A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

ГЕМОДИАЛИЗ ЭМЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.3, 24.6.7, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бөөрний хурц болон архаг дутагдалтай өвчтөнийг гемодиализ эмчилгээгээр тасралтгүй хангаж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий тавигдах шаардлагыг хангасан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар уг эмчилгээг хийлгүүлэх тухай Эрүүл мэндийн яамны саналыг дэмжсүгэй.

2. Гемодиализ-бөөр орлуулах эмчилгээний төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт үүрэг болгосугай.

3. Гемодиализ эмчилгээний зардлыг төсвийн багцаасаа эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлж байхыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон гемодиализ эмчилгээ хийх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хооронд гэрээ байгуулах замаар уг эмчилгээг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Эрүүл мэндийн сайд А.ЦОГЦЭЦЭГ