сүсэг бишрэлийн газарруу довтолж үлэмж хохирол учруулах;
(e) Конвенцууд болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан хамгаалалтад байгаа хүний шударга, хэвийн байдлаар шүүн таслах ажиллагааны эрхийг хасах.
5. Конвенцууд болон энэхүү протоколыг хэрэгжүүлэх явдлыг хөндөхгүйгээр тэдгээр баримт бичгийг ноцтой зөрчсөн үйлдлийг цэргийн гэмт хэрэг гэж үзнэ.
86 дугаар зүйл
Арга хэмжээ аваагүй байдал
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон мөргөлдөөнд оролцогч талууд авах ёстой байсан арга хэмжээг авч чадаагүйн улмаас зарим зөрчлийг зогсоож чадаагүй бол Конвенцууд болон энэхүү протоколын ноцтой зөрчил, бусад бүх зөрчлийг таслан зогсоох талаар шаардлагатай арга хэмжээ авна.
2. Захирагдаж байгаа этгээд Конвенцууд болон энэхүү протоколыг зөрчвөл, уг зөрчлийг үйлдэж байгааг, эсхүл үйлдэх гэж завдаж байгааг мэдэж байсан буюу тийм дүгнэлтэд хүрэх бололцоо олгож буй мэдээлэлтэй байсан эсэхээс шалтгаалан энэ зөрчлийг сэрэмжлэн зайлуулах буюу таслан зогсоох талаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд боломжтой бүх арга хэмжээг аваагүй удирдах албан тушаалтныг эрүүгийн болон сахилгын хариуцлагаас чөлөөлөхгүй.
87 дугаар зүйл
Захирагч нарын үүрэг
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон мөргөлдөөнд оролцогч талууд Конвенцууд болон энэхүү протоколыг тэдний удирдлагын дор байгаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, тэдний хяналтад байгаа бусад хүмүүс зөрчих явдлыг гаргуулахгүй байх, шаардлагатай үед ингэж зөрчих явдлыг таслан зогсоож, энэ тухай эрх бүхий газарт мэдэгдэж байхыг цэргийн захирагч нараас шаардах эрхтэй.
2. Зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилгоор хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон мөргөлдөөнд оролцогч талууд захирч байгаа зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнд багтдаг хүмүүст Конвенцууд болон энэхүү протоколоор хүлээсэн үүргийг нь сурталчлан таниулах арга хэмжээг эрх мэдлийнхээ хүрээнд авч байхыг захирагч нараас шаардах эрхтэй.
3. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон мөргөлдөөнд оролцогч талууд
захирагч нэг бүрээс захиргаанд нь буюу хяналтад байгаа бусад хүмүүс Конвенцууд болон энэхүү протоколыг зөрчихөөр завдаж байсан буюу зөрчиж байсан эсэх, мөн эдгээр конвенц болон энэхүү протоколыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай үед тухайн зөрчлийг үйлдсэн хүмүүсийн эсрэг сахилгын буюу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан эсэх талаар лавлана.
88 дугаар зүйл
Эрүүгийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд Конвенцууд болон энэхүү протоколыг ноцтой зөрчсөнтэй холбогдуулан эрүүгийн мөрдөн байцаалт явуулахад өөр хоорондоо дээд зэргийн дэмжлэг үзүүлнэ.
2. Конвенцууд болон энэхүү протоколын 85 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хөндөхгүйгээр нөхцөл байдал боломжтой байгаа үед хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд хэрэгтэн шилжүүлэн өгөх талаар хамтран ажиллана. Тэд нутаг дэвсгэрт нь хэрэг үйлдсэн байж болох тухайн улсын хүсэлтийг зохих ёсоор харгалзан үзнэ.
3. Хүсэлт гаргасан хэлэлцэн тохирогч эрхэм дээд талын хууль тогтоомжийг бүх тохиолдолд хэрэглэнэ. Өмнөх зүйлд дурдсан заалт нь эрүүгийн мөрдөн байцаалтын талаар харилцан туслалцаа үзүүлэх явдлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн зохицуулж байгаа буюу зохицуулах хоёр талын, эсхүл олон талын гэрээгээр хүлээсэн үүргийг хөндөхгүй.
89 дүгээр зүйл
Хамтын ажиллагаа
Конвенцууд болон энэхүү протоколыг ноцтой зөрчсөн тохиолдолд, хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд хамтдаа буюу дангаараа Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажиллаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу арга хэмжээ авах үүрэгтэй.
90 дүгээр зүйл
Баримт тогтоох олон улсын комисс
1. (a) Баримт тогтоох олон улсын комисс (цаашид "Комисс" гэх) дээд зэргийн ёс суртахуунтай, шударга болох нь тогтоогдсон арван таван гишүүнтэй байгуулна.
(b) Хэлэлцэн тохирогч хорь (20)-оос цөөнгүй эрхэм дээд талууд Комиссын эрх хэмжээг 2 дахь хэсгийн дагуу хүлээн зөвшөөрч тохиролцсоны дараа энэхүү протоколын эх хадгалагч улс комиссын гишүүдийг сонгох зорилгоор хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын төлөөлөгчдийн хурлыг 5 жил тутам зарлан хуралдуулна. Хурлаар хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал тус бүр нэг хүний нэр дэвшүүлсэн нэрсийн жагсаалтаас нууцаар санал хурааж Комиссын гишүүнийг төлөөлөгчид сонгоно.
(c) Комиссын гишүүд үүргээ өөрийн эрх хэмжээний хувьд гүйцэтгэж дараагийн хурлаас шинэ гишүүдийг сонгох хүртэл ажиллана.
(d) Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд сонгуулийн үеэр Комисст сонгогдож буй хүн нэг бүр хувийн зан чанарын талаар тэнцэх эсэх болон Комисст газар зүйн байрлалын үүднээс улс бүр тэгш төлөөлөлтэй эсэх талаар хяналт тавина.
(e) Сул орон тоо гарсан үед түүнийг өмнөх дэд хэсгийг үндэслэн Комисс өөрөө сул орон тоог нөхнө.
(f) эх хадгалагч Комиссын үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай захиргааны туслалцаа үзүүлнэ.
2. (a) Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү протоколд гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах буюу нэгдэн орох үед, эсхүл аль ч үед, хэлэлцэн тохирогч эрхэм дээд аливаа бусад талын хувьд адил үүрэг авч буй мөн аль нэг талын гомдлын дагуу мөрдөн байцаалт явуулах, комиссын эрх мэдлийг тусгай хэлэлцээргүйгээр ipso facto хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж болно.
(b) Дээрхи заалтад дурдсан мэдэгдлийг протокол хадгалагчид хадгалуулах бөгөөд тэрээр хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудад мэдэгдлийн хуулбарыг хүргүүлнэ.
(c) Комисс дараахь эрх мэдэлтэй байна:
(i) Конвенцууд болон энэхүү протоколд ноцтой зөрчил гэж тодорхойлсон буюу конвенц болон энэхүү протоколыг ноцтой зөрчсөн байж болох аливаа хэргийг мөрдөн байцаах;
(ii) Конвенцууд болон энэхүү протоколыг хүндэтгэх харилцааг сэргээхэд өөрийн сайн санааны тусламжаар дамжуулан хөнгөвчлөх.
(d) Бусад тохиолдолд, Комисс мөргөлдөөнд оролцогч аль нэг талын хүсэлтээр нөгөө тал буюу холбогдох бусад талтай зөвшилцснөөр мөрдөн шалгах ажлыг гүйцэтгэнэ.
(e) Энэ зүйлийн дээр дурдсан заалтын дагуу Нэгдүгээр конвенцийн 52 дугаар зүйл, Хоёрдугаар конвенцийн 53 дугаар зүйл, Гуравдугаар конвенцийн 132 дугаар зүйл, Дөрөвдүгээр конвенцийн 149 дүгээр зүйлийг Конвенцуудыг зөрчиж болох аливаа тохиолдолд хэрэглэхээс гадна энэхүү протоколыг зөрчсөн аливаа тохиолдолд нэгэн адил хэрэглэнэ.
3. (а) Холбогдох талууд өөрөөр тохиролцоогүй бол дор заасны дагуу томилогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэй танхим мөрдөн шалгах бүх ажлыг явуулна:
(i) Мөргөлдөөнд оролцогч аль ч талын харьяат бус иргэн Комиссын таван гишүүнийг мөргөлдөөнд оролцогч талуудтай зөвшилцсөний дараа газар зүйн бүсийг тэгш төлөөлүүлэх үндсэн дээр комиссын ерөнхийлөгчийг томилно;
(ii) ad hoc хоёр гишүүнийг мөргөлдөөнд оролцогч аль ч талын харьяат иргэн биш тал бүрээс дэвшүүлсэн нэг хүнийг томилно.
(b) Мөрдөн шалгах тухай хүсэлтийг хүлээж авсны дараа комиссын ерөнхийлөгч танхимийг байгуулах тохиромжтой хугацааны хязгаарыг тогтооно. Хэрэв тогтоосон хугацаанд ad hoc хоёр гишүүн томилогдоогүй бол Комиссын ерөнхийлөгч танхимийн бүрэлдүүлэхэд шаардлагатай комиссын нэмэлт буюу үндсэн гишүүдийг даруй томилно.
4. (а) Мөрдөн шалгах ажлыг явуулах 3 дахь хэсгийн дагуу байгуулагдсан танхим мөргөлдөөнд оролцогч талуудад хандаж нотлох баримт гарган, дэмжлэг үзүүлэхийг хүснэ. Танхим чухал гэж үзэж байгаа бусад нотлох баримтыг эрэлхийлж газар дээр нь шалгаж болно.
(b) Бүх нотлох баримтын талаар Комисст өөрийн байр сууриа илэрхийлэх эрх бүхий талуудад бүрэн мэдэгдэнэ.
(c) Аль ч тал ийм нотолгооны талаар маргах эрхтэй.
5. (а) Комисс танхимын үйл байдлын дүгнэлтийн талаархи илтгэлийг шаардлагатай гэж үзвэл зохих зөвлөмжийн хамт талуудад илгээнэ.
(b) Хэрэв танхим шударга дүгнэлт гаргахад болон бодитой нотолгоо олж чадаагүй бол Комисс уг шалтгааны талаар мэдээлнэ.
(c) Мөргөлдөөнд оролцогч бүх тал ингэхийг хүсээгүй бол Комисс өөрийн дүгнэлт нотолгооны талаар нийтэд мэдээлэхгүй.
6. Комисс өөрийн болон танхимийн тэргүүллийн дүрмийг оролцуулан өөрийн хуралдааны дүрмийг батлана. Тэдгээр дүрэм нь Комиссын ерөнхийлөгч ямар ч үед ногдсон үүргээ биелүүлэх, мөрдөн байцаах ажиллагааг мөргөлдөөнд оролцогч талын иргэн бус этгээд гүйцэтгэх бололцоогоор хангасан байна.
7. Комиссын захиргааны зардал нь 2 дахь хэсгийн дагуу мэдэгдэл хийсэн хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудаас оруулж байгаа болон сайн дурын хандиваас бүрдэнэ. Мөрдөн байцаалт явуулах хүсэлт гаргасан мөргөлдөөнд оролцогч тал эсхүл талууд танхимийн шаардлагатай зардлыг урьдчилан төлөх бөгөөд танхимийн шаардлагатай зардлын 50 хувьтай тэнцэх зардлыг гомдол гаргасан тал буюу талууд нөгөө талдаа эргүүлэн төлнө. Талууд танхимд сөрөг гомдол гаргасан тохиолдолд тал бүр шаардлагатай зардлын 50 хувийг урьдчилан төлнө.
91 дүгээр зүйл
Хариуцлага
Конвенцууд болон энэхүү протоколыг зөрчсөн мөргөлдөөнд оролцогч аль нэг тал нөхцөл байдал шаардвал учруулсан хохирлыг нөхөн төлөх ёстой. Өөрийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтдаг хүмүүсээс үйлдсэн аливаа хэргийн хариуцлагыг хүлээнэ.
VI АНГИ
ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД
92 дугаар зүйл
Гарын үсэг зурах
Энэхүү протокол төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурснаас хойш 6 сарын дараа Конвенцуудад оролцогч талууд гарын үсэг зурахад нээлттэй байх бөгөөд дараагийн 12 сарын турш нээлттэй хэвээр байна.
93 дугаар зүйл
Соёрхон батлах
Энэхүү протоколыг нэн даруй соёрхон батлана. Протоколыг соёрхон батласан батламж жуух бичгээ конвенцийн эх хадгалагч Швейцарын Холбооны Зөвлөлд хадгалуулахаар хүргүүлнэ.
94 дүгээр зүйл
Нэгдэж орох
Энэхүү протоколд гарын үсэг зураагүй Конвенцуудад оролцогч аль ч улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг конвенцийн эх хадгалагчид хадгалуулахаар хүргүүлнэ.
95 дугаар зүйл
Хүчин төгөлдөр болох
1. Энэхүү протокол хоёрдахь соёрхон батласан тухай батламж жуух бичиг буюу нэгдэж орсон баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болно.
2. Үүнээс хойш энэхүү протоколыг соёрхон баталж, түүнд нэгдэн орж байгаа Конвенцуудад оролцогч улсын хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичиг буюу нэгдэн орсон баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш 6 сарын дараа уг протокол хүчин төгөлдөр болно.
96 дугаар зүйл
Энэхүү протоколыг хүчин төгөлдөр болсны
дараахь гэрээ эрхийн харилцаа
1. Хэрэв Конвенцуудад оролцогч тал энэхүү протоколд мөн оролцогч тал болбол Конвенцуудыг энэхүү протоколоор оруулсан нэмэлтийн хамт хэрэглэнэ.
2. Хэрэв мөргөлдөөнд оролцогч талуудын нэг нь энэхүү протоколын дагуу үүрэг хүлээгээгүй бол протоколд оролцогч тал тэдгээрийн хоорондын харилцаагаар үүрэг хүлээнээ. Түүнчилэн энэхүү протоколын дагуу үүрэг хүлээгээгүй аль ч тал түүний заалтыг хүлээн зөвшөөрч хэрэглэж байгаа бол тэдгээр нь заалтыг мөрдөх үүрэгтэй.
3. 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан зэвсэгт мөргөлдөөнд хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын аль нэгний эсрэг байлдаж байгаа ард түмнийг төлөөлж байгаа эрх бүхий байгууллага протоколын эх хадгалагчид хандан дангаараа мэдэгдэл хийж уг мөргөлдөөний хувьд Конвенцууд болон энэхүү протоколыг дагаж мөрдөх үүрэг авч болно. Протоколын эх хадгалагчийн хүлээж авсан энэхүү мэдэгдэл уг мөргөлдөөний хувьд дараахь үйлчлэлтэй байна:
(a) Конвенцууд болон энэхүү протокол мөргөлдөөнд оролцож байгаа дурдсан эрх бүхий байгууллагын хувьд даруй хүчин төгөлдөр болно;
(b) тухайн эрх бүхий байгууллага Конвенцууд болон энэхүү протоколоор хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг нэгэн адил хүлээж авна;
(c) Конвенцууд болон энэхүү протоколыг тус мөргөлдөөнд оролцож байгаа бүх талууд нэгэн адил заавал дагаж мөрдөх үүрэгтэй.
97 дугаар зүйл
Нэмэлт өөрчлөлт
1. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын аль нь ч энэхүү протоколд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргаж болно. Санал болгосон аливаа нэмэлт өөрчлөлтийн эх бичвэрийг протоколын эх хадгалагчид илгээх бөгөөд эх хадгалагч хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талууд болон Олон улсын улаан загалмайн хороотой зөвлөлдсөний үндсэн дээр санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр бага хурал хуралдуулах эсэхийг шийдвэрлэнэ.
2. Протоколын эх хадгалагч хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал, мөн энэхүү протоколд гарын үсэг зурсан эсэхийг үл харгалзан Конвенцуудад оролцогч бүх талыг энэ бага хуралд урина.
98 дугаар зүйл
Нэгдүгээр хавсралтыг хянан үзэх
1. Олон улсын улаан загалмайн хороо энэхүү протоколыг хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн дотор болон дараагийн 4-өөс доошгүй жил тутамд хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудтай энэхүү протоколын нэгдүгээр хавсралтын талаар зөвлөлдөж, хэрэв шаардлагатай гэж үзвэл нэгдүгээр хавсралтыг хянан үзэх, нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор шинжээчдийн зөвлөлдөөнийг хийлгэх санал оруулж болно. Ийм зөвлөлдөөнийг хийлгэх тухай саналыг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудад мэдэгдсэнээс хойш 6 сарын хугацаанд эдгээр талуудын гуравны нэг нь эсэргүүцээгүй бол Олон улсын улаан загалмайн хороо ийм зөвлөлдөөнийг зарлан хуралдуулж зөвлөлдөөнд олон улсын холбогдох байгууллагаас ажиглагчдыг урина. Ийм зөвлөлдөөнийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын гуравны нэгийн хүсэлтээр Олон улсын улаан загалмайн хороо ямар ч үед зарлан хуралдуулж болно.
2. Хэрэв зөвлөлдөөний дараа Олон улсын улаан загалмайн хороо буюу хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын гуравны нэг нь хүсвэл шинжээчдийн зөвлөлдөөнөөс санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд болон Конвенцуудад оролцогч талуудын бага хурлыг энэхүү протоколын эх хадгалагч зарлан хуралдуулна.
3. Бага хурал дээр санал хураахад оролцсон хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын гуравны хоёрын саналаар нэгдүгээр хавсралтад оруулах нэмэлт өөрчлөлтийг батална.
4. Протоколын эх хадгалагч батласан аливаа тийм нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудад болон Конвенцуудад оролцогч талуудад мэдэгдэнэ. Нэмэлт өөрчлөлтийн талаар мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын гуравны нэгээс цөөнгүй нь уг нэмэлт өөрчлөлтийг хүлээж аваагүй тухай мэдэгдлийг энэхүү протоколын эх хадгалагчид ирүүлээгүй бол нэмэлт өөрчлөлтийг хүлээн авсанд тооцно.
5. Энэ 4 дэх хэсгийн дагуу батлагдсан гэж үзэж байгаа нэмэлт өөрчлөлт, мөн заалтын дагуу түүнийг хүлээж аваагүй тухай мэдэгдэл хийсэн талуудаас бусад хэлэлцэн тохирогч эрхэм дээд талуудын хувьд түүнийг баталснаас хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. Тийм мэдэгдэл хийсэн аливаа тал ямар ч үед энэ мэдэгдлээ буцаан авч болох бөгөөд уг нэмэлт өөрчлөлт нь гурван сарын дараа тухайн талын хувьд хүчин төгөлдөр болно.
6. Протоколын эх хадгалагч аливаа нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон болон нэмэлт өөрчлөлтөд холбогдох талууд, тэдгээрийн хувьд хүчин төгөлдөр болсон хугацаа, нэмэлт өөрчлөлтийг хүлээж аваагүй тухай 4 дэх хэсгийн дагуу хийсэн мэдэгдэл, мэдэгдлийг буцааж авсан талаар хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд Конвенцуудад оролцогч талуудад мэдээлнэ.
99 дүгээр зүйл
Цуцлах
1. Хэрэв хэлэлцэн тохирогч аль нэг эрхэм дээд тал энэхүү протоко¬лыг цуцалвал цуцалсан тухай баримт бичгийг хүлээж авснаас нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно. Хэрэв цуцлах тухайгаа мэдэгдсэн тал нэг жилийн хугацаанд 1 дүгээр зүйлд дурдсан нөхцлийн аль нэгэнд орвол, зэвсэгт мөргөлдөөн, эсхүл түрэмгийлэл дуусахаас өмнө Конвенцууд болон энэхүү протоколоор хамгаалагдаж байгаа хүмүүсийг бүрэн чөлөөлж нутаг уруу нь буцаах буюу суурьшуулах хүртэл цуцлалт хүчин төгөлдөр болохгүй.
2. Цуцалсан тухай мэдэгдлийг бичгээр энэхүү протоколын эх хадгалагчид илгээх бөгөөд тэрбээр түүнийг хэлэлцэн тохирогч эрхэм дээд бүх талуудад тараана.
3. Цуцлалт нь зөвхөн цуцалсан талын хувьд хүчин төгөлдөр болно.
4. 1 дэх хэсгийн дагуу хийгдсэн аливаа цуцлалт нь хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдсэн аливаа үйлдлийн хувьд энэхүү протоколын дагуу зэвсэгт мөргөлдөөнтэй холбогдуулан цуцлах тухай мэдэгдэл хийсэн талын хүлээсэн үүргийг хөндөхгүй.
100 дугаар зүйл
Мэдэгдэл
Эх хадгалагч энэхүү протоколд гарын үсэг зурсан эсэхийг үл харгалзан дараахь зүйлийн талаар хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд, түүнчлэн Конвенцуудад оролцогч талуудад мэдээлнэ:
(a) энэхүү протоколд гарын үсэг зурсан болон 93, 94 дүгээр зүйлийн дагуу соёрхон батласан батламж жуух бичиг, нэгдэж орох тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн;
(b) 95 дугаар зүйлийн дагуу энэхүү протокол хүчин төгөлдөр болсон огноо;
(c) 84, 90 болон 97 дугаар зүйлийн дагуу хүлээж авсан мэдээлэл болон мэдэгдэл;
(d) 96 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу хүлээж авсан шуурхай мэлээлэх ёстой мэдэгдэл;
(e) 99 дүгээр зүйлийн дагуу хийсэн цуцлалт.
101 дүгээр зүйл
Бүртгэл
1. Эх хадгалагч энэхүү протоколыг хүчин төгөлдөр болсны дараа Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу бүртгүүлж, нийтлүүлэхээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ.
2. Эх хадгалагч энэхүү протоколтой холбоотой хүлээн авсан бүх соёрхон батласан, нэгдэн орсон болон цуцалсан тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.
102 дугаар зүйл
Адил хүчинтэй эх бичвэр
Энэхүү протоколын англи, араб, испани, орос, франц, хятад хэлээрхи адил хүчинтэй эх бичвэрийг эх хадгалагчид хадгалуулах бөгөөд эх хадгалагч нь баталгаат хуулбарыг Конвенцуудын оролцогч бүх талд илгээнэ.
I ХАВСРАЛТ
ТАНЬЖ ТОГТООХТОЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ
I бүлэг
ҮНЭМЛЭХ
1 дүгээр зүйл
Шашны болон иргэний эмнэлгийн байнгын ажилтны үнэмлэх
1. Энэхүү протоколын 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан иргэний эмнэлгийн болон шашны байнгын ажилтны үнэмлэх нь:
(a) халаасанд авч явахаар хэмжээний, ялгах тэмдэгтэй байх;
(b) аль болох бат бөх;
(c) үндэсний, эсхүл албан ёсны хэлээр бичсэн (бусад хэлээр нэмэлт хийсэн байж болно);
(d) нэр, төрсөн огноо (хэрэв төрсөн огноо боломжгүй бол үнэмлэх олгосон үеийн нас) болон хэрэв зэмшигч хувийн дугаартай бол түүнийг бичих;
(e) Конвенцууд болон энэхүү протоколоор олгох ямар хамгаалалтыг эзэмшигч эдлэх эрхтэй болохыг заах;
(f) эзэмшигчийн гэрэл зураг, түүний гарын үсэг буюу эрхий хурууны хээ, эсхүл аль аль нь байх;
(g) эрх бүхий байгууллагын тамга буюу гарын үсэг байх;
(h) үнэмлэхийг олгосон өдөр болон үнэмлэхний хугацаа дуусах өдрийг бичих.
2. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд тал бүрийн нутаг дэвсгэрт үнэмлэх нэг янзых байх бөгөөд мөргөлдөөнд оролцогч талын хувьд аль болохоор ижил байх хэрэгтэй. Мөргөлдөөнд оролцогч талууд 1 дүгээр зурагт дүрсэлсэн нэг хэлээрхи үнэмлэхний загварыг мөрдөж болно. Өөрсдийх нь ашиглаж байгаа үнэмлэх 1 дүгээр зурагт дүрсэлснээс өөр байвал талууд байлдааны ажиллагаа эхлэхэд түүний загварыг нөгөө талдаа илгээнэ. Үнэмлэхийг боломжтой бол 2 хувь үйлдэх бөгөөд нэг хувийг олгосон үнэмлэхэд хяналт тавих зорилгоор олгосон эрх бүхий байгууллага хадгална.
3. Ямар ч тохиолдолд иргэний эмнэлгийн болон шашны байнгын ажилтныг үнэмлэхээс салгаж болохгүй. Үнэмлэхийг үрэгдүүлбэл тэд үнэмлэхний хувийг авах эрхтэй.
2 дугаар зүйл
Иргэний эмнэлгийн болон шашны түр ажилтны үнэмлэх
1. Иргэний эмнэлгийн болон шашны түр ажилтны үнэмлэх энэхүү журмын 1 дүгээр зүйлд заасан үнэмлэхтэй аль болох адил байх ёстой. Мөргөлдөөнд оролцогч талууд 1 дүгээр зурагт үзүүлсэн үнэмлэхний загварыг дагаж болно.
2. Энэхүү журмын 1 дүгээр зүйлд заасан үнэмлэхийг иргэний эмнэлгийн болон шашны түр ажилтанд олгох бололцоогүй бол эрх бүхий байгууллага түр ажилтны бүрэлдэхүүнд багтаж, үүрэг гүйцэтгэх ёстой хүн болохыг нь нотолж, боломжтой бол томилолтын хугацаа, ялгах тэмдэг зүүх эрхийг заасан гарын үсэгтэй гэрчигээ эдгээр хүмүүст олгож болно. Гэрчилгээнд эзэмшигчийн нэр, төрсөн огноо (хэрэв өдөр нь боломжгүй бол гэрчилгээ олгох үеийн насыг) хэрэв байгаа бол хувийн дугаар болон түүний гүйцэтгэх үүргийг бичнэ. Гэрчилгээнд эзэмшигчийн гарын үсэг буюу эрхий хурууны хээ, эсхүл аль аль нь байх.
НҮҮРЭН ТАЛ
АР ТАЛ
1 дүгээр зураг. Үнэмлэхийн загвар (хэмжээ 74мм х 105 мм)
II бүлэг
ЯЛГАХ ТЭМДЭГ
3 дугаар зүйл
Хэлбэр болон онцлог
1. Ялгах тэмдэг (цагаан дээр улаанаар зурсан) нь аль болох үзэгдэхээр том байна. Загалмай, хавирган сар, арслан болон нарыг дүрслэхдээ хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд 2 дугаар зурагт үзүүлсэн загварыг дагаж болно.
2. Шөнө, эсхүл үзэгдэх орчин хязгаарлагдсан үед ялгах тэмдгийг гэрэлтүүлэх, эсхүл гэрэлтдэг байж болно; Техникийн тусламжтайгаар таних материалаар ялгах тэмдгийг хийсэн байж болно.
2 дугаар зураг. Цагаан дээр улаанаар дүрслэх ялгах тэмдэг
4 дүгээр зүйл
Хэрэглэх
1. Ялгах тэмдгийг аль болох хол олон зүгээс үзэгдэхээр хавтгай зүйл буюу далбаан дээр боломжтой үед үзүүлнэ.
2. Дайны талбарт үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлгийн болон шашны ажилтан эрх бүхий байгууллагаас өгсөн зааврын дагуу ялгах тэмдэгтэй малгай, хувцсыг бүхий л боломжоороо өмсөнө.
III бүлэг
ЯЛГАХ ДОХИО
5 дугаар зүйл
Заавал бус хэрэглээ
1. Энэхүү журмын 6 дугаар зүйлийн заалтыг харгалзан энэ бүлэгт заасан эмнэлгийн алба, тээвэрт хэрэглэх дохиог ямар нэг өөр зорилгоор ашиглаж үл болно. Энэ бүлэгт заасан бүх дохиог заавал хэрэглэхгүй.
2. Цаг хугацааны буюу техникийн боломжгүйгээс ялгах тэмдэг хэрэглээгүй түр хугацааны эмнэлгийн нисдэг тэрэг энэ бүлэгт зөвшөөрсөн ялгах дохиог ашиглаж болно. Гэхдээ эмнэлгийн нисдэг тэргийг ялгах, таниулах сайн арга нь 6 дугаар зүйлд тодорхойлсон ялгах тэмдэг, гэрлэн дохио зэрэг харагдах хэрэгслийг ашиглах, эсхүл энэхүү журмын 7, 8 дугаар зүйлд тодорхойлсон нэмэлт дохиог хослуулан хэрэглэх.
6 дугаар зүйл
Гэрлэн дохио
1. Хөх өнгөөр анивчиж асах гэрлэн дохиог эмнэлгийн нисдэг тэрэгт тэдгээрийг танихад хэрэглэнэ. Өөр ямар ч нисдэг тэрэг энэ дохиог ашиглаж болохгүй. Санал болгосон хөх өнгийн цацрах хэмжигдэхүүнийг хэрэглэнэ.
Ногоон өнгийн зааг У = 0,065 + 0,805
Цагаан өнгийн зааг У = 0,400 – x
Ягаан хөх өнгийн зааг У = 0,133 + 0,600 y
Хөх өнгийн анивчих хэлбэлзэл нь минутад жараас зуун удаа байна.
2. Эмнэлгийн нисэх тэрэгний гэрлэн дохио нь аль болох олон чиглэлээс харагдахуйц гэрэлтүүлэх төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
3. Эмнэлгийн тээврийн хэрэгсэл, онгоц, хөлөг онгоцыг таних зорилгоор хөх өнгийн анивчих гэрлийг хэрэглэх тухай мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд тусгай хэлэлцээр байхгүй бол ийм дохиог бусад тээврийн хэрэгсэл болон хөлөг онгоцонд хэрэглэхийг хориглохгүй.
7 дугаар зүйл
Радио дохио
1. Радио дохио нь олон улсын цахилгаан холбооны Дэлхийн радио удирдлагын бага хурлаар батласан болон тогтоосон ялгах тэргүүлэх дохио бүхий радио телефоны буюу радио телеграфын мэдээгээс бүрдэнэ. Үүнийг эмнэлгийн тээврийн хэрэгслийн дуудлагын дохионы өмнө 3 удаа дамжуулна. Радио мэдээг энэ зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсон давтамжийн долгионоор, эсхүл зохих завсарлагатай давтамжтайгаар англи хэлээр дамжуулна. Ялгах тэргүүлэх дохио ашиглахыг зөвхөн эмнэлгийн албад, эмнэлгийн тээврийн хэрэгсэлд зөвшөөрнө.
2. 1 дэх хэсэгт дурдсан ялгах тэргүүлэх дохиотой радио мэдээ нь дараахь мэдээг агуулна:
(a) эмнэлгийн тээврийн хэрэгслийг дуудах дохио;
(b) эмнэлгийн тээврийн хэрэгслийн байгаа газар;
(c) эмнэлгийн тээврийн хэрэгслийн тоо болон төрөл;
(d) төлөвлөж буй чиглэл;
(e) замын барагцаалсан цаг болон нөхцөл байдлаас шалтгаалж явах, ирэх цаг;
(f) нислэгийн өндөр, хамгаалагдсан радио долгион, хоёрдогч системийн радио дол¬гионыг таних, томъёолсон тэмдэг зэрэг бусад мэдээлэл.
3. Энэхүү протоколын 22, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31 дүгээр зүйлд дурдсан мэдээлэл болон 1, 2 дахь хэсэгт дурдсан мэдээллийг хөнгөвчлөх зорилгоор хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд, мөргөлдөөнд оролцогч талууд, эсхүл мөргөлдөөнд оролцогч аль нэг тал хэлэлцэн тохиролцож, эсхүл дангаараа Цахилгаан холбооны олон улсын конвенцийн хавсралт болж буй Радио холбооны журмын хэлбэлзэл хуваарилах хүснэгтийн дагуу ийм мэдээллийг ашиглах үндэснийхээ хэлбэлзлийг тогтоож болно. Эдгээр хэлбэлзлийг Дэлхийн радио улирдлагын бага хурлаар батласан журмын дагуу Олон улсын цахилгаан холбоонд мэдэгдэнэ.
8 дугаар зүйл
Цахилгаан тоног төхөөрөмжөөр таних
1. Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Чикагогийн конвенцийн 10 дугаар хавсралтад тодорхойлсон радио долгиноор таниулах журмыг эмнэлгийн тээврийн хэрэгслийг таних, түүний нислэгт ашиглаж болно. Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд, мөргөлдөөнд оролцогч талууд, эсхүл мөргөлдөөнд оролцогч аль нэг тал дангаараа эмнэлгийн нисэх хэрэгслийг радио долгионоор таних ажлын дэглэм, томъёолсон тэмдгүүдийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас зөвлөмж болгосон журмын дагуу тодорхойлно.
2. Мөргөлдөөнд оролцогч талууд өөр хоорондын тусгай хэлэлцээрээр эмнэлгийн тээврийн хэрэгсэл, эмнэлгийн хөлөг онгоц болон агаарын хөлгийг тэдгээрийн ижил цахилгаан системийг хэрэглэхэд байгуулж болно.
IV бүлэг
ХОЛБОО
9 дүгээр зүйл
Радио холбоо
Эмнэлгийн алба болон тээврийн хэрэгсэл энэхүү протоколын 22, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31 дүгээр зүйлд тодорхойлсон журмыг хэрэглэхдээ энэхүү журмын 7 дугаар зүйлд заасан ялгах тэргүүлэх дохиог радио мэдээллийнхээ өмнө нэвтрүүлж болно.
10 дугаар зүйл
Олон улсын томъёолборыг хэрэглэх
Олон улсын цахилгаан холбоо, Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Далайн асуудлаархи засгийн газар хоорондын зөвлөлдөх байгууллагаас тогтоосон тэмдэг болон дохиог эмнэлгийн алба болон тээврийн хэрэгсэлд ашиглаж болно. Эдгээр тэмдэг болон дохиог тухайн байгууллагаас тогтоосон стандарт болон журмын дагуу хэрэглэнэ.
11 дүгээр зүйл
Холбооны бусад хэрэгсэл
Хэрэв хоёр сувагтай радио холбоо шууд барих боломжгүй үед Далайн асуудлаархи засгийн газар хоорондын зөвлөлдөх байгууллагаас батласан олон улсын дохионы нууц дугаар, эсхүл 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн хавсралтад оруулсан дохиог хэрэглэж болно.
12 дугаар зүйл
Нислэгийн төлөвлөгөө
Энэхүү протоколын 29 дүгээр зүйлд заасан нислэгийн төлөвлөгөөтэй холбогдолтой хэлэлцээр, мэдээллийг аль болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тогтоосон журмын дагуу тодорхойлно.
13 дугаар зүйл
Эмнэлгийн нисэх онгоцыг замаас нь барих дохио болон журам
Хэрэв нисч яваа эмнэлгийн агаарын хөлгийг энэхүү протоколын 30, 31 дүгээр зүйлийн дагуу таниулах буюу буулгахыг шаардахдаа Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Чикагогийн конвенцийн нэмэлт өөрчлөлт оруулсан 2 дугаар хавсралтад заасан журмыг хэрэглэнэ.
V бүлэг
ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТ
14 дүгээр зүйл
Үнэмлэх
1. Протоколын 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан иргэний хамгаалалтын этгээдийн үнэмлэхийг энэхүү журмын 1 дүгээр зүйлийн заалтаар зохицуулна.
2. Иргэний хамгаалалтын этгээдийн үнэмлэхийг 3 дугаар зурагт
үзүүлснээр дагаж болно.
3. Хэрэв иргэний хамгаалалтын этгээд хөнгөн зэвсэг авч явахыг зөвшөөрвөл үнэмлэхэнд нь энэ байдлыг картанд тэмдэглэсэн байна.
НҮҮРЭН ТАЛ
АР ТАЛ
3 дугаар зураг. Иргэний хамгаалалтын байгууллагын ажилтны үнэмлэхийн загвар (хэмжээ 74мм х 105мм)
15 дугаар зүйл
Олон улсын ялгах тэмдэг
1. Энэхүү протоколын 66 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан иргэний хамгаалалтын олон улсын ялгах тэмдэг нь улбар шар өнгийн дэвсгэр дээр адил талтай хөх өнгийн гурвалжин байна. Загварыг 4 дүгээр зурагт үзүүлэв:
4 дүгээр зураг. Улбар шар дэвсгэр дээр хөх гурвалжин
2. Таних тэмдэг дараахь байдалтай байна:
(a) Хэрэв хөх гурвалжин далбаа, эсхүл гарны тууз, эсхүл нөмрөг дээр байвал далбаа, гарын тууз, эсхүл нөмрөг нь улбар шар өнгөтэй байна;
(b) гурвалжингийн нэг өнцөг нь босоогоор дээшээ байх;
(c) гурвалжингийн өнцгийн аль нь ч улбар шар дэвсгэрийн захад хүрэхгүй байх.
3. Олон улсын ялгах тэмдэг нь нөхцөл байдалд тохирсон аль болох том хэмжээтэй байх ёстой. Ялгах тэмдгийг аль болох хол олон зүгээс үзэгдэхээр хавтгай зүйл буюу далбаан дээр боломжтой үед үзүүлнэ. Эрх бүхий газрын зааврын дагуу иргэний хамгаалалтын этгээд боломжтой үед олон улсын ялгах тэмдэгтэй малгай, хувцсыг өмсөнө. Шөнө буюу бүрхэг үед таних тэмдгийг гэрэлтүүлэх юмуу өөрөө гэрэлтдэг байхаар хийж болно. Техник хэрэгслийн тусламжтайгаар тодорч харагддаг материалаар таних тэмдгийг хийсэн байж болно.
VI бүлэг
АЮУЛТАЙ ХҮЧ АГУУЛЖ БАЙГАА ТӨХӨӨРӨМЖ,
БАЙГУУЛАМЖ
16 дугаар зүйл
Олон улсын тусгай тэмдэг
1. Нэг шугам дээр байрласан тод шар өнгийн ижил хэмжээтэй 3 дугуй нь энэхүү протоколын 56 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан аюултай хүч агуулж байгаа төхөөрөмж, байгууламжад зориулсан олон улсын тусгай тэмдэг болдог бөгөөд 5 дугаар зурагт дүрсэлсэн загварын дагуу дугуй тус бүр нь дугуйн радиусын зайд байрлана.
2. Тухайн нөхцөл байдалд тохируулан тэмдгийг аль болох томоор хийнэ. Том талбайд тэмдгийг байрлуулахдаа тухайн нөхцөл байдалд тохируулан олныг байрлуулж болно. Ялгах тэмдгийг аль болох хол олон зүгээс үзэгдэхээр хавтгай зүйл буюу далбаан дээр боломжтой үед үзүүлнэ.
3. Далбаан дээрхи тэмдгийн гадна хүрээ болон далбааны зах хоорондын зай дугуйн нэг радиусын зайтай тэнцүү байна. Далбаа тэгш өнцөгт хэлбэртэй, цагаан өнгөтэй байна.
4. Шөнө буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан тохиолдолд тэмдгийг гэрэлтүүлэх, эсхүл өөрөө гэрэлтдэг байж болно. Техник хэрэгслийн тусламжтайгаар тодорч харагдах материалаар тусгай тэмдгийг хийж болно.
5 дугаар зураг. Аюултай төхөөрөмж, байгууламжид байрлуулах олон улсын тусгай тэмдэг
II ХАВСРАЛТ
АЮУЛТАЙ НӨХЦӨЛД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЖ ЯВАА
СЭТГҮҮЛЧИЙН ҮНЭМЛЭХ