Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
УТГА ЗОХИОЛ, УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ БЕРНИЙН КОНВЕНЦ

(1886 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн) 1896 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Парист эцэслэж,



1908 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Берлинд хянан өөрчилж,
1914 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Бернд эцэслэж,
1928 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ромд,
1948 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Брюссельд,
1967 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Стокгольмд,
1971 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Парист хянан өөрчилж,
1979 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байдлаар
Тус холбооны гишүүн орнууд,
Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийг бололцооны хирээр үр ашигтай, нэгдмэл хэлбэрээр хамгаалах талаар адил байгаад урамшин,
Стокгольм хотноо 1967 онд хуралдсан хянан өөрчлөх бага хурлын ажлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч,
Стокгольмын бага хурлаас баталсан актын 1-20 дугаар болон 22- 26 дугаар зүйлийг өөрчлөлгүйгээр тус актыг хянан өөрчлөхөөр шийдвэрлэж,
Yүнтэй холбогдуулан өөрсдийн бүрэн эрхийг зохих журмаар илэрхийлж бүрэн эрхт төлөөлөгчид дор гарын үсэг зуран,
дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 дүгээр зүйл
Холбоо байгуулах
Энэхүү конвенцийг хэрэглэж буй орнууд утга зохиол болон урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалахад холбоо байгуулна.
2 дугаар зүйл
1. "Утга зохиол ба урлагийн бүтээл"; 2. Хамгаалалтад авахгүй байхаар тогтоож болох нөхцөл; 3. Yүсмэл бүтээл; 4. Албан ёсны эх бичвэр; 5. Эмхтгэл; 6. Хамгаалах үүрэг, хамгаалалтын үр ашиг хүртэгчид; 7. Хавсарга урлагийн бүтээл, бүтээгдэхүүний загвар;
8. Шинэ мэдээ.
(1) "Утга зохиол ба урлагийн бүтээл" гэсэн нэр томъёонд бүтээсэн арга, хэлбэрийг үл харгалзан утга зохиол, шинжлэх ухаан, урлагийн бүх бүтээл, тухайлбал ном товхимол болон бусад бичмэл зохиол; лекц, хэлсэн үг, номлол болон ийм төрлийн бусад бүтээл; жүжгийн ба хөгжимт-жүжгийн зохиол; жүжгийн бүтээл болон үггүй жүжиг; үгтэй ба үггүй хөгжмийн бүтээл; кино зураг болон түүнтэй ижил аргаар бүтээсэн бүтээл; зураг, уран зургийн, уран барилгын, уран баримлын зураасан зургийн болон барын бүтээл; гэрэл зургийн ба түүнтэй ижил аргаар бүтээсэн бүтээл; хавсарга урлагийн бүтээл; номын зураг, газрын зураг, төлөвлөгөө; үлгэрчилсэн зураг; газар зүй, байр зүй, уран барилгын болон шинжлэх ухаанд холбогдох гурван хэмжээст бүтээл хамаарна.
(2) Гэхдээ бодит хэлбэрээр илэрхийлээгүй аливаа нэгэн утга зохиол, урлагийн бүтээл буюу түүний ямар нэгэн тодорхой хэсгийг хамгаалалтад авахгүй байхаар холбооны гишүүн орон хууль тогтоомжоороо тогтоох эрхээ хадгална.
(3) Утга зохиолын ба урлагийн бүтээлийн орчуулга, найруулга, мөн хөгжмийн зохиолын тохируулсан найруулга болон бусад өөрчлөлт нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр хамгаалагдана.
(4) Хууль тогтоох, захиргааны болон шүүхийн хууль зүйн шинжтэй албан ёсны бичиг баримт, мөн тэдгээрийн албан ёсны орчуулгыг хамгаалах асуудлыг холбооны гишүүн орон нь хууль тогтоомжоороо тодорхойлох эрхээ хадгална.
(5) Материалыг сонгосон, байрлуулснаараа оюуны бүтээлийн үр дүн болохуйц нэвтэрхий толь, цоморлиг зэрэг утга зохиол болон урлагийн бүтээлийн эмхтгэл тэдгээр эмхтгэлийг бүрдүүлж буй бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр хамгаалагдана.
(6) Энэ зүйлд дурдсан бүтээл нь холбооны гишүүн бүх оронд энэ хамгаалалт зохиогч болон түүний эрх залгамжлагчдад ашигтайгаар хамгаалагдана.
(7) Холбооны гишүүн орон энэхүү конвенцийн 7 дугаар зүйлийн (4) дэх хэсэгт заасныг харгалзан хавсарга урлагийн бүтээл, бүтээгдэхүүний загвар ба зургийг хамгаалах хэмжээ хүрээ, нөхцөлийг өөрийн хууль тогтоомждоо заах эрхтэй. Гарлын оронд гагцхүү загвар, зургийн хувиар хамгаалагддаг бүтээлийн талаар холбооны гишүүн бусад оронд загвар, зурагт олгох тусгай хамгаалалтыг шаардаж болох бөгөөд тухайн оронд ийм тусгай хамгаалалт олгодоггүй бол дээрх бүтээлийг урлагийн бүтээлд хамааруулан хамгаална.
(8) Өдрийн шинэ мэдээ буюу сонин хэвлэлийн энгийн сонордуулгын чанартай үйл явдлын мэдээлэл энэхүү конвенцоор хамгаалагдахгүй.
2 bis зүйл
Тодорхой бүтээлийн хамгаалалтыг хязгаарлаж болох тухай:
1.Хэлсэн үг; 2.Лекц, уриалгыг тодорхой байдлаар ашиглах;
3.Ийм бүтээлийн эмхтгэл бэлтгэх эрх
(1) Холбооны гишүүн орон нь төрийн асуудлаар хэлсэн үг, шүүх хурал дээр хэлсэн үгийг 1 дүгээр зүйлд дурдсан хамгаалалтад бүрэн буюу хэсэгчлэн хууль тогтоомжоороо хамааруулахгүй байх эрхийг хадгална.
(2) Түүнчлэн холбооны гишүүн орон нь лекц, уриалга болон олны өмнө хэлсэн иймэрхүү төрлийн бүтээлийг мэдээллийн зориулалтаар сонин хэвлэлд нийтлэх, телевиз, радиогоор нэвтрүүлэх, утсан холбоогоор дамжуулах ба энэхүү конвенцийн 11 bis дүгээр зүйлийн (1) дэх хэсэгт зааснаар нийтэд сонордуулах нөхцөлийг хууль тогтоомжоор тодорхойлох эрхээ хадгална.
(3) Харин зохиогч нь өмнөх хэсэгт дурдсан өөрийн бүтээлийн эмхтгэлийг бэлтгэж гаргах онцгой эрх эдэлнэ.
3 дугаар зүйл
Хамгаалалт олгох хэмжүүр: 1.Зохиогчийн иргэний харьяалал; бүтээлийг туурвисан газар; 2.Зохиогчийн оршин суугаа газар; 3."Нийтийн хүртээл болсон" бүтээл; 4."Нийтийн хүртээл нэгэн зэрэг болгосон бүтээл
(1) Энэхүү конвенцид заасан хамгаалалтыг:
(a) зохиогч нь холбооны гишүүн аль нэг орны харьяат бол түүний туурвисан бүтээл нийтийн хүртээл болсон эсэхээс үл хамаарч;
(b) зохиогч нь холбооны гишүүн орны харьяат биш боловч түүний бүтээлийг холбооны гишүүн аль нэгэн оронд анх удаа буюу холбооны гишүүн болон холбооны гишүүн бус оронд нэгэн зэрэг нийтийн хүртээл болгосон тохиолдолд тус тус олгоно.
(2) холбооны гишүүн аль нэг орны харьяат биш боловч дээрх орны аль нэгэнд байнга оршин суудаг тохиолдолд энэхүү конвенцийн дагуу тухайн орны харьяатын нэгэн адил эрх эдэлнэ.
(3) "Нийтэлсэн бүтээл" гэж зохиогчийн зөвшөөрлөөр, бүтээлийн шинж байдлыг харгалзан нийтийн боломжийн хэрэгцээг хангаж чадахуйц хувиар хувилагдсан бүтээл ямар ч аргаар хувилснаас хамаарахгүй нийтэлсэн бүтээлийг хэлнэ. Жүжгийн, хөгжмийн, хөгжимт-жүжгийн буюу киноны бүтээлийг тоглож үзүүлэх, утга зохиолын бүтээлийг нийтийн өмнө унших, утга зохиол болон урлагийн бүтээлийг утсан холбоогоор дамжуулах буюу телевиз, радиогоор нэвтрүүлэх, урлагийн бүтээлийг үзүүлэх, уран барилга барих зэргийг нийтийн хүртээл болгосонд үл тооцно.
(4) Бүтээлийг анх туурвиж гаргаснаас хойш гуч хоногийн дотор хоёр буюу түүнээс илүү оронд нийтийн хүртээл болгосон бол уг бүтээлийг хэд хэдэн оронд нэгэн зэрэг нийтийн хүртээл болгосонд тооцно.
4 дүгээр зүйл
Кино бүтээл, уран барилгын бүтээл болон уран сайхны тодорхой бүтээлийг хамгаалалтад авах хэмжүүр
3 дугаар зүйлд тусгасан нөхцөлд тохирсон эсэхийг үл харгалзан энэхүү конвенцид тусгасан хамгаалалтыг хэрэгжүүлнэ:
(а) ажлын байр буюу байнга оршин суудаг газар нь холбооны гишүүн орны аль нэгэнд байдаг кино бүтээл туурвигчид;
(b) уран барилгын бүтээл нь холбооны гишүүн аль нэг оронд барьж байгуулагдсан буюу байшин, бусад барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг нь болсон урлагийн өөр бүтээл холбооны гишүүн аль нэг оронд байгаа зохиогчид хамаарна.
5 дугаар зүйл
Эрхийн баталгаа:
1. болон 2. Гарлын орны хилийн гадна;
3. Гарлын оронд; 4. “Гарлын орон"
(1) Энэхүү конвенцийн дагуу бүтээл нь хамгаалагдаж буй зохиогчид бүтээлийн гарлын орноос гадна холбооны гишүүн орны хууль тогтоомжийн дагуу өөрсдийн харьяатад одоо буюу цаашид эдлүүлэх эрх, түүнчлэн энэхүү конвенцид заасан онцгой эрхийг эдэлнэ.
(2) Ийм эрх эдлэх, хэрэгжүүлэхэд ямар нэгэн албан ёсны үйлдэл хийхийг шаардах ёсгүй бөгөөд бүтээлийн гарлын оронд хамгаалалт байдаг эсэхийг үл харгалзана. Иймд зохиогчийн эрхээ хамгаалах арга хэрэгсэл, хэмжээ хүрээг энэхүү конвенцид тусгасан заалтаас гадна гагцхүү хамгаалалт хүссэн орны хууль тогтоомжоор зохицуулна.
(3) Уг хамгаалалтыг гарлын оронд тухайн орны хууль тогтоомжоор зохицуулна. Энэхүү конвенцийн заалтын дагуу бүтээл нь хамгаалагдаж буй зохиогч уг бүтээлийн гарлын орны харьяат биш байвч тэр орны харьяат зохиогчдын нэгэн адил эрх эдэлнэ.
(4) Бүтээлийн гарлын орон гэдэг нь:
(а) холбооны гишүүн аль нэг оронд анх нийтийн хүртээл болсон тохиолдолд - тухайн орон; хамгаалалтын хугацааг янз бүрээр тогтоосон холбооны хэд хэдэн оронд нэгэн зэрэг нийтийн хүртээл болгосон бүтээлийн хувьд хууль тогтоомжид хамгаалалтын нь хамгийн богино хугацаа тогтоосон тэр орон;
(b) холбооны гишүүн бус орон болон холбооны гишүүн аль нэг оронд болон холбооны гишүүн бус оронд нэгэн зэрэг нийтийн хүртээл болсон тохиолдолд;
(c) нийтийн хүртээл болгоогүй бүтээл, түүнчлэн холбооны гишүүн бус оронд анх удаа нийтийн хүртээл болгосон бүтээлийг холбооны гишүүн аль нэг оронд нэгэн зэрэг гаргаагүй бол зохиогчийг харъяалах тэр орон:
(i) кино бүтээл туурвигчийн ажлын байр буюу оршин суугаа газар нь холбооны гишүүн аль нэг оронд байвал уг бүтээлийн гарлын орон нь тухайн орон байна;
(ii) зохиогчийн уран барилгын бүтээлийг холбооны гишүүн аль нэг оронд барьсан буюу байшин, бусад барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болсон урлагийн өөр бүтээл нь холбооны гишүүн аль нэг оронд байгаа бол уг бүтээлийн гарлын орон тухайн орон байна.
6 дугаар зүйл
Холбооны гишүүн зарим орны харьяатын тодорхой бүтээлийн
хамгаалалтыг хязгаарлаж болох тухай: 1. Анх удаа нийтийн хүртээл болгосон орон болон бусад орон, 2. Буцаан хэрэглэж үл болох, 3. Мэдэгдэл
(1) Хэрэв холбооны гишүүн бус ямар нэгэн оронд холбооны гишүүн аль нэг орны харьяат зохиогчийн бүтээлийн хамгаалалт хангалтгүй бол холбооны гишүүн тухайн орон нь бүтээлийг анх нийтийн хүртээл болгох үедээ холбооны гишүүн аль нэг оронд байнга байнга оршин суудаггүй өөр орны харьяат зохиогчийн бүтээлд хийх хамгаалалтыг хязгаарлаж болно. Хэрэв бүтээлийг анх нийтийн хүртээл болгосон орон энэ эрхээ хэрэгжүүлсэн бол холбооны гишүүн бусад орон ийм онцгой дэглэм тогтоогдсон бүтээлийн хувьд дээрх орноос илүү хамгаалалт хангах үүрэггүй.
(2) Дээрх хэсэгт дурдсан аль ч хязгаарлалт нь ийм хязгаарлалт тавихаас өмнө холбооны гишүүн аль нэг оронд нийтийн хүртээл болгосон бүтээлийн зохиогчийн эрхийг үл хөндөнө.
(3) Энэ зүйлийн дагуу зохиогчийн эрхийг хязгаарлаж, холбооны гишүүн орон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захиралд (цаашид "ерөнхий захирал" гэнэ) энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, хязгаарлалтад хамаарагдах орон, түүнчлэн тухайн орны харьяат зохиогчийн бүтээлд тавих хязгаарлалтыг тодорхойлон дурдана. Ерөнхий захирал энэ мэдэгдлийг холбооны гишүүн бүх оронд нэн даруй мэдэгдэнэ.
6 bis зүйл
Эд хөрөнгийн бус амины эрх: 1.Зохиогч мөн болохыг хүлээн зөвшөөрөхийг
шаардах; Бүтээлийг өөрчилсөн буюу эрх зөрчсөн бусад үйлдлийг эсэргүүцэх; 2.Зохиогч нас барсны дараа, 3.Хамгаалах арга
(1) Зохиогч нь зохиогчийн эд хөрөнгийн эрхээс үл шалтгаалан, тэр ч атугай энэхүү эрхээ шилжүүлсэн тохиолдолд ч гэсэн тэрээр бүтээлийнхээ зохиогч мөн болохыг хүлээн зөвшөөрөхийг шаардах эрхтэйгээс гадна уг бүтээлийг гуйвуулах, гажуудуулах буюу өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төрд хохирол учруулхуйц бусад аливаа халдлагыг эсэргүүцэх эрхтэй.
(2) Зохиогчийг нас барсны дараа наад зах нь түүний эд хөрөнгийн эрх дуусгавар болох хүртэл дээрх хэсэгт заасан эрх хүчин төгөлдөр байх бөгөөд хамгаалалт тогтоосон орны хууль тогтоомжоор эрх мэдэл олгогдсон этгээд буюу албан байгууллага уг эрхийг хэрэгжүүлнэ. Гэхдээ энэхүү конвенцийг соёрхон батлах буюу нэгдэн орох үед аль нэг орны хууль тогтоомжид зохиогчийг нас барсны дараа дээрх хэсэгт заасан бүх эрхийг хамгаалахаар заагаагүй бол тэдгээр эрхийн аль нэг нь хамгаалагдахгүй байхаар тогтоож болно.
(3) Энэхүү зүйлд дурдсан эрх хамгаалах аргыг хамгаалалт хүссэн орны хууль тогтоомжоор зохицуулна.
7 дугаар зүйл
Хамгаалах хугацаа: 1.Нийтлэг зүйл; 2.Кино бүтээлийн хувьд; 3.Нэргүйгээр буюу зохиомол нэрээр гаргасан бүтээл; 4.Гэрэл зургийн болон хавсарга урлагийн бүтээл; 5.Хугацаа тооцож эхлэх огноо; 6. Урт хугацаа; 7. Богино хугацаа; 8. Хэрэглэх хууль тогтоомж, хугацаа "харьцуулах"
(1) Зохиогч энэхүү конвенцоор насан турш хамгаалалтад байх бөгөөд түүнийг нас барснаас хойш тавин жил үйлчилнэ.
(2) Харин зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр кино бүтээлийг нийтийн хүртээл болгосноос хойш тавин жилийн дараа, хэрэв нийтийн хүртээл болгоогүй бол уг бүтээлийн туурвиснаас хойш тавин жилийн дараа түүнийг хамгаалах хугацаа дуусахаар холбооны гишүүн орон тогтоох эрхтэй.
(3) Нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийг энэхүү конвенцид зааснаар хамгаалах хугацаа уг бүтээлийг эрх зүйн дагуу нийтийн хүртээл болгосноос хойш тавин жилийн дараа дуусгавар болно. Гэвч зохиомол нэр нь тухайн зохиогчийн болох нь эргэлзээгүй бол (1) дэх хэсэгт заасан хугацаагаар хамгаална. Хэрэв нэргүйгээр буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийг зохиогч дээр дурдсан хугацаанд жинхэнэ нэрээ тайлбал мөн (1) дэх хэсэгт заасан хугацааг хэрэглэнэ. Нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийг зохиогч нас барснаас хойш тавин жил өнгөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй бол холбооны гишүүн орон уг бүтээлийг хамгаалах үүрэггүй.
(4) Урлагийн бүтээлд тооцогдох гэрэл зургийн болон хавсарга урлагийн бүтээл хамгаалах хугацааг холбооны гишүүн орон хууль тогтоомжоороо тогтоох эрхтэй; гэхдээ энэ хугацаа ийм бүтээл туурвиснаас хойш хорин таван жилээс богино байж үл болно.
(5) Зохиогчийг нас барсны дараа бүтээлийг нь хамгаалах хугацаа, түүнчлэн (2), (3), (4) дэх хэсэгт заасан хугацааг зохиогчийн нас барсан буюу дээрх хэсэгт заасан үйл явдал болсны дараахь жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцно.
(6) Холбооны гишүүн орон хамгаалалтын хугацааг дээрх хэсэгт дурдсанаас илүүгээр тогтоох эрхтэй.
(7) Энэхүү конвенцийн Ромын актыг хүлээн зөвшөөрсөн, холбооны гишүүн орны үндэсний хууль тогтоомжид дээрх дэд зүйлд дурдсанаас богино хугацаа заасан бол энэхүү конвенцийг гарын үсэг зурах буюу түүнийг соёрхон батлахдаа дээрх хугацааг хэвээр үлдээх эрхтэй.
(8) Аль ч тохиолдолд дээрх хугацааг хамгаалалт тогтоосон орны хуулиар тодорхойлно. Гэхдээ тухайн орны хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол энэ хугацаа нь уг бүтээлийн гарлын оронд тогтоосноос илүү байж үл болно.
7 bis зүйл
Хамтын бүтээлийг хамгаалах журам
Зохиогчийг нас барснаас хойш тоолох хугацааг хамтран зохиогчдоос амьд үлдсэн сүүлчийн хүн нас барснаас эхлэн тооцсон тохиолдолд өмнөх зүйлийн заалтыг уг хамтын бүтээлийн хувьд хэрэглэнэ.
8 дугаар зүйл
Орчуулах эрх
Энэхүү конвенцоор хамгаалагдсан утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч нь жинхэнэ эх бүтээлийн хувьд өөрийн эрх эдлэх бүх хугацааны туршид түүнийг өөрөө орчуулах, орчуулахыг зөвшөөрөх онцгой эрхтэй.
9 дүгээр зүйл
Хуулбарлах эрх: 1.Нийтлэг үндэслэл; 2. Гарч болох онцгой тохиолдол;
3. Дууны болон дүрс бичлэг
(1) Энэхүү конвенцоор хамгаалагдах утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч нь уг бүтээлийг аливаа хэлбэрээр хуулбарлахыг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.
(2) Ийм бүтээлийг хэвийн ашиглахад хохиролгүйгээр, мөн зохиогчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хохироохгүйгээр зарим онцгой тохиолдолд хуулбарлахыг зөвшөөрсөн заалт хууль тогтоомжоороо тогтоох эрхтэй.
(3) Энэхүү конвенцийн агуулгын үүднээс аливаа дууны ба дүрс бичлэг нь бүтээлийг хуулбарласанд тооцно.
10 дугаар зүйл
Бүтээлийг чөлөөтэй ашиглах тодорхой тохиолдол;
1.Ишлэл; 2.Сургалтад ашиглах тайлбар зураг, эх сурвалж, зохиогчийн нэрийг заах
(1) Хэвлэлийн тоймд сонин, сэтгүүлийн нийтлэлээс хэсэгчлэн ашиглах зэргээр зорилгодоо тохирсон хэмжээгээр уламжлалт заншлыг баримтлан хууль ёсоор нийтийн хүртээл болгосон бүтээлээс ишлэл хийж болно.
(2) Шударга ёсыг баримтлан утга зохиол, урлагийн бүтээлийг зорилгодоо тохирсон хэмжээгээр ном хэвлэл, радио-телевизийн нэвтрүүлэг, дууны бичлэг буюу сургалтын чанартай үзүүлэнд ашиглахыг холбооны гишүүн орны хууль тогтоомж болон тэдний хооронд байгуулсан эсхүл байгуулах тусгай хэлэлцээрээр зөвшөөрч болно.
(3) Өмнөх хэсэгт дурдсанаар бүтээл ашиглахдаа эх сурвалж болон зохиогчийн нэрийг дурдана.
10 bis зүйл
Бүтээлийг чөлөөтэй ашиглаж болох бусад тохиолдол.
1. Эфирт дамжуулсан тодорхой нийтлэл, бүтээл; 2. Цаг үеийн үйл явцад
үзүүлсэн буюу сонордуулсан бүтээл
(1) Эдийн засаг, улс төр болон шашны тулгамдсан асуудлаар сонин, сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл, түүнчлэн эфирт дамжуулсан ийм төрлийн бүтээлийн зохиогчийн эрхийг онцлон заагаагүй бол түүнийг сонин хэвлэлд дахин хэвлэх, эфирт буюу утсан холбоогоор дамжуулах зэргээр хуулбарлан ашиглаж нийтийн хүртээл болгохыг холбооны гишүүн орон хууль тогтоомжоороо тодорхойлох эрхээ хадгална. Гэхдээ эх сурвалжийг заавал тодорхой дурьдах бөгөөд энэ үүргийг зөрчсөний эрх зүйн үр дагаврыг хамгаалалт тогтоосон орны хууль тогтоомжоор тодорхойлно.
(2) Түүнчлэн цаг үеийн үйл явдлын явцад үзүүлсэн буюу сонордуулгын чанар агуулсан утга зохиол, урлагийн бүтээлийг мэдээллийн зорилгод тохирох хэмжээгээр гэрэл зураг, дүрс бичлэг үзүүлэх, эфирт буюу утсан холбоогоор дамжуулах зэргээр дахин ашиглаж нийтэд мэдээлэх нөхцөлийг холбооны гишүүн орон хууль тогтоомжоороо тодорхойлох эрхээ хадгална.
11 дүгээр зүйл
Жүжгийн болон хөгжмийн бүтээлийг ашиглах тодорхой эрх:
1.Нийтийн өмнө тоглох, тоглуулахаар өгөх эрх; 2.Орчуулгын талаар
(1) Жүжгийн, хөгжимт-жүжгийн ба хөгжмийн бүтээлийн зохиогч нь
(i) аливаа арга хэрэгслээр өөрийн бүтээлийг нийтийн өмнө тоглох;
(ii) өөрийн бүтээлийг аливаа арга хэрэгслээр дамжуулан нэвтрүүлж нийтийн хүртээл болгох зөвшөөрөл олгох онцгой эрхийг эдэлнэ.
(2) Жүжгийн буюу хөгжимт-жүжгийн бүтээлийн зохиогч нь түүнийг бусад хэл рүү орчуулах талаар жинхэнэ эх зохиолын хувьд эдлэх эрхийн хугацаа дуустал мөн ийм эрх эдэлнэ.
11 bis зүйл
Эфирт дамжуулах ба үүнтэй холбогдсон эрх;
1.Эфирт дамжуулах болон утасгүй холбооны бусад арга хэрэгслээр дамжуулах,
эфирт дамжуулсан бүтээлийг утсан холбоогоор дамжуулах буюу
эфирт дахин дамжуулах замаар нийтийн хүртээл болгох, эфирт дамжуулсан бүтээлийг чанга яригч болон ийм төрлийн бусад хэрэгслээр нийтийн хүртээл болгох
2.Албадан олгох лиценз; 3. Бичлэг: богино хугацаанд ашиглах бичлэг
(1) Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчид нь дараахь зүйлийг зөвшөөрөх онцгой эрхийг эдэлнэ:
(i) өөрийн бүтээлийг эфирт дамжуулах, буюу тэмдэг, авиа, дүрсийг утасгүй холбоогоор дамжуулах аливаа бусад арга хэрэгслээр нийтийн хүртээл болгох;
(ii) анхны байгууллагаас өөр байгууллага урьд эфирт цацсан бүтээлийг утсан буюу утасгүй холбооны аливаа хэрэгслээр давтан дамжуулж олонд хүртээх;
(iii) эфирт дамжуулсан бүтээлийг чанга яригч болон тэмдэг, авиа буюу дүрс дамжуулах аливаа бусад хэрэгслийн тусламжтайгаар нийтэд хүртээх.
(2) Дээрх хэсэгт дурьдсан эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг холбооны гишүүн орны хууль тогтоомжоор тодорхойлж болох бөгөөд энэхүү нөхцөл, шаардлага нь гагцхүү тухайн орны хувьд үйлчилнэ. Аль ч тохиолдолд энэхүү нөхцөл нь зохиогчийн эд хөрөнгийн бус амины эрх, түүнчлэн хэлэлцээр байгуулаагүй тохиолдолд бол зохих эрх бүхий байгууллагаас тогтоосон шударга шагнал авах эрхийг хохироож үл болно.
(3) (1) дэх хэсэгт заасан зөвшөөрөл нь хэрэв өөрөөр тогтоогоогүй бол эфирт дамжуулсан бүтээлийг дууны болон дүрс бичлэгийн хэрэгсэлд буулгаж авах зөвшөөрөл болохгүй. Гэхдээ радиогийн өргөн нэвтрүүлгийн байгууллага өөрийн хэрэгслээр өөрийн нэвтрүүлэгт зориулан богино хугацаанд ашиглах бичлэг хийх журмыг холбооны гишүүн орны хууль тогтоомжоор ийм бичлэгийг гагцхүү баримтат шинжтэйн хувьд албан ёсны архивт хадгалахыг зөвшөөрч болно.
11 ter зүйл
Утга зохиолын бүтээлийн хувьд эдлэх тодорхой эрх:
1.Нийтийн өмнө унших ба холбооны хэрэгслээр дамжуулан нийтэд хүртээх;
2.Орчуулах
(1) Утга зохиолын бүтээлийг зохиогчид нь:
(i) аливаа арга хэрэгслээр өөрсдийн бүтээлийг нийтийн өмнө унших;
(ii) өөрийн бүтээлийг уншсан нэвтрүүлгийг аливаа арга хэрэгслээр дамжуулж нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрхтэй.
(2) Утга зохиолын бүтээлийг зохиогч нь түүнийг орчуулах талаар жинхэнэ эх зохиолын хувьд эдлэх эрхийн үйлчлэх хугацаа дуусах хүртэл мөн ийм эрх эдэлнэ.
12 дугаар зүйл
Нэг төрөл зүйлээс нөгөөд шилжүүлэх, зохиомжлох болон
бусад нэмэлт, өөрчлөлт оруулах эрх
Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч нь өөрийн бүтээлд засвар оруулах, тохируулан найруулах болон бусад өөрчлөлт хийхийг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.
13 дугаар зүйл
Хөгжмийн бүтээл, түүнд хамаарах эх бичвэрийн бичлэг хийх эрхийг хязгаарлах
боломжийн тухай: 1.Албадан олгох лиценз, 2.Завсрын арга хэмжээ; 3.Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр гадаадаас оруулсан хувийг хураах
(1) Холбооны гишүүн орон бүр хөгжмийн бүтээлийн зохиогч, түүнтэй хамт бичлэг хийхийг зөвшөөрсөн аливаа эх бичвэрийн зохиогчдод олгох онцгой эрхийн талаар зохих тайлбар, нөхцөл өөрөө тогтоох, хэрэв байгаа бол ийм эх бичвэрээр хөгжмийн зохиолын бичлэг хийхийг зөвшөөрч болно; гэхдээ ийм тайлбар, нөхцөлийг гагцхүү түүнийг тогтоосон оронд сахин баримтлах бөгөөд хэлэлцээр байгуулаагүй үед зохих эрх бүхий байгууллагаас тогтоосон шагнал авах дээрх зохиогчдын эрхийг зөрчиж хэрхэвч үл болно.
(2) Ром хотноо 1928 оны 6 дугаар сарын 2-ны өдөр, мөн Брюссельд 1948 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан конвенцийн 13 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу холбооны гишүүн аль нэг оронд бүтээсэн хөгжмийн бүтээлийн бичлэгийг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсний дараа тухайн оронд хөгжмийн зохиолчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлаж болно.
(3) Энэ зүйлийн (1), (2) дахь хэсэгт заасны дагуу хийсэн бөгөөд түүнийг хууль бус гэж үздэг оронд сонирхогч талын зөвшөөрөлгүйгээр оруулсан бичлэгийг хураан авбал зохино.
14 дүгээр зүйл
Кино найруулга ба түүнд хамаарах эрх: 1.Кино зохиол болгон найруулах ба сэргээн найруулах; тараах; ийнхүү найруулсан буюу хуулбарласан бүтээлийг олны өмнө үзүүлэх ба утсан холбоогоор дамжуулан нийтэд хүртээх; 2.Кино зохиолын найруулгад засвар оруулах; 3.Албадан олгосон лицензийг үл хэрэглэх
(1) Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч нь:
(i) өөрсдийн бүтээлийг кино болгон найруулах, хуулбарлах, ийнхүү өөрчлөн найруулсан буюу хуулбарласан бүтээлээ тараах;
(ii) өөрчлөн найруулсан буюу хуулбарласан бүтээлээ олны өмнө тоглож үзүүлэх болон утсан холбоогоор дамжуулан нийтийн хүртээл болгохыг тус тус зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.
(2) Кино болгон найруулсан утга зохиол, урлагийн бүтээлийг урлагийн бусад аливаа хэлбэрээр өөрчлөн найруулахад кино найруулагчаас гадна жинхэнэ эх бүтээлийн зохиогчийн зөвшөөрөл шаардагдана.
(3) Энэ тохиолдолд 13 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн заалтыг үл хэрэглэнэ.
14 bis зүйл
Кино зургийн бүтээлийн талаарх тусгай заалт: 1.Жинхэнэ эх бүтээлтэй адилтгах; 2.Эрх эзэмшигчид: бүтээл туурвихад хувь нэмэр оруулсан тодорхой хүмүүсийн зарим эрхийг хязгаарлах; 3. Бусад хувь нэмэр оруулагчид
(1) Өөрчлөн найруулах буюу хуулбарлаж болох аливаа бүтээлийн зохиогчийн эрхийг үл хөндөн кино зургийн бүтээлийг жинхэнэ эх бүтээлийн нэгэн адил хамгаалбал зохино. Кино зургийн бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигч нь өмнөх зүйлд заасан эрхийг оролцуулан жинхэнэ эх бүтээлийн зохиогчийн нэгэн адил эрх эдэлнэ.
(2) (а) Кино зургийн бүтээл, зохиогчийн эрх эзэмшигч этгээдийг хамгаалалт тогтоосон тэр орны хууль тогтоомжоор тодорхойлно.
(b) Харин кино зургийн бүтээлийг туурвихад оролцсон зохиогчдыг уг бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчдийн тоонд оролцуулахаар хууль тогтоомждоо заасан холбооны гишүүн оронд уг бүтээлийг хуулбарлах, тараах, нийтийн өмнө тоглож үзүүлэх, утсан холбоогоор дамжуулж нийтэд хүртээх, эфирт цацах буюу бусад аргаар нийтэд таниулах, түүнчлэн түүний эх бичвэрийг дэлгэцнээ буюу хөрвүүлэх аргаар эсрэг буюу онцгой нөхцөл тогтоосноос бусад тохиолдолд татгалзах эрхгүй.
(c) Дээрх зүйлсийг хэрэглэхдээ түүнд дурьдсан үүргийг хэлэлцээр буюу түүнтэй адил бичмэл акт байгуулах эсэх тухай асуудлыг кино зургийн бүтээл туурвигчийн ажлын байр буюу байнга оршин суух газар байгаа орны хууль тогтоомжоор зохицуулна. Гэхдээ хамгаалалт тогтоосон холбооны гишүүн орон энэхүү үүргийг хэлэлцээр буюу дүйцэхүйц бичмэл актаар тодорхойлон хууль тогтоомжоор заах эрхээ хадгална. Энэ эрхийг хэрэгжүүлсэн орон энэ тухайгаа ерөнхий захиралд бичгээр мэдэгдэж, тэрээр түүнийг холбооны бусад бүх оронд нэн даруй мэдэгдэнэ.
(d) "Эсрэг буюу онцгой нөхцөл" гэдэг ойлголтод дээр дурсан үүрэгт хамаарах хязгаарлалтын бүх нөхцөл багтана.
(3) Хэрэв үндэсний хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол кино зохиол туурвигч, киноны хөгжмийг зохиогч, эх бичвэрийг зохиогч, найруулагч нарын хувьд дээрх (2) дахь хэсгийн (b) дэд хэсэгт үл хэрэглэнэ. Хэдийгээр дээр дурдсан (2) дахь хэсгийн (b) дэд хэсгийг киноны найруулагчид хэрэглэхээр хууль тогтоомждоо заагаагүй бол холбооны гишүүн орон энэ тухайгаа ерөнхий захиралд бичгээр мэдэгдэж, тэрээр түүнийг холбооны гишүүн бусад бүх оронд нэн даруй мэдэгдэнэ.
14 ter зүйл
Урлагийн бүтээл, жинхэнэ эх бүтээлийг борлуулахад "хувь тогтоож оролцох эрх":
1.Худалдаж борлуулсны орлогоос хувь хүртэх эрх;
2.Хэрэглэх хууль тогтоомж. 3.Журам
(1) Урлагийн жинхэнэ эх бүтээл болон зохиогч, хөгжмийн зохиолчдын гар бичмэлийн жинхэнэ эхийн хувьд зохиогч өөрөө, түүний нас барсны дараа үндэсний хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд буюу байгууллага уг бүтээлийг зохиогч өөрөө шилжүүлэн өгснөөс хойш худалдан борлуулах бүрт хувь хүртэх салшгүй эрх эдэлнэ.
(2) Хэрэв зохиогчийн харъяалах орны хууль тогтоомжоор зөвшөөрсөн бол дээрх хэсэгт заасан хамгаалалтыг холбооны гишүүн аливаа оронд хэрэглэж болох бөгөөд түүний хүрээ хязгаарыг хамгаалалт тогтоосон орны хууль тогтоомжоор зохицуулна.
(3) Хураамж авах журам болон мөнгөний хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно.
15 дугаар зүйл
Хамгаалах эрхийг дагаж мөрдөхөд хангах эрх:
1.Зохиогчийн нэрийг бичих буюу зохиомол нэр нь эргэлзээ үл төрүүлэх;
2.Кино бүтээлийн хувьд;
3.Нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийн хувьд;
4.Зохиогч нь үл мэдэгдэх хэвлэгдээгүй бүтээлийн тодорхой тохиолдолд
(1) Тухайн этгээд энэхүү конвенцоор хамгаалагдсан утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч мөн эсэхийг тогтоож, үүний үндсэн дээр зохиогчийн эрхийн аливаа зөрчлийг холбооны гишүүн оронд шүүхээр хэлэлцэн шийдвэрлэхийн тулд уг зохиогчийн нэрийг тухайн бүтээл дээр ердийн журмаар бичиж хэвлэсэн байвал хангалттай. Зохиогчийн сонгосон зохиомол нэр нь түүний талаар ямар ч эргэлзээ төрүүлэхгүй тохиолдолд энэхүү хэсгийн заалтыг хэрэглэж болно.
(2) Yүний эсрэг нотолгоо байхгүй бол кино зохиол дээр ердийн байдлаар нэр нь бичиж тэмдэглэгдсэн хувь хүн, хуулийн этгээдийг уг бүтээл туурвигчид тооцно.
(3) Дээрх (1) дэх хэсэгт зааснаас бусад нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээл дээр заасан хэвлэн нийтлэгч, хэрэв өөр эсрэг нотолгоо байхгүй бол, зохиогчийн эрхийг хамгаалж, түүний хэрэгжилтийг хангах бүрэн эрхтэй. Зохиогч жинхэнэ нэрээ илчилж уг бүтээлийн зохиогчийн эрхээ мэдэгдсэн үед тухайн хэсгийн заалт дуусгавар болно.
(4) (a) Хэвлэгдэж гараагүй бүтээлийн зохиогч нь үл мэдэгдэх боловч тэрээр холбооны гишүүн аль нэг оронд харьяат гэж үзэх бүрэн үндэслэлтэй бол энэхүү орны хууль тогтоомжоор уг зохиогчийг төлөөлөн түүний эрхийг хамгаалж, холбооны гишүүн оронд эрхийн хэрэгжилтийг хангах эрх мэдэл бүхий байгууллагыг тохоон томилж болно.
(b) Энэ заалтын дагуу ийм байгууллага тохоон томилсон холбооны гишүүн орон нь энэ тухайгаа ерөнхий захиралд бичгээр мэдэгдэж, уг байгууллагын тухай бүрэн тодорхой танилцуулна. ерөнхий захирал үүнийг холбоонд орсон бусад бүх оронд нэн даруй мэдэгдэнэ.
16 дугаар зүйл
Хууль бусаар хуулбарлаж тараасан бүтээл:
1.Хураах;
2.Хилээр оруулахад хураах;
3.Хэрэглэх хууль тогтоомж
(1) Бүтээлийг эрх зүйн хамгаалалтад авсан холбооны гишүүн аль ч оронд хууль бусаар хуулбарлан тараасан уг бүтээлийн хувийг хураан авбал зохино.
(2) Түүнчлэн өмнөх хэсгийн заалт нь аливаа бүтээлийг хамгаалалтад аваагүй буюу хамгаалалтын хугацаа дууссан оронд хуулбарласан хувиудад нэгэн адил хамаарна.
(3) Хураах ажиллагааг орон бүрийн хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.
17 дугаар зүйл
Бүтээлийг тараах, тоглох, үзүүлэхэд хяналт тавих боломж
Энэхүү конвенцийн дагуу эрх бүхий байгууллага уг эрхийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн бол аливаа бүтээлийг тараах, тоглох, үзүүлэхэд хууль тогтоомжоор буюу журмаар хяналт тавих, эсхүл хориглоход холбооны гишүүн аль ч орны засгийн газрын эрхийг ямар нэгэн байдлаар хөндөхгүй.
18 дугаар зүйл
Конвенцийг хүчин төгөлдөр болох үед түүнд хамаарах бүтээл:
1.Гарлын оронд хамгаалах хугацаа дуусаагүй бүтээлийг хамгаалах;
2.Хамгаалалт тогтоосон орны хамгаалах хугацаа дууссан бүтээлийг хамгаалахгүй байх;
3.Эдгээр зарчмыг хэрэглэх;
4.Тусгай тохиолдол
(1) Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болох үед гарлын орны хамгаалалтын хугацаа дуусаагүйн улмаас нийтийн хүртээл болоогүй байсан бүх бүтээлийн талаар энэхүү конвенцийн заалтыг хэрэглэнэ.
(2) Хэрэв ямар нэгэн бүтээлийн өмнөх хамгаалалтын хугацаа дуусаж хамгаалалт тогтоосон оронд нийтийн хүртээл болсон бол түүнийг тухайн оронд дахин хамгаалалтад авахгүй.
(3) Дээр дурдсан зарчмыг холбооны гишүүн орны хооронд энэ зорилгоор байгуулсан буюу байгуулах хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлнэ. Ийм хэлэлцээр байгуулаагүй тохиолдолд зохих орон бүр уг зарчмыг хэрэглэх нөхцөлийг тус тусдаа тогтооно.
(4) Холбооны гишүүн аль нэг орон шинээр элссэн, түүнчлэн 7 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалтын хүрээ өргөжсөн болон тайлбараасаа татгалзсан тохиолдолд дээрх заалтыг нэгэн адил хэрэглэнэ.
19 дүгээр зүйл
Конвенцид зааснаас илүү өргөн хамгаалалт
Холбооны гишүүн аль нэг орон илүү өргөн хүрээтэй хамгаалалтыг хууль тогтоомжоороо тогтооход энэхүү конвенцийн заалт саад болохгүй.
20 дугаар зүйл
Холбооны гишүүн орны хооронд байгуулах тусгай хэлэлцээр
Холбооны гишүүн орны засгийн газар энэхүү конвенцид тусгаснаас илүү өргөн хүрээтэй эрх зохиогчдод олгох буюу энэхүү конвенцид үл харшлах бусад заалт агуулсан тусгай хэлэлцээр хоорондоо байгуулах эрхээ хадгалан үлдэнэ. Эдгээр шаардлагыг хангаж байгуулсан хүчин төгөлдөр хэлэлцээрийн заалтыг биелүүлбэл зохино.
21 дүгээр зүйл
Хөгжиж буй оронд хамаарах тусгай заалт:
1.Нэмэлт бүлгийг иш татах;
2. Нэмэлт бүлэг энэхүү конвенцийн нэгэн хэсэг
(1) Хөгжиж буй оронд хамаарах тусгай заалтыг нэмэлт бүлэгт тусгасан болно.
(2) Энэхүү конвенцийн 28 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт зааснаар нэмэлт нь энэхүү конвенцийн салшгүй хэсэг болно.
22 дугаар зүйл
Ассамблей:
1. Ассамблейг байгуулах, түүний бүрэлдэхүүн; 2.Зорилт;
3.Кворум, санал хураалт, ажиглагчид;
4.Зарлан хуралдуулах; 5.Ажиллагааны журам
(1) (ай) Холбоо нь 22-26 дугаар зүйлийг дагаж мөрдөх холбооны гишүүн орнуудаас бүрдсэн Ассамблейтай байна.
(b) Орон бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөгч, шинжээчтэй байж болно.
(c) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.
(2) (a) Ассамблей нь:
(i) холбоог удирдах, хөгжүүлэх болон энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүх асуудлыг эрхэлнэ;
(ii) Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид “байгууллага” гэнэ) байгуулах тухай конвенцид заасан Оюуны өмчийн олон улсын товчоонд (цаашид “олон улсын товчоо” гэнэ) хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажлын талаар чиглэл өгөх бөгөөд ингэхдээ 22-26 дугаар зүйлийг заавал дагаж мөрдөхгүй холбооны гишүүн орнуудын саналд зохих анхаарал тавина;
(iii) байгууллагын ерөнхий захирлаас холбооны талаар явуулсан үйл ажиллагааны тайланг хянаж батлах, холбооны эрх мэдэлд багтах бүх асуудлаар шаардлагатай бүх зааврыг түүнд өгнө;
(iv) Ассамблейн гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгоно;
(v) гүйцэтгэх хорооны тайлан болон үйл ажиллагааг хянаж баталж, түүнд чиглэл өгнө;
(vi) холбооны хөтөлбөрийг тодорхойлж, хоёр жилийн төсөв болон түүний санхүүгийн тайланг батална;
(vii) холбооны санхүүгийн дотоод журмыг батална;
(viii) холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзэх шинжээчдийн хороо, ажлын хэсэг байгуулна;
(ix) холбооны гишүүн бус ямар орон, түүнчлэн ямар засгийн газар хоорондын болон олон улсын засгийн газрын бус байгууллагыг түүний чуулганд ажиглагчаар оролцуулж болохыг тодорхойлно;
(x) 22-26 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлтийг батална;
(xi) холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа шаардлагатай бусад арга хэмжээ авна;
(xii) энэхүү конвенцийн дагуух бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ;
(xiii) Ассамблей өөрөө зөвшөөрсөн нөхцөлд байгууллага байгуулах тухай конвенцоор тогтоосон эрхийг хэрэгжүүлнэ.
(b) Түүнчлэн Ассамблей нь байгууллагын зохицуулах хорооны саналыг сонсоод байгууллага захиргааны үүргийг гүйцэтгэдэг бусад холбооны сонирхсон асуудлаар шийдвэр гаргана;
(3) (a) Ассамблейн гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй.
(b) Ассамблейн гишүүн орны тэн хагас нь кворум бүрдүүлнэ.
(c) (b) дэд хэсгийг үл харгалзан аль нэг чуулганд Ассамблейн нийт гишүүн орны тэн хагасаас бага боловч гуравны нэг буюу түүнээс илүү гишүүн орон төлөөлөгчдөө ирүүлсэн бол Ассамблей өөрийн ажиллагааны журамд хамаарахаас бусад бүх шийдвэр гаргаж болно. Ийм шийдвэрийг гагцхүү дор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. Олон улсын товчоо нь чуулганд оролцоогүй Ассамблейн гишүүн орнуудад дээр дурдсан шийдвэрийг илгээж, уг шийдвэрийг илгээснээс хойш гурван сарын дотор эдгээр шийдвэрт санал өгч, түдгэлзсэн эсэх тухай саналаа бичгээр ирүүлэхийг хүснэ. Тогтоосон хугацаа өнгөрөх үед энэ журмаар саналаа өгсөн буюу түдгэлзсэнээ мэдэгдсэн орны тоо чуулганд хүчинтэй болоход дутуу байсан тоонд хүрч байвал зохих олонхи байна гэж үзэж шийдвэр хүчин төгөлдөр болно.
(d) 26 дугаар зүйлийн (2) дахь хэсгийг хэрэглэх тохиолдолд Ассамблей нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрээ гаргана.
(e) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.
(f) Төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж, зөвхөн түүний нэрийн өмнөөс санал өгнө.
(g) Ассамблейн гишүүн бус холбооны гишүүн орны төлөөлөгчдийг түүний чуулганд ажиглагчаар оролцуулна;
(4) (а) Онцгой тохиолдлоос бусад тохиолдолд ерөнхий захирал Ассамблейн ээлжит чуулганыг байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулдаг газарт болон хугацаанд хоёр жилд нэг удаа зарлан хуралдуулна.
(b) Ерөнхий захирал гүйцэтгэх хорооны буюу Ассамблейн гишүүн орны дөрөвний нэгийн хусэлтийн дагуу онцгой чуулганыг зарлан хуралдуулна.
(5) Ассамблей өөрийн ажиллагааны журмыг батална.
23 дугаар зүйл
Гүйцэтгэх хороо:
1. Байгуулах; 2. Бүрэлдэхүүн;
3.Гишүүдийн тоо; 4.Газар зүйн байршил; тусгай хэлэлцээр;
5.Улиран сонгох хугацаа, хязгаар, сонгуулийн дүрэм;
6.Зорилт, 7.Зарлан хуралдуулах;
8.Кворум, санал хураах;
9.Ажиглагчид; 10.Ажиллагааны журам
(1) Ассамблей гүйцэтгэх хороотой байна.
(2) (a) Гүйцэтгэх хороо нь Ассамблей Ассамблейн гишүүн орнуудаас сонгосон орнуудаас бүрдэнэ. Байгууллагын төв байр нутаг дэвсгэр дээр нь байрладаг орон 25 дугаар зүйлийн (7) дахь хэсгийн (b) дэд хэсгийн дагуу гүйцэтгэх хороонд нэг суудалтай байна.
(b) Гүйцэтгэх хорооны гишүүн орны засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.
(c) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.
(3) Гүйцэтгэх хорооны гишүүн орны тоо нь Ассамблейн гишүүн нийт орны дөрөвний нэгтэй тэнцүү байна. Эзэлбэл зохих суудлын тоог тодорхойлохдоо дөрөвт хуваасны дараахь үлдэгдлийг тооцоонд авахгүй.
(4) Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгохдоо Ассамблей газар зүйн шударга хуваарилалт болон холбоотой байгуулсан тусгай хэлэлцээрт оролцогч орнууд гүйцэтгэх хороог бүрдүүлж буй орнуудын тоонд багтах шаардлагад зохих анхаарлыг хандуулна.
(5) (а) Гүйцэтгэх хорооны гишүүн бүр түүнийг сонгосон Ассамблейн чуулган хааснаас хойш Ассамблейн дараагийн ээлжит чуулган хаах хүртэл үүргээ хэрэгжүүлнэ.
(b) Гүйцэтгэх хорооны гишүүд дахин сонгогдож болох бөгөөд гэхдээ тоо нь уг бүрэлдэхүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй.
(c) Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох, дахин сонгох тухай тодорхой дүрмийг Ассамблей тогтооно.
(6) (а) Гүйцэтгэх хороо:
(i) Ассамблейн хэлэлцэх асуудлын дэгийн төслийг бэлтгэнэ;
(ii) ерөнхий захирлын бэлтгэсэн холбооны хоёр жилийн төсөв, хөтөлбөрийн төслийн талаарх саналыг Ассамблейд оруулна;
(iii) /хасагдсан/;
(iv) ерөнхий захирлын ээлжит тайлан, санхүүгийн аудитын жилийн тайланг зохих саналын хамт Ассамблейд оруулна;
(v) Ассамблейн шийдвэрийн дагуу болон Ассамблейн ээлжит хоёр чуулганы хооронд буй болсон нөхцөл байдлыг харгалзан ерөнхий захирлаас холбооны хөтөлбөрийг биелүүлэх явдлыг хангахад шаардагдах бүх арга хэмжээ авна;
(vi) энэхүү конвенцийн дагуу түүнд оноосон бусад бүх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
(b) Гүйцэтгэх хороо нь захиргааны үүргийг нь байгууллага хэрэгжүүлдэг бусад холбооны сонирхолд хамаарах асуудлаар байгууллагын зохицуулах хорооны саналыг сонссоны дараа шийдвэр гаргана.
(7) (а) Ерөнхий захирал гүйцэтгэх хорооны ээлжит хуралдааныг аль болохоор байгууллагын зохицуулах хорооны хуралддаг газарт болон хугацаагаар жилд нэг удаа зарлан хуралдуулна.
(b) Ерөнхий захирал өөрийн санаачилгаар эсхүл хорооны даргын эсхүл гүйцэтгэх хорооны гишүүдийн дөрөвний нэгийн хүсэлтийн дагуу гүйцэтгэх хорооны онцгой хуралдааныг зарлан хуралдуулна.
(8) (а) Гүйцэтгэх хорооны гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй.
(b) Гүйцэтгэх хорооны гишүүн орны тэн хагас нь кворум бүрдүүлнэ.
(с) Санал хураалтад оролцогсдын энгийн олонхын саналаар шийдвэр гаргана.
(d) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.
(е) Төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж, зөвхөн түүний нэрийн өмнөөс санал өгнө.
(9) Гүйцэтгэх хорооны гишүүн бус холбооны гишүүн орнуудыг хуралдаанд ажиглагчаар оролцуулна.
(10) Гүйцэтгэх хороо өөрийн үйл ажиллагааны дүрмийг батална.
24 дугаар зүйл
Олон улсын товчоо:
1.Нийтлэг зорилт, ерөнхий захирал; 2.Ерөнхий мэдээлэл; 3.Сэтгүүл;
4.Бусад оронд мэдээлэх; 5.Судалгаа, үйлчилгээ; 6.Хуралдаанд оролцох;
7.Хянан өөрчлөх бага хурал; 8. Бусад зорилт
(1) (a) Холбооны захиргааны зорилтыг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай олон улсын конвенцоор байгуулагдсан холбооны товчоотой нэгдсэн холбооны товчоог залгамжилсан олон улсын товчоо хэрэгжүүлнэ.
(b) Түүнчлэн олон улсын товчоо холбооны төрөл бүрийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.
(c) Байгууллагын ерөнхий захирал холбооны гүйцэтгэх тэргүүн болох бөгөөд холбоог төлөөлнө.
(2) Олон улсын товчоо зохиогчийн эрхийг хамгаалахтай холбоотой мэдээллийг цуглуулж хэвлэн нийтэлнэ. Холбооны гишүүн орон бүр зохиогчийн эрхийг хамгаалахтай холбоотой өөрийн шинэ хууль, албан ёсны баримт бичгийг олон улсын товчоонд цаг алдалгүй өгнө.
(3) Олон улсын товчоо сар бүрийн хэвлэл гаргана.
(4) Олон улсын товчоо зохиогчийн эрхийг хамгаалах талаар холбооны гишүүн аль нэг орны хүсэлтээр мэдээллээр хангана.
(5) Олон улсын товчоо зохиогчийн эрхийг хамгаалах талаар судалгаа явуулж, зохиогчийн эрхийг хамгаалах асуудлыг дэмжихийг чиглэсэн үйлчилгээ үзүүлнэ.
(6) Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа этгээд Ассамблей, гүйцэтгэх хорооны болон аливаа бусад шинжээчдийн хороо, ажлын хэсгийн бүх хуралдаанд санал өгөх эрхгүйгээр оролцоно. Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа этгээд өөрийн албан тушаалын дагуу эдгээр байгууллагын нарийн бичгийн дарга байна.
(7) (а) Олон улсын товчоо Ассамблейгаас өгсөн чиглэлийн дагуу болон гүйцэтгэх хороотой хамтран конвенцийн 22-26 дугаар зүйлээс бусад заалтыг хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажлыг хангана.
(b) Олон улсын товчоо хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажилтай холбогдуулан олон улсын засгийн газар хоорондын болон олон улсын засгийн газрын бус байгууллагуудтай зөвлөлдөж болно.
(с) Ерөнхий захирал болон түүний томилсон этгээд тэдгээр бага хурлын хэлэлцүүлэгт санал өгөх эрхгүйгээр оролцож болно.
(8) Олон улсын товчоо түүнд оногдуулсан бусад бүх даалгаврыг гүйцэтгэнэ.
25 дугаар зүйл
Санхүү:
1.Төсөв; 2. Бусад холбоотой ажиллах;
3.Эх сурвалж; 4.Татвар: Өмнөх төсвийн хэмжээг үргэлжлүүлэх;
5.Хураамж ба төлбөр; 6.Эргэлтийн хөрөнгийн сан; 7. Зохицуулагч орны засгийн газраас олгох урьдчилгаа; 8.Аудитын шалгалт
(1) (а) Холбоо төсөвтэй байна.
(b) Холбооны төсөв нь холбооны орлого, зарлага, холбооны зардлаас холбоодод хамаарах нийтийн зардлын төсөвт орох хандив, тэрчлэн байгууллагын бага хурлын төсөвт орох зардал зэргээс бүрдэнэ.
(с) Холбоонд бус харин байгууллагын удирдлаган дор ажилладаг нэг буюу хэд хэдэн бусад холбоодод хамаарах зардлыг холбоодод хамаарах нийтийн зардал гэж үзнэ. Энэхүү нийтийн зардлаас холбоонд оногдох хувь нь тэдгээр холбоод дахь холбооны сонирхлын эзлэх хэмжээтэй адил байна.
(2) Холбооны төсвийг байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагыг харгалзан тогтооно.
(3) Холбооны төсөв дараахь эх үүсвэрээс санхүүжнэ:
(i) холбооны гишүүдийн татвар;
(ii) холбоонд хамаарах олон улсын товчооноос үзүүлсэн үйлчилгээний төлбөр, хураамж;
(iii) холбоонд хамаарах олон улсын товчооны хэвлэлийн борлуулалтын үнэ, түүнийг ашиглуулсны хураамж;
(iv) бэлэг, гэрээслэлээр шилжүүлсэн зүйл, татаас;
(v) түрээс, хувь болон бусад орлого.
(4) (а) Төсөвт төлөх татварын хэмжээг тогтоох зорилгоор холбооны гишүүн орон бүр тодорхой ангилалд хамаарах бөгөөд өөрийн жилийн татварыг дараахь байдлаар тогтоосон нэгжийн дагуу төлнө:
ангилал I 25
ангилал II 20
ангилал III 15
ангилал IV 10
ангилал V 5
ангилал VI 3
ангилал VII 1
(b) Аль ангилалд орохоо урьдчилан тогтоогүй бол орон бүр батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөхийн хамт хамаарахыг байхыг хүсэж байгаа ангиллыг заана. Аливаа орон бүр өөрийн ангиллыг сольж болно. Хэрэв тухайн орон доогуур ангиллыг сонговол, энэ өөрчлөлтийн тухайгаа Ассамблейд ээлжит чуулганы үеэр мэдэгдэнэ. Уг өөрчлөлт нь тэр тухай мэдэгдсэн чуулганы дараачийн хуанлийн жилийн эхнээс хүчин төгөлдөр болно.
(с) Орон бүрийн жилийн татвар нь түүний нэгжийн тоог татвар төлж байгаа бүх орны нэгжийн нийлбэрт харьцуулах хэлбэрээр тогтоосон, холбооны төсөвт төлөх нийт татварт эзлэх хувьтай тэнцүү байна.
(d) Татварыг жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төлнө.
(е) Өмнөх хоёр бүтэн жилд өгөх ёстой татварын хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш өртэй орон холбооны аливаа байгууллагад санал өгөх эрхгүй. Гэхдээ төлбөрийг хойшлуулсан нь онцгой болон зайлшгүй нөхцөл байдлаас үүдэлтэй гэж үзэх тохиолдолд тэрхүү хугацаанд холбооны аль нэг байгууллага тухайн оронд санал өгөх эрхээ үргэлжлүүлэн эдлэхийг зөвшөөрч болно.
(f) Хэрэв төсвийг санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө батлаагүй бол, төсөв нь санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адил хэмжээтэй байна.
(5) Холбооны нэрийн өмнөөс олон улсын товчооны үзүүлсэн үйлчилгээний төлбөрт авах төлбөр, хураамжийн хэмжээг ерөнхий захирал тогтоож, Ассамблей болон гүйцэтгэх хороонд тайлагнана.
(6) (а) Холбоо нь холбооны гишүүн орон бүрээс өгөх нэг удаагийн төлбөрөөс бүрдэх эргэлтийн хөрөнгийн сантай байна. Хэрэв эргэлтийн хөрөнгийн сан хангалтгүй бол Ассамблей түүнийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
(b) Дурдсан санд орон бүрийн төлөх анхны татварын хэмжээ буюу энэ санг нэмэгдүүлэхэд төлөх орон бүрийн хувь хэмжээ нь санг байгуулсан жил, эсхүл түүнийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан жилд тухайн орноос төлөх татварын хувьтай адил байна.
(с) Энэ харьцаа, төлбөрийн нөхцөлийг ерөнхий захирлын саналын үндсэн дээр болон байгууллагын зохицуулах хорооны зөвлөмжийг авсны дараа Ассамблей тогтооно.
(7) (а) Байгууллагын төв байр нь нутаг дэвсгэрт нь байрладаг оронтой байгуулах төв байрны тухай хэлэлцээрт эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болох тохиолдолд тухайн орон урьдчилгаа олгох тухай тусгана. Энэ урьдчилгааны хэмжээ болон урьдчилгаа олгох нөхцөлийг тусдаа байгууллага, тухайн орон хоорондын хэлэлцээрээр зохицуулна. Тэр орон урьдчилгаа өгөх үүрэг өөртөө хүлээж байгаа хугацаандаа гүйцэтгэх хороонд суудалтай байна.
(b) (а) дэд хэсэгт дурдсан орон ба байгууллага аль аль нь урьдчилгаа өгөх үүргээ бичгээр мэдэгдэх замаар цуцлах эрхтэй. Цуцлалт мэдэгдэл үйлдсэн жилийн төгсгөлөөс хойш гурван жилийн дараа хүчин төгөлдөр болно.
(8) Санхүүгийн аудитыг санхүүгийн журмын дагуу холбооны нэг буюу хэд хэдэн орон эсхүл гадны байцаагч хийнэ. Тэднийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр Ассамблей томилно.
26 дугаар зүйл
Нэмэлт, өөрчлөлт:
1.Ассамблей нэмэлт, өөрчлөлт оруулж болох заалт, санал; 2. Батлах; 3.Хүчинтэй болгох
(1) 22, 23, 24, 25 дугаар зүйл болон энэхүү зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Ассамблейн гишүүн аль ч орон, гүйцэтгэх хороо эсхүл ерөнхий захирал гаргаж болно. Ерөнхий захирал ийм саналыг Ассамблейн чуулганаар хэлэлцэхээс наад зах нь зургаан сарын өмнө Ассамблейн гишүүн орон бүрт илгээнэ.
(2) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг Ассамблей дөрөвний гуравын олонхын саналаар батална. Гэхдээ 13 дугаар зүйл болон энэхүү хэсэгт оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг санал хураалтын тавны дөрвийн олонхын саналаар батална.
(3) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь уг нэмэлт, өөрчлөлтийг баталсан үед Ассамблейн гишүүн байсан орны дөрөвний гурав нь өөрсдийн үндсэн хуулийн журмын дагуу тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан мэдэгдлийг ерөнхий захирал хүлээж авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно. Дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг түүнийг хүчин төгөлдөр болох хугацаанд Ассамблейн гишүүн байсан орнууд буюу түүнээс хойш Ассамблейн гишүүн болсон бүх орон заавал дагаж мөрдөнө. Гэхдээ холбооны гишүүн орны санхүүгийн хүлээх үүргийг өндөржүүлэх талаар аливаа нэмэлт, өөрчлөлтийг тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл гаргасан орон л дагаж мөрдөнө.
27 дугаар зүйл
Хянан өөрчлөх:
1.Зорилго; 2. Бага хурал; 3. Батлах;
(1) Холбооны тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор энэхүү конвенцийг хянан өөрчилж болно.
(2) Энэ зорилгоор холбооны гишүүн орон бүрт ээлж дараалан холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийг оролцуулсан бага хурлыг зохион байгуулна.
(3) 22-26 дугаар зүйлд оруулах нэмэлттэй өөрчлөлттэй холбоотой 26 дугаар зүйлийн заалтыг харгалзан энэхүү акт болон түүний нэмэлт бүлгийг хянан өөрчлөхөд санал нэгтэй шийдвэр шаардагдана.
28 дугаар зүйл
Энэхүү актыг хүлээн зөвшөөрөх бөгөөд акт холбооны гишүүн орны хувьд хүчин төгөлдөр болох:
1.Соёрхон батлах, нэгдэн орох; зарим заалтыг хасах, заалтыг буцаан хэрэглэх;
2. 1-21 дүгээр зүйл болон нэмэлт бүлэг хүчин төгөлдөр болох;
3. 22-38 дугаар зүйл хүчин төгөлдөр болох;
(1) (а) Энэхүү актад гарын үсэг зурсан холбооны гишүүн аливаа орон түүнийг соёрхон баталж болох ба хэрэв түүнд гарын үсэг зураагүй бол түүнд нэгдэн орж болно. Батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгийг ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.
(b) Холбооны гишүүн аливаа орон нэгдэн орсон тухай баримт бичиг эсхүл батламж жуух бичигтээ ийнхүү соёрхон батлах буюу нэгдэн орох нь 1-21 дүгээр зүйл болон нэмэлт бүлэгт хамаарахгүй гэдгийг мэдэгдэж болно, гэхдээ тухайн орон урьд нь нэмэлт бүлгийн VI зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийсэн бол дээр дурдсан баримт бичигт тухайн орны соёрхон батлах буюу нэгдэн орох нь зөвхөн 1-20 дүгээр зүйлд хамаарахгүй гэж мэдэгдэж болно.
(c) (b) дэд хэсэгт заасны дагуу соёрхон батлах буюу нэгдэн орох нь дээр дурдсан заалтуудад хамаарахгүйг мэдэгдсэн холбооны гишүүн аливаа орон соёрхон баталсан буюу нэгдэн орсныгоо тэдгээр зүйлд хамааруулах болсноо хожим ямар ч үед мэдэгдэж болно. Энэ мэдэгдлийг ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.
(2) (a) Дор дурдсан хоёр нөхцөл бүрдсэнээс хойш гурван сарын дараа 1-21 дүгээр зүйл болон нэмэлт бүлэг хүчин төгөлдөр болно. Yүнд:
(i) доод тал нь холбооны гишүүн таван орон 1 дүгээр зүйлийн (b) дэд хэсгийн заалтын дагуу мэдэгдэл хийхгүйгээр энэхүү актыг соёрхон батлах буюу нэгдэн орох;
(ii) Франц, Испани, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улс 1971 онд 7 дугаар сарын 24-ний өдөр Парис хотноо хянан өөрчилсөн Зохиогчийн эрхийн тухай түгээмэл конвенцид нэгдэн орох.
(b) (а) дэд хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болох нь (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан мэдэгдлийг хийхгүйгээр батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ дээр дурдсанаар хүчин төгөлдөр болохоос гурван сараас доошгүй хугацааны өмнө хадгалуулахаар өгсөн холбооны гишүүн орнуудад хамаарна.
(c) 1-21 дүгээр зүйл, нэмэлт бүлэг нь (b) дэд хэсэгт үл хамаарах бөгөөд (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан мэдэгдлийг хийхгүйгээ энэхүү актыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон холбооны гишүүн аливаа орны хувьд батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичигтээ хожуу хугацаа заагаагүй тохиолдолд эдгээр баримтыг бичгийг хадгалуулахаар өгснийг ерөнхий захирал мэдэгдсэн өдрөөс хойш гурван сарын дараа энэхүү конвенцийн хүчин төгөлдөр болно. Хожуу хугацаа заасан орны хувьд 1-21 дүгээр зүйл болон нэмэлт бүлэг нь тухайн заасан хугацаанд хүчин төгөлдөр болно.
(d) Энэ зүйлийн (а) дэд хэсгээс (с) дэд хэсэг хүртэл заалт нь нэмэлт бүлгийн VI зүйлийг хэрэглэхэд нөлөөлөхгүй.
(3) 22-38 дугаар зүйл нь (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан мэдэгдэл хийж буюу хийлгүйгээр энэхүү актыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон холбооны гишүүн аливаа орны хувьд батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичигтээ хожуу хугацаа заагаагүй бол эдгээр баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай ерөнхий захирал мэдэгдсэн өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. Хожуу хугацаа заасан орны хувьд 22-38 дугаар зүйл болон нэмэлт бүлэг нь тухайн заасан хугацаанд хүчин төгөлдөр болно.
29 дүгээр зүйл
Холбооны гишүүн бус орон хүлээн зөвшөөрөх, тэдний хувьд хүчин төгөлдөр болох;
1.Хүлээн зөвшөөрөх; 2.Хүчин төгөлдөр болох;
(1) Холбооны гишүүн бус аливаа орон энэхүү актад нэгдсэн, конвенцид оролцогч тал болон холбооны гишүүн орон болж болно. Нэгдэн орсон тухай баримт бичгийг ерөнхий захиралд хадгалуулна.
(2) (a) Энэхүү конвенц нь (b) дэд хэсэгт заасныг харгалзан холбооны гишүүн бус орны хувьд нэгдэн орсон тухай баримт бичигтээ хожуу хугацаа заагаагүй тохиолдолд түүний нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн тухай ерөнхий захирал мэдэгдсэн өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. Хожуу хугацаа заасан орны хувьд энэхүү конвенц нь тухайн заасан хугацаанд хүчин төгөлдөр болно.
(b) 28 дугаар зүйлийг (2) дахь хэсгийн (а) дэд хэсэгт заасны дагуу 1-21 дүгээр зүйл болон нэмэлт бүлэг нь (а) дэд хэсэгт зааснаас өмнө байвал тухайн орон энэ хооронд 1-21 дүгээр зүйл, нэмэлт бүлгийн оронд энэхүү конвенцийн Брюсселийн актын 1-20 дугаар зүйлийг дагаж мөрдөнө.
29 bis зүйл
ДОӨБ байгуулах тухай конвенцийн 14 дүгээр зүйлийн (2) дахь хэсгийн зорилгоор энэхүү актыг хүлээн зөвшөөрсний үр дагавар
Энэхүү конвенцийн Стокгольмын актын 22-38 дугаар зүйлийг дагаж мөрддөггүй аливаа орон энэхүү актыг соёрхон баталсан, эсхүл түүнд нэгдэн орсныг Байгууллага байгуулах тухай конвенцийн 14 дүгээр зүйлийн (2) дахь хэсгийн зорилгоор Стокгольмын актын 28 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсгийн (i)-д заасан хязгаарлалттай уг актад нэгдэн орсон буюу соёрхон баталсанд тооцно.
30 дугаар зүйл
Тайлбар:
1.Тайлбар хийхийг боломжийг хязгаарлах; 2.Өмнө нь хийсэн тайлбар; орчуулгын эрхийн талаарх тайлбар; тайлбарыг хасах
(1) Энэ зүйлийн (2) дахь хэсэг, 28 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэг, 33 дугаар зүйлийн (2) дахь хэсэг болон нэмэлт бүлгийн дагуу зөвшөөрөгдсөн тохиолдлоос бусад тохиолдолд конвенцийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон орон энэхүү конвенцийн бүх заалтыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдож, уг конвенцоор олгосон бүх давуу эрхийг эдэлнэ.
(2) (а) Энэхүү aктыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон холбооны гишүүн аливаа орон нэмэлт бүлгийн V зүйлийн (2) дахь хэсгийг харгалзан батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай бичгээ хадгалуулахаар өгөх үед өмнө нь хийсэн тайлбараа хэвээр үлдээх тухай мэдэгдэх тохиолдолд уг тайлбараа хадгалж болно.
(b) Холбооны гишүүн бус аливаа орон энэхүү конвенцид нэгдэн орохдоо болон нэмэлт бүлгийн V зүйлийн (2) дахь хэсгийг харгалзан орчуулгын талаарх энэхүү актын 8 дугаар зүйлийн оронд 1896 онд Парист эцэслэсэн 1886 оны холбооны тухай конвенцийн 5 дугаар зүйлийн заалтыг ядаж түр хугацаанд хэрэглэх саналтай байгаагаа мэдэгдэж болох бөгөөд эдгээр заалт нь гагцхүү тухайн оронд нийтлэг хэрэглэдэг хэлнээ орчуулахад хамаарна гэдгийг ойлгон зөвшөөрсөн байвал зохино. Нэмэлт бүлгийн I зүйлийн (6) дахь хэсгийн (b) дэд хэсгийг харгалзан холбооны гишүүн аливаа орон гарлын орон нь ийм тайлбар хийсэн орон байх бүтээлийн орчуулгын бүтээлийн хувьд гарлын орон болох тухайн орны олгож буй хамгаалалттай эн тэнцүү хамгаалалтыг эдлэх эрхтэй.
(c) Аливаа орон ерөнхий захиралд мэдэгдсэнээр ийм нэмэлт тайлбараа ямар ч үед буцааж болно.
31 дүгээр зүйл
Зарим нутаг дэвсгэрт хэрэглэх:
1.Мэдэгдэл; 2.Мэдэгдлээ буцаах; 3.Хүчинтэй хугацаа;
4. Бодит байдлыг хүлээн зөвшөөрсөнд үл тооцох;
(1) Аливаа орон батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичигтээ, эсхүл үүнээс хойш ямар ч үед ерөнхий захиралд мэдэгдэх бичиг илгээх замаар энэхүү конвенцийг мэдэгдэлд дурдсан түүний олон улсын харилцаанд хариуцлагын хүрээнд хариуцдаг нутаг дэвсгэрийн бүхэлд нь эсхүл хэсэгт нь хэрэглэх тухайгаа мэдэгдэж болно.
(2) Ийнхүү мэдэгдсэн аливаа орон энэхүү конвенцийг дээр дурдсан нутаг дэвсгэрийн бүхэлд нь эсхүл хэсэгт нь хэрэглэхээ болих тухайгаа ерөнхий захиралд ямар ч үед мэдэгдэж болно.
(3) (а) (1) дэх хэсгийн дагуу хийсэн аливаа мэдэгдэл нь соёрхон баталсан буюу нэгдэх орсон нь хүчин төгөлдөр болох өдөр хүчинтэй болох бөгөөд мөн хэсгийн дагуу илгээсэн мэдэгдэх бичгийг илгээсэн тухай ерөнхий захирал мэдэгдсэнээс хойш гурван сарын дараа хүчинтэй болно.
(b) (2) дахь хэсэгт заасны дагуу илгээсэн аливаа мэдэгдэх бичиг нь уг бичгийг ерөнхий захирал хүлээн авснаас хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно.
(4) Энэхүү зүйлийг холбооны гишүүн орон (1) дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийсний нь дагуу бусад холбооны гишүүн орон энэхүү конвенцийг хэрэглэх нутаг дэвсгэрийн талаарх бодит байдлыг аяндаа хүлээн зөвшөөрсөн буюу зөвшөөрсөнд тооцно гэж үзэхгүй.
32 дугаар зүйл
Энэхүү акт болон өмнөх актыг хэрэглэх:
1.Холбооны гишүүн болсон орнуудын хооронд; 2.Холбоонд элсэж байгаа аливаа орнууд болон холбооны гишүүн орнуудын хооронд; 3.Зарим харилцаанд нэмэлт бүлгийг хэрэглэх
(1) Энэхүү акт холбооны гишүүн орнууд хоорондын харилцааны хувьд болон уг актыг хэрэглэх хүрээнд 1886 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Бернийн конвенц болон түүнийг хянан өөрчилсөн дараагийн актыг орлоно. Энэхүү актыг соёрхон батлаагүй, эсхүл түүнд нэгдэн ороогүй холбооны орнуудын хувьд өмнөх актууд бүхэлд нь, эсхүл дээр дурдсан өгүүлбэрийн дагуу орлогдохгүй хэсгийг үргэлжлүүлэн дагаж мөрдөнө.
(2) Энэхүү актад оролцогч тал болсон холбооны гишүүн бус орон (3) дахь хэсгийг харгалзан энэхүү актыг дагаж мөрддөггүй буюу дагаж мөрддөг хэдий ч 28 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасны дагуу мэдэгдэл хийсэн холбооны гишүүн аливаа орны хувьд энэхүү актыг хэрэглэнэ. Тухайн орон дээр дурдсан холбооны орон тухайн орны хувьд
(i) өөрийн дагаж мөрддөг хамгийн сүүлийн актын заалтыг хэрэглэж болно;
(ii) нэмэлт бүлгийн 1 дүгээр зүйлийн (6) дахь хэсгийг харгалзан хамгаалалтынхаа хэмжээг энэхүү aктад заасан түвшинд нийцүүлэх эрхтэйг хүлээн зөвшөөрнө.
(3) Нэмэлт бүлэгт заасан аливаа эрх буюу боломжийг хэрэглэсэн орон бүр уг эрх буюу боломжид хамаарах нэмэлт бүлэгт тусгасан заалтыг энэхүү актад нэгдэн ороогүй холбооны аль ч орны хувь тухайн орон дээрх заалтыг хэрэглэхийг зөвшөөрсөн нөхцөлд хэрэглэж болно.
33 дугаар зүйл
Маргаан:
1.Олон улсын шүүхийн эрх мэдэл; 2.Энэ эрх мэдлийн талаарх тайлбар;
3.Тайлбарыг хасах
(1) Энэхүү конвенцийг хэрэглэх буюу тайлбарлах талаар холбооны хоёр буюу түүнээс илүү гишүүн орны хооронд гарсан аливаа маргааныг хэлэлцээрийн замаар шийдвэрлэж чадаагүй бөгөөд дээрх орон маргаанаа өөр аргаар зохицуулах талаар харилцан тохиролцоогүй бол холбогдох орны аль нэг нь Олон улсын шүүхийн дүрмийн дагуу мэдүүлэг гаргах замаар уг маргааныг Олон улсын шүүхэд шилжүүлж болно. Мэдүүлэг гаргасан орон энэ тухайгаа олон улсын товчоонд мэдэгдэж, тэрээр энэ тухай холбооны бусад оронд сонордуулна.
(2) Аливаа орон энэхүү актад гарын үсэг зурах, эсхүл батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх үед (1) дэх хэсгийн заалтыг дагаж мөрдөхгүйгээ мэдэгдэж болно. Ийм орон болон холбооны гишүүн бусад аливаа орон хоорондын маргаанд (1) дэх хэсгийн заалт хамаарахгүй.
(3) Энэ зүйлийн (2) дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэл гаргасан аливаа орон ерөнхий захиралд мэдэгдсэнээр ямар ч үед уг мэдэгдлээсээ татгалзаж болно.
34 дүгээр зүйл
Өмнө нь гарсан зарим актын талаар тавих хориг:
1.Өмнөх актын талаар; 2.Стокгольмын актын протокол
(1) 29 bis зүйлийг харгалзан аль ч орон 1-21 дүгээр зүйл болон нэмэлт бүлэг хүчин төгөлдөр болсноос хойш энэхүү конвенцийн өмнөх актыг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орж үл болно.
(2) 1-21 дүгээр зүйл болон нэмэлт бүлэг хүчин төгөлдөр болсноос хойш аль ч орон Стокгольмын актын нэмэлт протоколын хөгжиж буй оронд хамаарах 5 дугаар зүйлд заасан мэдэгдэл хийж үл болно.
35 дугаар зүйл
Конвенцийн үйлчлэх хугацаа:
1.Хязгааргүй хугацаа; 2.Цуцлах боломж;
3.Цуцлалт хүчин төгөлдөр болох хугацаа; 4.Цуцлахыг хойшлуулах
(1) Энэхүү конвенцийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг хязгаарлахгүй.
(2) Аливаа орон ерөнхий захиралд мэдэгдэх замаар энэхүү актыг цуцалж болно. Ийм цуцлалт нь өмнөх бүх актад хамаарахаас гадна зөвхөн мэдэгдэл гаргасан орны хувьд хүчинтэй бөгөөд холбооны бусад орны хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
(3) Энэ цуцлалт нь ерөнхий захирал мэдэгдлийг авснаас хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.
(4) Энэ зүйлд заасан цуцлах эрхийг аль ч орон холбооны гишүүн болсон өдрөөсөө хойш таван жилийн хугацаанд эдлэхгүй.
36 дугаар зүйл
Конвенцийг хэрэглэх: 1.Шаардлагатай арга хэмжээ авах үүрэг. 2.Yүрэг үүсэх үе
(1) Энэхүү конвенцид оролцогч орон бүр өөрийн Үндсэн хуулийн дагуу энэхүү конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.
(2) Энэхүү конвенцид нэгдэн орж буй орон бүр тухайн үед өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу энэхүү конвенцийн заалтыг хэрэгжүүлж чадахуйц байвал зохино.
37 дугаар зүйл
Төгсгөлийн заалт
1.Актын хэл; 2.Гарын үсэг; 3. Баталгаажуулсан хувь; 4. Бүртгэл; 5.Мэдэгдэл
(1) (а) Энэхүү актыг англи, франц хэлээр нэг хувь үйлдэж үзэглэх бөгөөд (2) дахь хэсгийг харгалзан ерөнхий захиралд хадгалуулна.
(b) Албан ёсны эх бичвэрийг ерөнхий захирал сонирхогч засгийн газартай зөвлөлдсөний дараа араб, испани, итали, герман, португали хэл болон Ассамблейн тодорхойлох бусад хэлээр үйлдэнэ.
(c) Аливаа эх бичвэрийг тайлбарлахад санал зөрөлдвөл франц хэлээрх эх бичвэрийг баримтална.
(2) Энэхүү акт 1972 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна. Энэ өдрийг хүртэл 1 дүгээр зүйлийн (а) дэд хэсэгт заасан хувийг Франц Улсын Засгийн газарт хадгалуулна.
(3) Ерөнхий захирал нь энэхүү актыг үзэглэсэн хоёр хувийг холбооны бүх орны засгийн газарт, түүнчлэн өөрсдийн хүссэнээр бусад аливаа орны засгийн газарт илгээнэ.
(4) Ерөнхий захирал энэхүү актыг Нэгдсэн Yндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.
(5) Ерөнхий захирал нь гарын үсэг зурсан, нэгдэн орсон тухай баримт бичиг буюу батламж жуух бичгээ хадгалуулахаар ирүүлсэн эдгээр баримт бичигт дурдсан буюу 28 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэг, 30 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (а) болон (b) дэд хэсэг, мөн 33 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасны дагуу гаргасан мэдэгдлийн тухай, энэхүү актын аливаа зүйл хүчин төгөлдөр болсон тухай, цуцалсан тухай мэдэгдэх бичиг болон 30 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (c) дэд хэсэг, 31 дүгээр зүйлийн (1), (2) дахь хэсэг, 33 дугаар зүйлийн (3) болон 38 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу илгээсэн мэдэгдэл, түүнчлэн нэмэлт бүлэгт дурдсан мэдэгдлийн тухай холбооны гишүүг бүх оронд сонордуулна.
38 дугаар зүйл
Шилжилтийн заалт:
1."Таван жилийн" онцгой эрх эдлэх; 2.Холбооны товчоо;
3.Холбооны товчоог залгамжлах
(1) Энэхүү актыг соёрхон батлаагүй буюу түүнд нэгдэн ороогүй бөгөөд энэхүү конвенцийн Стокгольмын актын 22-26 дугаар зүйлийг дагаж мөрддөггүй холбооны гишүүн орон, хэрэв хүсвэл, эдгээр зүйлээр олгосон эрхийг 1975 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл дээрх зүйлийг дагаж мөрддөгийн адил эдэлж болно. Ийм эрх эдлэхийг хүссэн аливаа орон энэ тухай ерөнхий захиралд бичгээр мэдэгдэх бөгөөд ерөнхий захирал мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн мэдэгдэл хүчин төгөлдөр болно. Эдгээр орон дээрх хугацаа хүртэл Ассамблейн гишүүнд тооцогдоно.
(2) Холбооны гишүүн бүх орон байгууллагын гишүүн болох хүртэл байгууллагын олон улсын товчоо нь холбооны товчооны үүргийг, ерөнхий захирал нь дурдсан товчооны захирлын үүргийг тус тус гүйцэтгэнэ.
(3) Холбооны гишүүн бүх оронд байгууллагын гишүүн болмогц холбооны товчооны эрх, үүрэг, эд хөрөнгө нь байгууллагын олон улсын товчоонд шилжинэ.
НЭМЭЛТ БYЛЭГ
ХӨГЖИЖ БУЙ ОРОНД ХАМААРАХ ЗААЛТ
I зүйл
Хөгжиж буй оронд үзүүлэх хөнгөлөлт:
1.Yзүүлэх хөнгөлөлт, мэдэгдэл; 2.Мэдэгдлийн хүчинтэй байх хугацаа; 3.Хөгжиж буй орны статусыг зогсоох; 4.Нөөц хувь; 5.Тодорхой нутаг дэвсгэрийн талаарх мэдэгдэл; 6.Харилцан үйлчлэх хязгаар
(1) Нэгдсэн Yндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд тогтсон практикийн дагуу хөгжиж байгаад тооцогддог аливаа орон энэхүү нэмэлт бүлгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь болсон энэхүү конвенцийг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохдоо өөрийн эдийн засгийн байдал болон нийгэм, соёлын хэрэгцээг цэгнэж энэхүү актад тусгасан бүх эрхийг хамгаалах заалтыг нэн даруй хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл II зүйлд заасан хөнгөлөлт буюу III зүйлд заасан хөнгөлөлт эсхүл энэ хоёр хөнгөлөлтийн аль алийг нь ашиглах тухайгаа нэгдэн орсон тухай барим бичиг буюу батламж жуух бичгээ ерөнхий захиралд хадгалуулахдаа мэдэгдэх, эсхүл V дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэгт заасан хожим дуртай цагтаа сонордуулах замаар мэдэгдэж болно. Тухайн орон II зүйлд заасан хөнгөлөлтийг ашиглахын оронд V дугаар зүйлийн (1) дэх хэсгийн (а) дэд хэсгийн дагуу мэдэгдэл гаргаж болно.
(2) (а) 1-21 дүгээр зүйл, энэхүү заалт нь 28 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор энэ зүйлийн (1) дэх хэсэгт зааснаар гаргасан аливаа мэдэгдэл нь уг хугацаа дуустал хүчин төгөлдөр байна. Ийм мэдэгдлийг дараагийн 10 жил бүтнээр буюу хэсэгчлэн сэргээж болох бөгөөд гагцхүү тухайн 10 жилийн хугацаа дуусахаас 15-аас илүүгүй, 3-аас доошгүй сарын өмнө мэдэгдэх бичгээ ерөнхий захиралд хадгалуулахаар ирүүлсэн байвал зохино.
(b) 10 жилийн хугацаа дууссанаас хойш энэ зүйлийн (1) дэх хэсгийн дагуу гаргасан аливаа мэдэгдэл нь 1-21 зүйл болон нэмэлт бүлэг хүчин төгөлдөр болсны дараа 28 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт зааснаар тухайн 10 жилийн хугацаа дуусах хүртэл хүчинтэй байна. Аливаа ийм мэдэгдлийг (а) дэд хэсгийн 2 дахь өгүүлбэрт зааснаар сэргээж болно.
(3) Энэ зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу хөгжиж буй оронд тооцогдож байснаа больсон холбооны гишүүн аливаа орон (2) дахь хэсэгт заасны дагуу мэдэгдлээ сэргээж болохгүйгээс гадна өөрийн мэдэгдлийг албан ёсоор буцааж авах эсэхээс үл хамааран тухайн 10 жилийн хугацаа буюу хөгжиж байгаа орон гэж тооцогдохоо больсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрснөөс хойш хэдийгээр тухайн 10 жилийн хугацаа дуусаагүй байсан ч (1) дахь хэсэгт дурдсан хөнгөлөлтийг ашиглах эрхгүй.
(4) Энэ зүйлийн (1), (2) дахь хэсгийн дагуу гаргасан мэдэгдэл хүчингүй болох үеэр энэхүү нэмэлт бүлгийн дагуу олгосон лицензээр хэвлэсэн бүтээлийн нөөц хувь өөр газар байгаа бол түүнийг тарааж дуусгана.
(5) Энэхүү актын заалтыг хүлээн зөвшөөрч үүрэг хүлээсэн аливаа орон (1) дэх хэсэгт дурдсан оронтой адилтгаж үзэх нөхцөлтэй аль нэг нутаг дэвсгэрт хамааруулан хэрэглэх тухай 31 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн дагуу мэдэгдэл буюу мэдэгдэх бичиг хадгалуулахаар өгсөн бол дээрх нутаг дэвсгэрийн талаар (1) дэх хэсэгт дурдсан мэдэгдэл гаргах болон (2) дахь хэсэгт дурдсанаар мэдэгдлээ шинэчлэх тухай мэдэгдэх бичиг ирүүлж болно. Ийм мэдэгдэл буюу мэдэгдэх бичиг хүчин төгөлдөр байх хугацаанд дээр дурдсан нутаг дэвсгэрийн хувьд энэхүү нэмэлт бүлгийн заалтыг хэрэглэнэ.
(6) (а) аливаа орон (1) дэх хэсэгт заасан хөнгөлөлтийг ашиглах нь тус оронд анх туурвисан бүтээлийн хувьд өөр аливаа орон 1-20 дугаар зүйлийн дагуу олгох үүрэгтэй хамгаалалтаас бага хэмжээтэй хамгаалалт хийх шалтгаан болох учиргүй.
(b) V зүйлийн (1) дэх хэсгийн (а) дэд хэсгийн мэдэгдэл гаргасан орон гарлын орон болох бүтээлийн хувьд 1 зүйлийн (1) дэх хэсгийн (3)-т зааснаар хэрэглэх хугацаа дуусах өдрөөс өмнө 30 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (b) дэд хэсгийн 2 дахь өгүүлбэрт дурдсан эн тэнцүү хамгаалалт хэрэглэх эрхийг ашиглаж үл болно.
II зүйл
Орчуулгын эрхийг хязгаарлах:
1.Эрх бүхий байгууллагаас олгох лиценз; 2-4. Лиценз олгох нөхцөл; 5.Лиценз олгох зорилго; 6.Лиценз хүчингүй болох; 7.Тайлбар зургаас бүрдсэн бүтээл; 8.Ашиглалтаас хассан бүтээл; 9.Эфирт нэвтрүүлэг хийдэг байгууллагад олгох лиценз
(1) Энэ зүйлд дурдсан хөнгөлөлтийг ашиглах тухайгаа мэдэгдсэн аливаа орон хэвлэсэн буюу өөр иймэрхүү хэлбэрээр хуулбарласан бүтээлийн хувьд 8 дугаар зүйлд заасан орчуулгын онцгой эрхээ IV зүйлийг харгалзан дор дурдсан нөхцөлтэйгөөр зохих эрх бүхий байгууллагаас олгох онцгой бус, бусдад үл шилжүүлэх лицензийн тогтолцоогоор сольж болно.
(2) (а) Энэ зүйлийн (3) дахь хэсэгт заасныг харгалзан хэрэв бүтээлийг анх хэвлэн гаргаснаас хойш 3 жил буюу үндэсний хууль тогтоомжоор илүү урт хугацаа дуусах хүртэл уг бүтээлийг тухайн оронд нийтлэг хэлээр орчуулан гаргаагүй бол орчуулах эрх бүхий этгээд буюу түүний зөвшөөрөлтэйгөөр тухайн орны аливаа харьяат дээр дурдсан бүтээлийг нийтлэг хэлээр орчуулж хэвлэх буюу ижил төстэйгөөр хуулбарлан гаргах лиценз авч болно.
(b) Түүнчлэн тухайн хэл рүү орчуулсан бүх номыг борлуулж тарааж дууссан бол энэ зүйлд заасан нөхцөлөөр лиценз олгож болно.
(3) (а) Холбооны гишүүн нэг буюу хэд хэдэн хөгжингүй оронд нийтлэг бус хэлээр орчуулга хийх тохиолдолд 2 дахь хэсгийн (а)-д заасан 3 жилийн оронд нэг жилийн хугацааг хэрэглэнэ.
(b) Энэ зүйлийн (1)-д дурдсан аливаа орон нийтлэг хэл бүхий холбооны гишүүн хөгжингүй оронтой санал нэгтэй харилцан тохиролцсоноор тухайн хэл дээр хийсэн орчуулгын хувьд (2) дахь хэсгийн (а) дэд хэсэгт заасан 3 жилийг нэг жилээс доошгүй богино хугацаагаар сольж болно. Харин энэ нь англи, франц, испани хэлэнд үл хамаарна. Ийнхүү харилцан зөвшилдсөн засгийн газар аливаа ийм тохиролцооны тухай ерөнхий захиралд мэдэгдэнэ.
(4) (а) Энэхүү зүйлийн заалтын дагуу гурван жилийн дараа авах лицензийг дор дурдсан өдрөөс хойш 6 сар өнгөртөл, нэг жилийн дараа авах лицензийг мөн дор дурдсан өдрөөс хойш 9 сар өнгөртөл тус тус олгож үл болно. Yүнд:
(i) лиценз авахыг хүсэгч этгээд IV дүгээр зүйлийн (1) зүйлд дурдсан шаардлагыг биелүүлсэн өдөр;
(ii) xэрэв орчуулах эрх эзэмшигч этгээдийн нэр буюу хаяг мэдэгдэхгүй байвал лиценз авахыг хүсэгч этгээд лиценз олгох эрх мэдэл бүхий байгууллагад өгсөн мэдүүлгийнхээ хуулбарыг IV зүйлийн (2) дахь хэсэгт зааснаар явуулсан өдөр болно.
(b) Мэдүүлэгт дурдсан хэлээр хийсэн орчуулгыг орчуулах эрхтэй этгээд буюу түүний зөвшөөрөлтэйгөөр дээрх 6 буюу 9 сарын хугацаанд хэвлэж гаргасан бол энэ зүйлд заасан лиценз олгохгүй.
(5) Энэ зүйлд заасны дагуу аливаа лицензийг гагцхүү сургалт буюу эрдэм шинжилгээний зорилгоор олгоно.
(6) Орчуулах эрхтэй этгээд буюу түүний зөвшөөрөлтэйгөөр аль нэг бүтээлийн орчуулгыг хэвлэн гаргаж тухайн оронд иймэрхүү төрлийн бүтээгдэхүүнд тогтоосон ердийн үнээр борлуулж байгаа бол хэл агуулгаараа ойролцоо орчуулгын талаар энэхүү зүйлд заасны дагуу олгосон лиценз хүчингүй болох бөгөөд лиценз хүчингүй болохоос өмнө хэвлэн гаргасан бүх номыг тарааж борлуулж дуусгана.
(7) Гол төлөв тайлбар зургаас бүтсэн бүтээлийн хувьд гагцхүү III зүйлд заасан нөхцөлийг нэгэн адил биелүүлэх тохиолдолд эх бичвэрийг орчуулж хэвлэн гаргах, зургийг хэвлэх гаргах лиценз олгоно.
(8) Зохиогч өөрийн бүтээлийн бүх хувийг борлуулж тараахаа больж татан авсан бол энэ зүйлд зааснаар лиценз олгож үл болно.
(9) (а) Хэвлэлийн буюу дахин хуулбарлах өөр иймэрхүү хэлбэрээр гаргасан бүтээлийг орчуулах лицензийг (1) дэх хэсэгт заасан оронд ажлын төв байр бүхий радио нэвтрүүлгийн байгууллагад Энэхүү байгууллагаас дээр дурдсан орны эрх мэдэл бүхий байгууллагад гаргасан мэдүүлгийн үндсэн дээр олгож болох бөгөөд гагцхүү доорхи дурдсан нөхцөлийг биелүүлсэн байвал зохино. Yүнд:
(i) тухайн орны хууль тогтоомжийн дагуу хэвлэсэн болон олж авсан хувиас орчуулга хийх;
(ii) гагцхүү сургалт, боловсролын зорилготой эсхүл тусгай техникийн буюу эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг тодорхой мэргэжлийн мэргэжилтэн нарт түгээн хүргэх зориулалт бүхий радио нэвтрүүлэгт тухайн орчуулгыг ашиглах;
(iii) орчуулгыг гагцхүү (ii)-т заасан зорилго бүхий тухайн орны сонсогчдод зориулан хууль зүйн дагуу явуулах нэвтрүүлэгт түүнчлэн зөвхөн ийм нэвтрүүлэгт хэрэглэхийн тулд хийсэн дуун буюу дүрс бичлэгийн тусламжтайгаар явуулах нэвтрүүлэгт хэрэглэх;
(iv) аливаа орчуулгыг арилжааны зорилгоор үл ашиглах.
(b) Энэ хэсгийн дагуу олгосон лицензийн үндсэн дээр радио нэвтрүүлгийн байгууллагаас хийсэн орчуулгын дуун буюу дүрс бичлэгийг хэрэв тухайн байгууллага зөвшөөрсөн бол (а) дэд хэсэгт дурдсан зорилго нөхцөлийг баримтлан эрх мэдэл бүхий байгууллага нь лиценз олгосон оронд ажлын түр байр нь оршдог аливаа бусад радио нэвтрүүлгийн байгууллага ашиглаж болно.
(c) Түүнчлэн энэ зүйлийн (а) хэсэгт дурдсан бүх шаардлага нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд зөвхөн системтэй сургалтад хэрэглэхээр үйлдэж гаргасан дуун ба дүрс бичлэгт орсон аливаа эх бичвэрийг орчуулах лицензийг радио нэвтрүүлгийн байгууллагад олгож болно.
(d) Энэ зүйлийн (а)-(c) дэд хэсэгт дурдсаныг харгалзан өмнөх зүйлүүдийн заалтыг тус хэсгийн дагуу лиценз олгох, хэрэгжүүлэхэд хэрэглэнэ.
III зүйл
Хуулбарлан нийтлэх эрхийг хязгаарлах:
1.Эрх мэдэл бүхий байгууллагаас олгосон лиценз; 2-5.Уг лицензийг олгох нөхцөл; 6.Лиценз хүчингүй болгох; 7.Энэ зүйлд хамаарах
(1) Энэ зүйлд дурдсан хөнгөлөлтийг ашиглах тухайгаа мэдэгдсэн аливаа орон 9 дүгээр зүйлд заасан хуулбарлан нийтлэх дархан эрхээ IV зүйлийг харгалзан дор дурдсан нөхцөлтэйгөөр зохих эрх бүхий байгууллагаас олгох онцгой бус, бусдад үл шилжүүлэх лицензийн тогтолцоогоор сольж болно.
(2) (а) Хэрэв (7) дахь хэсэгт зааснаар энэ зүйлийг хамааруулан хэрэглэх бүтээлийн хувьд:
(i) тухайн хэвлэлийг анх нийтлэн гаргасан өдрөөс эхлэн тооцох 3 дугаар зүйлд заасан хугацаа;
(ii) Мөн өдрөөс эхлэн тооцох (1) дэх хэсэгт дурдсан орны үндэсний хууль тогтоомжоор тодорхойлсон аливаа өөр урт хугацаа тус тус дууссаны дараа ийм хэвлэлийн хувийг зургаан сарын дотор тухайн оронд нийтэд буюу түүний зөвшөөрөлтэйгөөр тухайн оронд ийм төрлийн бүтээлийн хувьд тогтоосон нийтэд буюу тогтмол сургалтад зориулан ийм төрлийн хэвлэлийн тогтоосон үнээр худалдаж борлуулаагүй бол түүнээс хямд үнээр хэвлэн тарааж болно.
(b) (а) дэд хэсэгт заасны дагуу тараасан хэвлэлийн хэвлэлийн хугацаа дууссанаас хойш зөвшөөрөгдсөн хувийг 6 сарын дотор тухайн оронд нийтэд буюу сургалтад зориулан ийм төрлийн хэвлэлийн тогтоосон үнээр худалдаж борлуулаагүй бол уг хэвлэлийг хуулбарлаж нийтлэн гаргах лицензийг энэхүү зүйлд заасны нөхцөлийн дагуу олгож болно.
3) Дор дурдсанаас бусад тохиолдолд (2) дахь хэсгийн (а) дэд хэсгийн (i)-т заасан хугацаа таван жил байна. Yүнд:
(i) математик, техникийг оролцуулан байгалийн ба нарийн шинжлэх ухааны бүтээлүүдийн хувьд энэ хугацаа 3 жил байна, эсхүл
(ii) урлагийн, яруу найргийн, жүжгийн ба хөгжмийн бүтээл, түүнчлэн урлагийн номын хувьд энэ хугацаа 7 жил байна.
(4) (а) Энэ зүйлийн дагуу 3 жилийн дараа олгож болох ямар ч лицензийг:
(i) IV зүйлийн (1) дэх хэсэгт заасан шаардлагыг биелүүлсэн өдрөөс;
(ii) хэрэв дахин нийтлэх эрхтэй этгээдийн овог нэр буюу хаяг мэдэгдэхгүй байвал IV зүйлийн (2) дахь хэсэгт заасанчлан өөр этгээд лиценз олгох эрх мэдэл бүхий байгууллагад гаргасан мэдүүлгийнхээ хуулбарыг илгээсэн өдрөөс хойш 6 сар өнгөртөл олгохгүй.
(b) Хэрэв өөр урт хугацааны дараа олгох лицензийн хувьд IV зүйлийн (2) дахь хэсгийг хэрэглэж болохоор байвал мэдүүлэг, мэдэгдлийн хуулбарыг илгээсэн өдрөөс хойш 3 сар өнгөртөл ямар ч лицензийг олгож үл болно.
(c) Дээр дурдсан зургаа, гурван сарын хугацаанд тухайн хэвлэлийг (2) (а)-д зааснаар тарааж борлуулсан бол ямар ч лиценз олгохгүй.
d) Хэрэв өөр этгээд дахин хэвлэж гаргах лиценз авахыг хүссэн аливаа бүтээлийн бүх хувийг зохиогч нь өөрөө борлуулж тараахаа больж татан авсан бол ямар ч лиценз олгохгүй.
(5) Дор дурдсан тохиолдолд аливаа бүтээлийн орчуулгыг дахин хэвлэж гаргах лицензийг энэ зүйлд зааснаар олгохгүй. Yүнд:
(i) орчуулгыг орчуулга хийх эрхтэй этгээд өөрөө буюу түүний зөвшөөрөлтэйгөөр гаргаагүй;
(ii) лиценз авах хүсэлт гаргасан оронд нийтлэг бус хэлээр орчуулга хийсэн тус тус болно.
(6) Дахин хэвлэх эрхтэй этгээд буюу түүний зөвшөөрөлтэйгөөр өөр этгээд (1) дэх хэсэгт заасан оронд ийм хувийг нийтэд буюу тогтмол сургалтад зориулан тухайн оронд гол төлөв хэрэглэдэг үнээр борлуулан тараах тохиолдолд хэрэв ийм бүтээлийг лицензээр гаргасан хэвлэлийн адил хэл дээр, агуулга ойролцоогоор гаргасан бол, энэхүү зүйлийн дагуу олгосон лиценз хүчингүй болно. Лиценз хүчингүй болохоос өмнө хэвлэн гаргасан бүх хувийг борлуулан тарааж дуусгана.
(7) (а) Энэ зүйлийн (b) дэд хэсэгт заасныг харгалзан энэ зүйлийн заалтыг зөвхөн хэвлэлийн буюу хуулбарлан гаргах иймэрхүү өөр хэлбэрээр нийтэлсэн бүтээлд хамааруулан хэрэглэнэ.
(b) Түүнчлэн энэхүү зүйл зөвхөн тогтмол сургалтад зориулан үйлдэж хууль зүйн дагуу гаргасан дууны ба дүрс бичлэг, түүнд орсон зохиогчийн эрхээр хамгаалагдах аливаа бүтээл, түүнчлэн уг бичлэгт орсон аливаа эх бичвэрийн лиценз авахыг хүссэн оронд нийтлэг хэлнээ хөрвүүлсэн орчуулга тус тус хамаарна.
IV зүйл
II, III дугаар зүйлийн дагуу олгох лицензүүдэд хамаарах нийтлэг заалт:
1-2.Лиценз олгох журам; 3.Зохиогч бүтээлийн нэрийг заах;
4. Бүтээлийн хувийг гадаадад гаргах; 5.Мэдэгдэх бичиг; 6.Нөхөн төлбөр
(1) Лиценз авахыг хүссэн этгээд орчуулга хийж хэвлүүлэх буюу ном хэвлэл хуулбарлан нийтэлж гаргах эрх бүхий этгээдэд зөвшөөрөл авахаар хандаж татгалзсан хариу авсан эсхүл зохих ёсоор хүчин чармайлт гаргасан боловч ийм эрх эдлэх этгээдийг тогтоож чадаагүйгээ тухайн оронд тогтоосон журмаар нотолж чадсан гагцхүү энэ тохиолдолд II, III зүйлийн дагуу лиценз олгоно. Хүсэлт гаргагч лиценз авахаар хандахдаа (d) дэд хэсэгт дурдсан үндэсний буюу олон улсын аль нэг мэдээллийн төвд сонордуулна.
(2) Эрх эзэмшигч этгээдийг тогтоох бололцоогүй бол лиценз авахыг хүсэгч нь лиценз олгох эрх мэдэл бүхий байгууллагад гаргасан мэдүүлгийнхээ хувийг тухайн бүтээл дээр овог нэр нь бичигдсэн хэвлэгч, түүнчлэн харилцан мэдээлэх тусгай журамд дурдсан аливаа үндэсний буюу олон улсын төвд баталгаатай агаарын шуудангаар илгээхээс гадна нийтлэгчээс мэргэжлийн үйл ажиллагааны үндсэн хэсгийн явуулдаг Засгийн газарт уламжлуулахаар ерөнхий захиралд явуулна.
(3) II буюу III дугаар зүйлийн дагуу олгосон лицензээр хэвлэн гаргасан буюу орчуулж нийтэлсэн ном, хэвлэлийн бүх хувь дээр бүтээлийн гарчиг, зохиогчийн овог нэрийг заасан байвал зохино. Орчуулж нийтлэх аль ч тохиолдолд жинхэнэ гарчгийг бүх хувь дээр хэвлэсэн байвал зохино.
(4) (a) II буюу III дугаар зүйлийн дагуу олгосон аливаа лиценз нь бүтээлийг гадаадад гаргахад үл хамаарах бөгөөд гагцхүү лиценз авсан оронд орчуулж буюу хуулбарлаж хэвлэн гаргахад хүчин төгөлдөр байна.
(b) (a) дэд хэсгийн зорилгоор гадаадад гаргах гэдгийг бүтээлийн хувийг аливаа дэвсгэр нутгаас түүний талаар I зүйлийн (5) дахь хэсгийн дагуу мэдэгдэл хийсэн оронд илгээх гэж ойлговол зохино.
(c) Англи, испани францаас бусад аливаа хэлнээ орчуулга хийх лицензийг II зүйлийн дагуу олгосон орны засгийн газрын буюу өөр байгууллага ийм лицензээр хэвлэсэн орчуулгын хувийг өөр оронд илгээхдээ дор дурдсан 4 нөхцөлийг биелүүлсэн бол (а) дэд хэсэгт заасан утгаар гадаадад гаргасан гэж үзэхгүй. Yүнд:
(i) хүлээн авагч нь лиценз олгосон оронд, эсхүл ийм харьяатуудыг нэгтгэсэн байгууллага байх;
(ii) орчуулгын хувийг гагцхүү дунд, их сургуульд буюу судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглах;
(iii) арилжааны зорилгоор бус дээрх хувийг илгээн хүлээн авагчид тараах;
(iv) эдгээр хувийг хүлээн авч буй орон нь лиценз олгосон оронтой тохиролцож түүнийг хүлээн авч тараахдаа зөвшөөрсөн бөгөөд лиценз олгосон орны засгийн газар нь ийм хэлэлцээрийн тухай ерөнхий захиралд мэдэгдсэн байх.
(5) II буюу III зүйлд заасан журмаар олгосон лицензээр хэвлэн гаргасан бүх хувь нь гагцхүү уг лицензийн хамаарах орон буюу дэвсгэр нутагт тараах ёстойг зохих хэлээр дурдаж тэмдэглэсэн мэдэгдэх бичигтэй байна.
(6) (а) Тухайн орны хэмжээнд дор дурдсан болзлыг хангах шаардлагатай арга хэмжээ авна. Yүнд:
(i) зохих хоёр орны этгээд чөлөөтэй хэлэлцээр хийхдээ гол төлөв хэрэглэдэг шан харамжийн хэмжээнд тохирох шударга нөхөн төлбөр орчуулгын эрх буюу дахин хэвлэх эрх эзэмшигч этгээдэд өгөхөөр лицензэд заасан байх;
(ii) нөхөн төлбөрийг олгох ба гуйвуулах;
Хэрэв үндэсний тусгай валютын журам байдаг бол тухайн орны эрх бүхий байгууллага олон улсын механизмын тусламжтайгаар уг нөхөн төлбөрийг чөлөөтэй хөрвөх валютаар буюу түүний эквивалентаар гуйвуулах талаар бүх хүчин чармайлтаа дайчилна.
b) Тодорхой ном хэвлэлийг зөв орчуулах буюу хуулбарлан дахин хэвлэх талаар үндэсний хууль тогтоомжоор шаардлагатай арга хэмжээ авна.
V зүйл
Орчуулгын эрхийг хязгаарлах талаар шилж сонгох боломж:
1.Yүний тулд 1886 оны актуудад заасан дотоод журам; 2. II зүйлийн дагуу дотоод журмыг өөрчилж үл болох; 3.Шилж сонгох хугацаа
(1) (а) II зүйлд заасан хөнгөлөлтийг ашиглахаар мэдэгдэх эрх бүхий аливаа орон үүний оронд энэхүү актыг соёрхон батлах буюу шууд нэгдэн орох:
(i) хэрэв энэхүү конвенцийн 30 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (а) дэд хэсэгт тухайн оронд хамаарах бол энэ зүйлд заасан журмаар орчуулах эрхийнхээ талаар мэдэгдэл хийж болно;
(ii) хэрэв тухайн орны хувьд 30 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (а) дэд хэсэгт хамаарахгүй тэр ч бүү хэл холбооны гишүүн бус бол 30 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (b) дэд хэсгийн эхний ангид заасны дагуу мэдэгдэл хийж болно.
b) Энэхүү нэмэлт бүлгийн I зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу тухайн орон хөгжиж буй оронд тооцогдохоо больсон бол энэ хэсгийн дагуу гаргасан мэдэгдэл нь 1 дүгээр зүйлийн (3) дахь хэсэгт заасны дагуу хэрэглэх хугацаа дуусах хүртэл хүчин төгөлдөр байна.
(c) Энэ хэсгийн дагуу мэдэгдэл гаргасан аливаа орон уг мэдэгдлийг буцааж авсан тохиолдолд ч гэсэн II дугаар зүйлд заасан хөнгөлөлтийг цаашид ашиглах эрхгүй болно.
(2) Энэ зүйлийн (3) дахь хэсгийг харгалзан II дугаар зүйлд заасан хөнгөлөлтийг ашигласан аливаа орон (1) дэх хэсгийн дагуу цаашид мэдэгдэл гаргаж үл болно.
(3) I дүгээр зүйлийн (1) дэх хэсэгт зааснаар хөгжиж буй оронд тооцохоо больсон аливаа орон 1 дүгээр зүйлийн (3) дахь хэсэгт зааснаар хэрэглэх хугацаа дуусахаас 2 жилийн өмнө тухайн орон холбооны гишүүн бус байлаа ч гэсэн 30 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (b) дэд хэсгийн эхний ангид заасан зорилгоор мэдэгдэл гаргаж болно.
VI зүйл
Нэмэлт бүлгийн зарим заалтыг тухайн орон түүнд нэгдэн орохоос өмнө хэрэглэж болох боломж:
1.Мэдэгдэл; 2.Мэдэгдлийг хадгалуулахаар өгөх ба хүчин төгөлдөр болох хугацаа
(1) Холбооны гишүүн аливаа орон энэхүү актын батлагдсан өдрөөс эхлэн 1-21 дүгээр зүйл болон энэхүү нэмэлт бүлгийн дагуу үүрэг хүлээх хүртэл дараахь мэдэгдлийг гаргаж болно. Yүнд:
(i) хэрэв тухайн орон 1-21 дүгээр зүйл болон энэхүү нэмэлт бүлгээр холбоотой нь хувьд I дүгээр зүйлийн (1) дэх хэсэгт дурдсан хөнгөлөлтийг ашиглах эрхтэй бол дараахь хэсгийн дагуу II буюу III дугаар зүйлийг хэрэглэхээр ямар нэг бүтээлийн гарлын орон доорх (ii)-т заасны дагуу зөвшөөрсөн тохиолдолд II буюу III зүйлийг хэрэглэхээ мэдэгдэж болно. Ийм мэдэгдэлд II зүйлийн оронд V зүйлийг иш татаж болно;
(ii) түүнчлэн энэхүү нэмэлт бүлгийг тухайн орон гарлын орон нь болох бүтээлийн хувьд дээрх хэсэгт зааснаар мэдэгдэх бичиг илгээсэн улсуудаас хэрэглэхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдэж болно.
(2) дээрх (i)-т заасны дагуу, эсхүл (1) дэх хэсгийн дагуу гаргасан аливаа мэдэгдлийг бичгээр үйлдэж ерөнхий захиралд хадгалуулна. Уг мэдэгдэл нь түүнийг хадгалуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно.