Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ТЭГШ ШАН ХӨЛС ОЛГОХ ТУХАЙ 90 ДҮГЭЭР ЗӨВЛӨМЖ

1951 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Женев хот



Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь,
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Захиргааны зөвлөлөөс 1951 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан гучин дөрөвдүгээр чуулганаараа,
Чуулганы хэлэлцэх хэргийн долдугаар асуудал болох адил хөдөлмөр эрхэлж буй эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгох зарчмын тухай тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж,
эдгээр саналыг Тэгш шан хөлс олгох тухай 1951 оны конвенцийн нэмэлт болгон зөвлөмжийн хэлбэрээр батлан гаргахаар тогтож,
нэг мянга есөн зуун тавин нэгэн оны зургаадугаар сарын хорин есний энэ өдөр доорхи Зөвлөмжийг Тэгш шан хөлс олгох тухай 1951 оны зөвлөмж хэмээн нэрлэхээр тохиролцон батлав:
Тэгш шан хөлс олгох тухай тухай 1951 оны конвенц адил хөдөлмөр эрхэлж буй эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгох тухай тодорхой ерөнхий зарчмуудыг тогтоосныг анхааралдаа авч,
Конвенцид тухайн улсын шан хөлсний хэмжээг тогтоох аргачлалд нийцүүлэн адил хөдөлмөр эрхэлж буй эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгох зарчмын хэрэгжилтийг дэмжих, эсхүл хангахаар заасныг анхааралдаа авч,
Конвенцоор тогтоосон зарчмыг дэвшилтэйгээр хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг авах шаардлагатайг анхааралдаа авч,
Түүнчлэн гишүүн улс бүр эдгээр зарчмыг хэрэгжүүлэхдээ тодорхой улсууд хангалттайд тооцсон аргыг харгалзан үзэх шаардлагатайг анхааралдаа авч,
Гишүүн улс бүр Конвенцийн 2 дугаар зүйлд заасны дагуу дор дурдсан заалтыг хэрэглэж, тэдгээрийн тухайд авсан арга хэмжээний талаар Захиргааны зөвлөлөөс хүсэлт гаргасан тохиолдолд Олон улсын хөдөлмөрийн товчоонд тайлагнаж байхыг Бага хурлаас зөвлөмж болгож байна:
1. Ажилчдын байгууллагатай, тийм байгууллага байхгүй бол холбогдох ажилчидтай зөвшилцсөний дараа зохих арга хэмжээг авна:
(a) төрийн төв байгууллага, агентлагийн нийт албан хаагчдын хувьд адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш шан хөлс олгох зарчмыг хэрэглэхийг хангах;
(b) улс, хөдөө болон орон нутгийн төрийн байгууллага, эсхүл агентлаг цалин хөлсний хэмжээг тогтоох бүрэн эрхтэй тохиолдолд тэдгээр байгууллагын албан хаагчдын хувьд энэхүү зарчмыг хэрэглэхийг хөхиүлэн дэмжих.
2. Ажил олгогч, ажилчдын байгууллагатай зөвшилцсөний дараа 1 дэх хэсэгт зааснаас бусад, шан хөлсний хэмжээг хуулиар зохицуулах, эсхүл төрийн хяналтад байх бүх ажил мэргэжлийн тухайд адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгох зарчмын хэрэгжилтийг аль болох түргэн хангах талаар зохих арга хэмжээг авна, ялангуяа доорхи зүйлийн хувьд:
(a) төрийн байгууллагын хяналтын дор цалин хөлсний доод болон бусад хэмжээг тогтоох үйлдвэрлэл, үйлчилгээний газарт эдгээр цалин хөлсний хэмжээг тогтоох;
(b) төрийн өмчит буюу төрийн хяналтад байдаг үйлдвэрлэл, аж үйлдвэрийн газар;
(c) тохиромжтой үед улсын захиалгаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажил.
3. (1) Тохиромжтой үед шан хөлсний хэмжээг тогтоох аргад нийцүүлэн адил хөдөлмөр эрхэлж буй эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгох зарчмыг ерөнхийд нь хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж батлана.
(2) Төрийн эрх бүхий байгууллагаас ажил олгогч болон ажилчид хуулийн дээрх шаардлагын талаар бүрэн мэдээлэл авч, зохих үед тэдгээрийг хэрэглэх талаар зөвлөгөө авахыг хангах үүднээс шаардлагатай бөгөөд тохиромжтой арга хэмжээг авна.
4. Ажил олгогч, ажилчдын холбогдох байгууллага байгаа бол тэдгээр байгууллагатай зөвшилцсөний дараа адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгох зарчмыг шууд хэрэгжүүлэх боломжгүй хэмээн үзвэл 1, 2, 3 дахь хэсэгт заасан ажлын хувьд тохиромжтой зохицуулалтыг дараахь арга хэмжээг аван нэн даруй хэрэгжүүлнэ:
(a) адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилчдын шан хөлсний ялгааг багасгах;
(b) цалин хөлсний хэмжээ нэмэгдэх тогтолцоо үйлчилж буй тохиолдолд адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш нэмэгдэл хөлс олгох.
5. Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгох зарчмын дагуу цалин хөлсний хэмжээ болон шан хөлсийг тогтоохыг дэмжих зорилгоор тохиромжтой үед гишүүн улс бүр ажил олгогч, ажилчдын холбогдох байгууллагатай тохиролцсон ёсоор ажилд дүн шинжилгээ хийх болон бусад журмаар гүйцэтгэх ажлыг бодитой үнэлэх аргыг тогтоох, эсхүл тогтоохыг хөхиүлэн дэмжинэ. Чингэхдээ ажлыг хүйсийн ялгааг үл харгалзан ангилах бөгөөд эдгээр аргыг Конвенцийн 2 дугаар зүйлийн заалтын дагуу хэрэглэнэ.
6. Адил хөдөлмөр эрхэлж буй эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгох зарчмын хэрэгжилтийг дэмжих үүднээс шаардлагатай тохиолдолд эмэгтэй ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд тохиромжтой арга хэмжээ авна:
(a) эрэгтэй, эмэгтэй ажилчдыг мэргэжлийн чиг баримжаа, ажил мэргэжлийн зөвлөгөө авах, түүнчлэн мэргэжлийн сургалтад хамрагдах болон ажлын байрны тухайд адил, эсхүл тэнцэхүйц боломжоор хангах;
(b) эмэгтэй ажилчид мэргэжлийн чиг баримжаа, ажил мэргэжлийн зөвлөгөө авах, түүнчлэн мэргэжлийн сургалтад хамрагдах болон ажлын байрны боломжийг ашиглахыг хөхиүлэн дэмжих үүднээс зохих арга хэмжээ авах;
(c) эмэгтэй ажилчдын, нэн ялангуяа гэр бүлийн үүрэгтэй холбогдсон хэрэгцээг нь хангах нийгмийн халамж, үйлчилгээг үзүүлэх, ийм төрлийн үйлчилгээг ажилчдын хүйсийн ялгааг үл харгалзан төлсөн хураамжаас бүрдсэн төрийн сан, нийгмийн хангамж болон үйлдвэрлэлийн халамжийн сангаас санхүүжүүлэх;
(d) ажил мэргэжил, албан тушаалын хувьд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аж байдлыг хамгаалах тухай олон улсын болон үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хохиролгүйгээр эрэгтэй, эмэгтэй ажилчдын тэгш эрхийг дэмжих.
7. Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгох зарчмыг хэрэгжүүлэх үндэслэлийг нийтэд ойлгуулахыг дэмжих талаар бүхий л хүчин чармайлт гаргана.
8. Дээрх зарчмыг хэрэглэхийг дэмжихэд зохистой судалгаа, шинжилгээг хийнэ.