Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
64. БАРААНЫ ТЭМДГИЙГ БҮРТГЭХ ЗОРИЛГООР БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ ТОГТООХ ТУХАЙ НИЦЦИЙН ХЭЛЭЛЦЭЭР
1982 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон
/1979 оны нэмэлт, өөрчлөлт/
1957 оны 6 дугаар сарын 15-нд гарын үсэг зурсан, 1967 оны 7 дугаар сарын 14-нд Стокгольмд, 1977 оны 5 дугаар сарын 13-нд Женевт хянан өөрчилж,
1979 оны 9 дүгээр сарын 28-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдлаар
1 дүгээр зүйл
Тусгай холбоо байгуулах; олон улсын ангиллыг тогтоох;
ангиллын тодорхойлолт ба хэл
(1) Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж буй орнууд тусгай холбоо байгуулж барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний нэгдмэл ангиллын хүлээн зөвшөөрнө (цаашид “ангилал” гэнэ).
(2) Ангилал нь дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:
(i) ангиллын жагсаалт болон шаардлагатай тохиолдолд тайлбар тэмдэглэл;
(ii) бараа, үйлчилгээний цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалт, (цаашид “цагаан толгойн үсгийн дарааллын жагсаалт” гэнэ) тэдний ангиллыг заана.
(3) Ангилал нь дараахь зүйлийг багтаана:
(i) Оюуны өмчийн олон улсын товчооноос (цаашид “олон улсын товчоо” гэнэ) 1971 онд хэвлэн нийтэлсэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг байгуулах тухай конвенцид тусгагдсан ангилал, гэхдээ 3 дугаар зүйлийн дагуу шинжээчдийн хорооноос ангиллын жагсаалтад тайлбар хийх хүртэл тэрхүү нийтлэлд оруулсан ангиллын жагсаалтын тайлбарыг түр хугацааны зөвлөмж, тайлбар хэлбэрээр хэрэглэнэ;
(ii) энэхүү акт хүчин төгөлдөр болохоос өмнө 1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн болон энэхүү хэлэлцээрийн 1967 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн Стокгольмын актын дагуу хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтүүд;
(iii) энэхүү актын 3 дугаар зүйлийн дагуу хийгдэх болон энэхүү актын 4 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн дагуу хүчин төгөлдөр болох аливаа өөрчлөлт.
(4) Ангиллыг англи буюу франц хэлээр боловсруулах бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.
(5) а) (3) дахь хэсгийн (i)–д заасан ангиллын энэхүү актад гарын үсэг зурахад нээлттэй болох хугацаанаас өмнө хүчин төгөлдөр болсон (3) дахь хэсгийн (ii)–д заасан нэмэлт, өөрчлөлтүүдийн хамт франц хэлээр үйлдсэн албан ёсны эх хувийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захиралд (цаашид “ерөнхий захирал”, “байгууллага” гэнэ) хадгалуулахаар өгнө. Энэхүү актад гарын үсэг зурахад нээлттэй болсны дараа хүчин төгөлдөр болсон (3) дахь хэсгийн (ii)–д заасан нэмэлт, өөрчлөлтийн франц хэлээрх албан ёсны эх хувийг мөн адил ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.
b) 3 дугаар зүйлд дурдсан шинжээчдийн хороо нь энэхүү актыг хүчин төгөлдөр болмогц (а) дэд хэсэгт заасан эх бичвэрийг англи хэлээр үйлдэнэ. Түүний албан ёсны эх хувийг ерөнхий захиралд хадгалуулна.
с) (3) дахь хэсгийн (iii)-д заасан өөрчлөлтийн англи, франц хэлээр үйлдсэн албан ёсны эх хувийг ерөнхий захиралд хадгалуулна.
(6) Ангиллын араб, герман, итали, португали, орос, испани хэлээр болон 5 дугаар зүйлд заасны дагуу Ассамблейгаас тогтоох бусад албан ёсны хэлээрх эх бичвэрийг гаргах асуудлыг сонирхогч засгийн газартай зөвлөлдөн тухайн засгийн газраас гаргасан орчуулгыг үндэслэн эсхүл тусгай холбооны болон байгууллагын төсөвт хүндрэл учруулахгүйгээр ерөнхий захирал шийдвэрлэнэ.
(7) Цагаан толгойн үсгийн дарааллын жагсаалтад бараа, үйлчилгээний заалт бүрийн эсрэг талд жагсаалтыг үйлдсэн хэлтэй уялдуулан серийн дугаарыг заах бөгөөд, энэ нь:
(i) цагаан толгойн үсгийн дарааллын жагсаалтыг англи хэлээр үйлдсэн тохиолдолд өөрийн дугаар нь цагаан толгойн үсгийн дарааллын франц хэлээрх жагсаалтад заасан серийн дугаартай адил байх бөгөөд эсрэгээр мөн ойлгоно;
(ii) 6 дахь хэсгийн дагуу тогтоох аливаа цагаан толгойн үсгийн дарааллын англи хэлээрх эсхүл франц хэлээрх жагсаалтад серийн дугаарыг хамт бичнэ.
2 дугаар зүйл
Ангиллын хэрэглээ ба эрх зүйн
үр дагавар
(1) Энэхүү хэлэлцээрт тусгагдсан шаардлагын дагуу ангилал нь тусгай холбооны орон бүрийн саналыг оруулсан байна. Тухайлбал, ангилал нь тухайн орны аливаа барааны тэмдэгт олгож буй хамгаалалтын хүрээг тодорхойлох эсхүл үйлчилгээний тэмдгийг хүлээн зөвшөөрөх талаар тусгай холбооны орнуудад үүрэг хүлээлгэхгүй.
(2) Тусгай холбооны орон бүр ангиллыг үндсэн буюу туслах тогтолцоогоор хэрэглэх эрхтэй.
(3) Тусгай холбооны гишүүн орны эрх бүхий байгууллага барааны тэмдгийг бүртгэсэн тухай албан ёсны баримт бичиг буюу хэвлэлд тухaйн бүртгэсэн тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний ангиллын дугаарыг оруулна.
(4) Цагаан толгойн үсгийн дарааллын жагсаалтад оруулсан нэр томьёо нь тухайн нэр томьёонд хамаарах аливаа эрхийг аль ч утгаар хөндөхгүй.
3 дугаар зүйл
Шинжээчдийн хороо
(1) Тусгай холбооны гишүүн орон бүрээс бүрдсэн шинжээчдийн хороог байгуулна.
(2) а) Ерөнхий захирал байгууллагын гишүүн мөн боловч тусгай холбооны гишүүн бус, эсхүл Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч орныг шинжээчдийн хорооны хуралдаанд ажиглагчаар оролцуулахаар урьж болох бөгөөд шинжээчдийн хорооноос тийм хүсэлт гаргасан тохиолдолд тэдгээрийг заавал урина.
b) Ерөнхий захирал барааны тэмдгийн салбарт мэргэшсэн, дор хаяж нэг гишүүн орон нь тусгай холбооны гишүүн байгаа засгийн газар хоорондын байгууллагуудыг шинжээчдийн хорооны хуралдаанд ажиглагчаар оролцуулахаар урина.
с) Ерөнхий захирал засгийн газар хоорондын байгууллага болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг тэдгээрийн сонирхсон ярилцлагад оролцуулахаар урьж болох ба шинжээчдийн хорооноос тийм хүсэлт гаргасан тохиолдолд тэдгээрийг заавал урина.
(3) Шинжээчдийн хороо нь:
(i) ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулах;
(ii) тусгай холбооны гишүүн орнуудад зориулан ангиллыг нэгдсэн болон хялбар аргаар хэрэглэх талаар зөвлөмж өгөх;
(iii) тусгай холбооны төсөв буюу байгууллагад санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр хөгжиж буй орнуудад ангиллыг хэрэглэх талаар дөхөм болох бусад бүх арга хэмжээ авах;
(iv) дэд хороо болон ажлын хэсэг байгуулах эрхтэй байна.
(4) Шинжээчдийн хороо нь өөрийн үйл ажиллагааны дүрмийг батална. Уг дүрмийн дагуу ангиллыг боловсронгуй болгох талаар (2) дахь хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан чухал үүрэг гүйцэтгэж чадах засгийн газар хоорондын байгууллагыг дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаанд оролцуулах боломжийг бүрдүүлнэ.
(5) Тусгай холбооны аливаа гишүүн орны эрх бүхий байгууллага, олон улсын товчоо, (2) дахь хэсгийн (b) дэд хэсэгт заасны дагуу шинжээчдийн хороонд төлөөлөлтэй засгийн газар хоорондын байгууллага болон шинжээчдийн хорооноос тусгайлан санал авах зорилгоор уригдсан бусад байгууллага ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өгч болно. Саналыг түүнийг хэлэлцэх хорооны хуралдаан эхлэхээс хоёр сарын өмнө олон улсын товчоо шинжээчдийн хорооны гишүүд, ажиглагч нарт тараана.
(6) Тусгай холбооны гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй.
(7) а) (b) дэд хэсэгт заасны дагуу шинжээчдийн хорооны шийдвэрийг хуралдаанд оролцогч болон санал өгч буй орнуудын олонхын саналаар батална.
b) ангилалд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах шийдвэрийг хуралдаанд оролцогч болон санал хураалтад оролцож буй тусгай холбооны гишүүн орнуудын тавны дөрөвний саналаар батална. “Нэмэлт, өөрчлөлт” гэж бараа, үйлчилгээг нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх, эсхүл шинэ ангилал тогтоохыг хэлнэ.
с) (4) дэх хэсэгт заасан үйл ажиллагааны дүрэмд онцгой тохиолдлоос бусад үед ангилалд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тодорхой хугацааны эцэст батлах бөгөөд тэрхүү хугацааг шинжээчдийн хороо тогтооно.
(8) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.
4 дүгээр зүйл
Мэдэгдэл, нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох ба тэдгээрийг
хэвлэн нийтлэх
(1) Олон улсын товчоо нь шинжээчдийн хороогоор шийдвэрлэсэн ангилалд оруулсан өөрчлөлт ба хорооны зөвлөмжийг тусгай холбооны гишүүн орнуудын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ. Нэмэлт, өөрчлөлт нь ийнхүү мэдэгдэл илгээсэн өдрөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно. Аливаа бусад нэмэлт, өөрчлөлт нь тухайн нэмэлт, өөрчлөлтийг баталсан үед шинжээчдийн хорооноос тогтоосон өдрөөс хүчин төгөлдөр болно.
(2) Олон улсын товчоо нь хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтийг ангилалд тусгана. Ийм өөрчлөлтийг зарлахдаа 5 дугаар зүйлд дурдсаны дагуу Ассамблейн шийдвэрээр нийтэлнэ.
5 дугаар зүйл
Тусгай холбооны Ассамблей
(1) а) Тусгай холбоо нь энэхүү актыг баталсан буюу түүнд нэгдэн орсон орнуудаас бүрдсэн Ассамблейтай байна.
b) Тусгай холбооны гишүүн орон бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэр нь орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.
с) Төлөөлөгчдийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.
(2) a) 3 ба 4 дүгээр зүйлийн заалтын дагуу Ассамблей нь:
(i) тусгай холбоог удирдах, хөгжүүлэх болон энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх бүх асуудлыг эрхлэх;
(ii) хянан өөрчлөх бага хуралд бэлтгэхтэй холбоотой асуудлаар олон улсын товчоонд чиглэл өгнө. Ингэхдээ, актад нэгдэн ороогүй, соёрхон батлаагүй орнуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг анхаарч үзэх;
(iii) тусгай холбооны талаарх ерөнхий захирлын илтгэл, үйл ажиллагааг хянах, батлах. Тусгай холбооны эрхлэх асуудлын хүрээнд багтах аливаа асуудлаар түүнд зааварчлах;
(iv) тусгай холбооны хөтөлбөрийг тодорхойлж, хоёр жилийн төсөв, санхүүгийн тайланг хэлэлцэн батлах;
(v) тусгай холбооны санхүүгийн журмыг батлах;
(vi) тусгай холбооны зорилтыг хэрэгжүүлэхэд чухал гэж үзвэл 3 дугаар зүйлийн дагуу байгуулсан шинжээчдийн хорооноос гадна бусад шинжээчдийн хороод, ажлын хэсгүүдийг байгуулах;
(vii) тусгай холбооны гишүүн бус ямар орон, засгийн газар хоорондын байгууллага, олон улсын төрийн бус байгууллагыг Ассамблейн чуулганд ажиглагчаар оролцуулахыг шийдвэрлэх;
(viii) 5­8 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах;
(ix) тусгай холбооны зорилтыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
(x) энэхүү хэлэлцээрээр түүнд хүлээлгэсэн бусад бүх үүргийг хэрэгжүүлэх.
b) Байгууллагаас удирдаж байдаг бусад холбоодод хамаарах асуудлаар Ассамблей байгууллагын зохицуулах хорооны зөвлөмжтэй танилцсаны дараа шийдвэр гаргана.
(3) а) Ассамблейн гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй.
b) Ассамблейн гишүүн орнуудын тэн хагас нь кворум бүрдүүлнэ.
c) Чуулганд оролцож буй орнуудын тоо Ассамблейн гишүүн орнуудын тэн хагасаас бага боловч гуравны нэгтэй тэнцүү буюу түүнээс дээш байвал (b) дэд хэсэгт заасныг үл харгалзан шийдвэр гаргаж болно. Гэвч, Ассамблейн дотоод журмын холбогдолтой шийдвэрээс бусад ийнхүү гаргасан шийдвэрүүд нь дараахь нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. Олон улсын товчоо тухайн шийдвэрийг чуулганд оролцоогүй Ассамблейн гишүүн орнуудад илгээж ийнхүү илгээснээс хойш гурван сарын хугацаанд санал өгөх буюу түдгэлзсэн тухайг бичгээр мэдэгдэхийг хүсэлт болгоно. Хэрэв энэ хугацаа өнгөрөхөд санал өгсөн буюу түдгэлзсэн орнуудын тоо чуулганыг хүчинтэйд тооцоход хүрэлцэхгүй байсан тоонд хүрсэн тохиолдолд тухайн шийдвэр олонхын саналаар хүчин төгөлдөр болно.
(d) Ассамблей нь 8 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн заалтыг харгалзан гуравны хоёрын олонхын саналаар шийдвэр гаргана.
(e) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.
(f) Нэг төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж түүний нэрийн өмнөөс санал өгөх эрхтэй.
(g) Ассамблейн гишүүн бус тусгай холбооны гишүүн орнуудыг чуулганд ажиглагчаар оролцуулна.
(4) (а) Онцгой тохиолдлоос бусад тохиолдолд ерөнхий захирал Ассамблейн ээлжит чуулганыг байгууллагын Ерөнхий Ассамблей чуулдаг газарт болон хугацаанд хоёр жилд нэг удаа зарлан хуралдуулна.
(b) Ерөнхий захирал Ассамблейн онцгой чуулганыг Ассамблейн гишүүн орнуудын дөрөвний нэгийн хүсэлтийн дагуу зарлан хуралдуулна.
(c) Чуулган бүрийн хэлэлцэх асуудлын дэгийн төслийг ерөнхий захирал бэлтгэнэ.
(5) Ассамблей өөрийн үйл ажиллагааны журмыг батална.
6 дугаар зүйл
Олон улсын товчоо
(1) (а) Олон улсын бүртгэл, түүнтэй холбогдох ажиллагаа болон тусгай холбооны захиргааны бусад үүргийг олон улсын товчоо гүйцэтгэнэ.
(b) Олон улсын товчоо нь тухайлбал Ассамблейн болон түүний байгуулсан шинжээчдийн хороо, ажлын хэсгийн хуралдааныг бэлтгэж нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.
(с) Ерөнхий захирал нь тусгай холбооны гүйцэтгэх дээд албан тушаалтан бөгөөд тусгай холбоог төлөөлнө.
(2) Ерөнхий захирал ба түүний томилсон аливаа ажилтан Ассамблейн болон түүний байгуулсан шинжээчдийн хороо, ажлын хэсгийн хуралдаанд санал өгөх эрхгүйгээр оролцоно. Ерөнхий захирал ба түүний томилсон ажилтан нь эдгээр байгууллагын нарийн бичгийн дарга байна.
(3) (а) Олон улсын товчоо нь Ассамблейн өгсөн удирдамжийн дагуу хэлэлцээрийн 5-8 дугаар зүйлээс бусад заалтыг хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажлыг хангана.
(b) Олон улсын товчоо нь хянан өөрчлөх бага хуралд бэлтгэх асуудлаар засгийн газар хоорондын ба олон улсын төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөж болно.
(c) Ерөнхий захирал ба түүний томилсон ажилтан эдгээр бага хурлаар асуудал хэлэлцэхэд санал өгөх эрхгүйгээр оролцоно.
(4) Олон улсын товчоо нь түүнд даалгасан бусад үүргийг биелүүлнэ.
7 дугаар зүйл
Санхүү
(1) a) Тусгай холбоо нь төсөвтэй байна.
b) Тусгай холбооны төсөв нь тусгай холбооны орлого, зарлага, холбооны зардлаас холбоодод хамаарах нийтийн зардлын төсөвт орох хандив, тэрчлэн байгууллагын бага хурлын төсөвт орох зардал зэргээс бүрдэнэ.
с) Зөвхөн тусгай холбоонд бус харин байгууллагын удирдлаган дор ажилладаг нэг буюу хэд хэдэн бусад холбоодод хамаарах зардлыг холбоодод хамаарах нийтийн зардал гэж үзнэ. Энэхүү нийтийн зардлаас холбоонд оногдох хувь нь тэдгээр холбоод дахь холбооны сонирхлын эзлэх хэмжээтэй адил байна.
(2) Тусгай холбооны төсвийг захиргааны үүргийг нь байгууллага гүйцэтгэдэг бусад холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагыг харгалзан тогтооно.
(3) Тусгай холбооны төсөв нь дор дурдсан эх үүсвэрээс санхүүжинэ:
(i) тусгай холбооны гишүүн орнуудын татвар;
(ii) тусгай холбоонд хамаарах олон улсын товчооноос үзүүлж буй үйлчилгээний хураамж, төлбөр;
(iii) тусгай холбоонд хамаарах олон улсын товчооны хэвлэлийн борлуулалтаас олсон болон хэвлэх эрхийг шилжүүлсэнтэй холбогдох бусад орлого;
(iv) бэлэг, гэрээсэлж үлдээсэн өв, хөрөнгө, татаас;
(v) түрээс, зээлийн хүү ба бусад орлого.
(4) а) (3) дахь хэсгийн (i)-т заасан татварыг тогтоох зорилгоор тусгай холбооны гишүүн орон бүр Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын холбооны ангилалтай адил ангилалд хамаарах ба тэр холбоонд тухайн ангилалд тогтоосон хэмжээгээр жилийн татвар төлнө.
b) Орон бүрийн жилийн татвар нь түүний нэгжийн тоог татвар төлж байгаа бүх орны нэгжийн нийлбэрт харьцуулах хэлбэрээр тогтоосон, холбооны төсөвт төлөх нийт татварт эзлэх хувьтай тэнцүү байна.
c) Татварыг жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төлнө.
d) Өмнөх хоёр бүтэн жилд өгөх ёстой татварын хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш өртэй орон тусгай холбооны аливаа байгууллагад санал өгөх эрхгүй. Гэхдээ төлбөрийг хойшлуулсан нь онцгой болон зайлшгүй нөхцөл байдлаас үүдэлтэй гэж үзэх тохиолдолд тэрхүү хугацаанд тусгай холбооны аль нэг байгууллага тухайн оронд санал өгөх эрхээ үргэлжлүүлэн эдлэхийг зөвшөөрч болно.
е) Хэрэв төсвийг санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө батлаагүй бол, төсөв нь санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адил хэмжээтэй байна.
(5) Тухайн тусгай холбооны хувьд олон улсын товчооноос үзүүлж байгаа үйлчилгээний хураамж, төлбөрийг ерөнхий захирал тогтоож Ассамблейд илтгэнэ.
(6) (а) Тусгай холбоо нь холбооны гишүүн орон бүрээс өгөх нэг удаагийн төлбөрөөс бүрдэх эргэлтийн хөрөнгийн сантай байна. Хэрэв эргэлтийн хөрөнгийн сан хангалтгүй бол Ассамблей түүнийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
(b) Дурдсан санд орон бүрийн төлөх анхны татварын хэмжээ буюу энэ санг нэмэгдүүлэхэд төлөх орон бүрийн хувь хэмжээ нь санг байгуулсан жил, эсхүл түүнийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан жилд тухайн орноос төлөх татварын хувьтай адил байна.
(с) Энэ харьцаа, төлбөрийн нөхцөлийг ерөнхий захирлын саналын үндсэн дээр болон байгууллагын зохицуулах хорооны зөвлөмжийг авсны дараа Ассамблей тогтооно.
(7) а) Байгууллагын төв байр нь нутаг дэвсгэрт нь байрладаг оронтой байгуулах төв байрны тухай хэлэлцээрт эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болох тохиолдолд тухайн орон урьдчилгаа олгох тухай тусгана. Энэ урьдчилгааны хэмжээ болон урьдчилгаа олгох нөхцөлийг тусдаа байгууллага, тухайн орон хоорондын хэлэлцээрээр зохицуулна.
b) (а) дэд хэсэгт дурдсан орон ба байгууллага аль аль нь урьдчилгаа өгөх үүргээ бичгээр мэдэгдэх замаар цуцлах эрхтэй. Цуцлалт мэдэгдэл үйлдсэн жилийн төгсгөлөөс хойш гурван жилийн дараа хүчин төгөлдөр болно.
(8) Санхүүгийн аудитыг санхүүгийн журмын дагуу холбооны нэг буюу хэд хэдэн орон эсхүл гадны байцаагч хийнэ. Тэднийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр Ассамблей томилно.
8 дугаар зүйл
5-8 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
(1) 5, 6, 7 дугаар зүйл болон энэхүү зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Ассамблейн гишүүн аль ч орон эсхүл ерөнхий захирал гаргаж болно. Ерөнхий захирал ийм саналыг Ассамблейн чуулганаар хэлэлцэхээс наад зах нь зургаан сарын өмнө Ассамблейн гишүүн орон бүрт илгээнэ.
(2) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг Ассамблей дөрөвний гурвын олонхын саналаар батална. Гэхдээ 5 дугаар зүйл болон энэхүү хэсэгт оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг санал хураалтын тавны дөрвийн олонхын саналаар батална.
(3) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь уг нэмэлт, өөрчлөлтийг баталсан үед Ассамблейн гишүүн байсан орны дөрөвний гурав нь өөрсдийн үндсэн хуулийн журмын дагуу тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан мэдэгдлийг ерөнхий захирал хүлээж авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно. Дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг түүнийг хүчин төгөлдөр болох хугацаанд Ассамблейн гишүүн байсан орнууд буюу түүнээс хойш Ассамблейн гишүүн болсон бүх орон заавал дагаж мөрдөнө. Гэхдээ тусгай холбооны гишүүн орны санхүүгийн хүлээх үүргийг өндөржүүлэх талаар аливаа нэмэлт, өөрчлөлтийг тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл гаргасан орон л дагаж мөрдөнө.
9 дүгээр зүйл
Соёрхон батлах ба түүнд нэгдэн орох;
хүчин төгөлдөр болох
(1) Энэхүү актад гарын үсэг зурсан тусгай холбооны орон түүнийг соёрхон батлах бөгөөд гарын үсэг зураагүй орны хувьд түүнд нэгдэн орж болно.
(2) Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч боловч тусгай холбооны гишүүн бус аливаа орон энэхүү актад нэгдэн орж болох бөгөөд ингэснээр тусгай холбооны гишүүн орон болно.
(3) Батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.
(4) а) Энэхүү акт нь дараахь хоёр нөхцөл хангагдсан тохиолдолд гурван сарын дараа хүчин төгөлдөр болно:
(i) зургаа буюу түүнээс дээш орон батламж жуух бичгээ буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн байх;
(ii) энэхүү акт гарын үсэг зурахад нээлттэй болох үед дээрх орнуудын наад зах нь гурав нь тусгай холбооны гишүүн орон байх.
b) (а) дэд хэсгийн дагуу хүчин төгөлдөр болох тохиолдол нь батламж жуух бичгээ буюу нэгдэн орсон баримт бичгээ энэхүү акт хүчин төгөлдөр болохоос наад зах нь гурван сарын өмнө хадгалуулахаар өгсөн орнуудад хамаарна.
c) (b) дэд хэсэгт хамаарахгүй бусад орны хувьд энэхүү акт нь хэрэв батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичигт өөр хугацаа заагаагүй бол соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай ерөнхий захиралд мэдэгдэл хийсэн өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. Хугацаа заасан тохиолдолд энэхүү акт нь тухайн орны хувьд уг заасан хугацаанаас хүчин төгөлдөр болно.
(5) Соёрхон баталсан буюу нэгдэн орсноор энэхүү актын бүх заалтыг шууд хэрэгжүүлэх үүрэг хүлээх бөгөөд мөн түүний давуу талыг эдлэх болно.
(6) Энэхүү актыг хүчин төгөлдөр болсны дараа энэхүү хэлэлцээрийн өмнөх аливаа актыг ямар ч орон соёрхон батлах буюу тэдгээрт нэгдэн орох эрхгүй.
10 дугаар зүйл
Хугацаа
Энэхүү хэлэлцээр нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн нэгэн адил хугацаанд үйлчилнэ.
11 дүгээр зүйл
Хянан өөрчлөх
(1) Энэхүү хэлэлцээрийг тусгай холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн бага хурлаар хянан өөрчилнө.
(2) Хянан өөрчлөх бага хурлыг Ассамблей зарлан хуралдуулна.
(3) 5-8 дугаар зүйлийг хянан өөрчлөх асуудлыг хянан өөрчлөх бага хурлаар эсхүл 8 дугаар зүйлийн дагуу өөрчилж болно.
12 дугаар зүйл
Цуцлах
(1) Аливаа орон ерөнхий захиралд мэдэгдэл өгөх замаар энэхүү актыг цуцалж болно. Энэхүү актыг цуцалснаар тухайн орны соёрхон баталсан буюу нэгдэн орсон энэхүү хэлэлцээрийн өмнөх бүх акт болон актуудыг мөн адил цуцлах ба энэ нь зөвхөн мэдэгдэл гаргасан оронд хамаарах болно. Харин тусгай холбооны бусад орны хувьд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байна.
(2) Цуцлалт ерөнхий захирал мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.
(3) Энэ зүйлийн дагуу олгосон цуцлах эрхийг тусгай холбооны гишүүн болсон өдрөөс хойш таван жилийн хугацаанд ямар ч орон эдлэхгүй.
13 дугаар зүйл
Парисын конвенцийн 24 дүгээр зүйлд хамаарах
Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 1967 оны Стокгольмын актын 24 дүгээр зүйлийн заалт нь энэхүү хэлэлцээрт дараахь тохиолдолд, тухайлбал цаашид тус заалтад нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд тэрхүү нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тусгай холбооны гишүүн орнуудад хамаарна.
14 дүгээр зүйл
Гарын үсэг зурах; хэл; хадгалагчийн үүрэг; мэдэгдэл
(1) а) Энэхүү актыг англи, франц хэлээр нэг хувь үйлдэн гарын үсэг зурах бөгөөд хоёр эх бичвэр нь адил хүчинтэй байна. Эх бичвэрүүдийг ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.
b) Албан ёсны эх бичвэрийг ерөнхий захирал сонирхогч орны засгийн газартай зөвлөлдсөний дараа энэхүү актад гарын үсэг зурснаас хойш хоёр сарын хугацаанд (а) дэд хэсэгт дурдсан бусад хэлний хамт орос, испани хэлээр гаргах бөгөөд Дэлхийн оюуны өмчийн байгууллага байгуулах тухай конвенцийн албан ёсны эх бичвэрийг дээр дурдсан хэлээр үйлдэн гарын үсэг зурсан байна.
c) Албан ёсны эх бичвэрийг ерөнхий захирал сонирхогч орны засгийн газартай зөвлөлдсөний дараа араб, герман, итали, португали хэлээр болон Ассамблейгаас тогтоосон бусад хэлээр гаргана.
(2) Энэхүү акт 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.
(3) a) Ерөнхий захирал өөрийн баталгаажуулсан, гарын үсэг зурсан энэхүү актын хоёр хувийг тусгай холбооны гишүүн бүх орны засгийн газарт, мөн хүсэлт гаргасан бусад аль ч орны засгийн газарт илгээнэ.
b) Ерөнхий захирал өөрийн баталгаажуулсан, энэхүү актад оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийн хоёр хувийг тусгай холбооны бүх орны засгийн газарт болон хүсэлт гаргасан бусад орны засгийн газарт илгээнэ.
(4) Ерөнхий захирал энэхүү актыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.
(5) Ерөнхий захирал Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч бүх гишүүн орны засгийн газарт дараахь зүйлийг мэдэгдэнэ:
(i) (1) дэх хэсэгт заасны дагуу гарын үсэг зурсан тухай;
(ii) 9 дүгээр зүйлийн (3) дахь хэсгийн дагуу хадгалуулахаар өгсөн батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийн тухай;
(iii) 9 дүгээр зүйлийн (4) дэх хэсгийн (а) дэд хэсгийн дагуу хүчин төгөлдөр болсон он, сар, өдөр;
(iv) 8 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн дагуу энэхүү актад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн баримт бичиг;
(v) эдгээр нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон он, сар, өдөр;
(vi) 12 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан цуцлалт.