A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 91 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

                                    ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 91 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

                 /УДШ-ийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Нэг. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг дор дурьдсанаар тайлбарласугай.

1. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах үйлдэл нь шууд буюу шууд бус санаатай байх бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотойн байхын гадна энэ хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх болон 93 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх шинжийг агуулаагүй байдгаараа ялгагдана.

Хүндрүүлэх нөхцөл байдалгүй тухайлбал, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус үйлдэл, ажиллагаа, эсхүл хүмүүсийн хоорондын маргаан, үүнээс үүдэн гарсан зодооны явц дунд хүнийг санаатай алсан, түүнчлэн зовж тарчилсан хүнийг өөрийнх нь хүсэлтээр алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх ба энэ тохиолдолд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх учиртай.

2. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан этгээдийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн хоёр буюу түүнээс дээш хүндрүүлэх шинжүүдийг нэгэн зэрэг агуулж байвал тухайн хэсгийн аль тохирох заалтуудыг давхар хэрэглэн зүйлчлэх бөгөөд энэ нь гэмт этгээдэд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх үндэслэл болно гэж үзвэл зохино.

3. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.1-д заасан "шунахайн сэдэлтээр" хүнийг алсан гэмт хэрэг нь хохирогчийн мөнгө, эд хөрөнгө, орон сууц эзэмших болон өмчлөх, өв залгамжлах зэрэг бусад эрхийг олж авах, эсхүл өр төлбөрөөс чөлөөлөгдөх, бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй хүнийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх зэрэг материаллаг зардал гаргахаас зайлсхийх гэсэн сэдэлтээр үйлдэгдэж болно. Тэгэхдээ хүн алах гэсэн шунахай санаа зорилго нь хохирогчийг алах гэмт үйлдлээс өмнө үүссэн байхыг анхаарах нь зүйтэй.

4. Мөн зүйл, хэсгийн 91.2.2-т заасан "танхайн сэдэлтээр" гэдгийг тодорхойлохын тулд юуны өмнө Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан "Олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн…" үйлдэл байсан эсэхийг зөв тогтоох нь зүйтэй. "Танхайрах" гэдэг нь иргэд хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээгээр хэрэгжиж тогтсон ёс суртахууны болон хүмүүсийн зан үйлтэй холбогдох нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журмыг зөрчин тухайн орчиндоо илтэд хүндэтгэлгүй хамаа бус хандсан, үйлдэлдээ элдэв цээртэй хараалын болон бусдын нэр төрийг басамжлан доромжилсон үгийг ичгүүргүйгээр зарлан түгээх, бусад руу хүч хэрэглэн довтлох, зодох, ингэхдээ элдэв юмсыг эсхүл зэвсэг хэрэгсэл түүнтэй адилтгах зүйлсийг хэрэглэх, хэрэглэхээр завдах, эсхүл үүнийгээ хатуу ширүүн үгээр илэрхийлэн орчны хүмүүсийг айлган сүрдүүлж түгшээх, жигшил дургүйцлийг төрүүлэх зэргээр хэрцгий догшин авирлан нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн шууд санаатай үйлдэл байхыг ойлгоно.

5. Мөн зүйл, хэсгийн 91.2.3-т заасан "өс хонзонгоор" гэдэг нь гэм буруутай этгээд бусдын хууль зүй, нийтийн ёс суртахуунд нийцсэн ба нийцээгүй ямар нэг үйлдэл эс үйлдэхүйн нь төлөө "өөрт нь таалагдаагүй" гэх сэдэлт үндэслэлээр дургүйцэн өсөрхөж хохирогчоос хариу авах, хорсол тайлах гэсэн зорилгоор хүнийг алсан байхыг ойлгоно.

Харин гэм буруут этгээд болон хохирогч нарын хоорондын эд зүйлийн болон ахуйтай холбоотой маргааны шинжтэй таарамжгүй харилцаанаас үүдсэн сэдэлтээр хүнийг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэл болно.

6. Мөн зүйл, хэсгийн 91.2.4-т заасан "захиалгаар" гэдэгт гэмт этгээд нь ямар нэг тодорхой этгээд буюу захиалагчийн хүсэлтээр түүнээс эдийн ба эдийн бус шан харамж болон тодорхой болзол бүхий амлалт авч хүнийг санаатай алсныг ойлгоно.

Захиалагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 35.2 болон 37.4-т заасныг журамлан энэ хуулийн 91.2.4-т зааснаар ял шийтгэл оногдуулна.

7. Мөн зүйл, хэсгийн 91.2.5-д заасан "хохирогчийн цус, эд, эрхтнийг ашиглах зорилгоор" гэдэг нь гэмт этгээд өөрийн болоод бусдын бие, эд эрхтнийг нөхөн сэргээх, аль нэг эрхтнийг орлуулан сольж ашиглах зэргээр, эсхүл бусдад худалдаж ашиг олох гэсэн шунахай сэдэлтээр хүнийг шууд санаатай алсныг хэлнэ.

Хэрэв энэ хэргийг үйлдэх явцдаа хохирогчийг тарчилган зовоож онц харгис хэрцгий арга хэрэглэсэн байвал Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар давхар зүйлчлэх нь зүйтэй.

8. Мөн зүйл, хэсгийн 91.2.6-д заасан "өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор" гэдэгт өөрийн болон бусдын үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж байгаа гэмт хэргийг гэрчлэх буюу мэдээлж болзошгүй гэсэн, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд саад учруулж болзошгүй гэсэн сэдэлтээр хүнийг алахыг хамааруулан ойлгоно.

9. Мөн зүйл, хэсгийн 91.2.7-д заасан "уулгалан довтлох буюу дээрэмдэх хэргийг үйлдэхдээ" гэдэг нь гэмт этгээд зохион байгуулалттай, зэвсэг бүхий бүлэгт биечлэн оролцож иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад уулгалан довтолсон, эсхүл бусдыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүнийг санаатай алсныг хэлнэ.

Эдгээр нь биеэ даасан тусдаа гэмт хэрэг учир Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь заалтаас гадна мөн хуулийн 180 буюу 147 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилж нийлмэл гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Хэрэв үйлдсэн гэмт хэргээ нуух гэсэн санаа зорилгоор хүнийг санаатай алсан бол 91.2.6-д зааснаар давхар зүйлчилж байвал зохино.

10. Мөн зүйл, хэсгийн 91.2.8-д заасан "хүн хулгайлах буюу бусдыг барьцаанд авах гэмт хэрэг үйлдэхдээ" гэдэг нь хүн хулгайлах, эсхүл бусдыг барьцаанд авах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийг эсвэл өөр хүнийг санаатай алсан байхыг хэлэх ба гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ заалтаас гадна Эрүүгийн хуулийн 108, 112 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилнэ.

Хэрэв хүн хулгайлах, хүнийг барьцаалах гэмт хэргийг үйлдэх явцад хүний амь насыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохироосон байвал энэ заалтад хамаарахгүй, харин Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсгийн аль тохирохоор зүйлчлэх үндэслэл болно.

11. Мөн зүйл, хэсгийн 91.2.9-д заасан "онц аюултай гэмт хэрэгтэн" үйлдсэн гэдэг нь гэмт этгээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 24 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээс нэгэнт тооцогдсон этгээд хүнийг санаатай алсан байхыг хэлнэ.

12. Мөн зүйл, хэсгийн 91.2.10-т заасан "хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн" гэдэгт урьд нь хүнийг санаатай алсан буюу алахаар завдсан /санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчирдсан үед бусдыг санаатай алах гэмт хэрэг хамаарахгүй/ гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэн буюу шийтгүүлээгүй этгээд дахин энэ хэргийг үйлдсэний аль аль нь хамаарах бөгөөд уг этгээд эдгээр хэргийнхээ алинд ч Эрүүгийн хуулийн 72, 73, 76, 78 дугаар зүйлд заасан журмаар эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөгдөөгүй байна.

13. Мөн зүйл, хэсгийн 91.2.11-д заасан "бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл" гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолд тайлбарласнаар ойлгож хэрэглэнэ.

14. Мөн зүйл, хэсгийн 91.2.12-т заасан "онц харгис хэрцгий аргаар" гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийн нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулна.

15. Мөн зүйл, хэсгийн 91.2.13-т заасан "нийтэд аюултай аргаар" гэдэг нь гэмт этгээд тодорхой хүнийг алах гэсэн санаагаа хэрэгжүүлэхдээ хохирогчоос гадна бусад хүмүүсийн амь насанд бодитой аюул учруулж болох арга тухайлбал барилга байшин шатаасан, дэлбэлсэн, хорт хий болон бусад үй олноор нь хөнөөх чадал бүхий хими, биологийн зэвсэг хэрэглэсэн байх ба гэм буруутай этгээд өөрийн энэ үйлдлийн хор холбогдлыг ойлгож ухамсарласан санаатай үйлдэл байна.

.16. мөн зүйл, хэсгийн 91.2.14-т заасан "хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж" гэдэг нь гэмт этгээд хохирогчийн жирэмсэн гэдгийг түүний гадаад төрх байдал, хоорондын харилцаа эсхүл бусад эх сурвалжаас лавтай мэдэж байсан атлаа санаатай алсан байхыг хэлнэ.

17. Мөн зүйл, хэсгийн 91.2.15-д заасан "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж" гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, эрхтэн дутуу, мөн биеийн ерөнхий хөгжлөөр үзтэл сул дорой эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болохыг нь мэдсээр байж хүнийг санаатай алсан байхыг ойлгоно.

18. Мөн зүйл, хэсгийн 91.2.16-д заасан "хоёр буюу түүнээс олон хүнийг" алсан гэдэг нь гэмт этгээд хоёр буюу түүнээс олон хүнийг алах гэсэн нэгдмэл нэг санаа зорилгоо нэг цаг хугацаанд эсхүл ямар нэг тодорхой цаг хугацааны дараа хэрэгжүүлсэн байхыг хэлнэ.

Хэрэв энэхүү санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ хохирогчдоос бусад хүмүүсийн амь биед аюултай арга хэрэглэсэн байвал 91.2.13-т зааснаар давхар зүйлчлэх нь зүйтэй.

19. Мөн зүйл, хэсгийн 91.2.17-д заасан "албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан хүнийг өөрийг нь буюу түүний ойрын төрөл, садангийн хүнийг" алсан гэдэг нь гэмт этгээд хохирогч, эсхүл түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, ойр дотнын хүнийг хохирогчийн гүйцэтгэж байсан албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлэх ажиллагааг нь зогсоох, түүнд саад болох, түүнчлэн энэхүү үүрэгтэй нь холбогдуулан хүнийг санаатай алахыг хэлнэ.

20. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн орон цаг, арга хэрэгсэл, хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг тал бүрээс нь бодитой нягтлан тогтоосон байвал зохино

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.ТӨРБАТ