A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “САЙН ХУВЬЦАА” АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-10-ны өдрийн 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 334

Улаанбаатар хот

"САЙН ХУВЬЦАА" АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-10-ны өдрийн 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.2, Өрийн удирдлагын тухай хуулийн 3.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 7.1, Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын 9-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сайн хувьцаа" арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор дараах ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгасугай:

а) 1.65 их наяд (нэг их наяд зургаан зуун тавин тэрбум) төгрөг хүртэлх Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэл жилийн хугацаатай, жилийн 1.0 хувийн хүүтэйгээр дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааны ногдол ашиг болон тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдсанаас олох орлогоос эргэн төлөх нөхцөлтэйгээр "Сайн хувьцаа" арга хэмжээг санхүүжүүлэн холбогдох гэрээ байгуулж ажиллах;

б) "Эрдэнэс Тавантолгой" ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцааг худалдах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа 1072 хүртэлх энгийн хувьцаанаас эхний ээлжинд 322 хувьцааг багцаар нь 300,426 (гурван зуун мянга дөрвөн зуун хорин зургаан) төгрөгөөр зохих журмын дагуу шууд, үлдэх хувьцааг цаашид Монголын хөрөнгийн биржээр дамжуулан тус тус худалдан авах.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу иргэдээс худалдан авсан хувьцааг "Эрдэнэс Монгол" ХХК-д эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн "б"-д заасан энгийн хувьцааны үлдэх хэсэг Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалагдсан, эсхүл эдийн засаг сайжирсан нөхцөлд анх худалдсан үнээрээ хувьцаагаа буцаан худалдаж авах боломжийг тухайн иргэнд олгохоор тогтоосугай.

4. "Сайн хувьцаа" арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг хавсралт ёсоор баталсугай.

5. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Сайн хувьцаа" арга хэмжээг хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 311 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

 

Сангийн сайд Б.БОЛОР