A

A

A

Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЭХЧҮҮДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 103 ДУГААР КОНВЕНЦ (ХЯНАЖ ӨӨРЧИЛСӨН)

1952 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталж, 1955 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон 



Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь,
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1952 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Женев хотноо зарлан хуралдуулсан гучин тав дугаар чуулганаараа,
Чуулганы хэлэлцэх асуудлын долдугаар зүйл болох эхчүүдийг хамгаалах тухай тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж,
Эдгээр саналыг олон улсын Конвенцийн хэлбэрээр батлан гаргахаар тогтож,
Нэг мянга есөн зуун тавин хоёр оны зургаадугаар сарын хорин наймны энэ өдөр дараахь Конвенцийг Эхчүүдийг хамгаалах тухай 1952 оны (хянан өөрчилсөн) конвенц хэмээн нэрлэхээр тохиролцож батлав:
1 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенц нь аж үйлдвэрийн газар ажилладаг эмэгтэйчүүд хийгээд аж үйлдвэрийн бус болон хөдөө аж ахуйн салбарт ажилладаг, түүнчлэн гэрээрээ ажиллан орлого олж буй эмэгтэйчүүдэд хамаарна.
2. Энэхүү Конвенцийн зорилгоор “аж үйлдвэрийн газар” гэсэн нэр томьёонд улсын ба хувийн үйлдвэр, тэдгээрийн салбар хамаарах бөгөөд нэн ялангуяа:
(а) уурхай, ил уурхай болон эрдэс олборлох бусад газар;
(b) эд зүйл үйлдвэрлэх, өөрчлөх, цэвэрлэх, засварлах, чимэглэх, бэлэн болгох, худалдах зорилгоор бэлтгэх, задлах буюу нураах үйлдвэр, эсхүл хөлөг онгоцны үйлдвэр, цахилгаан эрчим хүч, хөдөлгүүр үйлдвэрлэх, хувьсгах ба дамжуулах үйлдвэр зэрэг материалыг өөрчлөн боловсруулдаг үйлдвэр;
(c) барилга барих, сэргээн босгох, засварлах, өөрчлөх, нураах, буулгах зэрэг барилгын болон зам гүүрийн инженерийн үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрийн газар;
(d) хөлөг онгоцны засварын газар, зогсоол, усан боомт, агуулах буюу нисэх онгоцны буудалд ачааг ачих, буулгах, зөөж хураах ажлыг оролцуулан авто зам, төмөр зам, далай, гол мөрний болон агаарын замаар зорчигч буюу бараа тээвэрлэх ажил үйлчилгээ эрхэлдэг үйлдвэрийн газар.
3. Энэхүү Конвенцийн зорилгоор “аж үйлдвэрийн бус ажил” гэсэн нэр томъёонд дараахь буюу тэдгээртэй холбоотой ажил гүйцэтгэх улсын буюу хувийн үйлдвэрийн газар хамаарна:
(а) худалдааны байгууллага;
(b) шуудан ба цахилгаан холбооны алба;
(c) ажилтнууд нь гол төлөв бичиг хэргийн ажил эрхэлдэг байгууламж болон захиргааны байгууллага;
(d) сонины газар;
(e) зочид буудал, хөлсний байр, зоогийн газар, клуб, цайны болон хоол ундны бусад газар;
(f) өвчтэй, тахир дутуу буюу нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс, өнчрөгсдийг эмчлэн сувилах, асрах байгууллага;
(g) театр болон нийтийн үзвэр үйлчилгээний газар;
(h) айлд хөлсөөр хийх ахуйн ажил;
түүнчлэн эрх бүхий байгууллагаас энэхүү Конвенцийн заалтыг хэрэглэхээр шийдвэрлэсэн аж үйлдвэрийн бус бусад ажил.
4. Энэхүү Конвенцийн зорилгоор “хөдөө аж ахуйн ажил” гэсэн нэр томьёонд тариалангийн аж ахуй болон их хэмжээнд үйлдвэржсэн хөдөө аж ахуйн үйлдвэрийн газрыг оруулан хөдөө аж ахуйн үйлдвэрийн газарт гүйцэтгэж байгаа бүх ажил хамаарна.
5. Тодорхой үйлдвэр, түүний салбар буюу ажлын төрөлд энэхүү Конвенцийг хэрэглэх талаар эргэлзээ гарвал эрх бүхий байгууллага ажил олгогч буюу ажилчдыг төлөөлөх байгууллагууд буй тохиолдолд тэдгээр байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээрх асуудлыг шийдвэрлэнэ.
6. Тухайн улсын хууль тогтоомжид тодорхойлсон ёсоор гагцхүү ажил олгогчийн гэр бүлийн гишүүд ажилладаг үйлдвэрийн газрыг энэхүү Конвенцийн үйлчлэх хүрээнээс үндэсний хууль тогтоомжоор хасч болно.
2 дугаар зүйл
Энэхүү Конвенцийн зорилгоор “эмэгтэй хүн” гэж нас, үндэсний харьяалал, арьс үндэс буюу шашин шүтлэг, гэрлэлтийн байдлаас үл шалтгаалан аливаа эм хүйсийн хүн, “хүүхэд” гэж гэрлэлт буюу гэрлэлтээс гадуур төрсөн эсэхээс үл хамааран бүх хүүхдийг хэлнэ.
3 дугаар зүйл
1. Энэхүү Конвенц үйлчлэх хүрээнд хамаарах эмэгтэй төрөх хугацааг нь тогтоосон эмнэлгийн магадлагааны үндсэн дээр жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөө авах эрхтэй.
2. Жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөө нь хүүхэд төрүүлсний дараа заавал олгох чөлөөг оролцуулан наад зах нь арван хоёр долоо хоног байна.
3. Хүүхэд төрүүлсний дараа заавал олгох чөлөөний хугацааг үндэсний хууль тогтоомжоор тогтоох бөгөөд энэ нь ямар ч тохиолдолд зургаан долоо хоногоос доошгүй байна. Тухайн улсын хууль тогтоомжид заасан ёсоор жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөний үлдэх хугацааг хүүхэд төрүүлэхээр урьдчилан магадласан өдрөөс өмнө буюу хүүхэд төрүүлсний дараа заавал олгогдох чөлөөний хугацааг дууссаны дараа, түүнчлэн нэг хэсгийг нь хүүхэд төрүүлэхээр магадласан өдрийн өмнө, нөгөө хэсгийг нь хүүхэд төрүүлсний дараа заавал олгогдох чөлөөний хугацааг дууссаны дараа авч болно.
4. Хүүхэд төрнө хэмээн урьдчилан магадласан өдрөөс өмнө авсан чөлөөг урьдчилан магадласан болон төрсөн өдрийн хооронд өнгөрсөн хугацаагаар сунгах бөгөөд үүнээс үүдэн хүүхэд төрүүлсний дараа заавал олгох чөлөөний хугацааг багасгахгүй.
5. Жирэмсний улмаас өвдсөнийг эмнэлгээс магадлан тогтоосон тохиолдолд төрөхийн өмнө нэмэгдэл чөлөө олгох тухай үндэсний хууль тогтоомжид заах бөгөөд уг хугацаанд дээд хязгаарыг эрх бүхий байгууллагаас тогтооно.
6. Хүүхэд төрүүлсний улмаас өвдсөнийг эмнэлгээс магадлан тогтоосон тохиолдолд тухайн эмэгтэй хүүхэд төрүүлсний дараахь чөлөөгөө сунгуулах эрхтэй бөгөөд уг хугацаанд дээд хязгаарыг эрх бүхий байгууллагаас тогтооно.
4 дүгээр зүйл
1. 3 дугаар зүйлд заасан ёсоор олгосон жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгаа эмэгтэй мөнгөн болон эмнэлгийн үйлчилгээний тэтгэмж авах эрхтэй.
2. Мөнгөн тэтгэмжийн хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тогтоох бөгөөд энэ нь эх, хүүхдийн амьдралын зохистой түвшинд эрүүл, бүрэн бүтэн байдлыг хангахуйц байна.
3. Эмнэлгийн үйлчилгээний тэтгэмжид төрөхийн өмнө, төрөхөд болон төрсний дараа мэргэжлийн эх баригч буюу эмчээс үзүүлэх асаргаа, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэх асуудал хамаарах бөгөөд чингэхдээ эмч болон улсын эсхүл хувийн эмнэлгийг сонгох эрх чөлөөг хүндэтгэн үзнэ.
4. Мөнгөн болон эмнэлгийн үйлчилгээний тэтгэмжийг нийгмийн заавал даатгалаас, эсхүл төрийн сангаас олгох бөгөөд аль ч тохиолдолд тогтоосон нөхцлийг хангаж буй эмэгтэй бүрт эрхийнх нь дагуу олгоно.
5. Дээр дурдсан мөнгөн болон эмнэлгийн үйлчилгээний тэтгэмжийг авах эрхгүй хэдий ч хүрэлцэхүйц орлого үгүй эмэгтэйчүүдэд нийгмийн тусламжийн сангаас зохих тэтгэмжийг олгоно.
6. Нийгмийн заавал даатгалаас олгох мөнгөн тэтгэмжийг урьд нь авч байсан цалинг үндэслэн тогтоох тохиолдолд уг тэтгэмжийг эмэгтэйн авч байсан цалингийн гуравны хоёроос багагүй байхаар тогтооно.
7. Эхчүүдэд олгох тэтгэмжийг бүрдүүлэх зорилгоор нийгмийн заавал даатгалд төлсөн шимтгэл, ийм төрлийн тэтгэмж олгох зорилгоор цалингаас суутгасан татварын хураамжийг ажил олгогч, ажилтан хамтарч, эсхүл ажил олгогч дангаараа төлснөөс үл хамааран хүйсээр ялгахгүйгээр тухайн үйлдвэрийн газарт ажиллаж буй нийт эрэгтэй, эмэгтэй ажилчдын тоогоор төлнө.
8. Эмэгтэй ажиллагсдад олгох дээрх тэтгэмжийн зардлын тухайд ажил олгогч хувийн хариуцлага хүлээхгүй.
5 дугаар зүйл
1. Хэрэв эмэгтэй ажилтан хөхүүл хүүхэдтэй бол, хүүхдээ хөхүүлэх зорилгоор үндэсний хууль тогтоомжид заасны дагуу өдөрт нэг буюу хэд хэдэн удаа ажлаас завсарлах эрхтэй.
2. Хууль тогтоомжоор зохицуулсан тохиолдолд хүүхдээ хөхүүлэхээр ажлаас завсарласан хугацааг ажилласан цагт тооцон цалин олгоно, харин тус асуудлыг хамтын гэрээгээр зохицуулж буй тохиолдолд дээрх хугацааг холбогдох гэрээнд заасан ёсоор шийдвэрлэнэ.
6 дугаар зүйл
Энэхүү Конвенцийн 3 дугаар зүйлд заасан жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд буй эмэгтэйг чөлөөний хугацаанд ажлаас нь халах тухай шийдвэр гаргах болон ажлаас халах тухай шийдвэрийг урьдчилан мэдэгдэх хугацаа чөлөөний хугацаанд дуусах ажил олгогчийн шийдвэр хууль бус байна.
7 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийг соёрхон баталж буй Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын аливаа гишүүн улс соёрхон батласан тухай батламж жуух бичигтээ дараахь зүйлийн тухайд уг Конвенцийг үл хэрэглэх талаархи мэдэгдлийг хавсаргаж болно:
(а) аж үйлдвэрийн бус зарим төрлийн ажил;
(b) тариалангийн аж ахуйгаас бусад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эрхлэх ажил;
(c) айлд хөлсөөр хийх ахуйн ажил;
(d) гэрээрээ ажиллан орлого олж буй эмэгтэйчүүд;
(e) зорчигч буюу барааны далайн тээвэрлэлт эрхлэх үйлдвэрийн газар.
2. Гишүүн улс энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэх ажил, аж үйлдвэрийн газрын төрлийг соёрхон батласан тухай батламж жуух бичгийг дагалдах мэдэгдэлд тодорхойлно.
3. Ийм төрлийн мэдэгдэл гаргасан гишүүн улс мэдэгдлээ бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хэдийд ч цуцлах эрхтэй бөгөөд энэ талаар холбогдох мэдэгдэл гаргана.
4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор гаргасан мэдэгдэл нь хүчин төгөлдөр үйлчилж буй гишүүн улс бүр энэхүү Конвенцийн хэрэгжилтийн талаархи жил тутмын тайландаа энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үндэслэн мэдэгдэл гаргасан ажил, эсхүл аж үйлдвэрийн газарт холбогдох хууль тогтоомж болон дадал, түүнчлэн тэдгээр ажил, эсхүл аж үйлдвэрийн газрын тухайд энэхүү Конвенцийн заалтыг хэрэглэх буюу хэрэглэхээр төлөвлөж буй хүрээг тодорхойлно.
5. Энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван жилийн дараа Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл дээрх мэдэгдлүүд болон авбал зохих арга хэмжээний талаар санал боловсруулж, тусгай тайланг Бага хуралд оруулна.
8 дугаар зүйл
Энэхүү Конвенцийг соёрхон батласан тухай албан ёсны батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд бүртгүүлэхээр илгээнэ.
9 дүгээр зүйл
1. Энэхүү Конвенц нь соёрхон батласан тухай батламж жуух бичгээ Ерөнхий захиралд бүртгүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсуудын хооронд үйлчилнэ.
2. Энэхүү Конвенц Ерөнхий захирал гишүүн хоёр улсын соёрхон батласан тухай батламж жуух бичгийг бүртгэснээс хойш арван хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно.
3. Түүнээс хойш энэхүү Конвенц аливаа гишүүн улсын хувьд соёрхон батласан тухай баримт бичгээ бүртгүүлсэн өдрөөс хойш арван хоёр сарын дараа тус тус хүчин төгөлдөр болно.
10 дугаар зүйл
1. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээх мэдэгдэлд дараахь зүйлийг тусгана:
(а) гишүүн улс энэхүү Конвенцийн заалтыг өөрчлөлтгүйгээр хэрэглэх үүрэг хүлээж байгаа нутаг дэвсгэр;
(b) энэхүү Конвенцийн заалтыг тодорхой нэгэн өөрчлөлт оруулан хэрэглэх үүрэг хүлээж байгаа нутаг дэвсгэр болон оруулах өөрчлөлтийн агуулга;
(c) энэхүү Конвенцийг хэрэглэхгүй нутаг дэвсгэр болон энэ тохиолдолд чингэх шалтгаан;
(d) байдлыг цаашид хянан үзэх зорилгоор шийдвэрээ хойшлуулах тухай тайлбар гаргасан нутаг дэвсгэр.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн (а), (b) дэд хэсэгт дурдсан үүрэг нь соёрхон батласан тухай батламж жуух бичгийн салшгүй хэсэгт тооцогдон адил хүчин чадалтай байна.
3. Аливаа гишүүн улс удаахь мэдэгдлээ хийж, энэ зүйлийн (b), (c), (d) дэд хэсэгт заасан ёсоор хийсэн анхны мэдэгдлээсээ бүхлээр нь буюу зарим хэсгээс нь татгалзаж болно.
4. Аливаа гишүүн улс энэхүү Конвенцийг 12 дугаар зүйлд заасны дагуу цуцалж болох хугацаанд урьд гаргасан аливаа мэдэгдлийнхээ нөхцлийг ямарваа нэгэн байдлаар өөрчлөх болон тодорхой нутаг дэвсгэрийн талаархи өнөөгийн байр сууриа мэдэгдэл гарган Ерөнхий захиралд илгээж болно.
11 дүгээр зүйл
1. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 35 дугаар зүйлийн 4, эсхүл 5 дахь хэсэгт заасан ёсоор Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээх мэдэгдэлд тухайн нутаг дэвсгэрт энэхүү Конвенцийн заалтыг өөрчлөлтгүй, эсхүл өөрчлөлт оруулан хэрэглэх талаар тусгах ба хэрэвзээ мэдэгдэлд Конвенцийн заалтыг өөрчлөлт оруулан хэрэглэхээр заасан бол чухам ямар өөрчлөлт оруулах талаар нарийвчлан тусгана.
2. Холбогдох гишүүн улс, гишүүн улсууд буюу олон улсын эрх бүхий байгууллага удаахь мэдэгдлээ хийж, өмнө хийсэн аливаа мэдэгдэлд заасан аливаа өөрчлөлтийг хэрэглэх эрхээсээ бүрэн буюу зарим хэсгээс нь хэдийд ч татгалзах эрхтэй.
3. Холбогдох гишүүн улс, гишүүн улсууд буюу олон улсын эрх бүхий байгууллага энэхүү Конвенцийг 12 дугаар зүйлд заасны дагуу цуцалж болох хугацаанд урьд гаргасан аливаа мэдэгдлийнхээ нөхцлийг ямарваа нэгэн байдлаар өөрчлөх болон энэхүү Конвенцийг хэрэглэж буй өнөөгийн байдлын талаархи мэдэгдлийг Ерөнхий захиралд хэдийд ч илгээж болно.
12 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс түүнийг анх хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван жилийн дараа Конвенцийг цуцлах тухай хүсэлтээ Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээн бүртгүүлснээр түүнийг цуцалж болно. Цуцлалт тухайн хүсэлтийг бүртгэснээс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан аливаа гишүүн улс өмнөх хэсэгт дурдсан арван жилийн хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор энэ зүйлд заасан Конвенцийг цуцлах эрхийг хэрэгжүүлээгүй тохиолдолд дараагийн арван жилийн хугацаанд уг Конвенцийг дагаж мөрдөх бөгөөд цаашид энэ зүйлд тодорхойлсон журмын дагуу арван жил дуусах бүр тус Конвенцийг цуцлах эрхтэй байна.
13 дугаар зүйл
1. Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсаас хүлээн авсан соёрхон батласан тухай батламж жуух бичиг, мэдэгдэл болон цуцлалтын тухай бүртгэлийн талаар гишүүн улс бүрт мэдэгдэнэ.
2. Ерөнхий захирал соёрхон батласан тухай хоёр дахь батламж жуух бичгийг хүлээн авч бүртгэсэн тухай Байгууллагын гишүүн улсуудад мэдэгдэхдээ энэхүү Конвенц хүчин төгөлдөр болох он, сар, өдрийг сануулна.
14 дүгээр зүйл
Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал өмнөх зүйлүүдэд заасан журмаар бүртгэсэн соёрхон батласан тухай батламж жуух бичиг, мэдэгдэл болон цуцлалтын тухай бүрэн мэдээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлд заасан ёсоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бүртгүүлэхээр илгээнэ.
15 дугаар зүйл
Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл шаардлагатай хэмээн үзэх бүртээ энэхүү Конвенцийн хэрэгжилтийн талаар Ерөнхий Бага хуралд илтгэн, улмаар бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хянаж өөрчлөх асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлэхээр оруулах тухай шийдвэрлэнэ.
16 дугаар зүйл
1. Энэхүү Конвенцийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хянан өөрчилсөн шинэ Конвенцийг Бага хурлаар баталж, тэрхүү Конвенцид өөрөөр заахгүй бол:
(а) хянан өөрчилсөн шинэ Конвенц хүчин төгөлдөр болох тохиолдолд аливаа гишүүн улсын хувьд түүнийг соёрхон баталмагц энэхүү Конвенц нь дээрх 12 дугаар зүйлийн заалтыг үл харгалзан нэн даруй ipso jure хүчингүй болно.
(б) хянан өөрчилсөн шинэ Конвенц хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн энэхүү Конвенцийг гишүүн улсууд соёрхон батлахыг зогсооно.
2. Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон батласан бөгөөд хянан өөрчилсөн шинэ Конвенцийг соёрхон батлаагүй гишүүн улсын тухайд аливаа тохиолдолд хэлбэр, агуулгын хувьд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
17 дугаар зүйл
Энэхүү Конвенцийн англи, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.