A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 66. ПАТЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ

1970 оны 6 дугаар сарын 19-ны өдөр

1979 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, 1984 оны 2 дугаар сарын 3-ны өдөр,

2001 оны 10 дугаар сарын 3-ны өдөр өөрчлөлт оруулсан байдлаар.

УДИРТГАЛ

Хэлэлцэн тохирогч улсууд,

шинжлэх ухаан, техникийн дэвшилд хувь нэмэр оруулахыг хүсэж, шинэ бүтээлийн эрх зүйн хамгаалалтыг боловсронгуй болгохыг хүсэн,

хэд хэдэн оронд ингэж хамгаалуулахыг хүсвэл шинэ бүтээлийн хамгаалалтыг хялбарчлах болон илүү хэмнэлттэй болгохыг эрмэлзэн,

шинэ бүтээлийг тайлбарласан баримт бичгүүдэд агуулагдаж буй техникийн мэдээллийг нийтэд хүргэхийг хөнгөвчлөх болон түргэтгэхийг эрмэлзэн,

үндэсний, бүс нутгийн аль алиных нь шинэ бүтээлийн хамгаалалтын эрхзүйн тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах замаар болон тэдний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн техникийн шийдлийн тухай мэдээллийг илүү түргэн олж авах боломжоор хангах, орчин үеийн техникийн байнга өсөн нэмэгдэж байгаа ололттой танилцах явдлыг хөнгөвчлөх аргаар хөгжиж буй орны эдийн засгийн дэвшилд түлхэц өгч, хурдасгахыг хүсэн,

улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа энэ зорилгод хүрэхэд үлэмж хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэн,

энэхүү гэрээг байгуулав.

ОРШИЛ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Холбоо байгуулах

(1) Энэхүү гэрээнд оролцогч талууд (цаашид “хэлэлцэн тохирогч улсууд" гэнэ) нь шинэ бүтээлийг хамгаалах мэдүүлэг гаргах, мэдүүлэгт хайлт, шүүлт хийх, түүнчлэн техникийн тусгай үйлчилгээ үзүүлэх салбарт хамтран ажиллахын тулд холбоо байгуулав. Энэ холбоог олон улсын патентын хамтын ажиллагааны холбоо гэж нэрлэнэ.

(2) Энэхүү гэрээний аливаа заалт нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч орны аливаа харьяат эсхүл тухайн оронд оршин суугаа хүний уг конвенцид заасан эрхийн хязгаарлалт гэж ойлгогдох ёсгүй.

2 дугаар зүйл

Тодорхойлолт

Өөрөөр тайлбарлаагүй бол энэхүү гэрээ, журмын зорилгоор:

(i) "мэдүүлэг" гэж шинэ бүтээлийг хамгаалах талаар гаргасан мэдүүлгийг хэлэх бөгөөд "мэдүүлгийг нэр заах" гэж патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай байдлын гэрчилгээ, ашигтай загвар, нэмэлт патент эсхүл гэрчилгээ, зохиогчийн нэмэлт гэрчилгээ болон ашигтай байдлын нэмэлт гэрчилгээний талаар гаргасан мэдүүлгийг нэр заахыг хэлнэ;

(ii) "патентыг нэр заах” гэж патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай байдлын гэрчилгээ, ашигтай загвар, нэмэлт патент эсхүл гэрчилгээ, зохиогчийн нэмэлт гэрчилгээ болон, ашигтай байдлын нэмэлт гэрчилгээг нэр заахыг хэлнэ;

(iii) "үндэсний патент" гэж үндэсний байгууллагаас олгосон патентыг хэлнэ;

(iv) "бүс нутгийн патент" гэж нэгээс олон улсад үйлчлэх патент олгох эрх бүхий үндэсний болон засгийн газар хоорондын байгууллагаас олгосон патентыг хэлнэ;

(v) "бүс нутгийн мэдүүлэг" гэж бүс нутгийн патент хүсэх мэлүүлгийг хэлнэ;

(vi) "үндэсний мэдүүлгийг нэр заах" гэж энэхүү гэрээний дагуу гаргасан мэдүүлгээс бусад үндэсний патент, бүс нутгийн патентын мэдүүлгийг нэр заасныг ойлгоно;

(vii) "олон улсын мэдүүлэг" гэж энэхүү гэрээний дагуу гаргасан л мэдүүлгийг хэлнэ;

(viii) "мэдүүлгийг нэр заах " гэж олон улсын болон үндэсний мэдүүлгийг нэр заасныг ойлгоно;

(ix) "патентыг нэр заах" гэж үндэсний патент, бүс нутгийн патентыг нэр заасныг ойлгоно;

(x) "үндэсний хууль тогтоомжийг нэр заах" гэж хэлэлцэн тохиролцогч улсын үндэсний хууль тогтоомж эсхүл бүс нутгийн мэдүүлэг, бүс нутгийн патентын тухай яригдаж байгаа бол бүс нутгийн мэдүүлэг гаргах эсхүл бүс нутгийн патент олгох тухай гэрээг нэр заасныг ойлгоно;

(xi) хугацаа тооцох “давамгайлах огноо” гэж:

(а) хэрэв олон улсын мэдүүлэгт 8 дугаар зүйлийн дагуу давуу эрх хүссэн байвал ийм журмаар давуу эрх хүссэн мэдүүлэг гаргасан огноог;

(b) хэрэв олон улсын мэдүүлэгт 8 дугаар зүйлийн дагуу хэд хэдэн давуу эрх хүссэн байвал ийм журмаар давуу эрх хүссэн анхны мэдүүлэг гаргасан огноог;

(с) хэрэв олон улсын мэдүүлэгт 8 дугаар зүйлийн дагуу давуу эрх хүсээгүй байвал уг мэдүүлгийг олон улсын хэмжээнд гаргасан огноог;

(xii) "үндэсний байгууллага" гэж хэлэлцэн тохирогч улсын патент олгох эрх бүхий засгийн газрын байгууллагыг хэлнэ, "үндэсний байгууллагыг нэр заах" гэж наад зах нь нэг нь хэлэлцэн тохирогч улс байх хэд хэдэн улсаас олгосон бүс нутгийн патент олгох, үндэсний байгууллагын энэхүү гэрээ, журмаар тогтоосон үүргийг өөртөө хүлээж, эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий засгийн газар хоорондын аливаа байгууллагыг нэр заахыг мөн адил ойлгоно;

(xiii) "нэрлэсэн байгууллага" гэж тухайн улсын үндэсний байгууллагыг эсхүл энэхүү гэрээний I бүлгийн дагуу мэдүүлэг гаргагчийн нэр заасан улсын нэрийн өмнөөс ажиллаж буй үндэсний байгууллагыг хэлнэ;

(xiv) "сонгосон байгууллага" гэж тухайн улсын үндэсний байгууллагыг эсхүл энэхүү гэрээний II бүлгийн дагуу мэдүүлэг гаргагчийн сонгосон улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа үндэсний байгууллагыг хэлнэ;

(xv) "хүлээн авагч байгууллага" гэж олон улсын мэдүүлэг хүлээн авч байгаа үндэсний байгууллага эсхүл засгийн газар хоорондын байгууллагыг хэлнэ;

(xvi) "холбоо" гэж олон улсын патентын хамтын ажиллагааны холбоог хэлнэ;

(xvii) "Ассамблей" гэж холбооны Ассамблейг хэлнэ;

(xviii) "байгууллага" гэж дэлхийн оюуны өмчийн байгууллагыг хэлнэ;

(xix) "олон улсын товчоо" гэж байгууллагын олон улсын товчоо болон оюуны өмчийг хамгаалах олон улсын нэгдсэн товчоо (БИРПИ) оршин тогтнож байгаа тохиолдолд олон улсын нэгдсэн товчоог хэлнэ;

(xx) "ерөнхий захирал" гэж байгууллагын ерөнхий захирал хийгээд (БИРПИ) оршин тогтнож байгаа тохиолдолд олон улсын нэгдсэн товчооны захирлыг хэлнэ.

I БYЛЭГ

ОЛОН УЛСЫН МЭДҮҮЛЭГ, ОЛОН УЛСЫН ХАЙЛТ

3 дугаар зүйл

Олон улсын мэдүүлэг

(1) Хэлэлцэн тохирогч улсын алинд нь ч шинэ бүтээл хамгаалах мэдүүлгийг энэхүү гэрээний дагуу олон улсын мэдүүлэг болгон гаргаж болно.

(2) Энэхүү гэрээ, журамд тодорхойлсноор олон улсын мэдүүлэг нь мэдүүлэг, шинэ бүтээлийн тодорхойлолт, шинэ бүтээлийн нэг эсхүл хэд хэдэн томьёолол, нэг эсхүл хэд хэдэн зураглал (хэрэв шаардлагатай бол), товч тайлбарыг багтаасан байвал зохино.

(3) Товч тайлбар нь гагцхүү техникийн мэдээллийн зорилгод үйлчлэх бөгөөд бусад зорилгоор тухайлбал, хүсэлт болгосон хамгаалалтын хэмжээг тайлбарлахад хэрэглэгдэх ёсгүй.

(4) Олон улсын мэдүүлэг нь:

(i) тогтоосон хэлээр бичигдсэн байх;

(ii) олон улсын мэдүүлэг гаргах тогтоосон шаардлагад нийцсэн байх;

(iii) шинэ бүтээлийн нэгдмэл байдлын тогтоосон шаардлагад нийсэн байх;

(iv) тогтоосон хураамж төлөгдсөн байх ёстой.

4 дүгээр зүйл

Өргөдөл

(1) Өргөдөл нь дараахь зүйлээс бүрдэнэ:

(i) олон улсын мэдүүлгийг энэхүү гэрээний дагуу хянан хэлэлцэх тухай хүсэлт;

(ii) олон улсын мэдүүлгийн үндсэн дээр шинэ бүтээлийн хамгаалалт хийлгэхийг хүсэж байгаа улс эсхүл эсхүл хэлэлцэн тохирогч улсуудыг ("нэрлэсэн улсууд") нэрлэсэн байх; хэрэв нэрлэсэн аль нэг улсын тухайд бүс нутгийн патент хүсэх боломжтой бөгөөд мэдүүлэг гаргагч үндэсний патент бус бүс нутгийн патент авахыг хүсэж байгаа бол мэдүүлэгт энэ тухайгаа тайлбарласан байвал зохино; хэрэв мэдүүлэг гаргагч бүс нутгийн патентын тухай гэрээний дагуу мэдүүлгээ энэхүү гэрээнд оролцогч зарим улсаар хязгаарлах боломжгүй бол эдгээр улсаас аль нэгийг нь нэрлэсэн нь болон бүс нутгийн патент авах тухай хүсэлт нь энэ гэрээнд оролцогч бүх улсыг нэрлэсэнтэй адил тооцогдоно; хэрэв нэрлэсэн улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу тухайн улсыг нэрлэх нь бүс нутгийн патентын мэдүүлэгтэй адил хүчинтэй бол ингэж нэрлэсэн нь бүс нутгийн патент авах хүсэлтэд тооцогдоно;

(iii) мэдүүлэг гаргагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн (хэрэв байгаа бол) нэр, бусад тогтоосон мэдээ баримт;

(iv) шинэ бүтээлийн нэр;

(v) хэрвээ нэрлэсэн улсуудын наад зах нь нэгнийх нь үндэсний хууль тогтоомж зохион бүтээгчийн нэр болон түүний тухай бусад тогтоосон мэдээ баримтыг үндэсний мэдүүлгийн хамт ирүүлэхийг шаарддаг бол дурьдсан мэдээ баримтуудаас бүрдэнэ.

Ингээгүй тохиолдолд үндэсний хууль тогтоомж нь уг мэдээ баримтуудыг ирүүлэхийг шаарддаг боловч тэдгээрийг үндэсний мэдүүлэг өгсний дараа ирүүлэхийг зөвшөөрдөг улсын нэрлэсэн байгууллага бүрд илгээсэн мэдүүлгээр эсхүл тусгай захидлаар дурдсан мэдээ баримтуудыг хүргүүлж болно.

(2) Хэлэлцэн тохирогч улс бүрийг нэрлэсний тогтоосон хураамж нь тогтоосон хугацаанд төлөгдөнө.

(3) Хэрвээ мэдүүлэг гаргагч 43 дугаар зүйлд дурьдсан хамгаалалтын аль нэг хэлбэрийг хүсээгүй бол нэрлэсэн улсаас эсхүл энэ улсын хувьд патент олгох явдал нь хүссэн хамгаалалт болох ба үүнийг улсыг нэрлэсэн гэж ойлгоно. Энэхүү зүйлийг мөрдөх зорилгоор 2 дугаар зүйлийн (ii) заалтыг хэрэглэхгүй.

(4) Зохион бүтээгчийн нэр болон түүний тухай бусад тогтоосон мэдээ баримтыг өргөдөлд тусгаагүй нь үндэсний хууль тогтоомж нь ийм мэдээ баримт ирүүлэхийг шаарддаг боловч түүнийг үндэсний мэдүүлэг гаргасны дараа ирүүлэхийг зөвшөөрдөг нэр заасан аливаа улсад ямар ч үр дагавар үүсгэхгүй. Дурдсан мэдээ баримтыг тусгай захидлаар хүргүүлээгүй нь үндэсний хууль тогтоомж нь ингэж хүргүүлэхийг шаарддаггүй, нэр заасан аливаа улсад ямар ч үр дагавар үүсгэхгүй.

5 дугаар зүйл

Шинэ бүтээлийн тодорхойлолт

Тодорхойлолт нь шинэ бүтээлийг тухайн салбарын мэргэжилтэн хэрэгжүүлж чадахуйц тодорхой, бүрэн хэмжээнд нээн харуулсан байвал зохино.

6 дугаар зүйл

Шинэ бүтээлийн томьёолол

Шинэ бүтээлийн томьёоллын заалтууд нь хамгаалалт хийлгэх объектыг тодорхойлно. Шинэ бүтээлийн томьёоллын заалтууд нь ойлгомжтой, товч тодорхой бөгөөд шинэ бүтээлийн тодорхойлолтоор бүрэн баталгаажсан байвал зохино.

7 дугаар зүйл

Зураглал

(1) (2) дахь хэсгийн (ii)-т заасныг харгалзан шинэ бүтээлийг ойлгож мэдэхэд шаардлагатай тохиолдолд зураглалыг хавсаргаж ирүүлнэ.

(2) шинэ бүтээлийг ойлгож мэдэхэд зураглал шаардлагагүй бол шинэ бүтээлийн мөн чанарыг харуулсан тайлбар зургийг зураглалын хэлбэрээр хавсаргаж болно.

(i) мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэг гаргахдаа дээр дурдсан зураглалыг мэдүүлэгт хавсаргаж болно;

(ii) нэрлэсэн аливаа байгууллага нь дээр дурдсан зураглалыг тогтоосон хугацаанд ирүүлэхийг мэдүүлэг гаргагчаас шаардаж болно.

8 дугаар зүйл

Давуу эрх эдлэх хүсэлт

(1) олон улсын мэдүүлэг нь журмаар тогтоосны дагуу Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч аливаа улсад эсхүл дурдсан аливаа улсын хувьд урьд нь гаргасан нэг буюу хэд хэдэн мэдүүлгийн давуу эрх тогтоолгох мэдүүлгийг агуулж болно.

(2) (а), (b) дэд хэсэгт заасныг харгалзан (1) дэх заалтын дагуу гаргасан давуу эрх эдлэх аливаа хүсэлтийн болзол, үр дагавар нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн Стокгольмын актын 4 дүгээр зүйлд заасантай нийцэж байвал зохино.

(b) Хэлэлцэн тохирогч улсад эсхүл дурдсан улсын хувьд урьд нь гаргасан нэг буюу хэд хэдэн мэдүүлгийн давуу эрх тогтоолгох тухай олон улсын мэдүүлэгт тухайн улсыг нэрлэж болно. Хэрэв олон улсын мэдүүлэгт ямар нэг нэрлэсэн улсад эсхүл дурдсан улсын хувьд урьд нь гаргасан үндэсний нэг буюу хэд хэдэн мэдүүлгийн давуу эрх тогтоолгохыг хүссэн, эсхүл зөвхөн нэг улсыг нэрлэсэн олон улсын өөр мэдүүлэгт давуу эрх тогтоолгохыг хүссэн байвал дурдсан улсад давуу эрх тогтоолгох болзол, үр дагаврыг уг улсын үндэсний хууль тогтоомжоор зохицуулна.

9 дүгээр зүйл

Мэдүүлэг гаргагч

(1) Хэлэлцэн тохирогч улсын аливаа харьяат эсхүл тухайн улсад байнга оршин суугаа хүн олон улсын мэдүүлэг гаргаж болно.

(2) Ассамблей нь энэхүү гэрээнд оролцдоггүй Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч аливаа улсын харьяатад болон түүнчлэн энэ улсад оршин суугаа хүмүүст олон улсын мэдүүлэг гаргахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж болно.

(3) Хэд хэдэн мэдүүлэг гаргагч байх эсхүл мэдүүлэг гаргагчид нь нэрлэсэн бүх улсын хувьд ижил биш байх тохиолдолд иргэний харьяалал, байнга оршин суугаа газар гэсэн ойлголт, түүнчлэн эдгээр ойлголтыг хэрэглэх явдал нь журмын дагуу тодорхойлогдоно.

10 дугаар зүйл

Хүлээн авагч байгууллага

Олон улсын мэдүүлгийг тогтоосон хүлээн авагч байгууллагад гаргах бөгөөд уг байгууллага нь энэхүү гэрээ, журамд заасан журмаар уг мэдүүлгийг шалгаж, хянан хэлэлцэнэ.

11 дүгээр зүйл

Олон улсын мэдүүлэг гаргасан өдөр, үр дагавар

(1) Хүлээн авагч байгууллага нь олон улсын мэдүүлэг хүлээн авах үедээ дараахь дүгнэлтэд хүрсэн бол олон улсын мэдүүлэг гаргасан огноог түүнийг хүлээн авсан өдрөөр тогтооно. Yүнд:

(i) мэдүүлэг гаргагч иргэний харьяалал эсхүл байнга оршин суугаа газрын шалтгаанаар тухайн хүлээн авагч байгууллагад олон улсын мэдүүлэг гаргах эрхээ хасуулаагүй нь илт тодорхой байгаа;

(ii) олон улсын мэдүүлгийг тогтоосон хэлээр үйлдсэн;

(iii) олон улсын мэдүүлэг нь наад зах нь дараахь бүрдлийг хангасан. Үүнд:

(а) мэдүүлгийг олон улсын мэдүүлэг болгон гаргасан тухай дурдсан;

(b) наад зах нь нэг хэлэлцэн тохирогч улсыг нэрлэсэн;

(с) мэдүүлэг гаргагчийн нэрийг тогтсон ёсоор дурдсан;

(d) гадна байдлаараа шинэ бүтээлийн тодорхойлолт болж чадах хэсгийг агуулж байгаа;

(е) гадна байдлаараа шинэ бүтээлийн томьёоллын нэг буюу хэд хэдэн заалт болж чадах хэсгийг агуулж байгаа.

(2) (а) хэрэв хүлээн авагч байгууллага нь олон улсын мэдүүлгийг хүлээн авах үедээ уг мэдүүлэг нь (1) дэх хэсэгт дурдсан шаардлагыг хангаагүй болохыг тогтоовол журамд заасан шаардлагатай засвар хийхийг мэдүүлэг гаргагчид санал болгоно.

(b) хэрэв мэдүүлэг гаргагч дээрх шаардлагыг журмын дагуу биелүүлбэл хүлээн авагч байгууллага нь олон улсын мэдүүлэг хүлээн авсан огноог шаардлагатай засварыг хүлээн авсан өдрөөр тогтооно.

(3) 64 дүгээр зүйлийн (4) дэх хэсэгт заасныг харгалзан (1) дэх хэсгийн (i)-(iii)-т заасан шаардлагыг хангасан болон хүлээн авсан огноо нь тогтоогдсон аливаа олон улсын мэдүүлэг нь олон улсын хэмжээнд мэдүүлэг гаргасан огнооноос эхлэн нэрлэсэн улс бүрт үнэн зөв бүрдүүлж гаргасан үндэсний мэдүүлгийн адил хүчинтэй байна. Олон улсын хэмжээнд мэдүүлэг гаргасан огноо нь нэрлэсэн улс бүрт мэдүүлэг гаргасан огноонд тооцогдоно.

(4) (1) дэх хэсгийн (i)-(iii) дахь дэд хэсэгт заасан шаардлагыг хангасан олон улсын аливаа мэдүүлэг гаргасныг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн агуулгад нийцсэн, үнэн зөв үйлдсэн үндэсний мэдүүлэг гаргасантай адилтгаж үзнэ.

12 дугаар зүйл

Олон улсын мэдүүлгийг олон улсын

товчоо ба олон улсын хайлтын байгууллагад илгээх

(1) Журамд заасны дагуу олон улсын мэдүүлгийн нэг хувийг ("хүлээн авагч байгууллагын хувь") хүлээн авагч байгууллагад хадгалж, нэг хувийг олон улсын товчоонд ("бүртгэлийн хувь"), нөгөө хувийг ("хайлтын хувь") 16 дугаар зүйлд дурьдсан олон улсын хайлтын байгууллагад илгээнэ.

(2) Бүртгэлийн хувийг олон улсын мэдүүлгийн жинхэнэ эх гэж үзнэ.

(3) Олон улсын товчоо тогтоосон хугацаанд бүртгэлийн хувийг хүлээн аваагүй бол олон улсын мэдүүлгийг хэрэгсээгүйд тооцно.

13 дугаар зүйл

Олон улсын мэдүүлгийн хуулбарыг нэрлэсэн

байгууллагад авах боломж

(1) Аливаа нэрлэсэн байгууллага нь олон улсын мэдүүлгийн хуулбарыг ирүүлэхийг уг мэдүүлгийг 20 дугаар зүйлд заасны дагуу тараахаас өмнө олон улсын товчооноос хүсэж болох ба олон улсын товчоо нь давамгайлах огнооноос эхлэн нэг жилийн дотор уг хуулбарыг нэрлэсэн байгууллагад нэн даруй илгээнэ.

(2) (а) Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлгийнхээ хуулбарыг нэрлэсэн аль ч байгууллагад дуртай хугацаандаа илгээж болно.

(b) Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлгийнхээ хуулбарыг нэрлэсэн аль ч байгууллагад илгээхийг олон улсын товчооноос дуртай хугацаандаа хүсэж болох бөгөөд олон улсын товчоо хуулбарыг уг байгууллагад нэн даруй явуулна.

(с) Үндэсний аливаа байгууллага мэдүүлгийн хуулбарыг (b) дэд хэсэгт заасанчлан авах хүсэлгүй байгаагаа олон улсын товчоонд мэдээлж болох бөгөөд ингэсэн тохиолдолд дурдсан дэд хэсгийг энэ байгууллагын тухайд хэрэглэхгүй.

14 дүгээр зүйл

Олон улсын мэдүүлгийн зарим хангалтгүй байдал

(1) (а) Хүлээн авагч байгууллага олон улсын мэдүүлэгт дараахь хангалтгүй байдлуудын аль нэг нь байгаа эсэхийг шалгана. Тухайлбал:

(i) журамд заасан ёсоор гарын үсэг зураагүй байх;

(ii) мэдүүлэг гаргагчийн тухай тогтоосон мэдээ баримт агуулаагүй байх;

(iii) гарчиг бичээгүй байх;

(iv) товч тайлбар бичээгүй байх;

(v) журамд заасан олон улсын мэдүүлэг үйлдэх шаардлагын түвшинг хангаагүй байх.

(b) Хэрэв хүлээн авагч байгууллага дээр дурьдсан хангалтгүй байдлын аль нэгийг илрүүлбэл олон улсын мэдүүлгийг тогтоосон хугацаанд засахыг мэдүүлэг гаргагчид санал болгох ба уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд мэдүүлгийг хэрэгсэхгүйд тооцож, хүлээн авагч байгууллага ийнхүү хэрэгсэхгүй болгосон тухай зарлана.

(2) Хэрэв олон улсын мэдүүлэг нь мэдүүлэгт тусгагдаагүй зураглалыг нэр заасан байвал хүлээн авагч байгууллага энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэх ба мэдүүлэг гаргагч нь зураглалыг тогтоосон хугацаанд ирүүлж болно. Хэрэв мэдүүлэг гаргагч зураглалыг ийнхүү ирүүлбэл хүлээн авагч байгууллага олон улсын мэдүүлэг хүлээн авсан огноог зураглалыг хүлээн авсан огноогоор тооцно. Эс тэгвэл нэр заасан зураглалын талаарх аливаа нэр заалтыг хүчингүйд тооцно.

(3) (а) Хэрэв хүлээн авагч байгууллага 3 дугаар зүйлийн (4) дэх хэсгийн (iv)-т заасан хураамжийг тогтоосон хугацаанд төлөөгүй эсхүл 4 дүгээр зүйл (2) дахь хэсэг заасан хураамжийг нэрлэсэн нэг ч улсад төлөөгүйг тогтоовол олон улсын мэдүүлгийг хэрэгсэхгүйд тооцож хүлээн авагч байгууллага энэ тухай зарлана.

(b) Хэрэв хүлээн авагч байгууллага 4 дүгээр зүйл (2) дахь хэсэгт заасан хураамжийг нэрлэсэн нэг эсхүл хэд хэдэн улсад тогтоосон хугацаанд төлсөн боловч бүх улсад төлөөгүй болохыг тогтоовол тогтоосон хугацаанд хураамж төлөөгүй улсуудыг нэрлэснийг хэрэгсэхгүйд тооцож, хүлээн авагч байгууллага ийнхүү хэрэгсэхгүй болгосон тухай зарлана.

(4) Хэрэв хүлээн авагч байгууллага олон улсын мэдүүлгийг олон улсын хэмжээнд гаргасан огноог тогтоосны дараа 11 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (i)-(iii)-т заасан аль нэг шаардлагыг дээрх хугацаанд хангаагүй болохыг тогтоосон хугацаанд илрүүлбэл, дурдсан мэдүүлгийг хэрэгсэхгүйд тооцож, хүлээн авагч байгууллага энэ тухай зарлана.

15 дугаар зүйл

Олон улсын хайлт

(1) Олон улсын мэдүүлэг бүрд олон улсын хайлт хийнэ.

(2) Олон улсын хайлтын зорилго нь техникийн зохих түвшинг илрүүлэхэд оршино.

(3) Олон улсын хайлтыг шинэ бүтээлийн томьёоллын үндсэн дээр шинэ бүтээлийн тодорхойлолт болон зураглалыг (хэрэв байвал) зохих ёсоор харгалзан хийнэ.

(4) 16 дугаар зүйлд дурьдсан олон улсын хайлтын байгууллага нь техникийн зохих түвшинг өөрийн боломжийн хэрээр илрүүлэхийг эрмэлзэх ба ямар ч тохиолдолд журамд тодорхойлсон баримт бичгүүдийг ашиглана.

(5) (а) хэлэлцэн тохирогч улсын үндэсний байгууллагад эсхүл тухайн улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа үндэсний байгууллагад үндэсний мэдүүлэг гаргагч нь хэрэв хэлэлцэн тохирогч улсын үндэсний хууль тогтоомжоор болон түүнд тодорхойлсон нөхцөлийн дагуу ингэх нь зөвшөөрөгдөж байвал өөрийн мэдүүлэгт олон улсын хайлттай адил ("олон улсын маягийн хайлт") хайлт хийлгэх хүсэлт гаргаж болно.

(b) хэлэлцэн тохирогч улсын үндэсний байгууллага эсхүл тухайн улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа үндэсний байгууллага хэрэв хэлэлцэн тохирогч улсын үндэсний хууль тогтоомжоор зөвшөөрч байвал, тухайн байгууллагад гаргасан үндэсний аливаа мэдүүлгийг олон улсын маягийн хайлтад оруулж болно.

(с) Хэрэв уг үндэсний мэдүүлэг нь олон улсын мэдүүлэг байсан бөгөөд (a) болон (b) дэд хэсэгт дурьдсан байгууллагад гаргасан байсан бол 16 дугаар зүйлд дурьдсан олон улсын хайлт хийх эрх мэдэл бүхий байх олон улсын хайлтын байгууллагаас олон улсын маягийн хайлт хийнэ. Хэрэв үндэсний мэдүүлгийг олон улсын хайлтын байгууллага хянан шийдвэрлэх боломжгүй хэл дээр үйлдсэн байвал олон улсын мэдүүлэг үйлдэх тогтоосон хэлээр ба тухайн олон улсын хайлтын байгууллагаас олон улсын мэдүүлэг хүлээн авахаар үүрэг хүлээсэн хэл дээр мэдүүлэг гаргагчийн үйлдсэн орчуулгын дагуу олон улсын хайлт хийнэ. Yндэсний мэдүүлэг, шаардлагатай бол түүний орчуулгыг олон улсын мэдүүлэг гаргах тогтоосон хэлбэрээр ирүүлнэ.

16 дугаар зүйл

Олон улсын хайлт хийх байгууллага

(1) Олон улсын хайлтыг олон улсын хайлт хийх байгууллага гүйцэтгэнэ. Үндэсний байгууллага эсхүл засгийн газар хоорондын байгууллага, жишээлбэл, зарлагдсан шинэ бүтээлийн техникийн түвшингийн талаар баримт бичгийн хайлт хийсэн тухай тайлан бэлтгэх үүрэг хүлээдэг олон улсын патентын институт нь олон улсын хайлт хийх байгууллагын үүрэг гүйцэтгэж болно.

(2) Хэрэв олон улсын хайлт хийх нэгдсэн байгууллага байгуулах хүртэлх хугацаанд олон улсын хэд хэдэн хайлт хийх байгууллага байвал, хүлээн авагч байгууллага бүр нь 3 дугаар зүйлийн (b) дэд хэсэгт дурьдсан хэлэлцээрийн нөхцөлийн дагуу олон улсын хайлтын байгууллага эсхүл тухайн хүлээн авагч байгууллагад гаргасан олон улсын мэдүүлэгт хайлт хийх эрх бүхий байгууллагыг нэрлэнэ.

(3) (а) Олон улсын хайлт хийх байгууллагыг Ассамблей томилно. (с) дэд хэсэгт заасан шаардлага хангасан үндэсний аливаа байгууллага эсхүл засгийн газар хоорондын аливаа байгууллагыг олон улсын хайлтын байгууллагаар томилж болно.

(b) Томилгоог дээр дурьдсан байгууллагаар томилогдох үндэсний байгууллага эсхүл засгийн газар хоорондын байгууллагын зөвшөөрлөөр, эдгээр байгууллагууд ба олон улсын товчооны хооронд байгуулсан Ассамблейгаар батлагдах ёстой хэлэлцээрийг үндэслэн гүйцэтгэнэ. Хэлэлцээрт талуудын эрх, үүрэг, тухайлбал, дурдсан үндэсний болон засгийн газар хоорондын байгууллагаас олон улсын хайлтын бүх нийтлэг дүрэм, журмыг хэрэглэх, мөрдөх албан ёсны үүргийг тодорхойлсон байвал зохино.

(с) журам нь дээр дурьдсан ямар ч байгууллага томилогдохоосоо өмнө буюу буюу томилогдсон бүх хугацааны туршид хангаж байвал зохих наад захын, ялангуяа, боловсон хүчин, баримт бичгийн талаарх шаардлагыг тодорхойлно.

(d) Томилгоо нь тодорхой хугацаатай байх ба хугацааг цаашид сунгаж болно.

(е) Ассамблей нь үндэсний аль нэг байгууллага, засгийн газар хоорондын байгууллагыг томилох, түүнчлэн томилсон хугацааг сунгах эсхүл цуцлах шийдвэр гаргахаасаа өмнө тухайн сонирхогч байгууллагын саналыг сонсох эсхүл 56 дугаар зүйлд дурдсан техникийн хамтын ажиллагааны хороо байгуулагдсаны дараа уг хорооны саналыг авна.

17 дугаар зүйл

Олон улсын хайлт хийх байгууллагад мөрдөх журам

(1) Олон улсын хайлт хийх байгууллагад мөрдөх журмыг энэхүү гэрээ, журам болон тэдгээрийн дагуу олон улсын товчооноос уг байгууллагатай байгуулах хэлэлцээрийн заалтаар тодорхойлно.

(2) (а) Хэрэв олон улсын хайлт хийх байгууллага нь:

(i) олон улсын мэдүүлэг нь олон улсын хайлт хийх байгууллагаас журмын дагуу олон улсын хайлт хийх үүрэг хүлээгээгүй объектод хамаарч байгаа бөгөөд энэ тохиолдолд тус байгууллага дурдсан хайлт хийхгүй шийдвэр гаргасан, эсхүл

(ii) шинэ бүтээлийн тодорхойлолт, шинэ бүтээлийн томьёолол эсхүл зураглал нь тогтоосон шаардлага хангаагүйн улмаас бүрэн хэмжээний хайлт хийх боломжгүй бол олон улсын хайлт хийх байгууллага нь энэ тухай тайланд тэмдэглэж, олон улсын хайлтын тайлан үйлдэхгүй болохыг мэдүүлэг гаргагчид болон олон улсын товчоонд мэдэгдэнэ.

(b) Хэрэв (а) дэд хэсэгт дурдсан аливаа нөхцөл байдал нь томьёоллын зөвхөн зарим заалтад хамаарч байвал олон улсын хайлтын тайланд уг заалтуудын талаарх зохих тэмдэглэгээг хийж томьёоллын бусад заалтын талаарх тайланг 18 дугаар зүйлийн дагуу бэлтгэнэ.

(3) (а) Хэрэв олон улсын хайлт хийх байгууллага олон улсын мэдүүлэг нь шинэ бүтээлийн нэгдмэл байдлын шаардлагыг журамд тодорхойлсны дагуу хангаагүй гэж үзвэл, нэмэгдэл хураамж төлөхийг мэдүүлэг гаргагчид санал болгоно. Олон улсын хайлт хийх байгууллага нь шинэ бүтээлийн томьёоллын хамгийн эхэнд ("үндсэн шинэ бүтээл") дурдсан шинэ бүтээлд хамаарах олон улсын мэдүүлгийн холбогдох хэсэгт олон улсын шүүлтийн тайлан бэлтгэх ба түүнчлэн шаардсан нэмэлт хураамжийг тогтоосон хугацаанд нь төлсөн нөхцөлд дээрх хураамжийг төлсөн шинэ бүтээлд хамаарах олон улсын мэдүүлгийн холбогдох хэсгүүдийн талаарх олон улсын хайлтын тайланг бэлтгэнэ.

(b) Аливаа нэрлэсэн улсын үндэсний хууль тогтоомж нь тухайн улсын үндэсний байгууллага олон улсын хайлт хийх байгууллагын (а) дэд хэсэгт дурдсан саналыг үндэслэлтэй гэж үзсэн, мэдүүлэг гаргагч бүх нэмэгдэл хураамжийг төлөөгүй, хэрэв мэдүүлэг гаргагч тухайн улсын үндэсний байгууллагад тусгай хураамжийг төлөхгүй бол олон улсын мэдүүлгийн хайлт хийгдээгүй хэсгийг тухайн улсад үйлчлэхгүй байх журам тогтоож болно.

18 дугаар зүйл

Олон улсын хайлтын тайлан

(1) Олон улсын хайлтын тайланг тогтоосон хугацаанд тогтоосон хэлбэрээр бэлтгэнэ.

(2) Олон улсын хайлт хийх байгууллага нь олон улсын хайлтын тайланг бэлэн болмогц нь мэдүүлэг гаргагчид болон олон улсын товчоонд илгээнэ.

(3) Олон улсын хайлтын тайлан эсхүл 17 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан мэдэгдлийг журамд заасан хэлээр орчуулна. Орчуулгыг эсхүл олон улсын товчоо өөрөө, эсхүл тус товчоо хариуцан, түүний захиалгаар гүйцэтгэнэ.

19 дүгээр зүйл

Олон улсын товчоонд шинэ бүтээлийн томьёоллыг өөрчлөх

(1) Мэдүүлэг гаргагч нь олон улсын хайлтын тайланг хүлээн авсныхаа дараа түүнд оруулсан өөрчлөлтөө олон улсын товчоонд тогтоосон хугацаанд танилцуулснаар олон улсын мэдүүлгийн томьёоллыг нэг удаа өөрчлөх эрхтэй. Yүний зэрэгцээ мэдүүлэг гаргагч нь журмын дагуу өөрчлөлтийн товч тайлбарыг ирүүлэх ба тайлбарт уг өөрчлөлтийг шинэ бүтээлийн тодорхойлолт, зураглалд хэрхэн тусгаж болохыг заана.

(2) Өөрчлөлт нь анх гаргасан олон улсын мэдүүлэгт илрүүлсэн хүрээгээр хязгаарлагдана.

(3) Хэрэв аливаа нэрлэсэн улсын үндэсний хууль тогтоомжоор дээрх өөрчлөлт нь анх гаргасан олон улсын мэдүүлэгт илрүүлсэн хүрээнээс халихыг зөвшөөрч байвал (2) дахь хэсгийг мөрдөхгүй байх нь тухайн улсад үр дагавар учруулахгүй.

20 дугаар зүйл

Олон улсын мэдүүлгийн материалыг нэрлэсэн

байгууллагад илгээх

(1) (а) Хэрэв нэрлэсэн байгууллага дараахь журмаас бүрэн эсхүл зарим талаар татгалзахгүй бол журамд заасанчлан олон улсын мэдүүлгийг олон улсын хайлтын тайлангийн хамт /17 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан аливаа сануулгыг оролцуулан/ эсхүл 17 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (а) дэд хэсэгт заасан мэдэгдлийн хамт нэрлэсэн байгууллага бүрт илгээнэ.

(b) Илгээж байгаа материал нь дурдсан тайлан эсхүл мэдэгдлийн орчуулгаас (тогтоосон журмын дагуу үйлдсэн) бүрдэнэ.

(2) Хэрэв шинэ бүтээлийн томьёоллыг 19 дүгээр зүйл (1) дэх хэсгийн дагуу өөрчилсөн бол дээрх материал нь шинэ бүтээлийн томьёоллын бүрэн эх анхны хэлбэрээр болон өөрчлөлт орсон хэлбэрээр, эсхүл шинэ бүтээлийн томьёоллын бүрэн эх анхны хэлбэрээр түүнд оруулсан өөрчлөлтийн хамт, түүнчлэн хэрвээ байгаа бол 19 дүгээр зүйлийн (1) дэх хэсэгт дурдсан тайлбараас бүрдэнэ

(3) Олон улсын хайлтын байгууллага журамд заасанчлан, нэрлэсэн байгууллага эсхүл мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр олон улсын хайлтын тайланд нэр заасан баримт бичгүүдийн хуулбарыг нэрлэсэн байгууллага мэдүүлэг гаргагч тус бүрд илгээнэ.

21 дүгээр зүйл

Олон улсын хэвлэн нийтлэл

(1) Олон улсын товчоо олон улсын мэдүүлгийг хэвлэн нийтэлнэ.

(2) (а), (b) дэд хэсэг болон 64 дүгээр зүйлийн (3) дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд олон улсын мэдүүлгийг түүний давамгайлах огнооноос хойш арван найман сарын дараа нэн даруй хэвлэн нийтэлнэ.

(b) Мэдүүлэг гаргагч (а) дэд хэсэгт дурдсан хугацаа дуусахаас өмнөх ямар ч хугацаанд түүний олон улсын мэдүүлгийг хэвлэн нийтлэхийг олон улсын товчооноос хүсэж болно. Олон улсын товчоо уг хүсэлтийг журмын дагуу биелүүлнэ.

(3) Олон улсын хайлтын тайлан буюу 17 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан мэдэгдлийг журамд тогтоосны дагуу хэвлэн нийтэлнэ.

(4) Олон улсын хэвлэн нийтлэлийн хэл, хэлбэр түүнчлэн бусад нарийвчилсан зүйлүүдийг журамд заасан ёсоор тодорхойлно.

(5) Хэрэв олон улсын мэдүүлгийг хэвлэн нийтлэх техникийн бэлтгэл ажил дуусахаас өмнө хэрэгсэхгүй болгосон эсхүл хэрэгсэхгүйд тооцсон бол олон улсын мэдүүлгийг хэвлэн нийтлэхгүй.

(6) Хэрэв олон улсын товчооны үзэж байгаагаар олон улсын мэдүүлэг нь ёс суртахуунд болон нийгмийн дэг журамд харш үг хэллэг болон зураглал агуулж байгаа, эсхүл дурдсан товчооны үзэж байгаагаар журамд тодорхойлсон бүдүүлэг үг хэллэг агуулж байгаа бол олон улсын товчоо хэвлэн нийтлэхдээ тэдгээр үг хэллэг, зураглал, бүдүүлэг үг хэллэгийг хасаж, хассан хэсэг, үг болон зургийн тоог заах эрхтэй. Олон улсын товчоо бичвэр буюу зураглалын хасагдсан хэсгийн зарим хуулбарыг хүсэлтийн дагуу илгээнэ.

22 дугаар зүйл

Нэрлэсэн байгууллагад зориулсан хуулбар, орчуулга, хураамж

(1) Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлгийн хуулбар (20 дугаар зүйлийн дагуу нэгэнт тарааснаас бусад тохиолдолд), түүний орчуулгыг /тогтоосон журмын дагуу/ ирүүлж, түүнчлэн давамгайлах огноо тогтоосноос хойш гучин сараас хэтрүүлэлгүйгээр дурдсан байгууллага бүрт үндэсний хураамжийг (хэрэв тэгж заасан бол) төлнө. Хэрэв нэрлэсэн улсын үндэсний хууль тогтоомж нь шинэ бүтээлийн зохиогчийн нэр, бусад тогтоосон мэдээ баримтыг дурьдахыг шаарддаг боловч эдгээр мэдээ баримтыг үндэсний мэдүүлэг гаргасны дараа ирүүлэхийг зөвшөөрдөг бол мэдүүлэг гаргагч нь мэдүүлгийн бүрдэлд ороогүй, дээр дурдсан мэдээ баримтыг давамгайлах огнооноос хойш гучин сараас хэтрүүлэлгүйгээр тухайн улсын үндэсний байгууллагад эсхүл энэ улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа үндэсний байгууллагад хүргүүлнэ.

(2) Олон улсын хайлтын байгууллага 17 дугаар зүйл (2) дахь хэсгийн (а) дэд хэсгийн дагуу олон улсын хайлтын тайланг бэлтгэхгүй гэдгийг мэдэгдэлд тэмдэглэсэн тохиолдолд энэ зүйлийн (1) дэх хэсэгт дурдсан үйлдлийг хэрэгжүүлэх хугацаа нь (1) дэх хэсэгт заасантай адил байна.

(3) Yндэсний аливаа хууль тогтоомжоор (1), (2) дахь хэсэгт дурдсан үйлдлийг хэрэгжүүлэхийн тулд дээрх (1), (2) дахь хэсэгт зааснаас хожим дуусах хугацааг тогтоож болно.

23 дугаар зүйл

Yндэсний журмыг хойшлуулах

(1) Нэрлэсэн байгууллагууд 22 дугаар зүйлд заасан хугацаа дуусахаас өмнө олон улсын мэдүүлэгтэй холбогдолтой үйл ажиллагаа явуулахгүй ба уг мэдүүлэгт шүүлт хийхгүй.

(2) Аливаа нэрлэсэн байгууллага мэдүүлэг гаргагчийн тусгай хүсэлтээр, (1) дэх хэсгийн заалтыг үл харгалзан, ямар ч үед олон улсын мэдүүлэгтэй холбогдолтой үйл ажиллагаа явуулах буюу уг мэдүүлэгт шүүлт хийж болно.

24 дүгээр зүйл

Олон улсын мэдүүлгийн үйлчлэлийг нэрлэсэн

улсуудад зогсоох боломж

(1) 25 дугаар зүйлийн заалтуудын дагуу, дор дурдсан (ii) дэд хэсэгт тодорхойлсон тохиолдолд хэрэглэдэг 11 дүгээр зүйлийн (3) дахь хэсэгт заасан олон улсын мэдүүлгийн үйлчлэл нь нэрлэсэн аливаа улсад үндэсний ямар ч мэдүүлгийг хэрэгсэхгүй болгохтой адил үр дагавартайгаар, тухайн улсад дараахь тохиолдолд зогсоно:

(i) хэрэв мэдүүлэг гаргагч нь өөрийн олон улсын мэдүүлгийг эсхүл тухайн улсыг нэрлэсэн заалтаа хасвал;

(ii) олон улсын мэдүүлэг нь 12 дугаар зүйлийн (3) дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн (1) дэх хэсгийн (b) дэд хэсэг, 14 дүгээр зүйлийн (3) дахь хэсгийн (а) дэд хэсэг эсхүл 14 дүгээр зүйлийн (4) дэх хэсэгт заасанчлан хэрэгсэхгүйд тооцогдсон, эсхүл тухайн улсыг нэрлэсэн нь 14 дүгээр зүйл (3) дахь хэсгийн (b) дэд хэсгийн дагуу хэрэгсэхгүйд тооцогдсон бол;

(iii) мэдүүлэг гаргагч нь 22 дугаар зүйлд заасан үйлдлийг зохих хугацаанд гүйцэтгэхгүй бол.

(2) Аливаа нэрлэсэн байгууллага (1) дэх хэсгийн заалтыг үл харгалзан, олон улсын мэдүүлгийн 11 дүгээр зүйлийн (3) дахь хэсэгт заасан үйлчлэлийг 25 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасанчлан шаардлагагүй тохиолдолд ч хэвээр хадгалж болно.

25 дугаар зүйл

Нэрлэсэн байгууллагууд шийдвэрийг хянан үзэх

(1) (а) Хэрэв хүлээн авагч байгууллага олон улсын мэдүүлэг гаргасан огноог тогтоохоос татгалзсан, эсхүл олон улсын мэдүүлгийг хэрэгсэхгүйд тооцсоныг зарласан эсхүл олон улсын товчоо 12 дугаар зүйлийн (3) дахь хэсэгт заасан баримтыг илрүүлсэн бол олон улсын товчоо мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр хэргийн аливаа баримт бичгийн хуулбарыг мэдүүлэг гаргагчийн нэрлэсэн байгууллагын аль нэгэнд нэн даруй илгээнэ.

(b) Хэрэв хүлээн авагч байгууллага аливаа улсыг нэрлэснийг хэрэгсэхгүйд тооцсоныг зарласан бол олон улсын товчоо мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр хэргийн тухай аливаа баримт бичгийн хуулбарыг тухайн улсын үндэсний байгууллагад нэн даруй илгээнэ.

(с) (а), (b) дэд хэсэгт дурдсан хүсэлтийг тогтоосон хугацаанд гаргана.

(2) (а), (b) дэд хэсгийн заалтыг харгалзан нэрлэсэн байгууллага бүр үндэсний хураамжийг тогтоосон хугацаанд (хэрвээ тийм журам бий бол) төлж, зохих орчуулгыг (тогтсон ёсоор) тогтоосон хугацаанд нь ирүүлсэн нөхцөлд (1) дэх хэсэгт дурдсанаар татгалзах, зарлах эсхүл баримтыг тогтоох нь үндэслэлтэй эсэхийг гэрээ, журмын заалтыг үндэслэн шийдвэрлэнэ. Хэрэв ингэж татгалзсан болон зарласан нь хүлээн авагч байгууллагын зүгээс гаргасан алдаа, дутагдлын уршиг байсан эсхүл баримтыг илрүүлсэн нь олон улсын товчооны зүгээс гаргасан алдаа дутагдлын уршиг байсан гэсэн дүгнэлтэд хүрвэл нэрлэсэн байгууллага олон улсын мэдүүлгийн тухайн улс дахь үйлчлэлийг дээр дурдсан алдаа, дутагдал гараагүй тохиолдолтой адилтган авч үзнэ.

(b) Хэрэв бүртгэлийн хувь нь мэдүүлэг гаргагчийн ямар нэг алдаа дутагдлын улмаас 12 дугаар зүйлийн (3) дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсний дараа олон улсын товчоонд ирсэн бол (а) дэд хэсгийн заалтыг зөвхөн 48 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт дурдсан нөхцөлд хэрэглэнэ.

26 дугаар зүйл

Нэрлэсэн байгууллагаас олон улсын мэдүүлэгт

засвар оруулах боломж

Нэрлэсэн байгууллага олон улсын мэдүүлэг энэхүү гэрээ, журмын шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр, олон улсын мэдүүлэгт засвар оруулах боломжийг мэдүүлэг гаргагчид дээрх болон дээрхтэй төстэй нөхцөл байдалд үндэсний хууль тогтоомжид заасан хэмжээнд болон үндэсний хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу үндэсний мэдүүлэгт засвар оруулахтай адил түвшинд олгохгүйгээр олон улсын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болохгүй.

27 дугаар зүйл

Yндэсний хууль тогтоомжийн шаардлага

(1) Yндэсний хууль тогтоомжоор олон улсын мэдүүлгийн хэлбэр эсхүл агуулгад энэхүү гэрээ, журамд зааснаас өөр эсхүл нэмэлт шаардлага тавьж болохгүй.

(2) (1) дэх хэсгийн заалт нь 7 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт хамаарахгүй бөгөөд нэрлэсэн байгууллагад олон улсын мэдүүлгийг хянаж эхэлмэгц дараахь зүйлийг үндэсний хууль тогтоомжоор шаардахад саад болохгүй:

(i) мэдүүлэг гаргагч-хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны нэрийг дурдах;

(ii) олон улсын мэдүүлгийн бүрэлдэхүүн хэсэг биш боловч энэхүү мэдүүлэгт дурьдсан баталгаа эсхүл мэдүүлгийг батлах нотлох баримт бичгүүдийг ирүүлэх, тухайлбал олон улсын мэдүүлэг гаргахад мэдүүлэг гаргагчийн бие төлөөлөгч эсхүл итгэмжлэгч гарын үсэг зурсан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн гарын үсгээр олон улсын мэдүүлгийг баталгаажуулах.

(3) Мэдүүлэг гаргагч нь шинэ бүтээлийн зохиогч биш учраас нэрлэсэн аливаа улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу тухайн улсад мэдүүлэг гаргах эрхгүй бол нэрлэсэн байгууллага олон улсын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болно.

(4) Хэрэв үндэсний хууль тогтоомжоор үндэсний мэдүүлгийн хэлбэр, агуулгад тавьж байгаа шаардлага энэхүү гэрээ, журамд заасан олон улсын мэдүүлэгт тавих шаардлагаас илүү тааламжтай гэж мэдүүлэг гаргагч үзэж байгаа бол тухайн нэрлэсэн улсын үндэсний байгууллага, шүүх болон аливаа эрх бүхий байгууллага эсхүл энэ улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа байгууллагууд, мэдүүлэг гаргагч өөрөө энэхүү гэрээ, журамд шаардсан шаардлагыг олон улсын мэдүүлэгтээ хэрэглэхийг шаардаж байгаагаас бусад тохиолдолд, олон улсын мэдүүлэгт үндэсний хууль тогтоомжоор тавих шаардлагыг хэрэглэж болно.

(5) Энэхүү гэрээ, журмын аль ч заалт нь хэлэлцэн тохирогч улс бүрийн патентлаг чадварын эрх зүй-материалын болзлыг тогтоох эрхийг хязгаарлах боломж мэт ойлгогдох ёсгүй. Тухайлбал, техникийн түвшинг тодорхойлох талаарх энэхүү гэрээ, журмын аливаа заалт гагцхүү олон улсын горимыг хэрэгжүүлэх зорилгод үйлчлэх бөгөөд тиймээс хэлэлцэн тохирогч аливаа улс нь олон улсын мэдүүлэгт мэдүүлсэн шинэ бүтээлийн патентлаг чадварыг тодорхойлохдоо мэдүүлгийн хэлбэр, агуулгад тавих шаардлагад үл хамаарах техникийн түвшин, патентлаг чадварын бусад болзлын талаар өөрийн улсын үндэсний хууль тогтоомжийн шалгуурыг хэрэглэх эрхтэй.

(6) Yндэсний хууль тогтоомж нь уг хууль тогтоомжоор тогтоосон патентлаг чадварын эрхзүй-материалын аливаа болзлын талаар нотолгоо ирүүлэхийг мэдүүлэг гаргагчаас шаардсан заалтыг агуулж болно.

(7) Олон улсын мэдүүлгийг хянан хэлэлцэж эхэлсэн аливаа хүлээн авагч байгууллага эсхүл нэрлэсэн байгууллага нь дээрх байгууллагын өмнө мэдүүлэг гаргагчийг төлөөлөх эрхтэй бие төлөөлөгч томилох, эсхүл мэдээлэл авах зорилгоор тухайн улс дахь хаягаа мэдээлэх тухай мэдүүлэг гаргагчид тавих шаардлагын талаар үндэсний хууль тогтоомжийг хэрэглэж болно.

(8) Энэхүү гэрээ, журмын аль ч заалтыг хэлэлцэн тохирогч аливаа улсаас үндэсний аюулгүй байдлаа хангах зорилгоор зайлшгүй шаардлагатай гэж үзсэн арга хэмжээ авах эсхүл улсынхаа эдийн засгийн үндсэн эрх ашгийн үүднээс өөрийн улсын харьяат болон уг улсад байнга оршин суудаг хүмүүсийн олон улсын мэдүүлэг гаргах эрхийг хязгаарлах эрхийн хязгаарлалт гэж ойлгож болохгүй.

28 дугаар зүйл

Нэрлэсэн байгууллагаас шинэ бүтээлийн

томьёолол, тодорхойлолт, зураглалыг өөрчлөх

(1) Нэрлэсэн аль ч байгууллага шинэ бүтээлийн томьёолол, шинэ бүтээлийн тодорхойлолт болон зургийн тайлбарт тогтоосон хугацаанд өөрчлөлт хийх боломж мэдүүлэг гаргагчид олгоно. Нэрлэсэн байгууллага нь мэдүүлэг гаргагч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд тогтоосон хугацааг дуусахаас өмнө патент олгох эсхүл түүнийг олгохоос татгалзах ёсгүй.

(2) Хэрэв нэрлэсэн улсын үндэсний хууль тогтоомжоор зөвшөөрөөгүй бол өөрчлөлт нь анх гаргасан олон улсын мэдүүлэгт тодорхойлсон хүрээнд хязгаарлагдана.

(3) Өөрчлөлт нь энэхүү гэрээ болон журамд заагаагүй бүх тохиолдолд нэрлэсэн улсын үндэсний хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн байвал зохино.

(4) Хэрэв нэрлэсэн байгууллага олон улсын мэдүүлгийн орчуулга ирүүлэхийг шаардвал өөрчлөлтийг орчуулсан хэл дээр ирүүлнэ.

29 дүгээр зүйл

Олон улсын хэвлэн нийтлэлийн үр дагавар

(1) Нэрлэсэн улсад олон улсын мэдүүлгийг олон улсын хэмжээнд хэвлэн нийтэлсний улмаас мэдүүлэг гаргагчийн аливаа эрхийг хамгаалах үр дагавар нь (2)-(4) дэх хэсэгт заасныг харгалзан, шүүлт хийгдээгүй үндэсний мэдүүлгийг үндэсний хэмжээнд заавал хэвлэн нийтэлсэн тохиолдолд нэрлэсэн улсын үндэсний хууль тогтоомжид заасан үр дагавартай адил байна.

(2) Олон улсын хэвлэн нийтлэлийн хэл нь нэрлэсэн улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу нэрлэсэн улсад хэвлэн нийтэлдэг хэлнээс ялгаатай бол дараахь тохиолдлууд үүссэний дараа (1) дэх хэсэгт заасан үр дагавар үүсэхээр үндэсний хууль тогтоомжоор тогтоож болно:

(i) үндэсний хууль тогтоомжийн дагуу үндэсний хэвлэн нийтлэлийн хэлээр хийсэн орчуулга хэвлэн нийтлэгдсэн, эсхүл

(ii) үндэсний хэвлэн нийтлэлийн хэлээр хийсэн орчуулга нь үндэсний хууль тогтоомжийн дагуу, олон нийтэд танилцуулах зорилгын үүднээс, ил болгох замаар, нийтэд хүртээмжтэй болсон, эсхүл

(iii) мэдүүлэг гаргагч үндэсний хэвлэн нийтлэлийн хэлээр хийсэн орчуулгыг олон улсын мэдүүлэгт мэдүүлсэн шинэ бүтээлийг хууль бусаар ашиглаж байгаа эсхүл хууль бусаар ашиглаж байж болзошгүй этгээдэд шилжүүлсэн, эсхүл

(iv) (i) ба (iii)-т дурдсан хоёр тохиолдол эсхүл (ii) ба (iii)-т дурдсан хоёр тохиолдол үүссэн.

(3) олон улсын хэвлэн нийтлэлийг мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр давамгайлах огнооноос хойш арван найман сарын хугацаа дуусахаас өмнө гүйцэтгэсэн тохиолдолд (1) дэх хэсэгт дурдсан үр дагавар нь зөвхөн давамгайлах огнооноос хойш авран найман сарын дараа үйлчилж эхлэхээр нэрлэсэн аливаа улсын үндэсний хууль тогтоомжоор тогтоож болно.

(4) (1) дэх хэсэгт дурдсан үр дагавар нь 21 дүгээр зүйлийн дагуу хэвлэн нийтэлсэн олон улсын мэдүүлгийн хуулбарыг тухайн улсын үндэсний байгууллага эсхүл уг улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа үндэсний байгууллага хүлээн авсан огнооноос эхлэхээр нэрлэсэн аливаа улсын үндэсний хууль тогтоомжоор тогтоож болно. Дурдсан байгууллага хүлээн авсан огноог өөрийн хэвлэлд нэн даруй нийтэлнэ.

30 дугаар зүйл

Олон улсын мэдүүлгийн нууц байдал

(1) (а) Олон улсын товчоо болон олон улсын хайлтын байгууллага нь (b) дэд хэсгийн заалтыг харгалзан мэдүүлэг гаргагч хүссэн болон зөвшөөрснөөс бусад тохиолдолд олон улсын мэдүүлгийг олон улсын хэмжээнд нийтлэхээс өмнө уг мэдүүлэгтэй танилцахыг аливаа этгээд эсхүл байгууллагад зөвшөөрөхгүй.

(b) (а) дэд хэсгийн заалт нь аливаа материалыг олон улсын хайлт хийх эрх мэдэл бүхий байгууллагад илгээх, 13 дугаар зүйлд заасны дагуу илгээх, түүнчлэн 20 дугаар зүйлд заасны дагуу тараахад хамаарахгүй.

(2) (а) Yндэсний байгууллагууд мэдүүлэг гаргагчийн хүссэн буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд дараахь огнооны хамгийн эхний хугацааг эхлэхээс өмнө олон улсын мэдүүлэгтэй танилцахыг гуравдагч этгээдэд зөвшөөрөх ёсгүй. Yүнд:

(i) олон улсын мэдүүлгийн олон улсын хэвлэн нийтлэлийн огноо;

(ii) 20 дугаар зүйлийн дагуу олон улсын мэдүүлгийн материалыг хүлээн авсан огноо;

(iii) 22 дугаар зүйлийн дагуу олон улсын мэдүүлгийн хуулбарыг хүлээн авсан огноо.

(b) Yндэсний байгууллага нь нэрлэсэн байгууллага мөн болохыг уг байгууллагаас гуравдагч этгээдэд мэдээлэхэд болон энэ баримтыг хэвлэн нийтлэхэд (а) дэд хэсгийн заалт саад болохгүй. Гэхдээ ийм мэдээлэл эсхүл хэвлэн нийтлэл зөвхөн дараахь мэдээ сэлтээс бүрдэнэ: хүлээн авагч байгууллагын тухай мэдээ баримт, мэдүүлэг гаргагчийн нэр, олон улсын мэдүүлэг гаргасан огноо, олон улсын мэдүүлгийн дугаар, шинэ бүтээлийн нэр.

(с) (а) дэд хэсгийн заалт нь нэрлэсэн байгууллага олон улсын мэдүүлэгтэй танилцах зөвшөөрлийг шүүх засаглалын байгууллагад олгоход саад болохгүй.

(3) Хэрэв 12 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт дурьдсан материалыг илгээх асуудалд хамааралгүй бол (2) дахь хэсгийн (а) дэд хэсгийн заалтыг ямар ч хүлээн авагч байгууллагад хэрэглэж болно.

(4) Энэхүү зүйлийн зорилгод "танилцах" гэж хувийн мэдээлэл, ердийн хэвлэн нийтлэл зэрэг гуравдагч этгээдүүдийн мэдээ баримт авч болох аливаа арга хэрэгслэлийг хэлнэ, үүний зэрэгцээ үндэсний байгууллага олон улсын мэдүүлгийг болон түүний орчуулгыг олон улсын хэвлэн нийтлэлээс өмнө эсхүл, хэрэв давамгайлах огнооноос хойш хорин сарын хугацаанд олон улсад хэвлэн нийтлээгүй бол дурдсан давамгайлах огнооноос хойш хорин сарын хугацаа дуусахаас өмнө хэвлэн нийтэлж болохгүй.

II БYЛЭГ

ОЛОН УЛСЫН УРЬДЧИЛСАН ШYYЛТ

31 дүгээр зүйл

Олон улсын урьдчилсан шүүлт хийхийг шаардах

(1) Мэдүүлэг гаргагчийн шаардлагаар түүний олон улсын мэдүүлэгт дараахь заалтууд болон журамд заасан ёсоор олон улсын урьдчилсан шүүлт хийнэ.

(2) (а) журамд тодорхойлсон болон II бүлгийн заалтад хамаарах хэлэлцэн тохирогч улсын харьяат эсхүл энэ улсад байнга оршин суудаг аливаа этгээд олон улсын мэдүүлгээ тухайн улсын хүлээн авагч байгууллагад эсхүл тухайн улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа хүлээн авагч байгууллагад гаргасан бол олон улсын урьдчилсан шүүлт хийхийг шаардах эрхтэй.

(b), Олон улсын мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд нь энэхүү гэрээнд оролцдоггүй эсхүл оролцдог ч II бүлгийн заалтад хамаардаггүй улсын харьяат, эсхүл тухайн улсад байнга оршин суугч байсан ч олон улсын урьдчилсан шүүлт хийхийг шаардах эрхийг тэдэнд Ассамблей олгож болно.

(3) Олон улсын урьдчилсан шүүлт хийх шаардлагыг олон улсын мэдүүлгээс тусад нь гаргана. Энэ шаардлага нь тогтоосон хэлээр, тогтоосон хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд тогтоосон мэдээ баримтыг агуулсан байна.

(4) (а) Шаардлагад хэлэлцэн тохирогч улс, эсхүл мэдүүлэг гаргагч өөрөө олон улсын урьдчилсан шүүлтийн үр дүнг ашиглах зорилгоор сонгосон улсуудыг ("сонгосон улсууд") тодорхойлсон байх шаардлагатай. Нэмж сонгох хэлэлцэн тохирогч улсуудыг дараа нь жич сонгож болно. Сонголтыг зөвхөн 4 дүгээр зүйлийн дагуу урьд нь нэрлэсэн хэлэлцэн тохирогч улсуудын дундаас хийнэ.

(b) (2) дахь хэсгийн (а) дэд хэсэгт дурьдсан мэдүүлэг гаргагчид II бүлгийн заалтад хамаарах хэлэлцэн тохирогч аль ч улсыг сонгох эрхтэй. (2) дахь хэсгийн (b) дэд хэсэгт дурьдсан мэдүүлэг гаргагчид нь II бүлгийн заалтад хамаарах дурдсан мэдүүлэг гаргагчдын сонгосон улс байхаас татгалзахгүй гэдгээ зарласан хэлэлцэн тохирогч улсыг л сонгох эрхтэй.

(5) Шаардлага гаргахын өмнө зохих хураамжийг тогтоосон хугацаанд төлсөн байна.

(6) (а) Шаардлагыг 32 дугаар зүйлд дурьдсан олон улсын урьдчилсан шүүлт хийх эрх бүхий Байгууллагад өгнө.

(b) Аливаа нэмэлт сонголт хийх хүсэлтийг олон улсын товчоонд гаргана.

(7) Сонгосон тухайгаа сонгосон байгууллага бүрд мэдэгдэнэ.

32 дугаар зүйл

Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага

(1) Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага олон улсын урьдчилсан шүүлтийг хийнэ.

(2) 31 дүгээр зүйлийн (2) дахь хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан шаардлагыг гаргасан тохиолдолд хүлээн авагч байгууллага, харин 31 дүгээр зүйлийн (2) дахь хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан шаардлагыг гаргасан тохиолдолд Сонирхогч байгууллага, олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагууд болон олон улсын товчооны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Ассамблей, урьдчилсан шүүлт хийх эрх бүхий олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага эсхүл байгууллагуудыг тодорхойлно.

(3) 16 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн заалтыг олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагуудын хувьд зохих найруулгатайгаар хэрэглэнэ.

33 дугаар зүйл

Олон улсын урьдчилсан шүүлт

(1) Олон улсын урьдчилсан шүүлтийн зорилго нь мэдүүлсэн бүтээл нь шинэ эсэх, шинэ бүтээлийн түвшин агуулж байгаа эсэх (илэрхий бус) болон аж үйлдвэрлэлд хэрэглэх боломжтой эсэх талаар урьдчилсан буюу заавал мөрдлөг болгохгүй дүгнэлт хийхэд оршино.

(2) Журамд тодорхойлсон техникийн урьдах түвшин мэдүүлсэн шинэ бүтээлийг үгүйсгэхгүй байвал олон улсын урьдчилсан шүүлтийн зорилгын үүднээс мэдүүлсэн бүтээлийг шинэ гэж үзнэ.

(3) Журамд тодорхойлсон техникийн түвшинг авч үзэхэд тогтоосон хугацаанд тухайн салбарын мэргэжилтнүүдэд илэрхий бус байвал мэдүүлсэн бүтээлийг олон улсын урьдчилсан шүүлтийн зорилгын үүднээс шинэ бүтээлийн түвшинтэй гэж үзнэ.

(4) Мэдүүлсэн шинэ бүтээл нь өөрийн шинж чанараараа аж үйлдвэрийн аль нэг салбарт хэрэгжүүлэх эсхүл ашиглаж (технологийн утгаар) болохоор байвал түүнийг олон улсын урьдчилсан шүүлтийн зорилгын үүднээс үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой гэж үзнэ. "Yйлдвэр" гэдгийг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид тодорхойлсон хамгийн өргөн утгаар ойлговол зохино.

(5) Дээр дурдсан шалгуурууд нь зөвхөн олон улсын урьдчилсан шүүлт хийх зорилгод үйлчилнэ. Хэлэлцэн тохирогч аливаа улс нь мэдүүлсэн шинэ бүтээл тухайн улсад патентлаг чанартай эсэхийг шийдвэрлэхдээ нэмэлт буюу өөр бусад шалгуурыг хэрэглэж болно.

(6) Олон улсын урьдчилсан шүүлт хийхэд олон улсын хайлтын тайланд нэр заасан бүх баримт бичгүүдийг хянаж үзнэ. Түүнчлэн тухайн тодорхой тохиолдолд хамаатай гэж үзсэн бусад ямар ч баримт бичгийг мөн ашиглаж болно.

34 дүгээр зүйл

Олон улсын урьдчилсан шүүлтийн

байгууллагад мөрдөх журам

(1) Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагад мөрдөх журам нь энэхүү гэрээ, журам болон олон улсын товчооноос энэхүү гэрээ, журмын дагуу уг байгууллагатай байгуулсан хэлэлцээрийн заалтуудаар тодорхойлогдоно.

(2) (а) Мэдүүлэг гаргагч нь олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагатай амаар болон бичгээр харилцах эрхтэй.

(b) Мэдүүлэг гаргагч нь олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт гаргахаас өмнө тогтоосон журмаар, тогтоосон хугацаанд шинэ бүтээлийн томьёолол, тодорхойлолт болон зураглалд өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөлт нь анх гаргасан олон улсын мэдүүлэгт тодорхойлсон хүрээнд хязгаарлагдана.

(с) Хэрэв олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага дараахь нөхцөлүүд хангагдаагүй байна гэж үзвэл мэдүүлэг гаргагчид саналаа наад зах нь нэг удаа бичгээр мэдээлнэ:

(i) шинэ бүтээл нь 33 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасан шалгуурт нийцсэн байх;

(ii) олон улсын мэдүүлэг нь энэхүү гэрээ, журмын шаардлагыг энэ Байгууллагаас тогтоосон хэмжээнд хангасан байх;

(iii) 35 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасны дагуу ямар нэгэн шүүмж хийгдээгүй байх (сүүлчийн санал).

(d) Мэдүүлэг гаргагч нь олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагын бичгээр гаргасан саналд хариу өгч болно.

(3) (а) Хэрэв олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага олон улсын мэдүүлэг нь журамд тодорхойлсон шинэ бүтээлийн нэгдмэл байдлын шаардлагыг хангаагүй гэж үзвэл тухайн шаардлагад нийцүүлж томьёоллыг хязгаарлах эсхүл нэмэгдэл хураамж төлөхийн аль нэгийг сонгохыг мэдүүлэг гаргагчид санал болгож болно.

(b) Мэдүүлэг гаргагч (а) дэд хэсэгт заасны дагуу томьёоллыг хязгаарлахыг илүүтэйд үзсэн тохиолдолд хэрэв мэдүүлэг гаргагч тухайн улсын үндэсний байгууллагад тусгай хураамж төлөхгүй бол ийнхүү хязгаарласны улмаас олон улсын мэдүүлгийн олон улсын урьдчилсан шүүлт хийгдээгүй хэсэг нь тухайн улсад үйлчлэхгүй болохыг сонгосон аливаа улс үндэсний хууль тогтоомжоороо тогтоож болно.

(с) Хэрэв мэдүүлэг гаргагч (а) дэд хэсэгт дурьдсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага, өөрийн үзэж байгаагаар үндсэн шинэ бүтээлд хамаарах олон улсын ийн тухайн хэсгүүдийн талаар дүгнэлт гаргаж дүгнэлтдээ энэ тухай тэмдэглэнэ. Сонгосон улсын үндэсний байгууллага олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагын саналыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд, хэрэв мэдүүлэг гаргагч нь уг үндэсний байгууллагад нэмэлт хураамж төлөхгүй бол үндсэн шинэ бүтээлд хамаарахгүй олон улсын мэдүүлгийн хэсгүүд сонгосон аливаа улсад үйлчлэхгүй болохыг үндэсний хууль тогтоомжоороо тогтоож болно.

(4) (а) Хэрэв олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага:

(i) олон улсын мэдүүлэг нь журмын дагуу олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага олон улсын урьдчилсан шүүлт хийх үүрэггүй объектод хамаарч байгаа бөгөөд энэ тохиолдолд тус байгууллага тийм шүүлт хийхгүй тухай шийдвэр гаргасан, эсхүл

(ii) мэдүүлсэн бүтээлийн шинэ шийдэл, шинэ бүтээлийн түвшин /илэрхий бус байдал/, үйлдвэрлэлд ашиглах боломжийн талаар ямар ч тодорхой дүгнэлт хийх боломжгүй хэмжээнд шинэ бүтээлийн тодорхойлолт, томьёолол болон зураглалыг үйлдсэн эсхүл шинэ бүтээлийн тодорхойлолтод түүний томьёоллыг хангалтгүй илэрхийлсэн бол дурьдсан байгууллага 33 дугаар зүйлийн (1) дэх хэсгийн дагуу мэдүүлгийг хянаж үзэхгүй бөгөөд энэ шийдвэр болон түүнийг гаргах болсон шалтгааны талаар мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

(b) Хэрвээ (а) дэд хэсэгт дурьдсан аль нэг нөхцөл байдал шинэ бүтээлийн томьёоллын аль нэг заалтад эсхүл тухайн заалттай холбоотойгоор илэрвэл, дурдсан дэд хэсгийн заалтыг шинэ бүтээлийн томьёоллын холбогдох заалтад хамааруулан хэрэглэнэ.

35 дугаар зүйл

Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт

(1) Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг тогтоосон хугацаанд, тогтоосон хэлбэрээр гаргана.

(2) Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтэд мэдүүлсэн шинэ бүтээл аливаа үндэсний хууль тогтоомжийн дагуу патентлаг чадвартай, патентлаг чадваргүй эсэх талаар ямар нэг нотолгоог тусгахгүй. Дүгнэлтэд (3) дахь хэсгийн заалтуудыг харгалзан, олон улсын урьдчилсан шүүлтийн зорилгын үүднээс 33 дугаар зүйлийн (1)-(4) дэх хэсэгт тодорхойлсон бүтээлийн шинэ шийдэл, шинэ бүтээлийн түвшин, шинэ бүтээлийн үйлдвэрлэлд хэрэглэгдэх боломжийг тогтоох шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа гэж үзэж болох эсэхийг томьёоллын заалт бүрээр нотолно. Энэхүү нотолгоонд тухайн тодорхой нөхцөл байдалд шаардагдах тайлбар бүхий дүгнэлтийг баталгаажуулах баримт бичгүүдийг нэр заана. Журамд заасанчлан нотолгоонд бусад шүүмжийг мөн хавсаргаж болно.

(3) (а) Хэрэв олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага дүгнэлт гаргахдаа 34 дүгээр зүйлийн (4) дэх хэсгийн (а) дэд хэсэгт дурдсан нөхцөл байдлын аль нэг байна гэсэн дүгнэлтэд хүрвэл олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтэд тэрхүү дүгнэлт болон түүний үндэслэлийг дурдана. Энэ дүгнэлт нь (2) дахь хэсэгт заасан ямар нэг нотолгоог агуулахгүй.

(b) Хэрэв 34 дүгээр зүйлийн (4) дэх хэсгийн (b) дэд хэсэгт дурдсан нөхцөл байдал байвал шинэ бүтээлийн томьёоллын дурдсан заалтын талаарх олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтэд (а) дэд хэсэгт заасан дүгнэлтийг тусгаж шинэ бүтээлийн томьёоллын бусад заалтын адил (2) дахь хэсэгт дурдсан нотолгоо бүхий дүгнэлт гаргана.

36 дугаар зүйл

Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг

илгээх, орчуулах, тараах

(1) Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг тогтоосон хавсралтын хамт мэдүүлэг гаргагч болон олон улсын товчоонд илгээнэ.

(2) (а) Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт, түүний хавсралтуудыг тогтоосон хэлээр орчуулна.

(b) Дурдсан дүгнэлтийг олон улсын товчоо өөрөө эсхүл олон улсын товчооны хариуцлагын дор түүний захиалгаар орчуулах ба үүний зэрэгцээ дурдсан хавсралтуудыг мэдүүлэг гаргагч орчуулж болно.

(3) (а) Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг түүний орчуулга (тогтсон ёсоор) болон хавсралтуудын (эх хувийг үйлдсэн хэл дээр хийгдсэн) хамт олон улсын товчооноос сонгосон байгууллага бүрт илгээнэ.

(b) Хавсралтуудын тогтоосон орчуулгыг мэдүүлэг гаргагч сонгосон байгууллагуудад тогтоосон хугацаанд илгээнэ.

(4) 20 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн заалтыг олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтэд нэр заасан болон олон улсын хайлтын тайланд нэр заагаагүй аливаа баримт бичгийн хуулбарын хувьд зохих найруулгатайгаар хэрэглэнэ.

37 дугаар зүйл

Олон улсын урьдчилсан шүүлт

хийлгэх шаардлага болон улсын сонголтыг эгүүлэн авах

(1) Мэдүүлэг гаргагч нь аль нэг эсхүл бүх улсыг сонгосноо эгүүлэн авч болно.

(2) Бүх улсыг сонгосноо эгүүлэн авах нь олон улсын урьдчилсан шүүлт хийх шаардлагыг эгүүлэн авсанд тооцогдоно.

(3) (а) Эгүүлэн авсан тухай олон улсын товчоонд мэдэгдэнэ.

(b) Олон улсын товчоо нь холбогдох сонгосон байгууллага болон олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагад мэдэгдэнэ.

(4) (а) Олон улсын урьдчилсан шүүлт хийлгэх шаардлагыг эсхүл хэлэлцэн тохирогч улсыг сонгосноо эгүүлэн авах нь хэрэв тухайн улсын үндэсний хууль тогтоомжоор өөр үр дагавар тогтоогоогүй бол (b) дэд хэсэгт заасанчлан олон улсын мэдүүлгийг энэ улсын хувьд эгүүлэн авсанд тооцно.

(b) Хэрэв 22 дугаар зүйлд заасан зохих хугацаа дуусахаас өмнө шаардлага, сонголтоо эгүүлэн авсан бол ингэж цуцалсны улмаас олон улсын мэдүүлгийг цуцлагдсан гэж үзэж болохгүй. Гэвч аливаа хэлэлцэн тохирогч улс түүний үндэсний байгууллага дурдсан хугацаанд олон улсын мэдүүлгийн хуулбар, түүний орчуулга (тогтоосон ёсоор) болон үндэсний хураамжийг хүлээн авсан тохиолдолд дээр дурьдсан заалтыг хэрэглэж болох тухай үндэсний хууль тогтоомждоо тусгаж болно.

38 дугаар зүйл

Олон улсын урьдчилсан шүүлтийн нууц байдал

(1) Олон улсын товчоо болон олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага мэдүүлэг гаргагчийн хүсэлт эсхүл зөвшөөрөлгүйгээр ямар ч үед, аливаа этгээд, байгууллагад олон улсын урьдчилсан шүүлтийн материалтай танилцахыг /30 дугаар зүйлийн (4) дэх хэсгийн утгаар болон түүнд заасан нөхцөлийг харгалзан/ зөвшөөрөхгүй. Энэ заалт нь олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт гарсны дараа сонгосон байгууллагад хэрэглэгдэхгүй.

(2) (1) дэх хэсэг тэрчлэн 36 дугаар зүйлийн (1) ба (3) дахь хэсэг, 37 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн (b) дэд хэсгийн заалтыг харгалзан олон улсын товчоо, олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага нь мэдүүлэг гаргагчийн хүсэлт эсхүл зөвшөөрөлгүйгээр олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт гаргах эсхүл дүгнэлт гаргахаас татгалзах тухай, тэрчлэн аливаа улсыг сонгосноо болон шаардлагаа цуцлах эсхүл хадгалах тухай мэдээллийг өгөхгүй.

39 дүгээр зүйл

Сонгосон байгууллагад зориулсан

хуулбар, орчуулга, хураамж

(1) (а) Хэрэв хэлэлцэн тохирогч аливаа улсыг давамгайлах огнооноос хойш арван есөн сарын дотор сонгосон бол энэ улсад 22 дугаар зүйлийн заалт хамаарахгүй бөгөөд мэдүүлэг гаргагч давамгайлах огнооноос хойш гучин сарын дотор олон улсын мэдүүлгийн хуулбар (20 дугаар зүйлд заасны дагуу нэгэнт тарааснаас бусад тохиолдолд), түүний орчуулгыг (тогтоосон ёсоор) сонгосон байгууллага бүрт илгээх ба тэрчлэн үндэсний хураамж (хэрэв тэгж заасан бол) төлнө.

(b) (а) дэд хэсэгт дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд аливаа үндэсний хууль тогтоомжоор энэ дэд хэсэгт зааснаас хожуу дуусах хугацааг тогтоож болно.

(2) Хэрэв мэдүүлэг гаргагч (1) дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасан үйлдлийг (1) дэх хэсгийн (а), (b) дэд хэсэгт дурдсан хугацаанд гүйцэтгээгүй бол 11 дүгээр зүйлийн (3) дахь хэсэгт заасан олон улсын мэдүүлгийн үйлчлэлийг эгүүлэн авах нь сонгосон улсын хувьд, тухайн улсын үндэсний аливаа мэдүүлгийг цуцлахтай адил үр дагавартай байна.

(3) Аливаа сонгосон байгууллага мэдүүлэг гаргагч (1) дэх хэсгийн (а),(b) дэд хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй байсан ч 11 дүгээр зүйлийн (3) дахь хэсэгт заасан олон улсын мэдүүлгийн үйлчлэлийг хэвээр хадгалж болно.

40 дүгээр зүйл

Yндэсний шүүлт болон бусад ажиллагааг хойшлуулах

(1) Хэрэв хэлэлцэн тохирогч аль нэг улсыг давамгайлах огнооноос хойш 19 сарын дотор сонгосон бол тухайн улсын хувьд 23 дугаар зүйлийн заалтыг хэрэглэхгүй бөгөөд энэ улсын үндэсний байгууллага эсхүл энэ улсын нэрийн өмнөөс ажилладаг байгууллага (2) дахь хэсгийн заалтыг харгалзан, 39 дүгээр зүйлд дурдсан хугацааг дуустал олон улсын мэдүүлэгт шүүлт хийх болон бусад ажиллагаа явуулахгүй.

(2) Сонгосон аливаа байгууллага (1) дэх хэсэгт заасныг үл харгалзан мэдүүлэг гаргагчийн тусгай хүсэлтээр ямар ч хугацаанд олон улсын мэдүүлэгт шүүлт хийх болон бусад ажиллагаа явуулж болно.

41 дүгээр зүйл

Сонгосон байгууллагад шинэ бүтээлийн

тодорхойлолт, томьёолол, зураглалыг өөрчлөх

(1) Сонгосон байгууллага бүр мэдүүлэг гаргагчид шинэ бүтээлийн томьёолол, тодорхойлолт, зураглалд тогтоосон хугацаанд өөрчлөлт оруулах боломж олгоно. Сонгосон байгууллага мэдүүлэг гаргагч тусгай зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд тогтоосон хугацаа дуусахаас өмнө патент олгож болохгүй, олгохоос татгалзаж болохгүй.

(2) Сонгосон улсын үндэсний хууль тогтоомжоор зөвшөөрөөгүй бол өөрчлөлт нь анх гаргасан олон улсын мэдүүлэгт тайлбарласан хүрээнд хязгаарлагдана.

(3) Өөрчлөлт нь энэхүү гэрээ, журамд заагаагүй бүх тохиолдолд сонгосон улсын үндэсний хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн байх ёстой.

(4) Хэрэв сонгосон байгууллага олон улсын мэдүүлгийн орчуулгыг ирүүлэхийг шаардсан бол өөрчлөлтийг орчуулга хийсэн хэл дээр үйлдэж ирүүлнэ.

42 дугаар зүйл

Сонгосон байгууллагын үндэсний шүүлтийн үр дүн

Сонгосон байгууллага, олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг авахдаа баримт бичгийн хуулбар эсхүл бусад сонгосон аливаа байгууллагад олон улсын нэг мэдүүлэгт хийсэн шүүлтэд хамаарах ямар нэгэн баримт бичгийн агуулгын тухай мэдээлэл ирүүлэхийг мэдүүлэг гаргагчаас шаардаж болохгүй.

III БYЛЭГ

НИЙТЛЭГ ЗААЛТ

43 дугаар зүйл

Хамгаалалтын тодорхой төрлийг хүсэх

Зохиогчийн гэрчилгээ, ашигтай байдлын гэрчилгээ, ашигтай загварын гэрчилгээ, нэмэлт патент, нэмэлт гэрчилгээ, зохиогчийн нэмэлт гэрчилгээ, ашигтай байдлын нэмэлт гэрчилгээ олгохоор хууль тогтоомждоо тусгасан аливаа нэр заасан буюу сонгосон улсын хувьд журамд заасны дагуу мэдүүлэг гаргагч нь тухайн улсын хувьд түүний олон улсын мэдүүлэгт патент биш, харин зохиогчийн гэрчилгээ, ашигтай байдлын гэрчилгээ, ашигтай загвар, нэмэлт патент эсхүл нэмэлт гэрчилгээ, зохиогчийн нэмэлт гэрчилгээ эсхүл ашигтай байдлын нэмэлт гэрчилгээ хүссэнийг зааж болох ба үр дагавар нь мэдүүлэг гаргагчийн ийнхүү заасны дагуу тодорхойлогдоно. Энэхүү зүйл болон түүнд хамааралтай аливаа дүрэм журмын зорилгод 2 дугаар зүйлийн (ii)-т заасныг хэрэглэхгүй.

44 дүгээр зүйл

Хамгаалалтын хоёр төрлийг хүсэх

Патент эсхүл 43 дугаар зүйлд заасан хамгаалалтын аль нэг төрлийг хүсэхийн зэрэгцээ дурьдсан өөр бусад төрлийн хамгаалалт хүсэж болохыг хууль тогтоомжоороо зөвшөөрсөн, нэрлэсэн эсхүл сонгосон улсын хувьд мэдүүлэг гаргагч нь, журамд заасны дагуу хүсэж буй хамгаалалтын хоёр төрлийг зааж болох бөгөөд үр дагавар нь мэдүүлэг гаргагчийн ийнхүү заасны дагуу тодорхойлогдоно. Энэ зүйлийн зорилгод 2 дугаар зүйлийн (ii) заалтыг хэрэглэхгүй.

45 дугаар зүйл

Бүс нутгийн патентын тухай гэрээ

(1) Бүс нутгийн патент олгох тухай болон (Бүс нутгийн патентын тухай гэрээ), 9 дүгээр зүйлд заасны дагуу, олон улсын мэдүүлэг гаргах эрх бүхий бүх этгээдэд бүс нутгийн патент авах мэдүүлэг гаргах эрх олгосон аливаа гэрээнд бүс нутгийн патентын тухай гэрээ болон энэхүү гэрээнд хоёуланд нь оролцогч улсыг нэрлэсэн эсхүл сонгосон олон улсын мэдүүлгийг бүс нутгийн патент авах мэдүүлгийн нэгэн адилаар гаргаж болох тухай тусгаж болно.

(2) олон улсын мэдүүлэгт дурдсан тухайн улсын аливаа нэрлэлт эсхүл сонголтыг бүс нутгийн патентын тухай гэрээний дагуу бүс нутгийн патент авах тухай мэдэгдэл гаргагчийн хүсэлтэд тооцох тухай нэрлэсэн эсхүл сонгосон улсын үндэсний хууль тогтоомжид тусгаж болно.

46 дугаар зүйл

Олон улсын мэдүүлгийн буруу орчуулга

Хэрэв олон улсын мэдүүлгийн дагуу олгосон аль нэг патентаас үүдэн гарч буй хамгаалалтын хэмжээ олон улсын мэдүүлгийг буруу орчуулсны улмаас олон улсын мэдүүлгийн эхийг үйлдсэн хэл дээр гаргасан мэдүүлгээр хүссэн хамгаалалтын хэмжээнээс хэтэрч байвал сонирхогч хэлэлцэн тохирогч улсын эрх бүхий байгууллага патентаас үүдэн гарч буй хамгаалалтын хэмжээг хамгаалалтын зохих хэмжээнд хүртэл болон эргэж үйлчлэхээр хязгаарлаж, хэтэрсэн хэмжээг хүчингүйд тооцсоныг зарлах, олон улсын өийн эхийг үйлдсэн хэл дээр гаргасан мэдүүлгээр хүссэн хамгаалалтын хэмжээнээс хэтэрч байгаа хэсгийг цуцлах эрхтэй.

47 дугаар зүйл

Хугацаа

(1) Энэхүү гэрээнд заасан хугацааг тооцох тодорхой нарийвчлалыг журмаар тодорхойлно.

(2) (а) Энэхүү гэрээний I, II бүлэгт тогтоосон бүх хугацааг 60 дугаар зүйлд заасны дагуу хянан өөрчлөхөөс бусад тохиолдолд хэлэлцэн тохиролцогч улсуудын шийдвэрээр өөрчилж болно.

(b) Дээрх шийдвэр нь чуулганаар эсхүл бичгээр харилцаж авсан санал хураалтаар санал нэгтэй батлагдсан байх ёстой.

(c) Горимын бусад дэлгэрэнгүй зүйлийг журмаар тодорхойлно

48 дугаар зүйл

Зарим тохиолдолд хугацааг хэтрүүлэх

(1) Хэрэв энэхүү гэрээ болон журамд тогтоосон аливаа хугацааг шуудангийн үйлчилгээнд саатал гарсан, зайлшгүй хохирол учирсан, эсхүл илгээмж саатсан шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн боловч журамд тодорхойлсон бусад болзлыг зөрчөөгүй бөгөөд нотолгоо гаргасан бол дээрх хугацааг журамд тусгаснаар мөрдсөнд тооцно.

(2) (а) Хэлэлцэн тохирогч аливаа улс үндэснийхээ хууль тогтоомжид заасан шалтгаанаар тухайн улсад хугацаа мөрдөхөд гарах аливаа саатлыг зөвшөөрнө.

(b) Хэлэлцэн тохирогч аливаа улс тухайн улсад хугацаа мөрдөхөд, (a) дэд хэсэгт дурдсанаас бусад шалтгаанаар гарах аливаа саатлыг зөвшөөрч болно.

49 дүгээр зүйл

Олон улсын байгууллагад хэрэг хөтлөх эрх

Олон улсын мэдүүлэг гаргасан үндэсний байгууллагад хэрэг хөтлөх эрх бүхий аливаа итгэмжлэгдсэн төлөөлөгч, патентын төлөөлөгч эсхүл бусад этгээд тухайн мэдүүлгийн талаар олон улсын товчоо, эрх бүхий олон улсын хайлтын байгууллагад болон эрх бүхий олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагад мөн хэрэг хөтлөх эрхтэй.

IV БYЛЭГ

ТЕХНИКИЙН YЙЛЧИЛГЭЭ

50 дугаар зүйл

Патентын мэдээллийн салбарын үйлчилгээ

(1) Олон улсын товчоо нь хэвлэн нийтлэгдсэн баримт бичиг, юуны өмнө патент, хэвлэн нийтлэгдсэн мэдүүлэгт үндэслэн олж авсан техникийн болон ямарваа бусад зохих мэдээлэл өгөх замаар энэхүү зүйлд "мэдээллийн үйлчилгээ" гэж нэрлэсэн үйлчилгээг үзүүлж болно.

(2) Олон улсын товчоо нь мэдээллийн эдгээр үйлчилгээг шууд буюу олон улсын хэд хэдэн хайлтын байгууллагаар дамжуулан, эсхүл олон улсын товчоотой хэлэлцээр байгуулж болох үндэсний эсхүл олон улсын мэдээллийн төрөлжсөн бусад байгууллагаар дамжуулан гүйцэтгэж болно.

(3) Мэдээллийн үйлчилгээг техникийн мэдлэг, технологи, түүний дотор хэвлэн нийтлэгдсэн "ноу-хау"-г олж авахад нь, ялангуяа хөгжиж буй хэлэлцэн тохирогч улсуудад тус дөхөм үзүүлэх хэлбэрээр хэрэгжүүлнэ.

(4) Мэдээллийн үйлчилгээг хэлэлцэн тохирогч улсуудын засгийн газар, харьяат, эдгээр улсад байнга оршин сууж буй хүмүүст үзүүлнэ. Ассамблей уг үйлчилгээг бусад хүмүүст ч үзүүлж болох тухай шийдвэр гаргаж болно.

(5) (а) Хэлэлцэн тохирогч улсуудын засгийн газарт аливаа үйлчилгээг үзүүлэхдээ өөрийн өртгөөр төлбөр авна, гэвч энэ нь хөгжиж буй хэлэлцэн тохирогч улсын засгийн газар бол төлбөрийн ялгааг хэлэлцэн тохирогч улсуудын засгийн газарт бус бусад этгээдэд үзүүлсэн үйлчилгээний ашгаас эсхүл 51 дүгээр зүйлийн (4) дэх хэсэгт дурьдсан эх үүсвэрээс нөхөх боломжтой тохиолдолд, харьцангуй бага үнээр үйлчилнэ.

(b) (а) дэд хэсэгт дурьдсан төлбөрийг үндэсний байгууллагын үзүүлсэн үйлчилгээ болон олон улсын шүүлтийн байгууллага хүлээсэн үүргээ биелүүлсний төлбөрөөс давсан буюу гадуурх үйлчилгээний төлбөр гэж ойлгоно.

(6) Энэхүү зүйлийн заалтуудыг хэрэглэх нарийвчилсан журмыг Ассамблейн шийдвэрээр, Ассамблейгаас тогтоосон хэмжээнд, энэ зорилгоор Ассамблейгаас байгуулж болох ажлын хэсгүүдээс тогтоосон хэмжээнд тодорхойлно.

(7) Ассамблей шаардлагатай гэж үзсэн үедээ (5) дахь хэсэгт заасан журамд нэмэлт болгон, санхүүжилтийн журмыг санал болгоно.

51 дүгээр зүйл

Техникийн тусламж

(1) Ассамблей техникийн тусламжийн хороо (энэ зүйлд "хороо" гэж нэрлэнэ) байгуулна.

(2) (а) Хорооны гишүүдийг хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор харгалзан хэлэлцэн тохирогч улсуудаас сонгоно.

(b) Ерөнхий захирал өөрийн санаачилгаар эсхүл хорооны хүсэлтээр хөгжиж буй орнуудад техникийн тусламж үзүүлэх асуудал эрхэлдэг засгийн газар хоорондын байгууллагуудын төлөөлөгчдийг хорооны ажилд оролцуулахаар урина.

(3) (а) Хорооны зорилго нь хөгжиж буй хэлэлцэн тохирогч улсуудад үзүүлэх техникийн тусламжийг зохион байгуулах, хянах, тэдгээрийн патентын системийг үндэсний болон бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэхэд оршино.

(b) Техникийн тусламж нь эдгээрээс гадна мэргэжилтэн бэлтгэх, шинжээчдийг томилох, сурталчлах болон практикт нэвтрүүлэх зорилгоор тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээс бүрдэнэ.

(4) Энэ зүйлд заасны дагуу төслүүдийг санхүүжүүлэхийн тулд олон улсын товчоо, нэг талаас, олон улсын санхүүгийн байгууллагууд, засгийн газар хоорондын байгууллагууд, тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай холбоотой бөгөөд техникийн тусламж үзүүлэх асуудал эрхэлсэн төрөлжсөн байгууллагууд, нөгөө талаас, техникийн тусламж авч буй улсуудын засгийн газартай хэлэлцээр байгуулахыг эрмэлзэнэ.

(5) Энэхүү зүйлийн заалтуудыг хэрэглэх тухай тодорхой нарийвчлалыг энэ зорилгоор Ассамблейгаас байгуулж болох Ассамблейн ажлын хэсгүүдийн тогтоосон хэмжээнд Ассамблейн шийдвэрээр тодорхойлно.

52 дугаар зүйл

Гэрээний бусад заалттай холбогдох

Энэхүү бүлэг гэрээний бусад бүлэгт заасан санхүүгийн холбогдолтой заалтуудыг хөндөхгүй. Эдгээр заалт энэхүү бүлэгт эсхүл түүнийг хэрэглэхэд хамаарахгүй.

V БYЛЭГ

ЗАХИРГААНЫ ЗААЛТУУД

53 дугаар зүйл

Ассамблей

(1) (а) 57 дугаар зүйлийн (8) дахь хэсэгт заасны дагуу Ассамблей

нь хэлэлцэн тохирогч улсуудаас бүрдэнэ.

(b) Хэлэлцэн тохирогч улс бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.

(2) (а) Ассамблей нь:

(i) холбоог удирдах, хөгжүүлэх болон энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүх асуудлыг эрхэлнэ;

(ii) энэхүү гэрээний бусад заалтаар түүнд тусгайлан ногдуулсан үүргийг гүйцэтгэнэ;

(iii) гэрээг хянан өөрчлөх бага хуралд бэлтгэх талаар олон улсын товчоонд заавар өгнө;

(iv) байгууллагын ерөнхий захирлаас холбооны талаар явуулсан үйл ажиллагааны тайланг хянаж батлах, холбооны эрх мэдэлд багтах бүх асуудлаар шаардлагатай бүх зааврыг түүнд өгнө;

(v) (9) дахь хэсэгт заасны дагуу байгуулагдсан гүйцэтгэх хорооны тайлан болон үйл ажиллагааг хянаж баталж, түүнд чиглэл өгнө;

(vi) холбооны хөтөлбөрийг тодорхойлж, гурван жилийн төсөв болон түүний санхүүгийн тайланг батална /жич: 1980 оноос хойш холбоо хоёр жилийн төсөвтэй болов/;

(vii) холбооны санхүүгийн журмыг батална;

(viii) холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзэх хороо, ажлын хэсгүүдийг байгуулна;

(ix) хэлэлцэн тохирогч бус ямар орон, түүнчлэн (8) дахь хэсгийг харгалзан ямар засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагыг түүний чуулганд ажиглагчаар оролцуулж болохыг тодорхойлно;

(x) холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн болон энэхүү гэрээнээс үүдэн гарч буй аливаа бусад шаардлагатай арга хэмжээ авна.

(b) Байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын сонирхсон асуудлын хувьд Ассамблей байгууллагын зохицуулах хорооны зөвлөмжийг сонссоны дараа шийдвэр гаргана.

(3) Төлөөлөгч нэг улсыг төлөөлж, зөвхөн түүний нэрийн өмнөөс санал өгөх эрхтэй.

(4) Хэлэлцэн тохирогч улс бүр нэг санал өгөх эрхтэй.

(5) (а) Хэлэлцэн тохирогч улсуудын тэн хагас нь кворум бүрдүүлнэ.

(b) Кворум бүрдээгүй үед Ассамблей өөрийн ажиллагааны журамд хамаарахаас бусад бүх шийдвэр гаргаж болно. Ийм шийдвэрийг журамд заасны дагуу харилцаж, шаардагдах олонхын саналыг авсан болон кворум бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно.

(6) (а) 47 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (b) дэд хэсэг, 58 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (b) дэд хэсэг, 58 дугаар зүйлийн (3) дахь хэсэг ба 61 дүгээр зүйлийн (2) дахь хэсгийн (b) дэд хэсгийг харгалзан Ассамблей нь санал хураалтад оролцогсдын гуравны хоёрын олонхын саналаар шийдвэр гаргана.

(b) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

(7) II бүлгийг дагаж мөрддөг улсуудын онцгой сонирхож буй асуудлаар (4), (5), (6) дахь хэсэгт хэлэлцэн тохирогч улсуудад хамаарах аливаа заалтыг зөвхөн II бүлгийг дагаж мөрддөг улсуудад хамаарна гэж үзнэ.

(8) Олон улсын хайлтын байгууллага эсхүл олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагаар томилогдсон, засгийн газар хоорондын аливаа байгууллагыг Ассамблейн чуулганд ажиглагчаар оролцуулна.

(9) Хэлэлцэн тохирогч улсын тоо дөчөөс хэтэрч байвал Ассамблей гүйцэтгэх хороо байгуулна. Энэхүү гэрээ болон журмын гүйцэтгэх хороонд хамаарах заалтыг уг хороог байгуулснаас хойш түүнд хамаарна гэж үзнэ.

(10) Гүйцэтгэх хороог байгуулахаас өмнө Ассамблей хөтөлбөр, гурван жилийн төсвийн хүрээнд ерөнхий захирлын бэлтгэсэн жилийн хөтөлбөр, төсвийг батална.

(11) (а) Онцгой тохиолдлоос бусад тохиолдолд ерөнхий захирал Ассамблейн ээлжит чуулганыг байгууллагын Ерөнхий Ассамблей чуулдаг газар болон хугацаанд хоёр жилд нэг удаа зарлан хуралдуулна.

(b) Ерөнхий захирал гүйцэтгэх хорооны буюу хэлэлцэн тохирогч улсуудын дөрөвний нэгийн хүсэлтийн дагуу Ассамблей ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна.

(12) Ассамблей өөрийн үйл ажиллагааны журмыг батална.

54 дүгээр зүйл

Гүйцэтгэх хороо

(1) Гүйцэтгэх хороо нь Ассамблейгаас байгуулагдсаныхаа дараа дараахь заалтуудыг удирдлага болгоно:

(2) (а) 57 дугаар зүйлийн (8) дахь хэсгийн заалтыг харгалзан гүйцэтгэх хороо нь Ассамблей Ассамблейн гишүүн орнуудаас сонгосон улсуудаас бүрдэнэ.

(b) Гүйцэтгэх хорооны гишүүн улсын засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.

(3) Гүйцэтгэх хорооны гишүүн улсын тоо нь Ассамблейн гишүүн нийт орны дөрөвний нэгтэй тэнцүү байна. Эзэлбэл зохих суудлын тоог тодорхойлохдоо дөрөвт хуваасны дараахь үлдэгдлийг тооцоонд авахгүй.

(4) Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгохдоо Ассамблей газар зүйн шударга хуваарилалтад зохих ёсоор анхаарна.

(5) (а) Гүйцэтгэх хорооны гишүүн бүр түүнийг сонгосон Ассамблейн чуулган хааснаас хойш Ассамблейн дараагийн ээлжит чуулган хаах хүртэл үүргээ хэрэгжүүлнэ.

(b) Гүйцэтгэх хорооны гишүүд дахин сонгогдож болох бөгөөд гэхдээ тоо нь уг бүрэлдэхүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй.

(с) Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох, дахин сонгох тухай тодорхой дүрмийг Ассамблей тогтооно.

(6) (а) Гүйцэтгэх хороо нь:

(i) Ассамблейн хэлэлцэх асуудлын дэгийн төслийг бэлтгэнэ;

(ii) ерөнхий захирлын бэлтгэсэн холбооны хоёр жилийн төсөв, хөтөлбөрийн төслийн талаарх саналыг Ассамблейд оруулна;

(iii) (хасагдсан);

(iv) ерөнхий захирлын болон санхүүгийн жилийн аудитын тайланг саналын хамт Ассамблейд оруулна;

(v) Ассамблейн шийдвэрийн дагуу болон Ассамблейн ээлжит чуулганы хооронд буй болсон нөхцөл байдлыг харгалзан ерөнхий захирал холбооны хөтөлбөрийг биелүүлэх явдлыг хангахад шаардагдах бүх арга хэмжээ авна;

(vi) энэхүү гэрээний дагуу түүнд оноосон бусад бүх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

(b) Гүйцэтгэх хороо нь захиргааны үүргийг нь байгууллага хэрэгжүүлдэг бусад холбооны сонирхолд хамаарах асуудлаар байгууллагын зохицуулах хорооны саналыг сонссоны дараа шийдвэр гаргана.

(7) (а) Ерөнхий захирал гүйцэтгэх хорооны ээлжит хуралдааныг байгууллагын зохицуулах хороо хуралддаг газар болон хугацаанд жилд нэг удаа зарлан хуралдуулна.

(b) Ерөнхий захирал өөрийн санаачилгаар эсхүл хорооны даргын эсхүл гүйцэтгэх хорооны гишүүдийн дөрөвний нэгийн хүсэлтийн дагуу гүйцэтгэх хорооны ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.

(8) (а) Гүйцэтгэх хорооны гишүүн улс бүр нэг санал өгөх эрхтэй.

(b) Гүйцэтгэх хорооны гишүүдийн улсуудын тэн хагас нь кворум бүрдүүлнэ.

(с) Санал хураалтад оролцогсдын энгийн олонхын саналаар шийдвэр гаргана.

(d) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

(е) Төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж, зөвхөн түүний нэрийн өмнөөс санал өгнө.

(9) Гүйцэтгэх хорооны гишүүн бус хэлэлцэн тохирогч улсыг олон улсын хайлтын байгууллага эсхүл олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагаар томилогдсон засгийн газар хоорондын аль ч байгууллагын нэгэн адил тус хорооны хуралдаанд ажиглагчаар оролцуулна.

(10) Гүйцэтгэх хороо өөрийн үйл ажиллагааны журмыг батална.

55 дугаар зүйл

Олон улсын товчоо

(1) Холбооны захиргааны зорилтыг олон улсын товчоо хэрэгжүүлнэ.

(2) Олон улсын товчоо холбооны төрөл бүрийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.

(3) Ерөнхий захирал холбооны гүйцэтгэх тэргүүн болох бөгөөд холбоог төлөөлнө.

(4) Олон улсын товчоо мэдээллийн товхимол болон журамд заасан буюу Ассамблейгаас тодорхойлсон бусад хэвлэлийг нийтлэх асуудлыг эрхэлнэ.

(5) Олон улсын товчоо, олон улсын хайлтын байгууллага, олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагуудад энэхүү гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхэд нь тус дөхөм болох үүднээс үндэсний байгууллагаас тэдгээрт үзүүлэх үйлчилгээг журмаар тодорхойлно.

(6) Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа ажилтан Ассамблей, гүйцэтгэх хорооны болон энэхүү гэрээ эсхүл журмын дагуу байгуулсан бусад аливаа хороо буюу ажлын хэсгийн бүх хуралдаанд санал өгөх эрхгүйгээр оролцоно. Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа ажилтан өөрийн албан тушаалын дагуу эдгээр байгууллагын нарийн бичгийн дарга байна.

(7) (а) Олон улсын товчоо Ассамблейгаас өгсөн чиглэлийн дагуу болон гүйцэтгэх хороотой хамтран хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажлыг хангана.

(b) Олон улсын товчоо хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажилтай холбогдуулан олон улсын засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөж болно.

(с) Ерөнхий захирал болон түүний томилсон ажилтан тэдгээр бага хурлын хэлэлцүүлэгт санал өгөх эрхгүйгээр оролцож болно.

(8) Олон улсын товчоо түүнд оногдуулсан бусад бүх даалгаврыг гүйцэтгэнэ.

56 дугаар зүйл

Техникийн хамтын ажиллагааны хороо

(1) Ассамблей техникийн хамтын ажиллагааны хороо (энэ зүйлд "хороо" гэнэ) байгуулна.

(2) (а) Ассамблей хорооны бүрэлдэхүүнийг тодорхойлж, түүний гишүүдийг хөгжиж буй орнуудын төлөөллийг шударгаар хангасан байхаар томилно.

(b) Олон улсын хайлтын байгууллага, олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага нь хорооны албан ёсны бус гишүүд байна. Хэлэлцэн тохирогч улсын үндэсний байгууллага тийм байгууллагын үүрэг гүйцэтгэж байвал, хороонд тухайн улсаас нэмэлт төлөөлөгч оруулахгүй.

(с) Хэлэлцэн тохирогч улсуудын тоо хүрэлцээтэй бол хорооны гишүүдийн нийт тоо түүний албан ёсны бус гишүүдийн тооноос хоёр дахин олон байх ёстой.

(d) Ерөнхий захирал холбогдогч байгууллагуудыг тэдний сонирхож буй асуудлыг хэлэлцэхэд санаачилгаараа эсхүл хорооны хүсэлтээр урьж оролцуулна.

(3) Хорооны зорилт нь санал, зөвлөмж бэлтгэх замаар дараахь үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино. Yүнд:

(i) энэхүү гэрээнд заасан үйлчилгээг байнга боловсронгуй болгох;

(ii) хэд хэдэн олон улсын хайлтын байгууллага, олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд баримт бичиг, ажлын арга барилыг нэг хэв загварт оруулах, тайлан, дүгнэлтийн ижил өндөр чанарыг дээд зэргээр хангах;

(iii) Ассамблей болон гүйцэтгэх хорооны санаачилгаар техник үйл ажиллагааны тулгамдсан асуудлууд, ялангуяа олон улсын хайлт хийх нэгдсэн байгууллага байгуулахтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах.

(4) Аливаа хэлэлцэн тохирогч улс, аливаа сонирхогч олон улсын байгууллага өөрийн эрх мэдэлд хамаарах аль ч асуудлаар хороонд бичгээр хандаж болно.

(5) Хороо өөрийн санал, зөвлөмжөө ерөнхий захиралд эсхүл түүгээр дамжуулан Ассамблейд, гүйцэтгэх хороонд, бүх эсхүл зарим олон улсын хайлтын байгууллагад, түүнчлэн бүх эсхүл зарим хүлээн авагч байгууллагад өгч болно.

(6) (а) Ерөнхий захирал ямар ч тохиолдолд хорооны санал, зөвлөмжийн эх бичвэрийг гүйцэтгэх хороонд явуулна. Ерөнхий захирал эдгээр эх бичвэрийг тайлбарлах эрхтэй.

(b) Гүйцэтгэх хороо, хорооны ямар ч санал, зөвлөмжийн талаар болон бусад үйл ажиллагааны талаар саналаа илэрхийлж, тэрчлэн өөрийн эрх мэдэлд хамаарах аливаа асуудлыг судлах, энэ тухай илтгэхийг хороонд даалгаж болно. Гүйцэтгэх хороо нь хорооны санал, зөвлөмж, илтгэлийг зохих тайлбарын хамт Ассамблейд хэлэлцүүлэхээр оруулж болно.

(7) Гүйцэтгэх хороо байгуулагдах хүртэл (6) дахь хэсэгт заасан гүйцэтгэх хороод хамаарах заалтыг Ассамблейд хамааруулна.

(8) Хорооны үйл ажиллагааны нарийвчилсан журмыг Ассамблейн шийдвэрээр тодорхойлно.

57 дугаар зүйл

Санхүү

(1) (а) Холбоо төсөвтэй байна.

(b) Холбооны төсөв нь холбооны орлого, зарлага, холбооны зардлаас холбоодод хамаарах нийтийн зардлын төсөвт орох хандив зэргээс бүрдэнэ.

(с) Холбоонд бус харин байгууллагын удирдлаган дор ажилладаг нэг буюу хэд хэдэн бусад холбоодод хамаарах зардлыг холбоодод хамаарах нийтийн зардал гэж үзнэ. Энэхүү нийтийн зардлаас холбоонд оногдох хувь нь тэдгээр холбоод дахь холбооны сонирхлын эзлэх хэмжээтэй адил байна.

(2) Холбооны төсвийг байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагыг харгалзан тогтооно.

(3) (5) дахь хэсэгт заасныг харгалзан холбооны төсөв дараахь эх үүсвэрээс санхүүжнэ:

(i) холбоонд хамаарах олон улсын товчооноос үзүүлсэн үйлчилгээний төлбөр, хураамж;

(ii) холбоонд хамаарах олон улсын товчооны хэвлэлийн борлуулалтын үнэ, түүнийг ашиглуулсны хураамж;

(iii) бэлэг, гэрээслэлээр шилжүүлсэн зүйл, татаас;

(iv) түрээс, зээлийн хүү болон бусад орлого.

(4) Олон улсын товчооны үйлчилгээний хураамж, төлбөрийн хэмжээ, түүнчлэн хэвлэн нийтлэлийн үнийг, хэвийн нөхцөлд олон улсын товчооноос энэхүү гэрээнд хамаарах захиргааны үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүх зардлыг нөхөж чадахуйц байдлаар тогтооно.

(5) (а) Санхүүгийн аль нэг жил алдагдалтай дууссан тохиолдолд хэлэлцэн тохиролцогч улсууд (b), (с) дэд хэсгийн заалтыг харгалзан уг алдагдлыг нөхөх татвар төлөх үүрэгтэй.

(b) Хэлэлцэн тохирогч улс бүрийн татварын хэмжээг тухайн жилд улс тус бүрээс гаргасан олон улсын мэдүүлгийн тоог зохих ёсоор харгалзан Ассамблей тогтооно.

(с) Хэрэв бүх алдагдал, түүний аль нэг хэсгийг нөхөх бусад түр эх үүсвэр байвал Ассамблей энэ алдагдлыг дараа жилд шилжүүлэх, хэлэлцэн тохирогч улсуудаас татвар төлөхийг шаардахгүй байх шийдвэр гаргаж болно.

(d) Холбооны санхүүгийн байдал боломжтой бол (а) дэд хэсэгт заасны дагуу төлсөн аливаа татварыг хэлэлцэн тохирогч улсуудад тэдний татвар төлсөн хэмжээгээр нөхөн олгох шийдвэрийг Ассамблей гаргаж болно.

(е) Хэлэлцэн тохирогч улс (b) дэд хэсэгт заасны дагуу Ассамблейгаас тогтоосон хугацаанаас хойш хоёр жилийн хугацаанд татвараа төлөөгүй бол холбооны аль ч байгууллагад санал өгөх эрхгүй. Гэхдээ төлбөрийг хойшлуулсан нь онцгой болон зайлшгүй нөхцөл байдлаас үүдэлтэй гэж үзэх тохиолдолд тэрхүү хугацаанд холбооны аливаа байгууллага тухайн оронд санал өгөх эрхээ үргэлжлүүлэн эдлэхийг зөвшөөрч болно.

(6) Хэрэв төсвийг санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө батлаагүй бол, төсөв нь санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адил хэмжээтэй байна.

(7) (а) Холбоо нь хэлэлцэн тохиролцогч улс бүрээс өгөх нэг удаагийн төлбөрөөс бүрдэх эргэлтийн хөрөнгийн сантай байна. Хэрэв эргэлтийн хөрөнгийн сан хангалтгүй бол Ассамблей түүнийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв сангийн хөрөнгийн зарим хэсэг цаашид хэрэггүй болбол түүнийг хэлэлцэн тохирогч улсуудад эргүүлж олгоно.

(b) Дурдсан санд хэлэлцэн тохирогч улс бүрээс төлөх анхны төлбөрийн хэмжээ, энэ санг нэмэгдүүлэхэд ногдох хувийг 5 дугаар хэсгийн (b) дэд хэсгийн заалтын зарчмыг үндэслэн Ассамблей тогтооно.

(с) Төлбөрийн нөхцөлийг ерөнхий захирлын саналын үндсэн дээр болон байгууллагын зохицуулах хорооны зөвлөмжийг авсны дараа Ассамблей тогтооно.

(d) Татварын аливаа нөхөн төлөлтийг татвар төлсөн огноог харгалзан хэлэлцэн тохирогч улс бүрээс төлсөн татварын хэмжээтэй хувь тэнцүү байхаар тогтооно.

(8) (а) Байгууллагын төв байр нь нутаг дэвсгэрт нь байрладаг улстай байгуулах төв байрны тухай хэлэлцээрт эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болох тохиолдолд тухайн улс урьдчилгаа олгох тухай тусгана. Энэ урьдчилгааны хэмжээ болон урьдчилгаа олгох нөхцөлийг байгууллага, тухайн улс хоорондын тусдаа хэлэлцээрээр зохицуулна. Тухайн орон урьдчилгаа өгөх үүрэг өөртөө хүлээж байгаа хугацаандаа Ассамблей болон гүйцэтгэх хороонд тус тус суудалтай байна.

(b) (а) дэд хэсэгт дурдсан улс ба байгууллага аль аль нь урьдчилгаа өгөх үүргээ бичгээр мэдэгдэх замаар цуцлах эрхтэй. Цуцлалт мэдэгдэл үйлдсэн жилийн төгсгөлөөс хойш гурван жилийн дараа хүчин төгөлдөр болно.

(9) Санхүүгийн аудитыг санхүүгийн журмын дагуу хэлэлцэн тохирогч нэг буюу хэд хэдэн улс эсхүл гадны байцаагч хийнэ. Тэднийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр Ассамблей томилно.

58 дугаар зүйл

Журам

(1) Энэхүү гэрээнд хавсаргасан журам нь дараахь дүрмийг агуулна:

(i) энэхүү гэрээний дагуу зориуд журамд үндэслэсэн шаардлагууд, эсхүл гэрээнд зориуд дурьдсан, тогтоосон буюу тогтоох шаардлагуудын тухай;

(ii) захиргааны аливаа шаардлага, асуудал, горимын тухай;

(iii) энэхүү гэрээний заалтуудыг хэрэглэхэд ашигтай аливаа тодорхой нарийвчлалын талаар.

(2) (а) Ассамблей журамд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.

(b) Нэмэлт, өөрчлөлтийг (3) дахь хэсгийн заалтыг харгалзан санал хураалтад оролцогсдын дөрөвний гурвын олонхын саналаар батална.

(3) (а) Журмаар дараахь дүрмийг тодорхойлох бөгөөд түүнд:

(i) зөвхөн санал нэгтэй шийдвэрээр эсхүл;

(ii) үндэсний байгууллага нь олон улсын хайлтын байгууллага эсхүл олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагын үүрэг гүйцэтгэж буй хэлэлцэн тохирогч нэг ч улс татгалзаагүй, харин дээрх байгууллагуудын үүргийг засгийн газар хоорондын байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд, тухайн засгийн газар хоорондын байгууллагын гишүүн бөгөөд тухайн засгийн газар хоорондын байгууллагын зохих шатанд гишүүн бусад улсаас олгосон эрх мэдэл бүхий хэлэлцэн тохирогч улс татгалзаагүй

тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

(b) Мөрдөгдөж буй шаардлагуудыг цаашид дээрх журамд хамааруулахгүй явдал нь (а) дэд хэсгийн (i) эсхүл (ii)-т заасан нөхцөлийн аль тохирохыг биелүүлэхийг шаардана.

(с) (а) дэд хэсэгт заасан шаардлагуудыг цаашид аль нэг журамд хамааруулах асуудал нь санал нэгтэй баталсан шийдвэрийг шаардана.

(4) Ерөнхий захирал Ассамблейн хяналтын дор удирдлагын зааварчилгаа боловсруулах тухай журамд тусгана.

(5) Энэхүү гэрээ болон журмын заалтууд зөрчилдсөн тохиолдолд гэрээний заалтыг мөрдөнө.

VI БYЛЭГ

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

59 дүгээр зүйл

Маргаан шийдвэрлэх

64 зүйлийн (5) дахь заалтыг харгалзан, хэлэлцэн тохирогч хоёр буюу хэд хэдэн улсын хооронд үүссэн, хэлэлцээ хийх замаар шийдвэрлэж чадаагүй, энэхүү гэрээ болон журмыг тайлбарлах эсхүл хэрэглэх асуудлаарх аливаа маргааныг, хэрэв сонирхогч улсууд маргааныг зохицуулах өөр аргын талаар хэлэлцэн тохиролцохгүй бол, аль ч сонирхогч улс шүүхийн дүрмийн дагуу мэдүүлэг гаргах замаар олон улсын шүүхэд шилжүүлж болно. Мэдүүлэг гаргагч хэлэлцэн тохирогч улс шүүхэд хянуулахаар өгсөн маргааныхаа тухай олон улсын товчоонд мэдэгдэнэ. Олон улсын товчоо хэлэлцэн тохирогч бусад улсад энэ тухай мэдэгдэнэ.

VII БYЛЭГ

ХЯНАН ӨӨРЧЛӨХ, НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

60 дугаар зүйл

Гэрээг хянан өөрчлөх

(1) Энэхүү гэрээг хэлэлцэн тохирогч улсуудын тусгай бага хурлаар үе үе хянан өөрчилнө.

(2) Хянан өөрчлөх бага хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг Ассамблей гаргана.

(3) Олон улсын хайлтын байгууллага эсхүл олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагаар томилогдсон засгийн газар хоорондын аливаа байгууллага нь хянан өөрчлөх бага хуралд ажиглагчаар оролцоно.

(4) 53 дугаар зүйлийн (5), (9) болон (11) дэх хэсэг, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн (4)-(8) дахь хэсэг, 56, 57 дугаар зүйлд хянан өөрчлөх бага хурлаар эсхүл 61 дүгээр зүйлд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

61 дүгээр зүйл

Гэрээний зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах

(1) (а) 53 дугаар зүйлийн (5), (9) болон (11) дэх хэсэг, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн (4)-(8) дахь хэсэг, 56, 57 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Ассамблейн гишүүн аль ч улс, гүйцэтгэх хороо эсхүл ерөнхий захирал гаргаж болно.

(b) Ерөнхий захирал ийм саналыг Ассамблейн чуулганаар хэлэлцэхээс наад зах нь зургаан сарын өмнө хэлэлцэн тохирогч улсуудад илгээнэ.

(2) (а) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг Ассамблей батална.

(b) Нэмэлт, өөрчлөлтийг санал хураалтад оролцогсдын дөрөвний гурвын олонхын саналаар батална.

(3) (а) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь уг нэмэлт, өөрчлөлтийг баталсан үед Ассамблейн гишүүн байсан улсын дөрөвний гурав нь өөрсдийн үндсэн хуулийн журмын дагуу тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан мэдэгдлийг ерөнхий захирал хүлээж авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.

(b) Дээр дурьдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг түүнийг хүчин төгөлдөр болох хугацаанд Ассамблейн гишүүн байсан бүх улс заавал дагаж мөрдөнө. Гэхдээ хэлэлцэн тохирогч улсуудын санхүүгийн хүлээх үүргийг өндөржүүлэх талаар аливаа нэмэлт, өөрчлөлтийг тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл гаргасан улс л дагаж мөрдөнө.

(с) (а) дэд хэсгийн заалтын дагуу оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг дурдсан нэмэлт, өөрчлөлт (а) дэд хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Ассамблейн гишүүн болох бүх улсууд заавал дагаж мөрдөх үүрэгтэй.

VIII БYЛЭГ

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

62 дугаар зүйл

Гэрээнд оролцогч тал болох

(1) Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах олон улсын холбооны гишүүн аль ч улс дараахь замаар энэхүү гэрээнд оролцогч тал болж болно:

(i) батламж жуух бичгийг дараа хадгалуулахаар гэрээнд гарын үсэг зурах;

(ii) гэрээнд нэгдэн орох тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөх.

(2) Батламж жуух бичиг эсхүл нэгдэн орох тухай баримт бичгийг ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

(3) Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн Стокгольмын актын 24 дүгээр зүйлийн заалтыг энэхүү гэрээнд хэрэглэнэ.

(4) (3) дахь хэсгийн заалтыг уг хэсэгт заасны дагуу хэлэлцэн тохирогч бусад улс энэхүү гэрээг хэрэглэж байгаа нутаг дэвсгэрийн хувьд бодит байдлыг хэлэлцэн тохирогч аливаа улс дуугүй хүлээн зөвшөөрсөн эсхүл хүлээн авсан мэтээр ямар ч тохиолдолд ойлгох ёсгүй.

63 дугаар зүйл

Гэрээ хүчин төгөлдөр болох

(1) (а) Энэхүү гэрээ нь (3) дахь хэсэгт заасныг харгалзан батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ найман улс хадгалуулахаар өгсөн хойш гурван сарын дараа, найман улсаас доод тал нь дөрвөн улс нь дараахь шаардлагыг хангаж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр болно:

(i) тухайн улсад хандаж гаргасан мэдүүлгийн тоо олон улсын товчооноос хэвлэн нийтэлсэн жил тутмын тоо бүртгэлийн сүүлчийн мэдээгээр 40000-аас дээш байх;

(ii) тухайн улсын харьяат эсхүл энэ улсад байнга оршин сууж буй хүмүүс олон улсын товчооноос хэвлэн нийтэлсэн жил тутмын тоо бүртгэлийн сүүлчийн мэдээгээр гадаадын аль нэг оронд наад зах нь 1000 мэдүүлэг гаргасан байх;

(iii) тухайн улсын үндэсний байгууллага, олон улсын товчооноос хэвлэн нийтэлсэн жил тутмын тоо бүртгэлийн сүүлчийн мэдээгээр гадаадын харьяат, эдгээр улсад байнга оршин сууж буй хүмүүсээс наад зах нь 10000 мэдүүлэг хүлээн авсан байх.

(b) энэхүү хэсгийн зорилгоор "мэдүүлэг" гэсэн нэр томьёог ашигтай загварын мэдүүлэгт хамааруулахгүй.

(2) (3) дахь хэсгийн заалтыг харгалзан энэхүү гэрээ (1) дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болох үед энэхүү гэрээнд оролцоогүй аливаа улс батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гурван сарын дараа энэхүү гэрээний заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

(3) II бүлгийн заалтууд, тэдгээрт хамаарах энэхүү гэрээний хавсралт журмын заалтууд нь (1) дэх хэсэгт дурдсан гурван шаардлагын доод тал нь аль нэгийг тус бүрдээ хангаж байгаа гурван улс, II бүлгийн заалтуудыг дагаж мөрдөхгүй тухай 64 дүгээр зүйлийн (1) дэх хэсэгт заасан тайлбарыг хийхгүйгээр энэхүү гэрээний оролцогч болсон өдрөөс эхлэн хэрэглэгдэнэ. Гэхдээ энэ өдөр нь (1) дэх хэсэгт заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө байж болохгүй.

64 дүгээр зүйл

Тайлбар

(1) (а) Аливаа улс II бүлгийн заалтыг дагаж мөрдөхгүйгээ мэдэгдэж болно.

(b) (а) дэд хэсэгт заасны дагуу тайлбар хийж байгаа улс II бүлгийн заалт болон журмын түүнд хамаарах заалтыг дагаж мөрдөхгүй.

(2) (а) (1) дэх хэсгийн (а) дэд хэсэгт заасны дагуу тайлбар хийгээгүй аливаа улс дараахь зүйлийг мэдэгдэж болно:

(i) олон улсын мэдүүлгийн хуулбар, түүний орчуулгыг (тогтоосон ёсоор) ирүүлэх талаарх 39 дүгээр зүйлийн (1) дэх заалтыг дагаж мөрдөхгүй тухай;

(ii) 40 дүгээр зүйлд заасны дагуу олон улсын мэдүүлгийг үндэсний үе шатанд хэлэлцэхийг хойшлуулах үүрэг нь олон улсын мэдүүлэг эсхүл түүний орчуулгыг тухайн улсын үндэсний байгууллага эсхүл энэ байгууллагын зуучлалаар хэвлэн нийтлэхэд саад болохгүй. Гэхдээ тухайн улс 30, 38 дугаар зүйлд заасан хязгаарлалтаас чөлөөлөгдөхгүй гэж ойлгоно.

(b) Ийм тайлбар хийж байгаа улс мэдэгдлийнхээ хүрээнд дурдсан заалтыг дагаж мөрдөнө.

(3) (а) Аливаа улс тухайн улсад хамаатай тохиолдолд олон улсын мэдүүлгийг олон улсын хэмжээнд хэвлэн нийтлэх шаардлагагүй болохыг мэдэгдэж болно.

(b) Хэрэв давамгайлах огнооноос хойш арван найман сарын хугацаа өнгөрөхөд олон улсын мэдүүлэгт зөвхөн (а) дэд хэсэгт заасны дагуу тайлбар хийсэн улсуудыг нэрлэсэн байвал 21 дүгээр зүйл (2) дахь хэсэгт заасан ёсоор олон улсын мэдүүлгийг хэвлэн нийтлэхгүй.

(с) Гэхдээ (b) дэд хэсэгт заасныг хэрэглэсэн хэдий ч дараахь тохиолдолд олон улсын мэдүүлгийг олон улсын товчоо хэвлэн нийтэлнэ:

(i) журамд дурдсанчлан мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр;

(ii) Нэрлэсэн улс (а) дэд хэсэгт заасны дагуу, гэхдээ давамгайлах огнооноос хойш арван найман сараас багагүй хугацааны дараа мэдэгдэл хийсэн бөгөөд олон улсын мэдүүлэгт үндэслэсэн үндэсний мэдүүлэг эсхүл патентыг нэрлэсэн улсын үндэсний байгууллага эсхүл түүний нэрийн өмнөөс хэвлэн нийтэлсэн бол.

(4) (а) Хэвлэн нийтлэхээс өмнөх үеийн техникийн түвшинд өөрийн патентын үзүүлэх нөлөөг үндэсний хууль тогтоомждоо тусгасан боловч техникийн түвшин тодорхойлох зорилгоор Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн дагуу мэдүүлсэн давамгайлах огноог тухайн улсад мэдүүлэг гаргасан жинхэнэ огноотой адилтган үздэггүй аль ч улс, тухайн улсын гадна, түүнийг нэрлэж олон улсын мэдүүлэг гаргасан явдлыг техникийн түвшинг тодорхойлох зорилгоор уг улсад олон улсын мэдүүлэг гаргасантай адилтгаж үзэхгүй тухай мэдэгдэж болно.

(b) (а) дэд хэсэгт заасны дагуу тайлбар хийж буй аливаа улс энэ хэсэгт, 11 дүгээр зүйлийн (3) дахь заалтыг дагаж мөрдөхгүй.

(с) (а) дэд хэсгийн дагуу тайлбар хийж буй аль ч улс тухайн улсад түүнийг нэрлэсэн олон улсын аливаа мэдэгдлийн техникийн түвшинд үзүүлэх нөлөө ямар хугацаанаас эхэлж, ямар нөхцөлд хүчинтэй болохыг нэгэн зэрэг бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Энэ мэдэгдлийг ерөнхий захиралд мэдэгдэх замаар хэдийд ч өөрчилж болно.

(5) Аль ч улс 59 дүгээр зүйлийн заалтыг дагаж мөрдөхгүйгээ мэдэгдэж болно. Ийм тайлбар хийсэн хэлэлцэн тохирогч ямар нэг улс болон бусад хэлэлцэн тохирогч аль ч улсын хооронд гарсан аливаа маргаанд 59 дүгээр зүйлийн заалтыг хэрэглэхгүй.

(6) (а) Энэ зүйлийн дагуу хийх аливаа тайлбарыг бичгээр үйлдэнэ. Энэхүү гэрээнд гарын үсэг зурах үед эсхүл батламж жуух бичиг, нэгдэн орох тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөх үед эсхүл (5) дахь хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд үүнээс хожуу ямар ч хугацаанд ерөнхий захиралд бичгээр мэдэгдэх замаар ийм тайлбар хийж болно. Ийм замаар тайлбар гаргасан тохиолдолд уг тайлбар нь ерөнхий захирал мэдэгдлийг хүлээж авсан огнооноос хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болох ба дурдсан зургаан сарын хугацаа дуусахаас өмнө гаргасан олон улсын мэдүүлэгт хамаарахгүй.

(b) Энэ зүйлд заасны дагуу гаргасан аливаа тайлбарыг ерөнхий захиралд мэдэгдэх замаар ямар ч үед цуцалж болно. Уг цуцлалт нь ерөнхий захирал мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болох ба (3) дахь хэсгийн заалтын дагуу хийсэн тайлбарыг буцаан авах тохиолдолд дээр дурдсан гурван сарын хугацаа дуусахаас өмнө өгсөн олон улсын мэдүүлэгт хамаарахгүй.

(7) Энэхүү гэрээ нь (1)-(5) дахь хэсэгт дурдсан тайлбараас өөр тайлбар хийхийг зөвшөөрөхгүй.

65 дугаар зүйл

Гэрээ, журмыг аажмаар хэрэглэх

(1) Хэрэв олон улсын хайлтын аль нэг байгууллага олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагатай байгуулсан хэлэлцээрт тухайн байгууллага хянан хэлэлцэх үүрэг авсан олон улсын мэдүүлгийн тоо, нэр төрлийг түр хязгаарлахаар заасан бол Ассамблей энэхүү гэрээ, журмыг олон улсын мэдүүлгийн тодорхой ангиллын хувьд аажмаар хэрэглэхэд шаардлагатай арга хэмжээ авна. Түүнчлэн, энэ заалт нь 15 дугаар зүйлийн (5) дахь хэсэгт заасны дагуу олон улсын маягийн хайлт хийлгэх тухай хүсэлтэд мөн адил хамаарна.

(2)Ассамблей (1) дэх хэсэгт заасныг харгалзан олон улсын мэдүүлэг гаргах, олон улсын урьдчилсан шүүлт хийх тухай шаардлага өгч болох эхний хугацааг тогтооно. Уг хугацаа нь 63 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш эсхүл зүйл 63 дугаар зүйлийн (3) дахь хэсэгт заасны дагуу II бүлгийг хэрэглэж эхэлснээс хойш зургаан сараас хожуугүй байх ёстой.

66 дугаар зүйл

Цуцлах

(1) Хэлэлцэн тохирогч аливаа улс ерөнхий захиралд мэдэгдэх замаар энэхүү гэрээг цуцалж болно.

(2) Цуцлалт нь ерөнхий захирал мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно. Цуцлалт нь хэрэв олон улсын мэдүүлгийг дурдсан зургаан сарын хугацаа дуусахаас өмнө гаргасан ба цуцлалт хийсэн улсыг сонгосон бөгөөд энэ сонголт нэгэнт хийгдсэн тохиолдолд, олон улсын мэдүүлгийн үйлчлэлийг цуцлалт хийж буй улсад зогсоохгүй.

67 дугаар зүйл

Гарын үсэг зурах, хэл

(1) (а) Энэхүү гэрээ нь англи, франц хэлээр нэг хувь үйлдэж гарын үсэг зурах бөгөөд хоёр эх бичвэр нь адил хүчинтэй байна.

(b) Сонирхсон засгийн газартай зөвлөлдсөний дараа ерөнхий захирал албан ёсны эх бичвэрийг герман, япон, португали, орос, испани болон Ассамблейгаас тогтоосон бусад хэлээр үйлдэнэ.

(2) Энэхүү гэрээ 1970 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Вашингтон хотод гарын үсэг зурахад нээлттэй байна.

68 дугаар зүйл

Хадгалагчийн чиг үүрэг

(1) Энэхүү гэрээний жинхэнэ эхийг гарын үсэг зурахад нээлттэй байх хугацаа дууссаны дараа ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

(2) Ерөнхий захирал энэхүү гэрээ, түүнд хавсаргасан журмын зохих ёсоор баталгаажуулсан хоёр хуулбарыг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн гишүүн бүх улсын засгийн газарт болон хүсэлт гаргасан бусад улсын засгийн газарт илгээнэ.

(3) Ерөнхий захирал энэхүү гэрээг Нэгдсэн Yндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

(4) Ерөнхий захирал энэхүү гэрээ, журамд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийн өөрийн баталгаажуулсан хоёр хуулбарыг хэлэлцэн тохирогч бүх улсын засгийн газар болон хүсэлт гаргасан бусад улсын засгийн газарт илгээнэ.

69 дүгээр зүйл

Мэдэгдэл

Ерөнхий захирал нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн гишүүн бүх улсын засгийн газарт:

(i) 62 дугаар зүйлд заасны дагуу гарын үсэг зурсан тухай;

(ii) 62 дугаар зүйлд заасны дагуу батламж жуух бичиг эсхүл нэгдэн орох тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай;

(iii) энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр болон 63 дугаар зүйлийн (3) дахь хэсэгт заасны дагуу II бүлгийг хэрэглэж эхэлсэн өдрийн тухай;

(iv) 64 дүгээр зүйлийн (1)-(5) дахь хэсэгт заасны дагуу хийсэн аливаа тайлбарын тухай;

(v) аливаа тайлбарыг 64 дүгээр зүйлийн (6) дахь хэсгийн (b) дэд хэсэгт зааснаар хэрэгсээгүй тухай;

(vi) 66 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан цуцлалтын тухай;

(vii) 31 дүгээр зүйлийн (4) дэх хэсэгт заасны дагуу хийсэн аливаа мэдэгдлийн тухай тус тус мэдэгдэнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
66. ПАТЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
1970 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Вашингтонд үйлдэж,