- Нүүр
- Олон талт гэрээ
- 67. ПАТЕНТЫН ОЛОН УЛСЫН АНГИЛЛЫН ТУХАЙ СТРАСБУРГИЙН ХЭЛЭЛЦЭЭР
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 67. ПАТЕНТЫН ОЛОН УЛСЫН АНГИЛЛЫН ТУХАЙ СТРАСБУРГИЙН ХЭЛЭЛЦЭЭР
(1971 оны 3 дугаар сарын 24) |
1979 оны 9 дүгээр сарын 28-нд хянан өөрчилсөн. |
Хэлэлцэн тохирогч талууд, |
патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай загвар, ашигтай байдлын гэрчилгээний ангиллын нэгдсэн системийг бүх нийтээр батлах нь нийтлэг эрх ашигт нийцэх бөгөөд аж үйлдвэрийн өмчийг хамгаалах салбар дахь олон улсын хамтын ажиллагааг илүү нягт болгох, дурдсан салбарын үндэсний хууль тогтоомжийг уялдуулахад тус дөхөм үзүүлнэ хэмээн үзэж, |
Европын холбоо шинэ бүтээлийн патентын олон улсын ангиллыг тогтоохдоо үндэслэл болгосон Шинэ бүтээлийн патентын олон улсын ангиллын тухай 1954 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Европын конвенцийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, |
Энэхүү ангиллын нийтлэг үнэ цэнэ болон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч бүх улсын хувьд ач холбогдолтойг анхааралдаа авч, |
Байнга өсөн нэмэгдэж буй орчин үеийн технологийн дэвшлийг хөгжиж буй орнуудад нэвтрүүлэх явдлыг хөнгөвчилж буй энэхүү ангиллын уг орнуудад үзүүлэх ач холбогдлыг анхааралдаа авч, |
1883 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: |
1 дүгээр зүйл |
Тусгай холбоо байгуулах; |
Олон улсын ангиллыг батлах |
Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж буй орнууд тусгай холбоо байгуулж, шинэ бүтээлийн патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай загвар, ашигтай байдлын гэрчилгээний нэгдсэн ангиллыг батална. Ангилал нь “патентын олон улсын ангилал” гэж нэрлэгдэнэ (цаашид “ангилал” гэнэ). |
2 дугаар зүйл |
Ангиллын тодорхойлолт |
(1) (а) Ангилал нь : |
(i) 1968 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болж, Европын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга хэвлэн нийтэлсэн 1954 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Шинэ бүтээлийн патентын олон улсын ангиллын тухай Европын конвенц (цаашид “Европын конвенц” гэнэ)-ийн заалтын дагуу боловсруулсан эх бичвэр; |
(ii) энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болохоос өмнө Европын конвенцийн 2 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтүүд; |
(iii) үүнээс хойш 5 дугаар зүйлийн дагуу оруулсан бөгөөд 6 дугаар зүйлийн заалтын дагуу хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтүүдээс бүрдэнэ. |
(b) Ангиллын эх бичвэрт хавсаргасан гарын авлага болон тайлбар бичиг нь уг ангиллын салшгүй хэсэг болно. |
(2) (a) (1) дэх хэсгийн (a) дэд хэсгийн (i)-т дурдсан бичвэр нь англи, франц хэлээр үйлдсэн адил хүчинтэй хоёр эх хувь байх бөгөөд тэдгээрийн нэг хувийг энэхүү хэлэлцээр гарын үсэг зурахад нээлттэй болох үед Европын холбооны ерөнхий нарийн бичгийн даргад, нөгөө хувийг 1967 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн конвенцоор байгуулсан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал (цаашид “байгууллага” ба “ерөнхий захирал” гэнэ)-д тус тус хадгалуулна. |
(b) (1) дэх хэсгийн (a) дэд хэсгийн (ii)-т дурдсан нэмэлт, өөрчлөлтийн англи, франц хэлээр үйлдсэн адил хүчинтэй хоёр эх хувийн нэг хувийг Европын холбооны ерөнхий нарийн бичгийн даргад, нөгөө хувийг ерөнхий захиралд тус тус хадгалуулна. |
(c) (1) дэх хэсгийн (a) дэд хэсгийн (iii)-т дурдсан нэмэлт өөрчлөлтийн англи, франц хэлээр үйлдсэн адил хүчинтэй зөвхөн нэг эх хувийг ерөнхий захиралд хадгалуулна. |
3 дугаар зүйл |
Ангиллын хэл |
(1) Ангиллыг англи, франц хэлээр үйлдэх бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна. |
(2) Ангиллын испани, герман, орос, португали, япон хэлээрх, түүнчлэн 7 дугаар зүйлд дурдсан Ассамблей тогтоож болох бусад хэлээрх албан ёсны эх бичвэрийг байгууллагын олон улсын товчоо (цаашид “олон улсын товчоо” гэнэ) сонирхогч засгийн газартай зөвлөлдсөний дараа эсхүл эдгээр засгийн газраас ирүүлсэн орчуулгын үндсэн дээр эсхүл тусгай холбооны болон байгууллагын төсөвт санхүүгийн хүндрэл учруулахааргүй бусад аргаар үйлдэнэ. |
4 дүгээр зүйл |
Ангиллыг хэрэглэх |
(1) Ангилал нь зөвхөн захиргааны шинжтэй байна. |
(2) Тусгай холбооны гишүүн орон бүр ангиллыг үндсэн буюу туслах тогтолцоо болгон хэрэглэх эрхтэй. |
(3) Тусгай холбооны гишүүн орнуудын эрх бүхий байгууллага нь |
(i) эдгээр байгууллага хэвлэн нийтэлсэн буюу эсхүл зөвхөн нийтэд танилцуулахаар нээлттэй байгаагаас үл шалтгаалан өөрийн олгосон патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай загвар, ашигтай байдлын гэрчилгээ, түүнчлэн дурдсан хамгаалалтын төрлүүдэд хамаарах мэдүүлэг болон; |
(ii) (i)-т заасан хэвлэн нийтэлсэн буюу нийтэд танилцуулахаар нээлттэй байгаа баримт бичгийн тухай албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлсэн зарлалд (i)-т дурдсан баримт бичгүүдэд хамаарах шинэ бүтээлийн ангиллын бүрэн индексийг тусгана. |
(4) Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах буюу батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахдаа: |
(i) аливаа орон (3) дахь хэсэгт заасан нийтэд танилцуулахаар нээлттэй байгаа мэдүүлэг болон үүнд хамаарах зарлалд ангиллын хэсэг буюу дэд хэсгийн индексийг тусгах үүрэг хүлээхгүй тухайгаа мэдэгдэж болно, мөн |
(ii) шинэлэгийг тогтоох шууд буюу хойшлогдсон шүүлт хийдэггүй, патент олгох буюу бусад төрлийн хамгаалалт нь техникийн түвшин тодорхойлох хайлт хийдэггүй аливаа орон (3) дахь хэсэгт дурдсан баримт бичиг буюу зарлалд ангиллын хэсэг буюу дэд хэсгийн индексийг тусгах үүрэг хүлээхгүй тухай мэдэгдэж болно. Хэрэв ийм нөхцөл байдал нь зөвхөн зарим төрлийн хамгаалалт буюу технологийн зарим салбарыг хамарч байвал тухайн орон зөвхөн дурдсан нөхцөл байдалдаа хамаарах тайлбар хийж болно. |
(5) Ангиллын индексийг “патентын олон улсын ангилал” гэсэн үгээр эсхүл 5 дугаар зүйлд дурдсан шинжээчдийн хорооноос тодорхойлсон эдгээр үгийн товчлолоор эхлэх буюу хэвлэхдээ тод үсгээр эсхүл (3) дахь хэсгийн (i)-т дурдсан баримт бичиг бүрийн эхэнд тод харагдахуйц бусад аргаар хэвлэнэ. |
(6) Хэрэв тусгай холбооны аливаа орон патент олгох асуудлыг засгийн газар хоорондын ямар нэгэн байгууллагад даалгасан бол тухайн орон тус байгууллагаас ангиллыг энэ зүйлийн дагуу хэрэглэх талаар боломжтой бүх арга хэмжээг авна. |
5 дугаар зүйл |
Шинжээчдийн хороо |
(1) Шинжээчдийн хороог тусгай холбооны гишүүн орон бүрийн төлөөлөлтэй байгуулна. |
(2) (a) Ерөнхий захирал наад зах нь нэг гишүүн орон нь энэхүү хэлэлцээрт оролцогч тал байгаа, патентын салбарт мэргэшсэн засгийн газар хоорондын байгууллагын төлөөлөгчдийг шинжээчдийн хорооны хуралдаанд ажиглагчаар оролцуулахаар урина. |
(b) Ерөнхий захирал өөрийн санаачилгаар эсхүл шинжээчдийн хорооны хүсэлтийн дагуу засгийн газар хоорондын бусад байгууллагын болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг тэдний сонирхсон асуудлаарх хэлэлцүүлэгт оролцуулахаар урина. |
(3) Шинжээчдийн хороо нь: |
(i) ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулна; |
(ii) тусгай холбооны гишүүн орнуудад ангиллыг ашиглахад дэмжлэг үзүүлэх, түүнийг нэгдсэн журмаар хэрэглэх талаар зөвлөмж хүргүүлнэ; |
(iii) шинэ бүтээлийн шүүлт хийхэд ашигладаг баримт бичгүүдийг дахин ангилах асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хөгжиж буй орнуудын хэрэгцээг харгалзан дэмжлэг үзүүлнэ; |
(iv) тусгай холбооны төсөв буюу байгууллагад санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр хөгжиж буй орнуудад ангиллыг хэрэглэхэд дөхөм болох бусад бүх арга хэмжээг авна; |
(v) дэд хороо ба ажлын хэсэг байгуулах эрхтэй. |
(4) Шинжээчдийн хороо нь өөрийн үйл ажиллагааны дүрмийг батална. Уг дүрмээр ангиллыг боловсронгуй болгох талаар чухал үүрэг гүйцэтгэж чадах (2) дахь хэсгийн (a) дэд хэсэгт дурдсан засгийн газар хоорондын байгууллагыг дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаанд оролцуулах боломжийг бүрдүүлнэ. |
(5) Тусгай холбооны аливаа гишүүн орны эрх бүхий байгууллага, олон улсын товчоо, (2) дахь хэсгийн (a) дэд хэсэгт заасны дагуу шинжээчдийн хороонд төлөөлөлтэй засгийн газар хоорондын ямар ч байгууллага болон санал авах зорилгоор шинжээчдийн хорооноос зориуд урьсан аливаа байгууллага ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Саналыг олон улсын товчоонд илгээх ба уг байгууллага нь дурдсан саналыг хэлэлцэх шинжээчдийн хорооны чуулган эхлэхээс хоёр сараас багагүй хугацааны өмнө шинжээчдийн хорооны гишүүдэд болон ажиглагчдад илгээнэ. |
(6) (a) Шинжээчдийн хорооны гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй. |
(b) Шинжээчдийн хорооны шийдвэрийг санал хураалтад оролцогч орнуудын энгийн олонхын саналаар батална. |
(c) Ангиллын үндсэн бүтцэд шинэчлэлт хийх буюу дахин ангилах ажиллагаа шаардах шийдвэр гэж санал хураалтад байлцагч болон оролцогч орнуудын тавны нэг нь үзсэн аливаа шийдвэрийг санал хураалтад байлцагч болон оролцогч орнуудын дөрөвний гурвын олонхын саналаар батална; |
(d) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй. |
6 дугаар зүйл |
Мэдэгдэх, хүчин төгөлдөр болох, нэмэлт, өөрчлөлт |
болон бусад шийдвэрийг хэвлэн нийтлэх |
(1) Олон улсын товчоо нь ангилалд өөрчлөлт оруулах тухай шинжээчдийн хорооны шийдвэр бүрийн талаар болон тус хорооны зөвлөмжийн тухай тусгай холбооны гишүүн орнуудын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ. Нэмэлт, өөрчлөлт нь мэдэгдэл явуулсан өдрөөс зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно. |
(2) Олон улсын товчоо нь хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтийг ангилалд тусгана. Нэмэлт, өөрчлөлтийн тухай мэдээллийг 7 дугаар зүйлд дурдсан Ассамблейгаас тогтоосон тогтмол хэвлэлд нийтэлнэ. |
7 дугаар зүйл |
Тусгай холбооны Ассамблей |
(1) (а) Тусгай холбоо нь тусгай холбооны гишүүн орнуудаас бүрдсэн Ассамблейтай байна. |
(b) Тусгай холбооны гишүүн орон бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэр нь орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно. |
(c) 5 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (a) дэд хэсэгт дурдсан засгийн газар хоорондын аливаа байгууллага нь Ассамблейн чуулганд болон Ассамблейн шийдвэрээр байгуулж болох хороо буюу ажлын хэсгийн хуралдаанд ажиглагчаар оролцож болно. |
(d) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна. |
(2) (a) Ассамблей нь 5 дугаар зүйлийн заалтыг харгалзан: |
(i) тусгай холбоог удирдах, хөгжүүлэх болон энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүх асуудлыг эрхэлнэ; |
(ii) хянан өөрчлөх бага хуралд бэлтгэх асуудлаар олон улсын товчоонд зааварчилга өгнө; |
(iii) ерөнхий захирлаас тусгай холбооны талаар явуулсан үйл ажиллагааны тайланг хянаж батлах, холбооны эрх мэдэлд багтах бүх асуудлаар шаардлагатай бүх зааврыг түүнд өгнө; |
(iv) тусгай холбооны хөтөлбөрийг тодорхойлж, хоёр жилийн төсөв болон түүний санхүүгийн тайланг батална; |
(v) тусгай холбооны санхүүгийн журмыг батална; |
(vi) англи, франц болон 3 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт дурдсанаас бусад ямар хэлээр ангиллын албан ёсны эх бичвэрийг үйлдэх асуудлыг шийдвэрлэнэ; |
(vii) тусгай холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн хороо болон ажлын хэсэг байгуулна; |
(viii) (1) дэх хэсгийн (c) дэд хэсгийг харгалзан тусгай холбооны гишүүн бус ямар орон, түүнчлэн ямар засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагыг түүний чуулганд болон түүний байгуулсан хороо буюу ажлын хэсгийн хуралдаанд ажиглагчаар оролцуулж болохыг тодорхойлно; |
(ix) тусгай холбооны зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа бусад үйл ажиллагааг хэрэгжүүлнэ; |
(x) энэхүү хэлэлцээрийн дагуух бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ; |
(b) Байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын сонирхсон асуудлын хувьд Ассамблей зохицуулах хорооны зөвлөмжийг сонссоны дараа шийдвэр гаргана. |
(3) (a) Ассамблейн гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй. |
(b) Ассамблейн гишүүн орны тэн хагас нь кворум бүрдүүлнэ. |
(c) Кворум бүрдээгүй тохиолдолд Ассамблей өөрийн ажиллагааны журамд хамаарахаас бусад шийдвэрийг гаргаж болно. Ийм шийдвэр нь гагцхүү дор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. Олон улсын товчоо нь чуулганд оролцоогүй Ассамблейн гишүүн орнуудад дээр дурдсан шийдвэрийг илгээж, уг шийдвэрийг илгээснээс хойш гурван сарын дотор эдгээр шийдвэрт санал өгч, түдгэлзсэн эсэх тухай саналаа бичгээр ирүүлэхийг хүснэ. Тогтоосон хугацаа өнгөрөх үед энэ журмаар саналаа өгсөн буюу түдгэлзсэнээ мэдэгдсэн орны тоо чуулган хүчинтэй болоход дутуу байсан тоонд хүрч байвал зохих олонхи байна гэж үзэж шийдвэр хүчин төгөлдөр болно. |
(d) Ассамблей нь 11 дүгээр зүйлийн (2) дахь хэсгийг харгалзан Ассамблей нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрээ гаргана. |
(e) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй. |
(f) Төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж, зөвхөн түүний нэрийн өмнөөс санал өгнө. |
(4) (а) Ерөнхий захирал Ассамблейн ээлжит чуулганыг онцгой тохиолдлоос бусад тохиолдолд байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулдаг газарт болон хугацаанд хоёр жилд нэг удаа зарлан хуралдуулна. |
(b) Ерөнхий захирал Ассамблейн гишүүн орны дөрөвний нэгийн хүсэлтийн дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна. |
(c) Ерөнхий захирал чуулган бүрийн хэлэлцэх асуудлын дэгийн төслийг бэлтгэнэ. |
(5) Ассамблей өөрийн ажиллагааны журмыг батална. |
8 дугаар зүйл |
Олон улсын товчоо |
(1) (а) Тусгай холбооны захиргааны асуудлыг олон улсын товчоо эрхэлнэ. |
(b) Түүнчлэн олон улсын товчоо нь хуралдаанд бэлтгэх бөгөөд Ассамблейн болон шинжээчдийн хороо, Ассамблей болон шинжээчдийн хорооноос байгуулж болох бусад хороо, ажлын хэсгүүдийн нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ. |
(c) Ерөнхий захирал тусгай холбооны гүйцэтгэх тэргүүн болох бөгөөд тусгай холбоог төлөөлнө. |
(2) Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа ажилтан Ассамблей, шинжээчдийн хорооны болон бусад хороо буюу ажлын хэсгийн бүх хуралдаанд санал өгөх эрхгүйгээр оролцоно. Ерөнхий захирал болон түүний томилсон ажилтан өөрийн албан тушаалын дагуу эдгээр байгууллагын нарийн бичгийн дарга байна. |
(3) (а) Олон улсын товчоо Ассамблейгаас өгсөн чиглэлийн дагуу хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажлыг хангана. |
(b) Олон улсын товчоо хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажилтай холбогдуулан олон улсын засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөж болно. |
(с) Ерөнхий захирал болон түүний томилсон ажилтан тэдгээр бага хурлын хэлэлцүүлэгт санал өгөх эрхгүйгээр оролцож болно. |
(4) Олон улсын товчоо түүнд оногдуулсан бусад бүх даалгаврыг гүйцэтгэнэ. |
9 дүгээр зүйл |
Санхүү |
(1) (а) Тусгай холбоо төсөвтэй байна. |
(b) Тусгай холбооны төсөв нь холбооны орлого, зарлага, холбооны зардлаас холбоодод хамаарах нийтийн зардлын төсөвт орох хандив, тэрчлэн байгууллагын бага хурлын төсөвт орох зардал зэргээс бүрдэнэ. |
(c) Зөвхөн тусгай холбоонд бус харин байгууллагын удирдлаган дор ажилладаг нэг буюу хэд хэдэн бусад холбоодод хамаарах зардлыг холбоодод хамаарах нийтийн зардал гэж үзнэ. Энэхүү нийтийн зардлаас холбоонд оногдох хувь нь тэдгээр холбоод дахь холбооны сонирхлын эзлэх хэмжээтэй адил байна. |
(2) Тусгай холбооны төсвийг байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагыг харгалзан тогтооно. |
(3) Тусгай холбооны төсөв дараахь эх үүсвэрээс санхүүжнэ: |
(i) тусгай холбооны гишүүн орнуудын татвар; |
(ii) тусгай холбоонд хамаарах олон улсын товчооноос үзүүлсэн үйлчилгээний төлбөр, хураамж; |
(iii) тусгай холбоонд хамаарах олон улсын товчооны хэвлэлийн борлуулалтын үнэ, түүнийг ашиглуулсны хураамж; |
(iv) гэрээслэлээр шилжүүлсэн зүйл, татаас; |
(v) түрээс, зээлийн хүү болон бусад орлого. |
(4) (a) (3) дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасан татварыг тогтоох зорилгоор тусгай холбооны гишүүн орон бүр Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид заасантай адил ангилалд хамаарах бөгөөд Парисын холбоонд тухайн ангилалд тогтоосон нэгжийн хэмжээгээр жилийн татвараа төлнө. |
(b) Орон бүрийн жилийн татвар нь түүний нэгжийн тоог татвар төлж байгаа бүх орны нэгжийн нийлбэрт харьцуулах хэлбэрээр тогтоосон тусгай холбооны төсөвт төлөх нийт татварт эзлэх хувьтай тэнцүү байна. |
(c) Татварыг жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төлнө. |
(d) Өмнөх хоёр бүтэн жилд өгөх ёстой татварын хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш өртэй орон тусгай холбооны аливаа байгууллагад санал өгөх эрхгүй. Гэхдээ төлбөрийг хойшлуулсан нь онцгой болон зайлшгүй нөхцөл байдлаас үүдэлтэй гэж үзэх тохиолдолд тэрхүү хугацаанд тусгай холбооны аль нэг байгууллага тухайн оронд санал өгөх эрхээ үргэлжлүүлэн эдлэхийг зөвшөөрч болно. |
(e) Хэрэв төсвийг санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө батлаагүй бол, төсөв нь санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адил хэмжээтэй байна. |
(5) Тусгай холбооны нэрийн өмнөөс олон улсын товчооны үзүүлсэн үйлчилгээний төлбөрт авах төлбөр, хураамжийн хэмжээг ерөнхий захирал тогтоож Ассамблейд тайлагнана. |
(6) (a) Тусгай холбоо нь тусгай холбооны гишүүн орон бүрээс өгөх нэг удаагийн төлбөрөөс бүрдэх эргэлтийн хөрөнгийн сантай байна. Хэрэв эргэлтийн хөрөнгийн сан хангалтгүй бол Ассамблей түүнийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. |
(b) Дурдсан санд орон бүрийн төлөх анхны татварын хэмжээ буюу энэ санг нэмэгдүүлэхэд төлөх орон бүрийн хувь хэмжээ нь санг байгуулсан жил, эсхүл түүнийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан жилд тухайн орноос төлөх татварын хувьтай адил байна. |