Хэвлэх DOC Татаж авах
ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Органик хүнсний тухай хууль тогтоомж

2.1.Органик хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Ойн тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн хамрах хүрээ

3.1.Энэ хууль нь хөдөө аж ахуйн гаралтай органик хүнс болон боловсруулаагүй түүхий эд, бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн органик хүнс, мал амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарна.

3.2.Ан амьтны гаралтай түүхий эдээр органик хүнс үйлдвэрлэх, нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“органик хүнс” гэж Хүнсний тухай хуулийн 3.1.5-д заасныг;

4.1.2.“органик үйлдвэрлэл” гэж энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн хөдөө аж ахуйн анхан шатны болон хүнсний боловсруулах органик үйлдвэрлэл эрхлэхийг;

4.1.3.“шилжилтийн үе” гэж анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 10.1, 10.2-т заасан баталгаажуулалт хийх эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулснаас эхлэн органик үйлдвэрлэлд бүрэн шилжих хүртэл хугацааг;

4.1.4.“баталгаажуулалт” гэж Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3.1.9-т заасныг;

4.1.5.“хувиргасан амьд организм” гэж Хувиргасан амьд организмын тухай хуулийн 3.1.2-т заасныг.

Хэвлэх

5 дугаар зүйл. Органик үйлдвэрлэлийн зарчим

5.1.Органик үйлдвэрлэлд дараахь зарчмыг баримтална:

5.1.1.хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын оршин тогтнох эрүүл аюулгүй байдлыг хамгаалсан байх;

5.1.2.органик үйлдвэрлэл экосистемд сөрөг нөлөөгүй, байгаль экологийн тогтвортой байдлыг хадгалсан байх;

5.1.3.зах зээлийн шударга өрсөлдөөнд суурилж, үйлдвэрлэлийн бүх үе шатанд шударга, энэрэнгүй ёсыг баримтлах;

5.1.4.хүрээлэн байгаа орчин, одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалах, бүтээгдэхүүний органик болон байгалийн шинж байдлыг хадгалахад чиглэсэн хариуцлагатай арга технологиор үйлдвэрлэл эрхлэх.

5.2.Орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог органикт тооцно.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛ

6 дугаар зүйл. Органик үйлдвэрлэлийн шилжилтийн үе

6.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 10.1, 10.2-т заасан баталгаажуулалт хийх эрх бүхий этгээд /цаашид “баталгаажуулалтын байгууллага” гэх/-д органик үйлдвэрлэлд шилжих тухай хүсэлтээ гаргана.

6.2.Баталгаажуулалтын байгууллага органик үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үеийг эхлүүлэх болон органик хүнсийг баталгаажуулах тухай гэрээг үйлдвэрлэл эрхлэгчтэй байгуулснаас хойш энэ тухай ажлын 10 өдөрт багтаан хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

6.3.Баталгаажуулалтын байгууллага шилжилтийн үеийн хугацааг органик үйлдвэрлэлийн байршил, төрөл, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлтийн байдал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлтийг харгалзан энэ хуулийн 8.3-т заасан журмын дагуу тогтооно.

6.4.Баталгаажуулалтын байгууллага органик үйлдвэрлэлд бүрэн болон хэсэгчлэн шилжсэн, шилжиж чадаагүй талаархи үйлдвэрлэл эрхлэгчийн мэдээллийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагад ажлын 10 өдөрт багтаан бичгээр мэдэгдэнэ.

6.5.Органик хүнсний боловсруулах үйлдвэрлэл шилжилтийн үегүй байж болно.

Хэвлэх

7 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг

7.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.1-д зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ:

7.1.1.баталгаажуулалтын байгууллагатай байгуулсан энэ хуулийн 6.2-т заасан гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах;

7.1.2.мал, амьтан, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн шинж чанарыг хадгалах үйлдвэрлэлийн арга технологи боловсруулж мөрдөх;

7.1.3.аж ахуйн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан, хаягдалгүй, эсхүл хаягдал багатай технологийг ашиглах, усыг зүй зохистой хэрэглэх;

7.1.4.органик үйлдвэрлэлийг бүхэлд нь, эсхүл тухайн төрлийн хүнсийг үйлдвэрлэхээ зогсоосон бол ажлын 10 өдөрт багтаан баталгаажуулалтын болон мэргэжлийн хяналтын байгууллагад бичгээр мэдэгдэх.

7.2.Органик үйлдвэрлэл эрхлэгч дараахь эрхтэй:

7.2.1.баталгаажуулалт хийлгэсэн болон шилжилтийн үеийн хүнс, тэжээл, бордооны шошгод энэ хуулийн 11.2-т заасан органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэх;

7.2.2.энэ хуулийн 8.3-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхлэх;

7.2.3.нийлүүлэгчээс түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа энэ хуулийн 8.3-т заасан бодис, хувиргасан амьд организм, цацрагийн боловсруулалт, өсөлтийн даавар хэрэглээгүй болон органик болохыг тодорхойлсон баталгаа шаардах.

Хэвлэх

8 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавих шаардлага

8.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:

8.1.1.органик үйлдвэрлэлийн үйл явц болон органик хүнсийг хоёр жил тутамд баталгаажуулалтад хамруулах;

8.1.2.баталгаажуулалтын зардлыг хариуцах;

8.1.3.ойн дагалт баялаг болон байгалийн ургамал ашигласан тохиолдолд сүүлийн гурван жилийн туршид энэ хуулийн 8.3-т зааснаас өөр бодисоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй талаар байгаль орчин болон хүнс, хөдөө ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлсон талбайгаас түүх;

8.1.4.ойн дагалт баялаг болон байгалийн ургамал түүж ашиглахдаа Ойн тухай болон Байгалийн ургамлын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэх.

8.2.Органик үйлдвэрлэлд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.3-т зааснаас гадна дараахь үйлдлийг хориглоно:

8.2.1.энэ хуулийн 8.3-т зааснаас бусад бодис хэрэглэх;

8.2.2.органик хүнсийг боловсруулах явцдаа цацрагийн боловсруулалт хийх;

8.2.3.айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, хот суурины цэвэрлэх байгууламжийн лаг ашиглах;

8.2.4.эсээр үржүүлэх /клонинг/ аргаар гарган авсан мал, амьтан, тэдгээрийн үр төл ашиглах;

8.2.5.хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон өсөлтийн даавар ашиглах.

8.3.Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх болон органик хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам, хэрэглэх бодисын жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.4.Органик хүнсний орцын найрлага тооцох аргачлалыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Органик хүнсийг импортлох, экспортлох, худалдах

9.1.Органик хүнсийг импортлох, экспортлохтой холбогдсон харилцааг Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 13 дугаар зүйл, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16.14.2-т заасны дагуу тус тус зохицуулна.

9.2.Экспорт болон импортын органик хүнсийг Хүнсний тухай хуулийн 16.1-д заасны дагуу хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэж, мэдээллийн сан үүсгэнэ.

9.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдах импортын органик хүнс нь энэ хуулийн 9.1-д зааснаас гадна доор дурдсан шаардлага хангасан байна:

9.3.1.Хүнсний тухай хуулийн 16.2-т заасан журмын дагуу бүртгүүлж жагсаалтад орсон байх;

9.3.2.экспортлогч улсын эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаас олгосон органик болохыг тодорхойлсон хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх.

9.4.Импортлосон органик хүнсийг жижиглэн савласан тохиолдолд шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.8-д заасан шаардлагыг хангана.

9.5.Мэргэжлийн хяналтын байгууллага органик хүнсийг экспортлох болон импортлох үеийн хяналт, шалгалтын мэдээг гаргаж, улирал тутам хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОРГАНИК ХҮНСНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТ, ШОШГОЛОЛТ, БҮРТГЭЛ

10 дугаар зүйл. Баталгаажуулалтын байгууллага, органик үйлдвэрлэл болон хүнсний баталгаажуулалт, бүртгэл

10.1.Органик үйлдвэрлэлийн болон органик хүнс, тэжээл, бордооны баталгаажуулалтыг доор дурдсан байгууллага гүйцэтгэнэ:

10.1.1.Монгол Улсын эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага;

10.1.2.Монгол Улсад бүртгэлтэй, гадаад улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага.

10.2.Энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэсэн хүнсийг харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад тал хамтран баталгаажуулах бол хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.

10.3.Энэ хуулийн 10.1-д заасан баталгаажуулалтын байгууллагыг бүртгэх журмыг үндэсний итгэмжлэлийн байгууллага, 10.2-т зааснаар баталгаажуулах тохиолдолд түүнд тавих шаардлага, бүртгүүлэх болон баталгаажуулалт хийх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.4.Баталгаажуулалтын байгууллага эрх бүхий үндэсний болон олон улсын байгууллагаас баталсан дүрэм, журам, стандартын хүрээнд баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгох, мөн түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгож болох бөгөөд энэ тухай хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

10.5.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажсан органик үйлдвэрлэл, хүнсний мэдээллийн санг бүрдүүлж, тухай бүр шинэчлэн мэргэжлийн хяналтын байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

10.6.Үндэсний итгэмжлэлийн болон хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 10.1, 10.2-т заасан баталгаажуулалт хийсэн этгээдийн талаархи мэдээллийн санг бүрдүүлж, тухай бүр шинэчлэнэ.

10.7.Энэ хуулийн 10.1, 10.2-т заасан баталгаажуулалт хийсэн этгээд дараахь үүрэгтэй:

10.7.1.органик үйлдвэрлэл эрхлэгчтэй энэ хуулийн 6.2-т заасан гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллах;

10.7.2.органик үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 8.2-т заасныг зөрчиж үйлдвэрлэл явуулсан бол баталгаажуулалтыг хүчингүй болгож, энэ тухай мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллага болон хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 10 өдөрт багтаан албан бичгээр мэдэгдэх;

10.7.3.эрх бүхий байгууллагыг баталгаажуулсан үйлдвэрлэл эрхлэгчийн тухай мэдээллээр хангах;

10.7.4.энэ хуулийн 10.1, 10.2-т заасан баталгаажуулалт хийсэн этгээд үндэсний итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлэхгүйгээр үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Органик хүнсний тэмдэг, тэмдэглэгээ, шошго

11.1.Энэ хуулийн 10.1-д зааснаар баталгаажуулалт хийлгэсэн бол органик болохыг илэрхийлсэн тэмдэг, 10.2-т зааснаар баталгаажуулалт хийлгэсэн бол органик болохыг илэрхийлсэн тэмдэглэгээг тус тус шошгод тавина.

11.2.Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ шилжилтийн үед шар өнгийн дэвсгэртэй, органик үйлдвэрлэлд шилжсэнээс хойш ногоон өнгийн дэвсгэртэй байна.

11.3.Органик хүнсний шошгод Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.7-д зааснаас гадна баталгаажуулалтын байгууллагын нэрийг бичиж болно.

11.4.Хүнсэн дэх органик орцын нэр, хувь хэмжээг шошгод тусгаж болно.

11.5.Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэхэд дараахь үйлдлийг хориглоно:

11.5.1.органик бус хүнс, тэжээл, бордоог органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээтэйгээр нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах;

11.5.2.шилжилтийн үед үйлдвэрлэсэн хүнс, тэжээл, бордоог ногоон өнгийн дэвсгэртэйгээр нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, зар сурталчилгаанд ашиглах.

11.6.Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11.7.Хүнсний шошгод монгол болон гадаад хэлээр бичигдсэн “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн үгийг хэрэглэх бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

Хэвлэх

12 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл, органик хүнсэнд тавих хяналт

12.1.Органик үйлдвэрлэлийн сүлжээнд болон органик хүнсний хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импорт, худалдаа, үйлчилгээнд тавих хяналтыг Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар тус тус зохицуулна.

12.2.Энэ хуулийн 10.1, 10.2-т заасан баталгаажуулалт хийсэн этгээд органик хүнсний үйлдвэрлэлийн үйл явцад байнгын хяналт тавина.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

13 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

14.1.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД