A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 137

Улаанбаатар хот

ГАДААДААС 2017 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, 7.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заагаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.

3. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо энэ тогтоолын хавсралтаар баталсан хувиас илүү гарсан нөхцөлд 50 (тавь) хүртэлх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах тохиолдолд асуудлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын түвшинд, 50 (тавь)-иас дээш гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах тохиолдолд асуудлыг Засгийн газарт оруулж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт үүрэг болгосугай.

4. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлан ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР