A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 222

Улаанбаатар хот

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.1, 8.3.7 дахь заалт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Шуурхай ажлын хэсгийг Улсын онцгой комиссын дэргэд байгуулан ажиллуулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгасугай.

2. Өрхийн эрүүл мэндийн төвөөс 1 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд хийх үзлэг, хяналтыг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд батлагдсан хуваарь, эцэг, эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулж, товлолын дархлаажуулалт хийх ажлыг 7 хоног бүрийн Бямба гарагт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

3. 1 хүртэлх насны хүүхдийг халдварт өртөхөөс сэргийлэх, эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ асрах боломж олгох зорилгоор ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж цалинтай чөлөө олгох арга хэмжээ авахыг ажил олгогч нарт үүрэг болгосугай.

4. Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлс, эрүүл мэндийн байгууллагын шатахуун, ариутгал, халдваргүйтгэлд зориулан 982.0 (есөн зуун наян хоёр) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж эрүүл мэндийн байгууллагуудад олгохыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрсүгэй.

5. Эрүүл мэнд, спортын яамны дэргэд ажиллаж байгаа улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий тархварзүй, эмнэлзүй, эдийн засаг, санхүүгийн багуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, улаанбурхан өвчний цаг үеийн байдлын талаарх мэдээллийг 7 хоног тутамд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад даалгасугай.

6. Улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардалд зориулан 453.9 (дөрвөн зуун тавин гурван сая есөн зуун мянган) сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангаас гаргах асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тавьж шийдвэрлүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР

Сангийн сайд Б.БОЛОР