Хэвлэх DOC Татаж авах
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТОГТВОРТОЙ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 224

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТОГТВОРТОЙ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.1, 16.2, 22.1.4, Өрийн удирдлагын тухай хуулийн 8.1.4, 33.1, 35.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсугай.

2. “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг 1 дүгээр хавсралт ёсоор баталж, үүсгэн байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгасугай. 3. “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд зориулан 20.0 (хорин) сая төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гаргахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад зөвшөөрсүгэй. 4. Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах “Монгол тариалан” хөтөлбөрийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай. 5. Газар тариалангийн үйлдвэрлэлийг 2016 онд хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор Засгийн газрын 2016 оны 42 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд заасан санхүүжилтийн эх үүсвэрээс “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 50.0 (тавин) тэрбум төгрөгийн зээл олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгаж, уг зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                            Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд                                                               Р.БУРМАА