A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • ГАН ЦӨЛЖИЛТӨД НОЦТОЙ НЭРВЭГДЭЖ БУЙ ОРНУУДЫН БОЛОН ЯЛАНГУЯА АФРИКИЙН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ /Төр
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ГАН ЦӨЛЖИЛТӨД НОЦТОЙ НЭРВЭГДЭЖ БУЙ ОРНУУДЫН БОЛОН ЯЛАНГУЯА АФРИКИЙН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ /Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 9 дүгээр тусгай дугаарын албан ёсны эх сурвалжаас авав/

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД,

Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах үйл ажиллагааны хүрээнд тэдгээрт нэрвэгдэж байгаа болон тийм аюул заналхийллийн дор оршиж буй нутаг орны хүн ардад гол анхаарлаа төвлөрүүлж буйг нотлож,

Ган, цөлжилтийн тааламжгүй үр дагаврын талаар олон улсын хамтын нийгэмлэг, түүний дотор улс гүрнүүд болон олон улсын байгууллагууд сэтгэл түгшиж байгааг дурдан,

Эх газрын үлэмж хэсгийг хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутаг эзэлдэг бөгөөд энэ нь дэлхийн хүн амын нэлээд хэсгийн оршин сууж буй газар, аж амьдралынх нь эх сурвалж болдогийг ойлгож,

Ган, цөлжилт нь өргөн хүрээтэй асуудал болж дэлхийн нийт бүс нутагт нөлөөлж, түүнтэй тэмцэх, тэдгээрийн нөлөөллийг бууруулахад олон улсын хамтын нийгэмлэгийн хамтарсан үйл ажиллагаа шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч,

Ган, цөлжилт нь тэдгээрт нэрвэгдэж буй хөгжиж буй орнууд, нэн ялангуяа буурай хөгжилтэй орнуудад болон Африкт эмгэнэлт үр уршиг учруулж байгааг тэмдэглэж,

Физик, биологи, улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн харилцан уялдаа бүхий нарийн түвэгтэй хүчин зүйлийн улмаас цөлжих үйл явц улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэж,

Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа нь ган цөлжилтөд нэрвэгдэж буй улс орнууд цөлжилттэй хангалттай тэмцэхэд нөлөөлж байгааг харгалзан үзэж,

Эдийн засгаа тогтвортой өсгөх, нийгмийн хөгжлөө хангах, ядуурлыг арилгах явдал бол ган, цөлжилтөд нэрвэгдэж буй хөгжиж буй орнууд, ялангуяа Африкийн орнуудын нэн тэргүүний зорилт бөгөөд энэ нь тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нэн чухал нөхцөл болохыг ухамсарлаж,

Ган, цөлжилт нь ядуурал, эрүүл мэнд болон хүнс тэжээлийн хомсдол, хүнсний аюулгүй байдлын баталгаа алдагдах зэрэг нийгмийн чухал асуудлууд болон цагаачлах, шилжин суурьших, хүн амын хөдөлгөөнтэй уялдаа холбоотойгоор тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлдгийг харгалзан үзэж,

Өнгөрсөн хугацаанд улс гүрнүүд болон олон улсын байгууллагуудаас цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах зэрэгт тухайлбал НҮБ-ын Цөлжилтийн асуудлаарх Бага Хурлаар 1977 онд баталсан Цөлжилттэй тэмцэх Үйл ажиллагааны Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гаргасан хүчин чармайлт, хуримтлуулсан туршлагын ач холбогдлыг өндрөөр үнэлж,

Өнгөрсөн хугацаанд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах талаар хүчин чармайлт гаргаж зарим ахиц гарсан хэдий ч тавьсан зорилгодоо хүрээгүйг тэмдэглэж, энэ нь тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд бүх түвшинд шинэ бөгөөд илүү үр дүнтэй алхам хийх шаардлагатай байгааг ухамсарлаж,

Хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Бага Хурлаас гаргасан шийдвэр, тухайлбал, ХХI зууны мөрийн хөтөлбөр, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны үндсийг тусгасан түүний 12 дугаар бүлгийн заалтууд нь хүчин төгөлдөр бөгөөд тулгамдсан асуудлууд болохыг хүлээн зөвшөөрч,

ХХI зууны мөрийн хөтөлбөрийн 33 дугаар бүлгийн 13 дугаар зүйлд заасан хөгжингүй орнуудын хүлээх үүрэг амлалтыг үүнтэй уялдуулан дахин нотлож,

Африкт нэн тэргүүний ач холбогдол өгсөн Ерөнхий Ассамблейн 47/188 дугаар тогтоол болон ган, цөлжилтийн талаархи НҮБ-ын холбогдох бусад тогтоол, шийдвэр болон хөтөлбөрүүд, түүнчлэн Африкийн орнууд болон бусад бүс нутгаас хийсэн мэдэгдлүүдийг иш татан,

Хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлаарх Рио-де-Жанейрогийн Тунхаглалын 2 дугаар зарчимд улс гүрнүүд НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчимд нийцүүлэн өөрсдийн байгалийн нөөц баялгийг дотоодынхоо байгаль орчин болон хөгжлийн бодлогынхоо дагуу ашиглах бүрэн эрхтэй бөгөөд ингэхдээ тэдний хууль хяналт, эрх зүйн хүрээнд явуулж буй үйл ажиллагаа нь дотоодын хууль, эрх зүйн хүрээнээс гадна орших бусад улс орон буюу бүс нутгийн байгаль орчинд хохирол учруулахгүй байх хариуцлага хүлээнэ гэдгийг дахин нотолж,

Үндэсний засгийн газрууд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулахад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ салбарт гаргах амжилт нь нэрвэгдэж буй нутаг дэвсгэрт явуулах үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарахыг хүлээн зөвшөөрч,

Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах үйл хэрэгт олон улсын түншлэл, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой, шаардлагатай байгааг мөн хүлээн зөвшөөрч,

Тийнхүү нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад, ялангуяа Африкт үр дүнтэй хөрөнгө хүч, тухайлбал санхүүгийн нөөцийг бий болгох, санхүүжилтийн нэмэлт шинэ эх үүсвэрээр хангах, энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд нь шаардагдах технологи нэвтрүүлэх боломж олгохын ач холбогдлыг хүлэн зөвшөөрч,

Төв Ази, Транскавказын ган, цөлжилтөд нэрвэгдэж байгаа орнуудад эдгээр үзэгдлүүд нөлөөлж буй явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж,

Ган, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутаг, ялангуяа хөгжиж буй орнуудын орон нутгийн эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүх шатны үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бүрэн оролцог хангахыг онцлон тэмдэглэж,

Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хөтөлбөрүүдэд төрийн бус байгууллагууд, бусад томоохон бүлгүүд онцгой үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэж,

Өргөн хүрээтэй цөлжилт, хүрээлэн буй орчны бусад асуудлуудаар олон улсын болон үндэсний хамтын нийгэмлэгүүдийн хоорондын харилцан уялдаа холбоог харгалзан үзэж,

Цөлжилттэй тэмцэх нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенц, Биологийн төрөл зүйлийн тухай Конвенц болон хүрээлэн буй орчныг хамгаалах талаарх бусад конвенциудын зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж болохыг мөн бодолцож,

Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах стратеги нь шинжлэх ухааны нарийн мэдлэг, тогтмол ажиглалт судалгаан дээр үндэслэх болон тэдгээрт байнгын үнэлгээ хийснээр илүү үр дүнтэй болохыг тэмдэглэж,

Үндэсний хөтөлбөр болон нэн тэргүүнд авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, зохицуулалтыг сайжруулах нь амин чухал болохыг хүлээн зөвшөөрч,

Эдүүгээ болон ирээдүй хойч үеийнхний ашиг сонирхлын үүднээс цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах талаар зохих арга хэмжээ авах шийдвэр төгс байгаагаа илэрхийлэн,

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

УДИРТГАЛ

1 дүгээр зүйл

Хэрэглэх нэр томъёо

Энэхүү Конвенцийн зорилгоор:

а) “цөлжилт” гэж уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газрын доройтол болохыг хэлнэ.

б) “цөлжилттэй тэмцэх” гэж тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт газрыг хамгаалах, сайжруулахад чиглэсэн дараахь арга хэмжээнүүдийг хэлнэ. Үүнд:

i. газрын доройтлоос сэргийлэх, түүнийг багасгах,

ii. хэсэгчлэн доройтсон газрыг нөхөн сэргээх,

iii. цөлжсөн газрыг нөхөн сэргээх гэх мэт.

в) “Ган” гэж хур тунадасны хэмжээ хэвийн хэмжээнээс үлэмж багассанаас ус зүйн тэнцвэр ноцтойгоор алдагдаж, газрын өгөөж үржил шим муудах байгалийн үзэгдлийг хэлнэ.

г) “гангийн нөлөөг бууруулах” гэдэг нь цөлжилттэй тэмцэх ажил хэргийн хүрээнд ганг урьдчилан мэдээлэх, нийгэм, байгаль орчныг гангийн нөлөөллөөс хамгаалах үйл ажиллагаа юм.

д) “газар” гэж хөрс, ус, ургамал ба бусад биомасс, түүнчлэн экологи, ус зүйн үзэгдлийг агуулсан газар дэлхийн био бүтээмжийн тогтолцоог хэлнэ.

е) “газрын доройтол” гэж хүний үйл ажиллагаа, хүн амын байршилтай холбоо бүхий:

i. салхи болон усны нөлөөгөөр хөрс элэгдэх,

ii. хөрсний физик, хими, биологи болон эдийн засгийн шинж чанар муудах,

iii. он удаан жилийн турш байгалийн ургамал нөмрөг хомсдох зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт усалгаагүй болон усалгаатай газар тариалан, бэлчээр, ой, модлог ургамалтай газрын хөрсний биологи, эдийн засгийн үр өгөөж буурахыг хэлнэ.

ё) “хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутаг” гэж жилийн дундаж тунадасны хэмжээ, ургамал-хөрсний нийлбэр боломжит ууршилтын хоорондын харьцаа нь 0,05-0,65 хооронд хэлбэлзэх туйлын болон туйл орчмын газраас бусад нутгийг хэлнэ.

ж) “нэрвэгдэж буй газар нутаг” гэж цөлжсөн буюу цөлжих аюулд орж болзошгүй хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутгийг хэлнэ.

з) “нэрвэгдэж буй улс гүрнүүд” гэж нутаг дэвсгэр нь цөлжилтөд нэрвэгдэж буй газар нутагт бүхлээрээ буюу зарим хэсэг нь хамрагдсан улс орныг хэлнэ.

и) “Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” гэж тухайн бүс нутгийн бүрэн эрхт улс орнуудын байгуулсан, гишүүн улсууд нь энэхүү Конвенциор зохицуулагдах асуудлуудын хувьд эрх мэдлээ түүнд шилжүүлсэн, дотоод журмынхаа дагуу энэхүү Конвенцид гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орох байгууллагыг хэлнэ.

к) “хөгжингүй орнууд болох Талууд” гэж хөгжингүй орнууд болох Талууд болон хөгжингүй орнуудын үүсгэн байгуулсан бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг хэлнэ.

2 дугаар зүйл

Зорилго

1. Энэхүү Конвенцийн зорилго нь нэрвэгдэж буй бүс нутагт тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн “ХХI зууны мөрийн хөтөлбөр”-т нийцүүлэн цогцолбор үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийн талаарх зохицуулалтуудын дагуу бүх түвшинд үр дүнтэй арга хэмжээ авах замаар ган, цөлжилтэд ноцтой нэрвэгдэж буй орнууд, ялангуяа Африкт цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад оршино.

2. Энэ зорилгод хүрэхийн тулд нэрвэгдэж буй газар нутгийн хүн амын амьжиргааны түвшин ялангуяа орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх үүднээс газрын өгөөжийг нэмэгдүүлэх, газар ба усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн урт хугацааны иж бүрэн бодлого чухал болно.

3 дугаар зүйл

Зарчим

1. Энэхүү Конвенцийн зорилгод хүрэх, түүний заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд Талууд дор дурдсан зүйлийг удирдлага болгоно. Үүнд:

а) Талууд нь цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа хүн ам, орон нутгийн үүсгэл санаачилгын байгууллагуудыг оролцуулж, улс үндэсний болон орон нутгийн үйл ажиллагааг туслаж дэмжих тааламжтай орчинг бий болгох нөхцөлийг хангах.

б) Талууд олон улсын эв санааны нэгдэл, түншлэлийн үзэл санаагаар дэд бүс, бүс нутаг, олон улсын түвшинд хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулж, шаардлагатай газарт нь санхүү, хүн хүч, зохион байгуулалт, техникийн нөөцийг илүү үр ашигтай төвлөрүүлэх.

в) Талууд нэрвэгдэж буй бүс нутгийн газрын байдал, үнэ цэнэ, усны нөөцийн хомсдол тэдгээрийг зүй зохистой ашиглах зэргийг илүү гүнзгий ойлгуулахын тулд засгийн газрын бүх түвшин, нийгмийн бүлэгүүд, төрийн бус байгууллагууд болон газар эзэмшигчдийн хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх.

г) Талууд нь Конвенцийн Талууд болох нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд ялангуяа, ядуу буурай орнуудын онцгой хэрэгцээ, нөхцөл байдлыг бүрэн хэмжээнд харгалзаж үзэх.

ХОЁРДУГААР ХЭСЭГ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

4 дүгээр зүйл

Нийтлэг үүрэг

1. Талууд энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ дангаараа буюу хамтран эсвэл одоогийн болон хойшдын хоёр болон олон талын зохицуулалтуудын хүрээнд буюу тэдгээрийг хослуулан хэрэгжүүлэх бөгөөд тэгэхдээ хүчин чармайлтыг зохих ёсоор уялдуулах хэрэгцээ байгааг онцлон үзэж, бүхий л түвшинд урт хугацааны уялдаа холбоотой бодлого боловсруулахад анхаарна.

2. Талууд энэхүү Конвенцийн зорилгод хүрэхийг эрмэлзэн:

а) ган, цөлжилтийн явцад үүсэх физик, биологи, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах,

б) олон улс, бүс нутгийн холбогдох байгууллагуудын хүрээнд Конвенцийн Талууд, нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд тус дэм үзүүлэх, олон улсын эдийн засгийн тааламжтай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын худалдаа, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарах;

в) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад ядуурлыг арилгахад чиглэсэн бодлогыг нэгтгэх;

г) ган, цөлжилттэй тэмцэхтэй холбоотойгоор байгаль орчин ба газар, усны нөөцийг хамгаалах чиглэлээр нэрвэгдэж буй Талуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих;

д) дэд бүс, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх;

е) засгийн газар хоорондын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

ё) зохион багууллалтын мехнизмуудыг давхардуулахгүй байх зохих хэлбэрээр тодорхойлох;

ж) нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудад цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах явдалд санхүүгийн томоохон нөөц хөрөнгийг гүйлгээнд оруулж, шилжүүлэхэд одоо үйлчилж байгаа хоёр болон олон талын санхүүгийн механизм, зохицуулалтыг ашиглах явдлыг дэмжих.

3. Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд Конвенцийг хэрэгжүүлэхдээ туслалцаа авч болно.

5 дугаар зүйл

Нэрвэгдэж байгаа орнууд болох Талуудын хүлээх үүрэг

Нэрвэгдэж байгаа орнууд болох Талууд 4 дүгээр зүйлд заасан үүргээс гадна дараахь үүргийг нэмж хүлээнэ Үүнд:

а) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулахад нэн тэргүүний ач холбогдол өгч, өөрсдийн нөхцөл, бололцооныхоо хэрээр хангалттай хөрөнгө, нөөц гаргах;

б) тогтвортой хөгжлийн төлөвлөгөө буюу бодлогын хүрээнд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгч, бодлого, стратегиа боловсруулах;

в) цөлжилт үүсгэж буй шалтгааныг тодорхойлж, цөлжилтийн үйл явцад нөлөөлж байгаа нийгэм эдийн засгийн хүчин зүйлд онцгой анхаарал хандуулах;

г) орон нутгийн хүн амыг мэдээллээр хангах, тэднийг ялангуяа эмэгтэйчүүд, залуучуудыг төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд оролцуулахад нь дэмжлэг үзүүлэх;

д) одоо үйлчилж байгаа холбогдох хууль, тогтоомжийг бэхжүүлэх, тийм хууль тогтоомж байхгүй тохиолдолд шинээр санаачлан гаргах, урт хугацааны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг бий болгох тааламжтай орчин бүрдүүлэх.

6 дугаар зүйл

Хөгжингүй орнууд болох Талуудын хүлээх үүрэг

Хөгжингүй орнууд болох Талууд 4 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргүүдээс гадна дараахь үүргийг нэмж хүлээнэ. Үүнд:

а) Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах талаар нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд ялангуяа Африкийн болон буурай хөгжилтэй орнуудын тавьж буй хүчин чармайлтыг тохиролцсоны дагуу дангаараа болон хамтран идэвхтэй дэмжих;

б) Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд ялангуяа Африкийн орнуудын цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах талаар урт хугацааны төлөвлөгөө, стратегийг үр дүнтэйгээр боловсруулж хэрэгжүүлэхэд нь санхүүгийн томоохон эх үүсвэр болон бусад хэлбэрийн тусламж үзүүлэх;

в) 20 дугаар зүйлийн 2 б заалтын дагуу санхүүгийн шинэ, нэмэлт эх үүсвэрүүдийг дайчлахад нь туслах

г) хувийн сектор, төрийн бус байгууллага зэрэг бусад эх үүсвэрээс санхүүгийн нөөц боломжийг дайчлах явдлыг хөхиүлэн дэмжих;

д) Конвенцид нэгдэн орсон нэрвэгдэж буй орнууд- Конвенцийн Талууд ялангуяа хөгжиж байгаа орнуудад холбогдох технологи, мэдлэг, нау-хау-г олж авах боломж олгох, дэмжлэг үзүүлэх.

7 дугаар зүйл

Африкт тэргүүн зэргийн

анхаарал хандуулах

Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхдээ нэрвэгдэж буй Талууд болох Африкийн орнуудад тухайн бүс нутагт бүрэлдэн тогтсон онцгой байдлыг харгалзан тэргүүн зэргийн анхаарал тавих бөгөөд ингэхдээ бусад бүс нутгийн нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудыг анхаарлаасаа хөндийрүүлэхгүй байна.

8 дугаар зүйл

Бусад Конвенцитой холбогдох нь

1. Талууд энэхүү Конвенцийн хүрээнд болон Талуудын оролцогч Тал болсон олон улсын бусад холбогдох хэлэлцээрүүдийн, тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенци, Биологийн төрөл зүйлийн тухай Конвенцийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг гэрээ, хэлэлцээр бүрийн үйл ажиллагааг үр ашигтай байлгах зорилгоор, түүнчлэн тэдгээрт тавьж буй хүчин чармайлтыг давхардуулахгүйгээр уялдуулан зохицуулах явдлыг хөхиүлэн дэмжинэ. Талууд ялангуяа, судалгаа шинжилгээ явуулах, боловсон хүчин бэлтгэх, байнгын ажиглалт хийх, мэдээлэл цуглуулах, солилцох чиглэлээр тухайн хэлэлцээрүүдийн зорилгод хүрэхэд тус дөхөм болох хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх явдлыг хөхиүлэн дэмжинэ.

2. Энэхүү Конвенцийн заалтууд нь тухайн Талын хувьд энэ Конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө нэгдэн орсон хоёр талын, бүс нутгийн болон олон улсын аливаа гэрээ хэлэлцээрээр хүлээсэн эрх, үүргийг үл хөндөнө.

ГУРАВДУГААР ХЭСЭГ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН

АЖИЛЛАГАА, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

1 ДҮГЭЭР БҮЛЭГ: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

9 дүгээр зүйл

Үндсэн арга зам

1. Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болон нэрвэгдэж байгаа бусад Талууд 5 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ бүс нутгийнхаа хэмжээнд хэрэгжүүлэх хавсралтын хүрээнд буюу өөрөө хэлбэл үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг боловсруулах гэж байгаа тухайгаа Байнгын нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэж, цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах стратегийн үндсэн хэсэг болсон одоогоор амжилттай хэрэгжиж байгаа төлөвлөгөө, хөтөлбөрүүд, дэд болон бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд тулгуурлан үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг зохих ёсоор нь боловсруулан мэдээлж, хэрэгжүүлнэ. Эдгээр хөтөлбөрүүдийг газар дээр нь хэрэгжүүлэх явцад хуримтлуулсан туршлага, судалгааны ажлын үр дүнг үндэслэн олон нийтийн байнгын оролцоотойгоор боловсронгуй болгож, шинэчилж байна. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг бэлтгэх үйл явцыг тогтвортой хөгжлийн үндэсний бодлогыг томъёолох зэрэг бусад хүчин чармайлттай нягт уялдуулах ёстой.

2. Хөгжингүй орнууд болох Талууд 6 дугаар зүйлийн заалтын дагуу төрөл бүрийн туслалцаа үзүүлэхдээ нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд, ялангуяа Африкийн орнуудын үндэсний болоод дэд бүс, бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд шууд юмуу зохих олон талын байгууллагуудаар буюу аль алинаар нь дамжуулан дэмжлэг үзүүлэх явдлыг нэн тэргүүнд тавих ёстой.

3. Талууд НҮБ-ын төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөрүүд болон бусад холбогдох засгийн газар хоорондын байгууллага, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагууд өөрийн эрх хэмжээ, бололцооныхоо хэрээр үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах талаар хамтран ажиллах явдлыг хөхиүлэн дэмжих ёстой.

10 дугаар зүйл

Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр

1. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн зорилго нь цөлжилтөд хүргэж буй хүчин зүйлүүд, цөлжилттэй тэмцэх болон гангийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн практик арга хэмжээг тодорхойлоход оршино.

2. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрт засгийн газар болон орон нутгийн хүн амын бүлэглэл, газар ашиглагч нарын үүрэг, мөн одоо байгаа болон нэмж шаардагдах нөөцүүдийг тодруулан заана. Мөн:

а) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах урт хугацааны стратегийг тодорхойлох, тогтвортой хөгжлийн үндэсний бодлоготой уялдуулан, хэрэгжүүлэх асуудлыг онцлон авч үзнэ.

б) өөрчлөгдөж буй нөхцөл байдлын дагуу өөрчлөлт оруулж болох, орон нутгийн түвшинд нийгэм-эдийн засаг, биологи, геофизикийн зэрэг өөр өөр нөхцлийг шийдвэрлэхэд зохицохуйц уян хатан байна.

в) доройтоогүй буюу зөвхөн бага зэрэг доройтолд орсон газарт урьдчилан хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна.

г) гангаас урьдчилан сэргийлэх зорилгоор цаг уур, уур амьсгал, ус зүйн шинжилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэх.

д) хандивлагч байгууллагууд, бүх түвшний удирдлага, орон нутгийн хүн амын бүлэглэлийн хооронд түншлэлийн үзэл санаагаар хамтын ажиллагаа, зохицуулалтын бодлого явуулах бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх явдлыг дэмжих, орон нутгийн хүн амд зохих мэдээлэл, технологи олж авах боломж олгоно.

е) орон нутаг, үндэсний болон бүс нутгийн түвшинд бодлого боловсруулах, шийдвэр гаргах, үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийхэд нөөц ашиглагч нар түүний дотор төрийн бус байгууллагууд, орон нутгийн хүн ам, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, ялангуяа тариачид, малчид, тэдгээрийн төлөөллийн байгууллагуудыг оролцуулна.

ё) энэ ажлын явцын талаар хяналтын болон ажлын тайланг тогтмол бэлтгэж байх шаардлагатай.

3. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүдэд гангийн нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх дараахь арга хэмжээнүүдийн заримыг буюу бүгдийг нь багтаасан байж болно. Үүнд:

а) үндэсний болон орон нутгийн хүчин чадал мөн дэд бүс, бүс нутгийн хамтарсан тогтолцоо болон экологийн учир шалтгаанаар шилжин суурьшигчдад туслах механизмуудыг хамарсан, урьдчилан сэргийлэх мэдээллийн системүүдийг зохих ёсоор бий болгож бэхжүүлэх,

б) жил, улирал тутмын уур амьсгалын урьдчилсан төлөвийг харгалзан орон нутаг, үндэсний, дэд бүс, бүс нутгийн хэмжээний гантай тэмцэх тусгай төлөвлөгөөнүүд зэрэг гантай тэмцэх зохион байгуулалт, зохицуулалт түүнд бэлэн байх чадавхийг бэхжүүлэх,

в) ялангуяа хөдөө нутагт хадгалах, борлуулах байгууламж бүхий хүнсний аюулгүй байдлын тогтолцоог бий болгож бэхжүүлэх,

г) ганд амархан нэрвэгдэх газар нутгуудад орлого олох боломжийг хангасан амьжиргааг орлох төслүүдийг хэрэгжүүлэх

д) газар тариалан, мал аж ахуйг усжуулах хөтөлбөрийг боловсруулах.

4. Нэрвэгдэж буй орнууд болох Талууд тус бүрийн тодорхой нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг харгалзан үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүдэд нэрвэгдсэн газруудын цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөө болон түүнээс хүн амд учрах сөрөг нөлөөллийг бууруулах талаар дараахь тэргүүлэх чиглэлийн арга хэмжээнүүдийг тусгана. Тухайлбал ядуурлыг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хөтөлбөрийг өрөгжүүлэн бэхжүүлэх зорилгоор дотоодын эдийн засгийн орчинг сайжруулах, амжиргааны эх үүсвэрийг орлох хувилбаруудыг дэмжих; хүн ам хөдлөл зүй; байгалийн нөөцийн тогтвортой менежмент; хөдөө аж ахуйн тогтвортой арга ажиллагаа; эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглах; бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчин; байнгын ажиглалт, үнэлгээ хийх чадавхи түүний дотор ус, цаг уурын албад, үндэсний чадавхи, боловсрол, олон нийтийн сурталчилгааг сайжруулах зэрэг болно.

11 дүгээр зүйл

Дэд бүс ба бүс нутгийн үйл

ажиллагааны хөтөлбөр

Нэрвэгдэж буй орнууд болох Талууд үндэсний хөтөлбөрүүдийг бүс нутгийн холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэх хавсралт, дэд бүсийн ба бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу уялдуулах, үр ашгийн нь дээшлүүлэх талаар харилцан зөвлөлдөж хамтран ажиллана. 10 дугаар зүйлийн заалтуудыг дэд бүс, бүс нутгийн хөтөлбөрүүдэд зохих өөрчлөлттэйгээр (mutatis mutandis) хэрэглэнэ. Тийм хамтын ажиллагаанд хил дамжсан байгалийн нөөцийн тогтвортой менежмент, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа, холбогдох удирдан зохицуулах байгууллагыг бэхжүүлэх талаар тохиролцсон хамтын хөтөлбөрүүд байж болно.

12 дугаар зүйл

Олон улсын хамтын ажиллагаа

Нэрвэгдэж буй орнууд болох Талууд бусад Талуудын хамтаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран энэхүү Конвенцийг хэргэжүүлэх олон улсын таатай нөхцлийг бий болгох талаар хамтран ажиллана. Тийм хамтын ажиллагаа нь технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах, түгээх, санхүүгийн эх үүсвэр бий болгох зэрэг чиглэлийг хамрана.

13 дугаар зүйл

Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд

дэмжлэг үзүүлэх

1.9 дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд дараахь зүйлүүд орно. Үүнд:

а/ урт хугацааны зайлшгүй төлөвлөлт байдалтай үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжих санхүүгийн хамтын ажиллагаа

б/ амжилттай хэрэгжсэн туршилтын хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг тохирох газар нь дэлгэрүүлэхэд тус дэм үзүүлэх зорилгоор төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг орон нутгийн түвшинд дэмжлэг үзүүлэх илүү боломж олгох хамтын ажиллагааны механизмуудыг бий болгож ашиглах

в/ орон нутгийн хүн амын бүлэглэлийн түвшинд хүн амыг өргөнөөр татан оролцуулахад чиглэгдсэн туршилтын, нэг маягийн төслүүдийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэхэд уян хатан байдлыг нэмэгдүүлэх,

г/ хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хөтөлбөрүүдийг дэмжихэд чиглэсэн захиргааны бө төсвийн холбогдох журам гаргах

2. Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудад ийм дэмжлэг үзүүлэхдээ Талууд болох Африкийн орнууд ба буурай хөгжилтэй орнуудыг нэн тэргүүнд авч үзнэ.

14 дүгээр зүйл

Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах

хэрэгжүүлэх ажлыг зохицуулах

1. Талууд шууд буюу холбогдох Засгийн газар хоорондын байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх талаар хамтран ажиллана.

2. Талууд аливаа давхардлаас зайлсхийх, тусламжийн өгөөжийг дээд зэрэгт хүргэх, арга зам, үйл ажиллагааг уялдуулахын тулд хөгжингүй болон хөгжиж буй орнууд болох Талууд, холбогдох Засгийн газар хоорондын хийгээд төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь бүрэн уялдуулан зохицуулах үүднээс үндэсний болон орон нутгийн түвшинд ажил хэргийн механизмуудыг бүрдүүлнэ. Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудад нөөц ашиглалт, тусламжийн үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөр, энэ конвенцийн нэн тэргүүний ач холбогдолтой заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад илүү анхаарах болно.

15 дугаар зүйл

Бүс нутгуудад хэрэгжүүлэх хавсралтууд

Үйл ажиллагааны хөтөлбөрт орох элементүүдийг нэрвэгдэж буй орнууд болох Талууд болон бүс нутгийн нийгэм эдийн засаг, газар зүйн ба уур амьсгалын хүчин зүйлүүдийг харгалзан, тэдгээрийн хөгжлийн түвшинд нийцүүлэн сонгон авна. Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад баримтлах заавар, тодорхой дэд бүс, бүс нутагт зориулсан хөтөлбөрийн чиглэл, агуулга зэргийг бүс нутагт хэрэгжүүлэх хавсралтад тодорхойлж өгнө.

ХОЁРДУГААР БҮЛЭГ: ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНИКИЙН

ХАМТЫН АЖИЛЛАГАА

16 дугаар зүйл

Мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ

хийх, солилцох

Талууд өөрсдийн бололцоогоо харгалзан ган, цөлжилтийн явц, нөлөөг үнэлэх, тэдгээрийг илүү гүнзгий ойлгох, нэрвэгдсэн газар нутгуудад газрын доройтлын байдалд байнгын ажиглалт судалгаа явуулах зорилгоор урт, богино хугацааны холбогдох мэдээ, мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, солилцох ажлыг уялдуулах, нэгдмэл болгох талаар тохиролцоно. Үүний үр дүнд бүх түвшний ашиглагчид, ялангуяа орон нутгийн хүн амд хэрэглэхэд тохиромжтой хэлбэрээр уур амьсгалын хэлбэлзлийн тааламжгүй үеүүдийг урьдчилан мэдээлж сэрэмжлүүлэх, түүнд урьдаас бэлтгэх боломжтой болно. Энэ зорилгоор тэдгээр нь зохих ёсоор:

а) мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх, солилцох, мөн бүх түвшинд байнгын ажиглалт, судалгаа явуулах үүрэг бүхий байгууллага, албадын дэлхийн сүлжээний үйл ажиллагааг бэхжүүлэх, дэмжих тэдгээр нь тухайлбал:

i. жиших боломжтой норм, норматив, тогтолцоог хэрэглэхийг эрмэлзэх;

ii. алс бөглүү нутгууд дахь өртөө, харуул болон холбогдох мэдээнд анхаарал тавих;

iii. газрын доройтлын талаарх мэдээг үнэлэх, цуглуулах, дамжуулах орчин үеийн технологийг дэлгэрүүлэх, ашиглах;

iv. үндэсний, дэд бүсийн болон бүс нутгийн мэдээллийн төвүүдийг дэлхийн мэдээллийн эх үүсвэртэй нягт холбох;

б) онцгой асуудлуудыг шийдвэрлэх юмуу энэ үйл ажиллагаанд орон нутгийн үүсгэл санаачилгын байгууллагууд, шийдвэр гаргагч нарын хэрэгцээ шаардлагыг хангах талаар мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, солилцох явдлыг дэмжих;

в) физик, биологи, нийгэм-эдийн засгийн үзүүлэлтүүдийг багтаасан тоо баримт, мэдээлэл солилцоход чиглэсэн хоёр ба олон талын хөтөлбөр, төслүүдийг цаашид боловсруулж хэрэгжүүлэх явдлыг дэмжих;

г) зохих мэдээлэл, туршлагыг өөр өөр бүс нутгууд дахь ашиглагч нарын дунд дэлгэрүүлэх зорилгоор эрх бүхий засгийн газар хоорондын ба төрийн бус байгууллагуудын мэргэшлийг зохих ёсоор бүрэн дүүрэн ашиглах;

д) нийгэм-эдийн засгийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, солилцоход зохих анхаарал тавих, мөн тэдгээрийг физик, биологийн мэдээлэлтэй уялдуулах;

е) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахтай холбоотой нийтэд нээлттэй бүх эх сурвалжуудын мэдээллийг бүрэн дүүрэн нээлттэй байлгах, тэдгээрийг солилцох;

ё) дотоодын холбогдох хууль тогтоомж, бодлогын дагуу орон нутгийн уламжлалт мэдлэг, туршлагын тухай мэдээллийг солилцох, тэдгээрийг зохих ёсоор хамгаалах, мөн тэдгээрийг ашигласнаас үүдэн гарсан үр ашигийг тухайн орон нутгийн хүн амд эрх тэгш, харилцан тохиролцсоны үндсэн дээр хүртээх.

17 дугаар зүйл

Судалгаа ба боловсруулалт

1. Талууд өөрсдийнхөө боломжийг харгалзан үндэсний, дэд бүс, бүс нутаг, олон улсын байгууллагуудаар дамжуулан цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах салбар дахь шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг дэмжинэ. Энэ зорилгоор судалгаа шинжилгээний дараахь үйл ажиллагааг дэмжинэ:

а) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, мөн байгалийн нөөцийн менежмент, тэдгээрийг зүй зохистой ашиглах үүднээс ган, цөлжилтөд хүргэж байгаа үйл явц, хүний болоод байгалийн хүчин зүйлийн нөлөө, тэдгээрийн хоорондын ялгааны талаарх мэдлэгийг арвижуулахад хувь нэмэр оруулах;

б) нэрвэгдсэн нутаг орон, хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн зорилгод хариу өгөх, орон нутгийн хүн амын тодорхой хэрэгцээг хангах асуудлыг шийдвэрлэж чадах арга хэмжээнүүдийг тодруулж хэрэгжүүлэх;

в) дотоодын холбогдох хууль тогтоомж, бодлогын хүрээнд орон нутгийн ба уламжлалт мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг хамгаалах, баяжуулах, батлагаажуулах, эдгээр мэдлэг, туршлагын эзэд тэдгээрийн худалдсан юмуу ашиглан гаргаж авсан технологиос олсон үр ашгийг харилцан тохиролцсон, эрх тэгш үндсэн дээр шууд хүртэх нөхцлийг хангах;

г) Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудад, ялангуяа Африкт эрдэм шинжилгээний бааз муутай орнууд нийгэм-эдийн засгийн олон талт судалгаанд илүү анхаарал хандуулж, орон нутгийн ур чадварыг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх үндэсний, дэд бүсийн болон нутгийн эрдэм шинжилгээний чадавхийг бий болгож бэхжүүлэх;

д) цөлжилт, экологийн хүчин зүйлийн улмаас бий болсон ядуурал, шилжилт хөдөлгөөний хоорондын уялдаа холбоог авч үзэх;

е) орон нутгийн хүн ам, үүсгэл санаачилгын байгууллагуудын идэвхитэй оролцоотойгоор тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн боловсронгуй, хямд төсөр технологийг хөгжүүлэх талаар үндэсний, дэд бүсийн, бүс нутгийн ба олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан судалгааны хөтөлбөрүүдийг улсын болоод хувийн секторт хэрэгжүүлэх явдлыг дэмжих;

ё) үүлэнд зориудаар нөлөөлөх замаар нэрвэгдэж буй газар нутгууд дахь усны нөөцийг арвижуулах;

2. Орон нутгийн онцлог байдлыг тусгасан, тодорхой дэд бүс, бүс нутгуудад тэргүүн ээлжинд явуулах шинжилгээний ажлын чиглэлүүд нь үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд орсон байх ёстой. Талууд Бага хурал Шинжлэх ухаан, техникийн хорооны зөвлөснөөр тэргүүн ээлжинд явуулах эрдэм шинжилгээний ажлын чиглэлүүдийг тогтмол хэлэлцэн нягталж байна.

18 дугаар зүйл

Технологи боловсруулах, дамжуулах,

олж авах, нэвтрүүлэх

1. Талууд харилцан тохиролцсон болон дотоодын хууль тогтоомж, бодлогын дагуу нэрвэгдэж буй орнуудын тогтвортой хөгжилд тус дэм үзүүлэх зорилгоор, цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад тохирох, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд боломжтой, нийгэмд хэрэгцээтэй технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, олж авах, нэвтрүүлэх ажлыг санхүүжүүлэх асуудлыг хөнгөвчлөх, санхүүжүүлэхийг хөхиүлэн дэмжинэ. Тийм хамтын ажиллагаа нь засгийн газар хоорондын ба төрийн бус байгууллагын мэргэшлийг зохих ёсоор бүрэн ашиглах хоёр талын болон олон талын үйл ажиллагаагаар хэрэгжинэ.Үүний тулд Талууд:

а) үндэсний, дэд бүсийн, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд одоо хэрэглэж байгаа мэдээллийн тогтолцоо ба технологи, түүний байгаль орчинд үзүүлж болох сөрөг нөлөө, олж авах нөхцлийн талаар мэдээлэл түгээх механизмуудыг бүрэн ашиглах;

б) ялангуяа нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудад харилцан тохиролцсоны үндсэн дээр оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагыг харгалзан, хөнгөлөлт үзүүлэх, давуу байдал үзүүлэх зэрэг тааламжтай нөхцөлд тулгуурлан тухайн технологийн нийгэм, соёл, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөг онцгой анхаарч, орон нутгийн хүн амд онцгой хэрэгцээтэй, хэрэглэхэд хамгийн тохиромжтой технологийг олж авах боломжийг бүрдүүлэх;

в) нэрвэгдэж буй Талуудын хоорондын технологийн хамтын ажиллагааг санхүүгийн тусламж үзүүлэх болон бусад арга замаар хялбарчлах;

г) нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудтай хамтарсан үйлдвэр, ялангуяа амьжиргааг орлох хувилбар арга замыг дэмждэг салбарт техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;

д) оюуны өмчийн эрхийг зохих ёсоор хамгаалах арга хэмжээг оролцуулан тохирох технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг боловсруулах, дамжуулах, олж авах, нэвтрүүлэхэд тус дэм болох дотоодын зах зээлийн нөхцөл, санхүүгийн хөшүүргийг бий болгох талаар холбогдох арга хэмжээнүүдийг авах;

2. Талууд нөхцөл боломжоо харгалзан дотоодынхоо хууль тогтоомж, бодлогын дагуу холбогдох уламжлалт болон нутгийн технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг ашиглах, түүнийг дэмжих, хамгаалах талаар доорхи үүргийг хүлээнэ. Үүнд:

а) орон нутгийн хүн амын оролцоотойгоор тийм технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагаа, тэдгээрийг ашиглах боломжийн талаар бүртгэл хөтөлж, уг мэдээллийг холбогдох засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудтай хамтран түгээх;

б) тийм технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг зохих ёсоор хамгаалах арга хэмжээ авч тэдгээрийг боловсруулснаас юмуу худалдсанаас олсон аливаа ашгийг орон нутгийн ард түмэн эрх тэгш, харилцан тохиролцсоны үндсэн дээр шууд хүртэх боломжийг бүрдүүлэх;

в) тийм технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагаа болон тэдгээрийг ашиглан гаргаж авсан шинэ технологийг боловсронгуй болгох, дэлгэрүүлэх явдлыг идэвхтэй дэмжих;

г) тийм технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг амьдралд өргөн нэвтрүүлэх, тэдгээрийг орчин үеийн технологитой хослуулах явдлыг зохих ёсоор дэмжих.

3 ДУГААР БҮЛЭГ: ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ

19 дүгээр зүйл

Үндэсний чадавхийг бий болгох, боловсрол,

олон нийтийн сурталчилгаа

1. Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах хүчин чармайлтын хүрээнд орон нутагт бүтэц зохион байгуулалт бий болгох, сургалт явуулах, үндэсний болон нутгийн чадавхийг бэхжүүлэхийн чухлыг Талууд хүлээн зөвшөөрч байна. Тэд үндэсний чадавхийг бий болгох явдлыг зохих ёсоор дэмжихийн тулд:

а) орон нутгийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор бүхий л түвшинд ялангуяа орон нутгийн түвшинд нутгийн хүн амын дотор эмэгтэйчүүд, залуучуудыг бүрэн оролцуулах;

б) цөлжилт, гангийн талаар үндэснийхээ сургалт, эрдэм шинжилгээний чадавхийг бэхжүүлэх;

в) холбогдох арга, технологийг үр дүнтэй дэлгэрүүлэх ажлыг дэмжиж, өргөжүүлэх албадыг байгуулж бэхжүүлэх, хөдөө орон нутгийн байгууллага, хүмүүсийг байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалахад оролцуулах талаар сургах;

г) орон нутгийн ард түмний мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг дэлгэрүүлэх, түүнийг бололцоотой үед техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд ашиглах явдлыг дэмжих;

д) хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх байгаль орчинд ээлтэй уламжлалт арга технологийг орчин үеийн нийгэм-эдийн засгийн нөхцөл байдалд тохируулах;

е) модыг түлшинд хэрэглэх явдлыг багасгах зорилгоор эрчим хүчний орлуулах эх үүсвэрүүдийг, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах технологи нэвтрүүлэх, энэ талаар сургалт явуулах;

ё) нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд 16 дугаар зүйлд заасны дагуу мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, солилцох талаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтран ажиллах;

ж) шинээр ур чадвар эзэмшихэд сургах зэргээр амьжиргааг орлох эх үүсвэрийг шинэлэг арга замаар дэмжих;

з) шийдвэр гаргагчид, менежерүүд болон түүнчлэн ганг урьдчилан мэдээлэхэд шаардагдах мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийж түгээх болоод хүнсний үйлдвэрлэлийн асуудлыг хариуцсан хүмүүсийг сургах;

и) үндэснийхээ одоогийн бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчинг илүү үр дүнтэй ажилуулах, шаардлагатай бол стратеги төлөвлөлт, менежментийг бэхжүүлэх бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчинг шинээр бий болгох;

к) нэрвэгдэж буй орнууд болох Талуудын үндэсний чадавхийг урт хугацаанд харилцан суралцах, судлах үйл ажиллагаагаар бий болгох зорилгоор харилцан мэргэжилтэн солилцох арга хэмжээ авах.

2. нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд бусад Талууд, эрх бүхий Засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудтай хамтран үндэсний болоод орон нутгийн чадавхи, түүнийг бэхжүүлэх боломжийг бүх талаас нь хянан үзнэ.

3. Талууд энэхүү Конвенцийн зорилтыг биелүүлэхийн ач холбогдол, цөлжилт, гангийн шалтгаан, нөлөөний талаар олон нийтийн ойлголтыг сайжруулах зорилгоор Засгийн газар хоорондын эрх бүхий байгууллагуудаар дамжуулан өөр хоорондоо болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэрвэгдсэн хийгээд нэрвэгдээгүй Талуудын боловсрол, олон нийтийн сурталчилгааны хөтөлбөрийг дэмжих, хэрэгжүүлэх арга хэмжээг авна. Энэ зорилгоор тэд:

а) олон нийтэд сурталчлах компанит ажиллагаа явуулах;

б) олон нийт зохих мэдээллийг олж авах, түүнчлэн сургалт, сурталчилгааны арга хэмжээнд олон нийтийг өргөнөөр оролцуулах, тэдэнд холбогдох мэдээллийг олж авах боломж бий болгох явдлыг байнга дэмжих;

в) олон нийтийн сурталчилгаа явуулах холбоо байгуулах явдлыг хөхиүлэн дэмжих;

г) боловсрол, олон нийтийн сурталчилгааны материалыг аль болохоор нутгийн хэл дээр боловсруулж солилцох, нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудын боловсрол, олон нийтийн сурталчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүмүүсийг сургах мэрэгжилтнүүдийг томилон явуулах, солилцох, боловсролын талаар олон улсын эрх бүхий байгууллагуудад байгаа материалыг бүрэн ашиглах;

д) цөлжилтөд нэрвэгдэж байгаа газар нутгуудын боловсролын салбар дахь хэрэгцээнд үнэлэлт хийх, сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, цөлжилтөд нэрвэгдсэн газар нутгийн байгалийн нөөцийг тогтоох, хамгаалах, тогтвортой ашиглах, менежмент хийх талаар бүх нийтийн боловсролын болон насанд хүрэгчдийг ялангуяа эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах хөтөлбөрийг өргөжүүлэх;

е) ган, цөлжилтийн талаар олон нийтийн ойлголтыг сайжруулах үйл ажиллагааг боловсролын системд нэгтгэх, албан бус сургалт, насанд хүрэгчид, зайн болон дадлагын сургалтын хөтөлбөрүүдэд бүх салбар, хүмүүсийг оролцуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

4. Талуудын Бага хурал цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах бүс нутгийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээг байгуулж бэхжүүлнэ. Эрдэмтэд, техникийн ажилтнууд, менежерүүдийг сургах, нэрвэгдэж байгаа орнууд болох Талуудын сургалт, боловсролын байгууллагуудыг бэхжүүлэх, тэдгээрийн хооронд туршлага солилцуулах ажлыг зохион байгуулах, хөтөлбөрүүдийг уялдуулах үүднээс дээрх сүлжээнүүдийн үйл ажиллагааг энэ зорилгоор байгуулагдсан буюу томилогдсон байгууллагаас зохицуулна. Аливаа давхардал гаргуулахгүйн тулд эдгээр сүлжээнүүд холбогдох засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

20 дугаар зүйл

Санхүүгийн нөөц

1. Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд санхүүжилт гол ач холбогдолтой учир Талууд өөрсдийн нөөц бололцоогоо харгалзан цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах хөтөлбөрүүдээ санхүүгийн хүрэлцээтэй эх үүсвэрээр хангахад хүчин чармайлт гаргана.

2. Үүнтэй холбогдуулан хөгжингүй орнууд болох Талууд 7 дугаар зүйлд заасны дагуу нэрвэгдэж буй Африкийн орнууд болох Талуудыг тэргүүнд авч үзэхдээ бусад бүсүүд дэх нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудыг орхигдуулж болохгүй бөгөөд энэ талаар доорхи үүргийг хүлээнэ. Үүнд:

а) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж зэрэг санхүүгийн бодитой эх үүсвэрийг дайчлах;

б) Дэлхийн байгаль орчны санг байгуулах тухай баримт бичгийн холбогдох зүйл заалтын дагуу түүний дөрвөн гол салбарын цөлжилттэй холбоотой үйл ажиллагааны Дэлхийн байгаль орчны сангаас санхүүжүүлэх нэмэгдэл зардлын шинэ, нэмэлт санхүүжилтийг оролцуулан хүрэлцээтэй, цаг үеэ олсон, урьдаас мэдэж болох санхүүгийн эх үүсвэрүүдийг дайчлах;

в) олон улсын хамтын ажиллагааны шугамаар технологи, мэдлэг, ноу-хау нэвтрүүлэхийг хөнгөвчлөх;

г) Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудтай хамтран төрийн бус байгууллагууд, бусад хувийн секторын байгууллагуудаас олгож буй сангууд болон Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд, ялангуяа Африкийн орнуудын гадаад өрийн дарамтыг багасгах замаар санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, одоогийн өрийг барагдуулах тогтолцоо ба бусад шинэ хэрэгслүүдийг оролцуулан эх үүсвэрийг дайчлах, чиглүүлэх шинэ арга, хэрэгсэл, хөшүүргийг судлах.

3. Нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд өөрсдийнхөө нөөц бололцоог харгалзан, үндэснийхээ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн хүрэлцээтэй эх үүсвэрийг дайчилна.

4. Талууд санхүүгийн эх үүсвэрийг дайчлахдаа үндэсний, хоёр талын, олон талын бүхий л эх үүсвэрүүд, санхүүжүүлэх механизмуудыг бүрэн дүүрэн ашиглахыг эрмэлзэх ба харилцан буулт хийх, хамтарсан хөтөлбөрүүд, зэрэгцээ санхүүжилтийг ашиглан тэдгээрийг чанарын хувьд байнга боловсронгуй болгож байх, мөн түүнчлэн төрийн бус байгууллагууд болон хувийн сектороос санхүүжүүлэх механизм, эх үүсвэрүүдийг татан оролцуулахыг эрмэлзэнэ. Талууд энэ зорилгоор 14 дүгээр зүйлд заасны дагуу бий болгосон үйл ажиллагааны механизмуудыг бүрэн дүүрэн ашиглана.

5. Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг дайчлах зорилгоор Талууд:

а) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад зориулан урьд өмнө нь хуваарилсан нөөцийн ашиглалтын байдалд дүгнэлт өгөх, тэдгээрийг үр ашигтай ашиглахад саад болж байгаа зүйлийг арилгаж илүү үр ашигтай зарцуулах, шаардлагатай бол хөтөлбөрийг энэхүү Конвенцийн дагуу баталсан урт хугацааны хандлагад нийцүүлэн өөрчлөн чиглүүлэх замаар эх үүсвэрийн зохицуулалтыг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх;

б) олон талт санхүүгийн байгууллагууд, сангууд түүний дотор бүс нутгийн хөгжлийн банк, сангуудын удирдах байгууллагуудын хүрээнд нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд, ялангуяа Африкийн орнуудад Конвенцийг хэрэгжүүлэх хавсралтын хүрээнд явуулж байгаа үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч тэдний анхаарлыг хандуулах;

в) үндэсний түвшинд явуулж байгаа хүчин чармайлтыг дэмжихийн тулд бүсийн ба дэд бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлж болох замыг судлах.

6. Бусад Талуудаас цөлжилттэй тэмцэх талаар мэдлэг, ноу-хау, технологи болон санхүүгийн нөөцийг нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудад сайн дурын үндсэн дээр олгох явдлыг хөхиүлэн дэмжих.

7. Хөгжингүй орнууд болох Талууд Конвенциор хүлээсэн үүргээ тухайлбал, санхүүгийн нөөц, технологи нэвтрүүлэх талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх явдал нь нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд, ялангуяа Африкийн орнууд Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлэх болно. Хөгжингүй орнууд болох Талууд үүргээ биелүүлэхдээ нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд, ялангуяа Африкийн орнуудын хувьд нэн тэргүүний зорилт нь нийгэм-эдийн засгийн хөгжил, ядуурлыг устгах явдал болохыг харгалзан үзнэ.

21 дүгээр зүйл

Санхүүгийн механизм

1. Талуудын Бага хурал санхүүгийн механизмуудыг бий болгох ба Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд, ялангуяа Африкийн орнуудад зориулж санхүүгийн нөөцийг дээд зэргээр бий болгох механизмуудыг хөхиүлэн дэмжинэ. Үүний тулд Талуудын Бага хурал дараахь бодлого, арга замыг хэлэлцэн батална. Үүнд:

а) Конвенцийн холбогдох заалтуудыг биелүүлэх үйл ажиллагаанд зориулж үндэсний, дэд бүсийн, бүс нутгийн, дэлхийн нийтийн хэмжээнд хэрэгцээтэй санхүүгийн нөөцөөр хангахад тус дэм үзүүлэх;

б) санхүүжилтийн олон тооны эх үүсвэрүүдийг ашиглах, түүнчлэн 20 дугаар зүйлийн дагуу тэдгээрт үнэлэлт өгөх явдлыг авч үзсэн арга зам, механизм, зохицуулалтуудыг хөхиүлэн дэмжих;

в) сонирхогч Талууд, холбогдох засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудад тогтмол байгаа сангийн эх үүсвэрийн тухай тэрчлэн тэдгээрийн хоорондын зохицуулалтыг хөхиүлэн дэмжих зорилго бүхий санхүүжилтийн нөхцөлийн тухай мэдээллийг тогтмол өгч байх;

г) нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудын орон нутагт санхүүгийн нөөцүүдийг үр ашигтай шуурхай чиглүүлэхийн тулд төрийн бус байгууллагуудыг оролцуулсан механизмуудыг багтаан цөлжилттэй тэмцэх зорилго бүхий үндэсний сан зэрэг механизм байгуулахыг зохих тус дөхөм үзүүлэх, болон;

д) дэд бүс, бүс нутгийн түвшинд, ялангуяа Африкт, Конвенцийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй дэмжих явдлыг хангахын тулд одоо байгаа сангууд болон санхүүгийн механизмуудыг бэхжүүлнэ.

2. Талуудын Бага хурал Нэгдсэн Үндэстний байгууллагын системийн төрөл бүрийн механизмуудын хүрээнд болон олон талт санхүүгийн байгууллагаар дамжуулан нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудад Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх боломж олгох үйл ажиллагааг үндэсний, дэд бүсийн болон бүс нутгийн түвшинд хөхиүлэн дэмжинэ.

3. нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд шаардлагатай тохиолдолд одоо байгаа санхүүгийн бүх нөөцийг үр дүнтэй ашиглах явдлыг хангахуйц үндэсний хөгжлийн хөтөлбөрүүдэд багтсан, үндэсний зохицуулагч механизмуудыг бий болгон бэхжүүлж ашиглана. Тэдгээр нь хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх, орон нутгийн хэсэг бүлгүүд санхүүгийн нөөцийг олж авах явдлыг хангахад төрийн бус байгууллагууд, орон нутгийн хэсэг бүлгүүд, хувийн секторыг аль болохоор татан оролцуулна. Тусламж үзүүлж байгаа тэдгээр Талуудын илүү үр дүнтэй зохицуулалт, хөтөлбөрийн тусламжтайгаар эдгээр үйл ажиллагааг улам сайжруулж болно.

4. Одоо байгаа санхүүгийн механизмуудын үр дүн, өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талуудад технологийг буцалтгүй буюу хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлэх явдлыг багтаан санхүүгийн ихээхэн үүсвэрийг чиглүүлэх, дайчлахад хүргэх арга хэмжээнүүдэд тус дэм болох Дэлхийн нийтийн механизмыг энэхүү зүйлээр байгуулав. Дэлхий нийтийн механизм нь Талуудын Бага хурлын эрх, удирдлаган дор үүргээ гүйцэтгэх бөгөөд түүний өмнө тайлагнана.

5. Дэлхийн нийтийн механизмын үүргийг хүлээсэн байгууллагыг Талуудын Бага хурал анхныхаа ээлжит хуралдаанаар тодорхойлно. Талуудын Бага хурал болон Дэлхий нийтийн механизмын үүргийг хүлээж байгаа байгууллага хамтран гүйцэтгэх нөхцлүүдийг тохиролцох бөгөөд тэрхүү механизм нь тухайлбал:

а) Конвенцийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа холбогдох хоёр ба олон талын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг тодорхойлж бүртгэл хийх;

б) санхүүгийн шинэлэг аргууд, санхүүгийн тусламжийн эх үүсвэр, үндэсний түвшин дэх хамтын ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хүсэлт гаргасан Талуудад зөвлөлгөө өгөх;

в) сонирхогч Талууд, холбогдох засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудад бэлэн байгаа санхүүгийн эх үүсвэр, санхүүжилтийн хэлбэрийн тухай тэдгээрийн хоорондын зохицуулалтыг боловсронгуй болгоход туслах зорилгоор мэдээлэл өгөх;

г) Талуудын Бага хуралд түүний ээлжит хоёрдугаар хуралдаанаас эхлэн үйл ажиллагааныхаа тухай тайланг илтгэх.

6. Талуудын Бага хурал анхныхаа хуралдаанаар одоо байгаа төсөв ба хүний нөөцөд тулгуурлан Дэлхий нийтийн механизмыг хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэсэн байгууллагатай тухайн механизмын захиргааны үйл ажиллагааны зохих зохицуулалтыг хийнэ.

7. Талуудын Бага хурал ээлжит гуравдугаар хуралдаанаараа 7 дугаар зүйлийн заалтыг харгалзан 4 дүгээр заалтын дагуу түүний өмнө тайлагнах ёстой Дэлхий нийтийн механизмын бодлого, үйл ажиллагаа болон түүний арга барилыг авч хэлэлцэнэ. Энэ хэлэлцүүлгийн үндсэн дээр зохих арга хэмжээ авна.

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ

УДИРДАХ БАЙГУУЛЛАГА

22 дугаар зүйл

Талуудын Бага хурал

1. Үүгээр Талуудын Бага хурлыг үүсгэн байгуулна.

2. Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн дээд байгууллага мөн. Талуудын Бага хурал нь өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргана. Тухайлбал:

а) Конвенцийн биелэлт болон, үндэсний, дэд бүсийн ба бүс нутгийн, олон улсын түвшинд мөн түүнчлэн шинжлэх ухаан техник, технологийн мэдлэгийн хөгжлийн үндсэн дээр буй болж хуримтлагдсан туршлагын удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагааны талаарх тоймыг тогтмол хянаж хэлэлцэнэ,

б) Талуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг солилцох явдлыг дэмжиж, туслалцаа үзүүлэх, 26 дугаар зүйлийн заалтын дагуу мэдээлэл өгөх хэлбэр, хуваарийг тодорхойлох ба илтгэлүүдийг хянан үзэж, зөвлөмж гаргана,

в) Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн туслах байгууллагуудыг байгуулна,

г) туслах байгууллагуудын илтгэлүүдийг хэлэлцэж, тэдгээрийн үйл ажиллагааг удирдана,

д) өөрийн болон бусад бүх туслах байгууллагуудын үйл ажиллагааны болон санхүүгийн дүрмийг зөвшилцөх журмаар гаргана,

е) 30, 31 дүгээр заалтын дагуу Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулна,

ё) өөрийнхөө болон туслах байгууллагуудынхаа үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг баталж, тэдгээрийг санхүүжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авна,

з) шаардлагатай тохиолдолд үндэсний болон олон улсын, засгийн газар хоорондын болон төрийн бус эрх бүхий байгууллага буюу албадаас үзүүлсэн тусламж, өгсөн мэдээлийг ашиглаж тэдэнтэй хамтран ажиллана.

и) өөр бусад холбогдох Конвенциудтай үйл ажиллагаагаа давхцуулахгүйгээр уялдаа холбоогоо бэхжүүлэх, дэмжих.

й) түүнчлэн Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох бусад үүргийг гүйцэтгэнэ.

3. Энэ Конвенцийн шийдвэр гаргах журамд хамрагдаагүй асуудлаар шийдвэр гаргах журмыг багтаасан өөрийн үйл ажиллагааны дүрмийг Талуудын Бага хурал анхныхаа хуралдаанаар зөвшилцөх журмаар батална. Энэхүү дүрэмд тодорхой шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай олонхийн тоог тодорхойлж болно.

4. 36 дугаар зүйлд дурдсанаар Талуудын Бага хурлын анхны хуралдааныг Түр нарийн бичгийн даргын газар Конвенци хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн дотор зарлан хуралдуулна. Талуудын Бага хурлаас өөрөөр шийдээгүй бол хоёр, гурав, дөрөвдүгээр ээлжит хуралдааныг жил бүр, үүнээс хойшхи хуралдааныг хоёр жилд нэг удаа зохион байгуулна.

5. Талуудын Бага хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулахыг Талуудын Бага хурлын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн буюу Талуудын аль нэг нь бичгээр Байнгын Нарийн бичгийн дарга нарын газарт хүсэлт гаргаж, тус газраас Талуудад энэ тухай мэдээлснээс хойш гурван сарын дараа Талуудын гуравны нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд хуралдуулна.

6. Талуудын Бага хурлын ээлжит хуралдаан бүр дээр Тэргүүлэгчдийг сонгоно. Тэргүүлэгчдийн бүтэц, үүрэг нь дүрмээр тодорхойлогдоно. Тэргүүлэгчдийг томилохдоо газарзүйн тэгш хуваарилалтыг харгалзах, мөн ган болон цөлжилтөд нэрвэгдэж байгаа орнууд болох Талууд, ялангуяа Африкийн орнуудын хангалттай төлөөллийг оруулахад зохих анхаарал тавина.

7. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд, түүнчлэн энэхүү Конвенцийн Тал биш эдгээр байгууллагуудын гишүүн аль ч улс буюу ажиглагч Талуудын Бага хурлын хуралдаанд ажиглагчаар оролцож болно. Мөн Конвенцид хамаарах асуудлаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Талуудын Бага хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ Байнгын Нарийн бичгийн дарга нарын газарт тавьсан үндэсний болон олон улсын, засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллага буюу албыг оролцож буй Талуудын гуравны нэгээс багагүй нь дэмжсэн тохиолдолд Талуудын Бага хуралд оролцуулж болно..Ажиглагчдыг оролцуулах асуудал Талуудын Бага хурлаас баталсан дүрмээр зохицуулагдана.

8. Талуудын Бага хурал нь 16 дугаар зүйлийн ё, 17 дугаар зүйлийн 1в, 18 дугаар зүйлийн 2б заалтад тус тус хамаарах асуудлаар эрх бүхий үндэсний болон олон улсын мэргэшсэн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт гаргаж болно.

23 дугаар зүйл

Байнгын Нарийн бичгийн

дарга нарын газар

1. Байнгын Нарийн бичгийн дарга нарын газрыг үүгээр үүсгэн байгуулав.

2. Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ:

а) Талуудын Бага хурлыг болон Конвенцийн дагуу байгуулагдсан туслах байгууллагуудын хуралдааныг зохион байгуулах, тэдгээрт шаардлагатай үйлчилгээ үзүүлэх,

б) түүнд ирүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн танилцуулах.

в) нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнууд болох Талууд ялангуяа Африкийн орнуудаас хүсэлт тавьсан тохиолдолд Конвенцийн дагуу шаардлагатай мэдээллийг нэгтгэх, ирүүлэхэд туслалцаа үзүүлэх;

г) өөрийнхөө үйл ажиллагааг бусад холбогдох олон улсын байгууллага, Конвенциудын Нарийн бичгийн дарга нарын газруудтай зохицуулах;

д) Үүргээ үр дүнтэй биелүүлэхэд нь шаардагдах захиргааны болон гэрээт тохиролцоог Талуудын Бага хурлын ерөнхий чиглэлийн дор байгуулах.

е) Энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай илтгэл бэлтгэж, Талуудын Бага хуралд оруулах.

ё) Талуудын Бага хурлаас тодорхойлж болох нарийн бичгийн дарга нарын газрын бусад үүргийг гүйцэтгэнэ.

3. Талуудын Бага хурал анхныхаа Хуралдаанаараа Байнгын Нарийн бичгийн дарга нарын газрыг томилж, түүний үйл ажиллагаанд зохицуулалт хийнэ.

24 дүгээр зүйл

Шинжлэх ухаан, техникийн хороо

1. Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахтай холбогдсон шинжлэх ухаан, техникийн асуудлаар Талуудын Бага хурал болон түүний туслах багууллагад мэдээлэл, зөвлөмж өгч байх зорилгоор Шинжлэх ухаан, техникийн хороог байгуулав. Энэхүү хорооны хуралдаан нь Талуудын Бага хурлын ээлжит хуралдаантай зэрэг хуралдах ба олон салбарыг хамарсан байх бөгөөд бүх Талуудад оролцох бололцоо олгоно. Түүний бүрэлдэхүүнд Засгийн газруудын зохих салбарт мэргэшсэн төлөөлөгчид оролцоно. Талуудын Бага хурал анхныхаа хуралдаанаар Хорооны дотоод журмыг шийдвэрлэнэ.

2. Талуудын Бага хурал холбогдох салбаруудад мэдлэг, туршлагатай бие даасан мэрэгжилтэн, шинжээчдийн тоо, бүртгэлийг хөтөлнө. Энэ бүртгэлийг олон салбарыг төлөөлж чадах, газар зүйн өргөн төлөөллийг хамруулах шаардлагыг харгалзан Талуудаас ирүүлсэн нэр дэвшигчдэд үндэслэн гаргана.

3. Талуудын Бага хурал шаардлагатай гэж үзвэл Талуудын Бага хуралд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах асуудалд хамаарах шинжлэх ухаан, техникийн мэдлэгийн салбаруудын өнөөгийн байдлын талаарх тодорхой мэдээлэл, зөвлөмжийг Хороогоор дамжуулан өгөх түр комиссыг томилж болно. Энэ комисс нь мэдлэгийн олон салбар, газар зүйн өргөн төлөөллийг зайлшгүй тооцсон бүртгэлд орсон шинжээчдээс бүрдэнэ. Эдгээр шинжээчид орон нутагтаа эрдэм шинжилгээний болон практик ажлын туршлагатай байх бөгөөд Хорооны зөвлөмжийн дагуу Талуудын Бага хурлаас томилно. Талуудын Бага хурлаас комиссын дотоод журам, ажиллах арга барилын талаар шийдвэр гаргана.

25 дугаар зүйл

Удирдах байгууллага, албад ба байгууллагуудын

сүлжээ байгуулах

1. Шинжлэх ухаан, техникийн хороо Талуудын Бага хурлын удирдлагын дор сүлжээнд хамрагдах хүсэлтэй одоо байгаа сүлжээ, байгууллага, албадыг судалж үнэлэлт дүгнэлт өгнө. Ийм сүлжээ байгуулснаар Конвенцийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно.

2. 1 дүгээр заалтад дурьдсан судалгаа, дүгнэлтийн үндсэн дээр Шинжлэх ухаан, техникийн хороо орон нутаг, үндэсний болон бусад түвшинд Конвенцийн 16-19 дүгээр зүйлүүдэд заасан сэдэвчилсэн шаардлагыг хангах зорилго бүхий сүлжээг байгуулах, бэхжүүлэхэд тус дэм болох арга замын талаар Талуудын Бага хуралд зөвлөмж өгнө.

3. Талуудын Бага хурал эдгээр зөвлөмжийг харгалзан үзээд:

а) сүлжээг бий болгоход хамгийн тохиромжтой үндэсний, дэд бүсийн, бүс нутгийн, олон улсын нэгж байгууллагыг тодорхойлж, тэдгээрт зориулсан үйл ажиллагааны журам, цагийн хуваарийг гаргаж, зөвлөмж болгох;

б) иймэрхүү сүлжээг бүх түвшинд бий болгон бэхжүүлэхэд тохиромжтой нэгж байгууллагыг тодорхойлох.

ТАВДУГААР ХЭСЭГ

ЖУРАМ

26 дугаар зүйл

Мэдээлэл авах

1. Талууд Байнгын Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан Талуудын Бага хуралд энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай илтгэлийг Бага хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулна. Талуудын Бага хурал тэдгээр илтгэлүүдийг бэлтгэх хэлбэр, хэлэлцүүлэх хуваарийг тогтооно.

2. Нэрвэгдэж байгаа орнууд болох Талууд 5 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс боловсруулсан стратегийн талаарх танилцуулга болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа мэдээллээр хангана.

3. Конвенцийн 9-15 дугаар зүйлийг хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэрвэгдэж байгаа орнууд болох Талууд эдгээр хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нарийвчилсан тайлбар ирүүлнэ

4. Нэрвэгдэж байгаа орнууд болох Талууд хэсэг бүлгээрээ дэд бүсийн ба бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ тухай хамтарсан мэдээллийг гарган ирүүлж болно.

5. Хөгжингүй орнууд болох Талууд нь үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд үзүүлсэн туслалцаа болон энэхүү Конвенцийн дагуу тэдгээрээс олгож байгаа болон олгох гэж байгаа санхүүгийн эх үүсвэрийн талаарх арга хэмжээний тухай илтгэлийг ирүүлнэ.

6. 1-4 дүгээр заалтын дагуу ирүүлсэн мэдээллийг Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар Талуудын Бага хуралд болон холбогдох туслах байгууллагуудад аль болох яаралтай хүргүүлнэ.

7. Талуудын Бага хурал нь нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнуудын хүсэлтээр энэхүү заалтын дагуу мэдээллийг бэлтгэж ирүүлэхэд нь техникийн болон санхүүгийн тусламж үзүүлэх, мөн түүнчлэн үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдсон техникийн ба санхүүгийн тусламжийн хэрэгцээг тодорхойлоход нь дэмжлэг үзүүлнэ.

27 дугаар зүйл

Хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэх

арга хэмжээ

Талуудын Бага хурал Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч болох асуудлыг шийдвэрлэх талаарх журам болон удирдлага зохицуулалтын механизмыг хэлэлцэж батална.

28 дугаар зүйл

Маргаан шийдвэрлэх

1. Талууд нь тэдгээрийн хооронд Конвенцийг хэрэглэх болон тайлбарлахтай холбогдон гарсан аливаа маргааныг хэлэлцээ хийх буюу өөрсдийн сонгон авсан бусад аргаар зүйгээр шийдвэрлэнэ.

2. Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах үед буюу түүнд нэгдэн орох, мөн түүнээс хойш ямар ч үед бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага биш аливаа Тал Конвенцийг хэрэглэх болон тайлбарлахтай холбогдсон ямар ч маргааны тухайд дор дурдсан шийдвэрлэх арга замын аль нэгийг буюу хоёуланг хүлээн зөвшөөрч буй бусад Талтай үүссэн маргаанаа шийдвэрлэхдээ заавал дагаж мөрдөнө гэдгээ Эх хадгалагчид ирүүлэх батламж бичигтээ мэдэгдэж болно. Үүнд:

(а) Талуудын Бага хурлаас хавсралтаар баталсан журмын дагуу аль болох богино хугацаанд арбитраар хянан хэлэлцүүлэх;

(б) Маргааныг Олон улсын шүүхэд шилжүүлэх;

3. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох Тал 2(а) заалтад дурдсан журмын дагуу явагдах арбитражийн хувьд дээрх мэдэгдлийг хийж болно;

4. Энэ зүйлийн 2 дугаар заалтын дагуу хийсэн мэдэгдэл нь түүнд заасан нөхцлийнхөө хугацаа дуустал буюу түүнийг цуцалсан талаар Эх хадгалагчид бичгээр мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр байна.

5. Мэдэгдлийн хугацаа дууссан, түүнийг цуцалсан буюу шинэ мэдэгдэл хийсэн зэрэг нь Талууд өөрөөр тохироогүй бол арбитраж буюу Олон улсын шүүхийн явцад нөлөөлөхгүй.

6. Хэрэв маргалдагч Талууд 2 дугаар заалтын дагуу буюу түүнд дурдсаны адил журмыг хүлээн аваагүй буюу хооронд нь маргаан байгаа гэдгийг нэг Тал нь нөгөө Талдаа мэдэгдсэнээс хойш 12 сарын дотор маргаанаа зохицуулж чадаагүй бол уг маргааныг аль нэг талын хүсэлтээр Талуудын Бага хурлаас хавсралтаар батлагдах журмын дагуу Эвлэрүүлэх комисст шилжүүлнэ.

29 дүгээр зүйл

Хавсралтын эрх зүйн байдал

1. Хавсралт нь энэхүү Конвенцийн салшгүй хэсэг бөгөөд хэрэв өөрөөр заагаагүй бол энэхүү Конвенциос иш татах нь мөн түүний хавсралтаас иш татаж байгаа хэрэг болно.

2. Талууд хавсралтын заалтуудад энэхүү Конвенцийн заалтуудаас урган гарч буй талуудын эрх, үүрэгт нийцсэн тайлбарыг өгнө.

30 дугаар зүйл

Конвенцийд нэмэлт өөрчлөлт оруулах

1. Аль ч Тал энэхүү Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал тавьж болно.

2. Энэхүү Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлтийг Талуудын Бага хурлын ээлжит хуралдаанаар батална. Нэмэлт өөрчлөлтийн тухай саналыг Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар уг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах хуралдаан болохоос 6 сараас доошгүй хугацааны өмнө Талуудад тараана.. Нэмэлт өөрчлөлтийн тухай саналыг Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар мөн Конвенцид гарын үсэг зурсан Талуудад хүргүүлнэ.

3. Талууд Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар зөвшилцөлд хүрэх хүчин чармайлт гаргана.. Хэрэв бүх арга зам барагдаж, зөвшилцөлд хүрч чадаагүй бол нэмэлт өөрчлөлтийг байлцан санал өгч буй Талуудын гуравны хоёр болох дийлэнх олонхийн саналаар батална. Батлагдсан нэмэлт өөрчлөлтийг Эх хадгалагч соёрхон батлуулах, хүлээн зөвшөөрүүлэх буюу батлуулахаар бүх Талд хүргүүлнэ.

4. Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай батламж бичгийг хадгалуулахаар Эх хадгалагчид өгнө. 3 дугаар зүйлийн дагуу баталсан нэмэлт өөрчлөлтийг түүнийг батлах үед байлцсан Талуудын наад зах нь гуравны хоёрын соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай батламж бичгийг Эх хадгалагчид хадгалуулсан өдрөөс хойш ер дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

5. Нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай батламж бичгээ Эх хадгалагчид хадгалуулахаар өгсөн бусад Талуудын хувьд уг нэмэлт өөрчлөлт хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш ер дэх өдөр хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

6. Энэхүү зүйл ба 31 дүгээр зүйлийн хувьд “Байлцан санал өгч буй Тал” гэдэг нь санал хураалтад оролцож дэмжиж байгаа буюу эсрэг санал өгч байгаа Талуудыг хэлнэ.

31 дүгээр зүйл

Хавсралтыг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах

1. Конвенцийн аливаа нэмэлт хавсралт болон түүнд оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг 30 дугаар зүйлд дурдсан Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу гүйцэтгэх бөгөөд бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх нэмэлт хавсралтыг батлах, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулахад энэ зүйлд заасны дагуу тухайн бүс нутгаас санал хураалтад байлцаж оролцсон Талуудын гуравны хоёрын саналыг авсан байх шаардлагатай. Эх хадгалагч хавсралтыг баталсан буюу түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай бүх Талуудад мэдээлнэ.

2. Бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх нэмэлт хавсралтууд, тэдгээрт оруулах нэмэлт өөрчлөлтүүдээс бусад 1 дүгээр заалтын дагуу баталсан аливаа хавсралт, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь Эх хадгалагчаас тэдгээр Талуудад тийм хавсралт буюу нэмэлт өөрчлөлтийг баталсан тухай мэдээлсэн өдрөөс хойш зургаан сарын дараа тухайн хавсралт болон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухайгаа Эх хадгалагчид дээрх хугацааны дотор бичгээр мэдэгдсэн Талуудаас бусад бүх Талуудын хувьд хүчин төгөлдөр болно. Тухайн хавсралт болон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай мэдэгдлээ цуцалж байгаа Талуудын хувьд уг мэдэгдлээ Эх хадгалагчид хадгалуулснаас хойш ер дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

3. 1 дүгээр заалтын дагуу хүлээн зөвшөөрсөн бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх аливаа нэмэлт хавсралт буюу түүнд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь бүх Талуудын хувьд Эх хадгалагчаас тэдгээр Талуудад уг хавсралт буюу нэмэлт өөрчлөлтийг баталсан тухай мэдэгдлийг явуулснаас хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно. Энэ нөхцөл доорхи Талуудад үл хамаарна. Үүнд:

а) Бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх нэмэлт хавсралт буюу түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа зургаан сарын хугацаанд Эх хадгалагчид бичгээр мэдэгдсэн аливаа Талууд болон уг хавсралт буюу засварыг хүлээн зөвшөөрөөгүй тухай мэдэгдлээ цуцалж байгаа Талуудын хувьд цуцалж байгаа мэдэгдлээ Эх хадгалагчид хадгалуулснаас хойш ер дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

б) 34 дүгээр зүйлийн 4 дүгээр заалтын дагуу бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх нэмэлт хавсралтууд буюу тэдгээрт оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдэгдэл өгсөн аль ч Талуудын хувьд уг хавсралт буюу нэмэлт өөрчлөлт нь тэдгээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай батламж бичгээ Эх хадгалагчид хадгалуулахаар өгснөөс хойш 90 дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

4. Хэрэв нэмэлт хавсралт буюу хавсралтад оруулах нэмэлт өөрчлөлт нь энэхүү Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой бол нэмэлт хавсралт буюу нэмэлт өөрчлөлт нь энэхүү Конвенцид оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох хүртэл хүчин төгөлдөр болохгүй.

32 дугаар зүйл

Санал өгөх эрх

1. Энэхүү Конвенцид оролцогч Тал бүр энэ зүйлийн 2 дугаар заалтад дурдсанаас бусад тохиолдолд нэг санал өгнө.

2. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь эрх хэмжээнийхээ асуудлаар санал өгөх эрхтэй бөгөөд саналын тоо нь түүний энэхүү Конвенцид оролцогч гишүүн улсууд болох Талуудын тоотой тэнцүү байна. Тийм байгууллага гишүүн аль нэг улс нь санал өгөх эрхээ эдлэхэд санал өгөхгүй, байгууллага нь санал өгөх эрхээ эдэлж байхад гишүүн улсууд нь санал өгөхгүй.

ЗУРГАДУГААР ХЭСЭГ

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД

33 дугаар зүйл

Гарын үсэг зурах

Энэхүү Конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагуудын Гишүүн орнууд, Олон улсын Шүүхийн Дүрмийн Талууд, түүнчлэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хувьд 1994 оны 10 дугаар сарын 14-15-нд Парис хотноо, үүнээс хойш 1995 оны 10 дугаар сарын 13 хүртэл Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.

34 дүгээр зүйл

Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох

1. Энэхүү Конвенцийг улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орно. Конвенц нь түүнд гарын үсэг зурах явдал хаагдсаны дараахь өдрөөс эхлэн нэгдэн ороход нээлттэй байна. Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орох тухай батламж бичгүүд нь Эх хадгалагчид хадгалагдана.

2. Аль ч гишүүн орон нь оролцогч Тал болоогүй байхад энэхүү Конвенцид оролцогч болж байгаа бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага Конвенцид заасан бүхий л үүргийг биелүүлнэ. Нэг буюу хэд хэдэн гишүүн орон нь Конвенцийн тал байх тийм байгууллагын хувьд Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх талаар хэн нь ямар хариуцлага хүлээх талаар байгууллага ба түүний гишүүн орнууд хэлэлцэн шийдвэрлэнэ. Байгууллага болон түүний гишүүн орнууд Конвенцийн дагуу эдлэх эрхээ давхардан хэрэгжүүлэхгүй.

3. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох батламж бичигтээ Конвенциор зохицуулагдах асуудлын талаар эдлэх эрх хэмжээнийхээ хүрээг заана. Байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд гарсан холбогдох өөрчлөлтийн талаар Эх хадгалагчид мэдээлж, тэр нь цааш Талуудад мэдэгдэнэ.

4. Аливаа тал Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох батламж бичигтээ түүнд хамаарах бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх аливаа нэмэлт хавсралт буюу бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх аливаа хавсралтад оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийн хувьд тэдгээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай батламж бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш хүчин төгөлдөр болно гэж мэдэгдэж болно.

35 дугаар зүйл

Түр зохицуулалт

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1992 оны 12 дугаар сарын 22-ны 47/188 тогтоолоор түр хугацаагаар байгууллагдсан Нарийн бичгийн дарга нарын газар нь 23 дугаар зүйлд заасан нарийн бичгийн дарга нарын үүргийг Талуудын Бага хурлын анхдугаар хуралдаан дуустал гүйцэтгэнэ.

36 дугаар зүйл

Хүчин төгөлдөр болох

1. Энэхүү Конвенц түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай 50 дахь батламж бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш 90 дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай 50 дахь батламж бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, баталж буюу нэгдэж байгаа улс орон, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд тухайн улс, байгууллага холбогдох батламж бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш 90 дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

3. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас хадгалуулахаар өгсөн аливаа батламж бичгийг 1, 2 дугаар заалтын зорилгын үүднээс тухайн байгууллагын гишүүн орнуудаас хадгалуулахаар өгсөн баримт бичгийн нэмэлт гэж үзэхгүй.

37 дугаар зүйл

Тайлбар

Энэхүү Конвенцид тайлбар хийж болохгүй.

38 дугаар зүйл

Конвенциос гарах

1. Тал нь энэхүү Конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жил өнгөрсний дараа Эх хадгалагчид бичгээр мэдэгдэл өгөх замаар Конвенциос гарч болно.

2. Эх хадгалагч гарах тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа буюу гарах мэдэгдэлд заасан хугацаа өнгөрсний дараа Конвенц тухайн талын хувьд үйлчлэхээ болино.

39 дүгээр зүйл

Эх хадгалагч

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн Эх хадгалагч байна.

40 дүгээр зүйл

Адил хүчинтэй эх бичвэрүүд

Энэхүү Конвенцийн англи, араб, испани, хятад, орос, франц хэлээр үйлдсэн, адил хүчинтэй эх бичвэрүүд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдана.

ДЭЭРХИЙГ НОТОЛЖ доор дурдсан нэр бүхий төлөөлөгчид бүрэн эрхийнхээ дагуу энэхүү Конвенцид гарын үсэг зурав.

Нэг мянга есөн зуун ерэн дөрвөн оны зургадугаар сарын арван долоонд Парис хотноо үйлдэв.

НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ

АФРИКИЙН БҮС НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАВСРАЛТ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ

ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү Хавсралтыг Талууд Африкт Конвенцийн дагуу тухайлбал түүний 7-р зүйлийн дагуу цөлжилттэй тэмцэх, хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт гангийн нөлөөг бууруулах зорилгоор хэрэглэнэ.

2 ДУГААР ЗҮЙЛ

ЗОРИЛГО

Африкийн улс үндэстэн, дэд бүс, бүс нутгийн түвшин дэх энэхүү Хавсралтын зорилго түүний нөхцөлүүд нь:

а) Конвенцийн зохих заалтын дагуу авах арга хэмжээ, тохиролцоо түүний дотор хөгжингүй орнууд болох Талуудын үзүүлж байгаа тусламжийн явц байдлыг тодорхойлох;

б) Африкийн онцгой нөхцлийг харгалзан Конвенцийг амьдралд үр ашигтай хэрэгжүүлэх явдлыг хангах;

в) Африкийн хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутгуудад цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахтай холбоотой үйл явц, арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх.

3 ДУГААР ЗҮЙЛ

АФРИКИЙН БҮС НУТГИЙН

ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу Талууд энэхүү Хавсралтыг хэрэгжүүлэхдээ Африкийн дор дурдсан онцгой нөхцлийг харгалзах үндсэн арга замыг баримтална. Үүнд:

а) хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутгуудын эзлэх хувь их;

б) цөлжилт ба байнга давтагдах гангийн аюулд нэрвэгдэж байгаа улс орон, хүн амын тоо их;

в) нэрвэгдэж буй далайд гарцгүй орон олон;

д) илүү ихээр нэрвэгдэж буй орнуудад ядуурал ихтэй, тэдгээрийн дийлэнхийг буурай хөгжилтэй орнууд эзэлж байгаа бөгөөд эдгээр орнуудад хөгжлийнхөө зорилтыг хэрэгжүүлэхийн тулд үлэмж хэмжээний тэтгэлэг, хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр гадны тусламж хэрэгцээтэй байгаа;

е) улам бүр доройтож, хувиран өөрчлөгдөж байгаа худалдааны нөхцөл, гадаад өр, улс төрийн тогтворгүй байдлын улмаас нийгэм-эдийн засгийн байдал хүндэрсэн, энэ нь дотроо болон бүс нутаг, олон улсын хэмжээнд шилжин нүүдэллэхэд хүргэж байгаа;

ё) хүн амын амжиргаа нь байгалийн баялагтай нягт хамааралтай бөгөөд хүн ам зүйн хандлага, технологийн суурь муу, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа үр ашиг муутай зэргээс байгалийн нөөцийг ноцтой доройтолд оруулж байгаа;

ж) бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүйн орчин хангалтгүй, дэд бүтцийн хөгжил сул дорой, шинжлэх ухаан, техник, боловсролын чадавхи муу зэргээс үндэсний чадавхийг үлэмж хэмжээгээр бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа;

з) цөлжилттэй тэмцэх болон гангийн нөлөөг бууруулах үйл ажиллагаа нь нэрвэгдэж буй Африкийн орнуудын үндэсний хөгжлийн нэн тэргүүний арга хэмжээнд голлох эзлэж байгаа зэрэг болно.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ

АФРИКИЙН ОРНУУД БОЛОХ ТАЛУУДЫН

ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, АМЛАЛТ

1. Африкийн орнууд болох Талууд өөрсдийн нөөц боломжийг харгалзан доорхи үүргийг хүлээнэ:

а) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах явдлыг ядуурлыг арилгахад чиглэсэн хүчин чармайлтынхаа хүрээнд нэг гол стратеги болгох;

б) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд харилцан сонирхолд үндэслэсэн эв нэгдэл, түншлэлийн үзэл санааг бий болгох үүднээс бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;

в) ган, цөлжилтийн асуудлыг эрхэлж буй байгууллага, албадыг боловсронгуй болгож бэхжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, нөөцийг илүү үр дүнтэй ашиглах явдлыг хангахын тулд бусад байгууллага, албадуудыг татан оролцуулах;

г) бүс нутгийн улс орнуудын хооронд холбогдох технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагааны талаар мэдээлэл солилцоход тус дөхөм үзүүлэх;

д) ган, цөлжилтөд нэрвэгдсэн газар нутгуудад гангийн нөлөөг бууруулах тусгай төлөвлөгөө боловсруулах.

2. нэрвэгдэж буй Африкийн орнууд болох Талууд Конвенцийн 4 ба 5 дугаар зүйлүүдэд дурдсан нийтлэг ба тодорхой үүргүүдийг биелүүлэхдээ дараахь зүйлсийг эрмэлзэнэ. Үүнд:

а) Ган, цөлжилтийн үзэгдэлтэй уялдуулан Африк дахь нэн тэргүүний зорилтууд, дотоодын нөхцөл боломжид нийцүүлэн өөрийнхөө үндэсний төсвөөс зохих санхүүгийн хуваарилалт хийх

б) төвлөрлийг задлах, нөөц эзэмших болон орон нутгийн хүн ам, бүлгүүдийн оролцоог өргөжүүлэхэд чиглэн явагдаж байгаа өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж бэхжүүлэх;

в) үндэсний шинэ, нэмэлт санхүүгийн нөөцийг илрүүлэх, ашиглах мөн түүнчлэн дотоодын санхүүгийн нөөцийг ашиглах зорилгоор одоогийн үндэсний чадавхи, механизмыг тэргүүн ээлжинд бэхжүүлэх.

5 ДУГААР ЗҮЙЛ

ХӨГЖИНГҮЙ ОРНУУД БОЛОХ ТАЛУУДЫН

ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, АМЛАЛТ

1. Хөгжингүй орнууд болох Талууд Конвенцийн 4, 6 ба 7 дугаар зүйлийн дагуу үүргээ биелүүлэхдээ нэрвэгдэж буй Африкийн орнууд болох Талуудад нэн тэргүүний анхаарал тавих бөгөөд энэ зорилгоор:

а) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад туслах, үүний тулд санхүүгийн болон бусад нөөцөөр хангах, түүнийг олж авах явдлыг хөнгөвчлөх, мөн түүнчлэн ядуурлыг арилгах чиг бодлогын нэг болгож үндэсний бодлогыг харгалзан, харилцан тохиролцох үндсэн дээр хүрээлэн буй орчинд тохирох холбогдох технологи, ноу-хауг олж авах, нэвтрүүлэх, дасан зохицуулах ажлыг дэмжих, санхүүжилт олгох явдлыг хөнгөвчилж дэмжлэг үзүүлнэ;

б) их хэмжээний эх үүсвэр олгох ажлыг үргэлжлүүлэх, цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад зориулан олгож буй нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх;

в) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах зорилгоор тэдний удирдлага, зохицуулалтын үндсийг бэхжүүлэх. Шинжлэх ухаан техникийн чадавхийг нэмэгдүүлэх, мэдээллийг цуглуулах, судалгаа шинжилгээ, боловсруулалтын ажлын дүн шинжилгээг сайжруулах боломжийг өргөжүүлэхэд тэдэнд тусламж үзүүлэх.

2. Талууд болох бусад орнууд сайн дурын үндсэн дээр нэрвэгдэж буй Африкийн орнууд болох Талуудад цөлжилттэй тэмцэхтэй нь холбогдуулан технологи, мэдлэг, ноу-хаугаар хангах буюу санхүүгийн эх үүсвэр гаргаж өгнө. Энэхүү мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг олон улсын хамтын ажиллагааны дагуу явуулна.

6 ДУГААР ЗҮЙЛ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭ

1. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр нь нэрвэгдэж буй Африкийн орнууд болох Талуудын тогтвортой хөгжлийн үндэсний бодлогыг боловсруулах ажлын гол, салшгүй хэсэг мөн.

2. Нутгийн хүн ам, бүлэглэлийг дээд зэргээр хамрах боломж олгох уян хатан төлөвлөлтийн бодлогыг боловсруулахын тулд зохих түвшний захиргааны байгууллага, нутгийн хүн ам, тэдгээрийн бүлэглэлүүд болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан заавар, зөвлөлгөө өгөх ажлыг өргөн хэрэгжүүлнэ. Тохиромжтой үед нэрвэгдэж буй Африкийн орнууд болох Талуудын хүсэлтээр энэхүү үйл явцад тусламж үзүүлэх асуудал эрхэлсэн хоёр болон олон талын албадыг татан оролцуулж болно.

7 ДУГААР ЗҮЙЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ

БЭЛТГЭХ ХУВААРЬ

Энэхүү Конвенцийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд нэрвэгдэж буй Африкийн орнууд болох Талууд тохиромжтой үед олон улсын хамтын нийгэмлэгийн бусад гишүүдтэй үндэсний, дэд бүс, бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг бэлтгэх тухай Конвенцийн заалтуудыг бололцооны хэрээр урьдчилан хэрэглэж болно.

8 ДУГААР ЗҮЙЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

1. Конвенцийн 10-р зүйлийн дагуу үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн ерөнхий стратеги нь цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах талаар хийх тэмцэл, ядуурлыг арилгах чиг бодлогын механизмд үндэслэсэн нэрвэгдэж буй нутгуудад хамаарах орон нутгийн хөгжлийн иж бүрэн хөтөлбөрт хүн амын оролцоог хангах механизмыг бий болгоход чиглэнэ. Эдгээр хөтөлбөр нь орон нутгийн засаг захиргааны чадавхийг бэхжүүлэх, нутгийн хүн ам, бүлэглэл, тэдний боловсрол, сургалтын асуудалд онцгой анхаарч, идэвхтэй оролцоог хангах, мэргэшсэн төрийн бус байгууллагуудыг ашиглах, төвлөрсөн бус засгийн газрын бүтцийг бэхжүүлэхэд чиглэсэн байна.

2. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр нь, дор дурдсан ерөнхий зүйлүүдийг агуулна:

а) Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхдээ

нийгэм-эдийн засаг, экологийн нөхцлийг харгалзан цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах салбарт хэрэглэж ирсэн өмнөх үеийн туршлагыг ашиглах;

б) Ган, цөлжилтөд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг тодруулах, бэлэн байгаа ба шаардлагатай нөөц боломжийг тодорхойлох, холбогдох бодлогыг боловсруулах, түүнчлэн эдгээр үзэгдэлтэй тэмцэх, нөлөөг нь бууруулахад зайлшгүй шаардлагатай удирдлага зохицуулалтын болон бусад арга хэмжээг авах;

в) эмэгтэйчүүд, тариаланчид, малчдыг оролцуулан нутгийн хүн ам, бүлэглэлийн оролцоог өргөтгөх тэдгээрт илүү өргөн эрх олгох.

3. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрт дараахь зүйлсийг зохих ёсоор тусгана. Үүнд:

а) ядуурлыг арилгах зорилго бүхий эдийн засгийн орчинг сайжруулах арга хэмжээ:

i. Орлогыг нэмэгдүүлэх, ажил эрхлэх боломжийг дээшлүүлэх, ялангуяа орон нутгийн хүн амын бүлэглэлийн үлэмж ядуу хэсэгт зориулан:

- хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх,

- орон нутгийн хэрэгцээнд тохирсон санхүүгийн хэрэгсэл буй болгох,

- хөдөө аж ахуй олон салбар, төрлийг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх,

- хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газруудыг бий болгох,

- хөдөө аж ахуйн буюу хөдөө аж ахуйн бүс аж ахуйтай хосолсон үйл ажиллагааны эдийн засгийн хэлбэрүүдийг хөгжүүлэх,

ii. Хөдөөгийн эдийн засгийн хөгжлийн урт хугацааны хэтийн боломжийг дээшлүүлэхэд доорхи зүйлийг бий болгох:

- урт хугацааны үр ашигтай хөрөнгө оруулалт ба үйлдвэрлэлийн хэрэгслийг олж авах явдлыг урамшуулах,

- өсөлтөнд нөлөөлөх татвар, үнэ болон худалдааны практик арга хэмжээ,

iii. Газрын нөөцөд хүн амын үзүүлэх дарамтыг бууруулах зорилгоор хүн амын шилжилт хөдөлгөөнд хамаарах арга хэмжээг тодорхойлох ба хэрэгжүүлэх,

iv. Ганд тэсвэртэй ургамал ашиглах, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хуурайвтар газрыг боловсруулах иж бүрэн системийг хэрэглэхэд тус дөхөм үзүүлэх,

б) Байгалийн нөөцийг хамгаалах талын арга хэмжээ:

i. Байгалийн нөөцийг иж бүрэн, үр ашигтай ашиглах явдлыг хангахад:

- хөдөө аж ахуй эдэлбэр газар, бэлчээр

- ургамлын нөмрөг, амьтны аймаг

- ой

- биологийн төрөл зүйл зэргийг хамруулах;

ii. Олон нийтийг мэдээллээр хангах, байгалийн нөөцийг зүй зохистой, үр ашигтай ашиглах арга замын тухай мэдлэгийг дэлгэрүүлэх болон хүрээлэн буй орчны талаар сургалт зохион байгуулах компанит ажил зохион байгуулах;

iii. Эрчим хүчний янз бүрийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглах, эзэмших явдлыг хангах, эрчим хүчний аль нэг эх үүсвэр, тухайлбал, нарны эрчим хүч, салхины эрчим хүч, биохийг ашиглахад тус төхөм үзүүлэх, мөн түүнчлэн байгалийн эмзэг нөөцөд учруулах дарамтыг бууруулах зорилгоор холбогдох технологийг олж авах, нэвтрүүлэх, дасан зохицуулах талаар тодорхой арга хэмжээ авах;

в) удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ:

i. Газар ашиглалтын төлөвлөлтийн бодлогын хүрээнд төв засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагын үүргийг тодорхойлох;

ii. Орон нутгийн байгууллагад захирах, захирамжлан зааварлах бүрэн эхийг шилжүүлэх зорилготой төвлөрлийг задлах идэвхтэй бодлогыг урамшуулах болон орон нутгийн хүн амын бүлэглэлийн идэвхи санаачлага гаргах, хариуцлагаа ухамсарлах, орон нутгийн бүтэц бий болгох явдлыг урамшуулах;

iii. Орон нутгийн хүн амын газар эзэмших эрхийг баталгаажуулах зорилгоор байгалийн нөөцийг ашиглах удирдлага зохицуулалт, журмын хүрээнд зохих засвар оруулах:

г) Цөлжилтийн үйл явцын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх арга хэмжээ:

i. Цөлжилтийн шинжлэх ухаан техник, нийгэм-эдийн засгийн талаарх шинжилгээ судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, солилцох явдлыг дэмжих;

ii. Судалгааны үр дүнг практик дээр илүү гүнзгий ойлгох, үр ашигтай хэрэглэх явдлыг хангахын тулд мэдээллийг шинжлэх, солилцох, цуглуулах, боловсруулах, судлах чиглэлээр үндэсний чадавхийг нэмэгдүүлэх; мөн

iii. Дунд болон урт хугацааны судалгааг хөхиүлэн дэмжих:

- нэрвэгдэж буй нутгууд дахь нийгэм эдийн засаг, соёлын чиг хандлага,

- байгалийн нөөцийн тоон болон чанарын чиг хандлага, мөн

- уур амьсгал, цөлжилтийн харилцан уялдаа, болон

д) гангийн уршиг, нөлөөний хяналт шинжилгээ (мониторинг), үнэлэлтийн талаарх арга хэмжээ:

i. бүс нутгийн ган, цөлжилтийн явцад уур амьсгалын хэвийн өөрчлөлтийн үзүүлэх нөлөөний үнэлэлтийн стратегийг боловсруулах буюу гангийн нөлөөг бууруулах үйл ажиллагаанд уур амьсгалын улирал, олон жилийн өөрчлөлтийн урьдчилсан мэдээг ашиглах;

ii. урьдчилан сэргийлэх, бэлтгэл арга хэмжээний тогтолцоог боловсронгуй болгох, яаралтай болон хүнс тэжээлийн тусламжийг үр ашигтай удирдан зохицуулах явдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, хуваарилах тогтолцоо, мал сүргийг хамгаалах инженер техникийн байгууламжийн тогтолцоо, мөн түүнчлэн ганд өртөмтгий газар нутгуудад амжиргааг орлох эх үүсвэрийг боловсронгуй болгох; болон

iii. илүү үр дүнтэй бодлого боловсруулах, хариу арга хэмжээг авахад нөөцийн доройтлын үйл явц, динамикийн талаар найдвартай бөгөөд цагаа олсон мэдээллээр хангахад тус дөхөм үзүүлэх зорилготой экологийн доройтлын хяналт шинжилгээ, (мониторинг) үнэлгээ хийх.

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БЭЛТГЭХ,

ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЯВЦЫГ ҮНЭЛЭХ ҮЗҮҮЛЭЛТ

Нэрвэгдэж буй Африкийн орон болох Талууд түүний үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дүгнэх, бэлтгэх ажлыг түргэтгэх үүрэг бүхий үндэсний зохицуулах байгууллагыг томилно. 3 дугаар зүйлийн дагуу энэхүү байгууллага нь:

а) хөгжингүй орнууд болох Талууд, засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудтай хамтран орон нутгийн хүн ам, бүлэглэлүүд, орон нутгийн захиргааны оролцоотойгоор үндсэний түвшинд хийсэн анхны зөвлөлгөөнийг үндэслэн орон нутаг заавар зөвөлгөө өгөх үйл ажиллагааг тодруулж хянан үзнэ.

б) хөгжил, газрын тогтвортой ашиглалтад сөрөг нөлөө үзүүлж, саатуулж буй хүчин зүйл, хэрэгцээ, дутагдлыг илрүүлж дүн шинжилгээ хийх, үр дүнд хүргэхэд чиглэсэн одоогийн арга хэмжээнүүдийг хамгийн зүй зохистой ашиглах замаар хүчин чармайлтын давхардлаас зайлсхийх арга хэмжээг санал болгоно.

в) нэрвэгдэж буй газар нутгийн хүн амын идэвхтэй оролцоог хангах, тийм үйл ажиллагааны сөрөг нөлөөг багасгах мөн санхүүгийн тусламж, техникийн хамтын ажиллагааг тодруулж хэрэгцээг нь тогтоохын тулд харилцан үйлчлэх, уян хатан арга дээр үндэслэсэн төслийн арга хэмжээг томъёолох, төлөвлөх, дэмжих

г) богино, дунд, урт хугацааны арга хэмжээнүүд болон тэдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцын үнэлгээ зэргийг авч үзсэн үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн агуулгад өгөх үнэлгээний дээрх үзүүлэлтүүдийг хялбархан шалгаж, тоон илэрхийлэл өгч чадах байдлаар тогтооно, мөн

д) үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн биелэлтийн явцын тухай илтгэл бэлтгэнэ.

10 ДУГААР ЗҮЙЛ

ДЭД БҮС НУТГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭ

1. Конвенцийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Африкийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд төв, дорнод, умард, өмнөд, баруун Африкт зориулсан үйл ажиллагааны дэд бүс нутгийн хөтөлбөрийг бэлтгэж, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах ба үүнтэй уялдан зохих дэд бүс нутгийн болон засгийн газар хоорондын байгууллагад дараахь үүргийг хариуцуулж болно. Үүнд:

а) дэд бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг бэлтгэх, хэрэгжүүлэх, зохицуулах асуудал эрхэлсэн төвийн үүргийг гүйцэтгэх;

б) үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг бэлтгэх ба хэрэгжүүлэхэд тусламж үзүүлэх,

в) мэдээлэл, туршлага, ноу-хау солилцох явдлыг зохион байгуулах, ба

г) дэд бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөртэй холбоотой бусад үүргүүд.

2. Дэд бүс нутгийн мэргэжлийн албадад хүсэлт гаргасны дагуу тэдгээрийн эрх мэдлийн хүрээний асуудлаарх үйл ажиллагааг зохицуулахад туслалцаа авж болох бөгөөд тэдгээр асуудлыг зохицуулах үүргийг хариуцуулж болно.

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ

АГУУЛГА БА ТҮҮНИЙГ БЭЛТГЭХ

Дэд бүс нутгийн түвшинд илүү үр дүнтэй шийдвэрлэж болох асуудлуудад дэд бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр чиглэгдэнэ. Дэд бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийтийн байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах механизмуудыг бий болгоно. Тийм механизмууд нь ган, цөлжилттэй холбоотой хил дамжсан асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэх ба үндэсний хөтөлбөрийг зохистой хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Дэд бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрт доорхи чиглэлүүдийг нэн тэргүүнд авч үзнэ. Үүнд:

а) Хил дамжсан байгалийн нөөцийг зохих хоёр болон олон талын механизмын тусламжтайгаар тогтвортой менежмэнт хийх хамтарсан хөтөлбөр;

б) эрчим хүчний ижил төстэй эх үүсвэрүүдийг ашиглах хөтөлбөрүүдийг зохицуулах;

в) Хортон болон ургамал, амьтны өвчинтэй тэмцэх тэднээс хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагаа;

г) дэд бүс нутгийн түвшинд илүү үр ашигтай хэрэгжүүлж байгаа буюу дэмжигдэж байгаа хүн амд боловсрол олгох, мэдээллээр хангах, чадавхийг нэмэгдүүлэх талын арга хэмжээнүүд;

д) шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа, тухайлбал уур амьсгал, цаг уур, ус зүйн мэдээллийг цуглуулах, үнэлэлт өгөх, мэдээлэл солилцох сүлжээг оролцуулах ба нэн тэргүүний судалгаа шинжилгээ, боловсруулалтын ажлыг тогтоох, хяналт тавих, зохицуулах;

е) экологийн нөхцөл байдлын улмаас бий болсон хүн амын шилжих хөдөлгөөнтэй холбогдсон асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг оролцуулан, гангийн нөлөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран төлөвлөх, урьдчилан мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх,

ё) ялангуяа нутгийн хүн ам ба бүлэглэлийн оролцоотойгоор туршлага солилцох боломжийг судлах, тухайлбал газар ашиглах арга ажиллагааг сайжруулах, зохих технологийг ашиглах талаар таатай нөхцлийг бүрдүүлэх;

ж) дэд бүс нутгуудын зохицуулалт, техникийн үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх, мөн түүнчлэн дэд бүс нутгийн төвүүд, албадыг бүрдүүлэх, бэхжүүлэх;

з) бүс нутгийн зах зээлийн зохицуулалт, нийтлэг дэд бүтцийг бүрдүүлэх арга хэмжээг оролцуулан нэрвэгдэж байгаа газар нутгууд, тэдгээрийн хүн амд нөлөөлж байгаа хулалдаа арилжаа зэрэг салбаруудад арга хэмжээг боловсруулах.

12 ДУГААР ЗҮЙЛ

БҮС НУТГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭ

1. 11 дүгээр зүйлийн дагуу Африкийн орнууд болох Талууд хамтран бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг бэлтгэх, хэрэгжүүлэх журмыг тодорхойлно.

2. Талууд нь Африкийн бүс нутгийн холбогдох албад, байгууллагуудад Африкийн орнууд болох Талуудад Конвенциос урган гарч байгаа үүргээ биелүүлэхэд нь туслах зорилгоор зохих дэмжлэг үзүүлж болно.

13 ДУГААР ЗҮЙЛ

БҮС НУТГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

Бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрт цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахтай холбоотой нэн тэргүүнд авч үзэх дор дурдсан арга хэмжээг оруулна.

а) Гог гол асуудлаар бүс нутгийн хэмжээний зөвшилцөөнд хүрэх, түүний дотор дэд бүс нутгийн байгууллагуудын хооронд байнга зөвлөлдөх зорилгоор бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг зохицуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;

б) бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой үйл ажиллагааны чадавхийг бий болгоход тус дөхөм үзүүлэх;

в) Конвенцийн 4 дүгээр зүйлийн 2 б заалтыг харгалзан нэрвэгдэж буй нутгуудад нөлөөлж байгаа дэлхий дахиныг хамарсан эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах явдлыг эрж хайх;

г) Африкийн нэрвэгдэж буй орнууд болох Талуудын хооронд болон тэдгээрийн зохих дэд бүсүүд, бусад нэрвэгдэж буй нутгуудтай мэдээлэл, арга зүй, техникийн ноу-хау, холбогдох туршлага солилцох явдлыг зохицуулах;

д) ялангуяа уур амьсгал, цаг уур, ус зүй, усны нөөц болон эрчим хүчний ижил төстэй эх үүсвэрүүдийг эзэмших салбарт шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;

е) дэд бүс нутаг, бүс нутгийн түвшинд шинжилгээ судалгааны үйл ажиллагааг зохицуулах, бүс нутгийн хэмжээнд тэргүүн ээлжинд авч үзэх шинжилгээ судалгаа, боловсруулалтын ажлыг тодорхойлох;

ё) байнгын ажиглалт, үнэлгээ болон мэдээлэл солилцох сүлжээний зохицуулалт хийх, мөн түүнчлэн тэдгээрийг дэлхийн сүлжээнд оруулах; болон

ж) Бүс нутаг, дэд бүс нутгийн гангаас урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоо болон онцгой нөхцөлд ажиллах төлөвлөгөөний үр ашгийг дээшлүүлэх, зохицуулах.

14 ДҮГЭЭР ЗҮЙЛ

САНХҮҮГИЙН НӨӨЦ

1. Конвенцийн 20 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын дагуу нэрвэгдэж буй Африкийн орнууд болох Талууд санхүүгийн нөөцийг ашиглахад тохиромжтой макро эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэхэд хүчин чармайлт тавих, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт зориулан төрийн бус байгууллагуудаар дамжуулан нөөцийг илүү үр ашигтай чиглүүлэх бодлого, журмыг боловсруулж,гаргана.

2. Конвенцийн 21 дүгээр зүйлийн 4, 5 дугаар заалтуудын дагуу Талууд одоо байгаа нөөцүүдийг үр дүнтэй ашиглах, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хөнгөвчлөх, шаардагдаж байгаа нөөцийг илрүүлэх зорилгоор үндэсний, дэд бүс, бүс нутгийн болон олон улсын түвшинд санхүүжүүлэх эх үүсвэрийн жагсаалт гаргах талаар тохиролцоно, Энэхүү жагсаалтыг байнга хянан үзэж шинэчилж байна.

3. Конвенцийн 7 дугаар зүйлийн дагуу хөгжингүй орнууд болох Талууд үлэмж хэмжээний нөөц, үүнээс илүү хэмжээний нөөцүүдийг үргэлжлүүлэн олгох, түүнчлэн 18 дугаар зүйлд заасан түншлэлийн тухай зохицуулалт, хэлэлцээрийн үндсэн дээр нэрвэгдэж буй Африкийн орнууд болох Талуудад бусад тусламжийн хэлбэрээр тухайлбал Конвенцийн 4 дүгээр зүйлийн 2 б заалтад нийцүүлэн өр төлбөр, олон улсын худалдаа, худалдааны хамаарах асуудлуудад анхаарлаа хандуулна.

15 ДУГААР ЗҮЙЛ

САНХҮҮГИЙН МЕХАНИЗМУУД

1. Тухайн бүс нутагт бий болоод байгаа онцгой нөхцөл байдалтай уялдуулан Конвенцийн 7 дугаар зүйлийн дагуу Талууд нь Конвенцийн 21 дүгээр зүйдийн 1 г ба 1 д заалтуудыг Африкт хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах бөгөөд тухайлбал:

а) цөлжилттэй тэмцэх үндэсний сан, санхүүгийн нөөцийг орон нутагт чиглүүлэх зэрэг механизмуудыг бий болгох явдлыг дэмжих; ба

б) дэд бүс, бүс нутгийн түвшинд одоо байгаа сангууд болон санхүүгийн механизмуудыг бэхжүүлэх;

2. Африкийн хөгжлийн банк, Африкийн хөгжлийн санг оролцуулан зохих бүс нутаг, дэд бүс нутгийн санхүүгийн албадуудын удирдлагын зөвлөлийн гишүүн болох Талууд нь Конвенцийн 20 ба 21 дүгээр зүйлүүдийн дагуу энэхүү хавсралтыг хэрэгжүүлэхэд тус дэмжлэг болох, эдгээр албадын үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгөх, анхаарахад чиглэсэн хүчин чармайлт тавина.

3. Талууд боломжийн хэрээр нэрвэгдэж буй Африкийн орнууд болох Талуудад хөрөнгө хэрэгсэл чиглүүлэх үр ашигтай үйл ажиллагаа явуулна.

16 ДУГААР ЗҮЙЛ

ТЕХНИКИЙН ТУСЛАМЖ БА

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Талууд өөрсдийнхөө нөөц боломжийг харгалзан Африкийн орнууд болох Талуудад үзүүлэх техникийн тусламжаа өргөжүүлэх, боловсронгуй арга хэмжээ авах, төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор тэдэнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний тулд, тухайлбал:

а) дэмжлэг туслалцааны зардлууд тухайлбал төслийг хамгийн үр ашигтай байхуйц нөхцлөөр хязгаарлагдсан үйл ажиллагааны зардлууд, ямарч тохиолдолд эдгээр зардал нь төслийн нийт зардлын зохих бага хувийг эзлэж байх ёстой.

б) төслийг төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэхэд юуны өмнө эрх бүхий үндэсний мэрэгжилтнүүдийг буюу шаардлагатай бол дэд бүсийн, бүс нутгийн хэмжээний мэрэгжилтнүүдийг ашиглах, мөн орон нутагт мэрэгжилтэн бэлтгэхэд анхаарах, ба

в) үр дүнтэй зохицуулах, менежмент хийх, мөн түүнчлэн үзүүлэх техникийн тусламжийг үр дүнтэй ашиглах.

17 ДУГААР ЗҮЙЛ

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ,

ХҮЛЭЭЖ АВАХ, ЗҮГШРҮҮЛЭХ, ОЛЖ АВАХ БОЛОМЖ

Талууд Конвенц дахь технологийг нэвтрүүлэх, олж авах, зүгшрүүлэх, гаргаж авах асуудлыг хөндсөн 18 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэхэд Африкийн орнууд болох Талуудад нэн тэргүүнд анхаарал тавих ба шаардлагатай үед цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах тэдний бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай шинжилгээ судалгаа, боловсруулалтын чадавхийг өргөжүүлэх, мэдээллийг цуглуулах, түгээх зорилгоор түншлэл, хамтын ажиллагааны шинэ маягийн загваруудыг тэдэнтэй хамтран боловсруулна.

18 ДУГААР ЗҮЙЛ

ЗОХИЦУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР

1. Африкийн орнууд болох Талууд үндэсний, дэд бүсийн, бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр бэлтгэх, хэлэлцэх, хэрэгжүүлэх явцад бусад Талууд, холбогдох засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудыг зохих ёсоор татан оролцуулж болно.

2. Тийм зохицуулалтын зорилго нь Конвенцийн заалтын дагуу санхүү, техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, түүнчлэн нөөцийг ашиглах, хуваарилах салбарт зайлшгүй хэрэгтэй залгамж чанарыг хангасан байхад оршино.

3. Африкийн орнууд болох Талууд үндэсний, дэд бүсийн болон бүс нутгийн түвшинд зөвлөлдөх ажлыг зохион байгуулна. Энэ зөвлөлдөөн нь:

а) үндэсний, дэд бүсийн болон бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр үндэслэсэн түншлэлийн талаарх гэрээ хэлэлцээрүүдийг хэлэлцэх, байгуулах уулзалт байх,

б) Африкийн орнууд болох Талууд болон хөтөлбөрийн зөвлөлдөх хэсгийн бусад гишүүдийн хувь нэмрийг тодорхойлох, мөн хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх шалгуураар хэлэлцээрүүд, тэдгээрийн зэрэглэлийг тодорхойлох, түүнчлэн хэрэгжүүлэх явцыг санхүүжүүлэх нөхцлийг авч үзнэ.

4. Байнгын нарийн бичгийн дарга нарын газар Африкийн орнууд болох Талуудын хүсэлтээр Конвенцийн 23 дугаар зүйлийг биелүүлэхийн тулд зөвлөлдөөний үндсэн дээр зохион байгуулалтын дараахь арга хэмжээг авна:

а) өөр адил төстэй арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан туршлага дээрээ үндэслэн зөвлөлдөх арга хэмжээг зохион байгуулахдаа хэрхэн үр дүнтэй хийх талаар мэдээлэл өгөх;

б) зөвлөлдөх уулзалт, түүний явцын талаар мэдээллийг хоёр болон олон талын зохих байгууллагуудад өгөх, тэдний идэвхтэй оролцоог дэмжих, болон

в) зөвлөлдөх арга хэмжээг зохион байгуулах, боловсронгуй болгох талаарх бусад мэдээлэл өгөх.

5. Дэд бүс, бүс нутгийн зохицуулах байгууллагууд нь:

а) түншлэлийн хэлэлцээрт зохих засвар оруулах талаар зөвлөх;

б) дэд бүс, бүс нутгийн батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, энэ асуудлаар илтгэл оруулах; ба

в) Африкийн орнууд болох Талуудын хоорондын үр ашигтай холбоо, хамтын ажиллагааг хангах;

6. Зөвлөлдөх арга хэмжээнд оролцох нь Засгийн газрууд, сонирхсон бүлэг хэсгүүд, хандивлагчид, холбогдох байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын сан, хөтөлбөрүүд, дэд бүс болон бүс нутгийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийн хувьд нээлттэй байна. Зөвлөлдөх хэсэг тус бүрт оролцогчид нь түүний үйл ажиллагаа, арга барилыг тодорхойлно.

7. Конвенцийн 14 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхийн тулд хөгжингүй орнууд болох Талууд нь өөрсдийнхөө санаачилгаар нэрвэгдэж буй Африкийн орнууд болох Талууд буюу зохих дэд бүс, бүс нутгийн байгууллагын хүсэлтээр үндэсний, дэд бүсийн, бүс нутгийн түвшинд болон өөр хооронд нь албан бус байдлаар зөвлөлгөө өгөх, зохицуулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай тусламжийн эрэлт хэрэгцээг үнэлэх, үндэсний, дэд бүс, бүс нутгийн зөвлөлдөөний явцад оролцож болно.

19 ДҮГЭЭР ЗҮЙЛ

ДАРААГИЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

1. Африкийн орнууд болох Талууд энэхүү Хавсралтад орсон дараагийн арга хэмжээний хэрэгжилтийг Конвенцийн дагуу дор дурдсан байдлаар явуулна:

а) үндэсний түвшинд бол нэрвэгдэж буй Африкийн орон болох Тал тус бүрийн хувьд тодорхойлогдсон 9 дүгээр зүйлд дурдсан үндэсний зохицуулах байгууллагын удирдлагын дор ажиллаж байгаа орон нутгийн хүн амын бүлэглэлийн төлөөлөгчдөөс бүрдсэн механизм;

б) дэд бүс нутгийн бол бүрэлдэхүүний, үйл ажиллагаа нь нэрвэгдэж буй Африкийн орон болох Талуудаар тодорхойлогдсон төрөл бүрийн салбарыг хамарсан шинжлэх ухаан техникийн зөвлөлдөх хороо;

в) бүс нутгийн түвшинд, Африкийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийг байгуулах тухай Гэрээний холбогдох заалтаар болон Африкийн шинжлэх ухаан техникийн зөвлөх хороогоор тодорхойлогдсон механизм.

ХОЁРДУГААР ХАВСРАЛТ

АЗИЙН БҮС НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАВСРАЛТ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ

ЗОРИЛГО

Энэхүү Хавсралтын зорилго нь Азийн бүс нутгийн онцлог нөхцлийг харгалзан тус бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талуудад Конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, удирдамж заавраар хангахад оршино.

2 ДУГААР ЗҮЙЛ

АЗИЙН БҮС НУТГИЙН ОНЦЛОГ БАЙДАЛ

Талууд, Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхдээ бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талуудын дор дурдсан онцлог байдлыг зохих ёсоор тооцож үзнэ:

а) эдгээр орнуудын нутаг дэвсгэрийн ихээхэн хувь нь ган, цөлжилтөд нэрвэгдсэн буюу эсвэл тэдгээрийн аюул заналын дор байгаа ба үүний зэрэгцээгээр эдгээр нутгууд нь уур амьсгал, газар зүй, газар ашиглалтын байдал, эдийн засгийн тогтолцооны хувьд огт харилцан адилгүй болно;

б) амжиргааны хэрэгслэлээ олж авахын тулд байгалийн нөөцийг эрчимтэй ашигладаг;

в) газрын доройтол, хомсхон усны нөөцийн ашиглалт эрчимжихэд хүргэж буй болон ядуурал өргөн тархахад шууд нөлөөлж байгаа үйлдвэрлэлийн тогтолцоотой;

г) дэлхийн эдийн засаг, нийгмийн байдалд үлэмж нөлөөлдөг ядуурал, хүнс тэжээлийн хомсдол, өвчлөл, хүнсний аюулгүй байдал, хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудалтай;

д) ган, цөлжилтийн асуудлыг улс үндэснийхээ хэмжээнд шийдвэрлэж чадах үндэсний чадавхи, удирдлага зохион байгуулалтын механизм нь сайжирч байгаа боловч шаардлагын хэмжээнд хүрээгүй;

е) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахтай холбоотойгоор тогтвортой хөгжилд хүрэхийн тулд олон улсын хамтын ажиллагаанд зайлшгүй оролцох шаардлагатай.

3 ДУГААР ЗҮЙЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭ

1. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүд нь бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талуудын тогтвортой хөгжлийн өргөн хүрээтэй үндэсний бодлогын салшгүй хэсэг мөн.

2. нэрвэгдэж буй орнууд болох Талууд зохих тохиолдолд 10 дугаар зүйлийн 2 е заалтыг онцгой анхааран, Конвенцийн 9-11 дүгээр зүйлүүдийн дагуу үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр боловсруулна. Нэрвэгдэж буй орон болох Талын хүсэлтээр зохих тохиолдолд хоёр болон олон талын хамтын ажиллагааны байгууллагууд энэ үйл явцад оролцож болно.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

1. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг бэлтгэх, хэрэгжүүлэхэд бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талуудын холбогдох нөхцөл, бодлогын дагуу дараахь арга хэмжээг авна. Үүнд:

а) үйл ажиллагааны хөтөлбөрийг бэлтгэх, зохицуулах, хэрэгжүүлэх ажлыг хариуцах байгууллагуудыг томилох;

б) орон нутгийн захиргааны байгууллагууд, зохих үндэсний ба төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны зөвлөлдөөний явцад орон нутгийн хүн амын бүлэглэлийг хамруулан нэрвэгдэж буй хүн амыг үндэсний хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, зохицуулахад татан оролцуулах;

в) цөлжилтийн шалтгаан, үр дагаврыг үнэлэх, нэн тэргүүнд арга хэмжээ хэрэгжүүлэх газар нутгийг тодорхойлох зорилгоор нэрвэгдэж буй нутгуудад хүрээлэн орчны байдалд дүн шинжилгээ хийх;

г) үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд чиг бодлого, авах арга хэмжээг боловсруулах зорилгоор нэрвэгдэж байгаа нутгийн хүн амын оролцоотойгоор цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах талаарх хуучин болон одоогийн хөтөлбөрүүдэд үнэлгээ, дүгнэлт хийх;

д) а, г заалтуудад заасан арга хэмжээг авсны үр дүнд авсан мэдээллийг үндэслэн техник, санхүүгийн хөтөлбөр боловсруулах;

е) үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг үнэлэх журам, шалгуурыг боловсруулж ашиглах;

ё) ус хуримтлуулах ай савуудыг иж бүрэн ашиглах, газар, хөрсний нөөцийг хамгаалах, усны нөөцийг үр ашигтайгаар хэрэглэж эзэмшихэд тус дөхөм үзүүлэх;

ж) ган, цөлжилтөд нэрвэгдэж байгаа газар нутгийн уур амьсгал, цаг уур, ус зүй, биологийн болон бусад хүчин зүйлүүдийн талаарх мэдээлэл, үнэлгээ, ажиглалт, урьдчилан сэрэмжлэх сүлжээг бэхжүүлэх буюу байгуулах мөн;

з) тэдгээрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжихэд чиглэсэн түншлэлийн үзэл санаа бүхий санхүү, техникийн тусламжийг хамруулсан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх

2. Конвенцийн 10 дугаар зүйлтэй уялдуулан үндэсний хөтөлбөрийн ерөнхий стратегийн гол байр суурь нь ядуурлыг арилгах чиг бодлогыг цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах хүчин чармайлттай нэгтгэх болон олон нийтийг оролцуулах механизм дээр үндэслэсэн нэрвэгдсэн газар нутгуудыг хөгжүүлэх цогцолбор хөтөлбөрт чиглэнэ. 2 дугаар зүйлийн а заалтад дурдсан бүс нутгийн нэрвэгдсэн газар орнуудын харилцан адилгүй байдлыг харгалзан үзэхдээ үйл ажиллагааны хөтөлбөр дэх салбаруудын арга хэмжээг тэргүүн зэргийн ач холбогдлоор нь бүлэглэнэ.

5 ДУГААР ЗҮЙЛ

ДЭД БҮСИЙН БА ХАМТАРСАН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

1. Конвенцийн 11 дүгээр зүйлийн дагуу Азид орших нэрвэгдэж буй орнууд болох Талууд үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор үйл ажиллагааны дэд бүс нутгийн буюу хамтарсан хөтөлбөрийг бэлтгэж хэрэгжүүлэх, нэмэлт оруулах талаар өөр Талуудтай зөвлөлдөх, хамтран ажиллах тухай харилцан тохиролцож болно. Эсвэл холбогдох Талууд хөтөлбөрийг бэлтгэх, зохицуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд, үндэсний болон хоёр талын байгууллагуудыг оролцуулан тэдэнд дэд бүс нутгийн үүргийг хариуцуулах талаар хамтран тохиролцож болно. Мөн түүнчлэн тийм байгууллагууд нь Конвенцийн 16-18 дугаар зүйлүүдэд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, уялдуулахад гол зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж болно.

2. Бүсийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд үйл ажиллагааны дэд бүс нутгийн болон хамтарсан хөтөлбөрийг бэлтгэх, хэрэгжүүлэхдээ зохих тохиолдлуудад дор дурдсан арга хэмжээг авна:

а) үндэсний байгууллагуудтай хамтран ийм хөтөлбөрийн тусламжтайгаар цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах чиглэлээр илүү үр дүнтэй шийдэж болох нэн тэргүүний зорилтууд, мөн түүнчлэн тэдгээр хөтөлбөрийн хүрээнд үр ашигтай хэрэгжүүлж болох холбогдох арга хэмжээнүүдийг тодруулна;

б) зохих бүс нутаг, дэд бүс, үндэсний байгууллагуудын шуурхай үйл ажиллагаа болон чадавхид үнэлгээ өгнө;

в) бүс нутаг, дэд бүс нутгийн Талуудад болон тэдгээрийн зарим хэсэгт одоо хэрэгжүүлж байгаа ган, цөлжилттэй тэмцэх хөтөлбөрүүд, тэдгээрийн үндэсний хөтөлбөрийн харилцан уялдаанд дүн шинжилгээ хийх; ба

г) хөтөлбөрийг дэмжих зорилгоор байгуулсан хоёр ба/буюу олон Талын зохицуулалтыг дэмжихэд чиглэсэн түншлэлийн үзэл санаа бүхий санхүү, техникийн тусламжийг хамруулсан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх;

3. Үйл ажиллагааны дэд бүсийн буюу хамтарсан хөтөлбөр нь ган, цөлжилттэй хийх тэмцлийн хүрээнд хил дамжсан нөөцүүдийг тогтвортой ашиглах талаар харилцан тохиролцсон хамтарсан хөтөлбөрүүд, үндэсний чадавхи, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаарх зохицуулалт болон бусад арга хэмжээний тэргүүн зэргийн зорилтууд ялангуяа, гангийн мэдээлэл, урьдчилан сэрэмжлэх тогтолцоог хамтран ашиглах, дэд бүсийн болон бусад харгалзах байгууллага, албадын чадавхийг бэхжүүлэх, боломжийг өргөтгөх зэрэг багтана.

6 ДУГААР ЗҮЙЛ

БҮС НУТГИЙН АРГА ХЭМЖЭЭ

Үйл ажиллагааны дэд бүс нутгийн буюу хамтарсан хөтөлбөрийг дэмжихэд чиглэсэн бүс нутгийн арга хэмжээ нь тухайлбал, үндэсний дэд бүс, нутгийн түвшин дэх зохицуулалт, хамтын ажиллагааны байгууллага, механизмуудыг бэхжүүлэх арга хэмжээ, Конвенцийн 16-19 дүгээр зүйлүүдийг хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх арга хэмжээнүүдийг өөртөө багтаасан байна. Эдгээр арга хэмжээ нь дотроо:

а) техникийн хамтын ажиллагааны сүлжээний үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх;

б) технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагаа, мөн түүнчлэн уламжлалт болон орон нутгийн технологи, ноу-хау-гийн бүртгэл судалгаа хийх ба тэдгээрийг дэлгэрүүлэх, хэрэглэх явдлыг урамшуулах;

в) технологи нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг үнэлэх ба тийм технологийг зүгшрүүлэх, ашиглах үйл ажиллагааг сайжруулах; мөн

г) олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөрийг урамшуулах, бүхий л түвшний үндэсний чадавхийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх, мэргэжлийн сургалт, судалгаа, боловсруулалтын ажлыг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх тогтолцоог бий болгох,

7 ДУГААР ЗҮЙЛ

САНХҮҮГИЙН НӨӨЦ БА МЕХАНИЗМУУД

1. Талууд Азийн бүс нутгийн хэмжээнд цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахын ач холбогдлыг харгалзан, Конвенцийн 20 ба 21 дүгээр зүйлүүдийн заалттай уялдаатайгаар одоо байгаа санхүүгийн нөөцийг ашиглах, санхүүгийн механизмуудыг бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.

2. Конвенцийн дагуу болон 8 дугаар зүйлд авч үзсэн зохицуулалтын механизмын үндсэн дээр, мөн түүнчлэн бүсийн нэрвэгдэж буй орнууд болох Талуудын үндэсний хөгжлийн бодлогын дагуу дангаараа буюу хамтран:

а) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах талаар тодорхой үр дүнд хүрэхийн тулд улсын буюу хувийн хөрөнгө оруулалтын хэлбэрээр санхүүжүүлэх механизмуудыг бэхжүүлэх, үр дүнтэй болгох арга хэмжээ авах;

б) үндэсний хүчин чармайлтыг дэмжихийн тулд тухайлбал, санхүү, техник, технологийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох; мөн

г) Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн хамтын ажиллагааны хоёр талын болон олон талын байгууллагуудын оролцоог сайжруулах.

3. Талууд нь тухайн бүс нутаг дахь нэрвэгдэж буй орнууд болох Талуудад хөрөнгө хүч олгох, дүрэм журмыг хялбарчлах талаар бололцоотой арга хэмжээг авна.

8 ДУГААР ЗҮЙЛ

ХАМТЫН АЖИЛЛАГАА БА ЗОХИЦУУЛАЛТЫН

МЕХАНИЗМУУД

1. Нэрвэгдэж буй орнууд болох Талууд 4 дүгээр зүйлийн 1 а заалтын дагуу байгуулсан холбогдох байгууллагууд болон бүс нутгийн бусад орнууд болох Талуудаар хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлж, тухайлбал дор дурдсан үүргүүдийг гүйцэтгүүлнэ:

а) мэдээлэл, туршлага, мэдлэг, ноу-хау солилцох,

б) дэд бүс, бүс нутгийн түвшинд тохиролцсон хоёр болон олон талын зохицуулалтыг багтаасан хамтын ажиллагаа, үйл ажиллагааны зохицуулалт;

в) 5-7 дугаар зүйлүүдийн дагуу шинжлэх ухаан техник, технологи, санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;

г) гадаад хамтын ажиллагааны шаардлага, хэрэгцээг тодорхойлох; ба

д) дараагийн арга хэмжээнүүдийг явуулах, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх.

2. Нэрвэгдэж буй орнууд болох Талууд 4 дүгээр зүйлийн 1 а заалтын дагуу байгуулсан холбогдох байгууллагууд, бүс нутгийн бусад орнууд болох Талуудаар дамжуулан, түүнчлэн үндэсний болон дэд бүс нутгийн хамтарсан хөтөлбөрийн талаар зөвлөлгөө өгөх, зохицуулалт хийх ажлыг явуулна. Зохих тохиолдлуудад тэдгээр нь энэ үйл ажиллагаанд бусад Талууд ба холбогдох засгийн газар хоорондын ба төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж болно. Иймэрхүү зохицуулалтын зорилго нь тухайлбал, Конвенцийн 20 ба 21 дүгээр зүйлүүдтэй уялдаатайгаар олон улсын хамтын ажиллагааны талаар тохиролцох боломжийг хайх, техникийн хамтын ажиллагааг өргөтгөх, тэдгээрийг үр дүнтэй ашиглах зорилгод нөөцийн хуваарилалтыг үр ашигтай ашиглах зорилтыг хангахад оршино.

3. Бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд зохицуулах зөвлөлгөөнийг байнга хийх бөгөөд харин Байнгын нарийн бичгийн дарга нарын газар нь Конвенцийн 23 дугаар зүйлтэй уялдаатайгаар тэдгээрийн хүсэлтээр тийм зохицуулалтын зөвлөлгөөнүүдийг хийхэд дараахь замаар тус дөхөм үзүүлж болно. Үүнд:

а) бусад адил төстэй арга хэмжээнүүд зохион байгуулж байсан туршлага дээрээ үндэслэн үр дүнтэй зохицуулалт хийх арга хэмжээг зохион байгуулах талаар зөвлөлгөө өгөх;

б) хоёр болон олон талын байгууллагуудыг зохицуулах зөвлөлгөөн хийх, тэдний идэвхитэй оролцоог урамшуулах талаар мэдээллээр хангах; ба

в) зохицуулах үйл ажиллагааг бүрдүүлэх, боловсронгуй болгоход холбогдох бусад мэдээллээр хангах.

ГУРАВДУГААР ХАВСРАЛТ

КОНВЕНЦИЙГ ЛАТИН АМЕРИК БА КАРИБИЙН

САВ ГАЗРЫН БҮС НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ТУХАЙ ХАВСРАЛТ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ

ЗОРИЛГО

Энэхүү Хавсралтын зорилго нь Латин Америк, Карибийн сав газрын бүс нутгийн онцлог байдлыг харгалзан Конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдамж заавраар хангахад оршино.

2 ДУГААР ЗҮЙЛ

ЛАТИН АМЕРИК, КАРИБИЙН САВ ГАЗРЫН БҮС

НУТГИЙН ОНЦЛОГ БАЙДАЛ

Талууд Конвенцийн заалтуудын дагуу тус бүс нутгийн доорхи онцлог байдлуудыг харгалзан үзнэ. Үүнд::

а) энэ бүс нутаг нь тухайн нутгуудын онцлог нөхцлөөс үүдсэн гетероген шинж бүхий цөлжилт ба/буюу ганд өртөж, ноцтой нэрвэгдсэн уудам нутагтай бөгөөд эрчим хэмжээ нь улам нэмэгдэж байгаа энэ үйл явц нийгэм, соёл, эдийн засаг, экологийн сөрөг үр дагвартай бөгөөд тэр нь дэлхийн биологийн төрөл зүйлийн гол нөөц бүхий газруудын нэг болох уг бүс нутагт илүү ноцтой гүнзгийрч байгаа;

б) энэ асуудлын гол шалтгаан нь физик, биологи, улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн хүчин зүйлүүдийн нарийн төвтэй харилцан үйлчлэлийн үр дүн болсон тогтвортой бус хөгжлийн загварыг нийтлэг хэрэглэж байгаад оршиж байгаа бгөөд, үүнд эдийн засгийн гадаад хүчин зүйлүүд болох гадаад өр, худалдааны нөхцөл, хөдөө аж ахуй, загас, ой модны бүтээгдэхүүний зах зээлд сөргөөр нөлөөлж буй худалдааны үйл ажиллагааны доройтол зэрэг хүчин зүйлүүд орж байгаа ба; мөн

в) ган, цөлжилтийн ихээхэн ноцтой үр дагаврын тоонд газар эдэлбэр, мал аж ахуй ба ойн аж ахуйн үйл ажиллагааны өгөөжийн бууралт, мөн түүнчлэн биологийн төрөл зүйл хомсдож байгаагаар илэрч буй экосистемийн бүтээмжийн эрс хомсдол орох бөгөөд, нийгмийн талаас нь авч үзвэл энэ үзэгдэл нь ядуурал, хүн амын шилжилт, дотоодын нүүдэл суудал, хүн амын амьдралын чанар доройтох явцын эх үүсвэр болж байгаа ба үүнтэй холбогдон уг бүс нутагт ган, цөлжилтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхдээ иж бүрэн хандаж, орон тус бүрийн экологи, эдийн засаг нийгмийн өхцөл байдлыг харгалзсан тогтвортой хөгжлийн загварыг хэрэглэх явдлыг хөхиүлэн дэмжих шаардлагатай.

3 ДУГААР ЗҮЙЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРҮҮД

1. Конвенц тухайлбал түүний 9-11 дүгээр зүйлийн дагуу бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд үндэсний хөгжлийнхөө бодлогын дагуу дээрх байдлаар цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг тогтвортой хөгжлийн үндэснийхээ бодлогын салшгүй хэсэг болгон боловсруулж хэрэгжүүлнэ. Тухайн бүс нутгийн шаардлагаас хамаарч дэд бүсийн ба бүс нутгийн хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлж болно.

2. Бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд үйл ажиллагааныхаа үндэсний хөтөлбөрийг бэлтгэхдээ Конвенцийн 10 дугаар зүйлийн 2 е заалтыг онцгой анхаарна.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

Бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд Конвенцийн 5 дугаар зүйлийн дагуу өөрсдийнхөө нөхцөл байдалд тохируулан, тухайлбал, цөлжилттэй хийх тэмцэл ба/буюу гангийн нөлөөг бууруулах талаар үндэснийхээ стратегийг боловсруулахдаа дор дурдсан асуудлуудыг харгалзан үзнэ. Үүнд:

а) чадавхийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдээлэл, боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, шинжлэх ухаан техник ба технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн түүнчлэн санхүүгийн нөөцийг арвижуулах ба санхүүгийн механизмуудыг бэхжүүлэх;

б) ядуурлыг арилгаж амжиргааны түвшин, чанарыг дээшлүүлэх;

в) хүнс тэжээлийн аюулгүй байдал, газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй ба олон чиглэлийн аж ахуйнуудын тогтолцоог хангах;

г) байгалийн нөөцийг тогтвортой ашиглах загварыг хэрэглэх ба ялангуяа, ус хуримтлуулагч савуудыг зүй зохистой ашиглах;

д) өндөр уулархаг нутгийн байгалийн нөөцийг тогтвортой ашиглах загварыг хэрэглэх;

е) газрын нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах ба усны нөөцийг илэрүүлж, үр дүнтэй ашиглах;

ё) гангийн нөлөөг бууруулах зорилго бүхий үйл ажиллагааны онцгой төлөвлөгөөг боловсруулж ашиглах;

ж) ган, цөлжилтөд нэрвэгдэж байгаа нутгуудын уур амьсгал, цаг уур, ус зүй, хөрс судлал, нийгэм-эдийн засгийн байдлын мэдээллийг цуглуулах, үнэлгээ, дүн шинжилгээ хийх, мөн түүнчилэн хяналт шинжилгээ, урьдчилан сэрэмжлэх тогтолцоог боловсронгуй болгох ба/буюу бүрдүүлэх;

з) эрчим хүчний ижил төстэй эх үүсвэрүүдийг ашиглах арга хэмжээг оролцуулан эрчим хүчний янз бүрийн эх үүсвэрүүдийг үр ашигтайгаар ашиглах, эзэмших, хөгжүүлэх;

и) Биологиин төрөл зүйлийн тухай Конвенцийн заалтуудад нийцүүлэн биологийн төрөл зүйлийг тогтвортой ашиглах, хамгаалах;

к) ган, цөлжилтийн явцтай уялдаатай хүн амзүйн байдлыг шинжлэн судлах;

л) Конвенцийг хэрэглэх явдлыг хангасан удирдлага зохицуулалт, хууль эрх зүйн хүрээг бий болгох буюу боловсронгуй болгох, тухайлбал, нэрвэгдэж байгаа хүн амын бүлэглэл ба бүх нийтийн оролцоотойгоор ган, цөлжилтийн асуудалтай уялдуулан засаг захиргааны бүтэц үүргийн төвлөрлийг задлах явдлыг тусгасан арга хэмжээ авах.

5 ДУГААР ЗҮЙЛ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК БА ТЕХНОЛОГИЙН

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Конвенц болон тухайлбал, түүний 16-18 дугаар зүйл, мөн 7 дугаар зүйлд заасан зохицуулалтын механизмын тусламжтайгаар бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд дангаараа буюу хамтран:

а) үндэсний, дэд бүс, бүс нутгийн мэдээллийн тогтолцоо, мөн түүнчлэн зохих тохиолдлод, түүнийг дэлхий нийтийн мэдээллийн сүлжээнд нэгтгэх, техникийн хамтын ажиллагааны сүлжээг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;

б) бэлэн байгаа технологи, ноу-хау-гийн жагсаалтыг бүрдүүлэх, тэдгээрийг дэлгэрүүлэх хэрэглэхэд тус дөхөм үзүүлэх;

в) Конвенцийн 18 дугаар зүйлийн 2 б заалтын дагуу уламжлалт технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг ашиглахад тус дөхөм үзүүлэх;

г) технологи нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох;

д) одоо бэлэн байгаа болон экологийн хувьд тохиромжтой шинэ технологуудыг боловсруулах, зүгшрүүлэх, нэвтрүүлэхэд тус дөхөм үзүүлэх.

6 ДУГААР ЗҮЙЛ

САНХҮҮГИЙН НӨӨЦ БА МЕХАНИЗМУУД

Конвенц, тухайлбал, түүний 20 ба 21 дүгээр зүйлүүд болон 7 дугаар зүйлийн зохицуулалтын мехнизмын үндсэн дээр мөн түүнчлэн үндэснийхээ хөгжлийн бодлогын дагуу бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд дангаараа буюу хамтран:

а) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах талаар тодорхой үр дүнд хүрэхийн тулд төрийн ба хувийн хөрөнгө оруулалтын хэлбэр бүхий санхүүжүүлэлтийн механизмуудыг үр дүнтэй болгох, бэхжүүлэх авах,

б) үндэсний хүчин чармайлтыг дэмжих зорилгоор олон улсын хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох,

в) Конвенцийг хэрэгжүүлэх үүднээс санхүүгийн хамтын ажиллагааны хоёр талын болон олон талын байгуллагуудыг оролцуулахад тус дөхөм үзүүлэх.

7 ДУГААР ЗҮЙЛ

УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ХҮРЭЭ

1. Бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд энэхүү Хавсралтын заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд:

а) цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах үйл ажиллагааг зохицуулах үндэсний төвүүдийг байгуулж бэхжүүлэх; мөн

б) үндэсний төвүүдийн үйл ажиллагааг зохицуулах механизмуудыг доорхи зорилгоор бий болгоно. Үүнд:

- мэдээлэл, туршлага солилцох,

- дэд бүс, бүс нутгийн түвшинд үйл ажиллагааг зохицуулах,

- шинжлэх ухаан техник, технологи, санхүүгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх,

- гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, мөн

- үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх, дараагийн арга хэмжээнүүдийг явуулах.

2. Бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд зохицуулах зөвлөлгөөнийг тогтмол хийх ба харин Байнгын нарийн бичгийн дарга нарын газар Конвенцийн 23 дугаар зүйлийн дагуу тэдгээрийн хүсэлтээр тийм зохицуулах зөвлөлгөөнийг хийхэд доорхи замаар тус дөхөм үзүүлэх:

а) бусад төстэй арга хэмжээнүүдийг явуулж байсан туршлага дээрээ үндэслэн зохицуулалтыг үр дүнтэй хийх арга хэмжээнүүдтэй холбогдсон зөвлөлгөөг өгөх;

б) холбогдох хоёр болон олон талын байгууллагуудыг зохицуулах зөвлөлгөөний болон тэдгээрийн идэвхтэй оролцоог дэмжих талын мэдээллээр хангах;

в) зохицуулах үйл ажиллагаа бий болгох, боловсронгуй болгох талаар бусад холбогдох мэдээллүүдийг өгөх.

ДӨРӨВДҮГЭЭР ХАВСРАЛТ

КОНВЕНЦИЙГ ГАЗАР ДУНДАД ТЭНГИСИЙН УМАРД

БҮС НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАВСРАЛТ

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ

ЗОРИЛГО

Энэхүү Хавсралтын зорилго нь Газар дундад тэнгисийн умард бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талуудад тэдгээрийн онцгой байдлыг харгалзан Конвенцийнг үр ашигтай хэрэгжүүлэх ажлыг шаардлагатай удирдамж заавраар хангахад оршино.

2 ДУГААР ЗҮЙЛ

ГАЗАР ДУНДАДТЭНГИСИЙН УМАРД БҮС

НУТГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛ

1 дүгээр зүйлд дурдсан газар дундад тэнгисийн умард бүс нутгийн онцгой нөхцөл байдал нь өөртөө:

а) ихэнх нутаг нь хуурайвтар уур амьсгалтай, улирлын ган ажиглагддаг, хур тундасны хэмжээ ихээхэн хэлбэлздэг, эрчимшил ихтэй хур тундас унадаг;

б) элэгдэл эвдрэлд нэрвэгдсэн, үржил шим нь ядмаг хөрсний өнгө бүрхүүл нь амархан хатуурдаг;

в) огцом эгц, хажуу, хотгор гүдгэр бүхий газрын гадаргын байдал харилцан адилгүй;

г) байнгын түймрийн нөлөөгөөр их хэмжээний нутгийн ой шатаж устсан;

д) эргэлтээс гаргасан газартай холбоотойгоор уламжлалт хөдөө аж ахуй хямралд орсон ба хөрс, ус хамгаалах барилга байгууламж нь эвдэрч сүйдсэн;

е) уст давхаргын шавхагдал, химийн бохирдол, давсжилт зэргээр байгаль орчинд ноцтой уршиг тарьж байгаа бөгөөд усны нөөцийн зүй зохисгүй ашиглалт; болон

ё) хотжилт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, аялал жуулчлал, усалгаатай газар тариалан өргөжиж эрэг орчмын нутгуудад эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжсэн.

3 ДУГААР ЗҮЙЛ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ

ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭ

1. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүд нь Газар дундад тэнгисийн умард бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талуудын тогтвортой хөгжлийн стратеги төлөвлөлтийн тогтолцооны гол бөгөөд салшгүй хэсэг болно.

2. Зохих түвшний захиргааны байгууллагууд, орон нутгийн хүн амын бүлэглэлүүд, бус байгууллагуудын оролцоотойгоор хүн амтай зөвлөлдөх үйл ажиллагааг өргөн хэмжээтэй явуулж Конвенцийн 10 дугаар зүйлийн 2 е заалтын дагуу орон нутгийн хүн амын оролцоог дээд зэргээр хангахад чиглэсэн уян хатан төлөвлөгөөтэй стратегийг боловсруулна.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ

БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ, ХУВААРЬ

Конвенцийн 9 ба 10 дугаар зүйлтэй уялдуулан Газар дундад тэнгисийн умард бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд нь үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхдээ зохих тохиолдолд:

а) хөтөлбөрөө боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх асуудлыг хариуцсан байгууллагуудыг байгуулна;

б) орон нутгийн засаг захиргаа, холбогдох төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, зөвлөлдөх хэлбэрээр үндэсний хөтөлбөрийг боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэхэд орон нутгийн хүн амын бүлэглэлийг хамруулан нэрвэгдэж байгаа хүн амыг татан оролцуулна;

в) цөлжилтийн үр дагавар, шалтгааныг үнэлэх ба тэргүүн ээлжинд үйл ажиллагаа явуулах газар нутгийг тодруулах зорилгоор нэрвэгдэж буй нутгуудын байгаль орны байдлыг судална;

г) нэрвэгдэж буй хүн амын бүлэглэлийн оролцоотойгоор үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд авах арга хэмжээг тодорхойлох, стратегийг боловсруулах зорилгоор түрүүчийн болон одоогийн хөтөлбөрүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх;

д) а-г дэд заалтад оруулсан үйл ажиллагааны үр дүнг авсан мэдээлэлд үндэслэн техник, санхүүгийн хөтөлбөрүүд боловсруулах; ба

е) хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хянах, үнэлэх журам, чиглэлийг боловсруулж ашиглана.

6 ДУГААР ЗҮЙЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

Бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд үйл ажиллагааныхаа үндэсний хөтөлбөрт дор дурьдсан арга хэмжээнүүдийг багтаана:

а) хууль эрх зүй, удирдлага зохицуулалт, засаг захиргааны арга хэмжээнүүд;

б) газар ашиглах, усны нөөцийг зүй зохистой ашиглах, хөрс хамгаалах, ойжуулах, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, бэлчээрийг зохистой ашиглахад чиглэсэн арга хэмжээнүүд;

в зэрлэг амьтан, ургамал болон биологийн төрөл зүйлийн бусад хэлбэрүүдийг хадгалах, хамгаалах, зохистой ашиглах;

г) ойн түймрээс хамгаалах;

д) амжиргааны ижил төстэй үүсвэрүүдийг дэмжих; ба

е) судалгаа шинжилгээ, сургалт, олон нийтийг мэдээллээр хангах.

7 ДУГААР ЗҮЙЛ

ДЭД БҮС, БҮС НУТГИЙН БОЛОН ХАМТАРСАН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

1. Конвенцийн 11 дүгээр зүйлийн дагуу бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд нь үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт болох, түүний үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн дэд бүс нутгийн ба/буюу бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ. Ийм байдлаар бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох хоёр буюу түүнээс дээш Талууд үйл ажиллагааны хамтарсан хөтөлбөр боловсруулах талаар тохиролцож болно.

2. Дэд бүс, бүс нутгийн буюу хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхэд 5 ба 6 дугаар зүйлүүдийн заалтыг хэрэглэнэ. Түүнээс гадна тийм хөтөлбөрүүдэд нэрвэгдэж буй нутгуудад сонгон авсан тусгай экосистемүүдийн талаар судалгаа шинжилгээ явуулах, боловсруулах асуудлыг тусгаж болно.

3. Дэд бүсийн, бүс нутгийн болон хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхдээ бүс нутгийн нэрвэгдэж буй орнууд болох Талууд зохих ёсоор:

а) үндэснийхээ байгууллагуудтай хамтран тийм хөтөлбөрийн тусламжтайгаар хүрч болох цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн үндэсний зорилтууд болон үр дүнтэй хэрэгжүүлж болох үйл ажиллагаануудыг тодорхойлно;

б) зохих бүс нутгийн, дэд бүс нутгийн болон үндэсний байгууллагуудын үйл ажиллагаа болон шуурхай ажиллагааны чадавхид үнэлэлт дүгнэлт өгнө; мөн

в) Талуудын одоо хамтран хэрэгжүүлж байгаа цөлжилттэй тэмцэх хөтөлбөрүүд ба тэдгээр нь үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдаж байгаад үнэлэлт өгөх.

8 ДУГААР ЗҮЙЛ

ДЭД БҮС, БҮС НУТГИЙН БОЛОН ХАМТАРСАН АЖИЛЛАГААНЫ

ХӨТӨЛБӨРИЙГ ЗОХИЦУУЛАХ

Дэд бүсийн, бүс нутгийн болон хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж байгаа нэрвэгдэж буй орнууд болох Талууд нь нэрвэгдэж буй холбогдох Тал тус бүрийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр цөлжилттэй хийх тэмцлийн ололт амжилтад тойм дүгнэлт хийх, дэд бүсийн, бүс нутгийн буюу хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийг бэлтгэх, хэрэгжүүлэх янз бүрийн үе шатанд зөвлөмж өгөх, үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүдийг уялдуулах, мөн түүнчлэн Конвенцийн 16-19 дүгээр зүйлүүдийн дагуу техникийн хамтын ажиллагааг зохицуулах, дэмжих төвийн үүргийг гүйцэтгэх зохицуулах хороо байгуулж болно.

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ

САНХҮҮГИЙН ТУСЛАМЖ АВАХ

ЭРХ ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ

Үндэсний, дэд бүсийн, бүс нутгийн болон хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд уг бүс нутгийн нэрвэгдэж буй хөгжингүй орнууд болох Талууд энэхүү Конвенцийн дагуу санхүүгийн тусламж авах эрх үл эдлэнэ.

10 ДУГААР ЗҮЙЛ

БУСАД ДЭД БҮС, БҮС НУТГУУДТАЙ УЯЛДУУЛАХ

Газар дундын тэнгисийн умард бүс нутагт дэд бүсийн, бүс нутгийн болон хамтарсан үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг бусад дэд бүсүүд болон бүс нутгуудтай ялангуяа умард Африкийн дэд бүс дэх үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулж хэрэгжүүлж болно.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ГАН ЦӨЛЖИЛТӨД НОЦТОЙ НЭРВЭГДЭЖ БУЙ ОРНУУДЫН БОЛОН ЯЛАНГУЯА АФРИКИЙН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ  /Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 9 дүгээр тусгай дугаарын албан ёсны эх сурвалжаас авав/