A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2016 оны 05 дугаар сарын 25-ний өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг даргалж, гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Солонгонарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Р.Очирбал, Ц.Монгол нар оролцож,Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлҮндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт"Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад"хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй …", мөн зүйлийн 4 дэх заалтад "… хувийн аж ахуй эрхлэх эрхтэй…", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Х.Цогзолмаа, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал нар Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:

"Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь зах зээлийн эдийн засгийн үндэс болсон гэрээ, хэлцэл эдийн засгийн үр ашигтай байдал, иргэний эрх зүйн гэрээний чөлөөт байдлын болон өмчийн халдашгүй байх зарчмыг алдагдуулж Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт"Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага... бүхий эдийн засагтай байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад"хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй …" гэснийг зөрчсөн эсэхийг шийдвэрлэж өгнө үү." гэжээ.

Хоёр. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Монгол Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:

"Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3 дахь хэсэгт "Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна." гэсэн өөрчлөлт оруулсан нь банк, банк бус зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөөнд харшлан Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт"Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад"хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрхтэй …",мөн зүйлийн 4 дэх заалтад "… хувийн аж ахуй эрхлэх эрхтэй…", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байх тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулахаар хандаж байна." гэсэн байна.

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

"1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй талаар:

Тусгай зөвшөөрөлгүй, бүртгэлгүй этгээд, ялангуяа хувь хүн хүүтэй мөнгөн зээл олгох үйл ажиллагааг эрхлэх явдал түгээмэл байгаа ба энэ нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан зээлийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэйгээр нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаврыг үүсгэхийн зэрэгцээ хуулийн тэгш бус, ялгамжтай зохицуулалтыг бий болгож байна.

Өөрөөр хэлбэл, мөнгө зээлдүүлэгч этгээд нь залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос гадна богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авч байгаа этгээд нь зээл, хүүгийн дарамтад орох буюу эдийн засгийн мөлжлөгт өртөх нэг шалтгаан болж байна.

Улсын ерөнхий прокурорын газраас авсан мэдээллээр гэрээгээр халхавчлан мөнгө, эд хөрөнгө залилсан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл улсын хэмжээнд 2013 онд 536 ирсний 48-д, 2014 онд 592 ирсний 59-д, 2015 онд 678 ирсний 71-д эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Дээр дурдсан 2013, 2014, 2015 онд хугацаа, хүү амлах замаар буюу итгэл эвдэх, хуурч, мэхлэх аргаар үйлдэгдсэн байж болзошгүй эрүүгийн хэрэгт 6.53 тэрбум төгрөгний хохирлыг хохирогчдоос нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт "Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно." гэж заасан байсан хэдий ч гэрээ байгуулагч талуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах хангалттай зохицуулалт болохгүй байна.

Иргэдийн эрх зүйн мэдлэг, мөнгө санхүүгийн гарцаагүй байдлаас шалтгаалж иргэд хоорондын зээлийн гэрээ нь мөнгө зээлдүүлэгч этгээдэд ашигтай байх түгээмэл жишиг тогтсон бөгөөд томоохон худалдааны төвд байрлан худалдаа эрхлэх иргэд нь "мөнгө хүүлэх" үзэгдлээс болж эдийн засгийн мөлжлөгт өртөж байгаа талаар зарим төрийн бус байгууллага, судлаачдаас анхааруулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчөөгүй болно.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 4 дэх заалтыг зөрчөөгүй талаар:

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.", 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаасхамгаалах эрхтэй.", 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.", 189 дүгээр зүйлийн189.1 дэх хэсэгт "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.", мөн зүйлийн 189.2 дахь хэсэгт "Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно." гэж гэрээний чөлөөт байдлын зарчим, гэрээний эрх чөлөөг хязгаарлах нөхцөлийг тодорхой зааж Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтуудын үзэл санаа, утга агуулгыг тодотгож зохицуулсан байна.

Нэр бүхий иргэдийн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлд аливаа гэрээ хэлцлийн мөн чанар нь заавал эдийн засгийн үр ашигтай байх, эсхүл гэрээ хэлцэл оршин тогтнох гол үндэс нь эдийн засгийн хувьд харилцан ашигтай байх гэж дурдсан нь "туйлын" ойлголт биш юм.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг /бонд/, хууль болон гэрээний дагуу авч байгаа хүү, анз нь хамаарч албан татвар ногдуулдаг хэдий ч иргэд хоорондын зээлийн үйлчилгээ нь далд эдийн засаг, хяналтгүй мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна.

Бусад улсын туршлага, хууль тогтоомжийн зохицуулалтаас харахад ашиг олох зорилгоор эрхэлж байгаа мөнгөн зээлийн үйлчилгээ, бизнесийг тодорхой зөвшөөрөл, бүртгэлтэй этгээд эрхэлдэг нийтлэг жишиг байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, агуулгад нийцүүлэн баталж, дагаж мөрдөж байсан 1994 оны Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгө, бусад эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх /энэ хуулийн 88 дугаар зүйл/-д шилжүүлэх; зээлдэгч нь авсан мөнгө буюу ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэг тус тус хүлээнэ." гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Мөнгөн зээлийн гэрээгээр зээлдэгч нь мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзахгүйгээр зээлдүүлэгчид анх авсан хэмжээний мөнгийг эргүүлэн өгнө." гэж хуульчлагдаж, тодорхой түүхэн үүргийг гүйцэтгэж байжээ.

Төрийн зүгээс нийгмийн тодорхой харилцааны зохицуулалтын хувилбаруудаас тухайн нийгмийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан зохицуулах шаардлага байнга үүсэж байдаг бөгөөд дээрх жишиг, эрх зүйн уламжлалаас үзэхэд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, барьцаалан зээлдэх газраас бусад этгээдийн хооронд байгуулагдах зээлийн гэрээ нь хариу төлбөртэй буюу хүүтэй байх эсэх нь Үндсэн хуулийн маргаан бус хууль тогтоогчдын бодлогын шийдвэр, шийдэл гэдэг нь харагдаж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ

1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн " ... 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна." гэсэн хэсэг нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласнаараа Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх төрийн үүргийг Үндсэн хуулиар бэхжүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн дээрх баталгааг хангахад чиглэгдсэн Иргэний хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосноороо Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн "Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай." гэсэн хэсэг Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн " ... 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна." гэсэн хэсэг, 2 дугаар зүйлийн "Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай." гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчөөгүй байна.

Мөн хуулийн 1 дүгээр зүйлийн " ... 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна." гэсэн хэсэг Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Мэдээлэл гаргагч иргэн Р.Очирбал Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "281.2.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно." гэсэн хэсэг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн "Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор гаргасан мэдээллийн шаардлагаасаа татгалзсан тул энэ талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахшаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн " ... 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна." гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй …" гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд "Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай." гэсэн нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын"хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй …", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

3. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "... 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.", мөн хуулийн 2 дугаар зүйлийн "Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай." гэсэн хэсэгҮндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын "… хувийн аж ахуй эрхлэх эрхтэй…" гэснийг тус тус зөрчөөгүй байна.

4. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "... 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна." гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг зөрчөөгүй байна.

5. Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "... 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.", 2 дугаар зүйлийн "Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай."гэсэн хэсгийн үйлчлэлийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

6. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО