A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧЛӨЛИЙН ДЭГДЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 215

Улаанбаатар хот

АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧЛӨЛИЙН ДЭГДЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл улсын хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, иргэдийг өвчлөхөөс сэргийлэх зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Бямба гараг бүрт ажиллуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгасугай.

2. 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгасугай.

3. Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тавьж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгасугай.

4. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсөнд зориулж 104.857.000 (нэг зуун дөрвөн сая найман зуун тавин долоон мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР