A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 204

Улаанбаатар хот

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулах, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг батлагдсан орон тоондоо багтаан тодорхой нэг албан хаагчид хариуцуулан тогтвортой ажиллуулах арга хэмжээ авч, төлөвлөгөөний биелэлтийн тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Хууль зүйн яаманд хүргүүлж байхыг холбогдох сайд, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт даалгаж, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн Үндэсний комисст тус тус зөвлөсүгэй.

3. Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт даалгасугай:

3.1. Хууль зүйн сайдаар ахлуулсан холбогдох яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагын дарга, ажилтан, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй орон тооны бус зөвлөлийг байгуулж ажиллуулах;

3.2. Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр сард багтаан энэ тогтоолын 3.1-д заасан орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлж, авах арга хэмжээний талаарх саналыг холбогдох тайлангийн хамт тухайн жилийн 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах;

3.3. Ерөнхий төлөвлөгөөний дунд хугацааны хэрэгжилтийн тайланг бэлтгэж 2018 оны 1 дүгээр сард багтаан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх;

3.4. Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд тулгуурлан иргэний нийгмийн байгууллага болон холбогдох бусад байгууллагатай зөвшилцөн 2019 оны 9 дүгээр сард багтаан боловсруулж Засгийн газарт танилцуулах.

4. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, ерөнхий төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгч ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд тус тус үүрэг болгосугай.

5. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улс болон орон нутгийн төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн Үндэсний комисст тус тус зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН