Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
67. ПАТЕНТЫН ОЛОН УЛСЫН АНГИЛЛЫН ТУХАЙ СТРАСБУРГИЙН ХЭЛЭЛЦЭЭР
(1971 оны 3 дугаар сарын 24)
1979 оны 9 дүгээр сарын 28-нд хянан өөрчилсөн.
Хэлэлцэн тохирогч талууд,
патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай загвар, ашигтай байдлын гэрчилгээний ангиллын нэгдсэн системийг бүх нийтээр батлах нь нийтлэг эрх ашигт нийцэх бөгөөд аж үйлдвэрийн өмчийг хамгаалах салбар дахь олон улсын хамтын ажиллагааг илүү нягт болгох, дурдсан салбарын үндэсний хууль тогтоомжийг уялдуулахад тус дөхөм үзүүлнэ хэмээн үзэж,
Европын холбоо шинэ бүтээлийн патентын олон улсын ангиллыг тогтоохдоо үндэслэл болгосон Шинэ бүтээлийн патентын олон улсын ангиллын тухай 1954 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Европын конвенцийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч,
Энэхүү ангиллын нийтлэг үнэ цэнэ болон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч бүх улсын хувьд ач холбогдолтойг анхааралдаа авч,
Байнга өсөн нэмэгдэж буй орчин үеийн технологийн дэвшлийг хөгжиж буй орнуудад нэвтрүүлэх явдлыг хөнгөвчилж буй энэхүү ангиллын уг орнуудад үзүүлэх ач холбогдлыг анхааралдаа авч,
1883 оны 3 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан, 1900 оны 12 дугаар сарын 14-нд Брюссельд, 1911 оны 6 дугаар сарын 2-нд Вашингтонд, 1925 оны 11 дүгээр сарын 6-нд Гаагад, 1934 оны 6 дугаар сарын 2-нд Лондонд, 1958 оны 10 дугаар сарын 31-нд Лиссабонд, 1967 оны 7 дугаар сарын 14-нд Стокгольмд тус тус хянан өөрчилсөн Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 19 дүгээр зүйлийг анхааралдаа авч,
Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 дүгээр зүйл
Тусгай холбоо байгуулах;
Олон улсын ангиллыг батлах
Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж буй орнууд тусгай холбоо байгуулж, шинэ бүтээлийн патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай загвар, ашигтай байдлын гэрчилгээний нэгдсэн ангиллыг батална. Ангилал нь “патентын олон улсын ангилал” гэж нэрлэгдэнэ (цаашид “ангилал” гэнэ).
2 дугаар зүйл
Ангиллын тодорхойлолт
(1) (а) Ангилал нь :
(i) 1968 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болж, Европын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга хэвлэн нийтэлсэн 1954 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Шинэ бүтээлийн патентын олон улсын ангиллын тухай Европын конвенц (цаашид “Европын конвенц” гэнэ)-ийн заалтын дагуу боловсруулсан эх бичвэр;
(ii) энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болохоос өмнө Европын конвенцийн 2 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтүүд;
(iii) үүнээс хойш 5 дугаар зүйлийн дагуу оруулсан бөгөөд 6 дугаар зүйлийн заалтын дагуу хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтүүдээс бүрдэнэ.
(b) Ангиллын эх бичвэрт хавсаргасан гарын авлага болон тайлбар бичиг нь уг ангиллын салшгүй хэсэг болно.
(2) (a) (1) дэх хэсгийн (a) дэд хэсгийн (i)-т дурдсан бичвэр нь англи, франц хэлээр үйлдсэн адил хүчинтэй хоёр эх хувь байх бөгөөд тэдгээрийн нэг хувийг энэхүү хэлэлцээр гарын үсэг зурахад нээлттэй болох үед Европын холбооны ерөнхий нарийн бичгийн даргад, нөгөө хувийг 1967 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн конвенцоор байгуулсан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал (цаашид “байгууллага” ба “ерөнхий захирал” гэнэ)-д тус тус хадгалуулна.
(b) (1) дэх хэсгийн (a) дэд хэсгийн (ii)-т дурдсан нэмэлт, өөрчлөлтийн англи, франц хэлээр үйлдсэн адил хүчинтэй хоёр эх хувийн нэг хувийг Европын холбооны ерөнхий нарийн бичгийн даргад, нөгөө хувийг ерөнхий захиралд тус тус хадгалуулна.
(c) (1) дэх хэсгийн (a) дэд хэсгийн (iii)-т дурдсан нэмэлт өөрчлөлтийн англи, франц хэлээр үйлдсэн адил хүчинтэй зөвхөн нэг эх хувийг ерөнхий захиралд хадгалуулна.
3 дугаар зүйл
Ангиллын хэл
(1) Ангиллыг англи, франц хэлээр үйлдэх бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.
(2) Ангиллын испани, герман, орос, португали, япон хэлээрх, түүнчлэн 7 дугаар зүйлд дурдсан Ассамблей тогтоож болох бусад хэлээрх албан ёсны эх бичвэрийг байгууллагын олон улсын товчоо (цаашид “олон улсын товчоо” гэнэ) сонирхогч засгийн газартай зөвлөлдсөний дараа эсхүл эдгээр засгийн газраас ирүүлсэн орчуулгын үндсэн дээр эсхүл тусгай холбооны болон байгууллагын төсөвт санхүүгийн хүндрэл учруулахааргүй бусад аргаар үйлдэнэ.
4 дүгээр зүйл
Ангиллыг хэрэглэх
(1) Ангилал нь зөвхөн захиргааны шинжтэй байна.
(2) Тусгай холбооны гишүүн орон бүр ангиллыг үндсэн буюу туслах тогтолцоо болгон хэрэглэх эрхтэй.
(3) Тусгай холбооны гишүүн орнуудын эрх бүхий байгууллага нь
(i) эдгээр байгууллага хэвлэн нийтэлсэн буюу эсхүл зөвхөн нийтэд танилцуулахаар нээлттэй байгаагаас үл шалтгаалан өөрийн олгосон патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай загвар, ашигтай байдлын гэрчилгээ, түүнчлэн дурдсан хамгаалалтын төрлүүдэд хамаарах мэдүүлэг болон;
(ii) (i)-т заасан хэвлэн нийтэлсэн буюу нийтэд танилцуулахаар нээлттэй байгаа баримт бичгийн тухай албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлсэн зарлалд (i)-т дурдсан баримт бичгүүдэд хамаарах шинэ бүтээлийн ангиллын бүрэн индексийг тусгана.
(4) Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах буюу батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахдаа:
(i) аливаа орон (3) дахь хэсэгт заасан нийтэд танилцуулахаар нээлттэй байгаа мэдүүлэг болон үүнд хамаарах зарлалд ангиллын хэсэг буюу дэд хэсгийн индексийг тусгах үүрэг хүлээхгүй тухайгаа мэдэгдэж болно, мөн
(ii) шинэлэгийг тогтоох шууд буюу хойшлогдсон шүүлт хийдэггүй, патент олгох буюу бусад төрлийн хамгаалалт нь техникийн түвшин тодорхойлох хайлт хийдэггүй аливаа орон (3) дахь хэсэгт дурдсан баримт бичиг буюу зарлалд ангиллын хэсэг буюу дэд хэсгийн индексийг тусгах үүрэг хүлээхгүй тухай мэдэгдэж болно. Хэрэв ийм нөхцөл байдал нь зөвхөн зарим төрлийн хамгаалалт буюу технологийн зарим салбарыг хамарч байвал тухайн орон зөвхөн дурдсан нөхцөл байдалдаа хамаарах тайлбар хийж болно.
(5) Ангиллын индексийг “патентын олон улсын ангилал” гэсэн үгээр эсхүл 5 дугаар зүйлд дурдсан шинжээчдийн хорооноос тодорхойлсон эдгээр үгийн товчлолоор эхлэх буюу хэвлэхдээ тод үсгээр эсхүл (3) дахь хэсгийн (i)-т дурдсан баримт бичиг бүрийн эхэнд тод харагдахуйц бусад аргаар хэвлэнэ.
(6) Хэрэв тусгай холбооны аливаа орон патент олгох асуудлыг засгийн газар хоорондын ямар нэгэн байгууллагад даалгасан бол тухайн орон тус байгууллагаас ангиллыг энэ зүйлийн дагуу хэрэглэх талаар боломжтой бүх арга хэмжээг авна.
5 дугаар зүйл
Шинжээчдийн хороо
(1) Шинжээчдийн хороог тусгай холбооны гишүүн орон бүрийн төлөөлөлтэй байгуулна.
(2) (a) Ерөнхий захирал наад зах нь нэг гишүүн орон нь энэхүү хэлэлцээрт оролцогч тал байгаа, патентын салбарт мэргэшсэн засгийн газар хоорондын байгууллагын төлөөлөгчдийг шинжээчдийн хорооны хуралдаанд ажиглагчаар оролцуулахаар урина.
(b) Ерөнхий захирал өөрийн санаачилгаар эсхүл шинжээчдийн хорооны хүсэлтийн дагуу засгийн газар хоорондын бусад байгууллагын болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг тэдний сонирхсон асуудлаарх хэлэлцүүлэгт оролцуулахаар урина.
(3) Шинжээчдийн хороо нь:
(i) ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулна;
(ii) тусгай холбооны гишүүн орнуудад ангиллыг ашиглахад дэмжлэг үзүүлэх, түүнийг нэгдсэн журмаар хэрэглэх талаар зөвлөмж хүргүүлнэ;
(iii) шинэ бүтээлийн шүүлт хийхэд ашигладаг баримт бичгүүдийг дахин ангилах асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хөгжиж буй орнуудын хэрэгцээг харгалзан дэмжлэг үзүүлнэ;
(iv) тусгай холбооны төсөв буюу байгууллагад санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр хөгжиж буй орнуудад ангиллыг хэрэглэхэд дөхөм болох бусад бүх арга хэмжээг авна;
(v) дэд хороо ба ажлын хэсэг байгуулах эрхтэй.
(4) Шинжээчдийн хороо нь өөрийн үйл ажиллагааны дүрмийг батална. Уг дүрмээр ангиллыг боловсронгуй болгох талаар чухал үүрэг гүйцэтгэж чадах (2) дахь хэсгийн (a) дэд хэсэгт дурдсан засгийн газар хоорондын байгууллагыг дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаанд оролцуулах боломжийг бүрдүүлнэ.
(5) Тусгай холбооны аливаа гишүүн орны эрх бүхий байгууллага, олон улсын товчоо, (2) дахь хэсгийн (a) дэд хэсэгт заасны дагуу шинжээчдийн хороонд төлөөлөлтэй засгийн газар хоорондын ямар ч байгууллага болон санал авах зорилгоор шинжээчдийн хорооноос зориуд урьсан аливаа байгууллага ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Саналыг олон улсын товчоонд илгээх ба уг байгууллага нь дурдсан саналыг хэлэлцэх шинжээчдийн хорооны чуулган эхлэхээс хоёр сараас багагүй хугацааны өмнө шинжээчдийн хорооны гишүүдэд болон ажиглагчдад илгээнэ.
(6) (a) Шинжээчдийн хорооны гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй.
(b) Шинжээчдийн хорооны шийдвэрийг санал хураалтад оролцогч орнуудын энгийн олонхын саналаар батална.
(c) Ангиллын үндсэн бүтцэд шинэчлэлт хийх буюу дахин ангилах ажиллагаа шаардах шийдвэр гэж санал хураалтад байлцагч болон оролцогч орнуудын тавны нэг нь үзсэн аливаа шийдвэрийг санал хураалтад байлцагч болон оролцогч орнуудын дөрөвний гурвын олонхын саналаар батална;
(d) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.
6 дугаар зүйл
Мэдэгдэх, хүчин төгөлдөр болох, нэмэлт, өөрчлөлт
болон бусад шийдвэрийг хэвлэн нийтлэх
(1) Олон улсын товчоо нь ангилалд өөрчлөлт оруулах тухай шинжээчдийн хорооны шийдвэр бүрийн талаар болон тус хорооны зөвлөмжийн тухай тусгай холбооны гишүүн орнуудын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ. Нэмэлт, өөрчлөлт нь мэдэгдэл явуулсан өдрөөс зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.
(2) Олон улсын товчоо нь хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтийг ангилалд тусгана. Нэмэлт, өөрчлөлтийн тухай мэдээллийг 7 дугаар зүйлд дурдсан Ассамблейгаас тогтоосон тогтмол хэвлэлд нийтэлнэ.
7 дугаар зүйл
Тусгай холбооны Ассамблей
(1) (а) Тусгай холбоо нь тусгай холбооны гишүүн орнуудаас бүрдсэн Ассамблейтай байна.
(b) Тусгай холбооны гишүүн орон бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэр нь орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.
(c) 5 дугаар зүйлийн (2) дахь хэсгийн (a) дэд хэсэгт дурдсан засгийн газар хоорондын аливаа байгууллага нь Ассамблейн чуулганд болон Ассамблейн шийдвэрээр байгуулж болох хороо буюу ажлын хэсгийн хуралдаанд ажиглагчаар оролцож болно.
(d) Төлөөлөгч тус бүрийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.
(2) (a) Ассамблей нь 5 дугаар зүйлийн заалтыг харгалзан:
(i) тусгай холбоог удирдах, хөгжүүлэх болон энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүх асуудлыг эрхэлнэ;
(ii) хянан өөрчлөх бага хуралд бэлтгэх асуудлаар олон улсын товчоонд зааварчилга өгнө;
(iii) ерөнхий захирлаас тусгай холбооны талаар явуулсан үйл ажиллагааны тайланг хянаж батлах, холбооны эрх мэдэлд багтах бүх асуудлаар шаардлагатай бүх зааврыг түүнд өгнө;
(iv) тусгай холбооны хөтөлбөрийг тодорхойлж, хоёр жилийн төсөв болон түүний санхүүгийн тайланг батална;
(v) тусгай холбооны санхүүгийн журмыг батална;
(vi) англи, франц болон 3 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт дурдсанаас бусад ямар хэлээр ангиллын албан ёсны эх бичвэрийг үйлдэх асуудлыг шийдвэрлэнэ;
(vii) тусгай холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн хороо болон ажлын хэсэг байгуулна;
(viii) (1) дэх хэсгийн (c) дэд хэсгийг харгалзан тусгай холбооны гишүүн бус ямар орон, түүнчлэн ямар засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагыг түүний чуулганд болон түүний байгуулсан хороо буюу ажлын хэсгийн хуралдаанд ажиглагчаар оролцуулж болохыг тодорхойлно;
(ix) тусгай холбооны зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа бусад үйл ажиллагааг хэрэгжүүлнэ;
(x) энэхүү хэлэлцээрийн дагуух бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ;
(b) Байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын сонирхсон асуудлын хувьд Ассамблей зохицуулах хорооны зөвлөмжийг сонссоны дараа шийдвэр гаргана.
(3) (a) Ассамблейн гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй.
(b) Ассамблейн гишүүн орны тэн хагас нь кворум бүрдүүлнэ.
(c) Кворум бүрдээгүй тохиолдолд Ассамблей өөрийн ажиллагааны журамд хамаарахаас бусад шийдвэрийг гаргаж болно. Ийм шийдвэр нь гагцхүү дор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. Олон улсын товчоо нь чуулганд оролцоогүй Ассамблейн гишүүн орнуудад дээр дурдсан шийдвэрийг илгээж, уг шийдвэрийг илгээснээс хойш гурван сарын дотор эдгээр шийдвэрт санал өгч, түдгэлзсэн эсэх тухай саналаа бичгээр ирүүлэхийг хүснэ. Тогтоосон хугацаа өнгөрөх үед энэ журмаар саналаа өгсөн буюу түдгэлзсэнээ мэдэгдсэн орны тоо чуулган хүчинтэй болоход дутуу байсан тоонд хүрч байвал зохих олонхи байна гэж үзэж шийдвэр хүчин төгөлдөр болно.
(d) Ассамблей нь 11 дүгээр зүйлийн (2) дахь хэсгийг харгалзан Ассамблей нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрээ гаргана.
(e) Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.
(f) Төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж, зөвхөн түүний нэрийн өмнөөс санал өгнө.
(4) (а) Ерөнхий захирал Ассамблейн ээлжит чуулганыг онцгой тохиолдлоос бусад тохиолдолд байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулдаг газарт болон хугацаанд хоёр жилд нэг удаа зарлан хуралдуулна.
(b) Ерөнхий захирал Ассамблейн гишүүн орны дөрөвний нэгийн хүсэлтийн дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна.
(c) Ерөнхий захирал чуулган бүрийн хэлэлцэх асуудлын дэгийн төслийг бэлтгэнэ.
(5) Ассамблей өөрийн ажиллагааны журмыг батална.
8 дугаар зүйл
Олон улсын товчоо
(1) (а) Тусгай холбооны захиргааны асуудлыг олон улсын товчоо эрхэлнэ.
(b) Түүнчлэн олон улсын товчоо нь хуралдаанд бэлтгэх бөгөөд Ассамблейн болон шинжээчдийн хороо, Ассамблей болон шинжээчдийн хорооноос байгуулж болох бусад хороо, ажлын хэсгүүдийн нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.
(c) Ерөнхий захирал тусгай холбооны гүйцэтгэх тэргүүн болох бөгөөд тусгай холбоог төлөөлнө.
(2) Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа ажилтан Ассамблей, шинжээчдийн хорооны болон бусад хороо буюу ажлын хэсгийн бүх хуралдаанд санал өгөх эрхгүйгээр оролцоно. Ерөнхий захирал болон түүний томилсон ажилтан өөрийн албан тушаалын дагуу эдгээр байгууллагын нарийн бичгийн дарга байна.
(3) (а) Олон улсын товчоо Ассамблейгаас өгсөн чиглэлийн дагуу хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажлыг хангана.
(b) Олон улсын товчоо хянан өөрчлөх бага хурлын бэлтгэл ажилтай холбогдуулан олон улсын засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөж болно.
(с) Ерөнхий захирал болон түүний томилсон ажилтан тэдгээр бага хурлын хэлэлцүүлэгт санал өгөх эрхгүйгээр оролцож болно.
(4) Олон улсын товчоо түүнд оногдуулсан бусад бүх даалгаврыг гүйцэтгэнэ.
9 дүгээр зүйл
Санхүү
(1) (а) Тусгай холбоо төсөвтэй байна.
(b) Тусгай холбооны төсөв нь холбооны орлого, зарлага, холбооны зардлаас холбоодод хамаарах нийтийн зардлын төсөвт орох хандив, тэрчлэн байгууллагын бага хурлын төсөвт орох зардал зэргээс бүрдэнэ.
(c) Зөвхөн тусгай холбоонд бус харин байгууллагын удирдлаган дор ажилладаг нэг буюу хэд хэдэн бусад холбоодод хамаарах зардлыг холбоодод хамаарах нийтийн зардал гэж үзнэ. Энэхүү нийтийн зардлаас холбоонд оногдох хувь нь тэдгээр холбоод дахь холбооны сонирхлын эзлэх хэмжээтэй адил байна.
(2) Тусгай холбооны төсвийг байгууллагын удирдлаган дор ажилладаг бусад холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагыг харгалзан тогтооно.
(3) Тусгай холбооны төсөв дараахь эх үүсвэрээс санхүүжнэ:
(i) тусгай холбооны гишүүн орнуудын татвар;
(ii) тусгай холбоонд хамаарах олон улсын товчооноос үзүүлсэн үйлчилгээний төлбөр, хураамж;
(iii) тусгай холбоонд хамаарах олон улсын товчооны хэвлэлийн борлуулалтын үнэ, түүнийг ашиглуулсны хураамж;
(iv) гэрээслэлээр шилжүүлсэн зүйл, татаас;
(v) түрээс, зээлийн хүү болон бусад орлого.
(4) (a) (3) дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасан татварыг тогтоох зорилгоор тусгай холбооны гишүүн орон бүр Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид заасантай адил ангилалд хамаарах бөгөөд Парисын холбоонд тухайн ангилалд тогтоосон нэгжийн хэмжээгээр жилийн татвараа төлнө.
(b) Орон бүрийн жилийн татвар нь түүний нэгжийн тоог татвар төлж байгаа бүх орны нэгжийн нийлбэрт харьцуулах хэлбэрээр тогтоосон тусгай холбооны төсөвт төлөх нийт татварт эзлэх хувьтай тэнцүү байна.
(c) Татварыг жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төлнө.
(d) Өмнөх хоёр бүтэн жилд өгөх ёстой татварын хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш өртэй орон тусгай холбооны аливаа байгууллагад санал өгөх эрхгүй. Гэхдээ төлбөрийг хойшлуулсан нь онцгой болон зайлшгүй нөхцөл байдлаас үүдэлтэй гэж үзэх тохиолдолд тэрхүү хугацаанд тусгай холбооны аль нэг байгууллага тухайн оронд санал өгөх эрхээ үргэлжлүүлэн эдлэхийг зөвшөөрч болно.
(e) Хэрэв төсвийг санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө батлаагүй бол, төсөв нь санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адил хэмжээтэй байна.
(5) Тусгай холбооны нэрийн өмнөөс олон улсын товчооны үзүүлсэн үйлчилгээний төлбөрт авах төлбөр, хураамжийн хэмжээг ерөнхий захирал тогтоож Ассамблейд тайлагнана.
(6) (a) Тусгай холбоо нь тусгай холбооны гишүүн орон бүрээс өгөх нэг удаагийн төлбөрөөс бүрдэх эргэлтийн хөрөнгийн сантай байна. Хэрэв эргэлтийн хөрөнгийн сан хангалтгүй бол Ассамблей түүнийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
(b) Дурдсан санд орон бүрийн төлөх анхны татварын хэмжээ буюу энэ санг нэмэгдүүлэхэд төлөх орон бүрийн хувь хэмжээ нь санг байгуулсан жил, эсхүл түүнийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан жилд тухайн орноос төлөх татварын хувьтай адил байна.
(c) Энэ харьцаа, төлбөрийн нөхцөлийг ерөнхий захирлын саналын үндсэн дээр болон байгууллагын зохицуулах хорооны зөвлөмжийг авсны дараа Ассамблей тогтооно.
(7) (а) Байгууллагын төв байр нь нутаг дэвсгэрт нь байрладаг оронтой байгуулах төв байрны тухай хэлэлцээрт эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болох тохиолдолд тухайн орон урьдчилгаа олгох тухай тусгана. Энэ урьдчилгааны хэмжээ болон урьдчилгаа олгох нөхцөлийг байгууллага, тухайн орон хоорондын тусгай хэлэлцээрээр зохицуулна.
(b) (а) дэд хэсэгт дурдсан орон ба байгууллага аль аль нь урьдчилгаа өгөх үүргээ бичгээр мэдэгдэх замаар цуцлах эрхтэй. Цуцлалт нь мэдэгдэл үйлдсэн жилийн төгсгөлөөс хойш гурван жилийн дараа хүчин төгөлдөр болно.
(8) Санхүүгийн аудитыг санхүүгийн журмын дагуу тусгай холбооны нэг буюу хэд хэдэн орон эсхүл гадны байцаагч хийнэ. Тэднийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр Ассамблей томилно.
10 дугаар зүйл
Хэлэлцээрийг хянан өөрчлөх
(1) Энэхүү хэлэлцээрийг тусгай холбооны гишүүн орнуудын тусгай бага хурлаар үе үе хянан өөрчилж болно.
(2) Хянан өөрчлөх бага хурлыг зарлан хуралдуулах асуудлыг Ассамблей шийдвэрлэнэ.
(3) 7, 8, 9 болон 11 дүгээр зүйлд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хянан өөрчлөх бага хурлаар эсхүл 11 дүгээр зүйлд заасны дагуу оруулна.
11 дүгээр зүйл
Хэлэлцээрийн зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах
(1) 7, 8, 9 дүгээр зүйл болон энэхүү зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Ассамблейн гишүүн аль ч орон эсхүл ерөнхий захирал гаргаж болно. Ерөнхий захирал ийм саналыг Ассамблейн чуулганаар хэлэлцэхээс наад зах нь зургаан сарын өмнө тусгай холбооны гишүүн орон бүрт илгээнэ.
(2) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг Ассамблей дөрөвний гурвын олонхын саналаар батална. Гэхдээ 7 дугаар зүйл болон энэхүү хэсэгт оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг санал хураалтын тавны дөрвийн олонхын саналаар батална.
(3) (a) (1) дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь уг нэмэлт, өөрчлөлтийг баталсан үед Ассамблейн гишүүн байсан орны дөрөвний гурав нь өөрсдийн үндсэн хуулийн журмын дагуу тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан мэдэгдлийг ерөнхий захирал хүлээж авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.
(b) Ийнхүү хүлээн зөвшөөрсөн аливаа нэмэлт, өөрчлөлтийг түүнийг хүчин төгөлдөр болох хугацаанд тусгай холбооны гишүүн байсан орнууд заавал дагаж мөрдөнө. Гэхдээ тусгай холбооны гишүүн орны санхүүгийн хүлээх үүргийг өндөржүүлэх талаар аливаа нэмэлт, өөрчлөлтийг тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл гаргасан орон л дагаж мөрдөнө.
(c) (a) дэд хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн аливаа нэмэлт, өөрчлөлтийг уг нэмэлт, өөрчлөлт (a) дэд хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсноос хойш тусгай холбооны гишүүн болсон бүх орнууд дагаж мөрдөнө.
12 дугаар зүйл
Хэлэлцээрт оролцогч тал болох
(1) Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч тал болох аливаа орон дараахь замаар энэхүү хэлэлцээрт оролцогч тал болж болно:
(i) гарын үсэг зурж, батламж жуух бичгийг хадгалуулах, эсхүл
(ii) нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулах.
(2) Батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.
(3) Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн Стокгольмын актын 24 дүгээр зүйлийн заалтыг энэхүү хэлэлцээрт хэрэглэнэ.
(4) (3) дахь хэсгийн заалтыг тусгай холбооны гишүүн аливаа орон тус заалтын дагуу өөр орноос энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн талаарх бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн буюу баталсан гэж хэрхэвч тайлбарлаж болохгүй.
13 дугаар зүйл
Хэлэлцээр хүчин төгөлдөр болох
(1) (a) Энэхүү хэлэлцээр дор дурдсан орон батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно:
(i) Энэхүү хэлэлцээр гарын үсэг зурахад нээлттэй болох үед Европын конвенцид оролцогч орнуудын гуравны хоёр нь батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн; болон
(ii) Урьд нь Европын конвенцид оролцогч тал байгаагүй Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцийн гишүүн гурван орон батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн, гэхдээ эдгээр гурван орны наад зах нь нэг оронд нь патент буюу зохиогчийн гэрчилгээ авах мэдүүлгийн тоо нь олон улсын товчооноос хэвлэн гаргадаг жил тутмын сүүлчийн статистик мэдээний дагуу түүний батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрийн байдлаар 40 000 -аас илүү гарсан байна.
(b) (a) дэд хэсэгт заасны дагуу энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсон орнуудаас бусад аливаа орны хувьд уг хэлэлцээр нь хэрэв батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичигтээ хожуу хугацаа заагаагүй бол ерөнхий захирлаас соёрхон баталсан эсхүл нэгдэн орсон тухай мэдэгдэл хийсэн өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. Хожуу хугацаа заасан тохиолдолд энэхүү хэлэлцээр нь тухайн орны хувьд уг заасан хугацаанд хүчин төгөлдөр болно.
(c) Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталсан эсхүл нэгдэн орсон Европын конвенцид оролцогч орнууд уг конвенцийг цуцлах үүрэг хүлээх бөгөөд чингэхдээ хамгийн сүүлийн хугацаа нь энэхүү хэлэлцээр тухайн орны хувьд хүчин төгөлдөр болох өдөр байна.
(2) Соёрхон батлах буюу нэгдэн орсноор энэхүү хэлэлцээрийн бүх заалтыг хүлээн зөвшөөрөх бөгөөд түүгээр олгох бүх давуу талыг эдэлнэ.
14 дүгээр зүйл
Хэлэлцээрийн үйлчлэх хугацаа
Энэхүү хэлэлцээрийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын хүчин төгөлдөр үйлчлэх хугацаатай адил байна.
15 дугаар зүйл
Хэлэлцээрийг цуцлах
(1) Тусгай холбооны гишүүн аливаа орон ерөнхий захиралд мэдэгдэл илгээснээр энэхүү хэлэлцээрийг цуцалж болно.
(2) Цуцлалт нь ерөнхий захирал мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.
(3) Энэхүү зүйлд заасан цуцлах эрх аль ч оронд тусгай холбооны гишүүн болсон өдрөөс хойш таван жилийн хугацаа дуусахаас өмнө үүсэхгүй.
16 дугаар зүйл
Гарын үсэг зурах, хэл, мэдэгдэл, хадгалах чиг үүрэг
(1) (а) Энэхүү хэлэлцээрийг англи, франц хэлээр нэг хувь үйлдэж гарын үсэг зурсан бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй.
(b) Энэхүү хэлэлцээр нь 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Страсбург хотноо гарын үсэг зурахад нээлттэй байна.
(c) Гарын үсэг зурахад хаалттай болсны дараа энэхүү хэлэлцээрийн жинхэнэ эхийг ерөнхий захиралд хадгалуулна.
(2) Албан ёсны эх бичвэрийг ерөнхий захирал сонирхогч засгийн газартай зөвлөлдсөний дараа испани, герман, португали, орос, япон болон Ассамблейгаас тогтоосон бусад хэлээр үйлдэнэ.
(3) (a) Ерөнхий захирал энэхүү хэлэлцээрийн гарын үсэг зурсан эх бичвэрийн хоёр хувийг зохих ёсоор баталгаажуулж хэлэлцээрт гарын үсэг зурсан бүх засгийн газарт болон хүсэлт гаргасан аль ч орны засгийн газарт илгээнэ. Ерөнхий захирал эх бичвэрийн нэг хувийг зохих ёсоор баталгаажуулж Европын холбооны ерөнхий нарийн бичгийн даргад мөн илгээнэ.
(b) Ерөнхий захирал энэхүү хэлэлцээрт оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийн өөрийн баталгаажуулсан хоёр хувийг тусгай холбооны гишүүн бүх орны засгийн газарт болон хүсэлт гаргасан бусад орны засгийн газарт илгээнэ. Ерөнхий захирал өөрийн баталгаажуулсан нэг хувийг Европын холбооны ерөнхий нарийн бичгийн даргад мөн илгээнэ.
(c) Ерөнхий захирал өөрийн баталгаажуулсан ангиллын англи, франц хэлээрх ангиллын хувийг энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан эсхүл түүнд нэгдэн орсон болон хүсэлт гаргасан аливаа орны засгийн газарт хүргүүлнэ.
(4) Ерөнхий захирал энэхүү хэлэлцээрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.
(5) Ерөнхий захирал Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч бүх орны засгийн газар болон Европын холбооны нарийн бичгийн дарга нарын газарт дараахь зүйлийг мэдэгдэнэ:
(i) гарын үсэг зурсан тухай;
(ii) батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай;
(iii) энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрийн тухай;
(iv) ангиллыг хэрэглэх талаар хийсэн тайлбарын тухай;
(v) энэхүү хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай;
(vi) эдгээр нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрийн тухай;
(vii) хүлээн авсан цуцлалтын тухай.
17 дугаар зүйл
Шилжилтийн заалтууд
(1) Тусгай холбооны гишүүн хараахан болоогүй байгаа Европын конвенцид оролцогч орнууд, хэрэв эдгээр орнууд хүсвэл энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн хугацаанд тусгай холбооны гишүүнтэй адил эрхийг шинжээчдийн хороонд эдэлж болно.
(2) (1) дэх хэсэгт заасан хугацаа дууссанаас хойш гурван жилийн хугацаанд мөн хэсэгт дурдсан орнууд шинжээчдийн хорооны хуралдаанд, хэрэв уг хорооноос тийнхүү шийдвэрлэсэн бол түүний байгуулсан аливаа дэд хороо буюу ажлын хэсгийн хуралдаанд ажиглагчаар оролцож болно. Эдгээр орон нь дээр дурдсан хугацаанд 5 дугаар зүйлийн (5) дахь хэсэгт заасны дагуу ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал гаргаж болох бөгөөд 6 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт заасны дагуу шинжээчдийн хорооны шийдвэр, зөвлөмжийн талаар эдгээр оронд мэдэгдэнэ.
(3) Тусгай холбооны гишүүн хараахан болоогүй байгаа Европын конвенцид оролцогч орнууд энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн хугацаанд Ассамблейн чуулганд, хэрэв Ассамблей тийнхүү шийдвэрлэсэн бол түүний байгуулсан аливаа хороо буюу ажлын хэсгийн хуралдаанд ажиглагчаар оролцож болно.1971-03-24
1971-03-24