A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 61. БАРААНЫ ТЭМДГИЙН ОЛОН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ МАДРИДЫН ХЭЛЭЛЦЭЭР

1891 оны 4 дүгээр сарын 14-нд гарын үсэг зурж, 1900 оны 12 дугаар сарын 14-нд Брюссельд, 1911 оны 6 дугаар сарын 2-нд Вашингтонд,

1925 оны 11 дүгээр сарын 6-нд Гаагад, 1934 оны 6 дугаар сарын 2-нд Лондонд, 1957 оны 6 дугаар сарын 15-нд Ниццид, 1967 оны 7 дугаар сарын 14-нд Стокгольмд хянан өөрчилсөн бөгөөд 1979 оны 9 дүгээр сарын 28-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдлаар

1 дүгээр зүйл

Тусгай холбоо байгуулах, олон улсын товчоонд

барааны тэмдгийг бүртгэх, гарлын орныг тодорхойлох

(1) Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх орнууд барааны тэмдгийн олон улсын бүртгэл эрхэлсэн тусгай холбоог байгуулна.

(2) Хэлэлцэн тохирогч орнуудын харьяатууд гарлын орны холбогдох байгууллагаар дамжуулан гарлын оронд бүртгүүлсэн бараа, үйлчилгээний тэмдгийн талаар Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид “байгууллага” гэнэ) байгуулах тухай конвенцид дурдсан Оюуны өмчийн олон улсын товчоо (цаашид “олон улсын товчоо” гэнэ) ­нд мэдүүлэг өгөх замаар дээрх барааны буюу үйлчилгээний тэмдгийг энэхүү хэлэлцээрт оролцогч бусад бүх оронд хамгаалуулж болно.

(3) Мэдүүлэг гаргагчийн бодит болон үр ашиг бүхий үйлдвэрийн буюу худалдааны байгууллага нь оршиж байгаа тусгай холбооны гишүүн орныг гарлын оронд тооцно; хэрэв тэрээр тусгай холбооны гишүүн оронд тийм байгууллагагүй бол байнга оршин суудаг тусгай холбооны гишүүн орныг гарлын оронд тооцно; хэрэв мэдүүлэг гаргагч тусгай холбооны гишүүн оронд байнга оршин суудаггүй боловч тэр орны харьяат мөн бол харъяалагдаж байгаа орныг нь гарлын оронд тооцно.

2 дугаар зүйл

Парисын конвенцийн 3 дугаар зүйлд хамаарах

зарим этгээдийг холбооны орны харьяаттай адилтгаж үзэх

Энэхүү хэлэлцээрт нэгдэн ороогүй орнуудын харьяат энэхүү хэлэлцээрээр байгуулагдсан тусгай холбооны нутаг дэвсгэрийн хүрээнд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 3 дугаар зүйлээр тогтоосон нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд тэднийг хэлэлцэн тохирогч орнуудын харьяаттай адилтгаж үзнэ.

3 дугаар зүйл

Олон улсын бүртгэлийн мэдүүлгийн бүрдэл

(1) Олон улсын бүртгэлд мэдүүлгийг журмаар тогтоосон маягтаар гаргана. Барааны тэмдгийн гарлын орны байгууллага нь энэ мэдүүлэгт дурдсан өгөгдлүүд үндэсний бүртгэлийн мэдээлэлтэй тохирч байгааг гэрчлэх ба барааны тэмдгийн мэдүүлгийг гарлын орны бүртгэлд оруулсан анхдагч огноо, бүртгэлийн дугаарыг мөн олон улсын бүртгэлийн мэдүүлгийн огноог заасан байна.

(2) Мэдүүлэг гаргагч барааны тэмдгийг хамгаалуулах гэсэн бараа буюу үйлчилгээг заана, түүнчлэн бололцоотой бол Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрээр тогтоосон олон улсын ангиллын зохих ангилал буюу ангиллуудыг заана. Хэрэв мэдүүлэг гаргагч ангилал заагаагүй бол олон улсын товчоо өөрөө бараа буюу үйлчилгээг дээрх ангиллын дагуу холбогдох ангилалд оруулна. Мэдүүлэг гаргагчийн заасан бараа буюу үйлчилгээний ангилалд олон улсын товчоо үндэсний байгууллагатай хамтран хяналт тавина. Хэрэв үндэсний байгууллага болон олон улсын товчооны санал зөрөлдвөл олон улсын товчооны шийдвэрийг баримтална.

(3) Хэрэв мэдүүлэг гаргагч өөрийн барааны тэмдгийн ялгаатай шинжийг өнгөөр хамгаалуулахыг хүсэж байвал тэрээр:

1. энэ тухай мэдүүлэг гарган хамгаалуулахаар хүсэж байгаа өнгө буюу өнгөний хослолуудыг мэдүүлэгтээ заана;

2. мэдүүлгийн хамт уг барааны тэмдгийн өнгөт хуулбарыг хавсарган ирүүлнэ. Тэдгээрийг олон улсын товчооноос олгох тодорхойлолтод хавсаргана. Өнгөт хуулбарын тоог журмаар тогтооно.

(4) Олон улсын товчоо 1 дүгээр зүйлийн дагуу гаргасан мэдүүлгийн барааны тэмдгийг хойшлуулалгүй бүртгэнэ. Тэгэхдээ гарлын оронд мэдүүлэг гаргасан өдрөөс хойш хоёр сарын дотор олон улсын товчоо уг мэдүүлгийг хүлээн авсан бол гарлын оронд мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр нь олон улсын бүртгэлд бүртгэн авснаар тооцно. Хэрэв энэ хугацаанд мэдүүлэг хүлээн аваагүй бол олон улсын товчоо мэдүүлэг хүлээн авсан өдрөөр бүртгэлд оруулна. Олон улсын товчоо ийнхүү бүртгэсэн тухай сонирхогч байгууллагуудад цаг алдалгүй мэдэгдэнэ. Бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгт дурдсан мэдээллийг үндэслэн бүртгэлд авсан барааны тэмдгийг олон улсын товчооноос тогтмол гаргадаг сэтгүүлд нийтэлнэ. Хэрэв барааны тэмдгүүд нь дүрслэх элементүүд агуулсан онцгой дүрслэлийн шинж агуулж байвал, эсхүл зураглалын тусгай бичлэгтэй бол тэдгээрийн хэвлэлийн барыг мэдүүлэг гаргагч ирүүлэх үүрэгтэй эсэхийг журмаар тогтооно.

(5) Бүртгэгдсэн барааны тэмдгийг хэвлэн нийтлэх зорилгоор хэлэлцэн тохирогч орнуудын байгууллага бүр олон улсын товчооноос дээр дурдсан нийтлэлээс тодорхой тооны хувийг үнэгүй, тодорхой тооны хувийг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасан нэгжийн тооны дагуу хямдруулсан үнээр, мөн журмаар тогтоосон нөхцөлөөр авна. Энэхүү нийтлэл бүх хэлэлцэн тохирогч орнуудад хангалттай байх ёстой бөгөөд үүнээс өөр ямар ч зүйлийг мэдүүлэг гаргагчаас шаардах ёсгүй.

3 bis зүйл

Нутаг дэвсгэрийн хязгаарлалт

(1) Олон улсын бүртгэлд авагдсан хамгаалалт зөвхөн тухайн орны нутаг дэвсгэр дээр үйлчлэх тухай барааны тэмдгийн эзэмшигчийн хүсэлтийг аливаа хэлэлцэн тохирогч орон байгууллагын ерөнхий захирал (цаашид “ерөнхий захирал” гэнэ) ­д ямар ч үед бичгээр мэдэгдэж болно.

(2) Энэхүү мэдэгдэл нь түүнийг ерөнхий захирал хэлэлцэн тохирогч бусад оронд явуулсан өдрөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.

3 ter зүйл

Нутаг дэвсгэрийг өргөтгөх тухай хүсэлт

(1) Олон улсын бүртгэлд авагдсан, 3 bis зүйлээр олгосон эрхийн дагуу зөвхөн тухайн оронд үйлчлэх хамгаалалтыг өргөтгөх тухай хүсэлтийг 3 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасан мэдүүлгээр тусгайлан үйлдэнэ.

(2) Олон улсын бүртгэлд авагдсан барааны тэмдгийг хамгаалуулах нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай хүсэлтийг гарлын орны байгууллагаар дамжуулан зохих журмаар тогтоосон маягтаар гаргана. Олон улсын товчоо түүнийг тэр даруй бүртгэж, цаг алдалгүй сонирхогч байгууллагуудад мэдэгдэн олон улсын товчооноос эрхлэн тогтмол гаргадаг хэвлэлд нийтэлнэ. Барааны тэмдгийг хамгаалуулах нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай шийдвэр олон улсын бүртгэлд орсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн үйлчлэх хугацаа дуусмагц уг шийдвэр хүчингүй болно.

4 дүгээр зүйл

Олон улсын бүртгэлийн үйлчлэл

(1) Барааны тэмдэг нь 3 дугаар зүйл болон 3 ter зүйлийн дагуу олон улсын товчоонд бүртгүүлсэн өдрөөс эхлэн хэлэлцэн тохирогч орнуудад тухайн орны бүртгүүлэхээр мэдүүлсэн барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдана. 3 дугаар зүйлд дурдсан бараа буюу үйлчилгээний ангиллыг заах нь барааны тэмдгийг хамгаалах хүрээг тодорхойлоход хэлэлцэн тохирогч орнуудад хязгаарлалт болно гэж үзэхгүй.

(2) Олон улсын бүртгэлд авах аливаа барааны тэмдэг нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 4 дүгээр зүйлээр тогтоосон давамгайлах эрхийг уг зүйлийн D хэсэгт заасан хэлбэрийн хувьд тавигдах шаардлагагүйгээр эдэлнэ.

4 bis зүйл

Үндэсний бүртгэлийг олон улсын бүртгэлээр орлуулах

(1) Хэрэв нэг буюу хэд хэдэн оронд бүртгүүлсэн барааны тэмдгийг олон улсын товчоонд хожим нь уг барааны эзэмшигч буюу түүнийг залгамжлах эрх бүхий хүний нэрээр бүртгүүлбэл олон улсын бүртгэл нь түрүүчийн бүртгэлээр олгосон эрхийг хөндөхгүйгээр үндэсний бүртгэлийг сольсон гэж үзнэ.

(2) Үндэсний байгууллага нь олон улсын бүртгэлд авсан тухай өөрийн бүртгэлд тэмдэглэл хийнэ.

5 дугаар зүйл

Үндэсний байгууллагуудын татгалзал

(1) Барааны тэмдгийг бүртгэсэн тухай болон 3 ter зүйлийн дагуу хамгаалуулах нутаг дэвсгэрийн хүрээг нь өргөтгөх тухай хүсэлтийг бүртгэн авсан тухай олон улсын товчооноос мэдэгдэл авсан байгууллагууд өөрийн орны хууль тогтоомжийг баримтлан уг тэмдгийг өөрийн нутаг дэвсгэр дээр хамгаалахгүй тухай мэдэгдэх эрхтэй. Чингэхдээ Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн дагуу үндэсний бүртгэлд бүртгүүлэх барааны тэмдэгт хэрэглэх зөвхөн тэр нөхцөлийг үндэслэн ийнхүү татгалзаж болно. Харин бараа буюу үйлчилгээний хязгаарлагдмал тоо буюу ангиллын хязгаарлагдмал тооноос бусад тэмдгийг үндэсний хууль тогтоомжоор бүртгэхийг зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар хамгаалалтаас татгалзаж болгохгүй.

(2) Энэхүү эрхийг эдлэхийг хүсэж буй байгууллагууд өөрийнхөө татгалзаж байгаа бүхий л шалтгааныг дурдан үндэсний хууль тогтоомжид заасан хугацаанд олон улсын товчоонд мэдэгдэх ёстой. Гэхдээ барааны тэмдгийг 3 ter зүйлд заасны дагуу олон улсын бүртгэлд бүртгэсэн, эсхүл эрхийн хамгаалалтыг өргөтгөх тухай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилээс хэтэрч болохгүй.

(3) Олон улсын товчоо гарлын орны байгууллага, барааны тэмдгийн эзэмшигч, эсхүл гарлын орны байгууллага олон улсын товчоонд түүнийг итгэмжлэгчийг мэдэгдсэн тохиолдолд тэрхүү итгэмжлэгчид татгалзсан тухай мэдэгдлийн хувийг тэр даруйд нь хүргүүлнэ. Сонирхогч этгээд эрхийн хамгаалалтаас татгалзсан оронд барааны тэмдгээ өөрөө шууд бүртгүүлсэн бол хамгаалалтын адил эрх эдэлнэ.

(4) Олон улсын товчоо барааны тэмдгийг хамгаалахаас татгалзаж байгаа шалтгааныг аливаа сонирхож буй этгээдэд даруй мэдэгдэх ёстой.

(5) Барааны тэмдгийн бүртгэл буюу эрхийн хамгаалалтыг өргөтгөх тухай хүсэлтийн тухайд хэсэгчлэн буюу бүрмөсөн татгалзаж буй тухай аливаа шийдвэрийг дээр дурдсан нэг жилийн хугацаанд олон улсын товчоонд өгөөгүй байгууллагууд энэхүү зүйлийн (1) дэх хэсэгт заасан эрхийг уг барааны тэмдгийн хувьд эдлэх эрхгүй болно.

(6) Барааны тэмдгийг эзэмшигчид зохих хугацаанд нь өөрийнхөө эрхийг хамгаалах боломж олгохгүйгээр эрх бүхий байгууллагууд олон улсын барааны тэмдгийг хүчингүй болгох шийдвэр гаргах ёсгүй. Олон улсын барааны тэмдгийг хүчингүй болгосон тухай шийдвэрийг олон улсын товчоонд мэдэгдэнэ.

5 bis зүйл

Барааны тэмдгийн бүрдэл хэсгийн хууль ёсны ашиглалтыг нотлох баримт

Хэлэлцэн тохирогч орнуудын байгууллагаас шаардаж болох тэмдгийн сүлд, зураг, ялгах тэмдэг, цол, аж ахуйн нэгжийн нэр, мэдүүлэг гаргагчийнхаас өөр нэр, бусад бичвэр зэргийг агуулсан зарим бүрдлийг хэрэглэх хууль ёсны бичиг баримтыг гарлын орны байгууллагын гэрчилгээнээс өөр гэрчилгээгээр батлахгүй.

5 ter зүйл

Олон улсын бүртгэлд хийсэн тэмдэглэлийн хуулбар,

Шинэ байдалд хайлт хийх, олон улсын бүртгэлийн хуулга

(1) Олон улсын товчоо сонирхогчийн хүсэлтээр тодорхой барааны тэмдгийн бүртгэлд хийсэн тэмдэглэлийн хуулбарыг журмаар тогтоосон хураамж авсны үндсэн дээр гаргаж өгнө.

(2) Олон улсын товчоо олон улсын барааны тэмдгийн санд мөн төлбөртэйгөөр хайлт хийж болно.

(3) Хэлэлцэн тохирогч аль нэг оронд үйлдвэрлэх зорилгоор олон улсын бүртгэлээс хэсэгчлэн авсан хэсгүүд заавал баталгаажсан байхыг шаардахгүй.

6 дугаар зүйл

Олон улсын бүртгэлийн хүчинтэй хугацаа,

олон улсын бүртгэлийн хараат бус байдал, гарлын оронд эрхийн хамгаалалт дуусгавар болох

(1) Барааны тэмдгийг 7 дугаар зүйлд дурдсан нөхцөлөөр сунгах боломжтойгоор олон улсын товчоонд хорин жилийн хугацаатайгаар бүртгэнэ.

(2) Олон улсын бүртгэлийн огнооноос эхлэн таван жилийн хугацаа өнгөрөхөд энэ бүртгэл гарлын оронд урьдчилан бүртгэгдсэн үндэсний барааны тэмдгээс хараат бус байдалтай болох бөгөөд дараахь нөхцөлүүдийг харгалзана.

(3) Өмнө нь 1 дүгээр зүйлийн дагуу гарлын оронд бүртгэгдсэн үндэсний барааны тэмдэг хэрэв олон улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш таван жилийн хугацаанд гарлын орондоо бүрэн буюу хагас эрхийн хамгаалалт эдлээгүй бол, шилжүүлэгдсэн эсэхээс үл хамааран олон улсын бүртгэлээс үүдэн гарах бүрэн буюу хагас эрхийн хамгаалалтыг цаашид эдлэхгүй. Энэ журмыг таван жилийн хугацаа өнгөрөөгүй байхад шүүхээр хэрэг үүсгэсний улмаас хамгаалуулах эрхээ алдсан тохиолдолд хэрэглэж болно.

(4) Сайн дураар буюу цуцлах тохиолдолд гарлын орны байгууллага барааны тэмдгийг олон улсын бүртгэлээс хасахыг олон улсын товчооноос хүсэх ба товчоо нь түүнийг цуцална. Хэрэв шүүхээр авч хэлэлцэх хэрэг үүсвэл байгууллага нэхэмжлэл гаргагчийн хүсэлтээр буюу мэдүүлгийн хуулбар болон хэрэг үүссэн тухай бусад баримтын нотолгоо болон шүүхийн эцсийн шийдвэрийг олон улсын товчоонд хүргүүлнэ. Товчоо энэ тухай олон улсын бүртгэлд тэмдэглэнэ.

7 дугаар зүйл

Олон улсын бүртгэлийн хугацааг сунгах

(1) Өмнөх хугацаа дууссан үеэс эхлэн бүртгэлийн үндсэн хураамжийг ердийн журмаар төлөх, шаардлагатай бол 8 дугаар зүйлийн (2) дахь хэсгээр тогтоосон нэмэлт болон тусгай хураамжийг төлөх замаар аливаа бүртгэлийг хорин жилийн хугацаагаар сунгаж болно.

(2) Хугацааг сунгахдаа өмнөх бүртгэлийн сүүлчийн хэлбэрт холбогдох аливаа өөрчлөлтийг оруулахгүй.

(3) 1957 оны 6 дугаар сарын 15 ­ны өдрийн Ниццийн хэлэлцээр буюу энэхүү баримт бичгийн дагуу хийх анхны сунгалт нь бүртгэлд хамаарах олон улсын ангиллыг бүрэн тусгасан байх ёстой.

(4) Хамгаалалтын хугацаа дуусахаас зургаан сарын өмнө олон улсын товчоо албан бус мэдэгдэл явуулах замаар барааны тэмдгийн эзэмшигч ба түүний итгэмжлэгчид заасан хугацаа дуусах тодорхой он сар өдрийг сануулна.

(5) Журмаар тогтоосон нэмэгдэл хураамжийг төлсөн нөхцөлд олон улсын бүртгэлийг сунгах зургаан сарын хөнгөлөлттэй хугацаа өгнө.

8 дугаар зүйл

Үндэсний хураамж, олон улсын хураамж, хураамжийн илүүдэл үлдэгдлийг

хуваарилах, нэмэлт хураамж болон тусгай хураамж

(1) Гарлын орны байгууллага олон улсын бүртгэлд барааны тэмдгээ бүртгүүлэх буюу бүртгэлийн хугацаагаа сунгуулах барааны тэмдгийн эзэмшигчээс өөрийн орлого болгон хураан авах үндэсний хураамжийн хэмжээг өөрийн үзэмжээр тогтооно.

(2) Олон улсын хураамжийг урьдчилан төлсөн нөхцөлд олон улсын товчоонд барааны тэмдгийг бүртгэн авна. Уг хураамжид доорх зүйлийг багтаана. Үүнд:

(а) үндсэн хураамж;

(b) тэмдэг хэрэглэх бараа буюу үйлчилгээний олон улсын ангиллын гурвaас илүү ангилал бүрээс авах нэмэлт хураамж;

(с) 3 ter зүйлийн дагуу эрхийн хамгаалалтыг өргөтгөх тухай хүсэлт гаргасны тусгай хураамж.

(3) Хэрэв бараа буюу үйлчилгээний ангиллын тоог олон улсын товчоо тогтоосон бол (2) дахь хэсгийн (b) дэд хэсэгт заасан нэмэлт хураамжийг бүртгэлийн он сар өдрийг харгалзахгүйгээр журмаар тогтоосон хугацаанд төлж болно. Хэрэв тогтоосон хугацаа дууссан байхад нэмэлт хураамж төлөөгүй бөгөөд бараа буюу үйлчилгээний тоог мэдүүлэг гаргагч шаардагдах хэмжээгээр хорогдуулаагүй бол олон улсын бүртгэлд цаашид бүртгэх ажлыг зогсоосонд тооцно.

(4) (2) дахь хэсгийн (b) ба (с) дэд хэсэгт дурдсан орлогоос бусад олон улсын бүртгэлээс орсон төрөл бүрийн орлогын жилийн дүнг олон улсын товчоо энэхүү актад оролцогч орнуудад адил хэмжээтэйгээр хуваарилна. Тэгэхдээ дурдсан актыг биелүүлэхтэй холбогдсон зардлыг хасна. Хэрэв энэхүү актыг хүчин төгөлдөр болох үед аль нэг орон энэ актыг соёрхон батлаагүй буюу түүнд нэгдэн ороогүй байсан бол актыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон өдөр хүртэлх өмнөх актын үндсэн дээр хуваарилагдсан орлогын илүүдэл хувийг тухайн орон авах эрхтэй.

(5) 2 дахь хэсгийн (b) дэд хэсэгт заасан хураамжаас бий болсон хөрөнгийг жил бүрийн эцэст энэхүү акт эсхүл 1967 оны 6 дугаар сарын 15­ны өдрийн Ниццийн актад оролцогч орнуудад орон бүрийн өнгөрөгч жилд хамгаалуулахаар өгсөн барааны тэмдгийн тоонд тэгшитгэн хуваарилна. Харин урьдчилсан магадлан шүүлт хийлгэж байгаа орны хувьд бол энэ тоог журмаар тогтоосон коэффициентыг харгалзан бодож тооцно. Хэрэв энэхүү актыг хүчин төгөлдөр болох үед аль нэг орон энэ актыг соёрхон батлаагүй буюу нэгдэн ороогүй байсан бол актыг соёрхон батлах буюу нэгдэн орох хүртэлх Ниццийн актын үндсэн дээр хуваарилагдсан мөнгөний орлогоос тухайн орон хувь хүртэх эрхтэй.

(6) (2) дахь хэсгийн (b) дэд хэсэгт заасан тусгай хураамжаас бий болсон хөрөнгийг 3 bis зүйлд дурдсан эрхийг эдэлж буй орнуудад (5) дахь хэсгийн заалтын дагуу хуваарилна. Хэрэв энэхүү актыг хүчин төгөлдөр болох үед уг орон энэ актыг соёрхон батлаагүй буюу түүнд нэгдэн ороогүй байсан бол актыг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орох хүртэлх Ниццийн актын үндсэн дээр хуваарилагдсан мөнгөний орлогоос тухайн орон хувь хүртэх эрхтэй.

8 bis зүйл

Нэг буюу түүнээс дээш оронд эрхийн хамгаалалт хийхээс татгалзах

Олон улсын бүртгэлд бүртгүүлсэн эзэмшигч хэлэлцэн тохирогч нэг болон түүнээс дээш оронд барааны тэмдгээ хамгаалуулахаас татгалзах тухайгаа өөрийн орны байгууллагад мэдүүлэг гаргах замаар олон улсын товчоонд мэдэгдэнэ. Олон улсын товчоо холбогдох орнуудад ийнхүү татгалзсаныг мэдэгдэнэ. Татгалзах тохиолдолд хураамж төлөхгүй.

9 дүгээр зүйл

Олон улсын бүртгэлийг хөндөх үндэсний бүртгэлд өөрчлөлт оруулах,

Олон улсын бүртгэлд дурдсан бараа, үйлчилгээний жагсаалтыг багасгах, түүнд нэмэлт оруулах болон солих

(1) Олон улсын бүртгэлд бүртгүүлсэн эзэмшигчийн харьяалах орны байгууллага нь бүртгэлээс хассан, хамгаалуулахаас татгалзсан, эзэмшигч нь эрхээ шилжүүлсэн зэрэг барааны тэмдгийн талаар үндэсний бүртгэлд өөрчлөлт оруулсан тухай, хэрэв эдгээр өөрчлөлт нь олон улсын бүртгэлийг хөндөж байгаа бол олон улсын товчоонд мэдэгдэнэ.

(2) Товчоо эдгээр өөрчлөлтийг олон улсын бүртгэлд оруулаад хэлэлцэн тохирогч орнуудын байгууллагуудад мэдэгдэх бөгөөд өөрийн хэвлэлд нийтэлнэ.

(3) Олон улсын бүртгэлд бүртгүүлсэн эзэмшигч барааны тэмдэгт хамаарах бараа буюу үйлчилгээний жагсаалтыг хорогдуулах тухай хүсэлт гаргавал гаргавал дээрх журмаар гүйцэтгэнэ.

(4) Ийм хэлцэл хийхэд журмаар тогтоосон хураамж төлнө.

(5) Бараа буюу үйлчилгээний жагсаалтад цаашид нэмэлт оруулбал 3 дугаар зүйлийн заалтын дагуу мэдүүлгээ шинээр гаргана.

(6) Нэг бараа буюу үйлчилгээг нөгөөгөөр солихыг нэмэлт оруулахтай адилаар зохицуулна.

9 bis зүйл

Тэмдэг эзэмшигчийн орныг өөрчлөх олон улсын тэмдгийг шилжүүлэх

(1) Хэрэв олон улсын бүртгэлд бүртгүүлсэн барааны тэмдгийг эзэмшигчийнх нь оронд бус хэлэлцэн тохирогч өөр оронд оршин суугаа этгээдэд шилжүүлэх тохиолдолд тухайн орны байгууллага энэ тухай олон улсын товчоонд мэдэгдэнэ. Олон улсын товчоо эрх шилжүүлснийг бүртгээд энэ тухай бусад байгууллагуудад мэдэгдэж, өөрийн хэвлэлд нийтэлнэ. Хэрэв олон улсын бүртгэлд орсноос хойш таван жилийн хугацаа дуусаагүй байхад эрхийн шилжүүлэлт хийгдвэл олон улсын товчоо шинэ эзэмшигчийн орны байгууллагын зөвшөөрлийг авч, боломжтой бол шинэ эзэмшигчийн оронд уг барааны тэмдгийг бүртгэсэн огноогоор нийтэлнэ.

(2) Барааны тэмдгээ олон улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах эрхгүй этгээдэд олон улсын бүртгэлд бүртгэгдсэн барааны тэмдгийн эрхийг шилжүүлэх тохиолдолд түүнийг бүртгэхгүй.

(3) Шинэ эзэмшигчийн орон зөвшөөрөөгүй, эсхүл мэдүүлэг гаргах эрхгүй этгээдэд эрхийг шилжүүлсний улмаас эрх шилжүүлсэн тухай олон улсын бүртгэлд бүртгэх боломжгүй тохиолдолд тэмдгийн өмнөх эзэмшигчийн орны байгууллага бүртгэлээсээ уг барааны тэмдгийг хасах тухай олон улсын товчооноос шаардах эрхтэй.

9 ter зүйл

Олон улсын бүртгэлд бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээний зарим хэсгийн хувьд эсхүл хэлэлцэн тохирогч зарим орнуудын хувьд эрх шилжүүлэх, Парисын конвенцийн 6 quater зүйлд хамаарах /Барааны тэмдэг шилжүүлэх/

(1) Бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээний зөвхөн заримд олон улсын барааны тэмдгийн эрхийг шилжүүлж байгаа тухай олон улсын товчоонд мэдэгдвэл тэрээр энэ тухай өөрийн бүртгэлд оруулна. Ийнхүү шилжүүлсэн хэсэгт хамаарагдах зарим бараа буюу үйлчилгээ нь шилжүүлсэн этгээдэд үлдсэн бүртгэгдсэн барааны тэмдэгтэй адил төстэй байвал хэлэлцэн тохирогч аливаа орон энэ шилжүүлгийг хүчинтэйд тооцохгүй байх эрх эдэлнэ.

(2) Олон улсын товчоо зөвхөн хэлэлцэн тохирогч нэг буюу хэд хэдэн орны хувьд олон улсын барааны тэмдгийн талаар хийсэн шилжүүлгийг бүртгэнэ.

(3) Хэрэв дурдсан тохиолдолд эзэмшигчийн орон өөрчлөгдсөн буюу олон улсын бүртгэлд орсноос хойш таван жилийн хугацаа дуусаагүй байхад тэмдгийг шилжүүлсэн бол шинэ эзэмшигчийн орны байгууллага 9 bis зүйлийн дагуу зохих зөвшөөрөл өгөх ёстой.

(4) Өмнөх хэсгийн заалтуудыг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 6 quater зүйлийн заалтын дагуу хэрэглэнэ.

9 quater зүйл

Хэд хэдэн хэлэлцэн тохирогч орны нэгдсэн байгууллага, хэд хэдэн хэлэлцэн тохирогч орныг нэг орон гэж авч үзэх тухай хүсэлт

(1) Тусгай холбооны хэд хэдэн орон барааны тэмдгийн тухай үндэснийхээ хууль тогтоомжийг нэгтгэхээр тохирвол тэд ерөнхий захиралд дараахь зүйлийг мэдэгдэж болно:

(а) орон бүрийн үндэсний байгууллагыг нэгдсэн байгууллага орлон гүйцэтгэх;

(b) тэдгээр орнуудын нутаг дэвсгэрийн нийлбэрийг энэхүү зүйлийн өмнөх заалтуудыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хэрэгжүүлэхэд нэг орон гэж үзэх.

(2) Ерөнхий захирал хэлэлцэн тохирогч бусад орнуудад мэдэгдсэн өдрөөс хойш зургаан сарын дараа энэхүү мэдэгдэл хүчин төгөлдөр болно.

10 дугаар зүйл

Тусгай холбооны Ассамблей

(1) (а) Тусгай холбоо энэхүү баримт бичгийг баталсан буюу түүнд нэгдэн орсон орнуудаас бүрдсэн Ассамблейтай байна.

(b) Орон бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэр нь орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.

(с) Төлөөлөгчдийн зардлыг түүнийг томилсон засгийн газар, харин гишүүн орон бүрийн нэг төлөөлөгчийн байр, замын зардлыг тусгай холбоо хариуцна.

(2) (а) Ассамблей:

(i) тусгай холбоог эрхлэх, хөгжүүлэх болон энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдох бүх асуудлыг авч хэлэлцэх;

(ii) хянан өөрчлөх бага хуралд бэлтгэхтэй холбоотой асуудлаар болон энэхүү актыг соёрхон батлаагүй, түүнд нэгдэн ороогүй тусгай холбооны гишүүн орнуудаас өгсөн санал, тайлбарын талаар олон улсын товчоонд чиглэл өгөх;

(iii) журам өөрчлөх, 8 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасан хураамж болон олон улсын бүртгэлд хамаарах бусад хураамжийн хэмжээг тогтоох;

(iv) тусгай холбооны талаарх ерөнхий захирлын илтгэл, үйл ажиллагааг хянаж, батлах, тусгай холбооны эрх хэмжээнд багтах аливаа асуудлаар түүнд зааварчлах;

(v) тусгай холбооны хөтөлбөр тодорхойлох ба хоёр жил тутмын төсвийг батлах, түүний санхүүгийн тайланг батлах;

(vi) тусгай холбооны санхүүгийн журмыг батлах;

(vii) тусгай холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал гэж үзсэн шинжээчдийн хороо, ажлын хэсгүүдийг байгуулах;

(viii) тусгай холбооны гишүүн бус ямар орон, засгийн газар хоорондын болон засгийн газрын бус ямар байгууллага тусгай холбооны уулзалтуудад ажиглагчаар оролцож болохыг тодорхойлох;

(ix) 10­13 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах;

(x) тусгай холбооны зорилгыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох аливаа бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

(xi) энэхүү хэлэлцээрээр түүнд хүлээлгэсэн бусад бүх үүргийг хэрэгжүүлэх.

(b) байгууллагаас удирдаж байдаг бусад холбоодын сонирхсон асуудлаар Ассамблей нь байгууллагын зохицуулах хорооны саналтай танилцсаны дараа шийдвэр гаргана.

(3) (а) Ассамблейн гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй.

(b) Ассамблейн гишүүн орнуудын тэн хагас нь кворум бүрдүүлнэ.

(c) (b) дэд хэсэгт заасан дүрмийг үл харгалзан хэрэв ямар нэг чуулган дээр төлөөлөх орнуудын тоо тэн хагасаас бага байх боловч Ассамблейн гишүүн орнуудын гуравны нэгтэй тэнцүү буюу илүү байвал Ассамблей шийдвэр гаргаж болно. Гэхдээ Ассамблейн өөрийнх нь үйл ажиллагаанд хамаарах шийдвэрээс бусад шийдвэрүүд нь дараахь нөхцөл бүрдсэн үед хүчин төгөлдөр болно. Олон улсын товчоо Ассамблейн чуулганд оролцоогүй гишүүн орнуудад шийдвэрийг хүргүүлэх ба уг шийдвэрийг батлах, батлахгүй, эсхүл түдгэлзэж байгаа алин болохыг шийдвэрийг тийнхүү хүргүүлснээс хойш гурван сарын хугацаанд бичгээр ирүүлэхийг мэдэгдэнэ. Хэрэв энэ хугацаа дуусах үед шийдвэрийг баталсан буюу түдгэлзсэн орны тоо хуралдааны үеэр санал хураахад дутаж байсан орны тоонд хүрсэн тохиолдолд уг шийдвэр олонхоор хүчин төгөлдөр болно.

(d) Ассамблей 13 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн заалтын дагуу гарсан гуравны хоёрын олонхын саналаар шийдвэр гаргана.

(e) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

(f) Нэг төлөөлөгч нэг орныг төлөөлж зөвхөн түүний нэрийн өмнөөс санал өгөх эрхтэй.

(g) Ассамблейн гишүүн бус тусгай холбооны орнуудыг Ассамблейн чуулганд ажиглагчаар оролцуулна.

(4) (а) Онцгой тохиолдлоос бусад тохиолдолд ерөнхий захирал Ассамблейн ээлжит чуулганыг байгууллагын Ерөнхий Ассамблей чуулдаг газарт болон хугацаанд хоёр жилд нэг удаа зарлан хуралдана.

(b) Ассамблейн гишүүн орнуудын дөрөвний нэгийн хүсэлтийн дагуу ерөнхий захирал Ассамблейн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна.

(c) Ерөнхий захирал чуулган бүрийн хэлэлцэх асуудлыг дэгийн төслийг бэлтгэнэ.

(5) Ассамблей өөрийн ажиллагааны журмыг батална.

11 дүгээр зүйл

Олон улсын товчоо

(1) (а) Олон улсын бүртгэл болон холбогдох үүрэг, тусгай холбооны захиргааны асуудлыг олон улсын товчоо эрхэлнэ.

(b) Тухайлбал, олон улсын товчоо хуралдаанд бэлтгэх, Ассамблейн болон шинжээчдийн хороо, ажлын хэсгүүдийн нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.

(c) Ерөнхий захирал тусгай холбооны дээд удирдлага бөгөөд тусгай холбоог төлөөлнө.

(2) Ерөнхий захирал ба түүний томилсон ажилтан Ассамблей, шинжээчдийн хорооны болоод ажлын хэсгүүдийн хуралдаанд санал өгөх эрхгүйгээр оролцох бөгөөд ерөнхий захирал, түүний томилсон ажилтан эдгээр хуралдааны нарийн бичгийн дарга байна.

(3) (а) Олон улсын товчоо Ассамблейн журмын дагуу хэлэлцээрийн 10­13 дугаар зүйлийн заалтуудаас бусад заалтыг хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулна.

(b) Олон улсын товчоо ханан өөрчлөх бага хуралд бэлтгэх асуудлаар засгийн газар хоорондын буюу олон улсын төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөж болно.

(с) Ерөнхий захирал, түүний томилсон ажилтан бага хурлуудаар асуудал хэлэлцэхэд санал өгөх эрхгүйгээр оролцоно.

(4) Олон улсын товчоо түүнд даалгасан бусад аливаа үүргийг хэрэгжүүлнэ.

12 дугаар зүйл

Санхүү

(1) (а) Тусгай холбоо төсөвтэй байна.

(b) Тусгай холбооны төсөвт тусгай холбооны орлого, зарлага, холбоодод хамаарах нийтийн зардлын төсөвт оруулах хандив, зарим тохиолдолд байгууллагын бага хурлын төсөвт орох зардал багтана.

(c) Холбоодод хамаарах нийтийн зардал гэдэгт зөвхөн тусгай холбоонд хамаатай бус, мөн захиргааны үүргийг нь байгууллага гүйцэтгэдэг бусад нэг буюу хэд хэдэн холбоод хамаарах зардлыг ойлгоно. Эдгээр нийтийн зардалд тусгай холбооны хувь нь эдгээр холбоодод тусгай холбооны сонирхлын хэмжээтэй адил байна.

(2) Tусгай холбооны төсвийг байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагыг харгалзан тогтооно.

(3) Тусгай холбооны төсөв нь дор дурдсан эх үүсвэрээс санхүүжнэ:

(i) олон улсын бүртгэлд хамаарах үндсэн болон бусад хураамж, олон улсын товчооноос үзүүлдэг бөгөөд тусгай холбоонд хамаарах бусад үйлчилгээнээс орох хураамж, төлбөр;

(ii) Тусгай холбоонд хамаарах олон улсын товчооны хэвлэлийн борлуулалтаас худалдсанаас олсон болон бусад холбогдох орлого;

(iii) бэлэг, гэрээслэлээр үлдээсэн өв, хөрөнгө, татаас;

(iv) түрээс, зээлийн хүү, бусад орлого;

(4) (а) 8 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасан хураамж болон олон улсын бүртгэлд хамаарах бусад хураамжийн хэмжээг ерөнхий захирлын санал болгосноор Ассамблей тогтооно.

(b) Хураамжийн хэмжээг тогтоохдоо 8 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (b), (с) дэд хэсэгт заасан нэмэлт болон тусгай хураамжаас бусад хураамжаас олсон тусгай холбооны орлого, мөн түүнчлэн орлогын бусад эх үүсвэрээс орсон орлого нь наад зах нь олон улсын товчооны тусгай холбоонд хамаарах зардлыг нөхөх бололцоотой байхаар бодож тогтооно.

(с) Хэрэв төсвийг санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө батлаагүй бол, төсөв нь санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адил хэмжээтэй байна.

(5) Тусгай холбоонд хамаарах олон улсын товчооноос үзүүлдэг бусад үйлчилгээний хураамж, төлбөрийн хэмжээг (4) дэх хэсгийн (а) дэд хэсгийн заалтыг харгалзан ерөнхий захирал тогтоодог бөгөөд тэрээр энэ тухай Ассамблейд илтгэнэ.

(6) (а) Тусгай холбоо эргэлтийн хөрөнгийн сантай байх бөгөөд энэ нь тусгай холбооны гишүүн орон бүрээс төлдөг нэг удаагийн төлбөрөөс бүрдэнэ. Хэрэв эргэлтийн хөрөнгийн хэмжээ хангалтгүй бол Ассамблей түүнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргана.

(b) Дээр дурдсан санд орон бүрээс төлөх анхны төлбөрийн хэмжээ, уг санг нэмэгдүүлэхэд оруулах хандив нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын холбооны гишүүний хувьд уг орноос дээрх санг бий болгосон жилд буюу түүнийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан жилд энэхүү холбооны төсөвт төлөх татварын хувьтай адил байна.

(с) Энэ харьцаа, төлбөрийн нөхцөлийг Ассамблей ерөнхий захирлын саналаар байгууллагын зохицуулах хорооны саналыг харгалзан тогтооно.

(d) Ассамблей тусгай холбооны нөөцийн санг эргэлтийн хөрөнгийн сан болгон ашиглахыг зөвшөөрдөг ч Ассамблей өөрөө (а), (b), (с) дэд хэсгийн заалтыг хэрэглэхийг зогсоож болно.

(7) (а) Байгууллагын төв байр нь нутаг дэвсгэрт нь байрладаг оронтой байгуулах төв байрны тухай хэлэлцээрт эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болох тохиолдолд тухайн орон урьдчилгаа олгох тухай тусгана. Энэ урьдчилгааны хэмжээ болон урьдчилгаа олгох нөхцөлийг тусдаа байгууллага, тухайн орон хоорондын хэлэлцээрээр зохицуулна.

(b) (а) дэд хэсэгт заасан орон, байгууллага аль аль нь урьдчилгаа олгох, авах тухай үүргээ цуцлах талаар бичгээр мэдэгдэх эрхтэй. Цуцлалт нь мэдэгдэл хийсэн жил дууссанаас хойш гурван жилийн дараа хүчин төгөлдөр болно.

(8) Санхүүгийн шалгалтыг санхүүгийн журамд зааснаар тусгай холбооны нэг буюу хэд хэдэн орон, эсхүл гадны байцаагч хийнэ. Тэднийг өөрсдийнх нь зөвшөөрснөөр Ассамблей томилно.

13 дугаар зүйл

10 - 13 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах

(1) 10, 11, 12 дугаар зүйл болон энэхүү зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Ассамблейн аль ч гишүүн орон, эсхүл ерөнхий захирал гаргаж болно. Ийм саналыг Ассамблейн гишүүн орнуудад ерөнхий захирал чуулганаар хэлэлцэхээс наад зах нь зургаан сарын өмнө мэдэгдэнэ.

(2) (1) дэх хэсэгт заасан зүйлүүдэд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг Ассамблей дөрөвний гурвын олонхын саналаар батлах бөгөөд харин 10 дугаар зүйл ба энэхүү хэсэгт оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг тавны дөрвийн олонхын саналаар батална.

(3) (1) дэх хэсэгт заасан зүйлүүдэд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь орон бүрийн үндсэн хуулийн дагуу хүлээн авсан тухай бичгээр өгсөн мэдэгдлийг ерөнхий захирал нэмэлт, өөрчлөлтийг батлах үед Ассамблейн гишүүн байсан орнуудын дөрөвний гурваас нь авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно. Ийнхүү батлагдсан аливаа нэмэлт өөрчлөлтийг түүнийг батлах үед Ассамблейн гишүүн байсан буюу түүнээс хойш гишүүн болсон орнууд хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

14 дүгээр зүйл

Соёрхон батлах, нэгдэн орох, хүчин төгөлдөр болох, өмнөх актуудад нэгдэн орох, Парисын конвенцийн 24 дүгээр зүйлд хамаарах /нутаг дэвсгэр/

(1) Энэхүү актад гарын үсэг зурсан тусгай холбооны гишүүн аливаа орон түүнийг соёрхон баталж болох бөгөөд гарын үсэг зураагүй бол түүнд нэгдэн орж болно.

(2) а) Тусгай холбооны гишүүн биш бөгөөд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч тал болох аливаа орон энэхүү актад нэгдэн орж тусгай холбооны гишүүн болж болно.

b) Олон улсын товчоо аливаа орон энэхүү актад нэгдэн орсон тухай мэдэгдлийг хүлээн авмагцаа тухайн орны байгууллагад 3 дугаар зүйлийн дагуу тухайн үед хамгаалалт эдэлж байгаа тэмдгүүдийн тухай багц мэдэгдэл хүргүүлнэ.

c) Ийнхүү мэдэгдсэнээр тухайн орны нутаг дэвсгэр дээр, дурдсан барааны тэмдгүүд өмнөх заалтад заасан эрх эдлэх нөхцөл хангагдах бөгөөд эхлэх хугацааг нэг жилээр тогтооно. Энэ хугацаанд холбогдох байгууллага 5 дугаар зүйлд заасны дагуу тайлбар хийж болно.

d) Харин энэхүү актад нэгдэн орж буй аливаа орон өмнө нь тэр орны үндэсний бүртгэлд авч байсан, сонирхогч талуудын хүсэлтээр шууд хүлээн зөвшөөрөгдөх, одоо хамгаалагдаж байгаа олон улсын барааны тэмдгүүдийг хөндөхгүйгээр тухайн орны нэгдэн орж буй баримт бичиг нь хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж бүртгэгдсэн барааны тэмдгийн хувьд л уг актыг хэрэглэнэ гэсэн тайлбар хийж болно.

e) Ийм мэдэгдэл нь дээр дурдсан барааны тэмдгийн талаарх мэдэгдлийг хийхээс олон улсын товчоог чөлөөлөх бөгөөд олон улсын товчоо нь нэгдэж орсноосоо хойш нэг жилийн дотор (d) дэд хэсэгт дурдсан ялгавартай хэрэглэх хөнгөлөлтийг эдлэх тухай хүсэлтээ ирүүлсэн орны тухайд зөвхөн хүсэлтэд дурдсан барааны тэмдгийн тухай мэдэгдэл гаргана.

f) Олон улсын товчоо энэхүү актын дагуу 3 bis зүйлд заасан эрхийг эдлэх тухайгаа мэдэгдсэн орнуудад барааны тэмдгийн тухай мэдэгдэл хүргүүлэхгүй. Эдгээр орон тухайн орны нэгдэн орж буй баримт бичиг нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш бүртгэгдсэн барааны тэмдгүүдэд л энэхүү актыг хэрэглэхээ мэдэгдэж болно. Харин энэ хязгаарлалт нь уг оронд өмнө нь үндэсний бүртгэлд авч байсан олон улсын барааны тэмдэгт хамаарахгүй бөгөөд тэдгээр барааны тэмдэг нь 3 ter зүйл, 8 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (с) дэд хэсгийн дагуу хамгаалалтыг өргөтгөх тухай мэдэгдэл хийх үндэс болно.

g) Энэхүү хэсэгт заасан мэдэгдлүүдийн аль нэг мэдэгдлийн сэдэв болох барааны тэмдгийн бүртгэл нь хэлэлцэн тохирогч шинэ оронд түүний нэгдэн орохоос өмнө хийгдсэн бүртгэлийг орлоно гэж ойлгоно.

(3) Батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг ерөнхий захиралд хадгалуулна.

(4) а) Энэхүү акт нь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн эхний таван орны хувьд тав дахь баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

b) Аливаа бусад орны хувьд энэхүү акт нь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай бичигт өөр хугацаа заагаагүй тохиолдолд соёрхон баталсан буюу нэгдэн орсныг ерөнхий захирал нотолсон өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. Хугацаа заасан тохиолдолд энэхүү акт тухайн орны хувьд уг заасан хугацаанд хүчин төгөлдөр болно.

(5) Соёрхон баталсан буюу нэгдэн орсноор энэхүү актын бүх заалтыг шууд хэрэгжүүлэх үүрэг хүлээх бөгөөд давуу эрхийг ч эдэлж эхэлнэ.

(6) Энэхүү акт хүчин төгөлдөр болсны дараа зөвхөн энэхүү актыг соёрхон батлах, эсхүл түүнд нэгдэн орохтой холбогдуулан тухайн орон 1957 оны 6 дугаар сарын 15­ны Ниццийн актад нэгдэн орж болно. Энэхүү актыг соёрхон батлах, эсхүл түүнд нэгдэн орохтой холбоотойгоор ч гэсэн Ниццийн актаас өмнөх актуудад нэгдэн орохыг зөвшөөрөхгүй.

(7) Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 24 дүгээр зүйлийн заалтыг энэхүү хэлэлцээрт хэрэглэнэ.

15 дугаар зүйл

Цуцлах

(1) Энэхүү хэлэлцээр хугацаа хязгаарлахгүй хүчин төгөлдөр үйлчилнэ.

(2) Аливаа орон ерөнхий захиралд мэдэгдэл өгөх замаар энэхүү актыг цуцалж болно. Энэхүү актыг цуцалснаар өмнөх бүх актыг мөн адил цуцлах бөгөөд энэ нь зөвхөн мэдэгдэл гаргасан оронд хамаарах болно. Харин тусгай холбооны бусад орны хувьд хэлэлцээр хүчинтэй хэвээр үлдэнэ.

(3) Цуцлалт нь ерөнхий захирал мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

(4) Энэ зүйлийн дагуу олгосон цуцлах эрхийг тусгай холбооны гишүүн болсон өдрөөс хойш таван жилийн хугацаанд ямар ч орон эдлэхгүй.

(5) Цуцлалт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө бүртгэгдсэн бөгөөд 5 дугаар зүйлд дурдсан ёсоор нэг жилийн хугацаанд хамгаалуулахаас татгалзсан шийдвэр гаргаагүй олон улсын барааны тэмдэг нь цуцалж байгаа оронд шууд бүртгэгдсэний нэгэн адил олон улсын хамгаалалтын бүх л хугацаанд үргэлжлэн хамгаалагдана.

16 дугаар зүйл

Өмнөх актуудыг хэрэглэх

(1) а) Энэхүү акт түүнийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон тусгай холбооны гишүүн орнуудын хоорондын харилцаанд, уг акт тэдгээр орны хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөсөө эхлэн 1891 оны Мадридын хэлэлцээрийн энэхүү актаас өмнөх үеийн бүх эх бичвэрийг орлоно.

b) Энэхүү актыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон орон бүр энэхүү актыг соёрхон батлаагүй буюу түүнд нэгдэн ороогүй оронтой харьцахад 1957 оны 6 дугаар сарын 15­ны Ниццийн актын 13 дугаар зүйлийн үндсэн дээр өмнө нь цуцлаагүй байсан өмнөх үеийн эх бичвэрийг мөрдөнө.

(2) Тусгай холбоонд ороогүй боловч энэхүү актад оролцогч орнууд энэхүү актад оролцоогүй боловч тусгай холбооны гишүүн аль ч орны үндэсний байгууллагаар дамжуулан олон улсын товчооноос хийдэг олон улсын бүртгэлд энэхүү актыг хэрэглэнэ. Чингэхдээ тухайн орнуудын хувьд бүртгэл энэхүү актын шаардлагыг хангасан байна. Тусгай холбоонд ороогүй боловч энэхүү актад нэгдэн орсон орон өөрийн байгууллагаар дамжуулан олон улсын товчоонд хийдэг олон улсын бүртгэлийн хувьд тусгай холбооны дээр дурдсан гишүүн орон нь нэгдэн орсон сүүлийн актын шаардлагыг хангахыг шаардаж болно гэдгийг хүлээн зөвшөөрнө.

17 дугаар зүйл

Гарын үсэг, хэл, хадгалах үүрэг

(1)

а) Энэхүү актын франц хэлээрх нэг хувьд гарын үсэг зурж Швед Улсын Засгийн газарт хадгалуулна.

b) Албан ёсны эх бичвэрийг ерөнхий захирал сонирхогч засгийн газартай зөвлөлдсөний дараа чуулганаар тогтоосон бусад хэлээр гаргана.

(2) Энэхүү акт 1968 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Стокгольм хотноо гарын үсэг зурахад нээлттэй байна.

(3) Ерөнхий захирал энэхүү актын гарын үсэг зурсан эх бичвэрийн хоёр хувийг Швед Улсын Засгийн газраар баталгаажуулан тусгай холбооны бүх орны засгийн газарт болон хүсэлт гаргасан аливаа бусад орны засгийн газарт хүргүүлнэ.

(4) Ерөнхий захирал энэхүү актыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

(5) Ерөнхий захирал тусгай холбооны бүх орны засгийн газарт гарын үсэг зурсан тухай, соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай, эдгээр баримт бичгүүдэд агуулагдаж байгаа тайлбар, мэдэгдлийн тухай, энэхүү актын аливаа заалт хүчин төгөлдөр болсон тухай, цуцалсан тухай мэдэгдэл болон 3 bis, 9 quater, 13, 14 (7), 15 (2) дугаар зүйлүүдийн дагуу хийсэн мэдэгдлийн тухай тус тус мэдээлнэ.

18 дугаар зүйл

Шилжилтийн заалтууд

(1) Анхны ерөнхий захирлыг албан тушаалдаа орох хүртэл энэхүү актад тусгасан байгууллагын олон улсын товчоо буюу ерөнхий захирлын тухай заалтыг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцоор байгуулагдсан холбооны товчоо буюу түүний захирлын тухай заалтад хамруулж ойлгоно.

(2) Энэхүү актыг соёрхон батлаагүй буюу түүнд нэгдэн ороогүй орнууд Байгууллага байгуулах тухай конвенц хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн хугацаанд өөрсдөө хүсвэл энэхүү актын 10, 13 дугаар зүйлүүдэд заасан эрхийг эдэлж болно. Ийм эрх эдлэхийг хүссэн аливаа орон ерөнхий захиралд хүсэлтээ бичгээр мэдэгдэнэ. Тухайн хүсэлт нь түүнийг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Эдгээр орныг заасан хугацаа дуусах хүртэл чуулганы гишүүн гэж үзнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
61. БАРААНЫ ТЭМДГИЙН ОЛОН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ МАДРИДЫН ХЭЛЭЛЦЭЭР